2. Өмнө нь би ялган таних чадваргүй байсан. Би пастор, ахлагч нарыг дагаж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэж, яллан, тэдний нэгэн адил доромжилж зүхдэг байсан. Бурхан намайг аврах болов уу?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Еховагийн үг Ионад хоёр дахь удаагаа ирж ‘Бос, их хот Ниневе рүү явж, Миний чамд айлдах тунхаглалыг тэдэнд зарла’ гэж хэлэв. Ингээд Иона босож, Еховагийн үгийн дагуу Ниневе рүү явжээ. Ниневе, гурван өдрийн турш явж туулах үлэмж том хот байв. Иона нэг өдөржингөө хотоор явж, ‘Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө’ гэж хашхиран хэлж байлаа. Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд энэ үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан, таар нөмрөөд үнсэн дээр суулаа. Тэрээр тунхаг гаргаж, ‘Хаан болон түүний ноёдын зарлигийн дагуу хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: тэд юм идэж, ус ууж болохгүй. Харин хүн блон адгуус амьтад бүгд таар нөмрөх ёстой, хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая. Бурхан эргэж зөөлрөн, догшин ширүүн уур хилэнгээ эргүүлж, бид мөхөхгүй ч байх юм бил үү, хэн мэдэх билээ?’ гэжээ. Бурхан ёрын муу замаасаа эргэсэн тэдний үйлсийг харав; тэгээд тэдэн дээр буулгана гэж хэлсэн гай гамшигтаа гэмшиж, улмаар тэднийг сүйрүүлсэнгүй” (Иона 3:1–10).
Холбогдох Бурханы үг:
Хүн дээр хийдэг Бурханы ажлын зорилго нь тэдэнд Бурханы хүслийг хангалуун болгох боломж олгохын төлөө байдаг бөгөөд тэдэнд аврал авчрахын тулд хийгддэг. Тиймээс хүнийг аврах хугацаандаа Тэр хүнийг шийтгэх ажил хийдэггүй. Хүнд аврал авчрах хугацаандаа Бурхан мууг шийтгэж, сайныг шагнадаггүй, мөн бүх төрлийн хүмүүсийн хүрэх газрыг ч илчилдэггүй. Харин ч Өөрийнх нь ажлын эцсийн үе шат гүйцэлдсэний дараа л мууг шийтгэж, сайныг шагнах ажлыг хийх бөгөөд тэр үед л төрөл бүрийн хүмүүсийн төгсгөлийг илчилнэ. Шийтгүүлдэг хүмүүс нь үнэндээ аврагдаж чадахгүй хүмүүс байдаг байхад аврагддаг хүмүүс нь хүнийг аврах авралынх нь хугацаанд Бурханы авралыг хүртсэн хүмүүс байх болно. Бурханы авралын ажил явагдаж байх зуур аврагдаж чадах хүн нэг бүр боломжит дээд хэмжээгээр аврагдах бөгөөд нэг нь ч хаягдахгүй, учир нь Бурханы ажлын зорилго хүнийг аврахын төлөө байдаг. Бурхан хүнийг аврах хугацаанд зан чанартаа өөрчлөлт гаргаж чаддаггүй бүх хүн, түүнчлэн Бурханд бүрэн захирагдаж чаддаггүй бүх хүн шийтгэлийн бай болно. Ажлын энэ үе шат буюу үгийн ажил нь хүмүүст өөрсдийнх нь ойлгодоггүй бүх зам болон нууцыг тайлж өгнө, ингэснээр тэд Бурханы хүслийг болон хүнд тавих Бурханы шаардлагыг ойлгож, улмаар Бурханы үгийг хэрэгжүүлж, зан чанартаа өөрчлөлт гаргах урьдач нөхцөлтэй болж чадна. Бурхан Өөрийн ажлыг хийхдээ зөвхөн үг ашигладаг бөгөөд бага зэрэг тэрслүү байсных нь төлөө хүмүүсийг шийтгэдэггүй; учир нь одоо үе бол авралын ажлын цаг үе билээ. Хэрвээ тэрслүү авирладаг хэн боловч шийтгүүлдэг байсан бол хэн ч аврагдах боломжгүй байх байв; хүн бүр шийтгүүлж, Үхэгсдийн орон руу унах байлаа. Хүнийг шүүдэг үгийн зорилго нь өөрсдийгөө мэдэж, Бурханд захирагдах боломжийг хүнд олгохын төлөө байдаг; харин тэднийг ийм шүүлтээр шийтгэхийн төлөө байдаггүй. Үгийн ажлын хугацаанд олон хүн өөрсдийн тэрслүү байдал, эсэргүүцэл, түүнчлэн бие махбодтой болсон Бурханд хандах дуулгаваргүй байдлыг илчилнэ. Гэхдээ Тэр үүнээс болж энэ бүх хүнийг шийтгэхгүй, харин оронд нь, голдоо хүртэл завхарсан, аврагдах аргагүй хүмүүсийг л хаях болно. Тэр тэдний махан биеийг Сатанд өгч, цөөн хэдэн тохиолдолд махан биеийг нь дуусгавар болгоно. Үлдсэн хүмүүс үргэлжлүүлэн дагаж, харьцалт, засалт туулна. Хэрвээ энэ хүмүүс дагаж байх зуураа харьцалт, засалтыг хүлээн авч чадахгүй хэвээр байж, улам илүү доройтвол аврагдах боломжоо алдсан байх болно. Үгийн байлдан дагуулалтад захирагдсан хүн нэг бүр аврагдах асар их боломжтой байх болно; энэ хүмүүсийг нэг бүрчлэн аврахдаа Бурхан дээд зэргийн өршөөл үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, тэдэнд дээд зэргийн хүлээцтэй байдал үзүүлнэ. Хүмүүс буруу замаас буцаж байгаа цагт, мөн гэмшиж байгаа цагт Бурхан тэдэнд Өөрийнх нь авралыг хүртэх боломж олгоно. Хүмүүс эхлээд Бурханы эсрэг тэрслэх үед тэднийг үхүүлэх хүсэл Бурханд байдаггүй; харин ч тэднийг аврахын тулд чадах бүхнээ хийдэг. Хэрвээ хүн үнэхээр аврагдах боломжгүй бол Бурхан тэднийг хаяна. Бурхан аврагдаж чадах хүн бүрийг аврахыг хүсдэг учраас тодорхой хүмүүсийг шийтгэхдээ алгуур байдаг. Тэр зөвхөн үгээр хүмүүсийг шүүж, гэгээрүүлж, залж чиглүүлдэг бөгөөд тэднийг үхүүлэхийн тулд саваа ашигладаггүй. Хүмүүст аврал авчрахын тулд үг ашиглах нь ажлын сүүлчийн үе шатны зорилго, ач холбогдол юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой
“Бурханы эсрэг доромжлол, гүтгэлэг нь энэ эрин үе болон ирэх эрин үед өршөөгдөхгүй нүгэл бөгөөд энэхүү нүглийг үйлдсэн хүмүүс хэзээ ч дахин төрөхгүй.” Энэ нь Бурханы зан чанар хүний халдахыг хүлцдэггүй гэсэн үг. Ойлгохгүй байгаа нөхцөл байдалд орох үедээ, эсвэл бусдад мэхлэгдэж, бусдын хяналтад орж, дарлуулах үедээ зарим хүн эелдэг бус, муухай үг хэлж магадгүй. Хожим нь гэхдээ үнэн замыг хүлээн авсныхаа дараа тэд харууслаар дүүрдэг. Тэгээд хангалттай сайн үйл бэлдэж, мэдлэг олж аван, энэ асуудал дээр өөрчлөлт гаргадаг болохоор Бурхан тэдний урьдын гэм бурууг санахгүй. Та нар Бурханыг бүрэн мэдэж, Бурханы тэдгээр үг хэн рүү чиглэсэн болохыг, мөн түүнчлэн тэдгээрийн хам сэдвийг мэддэг байх ёстой бөгөөд Бурханы үгийг хамаагүй хэрэглэж, дур зоргоороо тодорхойлж болохгүй. Туршлагагүй хүмүүс ямар ч зүйл дээр өөрсдийгөө Бурханы үгтэй жишдэггүй байхад бага зэрэг туршлагатай юм уу тодорхой хэмжээний мэдлэг ухаантай хүмүүс хэт мэдрэмтгий байх хандлагатай байдаг. Хүмүүсийг харааж, үзэн ядаж, таягдан хаяж буй Бурханы айлдварыг сонсох үедээ тэд ялгаж салгалгүйгээр бүгдийг нь өөр дээрээ тусгаж авдаг. Энэ нь, тэд Бурханы үгийг ойлгодоггүй бөгөөд Түүнийг үргэлж буруугаар ойлгодгийг харуулж байна. Зарим хүн Бурханы нэг ч шинэ айлдварыг уншаагүй, нэг ч судалгаа хийгээгүй, Бурханы шинэ ажлыг ойлгодог хүмүүсийн нэг ч нөхөрлөлийг сонсоогүй, тэр ч бүү хэл Ариун Сүнснээс ямар ч гэгээрэл олж аваагүй мөртөө Бурханыг шүүдэг. Дараа нь хэн нэгэн хүн сайн мэдээ номлох үед тэд хүлээн авдаг. Тэд хожим нь Бурханыг шүүсэндээ харамсдаг бөгөөд гэмшихийг хүсдэг. Дараа нь ирээдүйд тэд хэрхэн авирлахаас энэ нь хамаарна. Хэрэв итгэлтэй болсныхоо дараа тэдний зан авир нэн тааруу бөгөөд өөрсдийгөө хэнд ч хэрэггүйд тооцон, “За яах вэ, эцсийн эцэст би урьд нь доромжилсон, муухай үг хэлж байсан ба Бурхан над шиг хүмүүс яллагдана гэж тунхагласан—тиймээс миний амьдрал дууссан” гэж хэлбэл ийм хүмүүс үнэхээр дуусжээ.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
Багахан гэм буруу үйлдсэн зарим хүн “Бурхан намайг илчилж, таягдан хаясан уу? Тэр намайг цохиж унагах болов уу?” гэж гайхширдаг. Энэ удаад Бурхан хүмүүсийг цохихын тулд биш, харин хүмүүсийг байж болох хамгийн дээд хэмжээнд аврахын тулд ажиллахаар ирсэн. Огт алдаа хийдэггүй хэн байна вэ? Бүх хүнийг цохиж унагаавал энэ яаж “аврал” байх вэ? Зарим гэм бурууг зориуд хийдэг байхад заримыг нь санаандгүй хийдэг. Чи санаандгүй үйлддэг гэм буруугаа таньсныхаа дараа өөрчлөгдөж чадвал өөрчлөгдөхөөс чинь өмнө Бурхан чамайг цохиж унагаах уу? Бурхан хүмүүсийг ийм маягаар аварч болох уу? Тэр ингэж ажилладаггүй! Чи санаандгүйгээр ч юм уу, эсвэл тэрслүү уг чанараасаа болоод гэм буруу үйлддэгээсээ үл хамааран гэм бурууг үйлдмэгцээ яаран бодит байдалд сэрж, үргэлжлүүлэн урагшлах ёстой гэдгээ санах ёстой; ямар ч нөхцөл байдал үүссэн хамаагүй, чи урагшлах ёстой. Бурханы хийж буй ажил бол авралын ажил, Тэр аврахыг хүсдэг хүмүүсээ хээв нэг цохиж унагахгүй. Өөрчлөгдөж чадах хэмжээнээс чинь үл хамааран эцэстээ Бурхан чамайг цохиж унагалаа ч гэсэн Түүний ингэх нь гарцаагүй зөвт байна; цаг нь ирэхэд Тэр чамд ойлгуулна. Яг одоо та нар үнэний төлөө эрмэлзэж, амийн оролтод анхаарч, үүргээ зүй ёсоор биелүүлэхээр эрж хайхад санаа тавих ёстой. Ингэхэд алдаа байхгүй! Эцэст нь, Бурхан чамд яаж ч хандсан үргэлж зөвт байна; чи үүнд эргэлзэх ёсгүй, санаа зовох хэрэггүй. Одоохондоо чи Бурханы зөвт байдлыг ойлгож чадахгүй ч гэсэн үнэмших өдөр ирнэ. Бурхан ажлаа гэрэлд, шударгаар хийдэг; Тэр бүх зүйлийг ил тод мэдэгддэг. Хэрвээ та нар энэ сэдвийг сайтар дэнслэн бодвол Бурханы ажил хүмүүсийг аварч, зан чанарыг нь өөрчилж байгаа гэдэг дүгнэлтэд хүрэх болно. Түүний ажил хүмүүсийн зан чанарыг өөрчлөх ажил тул хүмүүс зан чанараа илчлэхгүй бол юу ч хийх боломжгүй, юунд ч хүрэхгүй. Завхралаа илчилснийхээ дараа хүмүүс өчүүхэн ч гэмшихгүй, урьдын адил үйлдсээр байвал Бурханы зан чанарт халдана. Бурхан хүмүүсийг янз бүрийн хэмжээгээр цээрлүүлэх бөгөөд тэд гэм буруугийнхаа төлөө төлөөс төлнө…
Өмнө дурдсанчлан, урьд өмнийн үйл явдлыг цохилтоор цэв цэвэрхэн болгож болно; өнгөрснийг ирээдүйгээр халж болно; Бурханы хүлээцтэй байдал далай шиг зах хязгааргүй. Гэвч эдгээр үгэнд зарчим бас бий. Бурхан чиний үйлдсэн ямар ч нүглийг, хэчнээн ч их байсан цэв цэвэрхэн болгочихгүй. Бурханы бүх ажилд зарчим бий. Урьд өмнө нь энэ асуудалд чиглэсэн захиргааны зарлигийг тогтоосон—хүн Бурханы нэрийг хүлээж авахаасаа өмнө үйлдсэн бүх нүглийг нь Бурхан уучилж, өршөөдөг бөгөөд чуулганд орж ирснийхээ дараа нүгэл үйлдсэн хэвээр байгаа хүмүүст зориулсан тогтолцоо байдаг: Шалихгүй нүгэл үйлддэг нэгэнд гэмших боломж олгодог бол давтан үйлддэг гэмтнийг хөөдөг. Бурхан Өөрийн ажилд хүмүүсийг байж болох хамгийн дээд хэмжээгээр тэвчиж ирсэн бөгөөд Бурханы ажил бол үнэхээр хүмүүсийг аврах ажил гэдгийг үүнээс харж болно. Гэхдээ ажлын энэ эцсийн шатанд өршөөхийн аргагүй нүгэл үйлдвэл, чамайг үнэхээр золин аврах аргагүй бөгөөд чи өөрчлөгдөж чадахгүй.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
Бурханыг эсэргүүцдэг хүн маш олон байдаг ч тэдний дунд Бурханыг эсэргүүцдэг олон өөр арга зам байдаг. Төрөл бүрийн итгэгчид байдгийн адилаар Бурханыг эсэргүүцдэг, өөр хоорондоо адилгүй янз бүрийн хүмүүс бий. Бурханы ажлын зорилгыг тодорхой танин мэдэж чаддаггүй хүмүүсийн нэг нь ч аврагдаж чадахгүй. Хүн урьд нь Бурханыг хэрхэн эсэргүүцэж байснаас үл хамааран, Бурханы ажлын зорилгыг ойлгож авч, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд хичээл чармайлтаа зориулах үед түүний урьдын бүх нүглийг Бурхан арилгах болно. Хүн үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлж байгаа цагт хийсэн зүйлийг нь Бурхан санахгүй. Түүнчлэн, үнэнийг хэрэгжүүлснийх нь үндсэн дээр Бурхан хүнийг зөвтгөдөг. Энэ нь Бурханы зөвт байдал юм. Хүн Бурханыг харж, Түүний ажлыг туулахаасаа өмнө Бурханд хэрхэн хандаж байсан нь хамаагүй, Тэр үүнийг санадаггүй. Харин Бурханыг харж, Түүний ажлыг туулмагц хүний бүх үйлдэл, үйл хэргийг Бурхан “түүхэн бичигт” бичнэ, учир нь хүн Бурханыг харж, Түүний ажил дотор амьдарсан билээ.
Хүн Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг үнэхээр харж, дээдийн дээд байдлыг нь харж, Бурханы ажлыг үнэхээр мэдэж авах үед, түүнчлэн хүний хуучин зан чанар өөрчлөгдөх үед Бурханыг эсэргүүцдэг тэрслүү зан чанараа бүрэн хаясан байх болно. Нэгэн цагт хүн бүр Бурханыг эсэргүүцсэн ба нэгэн цагт хүн бүр Бурханы эсрэг тэрсэлсэн гэж хэлж болно. Гэвч хэрвээ чи бие махбодтой болсон Бурханыг дуртайяа дуулгавартай дагаж, энэ үеэс эхлэн үнэнч байдлаараа Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгаж, хэрэгжүүлэх учиртай үнэнийг хэрэгжүүлж, биелүүлэх учиртай үүргээ биелүүлж, мөрдөх учиртай дэг журмыг мөрддөг бол чи Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд тэрслүү байдлаа хаяхыг хүсдэг, Бурханаар төгс болгуулж чадах хүн юм. Чи алдаагаа харахаас татгалзаж, гэмших санаагүй байвал, мөн Бурхантай хамтран ажиллаж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах өчүүхэн ч болов санаа зорилгогүйгээр тэрслүү үйлдлээ хэвээр үргэлжлүүлж байвал чам шиг ийм зөрүүд, тэнэг хүн гарцаагүй шийтгүүлэх ба Бурханаар төгс болгуулах нэгэн байж хэзээ ч чадахгүй. Тийм болохоор чи өнөөдөр Бурханы дайсан, маргааш ч бас Бурханы дайсан байх бөгөөд цаашид ч Бурханы дайсан хэвээр үлдэх болно; чи үүрд Бурханыг эсэргүүцэгч, Бурханы дайсан байх болно. Тэгвэл Бурхан чамайг яаж хэлтрүүлж чадах юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм
Та нарт одоо өчүүхэн төдий найдвар байгаа л бол өнгөрсөн үйл явдлыг Бурхан санаж байгаа эсэхээс үл хамааран ямар сэтгэлгээг баримтлах ёстой вэ? “Би зан чанараа өөрчилж, Бурханыг мэдэхээр эрэлхийлэх ёстой, Сатанд дахин хэзээ ч хууртахгүй, Бурханы нэрийг шившиглэх юуг ч дахин хэзээ ч хийхгүй байх ёстой.” Хүмүүс аврагдаж чадах эсэх, тэдэнд ямар нэг найдвар бий эсэхийг тодорхойлдог гол зүйлс юу вэ? Номлол сонссоны дараа үнэнийг ойлгож чаддаг эсэх, үнэнийг хэрэгжүүлж чаддаг эсэх, өөрчлөгдөж чаддаг эсэх чинь чухал. Эдгээр нь гол түлхүүр юм. Хэрэв чи ердөө харуусаж, аливааг хийхдээ зүгээр л өнөөх хуучны аргаараа хүссэнээ хийж, үнэнийг эрж хайхгүйн сацуу хуучин үзэл бодол, хуучин дадалтайгаа зууралдсаар, огт ойлголтгүй байдаг төдийгүй улам дордсоор байдаг бол чамд найдлага үгүй бөгөөд чамайг хаях ёстой. Чи Бурханыг ойлгож, өөрийгөө ойлгох тусам, өөрийнхөө уг чанарыг улам нэгд нэггүй ойлгох тусам өөрөө өөртөө эзэн байж улам сайн чадна. Өөрийнхөө туршлагыг нэгтгэн дүгнэснийхээ дараа чи энэ асуудал дээр дахин хэзээ ч бүтэлгүйтэхгүй. Үнэн хэрэгтээ хүн бүр өө сэвтэй бөгөөд зүгээр л тэдэнд хариуцлага тооцдоггүй. Энэ нь хүн бүрд байдаг—заримд нь багахан, зарим нь ихээхэн байдаг; зарим нь шулуухан ярьдаг, зарим нь нууцлаг байдаг. Зарим хүн бусдын мэддэг зүйлийг хийдэг, харин зарим хүн бусдад мэдэгдэлгүйгээр хийдэг. Хүн бүрд өө сэв байдаг бөгөөд тэд бүгдээрээ биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан гэх мэт тодорхой нэг завхарсан зан чанарыг илчилдэг; эсвэл ажилдаа аливаа алдаа, эндэл гаргаж, бага зэрэг тэрслүү байдаг. Завхарсан ямар ч хүн эдгээр зүйлээс зайлсхийж чадахгүй учраас эдгээр нь бүгд өршөөж болох зүйл юм. Гэвч чи үнэнийг ойлгомогцоо тэдгээрээс зайлсхийх ёстой бөгөөд урьд нь болсон зүйлд үргэлж сэтгэл зовних шаардлагагүй болно. Харин үнэнийг ойлгосныхоо дараа ч өөрчлөгдөхгүй байх вий, буруу гэдгийг нь мэдэх атлаа аливааг хийсээр байх вий, буруу гэдгийг нь сонссон атлаа тодорхой хэв маягаар үйлдсээр байх вий гэх айдас бий. Тийм хүмүүс золин аврагдах аргагүй байдаг.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
Бидний орчин нөхцөл ямар ноцтой байх, бидэнд ямар төрлийн бэрхшээл тохиолдох, бид хэр сул дорой, эсвэл хэр сөрөг байхаас үл хамааран бид зан чанарын өөрчлөлтөд төдийгүй Бурханы хэлсэн үгэнд итгэл алдрах ёсгүй хэмээн шийдвэр гаргах хэрэгтэй. Бурхан хүнд амлалт өгсөн, харин хүн энэхүү амлалтыг хүлээж авахын тулд шийдвэр гаргаж, тууштай байх ёстой. Бурхан хулчгаруудад дургүй, Бурхан шийдэмгий хүмүүст дуртай. Чи маш их завхрал илчилж, тахир муруй олон замаар явж, олон гэм бурууг үйлдэж, эсвэл урьд нь Бурханыг эсэргүүцэж байсан байж магадгүй; аль эсвэл зарим хүн зүрх сэтгэлдээ Бурханыг доромжилж, Бурханд гомдоллон үглэж, Бурханыг эсэргүүцэж байж магадгүй—Бурхан эдгээр зүйлийг хардаггүй, зөвхөн тэднийг хэзээ нэг өдөр өөрчлөгдөх эсэхийг хардаг. Библид үрэлгэн хүү эргэн ирсэн тухай түүх гардаг. Эзэн Есүс яагаад ийм сургаалт зүйрлэлийг айлдсан бэ? Хүн төрөлхтнийг аврах Бурханы хүсэл чин сэтгэлийнх юм. Тэрээр хүмүүст гэмших, өөрчлөгдөх боломж өгдөг. Энэ явцдаа хүмүүсийг ойлгож, сул тал болон завхралынх нь хэмжээг гүн гүнзгий мэдэж байдаг. Хүмүүс бүдэрч, бүтэлгүйтнэ гэдгийг Тэр мэднэ. Энэ нь яг л хүүхэд алхаж сурахтай адил: Бие чинь хэчнээн хүчтэй байсан ч чамд бүдрэх, тээглэн унах үе тохионо. Эх хүн үрээ ойлгодог шиг Бурхан хүн бүрийг ойлгодог. Тэрээр хүн бүрийн бэрхшээл, хүн бүрийн сул тал, мөн хүн бүрийн хэрэгцээг ойлгодог; үүнээс гадна зан чанарын өөрчлөлт рүү орох явцад хүмүүст ямар бэрхшээл тулгардаг, ямар сул тал, бүтэлгүйтэл тохиолдохыг бас ойлгодог—Бурхан үүнийг төгс ойлгодог. Тиймээс, Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинждэг. Чи хэчнээн сул дорой байсан ч Бурханы нэрийг хаяхгүй байгаа цагт, Бурханыг юм уу энэ замаас гажихгүй байгаа цагт чамд зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломж үргэлж байна. Бид зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжтой гэдэг нь үлдэх найдвар бидэнд бий гэсэн үг бөгөөд бидэнд үлдэх найдвар байгаа гэдэг нь Бурханаар авруулах найдвар бий гэсэн үг юм.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Зан чанараа өөрчлөх хэрэгжүүлэлтийн зам