Цор ганц Бурхан Өөрөө X

Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (IV)

Бид өнөөдөр онцгой сэдвээр ярилцаж байна. Итгэгч бүрийн мэдэж, туулж, ойлгох хэрэгтэй хоёр л гол зүйл бий. Энэхүү хоёр зүйл нь юу вэ? Эхнийх нь хувь хүний амийн оролт, хоёр дахь нь Бурханыг мэдэхтэй холбоотой. Бурханыг мэдэх тухай асуудлаар бидний саяхан ярилцсан сэдвийн тухайд, үүнд хүрэх боломжтой гэж та нар бодож байна уу? Ихэнх хүний хувьд энэ нь хүрч чадахгүй зүйл гэдгийг хэлэх нь зүйтэй. Та нар Миний үгэнд итгэхгүй байж магадгүй боловч Би яагаад ингэж хэлж байна вэ? Өмнө нь Миний хэлж байгааг та нар сонсож байхдаа яаж, ямар үгээр хэлснээс үл хамааран, эдгээр үг нь ямар учиртайг шууд утгаар нь болон онолын хувьд мэдэж чаддаг байсан учраас Би ингэж хэлж байна. Гэвч та бүгдийн хувьд, яагаад ийм зүйл хэлж, ийм сэдвээр ярьсныг минь ойлгоогүй нь маш ноцтой асуудал байсан юм. Энэ бол асуудлын гол нь. Иймээс, та нар эдгээр зүйлийг сонссоноороо Бурхан, Түүний үйл хэргийн талаарх ойлголтоо бага зэрэг нэмэгдүүлж, баяжуулсан хэдий ч Бурханыг мэдэхэд шаргуу хүчин чармайлт шаарддаг гэж та нарт санагдсан хэвээр байдаг. Өөрөөр хэлбэл, Миний хэлэхийг сонссоныхоо дараа та нарын ихэнх нь Би яагаад үүнийг хэлсэн, Бурханыг мэдэхтэй энэ нь ямар холбоотойг ойлгодоггүй. Бурханыг мэдэхтэй энэ нь хэрхэн холбогддогийг та нар ойлгож чаддаггүйн шалтгаан нь амийн туршлага чинь хэтэрхий өнгөц байдгийнх юм. Хэрвээ Бурханы үгийн талаарх хүмүүсийн мэдлэг, туршлага маш өнгөц түвшинд үлдвэл Түүний талаарх ихэнх мэдлэг нь тодорхой бус, хийсвэр байна; бүгд ерөнхий, ягшмал, онолынх байна. Онолын хувьд, энэ нь зүй ёсны, үндэслэлтэй харагдаж, сонсогдож магадгүй боловч ихэнх хүний амнаас гардаг Бурханы талаарх мэдлэг үнэндээ хоосон байдаг. Би яагаад үүнийг хоосон гэж хэлдэг вэ? Яагаад гэвэл, Бурханыг мэдэх тухайд хэлж буй зүйлийнхээ үнэн зөв, яг таг эсэх талаар чамд үнэндээ тодорхой ойлголт байхгүй. Иймээс ихэнх хүн Бурханыг мэдэх талаар маш их мэдээлэл, сэдэв сонссон боловч Бурханы талаарх мэдлэг нь онол болон тодорхой бус, хийсвэр хоосон сургаалаас хараахан хэтрээгүй байдаг. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэж болох вэ? Та нар энэ талаар ер нь бодож байсан уу? Хүн үнэнийг эрэлхийлдэггүй бол бодит байдалтай болж чадах уу? Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэггүй бол, түүнд бодит байдал байхгүй нь маргаангүй учраас Бурханы үгийн талаар мэдлэг, туршлага ч үгүй байх нь гарцаагүй. Тэгвэл Бурханы үгийн талаар ойлголтгүй хүмүүс Бурханыг мэдэж чадах уу? Огт чадахгүй; энэ хоёр нь хоорондоо холбоотой. Иймд ихэнх хүн “Бурханыг мэдэхэд яагаад ийм хэцүү байдаг юм бэ? Би өөрийгөө мэдэх тухай бол хэдэн цагаар ч ярьж чадах боловч Бурханыг мэдэх тухай ярих гэхээр хэлэх үггүй болдог. Би энэ сэдвээр бага зэрэг ярьж чадлаа ч гэсэн үг минь хүчилсэн бөгөөд үлбэгэр сонсогддог. Өөрийнхөө ярьж байгааг сонсоход хүртэл болхи сонсогддог” гэж хэлдэг. Энэ бол эх сурвалж. Хэрвээ Бурханыг мэдэхэд хэтэрхий хэцүү, маш их хүчин чармайлт шаарддаг, чамд ярилцах сэдэв байхгүй, бусадтай болон өөртэйгөө ярилцаж, хангах ямар ч бодитой зүйл байхгүй санагдаж байвал Бурханы үгийг туулсан нэгэн биш гэдгийг чинь энэ нь баталдаг. Бурханы үг гэж юу вэ? Бурханы үг нь Түүнд юу байгаа, Тэр юу болохын илэрхийлэл бус уу? Хэрвээ чи Бурханы үгийг туулаагүй бол Түүнд юу байгаа, Тэр юу болох талаар ямар нэгэн мэдлэгтэй байж чадах байсан уу? Мэдээж үгүй. Эдгээр зүйл нь бүгд хоорондоо холбоотой. Хэрвээ чамд Бурханы үгийн талаар ямар ч туршлага байхгүй бол чи Бурханы хүслийг ухаарч чадахгүй, Түүний зан чанар юу болох, Тэр юунд дуртай, Тэр юуг жигшдэг, хүмүүст тавьдаг Түүний шаардлага юу болох, сайн болон муу хүмүүст ханддаг Түүний хандлага ямар байдгийг ч бас мэдэхгүй; энэ бүхэн нь чамд мэдээж ойлгомжгүй, бүрхэг байна. Хэрвээ чи ийм тодорхойгүй байдлын дунд Бурханд итгэдэг бол өөрийгөө үнэнийг эрэлхийлж, Бурханыг дагадаг хүмүүсийн нэг гэж хэлэхэд тэр үг чинь бодитой байна гэж үү? Бодитой биш! Тиймээс Бурханыг мэдэх талаар яриагаа үргэлжлүүлцгээе.

Та нар бүгд өнөөдрийн нөхөрлөлийн сэдвийг сонсохоор тэсэн ядаж байгаа байх, тийм үү? Энэхүү сэдэв нь бас бидний саяхан ярилцаж байсан “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдэг сэдэвтэй холбоотой. Бурхан хэрхэн бүгдийг захирч, Тэр ямар аргаар барилаар ийнхүү захирч, Бурханы бүтээсэн энэхүү гараг дээр тэдгээрийг оршин байлгахын тулд Тэр ямар зарчмаар бүх зүйлийг удирддаг тухай хүмүүст мэдүүлэх гэж өөр өөр арга барил, харах өнцөг ашиглаж ямар учраас “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” болох талаар бид ихээхэн ярьсан. Бурхан, хүн төрөлхтнийг хэрхэн хангадаг, Тэр ямар арга барилаар тийнхүү хангадаг, хүмүүсийг ямар төрлийн амьдрах орчноор хангадаг, хүний тогтвортой амьдрах орчныг ямар арга барилаар, ямар эхлэлийн цэгээс хангадаг талаар бид бас нэлээд ярьсан. Хэдийгээр бүх зүйлийг захирах Бурханы ноёрхол, захиргаа болон Түүний удирдлагын хоорондох харилцааны талаар Би шууд яриагүй боловч Тэр яагаад бүх зүйлийг ингэж удирддаг, түүнчлэн Тэр яагаад хүн төрөлхтнийг ийм маягаар хангаж, тэжээн тэтгэдэг талаар шууд бусаар ярьж байсан. Энэ бүхэн Түүний удирдлагатай холбоотой. Бидний ярилцсан агуулга, макро орчноос эхлээд хүмүүсийн үндсэн хэрэгцээ, хоол хүнс гэх мэт хавьгүй жижиг зүйлс хүртэл; Бурхан бүх зүйлийг хэрхэн захирч, тэднийг эмх цэгцтэй байлгадгаас эхлээд бүхий л угсаа язгуурын хүмүүст зориулан Түүний бүтээсэн зөв, зохистой амьдрах орчин хүртэл маш өргөн цар хүрээтэй байсан. Энэхүү өргөн цар хүрээтэй агуулга нь бүгд, хүмүүс махан биед хэрхэн амьдрахтай холбоотой. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн нь уулс, гол горхи, далай тэнгис, тал газар гэх мэт энгийн нүдэнд харагддаг, хүмүүсийн мэдэрч чаддаг материаллаг ертөнцийн юмстай холбоотой. Эдгээр нь бүгд харж, хүрч болдог зүйлс юм. Намайг агаар, температурын тухай ярихад, та нар амьсгалснаараа агаар оршин байгааг шууд мэдэрч, температурын их, багыг биеэрээ мэдэрч чадна. Мод, өвс ногоо, ойд байдаг шувуу, араатан амьтад, тэнгэрт нисдэг, газарт явдаг зүйлс, нүхнээсээ гарч ирдэг янз бүрийн бяцхан амьтдыг бүгдийг нь хүмүүс нүдээрээ харж, чихээрээ сонсож чаддаг. Хэдийгээр энэ бүх зүйлсийн хамрах цар хүрээ маш өргөн боловч Бурханы бүтээсэн бүх зүйлээс тэдгээр нь зөвхөн материаллаг ертөнцийг төлөөлдөг. Материаллаг зүйлс гэдэг бол хүмүүсийн харж, мэдэрч чаддаг зүйлс, өөрөөр хэлбэл, хүрэхээрээ чи тэдгээрийг мэдэрч, нүд чинь тэднийг харахад тархи чинь дүрс, зураг чамд үзүүлдэг. Тэдгээр нь бодит, биет зүйлс; тэдгээр нь чамд бол хийсвэр бус, харин хэлбэртэй юм. Тэдгээр нь дөрвөлжин, дугуй, өндөр, нам байж болно, мөн юмс бүр өөр өөр мэдрэмж төрүүлдэг. Энэ бүх зүйл нь бүтээлийн материаллаг талыг төлөөлдөг. Тэгэхээр Бурханы хувьд “бүх зүйлийг Бурхан захирдаг” гэдгийн “бүх зүйл”-д юу багтдаг вэ? Тэдгээрт дан ганц хүмүүсийн харж, хүрч чадах зүйлс багтдаггүй; үүний зэрэгцээ, үл үзэгдэх, үл мэдрэгдэх бүх зүйл багтдаг. Бурхан бүх зүйлийг ноёрхдогийн жинхэнэ утга учрын нэг нь энэ юм. Ийм зүйлс хүмүүст үл үзэгдэж, үл мэдрэгддэг хэдий ч Бурханы хувьд Тэр нүдээрээ ажиглаж болж байгаа, Түүний дээд эрхийн цар хүрээнд байгаа л цагт тэдгээр нь үнэхээр оршин байдаг. Хэдийгээр хүний хувьд тэдгээр нь хийсвэр, төсөөлшгүй, тэр ч байтугай үл үзэгдэж, үл мэдрэгддэг нь бодит үнэн хэдий ч Бурханы хувьд үнэхээр, бодитоор оршин байдаг. Энэ бол Бурханы захирдаг бүх зүйлийн дундах өөр нэгэн ертөнц, Түүний ноёрхдог бүх зүйлийн цар хүрээний өөр нэг хэсэг юм. Энэ бол бидний өнөөдөр нөхөрлөх сэдэв, Бурхан сүнсний ертөнцийг хэрхэн захирч, удирддаг тухай юм. Энэхүү сэдэв нь, Бурхан бүх зүйлийг хэрхэн захирч, удирддаг тухай авч үзэх учраас материаллаг ертөнцийн гаднах ертөнц—сүнсний ертөнцөд хамаатай, тиймээс үүнийг ойлгох нь бидэнд нэн чухал. Энэхүү агуулгын талаар ярилцаж, ойлгосны дараа л хүмүүс “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдэг үгийн жинхэнэ утга учрыг жинхэнээсээ ойлгож чадна. Бид энэ сэдвээр ярилцах гэж байгаагийн шалтгаан нь энэ; “Бурхан бүх зүйлийг захирч, бүх зүйлийг удирддаг” хэмээх сэдвийг гүйцээх зорилготой юм. Магадгүй энэ сэдвийг сонсоод та нарт хачин, ойлгошгүй санагдаж болох ч та нарт ямар санагдах нь хамаагүй, сүнсний ертөнц нь Бурханы захирдаг бүх зүйлийн нэг хэсэг учир энэхүү сэдвийн талаар зарим ойлголтыг та нар олж авах ёстой. Ингэснийхээ дараа та нар “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдэг хэллэгийн талаар илүү гүнзгий мэдлэг, ойлголт, ухаарлыг олж авах болно.

Бурхан сүнсний ертөнцийг хэрхэн захирч, удирддаг вэ

Материаллаг ертөнцийн хувьд, хүмүүс тодорхой нэг зүйл, үзэгдлийг ойлгохгүй байх болгондоо тэдгээр зүйлийн гарал үүсэл, цаад шалтгааныг олж мэдэхийн тулд янз бүрийн суваг ашиглаж, холбогдох мэдээллийг хайж болно. Харин өнөөдрийн бидний ярьж байгаа нөгөө ертөнц буюу материаллаг ертөнцийн гадна орших сүнсний ертөнцийн тухайд бол, энэ талаар ямар нэг зүйл олж мэдэх арга зам, суваг хүмүүст огт байхгүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Яагаад гэвэл, хүн төрөлхтний ертөнцөд, материаллаг ертөнцийн бүх зүйл хүний биет оршин тогтнолтой салшгүй холбоотой бөгөөд материаллаг ертөнцийн бүх зүйл өөрсдийнх нь бие махбодын амьдрал болоод амьтай салшгүй холбоотой гэж хүмүүст санагддаг учраас ихэнх хүн өөрсдөд нь харагддаг, нүднийх нь өмнөх материаллаг зүйлсийг л мэддэг, хардаг. Гэвч сүнсний ертөнц, өөрөөр хэлбэл, нөгөө ертөнцийн бүх зүйлийн тухайд ихэнх хүн үүнд итгэдэггүй гэж хэлэхэд болно. Хүмүүс үүнийг харж чаддаггүй, сүнсний ертөнц нь материаллаг ертөнцөөс юугаараа тэс өөр болох талаар бүү хэл, үүнийг ойлгох, энэ талаар юу ч мэдэх хэрэггүй гэж боддогийн дээр Бурханы хувьд нээлттэй, харин хүмүүсийн хувьд нууцлаг, хаалттай байдаг учраас энэхүү ертөнцийн янз бүрийн талыг ойлгох замыг олоход хүмүүст маш хэцүү байдаг. Сүнсний ертөнцийн талаар Миний ярих гэж буй өөр өөр талууд бол зөвхөн Бурханы захиргаа, дээд эрхтэй хамаатай; Би ямар нэгэн нууцыг ил болгох гээгүй, мөн та нарын олж мэдэхийг хүсдэг нууцлаг зүйлээс алийг нь ч хэлж өгөх гээгүй. Энэ нь Бурханы дээд эрх, Бурханы захиргаа, Бурханы хангалттай хамаатай учраас Би та нарын мэдэх шаардлагатай хэсгийг л ярина.

Эхлээд Би та нараас нэг асуулт асууя: Та нарын бодлоор сүнсний ертөнц гэж юу вэ? Ерөнхийд нь хэлбэл энэ нь хүмүүсийн нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй, материаллаг ертөнцийн гаднах ертөнц юм. Гэхдээ, та нар сүнсний ертөнцийг ямар ертөнц байх учиртай гэж төсөөлж байна вэ? Харж чадахгүй байгаагийн улмаас та нар энэ талаар бодож чадахгүй байж магад. Гэхдээ ямар нэг домог сонсохоороо та нар бодсоор л, энэ тухай бодохоо больж чаддаггүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Хүүхэд байхад нь олон хүнд тохиолддог нэг ийм зүйл бий: Хий үзэгдэл, сүнсний талаар хэн нэг нь аймшгийн түүх ярихад тэд ухаан алдталаа айдаг. Яг яагаад тэд айдаг вэ? Учир нь тэд ийм зүйлийг төсөөлж байдаг; харж чадахгүй ч өрөөнийх нь хаа сайгүй, ямар нэг далд, харанхуй буланд тэдгээр нь байгаа санагдаж, маш их айсандаа унтаж ч зүрхэлдэггүй. Ялангуяа шөнө өрөөндөө ганцаараа байх, хашаандаа ганцаараа зориглон гарахаас дэндүү их айдаг. Энэ бол та нарын төсөөлдөг сүнсний ертөнц, хүмүүсийн аймшигтай гэж боддог ертөнц юм. Үнэн хэрэгтээ, хүн бүр үүнийг тодорхой хэмжээгээр төсөөлдөг, хүн бүр бага зэрэг мэдэрч чадна.

Сүнсний ертөнцийн талаар яриагаа эхэлье. Энэ юу вэ? Би та нарт энгийн бөгөөд товчхон тайлбарлаж өгье: Сүнсний ертөнц бол материаллаг ертөнцөөс өөр, чухал газар юм. Би яагаад үүнийг чухал гэж хэлж байна вэ? Бид энэ талаар дэлгэрэнгүй ярилцах болно. Сүнсний ертөнцийн оршин тогтнол нь хүн төрөлхтний материаллаг ертөнцтэй салшгүй холбоотой. Бүх зүйлийг захирах Бурханы ноёрхол дахь хүний амьдрал, үхлийн мөчлөгт энэ нь чухал үүрэг гүйцэтгэдэг; энэ бол сүнсний ертѳнцийн үүрэг бөгөөд оршин тогтнол нь чухал байдгийн нэг шалтгаан юм. Энэ нь таван мэдрэхүйгээр ялган таних аргагүй газар учраас сүнсний ертөнц оршин байдаг эсэхийг хэн ч үнэн зөв магадалж чаддаггүй. Сүнсний ертөнцийн янз бүрийн хөдөлгөөн нь хүний оршин тогтнолтой нягт холбоотой байдгийн улмаас хүн төрөлхтний амьдралын дэг жаягт ч бас сүнсний ертөнц асар их нөлөөлдөг. Үүнд Бурханы дээд эрх хамаатай юу, үгүй юу? Хамаатай. Намайг ингэж хэлэхээр та нар яагаад энэ сэдвээр ярилцаж байгааг минь ойлгоно: Учир нь, Бурханы дээд эрхээс гадна, Түүний захиргаа үүнд хамаатай. Хүмүүст үл үзэгдэх ийм ертөнцийн бүх тэнгэрлэг тушаал, зарлиг, захиргааны тогтолцоо нь материаллаг ертөнцийн аль ч улсын хууль, тогтолцооноос хавьгүй дээгүүр байдгийн дээр энэ ертөнцөд амьдардаг ямар ч зүйл эдгээрийг зөрчиж, халдаж зүрхлэхгүй. Энэ нь Бурханы дээд эрх, захиргаатай холбоотой юу? Сүнсний ертөнцөд тодорхой захиргааны зарлиг, тэнгэрлэг тушаал, хууль тогтоомж бий. Өөр өөр түвшин, янз бүрийн талбарт харгалзагч нар үүргээ чанд баримталж, дүрэм журмыг мөрддөг, учир нь тэд тэнгэрлэг тушаалыг зөрчихийн үр дагавар юу болохыг мэддэг; Бурхан хэрхэн мууг шийтгэж, сайныг шагнадаг, Тэр бүх зүйлийг хэрхэн удирдаж, захирдгийг тодорхой мэддэг. Түүнчлэн, Тэр тэнгэрлэг тушаал, хууль тогтоомжоо хэрхэн хэрэгжүүлдгийг тэд тодорхой хардаг. Эдгээр нь хүн төрөлхтний оршин суудаг материаллаг ертөнцөөс ялгаатай юу? Үнэндээ асар их ялгаатай. Сүнсний ертөнц нь материаллаг ертөнцөөс огт өөр ертөнц юм. Тэнгэрлэг тушаал, хууль тогтоомж байдаг болохоор Бурханы дээд эрх, захиргаа, мөн түүнчлэн Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохтой энэ нь хамаатай. Та нар үүнийг сонсоод Миний хувьд энэ сэдвийн талаар ярих нэн шаардлагатай гэж бодохгүй байна уу? Та нар салшгүй нууцыг нь мэдмээргүй байна уу? (Тийм ээ, бид мэдмээр байна.) Сүнсний ертөнцийн ухагдахуун ийм билээ. Хэдийгээр энэ нь материаллаг ертөнцтэй зэрэгцэн оршиж, Бурханы захиргаа, дээд эрхэд нэгэн зэрэг захирагддаг ч энэ ертөнцийг захирдаг Бурханы захиргаа, дээд эрх нь материаллаг ертөнцийнхөөс хавьгүй хатуу чанд байдаг. Нарийн ширийний тухайд гэвэл, сүнсний ертөнц хүн төрөлхтний амьдрал, үхлийн мөчлөгийн ажлыг хэрхэн хариуцдагаас бид эхлэх хэрэгтэй, учир нь энэ бол сүнсний ертөнцийн оршихуйнуудын ажлын томоохон хэсэг юм.

Хүн төрөлхтөн дундаас бүх хүнийг Би гурван төрөлд ангилдаг. Эхнийх нь шашны итгэл үнэмшилгүй үл итгэгчид. Тэднийг үл итгэгчид гэж нэрлэдэг. Үл итгэгчдийн дийлэнх олонх нь мөнгөнд л итгэдэг; тэд өөрсдийнхөө ашиг сонирхлыг л хөөцөлддөг, эдийн шуналтай бөгөөд амьдрал, үхлийн мөчлөг, шүтээн, хий үзэгдлийн тухай ямар ч ярианд итгэдэггүй, харин материаллаг ертөнцөд л итгэдэг. Би ийм хүмүүсийг үл итгэгчид гэж ангилдаг, тэд бол эхний төрлийн хүмүүс юм. Хоёр дахь төрөлд нь үл итгэгчдээс бусад итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүс багтдаг. Хүн төрөлхтөн дундаас эдгээр итгэл бишрэлтэй хүмүүсийг Би хэд хэдэн томоохон бүлэгт хуваадаг: Эхнийх нь Иудейн шашинтан, хоёр дахь нь Католик шашинтан, гурав дахь нь Христийн шашинтан, дөрөв дэх нь Лалын шашинтан, тавь дахь нь Буддын шашинтан гэсэн таван төрөл юм. Эдгээр нь итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүс юм. Гурав дахь төрөл нь Бурханд итгэдэг хүмүүс, үүнд та нар хамаарна. Ийм итгэгчид нь өнөөдөр Бурханыг дагадаг хүмүүс юм. Энэ хүмүүсийг Бурханы сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчид гэх хоёр төрөлд хуваадаг. Эдгээр үндсэн төрлийг маш тодорхой ялгасан. Иймээс та нар одоо, бодол санаандаа хүмүүсийн төрөл, зэрэглэлийг хооронд нь тодорхой ялгаж чадна, тийм үү? Эхний төрөл нь үл итгэгчдээс бүрдэнэ, тэд юу болохыг Би хэлсэн. Тэнгэр Эцэгт итгэдэг хүмүүсийг үл итгэгчид гэж тооцох уу? Олон үл итгэгч Тэнгэр Эцэгт л итгэдэг; тариа тарьж, ургац хураахдаа өөрсдийнх нь найддаг энэхүү оршихуй салхи, бороо, аянга гэх мэтийг бүгдийг нь удирддаг гэж тэд итгэдэг атлаа Бурханд итгэх итгэлийн талаар дурдмагц Түүнд итгэхийг хүсдэггүй. Үүнийг итгэл байгаа гэж нэрлэж болох уу? Ийм хүмүүс үл итгэгчдэд хамаарна. Үүнийг ойлгосон биз дээ? Эдгээр ангиллыг бүү андуур. Хоёр дахь төрөлд нь итгэл бишрэлтэй хүмүүс багтдаг, гурав дахь төрөл нь яг одоо Бурханыг дагаж байгаа хүмүүс юм. Тэгвэл Би яагаад бүх хүнийг эдгээр төрөлд хуваасан бэ? (Учир нь төрөл бүрийн хүмүүс өөр өөр төгсгөл, хүрэх газартай байдаг.) Энэ бол нэг тал нь. Өөр өөр яс үндэс, төрлийн энэ хүмүүс сүнсний ертөнцөд эргэн очихдоо өөр өөр газар луу явж, амьдрал, үхлийн мөчлөгийн өөр өөр хуульд захирагдана, тийм учраас Би хүмүүсийг эдгээр үндсэн төрөлд ангилсан юм.

а. Үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөг

Үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөгийг эхлээд авч үзье. Хүнийг үхсэнийх нь дараа сүнсний ертөнцийн харгалзагч авч явдаг. Хүний яг юуг нь авч явдаг вэ? Махан биеийг нь бус, сүнсийг нь авч явдаг. Сүнсийг нь авч явахад, дөнгөж нас барсан хүмүүсийн сүнсийг тусгайлан хүлээн авдаг газар болох сүнсний ертөнцийн товчоо хэмээх газарт очдог. Тэр нь үхсэнийхээ дараа хүний очдог эхний газар бөгөөд сүнсний хувьд энэ нь танил бус байдаг. Тэднийг энэ газарт аваачих үед албан тушаалтан эхний үзлэг хийж, нэр, хаяг, нас, бүх туршлагыг нь баталгаажуулдаг. Амьд байхдаа хийсэн бүхнийх нь талаар бүртгэл хөтөлж, үнэн зөвийг нь магадалдаг. Энэ бүгдийг шалгасны дараа тухайн хүний насан туршийн үйлдэл, зан авирыг үндэслэн шийтгэгдэх үү, хүний төрлийг дахин олох уу гэдгийг нь тодорхойлдог ба энэ нь эхний шат юм. Энэ эхний шат аймшигтай байна уу? Хүн харанхуй, үл таних газарт ирснээс өөр зүйл тохиогоогүй учраас энэ тийм ч аймшигтай биш.

Хоёр дахь шатанд, тухайн хүн насан туршдаа олон муу зүйл хийж, олон хорон муу үйл үйлдсэн бол үүнийгээ шийдүүлэхээр шийтгэлийн газарт хүргэгдэнэ. Тэр нь тусгайлан хүмүүсийг шийтгэхэд ашигладаг газар байх болно. Түүний хэрхэн шийтгэгдэхийн нарийн ширийн нь үйлдсэн нүгэл, мөн үхэхээсээ өмнө хэчнээн олон хорон муу зүйл хийснээс нь хамаардаг, энэ нь хоёр дахь шатанд тохиодог эхний нөхцөл байдал юм. Үхэхээсээ өмнө хийсэн муу зүйл, үйлдсэн ёрын муу үйлийнхээ улмаас шийтгэлийнхээ дараа дахин төрлийг олохдоо, материаллаг ертөнцөд дахин нэг удаа төрөхдөө, зарим нь хүн хэвээр үлдэж, зарим нь амьтад болдог. Өөрөөр хэлбэл, хүн сүнсний ертөнцөд эргэн очсоныхоо дараа, үйлдсэн ёрын муу үйлээсээ болж шийтгүүлдэг; түүнчлэн, хийсэн хорон муу зүйлээсээ болж дараа төрөлдөө хүн биш, амьтан болж магадгүй. Тэд үхэр, адуу, гахай, нохой зэрэг амьтад болж магад. Зарим хүн дахин төрөхдөө шувуу, нугас, галуу болж болно… Тэд амьтны төрлийг олж дахин төрснийхөө дараа дахин үхэхдээ сүнсний ертөнцөд эргэж ирнэ. Тэнд урьдын адилаар үхэхийнх нь өмнөх зан авирт үндэслэн хүний төрлийг дахин олох эсэхийг нь сүнсний ертөнц шийднэ. Ихэнх хүн хэтэрхий их ёрын мууг үйлдэж, нүгэл нь дэндүү их байдаг учраас долоогоос арван хоёр удаа амьтны төрлийг олж төрдөг. Долоогоос арван хоёр удаа гэдэг аймшигтай бус уу? (Аймшигтай.) Та нарт юу нь аймшигтай байна вэ? Хүн, амьтан болно гэдэг аймшигтай. Хүний хувьд амьтан болохын хамгийн зовлонтой зүйл нь юу вэ? Хэл яриагүй, зөвхөн энгийн бодолтой, амьтдын хийж чадах зүйлсийг л хийж, амьтдын иддэгийг л идэж чаддаг байх, мөн амьтдын энгийн сэтгэлгээ, үйл хөдлөлтэй байж, босоогоороо явж чадахгүй, хүмүүстэй харилцаж чадахгүй байх бөгөөд хүмүүсийн зан авир, үйлдлийн аль нь ч амьтадтай огт хамааралгүй байдаг бодит үнэн юм. Өөрөөр хэлбэл, бүх зүйлийн дундаас амьтан байна гэдэг бүх амьд зүйлээс хамгийн дорд болж, хүн байхаас илүү их зовлон зүдүүр туулах болдог. Маш их мууг хийж, асар их нүгэл үйлдсэн хүмүүсийг шийтгэх сүнсний ертөнцийн шийтгэлийн нэг тал нь энэ юм. Шийтгэл хэр хүнд байх нь ямар төрлийн амьтан болохоос хамааран шийдэгддэг. Жишээ нь, гахай байх нь нохой байхаас дээр үү? Гахай нохойноос дээр амьдардаг уу, дор амьдардаг уу? Дор амьдардаг биз дээ? Хүмүүс үхэр, адуу болбол гахай байснаас дээр амьдрах уу, дор амьдрах уу? (Дээр амьдарна.) Хүн муур болж дахин төрснөөр илүү тухтай байх уу? Тэр адилхан л амьтан байх бөгөөд муур байх нь морь, үхэр байхаас хавьгүй илүү амар, учир нь муур ихэнх цагаа нойрмоглон залхуурч өнгөрүүлдэг. Үхэр, морь болбол илүү их хөдөлмөрлөдөг. Тиймээс хэрвээ хүн үхэр, адууны төрлийг олж төрвөл шаргуу ажиллах ёстой, энэ нь хатуу шийтгэлтэй адилхан. Нохой эзэнтэйгээ илүү ойр дотно харилцаатай байдаг тул нохой болох нь үхэр, морь болохоос арай дээр байх болно. Зарим нохойг хэдэн жил тэжээсний дараа эздийнхээ хэлдэг үгээс нэлээдийг ойлгож чаддаг. Заримдаа нохой эзнийхээ сэтгэл санааны байдал болон шаардлагад зохицож чаддаг, тэгээд эзэн нь нохойдоо илүү сайн хандаж, нохойгоо илүү сайн хооллож ундалж, өвдөх үед нь илүү сайн асардаг. Тэгэхээр нохой аз жаргалтай амьдардаг бус уу? Тиймээс нохой байна гэдэг нь үхэр, морь байснаас дээр. Үүгээр, хүний шийтгэлийн хатуу ширүүн байдал нь хэдэн удаа, ямар амьтны төрлийг олж төрөхийг нь тодорхойлдог.

Амьд байхдаа маш олон нүгэл үйлдсэнээсээ болоод зарим хүн долоогоос арван хоёр удаа амьтны төрлийг олж төрөхөөр шийтгүүлдэг. Хангалттай олон шийтгүүлээд сүнсний ертөнцөд эргэн очих үед нь түүнийг өөр газар луу, янз бүрийн сүнснүүд аль хэдийн шийтгүүлчхээд, хүний төрлийг олохоор бэлдэж байгаа төрлийн сүнснүүд байдаг газарт аваачдаг. Энэ газарт, ямар гэр бүлд төрөх, дахин төрөөд ямар үүрэг гүйцэтгэх гэх мэтийнх нь дагуу сүнс тус бүрийг төрөл болгон ангилдаг. Жишээ нь, зарим хүн энэ хорвоод ирээд дуучин болох учраас түүнийг дуучдын дунд оруулдаг; зарим нь энэ хорвоод ирээд бизнес эрхлэгч болох учраас түүнийг бизнес эрхлэгчдийн дунд оруулдаг; хэн нэгэн нь хүн болсныхоо дараа шинжлэх ухааны судлаач болох бол шинжлэх ухааны судлаачдын дунд оруулдаг. Тэднийг ангилсны дараа, яг л өнөөдөр хүмүүс э-мэйл илгээдэг шиг тус бүрийг нь өөр өөр цаг, товлосон өдөрт илгээдэг. Үүгээр амьдрал, үхлийн нэг мөчлөг дуусна. Хүн сүнсний ертөнцөд ирсэн өдрөөс эхлээд шийтгэл нь дуусах хүртэл буюу олон удаа амьтны төрлийг олж төрөөд, хүний төрлийг олж төрөхөөр бэлдэх хүртэл энэхүү үйл явц нь бүрэн төгс болдог.

Шийтгэгдэж дуусаад дахин амьтан болж төрөхгүй хүмүүс даруй материаллаг ертөнц рүү илгээгдэж хүн болж төрөх үү? Эсвэл, тэд хүмүүсийн дунд ирэх хүртлээ хэр удах вэ? Ийм зүйл тохиолдож болох давтамж нь ямар байдаг вэ? Үүнд цаг хугацааны хязгаарлалт байдаг. Сүнсний ертөнцөд болдог бүх зүйл цаг хугацааны нарийн хязгаарлалт, дүрэмд захирагддаг, үүнийг Би тоогоор тайлбарлавал та нар ойлгоно. Богино хугацаанд дахин төрлийг олсон хүмүүсийн хувьд гэвэл үхэх үед нь дахин хүн болж төрөх бэлтгэлийг аль хэдийн хийсэн байна. Ийм зүйл болж болох хамгийн богино хугацаа нь гурван өдөр байдаг. Зарим хүнд энэ нь гурван сар, заримынх нь хувьд гурван жил, заримд нь гучин жил, заримд нь гурван зуун жил гэх мэт болдог. Тэгвэл энэхүү цаг хугацааны дүрмийн талаар юу хэлж болох вэ, нарийн ширийн нь юу вэ? Сүнснээс материаллаг ертөнц буюу хүний ертөнцийн шаарддаг зүйл, энэхүү ертөнцөд сүнсний гүйцэтгэх учиртай үүрэг дээр эдгээр нь үндэслэдэг. Хүний ертөнцөд эгэл хүмүүсийн хэрэгцээ маш их байдаг учраас хүмүүс ийм эгэл хүний төрлийг дахин олж төрөхдөө ихэнх нь маш хурдан төрлөө олж дахин төрдөг, иймээс тэд гурван өдрийн дараа, нас барахаасаа өмнө байсан гэр бүлээс огт өөр гэр бүлд дахин илгээгддэг. Гэхдээ энэ дэлхийд онцгой үүрэг гүйцэтгэдэг зарим хүн бий. “Онцгой” гэдэг нь хүний ертөнцөд ийм хүмүүсийн хэрэгцээ нэг их байдаггүй гэсэн үг юм; ийм үүрэг гүйцэтгэхэд олон хүн шаардлагагүй учир гурван зуун жил ч болж болно. Өөрөөр хэлбэл, энэхүү сүнс нь гурван зуун жилд, эсвэл бүр гурван мянган жилд л нэг удаа ирнэ. Яагаад тэр вэ? Гурван зуу, эсвэл гурван мянган жилийн турш тухайн үүрэг хүний ертөнцөд шаардагдахгүй гэх баримтаас үүдэн түүнийг сүнсний ертөнцийн хаа нэгтээ байлгадаг. Күнзийг жишээ болгон авч үзье: Тэрээр Хятадын уламжлалт соёлд гүн гүнзгий нөлөөлж, тэр ирснээр тухайн үеийн хүмүүсийн соёл, мэдлэг, уламжлал, үзэл санаанд гүнзгий нөлөө үзүүлсэн. Гэхдээ ийм хүн эрин бүрд шаардлагагүй учраас сүнсний ертөнцөд үлдэж, дахин төрөх хүртлээ гурван зуу, эсвэл гурван мянган жил хүлээх ёстой болсон. Хүний ертөнцөд иймэрхүү хүн шаардлагагүй учраас тэр зүгээр хүлээх хэрэгтэй болсон юм, учир нь түүнийх шиг үүрэг маш цөөн, түүнд хийх зүйл маш бага байсан. Тиймээс хүний ертөнцөд хэрэгтэй болонгуут нь илгээхээр түүнийг ихэнх хугацаанд сүнсний ертөнцийн хаа нэгтээ дэмий байлгах ёстой болсон. Ихэнх хүний дахин төрөх давтамжид зориулсан сүнсний ертөнцийн цаг хугацааны дүрэм ийм байдаг. Хүмүүс энгийн, эсвэл онцгой ч бай, төрлөө дахин олох явцыг нь боловсруулахад үйлчилдэг зохих дүрэм, зөв хэрэгжүүлэлт сүнсний ертөнцөд байдаг бөгөөд эдгээр дүрэм болон хэрэгжүүлэлтийг сүнсний ертөнцийн аливаа харгалзагч юм уу оршихуй шийдэж хянадаггүй, харин Бурхан илгээдэг. Одоо та нар үүнийг ойлгож байгаа биз дээ?

Ямар ч сүнсний хувьд, дахин төрөх, энэ амьдралд ямар үүрэгтэй байх, ямар гэр бүлд төрөх, амьдрал нь ямар байх вэ гэдэг нь урьд төрөлтэй нь нягт холбоотой. Бүх төрлийн хүмүүс хүний ертөнцөд ирдэг бөгөөд гүйцэтгэх үүрэг, биелүүлэх даалгавар нь өөр өөр байдаг. Тэдгээр нь ямар үүрэг даалгавар байдаг вэ? Зарим хүн өрөө төлөхөөр ирдэг: Хэрвээ тэд урьд төрөлдөө бусдад дэндүү их хэмжээний мөнгөний өртэй байсан бол энэ төрөлдөө тэд өрөө төлөхөөр ирдэг. Гэтэл зарим хүн өрөө авахаар ирсэн байдаг: Тэр урьд төрөлдөө дэндүү их зүйл, дэндүү их хөрөнгө мөнгө залилуулсан байдаг; тийм болохоор сүнсний ертөнцөд ирснийх нь дараа тэдэнд шударга хандаж, энэ төрөлдөө өрөө авахыг нь зөвшөөрдөг. Зарим хүн ач хариулахаар ирсэн байдаг: Өмнөх амьдралд нь, өөрөөр хэлбэл урьд төрөлд нь тэдэнд хэн нэгэн сайн ханддаг байсан бөгөөд энэ төрөлд дахин төрөх маш сайхан боломж олдсон учраас тэд ачийг нь хариулахаар дахин төрдөг. Харин нөгөө хэсэг нь хүмүүсийн амийг авахаар энэ амьдралд дахин төрсөн байдаг. Тэгээд тэд хэний амийг авдаг вэ? Урьд төрөлд нь өөрийг нь хөнөөсөн хүмүүсийн амийг авдаг. Дүгнэж хэлбэл, хүн бүрийн одоогийн амьдрал урьд төрөлтэй нь бат, салшгүй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн одоогийн амьдралд урьд төрөл нь асар их нөлөөлдөг. Жишээ нь, Жан нас барахынхаа өмнө Лигээс их хэмжээний мөнгө луйвардсан байж. Тэгвэл Жан, Лид өртэй юу? Өртэй, тэгэхээр Ли, Жангаас өрөө авах ёстой гэдэг нь зүй ёсны зүйл үү? Ийм болохоор нас барсных нь дараа тэдний хооронд төлөх учиртай өр үлддэг. Тэд дахин төрлийг олж, Жан хүн болох үед Ли өрөө хэрхэн авах вэ? Нэг арга зам нь Ли, Жангийн хүү болж дахин төрөх юм; Жан их мөнгө олж, дараа нь Ли түүнийг нь үрэн таран хийнэ. Жан хэчнээн их мөнгө оллоо ч хүү Ли нь үрэн таран хийж байдаг. Жан хэчнээн ч их мөнгө оллоо гэсэн хэзээ ч хүрэлцэхгүй; харин хүү нь яагаад ч юм бэ, янз бүрийн арга замаар эцгийнхээ мөнгийг дандаа үрж дуусгана. Жан “Яагаад миний энэ хүү үргэлж азгүй явдал авчирч байдаг юм бэ? Яагаад хүний хөвгүүд ийм сайхан биеэ авч явдаг юм бэ? Яагаад манай хүү ямар ч хүсэл эрмэлзэлгүй, ийм арчаагүй, ямар ч мөнгө олох чадваргүй байна вэ, яагаад би түүнийг байнга тэжээх ёстой юм бэ? Би түүнийг тэжээх ёстой юм хойно тэжээнэ ээ, гэхдээ хэчнээн их мөнгө өгсөн ч яагаад үргэлж хангалтгүй байдаг юм бэ? Яагаад тэр минь шударгаар хөдөлмөрлөж чадахгүй, харин биеэ оторлож, идэж ууж, завхайрч, мөрий тавих зэргийг хийдэг юм бэ? Юу л болоод байна даа?” хэмээн гайхшаа барна. Жан дараа нь “Би урьд төрөлдөө түүнд өртэй байсан байж болох юм. За яах вэ, өрөө барагдуулъя! Намайг өрөө төлж дуустал энэ дуусахгүй!” хэмээн хэсэг зуур бодно. Ли өрөө суутган авч дуусах өдөр ирж, тавин нас хүрээд гэнэтхэн сэхээ орж “Би амьдралынхаа эхний тэн хагаст нэг ч сайн зүйл хийсэнгүй! Эцгийнхээ олсон бүх мөнгийг үрэн таран хийлээ, тиймээс би сайн хүн болж эхлэх ёстой! Би өөрийгөө хатуужуулна; шударга, зөв зохистой амьдрагч нэгэн болж, эцэгтээ дахин хэзээ ч зовлон шаналал авчрахгүй!” хэмээн ухаарах өдөр ирж болно. Яагаад тэр ингэж бодов? Яагаад тэр гэнэт сайн тал руугаа өөрчлөгдөв? Үүнд шалтгаан байна уу? Шалтгаан нь юу вэ? (Учир нь Ли өрөө авсан; Жан өрөө төлсөн.) Үүнд шалтгаан, үр дагавар байдаг. Энэ түүх тэр хоёрын энэ амьдралаас нь өмнө аль эрт эхэлсэн; тэдний урьд төрлийн амьдралын энэхүү түүх өнөөг хүртэл үргэлжилсэн бөгөөд хэн нь ч хэнийгээ буруутгаж чадахгүй. Жан хүүдээ юу ч гэж сургасан, хүү нь хэзээ ч сонсоогүй, хэзээ ч шударгаар хөдөлмөрлөж үзээгүй. Гэтэл өр барагдсан өдөр хүүгээ сургамжлах ямар ч шаардлага байгаагүй, хүү нь аяндаа ойлгосон. Энэ бол энгийн жишээ. Ийм жишээ өөр олон байдаг уу? (Тийм ээ, байдаг.) Энэ нь хүмүүст юуг хэлж байна вэ? (Сайн байж, ёрын мууг үйлдэх ёсгүй гэдгийг.) Тэд ёрын мууг хийх ёсгүй, муу үйлд цээрлүүлэлт байх болно гэдгийг хэлж байна! Ихэнх үл итгэгч маш их мууг үйлддэг, тэгээд муу үйл нь цээрлүүлэлт хүртдэг, зөв үү? Гэвч ийм цээрлүүлэлт тохиолдлынх байдаг уу? Үйлдэл болгонд цээрлүүлэлтийнх нь ард үндэслэл, шалтгаан байдаг. Чи хүнээс мөнгө залилчхаад зүгээр өнгөрнө гэж боддог уу? Тэрхүү мөнгийг луйвардаж авсны дараа чи ямар ч үр дагавартай нүүр тулахгүй гэж боддог уу? Ингэх боломжгүй; үнэхээр үр дагавар байх болно! Тэд хэн байх, Бурхан байдаг гэдэгт итгэдэг, үгүй нь хамаагүй, хувь хүн бүр үйлдэлдээ хариуцлага хүлээж, хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг үүрэх ёстой. Энэхүү энгийн жишээний тухайд Жан шийтгүүлж, Лигийн өр төлөгдсөн нь шударга бус уу? Хүмүүс иймэрхүү зүйл хийх үед ийм л үр дүн гардаг. Энэ нь сүнсний ертөнцийн захиргаатай салшгүй холбоотой юм. Бурханд итгэдэггүй үл итгэгч байсан ч гэсэн оршин тогтнол нь иймэрхүү тэнгэрлэг тушаал, зарлигт захирагддаг. Хэн ч үүнээс зайлж чадахгүй, мөн хэн ч энэ бодит байдлаас зайлсхийж чадахгүй.

Хүнд харагддаг бүхэн оршдог, харин харж болдоггүй юм бүхэн буюу хүмүүсээс маш холын зүйл оршин байдаггүй гэж итгэл бишрэлгүй хүмүүс дандаа итгэдэг. Тэд “амьдрал, үхлийн мөчлөг”, “шийтгэл” гэж байдаггүй гэдэгт итгэхийг илүүд үздэг учраас эрээ цээргүй нүгэл үйлдэж, мууг хийдэг. Үүний дараа тэд шийтгүүлж, эсвэл амьтны төрлийг олж төрдөг. Үл итгэгчдийн дундаас янз бүрийн хүмүүсийн ихэнх нь энэхүү аюулт тойрог руу унадаг. Тэд сүнсний ертөнц бүх амьд зүйлийг захирах захиргаандаа хатуу чанд байдгийг мэддэггүй учраас тэр юм. Чи итгэдэг ч бай, үгүй ч бай энэхүү бодит үнэн орших л болно, учир нь ганц ч хүн, эсвэл зүйл Бурханы нүдээрээ ажигладаг зүйлийн цар хүрээнээс зугтаж, Бурханы тэнгэрлэг тушаал, зарлигийн дүрэм, хязгаарлалтаас зугтаж чадахгүй. Тэгэхээр Бурханд итгэх эсэхээс үл хамааран нүгэл үйлдэж, мууг хийх чинь зөвшөөрөхийн аргагүй бөгөөд бүхий л үйлдэл үр дагавартай гэдгийг энэхүү энгийн жишээ хүн бүхэнд хэлж өгдөг. Хэн нэгэн өөр нэгний мөнгийг луйвардвал шийтгүүлдэг бөгөөд тэрхүү шийтгэл нь шударга юм. Иймэрхүү түгээмэл үзэгддэг зан авирыг сүнсний ертөнцөд шийтгэдэг, тэрхүү шийтгэлийг Бурханы зарлиг, тэнгэрлэг тушаалаар биелүүлдэг. Иймээс хүчин, тонуул, залилах, хууран мэхлэх, хулгай, дээрэм, хүн алах, галдан шатаах гэх мэт аймшигт гэмт хэрэг, хорон муу үйлдэл нь хүнд хөнгөний хувьд янз бүр, маш олон шийтгэлд улам бүр өртдөг. Хүнд хөнгөн нь янз бүр эдгээр шийтгэлд юу багтдаг вэ? Зарим нь цаг хугацаагаар хатуу чангын түвшнийг тогтоодог бол, зарим нь өөр өөр аргачлалаар үүнийг тогтоодог; гэвч зарим нь дараагийн төрлөө олох үедээ хүмүүсийн хаашаа явахыг нь шийдсэнээр тогтоодог. Жишээ нь зарим хүн бүдүүлэг үг яриатай байдаг. “Бүдүүлэг яриатай” гэж юуг хэлдэг вэ? Энэ нь бусдыг байнга харааж загнадаг, хорон үгээр бусдыг харааж зүхдэг гэсэн үг юм. Хорон үг хэл юуг илтгэн харуулдаг вэ? Энэ нь тэр хүн хорон санаатай гэдгийг илтгэдэг. Бусдыг харааж зүхсэн бүдүүлэг үг хэл тийм хүмүүсийн амнаас байнга гардаг бөгөөд ийм хорон үг хэл нь ноцтой үр дагавар авчирдаг. Ийм хүмүүс үхээд тохирох шийтгэлээ хүртсэний дараа хэлгүй болж дахин төрж болно. Зарим хүн амьд байхдаа маш тооцоотой, бусдыг байнга завшдаг, бяцхан явуулгаа нэн сайн төлөвлөдөг, хүмүүст маш их хор хохирол учруулдаг. Тэд дахин төрөхдөө ухаан муутай, оюуны хомсдолтой нэгэн болж болох юм. Зарим хүн бусдын хувийн амьдрал руу үргэлж өнгийдөг; нүд нь харах ёсгүй хувийн нууцыг харж, мэдэх учиргүй зүйл ихийг мэддэг. Тиймээс дахин төрөхдөө тэд сохор болж магадгүй. Зарим хүн амьд байхдаа маш овсгоо сүйхээтэй байдаг; байнга тэмцэлдэж, муу зүйл их хийдэг. Үүний улмаас дахин төрөхдөө эрэмдэг зэрэмдэг, доголон, гаргүй төрж магадгүй; эсвэл тэд дахин төрөхдөө бөгтөр, гилжгий болох юм уу хазганаж явдаг, эсвэл нэг хөл нь нөгөөгөөсөө богино гэх мэт болж ч магадгүй. Ийнхүү амьд байхдаа үйлдсэн ёрын муугийнх нь хэмжээнд үндэслэн тэдэнд янз бүрийн шийтгэл оноодог. Зарим хүн яагаад хялар байдаг гэж та нар бодож байна? Ийм хүмүүс их байдаг уу? Өнөө үед олон байдаг болсон. Зарим хүн урьд төрөлдөө нүдээ хэт их хэрэглэж, дэндүү олон муу зүйл хийсэн байдаг учир энэ төрөлдөө хялар нүдтэй болж төрдөг, ноцтой тохиолдолд сохор ч байдаг. Энэ бол цээрлүүлэлт билээ! Зарим хүн нас барахаасаа өмнө бусадтай сайхан харьцдаг; тэд төрөл садан, найз нөхөд, хамт ажиллагсад, өөрсөдтэй нь холбоотой хүмүүст олон сайн зүйл хийдэг. Тэд бусдад буян үйлдэж, асарч халамжилж, санхүүгийн дэмжлэг үзүүлж, хүмүүс тэднийг маш өндрөөр үнэлдэг. Ийм хүмүүс сүнсний ертөнцөд эргэн ирэхдээ шийтгүүлдэггүй. Үл итгэгч ямар нэг байдлаар шийтгүүлэхгүй байна гэдэг бол маш сайн хүн байсан гэсэн үг юм. Бурханы оршин тогтнолд итгэхийн оронд тэд зөвхөн Тэнгэр Эцэгт итгэдэг. Ийм хүн өөрийнх нь хийж байгаа бүхнийг дээрээс хардаг сүнс байдаг гэж л итгэдэг—түүний итгэдэг зүйл ердөө л энэ. Үр дүнд нь, энэ хүн биеэ хавьгүй дээр авч явдаг. Ийм хүмүүс сайхан сэтгэлтэй, өглөгч байдгийн дээр эцэстээ сүнсний ертөнцөд эргэж очиход нь тэдэнд маш сайн хандаж, тэд удалгүй дахин төрлийг олж төрнө. Тэд дахин төрөхдөө ямар айлд ирэх вэ? Энэхүү айл нь хэдий баян биш ч зовлон шаналалгүй, гэр бүлийн гишүүд нь хоорондоо эвтэй найртай байна; энэхүү дахин төрлийг олсон хүмүүс энд амар амгалан, жаргалтай өдрүүдийг өнгөрөөж, хүн бүр баяр хөөртэй, сайхан амьдарна. Энэ хүмүүс насанд хүрээд өнөр өтгөн гэр бүлтэй болж, хүүхдүүд нь авьяастай, амжилттай байж, гэр бүл нь аз жаргалтай байна, ийм төгсгөл энэ хүмүүсийн урьд төрөлтэй асар их холбоотой. Өөрөөр хэлбэл, хүн үхээд дахин төрлийг олохдоо хаашаа явах, эрэгтэй, эмэгтэй байх эсэх, үүрэг даалгавар нь юу байх, амьдралдаа юу туулах, ямар бүтэлгүйтэл туулж, ямар ерөөл хүртэх, хэнтэй уулзах, түүнд юу тохиолдох гээд эдгээр зүйлийг хэн ч урьдчилан хэлж, үүнээс зайлсхийж, эсвэл нуугдаж чадахгүй. Өөрөөр хэлбэл, амьдралыг чинь тодорхойлсны дараа чамд юу ч тохиолдсон, чи үүнээс зайлсхийхийг хэчнээн хичээж, ямар ч аргаар оролдсон байсан, сүнсний ертөнцөд чамд зориулж Бурханы төлөвлөсөн амьдралын замналыг зөрчих ямар ч аргагүй. Учир нь, чамайг дахин төрлийг олоход амьдралын чинь хувь заяа аль хэдийн тогтоогдсон байдаг. Сайн ч бай, муу ч бай хүн бүр үүнийг хүлээн зөвшөөрч, урагшаа ахисаар байх ёстой. Энэ хорвоод амьдардаг хэн ч энэ асуудлаас зайлсхийж чадахгүй, үүнээс илүү бодитой асуудал гэж үгүй. Миний хэлж байсан бүхнийг та бүгд ойлгосон, тийм үү?

Ийм зүйлийг ойлгосон болохоор, үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөгийг Бурхан маш нарийн, хатуу хянаж, захирдаг гэдгийг та нар одоо харж байна уу? Эхлээд, Бурхан сүнсний ертөнцөд олон төрлийн тэнгэрлэг тушаал, зарлиг, тогтолцоо бий болгосон бөгөөд эдгээрийг тунхагласны дараа сүнсний ертөнцөд янз бүрийн албан тушаалын оршихуйнууд, Бурханы тогтоосны дагуу тэдгээрийг маш чанд мөрддөг, хэн ч үүнийг зөрчиж зүрхэлдэггүй. Иймээс хүний ертөнц дэх хүн төрөлхтний амьдрал, үхлийн мөчлөгт амьтны, эсвэл хүний төрлийн алийг нь ч хүн олсон бай, хоёуланд нь хууль дүрэм бий. Эдгээр хууль дүрэм Бурханаас ирдэг учир хэн ч зөрчиж зүрхэлдэггүй, зөрчиж ч чадахгүй. Бурханы энэхүү дээд эрхийн улмаас, мөн ийм хууль дүрэм байдаг учраас л хүмүүсийн хардаг материаллаг ертөнц нэгэн жигд, эмх цэгцтэй байдаг; Бурханы энэхүү дээд эрхийн улмаас л хүн төрөлхтөн өөрсдөд нь огт үл үзэгдэх өөр ертөнцтэй амар тайван зэрэгцэн оршиж, зохицон амьдарч чаддаг—энэ бүгд нь Бурханы дээд эрхээс салгахын аргагүй юм. Хүний махан биеийн амь үхсэний дараа сүнс нь амьд хэвээр байдаг учраас хэрвээ Бурханы захиргаа байдаггүй байсан бол юу болох байсан бэ? Сүнс нь хаа сайгүй хэрэн тэнүүчилж, энд тэндгүй үймүүлж, хүний ертөнц дэх амьд зүйлсийг хүртэл хорлох байсан юм. Ийм хор хохирол зөвхөн хүн төрөлхтөнд төдийгүй, мөн ургамал, амьтанд ч учрах байсан, гэвч хамгийн түрүүнд хүмүүс хорлогдох байлаа. Ийм зүйл болсон бол, ийм сүнс захиргаагүй байж, хүнийг үнэхээр хорлож, үнэхээр хорон муу зүйл хийсэн бол, сүнсний ертөнцөд авбал зохих арга хэмжээг энэхүү сүнсэнд мөн авах байв. Хэрвээ асуудал ноцтой байвал тэрхүү сүнс удалгүй оршин тогтнохоо больж, устгагдах болно. Хэрвээ боломжтой бол хаа нэг газар байрлуулж, дараа нь дахин төрлийг олуулах байв. Өөрөөр хэлбэл, янз бүрийн сүнсийг захирах сүнсний ертөнцийн захиргаа дэг журамтай байдаг, үе шат, дүрэм журмын дагуу хэрэгждэг. Тийм захиргаа байдаг учраас л хүн төрөлхтний материаллаг ертөнц эмх замбараагүй байдалд ороогүй бөгөөд материаллаг ертөнцийн хүмүүс хэвийн сэтгэхүй, хэвийн эрүүл ухаантай, махан биеийн дэг журамтай амьдралтай байдаг. Хүн төрөлхтөн ийм хэвийн амьдралтай байсны дараа л махан биед амьдардаг хүмүүс үеэс үед хөгжиж, өсөн үржсээр байж чадна.

Та нар дөнгөж сая сонссон үгийн талаар юу гэж бодож байна вэ? Эдгээр нь та нарт шинэ зүйл үү? Нөхөрлөлийн өнөөдрийн сэдэв та нарт ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ? Шинэлэг байдлаас нь өөр зүйл мэдэрч байна уу? (Хүмүүс биеэ зөв авч явах хэрэгтэй бөгөөд Бурхан агуу агаад Түүнийг хүндэтгэх ёстой гэдгийг бид харж болно.) (Бурхан янз бүрийн хүмүүсийн төгсгөлийг хэрхэн зохицуулдаг талаар Бурханы яриаг дөнгөж сая сонсоод нэг талаар, Бурханы зан чанар халдахыг тэвчдэггүй; би Түүнийг хүндэтгэх ёстой гэж надад санагдаж байна; нөгөө талаар, Бурхан ямар хүмүүст дуртай, ямарт нь дургүй байдгийг мэддэг болсон учраас би Бурханы дуртай хүмүүсийн нэг болохыг хүсэж байна.) Энэ тал дээр Бурхан үйлдэлдээ зарчимч байдгийг та нар харж байна уу? Тэр ямар зарчмаар үйлддэг вэ? (Тэрээр хийдэг бүхнээс нь хамаарч хүмүүсийн төгсгөлийг тогтоодог.) Энэ бол бидний дөнгөж сая ярилцсан үл итгэгчдийн янз бүрийн төгсгөлийн тухай юм. Үл итгэгчдийн тухайд, Бурханы үйлдлийн цаад зарчмуудын нэг нь сайныг шагнаж, мууг шийтгэх мөн үү? Өөр ангид зүйл байдаг уу? (Үгүй.) Бурханы үйлдлийн цаана зарчим байдгийг та нар харж байна уу? Үл итгэгчид үнэндээ Бурханд итгэдэггүй, Бурханы зохион байгуулалтад ч бас дуулгавартай захирагддаггүй. Түүнчлэн тэд Бурханы дээд эрхийг мэддэггүй, тэр ч бүү хэл, Түүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнээс ч ноцтой нь тэд Бурханыг гутаан доромжилж, Түүнийг хараан зүхэж, Бурханд итгэдэг хүмүүст дайсагнадаг. Тэд Бурханд ингэж ханддаг хэдий ч тэднийг захирах Бурханы захиргаа зарчмаасаа хазайдаггүй; Тэр Өөрийн зарчим, зан чанарын дагуу тэднийг эмх цэгцтэй захирдаг. Тэдний дайсагналыг Тэр юу гэж үздэг вэ? Мэдлэггүй байдал гэж үздэг! Иймээс Тэр энэ хүмүүсийг, өөрөөр хэлбэл үл итгэгчдийн дийлэнх олонхыг өнгөрсөнд амьтан болж төрөхөд хүргэсэн. Тэгэхээр Бурханы нүдээр бол үл итгэгчид гэж яг юу вэ? Тэд бүгд адгуус амьтан. Бурхан адгуус амьтан болон хүн төрөлхтний аль алиныг нь захирдгийн дээр ийм хүмүүст Тэр адил зарчмаар ханддаг. Энэ хүмүүсийг захирах Түүний захиргаанаас хүртэл Түүний зан чанарыг харж болдгийн адил бүх зүйлийг ноёрхох Түүний ноёрхлын цаад хуулийг ч харж болно. Иймээс Миний дөнгөж сая дурдсан үл итгэгчдийг захирдаг Түүний зарчмаас Бурханы дээд эрхийг та нар харж байна уу? Бурханы зөвт зан чанарыг харж байна уу? (Харж байна.) Өөрөөр хэлбэл, Бурхан бүх зүйлээс алинтай нь ч харьцсан байсан, Өөрийн зарчим, зан чанарын дагуу үйлддэг. Энэ бол Бурханы мөн чанар; ийм хүмүүсийг адгуус амьтан гэж үздэг байлаа гээд Тэр Өөрийн тогтоосон зарлиг, тэнгэрлэг тушаалыг хэзээ ч тоомжиргүй зөрчихгүй. Бурхан өчүүхэн ч болчимгүй үйлдэл хийхгүй, зарчмын дагуу үйлддэг, Түүний үйлдлүүдэд ямар ч хүчин зүйл огт нөлөөлдөггүй. Түүний хийдэг бүхэн Өөрийнх нь зарчмыг баримталдаг. Учир нь, Бурханд Бурханы Өөрийнх нь мөн чанар байдаг; ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй Түүний мөн чанарын нэг тал нь энэ юм. Бурхан Өөрийн бүтээсэн бүх зүйлийн дундаас юм, хүн, амьд зүйл бүртэй харьцаж, хандаж, удирдаж, эрхэлж, захирахдаа махруу, хариуцлагатай байдаг бөгөөд Тэр үүнд хэзээ ч хайхрамжгүй байгаагүй. Сайн хүмүүст Тэр нигүүлсэнгүй, сайхан ханддаг; хорон муу хүмүүст Тэр энэрэлгүй шийтгэл ноогдуулдаг; Тэр, өөр өөр цаг үед, хүний ертөнцийн өөр өөр шаардлагын дагуу, янз бүрийн амьд зүйлд, цаг тухайд нь, тохирох зохицуулалтыг тогтмол хийдэг, тэгснээр энэхүү янз бүрийн амьд зүйл, гүйцэтгэх үүргийнхээ дагуу, эмх цэгцтэйгээр дахин төрлийг олж, материаллаг ертөнц болон сүнсний ертөнцийн хооронд системтэйгээр шилждэг.

Амьд зүйлсийн үхэл буюу бие махбодын амь төгсөх нь амьд зүйл, материаллаг ертөнцөөс сүнсний ертөнц рүү одсоныг илтгэдэг бол, шинэ бие махбодын амь төрөх нь амьд зүйл сүнсний ертөнцөөс материаллаг ертөнцөд ирж, үүргээ хүлээн авч, гүйцэтгэж эхэлснийг илтгэдэг. Оршихуйн явах ч бай, ирэх ч бай, аль аль нь сүнсний ертөнцийн ажилтай салшгүй холбоотой. Хүн материаллаг ертөнцөд ирэх үед түүний очих гэр бүл, төрөх эрин үе, ирэх цаг, гүйцэтгэх үүрэгт нь тохирох зохицуулалт, тодорхойлолтыг Бурхан сүнсний ертөнцөд аль хэдийн бий болгосон байдаг. Иймээс энэ хүний бүхий л амьдрал—түүний хийдэг зүйлс, сонгодог зам—сүнсний ертөнцөд хийсэн зохицуулалтын дагуу өчүүхэн ч хазайлгүйгээр явагддаг. Түүнчлэн, бие махбодын амь төгсөх цаг, төгсөх байдал, газар сүнсний ертөнцөд тодорхой, ойлгомжтой байдаг. Бурхан материаллаг ертөнцийг, мөн сүнсний ертөнцийг захирдаг, Тэр сүнсний амьдрал, үхлийн хэвийн мөчлөгийг саатуулахгүй, мөн тэрхүү мөчлөгийн зохицуулалтад ямар ч алдаа гаргаж чадахгүй. Сүнсний ертөнцийн албан тушаалд байгаа харгалзагчид дор бүрнээ Бурханы заавар, дүрэм журмын дагуу өөрсдийн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж, хийх ёстой зүйлээ хийдэг. Иймээс хүн төрөлхтний ертөнцөд хүний харж буй материаллаг үзэгдэл болгон дэг журамтай, эмх цэгцтэй байдаг. Энэ бүхэн нь Бурхан бүх зүйлийг эмх цэгцтэй захирдаг, мөн түүнчлэн Түүний эрх мэдэл бүх зүйлийг захирдаг гэсэн бодит үнэнээс болдог бөгөөд Түүний ноёрхолд хүний амьдардаг материаллаг ертөнц, түүнчлэн хүн төрөлхтний цаана байгаа үл үзэгдэх сүнсний ертөнц багтдаг. Иймээс хэрвээ хүмүүс сайхан амьдралтай байхыг хүсэж, сайхан орчинд амьдарна гэж найдаж байвал нүдэнд харагддаг бүхий л материаллаг ертөнцөөр хангагдахаас гадна хэний ч харж чадахгүй, хүн төрөлхтний өмнөөс бүх амьд зүйлийг захирч, эмх цэгцтэй байдаг сүнсний ертөнцөөр мөн хангагдах ёстой. Тиймээс Бурхан бүх зүйлийн амийн эх сурвалж гэж хэлсэн болохоор бид “бүх зүйлийн” талаарх мэдлэг, ойлголтоо нэмсэн бус уу? (Тийм шүү.)

б. Итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөг

Бид үл итгэгчид хэмээх нэг дэх төрлийн хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөгийн талаар сая хэлэлцлээ. Одоо, хоёр дахь төрөл болох итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсийн талаар ярилцацгаая. “Итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөг” нь бас нэг маш чухал сэдэв бөгөөд та нар үүний талаар зарим нэг ойлголттой болох нь нэн чухал юм. Эхлээд, “итгэл бишрэлтэй хүмүүс” гэдгийн “итгэл бишрэл” гэдэг нь ямар итгэл бишрэлийг хэлж байгааг бүгдээрээ ярилцъя: Иудейн шашин, Христийн шашин, Католик шашин, Лалын шашин, Буддын шашин гэсэн таван томоохон шашин байдаг. Үл итгэгчдээс гадна энэ таван шашинд итгэдэг хүмүүс дэлхийн хүн амын томоохон хэсгийг эзэлдэг. Энэ таван шашин дундаас өөрсдийн итгэлийг ажил мэргэжлээ болгосон хүмүүс цөөн хэдий ч эдгээр шашин олон дагагчидтай. Тэдгээр нь нас барахдаа өөр газар луу явна. Хэнээс “өөр” гэж? Үл итгэгчид буюу бидний дөнгөж сая ярьж байсан итгэл бишрэлгүй хүмүүсээс. Энэ таван шашны итгэгчид нас барсныхаа дараа өөр тийшээ, үл итгэгчдийнхээс өөр газар луу явдаг. Гэхдээ үйл явц нь адилхан; үхэхээсээ өмнө хийсэн бүхэнд нь үндэслэн сүнсний ертөнц адилхан л тэднийг шүүх болно, дараа нь тэднийг зохих ёсоор боловсруулна. Гэхдээ энэ хүмүүсийг боловсруулахын тулд яагаад өөр байршил руу явуулдаг юм бэ? Үүнд нэг чухал шалтгаан бий. Тэр нь юу вэ? Би жишээгээр үүнийг та нарт тайлбарлая. Гэхдээ Намайг тайлбарлахаас өмнө та нар дотроо: “Магадгүй тэдний Бурханд итгэх итгэл нь бага учраас тэр байх! Тэд огт итгэдэггүй хүмүүс биш” хэмээн бодож байгаа байх. Гэвч энэ бол шалтгаан нь биш. Тэднийг бусдаас тусад нь байлгадагт тун чухал шалтгаан бий.

Жишээ нь, Буддын шашныг аваад үзье. Би та нарт нэг баримт хэлье. Буддын шашинтан бол юуны өмнө, Буддын шашинд орсон хүн, өөрийнх нь итгэл юу болохыг мэддэг хүн юм. Буддын шашинтан үсээ авч, лам эсвэл гэлэнмаа болдог нь өөрийгөө шашны бус ертөнцөөс тусгаарлаж, хүний ертөнцийн дуу шуугианыг ардаа орхисон гэсэн үг юм. Тэд өдөр бүр ном хурж, бурхдын нэрсийг уянгалуулан уншиж, зөвхөн ногоон хоол идэж, даяанч амьдралаар амьдарч, зулын зэврүүн, бүдэг гэрэлд л өдөр хоногоо өнгөрөөдөг. Тэд бүх насаа ингэж өнгөрөөдөг. Буддын шашинтны бие махбодынх нь амь дуусах үед амьдралдаа дүгнэлт хийх боловч үхсэнийхээ дараа хаашаа явах, хэнтэй уулзах, ямар үр дүнд хүрэхээ зүрх сэтгэлдээ мэдэхгүй: Зүрх сэтгэлийнх нь гүнд ийм зүйлсийн талаар тодорхой төсөөлөл байхгүй. Бүхий л амьдралынхаа туршид нэг төрлийн итгэл бишрэлийг сохроор тээхээс өөр зүйл хийхгүй байсны эцэст харалган хүсэл, туйлын зорилготойгоо хүний ертөнцөөс явдаг. Амьдын ертөнцийг орхиход Буддын шашинтны бие махбодын амь ингэж төгсдөг; үүний дараа сүнсний ертөнцөд анх байсан байрандаа буцдаг. Энэ хүн газар дээр эргэн ирэхээр дахин төрлийг олж, өөрийгөө үргэлжлүүлэн боловсруулах эсэх нь нас барахынх нь өмнөх зан авир, хэрэгжүүлэлтээс нь хамаардаг. Хэрвээ амьдарч байх хугацаандаа ямар ч буруу зүйл хийгээгүй бол дахин төрлийг хурдан олж, газар луу дахин илгээгдэж, дахин нэгэнтээ лам, эсвэл хандмаа болно. Өөрөөр хэлбэл, эхний удаад өөрийгөө хэрхэн боловсруулж байсны дагуу бие махбодын амьдралын явцад өөрийгөө боловсруулсны дараа бие махбодын амьдрал нь дуусахад сүнсний ертөнц рүү эргэн ирээд шалгуулдаг. Үүний дараа, хэрвээ ямар ч асуудал байхгүй бол, хүний ертөнцөд дахин нэг удаа эргэн ирж, дахин нэг удаа Буддын шашинд орж, ийнхүү хэрэгжүүлэлтээ үргэлжлүүлдэг. Гурваас долоон удаа дахин төрлийг олсны дараа тэр, бие махбодын амь дуусах бүрд очдог сүнсний ертөнц рүү дахин нэг удаа буцна. Хэрвээ хүний ертөнц дэх янз бүрийн чадвар, зан авир нь сүнсний ертөнцийн тэнгэрлэг тушаалтай нийцэж байвал тэр мөчөөс эхлэн тэд тэндээ үлдэнэ; тэд цаашид дахин хүний төрлийг олж төрөхгүй, бас газар дээрх муу үйлийнхээ төлөө шийтгүүлэх ямар ч эрсдэл үгүй болно. Тэд энэ үйл явцыг дахин хэзээ ч туулахгүй. Харин ч нөхцөл байдлаасаа хамаарч сүнсний ертөнцөд албан тушаал олж авна. Энэ бол Буддын шашинтнуудын “гэгээрэлд хүрэх” гэж хэлдэг зүйл юм. Гэгээрэлд хүрэх гэдэг нь үндсэндээ сүнсний ертөнцөд албан тушаалтан болох зам мөрд хүрч, цаашид дахин төрлийг олохоо болих, шийтгүүлэх эрсдэлгүй болох гэсэн үг юм. Түүнчлэн, дахин төрлийг олсны дараа хүн байхын зовлон шаналлыг цаашид амсахгүй гэсэн үг билээ. Тэгвэл амьтны төрлийг олох боломж бас бий юу? (Үгүй.) Тэд сүнсний ертөнцөд үүрэг хүлээхээр үлдэж, дахин төрлийг олохоо болино гэсэн үг юм. Энэ бол Буддын шашинд байдаг гэгээрлийн зам мөрд хүрэх тухай нэг жишээ юм. Зам мөрд хүрээгүй хүмүүсийн тухайд гэвэл, сүнсний ертөнц рүү эргэн ирэхэд нь тэднийг холбогдох албан тушаалтан шалгаж, магадлаад амьд байхдаа Буддын шашинд зааснаар хичээнгүйлэн өөрийгөө боловсруулаагүй, мэрийн ном хурж, бурхдын нэрийг уянгалуулан уншаагүй, харин ч олон ёрын муу үйл үйлдэж, ихээхэн хорон муу авир гаргасныг нь олж мэддэг. Тэгээд сүнсний ертөнцөд тэдний муу үйлийг шүүгээд, дараа нь заавал шийтгэдэг. Хэн ч үүнээс ангид бус. Тийм болохоор ийм хүн хэзээ зам мөрд хүрч чадах вэ? Тэд амьдралдаа ямар ч ёрын мууг хийгээгүй үед, сүнсний ертөнцөд эргэж ирснийх нь дараа үхэхээсээ өмнө ямар ч буруу зүйл хийгээгүй гэдэг нь харагдах үед. Тэд тэгээд үргэлжлүүлэн дахин төрлийг олж үргэлжлүүлэн ном хурж, бурхдын нэрийг уянгалуулан уншиж, зулын хүйтэн, бүдэг гэрэлд өдөр хоногоо өнгөрүүлж, аливаа амьд зүйлийг хөнөөх, мах идэхийг тэвчдэг. Тэд хүний ертөнцийн хэрэг явдалд оролцолгүй, төвөг бэрхшээлийг ардаа хол орхиж, бусадтай маргалдаж мэтгэлцдэггүй. Энэ үйл явцын үеэр хэрвээ тэд ёрын мууг үйлдээгүй бол, сүнсний ертөнц рүү буцаж ирээд, бүх үйлдэл, зан авираа шалгуулсныхаа дараа гурваас долоон удаа үргэлжилдэг мөчлөгөөр хүний ертөнц рүү дахин нэг удаа илгээгддэг. Хэрвээ энэ хугацаанд ямар ч буруу зүйл хийгээгүй бол гэгээрэлд хүрэхэд нь нөлөөлж, саад болохгүй. Энэ бол итгэл бишрэлтэй бүх хүний амьдрал, үхлийн мөчлөгийн онцлог юм: Тэд “зам мөрд хүрч”, сүнсний ертөнцөд албан тушаалтай болж чаддаг; тэднийг үл итгэгчдээс ялгадаг зүйл нь энэ юм. Юуны өмнө, сүнсний ертөнцөд албан тушаал олж авч чаддаг хүмүүс газар дээр амьд байхдаа биеэ хэрхэн авч явдаг вэ? Тэд ямар ч ёрын мууг огт үйлдэхгүй байх ёстой: Тэд хүн алж, галдан шатааж, хүчиндэж, дээрэм хийх ёсгүй; хэрвээ тэд залилан, мэхэлж, хулгай, дээрэм үйлдвэл зам мөрд хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ тэд муу үйлтэй ямар нэгэн байдлаар холбогдох буюу хамсаатан болбол сүнсний ертөнцийн оноодог шийтгэлээс зайлж чадахгүй. Сүнсний ертөнц нь гэгээрсэн Буддын шашинтнуудад тохирох зохицуулалтыг хийдэг: Тэд Буддын шашин болон Тэнгэр Эцэгт итгэдэг хүмүүсийг удирдахаар томилогдож магадгүй, тэдэнд хамаарах газар нутаг хуваарилж өгч магадгүй. Тэд бас зөвхөн үл итгэгчдийг л хариуцдаг, маш бага үүрэгтэй албан тушаалтай болж ч болох юм. Ийм хуваарилалт сүнснийх нь янз бүрийн уг чанараас хамаардаг. Энэ бол Буддын шашны жишээ юм.

Бидний ярилцсан таван шашнаас Христийн шашин хавьгүй онцгой. Христийн шашин юугаараа онцгой вэ? Тэд бол жинхэнэ Бурханд итгэдэг хүмүүс юм. Жинхэнэ Бурханд итгэдэг хүмүүсийг энд яахан жагсааж болох юм бэ? Христийн шашин нь итгэл бишрэлийн нэг төрөл гэж хэлбэл, ямар ч маргаангүйгээр итгэл бишрэлтэй л холбоотой; ердөө л нэг төрлийн зан үйл, нэг төрлийн шашин бөгөөд Бурханыг жинхэнээсээ дагадаг хүмүүсийн итгэл бишрэлээс огт өөр зүйл байх байсан. Би, Христийн шашныг таван том шашны дунд жагсаасны шалтгаан нь Христийн шашин нь Иудейн шашин, Буддын шашин, Лалын шашинтай адил түвшинд очих хүртлээ доройтсон. Энд байгаа ихэнх хүн Бурхан байдаг, Тэр бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэдэггүй; Түүний оршин тогтнолд бүр ч итгэдэггүй. Үүний оронд тэд шашны номлолын талаар ярилцахдаа, Судар ашигладаг төдий бөгөөд шашны номлол ашиглан сайхан сэтгэлтэй байж, зовлонг тэвчиж, сайн үйл хий гэж хүмүүст сургадаг. Христийн шашин ийм л шашин болсон: Зөвхөн шашны номлолын онолд анхаарч, хүнийг удирдаж, аврах Бурханы ажилтай огтхон ч холбоогүй болсон. Бурханыг дагадаг боловч үнэндээ Бурханд хүлээн зөвшөөрөгдөөгүй хүмүүсийн шашин болсон юм. Гэвч ийм хүмүүст хандах Өөрийн гэсэн зарчим Бурханд бас бий. Тэр тэдэнтэй үл итгэгчидтэй харьцдаг шиг хүссэнээрээ, хааш яаш зохицуулж, харьцдаггүй. Тэр Буддын шашинтнуудад ханддаг шигээ л тэдэнд ханддаг: Хэрвээ Христэд итгэгч амьд байхдаа өөрөө сахилга баттай байж, Арван Тушаалыг чанд сахиж, хууль болон тушаалуудын дагуу зан авиртаа шаардлага тавьж, насан туршдаа тэрийгээ баримталж чадвал тэд мөн адил хугацааг амьдрал, үхлийн мөчлөг туулахад зарцуулж байж л “өргөгдөх” гэгчид үнэхээр хүрч чадна. Ийнхүү өргөгдсөний дараа сүнсний ертөнцөд үлдэж, нэг албан тушаалд очиж, ажилтнуудын нэг болдог. Үүний нэгэн адил, хэрвээ тэд газар дээр ёрын мууг үйлдвэл, хэрвээ тэд дэндүү нүгэлтэй агаад хэтэрхий их нүгэл үйлдвэл, тэд хүнд хөнгөн янз бүрийн хэмжээгээр шийтгүүлж, сахилгажуулагдах нь зайлшгүй. Буддын шашинд зам мөрд хүрэх гэдэг нь Диваажингийн ариун газарт очих гэсэн үг байдаг бол Христийн шашинд үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Үүнийг “тэнгэрт орох”, “өргөгдөх” гэж нэрлэдэг. Үнэхээр өргөгдсөн хүмүүс мөн л амьдрал, үхлийн мөчлөгийг гурваас долоон удаа туулсныхаа дараа нас барахаараа нойрсож буй мэт сүнсний ертөнцөд ирдэг. Хэрвээ тэд стандартад нийцэж байвал албан тушаал олж аван үлдэж болно, газар дээрх хүмүүсээс ялгаатай нь тэд энгийн байдлаар, тогтсон журмын дагуу дахин төрлийг олохгүй.

Энэ бүх шашин дундаас тэдний ярьдаг, хүрэхийг эрмэлздэг төгсгөл нь Буддын шашны зам мөрд хүрэхтэй адил; ердөө л энэхүү “зам мөрд” өөр өөр аргаар хүрдэг. Тэд бүгд нэгэн адил. Зан авиртаа шашны сургаалыг чанд дагаж мөрддөг, эдгээр шашны энэ хэсэг дагагчдыг Бурхан тохиромжтой хүрэх газар, очих газраар хангаж, тэднийг зохих ёсоор зохицуулдаг. Энэ бүгд нь үндэслэлтэй боловч хүмүүсийн төсөөлдөг шиг биш. Одоо Христийн шашны хүмүүст юу тохиолддогийг сонсоод та нарт ямар санагдаж байна вэ? Тэдний золгүй нөхцөл байдал шударга бус санагдаж байна уу? Тэднийг өрөвдөж байна уу? (Бага зэрэг.) Үүнийг яах ч аргагүй; тэд өөрсдөө л үүнд буруутай. Би яагаад ингэж хэлж байна вэ? Бурханы ажил бол жинхэнэ; Тэр бол амьд, бодитой, Түүний ажил бүх хүн төрөлхтөн, хувь хүн бүрд чиглэж байдаг. Тэгвэл яагаад тэд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй юм бэ? Яагаад тэд Бурханыг улайран эсэргүүцэж, хавчдаг вэ? Тэд ядаж л ийм төгсгөлтэй байгаагаа азтайд тооцох хэрэгтэй, тиймээс яагаад та нар тэдний төлөө харамсана вэ? Тэднийг ийм маягаар зохицуулах нь маш их хүлээцтэй байдлыг харуулдаг. Бурханыг ямар их эсэргүүцдэгийг нь бодож үзвэл тэднийг устгах ёстой хэдий ч Бурхан тэгдэггүй; харин Тэр Христийн шашныг бусад ердийн шашнуудтай л адил зохицуулдаг. Тиймээс бусад шашны тухай нарийвчлан ярих хэрэг байна уу? Энэ бүх шашны үзэл санаа нь, хүмүүсийг илүү их зовлон зүдүүр амсаж, мууг үйлдэхгүй, сайн үйл хийж, бусдыг харааж зүхэхгүй, бусдыг шүүмжлэхгүй, хэрүүл маргаанаас зайлсхийж, сайн хүмүүс болохын төлөө юм—ихэнх шашны сургаал иймэрхүү байдаг. Тиймээс, итгэл бишрэлтэй энэ хүмүүс, янз бүрийн шашин, урсгалын энэхүү дагагчид, шашныхаа сургаалыг чанд баримталж чадвал газар дээр байх хугацаандаа том алдаа гаргаж, нүгэл үйлдэхгүй; гурваас долоон удаа дараа төрлийг олсныхоо дараа шашны сургаалыг чанд баримталж чаддаг энэ хүмүүс ерөнхийдөө сүнсний ертөнцөд албан тушаалтай болж үлдэнэ. Ийм хүн олон байдаг уу? (Үгүй, олон биш.) Та нар хариултаа юунд үндэслэж байна вэ? Сайныг хийж, шашны дүрэм журам, хууль баримтлах амаргүй. Буддын шашин хүмүүст мах идэхийг зөвшөөрдөггүй—чи тэгж чадах байсан уу? Хэрвээ саарал өмсгөл өмсөж, Буддын шашны хийдэд бүхэл өдөржингөө ном хурж, бурхдын нэрийг уянгалуулан унших хэрэгтэй болбол чи тэгж чадах байсан уу? Энэ тийм ч амархан байхгүй байсан. Христийн шашинд Арван Тушаал, бусад тушаал, хууль байдаг; тэдгээрийг мөрдөхөд хялбар уу? Хялбар биш, тийм биз дээ? Жишээлбэл, бусдыг харааж зүхэхгүй байхыг аваад үзье: Хүмүүс зүгээр л энэ дүрэм журмыг баримтлах чадваргүй байдаг. Тэд биеэ барьж чадалгүй харааж зүхдэг, хараасныхаа дараа үгээ буцааж болохгүй болохоор юу хийдэг вэ? Шөнөдөө тэд нүглээ улайдаг. Заримдаа бусдыг харааж зүхсэнийхээ дараа ч зүрх сэтгэлд нь үзэн ядалт байсаар байдаг бөгөөд бүр цаашлаад тэр хүмүүст улам их хор хүргэх цагаа хүртэл төлөвлөдөг. Товчоор хэлбэл, энэхүү үхмэл хоосон сургаал дунд амьдардаг хүмүүсийн хувьд нүгэл хийхгүй, мууг үйлдэхгүй байх нь амар биш. Тиймээс шашин бүрд маш цөөн тооны хүмүүс л үнэндээ зам мөрд хүрч чаддаг. Эдгээр шашныг маш олон хүн дагадаг учраас нэлээд олон хүн сүнсний ертөнцөд үүрэг хүлээхээр үлдэж чадна гэж чи боддог уу? Тийм ч олон байдаггүй; үнэндээ цөөн тооны хүн л үүнд хүрч чаддаг. Итгэл бишрэлтэй хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөг, ерөнхийдөө ийм л байдаг. Тэд зам мөрд хүрч чаддагаараа ялгардаг, тэдний үл итгэгчдээс ялгарах зүйл нь энэ билээ.

в. Бурханыг дагагчдын амьдрал, үхлийн мөчлөг

Одоо, Бурханыг дагадаг хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөгийн талаар ярилцацгаая. Энэ нь та нарт хамаатай учир анхаарал хандуулаарай: Эхлээд, Бурханыг дагагчдыг хэрхэн ангилж болох талаар бод. (Бурханы сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчид.) Бурханы сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчид гэсэн хоёр төрөл үнэхээр байдаг. Эхлээд, бид цөөхөн байдаг Бурханы сонгосон хүмүүсийн талаар ярилцацгаая. “Бурханы сонгосон хүмүүс” гэж хэнийг хэлдэг вэ? Бурхан бүх зүйлийг бүтээж, хүн төрөлхтөн бий болсны дараа Өөрийг нь дагах бүлэг хүнийг сонгосон; тэднийг зүгээр л “Бурханы сонгосон хүмүүс” гэж нэрлэдэг. Бурхан энэ хүмүүсийг сонгосонд онцгой цар хүрээ, ач холбогдол байсан. Түүнийг чухал ажил хийх үед нь ирэх ёстой шилмэл цөөн хэдэн хүнээр хязгаарлагддаг тул цар хүрээ нь онцгой юм. Тэгвэл ач холбогдол нь юу вэ? Тэд Бурханы сонгосон бүлэг байсан болохоор ач холбогдол нь асар их юм. Өөрөөр хэлбэл, Бурхан энэ хүмүүсийг бүрэн гүйцэд, төгс болгохыг хүсдэг бөгөөд удирдлагын ажил нь дуусмагц Тэр энэ хүмүүсийг олж авна. Энэхүү ач холбогдол нь асар их бус уу? Иймээс энэ сонгогдсон хүмүүс Бурханд асар чухал, учир нь тэд бол Бурханы олж авахаар зорьдог хүмүүс билээ. Харин үйлчлэл үзүүлэгчдийн тухайд гэвэл, Бурханы урьдчилан тогтоодог тухай сэдвийг түр орхиод, тэдний гарал үүслээс эхэлж ярья. “Үйлчлэл үзүүлэгч” гэдэг нь чухамдаа үйлчилдэг нэгэн юм. Үйлчилдэг хүмүүс түр зуурынх байдаг; тэд урт хугацаагаар, эсвэл үүрд үйлчилдэггүй, харин тэднийг түр хөлсөлж, элсүүлдэг. Тэдний ихэнх нь анх үл итгэгчдийн дундаас сонгогдсон байдаг. Тэд газар дээр ирэхдээ Бурханы ажилд үйлчлэл үзүүлэгчийн үүрэг хүлээх тушаалтай байдаг. Тэд урьд төрөлдөө амьтан байсан байж болох боловч бас үл итгэгчид байсан байж болно. Үйлчлэл үзүүлэгчдийн гарал үүсэл ийм билээ.

Бурханы сонгосон хүмүүсийн талаар цааш нь ярья. Тэд үхэхдээ үл итгэгчид, итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсээс огт өөр газар очдог. Энэ нь, тэнгэр элч нар, Бурханы элч нар тэднийг дагалддаг газар; Бурханы биечлэн удирддаг газар юм. Бурханы сонгосон хүмүүс энэ газарт Бурханыг нүдээрээ харж чадахгүй ч гэсэн энэ бол сүнсний ертөнцийн өөр хаана ч байдаггүй газар; энэ хэсэг хүний нас барсныхаа дараа очдог газар нь энэ юм. Нас барахдаа тэд ч бас Бурханы элч нарын хатуу чанд байцаалтад ордог. Тэгээд юуг нь байцаадаг вэ? Бурханд итгэж амьдарсан амьдралынхаа туршид энэ хүмүүсийн туулсан зам, энэ хугацаанд хэзээ нэгэн цагт тэд Бурханыг эсэргүүцэж, Түүнийг харааж байсан эсэх, аймшигт нүгэл, ёрын мууг үйлдсэн эсэхийг нь Бурханы элч нар шалгаж байцаадаг. Энэ байцаалтаар тухайн хүн явах уу, эсвэл үлдэх үү гэдгийг шийддэг. “Явах” гэж юуг хэлдэг вэ? “Үлдэх” гэж юуг хэлдэг вэ? “Явах” гэдэг нь зан авирт нь үндэслэн Бурханы сонгосон хүмүүс дунд үлдээх эсэх гэсэн үг юм; “үлдэж” болно гэдэг нь тэд эцсийн өдрүүдэд Бурханы бүрэн төгс болгох хүмүүсийн дунд үлдэж чадна гэсэн үг юм. Үлдэж байгаа хүмүүст зориулсан онцгой зохицуулалт Бурханд байдаг. Өөрийн ажлын үе бүрийн туршид Бурхан, элчийн үүрэг гүйцэтгэх, чуулгануудыг сэргээх, харж хандах ажил хийлгэхээр ийм хүмүүсийг илгээнэ. Гэвч ийм ажил хийх чадвартай хүмүүс нь үеийн үед эргэн төрдөг үл итгэгчид шиг дахин төрлийг байнга олдоггүй; харин тэднийг Бурханы ажлын хэрэгцээ, алхмуудаас хамаарч газар руу буцаадаг бөгөөд тэд дахин төрлийг байнга олдоггүй. Тэгэхээр тэд хэзээ дахин төрлийг олох тухайд ямар нэгэн дүрэм байдаг уу? Тэд хэдэн жилд нэг удаа ирдэг үү? Тэд ийм давтамжтайгаар ирдэг үү? Тэгдэггүй. Энэ бүгд нь Бурханы ажил, Түүний ажлын үе шат, Түүний хэрэгцээнд үндэслэдгийн дээр тогтсон дүрэм байдаггүй. Цорын ганц дүрэм нь Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийн ажлын сүүлчийн үе шатыг хийх үед энэ сонгогдсон хүмүүс бүгд ирнэ, ийнхүү ирэхдээ тэд сүүлчийн удаа дахин төрлийг олох болно. Яагаад тэр вэ? Энэ нь Бурханы ажлын сүүлчийн үе шатанд хүрэх үр дүнд үндэслэдэг—учир нь ажлын энэхүү сүүлчийн үе шатанд Бурхан энэ сонгосон хүмүүсийг бүрэн төгс болгоно. Энэ нь юу гэсэн үг вэ? Хэрвээ энэхүү сүүлчийн үе шатанд энэ хүмүүс бүрэн, төгс болгуулбал урьдынх шигээ дахин төрлийг олохгүй; хүн байх үйл явц нь бүрэн дуусаж, дахин төрлийг олох үйл явц нь ч мөн адил дуусна. Энэ нь үлдэх хүмүүст хамаатай. Тэгвэл үлдэж чадахгүй хүмүүс хаашаа явдаг вэ? Үлдэж болохгүй хүмүүст очвол зохих газар байдаг. Юуны түрүүнд, муу үйл, хийсэн алдаа, үйлдсэн нүглийнхээ улмаас тэд ч бас шийтгүүлнэ. Шийтгүүлснийх нь дараа, Бурхан нөхцөл байдалд тааруулан тэднийг үл итгэгчдийн дунд илгээхээр зохицуулалт хийнэ, эсвэл итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсийн дунд очуулахаар зохицуулна. Өөрөөр хэлбэл, тэдэнд боломжит хоёр үр дүн бий: Нэг нь, магадгүй шийтгүүлж дахин төрлийг олсныхоо дараа магадгүй тодорхой нэг шашны дунд амьдрах, нөгөө нь, үл итгэгч болох юм. Хэрвээ тэд үл итгэгч болбол бүх боломжоо алдана; харин итгэл бишрэлтэй хүн болбол—жишээ нь, Христэд итгэгч болбол—Бурханы сонгосон хүмүүсийн эгнээнд эргэн орох боломж байсаар байна; үүнд маш нарийн төвөгтэй харилцаа байдаг. Товчхондоо, хэрвээ Бурханы сонгосон хүмүүс Бурханыг гомдоох ямар нэг зүйл хийвэл бусад хүмүүсийн нэгэн адил шийтгүүлнэ. Жишээлбэл, бидний өмнө нь ярьж байсан Паулыг аваад үзье. Паул бол шийтгүүлдэг хүний жишээ юм. Та нар Миний юу яриад байгааг ойлгож байна уу? Бурханы сонгосон хүмүүсийн цар хүрээ тогтсон байдаг уу? (Ихэнхдээ тийм.) Ихэнх нь тогтсон байдаг боловч багахан хэсэг нь тогтоогүй байдаг. Яагаад тэр вэ? Энд Би хамгийн ойлгомжтой шалтгаан буюу мууг үйлдэх талаар хэлсэн. Хүмүүс мууг үйлдэхэд Бурхан тэднийг хүсдэггүй, Бурхан тэднийг хүсэхгүй байх үедээ янз бүрийн үндэстний, олон төрлийн хүмүүсийн дунд хаядаг. Энэ нь тэднийг итгэл найдваргүй болгож, эргэж ирэхэд бэрх болгодог. Энэ бүхэн нь Бурханы сонгосон хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөгтэй холбоотой.

Энэхүү дараагийн сэдэв нь үйлчлэл үзүүлэгчдийн амьдрал, үхлийн мөчлөгтэй холбоотой. Бид дөнгөж сая үйлчлэл үзүүлэгчдийн гарал үүслийн талаар; өөрөөр хэлбэл урьд төрөлдөө үл итгэгч, амьтан байсныхаа дараа дахин төрлийг олсон бодит үнэний талаар ярьсан. Ажлын сүүлчийн үе шат ирэхэд Бурхан үл итгэгчдээс ийм бүлэг хүнийг сонгосон, энэ бол онцгой бүлэг билээ. Энэ хүмүүсийг сонгосон Бурханы зорилго нь Өөрийнхөө ажилд үйлчлүүлэх явдал юм. “Үйлчлэл” гэдэг нь нэг их гоё сонсогддог үг биш, хүн бүрийн хүсэлд ч нийцдэггүй боловч энэ нь хэнд чиглэдгийг бид харах хэрэгтэй. Бурханы үйлчлэл үзүүлэгчийн оршин тогтнол онцгой ач холбогдолтой. Тэднийг Бурхан сонгосон учраас өөр хэн ч тэдний үүргийг гүйцэтгэж чадахгүй. Эдгээр үйлчлэл үзүүлэгчийн үүрэг юу вэ? Бурханы сонгосон хүмүүст үйлчлэх юм. Ихэнхдээ тэд Бурханы ажилд үйлчилж, хамтран ажиллаж, сонгосон хүмүүсээ бүрэн төгс болгоход нь Бурханд туслах үүрэгтэй. Хөдөлмөрлөж, ажлын зарим нэг талыг хэрэгжүүлж, тодорхой даалгавар биелүүлж байгаа эсэхээс үл хамааран эдгээр үйлчлэл үзүүлэгчид тавьдаг Бурханы шаардлага юу вэ? Тэдэнд тавьдаг шаардлагадаа Тэр хэт хатуу байдаг уу? (Үгүй, Бурхан тэднээс үнэнч байхыг л шаарддаг.) Үйлчлэл үзүүлэгчид ч бас үнэнч байх ёстой. Чиний гарал үүсэл, эсвэл Бурхан яагаад чамайг сонгосноос үл хамааран, чи Бурханд, Бурханы чамд өгсөн даалгаварт, түүнчлэн хариуцсан ажилдаа, гүйцэтгэдэг үүрэгтээ үнэнч байх ёстой. Үнэнч байж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах чадвартай үйлчлэл үзүүлэгчдийн хувьд үр дүн нь ямар байх вэ? Тэд үлдэж чадна. Үйлчлэл үзүүлэгчийн хувьд үлдэх нь ерөөл мөн үү? Үлдэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэхүү ерөөлийн ач холбогдол нь юу вэ? Байр сууриараа, тэд Бурханы сонгосон хүмүүстэй адилгүй юм шиг; өөр юм шиг санагддаг. Гэвч үнэндээ, энэ төрөлдөө тэдний эдэлдэг зүйлс нь Бурханы сонгосон хүмүүсийнхтэй адил бус уу? Ядаж л энэ төрөлдөө адилхан. Та нар үүнийг үгүйсгэхгүй биз дээ? Бурханы айлдвар, Бурханы нигүүлсэл, Бурханы хангалт, Бурханы ерөөлийг эдэлдэггүй хэн байна вэ? Хүн бүр ийм элбэг дэлбэг байдлыг эдэлдэг. Үйлчлэл үзүүлэгчийн ялгамж чанар бол үйлчлэл үзүүлдэг хүн, харин Бурханы хувьд тэд бол ердөө л Түүний бүтээсэн бүх зүйлийн нэг; зүгээр л тэд үйлчлэл үзүүлэгчийн үүрэгтэй юм. Хоёулаа л Бурханы бүтээл болохын хувьд, үйлчлэл үзүүлэгч болон Бурханы сонгосон хүмүүсийн хооронд ялгаа байдаг уу? Үнэндээ байдаггүй. Нэрийн хувьд ялгаатай; мөн чанар болон гүйцэтгэх үүргийн хувьд ялгаатай боловч Бурхан энэ бүлэг хүнд шударга бус ханддаггүй. Тэгвэл яагаад энэ хүмүүсийг үйлчлэл үзүүлэгчид гэж тодорхойлдог вэ? Та нар энэ талаар зарим нэг ойлголттой болох ёстой! Үйлчлэл үзүүлэгчид үл итгэгчдийн дундаас гардаг. Тэднийг үл итгэгчдийн дундаас гардаг гэж дурдангуут тэд ижилхэн муу гарал үүсэлтэй нь илэрхий байдаг: Тэд бүгд бурхангүй үзэлтнүүд бөгөөд өмнө нь ч бас тийм байсан; тэд Бурханд итгэдэггүй, Бурханд, үнэнд, бүх эерэг зүйлд дайсагнадаг байсан. Тэд Бурханд, Түүний оршин тогтнолд итгэдэггүй байсан. Тэгэхээр тэд Бурханы үгийг ойлгох чадвартай юу? Тэд бараг л ойлгох чадваргүй гэж хэлж болно. Амьтад хүний үгийг ойлгох чадваргүй байдгийн адилаар үйлчлэл үзүүлэгчид Бурханы юу хэлж байгаа, Түүний шаардлага юу болох, яагаад Тэр ийм шаардлага тавьдгийг ойлгож чаддаггүй. Тэд ойлгодоггүй, ийм зүйлс тэдэнд ойлгомжгүй байх бөгөөд тэд гэгээрээгүй хэвээр үлддэг. Энэ шалтгааны улмаас бидний ярьсан шиг амь энэ хүмүүст байдаггүй. Амьгүйгээр хүмүүс үнэнийг ойлгож чадах уу? Тэд үнэнээр зэвсэглэдэг үү? Тэдэнд Бурханы үгийн туршлага, мэдлэг байдаг уу? (Үгүй.) Үйлчлэл үзүүлэгчдийн гарал үүсэл ийм билээ. Гэхдээ Бурхан энэ хүмүүсийг үйлчлэл үзүүлэгчид болгодог тул тэдэнд тавих Түүний шаардлагад стандарт байсаар байдаг; Тэр тэднийг дорд үздэггүй, бас тэдэнд хайхрамжгүй ханддаггүй. Хэдийгээр тэд Түүний үгийг ойлгодоггүй, амь байхгүй боловч Бурхан тэдэнд сайхан ханддаг, тэдэнд тавих Түүний шаардлагад стандарт байсаар байдаг. Бурханд үнэнч байж, Түүний хэлснийг хийх гэсэн эдгээр стандартын талаар та нар дөнгөж сая ярьсан. Чи үйлчлэл хийхдээ хэрэгтэй газар нь эцсээ хүртэл үйлчлэх ёстой. Хэрвээ чи үнэнч үйлчлэл үзүүлэгч байж, бүр эцсээ хүртэл үйлчилж, чамд Бурханы даалгасан даалгаврыг биелүүлж чадвал үнэ цэнтэй амьдралаар амьдарна. Ингэж чадвал чи үлдэж чадна. Хэрвээ чи арай илүү хичээл зүтгэл гаргаж, арай илүү чармайж, Бурханыг мэдэх хүчин чармайлтаа нэмэгдүүлж чаддаг, Бурханыг мэдэх тухай бага ч гэсэн ярьж чаддаг бол, Бурханд гэрчлэл хийж чадвал, түүнчлэн Бурханы хүслээс зарим зүйлийг ойлгож, Бурханы ажилд хамтран ажиллаж, Бурханы санаа зорилгод бага ч гэсэн санаа тавьж чадвал үйлчлэл үзүүлэгч хэмээх чиний хувь тавилан өөрчлөгдөнө. Тэгээд энэхүү хувь тавилангийн өөрчлөлт нь юу байх вэ? Чи зүгээр нэг үлдэж чадахаа болино. Биеэ авч яваа байдал, хувийн хүсэл тэмүүлэл, эрэлхийлэлд чинь үндэслэн Бурхан чамайг сонгогдсон хүмүүсийн нэг болгоно. Хувь тавилангийн чинь өөрчлөлт энэ байх болно. Үйлчлэл үзүүлэгчдийн хувьд үүнээс хамгийн сайхан зүйл нь юу вэ? Бурханы сонгосон хүмүүсийн нэг болж чадах нь юм. Хэрвээ тэд ингэвэл үл итгэгчид шиг дахиж амьтны төрлийг олохгүй гэсэн үг юм. Энэ нь сайн зүйл үү? Тийм ээ, энэ бас сайн мэдээ: Энэ нь үйлчлэл үзүүлэгчийг төлөвшүүлж болно гэсэн үг юм. Үйлчлэл үзүүлэгчийн хувьд, Бурхан түүгээр үйлчлүүлэхээр урьдчилан тогтоомогц тэр мөнхөд үйлчилнэ гэсэн үг биш; заавал ийм байх албагүй. Энэ хүний хувь хүнийх нь биеэ авч явах байдалд нь тааруулан Бурхан түүнийг зохицуулж, хариу өгнө.

Гэхдээ, эцсийг нь хүртэл үйлчилж чаддаггүй үйлчлэл үзүүлэгчид байдаг; үйлчлэх хугацаандаа замын дундаас бууж өгч, Бурханыг хаядаг хүмүүс, мөн түүнчлэн олон муу зүйл хийдэг хүмүүс байдаг. Тэр ч бүү хэл, Бурханы ажилд асар их хор, хохирол учруулдаг хүмүүс, Бурханыг хараадаг үйлчлэл үзүүлэгчид хүртэл байдаг. Эдгээр засахын аргагүй үр дагавар нь юуг илтгэж байна вэ? Аливаа иймэрхүү муу үйл нь тэдний үйлчлэл эцэс болсныг илтгэнэ. Үйлчлэлийн хугацаанд биеэ авч явах байдал чинь хэтэрхий муу байсан, хэрээ мэдэхгүй даварсан учраас Бурхан үйлчлэлийг чинь шаардлага хангаагүй гэж үзвэл үйлчлэх эрхийг чинь хасна. Тэр үйлчлэхийг чинь зөвшөөрөхөө болино; Тэр чамайг нүднийхээ өмнөөс, Бурханы гэрээс зайлуулна. Чи үйлчлэхийг хүсэхгүй байгаа болохоор тэр үү? Чи үргэлж мууг үйлдэхийг хүсдэг бус уу? Чи үргэлж үнэнч бус байдаг бус уу? Тэгвэл, үүнийг шийдэх хялбар шийдэл байдаг нь чиний үйлчлэх эрхийг хасах юм. Бурханы хувьд, үйлчлэл үзүүлэгчийн үйлчлэх эрхийг хасна гэдэг нь тухайн үйлчлэл үзүүлэгчийн төгсгөлийг тунхагласан гэсэн үг бөгөөд тэр Бурханд үйлчлэх эрхгүй болно. Бурханд энэ хүний үйлчлэл цаашид хэрэггүй болж, тэр ямар ч сайхан зүйл хэлсэн тэр үг нь хий дэмий байх болно. Асуудал үүндээ хүрвэл нөхцөл байдлыг залруулахын аргагүй болно; ийм үйлчлэл үзүүлэгчдэд буцах зам байхгүй. Тэгээд Бурхан ийм үйлчлэл үзүүлэгчидтэй хэрхэн харьцдаг вэ? Үйлчлэхийг нь л болиулдаг уу? Үгүй. Түүний үлдэхийг нь л хорьдог уу? Эсвэл түүнийг хайхралгүй орхиод эргэхийг нь хүлээдэг үү? Тэр тэгдэггүй. Бурхан үнэндээ үйлчлэл үзүүлэгчдийг тийм ч их хайрладаггүй. Хэрвээ хүн Бурханд үйлчлэхдээ ийм хандлагатай байвал Бурхан энэ хандлагаас нь болж түүний үйлчлэх эрхийг хасаж, түүнийг үл итгэгчдийн дунд дахин нэг удаа буцааж хаяна. Үл итгэгчдийн дунд буцааж хаягдсан үйлчлэл үзүүлэгчийн хувь заяа ямар байх вэ? Үл итгэгчдийнхтэй адилхан байна: Дахин амьтны төрлийг олж, сүнсний ертөнцөд үл итгэгчтэй адил шийтгэл хүлээнэ. Түүнчлэн энэ хүн Бурханы ажилтай ямар ч холбоогүй болох учир Бурхан тийм хүний шийтгэлийг биечлэн сонирхохгүй. Энэ нь зөвхөн Бурханд итгэх итгэлийн амьдралынх нь төгсгөл төдийгүй, бас түүний хувь заяаны төгсгөл, хувь заяаны тунхаглал юм. Иймээс хэрвээ үйлчлэл үзүүлэгч муу үйлчилбэл үр дагаврыг нь өөрөө үүрэх ёстой болно. Хэрвээ үйлчлэл үзүүлэгч эцсийг нь хүртэл үйлчилж чадахгүй бол, замын дундаас үйлчлэх эрхээ хасуулбал үл итгэгчдийн дунд хаягдана—хэрэв ийм зүйл болбол малтай харьцдаг шиг, эргүү, эрүүл ухаангүй хүмүүстэй харьцдагтай адилаар тэр хүнтэй харьцана. Намайг ингэж тайлбарлахаар та нар ойлгодог биз дээ?

Бурхан, Өөрийн сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдийн амьдрал, үхлийн мөчлөгийг хэрхэн зохицуулдгийг дээр дурдлаа. Үүнийг сонсоод та нарт ямар санагдаж байна вэ? Би энэ сэдвээр өмнө нь ярьж байл уу? Бурханы сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдийн тухай сэдвээр Би өмнө нь ярьж байл уу? Үнэндээ ярьсан, гэвч та нар санахгүй байна. Бурхан Өөрийн сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдэд хандахдаа зөвт байдаг. Тэр бүх талаараа зөвт. Чи эндээс хаанаас нь ч юм алдаа мадаг олж чадах уу? “Бурхан яагаад сонгогдсон хүмүүст маш хүлээцтэй ханддаг вэ? Тэгээд яагаад Тэр үйлчлэл үзүүлэгчдэд ердөө өчүүхэн тэвчээр гаргадаг юм бэ?” гэж хэлэх хүмүүс байхгүй гэж үү? Үйлчлэл үзүүлэгчдийг өмөөрмөөр байгаа хүн байна уу? “Бурхан үйлчлэл үзүүлэгчдэд илүү их хугацаа өгч, тэдэнд илүү тэвчээртэй, хүлээцтэй хандаж чадах уу?” Ийм асуулт асуух нь зөв үү? (Үгүй, буруу.) Яагаад буруу вэ? (Яагаад гэвэл, биднийг үйлчлэл үзүүлэгч болгосноороо л үнэндээ бидэнд ивээл үзүүлсэн.) Үйлчлэл үзүүлэхийг зөвшөөрсөн нь л үнэндээ үйлчлэл үзүүлэгчдэд ивээл үзүүлж буй хэрэг юм! “Үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолгүйгээр, үйлчлэл үзүүлэгчийн ажилгүйгээр энэ хүмүүс хаана байх байсан бэ? Тэд үл итгэгчдийн дунд, малтай хамт амьдарч, үхэх байсан. Бурханы өмнө, Бурханы гэрт ирэхийг тэдэнд зөвшөөрснөөр өнөөдөр тэд ямар их нигүүлслийг эдэлж байна вэ! Энэ бол асар их нигүүлсэл! Бурхан, үйлчлэл үзүүлэх боломж өгөөгүй бол Түүний өмнө очих боломж чамд хэзээ ч олдохгүй байх байсан. Шулуухан хэлэхэд, хэрвээ чи Буддын шашинтан байгаад зам мөрд хүрсэн байлаа ч гэсэн, хамгийн ихдээ л сүнсний ертөнцөд зарлага л болно; чи хэзээ ч Бурхантай уулзаж, Түүний дуу хоолой, үгийг сонсож, Түүний хайр, ерөөлийг мэдрэхгүй, Бурхантай нүүр тулан уулзаж хэрхэвч чадахгүй. Буддын шашинтнуудын өмнө байх ганц л зүйл нь энгийн даалгаврууд юм. Тэд Бурханыг мэдэж хэрхэвч чадахгүй, ердөө л захирагдаж, дуулгавартай дагадаг байхад үйлчлэл үзүүлэгчид ажлын энэ үе шатанд маш ихийг олж авдаг! Юуны түрүүнд, тэд Бурхантай нүүр тулан уулзаж, Түүний дуу хоолой, Түүний үгийг сонсож, хүмүүст Түүний хайрладаг нигүүлсэл, ерөөлийг туулж чаддаг. Түүнчлэн, тэд Бурханы хайрласан үг болоод үнэнийг эдэлж чаддаг. Үйлчлэл үзүүлэгчид үнэхээр маш ихийг олж авдаг! Иймд үйлчлэл үзүүлэгчийн хувьд чи зохих ёсоор хичээл зүтгэл ч гаргаж чадахгүй бол Бурхан чамайг байлгасаар байж чадах уу? Тэр чамайг байлгаж чадахгүй. Тэр чамаас тийм ч ихийг шаарддаггүй, гэтэл чи Түүний шаарддаг зүйлээс юуг нь ч зохих ёсоор хийдэггүй; чи үүргээ баримтлаагүй. Иймд Бурхан чамайг байлгаж чадахгүй нь лавтай. Бурханы зөвт зан чанар ийм билээ. Бурхан чамайг эрхлүүлдэггүй боловч бас ялгаварлан гадуурхдаг ч үгүй. Бурханы үйлддэг зарчим ийм билээ. Бурхан бүх хүн, бүтээгдсэн зүйлд ингэж ханддаг.

Сүнсний ертөнцийн тухайд гэвэл, тэнд байдаг янз бүрийн оршихуй ямар нэгэн буруу зүйл хийх буюу ажлаа зөв хийхгүй бол тэдэнтэй харьцвал зохих тэнгэрлэг тушаал, зарлиг Бурханд бас байдаг; энэ нь гарцаагүй. Иймээс Бурханы хэдэн мянган жилийн удирдлагын ажлын үеэр буруу зүйл хийсэн зарим үүрэг гүйцэтгэгчийг устгасан бол зарим нь өнөөдөр ч хоригдож, шийтгүүлсээр байна. Энэ бол сүнсний ертөнц дэх оршихуй бүрд тулгарах ёстой зүйл юм. Хэрвээ тэд ямар нэгэн буруу зүйл хийж, мууг үйлдвэл шийтгүүлдэг—энэ нь Өөрийнх нь сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдэд хандах Бурханы хандлагатай адилхан. Иймээс сүнсний ертөнцөд ч бай, материаллаг ертөнцөд ч бай Бурханы үйлддэг зарчим өөрчлөгддөггүй. Бурханы үйлдлийг харж чаддаг эсэхээс чинь үл хамааран зарчим нь өөрчлөгддөггүй. Бүх зүйлд хандах хандлагадаа, бүх зүйлийг зохицуулахдаа Бурхан хаа сайгүй нэгэн адил зарчимтай байдаг. Энэ бол хувиршгүй. Бурхан үл итгэгчдийн дундаас харьцангуй зөв зохистой амьдардаг хүмүүст сайхан хандаж, шашин бүрийн биеэ зөв авч явдаг, мууг хийдэггүй хүмүүст боломж олгож, Бурханы удирддаг бүх зүйлд үүргээ гүйцэтгэж, хийх ёстойгоо хийхийг зөвшөөрнө. Үүний адилаар, Бурханыг дагадаг хүмүүс, Өөрийнх нь сонгосон хүмүүсийн дундаас Бурхан энэхүү зарчмынхаа дагуу ямар ч хүнийг ялгаварлан гадуурхдаггүй. Өөрийг нь чин сэтгэлээсээ дагаж чаддаг хүн бүхэнд Тэр сайн ханддаг, Өөрийг нь чин сэтгэлээсээ дагадаг хүн бүрийг Тэр хайрладаг. Үл итгэгчид, итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүс, Бурханы сонгосон хүмүүс гээд энэ хэдэн төрлийн хүмүүст Түүний хайрладаг зүйл нь өөр өөр байдаг. Жишээ нь үл итгэгчдийг аваад үзье: Тэд Бурханд итгэдэггүй, Бурхан тэднийг адгуус амьтан гэж үздэг хэдий ч бүх зүйлийн дундаас тэд дор бүрнээ идэх хоолтой, өөрийн гэсэн орон гэртэй, амьдрал, үхлийн хэвийн мөчлөгтэй байдаг. Мууг хийдэг хүмүүс шийтгүүлж, сайныг хийдэг нь ерөөгдөж, Бурханы хайр энэрлийг хүртдэг. Ийм байдаг биш гэж үү? Итгэл бишрэлтэй хүмүүсийн хувьд, хэрвээ тэд ахин дахин эргэж төрөх замаар шашны сургаалаа чанд баримталж чадвал энэ бүх дахин төрлийг олсны дараа эцэст нь Бурхан тэдэнд тунхаглалаа зарлах болно. Үүнтэй адилаар, өнөөдөр та нарын хувьд Бурханы сонгосон хүмүүс, эсвэл үйлчлэл үзүүлэгчийн аль нь ч бай, Бурхан Өөрийн тогтоосон захиргааны зарлиг, журмыг та нараар ч бас мөрдүүлж, төгсгөлийг чинь тодорхойлно. Энэ хэдэн төрлийн хүмүүсийн дундаас, итгэл бишрэлтэй өөр өөр төрлийн хүмүүс буюу олон янзын шашинд харьяалагддаг хүмүүст Бурхан амьдрах орон зай өгсөн үү? Иудейн шашинтнууд хаана байна вэ? Бурхан тэдний итгэл бишрэлд хөндлөнгөөс оролцсон уу? Тэгээгүй. Тэгвэл Христэд итгэгчийн тухайд ямар байна вэ? Тэр бас л хөндлөнгөөс оролцоогүй. Тэр тэдэнд өөрсдийнхөө ёс журмыг мөрдөхийг зөвшөөрдөг, тэдэнтэй ярьж, эсвэл гэгээрүүлдэггүй, түүнчлэн тэдэнд юу ч илчилдэггүй. Хэрвээ чи үүнийг зөв гэж бодож байгаа бол энэ маягаараа итгэ. Католик шашинтнууд Мариад итгэдэг, түүгээр дамжин Есүст мэдээ очсон гэж итгэдэг; тэдний итгэлийн хэлбэр ийм юм. Бурхан ер нь тэдний итгэлийг зассан уу? Тэр тэднийг дураар нь байлгадаг; Тэр тэднийг тоодоггүй, тэдэнд амьдрах тодорхой орон зай өгдөг. Лалын болон Буддын шашинтнуудын тухайд Тэр адилхан бус уу? Тэр тэдэнд ч мөн адил хил хязгаар тогтоосны дээр тус тусынх нь итгэл бишрэлд хөндлөнгөөс оролцохгүйгээр өөрийн гэсэн амьдрах орон зайтай байх боломж олгодог. Бүгд маш эмх цэгцтэй байдаг. Та нар энэ бүгдээс юу харж байна вэ? Бурханд эрх мэдэл байдаг ч Тэр Өөрийн эрх мэдлийг буруугаар ашигладаггүй. Бурхан бүх зүйлийг төгс эмх журамтай, цэгцтэй байдлаар зохицуулдаг, Түүний мэргэн ухаан, төгс хүчин үүнд оршдог.

Өнөөдөр бид Бурхан сүнсний ертөнцийг удирдаж, ноёрхож байдгийн нэг талыг илэрхийлдэг сүнсний ертөнцийн хэрэг явдалтай хамаатай нэгэн шинэ, онцгой сэдвийг хөндлөө. Та нар эдгээр зүйлийг ойлгохоосоо өмнө “Үүнтэй холбоотой юм бүхэн нууцлаг, амийн оролттой минь ямар ч хамаагүй; эдгээр зүйл нь хүмүүс үнэндээ хэрхэн амьдардгаас ангид бөгөөд үүнийг ойлгохын хэрэггүй, тэдгээрийн талаар сонсохыг ч хүсэхгүй байна. Тэдгээр нь Бурханыг мэдэхтэй огт холбоогүй” гэж хэлсэн байж болно. Одоо та нар, ийм сэтгэлгээнд асуудал байна гэж бодож байна уу? Энэ нь зөв үү? (Үгүй.) Ийм сэтгэлгээ буруу бөгөөд ноцтой асуудалтай. Үүний шалтгаан нь, хэрвээ чи Бурхан бүх зүйлийг хэрхэн захирдгийг ойлгохыг хүсэж байвал гагцхүү өөрийнхөө харж чадах, сэтгэлгээний арга барил чинь ухаарч чадах зүйлийг л ойлгож болохгүй; чамд харагддаггүй ч, чиний харж чадах энэ ертөнцтэй салшгүй холбоотой нөгөө ертөнцийн талаар бас ойлгох ёстой. Энэ нь Бурханы дээд эрх, “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн сэдэвт хамаатай. Тэр талаарх мэдээлэл нь энэ юм. Ийм мэдээлэлгүйгээр Бурхан хэрхэн бүх зүйлийн амийн эх сурвалж байдаг тухай хүмүүсийн мэдлэг дутуу дулимаг, алдаатай байх болно. Иймд бидний өмнөх сэдвүүд, мөн түүнчлэн “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж”-ийн талаарх агуулгыг өнөөдрийн ярьсан зүйл маань нэгтгэн дүгнэлээ гэж хэлж болох юм. Үүнийг ойлгосон болохоор одоо та нар энэхүү агуулгаар Бурханыг мэдэж чадах уу? Илүү чухал зүйл бол өнөөдөр Би та нарт үйлчлэл үзүүлэгчдэд хамаатай нэг маш чухал мэдээлэл өглөө. Та нар иймэрхүү сэдвийн талаар сонсох үнэхээр дуртай гэдгийг, иймэрхүү зүйлийг үнэхээр анхаардаг гэдгийг Би мэднэ. Тиймээс, та нар өнөөдөр Миний ярьсан зүйлд сэтгэл хангалуун байна уу? (Тийм ээ, сэтгэл хангалуун байна.) Бусад зүйлсийн зарим нь та нарт нэг их хүчтэй сэтгэгдэл төрүүлээгүй байж магад боловч үйлчлэл үзүүлэгчдийн талаар Миний хэлсэн зүйл та нарт тун хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн, учир нь энэхүү сэдэв нь хүн нэг бүрийн сүнсний талаар хөнддөг.

Хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлага

а. Бурханы Өөрийнх нь ялгамж чанар, байр суурь

Бид “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж”, мөн түүнчлэн “Бурхан бол цор ганц Бурхан Өөрөө” гэсэн сэдвүүдийг үзэж дууслаа. Тийм болохоор бид дүгнэлт хийх хэрэгтэй. Бид ямар дүгнэлт хийх ёстой вэ? Бурханы Өөрийнх нь тухай дүгнэлт. Ийм болохоор энэ нь Бурханы бүх тал, мөн түүнчлэн хүмүүс Бурханд хэрхэн итгэдэгтэй зайлшгүй холбоотой байх ёстой. Тиймээс эхлээд Би та нараас ингэж асуух ёстой: Эдгээр номлолыг сонссон болохоор та нарын төсөөлөл дэх Бурхан гэж хэн бэ? (Бүтээгч.) Та нарын төсөөлөл дэх Бурхан бол Бүтээгч юм. Өөр зүйл байна уу? Бурхан бол бүх зүйлийн Эзэн. Эдгээр үг нь тохиромжтой юу? (Тохиромжтой.) Бурхан бол бүх зүйлийг захирч, удирддаг Нэгэн. Тэр байгаа бүхнийг бүтээсэн, байгаа бүхнийг удирдаж, захирч, бас хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Түүний ялгамж чанар юм. Бүх зүйл, байгаа бүхний хувьд Бурханы жинхэнэ ялгамж чанар нь бүх бүтээлийн Бүтээгч агаад Захирагч мөн. Бурханд байдаг ялгамж чанар нь ийм, Тэр бол бүх зүйлийн дунд цор ганц билээ. Хүн төрөлхтний дунд ч бай, сүнсний ертөнцөд ч бай, Бурханы бүтээлүүдийн нэг нь ч Бурханы ялгамж чанар, байр суурийг дуурайх юм уу орлох гэж ямар нэг арга, шалтаг хэрэглэж болохгүй, учир нь бүх зүйлийн дунд ийм ялгамж чанар, хүч чадал, эрх мэдэл, бүтээлийг захирах чадвартай цорын ганц Нэгэн байдаг нь бидний цор ганц Бурхан Өөрөө билээ. Тэр бүх зүйлийн дунд амьдарч, шилждэг; Тэр бүх зүйлийн дээр, хамгийн өндөр газар дээр гарч чадна. Тэр даруухнаар хүн болж, мах, цуснаас бүрддэг хүмүүсийн нэг болж, хүмүүстэй нүүр тулан уулзаж, тэдний баяр гунигийг хуваалцахын зэрэгцээ байгаа бүхнийг захирч бөгөөд байгаа бүхний хувь заяаг болон хаашаа явахыг нь шийддэг. Мөн түүнчлэн, Тэр бүх хүн төрөлхтний хувь заяаг замчилж, зүг чигийг нь залж чиглүүлдэг. Ийм Бурханд бүх амьд зүйл шүтэн мөргөж, дуулгавартай байж, Түүнийг мэдэх хэрэгтэй. Иймээс хүн төрөлхтний дунд чи ямар бүлэг, төрөлд багтаж байгаагаас үл хамааран Бурханд итгэж, Бурханыг дагаж, Бурханыг хүндэлж, Түүний захиргааг хүлээн зөвшөөрч, хувь заяаг чинь зохицуулах Бурханы зохицуулалтыг хүлээн зөвшөөрөх нь ямар ч хүн, аливаа бүх амьд зүйлийн хувьд цорын ганц, зайлшгүй сонголт юм. Бурханы цор ганц чанараас хүмүүс, Түүний эрх мэдэл, зөвт зан чанар, мөн чанар болон бүх зүйлийг хангаж буй арга зам нь бүгд тэр чигээрээ цор ганц болохыг хардаг; энэхүү цор ганц чанар нь Бурханы Өөрийнх нь жинхэнэ ялгамж чанарыг тодорхойлдгийн дээр, мөн Түүний байр суурийг тодорхойлдог. Иймд бүх бүтээгдсэн зүйлийн дотроос, сүнсний ертөнцөд, эсвэл хүн төрөлхтний дунд байдаг ямар нэгэн амьд зүйл Бурханы оронд зогсохыг хүссэн бол амжилт олох боломжгүй, Бурханы дүрд тоглохыг оролдох нь мөн л боломжгүй хэрэг. Энэ бол бодит баримт. Бурханы Өөрийнх нь ялгамж чанар, хүч чадал, байр суурьтай ийм Бүтээгч, Захирагчийн хүн төрөлхтнөөс шаарддаг шаардлага юу вэ? Үүнийг хүн бүр ойлгож, санах ёстой; энэ нь Бурхан, хүн хоёрт хоёуланд нь маш чухал!

б. Бурханд хандах хүн төрөлхтний янз бүрийн хандлага

Хүмүүс Бурханд хэрхэн хандах нь тэдний хувь заяаг, мөн түүнчлэн Бурхан тэдэнд хэрхэн хандаж, харьцахыг шийддэг. Энэ мөчид Би, хүмүүс Бурханд хэрхэн ханддаг талаар зарим жишээ дурдах гэж байна. Бурханы өмнө тэдний биеэ авч явж буй байдал, хандлага зөв эсэхийг сонсож, үзье. Бүгдээрээ, доор дурдсан долоон төрлийн хүний биеэ авч явах байдлыг авч үзье.

1) Бурханд тун хөгийн ханддаг нэг төрлийн хүмүүс байдаг. Бурхан бол хүмүүний үлгэр домгийн ариун оршихуй, Бодьсадва шиг бөгөөд хүмүүс, уулзахдаа гурвантаа мөргөж, хоол болгоныхоо дараа хүж асаах хэрэгтэй байдаг энэ хүмүүс боддог. Тиймээс тэд нигүүлслийнх нь төлөө Бурханд туйлын их баярлаж, талархах болгондоо дандаа иймэрхүү сэтгэл хөдлөлтэй байдаг. Өнөөдөр өөрсдийнх нь итгэдэг Бурхан, зүрх сэтгэлдээ хүсэмжилдэг ариун оршихуйнх нь адилаар, уулзахдаа гурвантаа мөргөж, хоол болгоныхоо дараа хүж асаадаг байдлыг нь хүлээн зөвшөөрдөг болоосой гэж тэд ихэд хүсдэг.

2) Зарим хүн Бурханыг бүх амьд зүйлийг зовлонгоос ангижруулж, аварч чадах амьд Будда мэт үздэг; тэд Түүнийг зовлонгийн далайгаас холдуулж чадах амьд Будда гэж хардаг. Энэ хүмүүсийн Бурханд итгэх итгэл нь Түүнийг Будда мэт шүтэн мөргөх шалтгаан болдог. Хэдийгээр тэд хүж асааж, мэхийн ёсолж, тахил өргөдөггүй ч гэсэн зүрх сэтгэлийнхээ гүнд Бурхан бол яг л Буддагийн адил, сайхан сэтгэлтэй, өглөгч байж, ямар ч амьд зүйлийг хөнөөхгүй байх, бусдыг харааж зүхэхийг тэвчиж, үнэнч шударга харагдах амьдралаар амьдарч, ямар ч муу үйл хийхгүй байхыг л шаарддаг гэж боддог. Тэр ийм зүйлийг л өөрсдөөс нь шаарддаг гэж тэд итгэдэг; энэ бол тэдний зүрх сэтгэл дэх Бурхан юм.

3) Зарим хүн Бурханыг агуу, алдартай нэгэн мэт шүтэн мөргөдөг. Жишээлбэл, энэ агуу хүний ярих дуртай арга барил, ярьдаг аялга, хэрэглэдэг үг, хэллэг, дуу хоолойны өнгө, гарын дохио зангаа, санал бодол, үйлдэл, намба төрхийг бүгдийг нь тэд хуулбарладаг бөгөөд эдгээр нь Бурханд итгэх итгэлийн замналдаа бүрэн бий болгох ёстой зүйлс нь байдаг.

4) Зарим хүн Бурханыг эзэн хаан мэт үзэж, Тэр бүхнээс дээр байдаг, хэн ч Түүнд халдаж зүрхэлдэггүй, хэрвээ тэгвэл тэр хүн торгуулна гэж боддог. Эзэн хаан тэдний зүрх сэтгэлд тодорхой байр суурь эзэлдэг учир тэд тийм эзэн хааныг шүтэн мөргөдөг. Түүний бодол, ааш маяг, уг чанар—ашиг сонирхол, хувийн амьдрал нь хүртэл—бүгд энэ хүмүүсийн ойлгох ёстой гэж боддог зүйл нь болдог; тэдгээр нь тэдний анхаарах ёстой асуудал, хэрэг явдал болдог. Иймээс тэд Бурханыг эзэн хаан мэт шүтэн мөргөдөг. Итгэлийн ийм хэлбэр үнэхээр хөгийн.

5) Зарим хүн Бурханы оршин тогтнолд гойд итгэлтэй байдгийн дээр энэхүү итгэл нь гүн гүнзгий агаад гуйвшгүй. Гэхдээ, Бурханы талаарх мэдлэг нь маш өнгөц, Бурханы үгийн талаар нэг их туршлага байхгүй учраас Түүнийг шүтээн мэт шүтэн мөргөдөг. Энэхүү шүтээн нь тэдний зүрх сэтгэл дэх Бурхан; тэдний эмээж, бөхийн мөргөх ёстой, дагаж, дуурайх ёстой зүйл нь юм. Тэд Бурханыг бүхэл амьдралынхаа турш дагах ёстой шүтээн гэж үздэг. Тэр Бурханы ярианы өнгийг хуулбарлаж, Бурханд таалагддаг хүмүүсийг гаднаа дуурайдаг. Тэд гэнэн, цэвэр ариун, үнэнч шударга харагддаг зүйлсийг үргэлж хийж, тэр ч байтугай энэхүү шүтээнийг хэзээ ч хагацаж чадахгүй хамтрагч, хань нөхөр мэт дагадаг. Тэд ийм маягаар итгэдэг билээ.

6) Бурханы үгээс ихийг уншиж, зөндөө номлол сонссон хэдий ч Бурханд хандах цор ганц зарчим бол үргэлж долигонож, бялдуучилж, бодитой бус байдлаар Бурханыг магтаж, сайшаах ёстой гэж зүрх сэтгэлийнхээ гүнд боддог нэг төрлийн хүмүүс бий. Бурхан бол өөрсдийг нь ийм маягаар авирлахыг шаарддаг Бурхан гэж тэд итгэдэг. Тэр ч байтугай тэгэхгүй бол хэдийд ч Түүнийг хилэгнүүлж, өөрийн мэдэлгүй Түүний эсрэг нүгэл үйлдэж, ийнхүү нүгэл үйлдсэний улмаас Бурхан тэднийг шийтгэнэ гэж итгэдэг. Тэдний зүрх сэтгэлдээ хадгалдаг Бурхан ийм билээ.

7) Тэгээд мөн, Бурханаас сүнслэг тэжээл олж авдаг хүмүүс олонх байдаг. Учир нь, тэд энэ хорвоод амьдардаг, амар амгалан, аз жаргал үгүй, хаанаас ч тайтгарал олж авч чаддаггүй. Тэд Бурханыг олж аваад, Түүний үгийг сонсож, харсныхаа дараа зүрх сэтгэлдээ нууцхан баяр, хөөр тээж эхэлдэг. Яагаад гэвэл, тэд сүнсийг нь аз жаргалтай болгох газрыг, мөн өөрсдөд нь сүнслэг тэжээл өгөх Бурханыг эцэст нь оллоо гэж итгэдэг. Бурханыг хүлээн авч, дагаж эхэлснийхээ дараа тэд аз жаргалтай болж, амьдрал нь бүрэн дүүрэн болдог. Тэд амьдралаа амьтан шиг ухамсаргүйгээр өнгөрүүлдэг үл итгэгчидтэй адил байхаа больж, амьдрал нь хүсэл эрмэлзэлтэй болсон санагддаг. Тиймээс, энэ Бурхан өөрсдийнх нь сүнслэг хэрэгцээг хангаж, оюун санаа болон сүнсний аль алинд нь асар их аз жаргал авчирч чадна гэж тэд боддог. Өөрсдөө ч мэдэлгүйгээр тэд, өөрсдөд нь сүнслэг хангалт өгч, сүнсэнд нь болон гэр бүлийнх нь бүх гишүүдэд аз жаргал авчирдаг Бурханыг орхиж чадахгүй болдог. Бурханд итгэх итгэл өөрсдөд нь сүнслэг түшиг тулгуураас өөр юу ч авчрах хэрэггүй гэж тэд боддог.

Бурханд хандах дээр дурдсан эдгээр олон төрлийн хандлагатай хүн та нарын дунд байна уу? (Байна.) Хэрвээ Бурханд итгэхдээ хүн эдгээр хандлагын аль нэгийг зүрх сэтгэлдээ тээдэг бол Бурханы өмнө үнэхээр очиж чадах уу? Хэрвээ хэн нэгний зүрх сэтгэлд эдгээр хандлагын аль нэг нь байдаг бол тэр хүн Бурханд итгэдэг үү? Ийм хүн цор ганц Бурханд Өөрт нь итгэдэг үү? (Үгүй.) Чи цор ганц Бурханд Өөрт нь итгэдэггүй юм бол хэнд итгэдэг юм бэ? Хэрвээ чиний итгэдэг зүйл цор ганц Бурхан Өөрөө биш бол чи шүтээн, агуу хүн, эсвэл Бодьсадвад итгэдэг, зүрх сэтгэлдээ байгаа Буддаг шүтэн мөргөдөг байж болзошгүй юм. Түүнчлэн, чи жирийн нэг хүнд итгэдэг байж болзошгүй. Товчоор хэлбэл, Бурханд итгэх итгэл, хандлага нь янз бүрийн хэлбэрээр байдаг учраас хүмүүс өөрсдийн мэддэг Бурханыг зүрх сэтгэлдээ байлгаж, өөрсдийн төсөөллийг Бурханд тулгаж, Бурханы талаарх хандлага, төсөөллөө цор ганц Бурхантай Өөртэй нь эн зэрэгцүүлэн тавьсныхаа дараа тэдгээрийг өндөрт өргөж тахидаг. Хүмүүс Бурханд ийм зүй зохисгүй хандлагатай байгаа нь юу гэсэн үг вэ? Энэ нь тэд жинхэнэ Бурханыг Өөрийг нь голж, хуурамч бурханыг шүтэн мөргөж байна гэсэн үг юм; энэ нь тэд Бурханд итгэхийн зэрэгцээ Түүнийг голж, эсэргүүцэж, жинхэнэ Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдгийг нь илтгэдэг. Хэрвээ хүмүүс ийм хэлбэрийн итгэлтэй зууралдсаар байвал тэд ямар үр дагавартай нүүр тулах вэ? Итгэлийн ийм хэлбэртэй байснаараа тэд Бурханы шаардлагыг биелүүлэхэд илүү ойртож ер нь чадах уу? (Үгүй, чадахгүй.) Эсрэгээрээ, өөрсдийн үзэл, төсөөллөөс болж тэд Бурханы замаас улам л холдоно, учир нь тэдний эрж хайдаг чиглэл Бурхан тэднээс явахыг шаарддаг чиглэлээс эсрэг зүгт байдаг. Та нар “сүйх тэргээ хойд зүг рүү жолоодоод, урд зүг рүү явах нь” гэдэг түүхийг ер нь сонсож байсан уу? Энэ нь ёстой л сүйх тэргээ хойд зүг рүү жолоодож, урд зүгт явж буй хэрэг байж болох юм. Хэрвээ хүмүүс ийм утгагүй байдлаар Бурханд итгэвэл хичээх тусмаа чи Бурханаас улам их холдоно. Тиймээс Би та нарт ийнхүү сургамжилж байна: Та нар явахаасаа өмнө эхлээд үнэхээр зөв чиглэлд явж байгаа эсэхээ эхлээд ялгаж салгах ёстой. Хүчин чармайлт гаргахдаа анхааралтай байж, “Миний итгэдэг Бурхан бүх зүйлийг Захирагч мөн үү? Миний итгэдэг Бурхан ердөө л надад сүнслэг тэжээл өгдөг хэн нэгэн үү? Тэр зүгээр нэг миний шүтээн үү? Миний итгэдэг энэ Бурхан надаас юу шаарддаг вэ? Бурхан миний хийдэг бүхнийг сайшаадаг уу? Миний бүх үйлдэл, эрэл хайгуул Бурханыг мэдэхээр эрж хайхтай нийцдэг үү? Түүний надаас шаарддаг зүйлтэй тэдгээр нь нийцэж байна уу? Миний алхдаг замыг Бурхан хүлээн зөвшөөрч, сайшаадаг уу? Миний итгэлд Тэр сэтгэл хангалуун байдаг уу?” гэж өөрсдөөсөө заавал асуу. Чи эдгээр асуултыг өөрөөсөө байнга, ахин дахин асууж байх хэрэгтэй. Хэрвээ чи Бурханы талаарх мэдлэгийг эрж хайхыг хүсэж байвал Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахаасаа өмнө ухаан чинь саруул, зорилго чинь тодорхой байх ёстой.

Дөнгөж сая Миний ярьсан энэ зүй зохисгүй хандлагыг Бурхан хүлээцтэй байдлынхаа улмаас дуртай дургүй хүлээн зөвшөөрөх боломжтой юу? Бурхан энэ хүмүүсийн хандлагыг сайшааж чадах болов уу? (Үгүй.) Хүмүүст болон Өөрийг нь дагадаг хүмүүст тавих Бурханы шаардлага юу вэ? Тэрээр хүмүүсээс ямархуу хандлагатай байхыг шаарддаг вэ? Та нарт тодорхой санаа бодол байна уу? Энэ мөчид Би маш ихийг ярьсан; Бурханы Өөрийнх нь тухай сэдвээр, мөн түүнчлэн Түүний үйлс, Түүнд юу байдаг, Тэр юу болох талаар Би ихээхэн ярилаа. Бурхан хүмүүсээс юу олж авахыг хүсдэгийг одоо та нар мэдэх үү? Бурхан чамаас юу хүсдэгийг мэдэх үү? Санал бодлоо хэл. Туршлага, хэрэгжүүлэлтээс олж авсан мэдлэг чинь бас л дутуу дулимаг, маш өнгөц хэвээр байвал та нар эдгээр үгийн талаар зарим нэг мэддэг зүйлээ ярьж болно. Та нарт хураангуй мэдлэг байна уу? Бурхан хүнээс юу шаарддаг вэ? (Энэ хэдэн ярианы үеэр Өөрийг нь, Өөрийнх нь үйл хэргийг, Тэр бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэдгийг нь, Өөрийнх нь байр суурь, ялгамж чанарыг мэдэхийг биднээс шаарддаг гэдгээ Бурхан онцоллоо.) Тэгэхээр Бурхан Өөрийг нь мэд гэж хүмүүсээс шаардахад эцсийн үр дүн нь юу байдаг вэ? (Бурхан бол Бүтээгч, хүн бол бүтээгдсэн зүйл гэдгийг тэд ойлгодог.) Хүмүүс ийм мэдлэгтэй болох үед Бурханд хандах тэдний хандлага, үүргийн гүйцэтгэл, амь зан чанарт нь ямар өөрчлөлт гардаг вэ? Та нар энэ тухай ер нь бодож үзсэн үү? Бурханыг мэдэж, Түүнийг ойлгосноороо тэд сайн хүн болдог гэж хэлж болох уу? (Бурханд итгэх итгэлд сайн хүн болохоор эрж хайх явдал ордоггүй. Харин энэ бол Бурханы шаардлага хангасан бүтээл болох гэж, мөн үнэнч шударга хүн байхаар эрэлхийлэх явдал байдаг.) Өөр хэлэх зүйл байна уу? (Бурханыг үнэхээр, зөвөөр мэдсэний дараа бид Түүнд Бурхан гэж хандаж чаддаг; Бурхан бол үргэлж Бурхан, бид бол бүтээгдсэн зүйлс, Бурханыг шүтэн мөргөх, зүй ёсны байр сууриндаа зогсох ёстой гэдгээ бид мэддэг.) Тун сайн байна! Өөр хүмүүсийн ярихыг сонсъё. (Бид Бурханыг мэддэг, эцсийн дүндээ Бурханд үнэхээр захирагддаг, Бурханыг хүндэлж, муугаас зайлдаг хүмүүс байж чаддаг.) Яг зөв!

в. Хүн төрөлхтнөөс Бурханы шаарддаг Өөрт нь хандвал зохих хандлага

Үнэндээ, Бурхан хүн төрөлхтнөөс нэг их зүйл шаарддаггүй—ядаж л хүмүүсийн төсөөлдөг шиг шахаж шаарддаггүй. Бурхан нэг ч үг айлдаагүй, зан чанар, аливаа үйлсээ илэрхийлээгүй бол Бурханыг мэдэх нь та нарын хувьд туйлын хэцүү байх байлаа, учир нь хүмүүс Түүний санаа зорилго, Түүний хүслийг таах хэрэгтэй болох байсан; үүнийг хийхэд тун хэцүү байх байсан. Гэхдээ Өөрийн ажлын сүүлийн үе шатанд, Бурхан олон үг айлдаж, асар их ажил хийж, хүнд олон шаардлага тавьсан. Үгээрээ болон асар их хэмжээний ажлаараа Тэр, Өөрийгөө юунд дуртай, юуг жигшдэг, мөн өөрсдийг нь ямар байх ёстойг хүмүүст мэдэгдсэн. Эдгээр зүйлийг ойлгосны дараа хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы шаардлагын талаар нарийн зөв ухагдахуунтай болох ёстой, учир нь тэд тодорхойгүй байдлаар Бурханд итгэдэггүй, тодорхойгүй Бурханд итгэхээ больж, бас тодорхойгүй, хоосон байдал дунд Бурханд итгэдэг байхаа больсон. Харин ч тэд Түүний айлдваруудыг сонсож, Түүний шаардлагуудын стандартыг ойлгож, үүнд хүрч чаддагийн дээр мэдэж, ойлгох ёстой бүхнийг нь хэлэхийн тулд Бурхан хүн төрөлхтний хэлийг ашигладаг. Өнөөдөр, хүмүүс Бурхан юу болох, Тэр өөрсдөөс нь юу шаарддагийг мэдэхгүй хэвээр байвал; яагаад Бурханд итгэх ёстойгоо, Түүнд хэрхэн итгэж, хэрхэн хандах ёстойгоо ч мэдэхгүй байвал үүнд асуудал байна. Саяхан, та нар дор бүрнээ тодорхой нэг талбарын талаар ярилаа; тэдгээр зүйл нь тодорхой ч бай, ерөнхий ч бай, та нар зарим зүйлийг мэдэж байгаа. Гэхдээ Би, хүн төрөлхтөнд Бурханы тавьдаг зөв, бүрэн, тодорхой шаардлагыг та нарт хэлмээр байна. Эдгээр нь ердөө л хэдхэн үг бөгөөд маш энгийн; та нар эдгээрийг аль хэдийн мэддэг байж магадгүй. Хүн төрөлхтнөөс болон Өөрийг нь дагадаг хүмүүсээс Бурхан дараах зөв шаардлагуудыг шаарддаг. Бурхан Өөрийг нь дагадаг хүмүүсээс таван зүйл шаарддаг: жинхэнэ итгэл, үнэнчээр дагах, туйлын дуулгавартай байдал, жинхэнэ мэдлэг, чин сэтгэлийн хүндэтгэл.

Энэхүү таван зүйлээр Бурхан, Өөрт нь эргэлзэхээ больж, өөрсдийн төсөөлөл, тодорхойгүй, хийсвэр үзэл бодлыг ашиглан Өөрийг нь дагахаа болихыг хүмүүсээс шаарддаг; тэд ямар нэг төсөөлөл, үзэл дээр үндэслэж Бурханыг дагах ёсгүй. Бурхан, Өөрийг нь дагадаг хүн бүрээс хайнга, хоёрдмол сэтгэлээр бус үнэнчээр дагахыг шаарддаг. Бурхан чамд ямар нэгэн шаардлага тавьж, чамайг туршиж, шүүж, чамтай харьцаж, чамайг засаж, сахилгажуулж, цохих үед чи Түүнд бүрэн дүүрэн захирагдах ёстой. Чи учир шалтгааныг нь асууж, болзол тавих ёсгүй, тэр ч байтугай, шалтаг хэлэх ёсгүй. Дуулгавартай байдал чинь туйлын байх ёстой. Бурханы талаарх мэдлэг бол хүмүүсийн хамгийн дутуу дулимаг байдаг талбар юм. Тэд Бурханд хамааралгүй хэллэг, айлдвар, үгсийг дандаа Түүнд тулгаж, эдгээр үг нь Бурханы талаарх мэдлэгийн хамгийн үнэн зөв тодорхойлолт гэж итгэдэг. Хүний төсөөлөл, дүгнэлт, мэдлэгээс гарсан зарим хэллэг нь Бурханы мөн чанарт өчүүхэн ч хамааралгүй гэдгийг тэд огт мэддэггүй. Ийм учраас хүмүүсийг олж аваасай гэж Бурханы хүсдэг мэдлэгийн тухайд, Бурхан чамаас зүгээр нэг Өөрийг нь, Өөрийнх нь үгийг танин мэдэхийг шаарддаггүй, харин Түүний талаарх мэдлэг чинь зөв байхыг шаарддаг гэдгийг Би та нарт хэлмээр байна. Хэдийгээр чи ганцхан өгүүлбэр хэлж чаддаг, өчүүхэн багыг л мэддэг ч гэсэн, энэхүү өчүүхэн бага мэдлэг чинь үнэн зөв, жинхэнэ бөгөөд Бурханы Өөрийнх нь мөн чанартай нийцдэг. Учир нь, Өөрийг нь бодитой бус, бодлогогүйгээр магтаж, сайшаахыг Бурхан жигшдэг. Түүнээс ч илүүтэйгээр, хүмүүс Түүнд агаар шиг хандахыг Тэр үзэн яддаг. Бурханы талаарх сэдвээр ярилцах үеэр хүмүүс ямар ч баримтгүйгээр, дураараа, тээнэгэлзэлгүй, зоргоороо ярихыг Тэр үзэн яддаг; түүнчлэн, Бурханыг мэддэг гэж итгэдэг, Түүний талаарх мэдлэгээрээ бардамнадаг, Түүний талаарх сэдвээр огт биеэ барилгүй, эрээ цээргүй ярилцдаг хүмүүсийг Тэр үзэн яддаг. Дээр дурдсан тэрхүү таван шаардлагын хамгийн сүүлийнх нь чин сэтгэлийн хүндэтгэл юм: Энэ бол Өөрийг нь дагадаг бүх хүнд тавих Бурханы эцсийн шаардлага билээ. Хүн Бурханы талаар үнэн, зөв мэдлэгтэй байвал Бурханыг үнэхээр хүндэтгэж, муугаас зайлж чаддаг. Энэхүү хүндэтгэл нь тэдний зүрх сэтгэлийн гүнээс гардаг; Бурханы шахалтын улмаас бус, харин сайн дураараа ийнхүү хүндэлдэг. Бурхан чамаас ямар нэгэн сайхан хандлага, биеэ авч явах байдал, гаднах зан авираар бэлэг барь гэж шаарддаггүй; харин зүрх сэтгэлийнхээ гүнд Өөрийг нь хүндэтгэж, Өөрөөс нь эмээхийг Тэр чамаас шаарддаг. Амь зан чанар чинь өөрчлөгдөж, Бурханы талаар мэдлэгтэй, Бурханы үйлсийн талаар ойлголттой болж, Бурханы мөн чанарын талаар ойлгож авч, мөн өөрийгөө Бурханы бүтээлийн нэг гэдэг бодит үнэнийг хүлээн зөвшөөрсний улмаас ингэж хүндэлдэг болдог. Иймд энд хүндэтгэлийг тодорхойлохдоо “чин сэтгэлийн” гэдэг үгийг хэрэглэсэн Миний зорилго бол Бурханыг хүндлэх хүндэтгэл нь зүрх сэтгэлийнх нь гүнээс гарах ёстой гэдгийг хүмүүст ойлгуулахын төлөө юм.

Одоо тэрхүү таван шаардлагыг авч үзье: Эхний гуравт нь хүрч чадах хүн та нарын дунд байна уу? Үүгээр Би жинхэнэ итгэл, үнэнчээр дагах, туйлын дуулгавартай байхыг хэлж байна. Эдгээр зүйлийг хийх чадвартай хүн та нарын дунд байна уу? Хэрвээ Би бүх таван шаардлагыг гэж хэлсэн бол та нарын дундаас нэг нь ч гарахгүй байсан гэдэг нь маргаагүй, гэхдээ Би тоог нь гурав болгож багасгасан. Та нар эдгээр зүйлд хүрсэн эсэхээ нэг бодоод үз. “Жинхэнэ итгэлд” хүрэхэд амархан уу? (Үгүй, амархан биш.) Хүмүүс Бурханд байнга эргэлздэг учраас амархан биш. Тэгвэл “Үнэнчээр дагах” тухайд ямар вэ? “Үнэнчээр” гэж юуг хэлдэг вэ? (Хоёрдмол сэтгэлтэй биш, харин үнэн сэтгэлээсээ байх.) Хоёрдмол сэтгэлтэй биш, харин үнэн сэтгэлээсээ байх. Та нар голыг нь олж хэллээ! Тэгэхээр та нар энэ шаардлагад хүрч чадах уу? Та нар илүү их хичээх хэрэгтэй, тийм үү? Одоохондоо та нар энэ шаардлагад хүрч хараахан чадаагүй байгаа. “Туйлын дуулгавартай байдлын” тухайд та нар үүнд хүрсэн үү? (Үгүй.) Та нар үүнд ч бас хүрээгүй. Та нар байнга дуулгаваргүй, тэрслүү байдаг; дандаа сонсдоггүй, дуулгавартай байхыг хүсдэггүй, сонсохыг хүсдэггүй. Эдгээр нь амийн оролтод хүрснийхээ дараа хүмүүсийн биелүүлдэг хамгийн үндсэн гурван шаардлага боловч та нар тэдгээрт хараахан хүрээгүй байна. Иймд одоогоор та нарт асар их чадамж байна уу? Өнөөдөр, Намайг эдгээр үгийг хэлэхийг сонсоод та нарын сэтгэл зовниж байна уу? (Тийм.) Та нарын сэтгэл зовних нь зөв. Сэтгэл зовнихоос зайлсхийх гэж бүү хичээ. Би та нарын өмнөөс сэтгэл зовниж байна. Би нөгөө хоёр шаардлагын талаар ярихгүй; энд байгаа хэн ч тэдгээрт хүрч чадваргүй гэдэг нь эргэлзээгүй. Та нарын сэтгэл зовниж байна. Тэгэхээр та нар зорилгоо тодорхойлсон уу? Ямар зорилготойгоор, ямар чиглэлд эрэлхийлж, хичээл зүтгэлээ зориулах ёстой вэ? Та нарт зорилго бий юу? Би илэн далангүй ярья: Энэ таван шаардлагад хүрмэгц та нар Бурханыг сэтгэл хангалуун болгоно. Эдгээр нь дор бүрнээ хүний амийн оролт боловсорч гүйцсэний үзүүлэлт, мөн түүнчлэн эцсийн зорилго нь юм. Хэрвээ Би эдгээр шаардлагаас зөвхөн нэгийг нь л сонгоод дэлгэрэнгүй ярьж, та нараас биелүүлэхийг шаардсан ч гэсэн үүнд хүрэхэд амаргүй байх болно; тодорхой хэмжээний зовлон бэрхшээл туулж, хүчин чармайлт гаргах ёстой. Та нар ямар сэтгэлгээтэй байх хэрэгтэй вэ? Мэс заслын орон дээр гарахаар хүлээж буй хорт хавдартай өвчтөнийхтэй адил байх ёстой. Би яагаад ингэж хэлж байна вэ? Хэрвээ чи Бурханд итгэхийг, Бурханыг олж авч, Түүнийг сэтгэл хангалуун байлгахыг хүсвэл, тодорхой хэмжээний зовлон шаналал туулж, тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргахгүйгээр эдгээр зүйлд хүрч чадахгүй. Та нар маш их номлол сонссон боловч сонслоо гээд энэ номлол чинийх болсон гэсэн үг биш; чи үүнийг ойлгож авч, өөрийн болгож авах ёстой. Үүнийг өөрийн аминд шингээж, оршин тогтнолдоо оруулж, эдгээр үг, номлол хэрхэн амьдрахыг чинь залж чиглүүлж, чиний аминд оршин тогтнолын үнэ цэн, утга учир авчрахыг зөвшөөрөх ёстой. Ингэх үед эдгээр үгийг сонссоны чинь ашиг гарна. Хэрвээ Миний хэлдэг үг амьдралд чинь ямар нэгэн эргэлт авчирч, оршин тогтнолд чинь ямар нэг үнэ цэн нэмээгүй бол үүнийг сонсох нь чамд ямар ч хэрэггүй. Та нар үүнийг ойлгож байгаа биз дээ? Үүнийг ойлгосон бол үлдсэн хэсэг нь та нараас шалтгаална. Та нар хүчин чармайлт гаргах ёстой! Та нар бүх зүйлд чин сэтгэлээсээ хандах ёстой! Төөрөлдөж бүү бай; цаг хугацаа нисэн өнгөрч байна! Та нарын дундаас ихэнх нь Бурханд аль хэдийн арав гаруй жил итгэсэн. Энэ өнгөрсөн арван жилээ эргээд хар: Та нар хэр ихийг олж авсан бэ? Мөн энэ төрөлдөө амьдрах хэдэн арван жил үлдсэн бэ? Тийм ч их үлдээгүй. Бурханы ажил чамайг хүлээдэг эсэх, Тэр чамд боломж үлдээсэн эсэх, Тэр нэг ажлаа дахин хийх эсэх тухай март; ийм зүйлийн талаар бүү ярь. Чи амьдралынхаа өнгөрсөн арван жилийн замналаа ухрааж чадах уу? Өдөр өнгөрөх бүрд, алхах бүрд өдөр хоногууд чинь нэгээр хорогддог. Цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй! Хэрвээ чи үүнд амьдралынхаа хамгийн агуу зүйл, хоол, хувцас, өөр юунаас ч илүү чухал гэж хандвал Бурханд итгэх итгэлээс ашиг тус л хүртэнэ. Хэрвээ чи зөвхөн завтай үедээ итгэж, итгэлдээ бүх анхаарлаа хандуулж чадахгүй бол, чи үргэлж төөрөгдөлд автаж байдаг бол юу ч олж авахгүй. Та нар үүнийг ойлгож байгаа биз дээ? Өнөөдөртөө яриагаа ингээд дуусгая. Дараа дахин уулзъя!

2014 оны 2 дугаар сарын 15

Өмнөх: Цор ганц Бурхан Өөрөө IX

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх