Амийн оролт VI
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 556
Зөвхөн үнэнийг эрэлхийлснээр л зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна: Энэ бол хүмүүсийн ухамсарлах ёстой, нэгд нэггүй ойлгох ёстой зүйл юм. Хэрэв чи үнэнийг хангалттай ойлгодоггүй бол амархан бүдэрч, замаа алдана. Хэрэв чи амиа өсгөхийг хүсвэл бүх зүйл дээр үнэнийг эрж хайх ёстой. Чи юу ч хийж байлаа гэсэн, үнэнтэй нийцэлтэй байхын тулд хэрхэн авирлах талаар эрэлхийлэх ёстой, үнэнийг зөрчдөг ямар хольц дотор чинь оршиж байгааг олж мэдэх ёстой; чи эдгээр зүйлийг тодорхой ойлгох ёстой. Юу хийж байгаагаас үл хамааран чи үнэнтэй нийцдэг эсэхийг нь, үнэ цэнтэй, утга учиртай эсэхийг нь бодолцон үзэх ёстой. Чи үнэнтэй нийцдэг зүйлсийг хийж болох боловч нийцдэггүй зүйлсийг хийх ёсгүй. Хийж ч болох, хийхгүй ч байж болох зүйлсийн тухайд гэвэл орхих боломжтой бол орхих ёстой. Эс бөгөөс, тэдгээр зүйлийг хэсэг хугацаанд хийж байгаад хожим нь болих хэрэгтэй гэж санагдвал шийдвэрээ хурдан гаргаж, даруй орхи. Энэ бол хийж байгаа бүх зүйлдээ чиний баримтлах ёстой зарчим юм. Зарим хүн ийм асуулт тавьдаг: Үнэнийг эрж хайж, хэрэгжүүлнэ гэдэг урсгал сөрж завиа сэлүүрдэх мэт, урагш сэлүүрдэхээ больчихвол арагш хөвөх мэт яагаад тийм их хэцүү байдаг юм бэ? Гэтэл ёрын мууг юм уу утга учиргүй зүйл хийх нь завиараа урсгал даган явж байгаа мэт яагаад үнэндээ хавьгүй илүү амархан байдаг юм бэ? Яагаад тэгдэг юм бэ? Учир нь хүн төрөлхтөн Бурханаас урвадаг уг чанартай. Сатаны уг чанар хүмүүсийн дотор зонхилох үүрэгтэй болсон бөгөөд энэ нь дайсагнагч хүчин юм. Бурханаас урвадаг уг чанартай хүмүүс мэдээж, Бурханаас урвах зүйлийг хийх тун магадлалтай бөгөөд эерэг үйлдэл хийх нь тэдэнд угаасаа хэцүү байдаг. Энэ нь хүн төрөлхтний уг чанар-мөн чанараар бүрэн шийдэгддэг. Үнэнийг үнэхээр ойлгож, чин сэтгэлээсээ хайрлаж эхэлмэгц үнэнд нийцэлтэй зүйлийг хийхэд амархан санагдах болно. Чи хэвийн байдлаар бүр ядах юмгүйгээр, баяртайгаар үүргээ гүйцэтгэж, үнэнийг хэрэгжүүлэх бөгөөд ямар нэг сөрөг зүйлийг хийхэд асар их хүчин чармайлт шаардагдах мэт чамд санагдана. Яагаад гэвэл, үнэн чиний зүрх сэтгэлд зонхилох үүрэгтэй болсон. Хэрэв чи хүний амьдралын тухай үнэнийг үнэхээр ойлговол ямархуу хүн байх, хэрхэн ний нуугүй, шулуун шударга, үнэнч хүн байх, хэрхэн Бурханд гэрчлэл хийж, Түүнд үйлчилдэг хүн байх тухайд дагах замтай болно. Эдгээр үнэнийг ойлгомогцоо чи Бурханыг эсэргүүцдэг муу үйл дахин хэзээ ч үйлдэж чадахгүй, мөн хуурамч удирдагч, хуурамч ажилчин, антихристийн үүргийг ч хэзээ ч гүйцэтгэхгүй. Сатан чамайг мэхэлж, муу хүн чамайг өдөөн хатгасан ч гэсэн, чи үүнийг хийхгүй; хэн чамайг албадахаар оролдох нь хамаагүй, чи мөн л тийнхүү авирлахгүй. Хүмүүс үнэнийг олж авч, амиа болгох үедээ ёрын мууг үзэн ядаж, сөрөг зүйлийг дотроо зэвүүцэж чаддаг болно. Амь зан чанар нь өөрчлөгдөж, Бурханаар төгс болгуулсан тул тэдний хувьд мууг үйлдэх нь хэцүү байх болно.
Хэрэв чи зүрх сэтгэлдээ үнэнийг үнэхээр ойлгодог бол хэрхэн үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагахаа мэдэх бөгөөд үнэнийг эрэлхийлэх замд аяндаа хөл тавина. Алхдаг зам чинь зөв, Бурханы хүсэлд нийцэлтэй бол Ариун Сүнсний ажил чамайг орхихгүй. Энэ тохиолдолд Бурханаас урвах магадлал чинь улам багасна. Үнэн байхгүй бол мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ чи биеэ тоосон, ихэрхүү зан чанартай бол Бурханыг битгий эсэргүүц гэж чамд хэлээд ямар ч нэмэргүй, чи яаж ч чадахгүй, үүнийг хянахын аргагүй байдаг. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрнэ; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулахад хүргэнэ; эдгээрээс болж чи бусдыг басамжилж, зүрх сэтгэлдээ гагцхүү өөрийгөө л тээнэ; эдгээр нь чиний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг булааж аваад, эцэстээ чамайг Бурханы тэр байр сууринд суулгаж, хүмүүсийг өөртөө захирагд гэж шаардаж, өөрийнхөө бодол, санаа, үзлийг үнэн гэж дээдлэхэд хүргэнэ. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээл дор хүмүүс маш их ёрын муу үйл хийсэн байдаг! Ёрын мууг үйлддэг асуудлаа шийдэхийн тулд тэд эхлээд уг чанараа шийдвэрлэх ёстой. Зан чанарын өөрчлөлтгүйгээр энэ асуудлыг сууриар нь шийдвэрлэх боломжгүй. Бурханы талаар зарим нэг ойлголттой болох үед, мөн өөрийн завхралыг харж, биеэ тоосон, ихэрхүү зангийн жигшүүртэй, муухай байдлыг таних үед чамд зэвүүцмээр, ой гутмаар, гансрам санагдана. Бурханыг сэтгэл хангалуун болгох зүйлийг чи ухамсартайгаар хийж чаддаг байх бөгөөд ингэснээр амар амгаланг мэдэрнэ. Чи ухамсартайгаар Бурханы үгийг уншиж, Бурханыг өргөмжилж, Бурханд гэрчлэл хийж чаддаг болж, зүрх сэтгэлдээ таашаалыг мэдэрнэ. Чи ухамсартайгаар багаа хуулж, булай муухайгаа ил болгоно, ингэснээр дотор чинь сайхан санагдаж, сэтгэл санааны байдал чинь дээрдсэнийг мэдэрнэ. Зан чанараа өөрчлөхөөр эрж хайх эхний алхам нь Бурханы үгийг ойлгож, үнэнд орохоор эрж хайх явдал юм. Зөвхөн үнэнийг ойлгосноор л чи ялган таних чадвартай болж чадна; ялган таних чадвартай болсноор л юмыг нэгд нэггүй ойлгож чадна; юмыг бүрэн дүүрэн ойлгосноор л чи өөрийгөө үнэхээр мэдэж чадна; өөрийгөө үнэхээр мэдсэнийхээ дараа л чи махан биеэ хаяж, улмаар үнэнийг хэрэгжүүлж, аажмаар Бурханыг дуулгавартай дагадаг болж, Бурханд итгэх итгэлийн зөв замд алхам алхмаар орж чадна. Хүмүүс үнэнийг эрэлхийлэхдээ хэр зэрэг шийдэмгий байхаас энэ нь хамаардаг. Хүн үнэхээр шийдсэн бол зургаан сар юм уу жилийн дараа зөв замд орж эхэлнэ. Гурав юм уу таван жилийн дотор тэд үр дүн харж, аминдаа ахиц гаргаж байгаагаа мэдэрнэ. Хэрэв хүмүүс Бурханд итгэдэг боловч үнэнийг эрэлхийлдэггүй, үнэнийг хэрэгжүүлэхэд хэзээ ч анхаарлаа төвлөрүүлдэггүй бол ямар ч өөрчлөлт гаргалгүй арав, хорин жил ч итгэх боломжтой. Эцэст нь тэд Бурханд итгэх гэдэг нь энэ юм байна гэж бодно; өмнө нь хорвоо ертөнцөд амьдарч байсантай нь бараг л адилхан юм, амьд байна гэдэг утга учиргүй юм гэж тэд бодно. Үнэн байхгүй бол амьдрал хоосон гэдгийг энэ нь үнэхээр харуулдаг. Тэд хоосон сургаалын хэдэн үг хэлж чаддаг байж магадгүй ч чамд тайван бус, түгшүүртэй санагдсаар байх болно. Хүмүүс Бурханы талаар бага зэрэг мэдлэгтэй, хэрхэн утга учиртай амьдралаар амьдрахыг мэддэг, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд зарим зүйлийг хийж чаддаг бол жинхэнэ амьдрал энэ юм, ингэж амьдарч байж л амьдрал утга учиртай болно, Бурханыг сэтгэл хангалуун болгож, Бурханы ачийг хариулж, сэтгэл амар байхын тулд ингэж амьдрах ёстой гэж тэдэнд санагдана. Хэрэв тэд ухамсартайгаар Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, үнэнийг хэрэгжүүлж, өөрсдийгөө хаяж, санаа бодлоо орхиж, Бурханы хүслийг дуулгавартай дагаж, санаа тавьж чадвал—энэ бүхнийг ухамсартайгаар хийж чаддаг бол—үнэнийг яг таг хэрэгжүүлнэ, жинхэнээсээ үнэнийг хэрэгжүүлнэ гэж үүнийг хэлэх бөгөөд урьдын адилаар зүгээр л төсөөлөлд найдаж, дүрэм журмыг дагаж, энэ нь үнэнийг хэрэгжүүлж буй хэрэг гэж бодохтой адилгүй. Үнэндээ төсөөлөлд найдаж, дүрэм журмыг дагах нь маш ядаргаатай, үнэнийг ойлгохгүй байж, аливааг зарчимгүй хийх нь ч бас маш ядаргаатай, юмыг зорилгогүйгээр, сохроор хийх нь бүр ч ядаргаатай байдаг. Үнэнийг ойлгох үедээ чи хэн нэгэнд, эсвэл ямар нэг зүйлд хязгаарлагдахгүй, үнэхээр чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй байх болно. Чи зарчимч байдлаар үйлдэж, тайван, баяр баясгалантай байх бөгөөд энэ нь хэтэрхий их хичээл чармайлт шаардаж, дэндүү их зовлон учруулдаг гэж бодохгүй. Чи ийм байдалтай байвал үнэнтэй, хүн чанартай байх бөгөөд зан чанар нь өөрчлөгдсөн хүн мөн.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлснээр л хүн зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 557
Амийн туршлагын явцад юу ч тохиолдлоо гэсэн чи үнэнийг эрж хайж, Бурханы үг болон үнэний дагуу хэрэг явдлыг нэгд нэггүй тунгаан бодож сурах ёстой. Аливааг яаж Бурханы хүсэлд бүрэн нийцүүлэн хийхээ мэдэх үедээ чи өөрийнхөө хүслээс үүдэн гарсан зүйлсийг орхиж чаддаг болно. Бурханы хүсэлд нийцүүлэн хэрхэн үйлдэхээ мэдмэгцээ чи зүгээр л урсгалаараа явж байгаа мэт тийм маягаар үйлдэнэ. Аливааг ингэж хийхэд маш хөнгөн, амар хялбар байдаг бөгөөд үнэнийг ойлгодог хүмүүс юмыг ингэж хийдэг. Үүргээ гүйцэтгэхдээ үнэхээр үр дүнтэй, аливааг хийдэг арга зам чинь зарчимтай, амь зан чанар чинь үнэхээр өөрчлөгдсөн, Бурханы сонгосон хүмүүсийн төлөө олон сайн зүйл хийсэн гэдгээ хүмүүст харуулж чадвал чи үнэнийг ойлгодог хүн бөгөөд гарцаагүй хүний төрхтэй юм; мэдээж Бурханы үгийг идэж, ууж байгаа чинь ч үр дүнтэй байдаг. Хүн үнэнийг үнэхээр ойлгомогцоо янз бүрийн байдлаа ялган таньж чаддаг болж, ээдрээтэй асуудлыг тодорхой харж чадах учраас хэрхэн зөв хэрэгжүүлэхээ мэддэг болно. Хэрвээ хүн үнэнийг ойлгодоггүй, өөрийнхөө байдлыг ялган таньж чаддаггүй бол өөрийгөө хаяхыг хүсэх үедээ юуг, яаж хаяхаа мэдэхгүй. Хэрвээ тэр хүн өөрийнхөө хүслийг орхихыг хүсвэл өөрийнх нь хүслийн юу нь бурууг мэдэхгүй, өөрийнх нь хүсэл үнэнтэй нийцдэг гэж бодох бөгөөд өөрсдийнхөө хүслийг бүр Ариун Сүнсний гэгээрэл гэж авч үзэж ч магадгүй. Тийм хүн яаж өөрийнхөө хүслийг орхих вэ? Орхиж чадахгүй, махан биеэ хаяж бүр ч чадахгүй. Тиймээс үнэнийг ойлгохгүй байх үедээ чи өөрийнхөө хүслээс төрөн гарсан зүйлийг буюу хүний үзэлд нийцдэг зүйлс, өөрийнхөө сайхан сэтгэл, хайр, зовлонг, мөн төлөөс төлж буй байдлаа зөв зүйл, үнэнтэй нийцдэг гэж амархан эндүүрэх боломжтой. Тэгвэл чи яаж эдгээр хүний зүйлийг хаяж болох вэ? Чи үнэнийг ойлгодоггүй, үнэнийг хэрэгжүүлэх гэж юу болохыг мэддэггүй. Чи юу ч мэдэхгүй, юу хийхээ мэдэх бараг боломжгүй учраас өөрийнхөө сайн гэж боддог зүйлийг л хийж чадах бөгөөд үүний үр дүнд зарим зүйл дээр гажуудал гаргана. Эдгээрийн зарим нь дүрэм журмыг дагадгаас, зарим нь урам зоригоос, зарим нь Сатаны үймээнээс үүдэлтэй. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс ийм байдаг. Тэд юм хийх үедээ асар замбараагүй, байнгын гажууд, огтхон ч оновчтой биш байдаг. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс яг л шүтлэггүй хүмүүсийн адилаар аливааг утгагүй байдлаар хардаг. Тэд яаж үнэнийг хэрэгжүүлж чадах юм бэ? Тэд яаж асуудлыг шийдвэрлэж чадах юм бэ? Үнэнийг ойлгох нь энгийн хэрэг биш. Хүний хэв чанар хэчнээн өндөр, эсвэл дорд байх нь хамаагүй, насан туршийн туршлагын дараа ч тэдний ойлгодог үнэний хэмжээ хязгаарлагдмал, тэдний ойлгодог Бурханы үгийн хэмжээ ч хязгаарлагдмал байдаг. Харьцангуй илүү туршлагатай хүмүүс бол зарим үнэнийг ойлгодог хүмүүс бөгөөд сайндаа л тэд Бурханыг эсэргүүцэх зүйл хийхээ больж, илт ёрын муу зүйл хийхээ больж чадна. Тэдний үйлдэлд хувийн санаа зорилго огт холилдохгүй байх боломжгүй. Хүмүүс хэвийн сэтгэлгээтэй байдаг бөгөөд бодол санаа нь Бурханы үгтэй үргэлж нийцэхгүй байж болох учраас өөрсдийнх нь хувийн хүсэл холилдох нь гарцаагүй. Хамгийн чухал нь өөрийнх нь хүслээс үүдэлтэй, Бурханы үг, үнэн, Ариун Сүнсний гэгээрэлд харшилдаг зүйлийг ялган таньдаг байх явдал юм. Ингэхийн тулд Бурханы үгийг ойлгохоор шаргуу ажиллах шаардлагатай; үнэнийг ойлгох үедээ л чи ялган таних чадвартай болно, тэр үед л ёрын мууг үйлдэхгүй байх чинь баталгаатай болно.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлснээр л хүн зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 558
Өөрийгөө мэдэхийн тулд чи завхралынхаа илэрхийлэл, эмзэг цэг, зан чанар, уг чанар, мөн чанараа мэдэх ёстой. Түүнчлэн чи гэртээ ч бай, гадаа ч бай, цуглаанд оролцож байхдаа, Бурханы үгийг идэж ууж байхдаа юм уу тулгарсан асуудал болгондоо, өдөр тутмын амьдралдаа харуулдаг зүйлс буюу өөрийн сэдэл, харах өнцөг, аливаа юм болгонд хандах хандлагыг нарийвчлан мэдэх ёстой. Эдгээр зүйлээр дамжуулан чи өөрийгөө мэдэж авах ёстой. Өөрийгөө илүү гүн гүнзгий түвшинд мэдэхийн тулд Бурханы үгийг нэгтгэх ёстой; Түүний үгэнд үндэслэн өөрийгөө мэдсэнээр л үр дүнд хүрч чадна. Бурханы үгийн шүүлтийг хүлээн авах үедээ бид зовлонгоос айж, шаналлаас эмээх ёсгүй, Бурханы үг зүрх сэтгэлийг минь сүлбэх вий гэж бүр ч айх ёсгүй. Тэрээр биднийг хэрхэн шүүж, гэсгээж, завхарсан мөн чанарыг маань илчилдэг тухай Бурханы айлдваруудыг бид илүү их унших ёстой. Бид тэдгээрийг уншиж, өөрсдийгөө тэдгээртэй илүү их харьцуулах ёстой. Бусдыг тэдгээртэй бүү харьцуул—бид өөрсдийгөө харьцуулах ёстой. Бидэнд эдгээр зүйлийн аль нь ч дутагдаагүй; бид бүгд тэдгээртэй нийцэж чадна. Хэрвээ итгэхгүй бол өөрөө туулаад үз. Зарим хүн Бурханы үгийг уншсаныхаа дараа өөрсөд дээрээ хэрэгжүүлэх чадваргүй байдаг; эдгээр үгийн хэсгүүд өөрсдийнх нь тухай бус, харин бусад хүний тухай гэж тэд боддог. Жишээлбэл, Бурхан хүмүүсийг биеэ үнэлэгч, янхан хэмээн илчлэх үед зарим эгч нөхөртөө баараггүй үнэнч байсан болохоор тийм үг өөрсдийг нь хэлээгүй байх ёстой гэж боддог; зарим эгч гэрлээгүй, хэзээ ч бэлгийн харилцаанд орж байгаагүй учраас иймэрхүү үг мөн л өөрсдийнх нь тухай биш байх ёстой гэж боддог. Зарим ах эдгээр үгийг зөвхөн эмэгтэйчүүдэд хандсан, өөрсдөд нь огт хамаагүй гэж санадаг; зарим хүн Бурханы ийм үгийг дэндүү онцгүй сонсогдож байна гэж үзээд, хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Тэр ч бүү хэл зарим тохиолдолд, Бурханы үгийг буруу гэж хэлдэг хүмүүс ч бий. Энэ нь Бурханы үгэнд хандах зөв хандлага мөн үү? Хүмүүс Бурханы үгэнд үндэслэн өөрсдийгөө эргэцүүлж чаддаггүй. Энд “биеэ үнэлэгч”, “янхан” гэдэг нь хүмүүсийн садар самууны завхралыг хэлж байна. Эрэгтэй, эмэгтэй, гэрлэсэн, гэрлээгүй нь хамаагүй, хүн болгонд садар самууны завхрал бий—тэгэхээр яалаа гэж энэ чамд ямар ч хамаагүй байж болох билээ? Бурханы үг хүмүүсийн завхарсан зан чанарыг илчилдэг; эр ч бай, эм ч бай, хүний завхралын түвшин адилхан байдаг. Энэ нь баримт бус уу? Бурханы эдгээр айлдварыг сонсоход таатай эсэх нь хамаагүй, мөн бидэнд сайхан, муухай санагдах нь хамаагүй Бурханы хэлсэн үг бүрийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг бид ямар нэг юм хийхээсээ өмнө ухаарах ёстой. Бурханы үгэнд бид ийм хандлага баримтлах учиртай. Энэ нь ямар төрлийн хандлага вэ? Энэ нь сүсэг бишрэлтэй, тэвчээртэй хандлага уу, эсвэл зовлонг хүлээн авсан хандлага уу? Эдгээрийн аль нь ч биш гэдгийг Би та нарт хэлье. Бурханы үг үнэн гэдгийг бид итгэлдээ бат баримтлах ёстой. Тэдгээр нь үнэхээр үнэн учраас ухаалгаар хүлээн зөвшөөрөх ёстой. Бид таньж, хүлээн зөвшөөрч чадах эсэхээсээ үл хамааран Бурханы үгэнд юун түрүүнд туйлын хүлээн зөвшөөрсөн хандлагатай байх ёстой. Бурханы үгийн мөр болгон нь тодорхой байр байдалд хамаатай байдаг. Өөрөөр хэлбэл, Түүний айлдварын нэг ч мөр гадаад төрх байдлын тухай байдаггүй, мөн гадна талын дүрэм журам юм уу хүмүүсийн энгийн зан авирын талаар бүр ч байдаггүй. Тийм байдаггүй. Хэрэв Бурханы айлдсан мөр болгоныг хүний энгийн зан авир юм уу гадаад төрх хэмээн үздэг бол чи ямар ч сүнслэг ойлголтгүй бөгөөд үнэн гэж юу болохыг ойлгодоггүй. Бурханы үг гүн гүнзгий байдаг. Хэр гүн гүнзгий вэ? Бурханы хэлдэг бүхэн, илчилдэг бүхэн хүмүүсийн завхарсан зан чанар болон тэдний амин доторх мөн чанартай холбоотой, гүн үндэслэсэн зүйлсийн тухай байдаг. Тэдгээр нь гадаад төрх биш, ялангуяа гадна талын зан авир биш. Хүмүүсийг гаднах төрхөөс нь харахад бүгд зүгээр харагдаж болно. Тэгвэл Бурхан яагаад зарим хүнийг муу ёрын сүнс, заримыг нь бузар сүнс гэж хэлдэг юм бэ? Энэ нь чамд үл харагдах зүйл юм. Тиймээс чи Бурханы үгийг баримтлахын тулд гадаад төрх юм уу гаднаасаа харагддаг зүйлд найдаж болохгүй.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдол ба үүнийг эрэлхийлэх зам
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 559
Хүний уг чанарыг хэрхэн ойлгох вэ? Уг чанараа ойлгох гэдэг нь үнэндээ сэтгэлийнхээ угт орших зүйлс—чиний амийн доторх зүйл, амьдарч ирсэн Сатаны бүх логик, гүн ухаан—өөрийнхөө амьдарч ирсэн Сатаны амийг задлан шинжилнэ гэсэн үг юм. Сэтгэлийнхээ гүн дэх зүйлийг ил гаргаснаар л чи уг чанараа ойлгож чадна. Эдгээр зүйлийг хэрхэн ил болгож болох вэ? Тэдгээрийг ганц хоёрхон хэрэг явдал төдийхнөөр ил болгож, задлан шинжилж болдоггүй. Ихэнхдээ ямар нэг зүйлийг хийж дууссаныхаа дараа чи мөн л ойлгож аваагүй байдаг. Жаахан ухаарах юм уу ойлгож автал чинь гурваас таван жил шаардагдаж болох юм. Тиймээс олон нөхцөл байдалд чи өөрийгөө эргэцүүлж, мэдэж авах ёстой. Чи ямар нэг үр дүн үзэхийн тулд Бурханы үгийн дагуу өөрийгөө гүн гүнзгий ухаж төнхөж, задлан шинжлэх ёстой. Үнэний талаарх ойлголт чинь улам гүн гүнзгий болохын хэрээр өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдсэнээр дамжуулан чи уг чанар-мөн чанараа аажмаар мэдэж авна.
Уг чанараа мэдэхийн тулд чи цөөн хэдэн зүйлээр дамжуулан үүнийг ойлгох ёстой. Нэгдүгээрт, чи юунд дуртай болохоо тодорхой ойлгох ёстой. Энэ нь идэж ууж, өмсөж зүүх дуртай зүйлийг чинь хэлж байгаа юм биш, харин чамд таалагддаг зүйлс, чиний атаархдаг зүйлс, шүтдэг зүйлс, эрж хайдаг зүйлс, зүрх сэтгэлдээ анхаарал хандуулдаг зүйлс, холбоо тогтооход таатай байдаг хүмүүс, зүрх сэтгэлдээ биширч, шүтдэг хүмүүсийг чинь хэлж байгаа юм. Жишээлбэл, ихэнх хүн дээгүүр байр суурьтай, гоёмсог үг яриа, ааш аягтай хүмүүст дуртай байдаг, эсвэл цэцэн цэлмэгээр зусардан ярьдаг, дүр эсгэдэг хүмүүст дуртай байдаг. Тэд ямар хүмүүстэй харилцах дуртай талаар дээр дурдлаа. Харин хүмүүст таалагддаг зүйлсийн тухайд гэвэл, зарим амархан юмыг хийх дуртай байх, бусдын сайн гэж боддог, хүмүүсээр магтуулж, сайшаалгах зүйлсийг хийх дуртай байх зэрэг багтдаг. Хүмүүсийн уг чанарт, дуртай зүйлсийнх нь нийтлэг шинж байдаг. Өөрөөр хэлбэл, тэд гаднах үзэмжид нь бусдын атаархдаг хүмүүс, үйл явдал, зүйлсэд дуртай байдаг, мөн маш үзэсгэлэнтэй, тансаг харагддаг, бусдын шүтэн биширдэг хүмүүс, үйл явдал, юмсад дуртай байдаг. Хүмүүсийн таалдаг эдгээр зүйл нь агуу, нүд гялбам, гоёмсог, сүрлэг байдаг. Хүмүүс бүгд ийм зүйлсийг шүтдэг. Хүмүүс ямар ч үнэнийг эзэмшдэггүй, мөн жинхэнэ хүний ямар ч төрхгүй байдгийг харж болно. Эдгээр зүйлийг шүтэх нь огтхон ч ач холбогдолгүй атал хүмүүс эдгээрт дурласаар л байдаг. Хүмүүсийн дуртай эдгээр зүйл нь Бурханд итгэдэггүй хүмүүст тун сайхан санагддаг бөгөөд тэдгээр нь хүмүүсийн эрэлхийлэхийг онцгойлон хүсдэг бүх зүйл юм… Хүмүүсийн эрэлхийлж, хүсэн эрмэлздэг зүйлс дэлхийн чиг хандлагад хамаардаг, эдгээр зүйл нь Сатаных, диаволынх, үүнийг Бурхан жигшдэг бөгөөд үүнд ямар ч үнэн байдаггүй. Хүмүүсийн хүсэн эрмэлзэх дуртай зүйлс нь тэдний уг чанар-мөн чанарыг ил гаргадаг. Хүмүүсийн дуртай зүйлийг хувцаслаж байгаа байдлаас нь харж болно. Зарим хүн анхаарал татахаар, тод өнгөтэй, эсвэл этгээд хачин хувцас өмсөхийг хүсдэг. Тэд өмнө нь хэний ч зүүж байгаагүй зүүсгэл чимэглэл зүүхийг хүсдэг бөгөөд эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татаж чадах зүйлд дуртай байдаг. Тэд ийм хувцас, зүүсгэл өмсөж зүүж байгаа нь амь болон зүрх сэтгэлийнхээ гүнд ийм зүйлд дуртай болохыг нь харуулж байгаа юм. Тэдний дуртай зүйл нь эрхэмсэг, аятайхан биш. Тэдгээр нь хэвийн хүний эрэлхийлэх ёстой зүйлс биш юм. Ийм зүйлд дурлаж байгаа нь зөв шударга бус. Тэдний үзэл бодол хорвоогийн хүмүүсийнхтэй яг адилхан бөгөөд үнэнд нийцэх зүйл байдаггүй. Тиймээс чиний дурлаж, анхаарч, шүтэж, атаархдаг, зүрх сэтгэлдээ өдөр бүр боддог зүйлс бүгд уг чанарын чинь төлөөлөл юм. Хорвоо ертөнцийн эдгээр зүйлд дуртай байх нь чиний уг чанар зөвт бус байдалд дуртай, мөн ноцтой нөхцөлд уг чанар чинь ёрын муу, засаршгүй байдгийг хангалттай нотолдог. Уг чанараа ийм маягаар задлан шинжлэх ёстой: Амьдралдаа юуг таалдаг, юуг хаядгаа шинжил. Чи хэн нэгэнд хэсэг зуур сайн хандаж болох ч түүнд дуртай гэдгийг чинь энэ нь нотолдоггүй. Чиний үнэхээр таалдаг зүйл бол яг уг чанарт чинь байгаа зүйл юм; яс чинь хугарлаа ч чамд таалагдсаар байх бөгөөд хэзээ ч орхиж чаддаггүй. Үүнийг өөрчлөх амаргүй. Жишээ нь хань ижлээ олохдоо хүмүүс өөрсөдтэйгөө адилхан хүмүүсийг хайдаг. Хэрвээ нэгэн эмэгтэй хэн нэгэнд үнэхээр дурласан бол хэн ч түүнийг зогсоож чадахгүй. Хөлийг нь хугалсан ч гэсэн тэр эмэгтэй түүнтэй хамт байхыг хүсэх л болно; үхэх байсан ч түүнтэй гэрлэхийг хүснэ. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, хүмүүсийн яс, зүрх сэтгэлийн гүнд байгаа зүйлийг хэн ч өөрчилж чадахгүй. Хүн амьсгаа хураасан ч гэсэн сүнс нь мөн л адилхан зүйлд дуртай хэвээр байна; эдгээр нь хүний уг чанарын зүйлс бөгөөд хүний мөн чанарыг төлөөлдөг. Хүмүүсийн дуртай зүйл зарим зөв шударга бус байдлыг агуулдаг. Зарим нь тийм зүйлсэд илэрхий дурладаг байхад зарим нь үгүй байдаг; зарим нь тэдгээрт ихэд дуртай байдаг байхад бусад нь үгүй байдаг; зарим хүн өөрийгөө хянадаг, харин зарим нь өөрсдийгөө хянаж чаддаггүй. Зарим хүн харанхуй, ёрын муу зүйлсэд живэх магадлалтай байдаг нь тэдэнд амь байдаггүй гэдгийг нотолдог. Зарим хүн махан биеийн уруу таталтыг даван гарч, эдгээр зүйлд эзэмдүүлж, хязгаарлуулахгүй байж чаддаг нь тэд багахан биеийн хэмжээтэй, зан чанар нь бага зэрэг өөрчлөгдсөн гэдгийг нотолдог. Зарим хүн бага зэрэг үнэнийг ойлгодог бөгөөд өөрсдөд нь амь байгаа, өөрсдөө Бурханыг хайрладаг гэдгээ мэдэрдэг ч үнэндээ энэ нь мөн л хэтэрхий эрт байна, зан чанараа өөрчлөх нь энгийн хэрэг биш. Хүний уг чанар-мөн чанарыг ойлгох амархан уу? Хүн бага зэрэг ойлгодог ч гэсэн тэр ойлголтод хүрэхийн тулд олон ээдрээ нугачааг туулах ёстой, бага зэрэг ойлголттой байлаа ч гэсэн өөрчлөгдөх амархан биш. Эдгээр нь бүгд хүмүүст тулгардаг бэрхшээл бөгөөд үнэнийг эрэлхийлэх хүсэл байхгүй бол хүмүүс өөрсдийгөө мэдэж чадахгүй. Эргэн тойрны чинь хүмүүс, хэрэг явдал, эсвэл зүйлс хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран, дэлхий ертөнц хэрхэн орвонгоороо эргэхээс үл хамааран, хэрвээ үнэн дотроос чинь замчилдаг бол, хэрвээ үнэн чиний дотор үндэслэж, Бурханы үг чиний амьдрал, дур сонирхол, туршлага, оршин тогтнолыг залж чиглүүлдэг бол тэр үед чи үнэхээр өөрчлөгдсөн байх болно. Одоо хүмүүсийн өөрчлөлт гээч зүйл нь ердөө бага зэрэг хамтран ажиллаж, засалт, харьцалтыг дурамжхан хүлээн авч, үүргээ идэвхтэйгээр гүйцэтгэж, бага зэргийн урам зориг, итгэлтэй байж чадах явдал боловч үүнийг зан чанарын өөрчлөлт гэж үзэж болохгүй ба хүмүүст амь байгааг энэ нь нотолдоггүй. Энэ нь зүгээр л хүмүүсийн дур сонирхол, дур хүслээс цаашгүй.
Уг чанарын талаарх ойлголтод хүрэхийн тулд хүмүүсийн уг чанартаа дуртай байдаг зүйлсийг ухан гаргахаас гадна уг чанарт нь хамаарах хамгийн чухал хэд хэдэн талыг ч бас ухан гаргах хэрэгтэй. Жишээлбэл, хүмүүсийн аливааг үзэх үзэл бодол, амьдралын арга барил, зорилго, амьдралын үнэт зүйлс, амьдралыг үзэх үзэл, бас үнэнтэй холбоотой бүх зүйлийн талаарх бодол санаа, үзэл бодол гэх мэт. Энэ бүх зүйл хүмүүсийн сэтгэлийн гүнд байдаг бөгөөд зан чанарын өөрчлөлттэй шууд хамаатай юм. Тэгвэл завхарсан хүн төрөлхтний амьдралыг үзэх үзэл ямар байдаг вэ? Үүнийг ингэж хэлж болно: “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх.” Хүмүүс бүгд өөрсдийнхөө төлөө амьдардаг; шуудхан хэлэх юм бол тэд махан биеийн төлөө амьдарч байгаа. Ердөө амандаа хоол хийхийн төлөө л амьдарч байгаа. Энэ оршин тогтнол амьтныхаас ямар ялгаатай юм бэ? Ингэж амьдрахад ямар ч үнэ цэн байдаггүй, тэр ч бүү хэл ямар ч утга учир байдаггүй. Амьдралыг үзэх үзэл чинь дэлхий ертөнцөд амьдрахдаа юунд түшиглэдэг, юуны төлөө амьдардаг, хэрхэн амьдардаг вэ гэдгийг агуулдаг—энэ нь хүний уг чанарын мөн чанартай холбоотой бүх зүйл юм. Хүмүүсийн уг чанарыг задлан шинжилснээр чи хүмүүс бүгд Бурханыг эсэргүүцдэгийг харна. Тэд бүгд диавол бөгөөд үнэхээр сайн хүн гэж байдаггүй. Хүмүүсийн уг чанарыг задлан шинжилснээр л хүний завхрал, мөн чанарыг мэдэж, хүмүүс үнэндээ юунд харьяалагддаг, тэдэнд үнэндээ юу дутагддаг, тэд юугаар зэвсэглэх ёстой, яаж хүний төрхийг амьдран харуулах ёстойг ойлгож болно. Хүний уг чанарыг үнэхээр задлан шинжлэх нь амаргүй бөгөөд Бурханы үгийг туулж, жинхэнэ туршлагатай болохгүйгээр үүнийг хийж чадахгүй.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 560
Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ? Хүний уг чанарыг ямар зүйлс бүрдүүлдэг вэ? Чи хүний дутагдал, өө сэв, санаархал, үзэл, сөрөг байдал, дуулгаваргүй байдлын талаар л мэддэг ч хүний уг чанарын доторх зүйлсийг олж илрүүлж чаддаггүй. Чи эх үүсвэрийг нь олж илрүүлж чадалгүй, гаднах давхаргыг л мэддэг ба энэ нь хүний уг чанарын тухай мэдлэгийг бүрдүүлдэггүй. Зарим хүн дутагдал, сөрөг байдлаа хүлээн зөвшөөрч, “Би уг чанараа ойлгож байна. Харж байна уу, би биеэ тоосон зангаа хүлээн зөвшөөрдөг. Энэ нь уг чанараа мэдэж байгаа гэсэн үг биш үү?” гэдэг. Биеэ тоосон зан бол хүний уг чанарын нэг хэсэг гэдэг нь үнэн. Гэхдээ үүнийг онолын үүднээс хүлээн зөвшөөрөх нь хангалттай биш. Уг чанараа мэдэх гэж юу вэ? Үүнийг яаж мэдэж болох вэ? Ямар талаас нь үүнийг мэддэг вэ? Хүний илчилдэг зүйлсээс уг чанарыг нь яг яаж харах ёстой вэ? Юун түрүүнд, хүний сонирхлоос уг чанарыг нь харж болно. Жишээлбэл, зарим хүн алдартай, агуу хүмүүсийг тун их биширдэг, зарим нь ялангуяа дуучид, кино оддод дуртай байдаг байхад зарим нь тоглоом тоглох тун дуртай байдаг. Эдгээр сонголтоос бид энэ хүмүүс ямар уг чанартайг харж болно. Нэгэн энгийн жишээ хэлье: Зарим хүн нэг дуучныг үнэхээр шүтдэг байж болно. Тэд ямар хэмжээнд тэднийг шүтдэг вэ? Энэ дуучныхаа үйл хөдлөл, инээмсэглэл, үг болгонд донтох хэмжээнд. Тэд уг дуучинд анхаарал хандуулж, бүр өмсдөг бүхнийх нь зургийг авч, түүнийг үргэлжлүүлэн дуурайдаг. Хүнийг ийм түвшинд шүтэх нь ямар асуудлыг харуулдаг вэ? Ийм хүний зүрх сэтгэлд өнөөх шүтлэггүй хүний зүйлс л байдаг, тэр хүнд үнэн байхгүй, эерэг зүйлс байхгүй, зүрх сэтгэлд нь Бурхан бүр ч байхгүй гэдгийг энэ нь харуулдаг. Энэ хүний бодож, хайрлаж, эрж хайдаг бүх зүйл Сатаных юм. Эдгээр зүйл энэ хүний зүрх сэтгэлийг эзэмдэж, уг хүн зүрх сэтгэлээ тэдгээр зүйлд өгдөг. Түүний уг чанар-мөн чанар юу болохыг та нар хэлж чадах уу? Нэг юманд хэтэрхий их дурлах юм бол тэр юм нь хүний амь болж, зүрх сэтгэлийг нь эзэмддэг бөгөөд тухайн хүн Бурханыг хүсдэггүй, харин диаволыг хайрладаг шүтээн шүтэгч гэдгийг бүрэн нотолдог. Тиймээс тухайн хүн диаволыг хайрлаж, шүтэн мөргөдөг, үнэнийг хайрладаггүй, Бурханыг хүсдэггүй уг чанартай хэмээн дүгнэж болно. Энэ нь хүний уг чанарыг харах зөв зүйтэй арга бус уу? Энэ нь бүхэлдээ зөв. Хүний уг чанарыг ийнхүү задлан шинжлэх ёстой. Жишээ нь, зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг: Тэд гадагш гарч, үг хэлж, ажил хийх дуртай, мөн цуглаанд оролцож, номлох дуртай, хүмүүст өөрийгөө сонсгож, тэднээр шүтүүлж, хүрээлүүлэх дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр эзлэх дуртай, өөрсдийнх нь гаргадаг дүр төрхийг бусад хүн үнэлэхэд дуртай байдаг. Тэдний уг чанарыг эдгээр ааш авираас шинжилж үзье. Тэдний уг чанар ямар вэ? Хэрвээ тэд үнэхээр ингэж авирладаг бол биеэ тоосон агаад ихэрхүү гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Тэд Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; илүү өндөр байр сууринд тэмүүлэн, бусдыг удирдаж, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр эзлэхийг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм. Ийм ааш авираас тэдний уг чанарыг маш тодорхой харж болно. Жишээлбэл, зарим хүн бусдыг хохироон байж завшааныг шударга бусаар ашиглах үнэхээр дуртайн дээр бүх зүйл дээр өөрсдийн ашиг сонирхлыг хангах гэж хичээдэг. Тэд юу ч хийсэн өөрсдөд нь ашиг тустай байх ёстой, эс бөгөөс хийхгүй. Өөрсдөд нь тодорхой хэмжээний давуу тал өгөхгүй л бол тэд аливаа зүйлд санаа зовдог ч үгүй, үйлдлийнх нь ард үргэлж далд сэдэл байдаг. Өөрсдөд нь ашигтай хэнийг ч сайнаар ярьж, өөрсдөд нь зусарддаг хэнийг ч дэвшүүлдэг. Өөрийнх нь дуртай хүмүүс асуудалтай байсан ч гэсэн тэдний зөв гэхийн зэрэгцээ тэднийг өмгөөлж, хаацайлах гэж ихэд хичээдэг. Ийм хүмүүс ямар уг чанартай байдаг вэ? Эдгээр зан авираас тэдний уг чанарыг тодорхой харах боломжтой. Тэд үйлдлээрээ дамжуулан завшааныг шударга бусаар ашиглах гэж чармайн, нөхцөл байдал бүрд байнга наймаа хийх гэсэн зан авир гаргадаг бөгөөд тэд бүх зүрх сэтгэлээрээ олз ашигт шунадаг уг чанартай гэдэгт эргэлзэх зүйлгүй. Тэд бүх зүйлийг зөвхөн өөрсдийнхөө төлөө хийдэг. Өөрсдөд нь ашигтай биш л бол тэд эрт босохгүй. Тэд бол хамгийн аминчхан хүмүүс, огт ханаж цаддаггүй. Олз ашигт дурладаг, үнэнийг ер хайрладаггүйгээс нь тэдний уг чанар харагддаг. Зарим эрчүүд хүүхнүүдэд татагдаж, хаа явсан газартаа хүүхнүүдийг эргүүлж байдаг. Ийм хүмүүсийн дурладаг, зүрх сэтгэлдээ хамгийн их эрхэмлэдэг зүйл нь үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд юм. Тэд үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн төлөө амиа өгч, бүхнийг золиослоход бэлэн байдаг; тэдний зүрх сэтгэлийг дүүргэж байдаг зүйл бол эмэгтэйчүүд юм. Ийм эрчүүдийн уг чанар нь ямар байдаг вэ? Тэдний уг чанар нь үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг хайрлаж, тэднийг тахин шүтэж, ёрын мууг хайрлах явдал. Тэд бол ёрын муу, шунахай уг чанартай завхай эрчүүд юм. Би яагаад үүнийг тэдний уг чанар гэдэг вэ? Үйлдлээрээ тэд шунахай уг чанараа харуулдаг. Энэхүү зан авир нь зүгээр нэг тохиолдлын гэм буруу биш, ийм хүмүүс ердийн хүмүүсээс бага зэрэг муу ч байдаг юм биш, харин ч тэд эдгээр зүйлд бүрэн эзэмдүүлсэн байдаг ба энэ нь тэдний уг чанар, мөн чанар болсон. Тиймээс ийм зүйлс тэдний уг чанарын илрэл болсон юм. Хүний уг чанарын бүрэлдэхүүн хэсгүүд байнга ил болж байдаг. Хүний хийдэг зүйл юу ч байлаа гэсэн, тухайн хүний уг чанарыг илчлэх боломжтой. Хүмүүс хийж байгаа юм болгондоо өөрсдийн гэсэн сэдэл, зорилготой байдаг бөгөөд хүн гэртээ байлгах ч бай, сайн мэдээ номлох ч бай, эсвэл өөр ямар ч ажил байлаа гэсэн тэд өөрийн мэдэлгүй уг чанарынхаа хэсгүүдийг илчилж чадна, учир нь хүний уг чанар бол хүний амь бөгөөд хүмүүс амьдрах хугацаандаа уг чанартаа хөтлөгддөг. Хүний уг чанар хааяа, санаандгүй илчлэгддэггүй; харин ч хүний мөн чанарыг бүрэн төлөөлж чадна. Хүний яс, цуснаас урсан гардаг бүхэн уг чанар болон амийг нь төлөөлдөг. Зарим хүн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг хайрладаг. Бусад нь мөнгийг хайрладаг. Зарим нь байр суурийг онцгойлон хайрладаг. Зарим нь нэр хүнд, хувийн дүр төрхөө тун үнэлдэг. Зарим нь ялангуяа шүтээнийг хайрлаж, шүтдэг. Зарим хүн тун биеэ тоосон, ихэрхүү зантай, зүрх сэтгэлдээ хэнд ч бууж өгөлгүй, байр суурийг эрмэлздэг, бусдаас онцгойрч, бусдыг захирах дуртай. Янз бүрийн өөр уг чанар байдаг. Хүмүүсийн уг чанар ялгаатай ч нийтлэг элемент нь Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвах явдал юм. Үүгээрээ тэд бүгд адилхан.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 561
Бүх хүн төрөлхтнийг Сатан завхруулсан бөгөөд Бурханаас урвах нь хүний уг чанар юм. Гэхдээ Сатаны завхруулсан бүх хүний дунд Бурханы ажилд захирагдаж, үнэнийг хүлээн авч чаддаг зарим хүн байдаг. Тэд бол үнэнийг олж авч, зан чанарын өөрчлөлтөд хүрч чаддаг хүмүүс юм. Зарим хүн үнэнийг эрэлхийдэггүй, оронд нь зүгээр л олныг дагадаг. Тэд дуулгавартай байж, хэлсэн болгоныг чинь хийнэ, аливааг хаяж, өөрсдийгөө зарлагадаж чадна, ямар ч зовлонг туулж чадна. Тийм хүмүүс багахан мөс чанартай, эрүүл ухаантай байдаг бөгөөд аврагдаж, амьд үлдэх найдлага байдаг ч үнэнийг эрэлхийлдэггүй, хоосон сургаалыг ойлгоод л сэтгэл ханадаг учраас зан чанар нь өөрчлөгддөггүй. Тэд мөс чанараа зөрчих зүйлийг хэлж, хийдэггүй, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж чаддаг, ямар ч асуудлын талаарх үнэний нөхөрлөлийг хүлээн авч чаддаг. Гэхдээ тэд үнэнийг эрж хайхаар чин сэтгэлээсээ чармайдаггүй, сэтгэл санаа нь төөрөлдөөд, үнэний мөн чанарыг хэзээ ч ойлгож чаддаггүй. Тэдний зан чанар өөрчлөгдөх боломжгүй. Хэрвээ чи завхралаа цэвэрлэж, амь зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл үнэнийг гэх хайр болон үнэнийг хүлээн авах чадвартай байх ёстой. Үнэнийг хүлээн авах гэдэг нь юу гэсэн үг вэ? Үнэнийг хүлээн авах гэдэг нь чи ямар ч завхарсан зан чанартай бай, эсвэл агуу улаан лууны буюу Сатаны ямар ч хор уг чанарт чинь байдаг бай, Бурханы үг эдгээр зүйлийг илчлэх үед тэрийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой, өөр сонголт хийж болохгүй, Бурханы үгийн дагуу өөрийгөө мэдэх ёстой гэсэн үг. Энэ нь Бурханы үгийг хүлээн авч, үнэнийг хүлээн авч чаддаг байна гэсэн үг юм. Бурхан юу ч хэлсэн, Түүний айлдвар хэчнээн хатуу ширүүн ч байсан, Тэр ямар ч үг хэрэглэсэн бай хамаагүй, хэлдэг зүйл нь үнэн мөн л бол чи хүлээн авч чадах ба бодит байдалтай нийцэж байгаа л бол үүнийг хүлээн зөвшөөрч чадна. Бурханы үгийг хэчнээн гүн гүнзгий ойлгодгоосоо үл хамааран чи үүнд захирагдаж чадах бөгөөд Ариун Сүнсний илчилсэн, ах эгч нарынхаа нөхөрлөсөн гэрлийг хүлээн авч, захирагддаг. Ийм хүн тодорхой хэмжээнд үнэнийг эрэлхийлэх үедээ үнэнийг олж авч, зан чанараа өөрчилж чадна. Үнэнийг хайрладаггүй хүмүүс бага зэрэг хүн чанартай, зарим сайн үйлийг хийж чаддаг, Бурханы төлөө хаяж, зарлагадаж чаддаг байлаа ч гэсэн, үнэний тухайд төөрөлдөж, нухацтай ханддаггүй учраас амь зан чанар нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Петр бусад шавь нартай төстэй хүн чанартай байсан боловч үнэнийг гал цогтойгоор эрэлхийлж байснаараа бусдаас ялгарч байв. Есүсийн хэлсэн зүйлээс үл хамааран, Петр үнэн сэтгэлээсээ тунгаан боддог байлаа. Есүс: “Ионагийн хүү Симон оо, чи Надад хайртай юу?” гэж асуухад Петр: “Би тэнгэр дэх Эцэгт л хайртай хэр нь газар дээрх Эзэнийг хайрлаж байгаагүй” гэж үнэнчээр хариулсан. Хожим нь тэр ойлгоод, “Энэ буруу юм байна, газар дээрх Бурхан бол тэнгэр дэх Бурхан юм байна. Тэнгэр, газарт хоёуланд нь ганцхан Бурхан байдаг бус уу? Хэрэв би зөвхөн тэнгэр дэх Бурханыг хайрладаг бол миний хайр бодитой биш юм, би газар дээрх Бурханыг хайрлах ёстой, учир нь тэгж байж л миний хайр бодитой болно” гэж боджээ. Тиймээс Петр Есүсийн асуусан асуултаас Бурханы үгийн жинхэнэ утгыг ойлгож авсан. Бурханыг хайрлахын тулд, энэхүү хайр нь бодитой байхын тулд хүн газар дээрх бие махбодтой болсон Бурханыг хайрлах ёстой. Тодорхой бус, үл үзэгдэгч Бурханыг хайрлах нь бодитой ч биш, баримттай ч биш, харин бодит, нүдэнд харагдах Бурханыг хайрлах нь үнэн билээ. Есүсийн үгээс Петр үнэнийг олж авч, Бурханы хүслийг ойлгосон. Бурханд итгэх Петрийн итгэл зөвхөн үнэнийг эрэлхийлэхэд л чиглэж байсан нь тодорхой юм. Эцэст нь тэрээр бодитой Бурхан—газар дээрх Бурханыг гэх хайранд хүрсэн. Петр тун нухацтайгаар үнэнийг эрэлхийлж байсан. Есүс өөрт нь зөвлөгөө өгөх бүрд тэрээр Есүсийн үгийг чин сэтгэлээсээ тунгаан бодож байсан. Ариун Сүнс түүнийг гэгээрүүлж, Бурханы үгийн мөн чанарыг ойлгохоосоо өмнө тэр магадгүй сар жилээр, бүр хэдэн жилээр ч тунгаан бодсон байх. Ийм маягаар Петр үнэнд орж, үүнийх нь дараа түүний амь зан чанар өөрчлөгдөж, шинэчлэгдсэн. Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэггүй бол үнэнийг хэзээ ч ойлгохгүй. Бичиг үсэг, хоосон сургаалын талаар хэдэн арван мянган удаа ярьж болох ч тэдгээр нь ердөө л бичиг үсэг, хоосон сургаал хэвээрээ байна. Зарим хүн: “Христ бол үнэн, зам, амь” гэж л хэлдэг. Эдгээр үгийг чи хэдэн арван мянган удаа давтаж хэлсэн ч гэсэн ямар ч хэрэггүй хэвээр байх болно; үүний утгыг чи огт ойлгодоггүй. Христ бол үнэн, зам, амь гэж яагаад хэлдэг вэ? Туршлагаараа энэ талаар олж авсан мэдлэгээ чи ярьж чадах уу? Чи үнэн, зам, амийн бодит байдалд орсон уу? Та нарыг үгийг нь туулж, мэдлэгтэй болоосой гэсэндээ Бурхан үгээ айлдсан. Зүгээр л бичиг үсэг, хоосон сургаал ярих ямар ч хэрэггүй. Чи Бурханы үгийг ойлгож, үүнд орсон цагт л өөрийгөө мэдэж чадна. Хэрэв чи Бурханы үгийг ойлгодоггүй бол өөрийгөө мэдэж чадахгүй. Үнэнийг ойлгох үедээ л чи ялган таньж чаддаг болно. Үнэнийг ойлгохгүйгээр ялган таньж чадахгүй. Үнэнийг ойлгох үедээ л хэрэг явдлыг тодорхой харж чадна. Үнэнийг ойлгохгүйгээр хэрэг явдлыг тодорхой харж чадахгүй. Үнэнийг ойлгох үед л чи өөрийгөө мэдэж чадна. Үнэнийг ойлгохгүйгээр өөрийгөө мэдэж чадахгүй. Үнэнийг олж авах үедээ л чи зан чанараа өөрчилж чадна. Үнэнгүй бол зан чанараа өөрчилж чадахгүй. Үнэнийг олж авсны дараа л Бурханы хүслийн дагуу үйлчилж чадна. Үнэнийг олж авахгүйгээр Бурханы хүслийн дагуу үйлчилж чадахгүй. Үнэнийг олж авсны дараа л чи Бурханд шүтэн мөргөж чадна. Үнэнийг ойлгохгүйгээр Бурханыг шүтэн мөргөлөө ч гэсэн шашны зан үйл гүйцэтгэхээс цаашгүй байна. Үнэнгүй бол юу ч хийлээ гэсэн бодит биш. Үнэнийг олж авснаар, хийдэг бүхэн чинь бодитой байна. Энэ бүхэн Бурханы үгээс үнэнийг олж авахаас хамаардаг.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 562
Бурханы үгийг бодитоор ойлгож авна гэдэг энгийн хэрэг биш юм. “Би Бурханы үгийн үгчилсэн утгыг тайлбарлаж чадна, миний тайлбарыг хүн бүр сайн байна гэцгээн, намайг сайшаадаг тул би Бурханы үгийг ойлгодог гэсэн үг” гэж бүү бод. Энэ нь Бурханы үгийг ойлгохтой адилгүй. Хэрэв чи Бурханы айлдварууд дотроос гэрэл олж авч, Түүний үгийн жинхэнэ утга учрыг мэдэрсэн бол, Бурханы үгийн ар дахь санаа зорилго болон тэдгээр нь эцэстээ ямар үр нөлөөнд хүрэхийг илэрхийлж чаддаг бол, энэ бүх зүйлийг тодорхой ойлгодог бол Бурханы үгийн талаар тодорхой түвшний ойлголттой гэж тооцож болно. Тиймээс Бурханы үгийг ойлгоно гэдэг тийм ч энгийн хэрэг биш. Чи Бурханы үгийн үгчилсэн утгыг уран яруу тайлбарлаж чаддаг байлаа гээд үүнийг ойлгодог гэсэн үг биш юм. Үгчилсэн утгыг нь хэчнээн их тайлбарлаж чаддаг ч бай, чиний тайлбар мөн л хүний төсөөлөл, хүний сэтгэлгээнд суурилдаг. Энэ нь ямар ч хэрэггүй! Бурханы үгийг чи хэрхэн ойлгож болох вэ? Гол түлхүүр нь тэдгээрийн дотроос үнэнийг эрж хайх явдал юм. Ийм маягаар л чи Бурханы үгийг үнэхээр ойлгож чадна. Бурхан хэзээ ч хоосон үг хэлдэггүй. Бурханы айлддаг өгүүлбэр бүр нь Бурханы үгэнд цаашдаа гарцаагүй илчлэгдэх дэлгэрэнгүй агуулгыг агуулдаг бөгөөд тэдгээрийг өөрөөр илэрхийлж болно. Үнэнийг илэрхийлдэг Бурханы арга замыг хүн ухан ойлгож чадахгүй. Бурханы айлдварууд маш гүн гүнзгий бөгөөд хүний сэтгэлгээгээр амархан ухан ойлгох боломжгүй. Хүмүүс хичээл чармайлт гаргаж байгаа цагт үнэний тал бүрийн бүхий л утга учрыг ойролцоогоор олж илрүүлж чадна. Үлдсэн нарийн ширийн зүйлийг нь дараагийн туршлагынхаа явцад Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулан олох ёстой. Нэг талаар, Бурханы үгийг тунгаан бодож, ойлгож, тэдгээрийг уншсанаар тодорхой агуулгыг нь эрж хайх ёстой. Нөгөө талаар, Бурханы үгийг туулснаар утгыг нь ойлгож, Ариун Сүнснээс гэгээрэл олж авах явдал билээ. Энэ хоёр талын байнгын ахиц дэвшлээс чи Бурханы үгийг ойлгож авч чадна. Хэрвээ чи үүнийг үгчилсэн, үсэгчилсэн түвшинд юм уу өөрийнхөө бодол, төсөөллөөр тайлбарлавал гоёмсог, уран яруу тайлбарлалаа ч гэсэн үнэнийг үнэхээр ойлгохгүй хэвээр байгаа бөгөөд энэ нь бүгд хүний бодол, төсөөлөлд үндэслэсэн хэвээр байдаг. Үүнийг Ариун Сүнсний гэгээрлээс олж авдаггүй. Хүмүүс өөрсдийн үзэл, төсөөлөлд үндэслэн Бурханы үгийг тайлбарлах магадлалтай, тэд бүр Бурханы үгийг агуулгаас нь гажуудуулан тайлбарлаж, Бурханыг буруугаар ойлгож, шүүх магадлалтай бөгөөд энэ нь төвөгтэй юм. Тиймээс голчлон Бурханы үгийг ойлгож, Ариун Сүнсний гэгээрлийг хүртсэнээр үнэнийг олж авдаг. Бурханы үгийн үгчилсэн утгыг ойлгож, тайлбарлаж чаддаг байх нь үнэнийг олж авсан гэсэн үг биш. Бурханы үгийн үгчилсэн утгыг ойлгох нь үнэнийг ойлгосон гэсэн үг мөн бол чамд багахан боловсрол, мэдлэг л хэрэгтэй болно, тэгвэл чамд Ариун Сүнсний гэгээрэл яагаад хэрэгтэй гэж? Бурханы ажил нь хүний оюун санаагаар ойлгож болох зүйл мөн үү? Тиймээс үнэнийг ойлгох нь хүний үзэл, төсөөлөлд үндэслэдэггүй. Бодит туршлага, мэдлэгтэй байхын тулд чамд Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт, удирдамж хэрэгтэй. Энэ нь үнэнийг ойлгож, олж авах үйл явц, мөн зайлшгүй нөхцөл юм.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 563
Хүний уг чанарыг хэрхэн ойлгох вэ? Хамгийн чухал зүйл бол ертөнцийг үзэх үзэл, амьдралыг үзэх үзэл болон үнэт зүйлээс нь хүний уг чанарыг таних явдал юм. Диаволын хүмүүс бүгд өөрсдийнхөө төлөө амьдардаг. Амьдралын талаарх тэдний үзэл бодол, уриа лоозон нь гол төлөв “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Хүн эд баялгийн төлөө, шувуу хоолны төлөө үхдэг” гэх мэт Сатаны сургаал болон иймэрхүү өөр төөрөгдлүүдээс үүдэн гардаг. Тэрхүү диавол хаад, агуу хүмүүс, гүн ухаантнуудын хэлсэн энэ бүх үг хүний жинхэнэ амь болсон. Ялангуяа Хятадын ард түмний “мэргэн” хэмээн шагшдаг Күнзийн дийлэнх үг хүний амь болсон. Түүнчлэн Буддын шашин, Бумбын шашны алдартай зүйр үг болон янз бүрийн алдартай хүмүүсийн байнга эшлэгддэг сонгодог үгс бий. Эдгээр нь бүгд Сатаны гүн ухаан, Сатаны уг чанарын нийлбэр юм. Эдгээр нь мөн Сатаны уг чанарын хамгийн сайн дүрслэл, тайлбар болдог. Хүний зүрх сэтгэлд нэвчсэн эдгээр хор бүгд Сатанаас гаралтай, өчүүхэн төдий нь ч Бурханаас үүдэн гараагүй. Ийм диаволын үг нь бас Бурханы үгийн шал эсрэг байдаг. Бүх эерэг зүйлийн бодит байдал Бурханаас гаралтай, хүнийг хордуулдаг бүх сөрөг зүйл Сатанаас гаралтай гэдэг нь туйлын тодорхой юм. Тиймээс амьдралыг үзэх үзэл болон үнэт зүйлийг нь харснаар хүний уг чанар болон хэнд харьяалагддагийг нь харж болно. Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний диаволын үг хүний амь, уг чанар болсон. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэдэг нь хүн бүрд шингэсэн сатаны алдартай үг бөгөөд энэ нь хүний амь болсон. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулж, мэхэлж, завхруулахын тулд улс орон бүрийн уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг. Зарим хүн хэдэн арван жилийн турш нийгэмд төрийн албан хаагчаар ажилласан. Тэднээс “Та ийм хэмжээнд маш сайн ажиллалаа, ямар алдартай үгийг голчлон баримталдаг вэ?” гэж асуулаа гээд төсөөлөөд үз. Тэд: “Миний ойлгосон нэг зүйл бол ‘Албан тушаалтнуудад бэлэг өгдөг хүн цохилтод нь өртдөггүй, бялдуучилдаггүй хүн юунд ч хүрдэггүй’ гэдэг юм” хэмээн хэлнэ. Тэдний албан тушаал ийм сатанлаг гүн ухаанд үндэслэдэг. Эдгээр үг тийм хүмүүсийн уг чанарыг төлөөлдөг бус уу? Албан тушаал олж авахын төлөө аливаа аргыг ичгүүр сонжуургүйгээр ашиглах нь тэдний уг чанар болсон бөгөөд албан тушаал, ажил мэргэжлийн амжилт нь тэдний зорилго болсон. Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байгаа. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар урсдаг бүхэн Сатаных юм. Тэр бүх албан тушаалтан, эрх баригчид, амжилт гаргасан хүмүүст амжилтад хүрэх өөрсдийн гэсэн зам болон нууц байдаг. Тийм нууц тэдний уг чанарыг төгс төлөөлдөггүй гэж үү? Тэд дэлхий ертөнц дээр тийм том зүйл хийсэн бөгөөд тэдгээрийн ард орших арга заль, далд явуулгыг хэн ч нэвт харж чаддаггүй. Тэдний уг чанар хэчнээн башир, хорлонтой болохыг энэ нь харуулдаг. Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулж ирсэн. Сатаны хор хүн бүрийн цусаар урсдаг бөгөөд хүний уг чанар завхарсан, ёрын муу, дайсагнасан, Бурханыг эсэргүүцдэг, мөн Сатаны гүн ухаан, хороор дүүрч, үүнд автсан байдаг гэж хэлж болно. Энэ нь тэр чигтээ Сатаны уг чанар-мөн чанар болсон. Ийм учраас хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрөн зогсдог. Ийм маягаар уг чанарыг нь задлан шинжилбэл хүн өөрийгөө амархан мэдэж авч чадна.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 564
Өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэхийн гол түлхүүр нь энэ: Тодорхой талуудад сайн хийж, зөв хийсэн гэж санагдах тусам, мөн тодорхой талуудад Бурханы хүслийг хангаж чадна, эсвэл бардамнаж чадна гэж бодох тусмаа чи тэр талууд дээр өөрийгөө мэдэж, өөрт чинь ямар ариун бус зүйлс байгааг, түүнчлэн чиний доторх ямар зүйлс Бурханы хүслийг хангаж чадахгүй байгааг харахын тулд төдий чинээ гүнзгий ухаж төнхвөл зохино. Паулаар жишээ авъя. Паул гойд их мэдлэгтэй байсан бөгөөд номлолын ажилдаа ихээхэн зовсон. Түүнийг олон хүн онцгойлон биширдэг байжээ. Үүний үр дүнд Паул ихээхэн ажил гүйцэтгэснийхээ дараа өөрт нь титэм зэхэгдсэн байх болно гэж бодсон. Үүнээс үүдэн тэр буруу замаар улам уруудсаар, эцэст нь Бурханаар шийтгүүлсэн билээ. Хэрвээ тухайн үед тэр өөрийгөө эргэцүүлж, задлан шинжилсэн бол тэгж бодохгүй байх байв. Өөрөөр хэлбэл, Паул Эзэн Есүсийн үгээс үнэнийг эрж хайхад анхаараагүй; харин өөрийн үзэл, төсөөлөлд л итгэдэг байсан юм. Хэдэн сайн зүйл хийж, сайхан зан авир харуулсан цагт Бурханаар сайшаагдаж, шагнуулна гэж тэр боддог байв. Эцэст нь үзэл, төсөөлөл нь түүний оюун ухааныг сохолж, үнэн төрхийг нь халхалсан билээ. Гэвч хүмүүс үүнийг мэдээгүй бөгөөд Бурхан үүнийг илчлээгүй байх үед тэд Паулыг хүрэх стандарт, дагах үлгэр жишээ болгож, өөрсдийнх нь тэмүүлдэг нэгэн, эрэл хайгуулын бай, мөн даган дуурайх бай гэж үздэг байв. Паулын тухай энэ түүх нь Бурханд итгэдэг хүн бүрд анхааруулга болдог, өөрөөр хэлбэл, бид өөрсдийгөө гойд сайн хийлээ гэж бодох юм уу зарим талаар тун авьяас билигтэй гэж бодон, зарим талаар өөрчлөгдөж, харьцалт амсах хэрэггүй гэж итгэх бүрдээ өөрсдийгөө тэр талаас нь илүү сайн мэдэж, эргэцүүлэхээр чармайх хэрэгтэй; энэ нь амин чухал юм. Учир нь, сайн гэж үздэг талуудад чинь үнэндээ Бурханыг эсэргүүцдэг ямар нэг зүйл байгаа эсэхийг харахын тулд чи үүнийгээ ухаж төнхөж, үүндээ анхаарал хандуулж, задлан шинжлэхгүй нь лавтай. Жишээлбэл, өөрсдийгөө туйлын сайхан сэтгэлтэй гэж үздэг хүмүүс бий. Тэд хэзээ ч бусдыг үзэн ядаж, хорлодоггүй бөгөөд гэр бүл нь гачлантай байгаа ах эгчийн асуудал шийдвэрлэгдэхгүй байх вий хэмээн тэдэнд үргэлж гар сунгадаг; тэд тун сайн санаатай байж, хүн болгонд чадлаараа туслахын тулд бололцоотой бүхнийг хийдэг. Ийм тусч байдал юунд хүргэдэг вэ? Тэд өөрсдийн амьдралыг зогсонги байдалд оруулдаг мөртөө өөрсдөөрөө нэлээд бахараж, хийсэн бүхэндээ туйлын их сэтгэл ханамжтай байдаг. Тэгээд ч зогсохгүй үүгээрээ асар их бардамнаж, хийсэн бүхэн нь Бурханы хүслийг хангалуун байлгахад лавтайяа хангалттай гэж үзээд, өөрсдийгөө Бурханд итгэдэг жинхэнэ итгэгчид гэж боддог. Тэд төрөлхийн сайхан сэтгэл бол ашиглаж болох зүйл гэж боддог бөгөөд ингэж бодмогцоо үүнийг үнэн гэж үздэг нь зайлшгүй. Бодит байдал дээр тэд гагцхүү хүмүүнлэг сайн сайхныг хийдэг. Тэд үнэнийг огтхон ч эрж хайгаагүй бөгөөд бүх үйлдэл нь хий дэмий байдаг, учир нь тэд Бурханы өмнө бус, хүний өмнө үйлдэж, Бурханы шаардлага болон үнэний дагуу хэрэгжүүлэх нь бүр ч бага байдаг. Тэдний хийдэг зүйлсийн аль нь ч үнэний хэрэгжүүлэлт, Бурханы үгийн хэрэгжүүлэлт биш, тэд Бурханы хүслийг дагаж байгаа хэрэг бүр ч биш; харин ч бусдад туслахдаа хүний сайхан сэтгэл, сайн зан авирыг ашиглаж байгаа хэрэг. Нэгтгэн дүгнэвэл, тэд хийдэг зүйлдээ Бурханы хүслийг эрж хайдаггүй, Бурханы шаардлагын дагуу ч үйлддэггүй. Тиймээс Бурханы байр сууринаас хүний сайн зан авир яллагдаж, Бурханд дурсагдах гавьяагүй байдаг.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Буруу үзэл бодлоо танин мэдсэнээр л хүн жинхэнээсээ өөрчлөгдөж чадна
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 565
Зан чанарын өөрчлөлтөд хүрэх гол түлхүүр нь уг чанараа мэдэх явдал бөгөөд энэ нь Бурханы илчлэлийн дагуу явагдах ёстой. Бурханы үгээс л хүн үзэшгүй муухай уг чанараа мэдэж, өөрийн уг чанар дахь Сатаны янз бүрийн хорыг таньж, өөрийн мунхаг, мэдлэггүйг ухаарч, уг чанарынхаа сул дорой, сөрөг элементүүдийг танин мэдэж чаддаг. Эдгээрийг бүрэн мэдээд, өөрийгөө үнэхээр үзэн ядаж, махан биеэ хаяж, Бурханы үгийг тууштайгаар хэрэгжүүлж, Ариун Сүнс болон Бурханы үгэнд бүрмөсөн захирагдахад бэлэн болж чадсаны дараа чи Петрийн замаар орсон байх болно. Хүмүүс үнэнийг эзэмшдэггүй, өөрсдөөсөө урвах чадваргүй тул Бурханы нигүүлсэл, Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжгүйгээр энэ замаар алхах хэцүү байх байв. Төгс болгуулах Петрийн замаар алхах нь шийдэмгий, итгэлтэй байж, Бурханд найдахаас үндсэндээ хамаардаг. Түүнчлэн хүн Ариун Сүнсний ажилд захирагдах ёстой; бүх зүйл дээр Бурханы үггүй байж болохгүй. Эдгээр нь гол талууд бөгөөд алийг нь ч зөрчиж үл болно. Туршлагаар өөрийгөө мэдэж авна гэдэг маш хэцүү; Ариун Сүнсний ажилгүйгээр үүн рүү ороход тун хэцүү байдаг. Петрийн замаар алхахын тулд хүн өөрийгөө мэдэж, зан чанараа өөрчлөхөд анхаарах ёстой. Паулын зам нь амийг эрж хайж, өөрийгөө мэдэхэд анхаарах зам биш байсан юм; Паул ажил хийх, ажлын үр нөлөө, эрч хүчид гойд анхаардаг байлаа. Түүний сэдэл нь ажил, зовлонгийнхоо хариуд Бурханаас ерөөл хүртэж, Бурханаар шагнуулахын төлөө байв. Энэ сэдэл буруу байсан юм. Паул аминд анхаараагүй, зан чанараа өөрчлөхөд ч ямар нэг ач холбогдол өгөөгүй; харин гагцхүү шагналд анхаарсан. Тэрээр буруу зорилготой байсан учраас алхсан зам нь ч мэдээж буруу байлаа. Энэ нь түүний биеэ тоосон, ихэрхүү уг чанараас үүджээ. Харваас Паул ямар ч үнэнийг эзэмшээгүй, ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй байсан юм. Бурхан хүмүүсийг аварч, өөрчлөхдөө зан чанарыг нь голчлон өөрчилдөг. Бурханы үгийн зорилго нь хүмүүсийн зан чанарыг өөрчлөн, Бурханыг мэдэж, Бурханд захирагдаж, хэвийн байдлаар Бурханыг шүтэн мөргөх чадвартай болгох үр дүнд хүрэхийн төлөө байдаг. Энэ нь Бурханы үг, ажлын зорилго билээ. Паулын эрж хайх арга зам Бурханы хүслийг шууд зөрчиж, зөрчилдсөн бөгөөд Бурханы хүслээс шал эсрэг байсан. Харин Петрийн эрж хайх арга зам Бурханы хүсэлтэй бүрэн нийцэж байсан бөгөөд Бурхан хүмүүс дээр яг ийм үр дүнд хүрэхийг хүсдэг. Тиймээс Петрийн зам ерөөгдөж, Бурханы магтаалыг хүртдэг. Паулын зам Бурханы хүслийг зөрчдөг тул Бурхан үүнийг үзэн ядаж, хараадаг. Петрийн замаар алхахын тулд хүн Бурханы хүслийг мэдэх ёстой. Хэрвээ хүн үгээр нь дамжуулан Бурханы хүслийг ойлгож үнэхээр чаддаг бол, өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг юу болгохыг хүсдэг, эцэст нь ямар үр дүнд хүрэхийг хүсдэгийг ойлгодог бол тэр үед л ямар замыг дагах талаар үнэн зөв ойлголттой болж чаддаг. Хэрэв чи Петрийн замыг бүрэн ойлгодоггүй, ердөө л үүнийг дагахыг хүсдэг бол үүгээр явж чадахгүй. Өөрөөр хэлбэл, чи ихээхэн хоосон сургаал мэддэг байж болох ч эцэстээ бодит байдалд орж чадахгүй. Хэдийгээр чи өнгөцхөн орж магад боловч ямар нэг бодит үр дүнд хүрч чадахгүй.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 566
Өнөө үед ихэнх хүн өөрсдийнхөө талаар маш өнгөцхөн ойлголттой байна. Уг чанарынх нь нэг хэсэг болсон зүйлийг тэд огт тодорхой мэдэж аваагүй. Харин цөөн хэдэн завхарсан байдал, хийх магадлалтай зүйлс, ганц хоёр дутагдлаа л мэддэг бөгөөд үүнээсээ үүдэн өөрсдийгөө мэддэг гэж итгэдэг. Түүнчлэн тэд цөөн хэдэн дүрэм баримталж, зарим талаар алдаа гаргахаас сэргийлж, тодорхой нэг гэм бурууг үйлдэхээс зайлсхийж чадах юм бол өөрсдийгөө Бурханд итгэх итгэлдээ бодит байдлыг эзэмшдэг гэж тооцон, аврагдана гэж үздэг. Энэ бол тэр чигтээ хүний төсөөлөл юм. Хэрэв чи эдгээр зүйлийг дагаж мөрдвөл үнэхээр ямар ч гэм бурууг үйлдэхээс зайлсхийж чаддаг болох уу? Зан чанарт чинь жинхэнэ өөрчлөлт гарсан байх уу? Чи үнэхээр хүний төрхийг амьдран харуулж байх уу? Тийм маягаар Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун болгож чадах уу? Яавч чадахгүй, энэ бол гарцаагүй. Хүн өндөр стандарттай байж, үнэнийг олж авч, амь зан чанараа бага зэрэг өөрчилснөөр л Бурханд итгэх итгэл хэрэгждэг. Иймээс, хүмүүс өөрсдийнхөө талаар хэтэрхий өнгөцхөн мэдлэгтэй бол ямар ч асуудлыг шийдэх боломжгүй, амь зан чанар нь ердөө өөрчлөгдөхгүй. Өөрийгөө гүн гүнзгий түвшинд мэдэх буюу уг чанараа мэдэж, тэрхүү уг чанарт ямар элементүүд багтдаг, тэдгээр нь хэрхэн үүсдэг, хаанаас гардаг болохыг мэдэх шаардлагатай. Түүнчлэн, чи эдгээр зүйлийг үзэн ядаж үнэхээр чаддаг уу? Үзэшгүй муухай сүнс, ёрын муу уг чанараа чи харсан уу? Өөрийнхөө үнэн төрхийг үнэхээр ойлгож чадвал чи өөрийгөө үзэн ядаж эхэлнэ. Чи өөрийгөө үзэн ядаж, дараа нь Бурханы үгийг хэрэгжүүлэх үедээ махан биеийг хаяж чадах бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүчтэй болно, мөн бэрхшээлтэй санагдахаа болино. Яагаад олон хүн махан биеийн дур сонирхлоо дагадаг вэ? Учир нь тэд өөрсдийгөө нэлээд сайн гэж тооцон, өөрсдийнх нь үйлдэл зөв, зүй зохистой, ямар ч алдаа мадаггүй, тэр ч бүү хэл бүхэлдээ зөв гэж боддог тул шударга ёс өөрсдийнх нь талд байгаа гэж үзэн үйлдэж чаддаг. Өөрийнх нь уг чанар чухамдаа юу болохыг таньж, энэ нь хэчнээн үзэшгүй муухай, жигшүүртэй, өрөвдөлтэй болохыг таньж чадвал хүн өөртөө хэтэрхий бардахгүй, хэт улайран биеэ тоохгүй бөгөөд урьдынхтайгаа адилаар өөртөө тийм сэтгэл хангалуун байхгүй. “Би чин үнэнч, ул суурьтай байж, Бурханы зарим үгийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол хүн байх стандартад нийцэхгүй, Бурханы өмнө амьдрахад ичгүүртэй байх болно” гэж түүнд санагддаг. Тэгээд үнэхээр шалихгүй, үнэхээр өчүүхэн гэдгээ олж хардаг. Энэ үед түүнд үнэнийг хэрэгжүүлэх нь амархан болж, тэрээр илүү хүн төрхтэй харагддаг. Хүмүүс өөрсдийгөө үнэхээр үзэн ядсан үедээ л махан биеийг хаяж чаддаг. Өөрсдийгөө үзэн ядахгүй бол махан биеийг хаяж чадахгүй. Өөрийгөө үнэхээр үзэн ядах нь: Нэгдүгээрт, өөрийн уг чанарыг мэдэх; хоёрдугаарт, өөрийгөө ядуу дорой, өрөвдөлтэй хэмээн харж, туйлын өчүүхэн, шалихгүй гэж үзэж, өөрийнхөө өрөвдөлтэй, бузар сүнсийг харах гэсэн цөөн хэдэн зүйлээс бүрддэг. Хүн үнэндээ юу болохоо тодорхой харж, ийм үр дүнд хүрсэн үед өөрийнхөө талаар үнэхээр мэдэж авдаг бөгөөд өөрийгөө бүрэн мэддэг болсон гэж хэлж болно. Тэр үед л хүн өөрийгөө үнэхээр үзэн ядаж, бүр харааж чаддаг бөгөөд огтхон ч хүний төрхгүй болтлоо Сатаны гүн завхралд өртсөн гэдгээ үнэхээр мэдэрдэг. Нэг л өдөр үхлийн аюул нүүрлэх үед ийм хүн, “Энэ бол Бурханы зөвт шийтгэл. Бурхан үнэхээр зөвт юм; би үнэхээр үхэх ёстой!” гэж бодно. Энэ үед тэрээр гомдол мэдүүлэхгүй, тэр ч бүү хэл Бурханыг буруутгахгүй бөгөөд зүгээр л Бурханаар газрын хөрснөөс арчуулахуйц маш ядуу зүдүү, өрөвдөлтэй, маш бузар булай, завхарсан гэдгээ мэдэрч, түүнийх шиг сүнс газар дээр амьдрахад тохирохгүй гэж санагдана. Тэр үед энэ хүн Бурханыг эсэргүүцэхгүй, тэр ч бүү хэл Бурханаас урвахгүй. Хэрэв хүн өөрийгөө мэдэхгүй, өөрийгөө бас нэлээд сайнд тооцсоор байвал үхэл хаалга тогших үед энэ хүн: “Би Бурханд маш сайн итгэсэн. Хэчнээн шаргуу эрж хайсан гээч! Би маш ихийг өгч, асар их зовсон, гэтэл эцэст нь Бурхан одоо надаас үхээч гэж хүсэж байна. Бурханы зөвт байдал хаачсаныг би мэдэхгүй. Яагаад Тэр надаас үх гэж хүсэж байгаа юм бэ? Над шиг хүн хүртэл үхэх ёстой юм бол хэн аврагдаж чадах юм бэ? Хүн төрөлхтөн төгсгөл болох юм биш үү?” гэж бодно. Юун түрүүнд, энэ хүн Бурханы талаар үзэлтэй байна. Хоёрдугаарт, энэ хүн гомдоллож, ямар ч дуулгавартай байдал харуулахгүй байна. Ингэх нь яг Паултай адил: Паул үхэх гэж байхдаа өөрийгөө мэддэггүй байсан бөгөөд Бурханы шийтгэл ойртох үед гэмшихэд хэтэрхий оройтсон байлаа.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 567
Тодорхой хэлбэл, итгэлдээ Петрийн замаар явах гэдэг нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал бөгөөд энэ нь бас өөрийгөө үнэхээр мэдэж авч, зан чанараа өөрчлөх зам юм. Петрийн замаар алхсанаар л хүн Бурханаар төгс болгуулах зам дээр байх болно. Хүн, Петрийн замаар яг хэрхэн явах болон үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тун тодорхой мэдэж байх ёстой. Нэгдүгээрт, хүн өөрийнхөө санаа зорилго, зохисгүй эрэл хайгуул, тэр ч бүү хэл гэр бүл, махан биеийн бүх зүйлийг хойш тавих ёстой. Тэрээр бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой; өөрөөр хэлбэл, Бурханы үгэнд өөрийгөө бүрэн зориулж, Бурханы үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлэн, Бурханы үгээс үнэнийг болон Бурханы хүслийг хайхад төвлөрч, бүх зүйл дээр Бурханы санаа зорилгыг ухамсарлахаар хичээх ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн, хамгийн чухал арга юм. Энэ нь Есүсийг харсныхаа дараа Петрийн хийсэн зүйл бөгөөд ийм маягаар хэрэгжүүлснээр л хүн хамгийн сайн үр дүнд хүрч чадна. Бурханы үгэнд үнэн сэтгэлээ зориулна гэдэг нь үндсэндээ Бурханы үгээс үнэн болон Бурханы хүслийг эрж хайх, Бурханы санаа зорилгыг ухамсарлахад анхаарлаа төвлөрүүлэх, Бурханы үгээс илүү их үнэнийг ойлгож, олж авах явдлыг агуулдаг. Бурханы үгийг уншиж байхдаа Петр хоосон сургаалыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй, теологийн мэдлэг олж авахад бүр ч анхаараагүй. Харин ч үнэнийг ойлгож, Бурханы санаа зорилгыг ухамсарлаж, Бурханы зан чанар болон хайр татам байдлыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлж байлаа. Петр бас хүний янз бүрийн завхарсан байдал, мөн түүнчлэн хүний уг чанар-мөн чанар, бодит дутагдлыг Бурханы үгээс ойлгохоор оролдож, улмаар Бурханыг хангалуун байлгахын тулд Бурханы шаардлагыг хялбархан хангасан юм. Петрт Бурханы үгийг баримталсан маш олон зөв хэрэгжүүлэлт байв. Энэ нь Бурханы санаа зорилготой хамгийн их нийцэж байсан бөгөөд энэ бол хүн Бурханы ажлыг туулах зуураа хамтран ажиллах хамгийн сайн арга зам билээ. Бурханы илгээсэн хэдэн зуун шалгалтыг туулах үедээ Петр, хүнийг шүүсэн, ил болгосон Бурханы үг болгонтой, хүнд тавих Бурханы шаардлагын үг бүртэй өөрийгөө чанд харьцуулан шалгаж, тэдгээр үгийн утга учрыг үнэн зөв ухан ойлгохоор чармайсан юм. Тэрээр Есүсийн өөрт нь хэлсэн үг бүрийг тунгаан бодож, цээжлэхээр үнэн сэтгэлээсээ хичээж, тун сайн үр дүнд хүрчээ. Ийм маягаар хэрэгжүүлснээр тэрээр Бурханы үгээс өөрийнхөө тухай ойлголтод хүрч чадсан бөгөөд хүний янз бүрийн завхарсан байдал, дутагдлыг ойлгож аваад зогсохгүй, мөн хүний мөн чанар, уг чанарыг ойлгож авсан. Өөрийгөө үнэхээр ойлгох гэдэг нь энэ юм. Бурханы үгээс Петр өөрийгөө үнэхээр ойлгож аваад зогсохгүй, Бурханы зөвт зан чанар, Бурханд юу байгаа, Бурхан юу болох, Бурханы ажлын талаарх Бурханы санаа зорилго, хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагыг бас харсан. Эдгээр үгээс тэрээр Бурханыг үнэхээр мэдэж авсан юм. Тэрээр Бурханы зан чанар, мөн чанарыг мэдэж авсан; бас Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, түүнчлэн Бурханы хайр татам байдал, хүнд тавих Бурханы шаардлагыг мэдэж, ойлгож авчээ. Хэдийгээр Бурхан тэр үед өнөөдрийнх шигээ их яриагүй ч Петр ямартай ч эдгээр тал дээр үр дүнд хүрсэн юм. Энэ нь ховор, эрхэм нандин зүйл байлаа. Петр хэдэн зуун шалгалт туулсан боловч хий дэмий зовоогүй. Тэрээр Бурханы үг болон ажлаас өөрийгөө ойлгож аваад зогсохгүй, бас Бурханыг мэдэж авсан билээ. Үүнээс гадна тэрээр Бурханы үгэнд байсан хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагад онцгой анхаарал хандуулжээ. Бурханы санаа зорилготой нийцэлтэй байхын тулд хүн Бурханыг хангалуун байлгах ёстой аль ч талуудад Петр асар их хичээл чармайлт гаргаж, тов тодорхой ойлгож чадсан юм. Энэ нь түүний амийн оролтод туйлын ашиг тустай байв. Бурхан юу ч ярьсан бай, тэдгээр үг амь болж чаддаг, үнэн байх л бол Петр тэдгээрийг байн байн тунгаан бодож, ойлгохын тулд зүрх сэтгэлдээ шингээж чаддаг байлаа. Есүсийн үгийг сонсоод тэрээр тэдгээрийг үнэн сэтгэлээсээ авч үзэж чаддаг байсан нь Бурханы үгэнд анхаарлаа төвлөрүүлдэг байсныг нь ялангуяа харуулдаг бөгөөд тэрээр эцэст нь үнэхээр үр дүнд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрээр Бурханы үгийг чөлөөтэй хэрэгжүүлж, үнэнийг үнэн зөв хэрэгжүүлж, Бурханы санаа зорилгод нийцэлтэй байж, бүхэлдээ Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэж, хувийн санал бодол, төсөөллөө орхиж чаддаг байлаа. Ийм маягаар Петр Бурханы үгийн бодит байдалд орсон юм. Петр үндсэндээ ингэж хийсэн учраас үйлчлэл нь Бурханы хүсэлд нийцэж байлаа.
Хүн үүргээ биелүүлж байхдаа Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, үг болон үйлдэлдээ зарчимч байж, үнэний бүх талын бодит байдалд орж чаддаг бол Бурханаар төгс болгуулдаг хүн мөн. Бурханы үг болон ажил тэдэнд туйлын үр нөлөөтэй байсаар ирсэн, Бурханы үг тэдний амь болсон, тэд үнэнийг олж авсан, бас Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг гэж хэлэхэд болно. Үүний дараа тэдний махан биеийн уг чанар буюу анхдагч оршин тогтнолынх нь гол суурь ганхаж, нуран унана. Хүмүүс Бурханы үгийг амиа болгосныхоо дараа л шинэ хүмүүс болцгооно. Хэрэв Бурханы үг хүмүүсийн амь болдог бол, хэрэв Бурханы ажлын үзэгдэл, Түүний ил болголт, хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага, Бурханы хүр гэж шаарддаг хүний амьдралын стандарт тэдний амь болдог бол, хэрэв хүмүүс эдгээр үг, үнэний дагуу амьдардаг бол тэд Бурханы үгээр төгс болгуулдаг. Ийм хүмүүс Бурханы үгээр дахин төрж, шинэ хүмүүс болцгоосон юм. Энэ бол үнэнийг эрэлхийлсэн Петрийн зам. Энэ нь төгс болгуулах зам байсан юм. Петр Бурханы үгээр төгс болгуулж, Бурханы үгээс амь олж авч, Бурханы илэрхийлсэн үнэн түүний амь болсон бөгөөд тэрээр үнэнийг олж авсан хүн болсон билээ.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Петрийн замаар хэрхэн алхах вэ
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 568
Хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг ойлгох хүртэл Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байдаг. Тэрхүү уг чанар ялангуяа яг юу агуулдаг вэ? Жишээлбэл, чи яагаад аминчхан байдаг юм бэ? Яагаад байр сууриа хамгаалдаг юм бэ? Яагаад чамд тийм хүчтэй мэдрэмж байдаг юм бэ? Яагаад чи тэр зөв шударга бус зүйлд дуртай байдаг юм бэ? Яагаад чи тэдгээр ёрын мууд дуртай байдаг вэ? Ийм зүйлсэд дурладгийн чинь үндэс юу вэ? Эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? Яагаад чи тэдгээрийг хүлээн авахдаа тун дуртай байдаг вэ? Энэ бүх зүйлийн ар дахь гол шалтгаан нь хүний дотор Сатаны хор байдгаас болж байгаа гэдгийг одоо та нар бүгд ойлгож авсан. Тэгвэл Сатаны хор гэж юу вэ? Үүнийг хэрхэн илэрхийлж болох вэ? Жишээ нь, хэрвээ чи “Хүмүүс хэрхэн амьдрах ёстой вэ? Юуны төлөө амьдрах ёстой вэ?” гэж асуувал хүмүүс “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны гүн ухаан, логик хүмүүсийн амь болсон. Хүмүүс юу ч эрэлхийллээ гэсэн өөрсдийнхөө төлөө л хийдэг—иймээс тэд өөрсдийнхөө төлөө л амьдардаг. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”—энэ бол хүний амийн гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Эдгээр үг аль хэдийн завхарсан хүн төрөлхтний уг чанар болсон бөгөөд завхарсан хүн төрөлхтний сатанлаг уг чанарын жинхэнэ дүрслэл юм. Энэхүү сатанлаг уг чанар аль хэдийн завхарсан хүн төрөлхтний оршин тогтнолын үндэс болсон. Завхарсан хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл хэдэн мянган жилийн турш Сатаны энэ хороор амьдарч ирсэн. Сатаны хийдэг юм бүхэн өөрийнх нь дур хүсэл, амбиц, зорилгын төлөө байдаг. Сатан Бурханыг давж, Бурханаас зугтаж, Бурханы бүтээсэн бүх зүйлийг хянахыг хүсдэг. Өнөөдөр, Сатаны завхруулсан хүмүүс ийм хэмжээнд очсон: Тэд бүгд сатанлаг уг чанартай, бүгд Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэхээр оролддог, өөрсдийнхөө хувь заяаг хянахыг хүсэж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг эсэргүүцэхээр оролддог. Тэдний амбиц, дур хүсэл Сатаныхтай яг адилхан. Тиймээс хүний уг чанар бол Сатаны уг чанар юм. Үнэн хэрэгтээ олон хүний уриа, онч мэргэн үг нь хүний уг чанарыг төлөөлж, хүний завхралын мөн чанарыг тусгадаг. Хүмүүсийн сонгодог зүйл бол өөрсдийнх нь дур сонирхол бөгөөд тэдгээр нь бүгд хүмүүсийн зан чанар, эрэл хайгуулыг төлөөлдөг. Хэчнээн дүр эсгэлээ ч гэсэн, хүний хэлдэг үг, хийдэг юм бүхэн өөрсдийнх нь уг чанарыг далдалж чадахгүй. Жишээлбэл: фарисайчууд ихэвчлэн нэлээд сайхан номлодог байсан ч Есүсийн илэрхийлсэн номлол болон үнэнийг сонсоод хүлээн авахын оронд тэдгээрийг ялласан. Энэ нь фарисайчуудын үнэнд зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг уг чанар-мөн чанарыг ил болгосон юм. Зарим хүн нэлээд сайхан ярьж, дүр эсгэхдээ гаргууд байдаг боловч бусад нь тэдэнтэй хэсэг зуур харилцсаныхаа дараа тэдний уг чанар нэлээд ов мэхтэй, шударга биш гэдгийг олж мэддэг. Удаан хугацаанд харилцсаныхаа дараа бусад бүх хүн тэдний уг чанар-мөн чанарыг олж мэддэг. Эцэст нь бусад хүн дараах дүгнэлтэд хүрдэг: Тэд хэзээ ч үнэн үг хэлдэггүй, бас ов мэхтэй. Энэ үг тийм хүмүүсийн уг чанарыг илэрхийлдэг бөгөөд энэ нь хүмүүсийн уг чанар-мөн чанарын хамгийн сайн дүрслэл, нотолгоо юм. Тэдний ертөнцийн гүн ухаан нь хэнд ч үнэнийг хэлэхгүй, бас хэнд ч итгэхгүй байх явдал. Хүний сатанлаг уг чанарт асар их сатанлаг гүн ухаан, хор агуулагддаг. Заримдаа чи өөрөө ч үүнийг ухаардаггүй, ойлгодоггүй; гэсэн хэдий ч амьдралын хором бүр чинь эдгээр гүн ухаанд үндэслэж байдаг. Түүнчлэн, чи эдгээр зүйл маш зөв, үндэслэлтэй бөгөөд огтхон ч алдаа мадаггүй гэж боддог. Сатаны гүн ухаан хүмүүсийн уг чанар болсон бөгөөд тэд огтхон ч гэмшилгүйгээр, ингэж амьдрах нь сайн гэж бодон, үүнд бүрэн нийцэж амьдардаг гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Тиймээс тэд байнга сатанлаг уг чанараа илчилж, байнга сатанлаг гүн ухаанаар амьдарсаар байдаг. Сатаны уг чанар бол хүний амь, хүний уг чанар-мөн чанар юм.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Петрийн замаар хэрхэн алхах вэ
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 569
Хүмүүс уг чанараа дэндүү өнгөцхөн ойлгодог бөгөөд энэхүү ойлголт болон Бурханы шүүлт, илчлэлийн үгийн хооронд асар их зөрүү байдаг. Энэ нь Бурханы илчилдэг зүйлд алдаа байна гэсэн үг биш, харин ч өөрсдийн уг чанарын талаарх гүн гүнзгий ойлголт хүмүүст дутмаг байгаа юм. Хүмүүст өөрсдийнх нь талаарх үндсэн, мөн чанарын ойлголт байдаггүй; харин ч тэд үйлдэл болон гадаад илэрхийлэл дээрээ төвлөрч, эрч хүчээ зориулдаг. Хэн нэгэн ховорхон тохиолдолд өөрийгөө мэдэх тухай ямар нэгэн зүйл хэлсэн ч гэсэн энэ нь тийм ч гүнзгий биш байна. Хэн ч, хэзээ ч өөрийгөө би ийм төрлийн зүйл хийж, эсвэл ямар нэг зүйл илэрхийлдэг учраас ийм төрлийн хүн, ийм төрлийн уг чанартай гэж бодож үзээгүй. Бурхан хүний уг чанар, мөн чанарыг илчилсэн боловч өөрсдийнх нь аливааг хийж байгаа байдал болон ярьж байгаа байдал өө сэвтэй, алдаа дутагдалтайг л хүмүүс ойлгодог; тиймээс үнэнийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн хувьд хэцүү бэрх ажил юм. Хүмүүс өөрсдийн алдааг цаг зуурын илрэл төдий зүйл бөгөөд өөрсдийнх нь уг чанарын илэрхийлэл гэхээс илүү хайхрамжгүйгээс болж харуулдаг зүйл гэж боддог. Ингэж боддог хүмүүс үнэнийг үнэн хэмээн хүлээн зөвшөөрч чаддаггүй бөгөөд үнэнээр цангадаггүй тул үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй; тиймээс үнэнийг хэрэгжүүлэх үедээ дүрэм журмыг хааш яаш дагадаг. Хүмүүс өөрсдийн уг чанарыг хэтэрхий ялзарсан гэж хардаггүй бөгөөд өөрсдийгөө устгуулж, шийтгүүлэхүйц тийм муу гэдэгт итгэдэггүй. Тэд хааяа худал хэлэх нь том асуудал биш гэж бодоцгоон, өөрсдийгөө урьдынхаас хамаагүй дээр болсон гэж үздэг; гэвч үнэн хэрэгтээ тэд стандартаас хаа хол байдаг, учир нь хүмүүст гаднаа үнэнийг зөрчдөггүй зарим үйлдэл л байдаг боловч үнэн хэрэгтээ тэд үнэнийг хэрэгжүүлж байгаа юм биш.
Хүний зан авир, биеэ авч явах байдалд гарсан өөрчлөлт уг чанар дахь өөрчлөлтийг илтгэдэггүй. Ийм байдгийн учир гэвэл, биеэ авч явах байдал хүний анхдагч дүр төрхийг үндсээр нь өөрчилж чадахгүй, уг чанарыг нь ч өөрчилж чадахгүй. Хүн өөрийн уг чанарыг мэдэж авсны дараа л хэрэгжүүлэлт нь гүнзгийрч, тогтсон дүрэм журмыг дагахаас өөр болж чадна. Хүний өнөөгийн үнэний хэрэгжүүлэлт мөн л стандартад хүрдэггүй бөгөөд үнэний шаардлагад бүрэн хүрч чаддаггүй. Хүмүүс үнэний зөвхөн нэг хэсгийг, тодорхой байр байдал, орчинд байх үедээ л хэрэгжүүлдэг; харин бүх орчин, бүх нөхцөл байдалд үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй. Хааяа хүн баяртай, сайн байр байдалтай байх үедээ, эсвэл бүлгээр нөхөрлөл хийж, ердийнхөөс илүү чөлөөлөгдсөнөө мэдрэх үедээ үнэнд нийцэлтэй зарим зүйлийг түр зуур хийж чадаж магадгүй; гэхдээ сөрөг, үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүстэй хамт байх үед хэрэгжүүлэлт нь илүү тааруу, үйлдэл нь бага зэрэг зохисгүй байдаг. Учир нь хүмүүс тууштай хандлагагүйгээр, сэтгэл хөдлөл юм уу орчны агшин зуурын нөлөөнд хөтлөгдөн үнэнийг хэрэгжүүлдэг. Энэ нь бас өөрийн байр байдлыг ойлгоогүй, уг чанараа ч ойлгоогүйгээс болдог тул заримдаа чи хийнэ гэж төсөөлөөгүй зүйлээ ч хийх чадвартай байдаг. Чи өөрийн зарим байр байдлыг л мэддэг болохоос уг чанараа ойлгоогүй байдаг тул ирээдүйд юу хийж магадгүй вэ гэдгээ хянаж чаддаггүй—өөрөөр хэлбэл, бат зогсоно гэдэгтээ туйлын итгэлтэй байдаггүй. Заримдаа чи нэг байдалд байж, үнэнийг хэрэгжүүлж чаддаг бөгөөд бага зэрэг өөрчлөгдөж байх шиг санагддаг ч өөр орчинд үүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй. Энэ нь чиний хяналтаас гадна байдаг. Заримдаа чи үнэнийг хэрэгжүүлж чаддаг, зарим үед чаддаггүй. Нэг мөчид чи ойлгож, удаах мөчид нь будилдаг. Одоогоор чи ямар ч муу юм хийхгүй байгаа боловч тун удахгүй хийж магад. Энэ нь, чиний дотор завхарсан зүйлс оршоор байгааг нотолдог бөгөөд хэрэв чи өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй бол тэдгээрийг шийдвэрлэхэд амаргүй байх болно. Хэрэв завхарсан зан чанарынхаа талаар нэгд нэггүй ойлгож чадахгүй, эцэст нь Бурханыг эсэргүүцдэг юм хийх чадвартай байвал чи аюулд байна. Хэрэв чи өөрийн уг чанарыг нэвт шувт ойлгож, үзэн ядаж чадвал өөрийгөө хянаж, өөрийгөө хаяж, үнэнийг хэрэгжүүлж чадна.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 571
Хэрэв чи Бурханы үгээс, Бурханы айлдварын ар дахь хүсэл, санаа зорилгыг ойлгодоггүй, Түүний үгийн хүрэхээр зорьдог зорилго, үр дүнг ойлгодоггүй, Түүний үг хүнд юуг бүтээж, юуг төгс болгохоор эрж хайдгийг ойлгодоггүй, эдгээр зүйлийг ойлгодоггүй бол үнэнийг хараахан ухаардаггүйг чинь энэ нь нотолдог. Яагаад Бурхан хэлдэг зүйлээ хэлдэг вэ? Яагаад Тэр тийм өнгөөр ярьдаг вэ? Яагаад Түүний айлддаг үг бүр тийм үнэн сэтгэлийн, чин үнэнч байдаг вэ? Яагаад Тэр тодорхой үгсийг ашиглахаар сонгодог вэ? Чи мэдэх үү? Хэрэв чи итгэлтэй хэлж чадахгүй бол Бурханы хүсэл, Түүний санаа зорилгыг ойлгодоггүй, Түүний үгийн цаад утгыг ойлгодоггүй гэсэн үг юм. Чи үүнийг ухаардаггүй бол яаж үнэнийг олж авч чадах юм бэ? Үнэнийг олж авна гэдэг нь хэлдэг үг бүрээр нь дамжуулан Бурханы утгыг ойлгоно гэсэн үг; Бурханы үгийг ойлгомогцоо хэрэгжүүлж чадна, Бурханы үгийг амьдран харуулж, өөрийн бодит байдал болгож чадна гэсэн үг юм. Бурханы үгийг нэгд нэггүй ойлгосон үедээ л чи үнэнийг үнэхээр ухан ойлгож чадна. Хэдхэн бичиг үсэг, сургаал ойлгох төдий болчхоод үнэнийг ойлгож, бодит байдалтай болсон гэж чи боддог. Чи бүр “Бурхан биднээс үнэнч байхыг хүсдэг бөгөөд бид үүнийг хэрэгжүүлсэн” гэж хэлдэг. Гэвч, Бурхан яагаад хүмүүсийг үнэнч байлгахыг хүсдэг, мөн яагаад Өөрийг нь хайрлахыг хүмүүсээс хүсдэгийн шалтгааныг чи ойлгож чаддаггүй. Үнэндээ, хүмүүст ийм шаардлага тавьдаг Бурханы зорилго нь тэднийг аварч, төгс болгохын төлөө байдаг.
Үнэнээр цангаж, үнэнийг эрж хайж, үнэнийг хайрладаг хүмүүсийн төлөө Бурхан үнэнийг илэрхийлдэг. Харин бичиг үсэг, хоосон сургаал л анхаардаг, урт бөгөөд сүржин үг хэлэх дуртай хүмүүсийн тухайд бол, тэд хэзээ ч үнэнийг олж авахгүй; тэд өөрсдийгөө хуурч байгаа. Ийм хүмүүс Бурханы үгийг унших талаар буруу үзэл бодолтой байдаг; тэд босоо юмыг унших гэж хүзүүгээ гилжийлгэдэг—тэдний харах өнцөг тэр чигээрээ буруу юм. Зарим хүн Бурханы үгийг шинжилж, ерөөгдөх ба хүний хүрэх газрын тухай Түүний хэлсэн зүйлсийг судлахаа л мэддэг. Бурханы үг тэдний үзэлтэй таарахгүй бол тэд сөрөг болж, эрэл хайгуулаа зогсоодог. Энэ нь үнэнийг сонирхдоггүйг нь харуулдаг. Ийм учраас тэд үнэнийг ноцтойгоор авч үздэггүй; тэд өөрсдийн үзэл, төсөөллийн үнэнийг л хүлээн зөвшөөрөх чадвартай. Хэдийгээр ийм хүмүүс Бурханд итгэх итгэлдээ оргилуун байдаг бөгөөд зарим нэг сайн үйл хийж, бусдад өөрсдийгөө сайнаар харагдуулахын тулд чадах бүхнээ хийхээр хичээдэг боловч ирээдүйд сайн хүрэх газартай байхын тулд л үүнийг хийж байгаа. Тэд чуулганы амьдралд мөн оролцож, бусдын л адил Бурханы үгийг ууж иддэг баримтыг үл харгалзан, үнэний бодит байдалд орж, үнэнийг олж авах тэдэнд бэрхшээлтэй байдаг. Бурханы үгийг идэж уудаг боловч ердөө л хэлбэрддэг зарим хүн байсаар байдаг; тэд хэдхэн бичиг үсэг, хоосон сургаал ойлгож авсан төдийхнөөр үнэнийг олж авсан гэж боддог. Тэд ямар мунхаг юм бэ! Бурханы үг бол үнэн. Гэхдээ Бурханы үгийг уншсаныхаа дараа хүн үнэнийг ойлгож, олж авах албагүй. Бурханы үгийг ууж идэх замаар үнэнийг олж авч чаддаггүй бол олж авсан зүйл чинь бичиг үсэг, хоосон сургаал байх болно. Үнэнийг олж авна гэж юу гэсэн үг болохыг чи мэддэггүй. Бурханы үгийг гартаа атгасан байж болох ч тэдгээрийг уншаад чи Бурханы хүслийг ойлгож чадахгүй байсаар, хэдэн бичиг үсэг, хоосон сургаал л олж авдаг. Юуны өмнө, Бурханы үг маш илэн далангүй, үнэхээр гүн гүнзгий гэдгийг чи ухаарах хэрэгтэй. Олон жилийн туршлагагүй бол чи Бурханы үгийг яаж ойлгож чадах юм бэ? Бурханы үгийн нэг өгүүлбэрийг нь хүртэл бүрэн туулахад бүхий л амьдрал шаардлагатай болно. Чи Бурханы үгийг уншдаг боловч Бурханы хүслийг ойлгодоггүй; Түүний үгийн санаа зорилго, тэдгээрийн гарал үүсэл, хүрэхээр чармайж буй үр нөлөө, юу гүйцэлдүүлэхээр эрэлхийлж буйг нь ойлгодоггүй. Хэрэв чи эдгээр зүйлийг алиныг нь ч ойлгодоггүй бол үнэнийг яаж ойлгож чадах юм бэ? Чи Бурханы үгийг олон удаа уншсан байж болно, магадгүй олон хэсгийг нь цээжээр уншиж чаддаг байж болох боловч огтхон ч өөрчлөгдөөгүй хэвээр, бас ямар ч ахиц гаргаагүй байдаг. Бурхантай харилцах харилцаа чинь урьдын адил хол, хөндий хэвээр байдаг. Бурхан та хоёрын хооронд урьдын адил хана хэрэм байсаар байдаг бөгөөд чи Түүнд эргэлзсээр байдаг. Чи Бурханыг ойлгодоггүй төдийгүй Түүнд шалтаг тоочиж, Түүний талаар үзэл өвөрлөдөг. Чи Түүнийг эсэргүүцэж, бүр доромжилдог. Энэ чинь яаж үнэнийг олж авсан гэсэн үг байж болох юм бэ?
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 573
Чи юу ч хийлээ гэсэн, үүнийг яагаад хийж байгаа, ямар санаа зорилго чамайг ийм зүйл хийхэд чиглүүлж байгаа, үүнийг хийх нь ямар ач холбогдолтой, асуудлын уг чанар юу болох, хийж байгаа зүйл чинь эерэг зүйл үү, сөрөг зүйл үү гэдгийг эхлээд ойлгох ёстой. Энэ бүх асуудлыг тодорхой ойлгох ёстой; зарчимтай үйлдэж чаддаг байхад энэ тун чухал юм. Хэрэв чи үүргээ биелүүлэхийн тулд ямар нэг зүйл хийж байгаа бол “Би үүнийг яаж хийх хэрэгтэй вэ? Үүргээ хааш яаш хийхгүйн тулд яаж сайн биелүүлэх вэ?” гэж тунгаан бодох хэрэгтэй. Тэгээд энэ асуудлаар Бурханд ойр дотно болох ёстой. Бурханд ойр дотно болно гэдэг нь энэ асуудлаар үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэх замыг эрж хайж, Бурханы хүслийг эрж хайж, Бурханыг хэрхэн хангалуун байлгах вэ гэдгийг эрж хайна гэсэн үг. Ингэж, хийдэг бүхэндээ Бурханд ойр дотно болдог. Энэ нь шашны зан үйл үйлдэх юм уу гадна талын үйлдэл хийхтэй хамаагүй. Харин энэ нь, Бурханы хүслийг эрж хайсны дараа үнэнд нийцүүлэн хэрэгжүүлэх зорилгоор хийгддэг. Чи юу ч хийгээгүй байхдаа үргэлж “Бурханд талархъя” гэж хэлдэг боловч юм хийж байх үедээ өөрийн хүссэнээр хийсээр байвал ийм төрлийн талархал нь зүгээр л гаднах үйлдэл юм. Чи үүргээ биелүүлэх юм уу ямар нэг зүйл хийх үедээ үргэлж ингэж бодох ёстой: Би энэ үүргийг яаж биелүүлэх ёстой вэ? Бурханы хүсэл юу вэ? Энэ нь, чи хийдэг зүйлээрээ дамжуулан Бурханд ойр дотно болох явдал, улмаар өөрийн үйлдэл, мөн түүнчлэн Бурханы хүслийн ар дахь зарчим, үнэнийг эрж хайн, хийдэг бүхэндээ Бурханаас холдохгүй байх явдал юм. Ийм хүн л Бурханд үнэхээр итгэдэг. Ойрд хүмүүс аливаа зүйлтэй таарах болгондоо бодит нөхцөл байдал ямар байгаагаас үл хамааран өөрсдийгөө ийм тийм юм хийж чадна гэж боддог тул зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй бөгөөд үүнийгээ өөрсдийн хүслээр хийдэг. Тэдний үйл ажиллагааны чиглэл зохистой эсэх, үнэнтэй нийцдэг эсэхээс үл хамааран тэд зүгээр л зөрүүдлэн зүтгэж, хувийн санаа зорилгынхоо дагуу үйлддэг. Ихэвчлэн Бурхан тэдний зүрх сэтгэлд байгаа мэт санагддаг боловч аливааг хийх үед нь Бурхан тэдний зүрх сэтгэлд байдаггүй. “Би хийдэг зүйлдээ Бурханд ойртож чадахгүй байна. Урьд нь би шашны зан үйл үйлдэж дассан байсан, тэгээд Бурханд ойртох гэж хичээсэн ч ямар ч үр дүн гараагүй. Би Бурханд ойртож чадаагүй” гэж зарим хүн хэлдэг. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан байдаггүй, гагцхүү өөрсдөө л байдаг бөгөөд хийдэг бүхэндээ үнэнийг хэрэгжүүлж ер чаддаггүй. Үнэний дагуу үйлдэхгүй байна гэдэг нь аливааг өөрийн дураар хийнэ гэсэн үг бөгөөд аливааг өөрийн дураар хийнэ гэдэг нь Бурханыг орхино гэсэн үг; өөрөөр хэлбэл, тэдний зүрх сэтгэлд Бурхан байхгүй. Хүний санаа нь голдуу сайн, зөв зүйтэй гэж хүмүүст харагддаг бөгөөд үнэнийг тийм ч их зөрчдөггүй мэт харагддаг. Ийм маягаар аливааг хийх нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг гэж хүмүүст санагддаг; аливааг ингэж хийх нь Бурханд захирагдаж байгаа хэрэг гэж тэд боддог. Үнэн хэрэгтээ хүмүүс Бурханыг үнэхээр эрж хайж, энэ тухай Бурханд залбирч байгаа юм биш; мөн тэд Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд Бурханы шаардлагад нийцүүлэн сайн хийхээр хичээдэггүй. Тэдэнд ийм жинхэнэ байр байдал байдаггүй, тийм хүсэл ч байдаггүй. Энэ бол хэрэгжүүлэлтийнхээ явцад хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа юм. Чи Бурханд итгэдэг боловч Бурханыг зүрх сэтгэлдээ байлгадаггүй. Энэ нь яаж нүгэл биш байх юм бэ? Чи өөрийгөө мэхэлж байгаа хэрэг бус уу? Тийм маягаар итгэвэл чи ямар үр дүнд хүрч чадах юм бэ? Түүнчлэн, итгэлийн ач холбогдол хаана байна вэ?
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 574
Хэрвээ итгэгчийн үйлдэл үнэнтэй холбоогүй бол тэрээр үл итгэгчтэй адил юм. Ийм хүн бол зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй, Бурханыг орхидог хүн бөгөөд тийм хүн эзнийхээ төлөө зарим нэг хар бор ажил хийж, багахан төлбөр аваад яваад өгдөг, Бурханы гэр дэх хөлсний ажилчин шиг байдаг. Энэ бол Бурханд итгэдэг хүн ер биш. Бурханаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд чи юу хийж болохыг өмнө нь дурдсан. Бурханаар хүлээн зөвшөөрүүлэх нь чиний бодож, ажиллах ёстой эн тэргүүний зүйл; энэ нь чиний хэрэгжүүлэлтийн зарчим, цар хүрээ байх ёстой. Хийж байгаа зүйл чинь үнэнтэй нийцэлтэй эсэхийг чи яагаад олж тогтоох ёстой вэ гэвэл, энэ нь үнэнтэй нийцэлтэй байвал Бурханы хүсэлд лавтай нийцдэг. Чи асуудлын зөв, буруу эсэх, бусад бүх хүний санаанд нийцэж байгаа эсэх, өөрийн чинь хүсэлтэй нийцэж байгаа эсэхийг хэмжих ёстой юм биш; харин энэ нь үнэнтэй нийцдэг эсэх, мөн чуулганы ажил, ашиг сонирхолд үр өгөөжтэй эсэхийг олж тогтоох ёстой. Хэрвээ чи эдгээр зүйлийг харгалзан үздэг бол аливааг хийхдээ Бурханы хүсэлтэй улам бүр нийцэлтэй болно. Хэрвээ чи аливааг хийхдээ эдгээр талыг харгалзан үздэггүй, зүгээр л өөрийнхөө хүсэлд найддаг бол тэдгээрийг буруу хийх нь лавтай, учир нь хүний хүсэл үнэн биш бөгөөд мэдээж Бурхантай нийцэлгүй байдаг. Хэрвээ чи Бурханаар хүлээн зөвшөөрүүлэхийг хүсвэл өөрийн хүслийн дагуу бус, үнэний дагуу хэрэгжүүлэх ёстой. Зарим хүн үүргээ биелүүлэх нэрийдлээр тодорхой нэг хувийн ажил хэргээ явуулдаг. Ах эгч нар нь үүнийг зохисгүй гэж үзэж, өөрсдийг нь зэмлэдэг ч энэ хүмүүс буруушаалтыг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь чуулганы ажил, санхүү, хүмүүсийг оролцуулаагүй хувийн асуудал байсан учраас үнэний цар хүрээг зөрчсөнд тооцогдохгүй, Бурхан энэ асуудалд оролцох ёсгүй гэж тэд боддог. Та нарт зарим зүйл ямар нэг зарчим юм уу үнэнтэй хамаагүй хувийн асуудал мэт санагдаж магад. Гэхдээ хийсэн зүйлийг чинь харахад, чи Бурханы гэр бүлийн ажлыг бодолцож, хийсэн зүйл чинь ямар нөлөө үзүүлэхийг огт харгалзан үзээгүй учраас маш аминчхан аашилсан; чи гагцхүү өөрийнхөө ашиг тусыг бодолцож байж. Энэ нь угаасаа ариун хүмүүсийн ёс зүй, түүнчлэн хүний хүн чанартай холбоотой асуудлыг хамардаг. Чиний хийж байсан зүйл чуулганы ашиг сонирхолтой ч, үнэнтэй ч хамаагүй байлаа гэсэн үүргээ биелүүлэх нэрийдлээр хувийн асуудлаа зохицуулах нь үнэнтэй нийцдэггүй. Чи юу хийж байгаа, хэрэг явдал хэр том, эсвэл жижиг байх, мөн үүнийг Бурханы гэр бүл дэх үүргээ биелүүлэхийн тулд хийж байна уу, эсвэл хувийн шалтгаанаар хийж байна уу гэдэг чинь хамаагүй, хийж байгаа зүйл чинь Бурханы хүсэлд нийцэж байгаа эсэхийг, түүнчлэн хүн чанартай хүний хийх зүйл мөн эсэхийг чи бодож үзэх ёстой. Хийж байгаа бүх зүйлдээ ингэж үнэнийг эрж хайдаг бол чи үнэхээр Бурханд итгэдэг хүн юм. Хэрэв чи бүх хэрэг явдал, бүх үнэнд ийм маягаар хандвал зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна. Зарим хүн хувийн зүйл хийж байхдаа үнэнийг зүгээр л үл тоомсорлож, хүссэнээрээ хийж, өөрийнхөө дуртай, өөрт нь ашигтай ямар ч байдлаар хийж болно гэж боддог. Энэ нь Бурханы гэр бүлд хэрхэн нөлөөлж болох талаар тэд өчүүхэн ч анхаарч үздэггүй, хийж байгаа зүйл нь ариун хүмүүсийн ёс зүйд нийцэх эсэхийг ч бодолцож үздэггүй. Эцэст нь тухайн хэргээ дуусгамагцаа дотор нь харанхуйлж, тавгүйтэж эхэлдэг ч яагаад гэдгийг нь мэддэггүй. Энэ цээрлүүлэлт зүй ёсных биш гэж үү? Бурханы зөвшөөрдөггүй зүйлийг хийдэг бол чи Бурханд халджээ. Хэрвээ хүн үнэнийг хайрладаггүй бөгөөд аливааг байнга өөрсдийн хүсэлд үндэслэн хийдэг бол үргэлж Бурханд халдана. Ийм хүмүүсийн хийдэг зүйлийг Бурхан ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хэрэв тэд гэмшихгүй бол шийтгэл нэг их холгүй байх болно.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 575
Чиний биелүүлдэг аливаа үүрэг амийн оролтыг хамардаг. Үүрэг чинь тогтмол юм уу жигд бус, сонирхолгүй юм уу хөгжилтэй аль нь ч байсан, чи үргэлж амийн оролтод хүрэх ёстой. Зарим хүний гүйцэтгэдэг үүрэг үнэндээ нэгэн хэвийн байдаг; тэд нэг л зүйлийг өдөр бүр хийдэг. Гэвч энэ хүмүүсийн үүргээ гүйцэтгэхдээ илчилдэг байдал нь огтхон ч нэгэн хэвийн байдаггүй. Заримдаа хүмүүс сайхан ааштай байх үедээ арай илүү хичээнгүй байж, илүү сайн ажилладаг. Зарим үед зарим нэг үл мэдэгдэх нөлөөний улмаас завхарсан сатанлаг зан чанар нь тэднийг хутган үймүүлж, зүй бус үзэл бодолтой болгож, муу байр байдалтай, муухай ааштай болгодог; үүний үр дүнд тэд үүргээ хааш яаш гүйцэтгэдэг. Хүмүүсийн дотоод байдал байнга өөрчлөгдөж байгаа; тэдгээр нь хэдийд ч, хаана ч өөрчлөгдөж болно. Чиний байдал яаж ч өөрчлөгддөг бай, ааш зандаа үндэслэж үйлдэх нь үргэлж буруу байдаг. Сайхан ааштай байхдаа арай дээр хийж, муухай ааштай байхдаа арай муу хийх нь аливааг хийх зарчимч арга зам мөн үү? Энэ нь стандартад нийцэхүйц байдлаар үүргээ гүйцэтгэх боломжийг чамд олгох уу? Зан ааш нь ямар ч байсан, хүмүүс Бурханы өмнө залбирч, үнэнийг эрж хайхаа мэдэх ёстой; ийм маягаар л зан аашиндаа захирагдан, нааш цааш ганхахаа больж чадна гэдгээ хүмүүс мэдэх ёстой. Үүргээ биелүүлэхдээ чи, юмыг зарчмын дагуу хийж байгаа эсэх, үүргийн гүйцэтгэл чинь стандартад нийцэж байгаа эсэх, үүнийг зүгээр л хааш яаш байдлаар хийж байгаа эсэх, хариуцлагаасаа зайлсхийхийг оролдсон эсэх, хандлага болон бодол сэтгэлгээнд чинь ямар нэг асуудал байгаа эсэхийг үргэлж шинжлэх ёстой. Чи өөрийгөө эргэцүүлж, эдгээр зүйл чамд тодорхой болмогц үүргээ биелүүлэхэд арай хялбар байх болно. Сөрөг, сул дорой байдал, харьцалт туулсны дараа муухай ааштай байх гээд үүргээ гүйцэтгэх явцдаа юутай ч тулгарсан бай, чи үүнд зөв зохистой хандах хэрэгтэй, мөн үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ойлгох ёстой. Эдгээр зүйлийг хийснээр чи хэрэгжүүлэх замтай болно. Үүргээ сайн биелүүлэхийг хүсэж байвал зан аашныхаа нөлөөнд автахгүй байх ёстой. Чамд хэчнээн сөрөг, сул дорой санагдаж байсан ч гэсэн, хийдэг бүхэндээ үнэнийг туйлын хатуу чанд хэрэгжүүлж, зарчмаа баримтлах ёстой. Ингэвэл бусад хүн чамайг сайшаагаад зогсохгүй Бурхан ч бас чамд дуртай байх болно. Ингэснээр чи хариуцлагатай, ачаа үүрдэг хүн болно; чи үүргээ үнэхээр стандартад нийцэхүйц биелүүлж, жинхэнэ хүний төрхийг бүрэн дүүрэн амьдран харуулдаг жинхэнэ сайн хүн болно. Ийм хүмүүс үүргээ биелүүлэх үедээ ариусгагдаж, бодит өөрчлөлтөд хүрдэг бөгөөд тэднийг Бурханы нүдэнд үнэнч байдаг гэж хэлж болно. Үнэнч хүмүүс л үнэнийг хэрэгжүүлэхдээ тууштай байж, зарчимтай үйлдэхэд амжилт олж чаддаг бөгөөд үүргээ стандартад нийцүүлэн биелүүлж чаддаг. Зарчимтай үйлддэг хүмүүс сайхан ааштай байхдаа үүргээ нягт нямбай биелүүлдэг; тэд хааш яаш байдлаар ажилладаггүй, бусдаар өөрсдийгөө үнэлүүлэх гэж биеэ тоож, онгирдоггүй. Муухай ааштай байхдаа өдөр тутмын үүргээ мөн л чин үнэнчээр, хариуцлагатай гүйцэтгэдэг бөгөөд үүргээ гүйцэтгэхэд нь нэмэргүй, өөрсдөд нь бага зэрэг дарамт үзүүлдэг, үүргээ гүйцэтгэх явцад нь үймээн учруулдаг ямар нэг зүйлтэй тулгарсан ч гэсэн Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, залбиран, “Би ямар ч том асуудалтай тулгарсан, тэнгэр нурж ирлээ ч гэсэн, амьд байгаа цагтаа үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээр шийдсэн. Бурханы надад хайрласан энэ үүрэг, мөн миний биед Түүний оруулсан энэ амьсгалыг хүртэхүйц байхын тулд би амьдарч буй өдөр бүрдээ үүргээ сайн гүйцэтгэх ёстой. Хэчнээн хэцүү байдалд байхаас үл хамааран би бүгдийг үл тооно, учир нь үүргээ биелүүлэх нь хамгийн чухал!” хэмээн хэлж мөн л чаддаг. Ямар ч хүн, үйл явдал, зүйл, орчны нөлөөнд автдаггүй, ямар нэг зан ааш, эсвэл гадаад нөхцөл байдалд хязгаарлагддаггүй, Бурханы даалгасан үүрэг, даалгаврыг эн тэргүүнд тавьдаг хүмүүс нь Бурханд үнэнч, Түүнд жинхэнээсээ дуулгавартай байдаг хүмүүс юм. Ийм хүмүүс амийн оролтод хүрч, үнэн-бодит байдалд орсон байдаг. Энэ бол үнэнийг амьдран харуулах хамгийн жинхэнэ, бодит илэрхийллийн нэг билээ.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Амийн оролт нь үүргээ биелүүлэхээс эхэлдэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 576
Зарим хүн үүргээ гүйцэтгэх үедээ ямар ч асуудалтай тулгарсан, үнэнийг эрж хайдаггүй бөгөөд үргэлж өөрийн бодол, үзэл, төсөөлөл, хүслийн дагуу үйлддэг. Эхнээсээ дуустал тэд өөрсдийн хүслийг хангадаг, завхарсан зан чанар нь тэдний үйлдлийг үргэлж хянаж байдаг. Тэд үргэлж үүргээ гүйцэтгэж байгаа мэт харагддаг ч үнэнийг хэзээ ч хүлээн аваагүй, аливааг үнэн-зарчмын дагуу хийж чадаагүй учраас эцэст нь тэд үнэн болон амийг олж авдаггүй бөгөөд нэр төдий хөдөлмөрчид болдог… Хичээл чармайлт гаргаж, хөдөлмөрлөдөг энэ хүмүүсийг Бурхан яагаад мууг үйлдэгчид гэж нэрлэдэг вэ? Бидний хувьд нэг зүйл тодорхой бөгөөд тэр нь энэ хүмүүс ямар ч үүрэг, эсвэл ажил гүйцэтгэлээ гэсэн сэдэл, хөдөлгөгч хүч, санаа зорилго, бодол санаа нь тэр чигтээ өөрсдийнх нь хүслээс төрөн гардаг бөгөөд бүхэлдээ өөрсдийнх нь ашиг сонирхол, хэтийн ирээдүйг хамгаалахын төлөө, мөн өөрсдийнх нь нэр нүүр, байр суурийг хамгаалж, нэрэлхүү занг нь хангахын төлөө байдаг. Тэдний анхаардаг зүйл, тооцоолол бүгд эдгээр зүйлд төвлөрдөг, зүрх сэтгэлд нь ямар ч үнэн байдаггүй ба Бурханаас эмээж, Бурханыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэл байдаггүй. Энэ бол асуудлын үндэс юм.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 577
Бүтээгч бүтээгдсэн зүйлд хандах үндсэн зарчим гэж байдаг бөгөөд энэ нь ч бас хамгийн өндөр дээд зарчим гэдгийг хүмүүс ойлгох ёстой. Бүтээгдсэн зүйлд Бүтээгч хэрхэн хандах нь Түүний удирдлагын төлөвлөгөө болон Түүний ажлын хэрэгцээнд бүрэн үндэслэдэг; Тэр ямар ч хүнтэй зөвлөлдөх хэрэггүй, мөн ямар ч хүний зөвшөөрлийг авах шаардлагагүй. Тэр хийх учиртай зүйлээ хийж, хүмүүст хандах ёстойгоороо ханддаг, юу ч хийсэн, хүмүүст яаж ч хандсан бай, бүгд үнэн-зарчим болон Бүтээгчийн үйлддэг зарчимд нийцдэг. Бүтээгдсэн зүйлсийн хувьд Бүтээгчийг л дуулгавартай дагах ёстой; хүн өөрийнхөө сонголтыг хийх ёсгүй. Энэ бол бүтээгдсэн зүйлд байх учиртай эрүүл ухаан бөгөөд хэрвээ хүн эрүүл ухаангүй бол түүнийг хүн гэж нэрлэхэд тохирохгүй. Хүмүүс ойлгох ёстой: Бүтээгч үргэлж Бүтээгч байх болно; Тэрээр ямар ч бүтээгдсэн зүйлийг хүссэнээрээ зохион байгуулж, захирах эрх мэдэлтэй, эрхтэй, ингэхэд нь ямар ч шалтгаан хэрэггүй. Энэ бол Түүний эрх мэдэл. Бүтээгчийн хийж байгаа аливаа зүйлийн зөв, бурууг, эсвэл Тэр хэрхэн үйлдэх ёстойг бүтээгдсэн зүйл шүүх эрхгүй, шүүх шаардлагыг ч хангахгүй. Ямар ч бүтээгдсэн зүйл Бүтээгчийн дээд эрх, зохицуулалтыг хүлээн авах эсэхээ сонгох эрхгүй; мөн ямар ч бүтээгдсэн зүйл Бүтээгч өөрийнх нь хувь заяаг хэрхэн захирч, зохицуулах талаар шаардлага тавих эрхгүй. Энэ бол хамгийн өндөр дээд үнэн. Бүтээгч Өөрийн бүтээгдсэн зүйлсэд юу ч хийлээ гэсэн, яаж ч хийлээ гэсэн, бүтээгдсэн хүмүүсийн хийх ёстой цорын ганц зүйл бол Бүтээгчийн хийсэн бүхнийг эрж хайж, дуулгавартай дагаж, мэдэж авч, хүлээн авах явдал юм. Эцсийн дүнд, Бүтээгч удирдлагын төлөвлөгөөгөө биелүүлж, ажлаа гүйцэлдүүлсэн байх болно, Түүний удирдлагын төлөвлөгөө ямар ч саадгүй явагдсан байх болно; харин бүтээгдсэн зүйлс Бүтээгчийн дээд эрх, зохицуулалтыг хүлээн авч, Түүний дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагасан тул үнэнийг олж авч, Бүтээгчийн санаа зорилгыг ойлгон, Түүний зан чанарыг мэдэж авсан байх болно. Та нарт хэлэх ёстой өөр нэг зарчим байна: Бүтээгч юу ч хийж, ямар ч илрэл харуулдаг бай, хийдэг зүйл нь агуу үйл ч бай, өчүүхэн жаахан үйл ч бай хамаагүй, Тэр бол Бүтээгч хэвээр; харин Түүний бүтээсэн бүх хүн төрөлхтөн юу хийсэн нь, хэр ур чадвартай, хэчнээн авьяас билигтэй нь хамаагүй, бүтээгдсэн зүйл хэвээр үлдэнэ. Бүтээгдсэн хүн төрөлхтний хувьд Бүтээгчээс хэчнээн их нигүүлсэл, хэр их ерөөл хүртсэн нь хамаагүй, эсвэл хэр их өршөөл, хайр энэрэл, нинжин сэтгэл хүлээн авсан нь хамаагүй, өөрсдийгөө олноос онцгой гэж бодож, Бурхантай эн зэрэгцэж чадна гэж үзэж, бүтээгдсэн зүйлийн дунд өндөр зиндаатай болсон гэж бодож болохгүй. Бурхан чамд хэчнээн их билиг авьяас хайрлаж, хэдий их нигүүлсэл өгч, хэр сайн хандсан ч бай, эсвэл цөөн хэдэн онцгой авьяас заяасан ч бай хамаагүй, эдгээрийн аль нь ч чиний хөрөнгө биш. Чи бол бүтээгдсэн зүйл, иймээс чи үүрд бүтээгдсэн зүйл байх болно. “Би Бурханы гар дахь бяцхан хонгор нь. Бурхан намайг хэзээ ч орхихгүй, Бурхан үргэлж хайр, халамж, зөөлөн энхрийлэл, мөн тайтгарал, ятгалгын халуун дулаан шивнээгээр надад хандана” гэж чи хэзээ ч бодох ёсгүй. Харин ч Бүтээгчийн нүдэнд чи бусад бүх бүтээгдсэн зүйлтэй адил; Бурхан чамайг хүссэнээрээ ашиглаж, хүссэнээрээ зохион байгуулж чадах бөгөөд янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмс дунд чамаар ямар нэг үүрэг гүйцэтгүүлэхээр хүссэнээрээ зохицуулж чадна. Хүмүүст байх ёстой мэдлэг, хүмүүсийн эзэмших ёстой эрүүл ухаан энэ юм. Хэрвээ хүн эдгээр үгийг ойлгож, хүлээн авч чадвал Бурхантай харилцах харилцаа нь илүү хэвийн болж, Бурхантай хамгийн зүй ёсны харилцаа тогтооно; хэрэв хүн эдгээр үгийг ойлгож, хүлээн авч чадвал байраа зөв тохируулж, тэнд өөрсдийн байранд бат зогсож, үүргээ сахих болно.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг ойлгосноор л Бурханы үйл хэргийг мэдэж чадна
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 578
Бурханыг мэдэх нь Бурханы үгийг уншиж, ойлгосноор хийгдэх ёстой. Зарим хүн: “Би бие махбодтой болсон Бурханыг харж байгаагүй юм чинь яаж Бурханыг мэдэж чадах юм бэ?” гэдэг. Үнэндээ, Бурханы үг бол Бурханы зан чанарын илэрхийлэл юм. Бурханы үгээс чи, хүн төрөлхтнийг гэх Түүний хайр болон авралыг, мөн тэднийг аврах Түүний арга барилыг харж болно… Яагаад гэвэл, Бурханы үгийг хүмүүс бичдэггүй, Бурхан Өөрөө илэрхийлдэг. Үүнийг Бурхан биечлэн илэрхийлсэн; Бурхан Өөрөө үг болон дотоод дуу хоолойгоо илэрхийлж байгаа. Яагаад тэдгээрийг чин сэтгэлийн үг гэж нэрлэдэг вэ? Яагаад гэвэл тэдгээр нь зүрх сэтгэлийн гүнээс гарч, Түүний зан чанар, хүсэл, бодол, хүн төрөлхтнийг гэх Түүний хайр, хүн төрөлхтнийг аврах Түүний аврал, хүн төрөлхтөнд тавих Түүний хүлээлтийг илэрхийлдэг… Бурханы айлдварууд хатуу, эелдэг зөөлөн, халамжтай үг агуулдаг, мөн хүний хүсэлтэй нийцдэггүй илчлэлийн зарим үг ч бий. Хэрвээ чи зөвхөн илчлэлийн үгийг харвал Бурхан нэлээд хатуу мэт санагдаж магадгүй. Хэрвээ эелдэг зөөлөн үгийг нь л харвал Бурхан тийм ч их эрх мэдэлтэй биш юм шиг санагдаж магад. Тиймээс чи үүнийг агуулгаас нь гажуудуулах ёсгүй; харин бүх өнцгөөс нь харах ёстой. Заримдаа Бурхан эелдэг, энэрэнгүй өнцгөөс ярьдаг ба тэгэхэд хүмүүс хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрыг хардаг; заримдаа Тэр хатуу чанд өнцгөөс ярьдаг бөгөөд ямар ч халдлагыг тэвчихгүй Бурханы зан чанарыг хүмүүс хардаг. Хүн тун бузар заваан бөгөөд Бурханы царайг харах юм уу Бурханы өмнө очих үнэ цэнгүй. Одоо хүмүүс Бурханы өмнө очих боломжтой байгаа нь гагцхүү Бурханы нигүүлсэл юм. Бурханы ажилладаг арга зам болон ажлынх нь утга учраас Бурханы мэргэн ухааныг харж болно. Хүмүүс Бурхантай шууд харилцдаггүй байсан ч гэсэн Бурханы үгээс эдгээр зүйлийг харж мөн л чадна. Бурханыг үнэхээр мэддэг хүний хувьд, Христтэй холбоо тогтоох үед энэ нь Бурханы талаарх урьдын мэдлэгтэй нь нийцэж чадна; харин зөвхөн онолын ойлголттой хүн Бурхантай учрах үедээ тус уялдаа холбоог харж чадахгүй. Үнэний энэ тал бол хамгийн гүн гүнзгий нууц юм; үүнийг ухан ойлгоход хэцүү байдаг. Бие махбодтой болох нууцын тухай Бурханы үгийг нэгтгэн дүгнэж, тэдгээрийг бүх өнцгөөс хараад, дараа нь хамтдаа залбирч, тунгаан бодож, үнэний энэ талын тухай улам их нөхөрлө. Ингэснээрээ чи Ариун Сүнсний гэгээрлийг олж авч чадах ба ойлгож эхэлнэ. Хүмүүс Бурхантай шууд холбоо тогтоох ямар ч боломжгүй учраас Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй болохын тулд иймэрхүү туршлагад найдан хянуур урагшилж, бага багаар орох ёстой.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 579
Бурханыг мэдэх гэж юу гэсэн үг вэ? Бурханы баяр хөөр, уур уцаар, уйтгар гуниг, аз жаргалыг ухамсарлаж чаддаг байж, улмаар Түүний зан чанарыг мэднэ гэсэн үг—Бурханыг үнэхээр мэдэх гэдэг нь энэ юм. Чи Бурханыг харсан гэж хэлдэг атлаа Түүний баяр хөөр, уур уцаар, уйтгар гуниг, аз жаргалыг ойлгодоггүй, мөн Түүний зан чанарыг ойлгодоггүй. Бас Түүний зөвт байдлыг ч, өршөөнгүй байдлыг ч ойлгодоггүй, юунд дуртай, юуг үзэн яддагийг нь ч мэддэггүй. Энэ нь Бурханы тухай мэдлэг биш. Тиймээс зарим хүн Бурханыг дагаж чаддаг боловч Түүнд үнэхээр итгэж чаддаг байх албагүй; ялгаа нь энд оршдог. Хэрэв чи Бурханыг мэддэг, ойлгодог, мөн Түүний зарим хүслийг ухаарч чаддаг бол Түүнд үнэхээр итгэж, захирагдаж, Түүнийг үнэхээр хайрлаж, шүтэн мөргөж чаддаг. Харин эдгээр зүйлийг ойлгодоггүй бол чи зүгээр л дагалдаж байгаа хэрэг бөгөөд ердөө л урсгал даган явдаг дагалдагч юм. Үүнийг жинхэнэ дуулгавартай байдал, жинхэнэ шүтлэг гэж хэлж болохгүй. Жинхэнэ шүтлэг хэрхэн бий болдог вэ? Бурханыг үнэхээр мэддэг бүх хүн бүгд ялгаагүй, Түүнийг харах болгондоо шүтэн мөргөж, хүндэлдэг; тэд бүгд өвдөг сөгдөн, Түүнийг шүтэн мөргөх ёстой байдаг. Одоо бие махбодтой болсон Бурханыг ажиллах зуур хүмүүс Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгодог байх тусмаа эдгээр зүйлийг улам их нандигнаж, Түүнийг улам хүндэлнэ. Ерөнхийдөө, хүмүүс бага ойлголттой байх тусмаа улам хайхрамжгүй болдог тул Бурханыг хүн хэмээн авч үздэг. Хэрвээ хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Түүнийг харсан бол айсандаа дагжин чичирнэ. “Миний араас ирэх Нэгэн надаас хүчирхэг, би Түүний гутлыг ч авч явах үнэ цэнгүй” гэж Иохан яагаад хэлсэн бэ? Дотроо тэрээр төдийлөн гүн гүнзгий ойлголттой байгаагүй ч Бурхан гайхалтай гэдгийг мэддэг байжээ. Өнөө үед хэчнээн хүн Бурханыг хүндэтгэж чаддаг вэ? Зан чанарыг нь мэддэггүй юм бол тэд яаж Бурханыг хүндэтгэж чадах юм бэ? Хүмүүс Христийн мөн чанарыг мэддэггүй, Бурханы зан чанарыг ч ойлгодоггүй, Бурханыг үнэхээр шүтэн мөргөж бүр ч чаддаггүй. Тэд Христийн эгэл, хэвийн гадаад төрхийг хардаг мөртөө мөн чанарыг нь мэддэггүй бол Христийг эгэл хүн мэт авч үзэхэд амархан юм. Тэд Түүнд хүндлэлгүй хандаж, Түүнийг хуурч, эсэргүүцэж, Түүнд дуулгаваргүй байж, Түүнийг шүүж магадгүй. Тэд өөрсдийгөө зөвтгөж, Түүний үгийг ноцтой авч үзэхгүй байж чадна; тэд бүр Бурханы талаар үзэл бий болгож, Түүнийг яллаж, доромжилж чадна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хүн Христийн мөн чанар болон бурханлаг чанарыг мэдэх ёстой. Энэ бол Бурханыг мэдэхийн үндсэн тал юм; энэ нь бодитой Бурханд итгэдэг хүн бүрийн орох ёстой, хүрэх ёстой зүйл билээ.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг