10-р зүйл: Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (VI хэсэг)

III. Бурханы үгийг басамжлах

Өнөөдөр бид антихристүүдийн янз бүрийн илрэлээс “Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог” хэмээх 10-р зүйлийг үргэлжлүүлэн нөхөрлөж, гурав дахь хэсэг, тэд Бурханы үгийг басамжилдаг гэдэгт төвлөрнө. Сүүлийн цуглаанаар бид энэ хэсгийн хоёр талыг нөхөрлөсөн. Тэр хоёр нь юу байсан бэ? (Эхнийх нь, антихристүүд Бурханы үгийг дур мэдэн өөрчилж, тайлбарладаг. Нөгөөх нь, антихристүүд Бурханы үг үзэлтэй нь нийцэхгүй үед үгүйсгэдэг.) Энэ хоёр тал хоёулаа антихристүүд Бурханы үгийг басамжилдагтай холбоотой. Антихристүүд Бурханы үгийг басамжилдаг нь олон талаар илэрхий харагддаг; энэ нь тэдний мөн чанар, Бурханд хандах хандлага, мөн Бурхантай холбоотой бүх талуудад хэрхэн ханддагтай нь холбоотой байдаг. Бурханы үг өргөн хүрээний агуулгыг хамардаг тул антихристүүд Бурханы үгийг басамжилдаг нь Түүний үгэнд ханддаг энгийн нэг хандлага биш юм. Тэд Түүний үгийг басамжлах шалтгаан нь ганц биш, олон талтай. Сүүлийн цуглаанаар бид антихристүүд Бурханы үгийг хэрхэн басамжилдгийн хоёр тодорхой илрэлийг нөхөрлөсөн. Өнөөдөр бид өөр нэг илрэлийн талаар нөхөрлөх болно.

В. Антихристүүд Бурханы үг биелэх эсэхийг сэм хардаг

Антихристүүд Бурханы үгийг басамжилдаг—тэд Бурханы хэлдэг зүйлд, Бурханы айлдсан бүх агуулгад үнэхээр итгэдэг үү? (Үгүй.) Үүний бодит нотолгоо бий. Тэд үнэхээр итгэдэггүй, тэгвэл Бурханы айлдсан бүх үг бодит байдалтай нийцдэг эсэх, биелж чадах эсэх, эсвэл баримттай эсэх тал дээр тэдний хандлага ямар байдаг вэ? Тэд үнэхээр итгэдэг үү, эсвэл зүрх сэтгэлдээ эргэлзэж, харзнан ажиглаж байдаг уу? Тэд зүрх сэтгэлдээ баттай эргэлзэж, харзнан ажиглаж байдаг. Өнөөдөр бид антихристүүдийн энэ илрэлийн талаар нөхөрлөнө: Тэд Бурханы үг биелэх эсэхийг сэм хардаг. “Сэм харах” гэж юу гэсэн үг вэ? Яагаад “сэм харах” гэдэг хэллэгийг ашигладаг вэ? (Бурхан минь, сэм харах гэдэг нь нууцаар ажиглах, хулгайгаар харахыг хэлнэ.) Энэ тайлбар үндсэндээ зөв. “Сэм харах” гэдгийн утгыг одоо бүгд ойлгож байгаа; энэ нь нууцаар харж, харзнан ажиглах, бусдад мэдэгдэлгүйгээр далдуур харах, ил тод бус, бусдад харуулахгүйгээр сүүдэрт үйлдэх явдал бөгөөд энэ нь өчүүхэн арга мэх юм. Энэ арга мэхийг хэрэгжүүлж буй хүн үүнийг олон нийтийн өмнө биш, харин нууцаар хийж байгаа нь тодорхой. Тэгвэл эдгээр илрэл, тайлбараас үзвэл, антихристүүд Бурханы үгийг сэм харах нь ямар төрлийн зан авир вэ? (Үнэнийг басамжлах.) Энэ нь үнэнийг басамжилж байгаа хэрэг гэдэг нь юугаар тодорхой болдог вэ? Яагаад антихристүүд Бурханы үгийг зүгээр л илэн далангүй, зүй ёсоор, олны өмнө уншиж чаддаггүй юм бэ? Тэд яагаад сэм хардаг вэ? Сэм харах нь үнэхээр нэг төрлийн үйлдэл мөн үү? Тайлбараас нь үзвэл, сэм харах нь ил тод хийдэг зүйл биш гэдэг нь тодорхой; энэ нь гадаад харагдах байдал, царайны хувирал, эсвэл үйлдлээс ялгаж таних боломжтой зүйл биш юм. Харин энэ бүх бодол нь далд, зүрх сэтгэлд хадгалагдсан, бусдад үл анзаарагдах зүйл бөгөөд царайны хувирал, үйлдлээс нь тэдний юу бодож байгааг ялган танихад хэцүү байдаг—үүнийг сэм харах гэж нэрлэдэг. Энэ бол олон нийтийн өмнө ил тод гаргаж чаддаггүй Бурханы үгэнд хандах хандлага; илт буруу хандлага юм. Энэ нь Бурханы үгэнд гуравдагч этгээдийн өнцгөөс, дайсагнасан өнцгөөс, харзнан ажигласан, шинжсэн, эргэлзсэн, эсэргүүцсэн өнцгөөс хандах хандлага юм. Эдгээр зан авираас үзвэл, антихристүүд Бурханы үг биелэх эсэхийг сэм харахыг Бурханы үгийг басамжилдаг шинж чанарын хувьд ноцтой илрэл гэж хэлж болох уу? (Болно.) Антихристүүд Бурханы үг биелэх эсэхийг сэм харах нь тэдний зан чанар болон Бурханы үгэнд хандах жинхэнэ хандлагыг нь харуулдаг бөгөөд зүрх сэтгэл, бодол санаа, нууцаар өвөрлөсөн үзэл бодлоос нь илэрдэг.

Антихристүүд Бурханы ямар үгийг сэм хардаг вэ? Тэднийхээр бол, Бурханы ямар үгс нууцаар, гүн гүнзгий шинжиж, дүн шинжилгээ хийх үнэ цэнтэй вэ? Өөрөөр хэлбэл, Бурханы айлдсан ямар тодорхой агуулгыг антихристүүд онцгойлон сонирхдог атлаа зүрх сэтгэлдээ байнга эргэлзэж, харзнан ажигладаг вэ? Бурханы ямар үгсийг антихристүүд зүрх сэтгэлдээ цаг хугацаа, эрч хүчээ зарцуулан сэм харах үнэ цэнтэй гэж үздэг вэ? (Бурханы зарим зөгнөл, нууц болон хүмүүсийн ирээдүй, хувь заяа, хүрэх газартай холбоотой үгс.) Зөгнөл, хүрэх газар, нууц—эдгээр нь ихэнх хүний санаа зовдог зүйлс бөгөөд антихристүүдийн зүрх сэтгэлийнхээ угт хэзээ ч орхиж чаддаггүй зүйлс нь бүр ч мөн. Тодруулбал, Бурханы ямар үгст антихристүүд харьцангуй их санаа зовж, зүрх сэтгэлдээ байнга сэм хардаг вэ? Энэ нь эдгээр үг биелэх эсэх, хэрэгжих эсэх, бодит баримт болон биелэхийг нь харах эсэхтэй нь хамаатай байдаг тул антихристүүдийн санаа зовдог зүйл бол гарцаагүй Бурханы хүн төрөлхтөнд өгсөн амлалтууд байдаг, тийм биз дээ? (Тийм.) Мөн, Бурхан хүмүүсийг харааж, шийтгэх, ёрын муу хүмүүсийг шийтгэх, Бурханы үгийн эсрэг явдаг бүх хүнийг шийтгэхтэй холбоотой үгс. Тэгээд сүйрлийн тухай зөгнөлүүд байна—энэ ч бас антихристүүдийн санаа зовдог зүйл биш гэж үү? (Тийм.) Өөр юу вэ? (Бурхан хэзээ газраас явах тухай үгс.) Бурхан хэзээ газраас явах, Бурхан хэзээ алдарших, Бурханы агуу ажил хэзээ дуусах, Бурхан энэ хүн төрөлхтнийг хэзээ төгсгөл болгох талаар, тийм үү? (Тийм.) Нийт хэдэн зүйл байна вэ? (Дөрөв.) Эхнийх нь, хүнд өгсөн Бурханы амлалт, ерөөлийн үгс. Хоёр дахь нь, хүнд өгсөн Бурханы хараал, шийтгэлийн үгс. Гурав дахь нь, сүйрлийг зөгнөсөн Бурханы үгс. Дөрөв дэх нь, Бурхан хэзээ газраас явж, Түүний агуу ажил дуусах тухай Бурханы үгс. Мөн антихристүүдийн сэм харахыг онцгойлон хүсдэг өөр нэг хамгийн чухал зүйл, Бурханы үгийн нэг ангилал бий, тэр нь Бурханы зан чанар, Түүний ялгамж чанар, Түүний мөн чанарын тухай Бурханы үг юм. Яагаад энэ сүүлийнхийг нэмэх болов? Антихристүүд Бурханы үг биелнэ гэдэгт итгэдэггүй; тэд Бурханы үгийг байнга сэм хардаг, тэгвэл тэднийг Бурханы үгийг сэм харахад хүргэдэг эргэлзээг гол нь юу төрүүлдэг вэ? Тэд гол нь Бурханд үл итгэдэг. Үндсэндээ антихристүүд бол үл итгэгчид, тэд бол диаволууд; тэд Бурхан оршин байдагт эргэлздэг, энэ ертөнцөд Бурхан байдаг гэдэгт итгэдэггүй, Бурхан оршин байдагт, мөн Бурханы хийдэг бүхэнд итгэдэггүй. Тиймээс тэд Бурханы зан чанар, ялгамж чанар, мөн чанарт туйлын их эргэлздэг. Тэд ингэж эргэлздэг учраас юу хийх вэ? Хэрвээ тэд Бурханы ялгамж чанар, мөн чанарт эргэлзэж чадаж байвал Бурханы зан чанар, ялгамж чанар, мөн чанартай холбоотой үгсийг огт ухамсарлахгүйгээр, хариу үйлдэл үзүүлэхгүйгээр уншина гэж үү? Тэд эдгээр үгэнд баттай итгэж, хүлээн авч чадах уу? (Үгүй.) Жишээлбэл, хэрвээ хэн нэгэн өөрийгөө өргөмөл гэж үргэлж сэжиглэдэг бол эцэг эхийгээ төрсөн эцэг эх нь гэдэгт итгэж чадах уу? Эцэг эхийнх нь хайр халамж, хамгаалалт, мөн ирээдүйнх нь төлөө гаргасан бүх золиос нь чин сэтгэлийнх гэдэгт тэд итгэж чадах уу? (Үгүй.) Тэд энэ бүхэнд эргэлзэж, итгэхгүй байх үедээ нууцаар ямар нэг зүйл хийхгүй гэж үү? Жишээ нь, гарал үүслийнх нь талаар ярьж байгаа эсэхийг мэдэхийн тулд заримдаа эцэг эхийнхээ яриаг сэм чагнаж магадгүй. Түүнчлэн тэд хаана төрсөн, хэн эх барьж авсан, төрөхдөө ямар жинтэй байсан талаар ихэвчлэн маш их анхаарал хандуулж, эцэг эхээсээ байнга шалгаана—тэд үргэлж эдгээр зүйлийн талаар асууна. Хэрвээ эцэг эх нь тэднийг цохиж, сахилгажуулбал сэжиг нь улам л гүнзгийрнэ. Эцэг эх нь юу ч хийсэн бай, тэд үргэлж сэрэмжилж, эргэлзсээр байх болно. Эцэг эх нь тэдэнд хэчнээн сайн хандсан ч зүрх сэтгэлдээ сэрэмжлэхээ больж чаддаггүй. Тэгвэл энэ бүх сэрэмж, энэ бүх дотоод үйл ажиллагаа, бодол санаа, хандлага нууцаар явагддаггүй гэж үү? Эцэг эхийгээ төрсөн эцэг эх нь мөн эсэхэд эргэлзмэгцээ тэд далдуур ямар нэгэн зүйл хийх нь гарцаагүй. Тиймээс, антихристүүдийн мөн чанар бол үл итгэгчдийнх байдаг тул тэд Бурханы зан чанар, ялгамж чанар, мөн чанарт итгэдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй, эсвэл хүлээн авдаггүй нь лавтай. Итгэдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй, хүлээн авдаггүй ийм хандлагатай байж тэд Бурханы зан чанар, ялгамж чанар, мөн чанартай хамаатай үгст зүрх сэтгэлдээ үнэхээр итгэж, хүлээн авдаг уу? Яавч үгүй. Бурханы зан чанар, ялгамж чанар, мөн чанарын тухай үгстэй холбоотой л бол тэд зүрх сэтгэлдээ эргэлзээ, эсэргүүцэл тээж, харзнан ажиглаж байдаг. Энэ талын талаар дэлгэрэнгүй ярихыг одоохондоо азная.

Дөнгөж сая ярьсан, антихристүүд Бурханы үгийг сэм хардгийн таван илрэл нь үндсэндээ нэлээд дэлгэрэнгүй бөгөөд жишээ болохуйц юм. Антихристүүдийн сэм хардаг Бурханы үгэнд тодорхой агуулга, төвлөрдөг зүйл бий. Амь-оролттой холбоотой олон үг, Бурхан хүмүүсийг тайтгаруулдаг, зарим нууцыг тайлбарладаг, эсвэл хүний завхарсан зан чанарыг ил болгодог үгс гэх мэтийн тухайд антихристүүд санаа тавьдаг уу? (Үгүй.) Тэдний хувьд эдгээр үг нь ач холбогдолгүй юм. Яагаад? Яагаад гэвэл, антихристүүд үнэнийг хайрладаггүй, Бурханы үг бол үнэн мөн гэдэгт итгэдэггүй, Бурханы шүүлт, гэсгээлт, эсвэл Бурханы авралыг хүлээн авах бодолгүй байдаг. Тэдэнд тийм төлөвлөгөө байдаггүй тул хүний зан чанарын өөрчлөлт, амь-оролттой холбоотой үгсийг чухал биш, унших, бодох, эсвэл зүрх сэтгэлдээ тээх үнэ цэнгүй гэж үздэг. Тэд эдгээр үгийг сонирхдоггүй. Тэд: “Тэр үгс бидний ирээдүй, хувь заяатай ямар хамаатай юм бэ? Бидний хүрэх газартай ямар хамаатай юм бэ? Тэр үгс нь ялихгүй зүйлсийн тухай байдаг, унших, сонсох үнэ цэнгүй. Хэрвээ хүн үнэхээр гуниглаж, өөр ямар ч аргагүй болсон бол зүрх сэтгэл дэх хоосон орон зайгаа нөхөхийн тулд, эсвэл онцгой хэцүү саад бэрхшээлийг даван туулж, шийдвэрлэхэд бэрх зарим бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд тэр үгсийг түр зуур л уншиж болно—тэгээд л болоо. Тэр үгс хүний зан чанарыг өөрчилж чадна гэж хэлэх юм, яаж тийм амархан байх юм бэ?” гэж боддог. Тэдэнд зан чанараа өөрчлөх ямар ч санаа зорилго угийн байдаггүй, Бурханы үгийг амь, зам, эсвэл үнэн болгон хүлээн авах төлөвлөгөө байдаггүй. Тэдний хүсдэг зүйл бол ирээдүй, хүрэх газар, түүнчлэн эрх мэдэл юм. Тиймээс тэд ийм үгсийг нухацтай авч үздэггүй, зүрх сэтгэлдээ ч тээдэггүй. Үүний цаад санаа нь, антихристүүдийн өнцгөөс бол, тэдний хувьд эдгээр үг нь зүгээр л шинжихээр үнэ цэнгүй бөгөөд үнэн мөн эсэх, эсвэл хүмүүсийг өөрчилж чадах эсэхийг нь дүн шинжилгээ хийж, судлахад цаг заваа үрэх үнэ цэн бүр ч байхгүй гэсэн үг юм. Антихристүүдийн хувьд, хувь заяа, хүрэх газар, өөрсдийнх нь ялгамж чанар, байр суурь, өөрсдийнх нь бүх хувийн ашиг сонирхол гэх мэттэй холбоотой ямар ч үг ач холбогдолтой, хамгийн чухал байдаг. Зарим хүн: “Антихристүүд Бурханы үгийн эдгээр хэсгийг маш чухалчилж, тийм их анхаарал хандуулдаг юм чинь тэднийг Бурханы үгийг сэм хардаг гэж яаж хэлж болох юм бэ? Энэ нь бага зэрэг хилс гүтгэлэг биш гэж үү? Энэ нь арай хэтэрсэн, нэг л тохиромжгүй биш гэж үү?” гэж хэлдэг. (Үгүй. Антихристүүд Бурханы үг гарцаагүй биелж, хэрэгжинэ гэдэгт итгэдэггүй, Бурхан хэлсэн үгэндээ хүрдэг, хэлсэн үг нь заавал биелдэг гэдэгт тэд итгэдэггүй. Тэд Бурханы үгийг итгэж, хүлээн зөвшөөрсөн сэтгэлгээгээр уншдаггүй, харин Бурханы үг үнэхээр биелж чадах эсэхийг ажиглаж байдаг.) Ийм байдаг уу? (Тийм.) Эдгээр үг хүслийг нь хангаж чадах учраас антихристүүд үнэлдэг. Түүнчлэн, хэрвээ эдгээр үг хэрэгжвэл энэ нь тэдний амбицыг хангана. Хэрвээ тэд эдгээр үгийг ухамсарлаж, тээсээр байвал эдгээр үг биелмэгц тэд зөв зүйл дээр бооцоо тавьсан байх бөгөөд Бурханыг дагах нь тэдний хувьд зөв алхам байх болно. Гэвч эдгээр үгийг үнэлдэг байлаа гээд тэд эдгээрийг, зүрх сэтгэлийнхээ гүнээс үнэн гэж, Бурханаас ирсэн гэж хүлээн авч чадна гэсэн үг биш, тэд эдгээр үгийг зүрх сэтгэлдээ Бурханы үг гэж хүлээн авдаг гэж хэлж бас болохгүй. Эсрэгээрээ, тэд эдгээр үгийг үнэлдэг ч зүрх сэтгэлдээ эдгээрийн талаар эргэлзээ тээж, зүгээр л харзнан ажиглаж байдаг. Эдгээр үг нь тэдний хувьд хэдийд ч, хэзээ ч, хаана ч Бурханыг үгүйсгэж, Бурханы ажлын энэ үе шатыг үгүйсгэх нотолгоо, барьц болж чадна гэж бас хэлж болно. Бурханы ажлын алхам бүрд болон Бурхан хүмүүсийг хөтөлдөг үе шат бүрд эдгээр үг хэрэгжиж, биелж байгаа эсэхийг харахаар тэд байнга, анхааралтай ажиглаж байдаг. Антихристүүд Бурханы үг биелэх эсэхэд үргэлж төвлөрдөг нь тодорхой байна. Энэ хугацаанд тэдний Бурханд дайсагнах, Бурханыг эсэргүүцэх, Бурханыг шинжиж, дүн шинжилгээ хийх хандлага хэзээ ч өөрчлөгдөөгүй. Тэд Бурханд дайсагнаж, Түүнийг шинждэг бөгөөд зүрх сэтгэлдээ Бурханы үйлдэл, үг бүрийг үргэлж сэм хардаг; үүний зэрэгцээ тэд бас Бурханыг болон Бурханы ажлыг яллахыг оролддог. Энэ нь Бурханыг эсэргүүцдэг антихристүүдийн тууштай илрэл биш гэж үү? (Тийм.) Антихристүүдийн эдгээр илрэлээс Бурханы үгийг хүлээн авч байгаа шинж тэмдэг байна уу? Дуулгавартай байгаа шинж тэмдэг байна уу? Бурханд Бурхан шиг хандаж байгаа өчүүхэн төдий ч гэсэн хандлага байна уу? (Үгүй.) Дараа нь бид эдгээр зүйлийн талаар нэг бүрчлэн нөхөрлөх болно.

1. Хүнд өгсөн Бурханы амлалт, ерөөлийн үгийг сэм харах

Эхний зүйл бол антихристүүд Бурханы амлалт, ерөөлийн үгийг сэм хардаг. Бурхан ажлаа эхэлж, айлдсанаас хойш хүн төрөлхтөнд, Өөрийн сонгосон хүмүүст, мөн Өөрийн үгийг сонсдог хүмүүст ямар ерөөл, нигүүлсэл хайрлах, хүмүүст ямар ерөөл амладаг гэх мэт олон зүйлийг хэлсэн. Өөр өөр цаг үе, тохиолдол, эсвэл нөхцөл байдалд Бурхан дагагчдадаа ерөөл, амлалтын талаар хэлж, хэрвээ тэд тодорхой зүйлст хүрвэл Бурхан тэднийг тодорхой байдлаар ерөөнө, тэд тодорхой ерөөл, амлалт хүртэнэ гэх мэтийг мэдэгддэг. Бурхан эдгээр үгийг аль цаг үед айлдсанаас, эсвэл хэнд ийм амлалт өгснөөс үл хамааран эдгээр үгийг тодорхой нөхцөл байдал, тодорхой орчинд айлдсан байдаг. Түүнчлэн, Бурханы хүмүүст хайрладаг амлалт, ерөөл нь үнэнийг эрэлхийлэх, зан чанарын өөрчлөлт, Бурханд үнэхээр дуулгавартай байх зэрэг тэдний эерэг илрэлтэй холбоотой байдаг. Далд утгаараа, хүмүүст өгдөг Бурханы амлалт, ерөөл нь нөхцөлтэй юм. Хүмүүс эдгээр нөхцөлд эцсийн шийдвэрийг гаргадаггүй, хүний үзэл, төсөөллийн дагуу ч бас тэдгээрийг тодорхойлдоггүй; харин Бурханы стандарт, шаардлагын дагуу тэдгээрийг тодорхойлдог бөгөөд тодорхой зарчим, дүрэм журамтай холбоотой байдаг. Бурханы үг өөр өөр хүнд хэрхэн биелж, хэрэгжиж, гүйцэлддэг тухайд гэвэл, Бурхан үүнийг яавч санаандгүй хийдэггүй—харин үүнд үндэслэл бий. Өөр өөр хүний хийсэн нэг ижил үйлдэл нь Бурханаас өөр өөр хандлага хүртэхэд хүргэж болно. Жишээлбэл, дор бүрнээ чуулган удирддаг хоёр хүн байж болно; нэг нь байнга гэгээрэл, гэрэлтүүлэлт хүртэж, байнга сахилгажуулалт туулж, энэ нь биеийн хэмжээ нь хурдан өсөхөд хүргэдэг. Харин нөгөө нь харьцангуй хөшүүн, удаан хариу үйлдэл үзүүлдэг байж болох бөгөөд энэ нь ахиц дэвшил удаан байхад хүргэдэг. Хүний өнцгөөс бол, ижилхэн ажил хийж, төстэй зан авир гаргадаг энэ хоёр хүн Бурханаас ижил ерөөл, хандлага хүртэх ёстой. Гэсэн хэдий ч, үүргээ гүйцэтгэхдээ болон амьдралдаа туулж, олж авдаг амь-оролт, эсвэл хүртдэг гадаад нигүүлслийн хувьд тодорхой ялгаа байх болно. Эдгээр “тодорхой ялгаа” нь мэдээж зайлшгүй зүйл биш юм. Тэгвэл Бурхан эдгээр ерөөл, өөр өөр хандлага, эсвэл хүмүүсийн Бурханаас олж авдаг гэгээрэл, гэрэлтүүлэлт болон бусад ашиг тусыг хэрхэн хуваарилдаг вэ? Бурхан өөр өөр хүмүүстэй өөр өөрөөр харьцах арга барилтай. Зарим хүн залхуу, нэрэлхүү, өрсөлдөмтгий, атаархуу байдаг бөгөөд өнгөн дээрээ өөрсдийгөө зарлагадаж, зарим нэг бэрхшээл туулахад бэлэн байдаг ч үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж ердөө чаддаггүй. Нөгөөтээгүүр, зарим хүн хичээнгүй байдаг; хэдийгээр тэд адилхан завхарсан зан чанартай ч харьцангуй үнэнч шударга, даруу байдаг. Тэд үнэнийг хүлээн авч, засалт хүлээн авч чаддаг. Тэд Бурханы айлдсан бүхнийг болон Бурханы өөрсдөд нь зориулан бүрдүүлсэн орчин бүрийг чин сэтгэлээсээ хүлээн авч, ойлгож авдгийн зэрэгцээ бас үүнд чин сэтгэлээсээ ханддаг. Иймээс гаднаас нь харахад хоёр хүн адилхан ажил хийж, ажлын хэмжээ нь төстэй байж болох ч Бурхан тэдний өөр өөр зан чанар, эрэлхийлэлд үндэслэн өөр өөр ерөөл, өөр өөр гэгээрэл, гэрэлтүүлэлт хайрлах болно. Өнгөн дээрээ, гэгээрэл, гэрэлтүүлэлт хүртдэг хүн илүү их зовж, байнга сахилгажуулалт амсдаг ч олох зүйл нь ч бас илүү их байдаг. Эсрэгээрээ, хөшүүн, мунхаг хүн хамаагүй бага сахилгажуулалттай нүүр тулж, хамаагүй бага зовдог, тиймээс амийн өсөлт нь удаан, бага зүйл олж авдаг. Мөн чанартаа, аль нь Бурханы ерөөл, амлалтыг үнэхээр хүртдэг вэ? (Илүү их зовж, байнга сахилгажуулалт хүртдэг хүн нь.) Бурханы амлалт, ерөөлийг хүртдэг хүн сахилгажуулагдаж, байнга саад бэрхшээлтэй нүүр тулж, завхрал харуулж, ил болгуулдаг мэт харагдаж болох ч тэд байнга Бурханы гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүртдэг. Нөгөөтээгүүр, сахилгажуулагддаггүй хүн тав тухтай, баяр баясгалантай, эрх чөлөөтэй амьдардаг. Тэд залхуу байхдаа сахилгажуулалттай нүүр тулдаггүй; атаархах үедээ сахилгажуулалттай нүүр тулдаггүй; ажилдаа хариуцлагагүй хандах үедээ сахилгажуулалттай нүүр тулдаггүй—тэд бүр байр суурийн ашиг туст ташуурч, тун сэтгэл хангалуун амьдардаг. Сүнслэг ойлголттой, аливааг цэврээр ухамсарладаг, эерэг зүйлийг хайрладаг хүмүүс хэнийг нь илүүд үздэг вэ? Тэд сахилгажуулалт туулж, байнга саад бэрхшээлтэй нүүр тулдаг, мөн гэгээрэл, гэрэлтүүлэлт хүртэж чаддаг хүнийг илүүд үздэг; тэд ийм хүнийг Бурхан үнэхээр ерөөсөн гэж үздэг. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс ийм хүн байхыг хүсдэг. Тэд байнга Бурханы сахилгажуулалт, цээрлүүлэлтийг хүртэх байсан ч хамаагүй, цаг үргэлж Бурханы өмнө амьдрахад бэлэн байдаг. Тэд үүнийг Бурханы ерөөл, үнэхээр Бурханы амлалт гэж итгэдэг. Ийм зүйлийг туулж, олж авч байгаа нь Бурханы айлдсан ерөөл, амлалт оршин байдгийг баталдаг. Гэвч антихристүүд үүнийг хэрхэн үздэг вэ? Антихристүүд Бурханы амлалт, ерөөлийг хүн хэр их үнэнийг ойлгож, хэр их үнэнийг олж авсан, эсвэл хэр их эерэг зүйлийг олж авснаар нь хэмждэггүй. Харин махан биеийн ашиг тус, материаллаг ашиг сонирхлын өнцгөөс хэр их зүйл олж авсныг нь хэмждэг. Антихристүүд хэнд нь атаархдаг гэж та нар бодож байна вэ? (Сахилгажуулалт туулдаггүй хүнд нь.) Антихристүүд залхуу, үнэнч бус, ямар ч сахилгажуулалттай нүүр тулдаггүй, байр суурийн ашиг тусыг эдэлдэг хүнд атаархдаг. Антихристүүд ийм хүмүүст атаархдаг нь аливааг харах өнцөгт нь асуудал байгааг нотолдог; энэ тэдний уг чанар-мөн чанараар тодорхойлогддог.

Хүнд өгсөн Бурханы амлалт, ерөөлийн үг биелэх эсэхийг антихристүүд хэрхэн сэм хардаг вэ? Бурханы үгэнд Тэр хэнийг ерөөдөг, хэн Түүний амлалтыг хүртдэг, хэн Бурханаас амлалт хүртэж чадахыг заасан байхад антихристүүд үүнийг хэрхэн ажигладаг вэ? Тэд “Бурханы төлөө төлөөс төлдөг хүмүүс гэгээрэл, гэрэлтүүлэлт хүртэж, бурханы сахилгажуулалт, удирдамжтай байдаг, үүнийг ерөөл хүртэж байна гэж үздэг хэрэг үү? Сахилгажуулагдах нь бурханы ерөөл юм уу? Зөвхөн тэнэгүүд л тэгж бодно! Энэ чинь хохирол амсаж байгаа хэрэг биш үү? Энэ чинь нэр хүндээ унагаж байгаа хэрэг биш үү? Тэгээд үүнийг бурханы ерөөл гэж нэрлэдэг хэрэг үү? Бурханы үг ингэж биелж, хэрэгждэг юм уу? Хэрвээ тийм бол би ийм хүн байхыг хүсэхгүй байна, би зовлон туулж, төлөөс төлөхийг эрэлхийлэхийг хүсэхгүй байна. Би бурханы ажилладаг энэ аргыг хүлээн авахгүй; энэ ямар гээчийн үнэн бэ? Үүнийг яаж хүмүүсийг аварч байна гэж үзэх юм бэ?” гэж хэлдэг. Тэдний зүрх сэтгэлд эсэргүүцэл төрдөг; Бурхан хүмүүсийг ийм байдлаар ерөөж, хөтөлдгийг тэд хүлээн авдаггүй, Бурхан хүмүүст ийм маягаар амь хайрладгийг хүлээн авдаггүй, мөн Бурхан үнэнийг хүмүүсийн дотор ийм байдлаар ажиллаж оруулдгийг хүлээн авдаггүй. Мэдээж, антихристүүдийн эргэн тойронд Бурханд итгэснээсээ хойш бизнес нь цэцэглэж, илүү их мөнгө олж, машин, байр худалдаж авсан, материаллаг амьдрал нь сайжирч, баяжсан тийм хүмүүс бас байж магадгүй. Үүнийг хараад антихристүүд: “Бурханд итгэснийхээ дараа тэд ерөөл хүртэж, бурханы нигүүлслийг эдэлжээ. Эдгээр баримтаас үзвэл, хүнд өгсөн бурханы амлалт, ерөөл ийм хүмүүс дээр хэрэгждэг бололтой; бурханы үг биелжээ. Бурханы үг үнэхээр эрх мэдэлтэй бололтой; бурханы ажлын энэ үе шатыг хүлээн авах нь зөв тул хүн агуу ерөөл хүртэж чадна, бүх зүйл саадгүй бүтэж, хүн бурханаас нигүүлсэл хүртэж чадна” гэж боддог. Ийм баримтуудыг нүдээр харсныхаа дараа антихристүүд түрхэн зуур зүрх сэтгэлдээ Бурханы амлалт, ерөөлийг бага зэрэг хүлээн зөвшөөрч, итгэдэг. Мэдээж, энэ хүлээн зөвшөөрөл, итгэл нь “цаашид баталгаажуулах шаардлагатай” гэсэн хаалтад хийсэн тэмдэглэлтэй байх ёстой. Антихристүүд өдөр тутмын амьдралдаа Бурханы ерөөл, амлалт олон хүн дээр биелж, хэрэгжиж байгааг баталгаажуулахын тулд байнга ажиглаж, янз бүрийн нотолгоо цуглуулдаг. Эдгээр антихрист ажиглах зуураа ямар хүмүүс Бурханы ерөөл, амлалтыг хүртсэн, энэ хүмүүс юу хийсэн, Бурханд хандах хандлага нь ямар байсан, тэд Бурханыг хэрхэн дагадаг, мөн тэдний үзэл бодлыг харахыг хичээж, энэ нотолгоог цуглуулж байдаг. Мэдээж, байнга ажиглаж, нотолгоо цуглуулах энэ хугацаандаа антихристүүд Бурханы ерөөл, амлалтыг хүртсэн хүмүүсийн зан авир, үйлдэл, үзэл бодлыг дуурайхыг бас оролддог. Хэрвээ тэд өөрсдөө зарим нэг материаллаг ерөөл, хандлага, таашаал хүртвэл дотроо: “Бурханы ерөөл, амлалт хоосон үг биш юм байна; тэдгээр нь хэрэгжих боломжтой юм байна. Энэ бурхан үнэхээр бурхан бололтой, түүнд үнэхээр зарим нэг чадвар байна. Тэрээр хүмүүст ерөөл, амлалт хайрлаж, зарим нэг ашиг тус авчирч, тодорхой ашиг сонирхлынх нь зарим хэрэгцээг хангаж чаддаг. Би түүнд үргэлжлүүлэн итгэж, дагах хэрэгтэй бололтой; би хоцорч, удааширч болохгүй” хэмээн хүлээн зөвшөөрдөг. Эхнээсээ дуустал антихристүүд харзнан ажиглаж байдаг. Гэвч тэднийг ингэж байхад хэн нэгэн анзаардаг уу? Тэд ил тодоор харзнан ажиглаж, хүн бүрд “Би бурханы эдгээр ерөөл, амлалтад итгэдэггүй” гэж хэлдэг үү? (Үгүй.) Өнгөн дээрээ чи мэдэж чадахгүй. Чи тэднийг бусад бүх хүний эгнээнд байгааг, ажил, гэрлэлт, гэр бүл гэх мэтээ орхиж, мөн бусад бүх хүний адилаар үүргээ гүйцэтгэж, өглөө эрт босож, орой унтаж, хатуу бэрхийг туулж, төлөөс төлж байгааг хардаг. Тэд үймээн дэгдээх үг, эсвэл сөрөг үг хэлдэггүй, шүүмжлэл илэрхийлдэггүй, муу зүйл хийдэггүй, үймээн дэгдээдэггүй. Гэсэн хэдий ч нэг зүйл бий: Тэд гаднаа хэчнээн далдуур үйлдэж байсан ч дотоод үзэл бодол, бодол санаа нь зан авирыг нь захирч, нөлөөлдөг. Сэтгэлийнхээ гүнд харзнан ажиглаж, Бурханы үгийг сэм хардгаа Бурханаас нууж чадахгүй. Тэгвэл антихристүүд ямар талаа хүмүүсээс нууж чадах ч Бурханаас нууж чаддаггүй вэ? Хүмүүс зөвхөн бусдын зан авирыг л хардаг, зөвхөн бусдын илчилдэг зүйлийг л хардаг—харин Бурхан эдгээрийг хараад зогсохгүй, хамгийн чухал нь хүмүүсийн зүрх сэтгэл, зүрх сэтгэлийнх нь гүн дэх бодол санааг ажигладаг. Хүний зан авир, илчлэл нь харьцангуй өнгөц байдаг бол хүний зүрх сэтгэлийн гүн нь үл анзаарагдам орчин бөгөөд дотор нь сэтгэлийнх нь гүн дэх бодол санаа, уг чанарынх нь олон элемент нуугдаж байдаг. Антихристүүд Бурханы амлалт, ерөөл гэх мэт үгийг сэм харах үедээ гаднаа цаг заваа зориулж, махан биеийн төлөөс төлж магадгүй ч зүрх сэтгэлээ Бурханд бүрэн зориулдаггүй. Зүрх сэтгэлээ Бурханд бүрэн зориулахгүй байхын бодит илрэл юу вэ? Тэд юу ч хийсэн, ямар ч үүрэг гүйцэтгэсэн, бүх эрч хүчээ зориулж, эргэлзэж тээнэгэлзэхгүйгээр хийдэггүй, харин баараггүй зөвхөн илэрхий алдаа гаргахгүй байх, нийт үйл явцын үндсэн чиглэл зөв байлгахыг л зорьдог. Тэд яагаад ингэж чаддаг вэ? Зүрх сэтгэлийнхээ гүнд, хамгийн дотоод оршихуйдаа тэд: “Бурханы үг биелэх эсэх нь бурхан намайг аварч чадах эсэх, мөн тэр үнэхээр миний бурхан мөн эсэхийг тодорхойлдог. Хэрвээ энэ асуултад хариулахгүй бол бурханы ялгамж чанар, мөн чанарын бодит байдалд хүртэл эргэлзвэл зохилтой” гэсэн бодол тээдэг. Сэтгэлийнхээ гүнд ийм бодолтой байж тэд Бурханд чин сэтгэлээсээ хандаж чадах уу? Зүрх сэтгэлийнх нь гүн дэх эдгээр бодол нь тэдэнд саад болж: Бурханд жинхэнэ зүрх сэтгэлээ бүү өг, бүхнээ бүү зориул, юу ч хийсэн зүгээр л дүр эсгэ, тэгээд битгий тэнэглэ; бурханаас ямар нэг зүйлийг нуу, өөртөө гарах гарц үлдээхээ мартуузай, мөн амиа, эсвэл өөрийнхөө хамгийн чухал зүйлсийг энэ танигдаагүй хэвээр байгаа бурханд бүү даатга хэмээн байнга анхааруулдаг. Тэд зүрх сэтгэлдээ ингэж боддог. Та нар үүнийг анзаарсан уу? (Үгүй.) Эдгээр антихрист цуглааны үеэр болон бусадтай харилцахдаа гаднаа эелдэг байж, хэвийн харилцаатай байж, тэр ч байтугай өөрсдийн зарим ойлголт, ухаарал, туршлагын талаар нөхөрлөж чаддаг бөгөөд итгэгч хүнд байх ёстой гадаад, өнгөц, үндсэн зан авир, илрэлийг харуулж чаддаг; гэхдээ Бурханаас эмээх байдал, эсвэл Түүнд хандах чин сэтгэлд ямар ч өсөлт, сайжралт гардаггүй. Энэ хүмүүс яаж ч төлөөс төлсөн, Бурханы гэрт хэдэн жил ч үүргээ гүйцэтгэсэн байсан хамаагүй, нэг зүйл нь лавтай: Тэдний амь өсдөггүй—тэдэнд амь байдаггүй. Амиар дутмаг энэ байдал ямар зүйл дээр илэрдэг вэ? Нөхцөл байдалтай тулгарах үедээ тэд зарчмыг огт эрж хайдаггүй; урдах ажил нь үргэлжилж л байвал сэтгэл ханадаг, тэд хэзээ ч Бурханы айлдсан зарчмыг хэрэгжүүлэх стандарт болгодоггүй, зөвхөн бусад хүнээс хяналт, шалгалт, манлайллыг өнгөцхөн хүлээн авч, Бурханы шинжилтийг хүлээн авдаггүй. Энэ нь, Бурханы амлалт, ерөөл яг хэн дээр үнэхээр биелж байгааг, ямар бүлэг хүн дээр хэрэгжиж байгааг тодорхой баталгаажуулах хүртлээ, мөн хүнд өгдөг Бурханы амлалт, ерөөлийг өөрсдөө Бурханаас үнэхээр хүртэж чадна гэдгээ баталгаажуулах хүртлээ үйлдлийнх нь зарчим, арга барил, түүнчлэн Бурханы үгэнд хандах хандлага нь өөрчлөгдөхгүй гэсэн үг юм. Нэг талаар, тэд өөрсдөдөө байнга сануулахын зэрэгцээ дотроо Бурхантай маргалдах маргаанаа сэдэж байдаг. Тэд Бурхантай маргалддаг гол зүйл нь юу вэ? Тэд: “Чиний амлалт, ерөөл хэрэгжээгүй. Би тэдгээрийг хэрэгжихийг нь хараагүй, бас хэрхэн ажилладгийг чинь харж чадахгүй байгаа учраас чиний ялгамж чанарыг баталж чадахгүй. Хэрвээ би ялгамж чанарыг чинь баталж чадахгүй юм бол чиний эдгээр үгийг яаж үнэн гэж, бурханы үг гэж үзэж чадах юм бэ?” хэмээн боддог. Тэд дотроо энэ асуудлаар Бурхантай маргалдаж байгаа хэрэг биш үү? Тэд: “Хүмүүст хайрлана гэж чиний амласан ерөөл, мөн хүмүүст өгсөн чиний амлалтын янз бүрийн агуулгыг би баталгаажуулж чадахгүй бол чамд итгэх миний итгэл зуун хувь байж чадахгүй. Үүнд үргэлж ямар нэгэн хольц байх бөгөөд би бүрэн итгэж чадахгүй” гэж хэлдэг. Энэ бол антихристүүдийн хандлага юм. Ийм хандлага аймшигтай юу? (Тийм.) Ийм төрлийн хандлага нь шүтлэггүй хүмүүсийн дунд байдаг “Туулай харахаас нааш шонхороо бүү тавь” гэдэг үгтэй уг чанарын хувьд төстэй юм. Тэд: “Чи бол бурхан, чамд амлалт, ерөөлөө хэрэгжүүлэх хүч чадал байх ёстой. Хэрвээ чиний хэлсэн зүйл хэрэгжиж чадахгүй, чамд итгэдэг хүмүүс агуу ерөөл эдэлж чадахгүй, яруу алдар, эд баялаг, нэр төрийг эдэлж чадахгүй, нигүүлсэл эдэлж чадахгүй, чиний нөмөр нөөлгийг хүртэж чадахгүй юм бол хүмүүс яагаад чамайг дагах ёстой юм бэ?” гэж хэлдэг. Антихристүүдийн нүдээр, тэдний бодол санаа, үзэл бодлоор бол Бурханыг дагахад ямар нэгэн ашиг тус байх ёстой; ашиг тусгүй бол тэд хуруугаа ч хөдөлгөхгүй. Хэрвээ эдэлж болох алдар нэр, ашиг хонжоо, байр суурь байхгүй бол, тэдний хийдэг ажил, эсвэл гүйцэтгэдэг үүргийн аль нь ч бусдын хүндлэл бишрэлийг хүлээхгүй бол Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэхийн хэрэг байхгүй. Тэдний олж авах ёстой хамгийн эхний ашиг тус бол Бурханы үгэнд өгүүлсэн амлалт, ерөөл бөгөөд тэд бас чуулган дотор алдар нэр, ашиг хонжоо, байр суурь эдлэх ёстой. Бурханд итгэхдээ хүн бусдаас илүү байх ёстой, бишрэн хүндлэгдэх ёстой, онцгой байх ёстой—Бурханд итгэгчид хамгийн наад зах нь эдгээр зүйлийг эдлэх ёстой гэж антихристүүд боддог. Хэрвээ тэгэхгүй бол, тэдний итгэж байгаа энэ Бурхан үнэн Бурхан мөн эсэхэд ямар нэгэн эргэлзээ байна. Антихристүүдийн логик нь “Бурханд итгэдэг хүмүүс бурханы ерөөл, нигүүлслийг эдлэх ёстой” гэдэг үгийг үнэн мөн гэж үздэг явдал биш гэж үү? Эдгээр үгэнд дүн шинжилгээ хийгээд үз дээ: Эдгээр нь үнэн мөн үү? (Биш.) Эдгээр үг үнэн биш, харин төөрөгдөл, Сатаны логик бөгөөд үнэнтэй ямар ч хамаагүй гэдэг нь одоо тодорхой байна. Бурхан хэзээ нэгэн цагт “Хүмүүс Надад итгэвэл гарцаагүй ерөөгдөж, хэзээ ч гай зовлон амсахгүй” гэж хэлж байсан уу? Бурханы үгийн аль мөрөнд энэ тухай өгүүлдэг вэ? Бурхан хэзээ ч тийм үг хэлж, эсвэл ийм зүйл хийж байгаагүй. Ерөөл болон гай зовлонгийн тухайд бол эрж хайх ёстой үнэн бий. Хүмүүсийн баримтлах ёстой мэргэн үг юу вэ? Иов: “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад зовлон бэрхшээлийг хүлээн авахгүй юу?” (Иов 2:10) гэж хэлсэн. Эдгээр үг үнэн мөн үү? Эдгээр нь хүний үг; тэдгээрийг үнэний өндөрлөгт хүргэн өргөмжилж болохгүй ч зарим нэг байдлаар үнэнтэй нийцдэг. Ямар байдлаар үнэнтэй нийцдэг вэ? Хүмүүс ерөөгдөх, эсвэл гай зовлон амсах эсэх нь бүгд Бурханы гарт байдаг, бүгд Бурханы дээд эрх дор байдаг. Энэ бол үнэн юм. Антихристүүд үүнд итгэдэг үү? Үгүй, итгэдэггүй. Тэд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд яагаад үүнд итгэдэггүй, эсвэл үүнийг хүлээн зөвшөөрдөггүй вэ? (Тэд ерөөгдөхийн тулд л Бурханд итгэдэг—тэд зөвхөн ерөөгдөхийг л хүсдэг.) (Учир нь тэд хэтэрхий аминч, зөвхөн махан биеийн ашиг сонирхлыг л эрэлхийлдэг.) Антихристүүд итгэлдээ зөвхөн ерөөгдөхийг л хүсдэг, гай зовлон амсахыг хүсдэггүй. Хэн нэгэн ерөөгдөж, ашиг тус хүртэж, нигүүлсэгдэж, илүү их материаллаг таашаал, асар их давуу тал олж авсныг харах үедээ тэд үүнийг Бурхан хийсэн гэж итгэдэг; харин тэд ийм материаллаг ерөөл хүртэхгүй бол энэ нь Бурханы үйлдэл биш гэж итгэдэг. Үүний цаад санаа нь “Хэрвээ чи үнэхээр бурхан юм бол хүмүүсийг зөвхөн ерөөж л чадна; чи хүмүүсийн гай зовлонг зайлуулж, тэднийг зовлонтой нүүр тулуулах ёсгүй. Тэгж байж л хүмүүс чамд итгэхийн үнэ цэн, утга учир гарна. Хэрвээ чамайг дагасныхаа дараа хүмүүст гай зовлон тулгарсаар байвал, зовсоор байвал чамд итгээд ямар хэрэг байгаа юм бэ?” гэсэн үг юм. Бүх зүйл, үйл явдал Бурханы гарт байдаг гэдгийг, Бурхан бүхнийг захирдаг гэдгийг тэд хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр тэд яагаад үүнийг хүлээн зөвшөөрдөггүй вэ? Яагаад гэвэл, антихристүүд гай зовлон амсахаас айдаг. Тэд зөвхөн ашиг тус хүртэж, давуу тал олж, ерөөл эдлэхийг л хүсдэг; тэд Бурханы дээд эрх, эсвэл зохион байгуулалтыг хүлээн авахыг хүсдэггүй, харин Бурханаас зөвхөн ашиг тус хүртэхийг л хүсдэг. Энэ бол антихристүүдийн аминч, жигшүүртэй харах өнцөг юм. Энэ бол Бурханы амлалт, ерөөл зэрэг үгстэй холбоотойгоор антихристүүдийн гаргадаг цуврал илрэл юм. Ерөнхийдөө, эдгээр илрэлд голчлон антихристүүдийн эрэлхийллийн цаад харах өнцөг, түүнчлэн хүмүүсийн төлөө Бурханы хийдэг энэ төрлийн зүйлийн талаарх тэдний үзэл бодол, үнэлгээ, ойлголт хамаардаг. Хэдийгээр тэд гаднаа Бурханы үгийг илт гүтгэж, эсвэл сөрдөггүй байж болох ч сэтгэлийнхээ гүнд Бурханаас ирсэн иймэрхүү төрлийн үгэнд хандах хандлага, Бурхан иймэрхүү төрлийн зүйлийг хийдэг арга барилд хандах хандлага нь гүтгэж, эргэлзэж, яллаж, шилж сонгосон хандлага байдаг. Бурханы амлалт, ерөөлийн үг зарим хүн дээр биелэх үед тэд Бурханы хүч чадлыг магтаж, Түүний нэр болон Түүний хайрыг өргөмжилдөг. Гэвч Бурханы хийдэг зүйл амлалт, ерөөлийн талаарх үзэл, төсөөлөлтэй нь нийцэхгүй үед антихристүүд зүрх сэтгэлдээ Бурханы оршин тогтнолыг, түүнчлэн Бурханы хийдэг бүх зүйлийн зөв зүйтэй байдлыг тэр даруй үгүйсгэж, Бурханы дээд эрх болон Тэрээр хүний хувь заяаг зохион байгуулж, зохицуулдаг гэх баримтыг бүр ч илүү үгүйсгэдэг. Антихристүүдийн энэ бүх илрэл гаднаа харагдахгүй байж болно, тэд үзэл бодлоо илэрхий үг хэллэг ашиглан тараахгүй байж болох ч зүрх сэтгэлдээ Бурханаас ирсэн эдгээр үгийг харзнан ажиглаж, сэм хардаг өнцөг нь өөрчлөгддөггүй. Бусад хүн амь-оролтын асуудлын талаар, эсвэл хүмүүс хэрхэн аврагдаж болох талаар яаж ч нөхөрлөсөн, Бурханы амлалт, ерөөл зэрэг үгс биелэх эсэх, тэдгээр нь хэрхэн хэрэгжихийг сэм хардаг сэтгэлгээ, хандлагаа антихристүүд орхихгүй. Бурханы амлалт, ерөөл хэрэгжих үед антихристүүд баярлан алга ташиж, уухайлж, Бурханы хүч чадлыг магтаж магадгүй. Гэвч тун удалгүй, Бурханы амлалт, ерөөл хэрэгжихгүй, эсвэл үзлийнх нь дагуу биелэхгүй үед тэд зүрх сэтгэлдээ Бурханыг нууцаар харааж, зүхэж, Түүний нэрийг гүтгэдэг. Тиймээс өдөр тутмын амьдралд, бүх зүйл амар тайван, асуудалгүй байх үед ч зарим хүний байдал маш их хэлбэлздэг. Тэд баяртай байх үедээ тэнгэрт тултал хөөрч чаддаг ч сэтгэлээр унах үедээ там шиг цөхрөлд живж чаддаг. Тэдний ааш зан хувирамтгай, тааварлашгүй бөгөөд юу болоод байгаа талаар нь бусад хүн гайхширалд орж хоцордог. Тэд баяртай байх үедээ “Бурхан үнэхээр бурхан юм. Бурхан маш агуу, бурханы эрх мэдэл үнэхээр оршин байдаг, бурхан хүмүүст маш их хайртай!” гэж хэлдэг. Гэвч баяр хөөргүй байх үедээ “бурхан” гэдэг үгийг хэлэх нь хүртэл тэдэнд туйлын хэцүү болдог. Бурханы нэрийг чангаар магтдаг тэр хүн мөн л зүрх сэтгэлдээ Бурханыг гүтгэж, үгүйсгэж, доромжилж, зүхэж, хараадаг хүн юм. Тэд үүргээ гүйцэтгэхийн тулд өглөө эрт босож, орой унтдаг, ихэнх хүний төлж чадахгүй төлөөсийг төлдөг ч тэд мөн үүргээрээ дамжуулан бухимдлаа гаргаж, Бурханы гэрийн ашиг сонирхлоос урваж, ажлыг санаатайгаар үймүүлж, үүрэг, ажилдаа зориуд хайхрамжгүй ханддаг хүмүүс юм. Гаднаасаа энэ нь бүгд нэг л хүн боловч тэдний зан авир, зан чанараас нь дүгнэвэл, ийм тэс өөр илрэлүүд нь хоёр өөр хүн байгаа мэт байдаг. Энд асуудал байна. Антихристүүдийн эдгээр илрэлээс тэд Бурханы үгийг үнэн гэж, эсвэл Бурханы үг гэж угийн хүлээн авдаггүй нь тодорхой байна. Түүгээр ч барахгүй, антихристүүдийн мөн чанараас дүгнэвэл, тэд Бурханы үгийг хэзээ ч үнэн гэж үзэхгүй, мөн амьдралынхаа туршид баримтлах үнэн-зарчим ч гэж үзэхгүй. Энэ бол антихристүүд Бурханы үг биелэх эсэхийг сэм хардаг тухай эхний зүйл юм—тэд Бурханы амлалт, ерөөлийн үгийг сэм хардаг. Антихристүүдийн хувьд, Бурханы амлалт, ерөөл нь материаллаг хандлага, сүнслэг хандлага, амьдрах орчин болон энэ амьдралдаа эдэлдэг бусад ийм зүйлстэй нь салшгүй холбоотой байдаг тул тэд энэ тал дээр онцгой анхаарал хандуулдаг. Тэд Бурханы амлалт, ерөөлийн үгийн биелэлтийг Бурханы хүч чадлын хэмжээ болон Бурханы ялгамж чанарын үнэн бодит байдлыг хэмжих стандарт болгон ашигладаг. Тэд үүнийг нууцаар тунгаан бодож, эргэцүүлдэг—үүнийг сэм харах гэж байгаа юм. Антихристүүд Бурханы айлдсан амь-оролтын тухай янз бүрийн үнэнийг огт сонирхдоггүй. Гэвч Бурханы амлалт, ерөөлийн үгийг дурдах төдийд нүд нь шунахайран гялалзаж, хүсэл нь цухуйдаг. Өнгөн дээрээ тэд “Бид бурханы төлөө өөрсдийгөө болзолгүйгээр зарлагадах ёстой, бид бурханы шаардлагын дагуу үүргээ гүйцэтгэх ёстой” гэж хэлдэг ч нүд нь үнэндээ хаашаа тусдаг вэ? Тэд Бурханы амлалт, ерөөл зэрэг үгсийг ширтдэг. Тэд эдгээрээс барьц авмагцаа тавьдаггүй. Хүнд өгсөн Бурханы амлалт, ерөөлийн үгэнд хандахдаа антихристүүд ингэж авирладаг.

2. Хүнд өгсөн Бурханы хараал, шийтгэлийн үгийг сэм харах

Хоёр дахь зүйл бол антихристүүд хүнд өгсөн Бурханы хараал, шийтгэлийн үгийг сэм хардаг. Антихристүүд Бурханы үгэнд дурдсан хараал, шийтгэлд эхний зүйлтэй адил үзэл бодол, байр сууринаас ханддаг. Тэд ийм төрлийн үгийг хэрхэн сэм хардаг вэ? Бурханы үг ямар төрлийн хүмүүсийг харааж, ямар төрлийн хүмүүсийг шийтгэх учиртайг, Бурхан тийм хүмүүсийг хараахын тулд ямар үг хэлснийг, Бурхан тийм хүмүүсийг шийтгэхдээ ямар арга барил ашигладгийг, түүнчлэн Бурхан ямар төрлийн хүмүүсийг хараахдаа ямар арга, үг ашигладгийг харах үедээ тэд өдөр тутмын амьдралдаа ажиглаж эхэлдэг, Бурханы эдгээр үг хэрхэн хэрэгжиж байгааг, хэрэгжсэн эсэхийг нь харж байдаг. Жишээлбэл, Бурханы гэрийн хөрөнгийг завшдаг, ах эгч нарыг дур мэдэн залхаан цээрлүүлж, хяхан хавчдаг, чуулганд дарангуйлж, цадиггүй авирладаг, зарчимгүй ажилладаг, Бурханы санаа зорилгыг эрж хайдаггүй, бусадтай эв найртай хамтран ажилладаггүй нэг чуулганы удирдагч байдаг. Ийм төрлийн хүнд зориулсан хараал, шийтгэл байдаг гэж Бурханы үгэнд заасан байдаг. Нэг антихрист: “Бурхан ийм хүмүүст хайргүй, тэр тэднийг жигшин голдог. Гэхдээ тэр энэ хүнийг яаж жигшин голж байна вэ? Энэ хүн өдөр бүр нэлээд тав тухтай амьдарч, зэмлүүлэхгүйгээр ах эгч нарыг дарлаж байна; ах эгч нар үүнийг нь тэвчихээс өөр аргагүй байна. Тэгэхээр бурханы эдгээр үг яаж биелж байна вэ? Эдгээр нь яаж биелж чадахыг би олж харахгүй байна; магадгүй ийм хүмүүсийг хараах бурханы хараал нь зүгээр л нэг үг байх. Бурханы үг эрх мэдэлтэй байх ёстой, бурханыг айлдсаны дараа хүмүүсийн зүрх сэтгэлд тавгүй мэдрэмж төрж, зэмлэл мэдрэгдэх ёстой. Зүрх сэтгэлд нь тавгүй байгаа эсэхийг би ажиглаж, харах хэрэгтэй, би түүнтэй ярилцаж, тандах хэрэгтэй” хэмээн ажигладаг. Тэгээд антихрист тэр хүнээс “Чи сүүлийн үед аливааг яаж шуухан туулж байна даа?” гэж асуухад тэрээр “Нэлээд сайн. Бурхан биднийг хөтөлж байгаа. Чуулганы амьдрал муугүй, ах эгч нар бүгд зөв замд орсон, тэд бүгд бурханы үгийг унших дуртай, сайн мэдээний ажил ч бас сайн урагшилж байна” гэдэг. “Ажил саадгүй урагшлахгүй байх үед чи шаналдаггүй юу? Чи сөрөг болдоггүй юу? Бурхан чамайг сахилгажуулдаг уу? Чи дотроо зэмлэл мэдэрдэг үү?” “Үгүй ээ, ажил ийм сайн явагдаж байхад би яагаад ямар нэгэн зэмлэл мэдрэх ёстой гэж? Харин ч бурхан намайг ерөөж байна.” Антихрист: “Бурхан ийм хүнийг хараасангүй, тэгэхээр ёрын муу хүмүүсийг хараах, бурханыг эсэргүүцдэг хүмүүсийг хараах тухай бурханы хэлсэн үг хэрэгжсэнгүй! Энэ удирдагч бурханыг эсэргүүцэж, чуулганы ажлыг үймүүлсэн ийм илэрхий үйлдэл хийсэн; бурханы хараал түүн дээр буух ёстой байсан. Яагаад тэгсэнгүй вэ? Хүмүүсийн эсрэг бурханы хараалын үг хэрэгжиж чадах эсэхийг хэлэхэд хэцүү байна, тиймээс би үргэлжлүүлэн ажиглах болно” гэж боддог. Бурханы үгэнд “Эсэргүүцэл нь үхэл рүү хөтөлдөг!” гэсэн хэллэг бий. Антихристийн нүдээр бол, Бурханыг эсэргүүцдэг олон хүн бий. Жишээлбэл, зарим хүн Бурханы ажлын энэ үе шаттай анх танилцаж, үнэнийг ойлгоогүй байхдаа Бурханы эсрэг доромжилсон, гүтгэсэн зарим нэг үг хэлж, Бурханы ажлын энэ үе шатыг голсон байдаг. Антихрист дотроо: “Энэ хүмүүс бурханыг эсэргүүцдэг хүмүүс мөн үү? Хэрвээ мөн бол бурханы үгийн дагуу эсэргүүцэл нь үхэл рүү хөтөлдөг. Гэвч маш олон жилийн дараа энэ хүмүүсээс нэг нь ч үхээгүй бололтой; бурханы үг биелсэнгүй! Энэ хүмүүс үхдэггүй юм аа гэхэд хамгийн наад зах нь гар нь хугарах юм уу хөлгүй болж, эсвэл гэр бүлийнх нь хүн үхэх, байшин нь нурах, эсвэл автын осолд орох зэргээр гэртээ ямар нэгэн гай гамшиг амсах ёстой. Эдгээр гай зовлонгийн аль нь ч тохиолдоогүй, тэгэхээр эсэргүүцэл нь үхэл рүү хөтөлдөг гэж яаж хэлж болох юм бэ? Бидний ойлгох чадвар муу, бурханы үг хэрхэн биелж, хэрэгждэгийг бид мэдэхгүй байсаар байгаа байж магадгүй. Бурханы үг биелэх эсэхийг хүмүүс мэдэхгүй; хэлэхэд хэцүү юм байна” гэж боддог. Антихрист ажиглаж болохуйц эдгээр баримтаар дамжуулан, оюун санаандаа дүн шинжилгээ хийх замаар, мөн өөрийн “өвөрмөц” өнцгөөс Бурханы эдгээр үг биелдэг эсэх, тэдгээр нь хэрхэн биелдгийг хардаг. Тэд энэ асуудалд үргэлж маш том асуултын тэмдэг тавьдаг; тэд энэ асуудлын эцсийн үр дүн ямар байх, эдгээр үйл явдлыг хэрхэн тайлбарлах, эсвэл эдгээр үзэгдлийг хэрхэн хүлээж авахыг мэддэггүй. Мэдээж, тэд энэ талаар байнга: “Өө бурхан минь, намайг гэгээрүүлээч, чи хүмүүсийг хэрхэн харааж, шийтгэдгийг, чиний үг хэрхэн биелдгийг ойлгох боломж надад олгооч, ингэснээр би чамаас эмээдэг зүрх сэтгэлтэй болж, улмаар чамаас айж, чамайг эсэргүүцэх зүйл хийхгүй байж чадна” хэмээн залбирдаг. Энэ залбирал хэрэгтэй юу? Бурхан чих тавин сонсох уу? (Үгүй.) Бурхан үүнийг тоодог ч үгүй; Тэрээр эдгээр залбирлыг ялаа, хорхой шавжны утгагүй дүнгэнээн мэт үздэг. Бурхан яагаад ийм залбирлыг чих тавин сонсдоггүй вэ? Яагаад гэвэл, антихристийн хэлсэн өгүүлбэр бүр сорилт, өдөөн хатгалга, гүтгэлэг, доромжлолоор дүүрэн байдаг. Ийм хүнийг Бурхан ил тодоор цохиж унагах юм уу яллаагүй ч тэдний хийдэг бүхэн, тэдний бодол санаа, үзэл бодол, байр суурь нь Бурханы нүдэнд яллагддаг. Антихристийн эдгээр илрэл бүгд зүрх сэтгэлд нь нуугдсан байдаг; тэд эдгээр зүйлийг далдуур хийж, эдгээр зүйлийг нууцаар сэм хардаг. Мэдээж, Бурхан ч бас тэднийг зүрх сэтгэлдээ яллаж, хараадаг.

Хүнд өгсөн Бурханы хараал, шийтгэлийн үгийн тухайд, антихристүүд эдгээрт итгэдэггүй, эдгээрийг ойлгодоггүй; тэд байнга: “Эдгээр үг яг яаж биелдэг юм бэ? Үнэхээр биелж чадах уу? Хэн дээр биелэх вэ? Бурханы харааж, шийтгэсэн хүмүүс үнэхээр хараал, шийтгэл хүртдэг үү? Үүнийг хүний нүдээр харж болох уу? Бурхан энэ бүхнийг хүний нүдэнд харагдахуйц болгох ёстой биш үү?” хэмээн шинжиж, дүн шинжилгээ хийдэг. Тэд эдгээр асуудлыг зүрх сэтгэлдээ байнга тунгаан бодож, өдөр тутмын амьдралдаа ач холбогдолтой, чухал асуудал мэт ханддаг. Тэдэнд цаг зав, эсвэл боломж гарах бүрд тэд эдгээрийг тунгаан боддог. Орчин нөхцөл нь зөв байгаад ийм үйл явдал тохиолдож л байвал, эсвэл ийм сэдэв хөндөгдөж л байвал тэдний байр суурь, үзэл бодол тодорхой илэрдэг. Тэд Бурханы эдгээр үгийг шинжиж, гүтгэн, эдгээр үгийг хүний өнцгөөс, хүний арга барилаар ойлгохыг оролдохын зэрэгцээ бас эдгээр үг хэрэгжиж чадах эсэх, өдөр тутмын амьдралд биелж, бодит үр нөлөө үзүүлсэн эсэхийг сорьж байдаг. Тэд яагаад ингэдэг вэ? Тэд яагаад зүрх сэтгэлдээ эдгээр зүйлийн талаар шаналж, цуцалтгүй тунгаан бодож чаддаг вэ? Яагаад гэвэл, Бурхан хэчнээн их үнэнийг илэрхийлсэн ч антихристүүдийн зүрх сэтгэлд энэ нь Бурханы ялгамж чанар, эсвэл мөн чанарыг нотлоход хангалтгүй байдаг. Бурханы ялгамж чанар, мөн чанарыг нотолж чадах цорын ганц зүйл бол Бурханы үг биелж, хэрэгждэг эсэх явдал юм. Өөрөөр хэлбэл, Бурханы үг хэрэгжиж, биелдэг эсэх нь Бурханы ялгамж чанар, мөн чанарыг сорих тэдний цорын ганц шалгуур юм. Үүний нэгэн адил, хүнд өгсөн Бурханы хараал, шийтгэлийн үг биелдэг эсэх нь бас Бурханы ялгамж чанар, мөн чанарыг сорих тэдний шалгуур болсон. Энэ бол Антихристүүдийн Бурханыг хэмжих хамгийн чухал бодол санаа, үзэл бодол юм. Антихристүүд аливааг ойлгох хүний өнцөг, арга барилыг ашиглаж, хүний оюун ухаанд найдан хүмүүст өгсөн Бурханы хараал, шийтгэлийн үгийг сорьж, дүн шинжилгээ хийдэг. Яасан ч байсан тэд баримтыг харж чадахгүй, харахыг хүссэн дүр зургаа харж чадахгүй үедээ зүрх сэтгэлдээ Бурханы ялгамж чанар, мөн чанарыг дахин дахин үгүйсгэдэг. Тэд бага харах тусмаа Бурханыг үгүйсгэх нь улам эрчимжиж, өөрсдийнх нь хөрөнгө оруулсан, зарлагадсан зүйл үнэ цэнтэй байсан эсэхэд улам бүр эргэлздэг. Гэсэн хэдий ч, Бурханы гэрт Бурханыг гүтгэдэг, эсвэл Бурханы гэрийн ажлыг үймүүлдэг зарим нэг ёрын муу хүн, эсвэл Бурханыг доромжилж, эсэргүүцдэг хүмүүс янз бүрийн түвшний шийтгэл, эсвэл хараал хүртэж байгааг антихристүүд гэрчилж, энэ хүмүүс юу болж дуусаж байгааг харах үедээ Бурханыг гайхан биширч, гэнэтхэн: “Бурхан үнэхээр сүрдмээр юм. Түүний хэлсэн юу ч байсан биелдэг. Тэр хүн өмнө нь зүгээр байж байгаад гэнэт үхчихлээ, учир нь тэр өчигдөрхөн бурханыг хэл амаараа зүхэж байсан шүү дээ! Бух шиг хүчтэй байсан өөр нэг хүн гэнэт өвдчихлөө, учир нь тэр бурханы гэрийн ажилд ихээхэн хохирол учруулсан атлаа үүнийгээ хүлээн зөвшөөрөөгүйгээс болж бурханы хараалыг хүртлээ. Өөр нэг хүн чуулганд зарим нэг буруу зүйл хийж, зарим нэг муу үйл үйлдсэнээсээ болж гэр бүлд нь гай гамшиг тохиолдож, тэр цагаас хойш гэрт нь амар заяа үзсэнгүй. Бурханы тухай үргэлж доромжилсон үг хэлдэг байсан өөр нэг хүн одоо галзуурч, өөрийгөө бурхан гэж зарлаж байна. Энэ бол чөтгөрүүдэд эзэмдүүлж байгаа хэрэг; бурхан түүнийг Сатанд тушааж, бохир сүнснүүдийн орогнодог газарт тавьжээ. Түүнийг ёрын муу сүнснүүдэд эзэмдүүлж зовоох нь хүмүүсийн хийж чадах зүйл биш; зөвхөн бурханд л үүнийг хийх эрх мэдэл бий. Бурхан бүхнийг захирдаг—тэр энэ хүнийг муу ёрын сүнснүүдэд тушаасан бөгөөд тэд түүнийг эзэмдэж, ухаан санаа, ичиж зовох мэдрэмжээ алдахад хүргэж, гудамжаар нүцгэн гүйхэд хүргэжээ. Энэ хүмүүс юу болж дууссаныг, тэдний амссан шийтгэл, хараалыг хар даа; тэд бүгд юу хийчих вэ?” хэмээн мэдэрдэг. Үүнийг сайтар тунгаан бодсоныхоо дараа антихристүүдийн зүрх түгшиж: “Энэ хүмүүсийн дунд бурханыг ил тодоор хэл амаараа зүхсэн хүмүүс, бурханыг ил тодоор доромжилж, шүүсэн хүмүүс, мөн бурханы гэрт санаатайгаар үймээн дэгдээж, саад болсон хүмүүс байна. Бурханы эсрэг явлаа гээд ямар ч сайн зүйл гардаггүй бололтой! Бурхан үнэхээр сүрдмээр юм! Хэрвээ чи бусад хүнд халдвал тэд чамд сүйдтэй юм хийж чадахгүй, харин чи бурханд халдвал тэр чинь ноцтой хэрэг. Чи зан авиртаа хариуцлага хүлээх ёстой; төлөөс нь хэтэрхий их шүү! Хамгийн наад зах нь, чи галзуурч магадгүй бөгөөд бурхан чамайг бохир сүнснүүдэд тушаах болно, энэ нь гарцаагүй там руу явна гэсэн үг; хамгийн муугаар бодоход, бурхан энэ амьдрал дахь махан биеийн оршин тогтнолыг чинь хүчингүй болгож, чамайг устгана, ирэх ертөнцөд—хэлэх ч шаардлагагүй—чи хүрэх газаргүй болж, хаанчлалд орж чадахгүй, ерөөл хүртэхгүй. Тэд янз бүрийн байдлаар бурханыг эсэргүүцсэнээс нь дүгнэхэд, би илүү болгоомжтой байж, өөртөө зарим нэг зарчим тогтоох хэрэгтэй. Нэгдүгээрт, би бурханыг ил тодоор хэл амаар зүхэж болохгүй; хэрвээ зүхэх шаардлага гарвал зүрх сэтгэлдээ чимээгүйхэн зүхэх хэрэгтэй. Хоёрдугаарт, надад бурхан болох хүсэл, амбиц байсан ч би үүнийгээ илчилж, эсвэл бусдад мэдэгдэж болохгүй. Гуравдугаарт, би зан авир, хөдөлгөөнөө хазаарлаж, саад учруулах ямар ч зүйл хийх ёсгүй. Хэрвээ би бурханы гэрийн ажилд хохирол учруулж, бурханыг уурлуулбал тэр чинь аймшигтай хэрэг болно! Хөнгөн тохиолдолд, би амиа алдаж магадгүй; илүү ноцтой тохиолдолд, би хараагдаж, ёроолгүй нүх рүү унаж, тэгээд л миний төгсгөл ирнэ” гэж боддог. Ийм зүйл тохиолдохыг хараад антихристүүд Бурханы үг биелсэн бөгөөд Бурхан маш агуу, сүрдмээр юм байна гэдгийг мэдэрдэг. Эдгээр үйл явдлаар дамжуулан тэд Бурханы агуу, сүрдмээр байдлыг ухаарч, хүлээн зөвшөөрдөг. Антихристүүдийн зүрх сэтгэл дэх энэ бүх бодол санааны үйл явц, түүнчлэн эдгээр зүйлийг харсныхаа дараа тэдний боловсруулсан үйлдэл хийх зарчмууд нь тэдний дотоод ертөнцийн үйл ажиллагаа биш гэж үү? Бурханд хандаж тэдний зүрх сэтгэлдээ хийдэг бүхэн нь сэм харах гэж нэрлэдэг зүйл юм.

Антихристүүд “Бурхан хүмүүсийг хараадаггүй, бурханы үг биелээгүй” гэж ил тод хэлдэггүй, “Бурхан нөгөө хэнийг шийтгэсэн, бурхан нөгөө хэнийг хараасан. Бурханы үг биелсэн, бурхан үнэхээр агуу” гэж бас ил тодоор хэлдэггүй. Харин тэд зүрх сэтгэлийнхээ гүнд эдгээр асуудлыг сэдэж, төлөвлөж, тунгаан боддог. Тунгаан бодох тэдний зорилго юу вэ? Тэд Бурханы үг биелбэл юу хийхээ, Бурханы үг биелэхгүй, эсвэл хэрэгжихгүй бол юу хийхээ боддог. Тэдний сэм хардаг зорилго нь Бурханы үйлдлийг ойлгох биш, Бурханы зан чанарыг ойлгох биш, үнэнийг олж авч, стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл байх бүр ч биш—харин энэ бүх асуудлыг зохицуулж, хүний арга барил, стратеги ашиглан Бурханы хараал, шийтгэлтэй нүүр тулах явдал юм. Үүнийг л антихристүүд зүрх сэтгэлдээ сэддэг. Бурханы үгэнд хандах энэ олон бодол нь тэднийг Бурханд дайсагнадаг гэдгийг баталж чадах уу? Тэд Бурханыг байнга гүтгэж, доромжилсоор ирснийг баталж чадах уу? (Чадна.) Яг тийм! Антихристүүд ингэдэг. Хэрвээ Бурханы үг биелбэл тэд сөрөг арга хэмжээгээ бэлдсэн байдаг; хэрвээ Түүний үг биелэхгүй бол үүнд ч бас тэдэнд сөрөг арга хэмжээ байдаг—тэдний сөрөг арга хэмжээ нь Бурханы үг биелэх эсэхээс хамаарч өөрчлөгддөг. Хэрвээ Бурханы үг биелбэл антихристүүд биеэ зөв авч явж, Бурханы гэрийн ажилд болгоомжтой оролцож, даруу байж, эрээ цээргүй, эсвэл дээрэнгүй байхгүйгээр, ямар нэгэн буруу зүйл хийхээс үргэлж болгоомжилдог. Хэрвээ Бурханы үг биелэхгүй бол тэд улайм цайм хааш яаш авирлах болно. Ямартай ч, тэдний нүдэнд Бурханы үг биелж байгаа харагдсан ч бай, үгүй ч бай, зүрх сэтгэл нь хэзээ ч Бурханыг Бурхан гэж үнэхээр үзэхгүй, зүрх сэтгэлээ хэзээ ч Бурханд бүрэн өгч чадахгүй. Тэд үүрэг, үйлдлээ сэтгэлээсээ гүйцэтгэдэггүй, харин явуулга, заль, дүр эсгэлт ашиглан, мэхэлж, далдалж, нууцалсан байдлаар хийдэг. Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд юу бодож, тунгааж, юунд эргэлзэж байгаагаа бусадтай, эсвэл Бурхантай хэзээ ч ил тод хуваалцдаггүй. Харин тэд зөрүүдлэн өөрсдийн бодол, санааг үнэн гэж, гүйцэтгэж, хэрэгжүүлэх зөв, сайн чиглэл, зорилго гэж үздэг. Антихристүүдийн нүдээр бол, хүнд өгсөн Бурханы хараал, шийтгэлийн үг биелэх эсэх нь маш чухал, учир нь энэ нь тэдний өдөр тутмын амьдралдаа хэрхэн үйлдэж, авирлахыг, ажилд хэрхэн хандахыг, мөн ах эгч нарт хэрхэн хандахыг тодорхойлдог; энэ нь бас тэд ямар зан авир илчлэх, түүнчлэн ямар үйлдэл, илрэлтэй байхыг шийддэг. Бурханы үг биелэх үед антихристүүд биеэ зөв, заль мэхгүй авч явж, үйл ажиллагаагаа хазаарлаж, үймээн дэгдэж, саад болохоор ямар ч зүйл хийхгүй байхыг хичээж, мөн саад болох, үймүүлэх, Бурханы үгийг гүтгэх, эсвэл Түүний ажлыг гүтгэх үг хэлэхгүй байхыг хичээдэг. Хэрвээ Бурханы эдгээр үг биелэхгүй бол тэд огт ичиж зовохгүйгээр Бурханы ажлыг чөлөөтэй шүүж, ялладаг. Ийм байдлаар, антихристүүд зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханыг тасралтгүй эсэргүүцэж, Түүний эсрэг хашхичдаг—тэд илчлэгдэж, таягдан хаягдахгүй байх боломжтой гэж үү? Тэдний энэ хандлага, зан чанар, мөн чанар нь Бурханы жинхэнэ дайсных юм. Хэдийгээр антихристүүд хүссэн бүхнээ хийж чадахгүй ч тэд юу бодож, юу төлөвлөж, юу тунгааж байгаагаа, эсвэл зүрх сэтгэлийнхээ гүнд ямар үзэл бодолтой байгаагаа огт нуудаггүй, учир нь тэд Бурханаас айдаггүй. Тэд Бурханаас айдаггүй шалтгаан нь юу вэ? Тэд Бурхан оршин байдагт итгэдэггүй, мөн Бурхан хүний зүрх сэтгэлийн хамгийн гүнийг нь ажигладаг гэдэгт ч итгэдэггүй. Тиймээс, антихристүүдийн логикоор бол, амьд үлдэх хамгийн гайхалтай стратеги гэж үздэг зүйл нь энэ: “Миний хийж, үйлдэж байгаа зүйл, бусдад харагдаж байгаа зүйл нь намайг ямар хүн болохыг хэмжих стандарт болж чадна. Гэхдээ миний зүрх сэтгэлдээ юу бодож байгааг, би хэрхэн төлөвлөж, зорьж байгааг, миний дотоод ертөнц ямар болохыг, би бурханыг гүтгэж, доромжилж байгаа эсэхийг, бурханыг шүүж, эсвэл бурханд итгэж, магтаж байгаа эсэхийг—хэрвээ би хэлэхгүй бол та нарын хэн нь ч мэдэхгүй. Намайг яллах гээд үзээрэй! Хэрвээ би ярихгүй л бол миний зүрх сэтгэлдээ юу бодож, төлөвлөж байгааг, эсвэл бурханд хандах миний хандлага, үзэл бодол ямар болохыг та нарын хэн нь ч яагаад ч мэдэж чадахгүй, хэн ч намайг ямар нэгэн нүгэлд буруутгаж чадахгүй.” Энэ бол антихристүүдийн төлөвлөгөө юм. Тэд үүнийг хүмүүсийн дунд амьдарч, үйлдэхэд биеэ авч явах хамгийн дээд зарчим гэж итгэдэг. Тэдний зан авир буруу биш, үйлдэлд нь ямар нэгэн алдаа дутагдал байхгүй л бол зүрх сэтгэлдээ юу бодож байгаад нь хэн ч хөндлөнгөөс оролцож чадахгүй. Антихристүүд маш ухаалаг биш гэж үү? (Үгүй.) Тэд яагаад ухаалаг биш вэ? Тэд өөрсдийгөө маш сайн өнгөлөн далдалдаг. Залбирахдаа тэд гудамжны буланд залбирдаг бөгөөд бусдын өмнө хэлдэг үгс нь бүгд зөв, ямар ч алдаа дутагдал олддоггүй. Тэд хэдий чинээ удаан итгэнэ, төдий чинээ сүнслэг болдог. Зүрх сэтгэлдээ үнэхээр юу бодож байгаагаа хаалттай хаалганы цаана гэр бүлийнхэндээ л хэлдэг, зарим нь гэр бүлийнхэндээ ч хэлдэггүй тул хэн ч тэднийг нэвт харж чаддаггүй. Гэвч тэд нэг зүйлийг мартдаг: Хүмүүс тэднийг нэвт харж чадах эсэх нь ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь ач холбогдолгүй; ямар ч хүн өөр хүний хувь заяаг тодорхойлж чадахгүй. Хүмүүс тэднийг нэвт харж чадах эсэх нь хамаагүй; энэ нь хамааралгүй бөгөөд юуг ч шийддэггүй. Чухал зүйл нь Бурхан хүмүүсийн зөвхөн гадаад зан авирыг хараад зогсохгүй, тэдний зүрх сэтгэлийн гүнийг ч бас ажигладаг. Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажигладаг гэдэгт антихристүүд итгэдэггүй, мэддэггүй учраас л “Миний зүрх сэтгэлдээ юу бодож байгаад хэн ч, хүмүүс ч, бурхан ч хөндлөнгөөс оролцож чадахгүй” гэж мунхаглан, утга учиргүй боддог. Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажиглаж чаддаг тул чиний бодол санаа Бурхан чамайг хэрхэн тодорхойлохтой холбоотой байдаг. Бурхан хүмүүсийг зөвхөн гадаад зан авирт нь үндэслэн яллаад зогсохгүй, илүү чухал нь дотоод бодол санаанд нь үндэслэн ялладаг. Антихристүүдийн мунхаг байгаа зүйл нь энэ юм; тэд Бурханы үгийг сэм харж байхдаа нэг чухал асуудлыг мартдаг: Бурхан ч бас тэдний бодол санааг нууцаар ажиглаж байдаг. Тэд Бурханы үг биелэх эсэхийг сэм хардаг бөгөөд тэдний хүрдэг дүгнэлт нь Бурханы үг болон Түүний оршин тогтнолыг үгүйсгэх ёстой гэдэг дүгнэлт байдаг. Бурхан тэднийг нууцаар ажиглахдаа Бурханд болон Бурханы үгэнд хандах зүрх сэтгэлийн гүн дэх хандлагыг нь хардаг; Тэд Бурханыг гүтгэж, доромжилж, Бурханыг үгүйсгэж, яллаж байгаагийн бүх нотолгоог Тэр хардаг, мөн энэ бүх бодол санаа, үзэл бодолд захирагдан гарсан гадаад зан авирыг ч бас Тэр ажигладаг. Бодол санаа, зан авирт нь үндэслэн Бурхан эцсийн дүндээ ийм хүнийг юу гэж тодорхойлдог вэ? Хэзээ ч аврагдаж чадахгүй антихрист, Бурханы дайсан гэж тодорхойлдог. Энэ үр дүн нь юм. Антихристүүд ухаалаг юу? Тэд огт ухаалаг биш; тэд өөрсдийгөө сүйрэл рүү хөтөлсөн. Тэд өөрсдийгөө сэтгэх онцгой чадвартай, сэтгэлгээ нь маш логиктой, мөн арга мэх сэдэхдээ онцгой гарамгай гэж итгэдэг. Арга мэх сэдсэнийхээ дараа тэдэнд янз бүрийн гэнэтийн үйл явдал болон Бурханы хийдэг бүх төрлийн зүйлд зориулсан сөрөг арга хэмжээ, арга барил байдаг бөгөөд энэ нь үргэлж хамгийн сайн үр дүн, ололтод хүргэдэг гэж үздэг. Тэд байнга өөртөө сэтгэл хангалуун байж, өөрсдийгөө биширч, өөрсдийн чадвар, ур чадварыг үнэлдэг. Тэд өөрсдийгөө дэлхийн хамгийн ухаантай хүн гэж итгэдэг: Бурханы үгийн эх сурвалж юу болох, хэнд чиглэсэн, Бурханы үгийн цаад нөхцөл байдал, Бурханы үг биелсний дараа ямар хандлага баримтлах ёстойг, мөн Бурханы үг биелэхгүй бол ямар сөрөг арга хэмжээ авах ёстойгоо тэд ойлгож чадна гэж итгэдэг. Тэд маш ухаалаг, төгс байсныхаа төлөө, жирийн хүнээс илүү ухаантай байсныхаа төлөө өөрсдөдөө баяр хүргэдэг. Тэд юуны төлөө өөрсдөдөө баяр хүргэдэг вэ? Бурханыг шинжиж, дүн шинжилгээ хийж, Бурхантай тэмцэлдэж, зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханы үгийг сэм харах нь маш сэтгэл хөдөлгөм, асар их амжилт гаргасан мэт мэдрэмж төрүүлдэг зүйл гэж тэдэнд санагддаг. Тиймээс тэд ийм хүмүүс байсныхаа төлөө өөрсдийгөө үнэхээр биширч, өөрсдөдөө баяр хүргэдэг. Антихристүүд мунхаг биш гэж үү? Бусад хүнтэй тэмцэлдэх нь та нарын хэн нь хэнээсээ илүү болохыг тодорхойлох боломжийг чамд үнэхээр олгож магадгүй, тэр ч байтугай өөрийнхөө давуу тал, оршин байгаагаа мэдрэх мэдрэмжийг ч чамд төрүүлж магадгүй. Гэвч чи Бурхантай тэмцэлдэж, Бурханы үгийг, Бурханы үйлдлийг, Бурханы хийдэг бүхнийг сэм харах үед үүнийг юу гэж нэрлэх вэ? Мөн холбогдох үр дагавар нь ямар байх вэ? Энэ бол үхлээ эрж байгаа хэрэг! Чи кино од, дуучин, алдартан, агуу хүмүүсийг—хэнийг ч сэм харж болно, харин чиний огт сэм харж болохгүй нэгэн бол Бурхан юм. Хэрвээ чи тэгвэл, сэм харах байгаа буруу сонгож байна. Мэдээлэл өндөр хөгжсөн, мэдээллийн урсгалыг хялбарчилдаг янз бүрийн хэрэгсэл бүхий өнөөгийн ертөнцөд өөр хүний хаана байгааг, тэдний бодол санаа, үзэл бодлыг, мөн өдөр тутмын амьдралыг нь сэм харах нь ичгүүртэй зүйл гэж тооцогдохгүй байж магадгүй. Гэвч, Бурханд итгэж, дагадаг, Бурханы үгийг дээдэлж, өдөр бүр идэж уудаг хүн зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханы бүх үйлдлийг, Бурханы бүх үгийг, мөн Бурханы бүх ажлыг байнга сэм харах нь эгдүүцмээр тэрслүү байдал юм! Хүмүүс завхарсан зан чанартай; Бурханы өмнө завхралаа илчлэх үед чинь Бурхан ойлгож, танин мэдэх үнэнээр чамайг хангаж, өөрчлөлтөд хүрэх цаг хугацааг чамд олгож чадна. Бурхан хүмүүсийн завхрал, гэм буруу, нүглийг уучилж чадах бөгөөд санахгүй. Бурханы уучилж, эсвэл тэвчиж чадахгүй цорын ганц зүйл бол антихристүүдэд дуулгавартай байх зүрх сэтгэл өчүүхэн төдий ч байдаггүй, тэд үргэлж Бурханыг шинжиж байдаг, түүнчлэн тэд хэдийд ч, хаана ч Бурханы ажил, Бурханы үгийг байнга, тасралтгүй сэм хардаг явдал юм. Чи юу хийхийг хичээгээд байгаа юм бэ? Чи Бурханы зөв эсэхийг сорихыг хүсэж байна уу? Чи хэнийг шалгаж байна гэж бодоо вэ? Бурхан яагаад эдгээр зүйлийг хийдгийн эх сурвалж, сэдлийг шинжлэхийг чи хүсэж байна уу? Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Энэ бүхнийг хийчхээд чи өөрийгөө гаднын хүн гэж бодохгүй байна уу? Бурхан чиний сэм харах объект байж болох уу? Бурхан чиний шинжих объект байж болох уу? Чи Бурханы шинжилтийг хүлээн авах, Бурханы удирдамжийг хүлээн авах, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авах, Түүгээр засуулахыг хүлээн авах, мөн зан чанарын өөрчлөлттэй холбоотой иймэрхүү бүх эерэг хэрэгжүүлэлт нь зүй ёсных юм. Заримдаа Бурханыг буруугаар ойлгох үед, сул дорой, сөрөг болж, Бурханд гомдоллох үед чинь ч Бурхан үүнийг чиний эсрэг ашигладаггүй, чамайг ялладаг ч үгүй. Гэвч нэг зүйл бий: Чи үргэлж Бурханыг сэм харж, Бурханы үг, Бурханы ажлын зөв зүйтэй байдлыг ялган танихыг үргэлж оролдож байна—энэ бол Бурханы огт уучилж, эсвэл тэвчиж чадахгүй зүйл; энэ бол Бурханы зан чанар. Үнэхээр завхарсан хүмүүс араатан биш; тэд Бурханыг ингэж эсэргүүцдэггүй, ийм үзэл бодол, хандлага тээдэггүй, мөн Бурханд ингэж ханддаггүй. Бурханыг улайм цайм, ил тодоор эсэргүүцэн зогсож чадах ганцхан зүйл, ганцхан дүр байдаг, тэр нь Сатан юм. Бурхан хүмүүсийн гэм буруу, завхралыг санахгүй ч Сатан Бурханыг эсэргүүцэх, сөрөх, доромжлох, гүтгэх явдлыг Бурхан хэзээ ч уучлахгүй. Бурхан зөвхөн завхарсан хүмүүсийг л авардаг, Сатаныг авардаггүй. Уг чанар нь өөрчлөгддөггүй, антихристийн мөн чанартай антихристүүд Сатаныг төлөөлж, Сатаны оронд Бурханыг эсэргүүцэн зогсож, Бурханы үгийг сэм харж чаддаг. Тэдэнд хандах Бурханы хандлага ямар байдаг вэ? Харааж, ялласан хандлага байдаг. Антихристүүд ингэж авирлахгүй байж чаддаггүй, тэд үхлээ эрж байна.

3. Сүйрлийг зөгнөдөг Бурханы үгийг сэм харах

Дөнгөж сая бид антихристүүд Бурханы үг биелэх эсэхийг сэм хардаг тухай хоёр зүйлийн талаар нөхөрлөлөө: Нэг нь Бурханы амлалт, ерөөлийн үг, нөгөө нь хүмүүст өгсөн Бурханы хараал, шийтгэлийн үг байв. Дараа нь гуравдугаар зүйл, сүйрлийг зөгнөсөн Бурханы үгийг харцгаая. Өмнөх хоёр зүйлийн адилаар, энэ төрлийн үгэнд хандах антихристүүдийн хандлага ижил байдаг: Тэд сониучирхдаг, шинжиж, ойлгохыг, бас эдгээр үг биелэх өдрийг харж, баримт гарч ирэхийг гэрчлэхийг хүсдэг. Энэ төрлийн үгэнд хандахдаа антихристүүд бас зүрх сэтгэлийнхээ гүнд далдуур сэдэж, хариу арга хэмжээг тунгаан бодож, янз бүрийн эргэлзээ төрж байдаг. Тэд эдгээр үг биелэх эсэхийг ажиглаж, сориод, зохих хариу арга хэмжээг боловсруулдаг. Антихристүүд сүйрлийг зөгнөсөн эдгээр үгийг унших үедээ зүрх сэтгэл нь сүйрэл биелэх өдрийг хүлээх хүлээлтээр дүүрч, янз бүрийн төсөөллөөр дүүрэн байдаг. Тэд Бурханы үг биелнэ гэж найддаг, сүйрэл ирвэл мэдлэгийн хүрээг нь тэлж, шунал хүслийг нь хангана гэж бас найддаг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Бурханы зөгнөсөн сүйрэл нь бүгд Бурханы агуу ажил биелж, Бурхан алдарших өдөр, ариун хүмүүс өргөгдөж, хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газар руу орох гэх мэттэй холбоотой байдаг. Тиймээс антихристүүд сүйрлийг зөгнөсөн Бурханы үгийн энэ хэсгийн талаарх хүлээлт, сониучирхлаар бүр ч дүүрэн байдаг. Эхний хоёр зүйлтэй харьцуулахад антихристүүд энэ төрлийн үгийг бүр ч их сонирхдог. Антихристүүд зүрх сэтгэлдээ, хэрвээ хэн нэгэн газар хөдлөлт, тахал, шавжид баригдах, үер, хөрсний нуралт, эсвэл бусад байгалийн гамшиг зэрэг гамшгийг авчирч чадвал тэр оршихуй нь асар их чадвартай, маш хүчирхэг нэгэн бөгөөд дагаж, шүтэн мөргөж, итгэж найдах үнэ цэнтэй гэж итгэдэг. Тиймээс үүнтэй адилаар, антихристүүд сүйрлийн талаарх Бурханы зөгнөл шиг үг биелэх эсэхийг Бурхан үнэхээр Бурхан мөн эсэхийг хэмжих стандарт гэж бас үздэг. Тэд иймэрхүү логик сэтгэлгээ, санаа, үзэл бодлыг зүрх сэтгэлдээ ягштал баримталж, энэхүү үзэл бодлыг зөв, үндэслэлтэй, ухаалаг алхам гэж боддог. Ийнхүү, Бурханыг дагаж эхэлсэн өдрөөсөө, сүйрлийг зөгнөсөн Бурханы үгийг харсан тэр мөчөөс эхлэн антихристүүдийн зүрх сэтгэлийг ийм л зүйл эзэмдэж ирсэн. Тэд Бурханы үгэнд хэлсэн зүйлд, өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүд ирж, Бурханы агуу ажил биелэх үед Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн гэсгээх бол, хүн төрөлхтнийг шийтгэж, устгахын тулд Бурхан ямар төрлийн сүйрэл авчрах бол, хүн төрөлхтнийг сүйрэлд унагахын тулд Бурхан ямар арга ашиглах бол, мөн зөвхөн Бурханыг дагадаг, Түүний сайшаалыг олсон хүмүүс л ийм сүйрлээс хэрхэн зайлсхийж, мултарч чадах бол, яаж ийм сүйрлийн залхаан цээрлүүлэлтийг амсах шаардлагагүй болох бол гэдэгт санаа зовдог. Антихристүүд сүйрлийг зөгнөсөн Бурханы үгийг маш чухалд тооцож, зүрх сэтгэлдээ дүн шинжилгээ хийж, оюун ухаандаа цээжилж, уншдаг. Тэд сүйрэлтэй холбоотой үг бүрийг санадаг бөгөөд сүйрлийн талаарх Бурханы зөгнөл хэзээ, хэрхэн биелэхийг бас тунгаан боддог. Хэрвээ эдгээр зөгнөл үнэхээр биелбэл өөрсдөд нь юу тохиолдох, хэрвээ биелэхгүй бол өөрсдөө юу хийхээ тэд тунгаан боддог. Эдгээр зөгнөлийг харсан цагаас хойш антихристүүд Бурханд итгэх итгэлдээ тэмүүлэх зүйл, зүг чиг, зорилго олсон мэт байдаг. Тэд сүйрэл нүүрлэхийг хүлээх зуураа бас бүх талаар өөрсдийгөө бэлддэг. Агуу сүйрэл ирэх үед Бурханаар хамгаалуулахын тулд тэд ажил, гэр бүлээ орхиж, сайн мэдээ номлодог. Үүний зэрэгцээ, сүйрэл нүүрлэх үед амьд үлдэхийн тулд тэд Бурханд байнга даруухнаар залбирч, Бурханы үг хурдан биелж, Бурханы хүрэх гэж зорьсон бүхэн хурдан биелж, Бурхан алдрыг олж, удахгүй амралтаа эдэлж, өөрсдөө тэнгэрийн хаанчлалын ерөөлийг удахгүй эдлэх болов уу хэмээн найддаг. Антихристүүдийн энэ бүх үзэл бодол, тэдний байнга хэлдэг үг, залбирлаас харахад антихристүүд Бурханы агуу ажил биелж, Бурхан эртхэн амрахыг тэсэн ядан хүлээж байгаа мэт байдаг. Гэвч хүмүүсийн мэддэггүй зүйл гэвэл, эдгээр найдварын цаана антихристүүдийн хорон санаархал нуугдаж байдаг. Тэд ийм залбирал, хуурамч харагдах байдлаараа сүйрлээс зайлсхийж, Бурханыг өөрсдийн хоргодох газар болгож чадна гэж найддаг. Энэ бүхэнд бэлдэх зуураа тэд сүйрэл хурдан ирж, сүйрлийг зөгнөсөн Бурханы үг удахгүй биелнэ гэж бас найддаг. Тэд урьдын адил дааж чадах хэмжээгээрээ төлөөс төлж, өөрсдийгөө зарлагадаж, зовж, тэвчсээр байдаг бөгөөд бүгдэд харуулахын тулд сайн дүр эсгэх гэж тархиа гашилгадаг. Сайн мэдээ номлохын тулд ямар их төлөөс төлсөн, ямар их ялгаварлан гадуурхалт, хавчлагыг тэвчсэн, энэ өдрийг хүлээж ямар их төлөөс төлснийг нь хүн бүр хүлээн зөвшөөрөөсэй гэж тэд хүсдэг. Туулсан зовлон, төлсөн төлөөсийг нь хараад Бурхан сүйрэл нүүрлэх үед тэднийг ямар ч сүйрлээс өршөөнө гэж тэд найддаг. Үүний зэрэгцээ, төлсөн төлөөснийхөө ачаар сүйрлийн дараа сайн хүрэх газартай болж, ерөөгдөх хүмүүсийн нэг болох азтай байна гэж тэд найддаг. Зүрх сэтгэлийнхээ гүнд антихристүүд энэ бүхнийг чимээгүйхэн, хэнд ч мэдэгдэхгүйгээр тооцоолдог. Эцэст нь, нэг л өдөр өчүүхэн хэрэг явдлаас болоод антихристүүд саад бэрхшээл туулж, үйлдэл, зан авир нь яллагдсан мэт байдаг. Энэ нь тэдний найдвар, уран зөгнөл нь нуран унах дөхөж, хүсэл нь биелэхгүй болох дөхсөн гэсэн үг юм. Энэ мөчид антихристүүдийн зүрх сэтгэлийн угт төрдөг хамгийн эхний бодол юу вэ? “Би маш ихийг өгсөн, маш их зовсон, маш олон өдөр тэвчсэн, маш олон жил итгэсэн, гэтэл сүйрлийг зөгнөсөн бурханы үгийн аль нь ч биелэхийг би харсангүй. Бурхан үнэхээр сүйрэл авчрах уу? Бидний залбирч, хүлээсэн зүйлийг бурхан хэзээ нэгэн цагт биелүүлэх үү? Бурхан яг хаана байна вэ? Тэр үнэндээ биднийг аврах уу, үгүй юу? Бурханы ярьсан сүйрэл ер нь байдаг юм уу? Хэрвээ байхгүй бол бид бүгд эндээс явах хэрэгтэй. Энэ бурханд итгэж болохгүй, бурхан гэж байхгүй!” Энэ бол антихристүүдийн хязгаар юм. Өчүүхэн саад бэрхшээл, магадгүй өөр хэн нэгний санамсаргүй хэлсэн яллаж, ил болгосон үг тэдний эмзэг цэгийг хөндөхөд тэд дүрсхийн уурлаж, цаашид биеэ барьж, дүр эсгэж чадахаа больдог. Тэдний хамгийн түрүүнд хийдэг зүйл бол багтартлаа уурлаж, Бурханы үг рүү хуруугаараа чичлэн ингэж хэлдэг: “Хэрвээ чиний үг биелэхгүй бол, хэрвээ чиний хэлсэн сүйрэл болохгүй бол би цаашид чамд итгэхгүй. Угтаа, сүйрлийг зөгнөсөн эдгээр үгээс л болоод би сайн мэдээ номлож, төлөөс төлж, үүргээ гүйцэтгэсэн. Эдгээр үг байхгүй байсан бол би чамд огтхон ч итгэхгүй байх байсан! Эдгээр үгээс болоод, айсуй сүйрлээс болоод л би чамайг бурхан гэж итгэсэн. Гэтэл одоо, ингэж их зовчхоод байхад чиний хэлсэн сүйрэл ирсэнгүй. Шүтлэггүй хүмүүсийн дунд мууг үйлддэг маш олон хүн байгаа ч тэдний хэн нь ч шийтгүүлсэнгүй—тэдний нэг нь ч сүйрэлд өртсөнгүй. Тэд нүгэл дотор амьдарч, амьдралаа таашаасан хэвээр байхад би сүйрлийг зөгнөсөн үг чинь биелэх өдрийг л хүлээж, энэ олон жил буулт хийж ирлээ. Гэтэл бурхан чи юу хийсэн юм бэ? Бидний тэсэн ядан хүлээж байгааг бодолцон чи хэзээ ч ямар нэгэн тэмдэг, гайхамшиг үзүүлээгүй, хэзээ ч ямар нэг сүйрэл буулгаж бидэнд харуулан, бидний итгэлийг бататгаж, үнэнч байдлыг маань бэхжүүлээгүй. Чи яагаад ийм зүйл хийдэггүй юм бэ? Чи чинь бурхан биш билүү? Энэ ёрын муу ертөнцийг, энэ ёрын муу хүн төрөлхтнийг шийтгэх сүйрэл буулгах тийм хэцүү гэж үү? Бид зүгээр л эдгээр зүйлийн биелэлтээр дамжуулан итгэлээ бататгахыг хүсэж байна, гэтэл чи зүгээр л үйлдэхгүй юм. Хэрвээ чи үйлдэхгүй бол бид цаашид бурханд итгэж чадахгүй; бид юу ч олж авч чадахгүй, бурханд итгэх ямар ч хэрэггүй. Цаашид итгэх шаардлагагүй, үүргээ гүйцэтгэх шаардлагагүй, сайн мэдээ номлох ч шаардлагагүй.” Өчүүхэн саад тотгортой тулгарч, амьдралд бага зэргийн бэрхшээл, сэтгэл дундуур байдалтай нүүр тулаад антихристүүдийн үнэн төрх, зүрх сэтгэлийн гүн дэх бодол нь хэзээ ч, хаана ч ил гарч чаддаг нь тун аймшигтай. Сүйрэл хэзээ нүүрлэх, сүйрлийг зөгнөсөн Бурханы үг биелэх эсэх, хэзээ, хэрхэн биелэх, энэ бүхнийг Бурхан шийддэг. Бурхан хүмүүст эдгээр зүйлийн талаар хэлдэг нь тэдэнд нүүр өгч, тэднийг хүн гэж үзэж байгаа хэрэг—энэ нь хүмүүс эдгээр үгийг ашиглан Бурханы эсрэг барьц олж авч, Бурханыг шүүх хэрэгсэл болгохын тулд биш юм. Бурхан эдгээр үгийг хэлсэн болохоор эдгээр үг биелэхийг амьд ахуй цагтаа харах боломжийг хүмүүст олгох ёстой, эс бөгөөс Бурханы үг хүчингүй болно гэж антихристүүд эндүүрч боддог. Үг нь хүчингүй болдог бурханыг бурхан гэж үзэх ёсгүй, бурхан байх үнэ цэнгүй, тэдний бурхан байх үнэ цэнгүй; энэ бол антихристүүдийн логик юм.

Эхнээсээ дуустал антихристүүд сүйрлийг зөгнөсөн Бурханы эдгээр үгийг ашиглахыг л хүссэн. Эдгээр үг тэдэнд урам өгч, хүний сайн зан авир, өөрсдийн бүхий л золиос, махан биеийн зовлон зүдүүрийг ашиглан сүйрлээс зайлсхийх ерөөлөөр сольж авах тухай бодоход хүргэсэн. Эхнээсээ дуустал тэдний цорын ганц зорилго нь сүйрлээс зайлсхийж, ерөөл олж авах явдал байв. Тэд эдгээр үгийг илэрхийлсэн Нэгнийг хэзээ ч үнэхээр Бурхан гэж үзээгүй. Эхнээсээ дуустал антихристүүд үргэлж Бурханыг эсэргүүцэн зогсож, Бурханы үгийг сэм харах арга зам болгон Бурханыг байнга сорьж, хэмжсээр ирсэн. Хэрвээ Бурханы үг биелж, мэдлэгийн хүрээг нь тэлж, тэдний таашаал, үзэл бодол, хэрэгцээ шаардлагын дагуу биелбэл тэд Бурханыг Бурхан гэж үздэг. Гэвч хэрвээ энэ нь тэдний хүсэл, үзэл бодол, хэрэгцээ шаардлагын эсрэг байвал эдгээр үгийг айлдсан Нэгэн тэдний хувьд Бурхан гэж тооцогддоггүй. Энэ бол антихристүүдийн баримталдаг үзэл бодол юм. Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд Бурхан бол Бүтээгч гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй, мөн Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримтыг ч хүлээн зөвшөөрөөгүй нь тодорхой байна. Хэд хэдэн удаа тэмцэлдэж, тэвчээртэйгээр тэсэж, бодлын тэмцэл өрнүүлсний эцэст антихристүүд нэг сургамж авдаг: “Бурханы үгэнд хөнгөмсгөөр хил хязгаар тогтоож болохгүй, мөн бурханы үгийн биелэлтийг түүний ялгамж чанар, мөн чанарыг хэмжих стандарт болгон хөнгөмсгөөр, тоомжиргүйгээр ашиглаж болохгүй. Бид хангалттай хатуужаагүй байгаа, үргэлжлүүлэн тэвчиж, оюун санаагаа тэлэх хэрэгтэй. Зүйр үгэнд ‘Уужуу сэтгэлд уул багтана’; ‘Амьд хүн аргатай, аргалын гал цогтой’ гэдэг дээ. Эдгээр үг биелэхгүй байлаа гээд яах вэ дээ? Сүртэй юм биш. Би энэ олон жил гүрийж ирсэн; магадгүй дахиад хэдэн жил тэвчвэл, бурханы үг биелж, би ямар нэг зүйл олж авах ч юм билүү. Дахиад жаахан тэвчье, дахиад нэг азаа үзье. Би уурлаж болохгүй; эс бөгөөс миний өмнөх бүх хүчин чармайлт талаар болж, туулсан бүх зовлон минь үр дүнгүй болно. Тэгвэл ямар их гарз болох билээ дээ! Хэрвээ би одоо бодлоо ил болгож, бурханыг үгүйсгэж, эргэлзэж, буруутгахаар босвол тэр нь ухаалаг алхам болохгүй. Би үргэлжлүүлэн төлөөс төлж, хатуу бэрхийг туулж, тэвчсээр байх ёстой. ‘Эцсийг хүртэл тэвчсэн нь аврагдах болно’ гэдэг үгийг мартаж болохгүй. Энэ үг хэзээд үнэн бөгөөд дээдийн дээд үнэн хэвээр байдаг. Би энэ үгийг баримталж, зүрх сэтгэлдээ үргэлж сийлж явах ёстой.” Хэсэг хугацаанд сөрөг, дуугүй байсны дараа антихристүүд эцэст нь дахин “босож ирдэг”.

Бурханы гэрт үүргээ гүйцэтгэх явцдаа антихристүүд янз бүрийн үүрэг рольд үйлчлэхийн сацуу бүх төрлийн ажлыг хариуцан хийдэг. Гаднаа ямар ч өөрчлөлтгүй мэт санагдах боловч Бурханд олон жил итгэсэн байх тусам, Түүнийг олон жил дагасан байх тусам сүйрлийг зөгнөсөн Бурханы үгээс антихристүүд дотроо улам их өө эрдэг. Яагаад тэр вэ? Бурханд олон жил итгэсэн байх тусам энэ нь тэд илүү ихийг золиосолж, илүү ихийг орхисон, ертөнц рүү буцах зам нь улам бүр багассан гэдгийг илтгэдэг. Тиймээс, сүйрлийг зөгнөсөн эдгээр үгийн тухайд антихристүүд өөрийн эрхгүй улам бүр “Энэ бүхэн үнэн байгаасай. Энэ бүхэн заавал биелэх ёстой” гэж боддог. Тэд энэхүү “заавал” болон энэхүү бат бөх итгэл үнэмшлээ Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж үздэг. Энэхүү жинхэнэ итгэл гэгч нь тэднийг үүргээ гүйцэтгэж, зовж, төлөөс төлж, тэвчиж, дахин тэвчихэд хүргэдэг бөгөөд энэ нь яг л шүтлэггүй хүмүүсийн “Бүхнийг дэнчин тавьж байж л ялна” гэж хэлдэгтэй адил юм. Ийм итгэл үнэмшлээс зуурахын сацуу антихристүүд Бурханы үг биелэх өдрийг сэм харж байдаг. Эцэст нь тэр өдөр ирдэг—энэ ертөнцөд гай, гамшиг тасралтгүй гарч, янз бүрийн өнцөг буланд, өөр өөр улс орон, өөр өөр үндэстэн ястнуудын дунд тохиолддог. Эдгээр том жижиг гамшиг нь олон хүний амийг авч, олон хүний амьдрах орчныг өөр болгож, экологийн орчныг өөрчилж, нийгмийн олон янзын бүтэц, амьдралын хэв маягийг өөрчилдөг гэх мэт. Гэвч яаж ч байсан, антихристүүдийн нүдээр бол Бурханы үг багахан хэмжээнд биелсээр байгаа бөгөөд энэ нь тэдний зүрх сэтгэлийн гүн дэх хамгийн их сэтгэлд нийцсэн зүйл юм. Энэ олон жилийн дараа тэд дэмий тэвчиж, хүлээгээгүй, Бурханы үг биелэх өдөр, үе шатыг эцэст нь гэрчиллээ гэж тэд боддог. Гэвч тэд урам хугарч, бууж өгч болохгүй; үргэлжлүүлэн тэвчиж, хүлээх хэрэгтэй гэж боддог. Хэчнээн их тэвчиж, хүлээх нь хамаагүй, антихристүүдийн зүрх сэтгэлийн гүнд хамгийн их санаа зовоодог зүйл юу вэ? Энэ нь: “Өлсгөлөн, тахал, газар хөдлөлтийн зөгнөл биелсэн, гэхдээ агуу сүйрлийн тухай зөгнөл хэзээ биелэх вэ?” гэдэг юм. Нэг талаар антихристүүд Бурханы үгийн нэг хэсэг аажмаар, бага багаар биелж байна гэж итгэдэг ч нөгөө талаар тэд ингэж эргэлздэг: “Эдгээр гамшиг зүгээр л байгалийн гамшиг биш гэж үү? Түүхийн туршид гамшиг тасралтгүй гарсаар ирсэн. Эдгээр гамшиг тохиолдож байгаа нь бурханы үгийн биелэлт мөн үү? Хэрвээ биш бол юу юм бэ? Би ингэж бодох ёсгүй; бурханд итгэгч хүн бурханы үгэнд итгэх ёстой. Гэхдээ бурханы үг тийм амархан хэрэгждэг гэж үү? Үүнийг бурхан яаж хийсэн юм бэ? Би яагаад үүнийг хийхийг нь хараагүй юм бэ? Би яагаад энэ талаар мэдэхгүй байна вэ? Хэрвээ энэ нь бурханы хийсэн зүйл мөн бол, түүнд итгэгчид үүнийг харах ёстой, бурхан тэдэнд үзэгдэл өгөх ёстой. Гэтэл бид бурханы мутрыг хараагүй, бурханы дуу хоолойг ч сонсоогүй. Тэгвэл эдгээр үйл явдал зүгээр л тохиолдол байж таарах уу? Би ингэж бодох ёсгүй; ийм бодол намайг сул дорой болгож мэднэ. Энэ бүхэн бурханы үгийн биелэлт гэдэгт би итгэх л ёстой; би үүнийг тохиолдол биш, харин бурханы дээд эрх, бурханы үг биелж байна гэж л үзье. Ингэвэл миний сэтгэл арай амарна.” Ингэж бодох нь маш ухаалаг бөгөөд нөхцөл байдалд сайн дүн шинжилгээ хийлээ, Бурханд эргэлзэхгүй байхын зэрэгцээ өөрсдийн итгэлийг тогтворжуулж чадлаа, мөн зүрх сэтгэл дэх асар их түгшүүр, шунал хүслээ намжаалаа гэж тэд боддог. Антихристүүд түр зуурын буулт хийж, эвлэрэхийн сацуу агуу сүйрэл ирэхийг хүлээдэг. “Агуу сүйрэл хэзээ ирэх вэ? Тэр үед ариун хүмүүс агаарт өргөгдөнө, гэхдээ энэ нь яг хаана болох вэ? Энэ яаж болох вэ? Тэд дээшээ нисэх үү, эсвэл бурханы мутраар өргөгдөх үү? Агуу сүйрэл болох үед хүмүүст махан бие нь байх болов уу? Тэд одоогийн хувцсаа өмссөн хэвээр байх болов уу? Шүтлэггүй хүмүүс бүгд үхэх үү? Тэр нь ямархуу байдал, нөхцөл байдал байх бол? Үүнийг хүн төсөөлөхийн аргагүй. Би одоохондоо энэ талаар бодохгүй байсан нь дээр. Би зүгээр л бурханы үг гарцаагүй биелнэ гэдэгт итгэе. Гэхдээ тэдгээр нь үнэхээр биелж чадах уу? Тэр өдөр хэзээ ирэх вэ?” Тэд дотроо өөрсдөөсөө эдгээр асуултыг асуусаар, дахин дахин эргэлзээ төрдөг. Эдгээр сүйрэл нь тэдний ирээдүй, хувь заяатай нягт холбоотой, салшгүй уялдаатай байдаг тул антихристүүд: “Агуу сүйрэл хэзээ буух тухай зөгнөлийн биелэлт дээр би байнга сонор сэрэмжтэй байх ёстой, би үүнийг цаг үргэлж санаж явах ёстой, тэгвэл боломжийг алдахгүй, ерөөл хүртэж чадахгүй болохгүй” гэж боддог. Тэгвэл тэдний харах өнцөг юу вэ? “Би сайн мэдээг газар сайгүй номлож, үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэж, үймээн дэгдээж, саад учруулах юм уу алдаа гаргахаас зайлсхийж, анхаарал татахаас зайлсхийж, даруу байх хэрэгтэй. Би алдаа гаргахгүй, чуулганаас хөөгдөхгүй л байвал тэр нь хангалттай. Би гарцаагүй хоргодох газарт хүрч чадна; энэ бол бурханы амлалт—үүнийг хэн булааж чадах юм бэ?” Багахан гамшиг аажмаар бууж, бүх хүн төрөлхтөн гамшигт унах үед антихристүүд зүрх сэтгэлийнхээ гүнд амар амгаланг, тодорхой хэмжээний тайван байдлыг олдог. Үүний зэрэгцээ, тэд агуу сүйрэл ирэх болон ариун хүмүүс өргөгдөх өдрийг тэсэн ядан хүлээдэг. Ямартай ч, антихристүүд сүйрлийг зөгнөсөн Бурханы үгийг сэм харсаар байдаг. Ийм сэм харах үйлдэл нь Бурханы нүдээр бол Сатан сэм харахтай адил юм. Тэрээр үүнийг эргэлзээ, үгүйсгэл, гүтгэлэг болон Бурханы зөв бурууд дүн шинжилгээ хийж буй хэрэг гэж үздэг. Энэ нь Бурханы ялгамж чанарт тээнэгэлзэж, Бурханы эрх мэдэл, төгс хүчинд эргэлзэж, Бурханы итгэмжит байдалд эргэлзэж байгаа хэрэг юм. Бурхан ийм зүйл тохиолдохыг зөвшөөрдөггүй, мөн ийм хүмүүс оршин байхыг ч зөвшөөрдөггүй, Тэр ийм хүмүүсийг яавч аврахгүй. Антихристүүд нууцаар сэдэж, зүрх сэтгэлдээ тооцоолсон хариу арга хэмжээгээ хамгийн ухаалаг, хамгийн далд нь гэж боддог. Гэвч Бурхан тэдний бүх бодлыг харж, тэднийг ялладаг гэдгийг тэд огт мэддэггүй. Бурхан ингэж хэлдэг: “Тэр өдөр олон хүн Надад ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр тунхаглаагүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7:22–23). Бурхан зүрх сэтгэлдээ энэ хүмүүст чимээгүйхэн ингэж хэлдэг: Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл. Та нар Миний үйлдлийг сэм хардаг, Миний үгийг сэм хардаг. Ийм хүмүүс хэзээ ч аврагдаж чадахгүй. Антихристүүд сүйрлийг зөгнөсөн Бурханы үг биелэх эсэхийг эрэлхийлэх зорилгоо болгож, Бурханы зөв бурууг шинжлэх стандарт болгон үздэг нь аймшигтай зүйл; энэ нь бас муу үйл юм.

Бурханы үгийн тодорхой талууд биелэх эсэх, хэрхэн биелэх, хэзээ, хаана биелэх тухайд Бурханд Өөрийн гэсэн арга зам бий. Хүмүүст эдгээр үгийг Бурханаас сонсох асар их хувь тохиосон нь ердөө л Бурханы нигүүлсэл юм. Бурхан эдгээр үгийг хэлж байгаагийн зорилго нь хүн төрөлхтөн тэдгээрийг ашиглан Бурханыг боож, Бурханы зөв бурууг шинжилж, эсвэл Бурханы ялгамж чанарыг батлахын тулд биш юм. Бурхан ийм зүйл хийх гэж байгаагаа хүн төрөлхтөнд хэлэхийн тулд л эдгээр үгийг хэлдэг боловч Бурхан хэзээ ч хэнд ч “Би үүнийг ийм байдлаар, энэ хүмүүст, энэ цаг үед, ийм аргаар хийнэ” гэж хэлж байгаагүй. Бурханы хүн төрөлхтөнд хэлээгүй зүйлсэд нэг тодорхой дохио байдаг: Хүн төрөлхтөн мэдэх шаардлагагүй, бас мэдэх шалгуур хангадаггүй. Тиймээс, хэрвээ хүмүүс үргэлж эдгээр хэрэг явдлыг сэм харахыг оролдож, үргэлж ухаж төнхөж, Бурханы эсрэг барьц олж авч, Түүнийг шүүж, яллахын тулд эдгээр хэрэг явдлыг ашиглахыг үргэлж хүсдэг бол, эдгээр үзэгдэл болох үед хүн төрөлхтөн мэдэгдэхгүйгээр Бурханыг эсэргүүцэн зогсож байх болно. Бурханыг эсэргүүцэн зогсох үед Бурхан чамайг цаашид хүн гэж үзэхээ болино. Тэгвэл чи юу вэ? Бурханы нүдээр бол чи Сатан, дайсан, диавол юм. Энэ бол Бурханы зан чанарын хүн халдахыг тэвчдэггүй хэсэг юм. Хэрвээ хүмүүс үүнийг ойлгохгүй, Бурханы зөгнөсөн үгийг байнга асуудал болгож, Бурханы эсрэг барьц олж авахыг оролддог бол, Би чамд хэлье, энэ бол үхлээ эрж байгаа хэрэг. Хүмүүс хэзээд өөрсдийгөө хэн болохыг, мөн ямар байдлаар, ямар эрүүл ухаанаар, ямар өнцгөөс Бурханд болон Бурхантай холбоотой бүх зүйлд хандах ёстойгоо мэдэх хэрэгтэй. Хүмүүс бүтээгдсэн зүйлийн ялгамж чанар, байр сууриа алдмагц тэдний мөн чанар өөрчлөгддөг. Хэрвээ чи амьтан болбол Бурхан чамайг тоохгүй байж магадгүй, учир нь чи өчүүхэн зүйл болох болно. Гэхдээ хэрвээ чи диавол, Сатан болбол чи аюулд орно. Диавол, Сатан болно гэдэг нь Бурханы дайсан болно гэсэн үг, тэгвэл чамд аврагдах найдвар хэзээ ч байхгүй болно. Тиймээс, Би энд байгаа хүн бүрд хэлэхийг хүсэж байна: Бурханы үйлдлийг бүү сэм хар, Бурханы үгийг бүү сэм хар, Бурханы ажлыг бүү сэм хар, Бурхантай холбоотой юуг ч бүү сэм хар. Чи бол хүн, бүтээгдсэн зүйл, тиймээс Бурханы зөв бурууд дүн шинжилгээ бүү хий. Бурханыг өөрийнхөө дүн шинжилгээ хийж, шинжих бай бүү болго, сэм харах бай ч бас бүү болго. Чи бол бүтээгдсэн зүйл, хүн, тиймээс Бурхан бол чиний Бурхан юм. Бурхан юу айлдана, чи тэрийг л хүлээн авах ёстой. Бурхан чамд юу хэлнэ, чи тэрийг хүлээн авах ёстой. Бурханы чамд хэлдэггүй зүйлс, нууц болон зөгнөл, Бурханы ялгамж чанартай холбоотой хэрэг явдлын тухайд нэг зүйл лавтай: Чи эдгээрийг мэдэх шаардлагагүй. Эдгээрийг мэдлээ гээд чиний амь-оролтод ашиггүй. Чи ойлгож чадах чинээгээрээ хүлээн ав. Эдгээрийг зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх, аврал эрэлхийлэхэд чинь саад тотгор болохыг бүү зөвшөөр. Тэр нь зөв зам. Хэрвээ хүн Бурханыг эсэргүүцэн зогсож, Бурхантай хамаатай зүйлсийг сэм харсаар байвал, мөн өөрчлөгдөхөөс тууштай татгалзаж, зөрүүдлэн зууралдсаар, Бурханд ийм байдлаар, ийм хандлагаар хандвал тэдний аврагдах найдвар маш бага болдог. Антихристүүд сүйрлийг зөгнөсөн Бурханы үгийг сэм хардаг—энэ зүйлийн талаарх нөхөрлөлөө энд хүргээд өндөрлөе. Тэгээд одоо дараагийн зүйл рүү орцгооё.

4. Бурхан хэзээ дэлхийг орхин явж, Түүний агуу ажил хэзээ дуусах тухай Бурханы үгийг сэм харах

Дөрөв дэх зүйл бол антихристүүд Бурхан хэзээ дэлхийг орхин явж, Түүний агуу ажил хэзээ дуусах тухай Бурханы үгийг сэм хардаг явдал юм. Бурханы үгэнд энэ талаар тийм ч их байдаггүй. Эдгээр цөөн үгсийн дунд, хэрвээ агуулга нь хүмүүсийн онцгойлон санаа зовдог сэдэв байх юм бол эдгээр үг хэчнээн үл анзаарагдам, эсвэл далд байсан ч тэд олж л таарна. Олсныхоо дараа тэд үзгээр тэмдэглэж, унших чухал үг хэмээн ханддаг. Тэд боломж гарах бүрд эдгээр үгийг хуваалцаж, уншин өөрсдийгөө сэрэмжлүүлж, тайтгаруулдаг. Мэдээж, антихристүүдийн хувьд тэдний илүү их санаа зовдог зүйл нь Бурхан хэзээ дэлхийг орхих, эсвэл Түүний агуу ажил хэзээ дуусах тухай биш, харин эдгээр үгийн цаана Бурханы гүйцэлдүүлэхээр зорьж буй баримтууд юм. Антихристүүдийн зүрх сэтгэлдээ хамгийн их найддаг зүйл бол амьд сэрүүн байхдаа Бурхан дэлхийг орхин явах тэрхүү сүрлэг дүр зургийг өөрийн нүдээр харах явдал юм. Энэ нь тэдний дагасан Бурхан зөв Нэгэн, тэд буруу бурхан сонгоогүй, дагах байгаа ч бас буруу сонгоогүй гэсэн үг болно. Эдгээр нь батлагдахын хэрээр ерөөгдөх боломж нь асар их нэмэгдэнэ гэж тэд итгэдэг. Түүнчлэн, хэрвээ тэд амьд сэрүүн байхдаа Бурхан дэлхийг орхин явах дүр зураг болон Бурханы агуу ажил дуусах дүр зургийг харж чадвал энэ нь тэдний итгэл бүр ч бат бөх болж, Бурханыг огт эргэлзэж тээнэгэлзэхгүйгээр дагана гэсэн үг юм. Энэ дүр зургийг харна гэдэг нь Бурханы талаарх урьдын эргэлзээ тээнэгэлзэл, ухамсарладаггүй байдал, түүнчлэн бусдаас амссан гүтгүүлж, шүүгдэж, гологдох явдал бүгд ард хоцорч, тэднийг хазаарлахаа болино гэсэн үг болно. Нэг талаар, антихристүүд энэ өдөр ирэхийг тэсэн ядан хүлээдэг бол, нөгөө талаар тэд Бурхан одоо дэлхий дээр юу хийж байгаа, Түүний ажил бараг дуусаж байгаа эсэх, Түүний хэлэх ёстой үг бараг дуусаж байгаа эсэх, Түүнийг дагаж буй хүмүүст жинхэнэ үнэнч зан байгаа эсэх, мөн тэд бүрэн төгс болгуулагдсан эсэхийг ажиглан харж байдаг. Одоо Христийг дагаж буй хүмүүсийг ажиглахдаа, ихэнх хүний итгэл нь сул, үүргээ гүйцэтгэхдээ байнга алдаа гаргадаг, олон хүн үүргээ гүйцэтгэх үедээ завхарсан зан чанар харуулснаасаа болж байнга засуулдгийг антихристүүд анзаардаг. Зарим нь бүр Б бүлэг рүү илгээгдэж, тусгаарлагдаж, эсвэл хөөгддөг. Эдгээр шинж тэмдгээс тэдэнд: “Бурханы агуу ажил дуусах өдөр аанай л хол байгаа юм шиг байна, маш бухимдмаар юм! Гэхдээ тэвчээр алдарлаа гээд яах билээ? Энэ нь ямар асуудлыг шийдэж чадах юм бэ?” гэж санагддаг. Антихристүүд Бурханы үгэнд итгэдэггүй, үнэнийг хүлээн авдаггүй, сүнслэг ойлголтгүй, үнэнийг ойлгодоггүй учраас Бурханы ажлын хүмүүст үзүүлэх үр нөлөө нь хэвийн эсэхийг хэмжиж чаддаггүй. Бурханы хүмүүс дээр хийсэн зүйл үнэхээр ямар нэгэн үр дүнд хүрсэн эсэх; Бурханы үг хүмүүсийг үнэхээр аварч, өөрчилж чадах эсэх; хүмүүс эдгээр үгийг хүлээн авахын сацуу өөрчлөгдөж, үнэхээр ямар нэгэн зүйл олж авсан, эсвэл Бурханы сайшаалыг хүртсэн эсэх; мөн энэ хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж, ерөөл хүртэж чадах эсэхийг тэд ухамсарлаж чаддаггүй бөгөөд өөрсдийн нүдээр ажигласан баримтуудаа ойлгож, эсвэл тайлбарлаж чаддаггүй. Тэдний харж буй үйл явдал бүр, оюун ухаандаа бодож буй үйл явдал бүр мананд хучигдсан байдаг бөгөөд үүнийг сарниулах боломжгүй юм. “Эдгээр хэрэг явдал бүгд бүрхэг, нэвт харахад хэцүү, ухамсарлахад бэрх юм. Бурхан дэлхийг орхин явах болон бурханы агуу ажил дуусах үйл явдал үнэхээр оршин байдаг гэж үү? Эдгээр нь үнэхээр биелж чадах уу?” Нэг талаар, антихристүүд дагаж буй Бурхан нь Бурхан мөн гэдэгт өөрсдийгөө хүчээр итгүүлдэг боловч үүний зэрэгцээ өөрийн эрхгүй ингэж эргэлздэг: “Тэр бурхан мөн гэж үү? Тэр бол хүн, тийм биз дээ? Ингэж бодох нь сайн хэрэг биш. Ихэнх хүн түүнийг бурхан гэж итгэдэг учраас би ч бас итгэх ёстой. Гэхдээ үгүй ээ, би үүнд итгэж чадахгүй нь! Түүнийг бурхан гэдгийг би хаанаас харж болох вэ? Тэр бурханы агуу ажлыг дуусгаж чадах уу? Тэр бурханы ажлыг хийж чадах уу? Тэр бурханыг төлөөлж чадах уу? Тэр бурханы төлөвлөгөөг гүйцээж чадах уу? Тэр хүн төрөлхтнийг аварч чадах уу? Тэр хүмүүсийг сайхан хүрэх газар луу хөтөлж чадах уу?” Энэ бүх бодол болон үүнтэй төстэй зүйлс нь антихристүүдийн зүрх сэтгэлийн гүнд хэзээ ч тайлагдашгүй, эвдэгдэшгүй цоож болдог. Тэд: “Би яах ёстой вэ? Тэглээ ч хамгийн дээд зарчим бий: Хүлээж, тэвч; эцсийг нь хүртэл тэвчсэн нь аврагдана. Би үнэнийг эрэлхийлдэггүй ч гэсэн өөрийн гэсэн дүрэмтэй. Бусад нь явахгүй бол би ч явахгүй. Бусад нь дагавал би ч дагана. Би олонхыг дагана. Хэрвээ хүн бүр түүнийг бурхан гэвэл би түүнийг бурхан гэж дуудна. Хэрвээ хүн бүр итгэхээ больж, бурханыг голох юм бол би ч бас тэднийг дагана. Хүн бүр зөрчил гаргагч байхад хууль хэрэгжих боломжгүй, тийм биз дээ?” гэж боддог. Бурханы ажил түгэн дэлгэрэх нь оргилдоо хүрч байгааг хараад тэд зүрх сэтгэлдээ нууцхан баярлаж: “Аз болоход, би хамгийн их эргэлзэж, сул дорой байх үедээ яваагүй. Миний итгэл одоо юу авчирсныг хар даа. Тэр өдөр бараг л ирж, улам олон хүн бурханыг дагаж байна. Ялангуяа хилийн чанадад янз бүрийн улс орны хүмүүс үнэн замыг судалж, итгэгчдийн тоо нэмэгдсээр байна. Бурханы гэр улам олон видео, кино, магтан дуу, гэрчлэл гаргаж, улам их анхаарал татаж байна. Ийм үр дүнд ямар ч хүн хүрч чадахгүй; зөвхөн бурханы ажил л үүнийг гүйцэлдүүлж чадна. Энэ эгэл жирийн хүн бол христ, бурхан байх хамгийн магадлалтай. Тэр христ, бурхан мөн учраас түүний үг гарцаагүй биелнэ. Хэрвээ түүний үг биелэхгүй бол тэр бурхан биш. Логик дүгнэлтээр бол энэ гаргалгаа нь утга учиртай, зөв юм. Хэрвээ тэр бурхан мөн бол дэлхийг орхин явах өдөр ирнэ; хэрвээ тэр бурхан мөн бол тэр агуу ажлаа дуусгаж чадна. Энэ бүх шинж тэмдгээс дүгнэхэд, чуулган дотор бурханыг дагаж буй хүмүүс эерэг чиглэлд, сайн зорилго өөд явж байна. Бүх зүйл нэлээд төгс, бүгд маш эерэг байна. Энэ нь ертөнцийн чиг хандлагыг дагаснаас хамаагүй дээр; тэдгээрийг эрэлхийллээ гээд ямар ч найдвар байхгүй, зөвхөн ад үзэгдэж, эцэстээ сүйрэлд л хөтөлдөг. Хэрвээ хүн бурханд итгэж, дэлхийг орхин явах, агуу ажил нь дуусах өдрийг нь гэрчилж чадвал, мөн бурханы алдраас хуваалцаж чадвал—ямар их нэр төрийн хэрэг болох билээ!” Үүнийг бодоод тэдэнд: “Би яагаад ийм ухаантай юм бэ? Би энэ замыг сонгосон; би л өндөр IQ-тай, хурц ухаантай юм байна даа” гэж санагддаг. Тэд үүнийг Бурханы нигүүлсэлтэй холбоотой гэж үздэггүй, харин өөрсдийн оюун ухаан, овсгоо самбаатай холбоотой гэж үздэг. Энэ ямар хөгийн бодол вэ!

Антихристүүд: “Бурхан дэлхийг орхин явах болон бурханы агуу ажил дуусах хэрэг явдал нь бурханы амлалт, ерөөл, түүний хараал, шийтгэл, түүнчлэн сүйрлийн тухай түүний зөгнөл зэрэгтэй адилгүй—энэ хэрэгт яарч болохгүй; тэр өдөр ирэхийг хүлээхэд хүмүүст зуун хорин хувийн хатуужил, хоёр зуун хувийн тэвчээр хэрэгтэй. Яагаад гэвэл, тэр өдөр ирэхэд бүх зүйл биелнэ. Хэрвээ би одоо тэвчиж чадахгүй, ганцаардлыг дааж чадахгүй, энэ зовлон зүдүүрийг тэсвэрлэж чадахгүй бол тэр өдөр ирэхэд би хоцрох болно. Одоо бол замын эцсийн хэсэг; тийм их зовлон туулчхаад, дахиад жаахан тэвчиж чадахгүй бол би мунхаг амьтан болно шүү дээ!” гэж боддог. Тиймээс, антихристүүдийн хувьд тэр өдөр ирэхийг харах ганцхан арга зам байдаг: Дуулгавартай, тэвчээртэйгээр хүлээх, яарахгүй байх, мөн тэвчиж сурах явдал юм. Тэд: “Нэгэнт би аз туршихаар шийдсэнээс хойш тэвчиж сурах хэрэгтэй, учир нь ийм хатуужил бол жижиг хэрэг биш. Хэрвээ би эцсийг нь хүртэл тэвчвэл, энэ хэрэг гүйцэлдмэгц миний олж авах зүйл бол агуу ерөөл байх болно! Хэрвээ би энэ хугацаанд тэвчихгүй бол агуу гамшигтай нүүр тулна. Энэ хэрэг хоёр замын нэгээр нь явна; нэг бол агуу ерөөл, эсвэл агуу гамшиг авчирна” гэж боддог. Чи хар даа, антихристүүд тэнэг биш байгаа биз дээ? Тэд сүнслэг ойлголтгүй, үнэнд итгэдэггүй, тэд бол үл итгэгчид—гэтэл тэд яаж энэ хэрэг явдалд ийм үнэн зөв, ийм нарийвчилсан дүн шинжилгээ хийж чадаж байна вэ? Ийм дүн шинжилгээ тохиромжтой юу? (Үгүй.) Надад хэл дээ, хүмүүс Бурханы үгэнд ийм “нухацтай” хандах ёстой юу? Зарим хүн: “Энэ бол хүний ирээдүй, хувь заяатай холбоотой, мөн бурханы агуу ажил дуусахтай хамаатай том хэрэг. Үүнийг хөнгөн хийсвэрээр хүлээж авч болохгүй. Хүмүүс бурхан хэзээ дэлхийг орхин явах он, сарыг яг таг тооцоолох ёстой. Түүнчлэн, бурханы үгийн мөрүүдээс илчлэгдсэн бурханы явах арга зам болон дүр зурагт дүн шинжилгээ хийх ёстой. Хэрвээ үүнд нухацтай хандаж, сайтар дүн шинжилгээ хийхгүй бол, ийм сайн зүйлийг алдах нь хэзээ ч дуусашгүй харамсалд хүргэнэ; ийм үйл явдлыг дахиж хэзээ ч харахгүй. Ялангуяа бурханы агуу ажил дуусаж, бурхан алдарших өдөр, мөч ирэх хэзээ ирэхийг хүмүүс бүр ч илүү мэдэх хэрэгтэй” гэж хэлдэг. Үүний хариуд хэн нэгэн: “Хэрвээ Бурхан хэлэхгүй бол бид яаж мэдэж чадах юм бэ?” гэж асуудаг. “Тэгвэл чи Илчлэл Ном дахь Иохан шиг, бурхан чамд үүнийг зүүдэнд чинь илчлэхийн төлөө залбирах ёстой. Хэрвээ чи үзэгдэл хүлээн авч, бурханы агуу ажил дуусах өдрийг зүүд юм уу үзэгдэлдээ харвал, хормын дотор итгэлийг чинь бүрэн дүүрэн бэхжүүлнэ. Чиний тэвчээр, чиний хүлээлт цаашид ердөө хэлбэр төдий, эсвэл чиний хийдэг зүйл төдий байхаа болино; харин чи зүрх сэтгэлийнхээ гүнээс ийнхүү дуртайяа хүлээж, тэвчинэ. Тэгвэл маш гайхалтай байх болно!” Энэ арга барилыг хүлээн зөвшөөрч болох уу? (Үгүй.)

Хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурхан хэчнээн жил хэрэгтэй байсан ч, махбод дахь Түүний ажил дуусах өдөр эцэст нь ирнэ. Энэ нь, тэр хүн эцэст нь хүн төрөлхтнийг орхин явна гэсэн үг; энэ бол ердөө л цаг хугацааны асуудал. Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний ажил төгсгөл рүүгээ дөхөж байна. Энэ төгсгөл арван жил, хорин жил, тавин жил, наян жил, эсвэл зуун жил үргэлжлэх эсэх тухайд бид үүнийг ухаж төнхөх шаардлагагүй. Энэ бол зүгээр л Бурханы ярих арга барил юм. Энэ бол Бурханы ярих арга барил гэж хэлэх нь ямар утгатай вэ? Энэ нь “төгсгөл” хэмээх Бурханы ухагдахуун үнэндээ хэдэн жил болохыг хэлж байгаа юм—Цаг хугацааны талаарх Бурханы ухагдахуун хүмүүсийнхээс гарцаагүй өөр байдаг. Яг хэдэн жил болохыг шинжих нь бидэнд хэрэгтэй юу? Үгүй, хэрэггүй. Яагаад үгүй вэ? Яагаад гэвэл, энэ бүхэн Бурханы гарт байдаг, энэ нь хүмүүс гуйгаад олж авч чадах зүйл биш, мөн хүмүүс мэдмэгцээ Бурханыг хязгаарлахад ашиглаж чадах зүйл ч биш юм. Бурхан Өөрийн хүссэнээр хийдэг. Бурханыг дагагчдын хийх ёстой цорын ганц зүйл бол үнэнийг эрэлхийлж, үүргээ сайн гүйцэтгэж, амийг олж авч, Бурханаас эмээж, муугаас зайлах замаар алхаж, үнэхээр стандартад нийцсэн бүтээгдсэн зүйлс болох явдал юм. Ингэснээр, Бурханы агуу ажил үнэхээр бүрэн дуусаж, Бурхан амрах болно. Бурханы амралт гэж юу гэсэн үг вэ? Энэ нь хүн төрөлхтөн амарна гэсэн үг. Хүн төрөлхтөн амрах газартай болмогц Бурхан амарч чадна. Бурханы амралт бол хүн төрөлхтний амралт юм. Хүн төрөлхтөн хэвийн амьдрах орчин, дэг журамтай болох үед энэ нь Бурханд амралт авчирдаг. Хүн төрөлхтөн хэзээ ийм амьдрах орчинтой болох, хэзээ энэ алхамд хүрэх, мөн Бурхан хэзээ агуу ажлаа дуусгаж, амрах газартаа орохын тухайд гэвэл, энэ бүхэн Бурханы төлөвлөгөөнд байдаг; Түүнд цагийн хуваарь бий. Бурханы төлөвлөгөөний энэхүү цагийн хуваарь ямар эрин үед, аль он, сар, цаг, минутад тохиохыг зөвхөн Бурхан Өөрөө л мэднэ. Хүмүүс мэдэх шаардлагагүй бөгөөд чамд хэлээд ямар ч ашиггүй. Чамд яг таг он, сар, цаг, минутыг хэллээ ч, энэ нь чиний амь болж чадах уу? Энэ амь мөн үү? Энэ нь амийг орлож чадахгүй. Бүтээгдсэн зүйлсийн хийх ёстой цорын ганц зүйл бол Бурханы үгийг сонсож, Бурханы үгийг хүлээн авч, Бурханы үгийг дуулгавартай дагаж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс болох явдал юм. Гэвч Бурханы үгийг шинжих, Бурханы үг биелэх эсэхийг сэм харах, Бурханы үгийн зөв эсэхийг шалгаж, дүн шинжилгээ хийж, шинжихийг үргэлж хүсэх нь—бүтээгдсэн хүмүүсийн хийх ёстой зүйл биш юм. Энэ замаар алхаж, эдгээр зүйлийг хийх гэж зүтгэдэг хүмүүс бол Бурханы хүсдэг бүтээгдсэн зүйлс биш гэдэг нь тодорхой юм. Тэд Түүний шаардлагын дагуу үйлддэггүй, Бурханы хүмүүст тогтоосон дүрэм журмын дагуу амьдардаггүй. Бурханы нүдээр, тэд бол Бурханы дайснууд; тэд бол диаволууд, Сатанууд бөгөөд Бурханы авралын бай биш юм. Тиймээс, Бурхан хэзээ дэлхийг орхин явах, Түүний агуу ажил хэзээ дуусах, Бурханы алдарших өдөр хэзээ ирэх тухайд, Бурханы эдгээр үг болон энэ хэрэг явдалд хандах хүн төрөлхтний зөв үзэл бодол юу байх ёстой вэ? Бурханы хэлсэн эдгээр зүйл гарцаагүй биелнэ гэдэгт хүн итгэх ёстойн зэрэгцээ Бурханы агуу ажил дуусаж, Бурханы хаанчлал ирж, Бурхан үй түмэн хүнд алдаршин илэрч, Бурхан эртхэн амрахаар ороосой хэмээн найдах ёстой. Энэ бол бүтээгдсэн хүмүүс, Бурханыг дагадаг хүмүүсийн найдаж, залбирах ёстой зүйл юм. Ингэх нь зүй ёсных бөгөөд сэм харж буй хэрэг биш. Гэвч Бурханы үг биелэх эсэхийг Бурханыг сүрдүүлэх, Бурхантай болзол тавих хөшүүрэг болгон үргэлж ашиглахыг сэм харах явдал гэж нэрлэдэг бөгөөд энэ бол Бурханы дайснуудын хийдэг зүйл; төлөөс төлөх эсэх, бүхнийг орхих эсэх, үүргээ гүйцэтгэх эсэхээ үргэлж Бурханы үг биелэх эсэхэд үндэслэн шийдэх нь мөн л дайснуудын хийдэг зүйл юм. Жинхэнэ бүтээгдсэн зүйлс Бурханы үг, Бурханы ялгамж чанар болон Бурханы хэлсэн ямар ч зүйлд Сатан, ёрын муу диаволууд, эсвэл Бурханы дайснуудын өнцгөөс биш, харин бүтээгдсэн зүйлсийн өнцгөөс хандах ёстой.

5. Бурханы зан чанар, ялгамж чанар, мөн чанарын тухай Бурханы үгийг сэм харах

Бидний нөхөрлөх дараагийн зүйл нь Бурханы зан чанар, ялгамж чанар, мөн чанарт хамаатай. Эдгээр үг нь өргөн хүрээг хамардаг; Бурханы үгийн ихэнх агуулга нь Түүний зан чанар, ялгамж чанар, мөн чанарыг хөнддөг. Нэг талаар, Бурханы ярианы хэв маяг, өнгө аяс, түүнчлэн агуулга нь хүмүүст Бурханы зан чанарыг харах, Түүний ялгамж чанар, мөн чанарыг харах боломж олгодог. Нөгөө талаар, хүн төрөлхтөнд хэлэх, хүн төрөлхтөнд Өөрийн зан чанар, ялгамж чанар, мөн чанарыг илчлэх тод томруун үг Бурханд бий. Энэ хоёр хэсэг агуулгын тухайд, нэг талаар, Бурханы үгийн мөрүүдээс, Бурханы үгийн агуулга, Бурханы үгийн шинж чанар, түүнчлэн Бурханы өнгө аяс, Түүний яриаг сонсогчдоос Бурханы зан чанар, ялгамж чанар, мөн чанарыг харж болно. Нөгөө талаар, Бурхан ямархуу зан чанартай, ямархуу ялгамж чанар, мөн чанартай болохоо хүмүүст тод томруун үгээр хэлдэг. Энэ хоёр хэсэг агуулгыг антихристүүд үндсэндээ үл тоодог; тэд эдгээрээс Бурханы зан чанар, ялгамж чанар, мөн чанарыг ухаж ойлгодоггүй, Бурхантай холбоотой энэ бүхэнд тэд гарцаагүй итгэхгүй. Тэд үл итгэгчид учраас Бурханы амнаас гарсан үг Бурханы ялгамж чанар, мөн чанарыг төлөөлж чадна гэдэгт итгэдэггүй. Гэсэн хэдий ч тэдний үгүйсгэж чадахгүй нэг зүйл бий: Бурхан ямархуу зан чанартай, Бурхан ямархуу ялгамж чанартай, Түүний мөн чанар ямар болохыг Бурханы үг хүмүүст тодорхой илчилсэн байдаг—Түүний үгийн энэ хэсгийг тэд үгүйсгэж чаддаггүй. Тэд үүнийг үгүйсгэж чадахгүй байлаа гээд үнэхээр хүлээн авч, жинхэнээсээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү? Тэд эдгээр үгийг хүлээн зөвшөөрдөггүй. Харин ч эсрэгээрээ, Бурханы ярьдаг Бурханы зан чанарын агуулга болох Түүний зөвт байдал, ариун байдал, хайр, эрх мэдэл болон Түүний эзэмшил ба оршихуйтай холбоотой бусад шинж чанарын талаар антихристүүд басамжилж, үл тоож, хайхрахгүй байхаас гадна бас эдгээр үгийг сэм харах өнцгөөс хардаг. Жишээ нь, Бурхан Өөрийгөө зөвт гэж хэлэх үед антихрист шинжиж эхэлнэ: “Чи зөвт гэж үү? Энэ ертөнцөд өөрийгөө зөвт гэж хэлж зүрхлэх нэг ч хүн байсангүй. Нэгэнт чи ингэж хэлж зүрхэлсэн юм чинь үүнийг чинь сориод үзье. Чи юугаараа зөвт юм бэ? Чиний ямар үйл хэрэг зөвт байсан бэ? Би үнэмшихээс татгалзаж байна! Хэрвээ энэ мэдэгдэл үнэхээр хэрэгжвэл, хэрвээ чи намайг үнэмшүүлэхээр ямар нэгэн зөвт үйл хэрэг үнэхээр хийвэл би чамайг зөвт гэдгийг чинь хүлээн зөвшөөрнө. Гэхдээ чиний хийсэн зүйл намайг үнэмшүүлэхгүй бол, намайг ний нуугүй хэллээ гэж битгий буруутгаарай. Би чамайг зөвт зан чанартай гэдгийг чинь яавч хүлээн зөвшөөрөхгүй!” Эцэст нь тэдний хүлээж байсан өдөр ирдэг: Нэгэн удирдагч асар их төлөөс төлж, ихээхэн зовж шаналсан хэдий ч бодитой ажил хийж чадаагүй учраас эцэст нь хуурамч удирдагч гэж тодорхойлогдон, чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдсөнийхөө дараа тэрээр сөрөг болж, буруу ойлголттой болж, гомдоллож, маш их хорсож, шүүмжилсэн зүйл хэлэх болсон. Энэ хэрэг явдал антихристийн чихэнд хүрч, нүдэнд нь өртөх үед антихрист: “Хэрвээ чам шиг хүн хүртэл чөлөөлөгдөж чадаж байгаа бол над шиг хүмүүсийн хувьд бүр ч дор байх нь. Хэрвээ чамд аврагдах ямар ч найдвар байхгүй бол, хэрвээ чи бурхны санаа зорилгод нийцэхгүй байгаа бол өөр хэн бурхны санаа зорилгод нийцэж чадах юм бэ? Өөр хэн бурханд тоогдож чадах юм бэ?” гэж хэлдэг. Нэг талаар, антихрист хуурамч удирдагчийг өмөөрч, шударга ёсыг шаарддаг; нөгөө талаар, тэд бас хуурамч удирдагчийн гаргасан хорсож, шүүмжилсэн үгсийг хүлээн авч байдаг. Үүний зэрэгцээ, тэд зүрх сэтгэлдээ Бурхантай нууцаар тэмцэлдэж: “Бурхан зөвт гэж үү? Тэгвэл чуулганы ажлын төлөө зовж шаналж, төлөөс төлсөн хүнийг яагаад чөлөөлж байгаа юм бэ? Энэ хүн чамд хамгийн үнэнч нь. Би түүнээс илүү үнэнч хүнийг хараагүй; түүнээс илүү зовж шаналсан, эсвэл илүү их төлөөс төлсөн хүнийг би хараагүй. Тэр өглөө эрт босож, орой оройтож унтдаг, өвчин эмгэгийг тэвчиж, гэр бүлээ гэх сэтгэлээ хойш тавьж, махан биеийн тав тух, махан биеийн ирээдүйг хойш тавьж, амь насаа эрсдэлд оруулан чиний төлөө ажилладаг. Тэр ч байтугай, өмнө нь тэр шоронд орж байсан бөгөөд урваагүй. Гэтэл чи түүнийг ингээд л чөлөөлж, ингээд л илчилж байна—чи үнэхээр зөвт гэж үү? Чиний зөвт байдлын нотолгоо хаана байна вэ? Би яагаад үүнийг харж чадахгүй байна вэ?”. Эцэст нь, антихрист Бурханы ажлаас хөшүүрэг олж авснаар Бурханы зан чанарын зөвт байдалд эргэлздэг болсон. Тэд дотроо: “Хэрвээ бурхан зөвт юм бол ихэнх хүн тэнцэж чадахгүй; хэрвээ бурхан зөвт юм бол хүмүүс үнэхээр болгоомжтой байх хэрэгтэй болж, амьдрал тун хэцүү болно. Өнөөдөр бурхны ажлаас эцэст нь хөшүүрэг олж авснаар би бурхныг зөвт биш гэдгийг баталж чадах бөгөөд энэ нь юмыг илүү хялбар болгож байна” гэж боддог. Ингээд тэд зүрх сэтгэлдээ нууцхан баярладаг.

Бурханы сонгосон хүмүүс Бурханыг дагахдаа агуу улаан лууны дарангуйлал, баривчилгаа болон хэрцгий хавчлагыг үргэлж амсаж ирсэн. Хаа сайгүй чуулгануудад Бурханы сонгосон хүмүүс баривчлагдаж, хавчигдах тохиолдол байнга гардаг. Үүнээс болоод зарим нь бүдэрч, эсвэл Бурханаас урваж, чуулганыг орхих нь олонтоо тохиолддог. Гэхдээ баривчилгаа, хавчлагын дунд гэрчлэлдээ бат зогсдог олон хүн бас бий. Бурхан агуу улаан лууны үйлчлэлийг ашиглан ерөөл хайж Бурханы гэрт шургалсан тэрхүү үл итгэгчдийг илчлэхийн зэрэгцээ Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг сонгогдсон хүмүүсийг төгс болгодог. Энэ бол Бурханы төгс хүчин болон мэргэн ухаан юм. Гэвч антихристүүд энэ хэргийг хэрхэн хардаг вэ? Тэд Бурханд үргэлж эргэлздэг: “Яагаад бурхан өөрийн сонгосон хүмүүсийг агуу улаан лууны баривчилгаа, хавчлагаас авардаггүй юм бэ?” Тэд бие махбодтой болсон Бурханд эргэлзэж, зүрх сэтгэлдээ Бурханы талаарх үзлийг үргэлж тээсээр: “Бурханы сонгосон хүмүүс яагаад ийм зодуур, эрүү шүүлт амсах ёстой юм бэ? Энэ нь тэдний итгэлээс болсон, тэд Иудас болохыг хүсдэггүй учраас тэр. Гэхдээ тэднийг эрүүдэн шүүгдэж байхад бурхан хаана байна вэ? Яагаад бурхан тэднийг авардаггүй юм бэ? Бурхан хүмүүсийг хайрладаггүй гэж үү? Бурханы хайр хаана байна вэ? Өөрт нь итгэдэг хүмүүс Сатанууд болон ёрын муу чөтгөрүүдэд тэгж галзууртлаа доромжлуулж, хэрээс хэтэрсэн эрүү шүүлт амсахыг бурхан тэсвэрлэж чадна гэж үү? Энэ бурхны хайр гэж үү? Хүмүүст зориулсан бурхны хамгаалалт яг хаана байна вэ? Би яагаад үүнийг харж чадахгүй байна вэ? Би илүү болгоомжтой байх хэрэгтэй бололтой. Бурхан хүмүүсийг уруу таталт, эсвэл аюулаас хамгаалж чаддаггүйгээр үл барам—харин ч эсрэгээрээ, хүн хэдий чинээ эрэлхийлж, хэдий чинээ шийдэмгий байж, бурхныг хэдий чинээ дагана, төдий чинээ шалгалттай нүүр тулж, зовлон шаналал, залхаан цээрлүүлэлт амсах магадлалтай. Нэгэнт бурхан ингэж үйлддэг юм чинь надад ч бас хариу арга хэмжээ бий. Энэ хүмүүс золиос гаргасан учраас л ийм хандлага амсаж байна; хэрвээ би ийм төлөөс төлөхгүй, ийм маягаар эрэлхийлэхгүй бол энэ шалгалтуудаас зайлсхийхгүй гэж үү? Энэ шалгалтууд байхгүй бол би ийм зовлонгоос зайлсхийж чадахгүй гэж үү? Ингэж зовохгүй бол би тав тухтай амьдрахгүй гэж үү? Ялгаагүй л ерөөл хүртэх юм бол би яагаад махан биеэрээ бүх төрлийн залхаан цээрлүүлэлт, зовлон шаналлыг туулахаар тийм тэнэг байна гэж? Бурхан хүмүүсийг хайрладаг гэдэг ч бурхан ингэж хайрлахыг би хүлээн авч чадахгүй! Та нар бүгд хүссэнээрээ тайлбарлаж болно; энэ надад ямар ч хамаагүй, би үүнийг хүлээн авахгүй. Би олны нүднээс далд байх хэрэгтэй, би бага зэрэг тойрч гарах хэрэгтэй, би болгоомжтой байж, сэрэмжтэй байх хэрэгтэй; би бурханд баригдаж, ажилд зарагдаж болохгүй.” Антихристүүд зүрх сэтгэлдээ эдгээр зүйлийг тээдэг бөгөөд энэ бүхэн нь Бурханы эсрэг буруу ойлголт, эсэргүүцэл, шүүлт, тэрслэлт юм. Тэдэнд Бурханы ажлын талаар ямар ч мэдлэг байдаггүй. Бурханы үгийг сэм харж, Бурханы зан чанар, ялгамж чанар, мөн чанарыг сэм харах зуураа тэд ийм дүгнэлтэд хүрдэг. Антихристүүд эдгээр зүйлийг зүрх сэтгэлийнхээ гүнд булж, өөрсдийгөө: “Болгоомжтой байх нь аюулгүй байдлын эх; олны анхааралд өртөхгүй байх нь хамгийн сайн; түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг; оргил дээр ганцаарддаг! Хэзээ ч байсан, түрүүлж дуугарсан хөхөө хэзээ ч бүү бол, хэзээ ч хэт өндөрт бүү авир; хэдий чинээ өндөрт авирна, төдий чинээ хатуу унана” гэж зэмлэдэг. Бурханы үг үнэн гэдэгт, Түүний зан чанар, зөвт, ариун гэдэгт тэд итгэдэггүй. Тэд энэ бүхнийг хүний үзэл, төсөөллөөр авч үзэж, Бурханы ажилд хүний харах өнцөг, бодол, арга залиар хандаж, Сатаны логик, сэтгэлгээг ашиглан Бурханы зан чанар, ялгамж чанар, мөн чанарыг тодорхойлдог. Мэдээжийн хэрэг антихристүүд Бурханы зан чанар, ялгамж чанар, мөн чанарыг хүлээн авдаггүй, хүлээн зөвшөөрдөг ч үгүй төдийгүй; харин эсрэгээрээ, Бурханы талаар үзэл, эсэргүүцэл, тэрслүү байдлаар дүүрэн, Түүний талаар өчүүхэн төдий ч бодит мэдлэггүй байдаг. Бурханы ажил, Бурханы зан чанар, Бурханы хайрын талаарх антихристүүдийн тодорхойлолт нь ойлгомжгүй, эргэлзсэн байдалтай, эргэлзээ, үгүйсгэл, гүтгэлгээр дүүрэн байдаг; тэгвэл Түүний ялгамж чанарыг юу гэж үздэг вэ? Бурханы зан чанар ялгамж чанарыг нь төлөөлдөг; Бурханы зан чанарыг тэд ингэж авч үздэг юм чинь Бурханы ялгамж чанарыг шууд үгүйсгэдэг нь ойлгомжтой. Энэ бол антихристүүдийн мөн чанар юм.

Антихристүүд Бурханы үгийн аль хэсэгт хандахаас үл хамааран, Бурханы үйлдлийн аль хэсэгт хандахаас үл хамааран, энэ нь бүх зүйл дэх Бурханы үйлдэл байна уу, эсвэл тодорхой хувь хүмүүс дээрх үйлдэл байна уу хамаагүй, тэд эдгээрт үнэн гэж хандаж, хүлээн авах байдлаар хандахын оронд хүний өнцөг, Сатаны логик, түүнчлэн мэдлэг, логикийн арга барилыг үргэлж ашиглан дүгнэлт хийж, шүүдэг. Тиймээс, Бурханы зан чанар, ялгамж чанар, мөн чанарын тухай үг, мөн бие махбодтой болсон Бурханы махбод болон Бурханы Сүнсний тухайд антихристүүдийн хандлага үнэндээ адилхан бөгөөд ямар ч ялгаагүй байдаг. Ерөнхийдөө, Бурхантай Өөртэй нь холбоотой бүх зүйл, Бүтээгчийн тухай бүх зүйлийг тэд сэм харж, дараа нь таамаглаж, шинжиж, дүн шинжилгээ хийж, эцэст нь үгүйсгэж, гүтгэх дүгнэлтэд хүрдэг. Антихристүүд Бурханы эдгээр үгэнд ямар ч өнцгөөс, ямар ч байдлаар хандсан бай, тэдний эцэст нь гаргадаг дүгнэлт яагаад үргэлж яллаж, гүтгэсэн дүгнэлт байдаг вэ? Яагаад тэд ийм дүгнэлтэд хүрдэг вэ? Бүтээгдсэн хүн төрөлхтний дунд Бурханы үгийг үнэн гэж хүлээж авч чадах нэг ч хүн байхгүй байж үнэхээр таарах уу? Энэ нь гарцаагүй төгсгөл мөн үү? Энэ нь Бурханаас болсон уу? (Үгүй.) Тэгвэл үүний шалтгаан яг юу вэ? (Хүмүүст Бурханыг эсэргүүцдэг уг чанар байдаг учраас тэр.) Хүн бүрд Бурханыг эсэргүүцдэг уг чанар бий. Яагаад эдгээр үгийг уншсаныхаа дараа зарим хүн үүнийг үнэн гэдгийг таньж, Бурханы хэлснийг хүлээн авч чаддаг байхад бусад нь үгүйсгэж, яллаж, гүтгэж чаддаг вэ? Энэ нь асуудал байгааг тодорхой харуулж, хүмүүсийн дотоод мөн чанар өөр болохыг илтгэж байна. Антихристүүд Бурханы үгэнд хандахдаа ул суурьтайгаар, субьектив байдлаар үүнийг үнэхээр хүлээн авдаггүй. Тэд эсэргүүцэл, сорилт тээж ирдэг: “Чи өөрийгөө бурхан гэж хэлж байна, тэгвэл ямар талаараа бурхантай төстэйг болохыг чинь би харах хэрэгтэй. Чи өөрийгөө бурхны зан чанарыг эзэмшсэн, бурханлаг чанартай гэж хэлж байна, тэгвэл чиний ямар үг чамайг бурханлаг чанар эзэмшсэн, бурхны зан чанартай гэдгийг баталж байгааг, чиний ямар үйл хэрэг чамайг бурхны ялгамж чанар, мөн чанартай гэдгийг баталж байгааг би харах хэрэгтэй. Чи тэмдэг, гайхамшгийг үзүүлсэн үү, эсвэл өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөсөн үү? Чи хэн нэгнийг харааж, тэр хүн тэр даруй үхсэн үү? Чи хэн нэгнийг үхлээс амилуулсан уу? Чамайг бурхны зан чанар, бурхны ялгамж чанар, мөн чанарыг эзэмшсэн гэдгийг баталж чадах яг юуг чи хийсэн бэ?” Антихристүүд үргэлж эдгээр зүйлийг, үнэн, зам, амиас гадуурх зүйлсийг харахыг хүсэж, эдгээр зүйлийг ашиглан Бурханы ялгамж чанарыг баталж, өөрсдийнх нь дагаж буй Нэгэн нь Бурхан мөн гэдгийг батлахыг хүсдэг. Энэхүү эхлэлийн цэг нь өөрөө буруу юм. Бурханы ялгамж чанар, мөн чанарыг төлөөлж чадах хамгийн үндсэн зүйл юу вэ? (Бурхан бол үнэн, зам, амь.) Энэ бол хамгийн үндсэн зүйл. Антихристүүд яагаад энэхүү хамгийн үндсэн зүйлийг хүртэл ухамсарлаж чаддаггүй вэ? Энэ бол бидний хэлэлцэх ёстой сэдэв. Антихристүүд үнэн болон эерэг зүйлсийг басамжилдаг; тэд үнэн болон бүх эерэг зүйлд зэвүүцдэг; тэд үнэн болон эерэг зүйлсийг үзэн яддаг. Бурханы бүх үгээс тэд аль үг нь үнэн, эсвэл эерэг зүйл болохыг олж хардаггүй. Тэдний чөтгөрийн нүд үүнийг харж чадах уу? Үүнийг харахгүйгээр тэд хүлээн зөвшөөрч чадах уу? Тэд эдгээр үгийг үнэн гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй нь Бурханы ялгамж чанар, мөн чанарыг хүлээн зөвшөөрч чадахгүй гэсэн үг юм. Энэ бол гарцаагүй. Антихристүүд Бурханы зан чанар, ялгамж чанар, мөн чанарын тухай Бурханы үгэнд хандахдаа Бурханы бусад үгэнд ханддагтайгаа адил арга барил ашиглаж, оюун ухаандаа тооцоолж, далдуур сэдэж, тунгаан боддог. Хэрвээ Бурханы Бурхан гэх ялгамж чанараараа хэлсэн ямар нэг зүйл тэр даруй биелбэл тэдний хандлага тэр дороо өөрчлөгддөг; хэрвээ Бурхан, Бурханы хувиар тэдэнд хөшүүрэг өгөх ямар нэг зүйл хэлэх юм уу хийвэл тэдэнд бас зохих хариу арга хэмжээ байдаг бөгөөд тэдний хандлага дахин тэр даруй өөрчлөгддөг. Бурханыг ялладаг хүмүүс нь тэд бөгөөд Бурханыг Бурхантай адил гэж хэлдэг хүмүүс нь ч бас тэд юм. Тэдний үзлээр, Бурхан Бурханы зан чанар, ялгамж чанар, мөн чанарыг эзэмшсэн эсэх тухайд тэд өөрсдийн нүдээр харсан зүйлд болон өөрсдийн оюун санааны дүн шинжилгээнд бүрэн үндэслэн дүгнэлтэд хүрдэг.

Сүүлийн нэг, хоёр жилд чуулган туршлагын гэрчлэлийн зарим нэг видео хийсэн. Янз бүрийн хүмүүс төрөл бүрийн туршлагын гэрчлэл хийсэн бөгөөд энэ нь тогтворгүй суурьтай, зарим талаар эргэлзэж байсан зарим хүнд сууриа тавихад тусалсан. Мэдээж, антихристүүдийн хувьд энэ нь тэднийг тогтворжуулахад бас тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Гэрчлэл хийж буй энэ хүмүүс нь өөр өөр насны бүлэг, өөр өөр нийгмийн давхаргаас гаралтай бөгөөд зарим нь бүр өөр өөр улс орон, үндэстэн ястнаас гаралтай. Тэдний хуваалцсан туршлагын гэрчлэлээс харахад, тэд Бурханы үгээр дамжуулан өөрчлөгдөж, үнэн, амийг олж авсан бөгөөд Бурханы үгийг хүлээн авснаар, Бурханы ажлын энэ үе шатыг хүлээн авснаар олон үнэнийг ойлгож, бие махбодтой болсон Бурханы махбод Бурханы ялгамж чанар, мөн чанарыг эзэмшсэн гэдгийг баталсан нь илэрхий байдаг. Мэдээж, эдгээр туршлагын гэрчлэлийг сонссоны дараа антихристүүд ч бас зүрх сэтгэлийнхээ гүнд бага зэрэг нууцхан баярлаж: “Аз болоход, би бурхныг ил тод шүүгээгүй. Аз болоход, би бурхныг үгүйсгэх гэж яараагүй. Ийм олон хүний гэрчлэлээс дүгнэхэд энэ зам зөв бололтой. Энэ христ, энэ эгэл жирийн хүн эцсийн эцэст бурхан байж магадгүй юм байна. Би мөрийгөө зөв тавьсан бололтой. Хэрвээ би энэ замаар үргэлжлүүлэн явбал, илүү олон хүн энэ хүнийг гэрчилбэл, илүү олон хүн энэ хүний өмнө ирвэл, мөн илүү олон хүн энэ хүний ялгамж чанар, мөн чанарыг баталбал миний ерөөл хүртэх найдвар, боломж улам бүр нэмэгдэх болно” гэж боддог. Антихристүүд харзнан ажиглах зуураа өөрсдийгөө байнга урамшуулж, зоригжуулсаар байдаг: “Битгий яар. Тэвчээртэй бай. Чи зүгээр л тэвчих хэрэгтэй. Эцсийг нь хүртэл тэвчсэн нь аврагдана. Одоогийн янз бүрийн шинж тэмдэг, чуулганы одоогийн цар хүрээ, эрч хүчээс харахад улам олон хүн босож, энэ бурхныг гэрчилж, энэ зам зөв гэдгийг баталж чадаж байна. Тиймээс би яагаад яаран гарч ирж, үүнийг үгүйсгэх тийм тэнэг байх гэж? Бүү тэг, бүү тэнэг бай. Дахиад гурваас таван жил хүлээ. Хэрвээ илүү олон хүн, илүү нэр хүндтэй, мэдлэгтэй хүмүүс, нийгэмд байр суурьтай хүмүүс энэ эгэл жирийн хүнийг христ гэдгийг батлах илүү хүчтэй нотолгоо гаргаж өгвөл, эсвэл ертөнцөд алдар нэртэй, байр суурьтай илүү олон хүн чуулганд нэгдвэл, мөн чуулганы цар хүрээ дэлхий даяар илүү өргөжвөл би тэр үед ямар нэг зүйл олж авахгүй гэж үү? Тэр үед би асар их давуу тал олж авахгүй гэж үү? Хэрвээ чуулган эрх мэдэлтэй бол би ч бас эрх мэдэлтэй болохгүй гэж үү? Би яавч явж болохгүй! Хэрвээ энэ бүхэн зөв бол, хэрвээ энэ хүн үнэхээр бурхан бол, мөн хэрвээ би одоо түүнийг голж, эсвэл үгүйсгэвэл би энэ бүх ерөөлийг алдах болно. Би бүх зүйлээ энэ хүн дээр мөрийцөх ёстой. Түүний ялгамж чанар, мөн чанар нь хэн болох, түүний зан чанар хэнийг төлөөлдөг нь надад хамаагүй. Надад хамаатай зүйл бол түүнийг дагах хүмүүс улам олон болж байгаа эсэх, чуулганы эрх мэдэл, цар хүрээ нэмэгдэж байгаа эсэх юм. Хэрвээ энэ нь сайн чиглэлд хөгжиж, хэвийн нөхцөлд бүр ч илүү томорч чадвал би ирээдүйдээ санаа зовох шаардлагагүй. Хэрвээ тэр үнэхээр Библид зөгнөсөн бие махбодтой болсон бурхны махбод мөн бол би асар их ерөөгдөж, асар их давуу талтай болно.” Үүнийг бодох бүрдээ антихристүүд зүрх сэтгэлдээ бага зэрэг тайтгарал, баяр баясгаланг олж: “Ямар байна даа? Бурханы үг үнэн гэдэгт итгэхгүйгээр ч би ерөөл хүртэж чадна. Бурханы бүх үйл хэрэг зөвт гэдэгт итгэхгүйгээр ч би бат зогсож чадна. Бурхан хүмүүсийг аварч чадна гэдэгт итгэхгүйгээр ч би амьд үлдэж чадна. Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг шинждэг гэдэгт итгэхгүйгээр ч би чуулганд үүргээ хэвийн гүйцэтгэж чадна. Би бурхны төгс хүчин, эрх мэдэлд итгэдэггүй, бурхны хийдэг бүхэн утга учиртай гэдэгт итгэдэггүй, мөн бурхан бүх зүйлийг болон бүх хүн төрөлхтний хувь заяаг захирдаг гэдэгт би итгэдэггүй—би энэ бүхний алинд нь ч итгэдэггүй, тэгээд юу гэж? Би бурхны ялгамж чанар, мөн чанарт итгэдэггүй ч чуулганд аргацааж чадсаар л байна. Бурхан зөвт биш гэж үү? Би зүгээр л аргацаана, би чуулганд ингэж л урсгалаараа явж, зүгээр л тэвчинэ. Хэн надад ямар нэг зүйл хийж чадах юм бэ? Би эцсийг нь хүртэл тэвчиж, гарцаагүй аврагдаж чадахгүй гэж үү?” хэмээн боддог. Та нар юу гэж бодож байна, антихристүүдийн хоосон мөрөөдөл биелж чадах уу? (Үгүй.) Тэд Бурханы зөвт зан чанарыг үнэхээр харах өдөр ирэхэд тэд хаана байх вэ? Тэд Бурханы ялгамж чанар, мөн чанарыг үнэхээр хүлээн зөвшөөрч, Бурхан зөвт гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хүрэх үед, Бурхан үнэхээр зөвт гэдгийг тэдэнд харуулах үед тэд хаана байх ёстой вэ? Тэд үнэхээр аврагдаж чадах уу? Тэдний хатуужил үнэхээр үр дүнтэй байж чадах уу? Тэд үнэхээр аргацааж чадах уу? Тэдний хатуужил, тэдний буулт, зовлон зүдүүрийг тууштай тэвчих явдал, тэдний овсгоо самбаа нь Бурханы үг биелэх эсэхийг сэм харах муу үйлийг нь үнэхээр хүчингүй болгож чадах уу? Тэдний хоосон мөрөөдөл, хариу арга хэмжээ, хуйвалдаан, явуулга, зүрх сэтгэлдээ төлөвлөсөн бүхэн, түүнчлэн Бурхантай холбоотой зүйлсийг сэм харах нь үнэнийг эрэлхийлэх эрэлхийллийг нь үнэхээр орлож чадах уу? Эдгээр нь тэднийг аврагдах боломжтой болгож чадах уу? (Үгүй.) Тэгвэл эдгээр илрэлээс дүгнэхэд, тийм овсгоотой, бүх хэргийг ямар ч цоорхой үлдээлгүй зохицуулдаг, бүхнийг дээд зэргээр нууцлан хийдэг антихристүүд яагаад эцсийн дүндээ ингэж төгсдөг вэ? Ганцхан л шалтгаан бий: Тэд Бурханы үгтэй эгцлэн нүүр тулдаггүй, Бурханы үгийг үнэн гэж хүлээн авдаггүй, Бурханы үгийг дуулгавартай дагадаггүй, харин үүний оронд Бурханы үгийг сэм хардаг. Энэ бол антихристүүд эцсийн дүндээ ингэж төгсдөгийн шалтгаан юм. Та нар бүгд үүнийг ойлгож байгаа биз дээ? Хэдийгээр би та нарт хэрхэн үйлдэх, эсвэл Бурханы үгэнд хэрхэн хандахыг хэлээгүй ч, эдгээр баримтыг хэлж, антихристүүдийн үзэл бодол болон Бурханы үгэнд хандах тэдний хандлагыг задлан шинжилснээр Бурханы үгэнд хандах ямар хандлага, Бурханы үгийг ухамсарлах ямар хандлага хамгийн зөв бөгөөд бүтээгдсэн зүйлд байх ёстой хандлага болохыг, мөн эдгээр хандлагатай байх нь бүтээгдсэн зүйлийн хийх ёстой зүйл гэдгийг та нар бүгд мэднэ.

2020 оны 8 дугаар сарын 22

Өмнөх: 10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (V хэсэг)

Дараах: 10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (VII хэсэг)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх