85-р бүлэг
Би Өөрийн хүслийг биелүүлэхийн тулд өөр өөр хүмүүсийг ашигладаг: Миний гэсгээдэг хүмүүст Миний хараал биелдгийн адил Миний хайрладаг хүмүүст Миний ерөөл биелдэг. Одоо та нарын дундаас хэн Миний ерөөлийг хүртэж, хэн Миний хараалыг эдлэх нь Миний ганцхан үгээс шалтгаалдаг, бүгд Миний айлдвараар тодорхойлогддог. Одоо Миний сайн ханддаг хүн бүр Миний ерөөлийг үргэлж хүртэх нь лавтай (өөрөө хэлбэл, Намайг аажмаар мэдэж авч, Надад улам бат итгэдэг болж, шинэ гэрэл, илчлэл олж авч, Миний ажлын хэмнэлтэй хөл нийлүүлж чаддаг байна) гэдгийг чи мэднэ. Миний жигшдэг хэн ч бай (энэ бол хүмүүс гаднаас нь харж чадахгүй, Миний дотроо хадгалдаг зүйл) Миний хараалыг заавал эдэлнэ, тэд агуу улаан лууны үр удмын нэг эргэлзээгүй мөн тул түүнийг хараасан Миний хараалаас хувь хүртэнэ. Миний харж тэвчдэггүй, хэв чанар нь дутагдалтай гэж Би боддог, Надаар төгс болгуулж, ашиглуулж чадахгүй хүмүүсийн тухайд гэвэл тэдэнд одоо ч аврагдах боломж бий бөгөөд тэд Миний хөвгүүдийн нэг байх болно. Хэрэв хүнд Миний хэв чанарын аль нь ч байхгүй, сүнслэг хэрэг явдлыг ухаарч ойлгодоггүй, Намайг мэддэггүй боловч оргилуун сэтгэлгээтэй бол Миний ардуудын нэгээр томилогдох болно. Миний хараал хүрсэн хүмүүсийг Би аврагдах аргагүй гэж тооцдог бөгөөд тэд бол муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүс юм. Би тэднийг хөөж явуулахын хүслэн болж байна. Тэд агуу улаан луунаас төрсөн ба Би тэднийг хамгаас их үзэн яддаг. Энэ мөчөөс эхлэн, Надад тэднээр үйлчлэл хийлгэх хэрэг үгүй. Тэд зүгээр л Надад цаашид хэрэггүй! Тэдний хэн нь ч хэрэггүй! Тэд Миний өмнө уйлж, шүдээ хавирсан ч ямар ч үр дүнгүй, Би тэдний хэн рүү нь ч харалгүй, зүгээр л өшиглөн явуулдаг. Чи юу юм бэ? Чи Миний өмнө байх зохистой юу? Чи үнэ цэнтэй юу? Чи сайн хүн царайлж, даруу төлөв дүр эсгэсээр л байна! Тэр их олон муу зүйлийг хийсний чинь дараа чамайг Би өршөөж чадна гэж үү? Тэгээд бас чи Миний өмнө өргөгдөнгүүтээ л Намайг дахиад үл ойшоож эхэлдэг. Чамд хэзээ ч сайн санаа зорилго байгаагүй, чи ердөө л Намайг мэхлэх гэдэг! Агуу улаан лууны удам байж чи үнэхээр сайн хүн болж чадах уу? Тэр бүтэшгүй! Би чамайг аль эрт хараасан бөгөөд нэгд нэгэнгүй шүүдэг! Надад бүхий л зүрх сэтгэлээрээ, үнэнчээр, сахилга баттайгаар үйлчлэл үзүүл, дараа нь ёроолгүй нүх рүүгээ буцаад яв! Чи Миний хаанчлалаас хувь хүртэх гэв үү? Битгий мөрөөд! Ичгүүргүй юм! Бохир заваан биетэй, тодорхой хэмжээгээр завхарсан байж чамд бас Миний өмнө зогсох зориг зүрх байна гэнэ ээ! Замаас зайл! Хэрэв чи ахиад алгуурлавал, Би чамайг хатуу шийтгэнэ! Миний өмнө шударга бус зан гаргаж, заль мэх хэрэглэдэг бүх хүн илчлэгдэх ёстой. Чи хаана нуугдаж чадах вэ? Хаана өөрийгөө далдалж чадах вэ? Хэчнээн бултаж, нуугдлаа гэсэн чи Миний хяналтаас зайлж чадна гэж үү? Хэрэв чи Надад зохих ёсоор үйлчлэл хийхгүй юм бол амь нас чинь улам богиносох болно; чи тэр даруйдаа дуусах болно!
Миний ууган хөвгүүд гэж ямар хүмүүс байдгийг Би та нарт тов тодорхой хэлж, яг таг баталж харуулъя. Тэгэхгүй бол та нар зохих байраа эзэлж чадахгүй, харин ч байр суурь чинь ямар байх учиртайг хамаа замбараагүй шийдэх болно. Зарим нь хэтэрхий даруу, зарим нь хэтэрхий цадиггүй байна; Миний хэв чанарыг эзэмшдэггүй, эсвэл өөрсдийнх нь хэв чанар дэндүү дутмаг хүмүүс бүгд Миний ууган хөвгүүд байхыг хүснэ. Миний ууган хөвгүүдээс ямар илэрхийлэл гардаг вэ? Юуны түрүүнд, тэд Миний хүслийг ухаарахад анхаарлаа төвлөрүүлж, Миний хүслийг хайхардаг, үүний зэрэгцээ Ариун Сүнс тэд бүгд дээр ажилладаг. Хоёрдугаарт, тэд сүнс дотроо уйгагүй эрж хайж, эх захаа алдалгүй, үргэлж Миний хил хязгаар дотор байдаг, туйлын хэвийн хүмүүс юм. Түүнчлэн эдгээр зан авир нь дуураймал биш (учир нь тэд ариун Сүнсний ажлыг мэдрэхэд төвлөрч, өөрсдийг нь гэх Миний хайрыг хайхарч, цаг үргэлжид сэрэмжтэй байдаг ба Надаас урвадаг, Намайг үл ойшоодог сэтгэлгээтэй болохоос гүнээ эмээдэг). Гуравдугаарт, тэд үнэн сэтгэлээсээ Миний төлөө үйлддэг, өөрсдийгөө бүхэлд нь зориулах чадвартай бөгөөд өөрсдийн хэтийн ирээдүй, амьдрал, юу идэж, өмсөж, эдлэх, эсвэл хаана амьдрах тухай аль хэдийн бодохоо больсон байдаг; Дөрөвдүгээрт, тэд ямагт зөв шударга байдлын төлөө өлсөж, цангадаг бөгөөд өөрсдийгөө ихэд дутагдалтай, биеийн хэмжээ нь хэтэрхий дутуу дулимаг гэж боддог; Тавдугаарт, Миний түрүүнд дурдсанчлан, тэд дэлхий дээр нэр хүнд сайтай боловч дэлхийн хүмүүст хөсөр хаягдсан юм. Тэд эсрэг хүйстэнтэйгээ харилцахдаа ёс зүйтэй байдаг. Энэ бүгд баталгаа боловч Миний ажил тэр үе шатанд хараахан хүрээгүй байгаа учраас эдгээрийг би одоо та нарт бүрэн илчилж чадахгүй нь. Ууган хөвгүүд ээ, санаж яв! Чиний доторх амийн мэдрэмж, Намайг гэх хүндлэл, хайр, Миний тухай мэдлэг, Намайг гэсэн эрэл хайгуул, та нарын итгэл—энэ бүх зүйл та нарыг гэх Миний хайрын биелэл, та нарт өгөх Миний баталгаа юм, ингэснээр та нар үнэхээр Миний хайртай хөвгүүд болж, Надтай адил байж, хосгүй алдар сууг мандуулан Надтай цуг идэж, хамт амьдарч, ерөөл эдлэх боломжтой билээ.
Өнгөрсөн хугацаанд Намайг хавчсан, Намайг огт мэддэггүй байсан (Миний нэр гэрчлэгдэхээс өмнөх үед ч гэсэн), Намайг хүн гэж итгэсэн болон Намайг доромжилж, гүжирдсэн хэнд ч болов Би ямар ч өршөөл үзүүлж чадахгүй. Тэд яг одоо Надад хамгаас цангинасан гэрчлэл хийлээ ч нэмэргүй. Намайг урьд нь хяхаж хавчсанаараа тэд Надад үйлчлэл хийж байсан бөгөөд өнөөдөр Надад гэрчлэл хийсэн ч гэсэн Миний хэрэгсэл хэвээр л үлдэх болно. Би зөвт Бурхан Өөрөө агаад махбодоос гарч, Өөрийгөө газрын бүх харилцаанаас тасалсан учир өнөөдөр Надаар үнэхээр төгс болгуулсан хүмүүс л Надад хэрэгтэй. Би бол Бурхан Өөрөө, өнгөрсөн үед Миний эргэн тойронд байсан бүх хүн, хэрэг явдал, эд зүйл Миний гарт бий. Надад сэтгэл хөдлөл гэж үгүй бөгөөд бүх зүйлд зөвт байдлыг хэрэгжүүлдэг. Би бол өчүүхэн төдий ч хир буртгаар бохирдоогүй шулуун шударга. Миний үгийн утга учрыг ойлгов уу? Та нар бас үүнд хүрч чадах уу? Хүмүүс Намайг бас хэвийн хүн чанартай, гэр бүлтэй, сэтгэл хөдлөлтэй гэж боддог ч, энэ чинь шал буруу гэдгийг та нар мэдэж байна уу? Би бол Бурхан! Та нар үүнийг мартчихсан уу? Будилчихсан уу? Та нар одоо ч Намайг мэддэггүй!
Миний зөвт байдал та нарт бүрэн илчлэгдсэн. Би ямар ч хүнтэй яаж ч харьцлаа гэсэн Миний зөвт байдал, Миний сүр жавхлан ил болдог. Би бол уур хилэнг бас Өөртөө тээж явдаг Бурхан Өөрөө учир Намайг хавчиж, эсвэл доромжилсон нэг ч хүнийг зүгээр өнгөрөөхгүй. Ийм хатуу чанд шаардлага дор та нар үүнийг тодорхой ойлгож байна уу? Миний сонгож, урьдчилан тогтоосон хүмүүс бол ховор сувд, гартаам мэт олдоход бэрх. Учир нь хаан болж хаанчлах хүмүүс Миний ардууд байх хүмүүсээс хамаагүй цөөн байх нь тодорхой бөгөөд энэ нь Миний хүч чадал, гайхамшигт үйл хэргийн илрэл билээ. Би та нарыг шагнаж, та нарт титэм зүүлгэнэ, Надтай хамт байгаа үед алдар суу хэзээ ч дуусахгүй гэж Би үргэлж хэлдэг. Шагнал, титэм, алдар суу гэдгээр Би юуг хэлж байна вэ? Хүмүүсийн үзэлд шагнал гэдэг хоол, хувцас, эдлэл хэрэглэл шиг биет зүйл, гэвч энэ бол бүхэлдээ хуучинсаг үзэл бодол; Би ингэж хэлэх гээгүй, энэ нь алдаатай ойлголт юм. Шагнал гэдэг бол яг одоо олж авдаг зүйлс бөгөөд нигүүлслийн нэг хэсэг юм. Гэхдээ махан биеийн таашаалтай холбоотой зарим нэг шагнал ч бас байдаг бөгөөд Надад үйлчлэл үзүүлдэг боловч Миний аврахгүй хүмүүс бас зарим нэг материаллаг тааламжийг хүртэж болно (тэгсэн ч тэд Надад үйлчлэл хийдэг биет зүйл хэвээр байдаг). Титэм бол албан тушаалын сүлд тэмдэг биш юм. Өөрөөр хэлбэл, энэ нь та нарыг баясгах гэж өгдөг биет зүйл бус, харин та нарт Миний хайрладаг шинэ нэр бөгөөд шинэ нэрийнхээ энд хүрч чадсан хэн боловч титэм хүртэж, үүгээрээ Надаас ерөөл хүртдэг. Шагнал, титэм зэрэг нь ерөөлийн нэг хэсэг боловч ерөөлтэй харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай юм. Алдар сууг чухамдаа хүмүүсийн үзлээр төсөөлөх боломжгүй, учир нь алдар суу гэдэг биет зүйл бус, харин хүмүүсийн туйлын хийсвэрээр сэтгэдэг зүйл юм. Тэгвэл алдар суу гэж юу вэ? Та нар Надтай цуг алдар суугаа мандуулан бууж ирэх болно гэж хэлдгийн учир утга юу вэ? Миний бүрэн бүтэн байдал, өөрөөр хэлбэл, Би юу болох, Надад юу байгаа, өршөөл, энэрэл (Өөрийн хөвгүүдийг гэх), зөвт байдал, сүр жавхлан, шүүлт, уур хилэн, хараал, шатаалт (бүх хүмүүсийг гэх) болох Миний үнэн бие бол алдар суу юм. Би Өөрт минь эцэс төгсгөлгүй алдар суу байдаг гэж хэлдгийн учир юу вэ? Яагаад гэвэл Надад эцэс төгсгөлгүй мэргэн ухаан төдийгүй зүйрлэшгүй арвин баялаг бий. Иймээс, Надтай хамт алдар суугаа мандуулан бууж ирнэ гэдэг нь та нар аль хэдийн Надаар бүрэн төгс болгуулсан, Миний юу болох, Надад юу байгааг олж авсан, Надаар төгөлдөржсөн, Намайг хүндэтгэдэг, Намайг эсэргүүцдэггүй гэсэн үг юм. Та нар одоо ойлгосон нь лавтай!
Газар дэлхийн бүх улс үндэстний хурцадмал байдал оргилдоо хүрсэн бөгөөд Надад үйлчлэл үзүүлж, Надаар үнс нурам болгуулахаар бүгд тасралтгүй бэлдэж байна. Миний уур хилэн, дүрэлзэх гал ирэхэд өмнө нь ямар ч сэжүүр гарахгүй. Гэвч Би Өөрийн хийж байгаа зүйлийг юу болохыг мэддэг бөгөөд надад маш тодорхой байдаг. Та нар Миний үгэнд бат итгэж, бүх бэлтгэлээ базаахаар яаравчлах хэрэгтэй. Хилийн чанадаас эрж хайж ирэх хүмүүсийг хариулахад бэлтгэлтэй бай. Үүнийг санаж яв! Хятад—өөрөөр хэлбэл, Хятад дахь хүн бүр, газар бүр—Миний хараалд өртөнө. Миний үгийн утга учрыг ойлгов уу?