Залбирлыг хэрэгжүүлэх тухай

Та нар өдөр тутмын амьдралдаа залбиралд ач холбогдол өгдөггүй. Хүн залбирлын асуудлыг үл ойшоодог. Залбирал хааш яаш байж, хүн Бурханы өмнө зүгээр л хийсэн дүр үзүүлдэг байсан. Хэн ч зүрх сэтгэлээ Бурханы өмнө бүрэн өгч, Бурханд үнэхээр залбирч байгаагүй. Хүн асуудал үүсэх үед л Бурханд залбирдаг. Энэ бүх хугацаанд чи ер нь Бурханд үнэхээр залбирсан уу? Бурханы өмнө шаналлын нулимс урсгаж байсан удаа ер нь бий юу? Бурханы өмнө өөрийгөө ер нь мэдэж авч байсан уу? Бурханд зүрх сэтгэлээсээ залбирч үзсэн үү? Залбирал хэрэгжүүлэлтээс бий болдог: Хэрвээ чи гэртээ ер нь залбирдаггүй бол чуулганд залбирах ямар ч аргагүй байх бөгөөд ерөнхийдөө жижиг цуглааны үеэр залбирдаггүй бол том цуглааны үеэр залбирч чадахгүй. Чи ерөнхийдөө Бурханд ойртдоггүй, Бурханы үгийг эргэцүүлдэггүй бол залбирах цаг болоход чамд хэлэх үг олдохгүй ба залбирсан ч гэсэн чи зүгээр л дүр үзүүлж байх болно; тэр нь жинхэнэ залбирал биш юм.

Жинхэнэ залбирал гэж юу вэ? Энэ нь зүрх сэтгэл доторх үгээ Бурханд хэлж, Бурханы хүслийг ухаарснаар Бурхантай ярьж, үгэнд нь үндэслэн Бурхантай ярилцан, Бурханд нэн ойр байгаагаа мэдэрч, Тэр өмнө чинь байгааг мэдэрч, Түүнд хэлэх зүйл бий гэж бодох явдал юм. Зүрх сэтгэл чинь гэрлээр дүүрч, Бурхан хэчнээн хайр татам болохыг мэдэрнэ. Чи тун их зоригжиж, үгийг чинь сонсоход ах эгч нарт таатай санагдана. Хэлсэн үг чинь тэдний зүрх сэтгэл доторх үг, тэдний хэлэхийг хүсдэг үг, мөн тэдний үгийг орлуулагч мэт санагдана. Жинхэнэ залбирал гэж энэ юм. Үнэхээр залбирсны дараа зүрх сэтгэлд чинь амар амгалан болж, баяр баясалтай санагдана. Бурханыг хайрлах хүч чадал нэмэгдэж, амьдралдаа Бурханыг хайрлахаас илүү үнэ цэнтэй, ач холбогдолтой юу ч байхгүй гэж санагдана. Залбирал чинь үр дүнтэй байсныг энэ бүхэн нотолдог. Чи ер нь ийм маягаар залбирч байсан уу?

Тэгвэл залбирлын агуулга юу вэ? Чиний залбирал алхам алхмаар, зүрх сэтгэлийн чинь жинхэнэ байр байдал, Ариун Сүнсний ажлын дагуу байх ёстой; мөн Бурханы хүсэл болон хүнээс шаарддаг шаардлагад нийцүүлэн Бурхантай ярилцах ёстой. Чи залбирлаа хэрэгжүүлж эхлэх үедээ эхлээд зүрх сэтгэлээ Бурханд өг. Бурханы хүслийг ухаарахаар бүү оролд, харин зүрх сэтгэл доторх үгээ Бурханд хэлэх гэж л хичээ. Бурханы өмнө очих үедээ ингэж хэл: “Өө Бурхан минь! Танд би дуулгаваргүй байдаг байснаа өнөөдөр л ухаарлаа. Би үнэхээр завхарсан бөгөөд жигшүүртэй. Би амьдралаа хий дэмий өнгөрөөсөөр иржээ. Өнөөдрөөс эхлээд би Таны төлөө амьдарна. Би утга учиртай амьдралыг амьдран харуулж, Таны хүслийг хангалуун байлгана. Таны Сүнс үргэлж миний дотор ажиллаж, намайг үргэлж гэрэлтүүлж, гэгээрүүлэх болтугай. Би Таны өмнө хүчтэй, цангинасан гэрчлэл хийе. Биднээс харагддаг Таны алдар, Таны гэрчлэл, Таны ялалтын баталгааг Сатанд хараг.” Ийм маягаар залбирах үед зүрх сэтгэл чинь бүрмөсөн чөлөөлөгдөнө. Ийм маягаар залбирснаар зүрх сэтгэл чинь Бурханд илүү ойртоно, ийм маягаар байнга залбирч чадвал Ариун Сүнс чиний дотор гарцаагүй ажиллана. Чи үргэлж ийм маягаар Бурханыг дуудаж, Бурханы өмнө шийдвэрээ гаргадаг бол Бурхан шийдвэрийг чинь хүлээн зөвшөөрч, зүрх сэтгэл болон бүхий л оршихуйг чинь олж авах өдөр ирж, эцэст нь чи Бурханаар төгс болгуулна. Залбирал та нарын хувьд дээд зэргийн ач холбогдолтой юм. Залбирах үедээ чи Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, зүрх сэтгэл чинь Бурханаар хөдөлгөгдөж, Бурханыг хайрлах хүч гарч ирдэг. Чи чин сэтгэлээсээ залбирдаггүй, Бурхантай ярилцахын тулд зүрх сэтгэлээ нээдэггүй бол Бурхан чиний дотор ажиллах ямар ч аргагүй байх болно. Чи залбирч, зүрх сэтгэл доторх бүх үгээ хэлсний дараа Бурханы Сүнс ажлаа эхлээгүй, мөн чи ямар ч урам зориг аваагүй бол зүрх сэтгэл чинь чин үнэнч биш, үг чинь үнэн биш, хольцтой хэвээр гэдгийг энэ нь харуулдаг. Залбирчхаад сэтгэл чинь ханамжтай байвал залбирлыг чинь Бурхан хүлээн зөвшөөрч, Бурханы Сүнс чиний дотор ажиллаж байна. Бурханы өмнө үйлчилдэг нэгэн болохын хувьд чи залбирахгүй байж болохгүй. Чи Бурхантай хийх нөхөрлөлийг үнэхээр л утга учиртай, үнэ цэнтэй гэж үздэг бол залбирлыг орхиж чадна гэж үү? Бурхантай ярилцахгүй байж хэн ч чадахгүй. Залбиралгүйгээр чи махан биед, Сатаны хүлээсэнд амьдардаг; жинхэнэ залбиралгүйгээр чи харанхуйн нөлөөн дор амьдардаг. Ах эгч та нар өдөр болгон үнэхээр залбирч чадна гэж Би найдаж байна. Энэ нь ёс заншил сахих явдал бус, тодорхой үр дүнд хүрэх явдал юм. Чи жаахан нойр, зугаа цэнгэлээс татгалзан, үүрээр өглөөний залбирлаа хийж, дараа нь Бурханы үгийг эдлэхэд бэлэн байна уу? Хэрвээ чи энэ маягаар ариун зүрх сэтгэлээр залбирч, Бурханы үгийг идэж, уудаг бол чамайг Бурхан улам илүү хүлээн зөвшөөрнө. Өглөө бүр үүнийг хийж, өдөр бүр зүрх сэтгэлээ Бурханд өгч, Бурхантай ярилцаж, харилцвал Бурханы талаарх мэдлэг чинь гарцаагүй ихсэж, Бурханы хүслийг илүү сайн ухаарч чадна. Чи ингэж хэлнэ: “Өө Бурхан минь! Би үүргээ биелүүлмээр байна. Та биднээс алдрыг олж авч, энэ бүлэг хүмүүс бидний хийсэн гэрчлэлийг эдлэг гэсэндээ би бүх оршихуйгаа Танд зориулж л чадна. Бидний дотор ажиллаач гэж би Танаас гуйя, ингэснээр би Таныг үнэхээр хайрлаж, сэтгэл хангалуун байлгаж, Таныг эрэлхийлдэг зорилгоо болгож чадна.” Энэ ачааг үүрэх үед чинь Бурхан чамайг гарцаагүй төгс болгоно. Чи зөвхөн өөрийнхөө төлөө залбиралгүй, харин Бурханы хүслийг биелүүлэх, Түүнийг хайрлахын төлөө бас залбирах ёстой. Энэ нь хамгийн жинхэнэ залбирал юм. Чи Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө залбирдаг хүн мөн үү?

Өмнө нь та нар хэрхэн залбирахаа мэддэггүй, залбирлыг үл ойшоодог байсан. Одоо та нар залбирч сурахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Бурханыг хайрлахын тулд доторх хүчээ дайчилж чадахгүй бол чи яаж залбирч чадах юм бэ? Чи ингэж хэлэх ёстой: “Өө Бурхан минь! Зүрх сэтгэл минь Таныг үнэхээр хайрлах чадваргүй. Би Таныг хайрлахыг хүсдэг ч надад хүч дутдаг. Би яах ёстой вэ? Та сүнсний минь нүдийг нээж, Таны Сүнс миний зүрх сэтгэлийг хөдөлгөх болтугай. Ингэснээр би Таны өмнө бүх сөрөг зүйлийг хаяж, аливаа хүн, хэрэг явдал, зүйлээр хязгаарлагдахгүй байж, бүхий л оршихуйгаа Таны өмнө зориулахуйцаар зүрх сэтгэлээ Таны өмнө бүрэн дэлгэж байна. Та намайг яаж ч туршсан бай, би бэлэн. Одоо би хэтийн ирээдүйгээ огт бодохгүй, мөн үхэлд ч хүлэгдэхгүй. Таныг хайрладаг зүрх сэтгэлээр би амьдралын замыг эрж хайхыг хүсэж байна. Бүх зүйл болон хэрэг явдал болгон Таны гарт байдаг; миний хувь заяа Таны гарт байдаг, амьдрал минь Таны гарт байдаг. Одоо би Таныг хайрлахаар эрэлхийлдэг, Та надаар хайрлуулах эсэхээс үл хамааран, Сатан хэрхэн үймүүлэхээс үл хамааран Таныг хайрлахаар шийдсэн.” Ийм асуудалтай тулгарах үедээ ингэж залбир. Хэрвээ чи өдөр болгон ингэж залбирвал Бурханыг хайрлах хүч аажмаар нэмэгдэнэ.

Хүн жинхэнэ залбиралд хэрхэн орох вэ?

Залбирах үедээ чи Бурханы өмнө тайван зүрх сэтгэлтэй байж, чин үнэнч сэтгэлтэй байх ёстой. Чи үнэхээр Бурхантай ярилцан, залбирч байгаа—чи чихэнд чимэгтэй үгээр Бурханыг аргалах ёсгүй. Бурханы яг одоо гүйцэлдүүлэхийг хүсдэг зүйл дээр залбирал төвлөрөх ёстой. Чамд илүү их гэгээрэл, гэрэлтүүлэлт өгөхийг Бурханаас гуй, залбирахдаа өөрийн бодит байдал, бэрхшээл болон Бурханы өмнө гаргасан шийдвэрээ Түүний өмнө авчир. Залбирал бол дэг журмыг дагах явдал биш; энэ нь чин зүрх сэтгэлээр Бурханыг эрж хайх явдал юм. Зүрх сэтгэлээ Бурханы өмнө байнга тайван байлгахын тулд зүрх сэтгэлийг чинь хамгаалахыг Бурханаас гуй; Бурханы чамд зориулсан орчинд өөрийгөө мэдэж, жигшиж, хаядаг болж, улмаар Бурхантай хэвийн харилцаатай, Бурханыг үнэхээр хайрладаг хүн болгооч гэж Бурханаас гуй.

Залбирлын ач холбогдол юу вэ?

Залбирал бол хүний Бурхантай хамтран ажилладаг арга замуудын нэг. Энэ нь Бурханыг дууддаг хүний арга, мөн Бурханы Сүнс хүний сэтгэлийг хөдөлгөдөг үйл явц юм. Залбиралгүй хүмүүс бол сүнсгүй үхдэлүүд бөгөөд тэдэнд Бурханаар хөдөлгөгдөх эрхтэн байхгүйн нотолгоо гэж хэлж болно. Залбиралгүйгээр хэвийн сүнслэг амьдралаар амьдрах боломжгүй, Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлэх бүр ч боломжгүй. Залбиралгүй байх нь хүний Бурхантай харилцах харилцааг тасалдаг бөгөөд Бурханы сайшаалыг хүртэх боломжгүй байдаг. Бурханд итгэгчийн хувиар хүн хэдий чинээ их залбирна, Бурхан сэтгэлийг нь төдий чинээ их хөдөлгөж, хүн илүү их шийдвэртэй болж, Бурханаас шинэ гэгээрлийг илүү сайн хүлээн авч чаддаг. Үүний үр дүнд ийм хүнийг л Ариун Сүнс маш хурдан төгс болгож чадна.

Залбирлаар хүрэх учиртай үр нөлөө юу вэ?

Хүмүүс залбирлыг хэрэгжүүлж, залбирлын ач холбогдлыг ойлгож чаддаг байж болох ч залбирал үр нөлөөтэй байна гэдэг нь энгийн хэрэг биш. Залбирал бол хэлбэрдэж, горим журам дагаж, эсвэл Бурханы үгийг цээжээр унших явдал биш. Өөрөөр хэлбэл, залбирах нь тодорхой хэдэн үгийг тоть шиг давтаж, бусдыг дуурайх явдал биш. Бурханаар хөдөлгүүлэхийн тулд чи залбирлаар зүрх сэтгэлээ Бурханд өгч, зүрх сэтгэлээ Бурханд нээж чаддаг байдалд хүрэх ёстой. Залбирлаа үр нөлөөтэй байлгая гэвэл залбирал чинь Бурханы үгийг уншихад үндэслэх ёстой. Бурханы үгэн дотроос залбирснаар л хүн илүү их гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авч чадна. Жинхэнэ залбирлын илрэлүүд нь: Бурханы шаарддаг бүхнийг хүсэн эрмэлздэг зүрх сэтгэлтэй байх, түүнчлэн Түүний шаарддаг зүйлийг гүйцэлдүүлэхийг хүсэж; Бурханы жигшдэг зүйлийг жигшиж, үүний үндсэн дээр энэ талаар бага зэрэг ойлголттой болж, Бурханы тайлбарласан үнэний талаар мэдэж, тодорхой ойлгох явдал юм. Залбирсны дараа шийдвэр, итгэл, мэдлэг болон хэрэгжүүлэлтийн замтай байхыг л жинхэнэ залбирал гэж нэрлэж болох бөгөөд ийм төрлийн залбирал л үр нөлөөтэй байж чадна. Гэсэн ч залбирал нь Бурханы үгийг эдэлж, үгээр нь Бурхантай ярилцах суурин дээр үндэслэх ёстой ба зүрх сэтгэл чинь Бурханыг эрж хайн, Бурханы өмнө тайван болж чаддаг байх ёстой. Иймэрхүү залбирал Бурхантай үнэхээр ярилцах үе шатанд аль хэдийн орсон байдаг.

Залбирлын тухай хамгийн үндсэн мэдлэг:

1. Санаандаа орсон юуг ч бодлогогүйгээр бүү хэл. Зүрх сэтгэлд чинь ачаа байх ёстой, өөрөөр хэлбэл, залбирах үедээ чи зорилготой байх ёстой.

2. Залбирал Бурханы үгийг агуулах ёстой; энэ нь Бурханы үгэн дээр үндэслэх ёстой.

3. Залбирах үедээ чи хуучирсан асуудлыг сөхөх ёсгүй. Залбирал чинь Бурханы одоогийн үгтэй холбоотой байж, залбирах үедээ сэтгэлийнхээ гүн дэх бодлыг Бурханд хэлэх ёстой.

4. Бүлгийн залбирал төв дээр буюу Ариун Сүнсний өнөөгийн ажилд заавал төвлөрөх ёстой.

5. Бүх хүн бусдын төлөө залбирч сурах ёстой. Энэ нь Бурханы хүслийг анхаардгаа харуулах нэг арга зам юм.

Хувийн залбирлын амьдрал нь залбирлын ач холбогдлын тухай ойлголт болон залбирлын тухай үндсэн мэдлэгт үндэслэдэг. Өдөр тутмын амьдралдаа, дутагдлынхаа төлөө байнга залбирч, амь зан чанартаа өөрчлөлт гаргахын тулд залбирч, Бурханы үгийн тухай мэдлэгтээ үндэслэн залбир. Хүн бүр залбирлын амьдралаа бий болгох хэрэгтэй, тэд Бурханы үгийг мэдэхийн төлөө залбирч, Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайхын тулд залбирах ёстой. Хувийн нөхцөл байдлаа Бурханы өмнө ил болго, залбирдаг арга барилд анхаарал хандуулалгүй бодитой бай, гол асуудал нь жинхэнэ ойлголтод хүрч, Бурханы үгийг бодитоор туулах явдал юм. Сүнслэг амийн оролтыг эрэлхийлдэг хон олон өөр арга замаар залбирч чаддаг байх ёстой. Чимээгүй залбирал, Бурханы үгийг эргэцүүлэх, Бурханы ажлыг мэддэг болох—эдгээр нь бүгд хэвийн сүнслэг амьдралд орохын төлөөх сүнслэг нөхөрлөлийн зоримог ажлын жишээ бөгөөд Бурханы өмнөх байр байдлаа улам сайжруулж, амийн ахиц дэвшлийг бүр ч ихэсгэдэг. Товчхондоо бол Бурханы үгийг идэж, уух ч бай, эсвэл чимээгүй залбирч, чангаар тунхаглах ч бай, хийдэг бүхэн чинь Бурханы үг, ажил болон Түүний чам дээр хэрэгжүүлэхийг хүсдэг зүйлийг тодорхой ойлгохын төлөө байдаг. Бүр ч чухал нь, чиний хийдэг бүхэн Бурханы шаарддаг стандартад хүрч, амиа дараагийн түвшинд аваачихын төлөө байдаг. Хүнээс Бурханы шаарддаг хамгийн наад захын зүйл нь хүн Түүнд зүрх сэтгэлээ нээж чаддаг байх явдал юм. Хүн үнэн сэтгэлээ Бурханд өгч, зүрх сэтгэлд нь үнэхээр байгаа зүйлийг Бурханд хэлдэг бол Бурхан тухайн хүн дээр ажиллах хүсэлтэй байдаг. Бурхан хүний гажуудсан зүрх сэтгэлийг бус, ариун, үнэнч зүрх сэтгэлийг хүсдэг. Хүн Бурхантай үнэн сэтгэлээсээ ярьдаггүй бол Бурхан зүрх сэтгэлийг нь хөдөлгөж, дотор нь ажиллахгүй. Иймээс залбирлын гол чухал зүйл нь Бурхантай үнэн сэтгэлээсээ ярьж, өөрийнхөө дутагдал, тэрслүү зан чанарын талаар хэлж, өөрийгөө Түүний өмнө бүрэн нээх явдал юм; тэр үед л Бурхан залбирлыг чинь сонирхоно, эс бөгөөс Тэр чамаас царайгаа нууна. Залбирлын хамгийн наад захын шалгуур гэвэл чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаг байх ёстой, зүрх сэтгэл чинь Бурханаас холдох ёсгүй. Энэ хугацаанд чи илүү шинэлэг, дээгүүр мэдлэг ухаантай болоогүй байж болох ч байгаа байдлаа хадгалахын тулд залбирлыг ашиглах ёстой—уруудан доройтох ёсгүй. Энэ бол чиний хүрэх ёстой наад захын зүйл. Хэрвээ чи үүнийг ч гүйцэлдүүлж чадахгүй бол сүнслэг амьдрал чинь зөв замд ороогүйг энэ нь нотолно. Улмаар чи анх чамд байсан үзэгдлийг авч үлдэж чадалгүй, Бурханд итгэх итгэлээ алдаж, дараа нь шийдэмгий байдал чинь алга болно. Сүнслэг амьдрал руу орсон эсэхийн чинь нэг тэмдэг бол чиний залбирал зөв замд орсон эсэхийг харах явдал юм. Бүх хүн энэ бодит байдалд орох ёстой; тэд бүгд идэвхгүйгээр хүлээх бус, Ариун Сүнсээр хөдөлгөгдөх гэж ухамсартайгаар эрж хайн, өөрсдийгөө залбиралд ухамсартайгаар сургах ажлыг хийх ёстой. Тэр үед л тэд Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс болно.

Залбирч эхлэхдээ чи хэрээс хэтэрч, бүхнийг нэг дор биелүүлэхээр найдах ёсгүй. Чи хэрээс хэтэрсэн шаардлага тавиад, ам нээмэгцээ Ариун Сүнсээр хөдөлгөгдөж, гэгээрэл, гэрэлтүүлэлт хүртэнэ, эсвэл Бурхан чам дээр нигүүлслийг асгана гэж найдаж болохгүй. Ийм явдал тохиолдохгүй; Бурхан ер бусын зүйл хийдэггүй. Бурхан Өөрийнхөө цагт хүмүүсийн залбирлыг биелүүлдэг, мөн Өөрийнх нь өмнө үнэнч эсэхийг чинь харахын тулд заримдаа итгэлийг чинь туршдаг. Залбирах үедээ чи итгэлтэй, шаргуу, шийдвэртэй байх ёстой. Ихэнх хүн залбирахаар сургуулилж эхлэх үедээ Ариун Сүнсээр хөдөлгөгдөж чаддаггүй учраас хулчийдаг. Ингэж болохгүй! Чи тууштай байх ёстой; Ариун Сүнс сэтгэл хөдөлгөхийг мэдрэхэд болон эрж хайх, судалж шинжлэхэд төвлөрөх ёстой. Заримдаа хэрэгжүүлдэг зам чинь буруу байдаг, заримдаа хувийн сэдэл болон үзэл чинь Бурханы өмнө бат зогсож чаддаггүй тул Бурханы Сүнс чамайг хөдөлгөж чаддаггүй. Зарим үед Бурхан үнэнч үү, үгүй юу гэдгийг чинь хардаг. Товчхондоо гэвэл, чи өөрийгөө сургахад илүү их төлөөс төлөх ёстой. Хэрэгжүүлэлтийн чинь зам гажууд гэдгийг олж мэдвэл чи залбирдаг арга замаа өөрчилж болно. Чи чин сэтгэлээр эрж хайж, хүлээн авахаар хүсэн тэмүүлж байгаа цагт Ариун Сүнс чамайг энэ бодит байдалд аваачих нь лавтай. Заримдаа үнэн зүрх сэтгэлээсээ залбирсан ч чамд төдийлөн сэтгэл хөдөлсөн мэт санагддаггүй. Иймэрхүү үед чи итгэлдээ найдаж, Бурхан залбирлыг чинь хардаг гэж итгэх ёстой; чи залбирахдаа цөхрөлтгүй байх ёстой.

Үнэнч хүн бай; зүрх сэтгэл дэх хууран мэхлэлтээсээ ангижрахын тулд Бурханд залбир. Залбирлаар дамжуулан цаг үргэлж өөрийгөө ариусга, залбирлаар дамжуулан Бурханы Сүнсээр хөдөлгөгд, тэгээд зан чанар чинь аажмаар өөрчлөгдөнө. Жинхэнэ сүнслэг амьдрал бол залбирлын амьдрал юм—энэ нь Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн амьдрал юм. Ариун Сүнсээр хөдөлгөгдөх үйл явц нь хүний зан чанарыг өөрчлөх үйл явц билээ. Ариун Сүнсээр хөдөлгөгдөөгүй амьдрал бол сүнслэг амьдрал бус, харин шашны зан үйлийн л амьдрал юм. Ариун Сүнс байнга сэтгэлийг нь хөдөлгөдөг, мөн Ариун Сүнс гэгээрүүлж, гэрэлтүүлдэг хүмүүс л сүнслэг амьдралд орсон. Хүнийг залбирахад зан чанар нь тасралтгүй өөрчлөгддөг. Бурханы Сүнс түүнийг хэдий чинээ их хөдөлгөнө, тэрээр төдий чинээ идэвх санаачилгатай, дуулгавартай болдог. Иймээс түүний зүрх сэтгэл ч гэсэн аажмаар ариусаж, зан чанар нь алгуурхан өөрчлөгдөнө. Жинхэнэ залбирлын үр нөлөө энэ юм.

Өмнөх: Бурханыг хайрлах жинхэнэ хайр аяндаа төрдөг

Дараах: Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх