1. Бидний итгэдэг Католик шашин нь элч нараас уламжлагдан ирсэн бөгөөд бүх шашнаас хамгийн уламжлалт үзэл юм. Төгс Хүчит Бурханы Чуулган Христийн шашинд харьяалагддаг, Христийн шашин бол Католик шашны салаа мөчир билээ. Бид Төгс Хүчит Бурханд итгэвэл Христийн шашинд орcон болохгүй гэж үү? Ингэснээрээ бид Бурханаасаа нүүр буруулахгүй гэж үү?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Энэ хашаан дахиас өөр хонин сүрэг надад бий: Би тэднийг бас авчрах ёстой, тэд Миний дуу хоолойг сонсоно; тэгээд нэг хоньчинтой нэг хонин сүрэг болох болно” (Иохан 10:16).
Холбогдох Бурханы үг:
Дэлхий дээр хэд хэдэн томоохон шашин бий, эдгээр нь тус бүрдээ өөрийн тэргүүн буюу удирдагчтай байдаг бөгөөд дагалдагчид нь дэлхий даяар янз бүрийн улс орон, бүс нутгуудад тархсан байдаг; том ч бай жижиг ч бай, бараг улс орон бүр дотроо хэд хэдэн шашны урсгалтай байдаг. Гэвч дэлхий дээр хэчнээн ч шашин байлаа гэсэн, орчлон ертөнц дээрх бүх хүн эцэстээ нэг Бурханы удирдамж дор оршин тогтнодог бөгөөд тэдний оршин тогтнолыг шашны тэргүүн буюу удирдагчид залж чиглүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, шашны тодорхой нэг тэргүүн буюу удирдагч хүн төрөлхтнийг залж чиглүүлдэггүй; харин тэнгэр газар, бүх зүйлийг төдийгүй хүн төрөлхтнийг бүтээсэн Бүтээгч бүх хүн төрөлхтнийг удирддаг, энэ бол баримт юм. Дэлхийд хэд хэдэн том шашин байдаг хэдий ч тэдгээр нь хэчнээн агуу байсан ч бүгд Бүтээгчийн эрх мэдэл дор оршдог бөгөөд аль нь ч энэ эрх мэдлийн хүрээг даван гарч чаддаггүй. Хүн төрөлхтний хөгжил, нийгмийн дэвшил, байгалийн шинжлэх ухааны хөгжил нь тус бүрдээ Бүтээгчийн зохицуулалттай салшгүй холбоотой бөгөөд энэ ажил нь шашны тодорхой нэг тэргүүний хийж чадах зүйл биш юм. Шашны тэргүүн бол тухайн шашныхаа удирдагч төдий л бөгөөд Бурханыг төлөөлж чадахгүй, тэнгэр газар, бүх зүйлийг бүтээсэн Нэгнийг ч төлөөлж чадахгүй. Шашны тэргүүн бүхий л шашин доторх бүх хүнийг удирдаж чаддаг боловч тэнгэрийн доорх бүх бүтээлийг захирч чадахгүй—энэ бол нийтээр хүлээн зөвшөөрсөн баримт юм. Шашны тэргүүн бол зүгээр л удирдагч бөгөөд Бурхантай (Бүтээгчтэй) эн зэрэгцэж чадахгүй. Бүх зүйл Бүтээгчийн гарт байдаг ба эцэстээ тэд бүгд Бүтээгчийн гарт эргэн очих болно. Хүн төрөлхтнийг Бурхан бүтээсэн бөгөөд ямар ч шашин бай, Бурханы эрх мэдэл дор эргэн очих болно—энэ нь гарцаагүй. Бурхан л бүх зүйлийн дотроос Хамгийн Дээд нь бөгөөд бүх бүтээлийн доторх хамгийн дээд захирагч хүртэл Түүний ноёрхол дор эргэн очих ёстой. Хүн хэчнээн ч өндөр байр суурьтай байлаа гэсэн хүн төрөлхтнийг тохиромжтой хүрэх газарт хүргэж чадахгүй, хэн ч бүх зүйлийг төрлөөр нь ангилж чадахгүй юм. Ехова Өөрөө хүн төрөлхтнийг бүтээж, тус бүрийг нь төрлөөр нь ангилсан ба төгсгөлийн цаг үе ирэхэд Тэр мөн л Өөрийн ажлыг Өөрөө хийж, бүх зүйлийг төрлөөр нь ангилна—энэ ажлыг Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Эхнээсээ өнөөдрийг хүртэл явагдсан ажлын гурван үе шатыг бүгдийг нь Бурхан Өөрөө хийсэн ба нэг Бурхан хийсэн. Ажлын гурван үе шатны баримт нь хүн төрөлхтнийг Бурхан удирдсан тухай баримт бөгөөд хэний ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Ажлын гурван үе шат төгсмөгц бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, бүгд Бурханы эрх мэдэл дор эргэн очно, учир нь бүхий л орчлон ертөнц даяар зөвхөн энэ нэг Бурхан оршдог бөгөөд өөр шашин гэж байхгүй. Дэлхийг бүтээх чадваргүй нэгэн үүнийг төгсгөлд нь аваачиж чадахгүй, харин дэлхийг бүтээсэн Тэр үүнийг төгсгөлд нь аваачих чадвартай байх нь гарцаагүй. Тиймээс оюун ухаанаа хөгжүүлэхэд нь л хүнд тусалж чадахаас биш, эрин үеийг төгсгөж чадахгүй нэгэн бол Бурхан биш байх нь гарцаагүй, бас хүн төрөлхтний Эзэн биш байх нь гарцаагүй. Тэрээр ийм агуу ажил хийж чадахгүй; ийм ажлыг биелүүлж чадах цорын ганц нэгэн байдаг бөгөөд энэ ажлыг хийж чаддаггүй бүхэн бол Бурхан биш, дайснууд гэдэг нь гарцаагүй. Бүх муу ёрын шашин нь Бурхантай нийцдэггүй бөгөөд Бурхантай нийцдэггүй тул тэд Бурханы дайснууд мөн. Бүх ажлыг энэхүү нэг жинхэнэ Бурхан хийдэг, бүх орчлон ертөнцийг энэхүү нэг Бурхан захирдаг. Түүний ажил Израильд байна уу, Хятадад байна уу хамаагүй, энэ ажлыг Сүнс хийж байна уу, махбод хийж байна уу хамаагүй, бүгдийг нь Бурхан Өөрөө хийдэг ба өөр хэн ч орлож чадахгүй. Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан учраас л эрх чөлөөтэй ажиллаж, ямар ч нөхцөл байдалд баригддаггүй—энэ бол хамгийн агуу үзэгдэл билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм
Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн энэ үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат тасралтгүй уялдаатайгаар Бурханы удирдлагын бүхий л цар хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийн бүтээлээс хойш Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдан ажилласаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Эхэн ба Эцэс, эрин үеийг эхлүүлдэг Нэгэн, бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр өөр байршил дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсний ажил мөн. Энэ гурван үе шатыг хуваадаг бүх хүн Бурханыг эсэргүүцэн зогсдог. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлговол зохино. Үүнд эргэлзэх юмгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
Еховагийн ажлын дараа, Өөрийн ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Есүс махбод болсон. Түүний ажил тусдаа хэрэгжээгүй, харин Еховагийн ажилд тулгуурласан юм. Энэ нь, Хуулийн эрин үеийг төгсгөснийхөө дараа Бурханы хийсэн шинэ эрин үеийн ажил байв. Үүнтэй адилаар, Есүсийн ажил дууссаны дараа Бурхан дараагийн эрин үеийн ажлаа үргэлжлүүлсэн, учир нь Бурханы бүхий л удирдлага үргэлж урагшилж байгаа. Хуучин эрин үе өнгөрөх үедээ шинэ эрин үеэр солигдох ба хуучин ажил дуусмагц Бурханы удирдлагыг үргэлжлүүлэх шинэ ажил байх болно. Энэ удаад бие махбодтой болсон нь Есүсийн ажил дууссаны дараа Бурхан хоёр дахь удаа бие махбод болсон хэрэг юм. Мэдээж, энэ удаа бие махбодтой болсон нь дангаараа тохиолддоггүй; харин энэ нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үеийн дараах, ажлын гурав дахь үе шат юм. Бурхан ажлын шинэ үе шатыг эхлэх бүрд үргэлж шинэ эхлэл байх ёстой, мөн шинэ эрин үеийг үргэлж авчрах ёстой. Иймээс Бурханы зан чанар, Түүний ажиллах арга зам, ажлын байршил болон Түүний нэрэнд ч гэсэн харгалзах өөрчлөлтүүд гардаг. Тиймээс хүний хувьд, шинэ эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдагт гайхах зүйлгүй. Гэхдээ Өөрийг нь хүн хэрхэн эсэргүүцэхээс үл хамааран Бурхан үргэлж Өөрийн ажлыг хийж, бүх хүн төрөлхтнийг урагш хөтөлж байгаа. Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа бие махбодтой болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрч чаддаг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хүргэгдэж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн авч чадна. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Өнөөдрийн ажил Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч Бурханы ажилд ахиц гарлаа. Ажлын энэ үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед үндэслэн хийгддэг гэж Би яагаад ахин дахин хэлдэг вэ? Яагаад гэвэл, өнөөдрийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэн зүйлийн ахиц дэвшил юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нягт харилцан холбогдсон ба гинжин холбоос нэг бүр нь дараагийнхтайгаа нягт холбогдсон байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би бас яагаад хэлдэг вэ? Энэ үе шат Есүсийн хийсэн ажилд тулгуурлан хийгдээгүй гэж үзвэл энэ үе шатанд өөр цовдлол явагдах хэрэгтэй болох байсан бөгөөд өмнөх үе шатны золин аврах ажлыг дахиад эхнээс нь хийх хэрэгтэй болох байв. Энэ нь утгагүй байх байлаа. Иймээс ажил бүрэн дууссан юм биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажлын түвшин өмнөхөөсөө бүр ч илүү өндөрт өргөгдсөн юм. Ажлын энэхүү үе шат Хуулийн эрин үеийн суурин дээр, Есүсийн ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болно. Бурханы ажил шат шатаар хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш юм. Ажлын гурван үе шатны хослолыг л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно. Энэ үе шатны ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлын суурин дээр хийгддэг. Хэрвээ ажлын энэ хоёр үе шат хоорондоо хамааралгүй байсан бол яагаад энэ үе шатанд цовдлол давтагддаггүй вэ? Яагаад Би хүний нүглийг үүрэхийн оронд хүнийг шууд шүүж, гэсгээдэг вэ? Хэрвээ хүнийг шүүж, гэсгээх Миний ажил цовдлолын дараа болоогүй, одоо ирж байгаа минь Ариун Сүнснээс олдож төрөөгүй бол Би хүнийг шүүж, гэсгээх эрхгүй байх байлаа. Би Есүстэй нэг учраас л хүнийг шууд гэсгээж, шүүж эхэлдэг. Энэ үе шатан дахь ажил бүхэлдээ өмнөх үе шатны ажил дээр суурилсан. Тийм учраас, ийм ажил л хүнийг алхам алхмаар авралд хүргэж чадна. Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Бидний махбод ямар ч хамаагүй хэдий ч Бидний Сүнс нэг юм; Бидний хийдэг зүйлийн агуулга болон Бидний хариуцдаг ажил адилхан биш хэдий ч мөн чанартаа Бид адилхан; Бидний махбод өөр өөр дүр төрхтэй болсон нь эрин үеийн өөрчлөлт болон ажлын маань өөр өөр шаардлагаас үүдэлтэй; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирдаг ажил болон хүнд илчилдэг Бидний зан чанар бас өөр. Тийм учраас өнөөдөр хүний харж, ойлгодог зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй байдаг нь эрин үеийн өөрчлөлтөөс үүддэг. Хэдийгээр Тэдний махбодын хүйс, дүр төрх өөр, мөн Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлд төрөөгүй боловч Тэдний Сүнс нэг билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг
Хүн Бурханд итгэдэг тул Бурханы мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой; мөн “Хургыг хаашаа ч явсан дагах” ёстой. Зөвхөн энэ хүмүүс л үнэн замыг эрж хайдаг хүмүүс бөгөөд зөвхөн тэд л Ариун Сүнсний ажлыг мэддэг хүмүүс юм. Бичиг үсэг, хоосон номлолыг боол мэт дагадаг хүмүүс бол Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс билээ. Цаг үе бүрд Бурхан шинэ ажил эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн ганцхан эрин үед хэрэглэгддэг “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн үнэнийг л дагадаг бол хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй, үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажилладгаас үл хамааран, хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр, ойрхон дагадаг. Ингэвэл Ариун Сүнс яаж хүнийг таягдан хаяж чадах юм бэ? Бурхан юу ч хийдэг бай, хүн энэ нь Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд эргэлзэлгүйгээр хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал яалаа гэж шийтгүүлэх юм бэ? Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, Түүний мөр хэзээ ч зогсоогүй, удирдлагын ажлаа дуусгахаас өмнө Тэр үргэлж завгүй байсан ба хэзээ ч зогсдоггүй. Гэхдээ хүн бол өөр: Ариун Сүнсний ажлын өчүүхэн хэсгийг олж авсныхаа дараа хүн үүнийг хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж үздэг; өчүүхэн хэмжээний мэдлэг олж авчихаад Бурханы илүү шинэ ажлын мөрийг дагахаар урагш явдаггүй; Бурханы ажлын өчүүхэн хэсгийг харчихаад Бурханыг ямар нэг модон хүн мэт даруй тодорхойлж, Бурхан үүрд өөрийнх нь хардаг шиг төрхтэй байна, өнгөрсөнд ямар байсан, ирээдүйд ч мөн тийм байх болно гэж итгэдэг; өнгөц төдий мэдлэг олж аваад хүн бардамнан, өөрийгөө мартаж, ердөө оршин байдаггүй Бурханы зан чанар болон оршихуйг дураараа тунхаглаж эхэлдэг; Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг мэддэг болчихоод, ямар хүн Бурханы шинэ ажлыг тунхаглаж байгаа нь хамаагүй, хүн үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр нь Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс юм; тэд бол шинэ зүйлсийг хүлээн авах чадваргүй хэтэрхий хуучинсаг хүмүүс билээ. Ийм хүмүүс Бурханд итгэдэг ч бас Бурханыг голдог. Израильчууд “Есүст итгэлгүй, зөвхөн Еховад итгэж байсан” нь буруу байсан гэж хүн итгэдэг ч дийлэнх хүмүүс “зөвхөн Еховад итгэж, Есүсийг голох”, “Мессиагийн ирэлтийг хүсэн хүлээдэг ч Есүс хэмээх Мессиаг эсэргүүцэх” дүрд тоглодог. Тэгэхээр хүмүүс Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг хүлээн авсныхаа дараа Сатаны ноёрхол дор амьдарсаар байж, Бурханы ерөөлийг мөн л хүлээн авдаггүйд гайхах юмгүй. Энэ нь хүний тэрслүү байдлын үр дүн биш гэж үү? Өнөөдрийн шинэ ажилтай хөл нийлүүлээгүй, дэлхий даяарх Христийн шашны хүмүүс бүгд ѳѳрсдийгѳѳ азтай байх болно гэж найдан, Бурхан хүсэл бүрийг нь биелүүлнэ гэж боддог. Гэсэн атлаа, Бурхан яагаад тэднийг гурав дахь тэнгэр лүү аваачихыг итгэлтэй хэлж чаддаггүй, мөн Есүс хэрхэн цагаан үүл хөлөглөн тэднийг авахаар ирэх талаар ч бат итгэлтэй байж чаддаггүй, түүгээр ч үл барам төсөөлсөн тэр өдөр нь Есүс үнэхээр цагаан үүл хөлөглөн ирэх эсэхийг ч баттай хэлж чаддаггүй. Тэд бүгдээрээ түгшиж, яахаа мэддэггүй; урсгал бүрээс ирсэн, янз бүрийн цөөн тооны хүмүүсийг Бурхан нэг бүрчлэн авах эсэхийг ч мэддэггүй. Бурханы одоо хийдэг ажил, өнөөгийн эрин үе, Бурханы хүсэл—эдгээрийн алийг нь ч тэд ухаардаггүй бөгөөд хуруугаараа хоног тоолохоос өөр юу ч хийж чаддаггүй. Хурганы мөрийг эцсээ хүртэл дагадаг хүмүүс л эцсийн ерөөлийг хүртэж чадна, харин эцсээ хүртэл дагах чадваргүй атлаа бүхнийг олж авсан гэж боддог тэр “ухаалаг хүмүүс” Бурханы илрэлтийг харж чадахгүй. Тэд бүгд өөрсдийгөө газар дэлхий дээрх хамгийн ухаантай хүн гэж үздэг, Бурханы ажлын үргэлжилсэн хөгжлийг ямар ч шалтгаангүй тасалдаг бөгөөд Бурханд “чин үнэнч байж, Бурханыг дагаж, Бурханы үгийг сахидаг” болохоор Бурхан өөрсдийг нь тэнгэр лүү авч явна гэдэгт асар их итгэдэг юм шиг санагддаг. Тэд Бурханы хэлсэн үгэнд “чин үнэнч” ханддаг ч Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж, заль мэх, ёрын мууг үйлддэг учраас үг, үйлдэл нь маш жигшүүртэй байдаг. Эцсийг нь хүртэл дагадаггүй, Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чаддаггүй, зөвхөн хуучин ажилтай зууралддаг хүмүүс Бурханд үнэнч байж чадахаагүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болж, шинэ эринд гологдон, шийтгэгдэх хүмүүс болсон. Тэднээс илүү өрөвдөлтэй хүмүүс гэж байх уу? Хуучин хуулийг голж, шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн мөс чанаргүй гэж олонх нь итгэдэг. Зөвхөн “мөс чанарын” талаар ярьдаг, Ариун Сүнсний ажлыг мэддэггүй энэ хүмүүсийн хувьд, эцэстээ мөс чанар нь өөрсдийнх нь хэтийн ирээдүйг сүйрүүлэх болно. Бурханы ажил дүрэм журам мөрддөггүй, Өөрийнх нь ажил байлаа ч гэсэн Бурхан мөн л үүнтэй зууралддаггүй. Үгүйсгэх ёстой зүйлийг үгүйсгэж, таягдах ёстой зүйлийг таягдан хаях ёстой. Гэсэн ч хүн Бурханы удирдлагын ажлын өчүүхэн хэсгээс зуурч, өөрийгөө Бурхантай дайсагнасан байр сууринд тавьдаг. Энэ нь хүний утгагүй байдал биш гэж үү? Хүний мэдлэггүй байдал биш гэж үү? Бурханы ерөөлийг олж авахгүй байх вий гэж эмээж, болгоомжлох тусам хүмүүс илүү их ерөөл олж авч чадахгүй бөгөөд эцсийн ерөөлийг хүртэж бүр чадахгүй. Хуулийг боол мэт сахидаг хүмүүс бүгд хуулинд туйлын үнэнч болохоо харуулдаг ба хуулинд үнэнч байдлаа харуулах тусмаа төдий чинээ Бурханыг эсэргүүцдэг босогчид болдог. Учир нь одоо үе бол Хуулийн эрин үе биш, харин Хаанчлалын эрин үе бөгөөд өнөөдрийн ажлыг урьдын ажилтай жишиж болохгүй, өнгөрсөн үеийн ажлыг өнөөдрийн ажилтай харьцуулж ч болохгүй. Бурханы ажил өөрчлөгдсөн, хүний хэрэгжүүлэлт ч бас өөрчлөгдсөн; энэ нь хуулиас зуурч, загалмай үүрэх явдал биш, тиймээс хууль болон загалмайд хандах хүмүүсийн үнэнч байдал Бурханы сайшаалыг хүртэхгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт
Бурханы бүхий л удирдлага төгсөх дөхөхөөр Бурхан бүх зүйлийг төрлийнх нь дагуу ангилах болно. Бүтээгчийн гар хүнийг бүтээсэн ба эцэст нь Тэр хүнийг Өөрийн эрх мэдэл дор бүрэн эргүүлэн авчрах ёстой; ажлын гурван үе шатны төгсгөл энэ юм. Эцсийн өдрүүдийн ажлын үе шат болон Израиль, Иудей дахь өмнөх хоёр үе шат нь бүхий л орчлон ертөнц дэх Бурханы удирдлагын төлөвлөгөө билээ. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй ба энэ нь Бурханы ажлын баримт юм. Хүмүүс энэ ажлын ихэнхийг туулаагүй, нүдээр үзээгүй хэдий ч баримт бол баримт хэвээрээ л байна, үүнийг ямар ч хүн үгүйсгэх аргагүй. Орчлон ертөнцийн газар болгонд байгаа Бурханд итгэдэг хүмүүс бүгдээрээ ажлын гурван үе шатыг хүлээн зөвшөөрөх болно. Хэрвээ чи ажлын тодорхой нэг үе шатыг л мэддэг, нөгөө хоёр үе шатыг нь ойлгодоггүй, өнгөрсөн үед Бурханы хийсэн ажлыг ойлгодоггүй бол Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний бүх үнэнийг ярьж чадахгүй ба Бурханы талаарх мэдлэг чинь өрөөсгөл байна, учир нь чи Бурханд итгэдэг атлаа Түүнийг мэддэггүй, Түүнийг ойлгодоггүй тул Бурханд гэрчлэл хийхэд тохирохгүй. Эдгээр зүйлийн талаарх чиний одоогийн мэдлэг гүн гүнзгий ч бай, өнгөц ч бай, эцэст нь та нар мэдлэгтэй болж, бүрэн үнэмших ёстой, тэгээд бүх хүн Бурханы ажлыг бүхэлд нь харж, Бурханы эрх мэдэл дор захирагдана. Энэ ажлын төгсгөлд бүх шашин нэг болж, бүх бүтээл Бүтээгчийн эрх мэдэл дор эргэн ирж, бүх бүтээл нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөж, бүх муу шашин үгүй болж, хэзээ ч дахин гарч ирэхгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм