Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт

Хүмүүсийн дундах Бурханы ажлыг хүнээс салгах аргагүй, учир нь хүн энэ ажлын бай бөгөөд Бурханы бүтээл дотроос Бурханд гэрчлэл хийж чадах цорын ганц бүтээл юм. Хүний амьдрал болон хүний бүх үйл ажиллагааг Бурханаас салгах аргагүй, бүгдийг нь Бурханы гар хянадаг бөгөөд нэг ч хүн Бурханаас тусгаар оршиж чадахгүй гэж ч хэлж болно. Энэ нь бодит баримт тул үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Бурханы хийдэг бүхэн хүн төрөлхтний тусын тулд байдаг бөгөөд Сатаны заль мэхийн эсрэг чиглэдэг. Хүнд хэрэгтэй бүхэн Бурханаас ирдэг, Бурхан бол хүний амийн эх сурвалж билээ. Тиймээс хүн Бурханаас салж ердөө чаддаггүй. Цаашлаад Бурханд ч хүнээс салах санаа хэзээ ч байгаагүй. Бурханы хийдэг ажил бүх хүн төрөлхтний төлөө байдаг бөгөөд бодол нь үргэлжид сайн байдаг. Тэгвэл хүний хувьд, Бурханы ажил болон Бурханы бодлын (өөрөөр хэлбэл, Бурханы хүслийн) аль аль нь хүний мэдэх ёстой “үзэгдэл” юм. Ийм үзэгдэл нь бас Бурханы удирдлага бөгөөд хүний хийж чадахгүй ажил билээ. Ажлынхаа явцад хүнд Бурханы тавьдаг шаардлагыг хүний “хэрэгжүүлэлт” гэж нэрлэдэг. Үзэгдэл бол Бурханы Өөрийн ажил буюу хүн төрөлхтний төлөөх Түүний хүсэл, Түүний ажлын зорилго, ач холбогдол билээ. Үзэгдлийг бас удирдлагын нэг хэсэг гэж болно, учир нь энэхүү удирдлага бол Бурханы ажил бөгөөд хүнд чиглэдэг, энэ нь хүмүүсийн дунд Бурханы хийдэг ажил гэсэн үг юм. Энэ ажил бол хүн Бурханыг мэдэж авах нотолгоо болон зам бөгөөд хүний хувьд туйлын чухал. Хэрвээ Бурханы ажлын талаарх мэдлэгт анхаарал хандуулахын оронд хүмүүс, Бурханд итгэх итгэлийн тухай хоосон сургаал болон чухал биш аар саар зүйлсэд л анхаарлаа хандуулбал Бурханыг ердөө мэдэхгүйгээс гадна Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Бурханы ажил нь Бурханы талаарх хүний мэдлэгт асар тустай бөгөөд үүнийг үзэгдэл хэмээдэг. Эдгээр үзэгдэл бол Бурханы ажил, Бурханы хүсэл, түүнчлэн Бурханы ажлын зорилго болон ач холбогдол юм; эдгээр нь бүгд хүнд тустай. Хэрэгжүүлэлт гэдэг нь хүний хийх ёстой зүйл, Бурханыг дагадаг бүтээлүүдийн хийх ёстой зүйлийг хэлдэг бөгөөд энэ нь бас хүний үүрэг юм. Хүний хийх ёстой зүйл бол анхнаасаа хүний ойлгосон зүйл биш, харин Өөрийнхөө ажлын явцад хүнээс Бурханы шаарддаг зүйл юм. Бурханыг ажиллахын хэрээр эдгээр шаардлага аажмаар илүү гүн гүнзгий, илүү өндөр болдог. Жишээ нь, Хуулийн эрин үед хүн хуулийг дагах ёстой байсан, харин Нигүүлслийн эрин үед загалмай үүрэх ёстой байв. Хаанчлалын эрин үе бол өөр: Хүнд тавих шаардлага нь Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийнхээс илүү өндөр. Үзэгдэл илүү өндөр болохын хэрээр хүнд тавигдах шаардлага бүр ч их өндөр болж, илүү тодорхой, илүү бодитой болдог. Үүний адилаар, үзэгдэл ч бас улам бодитой болдог. Энэ олон бодит үзэгдэл хүнийг Бурханд дуулгавартай байхад туслахаар зогсохгүй, Бурханы талаарх хүний мэдлэгт тус болдог.

Өмнөх эрин үеүдтэй харьцуулахад Хаанчлалын эрин үеийн Бурханы ажил илүү бодитой, хүний мөн чанар болон түүний зан чанарын өөрчлөлтөд илүү их чиглэдэг бөгөөд Өөрийг нь дагадаг бүх хүнд Бурханыг Өөрийг нь илүү их гэрчилж чаддаг. Өөрөөр хэлбэл, Хаанчлалын эрин үед Бурхан ажиллангаа, өмнөх аль ч үеийнхээс илүүтэйгээр хүнд Өөрийгөө харуулдаг бөгөөд энэ нь хүний мэдэх ёстой үзэгдэл өмнөх аль ч эрин үеийнхээс илүү өндөр байдаг гэсэн үг юм. Хүмүүсийн дундах Бурханы ажил урьд өмнө үзэгдээгүй нутаг дэвсгэрт орсон учраас Хаанчлалын эрин үед хүний мэдэж авдаг үзэгдэл нь бүх удирдлагын төлөвлөгөөн дэх хамгийн өндөр дээд нь билээ. Бурханы ажил урьд үзэгдээгүй нутаг дэвсгэрт орсон тул хүний мэдэх үзэгдэл бүх үзэгдлээс хамгийн өндөр дээд нь болсон ба үүнээс улбаалан хүний хэрэгжүүлэлт ч бас өмнөх аль ч эрин үеийнхээс илүү өндөр болсон, учир нь хүний хэрэгжүүлэлт үзэгдэлтэй зэрэгцэн өөрчлөгддөг бөгөөд үзэгдлийн төгс төгөлдөржилт нь ч бас хүнд тавигдах шаардлага төгс болсныг илтгэдэг. Бурханы бүх удирдлага зогсмогц хүний хэрэгжүүлэлт ч бас зогсох бөгөөд Бурханы ажил үгүй бол хүн өмнөх үеийн сургаалыг мөрдөхөөс өөр сонголтгүй, эсвэл ердөө хаашаа ч хандах аргагүй байх болно. Шинэ үзэгдэлгүйгээр хүний шинэ хэрэгжүүлэлт гэж байхгүй; бүрэн гүйцэд үзэгдэлгүйгээр хүний төгс хэрэгжүүлэлт гэж байхгүй; илүү өндөр үзэгдэлгүйгээр хүний илүү өндөр хэрэгжүүлэлт гэж байхгүй байх болно. Хүний хэрэгжүүлэлт Бурханы мөрийн хамтаар өөрчлөгддөгийн адилаар хүний мэдлэг, туршлага ч бас Бурханы ажилтай хамт өөрчлөгддөг. Хүн хэчнээн чадварлаг байх нь хамаагүй Бурханаас салшгүй хэвээр бөгөөд Бурхан хормын төдийд л ажиллахаа больсон бол Түүний уур хилэнгээс болж хүн нэн даруй үхэх байв. Хүний мэдлэг өнөөдөр хэчнээн өндөр байх нь хамаагүй, туршлага нь хэчнээн гүн гүнзгий байх нь хамаагүй хүн Бурханы ажлаас салшгүй учраас түүнд бардамнах зүйл юу ч үгүй—учир нь хүний хэрэгжүүлэлт болон Бурханд итгэх итгэлээсээ эрж хайх ёстой зүйл үзэгдлээс салшгүй билээ. Бурханы ажил бүрд хүний мэдэх ёстой үзэгдэл байдаг ба үүнийг дагаад хүнд тавьдаг зохих шаардлагууд гэж бий. Эдгээр үзэгдлийг суурь болгохгүйгээр хүн ердөө хэрэгжүүлж ч чадахгүй, мөн Бурханыг тууштай дагаж ч чадахгүй. Хэрвээ хүн Бурханыг мэддэггүй, эсвэл Бурханы хүслийг ойлгодоггүй бол хийдэг бүхэн нь хий дэмий болж, Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй. Хүн хэчнээн их билиг авьяастай байх нь хамаагүй, Бурханы ажлаас болон Бурханы удирдамжаас мөн л салшгүй. Хүний үйлдэл хэчнээн сайн байх нь, эсвэл тэд хэчнээн олон үйлдэл хийх нь хамаагүй Бурханы ажлыг орлож мөн л чадахгүй. Тиймээс ямар ч нөхцөл байдалд хүний хэрэгжүүлэлт үзэгдлээс салшгүй. Шинэ үзэгдлийг хүлээж авдаггүй хүмүүст шинэ хэрэгжүүлэлт байдаггүй. Тэд хоосон сургаалыг баримталж, үхмэл хуулийг мөрддөг учраас хэрэгжүүлэлт нь үнэнтэй ямар ч холбоогүй байдаг; тэдэнд ямар ч шинэ үзэгдэл байдаггүй, үүний үр дүнд тэд шинэ эрин үеийн юуг ч хэрэгжүүлдэггүй. Тэд үзэгдлийг алдсан, тэгснээрээ бас Ариун Сүнсний ажлыг алдаж, үнэнийг алдсан. Үнэнгүй хүмүүс бол утгагүй байдлын үр сад, Сатаны биелэл юм. Хүн ямар төрлийн хүн байх нь хамаагүй, Бурханы ажлын үзэгдэлгүйгээр байж чадахгүй, мөн Ариун Сүнстэй хамт биш бол байж чадахгүй; хүн үзэгдлийг алдмагцаа Үхэгсдийн оронд унаж, харанхуйд амьдардаг. Үзэгдэлгүй хүмүүс бол Бурханыг мунхгаар дагагсад, Ариун Сүнсний ажилгүй хүмүүс бөгөөд тамд амьдарч байгаа. Ийм хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй, харин оронд нь Бурханы нэрийг хаяг пайз адил өлгөдөг. Ариун Сүнсний ажлыг мэддэггүй, бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй, Бурханы бүхий л удирдлага дахь ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс үзэгдлийг мэддэггүй тул үнэнгүй хүмүүс юм. Тэгвэл үнэнийг эзэмшээгүй хүмүүс бүгд мууг үйлдэгсэд биш гэж үү? Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг, Бурханы талаарх мэдлэгийг эрж хайхыг хүсдэг, Бурхантай үнэхээр хамтран ажилладаг хүмүүс бол үзэгдлийг үндэс сууриа болгодог хүмүүс мөн. Тэд Бурхантай хамтран ажилладаг учраас Бурханы сайшаалыг хүртдэг бөгөөд хүний хэрэгжүүлэх ёстой зүйл бол энэхүү хамтын ажиллагаа юм.

Үзэгдэлд хэрэгжүүлэлтийн олон зам агуулагддаг. Хүнд тавьсан бодитой шаардлагууд нь ч бас үзэгдэл дотор агуулагддаг, хүний мэдэх ёстой Бурханы ажил ч бас агуулагддаг. Өнгөрсөн үед янз бүрийн газарт зохион байгуулагдаж байсан онцгой цуглаан юм уу томоохон цуглааны үеэр хэрэгжүүлэлтийн замын зөвхөн нэг талын тухай л ярьдаг байсан. Ийм хэрэгжүүлэлт нь Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлэх ёстой зүйл байсан бөгөөд Бурханы талаарх мэдлэгтэй бараг холбоогүй байсан, учир нь Нигүүлслийн эрин үеийн үзэгдэл нь зөвхөн Есүсийн цовдлолын үзэгдэл байсан ба өөр илүү агуу үзэгдэл байгаагүй. Хүн цовдлолоор дамжуулан хүн төрөлхтнийг золин аварсан Түүний ажлаас илүүг мэдэх учиргүй байсан тул Нигүүлслийн эрин үед хүний мэдвэл зохих өөр үзэгдэл байгаагүй юм. Ийм маягаар хүн Бурханы талаар хомсхон мэдлэгтэй байсан бөгөөд Есүсийн хайр, энэрлийн тухай мэдлэгээс гадна түүний хэрэгжүүлэх хэдхэн энгийн, өчүүхэн зүйлс буюу өнөөдрийнхөөс асар хол зөрүүтэй зүйл байдаг байв. Өнгөрсөн үед цугларалт нь ямар ч хэлбэртэй байсан бай, хүн Бурханы ажлын талаарх бодитой мэдлэгийг ярих чадваргүй байсан, тэр ч байтугай хүний орох хамгийн тохиромжтой хэрэгжүүлэлтийн зам аль болохыг хэн ч тодорхой хэлж чадаагүй. Хүн хүлээцтэй, тэвчээртэй байдлын сууринд хэдхэн энгийн зүйл нэмсэн төдий; түүний хэрэгжүүлэлтийн мөн чанарт ердөө ямар ч өөрчлөлт байгаагүй, учир нь нэг эрин үе дотор Бурхан ямар ч шинэлэг ажил хийгээгүй, хүнд тавьсан цорын ганц шаардлага нь тэвчээртэй, хүлээцтэй байдал, эсвэл загалмай үүрэх явдал байсан юм. Ийм хэрэгжүүлэлтээс гадна, Есүсийн цовдлолоос өөр илүү өндөр үзэгдэл байгаагүй. Урьд нь Бурхан асар их ажил хийгээгүй учраас, хүнд зөвхөн хязгаарлагдмал шаардлага тавьсан учраас өөр үзэгдлүүдийн тухай огт дурдаагүй. Ийм маягаар хүн юу ч хийсэн бай, хүний хэрэгжүүлэх цөөн хэдэн энгийн, өнгөц зүйлс бүхий эдгээр хязгаарыг давж чадаагүй. Өнөөдөр, илүү их ажил хийгдсэн, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийнхээс хэд дахин их ажил хийгдсэн учраас Би өөр үзэгдлүүдийн тухай ярьдаг. Хүнд тавих шаардлага ч бас өмнөх эрин үеүдийнхээс хэд дахин өндөр болсон. Хэрвээ хүн энэ ажлыг бүхэлд нь мэдэж чадахгүй бол энэ ажил асар их ач холбогдолтой байхгүй; хэрвээ хүн үүнд насан туршийн хичээл чармайлтаа зориулахгүй бол энэ ажлыг бүрэн мэдэхэд хэцүү байх болно гэж хэлж болох юм. Байлдан дагуулалтын ажилд дан ганц хэрэгжүүлэлтийн замын талаар яривал хүнийг байлдан дагуулах боломжгүй. Хүнд ямар ч шаардлага тавихгүйгээр зөвхөн үзэгдлийн талаар яривал хүнийг байлдан дагуулах бас л боломжгүй. Хэрэгжүүлэлтийн замаас өөр зүйл ярихгүй байх аваас хүний амин газрыг цохиж, хүний үзлийг сарниах боломжгүй байх тул хүнийг бүрэн байлдан дагуулах ч бас боломжгүй байх болно. Үзэгдэл бол хүнийг байлдан дагуулах гол хэрэгсэл юм, гэхдээ үзэгдлээс гадна ямар ч хэрэгжүүлэлтийн зам байгаагүй бол хүн дагах аргагүй, тэр ч бүү хэл орох арга барилгүй байх байсан. Энэ нь эхнээсээ эцэс хүртлээ Бурханы ажлын зарчим байсаар ирсэн: Үзэгдэлд хэрэгжүүлж болох зүйл байдаг бөгөөд ийм хэрэгжүүлэлт дээр нэмээд үзэгдэл ч бас байдаг. Хүний амь болон зан чанарын аль алинд нь гардаг өөрчлөлтийн түвшин нь үзэгдэл дэх өөрчлөлтийг дагалддаг. Хүн зөвхөн өөрийн хүчин чармайлтад найдсан бол ямар нэгэн өндөр түвшний өөрчлөлтөд хүрэх боломжгүй байх байсан. Үзэгдэл нь Бурханы Өөрийн ажил болон Бурханы удирдлагын тухай өгүүлдэг. Хэрэгжүүлэлт гэдэг нь хүний хэрэгжүүлэлтийн зам болон хүний оршин тогтнолын замыг хэлдэг; Бурханы бүх удирдлагад, үзэгдэл болон хэрэгжүүлэлтийн хоорондох харилцаа нь Бурхан, хүн хоёрын хоорондох харилцаа юм. Хэрвээ үзэгдлүүдийг хасах юм уу хэрэгжүүлэлтийг дурдахгүйгээр тэдгээрийн талаар яривал, эсвэл зөвхөн үзэгдэл л байгаад хүний хэрэгжүүлэлтийг арилгасан бол тийм зүйлийг Бурханы удирдлага гэж үзэж болохгүй, Бурханы ажил хүн төрөлхтний төлөө байдаг гэж хэлж бүр ч болохгүй; ийм маягаар хүний үүрэг үгүй болоод зогсохгүй Бурханы ажлын зорилго үгүйсгэгдэх болно. Хэрвээ эхнээсээ эцэс хүртлээ хүн Бурханы ямар нэгэн ажлын оролцоогүйгээр зөвхөн хэрэгжүүлэх шаардлагатай байсан бол, түүнчлэн хүнд Бурханы ажлыг мэдэх шаардлага байгаагүй бол ийм ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэж бүр ч болохгүй. Хэрвээ хүн Бурханыг мэдээгүй, Бурханы хүслийг мэдээгүй бөгөөд өөрийн хэрэгжүүлэлтийг тодорхойгүй, хийсвэр байдлаар, сохроор хэрэгжүүлдэг байсан бол хэзээ ч бүрэн шаардлага хангасан бүтээл болохгүй байх байлаа. Иймээс энэ хоёр зүйл хоёулаа зайлшгүй чухал юм. Хэрвээ зөвхөн Бурханы ажил байсан бол, өөрөөр хэлбэл, хүний хамтын ажиллагаа юм уу хэрэгжүүлэлт байхгүй зөвхөн үзэгдэл байсан бол ийм зүйлийг Бурханы удирдлага гэж нэрлэж болохгүй. Хэрвээ зөвхөн хүний хэрэгжүүлэлт болон оролт л байсан бол хүний орсон зам хэр өндөр байх нь хамаагүй, энэ ч бас зөвшөөрөхийн аргагүй юм. Хүний оролт ажил болон үзэгдэлтэй зэрэгцэн аажмаар өөрчлөгдөх ёстой; үүнийг дур зоргоороо өөрчилж болохгүй. Хүний хэрэгжүүлэлтийн зарчим чөлөөтэй, задгай биш, харин ч тодорхой хил хязгаар дотор байдаг. Ийм зарчим нь ажлын үзэгдэлтэй зэрэгцэн өөрчлөгддөг. Тиймээс Бурханы удирдлага нь эцэстээ Бурханы ажил болон хүний хэрэгжүүлэлтээс хамаардаг.

Удирдлагын ажил нь хүн төрөлхтнөөс л болж бий болсон, энэ нь хүн төрөлхтний оршин тогтнолоос л болж бий болсон гэсэн үг юм. Хүн төрөлхтнөөс өмнө буюу анх тэнгэр, газар болон бүх зүйл бүтээгдэх үед ямар ч удирдлага байгаагүй. Хэрвээ Бурханы бүх ажилд хүнд ашиг тустай хэрэгжүүлэлт байгаагүй, өөрөөр хэлбэл, хэрвээ Бурхан завхарсан хүн төрөлхтөнд тохирсон шаардлага тавиагүй бол (хэрвээ Бурханы хийсэн ажилд хүний хэрэгжүүлэлтэд тохирох ямар ч зам байгаагүй бол) энэ ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэж болохгүй байх байв. Хэрвээ Бурханы бүхий л ажил хэрхэн хэрэгжүүлэх талаар завхарсан хүн төрөлхтөнд л яриад, Бурхан Өөрийн ямар ч үйл хэргийг явуулаагүй, бүхнийг чадагч чадвар болоод мэргэн ухааныхаа өчүүхэн хэсгийг ч үзүүлээгүй бол Бурханы хүнд тавих шаардлага хэр өндөр байх нь хамаагүй, Бурхан хүмүүсийн дунд хэр удаан амьдарсан нь хамаагүй, хүн Бурханы зан чанарын юуг ч мэдэхгүй байх байсан; хэрвээ тийм байсан бол энэ төрлийн ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэхэд бүр ч зохихгүй. Энгийнээр хэлбэл, Бурханы удирдлагын ажил бол Бурханы хийдэг ажил бөгөөд Бурханаар авхуулсан хүмүүсийн Бурханы удирдамж дор хийдэг бүх ажил юм. Ийм ажлыг удирдлага гэж дүгнэж болно. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн дундах Бурханы ажил, мөн Түүнийг дагадаг бүх хүмүүсийн хамтын ажиллагааг нийтэд нь удирдлага гэж нэрлэдэг. Энд, Бурханы ажлыг үзэгдэл, харин хүний хамтын ажиллагааг хэрэгжүүлэлт гэж нэрлэдэг. Бурханы ажил өндөр байх тусам (өөрөөр хэлбэл, үзэгдэл өндөр байх тусам) Бурханы зан чанар хүнд улам ил болдог бөгөөд хүний үзэлтэй нийцэхгүй байх тусам хүний хэрэгжүүлэлт болон хамтын ажиллагаа төдий чинээ өндөр байдаг. Хүнд тавих шаардлага өндөр байх тусам Бурханы ажил хүний үзэлтэй төдий чинээ зөрөлддөг, үүнээс улбаалан хүний шалгалт, хүнээс шаарддаг стандарт ч бас өндөр болдог. Энэ ажлын эцэст бүх үзэгдэл бүрэн төгс болж, хүний хэрэгжүүлэх шаардлагатай зүйлс төгс төгөлдрийн оргилд хүрсэн байх болно. Энэ нь бас бүгд төрлийнхөө дагуу ангилагдах үе байх болно, учир нь хүний мэдэх шаардлагатай зүйлсийг хүнд харуулсан байх болно. Иймээс үзэгдэл оргилдоо хүрч, ажил ч дуусах тийшээ хандах үед хүний хэрэгжүүлэлт ч бас дээд цэгтээ хүрсэн байх болно. Хүний хэрэгжүүлэлт Бурханы ажилд үндэслэдэг, харин Бурханы удирдлага нь хүний хэрэгжүүлэлт болон хамтын ажиллагааны ачаар л бүрэн илэрхийлэгддэг. Хүн бол Бурханы ажлын үзмэр, Бурханы бүх удирдлагын ажлын бай, бас Бурханы бүхий л удирдлагын үр дүн юм. Хэрвээ Бурхан хүний хамтын ажиллагаагүйгээр ганцаараа ажилласан бол Түүний бүх ажлын биелэлт болох зүйл юу ч байхгүй байх байсан ба ийм маягаар Бурханы удирдлага өчүүхэн төдий ч ач холбогдолгүй байх байлаа. Бурханы ажлаас гадна, Өөрийнх нь ажлыг илэрхийлж, бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг нь нотлоход тохирох байг Бурхан сонгосноор л удирдлагынхаа зорилгыг биелүүлж, энэ бүх ажлыг ашиглан Сатаныг бүрэн ялах зорилгодоо хүрч чадна. Тиймээс хүн бол Бурханы удирдлагын ажлын салшгүй чухал хэсэг бөгөөд гагцхүү хүн л Бурханы удирдлагыг үр өгөөжтэй болгож, эцсийн зорилгыг нь биелүүлж чадна; хүнээс өөр ямар ч амьд зүйл ийм үүрэг гүйцэтгэж чадахгүй. Хэрвээ хүн удирдлагын ажлын жинхэнэ биелэлт болно гэвэл завхарсан хүн төрөлхтний дуулгаваргүй байдлыг бүрэн арилгах ёстой. Хүнд өөр өөр цаг үед тохирох хэрэгжүүлэлт өгөгдөж, Бурхан хүмүүсийн дунд харгалзах ажлыг гүйцэтгэхийг энэ нь шаарддаг. Зөвхөн ийм маягаар л удирдлагын ажлын биелэлт болох бүлэг хүмүүсийг эцэстээ олж авна. Хүмүүсийн дундах Бурханы ажил дан ганц Бурханы ажлаар дамжуулан Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чадахгүй; Түүний ажилд тохирох амьд хүмүүс ийм гэрчлэлд бас шаардлагатай. Бурхан эхлээд энэ хүмүүс дээр ажиллаж, тэднээр дамжуулан Түүний ажил илэрхийлэгдэж, улмаар бүтээгдсэн зүйлсийн дунд Түүний ийм гэрчлэл хийгдэх болно. Ингээд Бурхан ажлынхаа зорилгод хүрсэн байх болно. Бурхан бүх бүтээгдсэн зүйлийн дунд Өөрийгөө шууд гэрчилж чадахгүй учраас Сатаныг ялахын тулд ганцаараа ажилладаггүй. Хэрэв Тэр ганцаараа ажилладаг байсан бол хүнийг бүрэн үнэмшүүлэх боломжгүй байх тул хүнийг байлдан дагуулахын тулд Бурхан түүн дээр ажиллах ёстой бөгөөд тэгж байж л бүх бүтээгдсэн зүйлийн дундах гэрчлэлийг олж авч чадна. Хэрвээ Бурхан ганцаараа ажиллаж, хүний хамтын ажиллагаа гэж байхгүй, эсвэл хүн хамтран ажиллах шаардлагагүй байсан бол хүн Бурханы зан чанарыг хэзээ ч мэдэж чадахгүй, Бурханы хүслийг үүрд мэдэхгүй байх байсан; тэгвэл Бурханы ажлыг Бурханы удирдлагын ажил гэж нэрлэж болохгүй байх байсан юм. Хүн Бурханы ажлыг ойлголгүйгээр, өөрөө л чармайж, эрж хайж, шаргуу ажиллах байсан бол дүрсгүйтэж томоогүйтэх байв. Ариун Сүнсний ажилгүйгээр, хүний хийдэг зүйл Сатаных бөгөөд тэрээр тэрслүү, мууг үйлдэгч юм; Сатан завхарсан хүн төрөлхтний хийдэг бүхнээс харагддаг ба Бурханд нийцэлтэй юу ч байдаггүй, хүний хийдэг бүхэн Сатаны илрэл юм. Яригдсан бүхэнд үзэгдэл болон хэрэгжүүлэлтгүй юм гэж юу ч байхгүй. Үзэгдлийн суурин дээр хүн хэрэгжүүлэлт болон дуулгавартай байдлын замыг олж авдаг, ингэснээр үзлээ хойш тавьж, өмнө нь эзэмшээгүй зүйлсээ олж авч болох юм. Бурхан хүнээс Өөртэй нь хамтран ажиллахыг, Өөрийнх нь шаардлагад бүрэн захирагдахыг шаарддаг бөгөөд Бурханы Өөрийн хийсэн ажлыг харж, Бурханы төгс хүчийг мэдэрч, Бурханы зан чанарыг мэдэхийг хүн шаарддаг. Эдгээр нь товчхондоо Бурханы удирдлага юм. Бурханы хүнтэй нэгдэх нэгдэл нь удирдлага бөгөөд энэ нь хамгийн агуу удирдлага билээ.

Үзэгдлийг агуулдаг зүйл нь үндсэндээ Бурханы Өөрийн ажлыг хэлдэг бөгөөд хэрэгжүүлэлттэй холбоотой зүйл нь хүний хийх ёстой зүйлийг агуулдаг, Бурхантай ямар ч хамаагүй байдаг. Бурханы ажлыг Бурхан Өөрөө гүйцэтгэдэг, хүний хэрэгжүүлэлтийг хүн өөрөө биелүүлдэг. Бурханы Өөрийн хийх ёстой ажлыг хүн хийх хэрэггүй, хүний хэрэгжүүлэх ёстой зүйл Бурханд хамаагүй. Бурханы ажил бол Түүний Өөрийн үйлчлэл бөгөөд хүнтэй ямар ч холбоогүй. Энэ ажлыг хүн хийх хэрэггүй, цаашлаад Бурханы хийдэг ажлыг хүн хийх чадваргүй. Хүний хэрэгжүүлэх шаардлагатай зүйлийг хүн хийх ёстой бөгөөд амиа золиослох ч бай, гэрчлэлд зогсоохын тулд өөрийг нь Сатанд өгсөн ч бай—эдгээрийг бүгдийг нь хүн гүйцэлдүүлэх ёстой. Өөрийнхөө хийх учиртай бүх ажлыг Бурхан Өөрөө хийдэг, харин хүний хийх ёстой ажлыг хүнд харуулж, үлдсэн ажлыг нь хүнээр хийлгэхээр үлдээдэг. Бурхан нэмэлт ажил хийдэггүй. Тэр зөвхөн Өөрийн үйлчлэл дэх ажлыг л хийж, хүнд замыг үзүүлж, замыг нээх ажил л хийдэг ба замыг засах ажил хийдэггүй; үүнийг бүх хүн ойлгох ёстой. Үнэнийг хэрэгжүүлэх гэдэг нь Бурханы үгийг хэрэгжүүлэх гэсэн үг, энэ бүхэн нь хүний үүрэг, хүний хийх ёстой зүйл бөгөөд Бурхантай ямар ч хамаагүй. Хэрэв хүн Бурханаас, хүнтэй адилаар үнэн дотор цэвэршүүлэлт, тарчлаан амсахыг шаардвал хүн дуулгаваргүй байгаа хэрэг. Бурханы ажил бол Өөрийн үйлчлэлийг гүйцэлдүүлэх, харин хүний үүрэг бол Бурханы бүх удирдамжийг ямар ч эсэргүүцэлгүйгээр дуулгавартай дагах явдал юм. Бурханы ажиллаж, амьдардаг байдлаас үл хамааран хүн биелүүлэх ёстой зүйлдээ хүрэх л ёстой. Бурхан Өөрөө л хүнд шаардлага тавьж чадна, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л хүнд шаардлага тавихад тохирдог. Хүнд ямар ч сонголт байх ёсгүй бөгөөд бүрэн захирагдаж, хэрэгжүүлэхээс өөрийг хийх ёсгүй; энэ бол хүний эзэмших ёстой эрүүл ухаан юм. Бурханы Өөрийн хийх ёстой ажил дуусмагц хүн алхам алхмаар үүнийг туулах шаардлагатай. Эцэст нь Бурханы бүх удирдлага дууссан байх үед хүн Бурханы шаарддаг зүйлийг мөн л хийгээгүй байвал шийтгүүлэх ёстой. Хэрэв хүн Бурханы шаардлагыг биелүүлдэггүй бол энэ нь хүний дуулгаваргүй байдлаас болж байгаа юм; энэ нь Бурхан ажлаа хангалттай сайн хийгээгүй гэсэн үг. Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы шаардлагыг биелүүлж, үнэнч байж, үүргээ биелүүлж чаддаггүй бүх хүн шийтгүүлнэ. Өнөөдөр та нараас шаардаг зүйлс нэмэлт шаардлага биш, харин хүний үүрэг, бүх хүний биелүүлэх ёстой үүрэг юм. Хэрэв та нар үүргээ ч гүйцэтгэж чадахгүй, үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй бол өөрсдөдөө төвөг удаж байгаа бус уу? Та нар үхлийг өөртөө татаж байгаа бус уу? Та нар яаж ирээдүй, хэтийн зүйлсийг хүлээж чадаж байна вэ? Бурханы ажил хүн төрөлхтний төлөө хийгддэг, харин хүний хамтын ажиллагаа Бурханы удирдлагын төлөө байдаг. Бурхан хийх ёстой бүхнээ хийсний дараа хүн биеэ дайчлан хэрэгжүүлж, Бурхантай хамтран ажиллах шаардлагатай. Бурханы ажилд хүн хичээл зүтгэлээ гамналгүй, үнэнч зангаа зориулах ёстой, мөн тоо томшгүй олон үзэлд баригдаж, эсвэл идэвхгүйгээр үхлээ хүлээн суух ёсгүй. Бурхан Өөрийгөө хүний төлөө золиосолж чадна, тэгвэл хүн яагаад Бурханд үнэнч байдлаа өргөж болохгүй гэж? Бурхан хүнд хоёргүй сэтгэлээр ханддаг атал хүн яагаад өчүүхэн ч болов хамтран ажиллаж болохгүй гэж? Бурхан хүн төрөлхтний төлөө ажилладаг атал хүн яагаад Бурханы удирдлагын төлөө зарим нэг үүргээ биелүүлж болохгүй гэж? Бурханы ажил энэ хүртэл ирчихээд байхад та нар юу ч хийхгүй харсаар, сонссон ч хөдлөхгүй суусаар. Ийм хүмүүс мөхлийн бай биш гэж үү? Бурхан аль хэдийн Өөрийн бүх зүйлийг хүнд зориулсан, гэтэл яагаад хүн өнөөдөр өөрийн үүргийг үнэн сэтгэлээсээ гүйцэтгэж чадахгүй байна вэ? Бурханы хувьд, Түүний ажил эн тэргүүний зүйл бөгөөд Түүний удирдлагын ажил хамгийн чухал нь билээ. Хүний хувьд, Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы шаардлагыг биелүүлэх нь эн тэргүүний зүйл. Үүнийг та нар бүгд ойлгох учиртай. Та нарт хэлсэн үг мөн чанарын чинь угт хүрч, Бурханы ажил урьд өмнө байгаагүй хүрээнд орсон. Олон хүн энэ замын үнэн, худлыг мөн л ойлгодоггүй; тэд хүлээсээр, харсаар, өөрсдийн үүргийг үл биелүүлдэг. Үүний оронд тэд Бурханы үг, үйлдэл бүрийг шалгаж, юу идэж, юу өмсдөгт нь анхаарал хандуулдаг ба тэдний үзэл улам бүр ноцтой болдог. Ийм хүмүүс дэмий санаа зовж байгаа хэрэг биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханыг эрж хайдаг хүмүүс байж чадах юм бэ? Тэд яаж Бурханд захирагддаг санаа зорилготой хүмүүс болж чадах билээ? Тэд өөрсдийн үнэнч байдал болоод үүргийг умартаж, оронд нь Бурхан хаа байгаад хамаг анхаарлаа хандуулдаг. Тэд үнэхээр зэвүү хүргэм! Хэрэв хүн ойлгох учиртай бүхнээ ойлгож, хэрэгжүүлэх учиртай бүхнээ хэрэгжүүлсэн бол Бурхан Өөрийн ерөөлийг хүнд гарцаагүй хайрлана, учир нь хүнээс Түүний шаарддаг зүйл бол хүний үүрэг бөгөөд хүний хийх ёстой зүйл билээ. Хэрэв хүн ойлгох учиртай зүйлээ ойлгож, хэрэгжүүлэх учиртай зүйлээ хэрэгжүүлж чадахгүй бол шийтгүүлнэ. Ийм хүмүүс илт эсэргүүцэх зүйл хийдэггүй байлаа ч гэсэн, Бурхантай хамтран ажилладаггүй хүмүүс Бурханд дайсагнадаг бөгөөд шинэ ажлыг хүлээн авдаггүй хүмүүс үүнийг эсэргүүцэж байдаг. Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлдэггүй бүх хүн нь Ариун Сүнсний ажилд онцгой анхаарал хандуулдаг байсан ч гэсэн Бурханы үгийг дуулгавартай дагадаггүй, санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс юм. Бурханы үгийг дуулгавартай дагадаггүй, Бурханд захирагддаггүй хүмүүс бол тэрслүү агаад Бурханыг эсэргүүцдэг. Үүргээ биелүүлдэггүй хүмүүс бол Бурхантай хамтран ажилладаггүй хүмүүс бөгөөд Бурхантай хамтран ажилладаггүй хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн авдаггүй хүмүүс билээ.

Бурханы ажил болоод Түүний удирдлага тодорхой цэгт хүрэх үед Түүний зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүс бүгд Түүний шаардлагыг биелүүлэх чадвартай байдаг. Бурхан Өөрийн стандартын дагуу, хүний хүрч чадах зүйлийн дагуу хүнд шаардлага тавьдаг. Өөрийн удирдлагын талаар ярихын сацуу Тэр бас хүний замыг зааж, амьд үлдэх замаар хүнийг хангадаг. Бурханы удирдлага болон хүний хэрэгжүүлэлт нь хоёулаа ажлын нэг үе шат бөгөөд нэгэн зэрэг явагддаг. Бурханы удирдлагын тухай яриа нь хүний зан чанарын өөрчлөлттэй холбоотой байдаг бол хүний хийх ёстой зүйл болоод хүний зан чанарын өөрчлөлтийн талаарх яриа Бурханы ажилтай хамаатай байдаг; энэ хоёрыг ямар ч үед салгахын аргагүй. Хүний хэрэгжүүлэлт алхам алхмаар өөрчлөгдөж байгаа. Учир нь Бурханы хүнд тавих шаардлага үргэлж өөрчлөгдөж, Бурханы ажил ч бас үргэлж өөрчлөгдөн, ахин дэвшиж байгаа. Хэрэв хүний хэрэгжүүлэлт хоосон сургаалд баригдсан хэвээр байвал хүнд Бурханы ажил болон удирдамж байхгүйг энэ нь нотолдог; хэрэв хүний хэрэгжүүлэлт хэзээ ч өөрчлөгдөж, гүнзгийрч байгаагүй бол энэ нь, хүний хэрэгжүүлэлт хүний хүслийн дагуу явагдсаны баталгаа бөгөөд үнэний хэрэгжүүлэлт биш юм; хэрэв хүн алхах замгүй бол тэр аль хэдийн Сатаны гарт унаж, Сатаны хяналтад орж, муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн гэсэн үг билээ. Хэрвээ хүний хэрэгжүүлэлт гүнзгийрэхгүй бол Бурханы ажил хөгжихгүй бөгөөд Бурханы ажилд ямар ч өөрчлөлт байхгүй бол хүний оролт зогсоно; энэ нь зайлшгүй. Бурханы бүх ажлын хугацаанд хэрвээ хүн үргэлж Еховагийн хуулийг мөрддөг байсан бол Бурханы ажил урагшлахгүй, бүхий л эрин үеийг төгсгөл болгох бүр ч боломжгүй байх байв. Хэрэв хүн үргэлж загалмайтай зууралдаж, тэвчээр, даруу байдлыг хэрэгжүүлсэн бол Бурханы ажил үргэлжлэн урагшлах боломжгүй байх байлаа. Зөвхөн хуулийг сахиж, загалмайтай зууралдан, тэвчээр, даруу байдлыг хэрэгжүүлдэг хүмүүсийн дунд зургаан мянган жилийн удирдлагыг дуусгавар болгох ердөө боломжгүй. Харин Бурханыг мэддэг, Сатаны савраас мултарч, Сатаны нөлөөллөөс бүрэн ангижирсан эцсийн өдрүүдийн хүмүүсийн дунд Бурханы удирдлагын бүх ажил дуусна. Энэ бол Бурханы ажлын зайлшгүй чиглэл юм. Яагаад шашны чуулган дахь хүмүүсийн хэрэгжүүлэлтийг хоцрогдсон гэж хэлдэг вэ? Учир нь тэдний хэрэгжүүлдэг зүйл өнөөдрийн ажлаас тусдаа байдаг. Нигүүлслийн эрин үед тэдний хэрэгжүүлж байсан зүйл зөв байсан боловч эрин үе өнгөрч, Бурханы ажил өөрчлөгдөхийн хэрээр хэрэгжүүлэлт нь аажмаар хоцрогдсон билээ. Энэ нь шинэ ажил болон шинэ гэрлийн ард үлдсэн. Ариун Сүнсний ажил анхдагч сууриндаа үндэслэн хэд хэдэн алхмаар гүнзгийрсэн. Гэсэн ч тэр хүмүүс Бурханы ажлын анхны үе шатанд гацаж, хуучин хэрэгжүүлэлт, хуучин гэрэлтэй зууралдсаар байдаг. Бурханы ажил гурав юм уу таван жилийн дотор ихээхэн өөрчлөгдөж чадна, тэгвэл 2,000 жилийн хугацаанд бүр ч их өөрчлөгдөхгүй гэж үү? Хэрвээ хүнд шинэ гэрэл юм уу хэрэгжүүлэлт байхгүй бол Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлээгүй байна гэсэн үг. Энэ бол хүний алдаа; урьд нь Ариун Сүнсний ажилтай байсан хүмүүс өнөөдөр хоцрогдсон хэрэгжүүлэлтийг мөрдсөөр байдгаас болж Бурханы шинэ ажлын оршин тогтнолыг үгүйсгэж болохгүй. Ариун Сүнсний ажил үргэлж урагшилж байдаг ба Ариун Сүнсний урсгалд байгаа бүх хүн ч бас алхам алхмаар гүнзгийрч, өөрчлөгдөж байх ёстой. Тэд ганцхан үе шатанд зогсох ёсгүй. Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс л анхны ажлынх нь дунд үлддэг ба Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн авдаггүй. Дуулгаваргүй хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Хэрвээ хүний хэрэгжүүлэлт Ариун Сүнсний шинэ ажилтай хөл нийлүүлдэггүй бол өнөөдрийн ажлаас гарцаагүй салсан байх бөгөөд өнөөдрийн ажилтай нийцэхгүй нь гарцаагүй. Ийм хоцрогдсон хүмүүс Бурханы хүслийг биелүүлж ердөө чадахгүй, эцэстээ Бурханы гэрчлэлд зогсох хүмүүс болж бүр ч чадахгүй. Түүнчлэн бүхий л удирдлагын ажил ийм бүлэг хүмүүсийн дунд дуусгавар болж чадахгүй. Нэгэнтээ Еховагийн хуулийг мөрддөг байсан хүмүүс, нэг үе загалмайн төлөө зовсон хүмүүсийн хувьд гэвэл, эцсийн өдрүүдийн ажлын үе шатыг хүлээн авч чадахгүй бол хийсэн бүхэн нь хий дэмий, хэрэггүй болно. Ариун Сүнсний ажлын хамгийн тодорхой илэрхийлэл нь амьдралтай ойрхон бөгөөд өнгөрсөнтэй зууралддаггүй. Өнөөдрийн ажилтай хөл нийлүүлээгүй, өнөөдрийн хэрэгжүүлэлтээс салсан хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн авдаггүй, эсэргүүцдэг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханы өнөөгийн ажлыг эсэргүүцдэг. Хэдий тэд өнгөрсөн үеийн гэрэлтэй зууралддаг ч Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс гэдгийг нь үгүйсгэж болохгүй. Хүний хэрэгжүүлэлт дэх өөрчлөлт, өнгөрсөн болоод өнөөдрийн хэрэгжүүлэлтийн хоорондох ялгаа, өмнөх эрин үед хэрхэн хэрэгжүүлж байсан, өнөөдөр үүнийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар яагаад эхнээс нь дуустал ингэж их яриад байна вэ? Ариун Сүнсний ажил байнга урагшилдгаас болж хүний хэрэгжүүлэлт дэх ийм хуваагдлыг үргэлж ярьдаг, тиймээс хүний хэрэгжүүлэлт ч бас байнга өөрчлөгдөх шаардлагатай. Хэрэв хүн нэг үе шатанд гацсан хэвээр үлдвэл Бурханы шинэ ажил болон шинэ гэрэлтэй хөл нийлүүлэх чадваргүйг энэ нь нотолдог; энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөө өөрчлөгдөөгүй гэдгийг нотолдоггүй. Ариун Сүнсний урсгалын гадна байгаа хүмүүс үргэлж өөрсдийнх нь зөв гэж боддог боловч үнэндээ тэдэн дээрх Бурханы ажил аль хэдийн зогссон ба Ариун Сүнсний ажил тэдэнд байдаггүй. Шинэ ажлаа гүйцэлдүүлэхээр Бурханы зорьдог өөр бүлэг хүмүүс буюу өөр бүлэг хүмүүс рүү Бурханы ажил аль хэдийн шилжсэн. Шашны хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн авах чадваргүй, өнгөрсөн үеийн хуучин ажилтай л зууралддаг учраас Бурхан тэр хүмүүсийг орхисон бөгөөд шинэ ажлыг нь хүлээн авдаг хүмүүс дээр энэхүү шинэ ажлаа хийдэг. Тэд бол Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс бөгөөд ийм маягаар л Түүний удирдлага гүйцэлдэж чадна. Бурханы удирдлага үргэлж урагшилж, хүний хэрэгжүүлэлт үргэлж илүү өндөрт өсөн дээшилж байдаг. Бурхан үргэлж ажиллаж байгаа ба хүнд үргэлж хэрэгцээ байдаг, тэгснээр хоёулаа оргилдоо хүрч, Бурхан хүн хоёр бүрэн нэгддэг. Энэ бол Бурханы ажлын биелэлтийн илэрхийлэл, Бурханы бүхий л удирдлагын эцсийн үр дүн юм.

Бурханы ажлын үе шат бүрд хүнд тавигддаг харгалзах шаардлагууд бас бий. Ариун Сүнсний урсгал доторх бүх хүн Ариун Сүнстэй хамт, Ариун Сүнсний сахилгажуулалттай байдаг, харин Ариун Сүнсний урсгалын гаднах хүмүүс Сатаны захиргаан дор, Ариун Сүнсний ямар ч ажилгүй байдаг. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол Бурханы шинэ ажлыг хүлээн авч, Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс юм. Хэрвээ энэ урсгал доторх хүмүүс хамтран ажиллах чадваргүй, энэ хугацаанд Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй бол сахилгажуулагдан, цаанадаж Ариун Сүнсэнд хаягдах болно. Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн авдаг хүмүүс Ариун Сүнсний урсгал дотор амьдарч, Ариун Сүнсний халамж, хамгаалалтыг хүртэнэ. Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүсийг Ариун Сүнс гэгээрүүлдэг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй хүмүүсийг Ариун Сүнс сахилгажуулж, бүр шийтгэж ч болох юм. Ямар төрлийн хүн байхаас үл хамааран Ариун Сүнсний урсгалд л байгаа цагт, Өөрийнх нь нэрийн төлөө шинэ ажлыг нь хүлээн авдаг бүх хүний хувьд Бурхан хариуцлага үүрэх болно. Түүний нэрийг алдаршуулдаг, үгийг нь хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүс Түүний ерөөлийг хүртэнэ; Түүнд дуулгаваргүй байж, Түүний үгийг хэрэгжүүлдэггүй хүмүүс Түүнээс шийтгэл хүртэнэ. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол шинэ ажлыг хүлээн авдаг хүмүүс бөгөөд шинэ ажлыг хүлээн авсан тул Бурхантай зохих ёсоор хамтран ажиллах ёстой, мөн үүргээ биелүүлдэггүй босогчид болж болохгүй. Энэ бол хүнд Бурханы тавьдаг цорын ганц шаардлага юм. Харин шинэ ажлыг хүлээн авдаггүй хүмүүсийн хувьд бол өөр: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг, Ариун Сүнсний сахилгажуулалт, зэмлэл тэдэнд хамаагүй байдаг. Энэ хүмүүс бүхий л өдөржингөө махан бие, оюун санаан дотроо амьдарч, уураг тархиных нь дүн шинжилгээ, судалгаанаас үүссэн хоосон сургаалын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаарддаг зүйл биш, Бурхантай хийх хамтын ажиллагаа бүр ч биш. Бурханы шинэ ажлыг хүлээн авдаггүй хүмүүсийн дэргэд Бурхан байдаггүй, түүнчлэн Бурханы ерөөл, хамгаалалт байдаггүй. Тэдний үг, үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдын шаардлагатай зууралддаг; тэдгээр нь хоосон сургаал болохоос үнэн биш юм. Энэ хүмүүсийн цугларалт нь шашин төдийхөн юм гэдгийг батлахад эдгээр хоосон сургаал, дүрэм журам хангалттай; тэд бол сонгогдсон хүмүүс ч биш, Бурханы ажлын бай ч биш. Тэд бүгдийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж л нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй баримт юм. Тэдэнд Ариун Сүнсний шинэ ажил байдаггүй; тэдний хийдэг зүйл шашны үнэр ханхлуулж, амьдран харуулдаг зүйл нь шашнаар бялхдаг мэт санагддаг; тэд Ариун Сүнстэй хамт байдаггүй, ажлыг нь эзэмшдэггүй, тэр ч бүү хэл, Ариун Сүнсний сахилгажуулалт, эсвэл гэгээрлийг хүлээн авах эрхгүй. Энэ хүмүүс цөмөөрөө амьгүй цогцос, сүнслэг байдалгүй өтнүүд юм. Тэдэнд хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн талаар ямар ч мэдлэг байхгүй, хүний бүх муу үйлийн тухай ямар ч мэдлэг байдаггүй, үүгээр ч үл барам тэд Бурханы ажил, Бурханы одоогийн хүслийг бүгдийг нь мэддэггүй. Тэд бүгдээрээ мэдлэггүй, олиггүй хүмүүс, мөн итгэгчид гэж дуудахад ч зохихгүй өөдгүй амьтад! Тэдний хийдэг юу ч Бурханы удирдлагын ажилтай хамаагүй байдаг ба Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулж бүр ч чаддаггүй. Тэдний үг, үйлдэл хэтэрхий жигшүүртэй, хэтэрхий өрөвдөлтэй бөгөөд зүгээр л дурдахын ч хэрэггүй. Ариун Сүнсний урсгалд байдаггүй хүмүүсийн хийсэн зүйлс Ариун Сүнсний шинэ ажилтай ямар ч хамаагүй байдаг. Ийм учраас тэд юу ч хийлээ гэсэн тэдэнд Ариун Сүнсний сахилгажуулалт байдаггүй, түүнчлэн Ариун Сүнсний гэгээрэл байдаггүй. Учир нь тэд цөмөөрөө үнэнийг хайрладаггүй, Ариун Сүнсээр жигшигдэж, гологдсон хүмүүс юм. Тэд махан биеэр алхаж, Бурханы пайзын дор хүссэн бүхнээ үйлддэг учраас тэднийг мууг үйлдэгчид гэдэг. Бурханыг ажиллаж байх үед тэд Түүнд зориуд өсөрхөж, Түүний эсрэг зүгт явдаг. Хүн Бурхантай хамтран ажиллаж чаддаггүй нь өөрөө туйлын тэрслүү хэрэг бөгөөд Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг тэр хүмүүс тохирох залхаан цээрлүүлэлтээ хүртэхгүй гэж үү? Энэ хүмүүсийн муу үйлийг дурдангуут зарим хүн тэднийг хараахаар тэсэн яддаг, харин тэгэхэд Бурхан тэднийг үл ойшоодог. Хүний хувьд тэдний үйлдэл Бурханы нэртэй холбоотой харагддаг боловч үнэндээ Бурханы хувьд тэд Түүний нэр болон гэрчлэлтэй ямар ч холбоогүй байдаг. Энэ хүмүүс юу ч хийлээ гэсэн энэ нь Бурхантай хамаагүй: Энэ нь Түүний нэр болон Түүний өнөөдрийн ажлын аль алинтай ямар ч хамаагүй байдаг. Энэ хүмүүс өөрсдийгөө доромжилж, Сатаныг илтгэдэг; тэд бол уур хилэнгийн өдөрт зориулан муу үйлийг хурааж байгаа мууг үйлдэгчид юм. Уур хилэнгийн өдөр хараахан ирээгүй байгаа учраас өнөөдөр тэд юу ч хийлээ гэсэн, Бурханы удирдлагад саад болоогүй, Бурханы шинэ ажилтай ямар ч хамаагүй байгаа тохиолдолд тийм хүмүүс харгалзах залхаан цээрлүүлэлтэд өртөхгүй. Бурхан аль хэдийн харьцчихсан байх ёстой гэж хүмүүсийн итгэдэг зүйл их байдаг бөгөөд тэрхүү мууг үйлдэгчид аль болох хурдан залхаан цээрлүүлэлтэд өртөх ёстой гэж тэд боддог. Гэхдээ Бурханы удирдлагын ажил хараахан төгсгөлдөө очоогүй, уур хилэнгийн өдөр арай ирээгүй байгаа учраас зөв шударга бус хүмүүс шударга бус үйлээ үргэлжлүүлэн хийсээр байна. Зарим хүн, “Шашны хүмүүс Ариун Сүнстэй хамт байдаггүй, тэдэнд Ариун Сүнсний ажил байдаггүй бөгөөд тэд Бурханы нэрийг шившиглэдэг; тэгвэл Бурхан тэдний цадиггүй зан авирыг хүлцэн тэвчихийн оронд яагаад тэднийг устгадаггүй юм бэ?” гэж хэлдэг. Сатаныг харуулж, махан биеийг илэрхийлдэг энэ хүмүүс бол мэдлэггүй, олиггүй хүмүүс юм; тэд бол гажууд хүмүүс билээ. Тэд Бурхан хүмүүсийн дунд хэрхэн ажилладгийг ойлгож авахаасаа өмнө Бурханы уур хилэн ирэхийг харахгүй бөгөөд бүрэн байлдан дагуулагдмагцаа тэр мууг үйлдэгчид бүгд залхаан цээрлүүлэлтээ хүртэж, нэг нь ч уур хилэнгийн өдрөөс зугтан зайлж чадахгүй. Одоо үе бол хүнийг шийтгэх цаг биш бөгөөд Бурханы удирдлагад хохирол учруулах хүмүүс байхгүй бол байлдан дагуулалтын ажлыг явуулах цаг юм, харин байгаа тохиолдолд тэд хийсэн үйлдлийнхээ ноцтой байдалд үндэслэн шийтгэл хүртэх болно. Хүн төрөлхтнийг удирдах Бурханы удирдлагын явцад Ариун Сүнсний урсгал дотор байгаа бүх хүн Бурхантай холбоотой байдаг. Ариун Сүнсний жигшин, голдог хүмүүс Сатаны нөлөөн дор амьдардаг ба хэрэгжүүлдэг зүйлс нь Бурхантай ямар ч холбоогүй байдаг. Бурханы шинэ ажлыг хүлээн авч, Бурхантай хамтран ажилладаг хүмүүс л Бурхантай холбоотой байдаг, учир нь Бурханы ажил хүн хүлээн авдаг эсэхээс үл хамааран бүх хүнд чиглэдэг биш, харин үүнийг хүлээн авдаг хүмүүс рүү л чиглэдэг. Бурханы хийдэг ажилд үргэлж бай байдаг бөгөөд дур зоргоор хийгддэггүй. Сатантай холбоотой хүмүүс Бурханд гэрчлэл хийхэд тохирдоггүй, Бурхантай хамтран ажиллахад бүр ч тохирдоггүй.

Ариун Сүнсний ажлын үе шат бүр ч бас хүний гэрчлэлийг шаарддаг. Ажлын үе шат бүр Бурхан, Сатан хоёрын хоорондох тулаан бөгөөд тулааны бай нь Сатан байдаг байхад энэхүү ажлаар төгс болгуулах нэгэн нь хүн юм. Бурханы ажил үр өгөөжөө өгөх эсэх нь Бурханыг гэрчлэх хүний гэрчлэлийн байдлаас хамаардаг. Энэ гэрчлэл нь Өөрийг нь дагадаг хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл юм; энэ нь Сатаны өмнө хийгддэг гэрчлэл, мөн Түүний ажлын үр дүнгийн нотолгоо билээ. Бурханы удирдлага нь бүхэлдээ гурван үе шатанд хуваагддаг бөгөөд үе шат бүрд хүнд тохирох шаардлага тавигддаг. Түүнчлэн эрин үе өнгөрч, урагшлахын хэрээр бүх хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлага улам өндөр болдог. Тиймээс хүн “Үг нь махбодоор илэрсэн” баримтыг харах хүртэл Бурханы удирдлагын энэ ажил алхам алхмаар оргилдоо хүрч, ийм маягаар хүнд тавих шаардлага улам өндөр болж, хүний гэрчлэл хийх шаардлага ч бас улам өндөрсдөг. Хүн Бурхантай үнэхээр хамтран ажиллах чадвартай байх тусам Бурхан алдар сууг төдий чинээ олж авдаг. Хүний хамтын ажиллагаа бол түүний хийх хэрэгтэй гэрчлэл бөгөөд түүний хийдэг гэрчлэл нь хүний хэрэгжүүлэлт юм. Тиймээс Бурханы ажил эцсийн үр дүнтэй байх эсэх нь, мөн жинхэнэ гэрчлэлтэй байж чадах эсэх нь хүний хамтын ажиллагаа болон гэрчлэлтэй нягт холбогддог. Ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, Бурханы бүх удирдлага төгсгөлдөө очих үед, хүн илүү өндөр гэрчлэл хийх шаардлагатай болно, мөн Бурханы ажил төгсгөлдөө очих үед хүний хэрэгжүүлэлт болон оролт дээд цэгтээ хүрнэ. Өмнө нь хүнээс, хууль болоод тушаалуудыг сахиж, тэвчээртэй, даруухан байхыг шаарддаг байсан. Харин өнөөдөр хүнээс, Бурханы бүх зохицуулалтад дуулгавартай байж, Бурханыг туйлын их хайрлаж, эцэст нь гай зовлонгийн дунд ч гэсэн Бурханыг хайрласаар байхыг шаарддаг. Энэ гурван үе шат нь, бүхий л удирдлагынхаа хугацаанд алхам алхмаар хүнд тавьдаг Бурханы шаардлагууд юм. Бурханы ажлын үе шат бүр сүүлийнхээсээ илүү гүнзгийрдэг ба үе шат бүрд хүнд тавих шаардлага сүүлийнхээсээ илүү гүн гүнзгий болдог, ийм маягаар Бурханы бүхий л удирдлага алгуурхан хэлбэрждэг. Яагаад гэвэл, хүнд тавих шаардлага улам өндөр болох тусам хүний зан чанар Бурханы шаардсан стандартад бүр их дөхдөг, зөвхөн тэр үед л бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аажмаар ангижирдаг ба Бурханы ажил бүрэн дуусгавар болоход бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аврагдсан байх болно. Тэр цаг ирэхэд Бурханы ажил төгсгөлдөө хүрсэн байх бөгөөд хүн зан чанараа өөрчлөхийн тулд Бурхантай цаашид хамтран ажиллах хэрэггүй болж, бүх хүн төрөлхтөн Бурханы гэрэлд амьдарна, тэр үеэс хойш Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл юм уу тэрслүү байдал гэж байхаа болино. Бурхан ч бас хүнд ямар ч шаардлага тавихгүй, хүн Бурхан хоёрын хооронд илүү эв зохицолтой хамтын ажиллагаа байх болно, энэ нь хүн, Бурхан хоёрын хамтын амьдрал буюу Бурханы удирдлага бүрэн дуусгавар болсны дараа, Бурхан хүнийг Сатаны савраас бүрэн аварсаны дараа бий болсон амьдрал байх болно. Бурханы мөрийг ойрхон дагаж чадахгүй хүмүүс ийм амьдралд хүрч чадахгүй. Тэд бүгд харанхуйд унаж, гашуудан уйлж, шүдээ хавирна; тэд бол Бурханд итгэдэг ч Түүнийг дагадаггүй, Бурханд итгэдэг ч Түүний бүх ажилд дуулгавартай байдаггүй хүмүүс юм. Хүн Бурханд итгэдэг тул Бурханы мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой; мөн “Хургыг хаашаа ч явсан дагах” ёстой. Зөвхөн энэ хүмүүс л үнэн замыг эрж хайдаг хүмүүс бөгөөд зөвхөн тэд л Ариун Сүнсний ажлыг мэддэг хүмүүс юм. Бичиг үсэг, хоосон номлолыг боол мэт дагадаг хүмүүс бол Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс билээ. Цаг үе бүрд Бурхан шинэ ажил эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн ганцхан эрин үед хэрэглэгддэг “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн үнэнийг л дагадаг бол хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй, үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажилладгаас үл хамааран, хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр, ойрхон дагадаг. Ингэвэл Ариун Сүнс яаж хүнийг таягдан хаяж чадах юм бэ? Бурхан юу ч хийдэг бай, хүн энэ нь Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд эргэлзэлгүйгээр хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал яалаа гэж шийтгүүлэх юм бэ? Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, Түүний мөр хэзээ ч зогсоогүй, удирдлагын ажлаа дуусгахаас өмнө Тэр үргэлж завгүй байсан ба хэзээ ч зогсдоггүй. Гэхдээ хүн бол өөр: Ариун Сүнсний ажлын өчүүхэн хэсгийг олж авсныхаа дараа хүн үүнийг хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж үздэг; өчүүхэн хэмжээний мэдлэг олж авчихаад Бурханы илүү шинэ ажлын мөрийг дагахаар урагш явдаггүй; Бурханы ажлын өчүүхэн хэсгийг харчихаад Бурханыг ямар нэг модон хүн мэт даруй тодорхойлж, Бурхан үүрд өөрийнх нь хардаг шиг төрхтэй байна, өнгөрсөнд ямар байсан, ирээдүйд ч мөн тийм байх болно гэж итгэдэг; өнгөц төдий мэдлэг олж аваад хүн бардамнан, өөрийгөө мартаж, ердөө оршин байдаггүй Бурханы зан чанар болон оршихуйг дураараа тунхаглаж эхэлдэг; Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг мэддэг болчихоод, ямар хүн Бурханы шинэ ажлыг тунхаглаж байгаа нь хамаагүй, хүн үүнийг хүлээн авдаггүй. Эдгээр нь Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн авч чаддаггүй хүмүүс юм; тэд бол шинэ зүйлсийг хүлээн авах чадваргүй хэтэрхий хуучинсаг хүмүүс билээ. Ийм хүмүүс Бурханд итгэдэг ч бас Бурханыг голдог. Израильчууд “Есүст итгэлгүй, зөвхөн Еховад итгэж байсан” нь буруу байсан гэж хүн итгэдэг ч дийлэнх хүмүүс “зөвхөн Еховад итгэж, Есүсийг голох”, “Мессиагийн ирэлтийг хүсэн хүлээдэг ч Есүс хэмээх Мессиаг эсэргүүцэх” дүрд тоглодог. Тэгэхээр хүмүүс Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг хүлээн авсныхаа дараа Сатаны эрхшээл дор амьдарсаар байж, Бурханы ерөөлийг мөн л хүлээн авдаггүйд гайхах юмгүй. Энэ нь хүний тэрслүү байдлын үр дүн биш гэж үү? Өнөөдрийн шинэ ажилтай хөл нийлүүлээгүй, дэлхий даяарх Христийн шашны хүмүүс бүгд ѳѳрсдийгѳѳ азтай байх болно гэж найдан, Бурхан хүсэл бүрийг нь биелүүлнэ гэж боддог. Гэсэн атлаа, Бурхан яагаад тэднийг гурав дахь тэнгэр лүү аваачихыг итгэлтэй хэлж чаддаггүй, мөн Есүс хэрхэн цагаан үүл хөлөглөн тэднийг авахаар ирэх талаар ч бат итгэлтэй байж чаддаггүй, түүгээр ч үл барам төсөөлсөн тэр өдөр нь Есүс үнэхээр цагаан үүл хөлөглөн ирэх эсэхийг ч баттай хэлж чаддаггүй. Тэд бүгдээрээ түгшиж, яахаа мэддэггүй; урсгал бүрээс ирсэн, янз бүрийн цөөн тооны хүмүүсийг Бурхан нэг бүрчлэн авах эсэхийг ч мэддэггүй. Бурханы одоо хийдэг ажил, өнөөгийн эрин үе, Бурханы хүсэл—эдгээрийн алийг нь ч тэд ухаардаггүй бөгөөд хуруугаараа хоног тоолохоос өөр юу ч хийж чаддаггүй. Хурганы мөрийг эцсээ хүртэл дагадаг хүмүүс л эцсийн ерөөлийг хүртэж чадна, харин эцсээ хүртэл дагах чадваргүй атлаа бүхнийг олж авсан гэж боддог тэр “ухаалаг хүмүүс” Бурханы илрэлтийг харж чадахгүй. Тэд бүгд өөрсдийгөө газар дэлхий дээрх хамгийн ухаантай хүн гэж үздэг, Бурханы ажлын үргэлжилсэн хөгжлийг ямар ч шалтгаангүй тасалдаг бөгөөд Бурханд “чин үнэнч байж, Бурханыг дагаж, Бурханы үгийг сахидаг” болохоор Бурхан өөрсдийг нь тэнгэр лүү авч явна гэдэгт асар их итгэдэг юм шиг санагддаг. Тэд Бурханы хэлсэн үгэнд “чин үнэнч” ханддаг ч Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж, заль мэх, ёрын мууг үйлддэг учраас үг, үйлдэл нь маш жигшүүртэй байдаг. Эцсийг нь хүртэл дагадаггүй, Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чаддаггүй, зөвхөн хуучин ажилтай зууралддаг хүмүүс Бурханд үнэнч байж чадахаагүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болж, шинэ эринд гологдон, шийтгэгдэх хүмүүс болсон. Тэднээс илүү өрөвдөлтэй хүмүүс гэж байх уу? Хуучин хуулийг голж, шинэ ажлыг хүлээн авдаг бүх хүн мөс чанаргүй гэж олонх нь итгэдэг. Зөвхөн “мөс чанарын” талаар ярьдаг, Ариун Сүнсний ажлыг мэддэггүй энэ хүмүүсийн хувьд, эцэстээ мөс чанар нь өөрсдийнх нь хэтийн ирээдүйг сүйрүүлэх болно. Бурханы ажил дүрэм журам мөрддөггүй, Өөрийнх нь ажил байлаа ч гэсэн Бурхан мөн л үүнтэй зууралддаггүй. Үгүйсгэх ёстой зүйлийг үгүйсгэж, таягдан хаях ёстой зүйлийг таягдан хаях ёстой. Гэсэн ч хүн Бурханы удирдлагын ажлын өчүүхэн хэсгээс зуурч, өөрийгөө Бурхантай дайсагнасан байр сууринд тавьдаг. Энэ нь хүний утгагүй байдал биш гэж үү? Хүний мэдлэггүй байдал биш гэж үү? Бурханы ерөөлийг олж авахгүй байх вий гэж эмээж, болгоомжлох тусам хүмүүс илүү их ерөөл олж авч чадахгүй бөгөөд эцсийн ерөөлийг хүртэж бүр чадахгүй. Хуулийг боол мэт сахидаг хүмүүс бүгд хуулинд туйлын үнэнч болохоо харуулдаг ба хуулинд үнэнч байдлаа харуулах тусмаа төдий чинээ Бурханыг эсэргүүцдэг босогчид болдог. Учир нь одоо үе бол Хуулийн эрин үе биш, харин Хаанчлалын эрин үе бөгөөд өнөөдрийн ажлыг урьдын ажилтай жишиж болохгүй, өнгөрсөн үеийн ажлыг өнөөдрийн ажилтай харьцуулж ч болохгүй. Бурханы ажил өөрчлөгдсөн, хүний хэрэгжүүлэлт ч бас өөрчлөгдсөн; энэ нь хуулиас зуурч, загалмай үүрэх явдал биш, тиймээс хууль болон загалмайд хандах хүмүүсийн үнэнч байдал Бурханы сайшаалыг хүртэхгүй.

Хүн Хаанчлалын эрин үед бүрмөсөн бүрэн төгс болгуулна. Байлдан дагуулалтын ажлын дараа хүн цэвэршүүлэлт, гай зовлон амсах болно. Энэ гай зовлонгийн үеэр ялан гарч, гэрчлэлд зогсож чадах хүмүүс бол эцэстээ бүрэн төгс болгуулах хүмүүс юм; тэд бол ялагчид билээ. Энэ гай зовлонгийн үеэр хүн энэ цэвэршүүлэлтийг хүлээн авах шаардлагатай бөгөөд энэ цэвэршүүлэлт нь Бурханы ажлын сүүлийн тохиолдол юм. Бурханы бүх удирдлагын ажил дуусгавар болохын өмнө хүн сүүлийн удаа цэвэршүүлэгдэж, Бурханыг дагадаг бүх хүн энэхүү сүүлчийн туршилтыг, энэ сүүлчийн цэвэршүүлэлтийг хүлээн авах ёстой. Гай зовлонд автсан хүмүүс Ариун Сүнсний ажилгүй, Бурханы удирдамжгүй байдаг боловч үнэхээр байлдан дагуулагдсан, Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс эцэстээ бат зогсоно; тэд бол хүн чанартай, Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм. Бурхан юу ч хийдэг бай, энэ ялагчид үзэгдлээс салахгүй бөгөөд гэрчлэлдээ бүтэлгүйтэлгүйгээр үнэнийг хэрэгжүүлсээр байх болно. Тэд бол эцэстээ үлэмж гай зовлонгоос гарч ирэх хүмүүс юм. Үймээн самууныг өөрсдийнхөө төлөө ашигладаг хүмүүс өнөөдөр бусдын хүчээр хоолоо олж идсээр байх ч эцсийн гай зовлон, эцсийн туршилтаас нэг нь ч зугтаж чадахгүй. Ялах хүмүүсийн хувьд тийм гай зовлон нь үлэмж их цэвэршүүлэлт юм; харин үймээн самууныг өөрсдийнхөө төлөө ашигладаг хүмүүсийн хувьд энэ нь бүрмөсөн таягдан хаях ажил мөн. Тэднийг яаж ч шалгасан бай, зүрх сэтгэлд нь Бурхан байдаг хүмүүсийн үнэнч байдал өөрчлөгдөхгүй хэвээр үлддэг; харин зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй хүмүүсийн хувьд, Бурханы ажил махан биед нь ашиггүй болмогц тэд Бурханыг үзэх үзэл бодлоо өөрчилж, бүр Бурханаас салж оддог. Ийм хүмүүс бол эцэстээ бат зогсохгүй, Бурханы ерөөлийг л хайдаг, өөрсдийгөө Бурханы төлөө зарцуулж, зориулах хүсэлгүй хүмүүс юм. Ийм олиггүй хүмүүс Бурханы ажил дуусгавар болох үед бүгд хөөгдөх ба огт өрөвдүүлэх үнэ цэнгүй. Хүн чанаргүй хүмүүс Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Орчин нөхцөл нь амар тайван, аюулгүй, эсвэл ашигтай байгаа үед тэд Бурханд бүрэн дуулгавартай байдаг боловч хүссэн зүйлээ алдвал, эсвэл эцэстээ няцаагдвал даруй эсэргүүцдэг. Ердөө ганцхан шөнийн дотор тэд инээмсэглэсэн, “сайхан сэтгэлтэй” хүн байснаа муухай царайтай, хэрцгий алуурчин болж, өчигдрийн өглөгийн эзэнтэйгээ ямар ч шалтаг, шалтгаангүйгээр гэнэт заналт дайсан мэт харьцдаг. Нүд цавчилгүй хөнөөж мэдэх энэ чөтгөрүүдийг хэрвээ хөөхгүй бол тэд далд аюул болохгүй гэж үү? Хүнийг аврах ажил нь байлдан дагуулалтын ажил дууссаны дараа биелдэггүй. Байлдан дагуулалтын ажил дууссан хэдий ч хүнийг ариусгах ажил дуусаагүй; хүн бүрэн ариусгагдаж, Бурханд үнэхээр захирагддаг хүмүүс бүрэн төгс болгуулж, зүрх сэтгэлдээ Бурхангүй дүр эсгэгчид зайлуулмагц л ийм ажил дуусна. Бурханы ажлын сүүлийн үе шатанд Түүнийг сэтгэл хангалуун болгодоггүй хүмүүс бүрмөсөн таягдан хаягдах ба таягдан хаягддаг хүмүүс нь диаволынх юм. Тэд Бурханы сэтгэлийг хангалуун байлгах чадваргүй тул Бурханы эсрэг тэрсэлдэг бөгөөд хэдий энэ хүмүүс өнөөдөр Бурханыг дагадаг ч эцэстээ үлдэх хүмүүс мөн гэдгийг энэ нь баталдаггүй. “Бурханыг эцсээ хүртэл дагадаг хүмүүс аврал хүртэнэ” гэдэг үгэнд байгаа “дагах” гэдгийн утга учир нь гай зовлонгийн дунд бат зогсох гэсэн үг юм. Өнөөдөр, Бурханыг дагах нь амархан гэж олон хүн итгэдэг, гэхдээ Бурханы ажил дуусах гэж байх үед чи “дагах” гэдгийн жинхэнэ утгыг мэдэх болно. Өнөөдөр чи байлдан дагуулагдсаныхаа дараа Бурханыг дагах чадвартай байлаа ч төгс болгуулах хүмүүсийн нэг мөн гэдгийг чинь энэ нь баталдаггүй. Шалгалт туулах чадваргүй, гай зовлонгийн дунд ялгуусан байх чадваргүй хүмүүс эцэстээ бат зогсож чадахгүй тул Бурханыг эцсээ хүртэл дагаж чадахгүй. Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс ажлынхаа туршилтыг давж гарах чадвартай байдаг байхад Бурханыг үнэхээр дагадаггүй хүмүүс Бурханы ямар ч шалгалтыг тэсэн гарах чадваргүй байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд хөөгдөнө, харин ялагчид хаанчлалд үлдэнэ. Хүн Бурханыг үнэхээр эрж хайдаг эсэх нь түүний ажлын туршилтаар, өөрөөр хэлбэл, Бурханы шалгалтаар тодорхойлогддог бөгөөд хүний өөрийн шийдвэртэй ямар ч хамаагүй. Бурхан аливаа хүнийг дур зоргоороо голдоггүй; Түүний хийдэг бүхэн хүнийг бүрэн үнэмшүүлж чадна. Тэрээр хүнд үл үзэгдэх юмс, эсвэл хүн үнэмшихээргүй ажил хийдэггүй. Хүний итгэл үнэн худал эсэх нь баримтаар нотлогддог ба хүн үүнийг шийдэж чадахгүй. “Буудай үрийн сүүл болж чадахгүй, үрийн сүүл буудай болж чадахгүй” гэдэг нь эргэлзээгүй. Бурханыг үнэхээр хайрладаг бүх хүн эцэстээ хаанчлалд үлдэх ба Бурхан Өөрийг нь үнэхээр хайрладаг хэнд ч зохисгүй хандахгүй. Хаанчлал дахь ялагчид өөр өөр чиг үүрэг болон гэрчлэлдээ үндэслэн тахилч юм уу дагагч болж үйлчлэх бөгөөд гай зовлон дунд ялгуусан байдаг бүх хүн хаанчлал доторх тахилчдын бүлэг болно. Орчлон ертөнц даяарх сайн мэдээний ажил дуусгавар болох үед тахилчдын бүлэг байгуулагдана. Тэр цаг ирэхэд хүн Бурханы хаанчлалд үүргээ гүйцэтгэж, хаанчлал дотор Бурхантай хамт амьдрах ёстой. Тахилчдын бүлэгт ахлах тахилчид болон тахилчид байх ба үлдсэн хэсэг нь Бурханы хөвгүүд, ардууд байх болно. Энэ бүхэн нь гай зовлонгийн үеэр Бурханд хийсэн гэрчлэлээр нь тодорхойлогддог; тэдгээр нь дур зоргоороо өгдөг цол биш. Хүн байр сууриа олмогц Бурханы ажил зогсоно, учир нь бүгд төрлөөрөө ангилагдаж, анхдагч байр сууриндаа эргэн очдог бөгөөд энэ нь Бурханы ажил гүйцэлдсэний тэмдэг, Бурханы ажил болон хүний хэрэгжүүлэлтийн эцсийн үр дүн, мөн Бурханы ажлын үзэгдэл болон хүний хамтын ажиллагааны биелэлт юм. Эцэст нь хүн Бурханы хаанчлалд амарч, Бурхан ч гэсэн оршин суудаг газартаа амрахаар буцна. Энэ нь Бурхан, хүн хоёрын 6,000 жилийн хамтын ажиллагааны эцсийн үр дүн байх болно.

Өмнөх: Бурханы оршдог махбодын мөн чанар

Дараах: Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх