8. Бурхан бие махбодтой болж, шүүлтийн ажил хийх нь, тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үе болон Сатаны эзэмшлийн харанхуй эрин үеийг хэрхэн төгсгөдөг вэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Эцсийн өдрүүдэд Еховагийн өргөөний уул нь уулсын оройд байгуулагдан, толгодын дээр өргөгдөнө; бүх үндэстэн үүн рүү цутгана. Олон хүмүүс ирээд, ‘Ирцгээ, Еховагийн уул руу, Иаковын Бурханы гэр лүү явцгаая; Тэр бидэнд Өөрийн замыг зааж, бид Түүний замаар алхана. Учир нь хууль Сионоос гарч, Еховагийн үг Иерусалимаас гарна’ гэж хэлнэ. Тэр үндэстнүүдийн хоорондохыг шүүж, олон хүнийг зэмлэх болно: тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана: үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, цаашид тэд дайтахад суралцахгүй. Өө Иаковын ээ, ирцгээ, Еховагийн гэрэлд бүгдээрээ алхацгаая” (Исаиа 2:2–5).
“Байгаа, байсан, байсаар байх Төгс Хүчит ЭЗЭН Бурхан минь, бид Танд талархал өргөе; учир нь Та Өөрийн агуу их хүчээ авч, хаанчилсан билээ. Үндэстнүүд уурласан ба Таны уур хилэн ирсэн, үхэгсдийг шүүх цаг, мөн Таны зарц болох эш үзүүлэгчид, ариун хүмүүс болон Таны нэрээс эмээдэг их бага хүмүүст шагнал өгөх цаг ирлээ; газар дэлхийг устгагчдыг устгах цаг ирлээ” (Илчлэл 11:17–18).
Холбогдох Бурханы үг:
Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ирэлт нь Нигүүлслийн эрин үеийг төгсгөл болгосон юм. Тэрээр голчлон Өөрийн үгийг хэлэхээр, үг ашиглан хүнийг төгс болгож, гэгээрүүлж, гэрэлтүүлэхээр, хүний зүрх сэтгэл доторх тодорхойгүй бурханы орон зайг арилгахаар ирсэн билээ. Есүс ирэх үедээ энэ үе шатны ажлыг хийгээгүй. Есүс ирээд олон ид шид үзүүлсэн, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулсан ба цовдлолын золин авралын ажлыг хийсэн юм. Үүний үр дүнд, өөрсдийн үзэлдээ хүмүүс Бурхан ийм л байх ёстой гэж боддог. Учир нь Есүс ирэхдээ хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй бурханы дүрийг арилгах ажил хийгээгүй; харин Тэр цовдлогдож, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн. Нэг талаар, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь хүний үзэл дэх тодорхойгүй бурханы эзэлж буй орон зайг арилгадаг, ингэснээр тодорхойгүй бурханы дүр хүний зүрх сэтгэлд байхаа больдог. Өөрийн бодит үг, ажил, бүх газар нутаг даяарх Өөрийн шилжилт хөдөлгөөн, хүмүүсийн дунд хийдэг тун бодит, хэвийн ажлаар дамжуулан Тэрбээр Бурханы бодит байдлыг хүнд мэдүүлж, хүний зүрх сэтгэл дэх тодорхойгүй бурханы байр суурийг арилгадаг. Нөгөө талаар, Бурхан хүнийг бүрэн төгс болгож, бүх зүйлийг гүйцэлдүүлэхийн тулд Өөрийн махбодын хэлсэн үгийг ашигладаг. Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх ажил юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөгийн ажлыг мэдэх нь
Өнөөдөр хүмүүсийн дунд ирсэн Бурханы зорилго нь гагцхүү хүмүүсийн бодол, сүнсийг, мөн түүнчлэн олон сая жилийн турш хүний зүрх сэтгэлд байсан Бурханы дүрийг өөрчлөх явдал юм. Тэрээр энэ боломжийг ашиглан хүнийг төгс болгоно. Өөрөөр хэлбэл, Түүнийг мэдэж авах хүмүүсийн арга зам болон Түүнд хандах хандлагыг мэдлэгээр нь дамжуулан өөрчилж, Бурханыг мэдэж авахдаа цоо шинээр эхлэх боломжийг хүнд олгон, улмаар хүний сүнсийг шинэчилж, өөрчилнө. Засалт, сахилгажуулалт нь арга барил, харин байлдан дагуулалт, шинэчлэлт нь зорилго юм. Тодорхойгүй Бурханы талаар хүний өвөрлөж байсан мухар сүсэгт бодол санааг арилгах нь үргэлжид Бурханы санаа зорилго байсаар ирсэн ба сүүлийн үед энэ нь бас Түүний хувьд яаралтай хэрэг болсон. Энэхүү нөхцөл байдлыг авч үзэхдээ бүх хүн холыг харна гэж найдъя.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 7
Өнөөдөр, Өөрийн үгийг хэлэхээр хүмүүсийн дунд биечлэн ирэхэд минь л хүмүүс Миний талаар бага зэргийн мэдлэгтэй болж, өөрсдийнх нь бодол дотор “Миний” эзэлсэн орон зайг арилгаад, өөрсдийнхөө ухамсарт бодитой Бурханы орон зайг бий болгодог. Хүнд үзэл байдаг ба сониуч зангаар дүүрэн байдаг; Бурханыг харахыг хүсдэггүй хэн байх билээ? Бурхантай уулзахыг хүсдэггүй хэн байх билээ? Гэсэн ч хүний зүрх сэтгэлд тодорхой орон зайг эзэлдэг цорын ганц зүйл нь тодорхой бус, хийсвэр санагддаг Бурхан юм. Хэрвээ Би тэдэнд ний нуугүй хэлээгүй бол хэн үүнийг ухаарах юм бэ? Намайг үнэхээр оршин тогтнодог гэдэгт хэн өчүүхэн ч эргэлзэлгүйгээр үнэхээр баттай итгэх юм бэ? Хүний зүрх сэтгэл дэх “Би” болон бодит байдлын “Би”-гийн хооронд үлэмж их ялгаа байдаг ба хэн ч тэднийг хооронд нь харьцуулж чадахгүй. Хэрвээ Би махбод болоогүй бол хүн хэзээ ч Намайг мэдэхгүй байх байсан бөгөөд Намайг мэдэж авсан ч гэсэн тийм мэдлэг нь мөн л үзэл байх бус уу? …
…Хүн Сатанд уруу татагдаж, завхарсан учраас, мөн үзэл, сэтгэлгээнд автсан учраас бүх хүн төрөлхтнийг биечлэн байлдан дагуулж, хүний бүх үзлийг илчилж, хүний сэтгэлгээг тасар татахын тулд Би махбод болсон. Үүний үр дүнд, хүн Миний өмнө өөрийгөө гайхуулахаа больж, өөрийн үзлийг ашиглан Надад үйлчлэхээ болиод, улмаар хүний үзэл дэх “Би” бүрмөсөн сарнидаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 11-р бүлэг
Махан биед амьдардаг бүх хүний хувьд зан чанараа өөрчлөхөд эрэлхийлэх зорилго шаардлагатай байдаг бөгөөд Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай байдаг. Хоёуланд нь Бурханы махбод болсон бие л хүрч чадах ба хоёуланг нь хэвийн, бодитой махбодоор л биелүүлж чадна. Ийм учраас бие махбодтой болох шаардлагатай бөгөөд энэ нь завхарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын бурхдын дүр төрхийг зүрх сэтгэлээс нь зайлуулах ёстой, хүмүүс завхарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас тэд эхлээд завхарсан зан чанараа мэдэх ёстой. Хэрвээ хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй бурхдын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зорьсон үр дүндээ хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэл дэх тодорхойгүй бурхдын дүр төрхийг дан ганц үгээр ил болгож, хаяж, бүрэн зайлуулж чадахгүй. Хэрвээ ингэвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй хэвээр байх болно. Эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлсийг бодитой Бурхан болон Бурханы жинхэнэ дүрээр орлуулж, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдүүлснээр л зохих үр дүнд хүрч чадна. Өнгөрсөн хугацаанд эрж хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг хүн танин мэддэг. Энэ үр дүнд, Сүнсний шууд удирдлага биш, хэн нэгэн хүний сургаал бүр ч биш, харин бие махбодтой болсон Бурхан л хүрч чадна. Бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын бурхны эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурханыг албан ёсоор Өөрийн ажлыг хийх үед хүний үзэл бүгд ил болдог. Бие махбодтой болсон Бурхантай сөргүүлэн тавьснаар л хүний анхдагч үзлийг илчлэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл, бодит байдлыг товойлгогч болгон тавихгүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үг ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй. Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш, Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодит болон хэвийн байдлыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийнхөө дүр болон оршихуйг бүрэн харуулах л юм бол хүн Бурханыг илүү бодитоор мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд махан биетэй ямар ч хүн хүрч чадахгүй. Мэдээж Бурханы Сүнс ч бас энэ үр дүнд хүрэх чадваргүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй
Махбод дахь Түүний ажлын хамгийн том давуу тал нь Тэрээр үнэн зөв үг, захиас болон хүн төрөлхтний төлөөх нарийн тодорхой санаа зорилгоо Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээж чадна, ингэснээр Түүний дагалдагчид хожим нь махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний санаа зорилгыг илүү үнэн зөвөөр, илүү бодит байдлаар, энэ замыг хүлээн авдаг хүмүүст дамжуулж чадна. Махбод дахь Бурхан хүмүүсийн дунд ажиллах нь л Бурхан хүнтэй хамт байж, хамт амьдардаг явдлыг үнэхээр бодит байдал болгох ба Бурханы царайг харах, Бурханы ажлыг үзэх, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, Еховагийн нуруу л хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөдөг ба тодорхойгүй бурхадад итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг ч бас дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит байдалд үндэслэсэн, илүү бодит, илүү сайхан эрин үед аваачдаг. Энэхүү ажил нь хууль болон дүрэм журмын эрин үеийг дуусгавар болгоод зогсохгүй, бүр ч чухал нь, бодит агаад хэвийн, зөвт агаад ариун, удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болон хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Энэхүү ажил нь тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахаар эрж хайсан ч харж чаддаггүй байсан тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний оронд махбод дахь Бурхан ажилласны үр дүн юм. Бурхан махбодоороо ажиллах үед л Түүнийг дагадаг хүмүүс оршдог, бас эс оршдог мэт санагддаг тэдгээр зүйлийн хойноос хөөцөлдөн, тэмтчихээ больж, тодорхойгүй бурхадын санаа зорилгыг таамаглахаа больдог. Бурхан махбод дахь ажлаа түгээх үед Түүнийг дагадаг хүмүүс махбодоор хийсэн ажлыг нь бүх шашин, урсгалд дамжуулж, Түүний бүх үгийг бүх хүн төрөлхтний чихэнд хүргэнэ. Түүний сайн мэдээг хүлээн авдаг хүмүүсийн сонсдог бүхэн нь Түүний ажлын баримт байх болно, хүний биечлэн үзэж, сонссон зүйлс байх болно, мөн цуу яриа биш, баримт байх болно. Эдгээр баримт нь Түүний ажлаа түгээдэг нотолгоо, бас ажлаа түгээхдээ ашигладаг багаж хэрэгсэл билээ. Баримт байхгүй бол Түүний сайн мэдээ бүх улс орон, бүх газар нутаг даяар түгэхгүй байх байсан; баримт байхгүйгээр зөвхөн хүний төсөөллөөр бол Тэр бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлыг хэзээ ч хийж чадахгүй байх байсан юм. Сүнс бол хүний хувьд мэдрэгдэшгүй, үзэгдэшгүй бөгөөд Сүнсний ажил нь хүнд илүү их нотолгоо, Бурханы ажлын талаарх илүү их баримт үлдээж чадахгүй. Хүн Бурханы бодит нүүр царайг хэзээ ч харахгүй ба оршин байдаггүй тодорхойгүй бурханд үргэлж итгэдэг. Хүн Бурханы нүүр царайг хэзээ ч харахгүй, мөн Бурханы биечлэн хэлсэн үгийг хэзээ ч сонсохгүй. Хүний төсөөлөл эцсийн эцэст хоосон бөгөөд Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх зан чанар болон Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Бурхан бие махбодтой болж, хүмүүсийн дунд ирээд, Өөрийн ажлыг биечлэн хийснээр л тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болон Бурханы ажлыг газар дээр авчирч чадна. Энэ бол Бурхан хүнд илрэн харагддаг, мөн хүн Бурханыг харж, Бурханы жинхэнэ нүүр царайг мэдэж авах хамгийн тохиромжтой арга бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлж чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй
Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажилладаг арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэр бие махбодтой болж, өөр өөр өнцгөөс үг хэлэн, хүнд Үг нь махбодоор илэрсэн Бурханыг үнэхээр харж, Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг нүдээр харах боломж олгодог. Хүмүүсийг байлдан дагуулж, төгс болгож, таягдан хаях зорилгоо илүү сайн биелүүлэхийн тулд Бурхан ийм маягаар ажилладаг ба энэ нь Үгийн эрин үед үг ашиглан ажиллахын жинхэнэ утга учир юм. Үгээр дамжуулан хүмүүс Бурханы ажил, Бурханы зан чанар, хүний мөн чанар, хүн юунд орох учиртайг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг бүх ажил үгээр дамжуулан гүйцэлддэг. Үгээр дамжуулан хүмүүс илчлэгдэж, таягдан хаягдаж, шалгагддаг. Хүмүүс эдгээр үгийг харж, эдгээр үгийг сонсож, эдгээр үгийн оршин тогтнолыг танин мэдсэн. Үүний үр дүнд тэд Бурханы оршин тогтнол, Бурханы төгс хүчин, мэргэн ухаан болон хүнийг хайрлаж, аврах Бурханы зүрх сэтгэлд итгэх болсон. “Үг” хэмээх нэр томьёо ердийн, энгийн байж болох ч бие махбодтой болсон Бурханы амнаас гарсан үг орчлон ертөнцийг донсолгож, хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж, тэдний үзэл, хуучин зан чанарыг өөрчилж, бүхий л дэлхий ертөнцийн хуучин дүр төрхийг өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм маягаар ажилласан бөгөөд зөвхөн Тэр л ийнхүү ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн Бурханы үгийн удирдамж дор, Бурханы үгийн хариулга, хангалт дунд амьдардаг; хүмүүс Бурханы үгийн ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дунд амьдардаг бөгөөд хүмүүсийн дийлэнх нь Бурханы үгийн шүүлт, гэсгээлт дор амьдардаг. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин бүтээлийн дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан үг ашиглан дэлхийг бүтээсэн бөгөөд орчлон ертөнц дэх бүх хүнийг үг ашиглан удирдаж, үг ашиглан байлдан дагуулж, авардаг, эцэст нь Тэрээр үг ашиглан бүхий л хуучин ертөнцийг төгсгөл болгож, улмаар удирдлагын төлөвлөгөөгөө бүхэлд нь гүйцээнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм
Бурхан хүмүүсийн дунд ажлаа өөрийн биеэр хийж буй, газар дээр бие махбодтой болсон энэ хугацаанд Түүний хийж байгаа бүх ажил нь Сатаныг ялахын төлөө байдаг бөгөөд хүнийг байлдан дагуулж, та нарыг бүрэн төгс болгох замаар Тэр Сатаныг ялах болно. Та нар цангинасан гэрчлэл хийх үе ч гэсэн Сатаны ялагдлын тэмдэг байх болно. Сатаныг ялахын тулд хүн эхлээд байлдан дагуулагдаж, эцэстээ бүрмөсөн төгс болгуулдаг. Гэхдээ мөн чанартаа энэ нь Сатаны ялагдлын зэрэгцээ бүх хүн төрөлхтнийг цөхрөлийн энэ хоосон тэнгисээс аварч буй аврал юм. Энэхүү ажил бүхий л орчлон ертөнц даяар явагддаг уу, Хятадад явагддаг уу гэдгээс үл хамааран бүх ажил нь Сатаныг ялж, бүхий л хүн төрөлхтөнд аврал авчрахын төлөө байдаг бөгөөд ингэснээр хүн амралтын газарт орох боломжтой болно. Бие махбодтой болсон Бурхан буюу энэхүү хэвийн махбод чухамдаа Сатаныг ялахын төлөө оршдог. Бие махбодтой Бурханы ажлыг тэнгэрийн доорх, Бурханыг хайрладаг бүх хүнд аврал авчрахад ашигладаг, энэ нь бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулахын төлөө, цаашлаад Сатаныг ялахын төлөө байдаг. Бурханы бүх удирдлагын ажлын гол цөм нь бүх хүн төрөлхтөнд аврал авчрахын тулд Сатаныг ялахтай салшгүй холбоотой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь
Хүний авралын мөн чанар нь Сатантай хийх тулаан бөгөөд хүний аврал нь үндсэндээ энэ дайны тусгал болдог. Хүнийг байлдан дагуулах эцсийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат төдийгүй Сатаны эрхшээлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүнийг байлдан дагуулахын дотоод утга учир нь, Сатаны биелэл болсон Сатаны ялзруулсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү эргэн очих явдал бөгөөд үүгээр дамжуулан тэр Сатаны эсрэг тэрсэлж, Бурхан руу бүрмөсөн буцаж очно. Ийм маягаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс байлдан дагуулалтын ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн аврал эцсийн дүндээ боломжгүй болно, Сатаныг бүрэн ялах ч боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх байсан юм. Үүний үр дүнд, Сатантай хийх тулаан дуусахаас нааш хүнийг аврах ажил дуусна гэж байхгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын цөм нь хүн төрөлхтний авралын төлөө байдаг. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзралын улмаас хүн Сатанд хүлэгдэж, ёрын муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагын ажлын ялах учиртай бай нь Сатан болсон юм. Сатан хүнийг эрхшээлдээ оруулсан учраас, мөн хүн бол Бурханы бүх удирдлагаа хэрэгжүүлэхдээ ашигладаг хөрөнгө учраас хүнийг аваръя гэвэл түүнийг Сатаны гараас эргүүлээд булаах ёстой, өөрөөр хэлбэл, Сатанд олзлогдсон байсан хүнийг буцаан олж авах ёстой гэсэн үг. Тиймээс, хүний хуучин зан чанарыг өөрчилж, хүний анхдагч эрүүл ухааныг сэргээснээр дамжуулан Сатаныг ялах ёстой. Ийм маягаар, олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлээд булаан авч болно. Хэрвээ хүнийг Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлбөл Сатан шившиг болж, эцсийн эцэст хүнийг буцаан олж авч, Сатан ялагдах болно. Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас хүн энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан дуусмагц шийтгэгдэх бай болно, үүний дараа хүн төрөлхтнийг аврах бүхий л ажил дууссан байх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь
Миний үг бүрэн төгс болоход хаанчлал газар дээр аажмаар бүрэлдэж, хүн хэвийн байдалдаа аажмаар эргэн орж, улмаар Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагддаг. Хаанчлалд Бурханы бүх ард хэвийн хүний амьдралдаа эргээд ордог. Жавартай хүйтэн өвөл дуусаж, бүхэл жилжингээ хавар үргэлжилдэг хаврын хотуудын ертөнцөөр солигдоно. Хүмүүс хүний ертөнцийн зэврүүн байдалтай тулгарахаа больж, хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахаа больдог. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага ба аллага хядлагаас урсах цус гэж үгүй; бүхий л газар нутаг баяр хөөрөөр дүүрч, хүмүүс хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг тохиолдоно. Би дэлхий даяар явж, Өөрийн сэнтий дээрээс таашааж, оддын дунд амьдардаг. Тэнгэрэлчүүд Надад шинэ дуу, шинэ бүжиг өргөн барьж, дахин хэзээ ч өөрсдийнхөө хэврэг байдлын улмаас нулимс урсгахгүй. Миний өмнө тэнгэрэлчүүдийн уйлах чимээ дахин хэзээ ч сонсогдохоо больж, хэн ч Надад өөрсдийн зовлон бэрхшээлийг тоочихоо болино.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 20-р бүлэг
Бурханы ардууд бүгд бүрэн төгс болгуулж, газар дэлхийн бүх улс орон Христийн хаанчлал болох үе нь долоон аянга нижигнэх үе байх болно. Одоо яг тэр үе шат руу урагшилж байна; яг тэр өдөр лүү довтолж байна. Энэ бол Бурханы төлөвлөгөө бөгөөд ойрын ирээдүйд энэ нь биелнэ. Гэхдээ Бурхан Өөрийнхөө ярьдаг зүйлийг бүгдийг нь аль хэдийн гүйцэлдүүлсэн. Тиймээс газар дэлхийн улс орнууд бутран унахын ирмэг дээр буй элсэн дээрх цайз гэдэг нь тодорхой—эцсийн өдөр айсуй бөгөөд агуу улаан луу Бурханы үгэн дор нуран унана. Бурханы төлөвлөгөөг бүрэн амжилттай байлгахын тулд тэнгэрэлчүүд хүний ертөнцөд буун ирж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийж эхэлсэн ба бие махбодтой болсон Бурхан Өөрөө дайсантай дайтахын тулд тулааны талбарт байгаа. Бие махбодтой болсон Бурхан хаана байна, тэнд дайсан устгагддаг. Хятад улс эхлээд устгагдана; Бурханы гарт мөхнө. Бурхан үүнд яавч өршөөл үзүүлэхгүй. Бурханы ардууд төлөвшихийнхөө хэрээр агуу улаан луу улам нуран унаж буйг нотолдог; энэ нь хүнд илэрхий харагддаг. Бурханы ардуудын төлөвшил нь дайсны сүйрлийн тэмдэг юм. “Тулалдах” гэдгийн багахан тайлбар энэбилээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 10-р бүлэг
Бүх улс орон, Миний сонгосон хүн нэг бүр Миний сэнтийн өмнө буцаж ирэхтэй зэрэгцэн Би тэнгэрийн бүх хишгийг хүний ертөнцөд хүртээнэ, ингэснээр Миний ачаар дэлхий ертөнц зүйрлэшгүй их хишгээр бялхана. Хуучин ертөнцийг оршин тогтнох зуур Би Өөрийн уур хилэнг улс орон болгон руу чулуудаж, орчлон ертөнц даяар ил тод болгосон захиргааны зарлигаа зарлах ба тэрийг зөрчсөн хэн боловч гэсгээгдэнэ:
Намайг бүх орчлон ертөнцөд хандан үг хэлэхэд бүх хүн Миний дуу хоолойг сонсдог, өөрөөр хэлбэл, орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг бүх хүн хардаг. Миний санаа зорилгын эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дунд унана. Би тэнгэр дэх үй олон одыг шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ, тэнгэрүүд урьдынх шигээ байхаа болино; газар дээрх бүх зүйл шинэчлэгдэнэ—Миний үгээс үүдэн энэ бүхэн гүйцэлдэнэ. Орчлон ертөнц дэх бүх улс орон шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ингэснээр газар дээрх улс орнууд үүрд үгүй болж, Надад шүтэн мөргөдөг хаанчлал л байх болно; газар дэлхийн бүх улс орон устгагдаж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц доторх хүмүүсээс диаволын бүх хүн үндсээрээ устгагдана. Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн гал дунд унана—өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь бүгд үнсэн товрог болно. Намайг хүн бүрийг гэсгээх үед шашны нийгэмлэгийнхэн янз бүрийн хэмжээнд Миний хаанчлалд эргэн ирж, Миний үйл хэргээр байлдан дагуулагдана, учир нь тэд “цагаан үүл хөлөглөсөн Ариун Нэгэн” аль хэдийн ирснийг харсан байх болно. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон янз бүрийн гэсгээлтийг хүртэнэ; Намайг эсэргүүцсэн бүх хүн мөхнө, газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр үргэлжлүүлэн оршино. Би тоо томшгүй олон улс орон, тоймгүй олон хүнд харагдаж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойг илэрхийлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүний нүдэнд үүнийг харуулна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг