84-р бүлэг

Хүмүүс Миний тухай мэдлэг дутмагаасаа үүдэн Миний удирдлагад саад болж, Миний төлөвлөгөөг тоо томшгүй удаа сүйтгэсэн боловч урагшлах алхааг минь саатуулж хэзээ ч чадаагүй. Учир нь Би бол мэргэн ухааны Бурхан билээ. Надад энгүй мэргэн ухаан бий, мөн зах хязгааргүй, ой тойнд багташгүй нууц бий. Балар эрт цагаас эхлээд хүмүүс үүнийг ухан мэдэж, бүрэн ойлгож хэзээ ч чадаагүй. Тийм биз дээ? Миний айлддаг үг бүрд мэргэн ухаан байдгаар үл барам, бас үг болгон Миний далд нууцыг агуулдаг. Миний дотор бүгд нууц; Би бүх талаараа нууц. Та нар өнөөдөр ердөө нууцыг харсан, өөрөөр хэлбэл, Миний үнэн биеийг харсан—гэхдээ дотор нь нуугдсан энэхүү нууцыг хараахан тайлаагүй. Хүмүүс Миний удирдлагыг дагаж байж л Миний хаанчлалд орж чадна; эс бөгөөс тэд дэлхий ертөнцтэй хамт сөнөж, үнс чандруу болно. Би бол бүрэн төгс Бурхан Өөрөө; Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч биш. “Бурханы илрэл” гэх зэрэг урьдын үгс аль хэдийн хоцрогдсон; тэдгээр нь цаашид хэрэглэгдэхгүй, үеэ өнгөрөөж, хуучирсан зүйлс юм. Та нараас хэд чинь үүнийг ойлгож авсан бэ? Та нараас хэд чинь энэ хэмжээнд хүртэл Миний талаар итгэлтэй байсан бэ? Би бүхнийг тодорхой тайлбарлаж, зааварчлах ёстой.

Сатаны хаанчлал устгагдсан бөгөөд Сатаны хүмүүс удахгүй Надад үйлчлэлээ үзүүлж дуусгана. Тэд Миний гэрээс нэг нэгээрээ хөөгдөнө, өөрөөр хэлбэл, урьд нь янз бүрийн дүр эсгэж явсан хүмүүсийн үнэн төрх өнөөдөр илчлэгдэж, бүгд Миний хаанчлалаас таслагдана. Бүү март! Өнөөдрөөс эхлэн, урьд нь хаягдсан хүмүүсийг оролцуулаад Миний хаядаг бүх хүн бол ердөө л дүр эсгэж байгаа, хуурамч амьтад юм; тэд Надад ердөө жүжиг тавьж байсан ба энэ жүжиг дуусмагц тэд тайзыг орхих ёстой. Үнэхээр Миний хөвгүүд болох хүмүүс Миний хайрыг хүртэж, та нарт зориулж аль хэдийн бэлдсэн ерөөлийг минь эдлэхээр Миний хаанчлалд албан ёсоор багтана. Ууган хөвгүүд ерөөлтэй еэ! Та нар Миний сургалтыг урьдчилан хүлээн авсан учраас одоо Надад ашиглуулахад тохирдог. Төгс хүчит Бурхан мөн гэдэгт минь итгэ. Хүмүүсийн биелүүлж чадахгүй зүйлийг Би саадгүй хийж чадна, үүнтэй өрсөлдөх боломж гэж ер үгүй. Өөрсдийгөө юу ч хийж чадахгүй, Миний ууган хөвгүүд байхад тэнцэхгүй гэж бүү бодоцгоо. Та нар бүрэн тохирно! Яагаад гэвэл, бүх зүйл Надад түшиглэн хийгддэг; Надад түшиглэн бүгд гүйцэлддэг. Яагаад та нар одоо өөрсдийгөө ийм биеийн хэмжээтэй байна гэж боддог вэ? Ердөө л та нарыг үнэхээр ашиглах цаг минь хараахан болоогүйгээс тэр юм. Агуу авьяасыг шалихгүй зорилгод ашиглаж болохгүй; ойлгов уу? Бүх орчлон ертөнц дээр та нар жижигхэн Хятадаар л хязгаарлана гэж үү? Өөрөөр хэлбэл, та нар ууган хөвгүүд бөгөөд ахан дүүсээ удирдах нь та нарын гүйцэтгэх учиртай үүрэг тул бүхий л орчлон ертөнц дэх бүх хүнийг хариул, залж чиглүүл хэмээн та нарт өгнө. Үүнийг мэдэж ав! Би бол төгс хүчит Бурхан! Би та нарт жаргах боломж олгож байгаагаа дахин нэг онцолъё. Би бол ажиллаж байгаа Нэгэн—Ариун Сүнс хаа сайгүй ажиллаж, биечлэн удирдаж байна.

Урьд нь хүмүүс Миний авралын талаар ямар ч ойлголтгүй байсан. Та нар одоо ойлгож байна уу? Миний авралд хэд хэдэн тал бий: Нэг нь гэвэл, зарим хүнийг огт урьдчилан тогтоогоогүй байдаг, өөрөөр хэлбэл, тэд Миний нигүүлслийг огт эдэлж чадахгүй; нөгөө нь гэвэл, анх урьдчилан тогтоогдсон, Миний нигүүлслийг хэсэг зуур эдэлдэг хүмүүс байдаг ч Өөрийнхөө урьдчилан тодорхойлсон хугацааны дараа Би тэднийг таягдан хаяж, тэдний амь бүрмөсөн дуусна. Өөр нэг тал нь, Миний урьдчилан тогтоож, сонгосон, мөнхийн ерөөл эдэлдэг хүмүүс байдаг; тэд Намайг хүлээн авахынхаа өмнө болон дараа туулсан зовлон бэрхшээл, Намайг хүлээн авсныхаа дараа хүртсэн гэгээрэл, гэрэлтүүлэлтийг оролцуулаад Миний нигүүлслийг эхнээс нь дуустал эдэлдэг. Одоогоос эхлэн тэд ерөөл эдэлж эхэлнэ—өөрөөр хэлбэл, тэд бол Миний бүрэн гүйцэд аварч буй хүмүүс юм. Энэ бол Миний агуу ажлын биелэлтийн хамгийн тодорхой илэрхийлэл билээ. Тэгвэл ерөөл гэж юуг хэлдэг вэ? Би та нараас асууя: Та нар юуг хамгийн их хийхийг хүсдэг вэ? Юуг хамгийн их үзэн яддаг вэ? Юу олж авна гэж хамгийн их найддаг вэ? Та нар Намайг олж авч, амиа өсгөхийн төлөө л өнгөрсөн хугацаанд зовлон, бэрхшээл туулсан; эдгээр нь нигүүлслийн нэг хэсгийг бүрдүүлдэг. “Ерөөл” гэдэг нь ирээдүйд та нар үзэн яддаг зүйлгүй болно гэсэн үг, өөрөөр хэлбэл, эдгээр зүйл бодит амьдралд чинь байхаа болино; нүдэн дээр чинь тэдгээр нь бүрмөсөн арилсан байх болно. Гэр бүл, ажил, эхнэр, нөхөр, үр хүүхдүүд, найз нөхөд, төрөл төрөгсөд, мөн өдөр бүр үзэн яддаг өдрийн гурван удаагийн хоол чинь ч үгүй болно. (Энэ нь цаг хугацаагаар хязгаарлагдалгүй, махбодоосоо бүрэн алхан гарах гэсэн үг юм. Цадсан сүнс чинь л биеийг чинь хэвээр хадгалж чадна, гэхдээ энэ нь махбодыг бус, биеийг чинь хэлж байна. Та нар бүрэн чөлөөтэй, ер бусын байх болно. Энэ бол дэлхий ертөнцийг бүтээснээс хойш Бурханы үзүүлсэн хамгийн агуу, хамгаас илэрхий гайхамшиг юм.) Хөрс шорооны бүх бүрэлдэхүүн хэсэг биеэс чинь арилж, та нар ариун, хир буртаггүй, тэр чигтээ сүнслэг биес болж, орчлон ертөнц даяар, мөн газар дэлхийн зах хязгаар хүртэл аялж чадна. Тэр цагаас эхлээд та нар яршигтай тэр бүх угаалга, цэвэрлэгээнээс ч бас ангижирч, ердөө тултлаа жаргах болно. Тэр цагаас эхлэн, та нар гэрлэлтийн талаар бодохоо болино (учир нь, Би дэлхий ертөнцийг бүтээж буй бус, эрин үеийг төгсгөж байгаа), эмэгтэйчүүдэд хамгийн шаналгаатай байдаг төрөхийн өвдөлт гэж байхаа болино. Та нар ирээдүйд ажиллах ч үгүй, хөдөлмөрлөх ч үгүй. Та нар өөрсдийгөө Миний хайрын тэврэлтэд бүрэн умбуулж, өөрсдөд чинь өгсөн Миний ерөөлийг эдэлнэ. Ингэх нь гарцаагүй. Энэ ерөөлийг эдэлж байх зуур чинь нигүүлсэл та нарыг үргэлжлүүлэн дагана. Та нарт зориулж Миний бэлдсэн бүхэн буюу дэлхий дахины ховор, нандин эрдэнэсийг та нарт өгнө. Яг одоо та нар энэ бүхнийг ойлгож ч, төсөөлж ч чадахгүй бөгөөд урьд нь нэг ч хүн тэдгээрийг эдлээгүй. Энэ ерөөл өөрсөд дээр чинь ирэхэд та нар эцэс төгсгөлгүй туйлаас баярлах боловч эдгээр нь Миний хүч чадал, Миний үйлдэл, Миний зөвт байдал, үүнээс ч илүүтэйгээр Миний сүр жавхлангаас үүддэг гэдгийг бүү март. (Би нигүүлсэнгүй байхаар сонгосон хүмүүстээ нигүүлсэнгүй хандаж, өршөөнгүй хандахаар сонгосон хүмүүстээ өршөөнгүй хандана.) Тэр үед, та нарт эцэг эх гэж байхгүй, цусан төрөл гэж байхгүй байх болно. Та нар бол Миний хайрладаг бүх хүн, Миний хайртай хөвгүүд билээ. Тэр цагаас хойш та нарыг хэн ч дарлаж зүрхлэхгүй. Энэ нь та нарын өсөж том болох цаг, түүнчлэн улс үндэстнүүдийг төмөр саваагаар захирах цаг чинь байх болно! Миний хайртай хөвгүүдэд хэн саад болж зүрхлэх билээ? Миний хайртай хөвгүүд рүү хэн дайрч зүрхлэх билээ? Эцэг нь алдрыг олж авсан тул бүгд Миний хайртай хөвгүүдийг хүндэлнэ. Хэний ч, хэзээ ч төсөөлж байгаагүй бүх зүйл нүдний чинь өмнө гарч ирнэ; тэдгээр нь хязгааргүй, шавхагдашгүй, эцэс төгсгөлгүй байх болно. Төд удалгүй та нар, наранд түлэгдэж, төөнөсөн халууныг тэсвэрлэх шаардлагагүй болох нь лавтай, мөн та нар жихүүн хүйтнийг туулахгүй, бороо, цас, салхи ч та нарт хүрэхгүй. Учир нь Би та нарыг хайрладаг бөгөөд энэ нь тэр чигтээ Миний хайрын ертөнц байх болно. Би та нарт хүссэн бүхнийг чинь өгч, хэрэгтэй бүхнийг чинь бэлдэнэ. Намайг зөвт биш гэж хэлж зүрхлэх хэн байна? Миний уур хилэн (ёрын муу хүмүүсийн эсрэг) мөнхөд үргэлжилнэ гэдгийг Би урьд нь хэлсэн учраас жаахан ч гэсэн зөөлөн хандалгүйгээр чамайг тэр даруй хөнөөнө. Гэвч, Миний хайр ч бас (Өөрийн хайрт хөвгүүдийг гэсэн) мөнхөд үргэлжилнэ; үүнийгээ Би өчүүхэн ч хорихгүй.

Өнөөдөр Миний үгийг шүүлт хэмээн сонсдог хүмүүс бол зөв байр байдалгүй хүмүүс юм. Гэхдээ тэд үүнийг олж мэдэх цагт Ариун Сүнс өөрсдийг нь аль хэдийн орхичихсон байх болно. Бүхий л орчлон ертөнцөд та нарын дундаас ууган хөвгүүдийг сонгосон боловч хөвгүүд болон ардууд та нарын багахан хэсгийг л эзэлдэг. Би бүхий л орчлон ертөнцийг онцолж байгаа нь хөвгүүд болон ардуудыг дэлхийн бүх улс үндэстнээс сонгодог гэсэн үг юм. Ойлгов уу? Ууган хөвгүүд хурдан өсөж, харийнхныг удирдахаар явах хэрэгтэй гэж Би яагаад онцолсоор байдаг вэ? Та нар Миний үгийн жинхэнэ утгыг ойлгож байна уу? Яагаад гэвэл, Хятад бол Миний хараасан үндэстэн; энэ нь Намайг хамгийн их хяхан хавчсан, Би Хятадыг хамгийн их үзэн яддаг. Би болон Миний ууган хөвгүүд тэнгэрээс ирсэн, бүх орчлон ертөнцийн хүмүүс гэдгийг чи мэдэх ёстой; бид аль нэг улс үндэстэнд харьяалагддаггүй. Хүний үзэлтэй зууралдахаа боль! Учир нь Би та нарт Өөрийн үнэн биеийг илчилсэн. Бүх зүйл Надаас шалтгаалдаг. Та нар Миний үгийг санаж чадах уу? Та нарын дунд улам цөөн хүн байгаа ба хүн ам улам бүр цэвэршжээ гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь Миний аврал аажмаар орчлон ертөнц рүү хандаж байна. Таягдан хаягддаг, Миний нэрийг хүлээн авсан хүмүүс бол ууган хөвгүүдийг төгс болгохын төлөө үйлчлэл үзүүлсэн хүмүүс юм. Ойлгов уу? Тэд бүгд Миний хөвгүүдэд үйлчлэл үзүүлсэн хүмүүс гэж Би яагаад хэлдэг вэ? Одоо та нар үнэхээр ойлгосон, тийм биз дээ? Тоо хэмжээ нь үнэхээр хомс; яах аргагүй цөөхөн байна. Гэвч тэр хүмүүс Миний хөвгүүдээс болоод нэлээд их ашиг тус хүртэж, Миний нигүүлслээс ихийг эдэлсэн, тийм учраас Би хүн төрөлхтнийг эцсийн удаа аварч байна гэж хэлсэн юм. Одоо та нар Миний үгийн жинхэнэ утга учрыг мэдлээ! Намайг эсэргүүцдэг хэнийг ч Би хатуу гэсгээж, Намайг хамгаалдаг хэнд ч Өөрийн царайг хандуулна. Яагаад гэвэл, бүр анхнаасаа л Би үргэлж сүр жавхлант, зөвт Бурхан байсан бөгөөд бүх зүйл та нарт илчлэгдэнэ. Би гайхалтай арга замаар түргэн шалмаг ажилладаг ба хүмүүсийн төсөөлж чадашгүй гайхалтай зүйлс удахгүй тохиолдоно. Би үнэхээр нэн даруй, удахгүй гэж хэлж байна. Та нар ойлгож байна уу? Амийн оролтыг алгуурлалгүй эрж хай! Миний хайртай хөвгүүд ээ, энд бүх зүйл та нарын төлөө байдаг, бүх зүйл та нарын төлөө оршин тогтнодог.

Өмнөх: 83-р бүлэг

Дараах: 85-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх