Цорын ганц Бурхан Өөрөө IX

Бурхан бол бүх зүйлийн амийн эх үндэс (III)

Өнгөрсөн цаг хугацаанд бид Бурханыг мэдэх талаар олон зүйл ярьсан бол саяхан бид “Бурхан бол бүх зүйлийн амийн эх үндэс” гэсэн сэдвээр маш чухал зүйлийг ярьсан. Өнгөрсөн удаа бид Бурхан хүн төрөлхтөнд зориулан бүтээсэн амьд орших орчин нөхцөлийн цөөн хэдэн зүйлийн талаар болон Бурхан хүмүүст амьдрахад нь шаардлагатай бүх төрлийн амин зуулгыг бэлтгэдэг тухай ярилцсан. Үнэн хэрэгтээ Бурханы хийдэг зүйл бол зөвхөн хүмүүсийн амьд орших орчинг бэлтгэх юмуу эсвэл тэдний өдөр тутмын амин зуулгыг бэлтгэх биш юм. Харин хүмүүсийн амьд оршил болон хүн төрөлхтний амьдралын төлөө хийгдэх асар их хэмжээний нууцлаг, зайлшгүй ажлуудтай холбоотой янз бүрийн зүйлсийг хийж бүтээх юм. Эдгээр нь бүгд Бурханы үйл хэрэг юм. Бурханы эдгээр үйл хэрэг нь зөвхөн хүмүүсийн амьд орших орчин нөхцөлийг болон тэдний өдөр тутмын амин зуулгыг бэлтгэх ажлаар хязгаарлагдахгүй. Харин үүнээс хавь илүү өргөн цар хүрээг хамарна. Энэ хоёр төрлийн ажлаас гадна Тэр мөн хүний амьдралд шаардлагатай амьд орших олон орчин, нөхцөл байдлыг бэлтгэдэг. Энэ бол өнөөдөр бидний ярих гэж буй өөр нэгэн сэдэв юм. Энэ нь мөн Бурханы үйл хэрэгтэй холбоотой. Үгүй бол үүнийг энд ярих нь ямар ч утгагүй зүйл болно. Хүмүүс Бурханы тухай мэдэхийг хүсдэг боловч “Бурхан”-ы талаар, тухайн үгийн талаар эсвэл Бурханд юу байгаа болон Тэр юу болох тухай бүх зүйлсийн талаар зөвхөн үгчилсэн, онолын ойлголттой бол энэ нь жинхэнэ ойлголт биш юм. Тэгвэл Бурханыг ямар замаар танин мэдэх вэ? Энэ бол Түүнийг мэдэх, Түүний үйл хэргээр дамжуулан Түүний бүх зүйлийг мэдэх юм. Тиймээс бид дараагийн нөхөрлөлөөрөө Бурхан бүх зүйлийг бүтээх үеийн Түүний үйл хэргийг ярих болно.

Бурхан бүх зүйлийг бүтээсэн цаг мөчөөс хойш Түүний тогтоосон хуулиуд дээр тулгуурлан бүх зүйлс ажиллаж байгаа бөгөөд тогтмол байдлаар тасралтгүй хөгжсөөр байдаг. Түүний хараа, Түүний удирдлага дор бүх зүйл хүмүүсийн амьд оршилтой зэрэгцэн тогтмол хөгжинө. Эдгээр хуулийг өөрчилж чадах зүйл нэг ч үгүй, эдгээр хуулийг устгаж чадах зүйл нэг ч үгүй. Бурханы удирдлага байгаа учраас бүх зүйлс үржин өсөх болно. Түүний удирдлага болон захиргаа байгаа учраас бүх зүйлс амьд орших болно. Өөрөөр хэлбэл Бурханы удирдлага дор бүх зүйлс дэг журмын дагуу оршихоор ирж, өсч бойжоод, алга болж, дахин төрлийг олдог. Хавар болоход шиврээ бороо хаврын мэдрэмжийг авчирч, газар дэлхийг чийглэнэ. Газар шороо гэсч, өвс ногоо соёолон газрын хөрсийг түрэн гарч ирэх бөгөөд модод аажмаар ногоорно. Энэ бүх амьтан газар дэлхийд шинэхэн амин чанарыг авчирдаг. Энэ бол амьдралд ирж, өсч бойжин буй бүх зүйлсийн харагдах байдал. Мөн бүх төрлийн амьтад ичээнээсээ гаран хаврын дулаан илчийг мэдэрч, шинэ жилийг эхлүүлдэг. Бүх зүйлс зуны туршид халуунд нарлаж, улирлаа даган ирсэн дулааныг таашаан баясдаг. Тэд хурдан урган томордог. Мод, өвс ногоо гээд бүх төрлийн ургамал маш хурдан ургаж, цэцэг жимсээ өгдөг. Хүнийг оролцуулан бүх зүйлс зуны туршид маш завгүй байдаг. Намрын улиралд бороо намар цагийн сэрүүнийг авчирна. Бүхий л төрлийн амьтад ургац хураалтын улиралтай учран золгоно. Бүх зүйлс үр жимсээ өгөх бөгөөд хүмүүс эдгээр зүйлсийн намар цагийн бүтээгдэхүүн болсон бүх төрлийн зүйлийг хурааж эхлэн, өвлийн хоол хүнсээ бэлтгэнэ. Өвөл ирэхэд хүйтэн болсноор бүх зүйлс аажмааар амарч эхлэн, нам гүм болох бөгөөд хүмүүс ч мөн энэ улиралд завсарлага авдаг. Хавраас эхлэн зун, намар, өвөл гэсэн эдгээр шилжилт болон өөрчлөлтүүд нь Бурханы тогтоосон хуулийн дагуу явагдана. Тэр эдгээр хуулийг ашиглан бүх зүйлс хийгээд хүмүүсийг удирдан залах бөгөөд хүн төрөлхтөнд зориулан баялаг, өнгөлөг амьдралыг өгч, өөр өөр температур хийгээд өөр өөр улиралтай амьд орших орчинг бэлтгэсэн. Амьд орших эдгээр дэг журамтай орчинд хүмүүс мөн амьд оршиж, дэг журмын дагуу өсөж үржинэ. Хүмүүс эдгээр хуулийг өөрчилж чадахгүй бөгөөд үүнийг сүйрүүлж чадах нэг ч хүн юмуу амьтан гэж үгүй. Энэ дэлхий дээр ямар ч том өөрчлөлт гарсан бай хамаагүй энэ хуулиуд оршсоор байх бөгөөд Бурхан оршиж байгаа учраас тэд оршино. Энэ нь Бурханы дээд эрх болон Түүний эзэгнэлт байгаа учраас юм. Ийм дэг журамтай, томоохон орчинд хүмүүсийн амьдрал эдгээр хууль, дүрэм журмын дагуу үргэлжилсээр байдаг. Эдгээр хууль нь хүмүүсийг үеэс үед өсгөн хүмүүжүүлж, хүмүүс үеэс үед эдгээр хуулийн дагуу амьд үлддэг. Хүн төрөлтөн үеэс үед дамжин Бурханы бүтээсэн амьд оршиход зориулсан биет зүйлс хийгээд дэг журамтай орчинг таашаасаар ирсэн. Хэдийгээр хүмүүс ийм хуулиуд угаасаа л байдаг зүйл гэж бодож, эдгээрийг үл тоомсорлох ч, хэдий тэд Бурхан эдгээр хуулийг зохион байгуулж байгаа гэдгийг мэдэрч чадахгүй ч Бурхан эдгээр хуулийг захирдаг бөгөөд ямар байх нь хамаагүй Бурхан үргэлж энэ хувиршгүй ажилд оролцдог. Энэ хувиршгүй ажилд Тэр хүн төрөлхтнийг амьд үлдээх зорилготой бөгөөд ингэснээр хүн төрөлхтөн тасралтгүй үргэлжлэх болно.

1. Бурхан бүх хүн төрөлхтөнг тэжээхийн тул бүх зүйлд хил хязгаар тогтоодог.

Өнөөдөр Би Бурхан хүн төрөлхтөнд тогтоосон эдгээр хуулиуд болон бүх зүйлс хэрхэн хүн төрөлхтөнг өсгөдөг тухай сэдвээр ярих болно. Тэгвэл сэдэв маань юу вэ? Энэ бол Бурханы бүх зүйлсэд авчирсан эдгээр төрлийн хуулиуд хэрхэн хүнийг өсгөдөг вэ? Энэ бол маш том сэдэв. Тиймээс бид үүнийг хэд хэдэн хэсэг болгон хуваагаад нэг нэгээр нь ярих болно. Ингэвэл та бүхэнд тодорхой дүрслэгдэх болно. Мөн ингэвэл барьж авахад илүү амар болж, аажмаар ойлгогдох болно.

Юуны түрүүнд Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ Тэр уул, тал, цөл, толгод, гол, нууруудад хил хязгаар тогтоосон. Газар дэлхий дээр уул, тал, цөл, толгод болон янз бүрийн төрлийн усны ундаргууд байна. Энэ бүгд юу билээ? Тэд бол өөр өөр газрын тогтоц бус гэж үү? Бурхан өөр өөр төрлийн энэ бүх газрын тогтоцын хооронд хил хязгаар тогтоосон. Хил хязгаар тогтооно гэж хэлээд байгаа маань юу гэсэн үг вэ? Энэ нь уулс өөрийн гэсэн хязгаарлалттай, тал газар өөрийн гэсэн хязгаарлалттай, элсэн цөл тодорхой цар хүрээтэй, толгодууд өөрийн тогтсон газартай гэсэн үг. Мөн гол, нуурууд зэрэг усны ундаргуудад тогтсон хэмжээ гэж бий. Өөрөөр хэлбэл Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ бүх зүйлийг маш тодорхой байдлаар хуваасан. Бурхан аль хэдийнэ уулын радиус хэдэн километр байх, цар хүрээ нь ямар байхыг тодорхойлсон. Тэр мөн тал газрын радиус нь хэдэн километр байх, цар хүрээ нь ямар байхыг тодорхойлсон. Тэр бүх зүйлсийг бүтээх үедээ мөн элсэн цөлийн цар хүрээ болон толгодын цар хүрээ, эзлэх хувь хэмжээ, тэд юутай хиллэх вэ гэдгийг тодорхойлсон байдаг. Тэр энэ бүгдийг тодорхойлсон. Тэр гол ба нууруудыг бүтээх үедээ тэдний цар хүрээг тогтоосон бөгөөд тэд өөр өөрийн гэсэн хил хязгаартай байдаг. Тэгвэл “хил хязгаар” гэдгээр бид юу хэлж байна вэ? Бид саяхан бүх зүйлсэд үйлчлэх Бурханы удирдлага хэрхэн бүх зүйлсэд хууль тогтоож байгаа талаар ярилцсан. Тухайлбал уулсын цар хүрээ, хил хязгаар нь дэлхийн эргэлт эсвэл цаг хугацаа өнгөрч буйгаас шалтгаалан тэлнэ эсвэл багасна гэж байхгүй. Энэ тогтсон байдаг. Энэ “тогтсон” гэж хэлж байгаа зүйл бол Бурханы удирдлага юм. Тал газрын тухайд цаг хүрээ нь ямар байх, юугаар хиллэх вэ гэдгийг Бурхан тогтоосон байдаг. Тэд хил хязгаартай бөгөөд тал газрын дунд нэг овон товон дур зоргоороо гараад ирэхгүй. Тал газар гэнэт уул болон хувирахгүй, ингэдэггүй. Бидний дөнгөж сая ярьсан хууль, хил хязгаар гэдэг нь үүнийг хэлж байгаа юм. Элсэн цөлийн тухайд гэхэд бид энд элсэн цөл юмуу эсвэл өөр бусад газрын тогтоцын үүрэг эсвэл газарзүйн байршлыг яриагүй, харин хил хязгаарыг нь хэлж байна. Бурханы удирдлаганд байгаа элсэн цөлийн цар хүрээ ч мөн тэлэхгүй. Учир нь Бурхан үүнд хууль болон цар хүрээг нь өгсөн. Газар нь хэр том байх, үүрэг нь юу болох, юутай хиллэх, хаана байрлах зэргийг Бурхан аль хэдийнэ тогтоосон байдаг. Тэр цар хүрээнээсээ хэтэрч гарахгүй, өөрийн байрлалаа солихгүй, дур зоргоороо хэмжээгээ тэлэхгүй. Хэдийгээр гол, нуурууд зэрэг усны урсгалууд бүгд дэг журамтай, үргэлжилж байх боловч тэд хэзээ ч өөрийн цар хүрээнээс гарах юмуу хил хязгаарыг давна гэж байхгүй. Тэд бүгд нэг чиглэлд дэг журамтайгаар, урсах ёстой чиглэл рүүгээ урсана. Тиймээс Бурханы удирдлагын хуулийн хүрээнд ямар ч гол эсвэл нуур дур зоргоороо хатаж ширгэх юмуу эсвэл дэлхийн эргэлт, цаг хугацаа өнгөрч буйгаас шалтгаалан дур зоргоороо урсгалын чиглэл, хэмжээгээ өөрчилдөггүй. Энэ бүгд Бурханы хяналт, Түүний удирдлаган дор байдаг. Өөрөөр хэлбэл энэ хүн төрөлхтний дунд орших Бурханы бүтээсэн бүх зүйлс өөрийн гэсэн тогтсон газар, орон зай, цар хүрээтэй байдаг. Бурхан бүх зүйлсийг бүтээх үед тэдний хил хязгаар тогтоогдсон байх бөгөөд эдгээр нь дур зоргоороо өөрчлөгдөж, шинэчлэгдэж, хувирч чадахгүй гэсэн үг. “Дур зоргоороо” гэж юуг хэлээд байна вэ? Энэ нь тэдний анхны хэлбэр нь дэлхийн цаг агаар, температур эсвэл эргэлтийн хурдаас шалтгаалан санамсаргүй байдлаар шилжиж, тэлж, өөрчлөгдөхгүй гэсэн үг. Тухайлбал уул гэхэд өөрийн гэсэн тодорхой өндөртэй, тодорхой хэмжээний ургамалтай байх бөгөөд бэл нь тодорхой хэмжээний газрыг эзэлж, далайн төвшнээс дээш тодорхой өндөрт байрладаг. Энэ бүгдийг Бурхан төлөвлөж, тооцоолсон байх бөгөөд үүний өндөр эсвэл хэмжээ нь гэнэт дур зоргоороо өөрчлөгдөхгүй. Тал газрын хувьд гэвэл хүн төрөлхтний ихэнх хэсэг нь тал газар дээр оршин суух бөгөөд цаг агаарын ямар ч өөрчлөлт тэдний оршин буй газар нутаг эсвэл хэмжээнд нөлөөлөхгүй. Түүнчлэн Бурханы бүтээсэн төрөл бүрийн эдгээр газрын бүтэц болон газарзүйн орчинд агуулагдаж байгаа зүйлс хүртэл дур зоргоороо өөрчлөгдөхгүй. Тухайлбал цөлийг бүрдүүлж байгаа агууламжууд, газар дор байгаа эрдэс баялагууд, агуулагдаж байгаа элсний хэмжээ, элсний өнгө, зузаан, энэ бүгд дур зоргоороо өөрчлөгдөхгүй. Яагаад тэд дур зоргоороо өөрчлөгддөггүй вэ? Учир шалтгаан нь Бурханы удирдлага, Түүний эзэгнэлтэнд оршиж байгаа юм. Бурханы бүтээсэн эдгээр өөр өөр газрын тогтоц, газарзүйн орчин дотор Тэр бүх зүйлийг төлөвлөсний дагуу, дэг журамтайгаар эзэгнэдэг. Тиймээс ч энэ бүх газарзүйн орчин Бурхан тэднийг бүтээснээс хойш хэдэн мянга хийгээд хэдэн арван мянган жил оршсоор байна. Тэд бүгд өөрсдийн үүргээ гүйцэтгэсээр байна. Хэдийгээр тодорхой цаг хугацаанд галт уулууд дэлбэрч, тодорхой цаг хугацаанд газар хөдлөлт тохиох хэдий ч эдгээр нь газар дэлхийн том шилжилт бөгөөд харин Бурхан ямар ч газрын тогтоцын анхны үүргийг ерөөсөө алдагдуулахгүй. Энэ бол зөвхөн Бурханы эзэгнэл, Түүний дүрэм болон эдгээр хуулийг барьж байгаа Түүний хяналтаас шалтгаалдаг бөгөөд хүн төрөлхтний таашааж, хүн төрөлхтний харж байгаа энэ бүх зүйл дэлхий дээр дэг журамтайгаар амьд оршиж чадна.Тэгвэл газар дэлхий дээр орших янз бүрийн энэ бүх газрын тогтоцыг Бурхан яагаад ийм байдлаар эзэгнэдэг юм бэ? Зорилго нь гэвэл ингэснээр бүхий л амьд зүйлс янз бүрийн газарзүйн орчинд амьд орших тогтвортой орчинтой болох бөгөөд ингэснээр тэд үргэлжлүүлэн амьдарч, тухайн тогтвортой орчинд өсөн үржиж чадна. Энэ бүх зүйлсүүд, хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй, хамраараа амьсгалдаг хийгээд амьсгалдаггүй тэд бүгд хүн төрөлхтний амьд орших онцгой орчныг бүрдүүлнэ. Зөвхөн ийм төрлийн орчин хүн төрөлтнийг үеэс үед тэжээн тэтгэж чадах бөгөөд зөвхөн ийм орчин хүн төрөлтөнд үеэс үед амар тайвнаар үргэлжлэн орших боломжийг өгдөг.

Миний дөнгөж сая ярьсан зүйлээс та нар юу ойлгож авсан бэ? Бүх зүйлийн дээр байгаа Бурханы ноёрхолд орших Түүний хууль бол маш чухал. Маш чухал шүү! Эдгээр хуулийн хүрээнд өсөн бойжиж байгаа бүх зүйлсэд тавигдах урьдчилсан нөхцөл шаардлага нь юу вэ? Энэ бол Бурханы удирдлага. Бурханы удирдлага байгаа учраас бүх зүйлс Түүний удирдлагын хүрээнд өөрийн үүргээ биелүүлдэг. Тухайлбал уулс ой модыг тэжээдэг, харин эргээд ой мод нь үүний дотор орших төрөл зүйлийн шувуу, зэрлэг амьтдыг тэжээж, хамгаалдаг. Тал газар бол хүмүүст зориулан бэлтгэсэн ургац тариалах тавцан, мөн шувууд болон зэрлэг амьтдад зориулсан тавцан. Энэ нь хүн төрөлхтний ихэнх хэсгийг хавтгай газар дээр амьдрах боломжоор хангаж, хүмүүсийн амьдралд тав тухыг өгдөг. Тал газарт мөн бэлчээрийн тал, асар их хэмжээний хадлангийн газар багтана. Өвс хадлан бол дэлхийн ургамал юм. Тэд хөрсийг хамгаалж, бэлчээрийн тал дээр амьдарч байгаа үхэр, хонь, адууг тэжээдэг. Элсэн цөл мөн өөрийн гэсэн үүрэгтэй. Энэ бол хүмүүсийн амьдрахад зориулсан газар биш. Харин үүрэг нь чийгтэй агаарыг хуурай болгох юм. Гол, нуурууд хүмүүст ундны ус хийгээд бүх зүйлсэд шаардагдах усыг өгөхөд зориулагдсан. Хаана урсаж байна, тэнд хүмүүс уух устай байх болно. Энэ бол өөр өөр газрын тогтоцод зориулан Бурханы тогтоосон хил хязгаар юм. Бурхан эдгээр хил хязгаарыг тогтоосон учраас төрөл бүрийн газрын тогтоц нь амьд орших өөр өөр орчинг бий болгосон. Амьд орших эдгээр орчин нь төрөл зүйлийн шувууд, зэрлэг амьтдад таарч тохирсон байх бөгөөд түүнчлэн амьд орших орон зайг өгсөн. Үүнээс үүдэн төрөл бүрийн амьд зүйлсийн амьд орших өөр өөр орчны хил хязгаарууд гарч ирсэн. Бид дараагийн сэдвээр энэ тухай ярих гэж байна.

Хоёрт гэвэл жигүүртэн шувууд, зэрлэг амьтад, шавьж хорхойнууд ямар орчинд амьдардаг вэ? Газарзүйн өөр өөр орчинд хил хязгаар тогтоохоос гадна Тэр мөн төрөл зүйлийн жигүүртэн шувууд, зэрлэг амьтад, загас, хорхой шавьж хийгээд бүх ургамалд хил хязгаар тогтоосон. Тэр мөн хуулийг тогтоосон. Газарзүйн өөр өөр орчны хоорондын ялгаа болон янз бүрийн газарзүйн орчин оршин буйгаас шалтгаалж жигүүртэн шувууд, зэрлэг амьтад, загас, хорхой шавьж, ургамлын төрлүүдийн амьд орших орчин өөр өөр байдаг. Жигүүртэн шувууд, зэрлэг амьтад, хорхой шавьжнууд янз бүрийн ургамлын дунд амьдардаг. Загас усанд амьдардаг бөгөөд ургамал эх газарт ургадаг. Эх газарт юу багтдаг вэ? Янз бүрийн газрууд, тухайлбал уул, тал газар, толгодууд гэх мэт. Тиймээс жигүүртэн шувууд болон зэрлэг амьтад өөрийн гэсэн тогтсон төрөлх нутагтай байх бөгөөд хаа сайгүй хэсч тэнүүчлэхгүй. Тэдний төрөлх нутаг бол ой мод хийгээд уулс. Хэрэв нэг өдөр тэдний төрөлх нутаг устаж үгүй болбол дэг журам эмх замбараагүй болно. Дэг журам эмх замбараагүйд орох төдийд үр дүн нь юу болох вэ? Хэн хамгийн түрүүнд хохирох вэ? (Хүн төрөлхтөн.) Хүн төрөлхтөн хохирох болно! Бурханы тогтоосон энэ хууль, хязгаарын дотор та нар ямар нэгэн жигтэй үзэгдлийг олж харсан уу? Тухайлбал заан санаандгүй элсэн цөлийн дунд зүгээр л хэсүүчилж байхыг та нар харж байсан уу? Хэрэв ийм зүйл тохиосон бол үнэхээр хачин үзэгдэл байх байсан. Учир нь зааны амьдардаг орчин бол ой мод. Ой шугуй бол Бурханы тэдэнд зориулан бэлтгэсэн амьдрах, амьд орших орчин. Түүнд өөрийн гэсэн амьд орших орчин, өөрийн гэсэн тогтсон гэр байхад тэр яах гэж хаа хамаагүй хэсүүчлэх билээ? Арслан эсвэл барыг далай дотор хэсүүчлэн явахыг харсан хүн байна уу? Арслан, барын төрөлх нутаг нь ой шугуй болоод уулс. Далай тэнгисийн халим, акулыг элсэн цөлд дэмий сэлгүүцэхийг харсан хүн байна уу? Халим, акулын төрөлх гэр нь далай бөгөөд тэд яагаад ч эх газар дээр амьдарна гэж үгүй. Хүний амьдрах орчны тухайд гэвэл хүрэн баавгайтай зэрэгцэн амьдардаг хүмүүс байдаг уу? Гэрийнхээ гадна ч, дотор ч тогос юмуу эсвэл бусад жигүүртэн шувуудаар байнга хүрээлэгдсэн хүмүүс гэж байдаг уу? Ой шугуй дотор үхэр, хонь явж байхыг харсан хүн байна уу? Бүргэд эсвэл зэрлэг галууг сармагчинтай тоглож байхыг харсан хүн байна уу? Хэрэв тийм бол энэ нь жигтэй үзэгдэл байх болно. Миний та нарын хувьд жигтэй сонин үзэгдэл болж харагдах зүйлсийг ярьж байгаа шалтгаан нь Бурханы бүтээсэн бүх зүйлс, тэдгээр нь нэг газар тогтсон байршилтай бөгөөд амьсгалдаг эсвэл алхаж чаддаг эсэхээс үл хамааран тэд бүгд өөрийн гэсэн амьд орших хуультай гэдгийг ойлгуулах юм. Бурхан эдгээр амьд зүйлсийг бүтээхийнхээ аль эрт өмнө нь тэдэнд зориулан төрөлх нутгийг нь, амьд орших орчинг нь бэлтгэсэн. Эдгээр амьтан нь амьд орших өөрийн гэсэн тогтсон орчин, өөрийн гэсэн хоол хүнс, өөрийн гэсэн тогтсон төрөлх нутаг, амьд оршиход нь тохиромжтой өөрийн гэсэн тогтсон газар, амьд оршиход нь тохирсон цаг агаар бүхий газартай байдаг. Ингэж л тэд хаа сайгүй хэсүүчлэхгүй эсвэл хүн төрөлхтнийг амьд оршиход нь хор хөнөөл учруулахгүй, амьдралд нь нөлөөлөхгүй байдаг. Бурхан ингэж бүх зүйлсийг эзэгнэдэг. Ингэж хүн төрөлхтнийг амьд орших хамгийн сайхан орчноор хангадаг. Бүх зүйлсийн дунд орших амьтан бүр нь амьд орших өөрийн орчинд амийг тэтгэх хоол хүнстэй байдаг. Тухайн хоол хүнсээрээ тэд амьд орших өөрийн уугуул орчиндоо хөдөлгөөнгүй байдаг. Тэд тухайн орчиндоо тогтвортой байдаг. Ийм орчинд тэд Бурханы тэдэнд зориулан тогтоосон хуулийн дагуу амьд оршсоор, үржиж өссөөр, үргэлжлэн оршсоор байдаг. Ийм хууль байгаа учраас, Бурхан урьдаас тогтоосон учраас бүх зүйлс хүн төрөлхтөнтэй эв нийцэлтэйгээр харилцаж, хүн төрөлхтөн болон бүх зүйлстэй харилцан хамааралтай оршдог.

Бурхан бүх зүйлсийг бүтээж, тэдэнд хил хязгаарыг тогтоосон бөгөөд тэдний дунд орших бүх төрлийн амьтай зүйлсийг тэжээдэг. Бүх зүйлс бүх төрлийн амьтай зүйлсийг тэжээж байгаа учраас Тэр мөн хүмүүст зориулан амьд орших өөр өөр аргуудыг бэлдсэн. Тиймээс л та нар хүмүүст амьд орших цор ганц арга байдаггүй гэдгийг харж байгаа. Тэд мөн амьд орших цор ганц төрлийн орчинтой байдаггүй. Бид өмнө нь Бурхан хүмүүст зориулан өөр өөр төрлийн хоол хүнсний болон усны эх үүсвэр бэлддэг тухай ярьсан. Энэ бол хүн төрөлхтний амь махан биед үргэлжлэн орших боломжийг олгож байгаа шийдвэрлэх чухал зүйл юм. Хүн төрөлхтний дотор орших бүх хүмүүс үр тариагаар амьд зуудаггүй. Хүмүүс газарзүйн орчин болон газрын тогтоцын ялгаанаасаа хамааран өөр өөр амьд орших арга барилтай. Бурхан энэ бүх амьд орших аргыг бэлтгэсэн. Тиймээс үндсэндээ газар тариаланд бүх хүн оролцоод байдаггүй. Өөрөөр хэлбэл хүн бүр тариа будаа ургуулснаар хоол хүнсээ авдаггүй. Энэ бол бидний ярих гурав дахь зүйл: Хил хязгаар нь хүн төрөлхтний амьдралын өөр өөр хэв маягаас улбаалан бий болсон. Тэгвэл хүмүүст өөр ямар төрлийн амьдралын хэв маягууд байдаг вэ? Өөр ямар төрлийн хоол хүнсний эх үүсвэр хүмүүст байгаа вэ? Хэд хэдэн үндсэн төрөл бий:

Эхнийх нь ан хийх амьдралын хэв маяг байна. Хүн бүр үүнийг мэддэг. Та нарын дундаас амь зуулгынхаа төлөө ан хийдэг хүн байна уу? Та нар бүгд орчин цагийн хүмүүс. Та нар яаж ан хийх, яаж буугаа үүрэхийг мэдэхгүй. Та нарын хоол хүнсний эх үүсвэр газар дэлхийгээс бүтээгддэг. Ан хийж амьдардаг хүмүүс юу иддэг вэ? (Ангийн мах.) Тэд ой шугуйн шувууд, зэрлэг амьтдыг иддэг. Ангийн мах гэдэг бол орчин цагийн үг. Анчид үүнийг ангийн мах гэж боддоггүй. Тэд үүнийг хоол хүнс, өдөр тутмын амин зуулгаа гэж боддог. Жишээ нь, тэд буга авлавал баяр хөөртэй байх болно. “Гайхалтай, энэ буга манай гэр бүлийн хэдэн өдрийн хоол хүнсэнд хангалттай.” Тэд тухайн бугыг авлаж байгаа нь яг л тариачин хөрс шорооноос тариа будаагаа авч байгаатай адил байдаг. Тариачин тариа будаагаа хөрснөөс авдаг. Тэр тариа будаагаа хараад баяр хөөртэй болж, санаа нь амардаг. “Одоо ямартаа ч идэх зүйлтэй боллоо. Бид өлсөнө гэж айлтгүй боллоо.” Гэр бүл нь идэх тариа будаатай болсон тул өлсөхгүй. Түүний сэтгэл санаа амарч, тэр сэтгэл хангалуун болдог. Тэгэхээр анчин мөн санаа амарч, дахин хоолны талаар санаа зовох шаардлагагүй болж байгаа тул ангаа харахдаа сэтгэл хангалуун болдог. Дараагийн хоолонд идэх зүйлтэй болж, өлсөх шаардлагагүй боллоо. Амьд зуулгын төлөө ан хийдэг хүн байна. Ангаар амь зуулгаа залгуулдаг хүмүүсийн хувьд ямар төрлийн орчинд амьдардаг вэ? Тэд уулын ой модонд амьдардаг. Ихэнх тохиолдолд тэд тариа будаа ургуулж, газар тариалан эрхэлдэггүй. Харин тэд уулын ой модонд амьдардаг. Уулын ой модон дунд тариалангийн газар байдаг уу? Тариалангийн газар олоход хялбар биш, тиймээс тэд олон төрлийн амьтай зүйлс, янз бүрийн ангийн олзоор амьдардаг. Энэ бол эхний хэв маяг бөгөөд ердийн хүмүүсээс өөр юм.

Хоёр дахь төрлийн хэв маяг нь мал маллах. Амьдрахын төлөө мал малладаг хүмүүс газар тариалан эрхэлдэггүй. Тэгвэл тэд юу хийдэг вэ? Зөвхөн мал малладаг гэж үү? Хэрэв энд Монгол угсаатан хүн байгаа бол та нар өөрсдийн нүүдэлчин хэв маягийн талаар бага зэрэг ярьж болно шүү дээ. (Ихэвчлэн бид амьдрахын төлөө үхэр, хонь хариулдаг, тариа ногоо тарьдаггүй. Өвлийн улиралд бид малаа нядалж, хэрэглэдэг. Бидний үндсэн хоол хүнс бол үхрийн болон хонины мах, бид сүүтэй цай ууж, бага зэрэг хуурсан будаа идэж, маш цөөн тооны хүнсний ногоо хэрэглэдэг. Өнөөдөр бүх төрлийн тээвэрлэлт ойр дөхөм болсон тул бид бүхий л төрлийн хүнсний ногоо, тариа буудайг авах боломжтой. Монголчууд сүүтэй цай уудаг, Төвдүүд цөцгийн тостой цай уудаг. Малчид хэдийгээр жилийн дөрвөн улиралд завгүй байдаг ч тэд сайн хооллодог. Тэд сүү, сүүн бүтээгдэхүүн, махаар дутдаггүй. Тэд гэрт амьдардаг байсан ч одоо бүгд байшин барьдаг болсон.) Монголчууд гол төлөв үхэр болон хонины мах идэж, сүү уух бөгөөд морь унаж малаа хариулдаг. Энэ бол мал маллах хэв маяг. Мал маллах хэв маяг бол муугүй. Тэд бух, морио унаж, нүүрэнд нь нар тусаж, хээр талд үсээ салхинд намируулан явдаг. Тэдэнд орчин цагийн амьдралын стресс гэж алга. Бүхэл өдрийн турш тэд зөвхөн өргөн уудам цэнхэр тэнгэр, ногоон талыг харна. Амьдралын төлөө мал маллаж байгаа хүмүүс зүлэг ногоон тал дээр амьдарч, өөрсдийн нүүдэлчин хэв маягаар үеэс үед тасралтгүй оршиж чаддаг. Зүлэг ногоон тал дээр амьдрах нь бага зэргийн уйтгартай байж болох ч мөн маш аз жаргалтай амьдрал. Энэ бол амьдралын тийм ч муу хэв маяг биш!

Амьдралын гурав дахь хэв маяг бол загас агнуур. Далай тэнгисийн ойролцоо юмуу жижиг арал дээр амьдардаг бага тооны хүмүүс байдаг. Тэд далай тэнгисийг харж, усаар хүрээлэгдэнэ. Энэ төрлийн хүмүүс амьдрахын тулд загас агнадаг. Амь зуулгын төлөө загас агнадаг эдгээр хүмүүсийн хоол хүнс нь юунаас хамааралтай байдаг вэ? Тэдний хоол хүнсний эх үүсвэр нь юу вэ? Тэр бол бүх төрлийн загас, далайн бүтээгдэхүүн юм. Хонг Конг загас агнуурын жижиг тосгон төдий байх үед тэнд амьдардаг хүмүүс амьдрахын тулд загас агнадаг байсан. Тэд газар тариалан эрхэлдэг байгаагүй. Тэд өдөр бүр загасчлахаар явдаг байсан бөгөөд тэдний гол хоол хүнс нь янз бүрийн төрлийн загас, мах, далайн бүтээгдэхүүн байсан. Тэд заримдаа загасаа будаа, гурил болон бусад өдөр тутмын хэрэгцээт зүйлээр солин арилжаалдаг байв. Загас агнуураар амь залгуулдаг хүмүүс бүгд далай тэнгисийн эргээр амьдрах бөгөөд зарим нь завин дээрээ амьдардаг. Энэ бол ус даган амьдардаг хүмүүсийн амьдралын өөр нэг хэв маяг. Ус даган амьдардаг хүмүүс загас агнуураас хамааралтай байдаг. Энэ бол тэдний амьжиргааны болоод хоол хүнсний эх үүсвэр юм.

Амьжиргааны төлөө газар тариалан эрхлэхээс гадна үндсэн гурван өөр төрлийн амьдралын хэв маягийг дээр дурдсан. Мал аж ахуй, загас болон ан агнуур дээр тулгуурлан амь зуухаас гадна ихэнх хүмүүс амьжиргааны төлөө газар тариалан эрхэлдэг. Амьжиргааны төлөө газар тариалан эрхэлдэг хүмүүст юу хэрэгтэй байдаг вэ? Тэдэнд хөрс шороо хэрэгтэй. Газар тариалангаас хамааралтай хүмүүс үеэс үед дамжин амьжиргааныхаа төлөө голчлон тариа буудай тариалдаг. Тэд хоол хүнсээ газраас авна. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа гээд юу ч тарьсан тэд өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ газраас авдаг.

Хүний эдгээр өөр өөр төрлийн амьдралын хэв маягийн тулгуур нөхцөлүүд нь юу вэ? Тэд амьд орших өөрсдийн орчиндоо анхан шатны арчилгаа хийх шаардлагатай бус уу? Өөрөөр хэлбэл, хэрэв анчид уулын мод, жигүүртэн шувууд, зэрлэг амьтдаа алдвал амьжиргаагаа залгуулах зүйлгүй болж таараа. Ан агнуураар амь зуудаг хүмүүс уулын ой модоо алдаж, жигүүртэн шувууд, зэрлэг амьтад нь үгүй болбол тэд амь зуулгын эх үүсвэргүй болно. Ийм үндэстэн аль зүг чиглэх вэ? Ийм хүмүүс хаашаа явах вэ? Амьд орших чадвар бол үл мэдэгдэх хэмжигдэхүүн бөгөөд тэд зүгээр л алга болж болно. Амьжиргааны төлөө мал аж ахуй эрхэлдэг хүмүүс бэлчээрээс хамааралтай байдаг. Чухамдаа тэдний хамаарч байгаа зүйл нь мал биш юм. Харин мал сүрэг нь амьд орших орчин буюу бэлчээрийн тал нь юм. Хэрэв бэлчээр байхгүй бол тэд мал сүргээ хаана бэлчээх вэ? Үхэр, хонь нь юу идэх вэ? Мал байхгүй бол нүүдэлчин ард түмэн юугаар амь зуух вэ? Тэд амь зуух зүйлгүй болно. Амьжиргааны эх үүсвэр үгүй бол хүмүүс яах билээ? Үргэлжлүүлэн амьд үлдэнэ гэдэг маш хэцүү болж, тэдэнд ирээдүй үгүй болно. Усны эх үүсвэргүйгээр гол нуурууд хатаж ширгэнэ. Амь нь уснаас хамааралтай байдаг загаснууд үргэлжлүүлэн оршин тогтнох уу? Эдгээр загаснууд оршин тогтнох боломжгүй болно. Амьжиргааны төлөө ус болон загаснаас хамааралтай байгаа хүмүүс цаашид амьд оршиж чадах уу? Хэрэв тэдэнд хоол хүнс, амьжиргааны эх үүсвэр байхгүй бол тэд цаашид амьд орших боломжгүй болно. Тэдний амьжиргаа, амьд орших чадварт асуудал гарсан даруйд тухайн угсаатан үргэлжлэн орших боломжгүй болдог. Тэд амьд оршиж чадахгүй бөгөөд дэлхийгээс арчигдан үгүй болно. Амьжиргааны төлөө тариалан эрхэлдэг хүмүүс хөрс шороогоо алдвал ямар үр дагавар гарах вэ? Тэд тарьж ургуулж чадахгүй болох бөгөөд төрөл зүйлийн ургамлаас өөрсдийн хоол хүнсээ авч чадахгүйд хүрнэ. Үүнээс ямар үр дүн гарах вэ? Хоол хүнс үгүй бол хүмүүс өлсөж үхнэ биз дээ? Хэрэв хүмүүс өлсөж үхвэл энэ хүн төрөлхтөн устгагдах бус уу? Тиймээс л Бурхан төрөл бүрийн экологийн орчинг хадгалж үлдэх зорилготой байдаг. Тэр төрөл бүрийн орчин, эко системийг хадгалж, тухайн орчин бүрд байгаа төрөл зүйлийн амьд зүйлсийг дэмжиж байдаг нь бүх төрлийн хүн ардыг өсгөх, газарзүйн өөр өөр орчинд байгаа хүмүүсийг амиар үржүүлэх ганц зорилготой.

Хэрэв бүх оршин байгаа зүйл өөрийн хуулиа алдвал тэд цаашид оршин тогтнож чадахгүй. Хэрэв бүх оршин байгаа зүйлсийн хууль алдагдвал эдгээр бүх зүйлсийн дотор орших амьд зүйлс үргэлжлэн оршиж чадахгүй. Хүмүүс ч мөн тэдний амьд оршихын шалтгаан болсон амьд орших орчноо алдана. Хэрэв хүн энэ бүгдийг алдвал цаашид амьдарч, үеэс үед дамжин өсөн үржих боломжгүй болно. Хүн төрөлтөн өдийг хүртэл амьд оршиж байгаа шалтгаан нь Бурхан янз бүрийн арга замаар хүн төрөлхтнийг тэтгэх бүхий л зүйлсээр тэднийг хангасаар ирсэнд байгаа юм. Үүний шалтгаан нь Бурхан хүн төрөлхтнийг янз бүрийн арга замаар тэтгэж ирсэн учраас тэд өдийг хүртэл амьд оршиж, өнөөдрийг хүртэл амьд үлдсэн юм. Тааламжтай бөгөөд дэг журамтай ийм тогтоосон амьд орших орчин байгаа учраас дэлхий дээрх бүх хүмүүс, бүх үндэстэн өөрсдийн тогтсон цар хүрээндээ амьд оршиж чаддаг. Хэн ч энэ цар хүрээ, хил хязгаараас давж гарч чадахгүй, учир нь Бурхан эдгээрт хязгаарлалт тогтоож өгсөн юм. Яагаад Бурхан эдгээрийг ийм байдлаар хязгаарласан юм бэ? Энэ бол бүх хүн төрөлхтөнд маш чухал, үнэхээр чухал зүйл! Бурхан амьд зүйлс бүрд цар хүрээ тогтоож, хүн төрөлтөн бүрд амьд орших аргыг тодорхойлсон. Тэр мөн дэлхий дээр янз бүрийн төрлийн хүмүүс, янз бүрийн үндэстэнг хувааж, тэдний цар хүрээг тогтоосон. Энэ талаар бид дараагийн ээлжинд ярих болно.

Дөрөвт, Бурхан үндэстэн бүрийн хооронд хил хязгаар бий болгосон. Дэлхий дээр цагаан, хар, бор, шар арьстай хүмүүс байдаг. Энэ бол хүний янз бүрийн төрлүүд юм. Бурхан мөн эдгээр өөр өөр төрлийн хүмүүсийн амьдралд хил хязгаарыг тогтоосон бөгөөд энэ талаар танин мэдээгүй ч тэд Бурханы эзэгнэлийн хүрээнд өөрсдийн тохирсон амьд орших орчиндоо амьдарсаар байдаг. Хэн ч үүний гадна гишгэж чадахгүй. Тухайлбал цагаан үндэстэн буюу цагаан арьстай хүмүүс ихэвчлэн ямар газар амьдардаг вэ? Тэд ихэвчлэн Европ болон Америк тивийн орнуудад амьдардаг. Хар арьстай хүмүүс гол төлөв Африк тивт амьдардаг. Тэгвэл бор арьстай хүмүүс ямар газарт амьдардаг вэ? Гол төлөв Тайланд, Энэтхэг, Мьянмар, Вьетнам, Лаос зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудаар байдаг. Шар хүмүүс үндсэндээ Ази тивд амьдарна. Хятад, Япон, Өмнөд Солонгос болон бусад ижил төсөө бүхий орнуудад. Бурхан эдгээр төрөл бүрийн үндэстэнг зохих ёсоор хуваан байрлуулсан байх бөгөөд ингэснээр эдгээр төрөл бүрийн үндэстнүүд дэлхийн янз бүрийн хэсгүүдэд таран байрласан байдаг. Эдгээр дэлхийн янз бүрийн хэсгүүдэд Бурхан төрөл бүрийн үндэстэн нэг бүрд таарч тохирсон амьд орших орчныг хэзээний бэлтгэсэн байдаг. Бурхан амьд орших эдгээр төрөл бүрийн орчинд тэдэнд зориулан хөрсний өнгө, найрлагыг бэлдсэн байдаг. Цагаан арьстай хүмүүсийн болон хар арьстай хүмүүсийн биеийн бүтэц адил байхгүй, бусад өнгийн арьстай хүмүүсийн биеийн бүтэц ч мөн өөр байдаг. Бурхан бүх зүйлсийг бүтээх үедээ амьд орших тухайн орчныг нь аль хэдийнэ бэлтгэсэн байдаг. Түүний зорилго бол ийнхүү бэлтгэснээр тухайн төрлийн хүмүүс өсөн үржиж, тоо нь нэмэгдэх үед тэд тухайн цар хүрээндээ тогтмолжих юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээхээсээ өмнө Тэр аль хэдийнээ энэ бүгдийг бодсон. Тэр цагаан арьстай хүмүүст тодорхой газар нутгийг өгч, тэднийг хөгжиж, амьд орших боломжоор хангасан. Тиймээс Бурхан дэлхийг бүтээж байх үедээ тухайн хэсэг газарт юу оруулах, тухайн хэсэг газар дээр юу тэжээгдэх талаар хэдийнэ зорилго, зорилт, төлөвлөгөөтэй байсан. Тухайлбал, Бурхан тухайн газар дээр ямар уулс, хэр их тал газар, хэр олон усны ундарга, ямар шувууд, араатан амьтад, ямар загас жараахай, ямар ургамал байх талаар хэзээний зэхэж бэлтгэсэн байдаг. Тодорхой төрлийн хүмүүс, үндэстэнд амьд орших орчинг зэхэж байх үедээ Бурхан маш олон асуудлыг харгалзаж үздэг. Газарзүйн орчин, хөрсний бүтэц, жигүүртэн шувууд ба араатан амьтдын төрөл зүйл, янз бүрийн загас жараахайн хэмжээ, загас жараахайн бүтэц, усны ундаргуудын чанар, төрөл бүрийн ургамлын анги гэх мэт…. Бурхан энэ бүгдийг аль эртний бэлдсэн байдаг. Тухайн орчин нь Бурхан цагаан арьстай хүмүүст зориулан бэлтгэж, бүтээсэн амьд орших тэдний уугуул орчин юм.

Бурхан бүх амьтдыг бүтээх үедээ үүнийг маш их бодож тунгаасан гэдгийг та нар харж чадах хэрэгтэй. Тэр аливаа зүйлийг төлөвлөгөөтэй хийсэн. Одоо та нар ойлгож байна уу? (Бурхан төрөл бүрийн хүмүүсийн талаар маш анхааралтай бодож тунгаасан байдаг. Төрөл бүрийн хүмүүсийн амьд орших орчны хувьд Тэр жигүүртэн шувууд ба зэрлэг амьтдын төрлүүд, загасны төрлүүд, хичнээн уул, хэр их тал газар байхыг бэлтгэсэн байдаг. Энэ бүгдийг маш анхааралтай, нарийн сайн бодож гаргасан.) Жишээ нь, цагаан арьстай хүмүүс голчлон ямар хоол иддэг вэ? (Ихэвчлэн өндөр уурагтай хоол хүнс болох янз бүрийн төрлийн мах, сүүн бүтээгдэхүүн, буудай суурилсан хоол хүнс хэрэглэдэг.) Цагаан арьстай хүмүүсийн иддэг хоол хүнс Ази хүмүүсийн иддэг хоол хүнснээс маш өөр байдаг. Цагаан арьстай хүмүүсийн иддэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн нь гол төлөв мах, өндөг, сүү, тахиа шувууны мах юм. Талх, будаа зэрэг үр тариа ерөнхийдөө гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн биш бөгөөд тавагны хажууд тавигдана. Тэд хүнсний ногоогоор хийсэн салад идэж байсан ч тодорхой хэмжээний хуурсан үхрийн мах юмуу тахианы мах дотор нь хийдэг. Тэд тодорхой хэмжээний улаан буудайн төрлийн хоол хүнс хэрэглэсэн ч бяслаг, өндөг эсвэл мах нэмдэг. Өөрөөр хэлбэл тэдний гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнд үндсэндээ улаан буудайн төрлийн хоол хүнс юмуу будаа багтдаггүй. Тэд их хэмжээний мах, бяслаг хэрэглэнэ. Маш өндөр илчлэгтэй хоол хүнс хэрэглэж байгаа учраас тэд ихэвчлэн мөстэй ус ууна. Тэд хоолоо идэх үедээ хоолны өмнө эхлээд хүн бүр нэг аяга мөстэй ус уудаг. Тиймээс цагаан арьстай хүмүүс маш биерхүү бадриун байдаг. Энэ бол тэдний амьдралын эх үндэс бөгөөд тэдний амьдрах орчинг Бурхан тэдэнд бэлтгэж, ийм төрлийн амьдралын хэв маягтай болгосон. Энэ хэв маяг нь бусад төрлийн өнгөт арьстай хүмүүсийн амьдралын хэв маягаас өөр. Энэ амьдралын хэв маягт сайн эсвэл муу гэж байхгүй бөгөөд Бурханы удирдлага болон зохицуулалтаар ийм байхаар тогтоогдож, заяагдсан. Ийм төрлийн үндэстэн нь удам угсаа хийгээд Бурханы тэдэнд зориулан бэлтгэсэн амьд орших орчноос шалтгаалан тодорхой амьжиргааны эх үүсвэр, мөн тодорхой амьдралын хэв маягтай. Та нар цагаан арьстай хүмүүст зориулан Бурханы бэлтгэсэн амьд орших орчин болон тухайн орчноос хүртэж байгаа өдөр тутмын хоол хүнс нь элбэг хангалуун гэж хэлж болно.

Бурхан бусад үндэстнүүдэд мөн амьд оршиход шаардлагатай орчинг бэлдсэн. Хар арьстай хүмүүс байна. Хар арьстай хүмүүс хаагуур оршдог вэ? Тэд ихэвчлэн Африкийн төв болон зүүн хэсгээр байдаг. Бурхан тэдэнд амьд орших ямар зүйлсийг энэ орчинд бэлдсэн бэ? Халуун орны ой, бүхий л төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтад, элсэн цөлүүд, үүнтэй зэрэгцэн бүхий л төрлийн ургамлыг бэлтгэсэн. Тэд усны, амьжиргааны, хоол хүнсний эх үүсвэртэй. Бурхан тэднийг гадуурхаж, ад үзээгүй. Тэд юу хийж байснаас үл хамааран тэдний амьд орших нь хэзээ ч асуудал болж байгаагүй. Тэд мөн дэлхийн нэг хэсэгт тодорхой байршил болон тодорхой газар нутгийг эзэлдэг.

Одоо шар арьстай хүмүүсийн талаар ярилцъя. Шар хүмүүс ихэвчлэн Дорно зүгт байрладаг. Өрнө ба Дорнын хооронд газарзүйн байрлал ба орчны ямар ялгаа байдаг вэ? Дорно нутагт эх газрын ихэнх хэсэг нь үржил шимтэй, түүхий эд болон ашигт малтмалын ордоор баялаг байдаг. Өөрөөр хэлбэл газрын дээр ч, газрын доор ч бүх төрлийн нөөц баялагтай. Энэ аймгийн хүмүүс, энэ үндэстэнд Бурхан мөн таарч тохирсон хөрс шороо, цаг агаар, янз бүрийн газарзүйн орчинг бэлдсэн. Хэдийгээр энэ газарзүйн орчин ба Өрнөдийн орчны хооронд маш том ялгаа байгаа ч Бурхан хүмүүст амьд оршиход шаардлагатай хоол хүнс, амьжиргаа, эх үүсвэрийг бэлдсэн. Ердөө Өрнөдөд байгаа цагаан арьстай хүмүүсээс амьдрах орчин нь ялгаатай. Гэхдээ Надад та бүхнээс анхаарал хандуулахыг хүсэх хэрэгтэй, та бүхэнд хэлэх шаардлагатай нэг зүйл байна. Дорно нутгийн үндэстний тоо харьцангуй их учраас Бурхан тухайн хэсэгт Баруунаас ялгарах маш их элемент оруулж өгсөн. Дэлхийн энэ хэсэгт Тэр маш олон төрлийн газар нутгийн тогтоц, бүх төрлийн элбэг хангалуун түүхий эд нэмж өгсөн. Байгалийн нөөц маш элбэг дэлбэг байдаг. Газар нутаг нь мөн янз бүр, олон төрөл бөгөөд Зүүний асар их хэмжээний үндэстнийг тэжээхэд хүрэлцээтэй байдаг. Баруунд байхгүй ялгаатай зүйлүүд Зүүнд байдаг. Өмнөдөөс ялгаатай зүйлс хойдод, зүүнээс ялгаатай зүйлс баруунд байдаг. Цаг агаар нь Баруун зүгээс дээр. Дөрвөн улирлыг илэрхий хязгаарласан бөгөөд температур нь таатай, байгалийн нөөц элбэг дэлбэг, байгалийн үзэмж хийгээд газар нутгийн төрөл зүйлүүд нь Баруунаас хавьгүй илүү байдаг. Бурхан яагаад ингэсэн бэ? Бурхан цагаан ба шар арьстай хүмүүсийн хооронд маш ухаалаг тэнцвэрийг бий болгосон. Энэ юу гэсэн үг вэ? Цагаан арьст хүмүүсийн таашааж чадах зүйлүүд нь шар арьстай хүмүүсийн таашааж чадах зүйлээс хавь илүү байдаг. Тэдний хоол хүнс, тэдний хэрэглэдэг зүйлс нь хамаагүй дээр. Гэхдээ Бурхан ямар ч үндэстнийг ялгаварлан гадуурхаагүй. Бурхан шар хүмүүст амьд орших илүү үзэсгэлэнтэй, илүү сайхан орчинг өгсөн. Энэ бол тэнцвэр юм. Тэгэхээр одоо та нар ойлгосон биз дээ?

Бурхан дэлхийн аль хэсэгт ямар төрлийн хүмүүсийг амьдрахыг урьдаас тогтоосон бөгөөд хүмүүс энэ цар хүрээнээс гарч чадахгүй. Энэ бол гайхамшигтай зүйл! Хэдий янз бүрийн эрин үе, тодорхой цаг хугацаанд дайн эсвэл түрэмгийлэл тохиосон ч эдгээр дайн, түрэмгийлэл нь Бурханы үндэстэн бүрд зориулан урьдчилан тогтоосон амьд орших орчныг үгүй хийж огт чадахгүй. Өөрөөр хэлбэл Бурхан дэлхийн тодорхой хэсэгт тодорхой төрлийн хүмүүсийг байлгахаар тогтсон байх бөгөөд тэд тухайн цар хүрээнээс гадагш гарч чадахгүй. Хэдий хүмүүс Бурханы зөвшөөрөлгүйгээр өөрсдийн нутаг дэвсгэрийг өөрчлөх юмуу тэлэх хүсэлтэй байсан ч үүнийг биелүүлэхэд маш хэцүү байх болно. Түүнд хүрэхэд тун хүндрэлтэй байх болно. Жишээ нь цагаан хүмүүс өөрсдийн газар нутгаа тэлэхийг хүсээд зарим нэг орнуудыг эрхшээлдээ авч байсан. Германчууд зарим улс орныг эзлэн авч, Англи Энэтхэгийг эзэлсэн. Үр дагавар нь юу байсан бэ? Эцсийн эцэст тэд нуран унасан. Бид энэ уналтаас юу харж болох вэ гэвэл Бурханы урьдаас тогтоосон зүйл устгагдах ёсгүй гэдгийг. Тиймээс Английн түрэмгийлэлд хичнээн агуу хүч харагдаж байсан нь хамаагүй эцсийн дүнд тэд буцаж, тухайн газар нутаг Энэтхэгт харьяалагдан үлдэнэ. Тухайн газар нутагт Англичууд биш харин Энэтхэгчүүд л амьдарсаар байх болно. Учир нь энэ бол Бурханы зөвшөөрөөгүй зүйл. Түүх юмуу улс төр судалдаг зарим хүмүүс энэ сэдвээр шинжлэх ухааны бүтээл гаргасан байдаг. Тэд Англи улс яагаад нуран унасан тухай шалтгааныг тодорхойлж, зарим үндэстнийг эзлэн авч чадаагүйн улмаас эсвэл зарим нэг хүнээс шалтгаалсан гэж хэлдэг. Эдгээр нь жинхэнэ шалтгаан бол биш юм. Жинхэнэ шалтгаан нь Бурханд байгаа юм. Тэр үүнийг зөвшөөрөөгүй. Бурхан тодорхой газар нутагт нэг угсаатныг амьдруулж, тэнд суурьшуулсан. Хэрэв Бурхан тэдэнд нүүхийг зөвшөөрөхгүй бол тэд хэзээ ч нүүж чадахгүй. Хэрэв Бурхан тэдэнд хүрээ тогтоож өгсөн бол тэд тухайн хүрээндээ амьдрах болно. Хүн төрөлхтөн энэ хүрээг дураараа эвдэж эсвэл зугтаж чадахгүй. Тэр бол тодорхой. Түрэмгийлэгчийн хүч хэр агуу байх нь эсвэл түрэмгийлэлд өртөж байгаа хүмүүс нь хэр сул дорой байх нь хамаагүй эцсийн дүнд тэдний амжилт Бурханаас хамаарна. Тэр аль хэдийнээ үүнийг урьдчилан тогтоосон бөгөөд хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Ингэж л Бурхан өөр өөр үндэстнийг тараан байршуулсан. Үндэстнүүдийг тараан байршуулахын тулд Бурхан юу хийсэн бэ? Эхлээд Тэр томоохон газарзүйн орчин, томоохон орчин бэлтгэж, хүмүүсийг өөр өөр байршилд хуваарилж, тэгээд тэд үеэс үед тэндээ оршино. Ингэж л тогтсон, тэдний амьд орших цар хүрээ нь тогтоогдсон. Тэдний хоол хүнс, тэдний амьдрал, юу идэх, юу уух нь, тэдний амьжиргаа гээд энэ бүгдийг Бурхан хэзээний тогтоосон байдаг. Бурхан бүхий л амьтныг бүтээх үедээ хүмүүсийн өөр өөр төрөлд зориулан өөр өөр бэлтгэлийг хийсэн. Янз бүрийн хөрсний бүтэц, янз бүрийн цаг агаар, янз бүрийн газарзүйн орчин байдаг. Өөр өөр газрууд өөр өөр жигүүртэн шувууд, араатан амьтадтай. Өөр өөр усны ундаргууд өөр өөр төрлийн загас, далайн бүтээгдэхүүнтэй. Шавьж хорхойны төрлийг хүртэл Бурхан тодорхойлдог. Тухайлбал Ази тивд алаг шаазгай байдаг бол магадгүй Америкийн Нэгдсэн Улсад байхгүй байх жишээний. Энэ бол маш онцгой зүйл. АНУ-т байдаг бор шувуунууд Эх газрын Хятад улсад байдаг бор шувуунаас өөр. Америк тивд ургадаг зүйлс бүгд маш том, маш өндөр, маш бадриун байдаг. Ой шугуй дахь моддын үндэс бүгд тийм гүн биш атлаа маш өндөр ургадаг. Тэд бүр хэдэн зуун тохой хүртэл өндөр ургадаг. Гэтэл Азийн ой шугуйд байгаа модод ихэвчлэн тийм ч өндөр байдаггүй. Та нар бүгд л зуун наст ургамлын талаар сонссон байж таараа. Японы зуун настууд маш нарийн, нимгэн байдаг бол АНУ-ынх үнэхээр том. Өөр байдаг. Ижил нэртэй, ижил төрлийн ургамал боловч Америк тивийнх харьцангуй өндөр. Ялгаа үнэхээр байдаг. Эдгээр олон зүйл өөр хоорондоо ялгаатай байгааг хүмүүс олж харахгүй эсвэл ойлгохгүй байж магад. Гэхдээ Бурхан бүхий л амьд зүйлсийг бүтээх үедээ тэднийг хязгаарлаж, өөр өөр үндэстэнд өөр өөр газарзүйн орчин, өөр өөр газар нутаг, өөр өөр амьдрах зүйлс бэлдсэн. Учир нь Бурхан өөр өөр төрлийн хүмүүсийн бүтээсэн. Тэр хэнд нь юу хэрэгтэй, тэдний амьдралын хэв маяг ямар вэ гэдгийг мэддэг. Тиймээс Бурханы бүтээсэн зүйл маш сайн. Энэ асуудал та бүхэнд одоо тодорхой болсон байх.

Эдгээр зүйлсийг ярьсны дараа бидний түрүүхэн ярилцаж байсан гол сэдэвтэй ойрхон санагдаж байна уу? Энэ талаар тодорхой ойлголттой болсон уу? Иймээс л Би эдгээр зүйлийг том сэдвийн хүрээнд ярьсан юм. Одоо та нар үндсэн ойлголт авсан байх. Та нар Надад хэр ойлгосноо хэлж болно. (Хүн төрөлхтөн тэр чигээрээ Бурханы бүх зүйлд тогтоосон хуулиар тэтгэгддэг. Бурхан эдгээр хуулийг тодорхойлж байхдаа Тэр өөр өөр үндэстэнд өөр өөр орчин, өөр өөр амьдралын хэв маяг, өөр өөр хоол хүнс, өөр өөр цаг агаар, температурыг өгсөн. Ингэснээр бүхий л хүн төрөлхтөн дэлхий дээр суурьшиж, амьд оршин тогтнох юм. Үүнээс би Бурханы удирдлагын төлөвлөгөө, нарийн нямбай зохион байгуулалт, мөн Түүний мэргэн ухаан, Түүний төгсийг харж болно.) (Хүн төрөлхтнийг тэтгэхийн тулд Бурхан бидэнд эдгээр хуулийг тогтоож, газарзүйн орчин болон төрөл бүрийн хоол хүнсийг бэлдсэн. Мөн ийм орчинд илүү дээрээр амьд оршихын тулд Тэр амьдрах өөр өөр орон зайг бэлдсэн. Үүнээс би Бурханы ажил, төлөвлөгөөг маш нарийн харж болно. Мөн Түүний хүмүүс бидний төлөөх хайрыг харж болно.) Ямар нэгэн зүйл нэмэх хүн байна уу? (Бурханы тогтоосон хууль, цар хүрээг ямар ч хүн, ямар ч хэрэг явдал, ямар ч зүйл өөрчилж чадахгүй. Энэ бүгд Түүний удирдлага дор байгаа.) Бурханы тодорхойлсон бүх зүйлийн өсөлтийн хуулийн өнцгөөс харвал бүх хүн төрөлхтөн ямар төрөл байх нь хамаагүй Бурханы өгөгдлийн хүрээнд амьдарч байгаа бус уу? Тэд бүгд Түүний асаргаанд амьдарч байгаа бус уу? Хэрэв эдгээр хууль устсан юмуу Бурхан хүн төрөлхтөнд ийм төрлийн хууль бий болгоогүй бол тэдний хэтийн төлөв ямар байх байсан бэ? Хүмүүс амьд орших үндсэн орчноо алдвал тэд хоол хүнсний эх үүсвэргүй болох байсан бус уу?Хоол хүнсний эх үүсвэр асуудалтай болно. Хэрэв хүмүүс хоол хүнсний эх үүсвэрээ алдвал, өөрөөр хэлбэл тэд ямар ч идэх зүйл хүртэж чадахгүй болбол бүр ганц сар ч байж чадахгүй байх. Хүмүүсийн амьд орших эсэх нь асуудал болно. Тиймээс хүмүүсийг амьд үлдээхийн төлөө, тэднийг үргэлжлэн оршин байхын төлөө, өсөж үржихийн төлөө Бурханы хийж байгаа юм бүхэн маш чухал. Бүх зүйлийн дундаас Бурханы хийж байгаа юм бүхэн хүмүүсийн амьд оршилтой нарийн холбоотой, салшгүй байдаг. Үүнийг тэдний амьд орших асуудлаас салгаж болшгүй. Хэрэв хүн төрөлхтний амьд орших эсэх нь асуудалтай болбол Бурханы удирдлага цаашид үргэлжлэх үү? Бурханы удирдлага оршин тогтнох уу? Тиймээс Бурханы удирдлага Түүний тэжээн тэтгэж байгаа бүх хүн төрөлтний амьд орших асуудалтай зэрэгцэн орших бөгөөд Бурхан бүхий л зүйлсэд юу бэлдсэн, Тэр хүмүүсийн төлөө юу хийсэн байх нь хамаагүй энэ бүгд Түүнд хэрэгтэй. Энэ бол хүн төрөлхтний амьд оршиход шийдвэрлэх зүйл юм. Хэрэв бүхий л зүйлд Бурханы тогтоосон эдгээр хууль устаж, эдгээр хуулиуд эвдэрч, сүйтгэгдвэл бүх зүйл цаашид оршин тогтнох боломжгүй болох бөгөөд хүн төрөлхтний амьд орших орчин, тэдний өдөр тутмын амь зуулга хийгээд тэд өөрсдөө ч цаашид оршиж чадахгүй. Ийм учраас хүн төрөлхтний авралын төлөөх Бурханы удирдлага ч мөн цаашид оршихгүй. Энэ бол хүмүүсийн тодорхой ойлгох шаардлагатай зүйл юм.

Бидний ярьсан бүх зүйл, нэг бүр нь хүн бүрийн амьд оршихтой нарийн холбогдсон байдаг. Та нар ингэж хэлж магадгүй “Та хэтэрхий том зүйлийн талаар ярьж байна. Бид ойлгохгүй байна. Мөн ингэж хэлэх хүмүүс байж магадгүй “Та надад ямар ч хамаагүй зүйл ярьж байна.” Гэхдээ чиний амьдрал бол бүх зүйлийн ердөө нэгхэн хэсэг гэдгийг битгий мартаарай. Чи бол Бурханы удирдлага дор байгаа бүх зүйлийн нэг гишүүн. Бүх зүйл Бурханы удирдлагаас салж чадахгүй. Нэг ч хүн өөрийгөө Түүний удирдлагаас салгаж чадахгүй. Түүний удирдлагыг алдаж, Түүний хангамжийг алдана гэдэг нь хүмүүсийн амьдрал, хүмүүсийн махан биеийн амьдрал алга болно гэсэн үг. Энэ бол хүн төрөлхтөнд амьд орших орчин бий болгож байгаа Бурханы ач холбогдол. Чи ямар үндэстэн эсвэл ямар хэсэг газар дээр амьдардаг чинь, Баруунд байна уу, Зүүнд байна уу хамаагүй чи Бурханы хүн төрөлхтөнд зориулан тогтоосон амьд орших орчноос өөрийгөө тусгаарлаж чадахгүй. Чи Бурхан хүмүүст тогтоож өгсөн амьд орших орчны асаргаа, хангамжаас өөрийгөө тусгаарлаж чадахгүй. Амь зуулга чинь юу болох, амьдрал чинь юунаас хамааралтай байдаг, махан биеийн амиа тэтгэхийн тулд юуг түшиглэдэг чинь хамаагүй чи Бурханы удирдлага, Түүний эзэгнэлээс өөрийгөө тусгаарлаж чадахгүй. Зарим хүмүүс ингэж хэлдэг: “Би тариачин биш, би амь зуулгынхаа төлөө тариа буудай тариалдаггүй. Миний хоол хүнс тэнгэрээс хамааралгүй учраас би Бурханы бий болгосон амьд орших орчинд оршихгүй байгаа. Иймэрхүү орчин надад юу ч өгөөгүй.” Буруу байна. Яагаад гэж үү? Амь зуулгынхаа төлөө чи тариа буудай тариалдаггүй гэлээ. Гэтэл чи үр тариа хэрэглэдэггүй юү? Чи мах иддэггүй юү? Чи өндөг иддэггүй юү? Чи хүнсний ногоо, жимс иддэггүй юү? Чиний идэж байгаа бүхнийг, чамд хэрэг болдог бүх зүйлийг Бурханы хүн төрөлхтөнд бий болгосон амьд орших орчноос тусгаарлах боломжгүй. Хүн төрөлхтөнд шаардлагатай бүх зүйлийн эх үүсвэрийг Бурханы бүтээсэн бүх зүйлээс, амьд орших тэдгээр орчноос тусгаарлах боломжгүй. Ууж байгаа ус, өмсөж байгаа хувцас, хэрэглэж байгаа бүх зүйл, энэ бүгдээс алийг нь бүх зүйлийн дотроос аваагүй вэ? Зарим хүмүүс “Зарим зүйлийг бүх зүйлээс аваагүй” гэж хэлдэг. Жишээ нь юу? Надад жишээ хэлээч. Зарим нь ингэж хэлдэг: “Хар даа, хуванцрыг бүх зүйлээс аваагүй. Энэ бол химийн гаралтай, хүний хийсэн зүйл.” Гэхдээ энэ буруу. Яагаад гэж үү? Хуванцрыг хүн хийсэн, химийн гаралтай зүйл, гэхдээ хуванцрын анхдагч бүрэлдэхүүн хэсгүүд хаанаас гаралтай вэ? (Тэд угтаа Бурханы бүтээсэн зүйлсээс гаралтай). Анхдагч бүрэлдэхүүн хэсгүүдийг Бурханы бүтээсэн материалаас авсан. Таашааж байгаа, харж байгаа зүйлсийг чинь, ашиглаж байгаа бүхнийг чинь бүгдийг Бурханы бүтээсэн бүх зүйлээс авсан. Өөрөөр хэлбэл ямар үндэстэн байх, ямар амьжиргаатай байх, эсвэл хүмүүс амьд орших ямар төрлийн орчинд амьдардаг болох нь хамаагүй тэд өөрсдийгөө Бурханы хангамжаас тусгаарлаж чадахгүй. Тэгэхээр бидний өнөөдрийн ярьсан зүйлс “Бурхан бол бүх зүйлийн амийн эх үндэс” гэсэн сэдэвтэй маань холбогдож байгаа биз дээ? Өнөөдрийн ярилцсан зүйлс маань энэ томоохон сэдэвт багтаж байгаа биз дээ? Энэ холбоо хамаарал байгаа учраас л Би энэ бүгдийг ярьсан. Магадгүй миний өнөөдрийн зүйлсийн зарим нь жаахан хийсвэр, ярилцахад жаахан хэцүү байж магадгүй. Гэхдээ магадгүй та бүгд одоо арай дээр ойлголттой болсон байх гэж бодож байна.

Сүүлийн хэдэн нөхөрлөлийн хувьд бидний нөхөрлөсөн сэдвүүд арай өргөн хүрээтэй, өргөн цар хүрээг хамарсан. Тиймээс энэ бүгдийг ойлгож авахын тулд та бүхэн тодорхой хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Учир нь энэ сэдвүүд хүмүүсийн Бурханд итгэх итгэлтэй нь өмнө нь таарч байгаагүй. Зарим хүмүүс үүнийг учир битүүлэг зүйл гэж сонсдог. Нөгөө зарим нь үүнийг түүх гэж сонсдог. Аль нь зөв вэ? Чи энэ бүгдийг ямар талаас нь сонсож байна вэ? Чи энэ бүгдээс юу олж авсан бэ? Нэг хүн Надад хэлсэн. (Би Бурханы эрх мэдлийг таниж, мөн Түүний алдар хүндийг харсан бөгөөд үүнээс Түүний хүн төрөлхтний төлөөх хайрыг мөн олж харлаа. Түүний хийдэг юм бүхэн нь Түүний хүн төрөлхтний төлөөх нарийн нямбай зохицуулалт болон төлөвлөгөөг агуулдаг. Тэр биднийг маш их хайрлан энхрийлдэг учраас биднийг анхаарч халамжлан хоол хүнсээр хангасан.) (Бид Бурханы үйл хэрэг хийгээд Тэр бүх зүйлийг хэрхэн арга зүйтэйгээр төвхнүүлсэн болохыг, бүх зүйл хуультай гэдгийг харж байгаа. Нөхөрлөл дэх эдгээр үгсээр дамжуулан бид хүн төрөлхтнийг аврах Бурханы үйл хэрэг болон Түүний нарийн нямбай зохицуулалтыг илүү ойлгож авах болно.) Эдгээр ярианаас та бүхэн бүх зүйл дэх Бурханы эзэгнэлийн цар хүрээ ямар болохыг ойлгож авсан уу? (Бүх хүн төрөлхтөн, бүх зүйл.) Бурхан нэг үндэстний Бурхан уу? Тэр аль нэг төрлийн хүмүүсийн Бурхан уу? Тэр хүн төрөлхтний цөөнх хэсгийн Бурхан уу? (Үгүй ээ, тийм биш.) Тийм биш учраас хүмүүсийн Бурханы тухай ойлгож буйгаар хэрэв Тэр зөвхөн хүн төрөлхтний цөөнх хэсгийн Бурхан бол эсвэл хэрэв чи зөвхөн чинийх гэдэгтэр Бурханд итгэдэг бол энэ зөв ойлголт уу? Бурхан бүх зүйлийг эзэгнэж, удирддаг учраас Түүний бүх зүйлийг удирдах удирдлагад илчлэгдэж байгаа Түүний үйл хэрэг, мэргэн ухаан, төгс хүчийг харах ёстой. Энэ бол хүмүүсийн мэдэх шаардлагатай зүйл. Хэрэв чи Бурхан бүхий л амьтныг эзэгнэдэг, бүхий л амьтныг удирддаг, бүхий л хүн төрөлхтнийг удирддаг гэж хэлэх боловч хүн төрөлхтнийг удирдах Түүний удирдлагын талаар ямар ч ойлголт, ухамсарлалт байхгүй бол Түүнийг бүх зүйлийг удирддаг гэж үнэн хэрэгтээ хүлээн зөвшөөрч чадна гэж үү? Чи чадах уу? Сэтгэл зүрхэндээ магадгүй “Би чадна, яагаад гэвэл миний амьдралыг тэр чигт нь Бурхан удирдаж байгааг би ойлгодог” гэж бодож байж магадгүй. Гэтэл Бурхан үнэндээ ийм өчүүхэн гэж үү? Үгүй! Чи зөвхөн Бурханы авралыг өөрийн төлөө, Түүний ажлыг өөрийн дотор харж байгаа бөгөөд эдгээр зүйлээс чи Түүний удирдлагыг ойлгож байна. Энэ бол хэтэрхий өчүүхэн цар хүрээ бөгөөд чиний Бурханы тухай жинхэнэ ойлголтонд нөлөөлж байна. Энэ мөн бүх зүйлийг удирдаж байгаа Бурханы удирдлагын тухай жинхэнэ ойлголтыг чинь хязгаарлаж байна. Хэрэв чамд өгч байгаа цар хүрээ, авралаар Бурханы тухай өөрийн ойлголтыг хязгаарлавал Тэр юм бүхнийг, бүх зүйлийг, бүхий л хүн төрөлхтнийг удирддаг гэдгийг чи хэзээ ч танин мэдэж чадахгүй. Энэ бүгдийг танин мэдэж чадахгүй бол Бурхан чиний хувь заяаг удирддаг гэдгийг чи үнэндээ танин мэдэж чадна гэж үү? Чи чадахгүй. Зүрх сэтгэлдээ чи энэ зүйлийг хэзээ ч танин мэдэж чадахгүй. Чи хэзээ ч тэр түвшинд хүрч танин мэдэж чадахгүй. Чи ойлгосон уу? (Тэглээ.) Үнэндээ та нар эдгээр сэдвийг, миний ярьж байгаа агуулгыг ямар түвшинд ойлгож чадах вэ гэдгийг Би мэдэж байна. Гэсэн атлаа Би яагаад үүний тухай үргэлжлүүлэн ярьсаар байдаг юм бэ? Учир нь эдгээр сэдэв бол Бурханыг дагагч хүн нэг бүр, Бурханы авралд багтахыг хүсч буй хүн нэг бүрийн ойлгох ёстой зүйл. Тэд эдгээр сэдвийг мэдэж байх ёстой. Хэдий энэ мөчид, энэ хоромд чи эдгээрийг ойлгохгүй байгаа ч нэгэн өдөр чиний амь болон үнэний туршлага чинь тодорхой түвшинд хүрэх үед, амьдралын зан чанарын өөрчлөлт чинь тодорхой түвшинд хүрэх үед, тодорхой хэмжээний өсөлтөнд хүрэх үед миний та нартай нөхөрлөж байгаа эдгээр үг, эдгээр сэдэв чамд Бурханы тухай ойлголт өгч, Бурханы тухай ойлголтын эрлийг чинь хангах болно. Тиймээс эдгээр үгс нь Бурхан бүх зүйлийг удирддаг гэдэг та нарын ирээдүйн ойлголт хийгээд Бурханыг ойлгоход чинь та нарыг бэлтгэж, суурь тавьж өгч байгаа юм.

Гэхдээ хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы тухай ойлголт хэр байгаа нь тэдний зүрх сэтгэлд Тэр хэр зэрэг байр суурь эзэлдэг болохыг тодорхойлно. Бурханы тухай мэдлэг хэр их түвшинд байгаа нь тэдний зүрх сэтгэлд Түүний хэмжээ хэр их байгааг харуулна. Хэрэв чиний мэдэх Бурхан хоосон, бүрхэг төдий байгаа бол зүрх сэтгэлд чинь байгаа Бурхан мөн л хоосон бөгөөд бүрхэг байна. Хэрэв чиний мэдэх Бурхан өөрийн чинь цар хүрээгээр хязгаарлагдаж байгаа бол тэр маш өчүүхэн Бурхан бөгөөд тэр Бурхан жинхэнэ Бурхантай холбоогүй, Түүнтэй ямар ч хамаагүй юм. Тиймээс Бурханы бодит үйлдлийг мэдэх, Бурханы бодит байдал болон Түүний бүхнийг чадах хүчийг мэдэх, Бурханы жинхэнэ ялгамж чанарыг мэдэх, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэх, бүх зүйлийн дундаас Тэр юуг батлан харуулсан болохыг мэдэх нь Бурханыг мэдэхээр зорьж буй хүн нэг бүрд маш чухал юм. Эдгээрийг хүн бүрийн амьдрал, үнэнийг эрж буй хүн нэг бүрийн бодит амьдралаас салгаж болохгүй. Хэрэв чи Бурханы тухай ойлголтоо зөвхөн үгээр хязгаарлавал, зөвхөн өөрийн өчүүхэн туршлагаар, өөрийннайдаж буй Бурханы нигүүлслээр, Бурханд өгөх өөрийн өчүүхэн гэрчлэлээр хязгаарлаж байгаа бол чиний Бурхан жинхэнэ Бурхан огт биш гэдгийг Би чамд хэлье. Тэр бол жинхэнэ Бурхан огт биш. Мөн чиний итгэж байгаа Бурхан бол Бурхан биш гэж хэлж болно. Учир нь Миний ярьж байгаа Бурхан бол бүх зүйлийг удирддаг, бүх зүйлийн дунд алхаж явдаг, бүх зүйлийг удирддаг Нэгэн юм. Тэр бол бүх хүн төрөлхтний хувь заяаг атгадаг, бүх зүйлийн хувь заяаг барьдаг Нэгэн юм. Миний ярьж байгаа Бурханы ажил хийгээд үйл хэрэг нь зөвхөн хүмүүсийн цөөнх хэсгээр хязгаарлагддаггүй. Өөрөөр хэлбэл Түүнийг одоо дагаж байгаа хүмүүсээр зөвхөн хязгаарлагддаггүй. Түүний үйл хэрэг нь бүх зүйлийн дунд, бүх зүйлийн амьд оршин буйгаар, бүх зүйлийн өөрчлөлтийн хуулиар батлагддаг. Хэрэв чи Бурханы аливаа үйл хэргийг бүх зүйлийн дундаас таниж, харж чадахгүй байгаа бол Түүний ямар ч үйл хэрэгт гэрчлэл хийж чадахгүй. Хэрэв чи Бурханд ямар ч гэрчлэл хийж чадахгүй бол, хэрэв чи өөрийн мэдэх Бурхан гэж нэрлэх тэр өчүүхэн Бурханы талаар ярьсаар яваа бол, өөрийн үзлээр хязгаарласан, өөрийн өчүүхэн оюун санаандаа багтаасан ийм Бурханы талаар ярьсаар яваа бол Бурхан чиний сүсэг бишрэлийг хэзээ ч магтан сайшаахгүй. Чи Бурханд гэрчлэл хийх үедээ зөвхөн Бурханы нигүүлслийг хэрхэн таашаадаг, Бурханы сахилгажуулал болон Түүний цээрлүүлэлтийг хэрхэн хүлээн авдаг тухай ярьж, Түүний гэрчлэлд зөвхөн Түүний адислалыг таашаах аваас энэ нь маш зохисгүй бөгөөд Түүний сэтгэл ханамжаас маш хол байна. Хэрэв Бурханы хүсэлд нийцсэн байдлаар Түүнд гэрчлэл хийхийг, жинхэнэ Бурханд гэрчлэл хийхийг хүсэж байгаа бол чи Бурханы үйл хэргээс Тэр юу болох, Түүнд юу байгааг харах хэрэгтэй. Чи Бурханы бүх зүйлийг хянаж байгаа хяналтаас Түүний эрх мэдлийг, Тэр хүн төрөлхтөнд өгч байгаа үнэнийг харах ёстой. Хэрэв чи зөвхөн өдөр тутмын чинь хоол, унд, шаардлагатай зүйлс Бурханаас ирдэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч Бурхан бүх зүйлээр дамжуулан хүн төрөлхтөнд өгч байгаа үнэнийг харахгүй байгаа бол, Түүний бүх зүйлийг удирдаж байгаа удирдлагаар дамжуулан Тэр бүхий л хүн төрөлхтнийг удирдан залж байгааг харахгүй байгаа бол чи хэзээ ч Бурханд гэрчлэл хийж чадахгүй. Та нар одоо энэ бүгдийг ойлгосон биз дээ? Би энэ бүгдийг хэлж байгаа нь ямар зорилготой вэ? Ингэснээр та нар үүнийг хөнгөнөөр хүлээн авахгүй, ингэснээр Миний ярьсан эдгээр сэдэв чиний хувийн амийн оролтод хамаагүй гэж итгэдгээ больж, ингэснээр та нар эдгээр сэдвийг зүгээр мэдлэг эсвэл номлол гэж хүлээн авахгүй байх болно. Хэрэв та нар үүнийг ийм хандлагаар сонсох аваас ямар ч зүйл олж авахгүй. Та нар Бурханыг мэдэх агуу боломжийг алдах болно. Та нар одоо ойлгов уу?

Энэ бүгдийг ярьж байгаа Миний зорилго юу вэ? Миний зорилго бол хүмүүс Бурханыг мэддэг, хүмүүс Бурханы бодит үйлдлийг ойлгодог болох юм. Бурханыг ойлгодог болсон цагт Түүний үйл хэргийг мэддэг болж, зөвхөн ингэснээр чи Түүнийг мэдэх завшаан, боломжтой болно. Тухайлбал хэрэв чи хэн нэгэн хүнийг ойлгохыг хүсвэл хэрхэн ойлгох вэ? Тэдний гадна төрхийг харснаар уу? Тэд юу өмссөн, хэрхэн хувцасласан байгааг харснаар уу? Тэд хэрхэн алхаж байгааг харснаар уу? Тэдний мэдлэгийн цар хүрээг харснаар уу? Мэдээж үгүй. Тэгвэл хэрхэн тэр хүнийг ойлгох вэ? Чи тухайн хүний бодлоор дамжуулан, тэдний яриа, зан авираар дамжуулан, тэд юу илэрхийлж, юу илчилж байгаагаар тэднийг үнэлж болно. Ингэж чи тэр хүнийг мэдэж, тэр хүнийг ойлгодог. Яг л үүний адилаар хэрэв та нар Бурханыг мэдэхийг хүсвэл, хэрэв та нар Түүний бодит тал, Түүний жинхэнэ байдлыг ойлгохыг хүсвэл та нар Түүний үйл хэргээр дамжуулан, Түүний хийдэг бодит зүйл бүрээр дамжуулан Түүнийг мэдэх шаардлагатай. Энэ бол хамгийн шилдэг арга, энэ бол цорын ганц арга. Та нар одоо ойлгов уу? Бурхан өөрийн үйл хэргээ бүх зүйлийн дунд, Түүний удирдаж байгаа бүх зүйлийн дунд илэрхийлж, бүх зүйлийн хуулийг барьдаг. Хүмүүс Бурханыг ойлгож, мэдэх үнэхээр шаардлагатай.

2. Бурхан хүн төрөлхтөнд амьд орших тогтвортой орчинг өгөхийн тулд бүх зүйлсийн хоорондын харилцааг тэнцвэртэй байлгадаг

Бурхан бүх зүйлд үйлчлэх хуулийг хэрхэн удирддаг тухай, бүх оршихуйд үйлчлэх хуулиараа дамжуулан, тэдгээр хуулийн хүрээнд бүх хүн төрөлхтнийг хэрхэн тэтгэж, хангадаг тухай бид дөнгөж сая ярьсан. Энэ бол нэг тал. Одоо бид өөр нэг талын тухай ярих гэж байгаа ба энэ бол Бурхан бүх зүйлийг хянах нэг арга юм. Ийм замаар, бүх зүйлийг бүтээснийхээ дараа Тэр тэдгээрийн хоорондох харилцааг тэнцвэртэй болгосон. Энэ бол та нарын хувьд бас нэгэн маш том сэдэв. Бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэртэй байлгах-энэ нь хүмүүсийн хийж чадах зүйл үү? Хүмүүс өөрсдөө чадахгүй. Хүмүүс зөвхөн устгаж чаддаг. Тэд бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэртэй байлгаж чаддаггүй; тэдэнд тийм агуу их эрх мэдэл эсвэл хүч чадал байдаггүй. Зөвхөн Бурхан Өөрөө ийм зүйлийг хийх хүч чадалтай. Ийм зүйл хийх Бурханы зорилго нь юуны төлөө вэ? Урьдын адил энэ нь хүн төрөлхтний амьд орших асуудалтай нарийн холбоотой. Бурханы хийхийг хүсдэг бүх зүйл шаардлагатай зүйл–Түүний хийх эсвэл хийхгүй байж магадгүй зүйл гэж байдаггүй. Тэр хүн төрөлхтний амьд орших нөхцлийг хамгаалж, хүмүүст амьд орших таатай орчинг өгөхийн тулд тэдний амьд орших нөхцлийг хамгаалахын төлөө зайлшгүй хийх ёстой, чухал зүйлс байдаг.

“Бурхан бүх зүйлийг тэнцвэртэй байлгадаг” гэсэн хэлцийн үгчилсэн утгаас харвал энэ нь маш өргөн хүрээний сэдэв юм; юуны түрүүнд энэ нь бүх зүйлийг тэнцвэртэй байлгах нь яалт ч үгүй бүх зүйлд байгаа Түүний ноёрхол гэдэг ухагдахууныг чамд өгч байна. “Тэнцвэр” гэдэг үг нь ямар утгатай вэ? Эхлээд “тэнцвэр” гэдэг нь аливаа зүйлийг тэнцвэрт байдлаас нь гаргахгүй байхыг хэлж байна. Хүн бүр жинг мэднэ. Ямар нэгэн зүйлийг жигнэхээр жинг ашиглахдаа тухайн зүйлээ жингийн нэг тал дээр нь тавиад, туухайг нөгөө талд нь тавьдаг. Туухайны нийт хэмжээ нь тухайн зүйлийн жинг тодорхойлдог–түүнийг тэнцүүлэх гэж хэлдэг. Үүнийг тэнцүүлэхийн тулд хоёр талын жин ижил байх ёстой. Бурхан бүх зүйлийн дотор маш олон зүйлийг бүтээсэн–Тэр хөдөлгөөнгүй зүйлс, хөдөлдөг зүйлс, амьдарч байгаа зүйлс, амьсгалж байгаа зүйлс хийгээд амьсгалдаггүй зүйлсийг хүртэл бүтээсэн. Тэр маш олон тооны зүйлийг бүтээсэн–эдгээр бүх зүйл хоорондоо харилцан хамаарал, харилцан дэмжлэг ба хязгаарлал, харилцан шүтэлцээтэй байх нь амархан уу? Энэ бүгдийн дотор зарчим байгаа нь дамжиггүй. Хэдий энэ нь маш төвөгтэй боловч Бурханд бол хэцүү биш. Харин хүмүүсийн хувьд судалж шинжлэхэд маш хэцүү. Тэнцвэр гэдэг маш энгийн үг мэт санагддаг. Гэвч хэрэв хүмүүс үүнийг судлах аваас, хэрэв хүмүүс тэнцвэр бий болгох шаардлагатай болбол биологичид, одон орон судлаачид, физикчид, химичид, түүхчид гээд тэдгээр бүх гайхамшигтай эрдэмтэд ажиллах хэрэгтэй болно. Энэ судалгааны эцсийн үр дүн нь юу байх вэ? Үүнээс ямар ч үр дүн гарахгүй. Учир нь Бурхан бүх зүйлийг хэтэрхий гайхамшигтай бүтээсэн бөгөөд хүн төрөлхтөн хэзээ ч үүний нууцыг тайлж чадахгүй. Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ тэдний хоорондох зарчмыг тогтоож, харилцан хязгаарлалт, нэг нэгнийгээ нөхөх, харилцан тэтгэх байдлаар амьд орших янз бүрийн аргыг тогтоосон. Эдгээр төрөл бүрийн арга барил нь маш ээдрээтэй; тэдгээр нь энгийн эсвэл нэг чиглэлийнх бус юм. Хүмүүс, бүх зүйлийг хянаж байгаа Бурханы хяналтын ард орших зарчмыг судалж, батлахын тулд өөрсдийн оюун санаа, мэдлэг, харсан үзэгдлээ ашиглах юм бол эдгээр зүйлийг нээж илрүүлэх туйлын хэцүү болно. Мөн нээн илрүүлж, ямар нэгэн үр дүн олж авахад маш хэцүү байх болно. Хүмүүсийн хувьд үр дүнд хүрнэ гэдэг маш хэцүү гэж хэлж болно. Бурханы бүтээсэн бүх зүйлсийг захирахын тулд хүмүүсийн оюун санаа, мэдлэгт найдаж тэнцвэрийг барина гэдэг маш хэцүү. Хүмүүс бүх зүйлсийн амьд орших зарчмыг мэддэггүй учраас ийм тэнцвэрийг хэрхэн хамгаалах тухай мэддэггүй. Тиймээс хэрэв хүмүүс бүх зүйлсийг эзэгнэж, захирах юм бол энэ тэнцвэрийг устгах маш өндөр магадлалтай. Энэ устах л юм бол тэр даруй амьд орших тэдний орчин устах ба ингэснээр үүнийг дагаад тэдний амьд орших эсэх түгшүүртэй болно. Энэ нь гамшиг сүйрлийг авчирна. Хүн төрөлхтөн гамшиг сүйрлийн дунд амьдарч эхэлбэл тэдэнд юу тулгарах вэ? Тааж таамаглахад хэцүү үр дагавар гарна. Иймэрхүү асуудалтай өнөөдөр дэлхий тулгарч байгаа.

Тэгвэл Бурхан бүх зүйлийн хооронд хэрхэн тэнцвэрийг барьдаг вэ? Юуны түрүүнд дэлхий дээр жилийн турш мөс, цасаар хучигдсан газрууд байдаг бол дөрвөн улирлын турш хавар шиг газрууд байдаг. Чи хэзээ ч хэсэг мөс эсвэл цасан ширхгийг олж харахгүй. Өвөл гэж байхгүй, үргэлж хавар шиг байх болно. Энэ бол нэг арга—томоохон уур амьсгалын өнцгөөс харвал ийм байна. Хоёр дахь төрөл нь хүмүүс гоё сайхан ургамлаар дүүрэн, газар дүүрэн янз бүрийн төрлийн ургамлуудтай уулыг харж болно; хадлан дүүрэн ой шугуй байх бөгөөд тэдгээрийн дундуур алхаж байхад нар хүртэл харагдахгүй. Зарим ууланд өвс ч ургахгүй—давхар давхар хоосон тал, зэлүүд уулс байдаг. Гаднаас нь харвал аль аль нь шорооноос тогтсон уулс. Нэг уулс нь гоё сайхан ургамлаар дүүрэн байхад нөгөөд нь өвс ч байхгүй. Энэ бол хоёр дахь төрөл. Гурав дахь төрөл нь гэвэл чи хязгааргүй уудам бэлчээр, өвс ногоо халиурсан тал газрыг харж байсан байх. Эсвэл нүдний хараа ч хүрэхээргүй цөл газрыг харж байсан байх; ямар ч амьд зүйл харагдахгүй, усны эх ундарга бүр ч бага байх бөгөөд зөвхөн элс даган үлээх салхи л байдаг. Дөрөв дэх төрөл нь их хэмжээний уснаас тогтох далай тэнгисээр хучигдсан газар байхад булгийн ус ч олоход хэцүү газар байдаг. Тав дахь төрөл нь шиврээ бороо байнга ордог, үүлэрхэг, чийгтэй газар нутаг байхад халуун төөнөсөн нартай өдрүүд ихтэй, дусал ч бороо ордоггүй газар нутаг байдаг. Зургаа дахь төрөл нь агаар давчуу, амьсгалахад хүндрэлтэй өндөрлөг газар байдаг бол нөгөө талаас төрөл бүрийн нүүдлийн шувуудын амьдрах газар болдог нам дор, намаг шавартай газар байдаг. Эдгээр нь өөр өөр төрлийн уур амьсгал, өөр өөр газарзүйн орчинд тохирох уур амьсгал эсвэл орчин юм. Өөрөөр хэлбэл Бурхан хүмүүсийн амьд орших орчны агаар, температур, чийгшлийг тэнцвэртэй байлгахын тулдтомоохон орчин, уур амьсгалаас эхлээд газарзүйн орчин хүртэл, төрөл бүрийн хөрсний бүтцээс эхлээд усны ундаргын хэмжээ хүртэл хүн төрөлхтний амьд орших үндсэн орчинг тэнцвэртэй байлгадаг. Газарзүйн өөр өөр орчинд ийм эсрэг, тэсрэг шинжүүд байснаар хүмүүс тогтвортой агаартай байх бөгөөд өөр өөр улиралд температур ба чийгшил нь тогтвортой байна. Энэ нь хүмүүст амьд орших ийм орчиндоо үргэлжлүүлэн тасралтгүй амьдрах боломжийг өгдөг. Үүнийг томоохон орчны өнцгөөс харж ярьж байна. Юуны түрүүнд том орчин тэнцвэртэй байх ёстой. Бурханы хүсдэг, хүн төрөлхтөнд шаардлагатай байгаа тэнцвэрийг бий болгохын тулд харилцан хязгаарлалтын төлөө өөр өөр газарзүйн байрлал ба арга барилыг ашиглаж, мөн өөр өөр уур амьсгалын хооронд шилжсэнээр үүнийг хийх боломжтой. Үүнийг томоохон орчны өнцгөөс харж ярьж байна.

Нарийвчлан харвал, тухайлбал ургамлын хувьд тэрхүү тэнцвэрийг хэрхэн бий болгох боломжтой вэ? Өөрөөр хэлбэл амьд орших тэнцвэртэй орчин дотор үргэлжлүүлэн орших боломжийг ургамалд яаж олгох вэ? Үүнийг төрөл бүрийн ургамлын амьдрах хугацаа, өсөлтийн хурд, нөхөн үржихүйн давтамжийг удирдсанаар тэдний амьд орших орчныг хамгаалдаг. Бяцхан өвсийг жишээ болгон авч үзье—хавар нахиалж, зун цэцэглэж, намар үр жимсээ өгдөг. Үр жимс нь газарт унаж, тухайн өвс үхдэг. Дараа жил нь жимсний нахианаас үр гарч, түрүүний хуулийн дагуу үргэлжилдэг. Өвсний амьдрах хугацаа нь маш богино—хавраас намар хүртэл амьд байгаад тэгээд үхдэг. Үр бүхэн газарт унаж, үндэс нахиа нь ургаж, цэцэглэж, үр жимсээ өгдөг—энэ үйл явц зөвхөн хавар, зун, намар тохиох ба төрөл бүрийн мод болгон мөн өөрийн гэсэн амьдрах хугацаатай, нахиалах ба үр жимсээ өгөх өөр өөрийн хугацаатай. Зарим мод нь зөвхөн 30-аас 50 жилийн дараа үхэх бөгөөд тэдний хувьд 30-аас 50 жилийн амьдрах хугацаатай, гэхдээ тэдний үр жимс газарт унаж, түүнээс тэгээд үндэс ургаж, нахиалаад, цэцэглэж, үр жимс нь гарч, дахин 30-аас 50 жил амьдардаг. Энэ бол үүний давталтын үзүүлэлт юм. Хөгшин мод үхэж, залуу мод ургадаг—ийм учраас ой шугуйд байнга л модод ургаж байгааг чи хардаг. Гэхдээ тэд мөн өөрийн гэсэн тохирсон мөчлөг, төрөх ба үхэх процесстой. Зарим мод мянга гаруй жил амьдарч чадах бол зарим нь бүр гурван мянган жил амьдардаг. Тэд бол ийм төрлийн ургамал юм. Ямар төрлийн ургамал эсвэл амьдрах хугацаа нь хэр их байх нь хамаагүй ер нь бол Бурхан үүний хэр удаан амьдрах хугацаа, нөхөн үржих чадвар, нөхөн үржих хурд, нөхөн үржих хэмжээ ба хувь дээр тулгуурлан үүний тэнцвэрийг зохицуулдаг. Энэ нь өвс, мод гээд бүгдэд тэнцвэртэй экологийн орчинд үргэлжлэн ургах, өсөх боломжийг өгдөг. Тиймээс дэлхий дээр байгаа ой моддыг харах үед энэ нь мод байна уу, өвс байна уу гэдгээс үл хамааран энэ нь өөрийн хуулийн дагуу тасралтгүй үржиж, өсдөг. Үүнд хүн төрөлхтний тусламж хэрэггүй; энэ нь хүн төрөлхтөнөөс ямар ч нэмэлт ажил шаардахгүй. Тэдэнд ийм тэнцвэр байдаг учраас л тэд амьд орших өөрийн орчинг хадгалан үлдэж чаддаг. Тэдэнд амьд орших тохиромжтой орчин байгаа учраас л эдгээр ой модод, өвст талууд дэлхий дээр үргэлжлэн оршсоор байдаг. Тэдний оршин тогтнол нь хүмүүсийг үеэс үед, мөн ой мод хийгээд өвст талд байгаа жигүүртэн шувуу, араатан амьтад, шавьж хорхой, бүх төрлийн бичил биетүүд зэрэг бүх амьд зүйлсийг амьдардаг орчных нь хамт үеэс үед тэжээдэг.

Бурхан мөн бүх төрлийн амьтдын тэнцвэрийг барьдаг. Энэ тэнцвэрийг хэрхэн барьдаг вэ? Энэ нь ургамалтай төстэй—Тэр тэдний тэнцвэрийг удирдаж, тэдний нөхөн үржих чадвар, нөхөн үржих хурд ба тоо хэмжээ, амьтдын дунд тэдний гүйцэтгэх үүргүүдэд үндэслэн тэдний тоо толгойг тодорхойлдог. Тухайлбал, арслан алаг тахийг иддэг, иймээс хэрвээ арслангийн тоо алаг тахийн тооноос давж гарвал алаг тахийн хувь заяа яах вэ? Тэд устгаж үгүй болно. Хэрвээ алаг тахийн нөхөн үржих тоо хэмжээ нь арслангийнхаас хамаагүй бага байвал тэдний хувь заяанд юунд тохиох вэ? Тэд мөн л устаж үгүй болно. Тиймээс алаг тахийн тоо арслангийн тооноос хамаагүй их байх хэрэгтэй. Учир нь алаг тахь зөвхөн өөрийн төлөө оршин тогтнодоггүй; тэд мөн арслангийн төлөө оршин тогтнодог. Түүнчлэн алаг тахь бүр алаг тахиудын нэг хэсэг юм гэж чи хэлж болох ч энэ нь мөн арслангийн аманд орох хоол хүнс юм. Арслангийн нөхөн үржих хурд нь алаг тахиныхаас хэзээ ч давамгайлж болохгүй, тэдний тоо хэмжээ хэзээ ч алаг тахины тоо хэмжээнээс илүү байж болохгүй. Зөвхөн ийм замаар л арслангийн хоол хүнсний эх үүсвэр баталгаатай байна. Хэдийгээр арслан алаг тахийн эсрэг төрөлхийн дайсан боловч тэд нэг газарт амар тайвнаар амарч байхыг хүмүүс олонтаа хардаг. Арслан алаг тахийг агнаж, иддэг учраас алаг тахийн тоо хэзээ ч багасах юмуу устаж үгүй болохгүй ба арслангийн “хаан” гэсэн зиндаанаас шалтгаалан түүний тоо хэзээ ч өсөхгүй. Энэ бол Бурханы аль эртнээс тогтоосон тэнцвэр юм. Өөрөөр хэлбэл Бурхан бүх амьтдын дунд тэнцвэрийн хуулийг тогтоосон бөгөөд ингэснээр тэд тэнцвэрийг барьж чадах ба энэ бол хүн төрөлхтний харж чадах зүйл юм. Зөвхөн арслан л алаг тахийн төрөлхийн дайсан уу? Матар мөн алаг тахийг иддэг. Чи өмнө нь матар алаг тахийг идэж байхыг харсан уу? Матар алаг тахийг идэж байхыг харахад бас л хэрцгий. Алаг тахь үнэхээр биеэ хамгаалах чадваргүй амьтан мэт харагддаг. Тэдэнд арслангийн догшин авир байхгүй бөгөөд энэ догшин ширүүн дайсантай, тэдний нэгтэй нүүр тулах үедээ тэд зөвхөн зугтаж чадна. Тэд эсэргүүцэж ч чаддаггүй. Тэд арслангаас зугтаж чадахгүй болох үед зөвхөн идүүлэхээс өөр яаж ч чадахгүй. Үүнийг амьтны ертөнцөөс дахин давтан харж болно. Иймэрхүү зүйл харах үед та нарт ямар сэтгэгдэл төрдөг вэ? Та нар алаг тахийг өрөвддөг үү? Та нар арсланг жигшин зэвүүцдэг үү? Алаг тахь маш үзэсгэлэнтэй харагддаг! Харин арслан үргэлж л тэднийг ховдог шунахайгаар ажиглаж байдаг. Гэвч тэнэг юм шиг алаг тахь хол гэгч зугтаадаггүй. Тэд өөрсдийг нь хүлээж байгаа, зүгээр л модны сүүдэрт хайнга хүлээн зогсох арслан хардаг. Арслан тэднийг хэзээ идэхийг хэн мэдэх билээ. Тэд сэтгэлдээ үүнийг мэддэг үү? Тэд мэддэг, гэхдээ тухайн газрыг орхиж явалгүй байсаар байдаг. Энэ бол гайхамшигтай зүйл. Энэ гайхамшигтай зүйл бол Бурханы урьдчилан төлөвлөлт, Түүний удирдлагыг агуулдаг. Чи алаг тахийг өрөвдөх боловч түүнийг аварч чадахгүй ба чи арсланг жигшин зэвүүцэх боловч үүнээс ангижирч чадахгүй. Алаг тахь бол Бурханы арсланд зориулан бэлдсэн хоол хүнс бөгөөд арслан алаг тахийг яаж идэж байх нь хамаагүй алаг тахь алга болно гэж байхгүй. Арслангийн гаргаж байгаа үр төл маш цөөн тооных бөгөөд тэд маш удаан үрждэг, иймээс тэдний тоо алаг тахиас давж чадахгүй. Тэд хэр их идэж байгаа нь хамаагүй тэдний тоо хэзээ ч алаг тахийн тооноос илүү гарахгүй. Энэ бол нэг төрлийн тэнцвэр юм.

Ийм тэнцвэрийг хадгалж байгаа Бурханы зорилго юу вэ? Энэ бол хүмүүсийн амьд орших орчин болон хүн төрөлхтний амьд оршихтой холбоотой. Хэрэв алаг тахь эсвэл буга зэрэг бусад ижил төсөө бүхий арслангийн ан олз нь маш удаан үрждэг байсан бол арслангийн тоо хурдацтайгаар өсөх бөгөөд ингэвэл хүн төрөлхтөнд ямар аюул учрах вэ? Юуны түрүүнд хүмүүсийн тэжээдэг тахиа, галуу, нохой арслангийн хоол болох болно. Учир нь тэд гадаа амьдардаг, тиймээс арслангийн эхний олз болно. Эдгээр нь арслангийн хоолонд хангалттай юу? Зарим айл хоёр гахайтай байдаг. Хэрэв нэг арслан уулнаас бууж ирээд, тэднийг идсэн бол идсэнийхээ дараа тэр зүгээр л яваад өгөх үү? Тэр ингэж бодох байх: “Ууланд идэх юм юу ч байхгүй, тиймээс би эндээ үлдье.Энэ айл гахайнуудтай—миний идэх боломжтой цөөн хэдэн хүн байгаа. Дараагийн хоолонд юу ч алга байна—энэ бүгд бэлтгэгдчихсэн бус гэж үү? Хүмүүс дотор сууж л байгаа—харин тэд тэндээ үүрд байж чадахгүй!” Хүмүүс гарч ирсэн даруйд тэр нэг үмхээд л тэднийг идэх болно. Хүмүүст үүнийг эсэргүүцэх чадвар байхгүй. Энэ нь эмгэнэлтэй зүйл биш гэж үү? Арслан алаг тахийг идэх нь энгийн үзэгдэл, харин арслан хүнийг идвэл энэ нь эмгэнэлт хэрэг байх болно. Энэ эмгэнэлт зүйлийг Бурхан урьдаас төлөвлөөгүй, энэ нь Түүнийг удирдлагын хүрээнд байхгүй бөгөөд Түүний хүн төрөлхтөнд авчирсан зүйл бүүр ч биш. Харин ч энэ бол хүмүүс өөрсдөдөө авчирч байгаа зүйл юм. Тиймээс Бурханы харж байгаачлан бүх зүйлийн хооронд тэнцвэр байх нь хүн төрөлхтөн амьд оршиход амин чухал юм. Ургамал ч бай, амьтан ч бай, тэд зохистой тэнцвэрээ алдаж болохгүй. Ургамал, амьтад, уулс, гол нуурууд нь хүн төрөлхтөнд зориулан хэвийн экологийн орчинг бэлдсэн. Хүмүүс ийм экологийн орчин—тэнцвэртэй орчинтой байснаар л тэдний амьд орших нь найдвартай байх болно. Хэрэв мод эсвэл өвс ногооны нөхөн үржих чадвар тийм сайн биш эсвэл үүний нөхөн үржих хурд нь маш удаан байсан бол хөрсөнд юу тохиох вэ? Хөрс өөрийн чийгээ алдахгүй гэж үү? Хэрэв хөрс чийгээ алдвал энэ асуудал болох бус уу? Хэрэв хөрс өөрийн ургамлын амьдрал болон чийгээалдвал хөрсний элэгдэлд маш хурдан орж, үүний оронд элс бий болно. Хөрс цаашид эрүүл байхаа больж, элсэрхэг газар болно. Хөрс муудан элэгдсэнээр хүмүүсийн амьд орших орчин мөн устгагдана. Энэ сүйрлийг даган гамшиг ирэх болно. Ийм экологийн тэнцвэр байхгүйгээр, ийм экологийн орчин байхгүйгээр, бүх зүйлийн хооронд эдгээр тэнцвэргүй байдал бий болсноор хүмүүс байнгын гамшгаас болж зовох болно. Жишээ нь орчны тэнцвэр алдагдаж тодорхой газарт мэлхийний тоо өссөнөөр тэдний экологийн орчин устгагдаж, тэд бүгдээрээ бөөгнөрөн цугларч, тоо толгой нь огцом өсөж, хүмүүс хотын дотор зам хөндлөн туулах мэлхийнүүдийг харах ба зам дээгүүр их хэмжээний мэлхий үзэгдэх болно. Хэрэв их хэмжээний мэлхий хүмүүсийн амьд орших орчныг эзэгнэх аваас үүнийг юу гэж нэрлэх вэ? Гамшиг гэнэ. Яагаад үүнийг гамшиг гэж нэрлэж байна вэ? Хүн төрөлхтөнд ашиг тустай эдгээр жижигхэн амьтад өөрсдийн тохирсон газартаа байх аваас хүмүүст хэрэгтэй ба тэд хүмүүсийн амьд орших орчны тэнцвэрийг хадгалдаг. Тэд гамшиг болох даруйд хүмүүсийн амьдралын эмх цэгцэд нөлөөлөх болно. Мэлхийтэй хамт ирэх бүх зүйлс, бүх элементүүд хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлж чаддаг. Тэдний махан биеийн эрхтнүүд хүртэл дайралтанд өртөж болно—энэ бол нэг төрлийн гамшиг юм.

Хүмүүсийн дахин дахин туулдаг өөр нэгэн төрлийн гамшиг бол—их хэмжээний царцаа гарч ирэх үзэгдэл юм. Энэ гамшиг биш гэж үү? Энэ бол аймшигтай гамшиг. Хүмүүс хэр чадалтай байх нь хамаагүй—хүмүүс нисэх онгоц, их буу, атомын бөмбөг хийж чаддаг ч царцаа хүн төрөлхтөн рүү дайран орох үед тэд ямар шийдэл гаргаж чаддаг вэ? Тэд тэдний эсрэг их буу ашиглаж чадах уу? Тэд автомат буугаар тэднийг шүршиж чадах уу? Тэд чадахгүй. Тэгээд тэднийг үлдэн хөөхийн тулд хор цацаж чадах уу? Энэ ч бас амар биш. Тэгэхээр тэдгээр өчүүхэн царцаанууд яах гэж гарч ирдэг вэ? Үр тариа идэхийн тулд. Царцааны явсан газар бүрд ургац тэр чигтээ сүйддэг. Тэд ялангуяа үр тариа, буудайг иддэг. Тэдний дайрч өнгөрсөн газар бүрийн ямар ч үр тариа зүгээр л үгүй болно! Царцааны дайралтаар нүд ирмэх зуурт тариалан эрхлэгчдийн түшиглэдэг хоол хүнс, үр тарианы жилийн үр өгөөжийг царцаа тэр чигт нь идэх боломжтой. Ингээд царцаа хүмүүст юу авчирсан бэ? Энэ нь зөвхөн уур бухимдал төдий зүйл бус харин гамшиг юм.

Царцаа бол нэг төрлийн гамшиг, тэгвэл хулганы тухайд? Хэрэв хулгана хэтэрхий хурдан үрждэг бөгөөд тэднийг идэх ямар ч шар шувуу юмуу харцага байдаггүй бол тэд маш хурдан, чиний төсөөлж чадахаас ч илүү хурдан үржих болно. Тэгээд хэрэв хулгана саадгүй тархдаг бол хүмүүс сайхан амьдарч чадах уу? Тэд чадахгүй. Тэгвэл хүмүүс юутай тулгарах вэ? (Тахалтай.) Зөвхөн тахал уу? Хулгана юу ч хамаагүй иднэ! Тэд бүр модыг ч гэсэн мэрэх болно. Нэг айлд хоёр хулгана байхад л тэр гэр бүлийн хүн бүхэн уурлаж бухимдах болно. Заримдаа тэд тос хулгайлж иднэ, заримдаа тэд үр тариа идэж, хувцас хунарыг мэрэх болно—энэ бол хулганы хүмүүст авчирч байгаа хүндрэл бэрхшээл. Тэд ердөө өчүүхэн жижиг хулгана атал хүмүүст тэдэнтэй тэмцэх арга байдаггүй. Тэд хүмүүсийг бүр дээрэлхдэг. Заримдаа тэд аяга тавагны тавиур луу авирч гардаг—тэгвэл уг аяга тавгийг ашиглаж чадах уу? Тухайн аяга тавгийг ашиглаж чадахгүй, тэднийг халдваргүйжүүлсэн ч нэмэргүй, хэдийгээр тэднийг халдваргүйжүүлсэн ч чиний санаа амар байж чадахгүй. Тэгээд л тэднийг хаях болно. Тэд идэхгүй зүйлээ мэрээд, уранхай тасархай болгож, тэр чигт нь хог новш болгон хувиргадаг.Тэд хувцас, гутал, мод, тавилга гээд бүгдийг мэрдэг. Сүрэг хулганы талаар бол бүр ярих ч хэрэггүй-эвдэлж сүйтгэхэд ердөө хоёр хулгана байхад л хангалттай. Хэрэв тэд гамшгийн хэмжээнд хүрвэл үр дагаврыг нь төсөөлөхийн аргагүй.

Тэгэхээр өчүүхэн жижиг шоргоолжнууд гамшиг болбол яах вэ? Хүн төрөлхтөнд учруулах хохирлыг хайхрахгүй орхихын аргагүй. Шоргоолж байшин нуран унах хэмжээнд хүртэл модыг мэрэх нь сонин зүйл биш. Тэдний хүчийг хайхрахгүй орхиж болохгүй. Тэгвэл Америкийн Нэгдсэн Улсад морин шоргоолж эсвэл морин шоргоолжны өндөг модон байшингийн дотроос олдвол энэ нь томоохон явдал юм. Чи тэднийг устгах мэргэжлийн хэрэгслүүртэй техникийн мэргэжилтнүүд бүхий мэргэжлийн компанийг олох хэрэгтэй болно. Хэрэв тэднийг устгахгүй бол тухайн байшинг зарахад хэцүү болох бөгөөд маш том асуудал болж хувирна. Морь идсэн бүлэг шоргоолжны талаар сонсож байсан уу? Бүлэг шоргоолж нэг том морийг тэр чигт нь бүрхэн овоорсон бөгөөд мориноос ердөө араг яс л үлдсэн байдаг. Энэ аймшигтай биш үү, үгүй юу? Морь унаж явсан хүн үүнийг хараад хаашаа зугтсан бэ? Ойролцоо нэг нуур байсан бөгөөд тэр нуур луу зугтан гүйж, нөгөө талд нь сэлж гарсан. Тэр ийнхүү амьд үлдсэн. Харин үүнийг харсныхаа дараа тэр үлдсэн амьдралынхаа туршид тэдгээр өчүүхэн жижиг шоргоолжнууд ямар санаанд оромгүй тийм хүчтэй болохыг мартаж чадаагүй. Тэд түүнийг бараг идэх шахсан. Хэрэв түүнд морь байгаагүй бол шоргоолжнууд эхлээд түүнийг идэх байсан нь гарцаагүй. Тэдний дунд ус байсан учраас шоргоолжнууд түүнийг идэхээр очих гүүрийг амжин хийх боломжгүй байсан. Хэрэв ус байгаагүй бол морь болон хүн хамтдаа идүүлэх байсан. Шоргоолжны хүчийг хайхрахгүй орхиж болохгүй.

Хэрэв янз бүрийн төрлийн шувууд гамшиг болбол энэ нь мөн л аймшигтай зүйл болно. Өөрөөр хэлбэл ямар төрлийн амьтан эсвэл амьд зүйлс байх нь хамаагүй тэд тэнцвэрээ алдаж эхэлсэн даруйдаа хэвийн бус, эмх замбараагүй цар хүрээнд өсөж, үржиж, амьдрах болно. Энэ нь хүн төрөлхтөнд төсөөлөхийн аргагүй үр дагаврыг авчрах болно. Энэ нь зөвхөн хүмүүсийн амьд оршил болон амьдралд нөлөөлөөд зогсохгүй мөн хүн төрөлхтөнд гамшиг авчирч, хүмүүс бүр мөсөн устаж үгүй болох, мөхлийн хувь заяатай тулгарах хэмжээнд хүрнэ.

Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ тэднийг тэнцвэртэй байлгахын тулд, уулс ба гол нууруудын амьдрах нөхцөлийг тэнцвэртэй байлгахын тулд, ургамлууд болон бүхий л төрлийн амьтад, шувууд, шавьж хорхойны амьдрах нөхцөлийг тэнцвэртэй байлгахын тулд бүх төрлийн арга, замыг ашигласан. Түүний зорилго бол бүх төрлийн амьд зүйлсийг Түүний тогтоосон хуулийн хүрээнд амьдруулж, үржүүлэх юм. Бүх амьтан эдгээр хуулийн хүрээнээс даван гарч чадахгүй, тэд үүнийг зөрчиж чадахгүй. Зөвхөн ийм үндсэн орчинд хүмүүс үеэс үед аюулгүй амьд оршиж, үржиж чадна. Хэрэв аливаа амьд биет Бурханы тогтоосон тоо хэмжээ эсвэл цар хүрээнээс давж гарвал, хэрэв Түүний удирдлаганд байх өсөлтийн хурд, давтамж, тоо нь хэмжээнээс хэтэрвэл хүн төрөлхтний амьд орших орчин нь янз бүрийн түвшний сүйрэлтэй тулгарах болно. Мөн үүнтэй зэрэгцэн хүн төрөлхтний амьд орших нь заналхийлэлд өртөх болно. Хэрэв нэг төрлийн амьд биет хэт их тоотой байвал хүмүүсийн хоол хүнсийг хулгайлж, хүмүүсийн усны ундаргыг устгаж, тэдний төрөлх нутгийг үгүй хийх болно. Ийм байдлаар хүн төрөлхтний нөхөн үржих, амьд орших байдалд шууд нөлөөлнө. Жишээ нь ус бол бүх зүйлд маш чухал. Хэрэв хэт олон тооны амьтад байвал—хэрэв хулгана, шоргоолж, царцаа, мэлхийний тоо толгой нь хэтэрхий их байвал, тэд ус уух шаардлагатай тул —хэт их тоо хэмжээний амьтад байгаа болохоор тэдний уух усны хэмжээ мөн өснө. Тэдний уух усны хэмжээ өссөнөөр ундны усны эх үүсвэр болон усан газрын тогтсон хүрээнд байх хүмүүсийн уух ус болон усны эх үүсвэр багасч, тэд усаар дутагдах болно. Бүх төрлийн амьтад тооны хувьд ихэссэнээс шалтгаалан хүмүүсийн уух ус сүйдэж, бохирдож, устгагдвал амьд орших тийм хатуу ширүүн орчинд хүн төрөлхтний амьд орших эсэх нь ноцтой аюул заналтай тулгарах болно. Хэрэв зохимжит тооноосоо хэтэрсэн нэг юмуу хэд хэдэн төрлийн амьтан байгаа бол хүн төрөлхтний амьд орших орон зай дахь агаар, температур, чийгшил, тэр бүү хэл агаарын найрлага хүртэл хордож, янз бүрийн түвшинд устах болно. Үүний адилаар эдгээр нөхцөл байдлын хүрээнд хүмүүсийн амьд орших явдал хийгээд хувь заяа нь тухайн орчны аюул заналхийллээс хамааралтай байх болно. Тэгэхээр хүмүүс эдгээр тэнцвэрийг алдвал амьсгалж байгаа агаар нь сүйдэж, ууж байгаа ус нь бохирдож, шаардагдах температур нь мөн өөрчлөгдөж, янз бүрийн түвшинд нөлөөлөлд өртөх болно. Хэрэв ийм зүйл тохиолдвол хүн төрөлхтний амьд орших уугуул орчин асар их нөлөөлөл, төвөгтэй асуудалтай тулах болно. Хүмүүсийн амьд орших үндсэн орчин устгагдсан ийм нөхцөл байдалд хүн төрөлхтний хувь заяа, ирээдүй юу болох вэ? Энэ бол маш ноцтой асуудал!

Учир нь Бурхан бүх зүйл хүн төрөлхтний хувьд юу болох, Түүний бүтээсэн төрөл зүйл бүрийн үүрэг, хүмүүст нөлөөлөх нөлөөлөл ямар байх, энэ нь хүн төрөлхтөнд хэр их ашиг тус авчирдаг болохыг мэддэг—Бурханы сэтгэл дотор энэ бүгдэд зориулсан төлөвлөгөө байгаа бөгөөд Тэр бүтээсэн бүх зүйлийнхээ бүх талуудыг эзэгнэдэг. Тиймээс хүмүүсийн хувьд Түүний хийдэг зүйл бүхэн маш чухал—энэ бүхэн зайлшгүй шаардлагатай.Тиймээс чи бүх зүйлийн дундаас зарим экологийн үзэгдэл харсан ч бай эсвэл бүх зүйлийн дундаас зарим байгалийн хуулийг харсан ч бай Бурханы бүтээсэн зүйл нэг бүр байх шаардлагатай гэдэгт дахин эргэлзэхгүй. Чи дахин Бурханы бүх зүйлийг зохицуулж байгаа зохицуулалт, хүн төрөлхтнийг хангаж байгаа янз бүрийн арга замын талаар дур зоргоор шүүмжилж, увайгүй үгсийг ашиглахгүй. Чи мөн Бурханы бүтээсэн бүх зүйлд байгаа Түүний хуулийн талаар дур зоргоор дүгнэлт гаргахгүй. Тийм биш гэж үү?

Бидний дөнгөж сая ярилцсан энэ бүх зүйл юуны тухай вэ? Энэ талаар бодож тунгаа. Бурханы хийдэг бүх зүйлд өөрийн гэсэн зорилго төлөвлөгөө бий.Хэдийгээр хүмүүс тухайн зорилго төлөвлөгөөг харж чадахгүй байгаа ч энэ нь хүн төрөлхтний амьд оршихтой үргэлж л маш их холбоотой байдаг. Үүнтэй салшгүй холбоотой бөгөөд энэ бол зайлшгүй шаардлагатай зүйл. Учир нь Бурхан хэзээ ч хий дэмий зүйл хийж байгаагүй. Түүний хийдэг юм бүхэн, Түүний төлөвлөгөө бүр нь өөрийн онол болон зарчмын хүрээнд байх бөгөөд тэр нь Түүний мэргэн ухааныг агуулдаг. Тухайн төлөвлөгөө, зорилтын цаана хүн төрөлхтнийг хамгаалах, хүн төрөлхтнийг гамшиг болон аливаа амьд зүйлийн дайралтаас сэргийлэхэд туслах, хүмүүсийг бүх зүйлийн аливаа аюулаас хамгаалах зорилготой юм. Тиймээс бидний ярилцаж байгаа энэ сэдвийн хүрээнд яригдсан Бурханы үйлдлээс харвал Бурхан хүн төрөлхтнийг өөр замаар хангадаг гэж хэлж болох уу? Бурхан хүн төрөлхтнийг ийм замаар тэжээж, хариулж байгаа гэж хэлж болох уу? Гарцаагүй ингэж хэлж болно. Одоо та нар энэ сэдэв болон бидний нөхөрлөлийн гарчиг болох “Бурхан бүх зүйлийн амийн эх үндэс”гэсэн гарчгийн хооронд бат холбоо оршиж байгааг ойлгосон байх. (Тиймээ.) Хүчтэй холбоо бий, энэ сэдэв бол нэг тал нь. Эдгээр сэдвийг ярихаас өмнө хүмүүс Бурхан, Бурханы тухай болон Түүний үйлдлийн талаар ердөө зарим бүдэг бадаг төсөөлөлтэй байсан—тэдэнд эдгээр зүйлийн талаар жинхэнэ ойлголт байгаагүй. Харин Түүний үйл хэрэг, Түүний хийсэн зүйлсийн тухай хүмүүст хэлэхэд тэд Бурханы хийдэг зүйлийн зарчмуудыг ойлгож, энэ талаар тодорхой ойлголттой болно. (Тиймээ.) Хэдийгээр Бурхан аливаа зүйлийг хийхэд, Тэр бүх зүйлийг бүтээхэд, Тэр бүх зүйлийг удирдах үед Түүний зүрх сэтгэлд Түүний онол, зарчим, журам нь маш нарийн төвөгтэй боловч нөхөрлөлд нэг зүйлийг та бүхэнтэй хуваалцвал та бүхэн эдгээрийг Бурханы үйл хэрэг бөгөөд туйлын яг таг гэдгийг зүрх сэтгэлдээ ойлгож чадах уу? (Тиймээ.) Тэгвэл Бурханы тухай та бүхний одоогийн ойлголт өмнөхөөсөө ямар байна вэ? Мөн чанартаа энэ нь өөр байгаа. Өмнө ойлгож байсан зүйл чинь маш хөндий хоосон, маш бүрхэг байсан бол одоо ойлгож байгаа зүйл чинь Бурханы үйл хэргийг батлах, Бурханд юу байгаа болон Бурхан юу болохыг харьцуулах маш тодорхой баталгааг агуулна. Тиймээс Миний хэлсэн бүх зүйл Бурханыг ойлгох ойлголтонд чинь маш том материал болно.

Өнөөдрийн цугларалтанд хэлэх зүйл дууслаа. Баяртай! Үдшийг сайхан өнгөрүүлээрэй! (Баяртай, Төгс Хүчит Бурхан минь.)

2014 оны Хоёрдугаар сарын 9