Цор ганц Бурхан Өөрөө VII

Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (I)

Бурханы эрх мэдэл, Бурханы зөвт зан чанар, Бурханы ариун байдлын тухай тойм

Залбирч дууссаны дараа зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тогтуун тайван байдаг уу? (Тэгдэг.) Зүрх сэтгэл нь тогтуун тайван болж чаддаг бол хүн Бурханы үгийг сонсож, ойлгож чадах бөгөөд үнэнийг сонсож, ойлгож чадна. Харин зүрх сэтгэл чинь тогтуун тайван болж чаддаггүй бол, зүрх сэтгэл чинь үргэлж урсгал даган хөвж, эсвэл үргэлж өөр юм боддог бол Бурханы үгийг сонсохоор цуглаанд оролцоход энэ байдал чинь нөлөөлнө. Тэгэхээр бидний одоо ярилцаж байгаа зүйлийн гол цөм нь юу вэ? Гол сэдвээ эргээд жаахан бодъё. Цор ганц Бурханыг Өөрийг нь мэдэх тухайд бол, эхний хэсэгт бид Бурханы эрх мэдлийг хэлэлцсэн. Хоёр дахь хэсэгт бид Бурханы зөвт зан чанарыг хэлэлцсэн бөгөөд Бурханы ариун байдлыг гурав дахь хэсэгт хэлэлцсэн. Тухай бүрд бидний хэлэлцсэн онцгой агуулга та нарт сэтгэгдэл төрүүлсэн үү? “Бурханы эрх мэдэл” гэдэг эхний хэсгээс юу та нарт хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн бэ? Аль хэсэг нь та нарт хамгийн их нөлөөлсөн бэ? (Бурхан эхлээд Бурханы үгийн эрх мэдэл, сүр хүчний тухай ярьсан; Бурхан хэлсэн үгэндээ хүрдэг ба Түүний үг биелнэ. Энэ бол Бурханы төрөлх мөн чанар.) (Иовыг сорьж болох боловч амийг нь авч болохгүй гэж Бурхан Сатанд тушаасан. Үүнээс бид Бурханы үгийн эрх мэдлийг хардаг.) Өөр нэмэх зүйл байна уу? (Бурхан тэнгэр, газар болон тэдгээрийн доторх бүх зүйлийг бүтээхийн тулд үг ашигласан бөгөөд хүнтэй гэрээ байгуулж, хүнд ерөөл хайрлахын тулд үг хэлдэг. Эдгээр нь бүгд Бурханы үгийн эрх мэдлийн жишээ юм. Түүнчлэн, булшнаасаа алхан гарч ирэхийг Эзэн Есүс Лазарт тушаасныг бид харсан, энэ нь хүний амьдрал, үхэл Бурханы хяналтан дор байдаг бөгөөд Сатанд амьдрал, үхлийг хянах хүч үгүй, Бурханы ажил махбод, эсвэл Сүнсний алинаар ч хийгдсэн бай, Түүний эрх мэдэл цор ганц гэдгийг харуулдаг.) Нөхөрлөл сонссоныхоо дараа та нар ийм ойлголт авсан. Бурханы эрх мэдлийн тухай ярьж байхад та нар “эрх мэдэл” гэдэг үгийг хэрхэн ойлгож байна? Бурханы эрх мэдлийн хүрээнд, Бурханы хийдэг болон илчилдэг зүйлээс хүмүүс юу хардаг вэ? (Бид Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг хардаг.) (Бурханы эрх мэдэл үргэлж байдаг бөгөөд үнэхээр оршин байдгийг бид хардаг. Бурханы эрх мэдлийг өргөн хүрээнд харвал Тэр бүх зүйлийг захирдаг, харин бага цар хүрээнд харвал Тэр хүн бүрийн амьдралыг хянадаг. Бурхан үнэндээ амьдралын зургаан онцгой үеийг төлөвлөж, хянадаг. Түүнээс гадна, Бурханы эрх мэдэл цор ганц Бурханыг Өөрийг нь төлөөлдөг ба бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйлсээс юу ч үүнийг эзэмшиж чадахгүй гэдгийг бид хардаг. Бурханы эрх мэдэл нь Түүний ялгамж чанарыг бэлгэддэг.) “Бурханы ялгамж чанар болон Бурханы байр суурийн бэлгэдэл” гэж хэлэхийг бодоход та нар энэ үгсийн талаар ягшмал ойлголттой бололтой. Та нарт Бурханы эрх мэдлийн тухай үндсэн ойлголт байна уу? (Биднийг жаахан байхаас эхлээд Бурхан биднийг харж хандаж, хамгаалж ирсэн, үүнээс бид Бурханы эрх мэдлийг хардаг. Биднийг отсон аюулыг бид мэддэггүй, гэтэл Бурхан нууцаар биднийг үргэлж хамгаалж байсан; энэ ч бас Бурханы эрх мэдэл.) Маш сайн. Сайхан хэллээ.

Бурханы эрх мэдлийн тухай ярих үед гол зүйл, гол санаа нь юу вэ? Бид үүнийг яагаад хэлэлцэх хэрэгтэй вэ? Үүнийг хэлэлцэх эхний зорилго бол Бурханы Бүтээгч хэмээх ялгамж чанар болон бүх зүйлийн дундах Түүний байр суурийг хүмүүсийн зүрх сэтгэлд тогтоох явдал юм. Энэ бол хүмүүсийн эхлээд мэдэж, харж, мэдэрч чадах зүйл билээ. Чиний хардаг, мэдэрдэг зүйлс нь Бурханы үйлдэл, Бурханы үг, бүх зүйлийг хянах Бурханы хяналтаас үүсэлтэй. Тэгвэл Бурханы эрх мэдлээр дамжуулан харж, сурч, мэддэг бүхнээсээ хүмүүс ямар жинхэнэ ойлголтыг олж авдаг вэ? Бид эхний зорилгоо хэлэлцчихлээ. Хоёр дахь нь Бурханы хийсэн, хэлсэн ба эрх мэдлээрээ хянасан бүхнээр нь дамжуулан хүмүүст Бурханы хүч чадал, мэргэн ухааныг ойлгох боломж олгох явдал юм. Бүхнийг хянахдаа Бурхан хэчнээн хүчирхэг, хэчнээн мэргэн ухаалаг байдгийг чамд ойлгуулах явдал юм. Бидний өмнө нь хэлэлцсэн Бурханы цор ганц эрх мэдлийн гол санаа, гол анхаарах зүйл энэ биш байсан гэж үү? Уг нь нэг их хугацаа өнгөрөөгүй атал зарим чинь үүнийг мартчихсан байгаа нь та нар Бурханы эрх мэдлийн талаар гүнзгий ойлголт олж аваагүйг баталдаг. Хүн Бурханы эрх мэдлийг хараагүй гэж хэлсэн ч болохоор байна. Одоо та нар жаахан ч гэсэн ойлгож байна уу? Бурханы эрх мэдлийг бодит үйлдэл дээр харахдаа чи үнэхээр юу мэдэрдэг вэ? Бурханы хүч чадлыг үнэхээр мэдэрсэн үү? (Тэгсэн.) Бурхан бүх зүйлийг хэрхэн бүтээсэн тухай Бурханы үгийг уншихдаа чи Түүний хүч чадлыг мэдэрдэг, Түүний бүхнийг чадагч байдлыг мэдэрдэг. Бурхан хүмүүсийн хувь заяаг захирдгийг харахдаа чи юу мэдэрдэг вэ? Түүний хүч чадал, мэргэн ухааныг мэдэрдэг үү? Хэрвээ Бурхан энэ хүч чадлыг эзэмшээгүй байсан бол, энэ мэргэн ухааныг эзэмшээгүй байсан бол бүх зүйлийг ноёрхож, хүмүүсийн хувь заяаг захирч чадах байсан уу? Бурханд тийм хүч чадал, мэргэн ухаан бий, иймээс Түүнд эрх мэдэл байдаг. Энэ бол цор ганц. Бүх бүтээлийн дунд Бурханых шиг хүч чадалтай ямар нэгэн хүн ч юм уу, амьтныг чи ер нь харсан уу? Тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээж, түүнчлэн тэднийг удирдаж, ноёрхох хүч чадалтай хэн нэгэн юм уу ямар нэг зүйл бий юу? Бүх хүн төрөлхтнийг захирч, дагуулж чадах, хэдийд ч хаа сайгүй байж чадах ямар нэг хүн, ямар нэг зүйл бий юу? (Үгүй, байхгүй.) Одоо та нар Бурханы цор ганц эрх мэдлийн жинхэнэ утга учрыг ойлгож байна уу? Та нар бага зэрэг ойлголттой болов уу? (Тэглээ.) Ингээд Бурханы цор ганц эрх мэдлийн тухай сэдвийг эргэн харж дууслаа.

Хоёр дахь хэсэгт бид Бурханы зөвт зан чанарын тухай ярьсан. Бид энэ сэдвээр олон зүйлийг хэлэлцээгүй, яагаад гэвэл, энэ үе шатан дахь Бурханы ажил үндсэндээ шүүлт, гэсгээлтээс бүрддэг. Хаанчлалын эрин үед Бурханы зөвт зан чанар тодорхой бөгөөд маш дэлгэрэнгүй илчлэгдсэн. Тэрээр бүтээлийн цаг үеэс хойш огт хэлж байгаагүй үгийг хэлсэн; Түүний үгийг уншиж, туулсан бүх хүн Түүний үгэнд зөвт зан чанар нь илчлэгдсэнийг харсан. Тэгвэл Бурханы зөвт зан чанарын тухай бидний хэлэлцэж буй зүйлийн гол санаа юу вэ? Та нар үүнийг гүнзгий ухаардаг уу? Та нар туршлагаараа ойлгож авдаг уу? (Тухайн үеийн хүмүүс маш их завхарч, Бурханы уур хилэнг өдөөсөн учраас Бурхан Содом хотыг шатаасан. Үүнээс бид Бурханы зөвт зан чанарыг хардаг.) Эхлээд жаахан лавшруулан харъя: Хэрвээ Бурхан Содомыг устгаагүй бол чи Бурханы зөвт зан чанарыг мэдэж чадах байсан уу? Чи мөн л мэдэж чадах байсан. Үүнийг чи Хаанчлалын эрин үед Бурханы илэрхийлсэн үгээс, бас хүнд чиглүүлсэн шүүлт, гэсгээлт болон хараалаас нь харж чадна. Ниневег аварсан явдлаас нь та нар Бурханы зөвт зан чанарыг хардаг уу? (Хардаг.) Энэ эрин үед хүмүүс Бурханы өршөөл, хайр, хүлээцтэй байдлын заримыг харж чаддаг ба хүн гэмшвэл Бурхан зүрх сэтгэлээ өөрчилдгийг хүмүүс бас харж болдог. Бурханы зөвт зан чанарын тухай яриагаа эхлэхэд энэ хоёрыг жишээ болгосон нь Түүний зөвт зан чанар илчлэгдсэнийг тун тодорхой харуулах боловч бодит байдалд Бурханы зөвт зан чанарын үндсэн шинж Библийн энэ хоёр түүхэнд илчлэгдсэн зүйлээр хязгаарлагддаггүй. Бурханы үг болон ажлаас сурсан, харсан, туулсан зүйлээсээ та нар юуг Бурханы зөвт зан чанар гэж үзэх вэ? Туршлагаасаа яриач. (Хүнд зориулан Бурханы бүтээж өгсөн орчинд хүмүүс үнэнийг эрэлхийлж, Бурханы хүслийн дагуу байж чадах үед Бурхан тэднийг замчилж, гэгээрүүлж, зүрх сэтгэлд нь гэрэл гэгээ мэдрүүлдэг. Хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханд тэрсэлж, Түүний хүслийн дагуу явахгүй байхад Бурхан өөрсдийг нь хаясан мэт тэдний дотор их харанхуй байдаг. Тэд залбирахдаа хүртэл Түүнд юу гэж хэлэхээ мэддэггүй. Гэвч үзэл, төсөөллөө хойш тавьж, Бурхантай хамтран ажиллахад бэлэн болж, сайжрахаар чармайх үедээ тэд Бурханы инээмсэглэсэн царайг аажмаар харж чаддаг. Үүнээс бид Бурханы зөвт зан чанарын ариун байдлыг мэдэрдэг; Бурхан ариун хаанчлалд үзэгддэг боловч бузар газруудад Өөрийгөө нуудаг.) (Хүмүүст ханддаг байдлаас нь би Бурханы зөвт зан чанарыг хардаг. Ах, эгч нарын маань биеийн хэмжээ, хэв чанар өөр бөгөөд бид бүхнээс Бурханы шаарддаг зүйл ч бас ялгаатай байдаг. Бид бүгд Бурханы гэгээрлийг янз бүрийн түвшинд хүлээн авч чаддаг бөгөөд би үүнээс Бурханы зөвт байдлыг хардаг. Учир нь хүн хүндээ ингэж хандаж чаддаггүй, харин Бурхан чаддаг.) Одоо та нар бүгдээрээ бага зэрэг бодитой мэдлэгийг ярьж чаддаг боллоо.

Бурханы зөвт зан чанарыг ойлгоход юу мэдэх нь чухал болохыг та нар мэдэж байна уу? Та нар энэ сэдвийн талаар туршлагаасаа ярих юм их байж магадгүй боловч эхлээд Би та нарт цөөн хэдэн гол зүйл хэлэх ёстой. Бурханы зөвт зан чанарыг ойлгохын тулд хүн эхлээд Бурханы мэдрэмжийг ойлгох ёстой: Тэр юуг үзэн яддаг, юуг жигшдэг, юуг хайрладаг, хэнийг тэвчдэг, хэнд өршөөнгүй байдгийг, мөн ямар төрлийн хүн тэр өршөөлийг хүртдэгийг ойлгох ёстой. Энэ бол нэг гол зүйл юм. Бурхан хэчнээн элэгсэг ч гэлээ, хүмүүсийг хэчнээн их хайрлаж, өршөөдөг ч гэлээ, Өөрийнх нь ялгамж чанар, байр сууринд халдсан хэнийг ч тэвчдэггүй, мөн Өөрийнх нь эрхэм чанарт халдсан хэнийг ч тэвчдэггүй гэдгийг хүн ойлгох ёстой. Бурхан хүмүүсийг хайрладаг боловч тэднийг эрхлүүлдэггүй. Тэрээр хүмүүст хайр, өршөөлөө өгч, хүлээцтэй байдаг, гэвч тэднийг хэзээ ч бөөцийлөөгүй; Түүнд Өөрийн зарчим, Өөрийн хязгаар бий. Чи Бурханы хайрыг хэчнээн их мэдэрсэн нь хамаагүй, тэр хайр хэчнээн гүн байх нь хамаагүй, өөр хүнтэй харьцдаг шигээ Бурхантай харьцаж хэзээ ч болохгүй. Бурхан хүмүүст маш ойр дотно ханддаг нь үнэн хэдий ч, хэрвээ хүн Бурханыг ердөө л өөр нэг хүнтэй адилхан үзэж, Түүнийг ердөө л өөр нэг бүтээл юм шиг, найз нь ч юм уу, шүтээн нь мэт үзвэл Бурхан тэднээс нүүр буруулж, тэднийг хаяна. Энэ бол Түүний зан чанар бөгөөд хүмүүс энэ асуудалд гоомой хандах ёсгүй. Иймээс Өөрийнхөө зан чанарын талаар Бурхан үргэлж ингэж хэлдэг: Хэчнээн олон замаар аялсан чинь хамаагүй, хэр их ажил хийж, хэр их зовлон амссан чинь хамаагүй, Бурханы зан чанарт халдмагц Тэр хийсэн зүйлд чинь үндэслэн хүн нэг бүрд хариу өгөх болно. Юу гэсэн үг вэ гэвэл, Бурхан хүмүүст маш ойр дотно ханддаг боловч хүмүүс Түүнд найз шигээ, эсвэл хамаатан шигээ хандах ёсгүй. Бурханыг “найз аа” гэж бүү дууд. Чи Түүнээс хэр их хайр хүлээн авсан нь хамаагүй, Тэр чамайг хэчнээн их тэвчсэн нь хамаагүй, чи хэзээ ч Бурханыг зүгээр нэг найзтайгаа адил авч үзэх ёсгүй. Энэ бол Бурханы зөвт зан чанар. Ойлгож байна уу? Энэ тухай Би нэмж ярих хэрэгтэй юу? Өмнө нь та нар үүнийг ойлгодог байсан уу? Хүн хоосон сургаалыг ойлгодог ч бай, үгүй ч бай, эсвэл өмнө нь энэ тухай огт бодоогүй ч бай, ерөнхийдөө энэ бол хүмүүсийн хамгийн амархан гаргадаг алдаа юм. Хүн Бурханыг уурлуулах нь нэг удаагийн тохиолдол юм уу хэлсэн ганц зүйлээс нь болдоггүй байж магад, харин ч тэдний хандлага, байгаа байдлаас болдог. Энэ бол тун аймаар зүйл. Зарим хүн, Бурханы тухай ойлгодог, Бурханыг бага зэрэг мэддэг гэж боддог, тэд бүр Бурханы таалалд нийцэх зарим зүйлийг хийдэг ч байж мэднэ. Тэдэнд Бурхантай эн тэнцүү мэт, Бурхантай найзууд болсон мэт санагдаж эхэлдэг. Иймэрхүү мэдрэмж бол асар буруу. Хэрэв чи үүнийг гүнзгий ойлгодоггүй бол, тодорхой ойлгодоггүй бол Бурханыг маш хялбар уурлуулж, Бурханы зөвт чанарт халдана. Одоо чи үүнийг ойлгосон, тийм үү? Бурханы зөвт зан чанар цор ганц биш гэж үү? Энэ нь хүний зан төлөв юм уу ёс суртахууны байдалтай адилхан түвшинд байж ер нь болох уу? Хэзээ ч болохгүй. Тэгэхээр, Бурхан хүмүүстэй яаж ч харьцдаг бай, хүмүүсийн тухай юу ч боддог бай хамаагүй, Бурханы байр суурь, эрх мэдэл, ялгамж чанар хэзээ ч өөрчлөгддөггүй гэдгийг чи мартах ёсгүй. Хүн төрөлхтний хувьд, Бурхан бол үргэлж бүхний Эзэн ба Бүтээгч юм.

Бурханы ариун байдлын талаар та нар юу олж мэдсэн бэ? “Бурханы ариун байдлын” тухай тэр хэсэгт Сатаны хорон муу байдлыг товойлгогч болгон ашигласнаас гадна Бурханы ариун байдлын талаарх хэлэлцүүлгийн маань гол сэдэв юу байсан бэ? Бурханд юу байгаа болон Тэр юу болох мөн үү? Бурханд юу байгаа, Тэр юу болох нь Бурханд Өөрт нь байдаг цор ганц чанар уу? (Тийм.) Энэ нь бүтээгдсэн зүйлд байдаггүй. Тийм болохоор бид Бурханы ариун байдлыг цор ганц гэж хэлдэг. Энэ бол та нарын ойлгож чаддаг байх ёстой зүйл. Бид Бурханы ариун байдлын талаар гурван цуглаан хийсэн. Та нар Бурханы ариун байдлыг юу гэж боддогоо өөрсдийнхөө үгээр, өөрсдийнхөө ойлгосноор дүрслэн хэлж чадах уу? (Өнгөрсөн удаа Бурханыг бидэнтэй ярилцахад бид Түүний өмнө өвдөг сөгдсөн. Бурхан бидэнтэй, нүүрээрээ газар унан мөргөх болон Түүнийг шүтэн мөргөхөөр өвдөг сөгдөхтэй холбоотой үнэнийг нөхөрлөсөн. Түүний шаардлагад хүрээгүй байхдаа Түүнийг шүтэн мөргөхөөр өвдөг сөгдөх нь Түүний хүсэлд нийцэхгүй гэдгийг бид ойлгосон бөгөөд үүнээс бид Бурханы ариун байдлыг харсан.) Тун үнэн. Өөр зүйл байна уу? (Хүн төрөлхтөнд хэлсэн Бурханы үгээс бид, Түүний илэн далангүй, тодорхой ярьдаг, гол санаагаа шууд хэлдгийг хардаг. Сатан тойруу замаар ярьдаг бөгөөд худал хуурмагаар дүүрэн байдаг. Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөсөн өнгөрсөн удаагийн явдлаас бид Бурханы үг ба үйлдэл үргэлж зарчимтай байдгийг харсан. Бид юу хийх ёстой, юу баримталж, хэрхэн үйлдвэл зохихыг хэлэхдээ Тэр үргэлж тодорхой, ойлгомжтой байдаг. Харин хүмүүс ийм биш. Сатан хүн төрөлхтнийг ялзруулсны дараа хүмүүс өөрсдийн үйлдэл ба үгээр хувийн санаархал, зорилго болон хүслээ биелүүлэхээр эрмэлздэг болсон. Бурхан хүн төрөлхтнийг харж хандаж, хамгаалж, халамжилж байгаагаас бид Бурханы хийдэг бүхэн эерэг бөгөөд тодорхой байдгийг хардаг. Ийм замаар бид Бурханы ариун байдлын мөн чанарын илчлэлийг хардаг.) Сайхан хэллээ! Өөр юм нэмж хэлэх хүн байна уу? (Бурхан Сатаны ёрын муу мөн чанарыг ил болгоход бид Бурханы ариун байдлыг харж, Сатаны ёрын мууг илүү сайн мэддэг болж, хүн төрөлхтний зовлонгийн эх сурвалжийг хардаг. Өмнө нь бид Сатаны эрхшээл дор зовж буйгаа огт мэддэггүй байж. Бурхан бидэнд мэдэгдэх үед л, алдар нэр, эд хөрөнгө хөөцөлдсөний үр дүнд ирдэг хамаг зовлонг Сатан бий болгодгийг бид харсан. Тэгэхэд л Бурханы ариун байдал нь хүн төрөлхтний жинхэнэ аврал гэдгийг бид мэдэрсэн.) Үүн дээр нэмж ярих хүн байна уу? (Завхарсан хүн төрөлхтөнд Бурханы тухай жинхэнэ мэдлэг, Бурханыг гэсэн хайр дутмаг байдаг. Бид Бурханы ариун байдлын мөн чанарыг ойлгодоггүй болохоор Түүнийг шүтэн мөргөхөөр нүүрээрээ газар унан мөргөж, өвдөг сөгдөж байгаа маань ариун бус бодолтой, далд сэдэлтэй, зорилготой байдаг учраас Бурхан баярладаггүй. Бурхан Сатанаас өөр гэдгийг бид хардаг; Сатан өөрийг нь хүмүүс биширч, долигонон, шүтэж мөргөх гээд нүүрээрээ газар унаж, өвдөг сөгдөхийг нь хүсдэг. Сатанд зарчим байдаггүй. Үүнээс би бас Бурханы ариун байдлыг ойлгодог.) Маш сайн байна! Бид Бурханы ариун байдлын тухай нөхөрлөсөн болохоор та нар Бурханы төгс байдлыг харж байна уу? Бурхан бол бүх эерэг зүйлийн эх сурвалж гэдгийг хардаг уу? Бурхан бол үнэн ба шударга ёсны биелэл гэдгийг харж чаддаг уу? Бурхан хайрын эх сурвалж гэдгийг хардаг уу? Бурханы хийдэг бүхэн, Түүний илэрхийлдэг бүхэн, Түүний илчилдэг бүхэн өө сэвгүй гэдгийг хардаг уу? (Хардаг.) Эдгээр нь бүгд Бурханы ариун байдлын талаар Миний ярьсны гол санаа юм. Өнөөдөр энэ үг та нарт зүгээр л нэг сургаал шиг санагдах байх, гэхдээ нэг л өдөр чи үг болон ажлаас нь жинхэнэ Бурханыг Өөрийг нь мэдэрч, үзэх үедээ Бурхан бол ариун, Бурхан бол хүн төрөлхтнөөс өөр, Түүний зүрх сэтгэл, зан чанар, мөн чанар бүгд ариун гэж сэтгэлийнхээ угаас хэлнэ. Энэ ариун байдал Бурханы төгс байдлыг хүнд харуулдаг, бас Бурханы ариун байдлын мөн чанар өө сэвгүй гэдгийг харуулдаг. Түүний ариун байдлын мөн чанар нь Тэр бол цор ганц Бурхан Өөрөө гэдгийг тодорхойлж, Тэр бол цор ганц Бурхан Өөрөө гэдгийг хүнд харуулж, бас баталдаг. Гол санаа нь энэ мөн үү? (Мөн.)

Өнөөдөр бид өмнөх цуглаанууд дээр ярьсан агуулгын зарим хэсгийг тоймлон өгүүллээ. Өнөөдрийн тоймоо ингээд дуусгая. Та нар бүгдээрээ бүлэг, сэдэв бүрийн гол санааг нухацтай авч үзнэ гэж Би найдаж байна. Эднийг ердөө нэг сургаал гэж бүү бод; цаг завтай үедээ тэдгээрийг илүү анхааралтай уншиж, эргэцүүлэх гэж хичээ. Эдгээрийг зүрх сэтгэлдээ санаж, амьдралдаа хэрэгжүүл, тэгвэл Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохын жинхэнэ илчлэлийн тухай Миний хэлсэн бүхнийг чи үнэхээр мэдэж авна. Гэхдээ чи эдгээрийг зүгээр л тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авчихаад ерөөсөө уншихгүй, эргэцүүлж бодохгүй бол хэзээ ч өөрийн болгож авахгүй. Чи одоо ойлгосон, тийм үү? Энэ гурван сэдвээр ярилцсаны дараа Бурханы ялгамж чанар, мөн чанар болон зан чанарын талаар хүмүүс ерөнхий, эсвэл бүр нарийн ойлголт олж авна, тэд Бурханы талаар бүрэн гүйцэд ойлголттой болох уу? (Үгүй.) Тэгвэл Бурханы талаарх өөрсдийн ойлголтыг харвал илүү гүнзгий ойлголт хэрэгтэй гэж санагдаж байгаа өөр талбар байна уу? Өөрөөр хэлбэл, одоо чи Бурханы эрх мэдэл, зөвт зан чанар, ариун байдлын тухай ойлголттой болчихлоо, чиний оюун санаанд Бурханы цор ганц ялгамж чанар, байр суурийн талаарх мэдлэг бий болсон байх; гэвч Бурханы үйлдэл, Бурханы хүч чадал, Бурханы мөн чанарыг туршлагаараа харж, ойлгож, гүнзгийрүүлэх ажил чамд үлддэг. Одоо та нар энэ нөхөрлөлүүдийг сонссон болохоор итгэлийн тухай энэ сэдвийг зүрх сэтгэлдээ хадгалж чадахаар боллоо: Бурхан үнэхээр оршин байдаг, бүх зүйлийг захирдаг нь бодит үнэн. Нэг ч хүн Түүний зөвт зан чанарт халдах ёсгүй; Түүний ариун байдал нь ямар ч хүн эргэлзэхийн аргагүй тодорхой зүйл юм. Эдгээр нь бодит баримт. Энэ нөхөрлөлүүд нь Бурханы байр суурь, ялгамж чанарыг хүмүүсийн зүрх сэтгэлд суурилуулж өгдөг. Энэ суурь тавигдсан байхад хүмүүс илүү ихийг ойлгох гэж хичээх ёстой.

I Түүх: Үр, газар, мод, нарны гэрэл, шувууд ба хүн

Өнөөдөр Би та нартай шинэ сэдвийн талаар нөхөрлөнө. Энэ ямар сэдэв бэ? Сэдвийн нэр нь “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.” Арай л томдсон сэдэв юм шиг санагдаж байна уу? Энэ нь та нарт арай л хүрэхийн аргагүй санагдаж байна уу? “Бурхан бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдэг энэ сэдэв хүнд нэг л хамаагүй мэт санагдаж болох юм, гэвч Бурханыг дагадаг хүмүүс бүгд үүнийг ойлгох ёстой. Яагаад гэвэл, хүн бүр Бурханыг мэдэж, Түүнийг хангалуун байлгаж, Түүнийг хүндэлж чаддаг байхад энэ сэдэв салшгүй холбоотой. Тийм учраас Би энэ сэдвийн талаар нөхөрлөх гэж байна. Хүмүүс энэ сэдвийн талаар энгийн, урьд нь ойлголттой байсан, эсвэл үүнийг ямар нэг хэмжээгээр гадарладаг байсан байж тун болзошгүй. Оюун ухаандаа тэд энэ тухай хэтэрхий энгийн мэдлэгтэй, эсвэл өнгөцхөн ойлголттой байж болох юм. Бусад нь энэ тухай зарим нэг онцгой туршлагатай байдаг; өөрсдийн өвөрмөц туршлагын улмаас зүрх сэтгэлдээ тэд энэ тухай гүнзгий ойлголттой болсон байдаг. Гэхдээ ийм урьдын мэдлэг гүн ч бай, өнгөцхөн ч бай, өрөөсгөл бөгөөд хангалттай тодорхой биш. Ийм учраас Би энэ сэдвийг нөхөрлөхөөр сонгосон нь та нарт илүү тодорхой, гүн гүнзгий ойлголт өгөхийн төлөө юм. Энэ сэдвийн талаар та нартай нөхөрлөхдөө Би нэгэн онцгой арга буюу өмнө нь хэрэглэж байгаагүй, та нарт жаахан сонин, эсвэл бага зэрэг таагүй санагдаж магадгүй аргыг ашиглана. Дараа нь та нар юу хэлээд байгааг минь мэдэх болно. Та нар түүх сонсох дуртай юу? (Дуртай.) За, та нар бүгдээрээ түүх сонсох их дуртайгаас хойш түүх ярих арга сонгосон минь зөв бололтой. Тэгвэл эхэлцгээе. Та нар тэмдэглэж авах шаардлагагүй. Ийш тийш сатааралгүй тайван суухыг та нараас хүсье. Хэрэв эргэн тойрны чинь зүйл, эсвэл хүмүүс сатааруулж магадгүй гэж санагдвал нүдээ аньж болно. Би та бүхэнд нэгэн гайхалтай бяцхан түүх ярьж өгье. Энэ нь нэг үр, газар, мод, нарны гэрэл, шувууд, хүний тухай түүх. Уг түүхийн гол дүрүүд юу билээ? (Үр, газар, мод, нарны гэрэл, шувууд, хүн.) Нэг нь Бурхан уу? (Үгүй.) Гэхдээ л энэ түүхийг сонсоод та нар сэргэж, сэтгэл ханана гэдэгт Би итгэлтэй байна. За, чимээгүйхэн сонсоорой.

Нэг бяцхан үр газарт унажээ. Ширүүн бороо орж, өнөөх үр соёолон үндэс нь аажмаар хөрсийг ухан оржээ. Сар нэг битүүрч, нэг хавиргалахын хэрээр цаг улирал ээлжлэхийг харж, ширүүн салхи, аадар бороог даван туулсаар өчүүхэн нахиа аяндаа ургалаа. Зун болоход газрын ус хишгээ хайрлаж, улирлын аагим халууныг давахад нь тусалжээ. Газрын ачаар нахиа халуунд нэрвэгдээгүй ба тийнхүү зуны хамгийн бэрх халууныг мэнд өнгөрөв. Өвөл болоход газар түүнийг дулаан энгэртээ тэвэрч, тэд бие биедээ чанга наалджээ. Газар өнөөх нахиаг дулаацуулсны ачаар жихүүн салхи, цасан хуйг ажралгүй, өвлийн хахир хүйтэнд тэсэж үлдэв. Газрын нөмөр нөөлгөөр нахиа зоримог, аз жаргалтай болжээ; газрын харамгүй бойжуулан тэжээсэн нахиа эрүүл, чийрэг ургажээ. Нахиа бороонд дуугаа дуулж, салхинд найган бүжиж, баяр баясалтай ургалаа. Нахиа, газар хоёр бие биеэ түшиглэдэг…

Он жил өнгөрөхөд тэр нахиа сүглэгэр мод боллоо. Тоймгүй олон навчаар хучигдсан бахим олон салаа мөчиртэй болж, газар дээр бат байрлав. Үндэс нь урьдын адил газарт мөн л шигдсээр, хөрсний гүнд бөх зоогджээ. Нэгэн цагт өчүүхэн нахиаг хамгаалж байсан газар одоо аварга модны суурь болжээ.

Нарны цацраг модон дээр тусав. Мод биеэ ганхуулж, мөчрөө алдлан дэлгээд нар туссан агаарыг гүнээ амьсгалдаг байв. Доорх газар нь модтой нэгэн хэмнэлээр амьсгалж, шинэ болсон мэт санагддаг байв. Яг тэр үед модны мөчир дундаас сэвшээ салхи үлээж, мод баярлан намилзаж, эрч хүчээр оргилдог байлаа. Мод ба нарны гэрэл бие биеэ түшиглэдэг…

Хүмүүс модны сэрүүн сүүдэрт суугаад анхилуун цэнгэг агаарт баясжээ. Агаар тэдний зүрх, уушгийг цэвэрлэж, цусыг нь цэвэршүүлж, тэдний бие алжаал ядаргааг мэдрэхээ болив. Хүмүүс ба мод бие биеэ түшиглэдэг…

Удалгүй модны мөчрүүд дээр бяцхан шувууд жиргэн эргэлдэх боллоо. Зарим нь махчдаас зугтаж, зарим нь ангаахайгаа бойжуулах гэж, харин зарим нь түрхэн зуур амсхийх гэж буусан байх. Шувуу ба мод бие биеэ түшиглэдэг…

Модны үндэс мушгирч, зангиран газарт гүн шигдэв. Модны их бие нь газрыг салхи, борооноос нөмөрлөн мөчрүүдээ дэлгэн доорх газраа хамгаалдаг байлаа. Газар өөрийнх нь эх байсан учраас мод ингэдэг байжээ. Тэд бие биеэ хүчирхэгжүүлж, бие биеэ түшиглэдэг бөгөөд хэзээ ч салж хагацахгүй…

Ингээд энэ түүх дууслаа. Миний ярьсан түүх бол үр, газар, мод, нарны гэрэл, шувууд болон хүний тухай байлаа. Энэ түүх хэдхэн хэсэгтэй. Энэ түүх та нарт юу бодогдуулав? Ийм маягаар ярихад Миний юу хэлээд байгааг та нар ойлгож байна уу? (Ойлгож байна.) Та нар юу бодсоноо ярь даа. Энэ түүхийг сонсоод ямар санагдав? Энэ түүхэнд гарсан бүх зүйлийг харж, хүрч болно гэдгийг Би эхлээд та нарт хэлье; тэдгээр нь зүйрлэл биш, бодит юмс. Та бүхэн Миний ярьсныг бодоосой гэж Би хүсэж байна. Миний өгүүлсэн түүхэнд далд утгатай юм ер байхгүй бөгөөд гол санаа нь уг түүхийн хэдхэн өгүүлбэрээр илэрч болно. (Саяын сонссон түүх маш сайхан зураглал дүрсэлж байна. Нэг үр амьтай болж, ургах явцдаа хавар, зун, намар, өвөл гээд жилийн дөрвөн улирлыг туулдаг. Соёолон буй үрийг газар түүнийг эх юм шиг нь бойжуулдаг. Газар тэр нахиаг өвөл дулаацуулж, нахиа хүйтнийг давж гарсан. Нахиа ургаж мод болоход нарны гэрэл мөчрүүдэд нь хүрч, модонд их баяр хөөр авчирдаг. Бурханы бүтээлийн олон зүйлийн дунд газар бас амьд бөгөөд мод тэр хоёр бие биеэ түшиглэдэг гэдгийг би харсан. Бас нарны гэрэл модонд их дулаан илч хайрладгийг би ойлгосон, шувууд хэдийгээр ердийн амьтад боловч тэд мод, хүнтэй хамт төгс зохицолддог гэдгийг би ойлгосон. Энэ түүхийг сонсож байхад миний зүрх сэтгэлд ийм мэдрэмж төрж байлаа; эдгээр зүйл бүгд үнэхээр амьд гэдгийг ухаарч байна.) Сайхан хэллээ! Өөр юм нэмж хэлэх хүн байна уу? (Үр соёолж, сүглэгэр мод болж ургадаг энэ түүхээс би Бурханы бүтээлийн гайхамшгийг харж байна. Бурхан, бүх зүйлийг бие биеэ батжуулж, түшиглэдэг болгосон ба бүх зүйл бие биетэйгээ холбоотой, бие биедээ үйлчилдэг болгосныг ойлголоо. Би Бурханы мэргэн ухаан болон гайхамшгийг харж, Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж мөн гэдгийг харсан.)

Миний дөнгөж сая ярьсан бүх зүйлийг та нар урьд нь харсан. Жишээ нь үр байна, үр ургаад мод болдог үйл явцыг чи нарийн мэдэхгүй байж болно, гэхдээ тэгдэг гэдгийг мэднэ, тийм биз дээ? Чи газрыг, нарны гэрлийг бас мэднэ. Шувууд модон дээр суусан байх нь хүн бүрийн харсан зүйл, тийм үү? Хүмүүс модны сүүдэрт сэрүүцэхийг та нар бүгдээрээ харж байсан биз дээ? (Харсан.) Тэгэхээр энэ бүх жишээг нэг дүр зурагт багтаахад тийм зураг ямар мэдрэмж төрүүлэх вэ? (Эв зохицол.) Ийм дүр зургийн зүйлс бүгд Бурханаас ирдэг үү? (Тийм.) Тэд Бурханаас ирдэг тул энэ өөр өөр зүйлийн газар дээр оршин буйн үнэ цэн, ач холбогдлыг Бурхан мэддэг. Бурхан бүх зүйлийг төлөвлөж, бүтээхдээ санаа зорилготой хийсэн; Бурхан бүх зүйлийг бүтээхдээ тэдэнд амь шингээсэн. Хүн төрөлхтний оршин тогтноход зориулан Түүний бүтээсэн орчин нь яг л саяын түүхэнд өгүүлсэн үр ба газар бие биеэ түшиглэдэг, газар үрийг тэтгэж, үр газартай холбогддог тэр орчин юм. Энэ харилцааг Бурхан бүтээлийнхээ бүр эхэнд урьдчилан тогтоосон. Мод, нарны гэрэл, шувууд, хүмүүсийн дүрслэл бол хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах орчны зураглал юм. Нэгдүгээрт, мод газрыг орхиж чадахгүй, нарны гэрэлгүйгээр ч байж чадахгүй. Тэгэхээр Бурхан модыг бүтээсний зорилго нь юу юм бэ? Зөвхөн газрын төлөө бүтээсэн гэж хэлж болох уу? Зөвхөн шувуудын төлөө бүтээсэн гэж хэлж болох уу? Зөвхөн хүмүүсийн төлөө бүтээсэн гэж хэлж болох уу? (Болохгүй.) Тэдний хоорондох харилцаа юу вэ? Тэдний хоорондын харилцаа нь бие биеэ батжуулах, салж болшгүй харилцан хамаарал юм. Өөрөөр хэлбэл, газар, мод, нарны гэрэл, шувууд болон хүмүүс оршин байхын тулд бие биеэ тулж түшдэг бөгөөд нэг нь нөгөөгөө тэтгэдэг. Мод газрыг хамгаалдаг байхад газар модыг тэжээдэг; нарны гэрэл модонд шим өгөхөд мод нарны гэрлээс цэвэр агаар бий болгож, газарт тусах нарны төөнөм халууныг багасгадаг. Эцэст нь хэнд ашигтай байна? Хүн төрөлхтөнд ашигтай байгаа биз? Энэ бол хүн төрөлхтний амьдардаг, Бурханы бүтээсэн орчны үндэс болсон зарчмуудын нэг юм; Бурхан үүнийг анхнаасаа ямар байлгахаар зорьсон нь энэ юм. Хэдий энэ нь жирийн нэг дүрслэл боловч бид Бурханы мэргэн ухаан, санаа зорилгыг харж чаддаг. Хүн төрөлхтөн газаргүйгээр, модгүйгээр, бас шувуугүйгээр, нарны гэрэлгүйгээр амьдарч чадахгүй. Тийм биш үү? Энэ нь ердөө л нэг түүх боловч Бурханы бүтээсэн тэнгэр, газар ба бүх зүйл, мөн хүн төрөлхтөнд өгсөн Түүний бэлэг болох амьдрах орчны бичил ертөнцийг дүрслэн харуулдаг.

Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг хүн төрөлхтөнд зориулж бүтээсэн бөгөөд бас амьдрах орчныг ч бүтээсэн. Нэгдүгээрт, энэ түүх бүх зүйл бие биеэ хүчирхэгжүүлдэг, харилцан хамаардаг ба зэрэгцэн оршдогийг гол зүйл болгон авч үздэг. Энэ зарчмын дор хүн төрөлхтний амьдрах орчин хамгаалагддаг; энэ нь цаашид оршин тогтож чадах ба байсаар байна. Үүний үрээр хүн төрөлхтөн цэцэглэн хөгжиж, өсөн үржиж чадна. Бидний үзсэн дүр зураг бол мод, газар, нар, шувууд, бас хүмүүсийн дүр зураг байсан. Энэ дүр зурагт Бурхан байсан уу? Хүн тэндээс Бурханыг олж хараагүй. Гэхдээ хүн энэ үйл явдалд гарсан зүйлсийн хоорондын бие биеэ хүчирхэгжүүлэх ба харилцан хамаарах зүй тогтлыг харсан; энэ зүй тогтлоор дамжуулан хүмүүс Бурхан оршин буйг, Бурханы дээд эрхийг харж чаддаг. Бурхан эдгээр зарчим болон зүй тогтлыг ашиглаад бүх зүйлийг амьд байлгаж, оршин тогтнуулдаг. Ийм замаар Тэр бүх зүйлийг хангаж, хүн төрөлхтнийг тэтгэж байдаг. Энэ түүх бидний гол сэдэвтэй холбоотой юу? Өнгөн талдаа холбоогүй юм шиг харагддаг боловч бодит байдал дээр Бурхан бүх зүйлийг бүтээсэн зүй тогтол болон бүх зүйлийг ноёрхох Түүний ноёрхол нь, Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэдэгтэй нь шууд уялдсан байдаг. Та нар жаахан юм сурч эхэлж байна!

Бүх зүйлийн үйл ажиллагааг удирддаг зүй тогтлыг Бурхан захирдаг; Тэрээр бүх зүйлийн амьдралыг удирддаг зүй тогтлыг захирдаг; Тэр бүх зүйлийг хянаж, бие биедээ хүч нэмж, түшиглэдэг болгосноор тэд мөхдөггүй, алга болдоггүй. Зөвхөн ингэснээр хүн төрөлхтөн амьдарсаар байж чадна; зөвхөн ингэснээр Бурханы удирдлага дор ийм орчинд амьдарч чаддаг. Бурхан бол үйл ажиллагааны эдгээр зүй тогтлын эзэн бөгөөд хэн ч хөндлөнгөөс оролцож, тэдгээрийг өөрчилж чадахгүй; Бурхан Өөрөө л энэ зүй тогтлуудыг мэддэг, бас Бурхан Өөрөө л удирддаг. Модод хэдийд нахиалах; бороо хэдийд орох; газраас ургамал ногоонд газар хэр их ус, хэр зэрэг шим тэжээл өгөх; ямар улиралд навчис унах; ямар улиралд мод жимслэх; нарны гэрэл модонд хэр их шим тэжээл өгөх; нарны гэрлээс шим тэжээл аваад мод юу ялгаруулах—энэ бүхнийг Бурхан бүх зүйлийг бүтээхдээ урьдчилан зохицуулсан бөгөөд хэн ч зөрчиж чадахгүй зүй тогтлууд юм. Бурханы бүтээсэн зүйлс амьд ч бай, эсвэл хүний нүдэнд амьгүй гэж харагддаг ч бай, бүгдээрээ Бурханы гарт, Түүний ноёрхол дор байдаг. Хэн ч энэ зүй тогтлыг өөрчилж, эсвэл зөрчиж чадахгүй. Өөрөөр хэлбэл, Бурхан бүх зүйлийг бүтээхдээ ямар байхыг буюу газар байхгүйгээр мод үндэслэж, соёолж, ургаж чадахгүй байсан; хэрвээ газарт ямар ч мод байгаагүй бол газар хатах байсан; мод бол шувуудын орон гэр бөгөөд салхинаас хоргодох нөмөр нь болно гэдгийг урьдаас тогтоочихсон. Мод хөрсгүйгээр ургаж чадах уу? Яавч үгүй. Энэ нь нар, бороогүйгээр байж чадах уу? Бас л чадахгүй. Энэ бүхэн хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө байдаг. Хүн модноос цэвэр агаар авдаг ба модоор хамгаалагдсан газар дээр амьдардаг. Хүн нарны гэрэл болон бусад янз бүрийн амьд зүйлгүйгээр амьдарч чадахгүй. Хэдий эдгээр зүйлийн хамаарал нарийн төвөгтэй боловч Бурхан бүх зүйлийг захирах зүй тогтлуудыг бүтээсэн, ингэснээр бүх зүйл харилцан хамааралтай, уялдаа холбоотой байдлаар оршиж болох юм гэдгийг чи санах ёстой; Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн зүйл нэг бүр үнэ цэн, ач холбогдолтой. Хэрвээ Бурхан ач холбогдолгүй зүйл бүтээсэн бол Бурхан үүнийг алга болгох байсан. Энэ бол бүх зүйлийн хэрэгцээг хангахдаа Бурханы ашигладаг аргуудын нэг. Энэ түүхэнд “хангах” гэдэг үг юуг хэлж байна вэ? Бурхан тэр модыг өдөр бүр усалж байсан уу? Амьсгалахын тулд модонд Бурханы тусламж хэрэгтэй байна уу? (Үгүй.) Энд “хангах” гэдэг нь бүтээснийхээ дараа Бурхан бүх зүйлийг удирдахыг хэлдэг; тэдгээрийг захирах зүй тогтлыг бий болгосны дараа удирдах нь Бурханд хангалттай юм. Модны үрийг газарт тарьчихвал өөрөө ургадаг. Харин модны ургах нөхцөлийг бүгдийг нь Бурхан бүтээсэн. Бурхан нарны гэрэл, ус, хөрс, агаар болон хүрээлэн буй орчныг бүтээсэн; салхи, жавар, цас, бороо, дөрвөн улирлыг Бурхан бүтээсэн. Эдгээр нь мод ургахад хэрэгтэй нөхцөлүүд бөгөөд Бурханы бэлдсэн зүйл юм. Тэгэхээр Бурхан энэхүү амьдрах орчны эх сурвалж мөн үү? (Мөн.) Бурхан модны навч нэг бүрийг өдөр бүр тоолох шаардлагатай уу? Үгүй! Бурхан бас модыг амьсгалахад туслах хэрэг ч байхгүй, эсвэл өдөр бүр “Модон дээр тусах цаг чинь боллоо” гэж хэлээд нарны гэрлийг сэрээх ч шаардлагагүй. Тэр тэгэх шаардлагагүй. Нарны гэрэл зүй тогтлын дагуу гийх цаг нь болоход аяндаа гийнэ; гарч ирээд гэрлээ модон дээр тусгаж, хэрэгтэй үедээ мод нарны гэрлийг шингээдэг бөгөөд хэрэггүй үед мод мөн л зүй тогтлоор амьдардаг. Та нар энэ үзэгдлийг тодорхой тайлбарлаж чадахгүй байж магадгүй, гэвч энэ нь хүн бүрийн харж, хүлээн зөвшөөрдөг бодит баримт юм. Хийх ёстой ганц зүйл чинь бүх зүйлийн оршин тогтнолын зүй тогтол Бурханаас ирдэг гэдгийг танин мэдэж, тэдний өсөлт болон оршин тогтнол Бурханы ноёрхолд байдаг гэдгийг мэдэх явдал юм.

Энэ түүхэнд “зүйрлэл” гэж хэлэхээр зүйл байна уу? Энэ нь хүнчлэл үү? (Үгүй.) Би та нарт үнэн түүх ярьсан. Бүх төрлийн амьд юмс, амьтай бүхэн Бурханд захирагддаг. Амьд зүйл бүрийг бүтээснийхээ дараа Бурхан амь өгсөн; амьтан нэг бүрийн амийг Бурхан өгсөн бөгөөд тэд өөрсдийг нь удирддаг замнал болон хуулийг мөрддөг. Хүн үүнийг өөрчлөх хэрэг байхгүй, мөн үүнд хүний тусламж хэрэггүй; энэ бол бүх зүйлийг хангадаг Бурханы арга замын нэг юм. Та нар ойлгосон биз дээ? Хүмүүс үүнийг мэдэх хэрэгтэй гэж та нар бодож байна уу? (Тийм.) Тэгвэл энэ түүх биологитой ямар нэгэн холбоотой юу? Үүнд ямар нэг мэдлэг, эсвэл судалгааны салбарт холбоотой юм байна уу? Бид энд биологи яриагүй, лав л биологийн судалгаа хийгээгүй байна. Бидний ярианы гол санаа юу вэ? (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) Бүтээлийн дотроос та нар юу харсан бэ? Та нар мод харсан уу? Газар харсан уу? (Харсан.) Нарны гэрлийг бас харсан, тийм биз дээ? Модон дээр суусан шувуудыг харсан уу? (Харсан.) Хүн төрөлхтөн ийм орчинд амьдрахдаа аз жаргалтай байдаг уу? (Тийм.) Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний амьдрах орон гэрийг оршин тогтнуулж, хүн төрөлхтний гэрийг хамгаалахын тулд Бурхан бүх зүйлийг—Өөрийн бүтээсэн бүх зүйлийг ашигладаг. Ингэж Тэр хүнийг болон бүх зүйлийг хангадаг.

Энэ ярианы маяг, ийм янзаар нөхөрлөж байгаа маань та нарт ямар санагдаж байна? (Ойлгоход хялбархан, бас бодитой жишээ олон байна.) Би дэмий хоосон үг хэлэхгүй байгаа биз дээ? Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэдгийг хүмүүст ойлгуулахад саяын түүх хэрэгтэй юу? (Тийм.) Хэрвээ тийм бол дахиад нэг түүх ярья. Дараагийн түүх агуулгаараа жаахан өөр, гол санаа нь бас жаахан өөр. Уг түүхэнд гарах зүйлс нь Бурханы бүтээлээс хүмүүсийн харж чаддаг зүйл юм. За, Би дараагийн яриагаа эхэлье. Та нар чимээгүй сонсоод Миний үгийн учрыг ухаарч чадах эсэхээ хараарай. Ярьж дуусчихаад хэр зэрэг ойлгосныг чинь харахын тулд хэдэн асуулт асууна. Энэ түүхийн гол дүрүүд нь өндөр уул, жаахан горхи, хүчит салхи, аварга давлагаа юм.

II Түүх: Өндөр уул, жаахан горхи, хүчит салхи ба аварга давлагаа

Нэгэн жаахан горхи мурилзан мушгирч урссаар эцэст нь өндөр уулын бэлд ирэв. Уул бяцхан горхины замыг хааж байсан учир горхи доройхон, нарийхан дуугаараа “Намайг явуулаач, чи миний зам дээр зогсоод урагшлах замыг минь хаагаад байна” гэжээ. “Чи хаашаа явж байгаа юм бэ?” гэж уул асуув. “Би гэрээ хайж байгаа юм аа” гэж горхи хариулав. Уул: “За, яв, яв, миний дээгүүр давж урсаад яв!” гэлээ. Гэвч бяцхан горхи дэндүү дорой, бас хэтэрхий залуу учир өндөр уулыг давж урсах ямар ч арга байсангүй. Тиймээс зөвхөн уулын бэл даган урсаж чадах байлаа…

Хүчит салхи нөгөө уулын байгаа газраар элс шороо татуулсаар шуурав. Салхи уул руу хуугиж, “Намайг явуул!” гэсэнд уул “Чи хаашаа явж байна вэ?” гэв. “Би уулын нөгөө талд гармаар байна” гэж салхи улин хариулав. Уул: “За, за. Миний дундуур хуваагаад гарч чадвал явж болно!” гэв. Хүчит салхи ийшээ тийшээ ульж, хэчнээн ууртай үлээсэн боловч уулыг дундуур нь хувааж чадсангүй. Салхи хүчээ барж, амрах гээд намджээ. Харин уулын нөгөө талд сэвшээ салхи үлээх болж, хүмүүсийг баярлуулж байв. Уул ингэж хүмүүстэй мэндчилж байлаа…

Далайн эрэгт далайн хаялга хадат эргийг зөөлөн цохилон эргэдэг байжээ. Гэтэл нэгэн аварга давлагаа гарч ирээд уулын зүг шуугин чиглэв. “Замаас холд!” хэмээн аварга давлагаа хашхирав. “Чи хаашаа явж байгаа юм бэ?” гэж уул асуулаа. Их давлагаа давшилтаа зогсоож чадахгүй хүрхрэн “Би нутаг дэвсгэрээ тэлж байна! Гараа сунгамаар байна!” гэв. Уул: “За, за. Миний оройг давж чадвал чамд би зам тавьж өгнө” гэлээ. Их давлагаа хойш жаахан ухраад, уул өөд дахин нэг давлагаалав. Гэвч хэчнээн их хичээсэн ч уулын оргилд хүрч чадсангүй. Давлагаа далайдаа аажуухан буцахаас өөр аргагүйджээ…

Хэдэн мянган жилийн турш бяцхан горхи уулын бэлээр зөөлхөн хоржигнон урсжээ. Бяцхан горхи уулын заасан замыг даган явсаар гэртээ ирж, голд нийлж, гол нь далайд цутгав. Уулын халамж дор бяцхан горхи хэзээ ч төөрсөнгүй. Горхи, уул хоёр бие биедээ хүч нэмж, бие биеэ түшиглэжээ; тэд бие биеэ хүчирхэгжүүлж, бие биеэ хязгаарлаж, хамт оршиж байлаа.

Хэдэн мянган жилийн турш хүчит салхи зуршлаараа ульж байлаа. Хүчит салхи мөн л ууланд “зочлохоор” байнга элс шороо хуйлруулсаар ирдэг байв. Уулыг сүрдүүлэвч дундуур нь гарч хэзээ ч чадсангүй. Салхи, уул хоёр бие биедээ хүч нэмж, бие биедээ түшиглэсэн; тэд бие биеэ хүчирхэгжүүлж, бие биеэ хязгаарлаж, хамт оршиж байлаа.

Хэдэн мянган жилийн турш аварга давлагаа огт амарч намжсангүй, нутаг дэвсгэрээ тасралтгүй тэлэн хайр найргүй давшсаар байлаа. Давлагаа байсхийгээд л уулын өөдөөс хүрхрэн түрэх боловч уул ямхын төдий ч хөдөлсөнгүй. Уул далайг харж хандаж, ийм маягаар далайн амьтад үржиж олшрон, өсөн нэмэгджээ. Давлагаа, уул хоёр бие биедээ хүч нэмж, бие биедээ түшиглэсэн; тэд бие биеэ хүчирхэгжүүлж, бие биеэ хязгаарлаж, хамт оршиж байлаа.

Энэ түүх маань дууслаа. Эхлээд, энэ түүх юуны тухай байсныг Надад хэл дээ. Юуны өмнө нэг өндөр уул, бяцхан горхи, хүчит салхи, аварга давлагаа байсан. Бяцхан горхи ба өндөр уултай эхний хэсэгт юу болсон бэ? Би яагаад өндөр уул, бяцхан горхины талаар ярьж байна вэ? (Уулын халамж дор горхи хэзээ ч төөрөөгүй. Тэд бие биедээ түшиглэсэн.) Уул бяцхан горхийг хамгаалсан уу, саад болсон уу? (Хамгаалсан.) Гэхдээ саад болоогүй гэж үү? Уул, горхи хоёр бие биедээ анхаарч байсан; уул горхийг хамгаалж, бас саад болсон. Голд нийлж байсан болохоор уул горхийг хамгаалсан, гэхдээ бас хүмүүст үер усны аюул учруулж болзошгүй газраар урсгахгүйн тулд уул замыг нь хааж байсан. Уг хэсгийн санаа энэ мөн үү? Горхийг хамгаалж, мөн саатуулснаар уул хүмүүсийн орон гэрийг хамгаалсан. Дараа нь бяцхан горхи уулын бэлд гол мөрөнтэй нийлж, эцэст нь далайд цутгасан. Энэ нь горхины оршин тогтнолыг захирдаг зүй тогтол биш гэж үү? Горхи голд нийлж, дараа нь далайд цутгах боломжийг юу өгсөн бэ? Уул биш гэж үү? Тэр горхи уулын хамгаалалт болон саадад түшиглэсэн. Тэгэхээр энэ гол санаа нь мөн үү? Энд усны хувьд уул хэр чухал болохыг чи харж байна уу? Бурхан өндөр, нам уул бүрийг бүтээхдээ зорилготой байсан уу? (Тийм.) Нэг бяцхан горхи, өндөр уулаас өөр юм гардаггүй энэ богинохон хэсэг нь Бурханы бүтээлийн энэ хоёр зүйлийн үнэ цэн, ач холбогдлыг бидэнд харуулдаг; Бурхан энэ хоёр зүйлийг захирч байгаагаас бид Түүний мэргэн ухаан болон зорилгыг бас харж чаддаг. Тийм биш гэж үү?

Уг түүхийн хоёр дахь хэсэг юуны тухай байсан бэ? (Ширүүн салхи ба өндөр уул.) Салхи сайн зүйл мөн үү? (Мөн.) Заавал сайн биш, заримдаа салхи хэт ширүүсвэл гай гамшиг учруулдаг. Хэрвээ чамайг ширүүн салхинд зогсоовол чамд ямар санагдах вэ? Салхины хүчээс хамаарна. 3–4 дүгээр түвшний хүчтэй салхинд бол тэсээд байж чадна. Хамгийн ихдээ л нүдээ нээхэд хэцүү байна байх. Харин салхи ширүүсэж, хар салхи дэгдвэл чи тэсэж чадах уу? Чи чадахгүй. Тэгэхээр хүмүүс салхийг үргэлж сайн, эсвэл үргэлж муу гэж хэлэх нь буруу, учир нь салхи хэр хүчтэйгээс энэ нь шалтгаалдаг. Тэгвэл уул энд ямар үүрэгтэй байсан бэ? Салхины шүүлтүүр байсан биш гэж үү? Уул ширүүн салхийг юу болгож бууруулсан бэ? (Сэвшээ салхи.) Тэгвэл, хүмүүсийн суудаг орчинд дийлэнх хүмүүсийн хүрч, мэдэрч чаддаг салхи нь хүчтэй салхи байсан уу, эсвэл сэвшээ салхи байдаг уу? (Сэвшээ салхи.) Энэ нь Бурханы нэг зорилго, уулсыг бүтээхдээ агуулсан санаа зорилгынх нь нэг биш гэж үү? Салхинд элс нүүр нүдгүй хийсэж, хааж, шүүх юмгүй орчинд амьдарвал хүмүүст ямар байх бол? Хаа сайгүй элс, шороо боссон газар амьдрах аргагүй болох биш үү? Зарим хүн чулуунд цохиулж магадгүй, эсвэл элс орж нүдийг нь сохолж болзошгүй. Хүмүүс салхинд унах юм уу дээш хийсэж ч магадгүй. Барилга байшин нурж, бүх төрлийн гай гамшиг нүүрлэж болно. Гэхдээ хүчтэй салхинд үнэ цэн бий юу? Би салхи муу гэсэн болохоор салхи ямар ч үнэ цэнгүй юм гэж санагдах байх, гэхдээ тийм гэж үү? Сэвшээ салхи болж хувирмагцаа үнэ цэнтэй болдог бус уу? Чийгтэй, бүгчим үед хүмүүст юу хамгийн хэрэгтэй байдаг вэ? Тэднийг зөөлөн илбэх, сэргээж, толгойг нь амраах, ухааныг нь хурцлах, сэтгэл санааг нь засаж, сайжруулах зөөлөн сэвшээ салхи хэрэгтэй. Жишээ нь, та нар олон хүнтэй, бүгчим агаартай өрөөнд сууж байвал юу хамгийн их хэрэгтэй вэ? (Зөөлөн салхи.) Агаар нь бүгчим, бохир газар очиход хүний бодож сэтгэх нь удааширч, цусны эргэлт буурч, ухаан санаа нь муудаж болно. Харин агаар жаахан эргэлт хөдөлгөөнд орвол цэнгэг болж, цэнгэг агаарт хүмүүсийн байдал ч дээрддэг. Хэдий бяцхан горхи, хүчтэй салхи гамшиг учруулж болох байсан ч уул байгаа цагт тэр аюулыг хүмүүст ашиг тустай зүйл болгон хувиргана. Тийм биш гэж үү?

Түүхийн маань гурав дахь хэсэг юуны тухай байсан бэ? (Өндөр уул ба аварга давлагаа.) Өндөр уул ба аварга давлагаа. Энэ хэсэгт уулын бэлийн далайн эргийг дүрсэлжээ. Бид уул, далайн хаялга, аварга давлагааг харж болно. Энэ тохиолдолд аварга давлагааны хувьд уул юу байсан бэ? (Хамгаалагч, бас хаалт.) Хамгаалагч, бас хаалт. Хамгаалагчийн хувьд далайг үгүй болголгүй байлгадаг, ингэснээр дотор нь амьдардаг амьтад үржиж олширч чадна. Хаалт болохын хувьд гэвэл, далайн ус хальж урсан гамшиг тарихаас, хүмүүсийн гэр орныг эвдэж сүйтгэхээс хамгаалдаг. Тэгэхээр уулыг бид хаалт, бас хамгаалагч гэж хэлж болох юм.

Энэ бол өндөр уул ба бяцхан горхи, өндөр уул ба ширүүн салхи, өндөр уул ба аварга давлагааны хоорондох холбооны ач холбогдол юм; энэ бол тэдний бие биедээ хүч нэмж, бие биеэ хязгаарлаж, зэрэгцэн оршдогийн ач холбогдол юм. Бурханы бүтээсэн эдгээр зүйл оршин тогтнохдоо зүй тогтол, хуульд захирагддаг. Энэ түүхээс та нар Бурханы ямар үйл хэргийг харсан бэ? Бурхан бүх зүйлийг бүтээснийхээ дараа зөнд нь орхисон уу? Бурхан тэднийг зүй тогтолтой болгож, чиг үүргийг нь тогтоосныхоо дараа юу л болбол болог гээд зөнд нь хаясан уу? Ийм зүйл болсон гэж үү? (Үгүй.) Тэгвэл яасан бэ? Бурхан бас л хяналтдаа байлгадаг. Бурхан ус, салхи, давлагааг хянадаг. Тэднийг эмх замбараагаа алдаж, эсвэл хүмүүсийн гэр орныг эвдэж, сүйдлэхийг Бурхан зөвшөөрдөггүй. Тийм болохоор хүмүүс энэ газар нутагт амьдарч, өсөж үржиж чаддаг. Энэ нь Бурхан бүх зүйлийг бүтээхдээ тэдний оршин тогтнолын зүй тогтлыг аль хэдийнээ төлөвлөчихсөн байсан гэсэн үг юм. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ хүнд өгөх ашиг тусыг нь бодсон бөгөөд Тэр бас тэдгээрийг хянаж байдаг, ингэснээр энэ нь хүн төрөлхтөнд төвөг, гамшиг учруулахгүй юм. Хэрвээ Бурханы удирдлага байгаагүй бол ус замбараагүй урсах байсан биш үү? Салхи замбараагүй шуурах байсан биш үү? Ус, салхи зүй тогтлыг дагадаг уу? Хэрвээ Бурхан тэднийг удирдаагүй бол тэднийг захирах ямар ч зүй тогтол байхгүй байх байсан бөгөөд салхи ульж, ус задарч, үер ус нэрвэх байсан. Хэрвээ давлагаа уулнаас өндөр байсан бол далай оршиж чадах байсан уу? Чадахгүй байсан. Уул хэрвээ давлагаа шиг өндөр байдаггүй бол далай оршихгүй байсан бөгөөд уул үнэ цэн, ач холбогдлоо алдах байв.

Энэ хоёр түүхээс та нар Бурханы мэргэн ухааныг харж байна уу? Бурхан оршин буй бүх зүйлийг бүтээсэн бөгөөд Тэр оршин буй бүхнийг захирдаг; Тэр бүхнийг удирдаж, хангаж, оршин буй бүхний үг, үйлдэл бүрийг нь харж, гярхай ажигладаг. Тэр бас хүний амьдралын булан тохой бүрийг харж, гярхай ажигладаг. Иймээс Бурхан бүтээлд нь багтдаг юм бүрийн чиг үүрэг, шинж чанар, оршин тогтнох зүй тогтлоос нь эхлээд амьдралынх нь ач холбогдол, оршин тогтнолынх нь үнэ цэнийг нэгд нэггүй тодорхой мэддэг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, тэдгээрийг захирдаг зүй тогтлыг Бурхан судлах хэрэгтэй гэж та нар бодож байна уу? Энэ тухай судалж, ойлгохын тулд Бурхан хүний мэдлэг, эсвэл шинжлэх ухааныг сурах хэрэгтэй юу? (Үгүй.) Тэгвэл хүн төрөлхтний дотор бүх зүйлийг Бурханы адил ойлгодог уудам ухаантай, өргөн мэдлэгтэй хүн байгаа юу? Байхгүй, тийм үү? Бүх зүйл хэрхэн амьдарч, өсдөгийг үнэхээр ойлгодог одон оронч, биологич байдаг уу? Юм бүхний оршин тогтнолын үнэ цэнийг тэд үнэхээр ойлгож чадна гэж үү? (Чадахгүй.) Яагаад гэвэл, бүх зүйлийг Бурхан бүтээсэн болохоор хүн хэчнээн их, хэчнээн гүнзгий судалсан ч, хэчнээн жил чармайсан ч, Бурхан бүх зүйлийг бүтээсний нууц болон зорилгыг хэзээ ч ухан ойлгож чадахгүй. Тийм биш гэж үү? Энэ хүртэл хэлэлцсэн болохоор “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн үгийн жинхэнэ утгыг та нар бага ч атугай ойлгож чадав уу? (Тийм.) Намайг “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдэг энэ сэдвийг ярихад олон хүн шууд л “Бурхан бол үнэн, биднийг хангахын тулд Бурхан үгээ ашигладаг” гэх өөр үгийн тухай бодохоос биш тэр сэдвийн учир утгын түвшнээс цааш бодохгүй гэдгийг Би мэдэж байсан. “Бурхан хүний амьдралыг хангаж, өдөр тутмын хоол унд, хэрэгцээг хангадаг нь хүнийг хангаж байгаад тооцогдохгүй” хэмээн боддог хүмүүс ч бий. Зарим хүнд ингэж санагддаггүй гэж үү? Хүн төрөлхтнийг хэвийн оршин тогтнуулж, амьдруулахын тулд бүх зүйлийг бүтээсэн Бурханы санаа зорилго тун тодорхой биш байна гэж үү? Бурхан хүмүүсийн амьдардаг хүрээлэн буй орчныг хэвээр хадгалж, хүн төрөлхтний оршин тогтнолд хэрэгтэй бүхнээр хангадаг. Түүнчлэн бүх зүйлийг удирдаж, ноёрхдог. Энэ бүхэн нь хэвийн байдлаар амьдарч, хөгжиж, үржих боломжийг хүн төрөлхтөнд олгодог; Бурхан ийм арга барилаар бүх зүйл болон хүн төрөлхтнийг хангадаг. Ийм юмыг хүмүүс танин мэдэж, ойлгох хэрэгтэй биш гэж үү? Зарим хүн: “Энэ сэдэв жинхэнэ Бурханы Өөрийнх нь тухай бидний мэдлэгээс дэндүү хол юм. Хүн зөвхөн талхаар биш, харин Бурханы үгээр амьдардаг учраас бид үүнийг мэдэхийг хүсэхгүй байна” гэж хэлж магадгүй. Ингэж ойлгох нь зөв үү? (Үгүй.) Яагаад буруу вэ? Бурханы хэлсэн зүйлийг л мэдлээ гээд Бурханы талаар бүрэн гүйцэд ойлголттой болж чадах уу? Хэрвээ та нар Бурханы ажил, шүүлт, гэсгээлтийг л хүлээн зөвшөөрвөл Бурханы талаар бүрэн гүйцэд ойлголттой болж чадах уу? Хэрвээ та нар Бурханы зан чанарын жаахан хэсгийг, Бурханы эрх мэдлийн багахан хэсгийг л мэддэг бол Бурханы тухай ойлголттой болоход тэр нь хангалттай гэж үзэх үү? (Үгүй.) Бурханы үйлдэл бүх зүйлийг бүтээхээс эхэлдэг ба өнөөдөр ч үргэлжилдэг—Бурханы үйлдлүүд цаг үргэлж, хором бүрд илэрхий байдаг. Бурхан нэг бүлэг хүмүүсийг сонгож аваад тэр хүмүүсийг аврахаар тэдэн дээр ажилладаг учраас л Бурхан оршдог болохоос биш өөр юу ч Бурханы эрх мэдэл, ялгамж чанарт ч, үйлдэлд ч хамаагүй гэж итгэдэг бол ийм хүнийг Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй гэж үзэж болох уу? “Бурханы тухай мэдлэг” гэгчтэй хүмүүс өрөөсгөл ойлголттой байдаг бөгөөд үүнийхээ дагуу Түүний үйл хэргийг зөвхөн нэг бүлэг хүмүүсээр хязгаарладаг. Энэ нь Бурханы тухай жинхэнэ мэдлэг мөн үү? Бурханы талаар иймэрхүү мэдлэгтэй хүмүүс, Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэдгийг, бас Бурхан бүх зүйлийг ноёрхдог гэдгийг үгүйсгэж байгаа биш гэж үү? Зарим хүн үүнд анхаарал хандуулахыг хүсдэггүй, харин “Бурхан бүх зүйлийг ноёрхдогийг би хараагүй. Энэ санаа надаас хэтэрхий хол зүйл, би ойлгох гэж оролдох ч үгүй. Бурхан юу хүссэнээ хийдэг, энэ нь надад огт хамаагүй. Би зөвхөн Бурханы удирдлагыг болон Бурханы үгийг хүлээн авахад анхаарна, ингэснээр би Бурханаар авруулж, төгс болгуулж чадна. Надад өөр юу ч хамаагүй. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ ямар зүй тогтол тогтоосон ч бай, бүх зүйл болон хүн төрөлхтнийг хангахдаа юу ч хийдэг бай, надад огт хамаагүй” гэж боддог. Энэ ямар гээчийн яриа вэ? Энэ тэрслүү үйлдэл биш гэж үү? Та нарын дотор ийм бодолтой хүн байна уу? Та нар өөрсдөө хэлэхгүй ч гэсэн та нараас олон хүн ингэж боддогийг Би мэднэ. Дүрэм журмыг ягштал баримталдаг ийм хүмүүс аливаа юмыг өөрсдийн “сүнслэг” үзэл бодлын үүднээс хардаг. Тэд Бурханыг Библиэр хязгаарлаж, Өөрийнх нь хэлсэн үгээр Бурханыг хязгаарлаж, бичигдсэн үгийн үгчилсэн утгаар Бурханыг хязгаарлахыг л хүсдэг. Тэд Бурханы талаар илүү ихийг мэдэхийг хүсдэггүй, мөн Бурхан өөр зүйл хийхэд анхаарлаа хандуулаасай гэж хүсдэггүй. Ийм төрлийн бодол гэнэн бөгөөд дэндүү шашинлаг. Ийм үзэл бодол баримталдаг хүмүүс Бурханыг мэдэж чадах уу? Бурханыг мэдэхэд тэдэнд тун хэцүү байх болно. Өнөөдөр Би дор бүрнээ өөр өөр талыг хөндсөн хоёр түүх ярилаа. Эдгээрийг дөнгөж сонсоход та нарт гүнзгий утгатай, эсвэл жаахан хийсвэр ч юм шиг, ухаарч ойлгоход хэцүү ч юм шиг санагдаж болох юм. Тэдгээрийг Бурханы үйлдэлтэй болон Бурхантай Өөртэй нь холбоход хэцүү байж магад. Гэхдээ Бурханы бүх үйлдлийг, бүтээлд болон хүн төрөлхтний дунд Бурханы хийсэн бүхнийг хүн бүр, Бурханыг мэдэхээр эрж хайдаг хүн бүхэн тодорхой, үнэн зөв мэдэх ёстой. Энэхүү мэдлэг Бурхан үнэхээр оршдог гэдэг итгэлд чинь баталгаа өгнө. Энэ нь бас чамд Бурханы мэргэн ухаан, хүч чадлын талаар, мөн Бурхан бүх зүйлийг хэрхэн хангадаг талаар үнэн зөв мэдлэг өгнө. Энэ нь чамд Бурханы жинхэнэ оршин тогтнол бол зохиомол биш, үлгэр домог биш, тодорхойгүй биш, онол биш бөгөөд нэг төрлийн шашны тайтгаруулах зүйл яавч биш, харин жинхэнэ оршин байдаг гэдгийг тодорхой ойлгуулна. Түүнчлэн Бурхан бүх зүйл болон хүн төрөлхтнийг үргэлж хангаж байдаг; Бурхан үүнийг Өөрийнхөө арга замаар, Өөрийнхөө хэмнэлээр хийдэг гэдгийг мэдэх боломжийг хүнд олгодог. Тэгэхээр, Бурхан бүх зүйлийг бүтээгээд тэдэнд зүй тогтол өгсөн болохоор Түүний урьдчилан тогтоосноор тэд тус бүрдээ өөрсдөд нь ноогдсон ажлыг хийж, хариуцлагаа биелүүлж, үүргээ гүйцэтгэх чаддаг; Бурханы урьдчилан тогтоосноор юм бүхэн хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтний оршин амьдардаг орон зай, хүрээлэн буй орчны төлөө байдаг. Хэрвээ Бурхан ингэж хийгээгүй бол, хүн төрөлхтний амьдрах орчин ийм байгаагүй бол Бурханд итгэж, Түүнийг дагах нь хүн төрөлхтөнд боломжгүй байх байсан; энэ нь ердөө л хий дэмий яриа болох байсан. Тийм биш гэж үү?

Өндөр уул ба жижиг горхины тухай түүхийг дахиад нэг авч үзье. Уулын үүрэг юу вэ? Уулан дээр амьтай юмс цэцэглэн үрждэг, тэгэхээр уулын оршин тогтнол чухал үнэ цэнтэй бөгөөд бас жижиг горхийг хаан, дураараа урсаж, хүмүүст гай гамшиг учруулахыг нь болиулсан. Тийм биш гэж үү? Уул, өөрийнхөө дээр амьдардаг үй түмэн зүйл—мод, өвс, бусад бүх төрлийн ургамал, амьтанд цэцэглэн үржих боломж олгон мөрөөрөө оршдог. Тэр бас жижиг горхины урсгах замыг чиглүүлсэн—уул, горхины усыг цуглуулаад бэлээрээ хэвийн урсгаж, голд нийлүүлэн, яваандаа далайд цутгуулсан. Эдгээр зүй тогтол аяндаа бий болоогүй, харин бүтээлийн үед Бурхан онцгойлон зохицуулсан юм. Өндөр уул ба ширүүн салхины тухайд, ууланд ч гэсэн салхи хэрэгтэй. Өөрийнхөө дээр амьдардаг амьд бүхнийг илбэн таалахын тулд ууланд салхи хэрэгтэй, үүний зэрэгцээ салхийг дур зоргоор нь шууруулахгүйн тулд хүчийг нь хязгаарладаг. Нэг талаараа энэ зүй тогтол бол их уулын үүрэг юм; гэхдээ уулын үүрэг болсон энэ зүй тогтол өөрөө үүсчихсэн үү? (Үгүй.) Үүнийг Бурхан бий болгосон юм. Өндөр уул өөрийн үүрэгтэй байдаг шиг ширүүн салхи ч бас өөрийн үүрэгтэй. Тэгвэл, өндөр уул ба аварга давлагааны тухай ярилцъя. Уул байгаагүй бол ус өөрөө чиглэлээ олоод урсах байсан уу? (Үгүй.) Ус үерлэх байсан. Уул нь уул гэдгээрээ өөрийн оршин тогтнолын үнэ цэнтэй, далай нь далай гэдгээрээ өөрийн оршин тогтнолын үнэ цэнтэй; гэвч хамтдаа зүгээр оршиж чаддаг, бие биедээ саад болдоггүй нөхцөлд тэд бас бие биеэ хязгаарладаг—өндөр уул далайг хязгаарласнаар далай эс үерлэж, тэгснээрээ хүмүүсийн орон гэрийг хамгаалдаг бөгөөд далайг хязгаарласнаар бас далайд амьдардаг амьтай зүйлсийг тэжээн тэтгэх боломжтой болдог. Энэ газрын гадаргуу өөрөө үүсчихсэн үү? (Үгүй.) Үүнийг бас л Бурхан бүтээсэн. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ уул хаана байхыг, горхи хаагуур урсахыг, ширүүн салхи хаанаас гарч хаашаа үлээхийг, аварга давлагаа хэр өндөр байхыг урьдаас тогтоосон гэдгийг бид энэ зураглалаас хардаг. Энэ бүх зүйл Бурханы санаархал, зорилгыг агуулсан бөгөөд тэдгээр нь Түүний үйл хэрэг билээ. Одоо та нар Бурханы үйл хэрэг бүх зүйлд байдгийг харж чадав уу? (Чадлаа.)

Бид эдгээрийг ярилцах нь ямар зорилготой вэ? Бүх зүйлийг бүтээхдээ Бурханы баримталсан зүй тогтлыг хүмүүсээр судлуулах гэж тэр үү? Аль эсвэл, одон орон, газар зүй сонирхохыг нь дэмжих гэж тэр үү? (Үгүй.) Тэгвэл ямар зорилготой юм бэ? Хүмүүст Бурханы үйл хэргийг ойлгуулах зорилготой. Бурханы үйлдлүүдээс хүмүүс, Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж мөн гэдгийг нотолж, баталж чадна. Хэрвээ чи энэ зүйлийг ойлгож чадвал өөрийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг үнэхээр баталж, Бурхан бол тэнгэр, газар, бүх зүйлийг Бүтээсэн цор ганц Бурхан Өөрөө мөн гэдгийг баталж чадна. Тэгэхээр бүх зүйлийн зүй тогтлыг мэдэж, Бурханы үйл хэргийг мэдэх нь Бурханы талаарх ойлголтод чинь ашиг тустай юу? (Тийм.) Хэр ашиг тустай вэ? Юуны өмнө, Бурханы үйл хэргийг ойлгочихоод чи одон орон ба газар зүй сонирхсон хэвээр байж болох уу? Бурхан бол бүх зүйлийн Бүтээгч гэдэгт эргэлзэж, тээнэгэлзсэн зүрх сэтгэлтэй байсаар байж болох уу? Чи судлах хандлагатай байж, Бурхан бол бүх зүйлийн Бүтээгч мөн гэдэгт эргэлзсээр байж болох уу? (Үгүй.) Чи Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэдгийг баталж, Бурхан бүх зүйлийг бүтээсэн зарим зүй тогтлыг ойлгоод Бурхан бүх зүйлийг хангадаг гэдэгт үнэн сэтгэлээсээ итгэх үү? (Тийм.) Энд “хангах” гэдэг нь ямар нэгэн тодорхой утгатай юу, эсвэл онцгой нөхцөл байдлын талаар хэлж байна уу? “Бурхан бүх зүйлийг хангадаг” гэдэг үг маш өргөн утга учир, цар хүрээтэй. Бурхан хүмүүсийг өдөр тутмын хоол ундаар л хангадаг юм биш; харин хүмүүсийн хардаг болон харж эс чадах зүйлийг бүгдийг нь оролцуулаад хэрэгтэй бүхнээр нь хүн төрөлхтнийг хангадаг. Бурхан хүн төрөлхтөнд маш чухал амьдрах орчныг нь тогтоон барьж, удирдаж, захирдаг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөнд ямар улиралд ямар орчин хэрэгтэй байна, Бурхан түүнийг бэлдсэн. Хүн төрөлхтөн оршин тогтноход зохистой уур амьсгал, дулааны хэмийг Бурхан бас удирддаг. Эдгээр зүйлийг захирдаг зүй тогтол өөрөө санаандгүй үүсдэггүй; тэдгээр нь Бурханы дээд эрх ба үйл хэргийн үр дүн юм. Бурхан Өөрөө энэ бүх зүй тогтлын эх сурвалж бөгөөд бүх зүйлийн амийн эх сурвалж билээ. Чи үүнд итгэдэг ч бай, үгүй ч бай, үүнийг хардаг ч бай, үгүй ч бай, ойлгодог ч бай, үгүй ч бай, энэ бол маргашгүй баттай үнэн хэвээр үлдэнэ.

Хүмүүсийн дийлэнх олонх нь Библид агуулагддаг Бурханы үг, ажилд л итгэдэг гэдгийг Би мэднэ. Цөөхөн хүмүүст л Бурхан үйл хэргээ илчилсэн ба Өөрийн оршин тогтнолын үнэ цэнийг хүмүүст харуулсан. Тэр бас тэдэнд Өөрийн ялгамж чанарыг бага зэрэг ойлгуулж, Өөрийн оршин тогтнолын баримтыг баталгаажуулсан юм. Гэхдээ Бурхан бүх зүйлийг бүтээж, бүх зүйлийг удирдаж, хангадаг гэх бодит үнэн олон хүнд бүрхэг, эсвэл тодорхой бус санагддаг; ийм хүмүүс бүр эргэлзсэн хандлага баримталдаг ч байж болно. Ийм хандлага нь, байгаль ертөнцийн хууль өөрөө аяндаа бий болсон, мөн байгалийн өөрчлөлт, хувирал, үзэгдлүүд, эдгээрийг захирдаг тэрхүү хуулиуд нь байгалиас үүссэн гэж туйлбартай итгэхэд хүмүүсийг хүргэдэг. Бурхан бүх зүйлийг хэрхэн бүтээснийг болон тэдгээрийг хэрхэн захирдгийг хүмүүс сэтгэлдээ ухаарч чаддаггүй; Бурхан бүх зүйлийг хэрхэн удирдаж, хангадгийг ойлгож чаддаггүй. Ийм нөхцөлд хязгаарлагдаад Бурхан бүх зүйлийг бүтээж, захирч, бүх зүйлийг хангадаг гэдэгт хүмүүс итгэж чаддаггүй; итгэдэг хүмүүс хүртэл зөвхөн Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеэр хязгаарлагддаг: Тэд Бурханы үйл хэрэг болон хүн төрөлхтнийг хангадаг нь гагцхүү Түүний сонгосон хүмүүст л зориулагдсан гэж итгэдэг. Энэ бол Миний хамгийн жигшдэг зүйл бөгөөд маш их шаналал авчирдаг зүйл юм. Яагаад гэвэл, хүн төрөлхтөн Бурханаас ирсэн бүхнийг эдэлдэг атлаа Бурханы хийдэг бүхнийг, өөрсдөд нь өгдөг бүхнийг үгүйсгэдэг. Тэгээд тэнгэр, газар, бүх зүйл байгалийн зүй тогтолдоо болон оршин тогтнох байгалийн хуульдаа захирагддаг, тэдгээрийг удирддаг ямар ч захирагч байхгүй, эсвэл тэднийг хангадаг, хамгаалдаг ямар ч захирагч байхгүй гэж л хүмүүс итгэдэг. Чи Бурханд итгэдэг ч гэсэн, энэ бүхэн нь Бурханы үйл хэрэг гэдэгт итгэдэггүй байж магадгүй; үнэндээ, энэ нь Бурханд итгэдэг бүхэн, Бурханы үгийг хүлээн авдаг бүхэн, Бурханыг дагадаг болгоны хамгийн их орхигдуулдаг зүйлийн нэг юм. Тийм болохоор, Намайг Библитэй, эсвэл сүнслэг нэр томьёо гэгчтэй хамаагүй юм яриад эхлэнгүүт зарим хүн уйдаж, залхаж, бүр тавгүйтдэг. Миний үг сүнслэг хүмүүс болон сүнслэг юмсаас хөндийрсөн мэт тэдэнд санагддаг. Тэр их муу зүйл. Бурханы үйл хэргийг мэдэх тухайд бол бид хэдийгээр одон орны талаар дурддаггүй, мөн газар зүй, биологи судалдаггүй ч гэсэн, Бурхан бүх зүйлийг захирдгийг ойлгох ёстой, Тэр бүх зүйлийг хангадгийг болон Тэр бол бүх зүйлийн эх сурвалж гэдгийг мэдэх ёстой. Энэ бол заавал байх ёстой, заавал сурах ёстой хичээл юм. Миний үгийг ойлгов уу?

Миний дөнгөж сая ярьсан хоёр түүх та нарын хувьд хэдийгээр агуулга, илэрхийлэх маягаараа жаахан жирийн бус боловч бага зэрэг өвөрмөц байдлаар ярьсан нь та нарт илүү гүнзгий зүйл ухаарч, хүлээн зөвшөөрөхөд чинь туслахын тулд хялбар үг хэллэг, энгийн арга ашиглах гэсэн Миний оролдлого байлаа. Энэ бол Миний цор ганц зорилго байсан. Эдгээр богино түүх болон зураглалаас та нар, Бурхан бол бүх зүйлийг Захирагч гэснийг харж, итгээсэй гэж Би хүссэн билээ. Эдгээр түүхийг ярих зорилго бол түүхийн хязгаарлагдмал хүрээн дотроос Бурханы хязгааргүй үйл хэргийг харж, мэдэх боломжийг та нарт олгохын төлөө юм. Харин та нар өөрсдөө энэ үр дүнд хэзээ бүрэн хүрэх нь хувийн туршлага, эрэл хайгуулаас чинь хамаарна. Чи үнэнийг эрэлхийлж, Бурханыг мэдэхээр эрмэлздэг бол эдгээр зүйл чамд бүр илүү хүчтэй сануулга болох болно; эдгээр нь ухамсрыг чинь гүнзгийрүүлж, ойлголтыг чинь тодорхой болгож, Бурханы бодит үйл хэрэгт ойртох бөгөөд зай завсаргүй, алдаа мадаггүй ойр дотно болно. Гэхдээ чи Бурханыг мэдэхээр эрж хайдаггүй бол чиний сонссон эдгээр түүх чамд ямар ч хохирол учруулж чадахгүй. Зүгээр л үнэн түүх гэж бод.

Энэ хоёр түүхээс та нар ямар нэг зүйл ойлгож авав уу? Нэгдүгээрт, энэ хоёр түүх үүний өмнө Бурхан хүн төрөлхтөнд санаа тавьдаг тухай бидний хийсэн хэлэлцүүлгээс салангид байна уу? Ямар нэг холбоо хамаарал байна уу? Энэ хоёр түүхээс бид Бурханы үйл хэргийг болон Бурхан хүн төрөлхтөнд зориулан төлөвлөхдөө бүх зүйлийг сайтар тунгаан бодсоныг хардаг гэж үнэн үү? Бурханы хийдэг бүхэн болон Түүний боддог бүхэн хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө байдаг уу? (Тийм.) Бурхан хүн төрөлхтний төлөө нарийвчлан бодож, нягталсан нь маш тодорхой байгаа бус уу? Хүн төрөлхтөн юу ч хийх шаардлагагүй. Бурхан хүмүүст агаар бэлдсэн, тэд амьсгалахаас өөр юм хийх хэрэггүй. Тэдний иддэг ногоо, жимс бэлэн байж байдаг. Умардаас өмнөд, зүүнээс баруун хүртэл бүс нутаг бүрд байгалийн баялаг байдаг. Янз бүрийн бүсийн тариа будаа, жимс ногоог бүгдийг Бурхан бэлдсэн. Өргөн хүрээнд яривал, Бурхан бүх зүйлийг харилцан холбоотой, харилцан уялдаатай, зэрэгцэн оршихоор бүтээжээ. Тэр энэ арга зам, зүй тогтлыг ашиглан бүх зүйлийг мэнд байлгаж, оршин тогтнуулдаг; ийм маягаар хүн төрөлхтөн энэхүү хүрээлэн буй орчинд амар жимэр, энх тунх амьдарч, өнөөг хүртэл үеэс үед үржиж олширсоор иржээ. Өөрөөр хэлбэл, Бурхан байгаль орчинд тэнцвэр авчирдаг. Хэрвээ Бурханы дээд эрх, хяналт байгаагүй бол, Бурхан бүтээсэн ч гэсэн хүрээлэн буй орчны тэнцвэрийг барьж, хадгалах явдал ямар ч хүний хэрээс хэтрэх байсан юм. Зарим газар агаар байдаггүй, хүн тийм газар амьдарч чадахгүй. Бурхан чамайг тийш явуулахгүй. Тиймээс зохистой хил хязгаарыг бүү дав. Энэ нь хүн төрөлхтнийг хамгаалахын төлөө бөгөөд энд нууцлаг зүйл бий. Хүрээлэн буй орчны өнцөг булан бүрийг, газар дэлхийн урт, өргөнийг, дэлхий дээрх амьтан бүрийг—амьд, үхсэн хоёуланг—урьдаас Бурхан бодож, бэлтгэсэн. Энэ зүйл яагаад хэрэгтэй вэ? Тэр зүйл яагаад хэрэггүй вэ? Энэ зүйлийг энд байлгах зорилго юу вэ, тэр зүйл яагаад тэнд байх ёстой вэ? Бурхан энэ бүх асуултыг хэдийн сайтар бодсон, хүмүүст тэрийг бодох шаардлага байхгүй. Уул нүүлгэх тухай үргэлж боддог зарим мунхаг хүн байдаг, тэгэхийн оронд яагаад тал газар луу нүүдэггүй юм бэ? Хэрвээ чи ууланд дургүй бол яагаад уулын ойролцоо амьдардаг юм бэ? Энэ чинь мунхаг биш гэж үү? Хэрвээ чи тэр уулыг нүүлгэвэл юу болох вэ? Хар салхи гарч, аварга давлагаа ирж, хүмүүсийн орон гэр сүйднэ. Энэ мунхаг хэрэг байх бус уу? Хүмүүс зөвхөн сүйтгэж л чаддаг. Тэд өөрсдийн оршин амьдрах орчныг ч хадгалж хамгаалж чадахгүй байж, бас бүх зүйлийг хангахыг хүсдэг. Энэ боломжгүй.

Бүх зүйлийг удирдаж, тэдний эзэн болохыг Бурхан хүн төрөлхтөнд зөвшөөрдөг боловч хүн үүнийг сайн хийдэг үү? Хүн чадах бүхнээ сүйтгэдэг. Хүн төрөлхтөн Бурханы бүтээсэн бүх зүйлийг анхны байдлаар нь хадгалж ер нь чаддаггүй, харин ч эсрэг юм хийж, Бурханы бүтээлийг сүйтгэсэн. Хүн төрөлхтөн уул нүүлгэж, далай байсан газрыг хагалж, тал хээрийг хэн ч амьдрах аргагүй цөл болгосон. Тэгчихээд цөлд үйлдвэр барьж, цөмийн бааз байгуулж, хамаг газарт сүйрэл тарьсан. Одоо голууд нь гол байхаа больж, далай нь далай биш болсон… Хүн төрөлхтөн байгалийн тэнцвэр болон зүй тогтлыг нь нэгэнт алдагдуулсан, гамшиг, мөхлийнх нь өдөр холгүй бөгөөд энэ нь гарцаагүй. Гамшиг ирэхэд хүн төрөлхтний төлөө Бурханы бүтээсэн бүх зүйл хэчнээн эрхэм нандин болохыг, хүн төрөлхтөнд хэчнээн чухал болохыг тэд мэдэх болно. Хүний хувьд, салхи үлээх цагтаа үлээж, хур бороо орох цагтаа ордог орчинд амьдрах нь диваажинд байгаатай адилхан. Үүнийг ерөөл мөнгэдгийг хүмүүс ойлгодоггүй, харин энэ бүхнийг алдмагцаа ямар ховор нандин зүйл байсныг нь харна. Нэгэнт үгүй болчихвол хүн үүнийг яаж буцаан авах вэ? Бурхан үүнийг дахин бүтээхийг хүсэхгүй бол хүмүүс юу хийж чадах вэ? Та нарт хийж чадах юм бий юу? Үнэндээ, та нарын хийж чадах нэг юм бий. Энэ маш энгийн бөгөөд Намайг хэлэхээр та нар тэр боломжтой болохыг шууд ойлгоно. Хүн одоогийн ийм байдалд амьдрах болсны шалтгаан нь юу вэ? Хүний шунал ба сүйтгэлээс болоогүй гэж үү? Хүн ингэж сүйтгэхээ больчихвол амьдрах орчин нь өөрөө аажмаар засрахгүй гэж үү? Хэрвээ Бурхан юу ч хийхгүй бол, хүн төрөлхтний төлөө ямар нэг юм хийхийг хүсэхээ боливол—өөрөөр хэлбэл, Тэр энэ асуудалд хөндлөнгөөс оролцохыг хүсдэггүй бол—ингэж сүйтгэхээ больж, амьдарч буй орчноо анхны байдалд буцаж орох боломж олгох нь хүн төрөлхтний хувьд хамгийн шилдэг шийдэл болох юм. Энэ бүх сүйрлийг цэглэнэ гэдэг нь Бурханы бүтээсэн бүхнийг тонож, хөнөөхөө болино гэсэн үг. Ингэх аваас хүний амьдардаг хүрээлэн буй орчин аажмаар сайжирна, харин ингэж чадахгүй бол хүрээлэн буй орчин амьдрахад улам найгүй болж, сүйрэл нь цаг тутам түргэснэ. Миний шийдэл энгийн байна уу? Энгийн агаад боломжтой байгаа биз? Зарим хүнд үнэхээр энгийн бөгөөд зарим хүний хувьд боломжтой, гэхдээ газар дээрх ихэнх хүний хувьд боломжтой юу? (Үгүй.) Ядаж та нарын хувьд боломжтой юу? (Тийм.) Тэгвэл, та нар яагаад “тийм” гэж хэлж байна? Бурханы үйл хэргийн тухай ойлголтын суурин дээр үүнийг хэлсэн гэж болох уу? Бурханы эрх мэдэл, төлөвлөгөөнд дуулгавартай дагах нь үүний нөхцөл гэж болох уу? (Болно.) Энэ бүхнийг өөрчлөх арга зам бий, гэхдээ өнөөдөр бид энэ сэдвээр ярихгүй. Бурхан хүн нэг бүрийн амьдралыг хариуцдаг ба эцсийг нь хүртэл хариуцдаг. Чи Сатаны сүйтгэсэн энэ орчноос болж өвчилсөн ч, бохирдолд нэрвэгдсэн, эсвэл хохирол амссан байсан ч хамаагүй, Бурхан чамайг хангаж, чамайг амьдруулна. Чи үүнд итгэх ёстой. Бурхан хүнийг амархан үхүүлэхгүй.

Одоо та нар “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдгийг ойлгохын чухлыг бага зэрэг мэдэрсэн үү? (Тийм ээ, тэгсэн.) Юу мэдэрсэн бэ? Надад хэл дээ. (Урьд нь бид уул, далай, нуурыг Бурханы үйлдэлтэй хэзээ ч холбон бодож байсангүй. Өнөөдөр харин Бурханы нөхөрлөлийг сонсоод эдгээр зүйл дотроо Бурханы үйлдэл, Бурханы мэргэн ухааныг агуулж байдгийг ойлголоо; Бурхан бүх зүйлийг бүтээж эхлэхдээ л юм дор бүрд нь хувь тавилан, Өөрийн сайн хүслийг шингээснийг харлаа. Бүх зүйл харилцан хүч нэмж, харилцан түшиглэдэг ба эцсийн дүндээ хүн төрөлхтөнд ашиг тустай байдаг. Өнөөдрийн бидний сонссон зүйл цоо шинэ, ер бишийн санагдаж, Бурханы үйлдэл хэчнээн бодит болохыг бид мэдэрлээ. Бодит байдал дээр, өдөр тутмын амьдралдаа, бүх зүйлтэй тулгарахдаа ийм гэдгийг нь хардаг.) Үнэхээр харсан биз дээ? Бурхан хүн төрөлхтнийг баттай суурьгүйгээр хангадаггүй; Түүний хангалт хэдхэн богино үг биш. Бурхан маш ихийг хийсэн бөгөөд чиний хардаггүй зүйл хүртэл чамд ашиг тустай байдаг. Хүн өөрийнх нь төлөө Бурханы бүтээсэн бүх зүйлийн дунд, хүмүүс болон бусад зүйлс бие биеэ түшиглэдэг энэ орчинд амьдардаг. Жишээлбэл, ургамлаас гардаг хий агаарыг цэвэршүүлж, хүмүүс цэвэр агаар амьсгалан ашиг тусыг нь хүртдэг; гэхдээ зарим ургамал хүнд хортой байхад хортой ургамлын ерөндөг өөр ургамлуудад байдаг. Энэ бол Бурханы бүтээлийн гайхамшиг мөн! Харин одоохондоо энэ сэдвийг орхиё; өнөөдөр бид голдуу хүн ба бусад зүйлс зэрэгцэн орших тухай, хүн үүнгүйгээр амьдарч чадахгүй тухай хэлэлцлээ. Бурхан бүх зүйлийг бүтээсний ач холбогдол юу вэ? Амьдрахын тулд хүнд агаар зайлшгүй хэрэгтэй ба хэрвээ чамайг агааргүй орчинд байлгавал удахгүй үхэхийн адилаар хүн бусад зүйлгүйгээр амьдарч чадахгүй. Энэ бол хүн бүтээлийн бусад зүйлээс тусдаа оршин тогтнож чадахгүйг харуулах тун энгийн зарчим. Тэгвэл хүн бүх зүйлд ямар хандлага баримтлах ёстой вэ? Тэднийг нандигнан хайрлаж, хамгаалж, үр дүнтэй ашиглах ёстой, харин сүйтгэж, үрэн таран хийж, дураараа өөрчилж болохгүй, учир нь бүх зүйл Бурханаас ирдэг, бүх зүйл бол хүнд өгдөг Түүний хангалт бөгөөд хүн төрөлхтөн тэдэнд ухамсартай хандах ёстой. Өнөөдөр бид энэ хоёр сэдвийг хэлэлцлээ. Та нар сайтар эргэцүүлж, сайн тунгааж бодоорой. Дараагийн удаа бид зарим зүйлийг илүү дэлгэрэнгүй ярилцана. Үүгээр өнөөдрийн нөхөрлөл дуусаж байна. Баяртай!

2014 оны 1 дүгээр сарын 18

Өмнөх: Цор ганц Бурхан Өөрөө VI

Дараах: Цор ганц Бурхан Өөрөө VIII

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх