2. Хүний нүгэл нас барсны дараа Ариусгалын ертөнцөд цэвэрлэгддэг бөгөөд үүний дараа хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж бид итгэдэг. Гэтэл Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авдаггүй хүмүүс цэвэрлэгдэхгүй учраас тэнгэрийн хаанчлалд ороход тохирохгүй гэж та нар гэрчилдэг. Үүгээрээ та нар юу хэлэх гээд байна вэ? Хүмүүс яг хэрхэн тэнгэрийн хаанчлалд орж чадах вэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Үнэнээр тэднийг ариусгаач: Таны үг үнэн билээ. Та Намайг дэлхий ертөнц рүү илгээсний адилаар Би ч бас тэднийг дэлхий ертөнц рүү илгээсэн. Тэд бас үнэнээр дамжуулан ариусгагдахын тулд тэдний төлөө Би Өөрийгөө ариусгадаг” (Иохан 17:17–19).
“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12–13).
“Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үг түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47–48).
“Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17).
Холбогдох Бурханы үг:
Та нар Бурханы санаа зорилгыг харж чаддаг байх ёстой, Бурханы ажил нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээхтэй адил энгийн биш гэдгийг харах ёстой. Яагаад гэвэл, өнөөдрийн ажил нь завхарсан, хөшүүн болсон хүмүүсийг дээд зэргээр өөрчилж, бүтээгдсэн мөртөө Сатанаар боловсруулагдсан хүмүүсийг ариусгах явдал юм. Энэ нь Адам, Еваг бүтээх биш, тэр ч байтугай гэрлийг бий болгох, ургамал, амьтан бүрийг бүтээх ч биш. Сатаны завхруулсан зүйлсийг Бурхан ариун болгосныхоо дараа шинээр олж авдаг; тэдгээр нь Түүнд харьяалагддаг зүйл, Түүний алдар болдог. Энэ нь хүний төсөөлдөг шиг тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээхтэй адил энгийн биш, эсвэл Сатаныг ёроолгүй нүх рүү хараах ажил шиг ч биш; харин ч энэ нь хүнийг өөрчилж, сөрөг зүйлийг эерэг болгож, Өөрт нь харьяалагддаггүй зүйлийг Өөрийн болгох ажил билээ. Энэ бол Бурханы ажлын энэ үе шатны цаадах үнэн юм. Та нар үүнийг ойлгож, асуудлыг хэт энгийн болгохоос зайлсхийх ёстой. Бурханы ажил ямар ч энгийн ажилтай адилгүй. Үүний гайхалтай байдал, мэргэн ухааныг хүн ухаарч ойлгохын аргагүй билээ. Ажлын энэ үе шатанд Бурхан бүх зүйлийг бүтээдэггүй боловч бас устгадаг ч үгүй. Харин ч, Тэр бүтээсэн бүх зүйлээ өөрчилж, Сатаны бузарласан бүх зүйлийг ариусгадаг. Тиймээс Бурхан асар их хэмжээний ажлыг эхлүүлсэн. Энэ нь Бурханы ажлын утга учир тэр чигээрээ юм. Эдгээр үгээс чи Бурханы ажил үнэхээр тийм энгийн гэдгийг харж байна уу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?
Эцсийн өдрүүдийн ажилд үгийн сүр хүч нь тэмдэг, гайхамшгийн илрэлээс илүү байдаг бөгөөд үгийн эрх мэдэл нь тэмдэг, гайхамшгийнхаас давдаг. Үг нь хүний зүрх сэтгэлийн гүнд булагдсан бүх ялзарсан зан чанарыг ил болгодог. Чи тэдгээрийг өөрөө олж мэдэх ямар ч аргагүй. Тэдгээрийг үгээр ил болгох үед чи аяндаа олж мэднэ; тэгээд хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд бүрэн үнэмшинэ. Энэ нь үгийн эрх мэдэл биш гэж үү? Энэ бол өнөөдрийн үгийн ажлаар хүрсэн үр дүн юм. Тиймээс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулснаар хүнийг нүглээс бүрэн аварч чадахгүй, мөн тэмдэг, гайхамшиг үзүүлснээр дамжуулан бүрэн төгс болгож ч чадахгүй. Өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулах эрх мэдэл нь хүнд нигүүлсэл л өгдөг боловч хүний махан бие Сатаных хэвээр байдаг ба завхарсан сатанлаг зан чанар хүний дотор байсаар байдаг. Өөрөөр хэлбэл, ариусгагдаагүй зүйл нүгэл болон бузарт хамаатай хэвээр байдаг. Үгийн тусламжтайгаар цэвэр болгуулсны дараа л хүн Бурханаар авхуулж, ариусаж чаддаг. Хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж, түүнийг золин аврах үед энэ нь, түүнийг Сатаны гараас булаан авч, Бурханд буцааж өгсөн гэсэн утгатай байв. Гэвч Бурханаар ариусгагдаж, өөрчлөгдөөгүй бол тэрээр завхарсан хүн хэвээр үлддэг. Хүний дотор бузар буртаг, эсэргүүцэл, тэрслүү байдал оршсоор байдаг; хүн Бурханы золин авралаар л дамжуулж Түүн рүү буцаж очсон боловч Бурханы тухай өчүүхэн төдий ч мэдлэггүй байдаг бөгөөд Түүнийг эсэргүүцэж, Түүнээс урваж мөн л чадна. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүн дотроо Бурханыг эсэргүүцдэг уг чанартай байдаг. Тиймээс хүнийг золин аварсан нь золин авралаас цаашгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч хүний доторх хорт чанарыг арилгаагүй юм. Ийм бузар хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан хүн өөрийнхөө доторх бузар, завхарсан мөн чанарыг бүрэн мэдэж авч, бүрэн өөрчлөгдөж, ариусгагдаж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих шаардлагыг хангаж чадна. Хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн тулд өнөөгийн бүх ажил хийгддэг; ингэснээр хүн үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан, цэвэршүүлэлтээр дамжуулан завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь бас байлдан дагуулалтын ажил бөгөөд авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүн Бурханаар авхуулдаг; үгийн цэвэршүүлэлт, шүүлт, ил болголтоор дамжуулан хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн итгэл найдвар бүгд бүрэн илчлэгддэг. Хүн золин авруулж, нүглээ уучлуулсан хэдий ч үүнийг Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л үзэж болно. Гэвч хүн нүглээс ангижралгүйгээр махан биед амьдардаг бөгөөд үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Ихэнх хүн өдрөөр нүгэл үйлдээд, орой нь нүглээ улайдаг. Иймээс нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг хэдий ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн, учир нь хүн завхарсан зан чанартай хэвээр байгаа… Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болоход маш амаргүй бөгөөд өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг. Үгийн шүүлтээр л дамжуулан энэ үр дүнд хүрч болно. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4
Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх мэт төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар, завхарсан зан чанарт чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг ил болгосон үг нь хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогт бүр ч их чиглэсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг хэдхэн үгээр бүрэн тайлбарладаггүй; Тэрээр удаан хугацааны туршид ил болгож, засдаг. Ил болголт болон засалтын энэ бүх өөр өөр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй; харин хүнд ерөөсөө байдаггүй үнэнийг ашиглан ил болголт, засалтын энэ ажлыг явуулдаг. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы санаа зорилго, Бурханы ажлын зорилго, хүний ойлгошгүй нууцуудыг илүү их ойлгуулдаг. Түүнчлэн, хүнд өөрийнх нь завхарсан мөн чанар болон завхралынх нь үндсийг ойлгуулж, танин мэдүүлж, өөрийнх нь муухай төрхийг илчилдэг. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Бурханд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг
Чи мэдэж байх ёстой, Бурхан хүмүүсийг төгс төгөлдөр болгож, бүрэн төгс болгож, олж авах нь тэдний махан биед илд болон цохилт, мөн түүнчлэн эцэс төгсгөлгүй зовлон, галын шатаалт, өршөөлгүй шүүлт, гэсгээлт, хараал, хязгааргүй шалгалтыг л авчирдаг. Энэ нь хүнийг удирдах ажлын бодитой түүх болон үнэн юм. Гэсэн ч энэ бүх зүйл хүний махан биед чиглэдэг бөгөөд дайсагналын бүх сум хүний махан бие рүү хайр найргүйгээр онилдог (учир нь хүн гэмгүй). Энэ бүхэн Түүний алдар суу болон гэрчлэлийн төлөө, мөн Түүний удирдлагын төлөө байдаг. Учир нь Түүний ажил ганцхан хүн төрөлхтний төлөө байдаггүй, харин бүхий л төлөвлөгөөний төлөө, түүнчлэн хүн төрөлхтнийг бүтээх үеийнх нь анхдагч санаа зорилгыг биелүүлэхийн төлөө байдаг. Тиймээс, магадгүй хүний туулдаг зүйлийн ерэн хувь нь зовлон болон галын шалгалт бөгөөд хүний махан биеийн хүсэн хүлээсэн аз жаргалтай, сайхан өдрүүд маш цөөхөн байдаг, эсвэл бүр огт байдаггүй. Хүн махан биеэр Бурхантай хамт цагийг сайхан өнгөрүүлэх аз жаргалтай мөчийг эдэлж бүр ч чаддаггүй. Махан бие бузар тул хүний махан бие гагцхүү Бурханы гэсгээлтийг л хардаг, эдэлдэг ба энэ нь эрүүл ухаангүй мэт хүн үүнийг хүний сэтгэлийг боддоггүй гэж үздэг. Учир нь Бурхан “хүний сэтгэлийг боддоггүй”, хүний халдахыг тэвчдэггүй, мөн дайснуудаа үзэн яддаг зөвт зан чанараа илчилнэ. Бурхан боломжит бүх аргаар дамжуулан Өөрийн бүх зан чанарыг ил тод илчилж, улмаар Сатантай хийсэн зургаан мянган жилийн тулааны ажил буюу бүх хүн төрөлхтнийг аварч, хөгшин Сатаныг устгах ажлаа төгсгөнө!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн төрөлхтнийг удирдахын зорилго
Өөрийнх нь тухай мэдлэгийг хүн олж аваасай гэсэндээ, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Завхарсан зан чанарыг нь Тэр шүүхгүй л бол хүн, халдахыг тэвчдэггүй Түүний зөвт зан чанарыг мэдэж чадахгүй, Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгож бас чадахгүй байх байсан. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийгөө бүхэлд нь ил болгож, улмаар ил тод илрэлтээрээ дамжуулан Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд цангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог. Бурханы төрөл бүрийн олон ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; зан чанар нь ингэж өөрчлөгдөхгүйгээр хүн Бурханд гэрчлэл хийж, Бурханы санаа зорилгод нийцэж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь хүн Сатаны хүлээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлөгдөж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрч, Бурханы санаа зорилгод нийцдэг нэгэн болсныг илтгэдэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна
Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил буюу ариусгалтын эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн ариусгалтын ажлыг туулсныхаа дараа л Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Бурханаар эцэст нь авхуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажил нь мөн чанартаа эцсийн амралтын өдрийн төлөө хүмүүсийг ариусгах зорилготой; эс бөгөөс хүн төрөлхтний нэг нь ч төрлийнхөө дагуу ангилагдаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы ариусгалтын ажил л хүмүүсийн зөв шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний тэрслүү элементийг ил болгож, улмаар аврагдаж чадах хүмүүсийг чадахгүйгээс нь, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс нь ялгана. Энэ ажил дуусахад үлдэх боломжтой хүмүүс бүгд цэвэрлэгдэж, газар дээр хүн төрөлхтний илүү өндөр байдалд орж, илүү гайхалтай хоёр дахь амьдралыг эдэлнэ; өөрөөр хэлбэл, тэд хүний амралтын өдөрт орж, Бурхантай зэрэгцэн оршино. Үлдэх боломжгүй хүмүүс гэсгээгдэж, шүүгдсэний дараа жинхэнэ төрх нь бүрмөсөн илчлэгдээд, дараа нь тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэхийг нь цаашид зөвшөөрөхгүй. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; ийм хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд ёрын муу, зөв шударга бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй. Тэд нэгэнтээ золин аврагдсан, бас шүүгдэн гэсгээгдсэн; тэд бас нэгэнтээ Бурханы төлөө хөдөлмөрлөсөн. Гэвч, сүүлчийн өдөр ирэхэд ёрын муу байдлынхаа улмаас, тэрслүү байдал болон золин аврагдах боломжгүй байдлынхаа улмаас тэд мөн л таягдан хаягдаж, устгагдана; хожмын ертөнцөд тэд хэзээ ч оршин тогтнохгүй, мөн ирээдүйн хүн төрөлхтний дунд цаашид амьдрахгүй. Хүн төрөлхтний дундах ариун хүмүүс амралтад ормогц сүнс ч бай, махан биед амьдарсаар байгаа хүмүүс ч бай хамаагүй, мууг үйлдэгчид болон аврагдаагүй хүмүүс бүгд устгагдана. Мууг үйлдэгч энэ сүнснүүд болон хүмүүс, зөв шударга хүмүүсийн сүнс болон зөв шударгыг үйлдэгч хүмүүсийн тухайд гэвэл, ямар эринд байгаагаас үл хамааран ёрын муу хүмүүс эцэстээ бүгд устгагдаж, зөв шударга бүх хүн амьд үлдэнэ. Хүн, эсвэл сүнс аврал хүртэх эсэх нь тэр чигтээ сүүлийн эрин үеийн ажилд үндэслэн шийдэгддэггүй; харин тэд Бурханыг эсэргүүцсэн үү, эсвэл Бурханы эсрэг тэрсэлсэн үү гэдэгт үндэслэн тодорхойлогддог. Өмнөх эринд мууг үйлдээд, аврал хүртэж чадаагүй хүмүүс эргэлзээгүй шийтгэлийн бай болох бөгөөд одоогийн эринд мууг үйлддэг, аврагдаж чадахгүй хүмүүс ч бас шийтгэлийн бай болох нь гарцаагүй. Хүмүүсийг амьдардаг эринийх нь дагуу биш, харин сайн муугийн үндсэн дээр ангилдаг. Ийнхүү ангилмагцаа тэднийг тэр даруй шийтгэж, шагнадаггүй; харин Бурхан эцсийн өдрүүд дэх байлдан дагуулалтын ажлаа хийж дууссаныхаа дараа л мууг шийтгэх, сайныг шагнах ажлаа гүйцэтгэнэ. Үнэндээ Тэрээр хүн төрөлхтнийг аврах ажлаа хийж эхэлснээсээ хойш хүмүүсийг сайн муугаар нь ангилсаар ирсэн. Гэхдээ Өөрийнх нь ажил дууссаны дараа л Тэрээр зөв шударга хүмүүсийг шагнаж, ёрын мууг шийтгэнэ; ажлаа дуусгаад Тэр тэднийг ангилж, дараа нь мууг шийтгэж, сайныг шагнах ажлаа нэн даруй эхэлдэг юм биш. Харин ч Өөрийнх нь ажил бүрэн дуусах үед л үүнийг хийнэ. Мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ар дахь ганцхан зорилго нь бүх хүнийг бүрмөсөн ариусгах явдал юм, ингэснээр Тэр бүрэн ариусгагдсан хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачна. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал; энэ нь Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хэрвээ Бурхан ёрын мууг устгалгүй үлдээсэн бол бүх хүн төрөлхтөн амралтад орж чадахгүй хэвээр байх байсан бөгөөд Бурхан тэднийг илүү сайхан ертөнцөд аваачиж чадахгүй байх байлаа. Ийм ажил нь бүрэн дууссан ажил биш байх байлаа. Бурханы ажил дуусах үед бүх хүн төрөлхтөн бүрэн ариусгагдана; ийм маягаар л Бурхан амралтад санаа амар амьдарч чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно