7. Христ бол үнэн, зам, амь гэдгийг хүн хэрхэн ойлгох ёстой вэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа. Тэрээр анх Бурхантай хамт байсан юм” (Иохан 1:1–2).
“Үг махбод болж, бидний дунд оршин … нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг” (Иохан 1:14).
“Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6).
“Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь юм” (Иохан 6:63).
Холбогдох Бурханы үг:
Амийн зам бол хэн хүний эзэмшиж чадах зүйл биш, хүн бүрийн хялбархан олж авч чадах зүйл ч биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л амийн мөн чанарыг эзэмшдэг ба Бурханд Өөрт нь л амийн зам бий. Иймээс Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны ширгэшгүй урсах эх ундарга юм. Дэлхий ертөнцийн бүтээлээс хойш Бурхан амийн эрч хүчийг агуулсан асар их ажил хийсэн, хүнд амь авчрах ихээхэн ажил хийсэн, хүнд амь олж авах боломж олгохын тулд асар их төлөөс төлсөн. Учир нь Бурхан Өөрөө мөнх амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулж чадах зам билээ. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг ямагт хүмүүсийн дунд амьдардаг. Тэрээр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, төрснөөс нь хойших хүний оршин тогтнолын баялаг нөөц билээ. Тэрээр хүмүүсийг дахин төрүүлж, өөрсдийн үүрэг рольдоо тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчинд түшиглээд хүн үеэс үед амьдарсан, харин Бурханы амийн хүч нь хүмүүсийн дунд байнга дэмжлэгээр хангаж ирсэн бөгөөд Бурхан ямар ч эгэл хүний төлж байгаагүй төлөөсийг төлсөн юм. Бурханы амийн хүч ямар ч хүч чадлыг дийлж чадна; үүнээс ч илүүтэйгээр ямар ч хүч чадлаас давдаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч дийлж чадахгүй. Бурханы амийн хүч цаг хугацаа, орон зайг үл хамааран оршиж, нүд гялбам цацрагаа цацруулдаг. Тэнгэр газарт үлэмж их өөрчлөлт гардаг ч Бурханы амь үүрд нэг хэвээр байдаг. Бүх зүйл өнгөрөн оддог ч Бурханы амь оршин тогтносоор л байх болно. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж, бүх зүйл түшиглэн оршин тогтнодог үндэс билээ. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй, газрын оршин тогтнол ч бас Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанартай ямар ч зүйл Бурханы дээд эрхийг даван гарч чадахгүй, ямар ч эрч хүчтэй зүйл Бурханы эрх мэдлийн цар хүрээнээс зугтаж чадахгүй. Ийм маягаар хэн ч бай бүх хүн Бурханы ноёрхолд бууж өгч, бүх хүн Бурханы хяналтан дор амьдрах ёстой, хэн ч Бурханы гараас мултарч чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна
Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал, үүнээс ч илүүтэйгээр үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид оршин байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь зэрэгцэн оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй байх бөгөөд үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ чиний махан бие, өмхий махан бие төдийхөн юм. Номын үгийг амь хэмээн тооцохгүй, түүхийн бичээсийг үнэн гэж сүсэглэж болохгүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн үгийн тэмдэглэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлсэн үг л үнэн, амь, Бурханы санаа зорилго бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна
Эцсийн өдрүүдийн Христ амийг, өнө мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, мөн хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна
Энэ удаад Бурхан сүнслэг биеэр биш, харин тун эгэл жирийн биеэр ажиллахаар ирсэн. Түүнчлэн энэ нь Бурханы махбод болсон хоёр дахь бие төдийгүй, бас махбодод Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл жирийн махбод. Түүнийг хараад чи Түүнээс бусдаас онцгойроод байх юм олж харж чадахгүй ч урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс олж авах боломжтой. Энэ өчүүхэн махбод л Бурханы бүх үнэний үгийн биелэл, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үүрэгч, Бурханы зан чанарыг бүхэлд нь хүнд ойлгуулдаг илэрхийлэл юм. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг асар ихээр хүсдэггүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг үлэмж ихээр хүсдэггүй гэж үү? Тэр чамд өөр хэний ч хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ, Тэр бас чиний ойлгодоггүй үнэнийг хэлж өгнө. Тэр бол хаанчлалд орох чиний хаалга, шинэ эрин үе рүү хөтлөх чиний хөтөч юм. Ийм эгэл жирийн махбод хүн ойлгохын аргагүй олон нууцыг агуулдаг. Түүний үйл хэрэг чамд ойлгомжгүй байж болох ч Түүний хийдэг ажлын бүхий л зорилго нь Тэр бол хүмүүсийн боддог шиг энгийн махбод биш гэдгийг хангалттай харуулдаг, учир нь Тэрээр эцсийн өдрүүд дэх Бурханы санаа зорилгыг болон эцсийн өдрүүд дэх хүн төрөлхтнийг гэх Бурханы халамжийг төлөөлдөг. Хэдийгээр чи тэнгэр, газрыг доргиох мэт Түүний үгийг сонсож чадахгүй, галын дөл мэт дүрэлзэн буй Түүний нүдийг харж чадахгүй, Түүний төмөр савааны сахилгажуулалтыг хүлээн авч чадахгүй ч Түүний үгээс Бурхан уур хилэнтэй байгааг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд өршөөл үзүүлж байгааг мэдэж авч, Бурханы зөвт зан чанар, мэргэн ухааныг олж харахын сацуу бүх хүн төрөлхтнийг гэх Бурханы санаа зовнилыг бүр ч их ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь тэнгэр дэх Бурхан хүмүүсийн дунд амьдарч байгааг газар дээр хүнд харуулж, Бурханыг мэдэх, дуулгавартай дагах, эмээх, хайрлах боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Ийм учраас Тэр махбодод хоёр дахь удаагаа эргэж ирсэн…
…Энэхүү махбодын ачаар л та нар өнөөдрийг хүрсэн. Бурхан махбодоор амьдардаг учир та нарт амьд үлдэх боломж бий. Энэ бүх зол завшаан нь энэхүү эгэл жирийн хүнээс улбаатай билээ. Үүгээр ч зогсохгүй, эцэст нь улс орон бүр энэ эгэл жирийн хүнийг шүтэн мөргөхийн сацуу энэ өчүүхэн жаахан хүнд талархаж, түүнийг дуулгавартай дагана, учир нь Түүний авчирсан үнэн, амь, зам нь бүх хүн төрөлхтнийг аварч, хүн Бурхан хоёрын дундах зөрчлийг зөөлрүүлж, хоорондох зайг нь багасгаж, Бурхан хүн хоёрын бодлыг холбосон юм. Тэрээр мөн Бурханы төлөө бүр ч агуу их алдар сууг олж авсан билээ. Ийм эгэл жирийн хүн чиний итгэл, бишрэлийг хүртэхэд зохисгүй гэж үү? Ийм эгэл жирийн махбод Христ гэж дуудуулахад тохирохгүй гэж үү? Ийм эгэл жирийн хүн бусад хүмүүсийн дунд Бурханы илэрхийлэл болж чадахгүй гэж үү? Хүн төрөлхтнийг гамшгаас гэтэлгэсэн ийм хүн Түүнийг гэх хайр, хүслийг чинь хүртэх эрхгүй гэж үү? Та нар Түүний амаар илэрхийлэгдсэн үнэнийг голж, та нарын дундах Түүний оршин тогтнолыг жигших юм бол эцэстээ юу болж хоцрох вэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?
Гэсэн хэдий ч, энэ эгэл жирийн хүн л хүмүүсийн дунд нуугдаж, биднийг аврах шинэ ажлыг хийж байгаа. Тэрээр бидэнд ямар ч тайлбар өгдөггүй, яагаад ирснээ ч хэлдэггүй, харин хийхээр зорьсон ажлаа зүгээр л Өөрийн төлөвлөгөө, дэс дарааллын дагуу хийдэг. Түүний үг, айлдвар улам олон удаа тохиолддог. Тайтгаруулах, ятгах, сануулах, анхааруулахаас эхлээд зэмлэж, сахилгажуулах нь хүртэл; зөөлөн, аядуу өнгөнөөс ширүүн, сүр жавхлант үг хүртэл—бүгд хүнд асар их өршөөл, дээд зэргийн айдас мэдрүүлдэг. Түүний хэлдэг бүхэн бидний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан нууцыг яг онож, Түүний үг бидний зүрх сэтгэлийг хатгаж, бидний сүнсийг хатгаж, тэсвэрлэшгүй их ичгүүрээр дүүргэн, нүүрээ хийх газаргүй болгодог…
Бидэнд мэдэгдэлгүйгээр энэ шалихгүй хүн биднийг Бурханы ажлын нэг алхмаас нөгөө алхам руу чиглүүлсэн. Бид тоймгүй олон шалгалт, үй олон цээрлүүлэлт туулж, үхлээр соригддог. Бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг мэдэж авч, бас Түүний хайр энэрэл, өршөөлийг эдлэн, Бурханы агуу хүч чадал, мэргэн ухааныг ойлгож авч, Бурханы хайр татам байдал болон хүнийг аврах гэсэн яаруу санаа зорилгыг нь хардаг. Энэхүү эгэл хүний үгээс бид Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авч, Бурханы санаа зорилгыг ойлгож, хүний уг чанар-мөн чанарыг мэдэж, аврагдаж, төгс болгуулах замыг хардаг. Түүний үг биднийг “үхүүлж”, мөн “дахин төрүүлдэг”; Түүний үг бидэнд тайтгарал авчирдаг атлаа буруутай, өртэй мэт мэдрэмжид бас автуулдаг; Түүний үг бидэнд баяр баясал, амар амгалан бас хязгааргүй их шаналал авчирдаг. Заримдаа бид Түүний хүссэнээр нядлагдах, Түүний гар дахь хурганууд шиг байдаг; заримдаа Түүний нүдний цэцгий мэт байж, энхрий хайрыг нь эдэлдэг; заримдаа Түүний дайсан мэт, харцных нь дор уур хилэнд нь үнс нурам болдог. Бид бол Түүгээр аврагдсан хүн төрөлхтөн, бид бол Түүний нүдэн дэх өт хорхой, бид бол Түүний өдөр шөнөгүй олно гэж сэтгэл шулуудсан алдагдсан хоньд нь юм. Тэрээр бидэнд өршөөлтэй ханддаг, биднийг зэвүүцдэг, Тэр биднийг өргөдөг, биднийг тайтгаруулж, ятгадаг, биднийг залж чиглүүлдэг, гэгээрүүлдэг, бас биднийг цээрлүүлж, сахилгажуулдаг, тэр ч бүү хэл хараадаг. Тэрээр өдөр шөнөгүй бидний төлөө санаа зовж, биднийг хамгаалж, халамжлахаа хэзээ ч больдоггүй, дэргэдээс маань хэзээ ч холддоггүй. Тэрээр бидний төлөө зүрх сэтгэлийнхээ хамаг цусыг урсгаж, бүх төлөөсийг төлдөг. Энэхүү шалихгүй, эгэл махбодын айлдварууд дотроос бид Бурханд байгаа бүхнийг эдэлж, Бурханы бидэнд хайрласан хүрэх газрыг харсан…
Бурхан айлдваруудаа үргэлжлүүлэн, янз бүрийн арга барил, олон өнцөг ашиглан, юу хийх ёстойг маань бидэнд сануулахын зэрэгцээ Өөрийнхөө зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлдэг. Түүний үг амийн хүчтэй, алхах ёстой замыг маань бидэнд өгч, үнэн гэж яг юу болохыг бидэнд ухамсарлуулдаг. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний ярианы өнгө, хэв маягт анхаарал хандуулж, энэ ялихгүй хүний зүрх сэтгэлийн дуу хоолойг дотоод ухамсартаа анхаарч эхэлдэг. Тэр бидний төлөө эцэж цуцталаа ажиллаж, бидний төлөө нойр хоолоо умартаж, бидний төлөө мэгшин уйлж, бидний төлөө санаа алдаж, бидний төлөө өвдсөндөө ёолдог; Тэрээр бидний хүрэх газар, авралын төлөө доромжлолыг тэвчдэг; бидний хөшүүн, тэрслүү байдал Түүний зүрх сэтгэлээс нулимс, цус урсгадаг. Өөр ямар ч эгэл хүнд ийм оршихуй, ийм эзэмшил байхгүй, ямар ч завхарсан хүн үүнийг эзэмшиж, үүнд хүрч чадахгүй. Ямар ч эгэл хүнд байхгүй хүлээцтэй байдал, тэвчээр Түүнд байдаг бөгөөд Түүний хайр бол ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй зүйл юм. Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, уг чанар болон мөн чанарыг маань нэвт шувт мэдэж чадахгүй, хүн төрөлхтний тэрслүү байдал, завхралыг шүүж, тэнгэр дэх Бурханы өмнөөс ингэж бидэнд үг хэлж, бидэн дээр ажиллаж чадахгүй. Түүнээс өөр хэнд ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанар байдаггүй; Бурханы зан чанар болон Бурханы эзэмшил, оршихуй бүхэлдээ Түүнээс харагддаг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг харуулж, бидэнд гэрэл авчирч чадахгүй. Бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл Бурханы ил болгоогүй нууцуудыг Түүнээс өөр хэн ч задалж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны хүлээс болон завхарсан зан чанараас маань аварч чадахгүй. Тэрээр Бурханыг төлөөлдөг; Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолой, Бурханы захиас, бүх хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг Тэрээр илэрхийлдэг. Тэрээр шинэ эрин үе, шинэ эринийг нээж, шинэ тэнгэр, газар, шинэ ажлыг залан авчирсан, Тэр бидэнд итгэл найдвар авчирч, тодорхойгүй байдалд амьдарч байсан амьдралыг маань эцэслэж, бүхий л оршихуйд маань авралд хүрэх замыг бүрэн харуулсан. Тэрээр бидний бүхий л оршихуйг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг маань олж авсан билээ. Тэр мөчөөс хойш бидний зүрх сэтгэл мэдрэмжтэй болж, сүнс маань сэргэх мэт болсон: Бидний дунд амьдардаг, маш удаан хугацаанд бидэнд гологдсон энэ эгэл жирийн, шалихгүй хүн өдөр шөнөгүй үргэлж бидний бодолд байдаг, өдөр, шөнөгүй бидний хүсэн хүлээдэг Эзэн Есүс биш гэж үү? Тэр мөн! Үнэхээр мөн! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь! Тэрээр биднийг дахин амьдруулж, бидэнд гэрлийг харуулж, зүрх сэтгэлийг маань хэрэн хэсэхгүй болгосон. Бид Бурханы гэрт, Түүний сэнтийн өмнө эргэн ирсэн бөгөөд Түүнтэй нүүр тулан уулзаж, Түүний царайг харж, урд байгаа замыг харсан.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй
Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажилладаг арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэр бие махбодтой болж, өөр өөр өнцгөөс үг хэлэн, хүнд Үг нь махбодоор илэрсэн Бурханыг үнэхээр харж, Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг нүдээр харах боломж олгодог. Хүмүүсийг байлдан дагуулж, төгс болгож, таягдан хаях зорилгоо илүү сайн биелүүлэхийн тулд Бурхан ийм маягаар ажилладаг ба энэ нь Үгийн эрин үед үг ашиглан ажиллахын жинхэнэ утга учир юм. Үгээр дамжуулан хүмүүс Бурханы ажил, Бурханы зан чанар, хүний мөн чанар, хүн юунд орох учиртайг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг бүх ажил үгээр дамжуулан гүйцэлддэг. Үгээр дамжуулан хүмүүс илчлэгдэж, таягдан хаягдаж, шалгагддаг. Хүмүүс эдгээр үгийг харж, эдгээр үгийг сонсож, эдгээр үгийн оршин тогтнолыг танин мэдсэн. Үүний үр дүнд тэд Бурханы оршин тогтнол, Бурханы төгс хүчин, мэргэн ухаан болон хүнийг хайрлаж, аврах Бурханы зүрх сэтгэлд итгэх болсон. “Үг” хэмээх нэр томьёо ердийн, энгийн байж болох ч бие махбодтой болсон Бурханы амнаас гарсан үг орчлон ертөнцийг донсолгож, хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж, тэдний үзэл, хуучин зан чанарыг өөрчилж, бүхий л дэлхий ертөнцийн хуучин дүр төрхийг өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм маягаар ажилласан бөгөөд зөвхөн Тэр л ийнхүү ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн Бурханы үгийн удирдамж дор, Бурханы үгийн хариулга, хангалт дунд амьдардаг; хүмүүс Бурханы үгийн ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дунд амьдардаг бөгөөд хүмүүсийн дийлэнх нь Бурханы үгийн шүүлт, гэсгээлт дор амьдардаг. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин бүтээлийн дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан үг ашиглан дэлхийг бүтээсэн бөгөөд орчлон ертөнц дэх бүх хүнийг үг ашиглан удирдаж, үг ашиглан байлдан дагуулж, авардаг, эцэст нь Тэрээр үг ашиглан бүхий л хуучин ертөнцийг төгсгөл болгож, улмаар удирдлагын төлөвлөгөөгөө бүхэлд нь гүйцээнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм
Үг махбод болсон ба үнэний Сүнс махбодод биеллээ олсон—бүх үнэн, амь, зам махбодод ирж, Бурханы Сүнс үнэхээр газар дээр ирж, махбодод ирсэн гэдгийг чи энэ хэвийн хүн чанараас олж илрүүлж чадах уу, үгүй юу гэдэг юм. Хэдийгээр өнгөцхөндөө энэ нь Ариун Сүнснээс үр тогтохоос өөр харагддаг ч энэ ажлаас чи, Сүнс аль хэдийн махбодод биеллээ олж, цаашлаад Үг махбод болж, Үг нь махбодоор илэрсэн гэдгийг илүү тодорхой харж чадна. Тэгээд дараах үгийн жинхэнэ утгыг ойлгож чадна: “Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа.” Түүнчлэн өнөөдрийн Үг бол Бурхан гэдгийг чи ойлгож, Үг махбод болсныг харах ёстой. Энэ бол чиний хийж чадах хамгийн сайн гэрчлэл билээ. Чи махбод болсон Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй гэдгийг энэ нь нотолдог—чи Түүнийг мэдэж чадахаар үл барам, өнөөдрийн алхдаг зам чинь амийн зам, үнэний зам мөн гэдгийг ч бас мэддэг. Есүсийн гүйцэтгэсэн ажлын үе шат “Үг Бурхантай хамт байсан” гэдгийн мөн чанарыг л биелүүлсэн: Бурханы үнэн Бурхантай хамт байж, Бурханы Сүнс махбодтой хамт байсан ба тэрхүү махбодоос салшгүй байв. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы бие Бурханы Сүнстэй хамт байсан нь бие махбодтой болсон Есүс бол эхний удаа бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийн бүр ч том нотолгоо юм. Ажлын энэ үе шат нь “Үг махбод болсон” гэдгийн дотоод утга учрыг яг таг биелүүлж, “Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан” гэдгийг илүү гүн утга учиртай болгосон бөгөөд “Анх Үг байсан” хэмээх үгэнд бат итгэх боломжийг чамд олгодог. Өөрөөр хэлбэл, бүтээлийн цаг үед Бурханд үг байсан, Түүний үг Түүнтэй хамт, Түүнээс салшгүй байсан ба эцсийн эрин үед Тэрээр Өөрийн үгийн хүч чадал, эрх мэдлийг бүр илүү тодорхой болгон, хүнд Өөрийн бүх арга замыг харуулж—бүх үгээ сонсгодог. Энэ нь эцсийн эрин үеийн ажил юм. Чи эдгээр зүйлийг нэгд нэггүй ойлгож авах ёстой. Энэ нь бие махбодыг мэдэх асуудал биш, харин махбод болон Үгийг ойлгох тухай юм. Энэ нь чиний хийх ёстой гэрчлэл, хүн бүрийн мэдэх ёстой зүйл билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 4
Миний үг бол үүрд хувиршгүй үнэн юм. Би бол хүний амийн хангалт, хүн төрөлхтний цорын ганц хөтөч билээ. Миний үгийн үнэ цэн, утга учир нь хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрч, хүлээн авсан эсэхээр бус, харин үгийн өөрийнх нь мөн чанараар тодорхойлогддог. Энэ газар дэлхий дээр ганц ч хүн Миний үгийг хүлээн авч чадахгүй байлаа ч гэсэн Миний үгийн үнэ цэн, хүн төрөлхтөнд өгөх тусыг ямар ч хүн хэмжихийн аргагүй. Тиймээс Миний үгийн эсрэг тэрсэлж, үгийг минь няцаадаг, эсвэл бүрэн басамжилдаг олон хүнтэй нүүр тулах үед Миний хандлага ийм л байдаг: Цаг хугацаа болон баримтууд Миний гэрч болж, Миний үг үнэн, зам, амь мөн гэдгийг батлаг. Миний хэлсэн бүхэн зөв гэдгийг, энэ бол хүний эзэмших ёстой зүйл гэдгийг, үүнээс ч илүүтэйгээр энэ бол хүний хүлээн авах ёстой зүйл гэдгийг батлаг. Намайг дагадаг бүх хүнд Би дараах баримтыг мэдүүлэх болно: Миний үгийг бүрэн хүлээн авч чаддаггүй хүмүүс, Миний үгийг хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс, Миний үгээс зорилго олж чаддаггүй хүмүүс, Миний үгийн ачаар авралын нигүүлсэл хүртэж чаддаггүй хүмүүс бол Миний үгээр яллагддаг хүмүүс; үүнээс ч илүүтэй тэд бол Миний авралын нигүүлслийг алдсан хүмүүс бөгөөд Миний саваа тэднээс хэзээ ч холдохгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар үйл хэргээ бодолцож үзэх учиртай