3. Шашны ертөнцийн пастор, ахлагч нар бүгд чуулганд Бурханд үйлчилдэг. Тэд Эзэний эргэн ирэхийг хүлээхдээ сонор сэрэмжтэй, анхааралтай байх учиртай. Тэгэхээр тэд яагаад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайн, судлахаар хүчин чармайлт гаргахгүй байгаад зогсохгүй, харин бүр цуу яриа тарааж, Төгс Хүчит Бурханыг шүүж, яллаж, итгэгчдийг мэхэлж, үнэн замыг судлахыг нь болиулахыг хичээдэг юм бэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Тэгээд ахлах тахилчид болон фарисайчууд зөвлөлд цуглаж, ‘Бид юу хийх вэ? Учир нь энэ хүн олон гайхамшиг үйлдэж байна. Хэрвээ бид Түүнийг ингээд орхивол бүх хүн Түүнд итгэнэ: тэгвэл ромчууд ирээд, манай газар нутаг, үндэстнийг хоёуланг нь булаан авна…’ гэв. Тэр өдрөөс хойш тэд Есүсийг алахаар зөвлөлдөв” (Иохан 11:47–48, 53).

“Үүгээр та нар Бурханы Сүнсийг мэднэ. Есүс Христ махбодоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг сүнс бүр Бурханаас ирсэн. Эзэн Есүс махбодоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс болгон Бурханаас ирээгүй, энэ бол антихристийн сүнс юм. Та нар түүнийг ирэх ёстой гэж сонссон ба тэр одоо аль хэдийн дэлхийд байна” (1 Иохан 4:2–3).

“Учир нь Есүс Христ махбодоор ирснийг хүлээн зөвшөөрдөггүй олон төөрөлдүүлэгч дэлхийд орж ирсэн. Энэ бол төөрөлдүүлэгч бөгөөд антихрист мөн” (2 Иохан 1:7).

Холбогдох Бурханы үг:

Том сүмд Библи уншдаг хүмүүс бүхэл өдөржингөө цээжээр уншдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы санаа зорилгод нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд “Бурханд” сургамжлахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы далбааг намируулдаг атлаа Бурханыг зориуд эсэргүүцдэг, Бурханд итгэдэг гэх шошго зүүдэг атлаа хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг ёрын муу диаволууд, хүмүүсийг зөв замаар ороход нь зориуд үймүүлдэг толгойлогч чөтгөрүүд, мөн хүмүүс Бурханыг эрж хайхад садаа болдог бул хар чулуу билээ. Тэд “эрүүл чийрэг бие махбодтой” харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгихаар зүтгэдэг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм

Бурханд олон жил итгэсэн атлаа Түүнийг хэзээ ч дуулгавартай дагаагүй, Түүний бүх үгийг хүлээн аваагүй, харин ч чамд захирагдаж, чиний үзлээр үйлдэхийг Бурханаас шаарддаг бол чи хамгийн тэрслүү бөгөөд үл итгэгч мөн. Хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы ажил болон үгийг ийм хүмүүс яаж дуулгавартай дагаж чадах юм бэ? Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаатайгаар зөрж, эсэргүүцдэг нэгэн юм. Тэд бол Бурханы дайсан, антихрист мөн. Ийм хүмүүс Бурханы шинэ ажилд үргэлж дайсагнасан хандлагатай байдаг, дуулгавартай дагах өчүүхэн ч дур сонирхол хэзээ ч байгаагүй бөгөөд дуртайяа дуулгавартай дагаж, өөрийгөө даруу болгосон удаа огт байхгүй. Тэд бусдын өмнө өөрсдийгөө өргөмжилж, хэнд ч хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэд үг номлоход хамгийн шилдэг нь бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж өөрсдийгөө үздэг. Тэд эзэмшсэн “эрдэнэсээ” хэзээ ч хаядаггүй, харин тэдгээрийг шүтэн мөргөх, бусдад номлох гэр бүлийн удам дамжсан эд зүйл мэт үздэг ба өөрсдийг нь шүтдэг тэр мунхгуудад сургаал айлдахдаа тэдгээрийг ашигладаг. Чуулганд үнэндээ иймэрхүү зарим хүн байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг “мохошгүй баатрууд” гэж хэлж болох юм. Тэд үг (хоосон сургаал) номлохыг өөрсдийн хамгийн эрхэм үүрэг болгодог. Тэд “ариун агаад халдашгүй дархан” үүргээ жилээс жилд, үеэс үед идэвхтэй хэрэгжүүлж явдаг. Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт “хаан” болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн, Миний ажлыг нураах гэж оролддог; энэ амьд диаволууд Миний нүдний өмнө оршин тогтнохыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг үнэн сэтгэлээсээ дуулгавартай дагадаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна

Бурханыг хараахан махбод болоогүй байх үед хүн Бурханыг эсэргүүцдэг эсэх нь тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд шүтэн мөргөж, Түүнийг биширдэг эсэхэд нь үндэслэн хэмжигддэг байлаа. Тухайн үед Бурханыг эсэргүүцэх явдлыг тодорхойлох арга зам нь төдийлөн бодитой байгаагүй, учир нь тэр үед хүн Бурханыг харж чадаагүй, Бурханы дүр яг ямархуу болохыг ч, Тэр яг яаж ажиллаж, ярьдгийг ч мэдээгүй байсан. Бурхан хүнд хараахан харагдаагүй байсан учраас хүнд Бурханы талаар ямар ч үзэл байгаагүй ба тодорхойгүй байдлаар Бурханд итгэж байлаа. Тиймээс, хүн төсөөлөлдөө Бурханд яаж ч итгэж байсан бай, Бурхан хүнийг яллаагүй, хэт өндөр шаардлага ч тавиагүй, учир нь хүн Бурханыг огтхон ч харж чадахгүй байв. Бурханыг махбод болж, хүмүүсийн дунд ажиллахаар ирэх үед бүгд Бурханыг харж, үгийг нь сонсож, махбод дахь Бурханы бүх үйл хэргийг хардаг. Тэр үед хүний бүх үзэл хөөс болдог. Бурхан махбодоор гарч ирэхийг харсан хүмүүсийн хувьд, хэрвээ тэд Түүнийг зориуд дуулгавартай дагадаг бол яллагдахгүй, харин зориуд Түүний эсрэг зогсдог хүмүүсийг Бурханыг эсэргүүцэгч гэж үзэх болно. Тийм хүмүүс бол антихристүүд, Бурханыг зориуд эсэргүүцдэг дайснууд юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм

Олон хүн Бурханы янз бүрийн өөр өөр ажлыг мэддэггүй учраас, түүнчлэн дуслын төдий мэдлэг, хоосон сургаалаар Ариун Сүнсний ажлыг хэмждэг учраас Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн туршлага өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд Ариун Сүнсний ажлыг басамжилж, Ариун Сүнсний сахилгажуулалтыг үл ойшоодог төдийгүй Ариун Сүнсний ажлыг “баталгаажуулахын” тулд өөрсдийн хуучирсан, ялихгүй ёс зүйг ашигладаг. Тэд бас дүр эсгэж, өөрсдийнхөө эрдэм мэдлэгтэй гэдэгт болон дэлхийг хөндлөн гулд туулах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсний голдог хүмүүс биш гэж үү, мөн тэд шинэ эрин үед таягдан хаягдахгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг энэ хүмүүс бол зүгээр л хэчнээн гайхалтай болохоо үзүүлэхээр оролдож байгаа мэдлэггүй, мэдээлэлгүй өөдгүй амьтад биш үү? Тэд Библийн хомс мэдлэгээрээ дэлхийн “академид” цадиггүй авирлахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа Ариун Сүнсний ажлыг өөрчлөхийг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын дагуу байлгахаар оролддог. Мөн алсын хараагүй юм байж Бурханы 6,000 жилийн ажлыг нэг дор хальт харахаар хичээдэг. Энэ хүмүүст дурдваас зохистой эрүүл ухаан гэж огт байхгүй? Үнэндээ хүн Бурханы талаар хэдий чинээ их мэдлэгтэй байна, Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуурладаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийг жаахан л ярьдаг боловч шүүмжлэх гэж яардаггүй. Хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, төдий чинээ биеэ тоон, өөртөө хэт итгэж, Бурханы оршихуйг улам улайран тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьдаг ба ямар ч бодит баримт байдаггүй. Тийм хүмүүс ямар ч үнэ цэнгүй. Ариун Сүнсний ажлыг тоглоом гэж үздэг хүмүүс хөнгөн хуумгай юм! Ариун Сүнсний шинэ ажилтай учрах үедээ хянуур байдаггүй, харин ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын зөв зүйтэй байдлыг дур зоргоороо үгүйсгэдэг, мөн доромжилж гутаадаг, ийм хүндлэлгүй хүмүүс Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бус уу? Цаашлаад тэд асар их биеэ тоосон, төрөлхийн бардам, задарсан хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн авах өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй, Бурханыг Өөрийг нь доромжилдог. Цагаандаа гарсан тийм хүмүүс энэ эрин үед ч, дараагийн эрин үед ч уучлагдахгүй, тамд үүрд мөхөх болно! Тийм хүндлэлгүй, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа дүр үзүүлдэг ба хүмүүс ийм байх тусмаа Бурханы захиргааны зарлигийг амархан зөрчих магадлалтай байдаг. Төрөлхийн задарсан, хэзээ ч хэнд ч дуулгавартай байгаагүй, биеэ тоосон тэр хүмүүс бүгд энэ замаар алхдаг биш үү? Үргэлж шинээрээ, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдрөөс өдөрт эсэргүүцдэггүй гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

Хүн нэг төрлийн ажил, хэрэгжүүлэх нэг арга замыг л хүлээн авч чаддаг. Тэдгээртэй зөрчилдсөн, эсвэл тэдгээрээс дээр ажил юм уу хэрэгжүүлэх аргыг хүлээн авахад хэцүү байдаг. Гэвч Ариун Сүнс үргэлж шинэ ажил хийж байдаг учраас Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг шашны мэргэжилтнүүдийн бүлэг ээлж дараалан гарч ирдэг. Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй тухай мэдлэг хүнд байдаггүй, Бурханы ажлын зарчмын мэдлэг байдаггүй, түүнчлэн хүнийг авардаг Бурханы олон арга замын талаарх мэдлэг байдаггүй учраас л энэ хүмүүс мэргэжилтнүүд болсон. Тиймээс энэ нь Ариун Сүнснээс ирдэг ажил уу, эсвэл Бурханы Өөрийн ажил уу гэдгийг хүн огт ялган салгах чадваргүй байдаг. Энэ нь өмнө нь хэлсэн үгтэй таарч байвал хүлээн авч, өмнөх ажлаас ялгаатай байвал эсэргүүцэж голох хандлагыг олон хүн баримталдаг. Өнөөдөр та нар бүгдээрээ тийм зарчмыг мөрддөггүй гэж үү?… Та нар Бурханы ажлын зарчмыг мэддэггүй, мөн Ариун Сүнсний ажилд хөнгөн хуумгай ханддаг учраас Бурханы ажлыг эсэргүүцэж, өөрсдийн үзлийг ашиглан өнөөдрийн ажлыг хэмждэг гэдгээ мэдэж ав. Та нар өөрсдийн үзэл болон төрөлхийн биеэ тоосон зангаасаа үүдэн Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдог. Энэ нь Бурханы ажил буруугаас болдоггүй, харин та нар угаасаа хэтэрхий тэрслүүгээс болдог. Зарим хүн Бурханд итгэсний дараа хүн хаанаас бий болсныг ч баттай хэлж чаддаггүй атлаа Ариун Сүнсний ажлын зөв, бурууг үнэлж, олон нийтийн өмнө үг хэлж зүрхэлдэг. Тэр ч байтугай тэд Ариун Сүнсний шинэ ажилтай элч нарт хүртэл сургаал айлдаж, гар хөлөө гозолзуулан, элий балай зүйл ярьдаг; тэдний хүн чанар хэтэрхий дорд бөгөөд тэдэнд өчүүхэн төдий ч эрүүл ухаан байдаггүй. Тийм хүмүүс Ариун Сүнсний ажилд гологдож, тамын галд шатаагдах өдөр ирэх бус уу? Тэд Бурханы ажлыг мэддэггүй, харин Түүний ажлыг шүүмжилж, мөн Түүнд хэрхэн ажиллахыг нь заахаар оролддог. Тийм ухаангүй хүмүүс Бурханыг яаж мэдэж чадах юм бэ? Хүн Бурханыг эрж хайж, мэдрэх явцдаа Түүнийг мэдэж авдаг; харин Бурханыг дураараа шүүмжлэх явцдаа Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулан мэдэж авдаг юм биш. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ үнэн зөв байна, тэд Түүнийг төдий чинээ бага эсэргүүцдэг. Харин хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, Түүнийг төдий чинээ амархан эсэргүүцдэг. Чиний үзэл, чиний хуучин уг чанар, чиний хүн чанар, зан байдал, ёс суртахуун, үзэл баримтлал бол Бурханыг эсэргүүцэх хөрөнгө бөгөөд ёс суртахуун нь завхарсан, хэв чанар нь өөдгүй, хүн чанар нь дорд болох тусмаа чи төдий чинээ Бурханы дайсан байдаг. Үзэл ихтэй, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмүүс бие махбодтой болсон Бурханд бүр ч их дайсагнадаг ба тийм хүмүүс бол антихристүүд юм. Хэрвээ чиний үзлийг залруулахгүй бол энэ чинь үргэлж Бурханы эсрэг байх болно; чи хэзээ ч Бурхантай нийцэлтэй байж чадалгүй, үргэлж Түүнээс тусдаа байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

Өмнөх: 2. Шашны ертөнцийн пастор, ахлагч нар бүгд Библийг сайн мэддэг бөгөөд үүний талаар бусдад байнга тайлбарлаж өгөн, хүмүүсээс Библийг дагаж мөрдөхийг шаарддаг. Ингэснээрээ тэд Эзэнийг өргөж, Түүнд гэрчлэл хийж байгаа бус уу? Тэднийг хүмүүсийг мэхэлж байгаа, хоёр нүүртэй фарисай гэж яаж хэлж болох билээ?

Дараах: 4. Шашны ертөнц Төгс Хүчит Бурханыг улайран эсэргүүцэж, ялладаг. Тэд ахин дахин ёрын мууг үйлдэж, антихристүүдийн бат бөх цайз хэрэм болжээ. Гэвч Бурханд итгэдэг хэр нь Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцсэний төлөө шашны ертөнцийн үр дүн, төгсгөл нь ямар байх бол?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх