Амийн оролт 2

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 406

Хүмүүс зүрх сэтгэлээрээ Бурханы Сүнсэнд хүрч, тэгснээрээ Түүнийг сэтгэл хангалуун байлгаснаар, мөн зүрх сэтгэлээ ашиглан Бурханы үгтэй холбогдож, улмаар Бурханы Сүнсээр сэтгэлээ хөдөлгүүлснээр Бурханд итгэж, Бурханыг хайрлаж, Бурханыг сэтгэл хангалуун байлгадаг. Хэрвээ чи хэвийн сүнслэг амьдралд хүрч, Бурхантай хэвийн харилцаа тогтоохыг хүсэж байгаа бол эхлээд зүрх сэтгэлээ Түүнд өгөх ёстой. Түүний өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, зүрх сэтгэлээ бүхэлд нь Түүнд зориулсны дараа л чи аажмаар хэвийн сүнслэг амьдралтай болж чадна. Хэрвээ хүмүүс Бурханд итгэх итгэлдээ зүрх сэтгэлээ Түүнд өгдөггүй бол, хэрвээ тэдний зүрх сэтгэл Түүнд байдаггүй, тэд Түүний ачааг өөрийн мэт үздэггүй бол хийдэг бүхэн нь Бурханыг хууран мэхлэх үйл, шашны хүмүүсийн ердийн үйл бөгөөд Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй. Бурхан ийм хүнээс юу ч олж авч чаддаггүй; ийм төрлийн хүн Бурханы гэрт байгаа чимэглэл, илүүц агаад хэрэггүй зүйл адилаар Бурханы ажилд товойлгогч болон үйлчилж л чаддаг. Бурхан ийм хүнийг ашигладаггүй. Ийм хүн дээр Ариун Сүнс ажиллах боломж байдаггүйгээс гадна төгс болгуулах үнэ цэн ч байдаггүй. Ийм хүн бол үнэндээ алхаж яваа үхдэл юм. Тийм хүмүүст Ариун Сүнсний ашиглаж болох юу ч байдаггүй, харин ч эсрэгээрээ тэднийг бүгдийг нь Сатан хувьдаа завшиж, гүн гүнзгий завхруулсан. Бурхан энэ хүмүүсийг таягдан хаяна. Одоогоор Ариун Сүнс хүмүүсийг ашиглахдаа аливааг хийхийн тулд хүсүүштэй талуудыг нь ашиглаад зогсохгүй, мөн хүсэмгүй хэсгүүдийг нь ч төгс болгож, өөрчилдөг. Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхан руу урсаж, Бурханы өмнө тайван байж чаддаг бол чи Ариун Сүнсээр ашиглагдаж, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авах боломжтой, эрхтэй байх болно, үүнээс ч илүүтэйгээр Ариун Сүнс дутагдлыг чинь нөхөх боломж чамд гарч ирнэ. Зүрх сэтгэлээ Бурханд өгөх үедээ чи эерэг талд илүү гүнзгий орж, мэдлэг ухааны илүү өндөр түвшинд хүрч чадна; сөрөг талд чи өөрийн алдаа, дутагдлын талаар илүү их ойлголттой болж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлэхдээ илүү мэрийх бөгөөд идэвхгүй байхгүй, харин идэвхтэйгээр орох болно. Тиймээс чи зөв хүн болно. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байгаа тохиолдолд Ариун Сүнснээс магтаал хүлээн авах болон Бурханд таалагдах эсэхийн чинь гол түлхүүр нь чи идэвхтэйгээр орж чадах уу, үгүй юү гэдэг юм. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлж, ашиглах үед энэ нь түүнийг хэзээ ч идэвхгүй болгодоггүй, харин үргэлж идэвхтэйгээр ахин дэвшихэд хүргэдэг. Энэ хүнд сул талууд байдаг хэдий ч тэдгээр сул талд үндэслэн амьдрахаас зайлсхийж чаддаг. Тэрээр өөрийн амийн өсөлтийг удаашруулахаас зайлсхийж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлсээр байж чадна. Энэ бол стандарт мөн. Хэрвээ чи үүнд хүрч чадах юм бол Ариун Сүнсний өмнө байх болсон гэдгийг чинь хангалттай нотолдог. Хэрвээ хүн үргэлж сөрөг байвал, мөн хэрвээ гэгээрэл хүлээн авч, өөрийгөө мэдэж авсны дараа ч сөрөг, идэвхгүй хэвээр үлдээд, өндийн босож, Бурхантай хамт үйлдэж чадахгүй бол ийм төрлийн хүн ердөө Бурханы нигүүлслийг хүлээн авдаг боловч Ариун Сүнс түүнтэй хамт байдаггүй. Хүн сөрөг байх үед энэ нь, түүний зүрх сэтгэл Бурхан руу эргээгүй, түүний сүнсийг Бурханы Сүнс хөдөлгөөгүй гэсэн үг юм. Үүнийг бүгд ойлгох ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 407

Хамгийн чухал асуудлуудын нэг бол Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах явдал гэдгийг туршлагаас харж болно. Энэ нь хүмүүсийн сүнслэг амьдрал болон амийн өсөлттэй холбоотой асуудал юм. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байх л юм бол үнэн болон зан чанарын өөрчлөлтийн төлөөх эрэл хайгуул чинь үр дүнгээ өгнө. Чи ачаа үүрч Бурханы өмнө ирдэг учраас, маш олон талаар дутуу дулимаг гэдгээ үргэлж мэдэрч, чиний мэдэх хэрэгтэй олон үнэн, туулах хэрэгтэй ихээхэн бодит байдал байдаг, мөн Бурханы хүсэлд бүх анхаарал халамжаа өгөх ёстой гэдгээ үргэлж мэдэрдэг учраас—эдгээр зүйл үргэлж оюун ухаанд чинь байдаг. Тэдгээр нь чамайг амьсгалж чадахааргүй болтол дээрээс чинь дарж байгаа мэт байдаг, тиймээс зүрх сэтгэлд чинь хүнд оргидог (гэхдээ чи идэвхгүй байдалд байдаггүй). Ийм хүмүүс л Бурханы үгийн гэгээрлийг хүлээн авч, Бурханы Сүнсээр хөдөлгөгдөх эрхтэй. Өөрсдийн ачаанаас болж, сэтгэлийн хүнд байдлаасаа болж, мөн Бурханы өмнө төлсөн төлөөс, амссан зовлонгоосоо болж тэд Түүний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авдаг гэж хэлж болно. Учир нь Бурхан хэнийг ч алагчилж үздэггүй. Тэр хүмүүст хандахдаа үргэлж шударга байдаг боловч бас хүмүүст дур зоргоороо, эсвэл болзолгүйгээр өгдөггүй. Энэ бол Түүний зөвт зан чанарын нэг тал юм. Бодит амьдрал дээр ихэнх хүмүүс энэ хүрээнд хараахан хүрээгүй байдаг. Ядаж л тэдний зүрх сэтгэл Бурхан руу хараахан бүрэн эргээгүй, тиймээс амь зан чанарт нь мөн л ямар ч томоохон өөрчлөлт гараагүй. Яагаад гэвэл, тэд зөвхөн Бурханы нигүүлсэл дунд амьдардаг ба Ариун Сүнсний ажлыг хараахан олж аваагүй байдаг. Бурханаар ашиглуулахын тулд хүмүүсийн хүрэх ёстой шалгуур энэ: Тэдний зүрх сэтгэл Бурхан руу эргэж, тэд Бурханы үгийн ачаа үүрч, хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлтэй байж, үнэнийг эрж хайх шийдвэртэй байдаг. Ийм хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авч, гэгээрэл, гэрэлтүүлэлтийг удаа дараа олж авч чаддаг. Бурханы ашигладаг хүмүүс гаднаа бодлогогүй мэт, бусадтай хэвийн харилцаагүй мэт харагддаг боловч тэд ёс зүйтэй ярьдаг, хайхрамжгүй ярьдаггүй бөгөөд зүрх сэтгэлээ Бурханы өмнө үргэлж тайван байлгаж чаддаг. Яг ийм хүн л Ариун Сүнсээр ашиглагдахад тохирдог. Бурханы ярьдаг энэ “бодлогогүй” хүн бусадтай хэвийн харилцаагүй мэт харагддаг бөгөөд тэдэнд гадаад талын хайр эсвэл гаднах дадал байдаггүй боловч сүнслэг хэрэг явдлын талаар ярилцах үедээ зүрх сэтгэлээ нээж, Бурханы өмнөх бодит туршлагаараа олж авсан гэгээрэл, гэрэлтүүлэлтээрээ бусдыг харамгүй хангаж чаддаг. Ингэж тэд Бурханыг гэх хайраа илэрхийлж, Бурханы хүслийг хангалуун болгодог. Бусад хүмүүс бүгд тэднийг дооглож, гүтгэж байхад тэд гаднын хүмүүс, хэрэг явдал эсвэл зүйлст хянагдахаас зайлсхийж чаддаг бөгөөд Бурханы өмнө тайван байж бас л чаддаг. Ийм хүн өөрийн гэсэн өвөрмөц мэргэн ухаантай мэт санагддаг. Бусад хүн юу хийхээс үл хамааран тэдний зүрх сэтгэл Бурханыг хэзээ ч орхидоггүй. Бусад нь элдвийг ярьж, инээлдэн хөгжилдөж байхад тэдний зүрх сэтгэл мөн л Бурханы өмнө үлдэж, Бурханы үгийг эргэцүүлж, эсвэл зүрх сэтгэлдээ чимээгүйхэн Бурханд залбирч, Бурханы санаа зорилгыг эрж хайдаг. Тэд бусадтай хэвийн харилцаатай байхад хэзээ ч ач холбогдол өгдөггүй. Ийм хүн амьдралын гүн ухаангүй юм шиг санагддаг. Гаднаа энэ хүн цовоо сэргэлэн, дур булаам, гэнэн байдаг ч бас аядуу тайван мэдрэмжтэй байдаг. Энэ бол Бурханы ашигладаг хүний төрх билээ. Амьдралын гүн ухаан, эсвэл “хэвийн эрүүл ухаан” гэх мэтийн зүйлс ийм хүнд ердөө нэмэргүй; энэ нь бүх зүрх сэтгэлээ Бурханы үгэнд зориулсан хүн бөгөөд зүрх сэтгэлд нь Бурхан л байгаа мэт байдаг. Энэ бол “эрүүл ухаангүй” гэж Бурханы хэлдэг төрлийн хүн бөгөөд яг ийм хүнийг Бурхан ашигладаг. Бурханаар ашиглагдаж байгаа хүний шинж тэмдэг бол: Хэзээ, эсвэл хаана байх нь хамаагүй түүний зүрх сэтгэл үргэлж Бурханы өмнө байдаг бөгөөд бусад хүмүүс хэр садар самуун байж, шунал тачаал, махан биеэ хэр их өөгшүүлэх нь хамаагүй, энэ хүний зүрх сэтгэл Бурханыг хэзээ ч орхидоггүй хэвээр бөгөөд олон нийтийг дагадаггүй. Ийм төрлийн хүн л Бурханаар ашиглагдахад тохирдог бөгөөд энэ төрлийн хүнийг л Ариун Сүнс төгс болгодог. Хэрвээ чи эдгээр зүйлд хүрч чадахгүй бол Бурханаар авхуулж, Ариун Сүнсээр төгс болгуулах эрхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 408

Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаатай байхыг хүсвэл зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэх ёстой. Үүнийг суурь болгоод чи бусад хүмүүстэй хэвийн харилцаатай байх болно. Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаагүй бол бусад хүмүүстэй харилцах харилцаагаа хадгалахын тулд юу ч хийсэн бай, хэр шаргуу ажиллаж, эсвэл хэр их эрч хүч гаргасан ч бай, энэ нь бүгд хүний амьдралын гүн ухаанд л хамаарна. Чи хүмүүсээр магтуулах гэсэндээ хүний үзэл бодол, хүний гүн ухаанаар дамжуулан хүмүүсийн дундах байр сууриа хадгалж байгаа боловч хүмүүстэй хэвийн харилцаа тогтоохын тулд Бурханы үгийг дагаж байгаа биш. Хэрвээ чи хүмүүстэй харилцах харилцаандаа анхаардаггүй, харин Бурхантай хэвийн харилцаатай байдаг бол, хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүнд дуулгавартай байж сурахыг хүсдэг бол бүх хүнтэй харилцах харилцаа чинь аяндаа хэвийн болно. Ийм маягаар эдгээр харилцаа нь махан бие дээр бус, харин Бурханы хайрын суурин дээр тогтдог. Махан биеийн харилцаа бараг байдаггүй ч сүнсэнд нөхөрлөл, хоёр талын хайр, тайтгарал, нэг нэгнээ гэсэн хангалт байдаг. Энэ бүхэн нь Бурханыг хангалуун байлгадаг зүрх сэтгэлийн суурин дээр хийгддэг. Эдгээр харилцааг хүний амьдралын гүн ухаанд түшиглэн хадгалдаггүй, харин энэ нь Бурханы төлөө ачаа үүрснээр дамжуулан хар аяндаа бий болдог. Энэ нь хүний хүчин чармайлтыг шаарддаггүй. Чи Бурханы үг-зарчмын дагуу л хэрэгжүүлэх хэрэгтэй. Чи Бурханы хүсэлд хайхрамжтай байхыг хүсэж байна уу? Бурханы өмнө “эрүүл ухаангүй” хүн байхыг хүсэж байна уу? Чи Бурханд зүрх сэтгэлээ бүрмөсөн өгч, хүмүүсийн дундах байр сууриа үл тоомсорлохыг хүсэж байна уу? Харилцдаг бүх хүнийхээ дундаас чи хэн хэнтэй нь хамгийн сайн харилцаатай байдаг вэ? Хэнтэй нь хамгийн муу харилцаатай байдаг вэ? Хүмүүстэй харилцах харилцаа чинь хэвийн үү? Чи бүх хүнд эн тэнцүү ханддаг уу? Чи амьдралын гүн ухааныхаа дагуу бусадтай харилцах харилцаагаа хадгалдаг уу, эсвэл тэдгээр нь Бурханы хайрын суурин дээр бий болсон уу? Хүн зүрх сэтгэлээ Бурханд өгөөгүй бол сүнс нь мулгуу, хөшүүн, мэдрэмжгүй болдог. Ийм хүн Бурханы үгийг хэзээ ч ойлгохгүй, Бурхантай хэзээ ч хэвийн харилцаатай байж чадахгүй; ийм хүний зан чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Зан чанараа өөрчлөх гэдэг нь зүрх сэтгэлээ Бурханд бүрэн өгч, Бурханы үгээс гэгээрэл, гэрэлтүүлэлт хүлээн авах үйл явц юм. Бурханы ажил нь, идэвхтэйгээр орох, мөн түүнчлэн сөрөг талуудаа мэдсэний дараа тэдгээрээс салах боломжийг хүнд олгодог. Бурханд зүрх сэтгэлээ өгөх хэмжээнд хүрэх үедээ чи сүнснийхээ доторх нарийн хөдөлгөөн бүрийг ухамсарлаж чадах бөгөөд Бурханаас хүлээн авсан гэгээрэл, гэрэлтүүлэлт бүрийг мэдэх болно. Үүнээс зуураад чи Ариун Сүнсээр төгс болгуулах зам руу аажмаар орно. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байх тусам сүнс чинь төдий чинээ мэдрэмтгий, нарийн нямбай байж, Ариун Сүнс хэрхэн хөдөлгөдгийг илүү их ухамсарлаж чадна, тэгээд Бурхантай харилцах харилцаа чинь бүр улам хэвийн болно. Хүмүүсийн хоорондох хэвийн харилцаа нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх суурин дээр тогтдог болохоос хүний хүчин чармайлтаар тогтдоггүй. Зүрх сэтгэлд нь Бурхан үгүй бол хүмүүсийн хоорондох харилцаа нь ердөө махан биеийн харилцаа юм. Тэдгээр нь хэвийн бус, харин ч хүсэл тачаалд автсан байдаг. Тэр нь Бурханы жигшиж, үзэн яддаг харилцаа юм. Хэрвээ чи сүнс чинь хөдөлгөгдсөн гэж хэлдэг боловч өөртөө таалагддаг, өөрийнхөө өндрөөр үнэлдэг хүмүүстэй л нөхөрлөл хийхийг үргэлж хүсдэг бол, хэрвээ өөр хүн эрэлхийлж байгаа ч чамд таалагддаггүй, чи түүнийг ялгаварлаж, түүнтэй харилцдаггүй бол чи сэтгэл хөдлөлдөө автдаг бөгөөд чамд Бурхантай харилцах хэвийн харилцаа огт байхгүй гэдгийг энэ нь илүү их нотолдог. Чи Бурханыг мэхэлж, өөрийнхөө муу муухайг нуухаар оролдож байна. Чи зарим ойлголтыг хуваалцаж чаддаг ч гэсэн буруу санаа зорилго өвөрлөдөг бол хийдэг бүхэн чинь хүний стандартаар л сайн байдаг. Бурхан чамайг магтахгүй—чи Бурханы ачааны дагуу бус, махан биеийн дагуу үйлдэж байна. Хэрвээ чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханыг хайрладаг хүн бүхэнтэй хэвийн харилцаатай байж чаддаг бол тэр үед л Бурханаар ашиглагдахад тохирно. Ийм маягаар, бусадтай яаж харилцаж байгаа чинь хамаагүй, энэ нь амьдралын гүн ухааны дагуу биш, харин Бурханы өмнө, Бурханы ачааг хайхардаг байдлаар амьдрах явдал байх болно. Та нарын дунд ийм хүн хэчнээн байдаг вэ? Бусадтай харилцах харилцаа чинь үнэхээр хэвийн үү? Энэ нь юун дээр үндэслэдэг вэ? Чиний дотор амьдралын гүн ухаан хэр их байдаг вэ? Тэдгээрийг хаясан уу? Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрэн эргэж чадахгүй бол чи Бурханых биш—чи Сатанаас ирсэн бөгөөд эцэстээ мөн л Сатан руу буцаж очно. Чи Бурханы ардуудын нэг байхад тохирохгүй. Чи энэ бүгдийг анхааралтай авч үзэх шаардлагатай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 409

Бурханд итгэхдээ чи Бурхантай хэвийн харилцаатай байх асуудлыг ядаж шийдвэрлэх ёстой. Бурхантай хэвийн харилцаагүй бол Бурханд итгэх итгэлийн чинь утга учир алдагддаг. Бурханы өмнө тайван байдаг зүрх сэтгэлтэй бол Бурхантай хэвийн харилцаа тогтоох бүрэн боломжтой. Бурхантай хэвийн харилцаатай байна гэдэг нь Бурханы ямар ч ажилд эргэлзэхгүй, үгүйсгэхгүй байж, Түүний ажилд захирагдаж чаддаг байна гэсэн үг юм. Энэ нь Бурханы өмнө зөв санаа зорилготой байж, өөртөө зориулан төлөвлөгөө зохиолгүй, бүх зүйл дээр Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг анхааран үзэх гэсэн үг; мөн Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрч, Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагах гэсэн үг юм. Чи хийж буй бүх зүйлдээ Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаг байх ёстой. Бурханы хүслийг ойлгодоггүй ч байсан гэсэн чи үүрэг, хариуцлагаа чадлынхаа хэрээр биелүүлсээр байх ёстой. Бурханы хүсэл чамд илчлэгдмэгц, үйлдвэл хожимдохгүй байх болно. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болоход чи хүмүүстэй ч бас хэвийн харилцаатай болох болно. Бүх зүйл Бурханы үгийн суурин дээр үндэслэдэг. Бурханы үгийг идэж уу, дараа нь Бурханы шаардлагыг хэрэгжүүл, үзэл бодлоо зөв болго, Бурханыг эсэргүүцэх юм уу чуулганыг үймүүлэх ямар нэгэн зүйл хийхээс зайлсхий. Ах, эгч нарын аминд ашиг тус өгдөггүй юуг ч бүү хий, бусдад тус нэмэр болохгүй юуг ч бүү хэл, ичгэвтэр зүйл бүү хий. Хийж буй бүхэндээ чигч шударга, хүндлүүштэй бай, үйлдэл болгоноо Бурханы өмнө үзүүлэхүйц байлга. Махан бие заримдаа сул дорой байж болох ч чи хувийн ашиг хонжооны төлөө шуналгүй, Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж, зөв шударгаар үйлдэж чаддаг байх ёстой. Хэрэв чи ийм маягаар хэрэгжүүлж чадвал Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байх болно.

Чи хийдэг бүх зүйлдээ санаа зорилго чинь зөв эсэхийг шалгах ёстой. Хэрвээ чи Бурханы шаардлагын дагуу үйлдэж чаддаг бол Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байдаг. Энэ бол хамгийн наад захын стандарт юм. Өөрийн санаа зорилгыг шалга, тэгээд буруу санаа зорилго гарч ирснийг олж мэдвэл тэдгээрийг орхиж, Бурханы үгийн дагуу үйлдэж чаддаг бай; тэгвэл чи Бурханы өмнө зөв нэгэн болох бөгөөд энэ нь эргээд Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгааг, мөн хийж байгаа бүхэн чинь өөрийнхөө төлөө бус, Бурханы төлөө байдаг гэдгийг харуулдаг. Чи хийдэг, хэлдэг бүхэндээ зүрх сэтгэлээ зөв байлгаж, үйлдэлдээ зөв шударга байж чаддаг бөгөөд сэтгэл хөдлөлдөө автдаггүй, өөрийн хүслийн дагуу ч үйлддэггүй байх ёстой. Эдгээр нь Бурханд итгэгчдийн биеэ авч явах ёстой зарчим юм. Жижиг зүйлс хүний санаа зорилго болон биеийн хэмжээг илчилж чадах тул Бурханаар төгс болгуулах замд орохын тулд хүн эхлээд санаа зорилго болон Бурхантай харилцах харилцаагаа засаж залруулах ёстой. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болсон цагт л чи Түүгээр төгс болгуулж чадна; тэр үед л чиний доторх Бурханы харьцалт, засалт, сахилгажуулалт, цэвэршүүлэлт хүссэн үр дүндээ хүрч чадна. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханыг байлгаж, хувийн ашиг хонжоо хайлгүй, өөрсдийн хэтийн ирээдүйн талаар бодолгүй (махан биеийн тухайд), харин ч амь руу орох ачааг үүрч, үнэнийг эрэлхийлэхийн төлөө чадах бүхнээ хийж, Бурханы ажилд захирагдаж чаддаг бол—хэрвээ чи үүнийг хийж чадвал эрэлхийлдэг зорилго чинь зөв байж, Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болно. Бурхантай харилцах харилцаагаа зөв болгох нь сүнсний аянд орох эхний алхам гэж хэлж болно. Хэдийгээр хүний хувь заяа Бурханы гарт байдаг, Бурханаар урьдчилан тогтоогдсон бөгөөд өөрөө өөрчилж чадахгүй хэдий ч Бурханаар төгс болгуулж, эсвэл авхуулж чадах эсэх нь Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгаа эсэхээс хамаардаг. Чамд сул дорой, эсвэл дуулгаваргүй тал байж магадгүй—гэхдээ үзэл бодол болон санаа зорилго чинь зөв байгаа цагт, мөн Бурхантай харилцах харилцаа чинь зөв, хэвийн байгаа цагт чи Бурханаар төгс болгуулах шаардлагыг хангадаг. Хэрвээ чи Бурхантай зөв харилцаатай биш, махан биеийн төлөө, эсвэл гэр бүлийнхээ төлөө үйлддэг бол хэчнээн шаргуу ажилладаг чинь хамаагүй энэ бүгд юунд ч хүргэхгүй. Хэрвээ Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн бол бусад бүх зүйлийн учир олдоно. Бурханд итгэх итгэлийн тухай үзэл бодол чинь зөв эсэх, чи хэнд итгэдэг, хэний төлөө итгэдэг, яагаад итгэдгийг л Бурхан харахаас өөр юуг ч хардаггүй. Хэрвээ эдгээр зүйлийг тодорхой харж, үзэл бодлын хэрэгжүүлэлт чинь зөв байж чадвал аминд чинь ахиц дэвшил гарч, чи зөв замд орж чадах нь гарцаагүй. Хэрвээ Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн бус, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол чинь буруу бол бусад бүх зүйл талаар болох ба хэчнээн их итгэдэг байсан ч чи юу ч хүлээж авахгүй. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болсны дараа л махан биеийг орхиж, залбирч, зовж, тэсвэрлэж, захирагдаж, ах, эгч нартаа тусалж, Бурханы төлөө өөрийгөө илүү их зарлагадах гэх мэт үедээ чи Түүнээс магтаал хүртэнэ. Хийдэг зүйл чинь үнэ цэнтэй, ач холбогдолтой байх эсэх нь чиний санаа зорилго зөв эсэх, чиний үзэл бодол зөв зүйтэй эсэхээс хамаардаг. Өнөө үед олон хүний Бурханд итгэх итгэл нь толгойгоо гилжийлгэчхээд цаг руу харахтай адил болжээ—тэдний харах өнцөг гажсан байдаг бөгөөд нээлтээр тэдгээрийг засах ёстой. Хэрвээ энэ асуудал шийдэгдвэл бүх зүйл сайхан болно; шийдэгдэхгүй бол бүх зүйл юу ч биш болно. Зарим хүн Миний өмнө сайхан аашилдаг ч Миний ар хударгаар үргэлж эсэргүүцдэг. Эдгээр нь шударга бус, хуурмаг байдлын илрэл бөгөөд ийм хүн бол Сатаны зарц юм; тэд бол Бурханыг туршихаар ирдэг Сатаны нийтлэг биелэл юм. Хэрвээ чи Миний ажил болон Миний үгэнд захирагдаж чаддаг л бол зөв хүн мөн. Чи Бурханы үгийг идэж ууж чадаж байгаа цагт, хийдэг бүхэн чинь Бурханы өмнө үзүүлж болохуйц, хийдэг бүх зүйлдээ шударга чигч хандаж байгаа цагт, мөн ичгүүртэй эсвэл бусдын аминд хохирол учруулах зүйл хийхгүй байгаа цагт, гэрэлд амьдарч, Сатанд ашиглуулахыг зөвшөөрөхгүй байгаа цагт Бурхантай харилцах харилцаа чинь зөв зохистой байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 410

Бурханд итгэхэд санаа зорилго, үзэл бодол чинь зөв зохистой байхыг чамаас шаарддаг; Бурханы үг, Бурханы ажил, Бурханы зохицуулсан орчин, Бурханы гэрчилсэн хүн болон бодитой Бурханы талаар чи зөв ойлголт, зөв хандлагатай байх ёстой. Чи өөрийн санаанд нийцүүлэн хэрэгжүүлж, эсвэл өөрийн өчүүхэн далд явуулгыг сэдэх ёсгүй. Чи юу ч хийсэн үнэнийг хайж, Бурханы бүтээлийн хувиар өөрийн байр сууринд зогсож, Бурханы бүх ажилд захирагдаж чаддаг байх ёстой. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулж, амийн зөв замд орохыг хүсдэг бол зүрх сэтгэл чинь үргэлж Бурханы өмнө амьдарч, замаа алдалгүй, Сатаныг дагалгүй, Сатанд ажлаа хийх ямар ч боломж өгөлгүй, Сатанаар ашиглуулахыг зөвшөөрөхгүй байх ёстой. Чи өөрийгөө Бурханд бүрмөсөн өгч, Бурханаар өөрийгөө захируулах ёстой.

Чи Сатаны зарц болохыг хүсэж байна уу? Сатанд дарлуулан мөлжүүлэхийг хүсэж байна уу? Чи Бурханаар төгс болгуулахын төлөө Бурханд итгэж, Бурханыг эрэлхийлдэг үү, эсвэл Бурханы ажилд товойлгогч болохын төлөө байдаг уу? Чи Бурханаар авхуулдаг утга учиртай амьдралыг илүүд үзэх үү, эсвэл үнэ цэнгүй, хоосон амьдралыг илүүд үзэх үү? Чи Бурханд ашиглуулахыг илүүд үзэх үү, эсвэл Сатанд ашиглуулахыг илүүд үзэх үү? Чи Бурханы үг болон үнэнээр дүүргэгдэхийг илүүд үзэх үү, эсвэл нүгэл болон Сатанаар дүүргэгдэхийг илүүд үзэх үү? Үүнийг сайтар бодож үз. Өдөр тутмын амьдралдаа, Бурхантай харилцах харилцааг чинь хэвийн бус болгох, өөрийн хэлдэг үг, хийдэг зүйлсийг чи ойлгох ёстой, тэгээд өөрийгөө засаж залруулж, зөв арга барилд орох ёстой. Үг, үйлдэл, хөдөлгөөн нэг бүрээ, мөн бодол, санаагаа цаг ямагт шалга. Өөрийн бодит байдлыг зөв ойлгож, Ариун Сүнсний ажлын арга барилд ор. Энэ бол Бурхантай хэвийн харилцаатай байх цорын ганц арга зам юм. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн эсэхийг үнэлснээр чи санаа зорилгоо засаж, хүний уг чанар-мөн чанарыг ойлгож, өөрийгөө үнэхээр ойлгож авч чадна, ингэснээр чи бодит туршлага руу орж, өөрийгөө үнэхээр хаяж, санаатайгаар захирагдаж чадна. Бурхантай харилцах чиний харилцаа хэвийн эсэхтэй холбоотой эдгээр хэрэг явдлыг туулахдаа чи Бурханаар төгс болгуулах боломжийг олж, Ариун Сүнсний ажлын олон байдлыг ухаарч чаддаг болно. Мөн чи Сатаны олон арга заль, хуйвалдааныг нэвт харж чаддаг болно. Энэ зам чамайг Бурханаар төгс болгуулах зүгт хөтөлдөг. Бурхантай харилцаагаа зөв болгож байгаа чинь Бурханы бүх зохицуулалтад захирагдахын төлөө, мөн бодит туршлага руу илүү гүн орж, Ариун Сүнсний илүү их ажлыг олж авахын төлөө юм. Бурхантай хэвийн харилцаатай байх явдлыг хэрэгжүүлэх үед ихэнх тохиолдолд махан биеийг хаяж, Бурхантай бодитоор хамтран ажилласнаар амжилтад хүрнэ. “Хамтран ажиллах зүрх сэтгэлгүйгээр Бурханы ажлыг хүлээн авна гэдэг хэцүү; махан бие зовохгүй бол Бурханы ерөөл гэж үгүй; сүнс тэмцэхгүй бол Сатаныг гутаана гэж байхгүй” гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Хэрвээ чи эдгээр зарчмыг хэрэгжүүлж, нэгд нэгэнгүй ойлговол Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол чинь зөв болно. Та нар одоогийн хэрэгжүүлэлтдээ “өлсгөлөнгөө дарахын тулд талх хайдаг” сэтгэлгээг халах ёстой, мөн “бүх зүйлийг Ариун Сүнс хийдэг, хүмүүс хөндлөнгөөс оролцож чадахгүй” гэсэн сэтгэлгээг халах ёстой. Ингэж хэлдэг хүн болгон “Хүмүүс хүссэн болгоноо хийж болно, цаг нь ирэхээр Ариун Сүнс ажлаа хийнэ. Хүмүүс махан биеийг хязгаарлах буюу хамтран ажиллах хэрэггүй; хамгийн чухал нь Ариун Сүнс биднийг хөдөлгөнө” гэж боддог. Эдгээр үзэл бодол нь бүгд утгагүй. Ийм нөхцөл байдалд Ариун Сүнс ажиллаж чаддаггүй. Иймэрхүү үзэл бодол Ариун Сүнсний ажилд асар том саад болдог. Ихэнхдээ Ариун Сүнсний ажил хүмүүсийн хамтын ажиллагаагаар дамжуулан биелдэг. Хамтран ажилладаггүй, шийдэмгий бус хэдий ч зан чанар нь өөрчлөгдөж, Ариун Сүнсний ажлыг хүлээж авч, Бурханаас гэгээрэл, гэрэлтүүлэлт авахыг хүсдэг хүмүүс үнэндээ хэрээс хэтэрсэн бодолтой байна. Үүнийг “өөрийгөө өөгшүүлж, Сатаныг өршөөж байгаа хэрэг” гэж нэрлэдэг. Ийм хүмүүс Бурхантай хэвийн харилцаатай байдаггүй. Чи өөрөөсөө сатанлаг зан чанарын олон илчлэл, илрэлийг олж, Бурханы өнөөгийн шаардлагад харшилсан, өөрт байдаг аливаа хэрэгжүүлэлтийг олох хэрэгтэй. Чи одоо Сатаныг хаяж чадах уу? Бурхантай хэвийн харилцаа тогтоож, Бурханы санаа зорилгын дагуу үйлдэж, шинэ амьдралтай шинэ хүн болох хэрэгтэй. Өнгөрсөн гэм буруу дээрээ бүү саат, хэтэрхий бүү харамс, босож зогсоод Бурхантай хамтарч ажиллах чадвартай бай, биелүүлэх ёстой үүргээ биелүүл. Ийм маягаар Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 411

Хэрвээ чи эдгээр үгийг уншсаны дараа аман дээрээ хүлээн зөвшөөрсөн гэх боловч зүрх сэтгэл чинь хөдлөөгүй хэвээр үлдэж, Бурхантай харилцах харилцаагаа хэвийн болгохоор эрэлхийлдэггүй бол Бурхантай харилцах харилцаандаа ач холбогдол өгдөггүй, үзэл бодол чинь хараахан зөв болоогүй, санаа зорилго чинь Бурханаар авхуулахад, Бурханыг алдаршуулахад чиглээгүй, харин ч Сатаны хуйвалдаанд давамгайлах боломж олгож, зорилгодоо хүрэхээр чиглэдгийг чинь энэ нь нотолдог. Ийм хүмүүс буруу санаа зорилго, алдаатай үзэл бодолтой байдаг. Бурхан юу ч хэлсэн, эсвэл яаж ч хэлсэн бай, ийм хүмүүс тун хэнэггүй байж, өчүүхэн ч өөрчлөгддөггүй. Тэдний зүрх сэтгэл ямар ч айдсыг мэдэрдэггүй, тэд ичгүүр сонжуургүй. Ийм хүн бол сүнсгүй мунхаг амьтан. Чи Бурханы айлдвар бүрийг унш, тэдгээрийг ойлгож авангуутаа хэрэгжүүл. Магадгүй махан бие чинь сул дорой, чи тэрслүү, эсэргүүцэж байсан тохиолдол байж болно; өнгөрсөнд яаж авирлаж байснаас үл хамааран энэ нь чухал биш бөгөөд өнөөдөр чиний амь боловсроход энэ нь саад болж чадахгүй. Өнөөдөр чи Бурхантай хэвийн харилцаатай байж чадаж байгаа цагт найдвар бий. Хэрвээ Бурханы үгийг унших бүрд чамд өөрчлөлт гарч, чиний амьдрал сайн тал руугаа өөрчлөгдсөнийг бусад хүн хараад хэлж чадахаар байвал Бурхантай харилцах харилцаа чинь одоо хэвийн, зөв болсныг энэ нь харуулдаг. Бурхан гэм бурууд нь үндэслэн хүмүүст ханддаггүй. Чи ойлгож, ухамсарламагцаа тэрсэлж, эсэргүүцэхээ больж чадаж л байвал Бурханд өршөөгдсөөр байх болно. Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэх ойлголт, шийдвэр чамд байгаа үед Бурханы өмнө байх байдал чинь хэвийн болох болно. Юу ч хийж байсан, түүнийгээ хийж байхдаа дараах зүйлийг бодож үзэж байгаарай: Хэрэв би үүнийг хийвэл Бурхан юу гэж бодох бол? Энэ нь ах, эгч нарт ашиг тустай байх уу? Бурханы гэр дэх ажилд ашиг тустай байх уу? Залбирал, нөхөрлөл, үг яриа, ажил, хүмүүстэй харилцах харилцаандаа өөрийн санаа зорилгыг шинжилж, Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн эсэхийг шалга. Хэрвээ чи өөрийн санаа зорилго, бодлыг ялган таньж чаддаггүй бол чамд ялгаж салгах чадвар байхгүй бөгөөд энэ нь үнэний талаар маш бага ойлгодгийг чинь нотолдог. Хэрвээ чи Бурханы хийдэг бүхний талаар тодорхой ойлгож чаддаг, аливаа зүйлийг Түүний үгээр, Түүний талд зогсоод аливааг ухамсарлаж чаддаг бол үзэл бодол чинь зөв болсон байх болно. Тиймээс Бурхантай сайн харилцаа тогтоох нь Бурханд итгэдэг хүн бүрийн хувьд тэргүүн зэргийн чухал зүйл юм; хүн бүр үүнийг хамгийн чухал үүрэг даалгавар, амьдралынх нь хамгийн том үйл явдал хэмээн авч үзэх хэрэгтэй. Чиний хийдэг бүх зүйл Бурхантай хэвийн харилцаатай эсэхээр чинь хэмжигддэг. Хэрвээ Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн, санаа зорилго чинь зөв бол үйлд. Бурхантай харилцах хэвийн харилцаагаа хадгалахын тулд чи хувийн ашиг сонирхолдоо хохирол хүлээхээс айх ёсгүй; Сатанд давамгайлах боломж олгож болохгүй, Сатаны атгад орж болохгүй, Сатан чамайг элэг доог болгохыг зөвшөөрч болохгүй. Ийм санаа зорилготой байх нь Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгаагийн илрэл бөгөөд энэ нь махан биеийн төлөө бус, харин ч сүнсний амар амгалан, Ариун Сүнсний ажлыг олж авч, Бурханы хүслийг хангахын төлөө байдаг. Зөв байдалд орохын тулд Бурхантай сайн харилцаа бий болгож, Бурханд итгэх үзэл бодлоо зөв болгох ёстой. Ингэснээр Бурхан чамайг олж авч, Үгийнхээ үр жимсийг чамд илрүүлж, чамайг улам ихээр гэгээрүүлж, гэрэлтүүлэх боломжтой. Ийм маягаар чи зөв арга барилд орсон байх болно. Бурханы өнөөдрийн үгийг үргэлжлүүлэн идэж уу, Ариун Сүнсний ажлын одоогийн арга барил руу ор, Бурханы өнөөдрийн шаардлагад нийцүүлэн үйлд, хэрэгжүүлэлтийн хуучирсан арга барилыг бүү дага, аливааг хийх хуучин аргатай бүү зууралд, өнөөдрийн ажиллах арга барилд аль болох хурдан ор. Ингэвэл Бурхантай харилцах харилцаа чинь бүрмөсөн хэвийн болж, чи Бурханд итгэх зөв замд орсон байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 412

Хүмүүс Бурханы үгийг хүлээн зөвшөөрөх тусмаа улам гэгээрч, Бурханыг мэдэх эрэл хайгуулдаа улам өлсөж, цангадаг. Бурханы үгийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс л илүү гүнзгий, илүү баялаг туршлагатай болох чадвартай бөгөөд амь нь гүнждийн цэцэг дэлгэрэх мэт өсөн дээшилж чадна. Амийг эрэлхийлдэг хүн бүр үүнд бүтэн цагийн ажил мэт хандах ёстой бөгөөд “Бурхангүйгээр амьдарч чадахгүй, Бурхангүйгээр юуг ч бүтээж дийлэхгүй, Бурхангүйгээр бүх зүйл хий хоосон” гэдгийг мэдрэх ёстой юм. Мөн “Ариун Сүнсний дэргэд биш бол би юу ч хийхгүй, Бурханы үгийг уншаад үр дүнд хүрэхгүй бол юу ч хийсэн нэмэргүй” гэсэн шийдвэртэй байх ёстой. Өөрийгөө бүү өөгшүүл. Амийн туршлага нь Бурханы гэгээрэл, удирдамжаас гардаг, мөн та нарын субъектив хүчин зүтгэлийн биелэл юм. “Амийн туршлагын тухайд өөрийгөө хэлтрүүлж болохгүй” гэсэн шаардлагыг та нар өөрсдөдөө тавих ёстой.

Заримдаа хэвийн бус нөхцөл байдалд Бурханыг дэргэдээсээ алдаж, хэчнээн залбираад ч Бурханыг мэдэрч чаддаггүй. Ийм үед айх мэдрэмж төрөх нь хэвийн бөгөөд нэн даруй хайж эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол Бурхан чамаас хол байж, чи Ариун Сүнстэй хамт байхгүйгээр, бүр Ариун Сүнсний ажилгүйгээр нэг хоёр өдөр, цаашлаад нэг, хоёр сар болох болно. Ийм нөхцөл байдалд чи улам хөшүүн болж, Сатанд дахин нэгэнтээ олзлогдон, бүх төрлийн үйл үйлдэх хэмжээнд очдог. Чи эд мөнгөнд шунахайрч, ахан дүүсээ хууран мэхэлж, кино, видео үзэж, маажаан даалуу тоглож, бүр ямар ч сахилга батгүйгээр тамхи татаж, архи уудаг. Зүрх сэтгэл чинь Бурханаас холдож, өөрийн замаар далдуур алхаж, Бурханы ажлыг дураараа шүүн магадалсан. Зарим тохиолдолд, хүмүүс бүр эр эмийн нүгэл эрээ цээргүй, ичиж зовохгүй үйлдэх ноцтой хэмжээнд ч хүрдэг. Ийм хүн бол Ариун Сүнсэнд хаягдсан хүн юм; үнэндээ ийм хүнээс Ариун Сүнсний ажил аль хэдийн арилж одсон байдаг. Завхралд улам гүн живж, ёрын муу гар нь улам сунаж, эцэст нь энэ замын оршин тогтнолыг үгүйсгэн, нүглийнхээ эрхээр Сатанд олзлогдсон хүнийг л тэднээс харж болно. Хэрэв чи Ариун Сүнсний дэргэд байгаа ч Ариун Сүнсний ажилгүй байгаа бол нөхцөл байдал хэдийн аюултай болжээ. Ариун Сүнсний байгааг ч мэдрэхгүй болох үедээ чи хэдийн үхлийн ирмэгт тулсан байх болно. Хэрэв чи гэмшихгүй бол Сатанд бүрэн эзлэгдэж, таягдан хаягдах хүмүүсийн дунд байна. Тиймээс Ариун Сүнсний дэргэд л байгаа (гэм нүгэл үйлдэхгүй, садар самуун явдалгүй, Бурханыг илэрхий дорд үзсэн үйлдэл хийхгүй) боловч Ариун Сүнсний ажилгүй (залбирсан ч сэтгэл хөдлөхгүй, Бурханы үгийг идэж уугаад ч илэрхий гэгээрч гийхгүй, Бурханы үгийг идэж уухаас залхуурч хойрголон, аминд ахиц дэвшил гарахгүй, урт удаан хугацаа өнгөрөвч асар их гэрэлтүүлэлтгүй) байгаагаа олж мэдвэл чи энэ үед илүү сэрэмжтэй байх ёстой. Өөрийгөө өөгшүүлж, зан авираа дураар нь тавьж огт болохгүй. Ариун Сүнс аль ч цагт арилан одож мэдэх тул ийм нөхцөл байдал маш аюултай. Хэрэв ийм байдалд орвол аль болох хурдан засахаар хичээ. Юун түрүүнд гэмшлийн залбирал үйлдэн, дахин нэг удаа өршөөхийг Бурханаас гуйх ёстой. Тэгээд үнэн зүрхний угаас залбиран, зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханы үгийг илүү их идэж уу. Энэ суурин дээр залбирал олонтаа үйлдэж, дуулах, залбирах, Бурханы үгийг идэж уух болон үүргээ биелүүлэхдээ илүү их хичээл чармайлт гаргах ёстой. Чи хамгийн сул дорой байх үедээ Сатанд хамгийн амархан эзлэгддэг. Хэрэв ийм байдал тохиолдвол зүрх сэтгэл чинь Бурханы өмнөөс холдож, Сатан руу буцаж, улмаар чи Ариун Сүнсний дэргэд байхаа больдог. Ийм үед Ариун Сүнсний ажлыг буцаан олж авахад улам хэцүү байдаг. Ариун Сүнстэй хамт байх үедээ ажлыг нь эрж хайвал илүү дээр бөгөөд Бурхан чамайг улам гэгээрүүлж, чамайг хаяж орхихгүй байхад хүрнэ. Залбирах, магтан дуу дуулах, чиг үүрэгтээ үйлчлэх, Бурханы үгийг идэж уух чинь бүгд Сатанд ажлаа хийх боломж олгохгүйн төлөө хийгддэг бөгөөд ингэснээр Ариун Сүнс дотор чинь ажиллаж болох юм. Хэрэв Ариун Сүнсний ажлыг ингэж буцаан олж авалгүй, зүгээр л хүлээх юм бол Ариун Сүнс сэтгэлийг чинь онцгойлон хөдөлгөж, тусгайлан гэрэлтүүлж, гэгээрүүлээгүй л бол Ариун Сүнсийг дэргэдээсээ алдсан байх үед Ариун Сүнсний ажлыг буцаан олж авахад амаргүй байх болно. Тэгээд ч чиний байр байдал ганц, хоёр хоногт сэргэхгүй; заримдаа бүр хагас жилдээ ч сэргэхгүй байж мэднэ. Энэ бүхэн хүмүүс өөрсдийгөө дураар нь тавьж, хэвийн байдлаар туршлагажиж чадалгүй, улмаар Ариун Сүнсэнд хаягддагаас үүдэлтэй. Чи Ариун Сүнсний ажлыг буцаан олж авлаа ч гэсэн Бурханы одоогийн ажлыг мөн л тийм ч тодорхой ойлгохгүй байж мэднэ, учир нь амийн чинь туршлага асар хол, арван мянган бээрийн алсад шахам хоцорчээ. Энэ аймшигтай биш гэж үү? Гэсэн ч Би тийм хүмүүст гэмшихэд одоо ч оройтоогүй гэж хэлдэг, гэхдээ ганц л болзол бий: Тэр нь биеэ дайчилж, залхуурахгүй байх явдал юм. Бусад хүн өдөрт таван удаа залбирч байгаа бол чи арван удаа залбирах ёстой; бусад хүн өдөр хоёр цаг Бурханы үгийг идэж ууж байгаа бол чи дөрвөөс зургаан цаг идэж уух ёстой; бусад хүн хоёр цаг магтан дуу сонсдог бол чи хамгийн багадаа хагас өдөр сонсох ёстой. Бурханы өмнө үргэлж тайван байж, Бурханы хайрыг бод, сэтгэл чинь хөдөлж, зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэн очиж, Бурханаас дахин холдож зүрхлэхээ болих тэр цагт л чи урьдын, хэвийн байдалдаа эргэн орно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн байдалд хэрхэн орох вэ”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 413

Та нар Бурханд итгэгчийн замын өчүүхэн хэсгийг л туулсан ба зөв замд хараахан ороогүй тул Бурханы стандартад хүрэх мөн л өдий байна. Яг одоо та нарын биеийн хэмжээ Бурханы шаардлагад нийцэхэд хангалттай бус. Хэв чанар, завхарсан уг чанараасаа болоод та нар Бурханы ажилд үргэлж хайхрамжгүй ханддаг; үүнд нухацтай ханддаггүй. Энэ нь та нарын хамгийн том дутагдал юм. Ариун Сүнсний алхдаг замыг тодорхойлж чадах нэг ч хүн байхгүй нь гарцаагүй; та нарын ихэнх нь үүнийг ойлгож, тодорхой харж чаддаггүй. Түүнчлэн, та нарын ихэнх нь энэ асуудалд анхаарал хандуулдаггүй, тэр ч бүү хэл, үүнийг үнэн сэтгэлээсээ авч үздэггүй. Та нар энэ хэвээр байж, Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй амьдарсаар байвал Бурханд итгэгчийн хувиар явдаг зам чинь хий дэмий байх болно. Учир нь та нар Бурханы хүслийг биелүүлэхээр эрэлхийлэхийн тулд чадах бүхнээ хийдэггүй, мөн Бурхантай сайн хамтран ажилладаггүй. Бурхан та нар дээр ажиллаагүй юм биш, эсвэл Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөөгүй юм биш. Маш хайхрамжгүй болохоороо л чи Ариун Сүнсний ажлыг нухацтайгаар авч үздэггүй. Чи энэ нөхцөл байдлыг даруйхан эргүүлж, Ариун Сүнс хүмүүсийг удирдан хөтөлдөг замаар алхах ёстой. Энэ бол өнөөдрийн гол сэдэв билээ. “Ариун Сүнсний удирдан хөтөлдөг зам” гэдэг нь сүнсээрээ гэгээрэл олж авах; Бурханы үгийг мэддэг болох; урдах замаа тодорхой мэддэг болох; алхам алхмаар үнэнд орох чадвартай байх; Бурханы тухай илүү их мэддэг болохыг хэлдэг. Ариун Сүнс хүмүүсийг удирдан хөтөлдөг зам нь үндсэндээ гажуудал, эндүүрэлгүйгээр Бурханы үгийг илүү тодорхой ойлгох зам бөгөөд тэрхүү замаар явагсад шулуухан алхдаг. Ингэхийн тулд та нар Бурхантай зохицон ажиллаж, хэрэгжүүлэх зөв замыг олж, Ариун Сүнсний удирдан хөтөлдөг замаар алхах хэрэгтэй болно. Энэ нь хүний хамтын ажиллагаатай хамаатай: өөрөөр хэлбэл, Бурханы шаардлагад нийцэхийн тулд та нар юу хийх ёстой, мөн Бурханд итгэх зөв замд орохын тулд хэрхэн авирлах ёстой вэ гэдэг юм.

Ариун Сүнсний удирдан хөтөлдөг замд хөл тавих нь төвөгтэй санагдаж болох ч хэрэгжүүлэлтийн зам чамд тодорхой болох үед энэ нь хавьгүй энгийн санагдах болно. Үнэндээ, хүмүүс Бурханы шаарддаг бүхнийг биелүүлэх чадвартай бөгөөд Бурхан зангууны ноос түүж, эсгий хийхээр оролдож байгаа хэрэг биш юм. Бүхий л нөхцөл байдалд Бурхан хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж, санаа зовнилыг нь арилгахаар эрэлхийлдэг. Та нар бүгд үүнийг ойлгох ёстой; Бурханыг бүү буруугаар ойлго. Хүмүүс Ариун Сүнсний алхдаг замаар Бурханы үгийн дагуу удирдуулдаг. Өмнө дурдсанчлан, та нар зүрх сэтгэлээ Бурханд өгөх ёстой. Энэ нь Ариун Сүнсний удирдан хөтөлдөг замаар явахын урьдач нөхцөл юм. Зөв замд орохын тулд ингэх ёстой. Бурханд зүрх сэтгэлээ өгөх ажлыг хүн яаж ухамсартайгаар хийдэг вэ? Өдөр тутмынхаа амьдралд та нар Бурханы ажлыг туулж, Түүнд залбирахдаа хааш яаш байдаг—ажиллангаа та нар Бурханд залбирдаг. Үүнийг Бурханд сэтгэл зүрхээ өгч байна гэж хэлж болох уу? Та нар гэр орны асуудал, махан биеийн хэрэг явдлыг бодож байгаа; та нар үргэлж хоёрдмол сэтгэлтэй байдаг. Үүнийг Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж байна гэж үзэж болох уу? Учир нь та нарын зүрх сэтгэл байнга гадаад асуудлууд дээр төвлөрч, Бурханы өмнө буцан ирж чаддаггүй. Хэрэв зүрх сэтгэлээ Бурханы өмнө үнэхээр тайван байлгая гэвэл ухамсартайгаар хамтран ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, та нар дор бүрнээ сүнслэг үйл ажиллагаандаа зориулах цаг болон хүмүүс, үйл явдал, зүйлсийг хойш тавих цагтай байж, зүрх сэтгэлээ Бурханы өмнө тайван байлгах ёстой. Хүн бүр хувийн сүнслэг үйл ажиллагааны тэмдэглэл хөтөлж, гүн гүнзгий ч бай, өнгөцхөн ч бай, Бурханы үгийн талаарх мэдлэг болон сүнс нь хэрхэн хөдөлдгийг тэмдэглэх ёстой; хүн бүр Бурханы өмнө зүрх сэтгэлээ ухамсартайгаар тайван байлгах ёстой. Хэрэв чи өдөр бүр нэг юм уу хоёр цагийг жинхэнэ сүнслэг амьдралд зориулж чадвал тэр өдөр амьдрал чинь баялаг санагдаж, зүрх сэтгэл чинь гэрэлтэй, тодорхой байх болно. Хэрэв чи өдөр бүр иймэрхүү сүнслэг амьдралаар амьдарвал зүрх сэтгэл чинь Бурханы эзэмшилд улам бүр эргэн очиж чадах ба сүнс чинь улам хүчтэй болж, нөхцөл байдал чинь тасралтгүй сайжирч, Ариун Сүнсний удирдан хөтөлдөг замаар алхах чадвар чинь нэмэгдэж, Бурхан чамд улам их ерөөл хайрлана. Сүнслэг амьдралын чинь зорилго бол ухамсартайгаар Ариун Сүнсний дэргэд байх явдал юм. Энэ нь дүрэм журмыг баримталж, эсвэл шашны зан үйл үйлдэх явдал биш, харин Бурхантай үнэхээр хамтран ажиллаж, өөрийн биеийг үнэхээр сахилгажуулах явдал юм—энэ нь хүний хийх ёстой зүйл тул та нар үүнийг туйлын их хичээл чармайлт гарган хийх хэрэгтэй. Хэдий чинээ сайн хамтран ажиллаж, хэдий чинээ их чармайлт гаргана, зүрх сэтгэл чинь төдий чинээ Бурхан руу буцаж чадах бөгөөд чи Түүний өмнө зүрх сэтгэлээ төдий чинээ тайван байлгаж чадна. Тодорхой нэг үед Бурхан зүрх сэтгэлийг чинь бүрэн олж авна. Хэн ч зүрх сэтгэлийг чинь ганхуулж, эсвэл булаан авч чадахгүй ба чи бүрмөсөн Бурханд харьяалагдана. Хэрэв чи энэ замаар алхвал Бурханы үг цаг ямагт чамд аяндаа илчлэгдэж, ойлгодоггүй бүхний чинь талаар чамайг гэгээрүүлнэ—хамтын ажиллагаагаараа дамжуулан энэ бүгдэд хүрч болно. Ийм учраас Бурхан: “Надтай хамтран ажилладаг бүх хүнийг Би хоёр дахин их шагнана” гэж үргэлж хэлдэг. Чи энэ замыг тодорхой харах ёстой. Чи зөв замаар алхахыг хүсдэг бол Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Сүнслэг амьдралд хүрэхийн тулд та нар боломжтой бүхнийг хийх ёстой. Эхэндээ чи энэ эрэл хайгуулд асар их үр дүнд хүрэхгүй байж болох ч ухарч буцах юм уу сөрөг байдалд хутгалдахыг өөртөө зөвшөөрөх ёсгүй—харин шаргуу ажилласаар л байх ёстой! Сүнслэг амьдралаар амьдрах тусам зүрх сэтгэл чинь Бурханы үгэнд улам эзэмдүүлж, эдгээр асуудалд үргэлж санаа зовж, энэ ачааг үргэлж үүрнэ. Дараа нь сүнслэг амьдралаараа дамжуулан сэтгэлийн гүн дэх үнэнээ Бурханд илчил; юу хийхийг хүсэж байгаагаа, юун тухай бодож байгаагаа, Түүний үгийг юу гэж ойлгож, юу гэж үзэж байгаагаа Түүнд хэл. Юуг ч, бүр өчүүхэн жаахныг ч бүү нуу! Зүрх сэтгэлдээ байгаа үгийг хэлж, Бурханд үнэн сэтгэлээ илчилж дад; зүрх сэтгэл дотор чинь байгаа л бол боломжтой бүх аргаар үүнийгээ хэл. Ийм маягаар ярих тусмаа чи Бурханы хайр татам байдлыг улам мэдэрч, зүрх сэтгэл чинь Бурханд улам хүчтэй татагдана. Ийм зүйл тохиолдох үед чи Бурхан чамд өөр хэнээс ч илүү ойр дотно гэдгийг мэдэрнэ. Чи юу ч болж байсан Бурханы хажуугаас огт холдохгүй. Хэрэв чи өдөр бүр ийм сүнслэг үйл ажиллагааг хэрэгжүүлж, үүнийг зориуд марталгүй, харин амьдралд чинь асар их ач холбогдолтой зүйл гэж үздэг бол Бурханы үг зүрх сэтгэлийг чинь эзэмдэнэ. Ариун Сүнс сэтгэл хөдөлгөх гэж үүнийг хэлдэг. Тэгээд зүрх сэтгэлийг чинь Бурхан үргэлж эзэмдэж байсан мэт, хайрладаг зүйл чинь үргэлж зүрх сэтгэлд чинь байсан мэт байх болно. Хэн ч чамаас үүнийг булаан авч чадахгүй. Ийм зүйл тохиолдоход Бурхан үнэхээр дотор чинь амьдарч, зүрх сэтгэлд чинь байр эзэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн сүнслэг амьдрал хүнийг зөв зам руу хөтөлдөг”-өөс

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 414

Бурханд итгэх итгэл нь Бурханы үгийг туулах, бодит байдалд орохын үндэс суурь болсон хэвийн сүнслэг амьдралыг шаарддаг. Та нарын залбирах, Бурханд ойртох, магтан дуу дуулах, магтах, бясалгах, Бурханы үгийг тунгаах одоогийн хэрэгжүүлэлт “хэвийн сүнслэг амьдралтай” тэнцэх үү? Та нарын хэн нь ч мэдэхгүй юм шиг байна. Хэвийн сүнслэг амьдрал нь залбирах, магтан дуу дуулах, чуулганы амьдралд оролцох, Бурханы үгийг идэж, уух гэх мэт хэрэгжүүлэлтээр хязгаарлагддаггүй. Харин ч энэ нь шинэ, эрч хүчтэй сүнслэг амьдралаар амьдрахтай холбоотой. Хэрхэн хэрэгжүүлдэг чинь биш, харин хэрэгжүүлэлт чинь ямар үр дүнд хүрдэг нь чухал юм. Тийм хэрэгжүүлэлт үнэндээ ямар нэг үр нөлөөтэй эсэх, жинхэнэ ойлголтод хүргэдэг эсэхээс үл хамааран залбирах, магтан дуу дуулах, Бурханы үгийг идэж, уух, эсвэл тунгаан бодох нь хэвийн сүнслэг амьдралтай зайлшгүй холбоотой гэж ихэнх хүн итгэдэг. Ийм хүмүүс үр дүнг нь огтхон ч бодолгүйгээр өнгөц журмыг дагахад анхаардаг. Тэд бол шашны зан үйлэнд амьдардаг хүмүүс болохоос чуулган дотор амьдардаг хүмүүс биш бөгөөд хаанчлалын ардууд бүр ч биш юм. Тэдний залбирал, магтан дуу дуулах, Бурханы үгийг идэж, уух нь бүгд ердөө л шахалт шаардлагаар, чиг хандлагаас хоцрохгүйн тулд дүрэм журам дагаж байгаа болохоос дуртайяа, бас зүрх сэтгэлээсээ ч хийж байгаа биш юм. Энэ хүмүүс хэчнээн их залбирч, дуулсан ч хичээл зүтгэл нь ямар ч үр дүнгүй болно, учир нь тэдний хэрэгжүүлдэг зүйл нь ердөө л шашны зан үйл, дүрэм журам байдаг, тэд үнэндээ Бурханы үгийг хэрэгжүүлж байгаа юм биш. Тэд хэрхэн хэрэгжүүлж байгаагаа сүр болгоход л анхаардаг бөгөөд Бурханы үгийг дагаж мөрдөх дүрэм гэж авч үздэг. Ийм хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлэхгүй байгаа, зүгээр л махан биеийн хүслийг хангаж, бусад хүмүүст харуулах гэж гүйцэтгэж байгаа. Эдгээр шашны дүрэм, зан үйл бүгд Бурханаас биш хүнээс гаралтай. Бурхан дүрэм дагадаггүй, ямар нэг хуульд ч захирагддаггүй. Харин ч Тэр өдөр бүр шинэ зүйл хийж, бодитой ажил бүтээдэг. Өдөр бүр өглөөний үйл ажиллагаанд оролцох, үдшийн залбирал болон хоолны өмнөх талархлын залбирал өргөх, бүх зүйлд талархах гэх мэт хэрэгжүүлэлтээр өөрсдийгөө хязгаарладаг Гурван-Өөрөө Сүмийн хүмүүс шиг тэд үүнийгээ хэчнээн их, хэчнээн удаан хийсэн ч тэдэнд Ариун Сүнсний ажил байхгүй байх болно. Хүмүүс дүрэм журам дунд амьдарч, зүрх сэтгэл нь хэрэгжүүлэлтийн арга барил дээр төвлөрсөн байх үед Ариун Сүнс ажиллаж чадахгүй, учир нь тэдний зүрх сэтгэл дүрэм журам, хүний үзлээр дүүрэн байдаг. Иймээс Бурхан хөндлөнгөөс оролцож, тэдэн дээр ажиллах боломжгүй байдаг ба тэд зөвхөн хууль дүрмийн хяналт дор үргэлжлүүлэн амьдарч л чадна. Ийм хүмүүс Бурханы магтаалыг хүртэж үүрд чадахгүй.

Хэвийн сүнслэг амьдрал бол Бурханы өмнө амьдарсан амьдрал юм. Залбирч байхдаа хүн Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чадах бөгөөд залбирлаар дамжуулан Ариун Сүнсний гэгээрлийг эрж хайж, Бурханы үгийг мэдэж, Бурханы хүслийг ойлгож чадна. Бурханы үгийг идэж, ууснаар хүмүүс Бурханы одоогийн ажлын талаар илүү тодорхой, нарийн ойлголттой болж чадна. Тэд бас хэрэгжүүлэлтийн шинэ замыг олж авч чадах бөгөөд хуучинтай зууралдахгүй; тэдний хэрэгжүүлдэг бүхэн амийн өсөлтөд хүрэхийн төлөө байх болно. Залбирлын тухайд бол, хэчнээн өртэйгөө харуулахын тулд Бурханы өмнө сайхан сонсогддог хэдхэн үгийг хэлэх, эсвэл цурхиран уйлах явдал биш; харин ч энэ нь, сүнсээ ашиглахад өөрийгөө сургаж, Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах боломжтой байж, бүхий л хэрэг явдал дээр Бурханы үгээс удирдамж эрж хайхад өөрийгөө сургах зорилготой, ингэж гэмээ нь хүний зүрх сэтгэл өдөр бүр цоо шинэ гэрэл рүү ойртож чадна, мөн ингэж гэмээ нь хүн идэвхгүй, залхуу биш болж, Бурханы үгийг хэрэгжүүлэх зөв замд хөл тавьж чадна. Өнөөгийн ихэнх хүн хэрэгжүүлэлтийн арга барилд анхаардаг мөртөө үнэнийг эрэлхийлж, амийн өсөлтөд хүрэхэд анхаардаггүй. Тэд энд хазайсан юм. Шинэ гэрлийг хүлээн авах чадвартай зарим хүн мөн байдаг боловч тэдний хэрэгжүүлэлтийн арга барил өөрчлөгддөггүй. Тэд Бурханы өнөөдрийн үгийг хүлээж авахаар найдангаа хуучин шашны үзлээ байлгасаар байдаг, иймээс тэдний хүлээж авдаг зүйл нь шашны үзлээр будсан өнөө л сургаал байдаг, тэд өнөөдрийн гэрлийг зүгээр хүлээн авахгүй байгаа. Үр дүнд нь тэдний хэрэгжүүлэлт бохирддог, шинэ савлагаатай өнөө л хуучин хэрэгжүүлэлт хэвээр байдаг. Хэчнээн сайн хэрэгжүүлдэг байж болох ч тэд бол хоёр нүүртнүүд. Бурхан хүмүүсийг өдөр бүр шинэ зүйл хийхэд хөтөлж, өдөр бүр шинэ мэдлэг ухаан, ойлголт олж авахыг тэднээс нэхэж, хуучинсаг хийгээд давтагдмал бус байхыг шаарддаг. Хэрэв чи Бурханд олон жил итгэсэн хэдий ч хэрэгжүүлэлтийн арга барил чинь огтхон ч өөрчлөгдөөгүй бол, гадаад хэрэг явдалд улайран, хамаг анхаарлаа хандуулсаар байгаа хэдий ч Бурханы үгийг эдлэхийн тулд Түүний өмнө тайван зүрх сэтгэлтэй байдаггүй бол чи юу ч олж авахгүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх тал дээр, хэрэв өөрөөр төлөвлөхгүй, хэрэгжүүлэлтээ шинэ арга замаар гүйцэтгэхгүй, шинэ ойлголтуудыг эрэлхийлэхгүй, харин хуучинтайгаа зууралдаж, хэрэгжүүлэлтийн арга замаа өөрчлөхгүйгээр шинэ гэрлийг хагас хугасхан хүлээж авдаг бол та нар шиг ийм хүмүүс энэ урсгалд нэр төдий байдаг. Бодит байдал дээр тэд бол Ариун Сүнсний урсгалын гаднах шашны фарисайчууд юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн сүнслэг амьдралын талаар”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 415

Хэвийн сүнслэг амьдралаар амьдрахын тулд хүн шинэ гэрлийг өдөр бүр хүлээн авч, Бурханы үгийн талаарх жинхэнэ ойлголтыг эрэлхийлж чаддаг байх ёстой. Хүн үнэнийг тодорхой харж, бүх хэрэг явдалд хэрэгжүүлэлтийн замыг олж, Бурханы үгийг өдөр бүр уншсанаар шинэ асуултуудыг олж илрүүлж, хангалтгүй байдлаа ухаарах ёстой. Ингэж гэмээ нь хүн өөрийнх нь бүхий л оршихуйг хөдөлгөдөг хүсэн тэмүүлж, эрж хайдаг зүрх сэтгэлтэй байх боломжтой ба ингэж гэмээ нь магадгүй хүн Бурханы өмнө цаг үргэлж тайван байж, хоцорч үлдэхээс ихэд эмээнэ. Тасралтгүй оролтод хүрэхийг хүсдэг, хүсэн тэмүүлж, эрж хайдаг ийм зүрх сэтгэлтэй хүн сүнсний амьдралын зөв зам дээр байна. Ариун сүнсэнд сэтгэл нь хөдөлдөг, илүү сайн хийхийг хүсдэг, Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэхэд бэлэн, Бурханы үгийг гүнзгий ойлгохоор хүсэн тэмүүлдэг, ер бусын зүйлийг эрэлхийлдэггүй, харин бодит төлөөс төлдөг, Бурханы хүсэлд үнэхээр санаа тавьдаг, туршлагаа илүү жинхэнэ, бодитой болгохын тулд үнэхээр оролтод хүрдэг, хоосон үг, сургаалыг эрэлхийлдэггүй эсвэл ер бусын зүйлийг мэдрэх гэж эрэлхийлдэггүй, аливаа нэг агуу хүнийг шүтдэггүй ийм хүмүүс нь хэвийн сүнслэг амьдралд орсон хүмүүс юм. Тэдний хийдэг бүхэн цаашдын амийн өсөлтөд хүрч, сүнсэндээ өөрсдийгөө шинэлэг, эрч хүчтэй болгох зорилготой бөгөөд тэд идэвхтэйгээр оролтод хүрч үргэлж чаддаг. Тэд өөрсдөө мэдэлгүй үнэнийг ойлгож, бодит байдалд ордог. Хэвийн сүнслэг амьдралтай хүмүүс өдөр бүр сүнсний чөлөөлөлт, эрх чөлөөг олдог ба тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгах хэмжээнд чөлөөтэй байдлаар Түүний үгийг хэрэгжүүлж чадна. Энэ хүмүүсийн хувьд залбирах нь тогтсон дүрэм, эсвэл журам биш юм. Тэд өдөр бүр шинэ гэрэлтэй хөл нийлүүлэн алхаж чаддаг. Жишээлбэл, хүмүүс Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгахад өөрсдийгөө сургадаг бөгөөд тэдний зүрх сэтгэл Бурханы өмнө үнэхээр тайван байж чаддаг, хэн ч тэднийг үймүүлж чаддаггүй. Ямар ч хүн, үйл явдал, зүйл тэдний хэвийн сүнслэг амьдралыг хязгаарлаж чадахгүй. Ийм сургуулилт нь үр дүн гаргахад чиглэсэн байдаг болохоос хүмүүсийг дүрэм дагадаг болгоход чиглэдэггүй. Энэ хэрэгжүүлэлт нь дүрэм дагах биш, харин хүмүүсийн амийн өсөлтийг дэмжихийн төлөө байдаг. Хэрэв чи энэ хэрэгжүүлэлтийг мөрдөх дүрэм л гэж харвал амь чинь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Чи магадгүй бусадтай адилхан хэрэгжүүлж болох ч эцсийн дүнд тэд Ариун Сүнсний ажилтай мөр зэрэгцэн алхаж чадаж байхад чи Ариун Сүнсний урсгалаас хасагддаг. Чи өөрийгөө хуурч байгаа бус уу? Эдгээр үг нь хүмүүст Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, зүрх сэтгэлээ Бурханд хандуулах боломж олгох зорилготой, тэгж гэмээ нь тэдэнд хийх Бурханы ажил саадгүй байж, үр дүнд хүрч болох юм. Тэр үед л хүмүүс Бурханы хүсэлд нийцэж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн сүнслэг амьдралын талаар”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 416

Та нар өдөр тутмын амьдралдаа залбиралд ач холбогдол өгдөггүй. Хүн залбирлын асуудлыг үл ойшоодог. Залбирал хааш яаш байж, хүн Бурханы өмнө зүгээр л хийсэн дүр үзүүлдэг байсан. Хэн ч зүрх сэтгэлээ Бурханы өмнө бүрэн өгч, Бурханд үнэхээр залбирч байгаагүй. Хүн асуудал үүсэх үед л Бурханд залбирдаг. Энэ бүх хугацаанд чи ер нь Бурханд үнэхээр залбирсан уу? Бурханы өмнө шаналлын нулимс урсгаж байсан удаа ер нь бий юу? Бурханы өмнө өөрийгөө ер нь мэдэж авч байсан уу? Бурханд зүрх сэтгэлээсээ залбирч үзсэн үү? Залбирал хэрэгжүүлэлтээс бий болдог: Хэрвээ чи гэртээ ер нь залбирдаггүй бол чуулганд залбирах ямар ч аргагүй байх бөгөөд ерөнхийдөө жижиг цуглааны үеэр залбирдаггүй бол том цуглааны үеэр залбирч чадахгүй. Чи ерөнхийдөө Бурханд ойртдоггүй, Бурханы үгийг эргэцүүлдэггүй бол залбирах цаг болоход чамд хэлэх үг олдохгүй ба залбирсан ч гэсэн чи зүгээр л дүр үзүүлж байх болно; тэр нь жинхэнэ залбирал биш юм.

Жинхэнэ залбирал гэж юу вэ? Энэ нь зүрх сэтгэл доторх үгээ Бурханд хэлж, Бурханы хүслийг ухаарснаар Бурхантай ярьж, үгэнд нь үндэслэн Бурхантай ярилцан, Бурханд нэн ойр байгаагаа мэдэрч, Тэр өмнө чинь байгааг мэдэрч, Түүнд хэлэх зүйл бий гэж бодох явдал юм. Зүрх сэтгэл чинь гэрлээр дүүрч, Бурхан хэчнээн хайр татам болохыг мэдэрнэ. Чи тун их зоригжиж, үгийг чинь сонсоход ах эгч нарт таатай санагдана. Хэлсэн үг чинь тэдний зүрх сэтгэл доторх үг, тэдний хэлэхийг хүсдэг үг, мөн тэдний үгийг орлуулагч мэт санагдана. Жинхэнэ залбирал гэж энэ юм. Үнэхээр залбирсны дараа зүрх сэтгэлд чинь амар амгалан болж, баяр баясалтай санагдана. Бурханыг хайрлах хүч чадал нэмэгдэж, амьдралдаа Бурханыг хайрлахаас илүү үнэ цэнтэй, ач холбогдолтой юу ч байхгүй гэж санагдана. Залбирал чинь үр дүнтэй байсныг энэ бүхэн нотолдог. Чи ер нь ийм маягаар залбирч байсан уу?

Тэгвэл залбирлын агуулга юу вэ? Чиний залбирал алхам алхмаар, зүрх сэтгэлийн чинь жинхэнэ байр байдал, Ариун Сүнсний ажлын дагуу байх ёстой; мөн Бурханы хүсэл болон хүнээс шаарддаг шаардлагад нийцүүлэн Бурхантай ярилцах ёстой. Чи залбирлаа хэрэгжүүлж эхлэх үедээ эхлээд зүрх сэтгэлээ Бурханд өг. Бурханы хүслийг ухаарахаар бүү оролд, харин зүрх сэтгэл доторх үгээ Бурханд хэлэх гэж л хичээ. Бурханы өмнө очих үедээ ингэж хэл: “Өө Бурхан минь! Танд би дуулгаваргүй байдаг байснаа өнөөдөр л ухаарлаа. Би үнэхээр завхарсан бөгөөд жигшүүртэй. Би амьдралаа хий дэмий өнгөрөөсөөр иржээ. Өнөөдрөөс эхлээд би Таны төлөө амьдарна. Би утга учиртай амьдралыг амьдран харуулж, Таны хүслийг хангалуун байлгана. Таны Сүнс үргэлж миний дотор ажиллаж, намайг үргэлж гэрэлтүүлж, гэгээрүүлэх болтугай. Би Таны өмнө хүчтэй, цангинасан гэрчлэл хийе. Биднээс харагддаг Таны алдар, Таны гэрчлэл, Таны ялалтын баталгааг Сатанд хараг.” Ийм маягаар залбирах үед зүрх сэтгэл чинь бүрмөсөн чөлөөлөгдөнө. Ийм маягаар залбирснаар зүрх сэтгэл чинь Бурханд илүү ойртоно, ийм маягаар байнга залбирч чадвал Ариун Сүнс чиний дотор гарцаагүй ажиллана. Чи үргэлж ийм маягаар Бурханыг дуудаж, Бурханы өмнө шийдвэрээ гаргадаг бол Бурхан шийдвэрийг чинь хүлээн зөвшөөрч, зүрх сэтгэл болон бүхий л оршихуйг чинь олж авах өдөр ирж, эцэст нь чи Бурханаар төгс болгуулна. Залбирал та нарын хувьд дээд зэргийн ач холбогдолтой юм. Залбирах үедээ чи Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, зүрх сэтгэл чинь Бурханаар хөдөлгөгдөж, Бурханыг хайрлах хүч гарч ирдэг. Чи чин сэтгэлээсээ залбирдаггүй, Бурхантай ярилцахын тулд зүрх сэтгэлээ нээдэггүй бол Бурхан чиний дотор ажиллах ямар ч аргагүй байх болно. Чи залбирч, зүрх сэтгэл доторх бүх үгээ хэлсний дараа Бурханы Сүнс ажлаа эхлээгүй, мөн чи ямар ч урам зориг аваагүй бол зүрх сэтгэл чинь чин үнэнч биш, үг чинь үнэн биш, хольцтой хэвээр гэдгийг энэ нь харуулдаг. Залбирчхаад сэтгэл чинь ханамжтай байвал залбирлыг чинь Бурхан хүлээн зөвшөөрч, Бурханы Сүнс чиний дотор ажиллаж байна. Бурханы өмнө үйлчилдэг нэгэн болохын хувьд чи залбирахгүй байж болохгүй. Чи Бурхантай хийх нөхөрлөлийг үнэхээр л утга учиртай, үнэ цэнтэй гэж үздэг бол залбирлыг орхиж чадна гэж үү? Бурхантай ярилцахгүй байж хэн ч чадахгүй. Залбиралгүйгээр чи махан биед, Сатаны хүлээсэнд амьдардаг; жинхэнэ залбиралгүйгээр чи харанхуйн нөлөөн дор амьдардаг. Ах эгч та нар өдөр болгон үнэхээр залбирч чадна гэж Би найдаж байна. Энэ нь ёс заншил сахих явдал бус, тодорхой үр дүнд хүрэх явдал юм. Чи жаахан нойр, зугаа цэнгэлээс татгалзан, үүрээр өглөөний залбирлаа хийж, дараа нь Бурханы үгийг эдлэхэд бэлэн байна уу? Хэрвээ чи энэ маягаар ариун зүрх сэтгэлээр залбирч, Бурханы үгийг идэж, уудаг бол чамайг Бурхан улам илүү хүлээн зөвшөөрнө. Өглөө бүр үүнийг хийж, өдөр бүр зүрх сэтгэлээ Бурханд өгч, Бурхантай ярилцаж, харилцвал Бурханы талаарх мэдлэг чинь гарцаагүй ихсэж, Бурханы хүслийг илүү сайн ухаарч чадна. Чи ингэж хэлнэ: “Өө Бурхан минь! Би үүргээ биелүүлмээр байна. Та биднээс алдрыг олж авч, энэ бүлэг хүмүүс бидний хийсэн гэрчлэлийг эдлэг гэсэндээ би бүх оршихуйгаа Танд зориулж л чадна. Бидний дотор ажиллаач гэж би Танаас гуйя, ингэснээр би Таныг үнэхээр хайрлаж, сэтгэл хангалуун байлгаж, Таныг эрэлхийлдэг зорилгоо болгож чадна.” Энэ ачааг үүрэх үед чинь Бурхан чамайг гарцаагүй төгс болгоно. Чи зөвхөн өөрийнхөө төлөө залбиралгүй, харин Бурханы хүслийг биелүүлэх, Түүнийг хайрлахын төлөө бас залбирах ёстой. Энэ нь хамгийн жинхэнэ залбирал юм. Чи Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө залбирдаг хүн мөн үү?

Өмнө нь та нар хэрхэн залбирахаа мэддэггүй, залбирлыг үл ойшоодог байсан. Одоо та нар залбирч сурахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Бурханыг хайрлахын тулд доторх хүчээ дайчилж чадахгүй бол чи яаж залбирч чадах юм бэ? Чи ингэж хэлэх ёстой: “Өө Бурхан минь! Зүрх сэтгэл минь Таныг үнэхээр хайрлах чадваргүй. Би Таныг хайрлахыг хүсдэг ч надад хүч дутдаг. Би яах ёстой вэ? Та сүнсний минь нүдийг нээж, Таны Сүнс миний зүрх сэтгэлийг хөдөлгөх болтугай. Ингэснээр би Таны өмнө бүх сөрөг зүйлийг хаяж, аливаа хүн, хэрэг явдал, зүйлээр хязгаарлагдахгүй байж, бүхий л оршихуйгаа Таны өмнө зориулахуйцаар зүрх сэтгэлээ Таны өмнө бүрэн дэлгэж байна. Та намайг яаж ч туршсан бай, би бэлэн. Одоо би хэтийн ирээдүйгээ огт бодохгүй, мөн үхэлд ч хүлэгдэхгүй. Таныг хайрладаг зүрх сэтгэлээр би амьдралын замыг эрж хайхыг хүсэж байна. Бүх зүйл болон хэрэг явдал болгон Таны гарт байдаг; миний хувь заяа Таны гарт байдаг, амьдрал минь Таны гарт байдаг. Одоо би Таныг хайрлахаар эрэлхийлдэг, Та надаар хайрлуулах эсэхээс үл хамааран, Сатан хэрхэн саад болохоос үл хамааран Таныг хайрлахаар шийдсэн.” Ийм асуудалтай тулгарах үедээ ингэж залбир. Хэрвээ чи өдөр болгон ингэж залбирвал Бурханыг хайрлах хүч аажмаар нэмэгдэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 417

Хүн жинхэнэ залбиралд хэрхэн орох вэ?

Залбирах үедээ чи Бурханы өмнө тайван зүрх сэтгэлтэй байж, чин үнэнч сэтгэлтэй байх ёстой. Чи үнэхээр Бурхантай ярилцан, залбирч байгаа—чи чихэнд чимэгтэй үгээр Бурханыг аргалах ёсгүй. Бурханы яг одоо гүйцэлдүүлэхийг хүсдэг зүйл дээр залбирал төвлөрөх ёстой. Чамд илүү их гэгээрэл, гэрэлтүүлэлт өгөхийг Бурханаас гуй, залбирахдаа өөрийн бодит байдал, бэрхшээл болон Бурханы өмнө гаргасан шийдвэрээ Түүний өмнө авчир. Залбирал бол дэг журмыг дагах явдал биш; энэ нь чин зүрх сэтгэлээр Бурханыг эрж хайх явдал юм. Зүрх сэтгэлээ Бурханы өмнө байнга тайван байлгахын тулд зүрх сэтгэлийг чинь хамгаалахыг Бурханаас гуй; Бурханы чамд зориулсан орчинд өөрийгөө мэдэж, жигшиж, хаядаг болж, улмаар Бурхантай хэвийн харилцаатай, Бурханыг үнэхээр хайрладаг хүн болгооч гэж Бурханаас гуй.

Залбирлын ач холбогдол юу вэ?

Залбирал бол хүний Бурхантай хамтран ажилладаг арга замуудын нэг. Энэ нь Бурханыг дууддаг хүний арга, мөн Бурханы Сүнс хүний сэтгэлийг хөдөлгөдөг үйл явц юм. Залбиралгүй хүмүүс бол сүнсгүй үхдэлүүд бөгөөд тэдэнд Бурханаар хөдөлгөгдөх эрхтэн байхгүйн нотолгоо гэж хэлж болно. Залбиралгүйгээр хэвийн сүнслэг амьдралаар амьдрах боломжгүй, Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлэх бүр ч боломжгүй. Залбиралгүй байх нь хүний Бурхантай харилцах харилцааг тасалдаг бөгөөд Бурханы сайшаалыг хүртэх боломжгүй байдаг. Бурханд итгэгчийн хувиар хүн хэдий чинээ их залбирна, Бурхан сэтгэлийг нь төдий чинээ их хөдөлгөж, хүн илүү их шийдвэртэй болж, Бурханаас шинэ гэгээрлийг илүү сайн хүлээн авч чаддаг. Үүний үр дүнд ийм хүнийг л Ариун Сүнс маш хурдан төгс болгож чадна.

Залбирлаар хүрэх учиртай үр нөлөө юу вэ?

Хүмүүс залбирлыг хэрэгжүүлж, залбирлын ач холбогдлыг ойлгож чаддаг байж болох ч залбирал үр нөлөөтэй байна гэдэг нь энгийн хэрэг биш. Залбирал бол хэлбэрдэж, горим журам дагаж, эсвэл Бурханы үгийг цээжээр унших явдал биш. Өөрөөр хэлбэл, залбирах нь тодорхой хэдэн үгийг тоть шиг давтаж, бусдыг дуурайх явдал биш. Бурханаар хөдөлгүүлэхийн тулд чи залбирлаар зүрх сэтгэлээ Бурханд өгч, зүрх сэтгэлээ Бурханд нээж чаддаг байдалд хүрэх ёстой. Залбирлаа үр нөлөөтэй байлгая гэвэл залбирал чинь Бурханы үгийг уншихад үндэслэх ёстой. Бурханы үгэн дотроос залбирснаар л хүн илүү их гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авч чадна. Жинхэнэ залбирлын илрэлүүд нь: Бурханы шаарддаг бүхнийг хүсэн эрмэлздэг зүрх сэтгэлтэй байх, түүнчлэн Түүний шаарддаг зүйлийг гүйцэлдүүлэхийг хүсэж; Бурханы жигшдэг зүйлийг жигшиж, үүний үндсэн дээр энэ талаар бага зэрэг ойлголттой болж, Бурханы тайлбарласан үнэний талаар мэдэж, тодорхой ойлгох явдал юм. Залбирсны дараа шийдвэр, итгэл, мэдлэг болон хэрэгжүүлэлтийн замтай байхыг л жинхэнэ залбирал гэж нэрлэж болох бөгөөд ийм төрлийн залбирал л үр нөлөөтэй байж чадна. Гэсэн ч залбирал нь Бурханы үгийг эдэлж, үгээр нь Бурхантай ярилцах суурин дээр үндэслэх ёстой ба зүрх сэтгэл чинь Бурханыг эрж хайн, Бурханы өмнө тайван болж чаддаг байх ёстой. Иймэрхүү залбирал Бурхантай үнэхээр ярилцах үе шатанд аль хэдийн орсон байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 418

Залбирлын тухай хамгийн үндсэн мэдлэг:

1. Санаандаа орсон юуг ч бодлогогүйгээр бүү хэл. Зүрх сэтгэлд чинь ачаа байх ёстой, өөрөөр хэлбэл, залбирах үедээ чи зорилготой байх ёстой.

2. Залбирал Бурханы үгийг агуулах ёстой; энэ нь Бурханы үгэн дээр үндэслэх ёстой.

3. Залбирах үедээ чи хуучирсан асуудлыг сөхөх ёсгүй. Залбирал чинь Бурханы одоогийн үгтэй холбоотой байж, залбирах үедээ сэтгэлийнхээ гүн дэх бодлыг Бурханд хэлэх ёстой.

4. Бүлгийн залбирал төв дээр буюу Ариун Сүнсний өнөөгийн ажилд заавал төвлөрөх ёстой.

5. Бүх хүн бусдын төлөө залбирч сурах ёстой. Энэ нь Бурханы хүслийг анхаардгаа харуулах нэг арга зам юм.

Хувийн залбирлын амьдрал нь залбирлын ач холбогдлын тухай ойлголт болон залбирлын тухай үндсэн мэдлэгт үндэслэдэг. Өдөр тутмын амьдралдаа, дутагдлынхаа төлөө байнга залбирч, амь зан чанартаа өөрчлөлт гаргахын тулд залбирч, Бурханы үгийн тухай мэдлэгтээ үндэслэн залбир. Хүн бүр залбирлын амьдралаа бий болгох хэрэгтэй, тэд Бурханы үгийг мэдэхийн төлөө залбирч, Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайхын тулд залбирах ёстой. Хувийн нөхцөл байдлаа Бурханы өмнө ил болго, залбирдаг арга барилд анхаарал хандуулалгүй бодитой бай, гол асуудал нь жинхэнэ ойлголтод хүрч, Бурханы үгийг бодитоор туулах явдал юм. Сүнслэг амийн оролтыг эрэлхийлдэг хoн олон өөр арга замаар залбирч чаддаг байх ёстой. Чимээгүй залбирал, Бурханы үгийг эргэцүүлэх, Бурханы ажлыг мэддэг болох—эдгээр нь бүгд хэвийн сүнслэг амьдралд орохын төлөөх сүнслэг нөхөрлөлийн зоримог ажлын жишээ бөгөөд Бурханы өмнөх байр байдлаа улам сайжруулж, амийн ахиц дэвшлийг бүр ч ихэсгэдэг. Товчхондоо бол Бурханы үгийг идэж, уух ч бай, эсвэл чимээгүй залбирч, чангаар тунхаглах ч бай, хийдэг бүхэн чинь Бурханы үг, ажил болон Түүний чам дээр хэрэгжүүлэхийг хүсдэг зүйлийг тодорхой ойлгохын төлөө байдаг. Бүр ч чухал нь, чиний хийдэг бүхэн Бурханы шаарддаг стандартад хүрч, амиа дараагийн түвшинд аваачихын төлөө байдаг. Хүнээс Бурханы шаарддаг хамгийн наад захын зүйл нь хүн Түүнд зүрх сэтгэлээ нээж чаддаг байх явдал юм. Хүн үнэн сэтгэлээ Бурханд өгч, зүрх сэтгэлд нь үнэхээр байгаа зүйлийг Бурханд хэлдэг бол Бурхан тухайн хүн дээр ажиллах хүсэлтэй байдаг. Бурхан хүний гажуудсан зүрх сэтгэлийг бус, ариун, үнэнч зүрх сэтгэлийг хүсдэг. Хүн Бурхантай үнэн сэтгэлээсээ ярьдаггүй бол Бурхан зүрх сэтгэлийг нь хөдөлгөж, дотор нь ажиллахгүй. Иймээс залбирлын гол чухал зүйл нь Бурхантай үнэн сэтгэлээсээ ярьж, өөрийнхөө дутагдал, тэрслүү зан чанарын талаар хэлж, өөрийгөө Түүний өмнө бүрэн нээх явдал юм; тэр үед л Бурхан залбирлыг чинь сонирхоно, эс бөгөөс Тэр чамаас царайгаа нууна. Залбирлын хамгийн наад захын шалгуур гэвэл чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаг байх ёстой, зүрх сэтгэл чинь Бурханаас холдох ёсгүй. Энэ хугацаанд чи илүү шинэлэг, дээгүүр мэдлэг ухаантай болоогүй байж болох ч байгаа байдлаа хадгалахын тулд залбирлыг ашиглах ёстой—уруудан доройтох ёсгүй. Энэ бол чиний хүрэх ёстой наад захын зүйл. Хэрвээ чи үүнийг ч гүйцэлдүүлж чадахгүй бол сүнслэг амьдрал чинь зөв замд ороогүйг энэ нь нотолно. Улмаар чи анх чамд байсан үзэгдлийг авч үлдэж чадалгүй, Бурханд итгэх итгэлээ алдаж, дараа нь шийдэмгий байдал чинь алга болно. Сүнслэг амьдрал руу орсон эсэхийн чинь нэг тэмдэг бол чиний залбирал зөв замд орсон эсэхийг харах явдал юм. Бүх хүн энэ бодит байдалд орох ёстой; тэд бүгд идэвхгүйгээр хүлээх бус, Ариун Сүнсээр хөдөлгөгдөх гэж ухамсартайгаар эрж хайн, өөрсдийгөө залбиралд ухамсартайгаар сургах ажлыг хийх ёстой. Тэр үед л тэд Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс болно.

Залбирч эхлэхдээ чи хэрээс хэтэрч, бүхнийг нэг дор биелүүлэхээр найдах ёсгүй. Чи хэрээс хэтэрсэн шаардлага тавиад, ам нээмэгцээ Ариун Сүнсээр хөдөлгөгдөж, гэгээрэл, гэрэлтүүлэлт хүртэнэ, эсвэл Бурхан чам дээр нигүүлслийг асгана гэж найдаж болохгүй. Ийм явдал тохиолдохгүй; Бурхан ер бусын зүйл хийдэггүй. Бурхан Өөрийнхөө цагт хүмүүсийн залбирлыг биелүүлдэг, мөн Өөрийнх нь өмнө үнэнч эсэхийг чинь харахын тулд заримдаа итгэлийг чинь туршдаг. Залбирах үедээ чи итгэлтэй, шаргуу, шийдвэртэй байх ёстой. Ихэнх хүн залбирахаар сургуулилж эхлэх үедээ Ариун Сүнсээр хөдөлгөгдөж чаддаггүй учраас хулчийдаг. Ингэж болохгүй! Чи тууштай байх ёстой; Ариун Сүнс сэтгэл хөдөлгөхийг мэдрэхэд болон эрж хайх, судалж шинжлэхэд төвлөрөх ёстой. Заримдаа хэрэгжүүлдэг зам чинь буруу байдаг, заримдаа хувийн сэдэл болон үзэл чинь Бурханы өмнө бат зогсож чаддаггүй тул Бурханы Сүнс чамайг хөдөлгөж чаддаггүй. Зарим үед Бурхан үнэнч үү, үгүй юу гэдгийг чинь хардаг. Товчхондоо гэвэл, чи өөрийгөө сургахад илүү их төлөөс төлөх ёстой. Хэрэгжүүлэлтийн чинь зам гажууд гэдгийг олж мэдвэл чи залбирдаг арга замаа өөрчилж болно. Чи чин сэтгэлээр эрж хайж, хүлээн авахаар хүсэн тэмүүлж байгаа цагт Ариун Сүнс чамайг энэ бодит байдалд аваачих нь лавтай. Заримдаа үнэн зүрх сэтгэлээсээ залбирсан ч чамд төдийлөн сэтгэл хөдөлсөн мэт санагддаггүй. Иймэрхүү үед чи итгэлдээ найдаж, Бурхан залбирлыг чинь хардаг гэж итгэх ёстой; чи залбирахдаа цөхрөлтгүй байх ёстой.

Үнэнч хүн бай; зүрх сэтгэл дэх хууран мэхлэлтээсээ ангижрахын тулд Бурханд залбир. Залбирлаар дамжуулан цаг үргэлж өөрийгөө ариусга, залбирлаар дамжуулан Бурханы Сүнсээр хөдөлгөгд, тэгээд зан чанар чинь аажмаар өөрчлөгдөнө. Жинхэнэ сүнслэг амьдрал бол залбирлын амьдрал юм—энэ нь Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн амьдрал юм. Ариун Сүнсээр хөдөлгөгдөх үйл явц нь хүний зан чанарыг өөрчлөх үйл явц билээ. Ариун Сүнсээр хөдөлгөгдөөгүй амьдрал бол сүнслэг амьдрал бус, харин шашны зан үйлийн л амьдрал юм. Ариун Сүнс байнга сэтгэлийг нь хөдөлгөдөг, мөн Ариун Сүнс гэгээрүүлж, гэрэлтүүлдэг хүмүүс л сүнслэг амьдралд орсон. Хүнийг залбирахад зан чанар нь тасралтгүй өөрчлөгддөг. Бурханы Сүнс түүнийг хэдий чинээ их хөдөлгөнө, тэрээр төдий чинээ идэвх санаачилгатай, дуулгавартай болдог. Иймээс түүний зүрх сэтгэл ч гэсэн аажмаар ариусаж, зан чанар нь алгуурхан өөрчлөгдөнө. Жинхэнэ залбирлын үр нөлөө энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 419

Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах нь Бурханы үгэнд орох хамгийн чухал алхам юм. Одоо хүн бүр энэ хичээлд яаралтай орох хэрэгтэй. Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгахад дараах замаар орно:

1. Гаднах хэрэг явдлаас сэтгэлээ тат. Бурханы өмнө тайван байж, Бурханд залбирахад хамаг анхаарлаа хандуул.

2. Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханы үгийг идэж ууж, эдэл.

3. Сэтгэлдээ Бурханы хайрыг бясалгаж, эргэцүүлж, Бурханы ажлыг тунгаа.

Нэгдүгээрт, залбирлын талаас эхэл. Тогтсон цагт нэгэн үзүүрт сэтгэлээр залбир. Цаг хэчнээн давчуу, ажил хэчнээн завгүй байлаа ч, чамд юу ч тохиолдлоо гэсэн өдөр бүр хэвийн байдлаар залбирч, Бурханы үгийг хэвийн байдлаар идэж уу. Ямар ч орчинд бай, Бурханы үгийг идэж ууж байгаа цагт сүнс чинь асар их таашаал авах бөгөөд эргэн тойрны хүмүүс, үйл явдал, юмсын нөлөөнд автахгүй. Ерөнхийдөө Бурханыг сэтгэлдээ бодох үед гадна болж байгаа зүйл төвөг болж чадахгүй. Биеийн хэмжээтэй байх гэдэг нь энэ юм. Залбирлаас эхэл: Бурханы өмнө тайван залбирах нь хамгийн үр өгөөжтэй. Үүний дараа Бурханы үгийг идэж ууж, Бурханы үгийг тунгаах замаар тэдгээрийн доторх гэрлийг эрж хайж, хэрэгжүүлэлтийн замыг олж, Бурханы үг хэлдэг зорилгыг мэдэж, тэдгээрийг ямар ч гажуудалгүйгээр ойлго. Ер нь гаднах зүйлд сатааралгүйгээр сэтгэлдээ Бурханд ойртож, Бурханы хайрыг эргэцүүлж, Бурханы үгийг тунгааж чадна гэдэг чиний хувьд хэвийн зүйл байх ёстой. Сэтгэл чинь тодорхой хэмжээнд тайвшрах үед чимээгүйхэн бодолхийлж чадаж, ямар ч орчинд дотроо Бурханы хайрыг эргэцүүлж, Түүнд үнэхээр ойртон, эцэстээ сэтгэлд чинь магтаал хурах бөгөөд ингэх нь залбирлаас ч дээр юм. Тэр үед чи тодорхой биеийн хэмжээтэй болно. Хэрвээ чи дээр тодорхойлсон төлөвт хүрч чадвал зүрх сэтгэл чинь Бурханы өмнө үнэхээр тайван байгааг нотолно. Эхний үндсэн хичээл энэ юм. Хүмүүсийг Бурханы өмнө тайван байж чаддаг болсных нь дараа л Ариун Сүнс хөдөлгөж, гэгээрүүлж, гэрэлтүүлж чадах бөгөөд ингэснээр л Бурхантай жинхэнээсээ ярилцаж, Бурханы хүсэл болон Ариун Сүнсний удирдамжийг ухаарч чадна. Дараа нь тэд сүнслэг амьдралын зөв замд орсон байх болно. Бурханы өмнө амьдрах сургалтаа тодорхой гүнд хүргэж, өөрсдийгөө хаяж, үзэн ядаж, Бурханы үгэнд амьдарч чаддаг болох үедээ тэд Бурханы өмнө зүрх сэтгэлээ үнэхээр тайван байлгасан байна. Хүмүүс өөрийгөө үзэн ядаж, харааж, хаяж чадаж байх нь Бурханы ажлын хүрсэн үр дүн бөгөөд тэд өөрсдөө ингэж чаддаггүй. Тиймээс Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах хэрэгжүүлэлт нь хүмүүсийн нэн даруй орох ёстой хичээл юм. Зарим хүн Бурханы өмнө ихэвчлэн тайван байж чаддаггүйгээс гадна залбирч байхдаа ч Бурханы өмнө сэтгэлдээ тайван байж чаддаггүй. Ингэх нь Бурханы стандартад огт нийцэхгүй! Бурханы өмнө сэтгэлдээ тайван байх чадваргүй хүнийг Ариун Сүнс хөдөлгөж чадах уу? Хэрвээ чи Бурханы өмнө тайван байж чаддаггүй бол хүн ирэх үед, эсвэл бусдыг ярих үед анхаарал чинь сарних эрсдэлтэй бөгөөд бусдыг юм хийж байхад сэтгэл чинь бэлчих боломжтой, ингэсэн тохиолдолд чи Бурханы өмнө амьдрахгүй. Бурханы өмнө зүрх сэтгэл чинь үнэхээр тайван байдаг бол гаднын ертөнцөд болж байгаа ямар ч зүйлд сатаарахгүй, ямар ч хүн, үйл явдал, юманд эзэмдүүлэхгүй. Үүнд орох юм бол хүний идэвхгүй байдал эсвэл хүний үзэл, амьдралын гүн ухаан, хүмүүсийн хоорондох хэвийн бус харилцаа, санаа, бодол гэх мэт тэр бүх сөрөг зүйл аяндаа арилна. Чи Бурханы үгийг үргэлж тунгаан, сэтгэлдээ Бурханд үргэлж ойртож, Бурханы одоогийн үгэнд үргэлж эзэмдүүлдэг учраас тэдгээр сөрөг зүйл нэг л мэдэхэд чамайг орхино. Шинэ, эерэг зүйл чамайг эзэмдэх үед сөрөг хуучин зүйл байх газаргүй болох тул тэрхүү сөрөг зүйлсэд анхаарал бүү хандуул. Чи тэдгээрийг хянахын тулд хичээл зүтгэл гаргах хэрэггүй. Бурхан одоо хүнийг биечлэн төгс болгож, зүрх сэтгэлийг чинь олж авахыг хүсэж байгаа тул Бурханы өмнө тайван байж, Бурханы үгийг чадлынхаа хэрээр идэж ууж, эдэлж, Бурханыг магтсан магтан дууг чадах чинээгээрээ их дуулж, чам дээр ажиллах боломжийг Бурханд олгох ёстой. Түүний Сүнс зүрх сэтгэлийг чинь хөдөлгөдөг бөгөөд хэрэв чи Ариун Сүнсний удирдамжийг даган Бурханы өмнө амьдардаг болбол Бурханыг хангалуун байлгана. Хэрвээ чи Бурханы үгэнд амьдрахад анхаарч, үнэний тухай илүү их нөхөрлөж, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг олж авах юм бол шашны тэдгээр үзэл, өөрийгөө зөвтгөж, чухалчлах байдал чинь бүгд алга болоод, Бурханы төлөө өөрийгөө хэрхэн зарлагадах, Бурханыг хэрхэн хайрлаж, хангалуун болгохоо мэднэ. Тэгээд Бурхантай холбоогүй зүйлс нэг л мэдэхэд ухамсраас чинь бүрмөсөн арилна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах тухай”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 420

Бурханы одоогийн үгийг идэж, уух зуураа үгийг нь тунгаан бодож, залбирах нь Бурханы өмнө амар тайван байх эхний алхам билээ. Хэрвээ чи Бурханы өмнө үнэхээр тайван байж чаддаг бол Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт чамтай хамт байх болно. Бурханы өмнө тайван байснаар бүх сүнслэг амьдрал биелдэг. Залбирахдаа чи Бурханы өмнө тайван байх ёстой, тэр үед л Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөж чадна. Бурханы үгийг идэж, уугаад Бурханы өмнө тайван байх үедээ чи гэгээрч, гэрэлтүүлэгдэж чадах бөгөөд Бурханы үгийг үнэхээр ойлгож чадна. Ердийн эргэцүүлэл, нөхөрлөлийн үйл ажиллагаандаа зүрх сэтгэлээрээ Бурханд ойртохдоо Бурханы өмнө тайван болж, Бурханд жинхэнээсээ ойр дотно болж, Бурханы хайр, Бурханы ажлыг жинхэнээсээ ойлгож, Бурханы санаа зорилгыг үнэхээр хайхарч, анхаарч чадна. Ердийн үед Бурханы өмнө тайван байж чаддаг байх тусмаа чи төдий чинээ гэрэлтүүлэгдэнэ, мөн завхарсан зан чанараа, чамд дутагддаг зүйл юу байдгийг, юунд орох ёстойгоо, ямар чиг үүрэг гүйцэтгэх ёстойгоо, өө сэв чинь хаана оршдогийг төдий чинээ мэдэж чадна. Бурханы өмнө тайван байснаар энэ бүхэн биелдэг. Хэрвээ чи Бурханы өмнө үнэхээр гүнээ тайван байдаг бол сүнсэн дэх нууцуудыг ухаарч, Бурхан одоо чам дээр юу хийхийг хүсдэгийг ухаарч, Бурханы үгийг илүү гүн гүнзгий ойлгож, Бурханы үгийн мөн чанар, гол утга, Бурханы үгийн оршихуйг ухаарч чадах бөгөөд хэрэгжүүлэлтийн замыг илүү тодорхой, нарийн зөв харж чадна. Хэрвээ чи хангалттай хэмжээнд сүнсээрээ тайван байж чадахгүй бол Ариун Сүнс чиний сэтгэлийг жаахан л хөдөлгөнө; дотроо хүчирхэгжсэн мэт чамд санагдаж, тодорхой хэмжээний таашаал, амар тайвныг мэдрэх боловч илүү гүн юуг ч ухаарахгүй. Би өмнө нь ингэж хэлсэн: Хэрвээ хүн бүх хүч чадлаа ашигладаггүй бол Миний дуу хоолойг сонсох юм уу, Миний царайг харахад хэцүү байх болно. Энэ нь Бурханы өмнө өнгөц хүчин чармайлт гаргахыг биш, харин гүнээ тайван байхыг хэлдэг. Бурханы өмнө үнэхээр амар тайван байж чаддаг хүн өөрийгөө дэлхий ертөнцийн бүх хүлээсээс чөлөөлж, Бурханаар эзэмдүүлж чаддаг. Бурханы өмнө тайван байж чаддаггүй бүх хүн гарцаагүй цадиггүй, дур зоргоороо байдаг. Бурханы өмнө тайван байх чадвартай бүх хүн бол Бурханы өмнө үнэн сүсэгтэй байдаг, Бурханыг хүсэн эрмэлздэг хүмүүс юм. Бурханы өмнө тайван байдаг хүмүүс л амийг үнэлж, сүнсээр нөхөрлөхийг үнэлж, Бурханы үгээр цангаж, үнэнийг эрэлхийлдэг. Бурханы өмнө амар тайван байхыг үнэлдэггүй, Бурханы өмнө тайван байх явдлыг хэрэгжүүлдэггүй хэн боловч нэрэлхүү, өнгөцхөн бөгөөд дэлхий ертөнцөд татагддаг, амьгүй билээ; тэр Бурханд итгэдэг гэж хэлдэг ч гэсэн ердөө л дүр эсгэж байгаа юм. Эцэстээ Бурханы төгс болгож, бүрэн гүйцэд болгодог хүмүүс нь Түүний өмнө тайван байж чаддаг хүмүүс мөн. Тиймээс Бурханы өмнө тайван байдаг хүмүүс агуу ерөөлөөр ивээгддэг. Бурханы үгийг идэж, уухад өдөртөө хомсхон цаг гаргадаг хүмүүс, гаднын хэрэг явдалд завгүй автаж, амийн оролтыг чухалчилдаггүй хүмүүс—эдгээр нь бүгд өсөх ирээдүйгүй хоёр нүүртнүүд юм. Бурханы өмнө тайван байж чаддаг, Бурхантай жинхэнээсээ ярилцаж чаддаг хүмүүс бол Бурханы ард билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах тухай”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 421

Бурханы өмнө ирж Түүний үгийг амиа болгон хүлээн зөвшөөрөхийн тулд чи эхлээд Бурханы өмнө тайван байх ёстой. Бурханы өмнө тайван байх үед чинь л Бурхан чамайг гэгээрүүлж, чамд мэдлэг өгнө. Хүмүүс Бурханы өмнө тайван байх тусмаа Бурханы гэгээрэл, гэрэлтүүлэлтийг төдий чинээ их хүлээн авч чаддаг. Энэ бүхэн нь хүмүүсээс чин сүсэгтэй, итгэлтэй байхыг шаарддаг; тэгж байж л тэд төгс болгуулж чадна. Сүнслэг амьдралд орох үндсэн гол хичээл бол Бурханы өмнө тайван байх явдал билээ. Бурханы өмнө тайван байснаар л сүнслэг бүх сургалт чинь үр ашигтай байх болно. Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байж чадахгүй бол чи Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадахгүй. Юу ч хийж байсан хамаагүй, зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байдаг бол чи Бурханы өмнө амьдардаг хүн юм. Юу ч хийж бай хамаагүй, зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байж, Бурханд ойртдог бол Бурханы өмнө тайван байдаг хүн мөн гэдгийг чинь энэ нь баталдаг. Хэрвээ бусадтай ярьж юм уу, алхаж байх үедээ “Зүрх сэтгэл минь Бурханд ойртож байгаа ба гаднын зүйлсэд төвлөрдөггүй, бас би Бурханы өмнө тайван байж чадна” хэмээн хэлж чаддаг бол чи Бурханы өмнө тайван байдаг хүн мөн. Зүрх сэтгэлийг чинь гаднын хэрэг явдал руу татдаг ямарваа зүйлтэй, эсвэл зүрх сэтгэлийг чинь Бурханаас салгадаг хүмүүстэй бүү холбогд. Зүрх сэтгэл чинь Бурхантай ойр дотно байхад саад болдог юуг ч бай хойш тавьж, түүнээс хол бай. Энэ нь аминд чинь илүү их ач тустай. Одоо үе бол яг нарийндаа Ариун Сүнсний агуу ажлын цаг үе, Бурхан хүмүүсийг биечлэн төгс болгодог цаг үе билээ. Хэрвээ энэ мөчид чи Бурханы өмнө тайван байж чаддаггүй бол Бурханы сэнтийн өмнө буцаж очих хүн биш юм. Хэрвээ чи Бурханыг бус өөр зүйл эрэлхийлдэг бол Бурханаар төгс болгуулах ямар ч аргагүй байх болно. Өнөөдөр Бурханаас ийм айлдваруудыг сонсож чаддаг атлаа Түүний өмнө тайван байж чаддаггүй хүмүүс бол үнэнийг хайрладаггүй, Бурханыг хайрладаггүй хүмүүс мөн. Хэрвээ чи энэ мөчид өөрийгөө өргөн барихгүй юм бол юу хүлээгээд байгаа юм бэ? Өөрийгөө өргөн барих гэдэг нь Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах явдал билээ. Тэр нь жинхэнэ өргөл байх юм. Одоо зүрх сэтгэлээ Бурханд үнэхээр өргөн барьдаг хэн боловч Бурханаар бүрэн төгс болгуулах нь лавтай. Юу ч байлаа гэсэн, чамайг үймүүлж чадахгүй; чамайг засах ч бай, чамтай харьцах ч бай, эсвэл чи урагшгүйтэл, бүтэлгүйтэлтэй тулгарсан ч бай, зүрх сэтгэл чинь Бурханы өмнө үргэлж тайван байх ёстой. Хүмүүс чамд яаж хандах нь хамаагүй, зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байх ёстой. Чамд ямар ч нөхцөл байдал тулгарсан бай хамаагүй—гай гамшиг, зовлон, хавчлага юм уу, өөр өөр шалгалт хүрээлсэн ч бай хамаагүй—зүрх сэтгэл чинь Бурханы өмнө үргэлж тайван байх ёстой; эдгээр нь төгс болгох зам юм. Бурханы өмнө үнэхээр тайван байдаг нэгэнд л Бурханы одоогийн үг тодорхой болно. Тэгээд чи Ариун Сүнсний гэрэлтүүлэлт, гэгээрлээс гажилгүй илүү зөв хэрэгжүүлж, үйлчлэлд чинь илүү тодорхой чиглэл өгөх Бурханы санаа зорилгыг улам тодорхой ухаарч, Ариун Сүнсний хөдөлгөлт, удирдамжийг илүү нарийн зөв ухаарч, Ариун Сүнсний удирдамж дор амьдрахдаа итгэлтэй байж чадна. Энэ нь Бурханы өмнө үнэхээр тайван байснаар хүрдэг үр дүн билээ. Зүрх сэтгэл нь Бурханы өмнө тайван байдаггүйгээс болж хүмүүс Бурханы үгийг тодорхой ойлгодоггүй, хэрэгжүүлэлтийн ямар ч замгүй, Бурханы хүслийг ухаарч чаддаггүй, эсвэл хэрэгжүүлэлтийн зарчмаар дутагддаг. Бурханы өмнө тайван байх зорилго нь Бурханы үгээс нухацтай, прагматик, үнэн зөв, ил тод байдлыг эрж хайж, эцэстээ үнэнийг ойлгож, Бурханыг мэдэх явдал юм.

Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурханы өмнө үргэлж тайван байдаггүй бол чамайг төгс болгох арга Бурханд үгүй. Шийдвэргүй байна гэдэг зүрх сэтгэлгүй байхтай эн тэнцүү бөгөөд зүрх сэтгэлгүй хүн Бурханы өмнө тайван байж чадахгүй; ийм хүн Бурхан хэр их ажил хийдгийг, хэр их үг хэлдгийг мэддэггүй, хэрхэн хэрэгжүүлэхээ ч мэддэггүй. Энэ чинь зүрх сэтгэлгүй хүн биш гэж үү? Зүрх сэтгэлгүй хүн Бурханы өмнө тайван байж чадах уу? Зүрх сэтгэлгүй хүмүүсийг төгс болгох ямар ч арга Бурханд байдаггүй—тэд адгуус амьтнаас өөрцгүй. Бурхан маш тодорхой, ил тод ярьсан атал зүрх сэтгэл чинь хөдлөлгүй, Бурханы өмнө тайван байх чадваргүй хэвээр үлддэг. Чи адгуус амьтан биш үү? Зарим хүн Бурханы өмнө тайван байхаар хэрэгжүүлэх үедээ замаасаа гаждаг. Хоол хийх цаг болоход тэд хоол хийдэггүй, гэр орны ажил хийх цаг болоход хийдэггүй, харин зүгээр л залбирч, тунгаан бодсоор байдаг. Бурханы өмнө тайван байх гэдэг нь хоол хийхгүй, гэр орны ажил хийхгүй юм уу, аж амьдралаа мартана гэсэн үг биш; харин ч аливаа хэвийн байдалд Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханд зориулсан орон зайг зүрх сэтгэлдээ байлгаж чадна гэсэн үг юм. Залбирах үедээ чи Бурханы өмнө зохих ёсоор сөхөрч залбирах ёстой; гэр орны ажил хийх юм уу хоол хийх үедээ Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханы үгийг тунгааж, эсвэл магтан дуу дуул. Чи ямар ч нөхцөл байдалд байсан бай, өөрийн гэсэн хэрэгжүүлэлтийн арга замтай байж, Бурханд ойртохын тулд чадах бүхнээ хийх ёстой бөгөөд Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгахын тулд бүх чадлаараа хичээх хэрэгтэй. Боломж олдох үед нэгэн үзүүрт сэтгэлээр залбир; боломж олдохгүй бол урдах ажлаа хийх зуураа зүрх сэтгэлдээ Бурхантай ойрт. Бурханы үгийг идэж, ууж чадах үедээ идэж, уу; залбирч чадах үедээ залбир; Бурханыг дурсах үедээ дурсан бод. Өөрөөр хэлбэл, оролтод өөрийгөө дадлагажуулахын тулд орчиндоо нийцүүлэн чадах бүхнээ хий. Ямар ч асуудалгүй байх үед зарим хүн Бурханы өмнө тайван байж чаддаг боловч ямар нэг зүйл тохиолдмогц оюун санаа нь самуурдаг. Тэр нь Бурханы өмнө тайван байгаа хэрэг биш юм. Туршлагажих зөв зам бол ямар ч нөхцөл байдалд хүний зүрх сэтгэл Бурханаас холдохгүй, эсвэл гаднын хүмүүс, хэрэг явдал, юмсаас болж сатаарахгүй байх явдал бөгөөд ийм хүн л Бурханы өмнө үнэхээр тайван байдаг хүн мөн. Цугларалтын үеэр залбирахдаа зүрх сэтгэл нь Бурханы өмнө тайван байж чаддаг боловч бусадтай нөхөрлөхдөө Бурханы өмнө тайван байж чадахгүй, бодол нь зоргоороо хадуурдаг гэж зарим хүн хэлдэг. Энэ нь Бурханы өмнө тайван байгаа хэрэг биш. Өнөөдөр ихэнх хүн ийм байдалд байдаг бөгөөд зүрх сэтгэл нь Бурханы өмнө үргэлж тайван байж чаддаггүй. Тиймээс та нар энэ талаар өөрсдийгөө дадлагажуулахад илүү их хичээл чармайлт гаргаж, амийн туршлагын зөв замд алхам алхмаар орж, Бурханаар төгс болгуулах замаар явж эхлэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах тухай”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 422

Бурханы ажил болон үг нь та нарын зан чанарт өөрчлөлт авчрахын төлөө юм; Түүний зорилго нь Өөрийн ажил болон үгийг та нарт ойлгуулж, мэдүүлэх төдий биш. Ингэх нь хангалтгүй юм. Бурханы үгийн ихэнх нь хүний хэлээр бичигдсэн бөгөөд Тэр тун ойлгомжтой ярьдаг болохоор ухаарч ойлгох чадвартай хүн чамд үүнийг ойлгох нь хэцүү байх учиргүй. Жишээ нь, Бурхан чамайг юуг ойлгож, хэрэгжүүлээсэй гэж хүсэж байгааг чи олж мэдэх бүрэн чадамжтай; энэ бол ухаарч ойлгох чадвартай хэвийн хүний хийж чадах ёстой зүйл. Ялангуяа одоогийн үе шатанд Бурханы хэлж байгаа үгс маш тодорхой, ил тод бөгөөд хүмүүсийн бодож үзээгүй олон зүйлээс гадна хүний бүх төрлийн байдлыг Бурхан онцолж байдаг. Түүний үг бүхнийг хамардаг бөгөөд тэргэл сарны гэрэл шиг тод байдаг. Тиймээс хүмүүс одоо олон асуудлыг ойлгодог боловч тэдэнд одоо ч дутагдсаар байгаа зүйл бол Түүний үгийг хэрэгжүүлэх явдал юм. Хүмүүс зүгээр л бэлэн өгсөн зүйлийг ойлгож авах гэж хүлээх бус, үнэний бүх талыг нарийвчлан туулж, илүү нарийн судалж, эрж хайх ёстой; эс бөгөөс тэд шимэгчээс нэг их дээрдэхгүй. Тэд Бурханы үгийг мэддэг боловч хэрэгжүүлдэггүй. Ийм хүн үнэнийг хайрладаггүй бөгөөд эцсийн дүнд таягдан хаягдах болно. 90-ээд оны Петр шиг байна гэдэг нь та нарын хүн нэг бүр Бурханы үгийг хэрэгжүүлж, өөрсдийн туршлагад жинхэнэ оролттой байж, Бурхантай хамтран ажиллахдаа улам илүү, бүр их гэгээрлийг олж авах ёстой бөгөөд энэ нь аминд чинь байнга нэмэгдэх дэмжлэг болно гэсэн үг юм. Бурханы маш олон үгийг уншсан ч та нар бичвэрийн утгыг нь л ойлгодог бөгөөд бодит туршлагаар олж авсан Бурханы үгийн талаарх шууд мэдлэг чинь хангалтгүй байвал Бурханы үгийг чи мэдэж авахгүй. Чиний хувьд, Бурханы үг амь биш, ердөө л амьгүй үсэг юм. Хэрэв чи зөвхөн амьгүй үсэг дагаж амьдарвал Бурханы үгийн мөн чанарыг ухаарч чадахгүй, Түүний хүслийг ч ойлгохгүй. Бодит туршлагаараа Бурханы үгийг туулсан үед л Түүний үгийн сүнслэг утга чамд илчлэгдэх бөгөөд зөвхөн туршлагаараа чи олон үнэний сүнслэг утгыг ухаарч, Бурханы үгийн нууцыг тайлж чадна. Хэрэв чи үүнийг хэрэгжүүлдэггүй бол Түүний үг хэдий тодорхой байсан ч чиний ухаарч авсан ганц зүйл нь хоосон үсэг, сургаал байх бөгөөд энэ нь чиний хувьд шашны дүрэм болсон байдаг. Энэ нь фарисайчуудын хийсэн зүйл бус уу? Хэрэв та нар Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах аваас энэ нь та нарын хувьд бодит зүйл болно; хэрэв та нар үүнийг хэрэгжүүлэхээр эрж хайхгүй бол Бурханы үг та нарын хувьд гуравдагч тэнгэрийн домгоос бараг ялгаагүй болно. Үнэндээ Бурханд итгэх үйл явц бол та нар Түүний үгийг туулж, Түүгээр авхуулах үйл явц бөгөөд үүнийг илүү тодорхой байдлаар хэлбэл Бурханд итгэх гэдэг нь Түүний үгийн талаар мэдлэг болон ойлголттой байж, Түүний үгийг туулж, амьдран харуулах явдал юм; энэ бол Бурханд итгэх итгэлийн чинь цаадах бодит байдал. Хэрэв Бурханд итгэхдээ Бурханы үгийг дотроосоо мэдэрч хэрэгжүүлэхээр эрж хайлгүй зөвхөн мөнх амь горьддог бол та нар мунхаг байна. Энэ нь найрт очсоноо өөрөө огт амсаж үзэлгүйгээр хоолыг нь зөвхөн хараад, амттай зүйлсийг нь цээжилж авахтай адил юм. Ийм хүн тэнэг биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлэх ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 423

Хүн эзэмших ёстой үнэнээ Бурханы үгээс олдог бөгөөд энэ бол хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай, хэрэгтэй үнэн юм. Энэ бол та нарын бие махбодод хэрэгтэй ханд, тэжээл бөгөөд хэвийн хүн чанараа сэргээхэд нь хүнд тусалдаг зүйл, хүний зэвсэглэх ёстой үнэн юм. Бурханы үгийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, та нарын амь төдий чинээ хурдан цэцэглэж, үнэн төдий чинээ тодорхой болно. Биеийн хэмжээ чинь өсөх тусам та бүхэн сүнслэг ертөнцийн зүйлсийг илүү тодорхой харж, Сатаныг ялан дийлэх илүү их тэнхээтэй болно. Бурханы үгийг хэрэгжүүлснээр ойлгохгүй байсан олон үнэн чинь та нарт тодорхой болно. Ихэнх хүмүүс Бурханы үгийн бичвэрийг ойлгох төдийдөө сэтгэл ханадаг бөгөөд туршлагаа гүнзгийрүүлэн хэрэгжүүлэхийн оронд, өөрсдийгөө хоосон сургаалаар зэвсэглэхэд анхаардаг; гэвч энэ нь фарисайчуудын зам бус уу? Ийм байхад “Бурханы үг бол амь юм” гэсэн хэллэг тэдний хувьд яаж жинхэнэ байж чадах юм бэ? Бурханы үгийг унших төдийхнөөр бус гагцхүү түүнийг хэрэгжүүлсэн үед л хүний амь өснө. Хэрэв Бурханы үгийг ойлгох нь амь болон биеийн хэмжээтэй болоход хэрэгтэй бүхэн юм гэж чи итгэж байвал ойлголт чинь ташаа байна. Үнэнийг хэрэгжүүлсэн цагт Бурханы үгийг үнэхээр ойлгох бөгөөд “үнэнийг хэрэгжүүлснээр л үүнийг ойлгож чадна” гэдгийг чи ойлгож авах ёстой. Өнөөдөр Бурханы үгийг уншсаныхаа дараа чи Бурханы үгийг мэдлээ гэж л хэлж болно, харин ойлгочихлоо гэж хэлж болохгүй. Үнэнийг хэрэгжүүлэх цорын ганц зам бол эхлээд үүнийг ойлгох явдал гэж зарим хүн хэлдэг ч энэ нь ердөө зарим талаараа зөв бөгөөд бүхэлдээ үнэн зөв биш гэдэг нь лавтай юм. Үнэний талаар мэдлэгтэй болохоосоо өмнө чи тэр үнэнийг туулаагүй байдаг. Номлолоос сонсдог зүйлээ ойлгодог гэж чамд санагдах нь үнэндээ ойлгож байгаа хэрэг биш. Зүгээр л үнэний үг үсгийг эзэмшсэн төдий бөгөөд энэ нь үнэний жинхэнэ утгыг ойлгохтой адилгүй. Үнэний талаар зөвхөн өнгөц мэдлэгтэй байгаа чинь үнэндээ ойлгодог, эсвэл энэ талаар мэдлэгтэй гэсэн үг биш; үнэний жинхэнэ утга нь үнэнийг туулснаар гарч ирдэг. Тиймээс зөвхөн үнэнийг туулах үедээ чи үүнийг ойлгож чадна, тэр цагт л чи далд хэсгүүдийг нь ухаарч чадна. Туршлагаа гүнзгийрүүлэх нь үнэний далд утгыг ухаарах, мөн чанарыг нь ойлгох цорын ганц зам юм. Тиймээс үнэнтэй байхад чи хаа ч хүрж чадах боловч дотор чинь үнэн байхгүй бол шашны хүмүүс байтугай, гэр бүлийн гишүүдээ ч итгүүлэх гэж оролдох талаар бодох хэрэггүй. Үнэн байхгүй бол чи будрах цасан ширхэгтэй л адил байх болно, харин үнэнтэй бол аз жаргалтай, эрх чөлөөтэй байж чадах бөгөөд хэн ч чам руу дайрч чадахгүй. Онол хэр баттай байх нь хамаагүй, үнэнийг даван гарч чадахгүй. Үнэнтэй байхад дэлхийг ч хөдөлгөж, уулс хийгээд тэнгис далайг ч нүүлгэж болно, харин үнэн дутмаг бол хотын бат бэх хана хэрэм өтөнд идэгдэж юу ч үгүй болоход хүрнэ. Энэ бол илэрхий бодит байдал.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлэх ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 424

Одоогийн үе шатанд эхлээд үнэнийг мэдээд, дараа нь үүнийгээ хэрэгжүүлэх, мөн цаашид үнэний жинхэнэ утгаар өөрийгөө зэвсэглэх нь нэн чухал юм. Та нар үүнд хүрэхээр эрж хайх ёстой. Бусдыг үгээрээ дагуулах төдий бус, харин хэрэгжүүлэлтээрээ дагуулах ёстой, ингэж байж л чи утга учиртай зүйлийг олж чадна. Чамд юу тохиолдох нь хамаагүй, ямар хүнтэй учрах нь хамаагүй чамд үнэн байгаа цагт бат зогсож чадна. Бурханы үг хүнд үхэл бус, амь авчирдаг зүйл. Хэрэв Бурханы үгийг уншсаныхаа дараа чи амь орж сэргэхгүй, харин үхмэл хэвээр байвал чиний ямар нэгэн зүйл буруу байна. Хэрэв чи хэсэг хугацааны дараа Бурханы үгийг нэлээд уншиж, олон бодитой номлол сонссон ч үхмэл байдалтай хэвээр байгаа бол чи үнэнийг нандигнадаг нэгэн биш, үнэнийг эрэлхийлдэг хүн ч биш гэдгийг энэ нь нотолдог. Хэрэв та нар Бурханыг олж авахаар үнэхээр эрж хайсан бол хоосон сургаалаар өөрсдийгөө зэвсэглэж, сүртэй сургаал ашиглаж бусдад заахад анхаарахын оронд Бурханы үгийг туулж, үнэнийг хэрэгжүүлэхэд төвлөрөх байсан. Энэ чинь одоо та нарын орохоор эрж хайх ёстой зүйл биш гэж үү?

Өөрийн ажлыг хүнд хийхэд зарцуулах цаг Бурханд хязгаарлагдмал байдаг учраас чи Түүнтэй хамтран ажиллахгүй бол ямар үр дүн гарах билээ? Түүний үгийг ойлгомогцоо хэрэгжүүлэхийг Бурхан та нараас яагаад үргэлж хүсдэг вэ? Учир нь Бурхан Өөрийн үгийг та нарт илчилсэн бөгөөд та нарын дараагийн алхам бол тэдгээрийг хэрэгжүүлэх явдал юм. Та нар эдгээр үгийг хэрэгжүүлэхэд Бурхан гэгээрэл болон удирдамжийн ажлаа гүйцэтгэнэ. Үүнийг ингэж хийдэг. Бурханы үг нь амиа цэцэглүүлэх боломжийг хүнд олгодог бөгөөд хүнийг гажуудах эсвэл идэвхгүй болоход хүргэж болзошгүй элемент агуулдаггүй. Бурханы үгийг уншиж, хэрэгжүүлсэн боловч Ариун Сүнсний ямар ч ажлыг хүлээн аваагүй л байгаа гэж чи хэлдэг. Чиний үг зөвхөн хүүхэд л хуурч чадна. Чиний санаа зорилго зөв эсэхийг бусад хүн мэдэхгүй байж магадгүй ч Бурхан мэдэхгүй байх боломжтой гэж чи бодож байна уу? Бусад хүн Бурханы үгийг хэрэгжүүлээд, Ариун Сүнсний гэгээрлийг хүлээж аваад байхад чи яагаад Түүний үгийг хэрэгжүүлдэг атлаа Ариун Сүнсний гэгээрлийг хүлээн авдаггүй юм бэ? Бурхан сэтгэл хөдлөлтэй юу? Хэрэв санаа зорилго чинь үнэхээр зөв бөгөөд чи хамтран ажилладаг бол Бурханы Сүнс чамтай хамт байх болно. Зарим хүн үргэлж өөрсдийнхөө тугийг хатгахыг хүсдэг ч Бурхан яагаад тэднийг өргөж, чуулганыг удирдуулдаггүй вэ? Зарим хүн зүгээр л чиг үүргээ биелүүлж, үүрэг даалгавраа биелүүлдэг ба нэг л мэдэхэд Бурханы сайшаалыг хүртдэг. Яагаад ингэдэг юм бэ? Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг шалгадаг бөгөөд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс зөв санаа зорилготой байх ёстой. Санаа зорилго нь зөв биш хүмүүс бат зогсож чадахгүй. Та нарын зорилгын гол цөм нь Бурханы үг дотор чинь нөлөө үзүүлж эхлүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, Бурханы үгийг хэрэгжүүлэхдээ үүний талаар жинхэнэ ойлголтой байх явдал юм. Магадгүй Бурханы үгийг ухаарч ойлгох та нарын чадвар ядмаг байж болох ч Бурханы үгийг хэрэгжүүлэх үед Тэр энэ дутагдлыг чинь нөхөж чадна, иймээс та нар зөвхөн олон үнэнийг мэдээд зогсохгүй, бас тэдгээрийг хэрэгжүүлэх ёстой. Энэ бол үл ойшоож болохгүй хамгийн гол анхаарах зүйл билээ. Есүс гучин гурван жил хагасын хугацаандаа ихээхэн доромжлол туулж, их зовсон. Тэрээр үнэнийг хэрэгжүүлж, бүх зүйл дээр Бурханы хүслийг гүйцэтгэж, гагцхүү Бурханы хүслийг анхаарсан учраас л асар их зовсон билээ. Тэр зүгээр л үнэнийг мэдээд, хэрэгжүүлдэггүй байсан бол ийм зовлон шаналлыг туулахгүй байх байсан. Хэрэв Есүс иудейчүүдийн сургаалыг дагаж, фарисайчуудыг дагасан бол зовохгүй байх байсан. Бурханы ажлын үр нөлөө хүний хамтын ажиллагаанаас шалтгаалдаг болохыг чи Есүсийн үйл хэргээс мэдэж авч болно, энэ бол та нарын таньж мэдэх ёстой зүйл. Хэрэв Есүс үнэнийг хэрэгжүүлээгүй бол Тэр загалмайд цовдлогдож зовох байсан уу? Хэрэв Тэр Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдээгүй байсан бол тийм зовлонт залбирал хийх байсан уу? Тиймээс та нар үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө зовох ёстой; энэ бол хүний туулах ёстой зовлон юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлэх ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 425

Хэрэгжүүлэлтийн үеэр тушаалуудыг мөрдөх явдлыг үнэнийг хэрэгжүүлэхтэй уялдуулах ёстой. Тушаалуудыг мөрдөх зуураа хүн үнэнийг хэрэгжүүлэх учиртай. Үнэнийг хэрэгжүүлэх үедээ хүн тушаалуудын зарчмыг зөрчиж, тушаалыг эсэргүүцэх ёсгүй; Бурханы юу л шаардсаныг чи хийх ёстой. Тушаалуудыг мөрдөх болон үнэнийг хэрэгжүүлэх нь эсрэг тэсрэг бус, харилцан уялдаатай юм. Чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, тушаалын мөн чанарыг төдий чинээ их мөрдөнө. Үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, тушаалуудад илэрхийлэгдсэн Бурханы үгийг төдий чинээ их ойлгоно. Үнэнийг хэрэгжүүлэх болон тушаалуудыг мөрдөх нь зөрчилдөөнтэй үйлдлүүд биш, харин ч хоорондоо холбоотой. Анх хүн тушаалуудыг мөрдсөний дараа л үнэнийг хэрэгжүүлж, Ариун Сүнснээс гэгээрэл олж авч чаддаг байсан боловч энэ нь Бурханы анхдагч санаа зорилго биш. Бурхан, чамаас зөвхөн сайн явдалтай байхыг биш, зүрх сэтгэлээсээ Өөрт нь шүтэн мөргөхийг шаарддаг. Гэхдээ чи тушаалуудыг ядаж өнгөцхөн ч болов мөрдөх ёстой. Туршлагаар дамжуулан хүн аажмаар Бурханы тухай илүү тодорхой ойлголттой болсныхоо дараа, Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцэхээ больж, Бурханы ажлын талаарх ямар ч эргэлзээгүй болдог. Энэ бол хүмүүс тушаалуудын мөн чанарыг сахиж чадах ганц зам юм. Тиймээс үнэнийг хэрэгжүүлэлгүй тушаалуудыг мөрдөх төдий нь үр ашиггүй бөгөөд Бурханыг бодитой шүтэн мөргөх явдлыг бүрдүүлдэггүй, учир нь чи бодитой биеийн хэмжээнд хараахан хүрээгүй. Хэрвээ чи тушаалуудыг үнэнгүйгээр мөрддөг бол энэ чинь ердөө дүрэм журмыг хатуу чанд баримтлахтай дүйцдэг. Ингэснээр тушаалууд чиний хууль болох ба амийн өсөлтөд чинь туслахгүй. Харин ч, тэдгээр нь чамд дараа болж, чамайг Хуучин Гэрээний хууль шиг ягштал хүлж, Ариун Сүнсийг дэргэдээсээ алдахад хүргэнэ. Тиймээс чи үнэнийг хэрэгжүүлснээр л тушаалуудыг үр дүнтэй мөрдөж чадах ба үнэнийг хэрэгжүүлэхийн тулд тушаалуудыг мөрдөнө. Тушаалуудыг мөрдөх явцдаа чи бүр олон үнэнийг хэрэгжүүлж, үнэнийг хэрэгжүүлэхдээ тушаалуудын утга учир үнэндээ юу болох талаар улам гүнзгий ойлголт олж авна. Хүн тушаалуудыг мөрд гэсэн Бурханы шаардлагын цаад зорилго, утга учир нь хүний төсөөлдөг шиг хүнийг дүрэм журам мөрдүүлэх л гэсэн юм биш, харин хүний амийн оролттой холбоотой. Чиний амийн өсөлтийн хэмжээ тушаалуудыг ямар түвшинд мөрдөж чадахыг чинь тодорхойлдог. Хүнээр мөрдүүлэх гэж уг тушаалууд байдаг хэдий ч тушаалуудын мөн чанар нь хүний туршлагаар л дамжин тодорхой болдог. Тушаалуудыг сайн мөрдөнө гэдэг нь “тэд бүрмөсөн бэлэн болж, өргөгдөх л үлдсэн” гэсэн утгатай гэж ихэнх хүн боддог. Энэ нь хэрээс хэтэрсэн бодол бөгөөд Бурханы хүсэлтэй нийцдэггүй. Иймэрхүү зүйл хэлдэг хүмүүс ахиц гаргах хүсэлгүй, махан биед шунадаг. Энэ бол утгагүй үг! Энэ нь бодит байдалд таардаггүй! Тушаалуудыг бодитоор мөрдөлгүй, үнэнийг л хэрэгжүүлэх нь Бурханы хүсэл биш. Ингэдэг хүмүүс бол эрэмдэг бөгөөд өрөөсөн хөлгүй хүмүүстэй адилхан. Тушаалуудыг дүрэм журам баримталж байгаа мэт зүгээр л мөрдөж, харин үнэнийг эзэмшихгүй байх нь ч бас Бурханы хүслийг хангалуун байлгаж чадахгүй; ийнхүү үйлддэг хүмүүс өрөөсөн нүдгүй хүнтэй адил нэг төрлийн эрэмдэг юм. Хэрвээ чи тушаалуудыг сайн мөрддөг бөгөөд бодитой Бурханы талаар тодорхой ойлголт олж авсан бол чи үнэнийг эзэмшинэ гэж хэлж болно; ер нь, чи бодитой биеийн хэмжээг олж авсан байх болно. Чи хэрэгжүүлэх ёстой үнэнийг хэрэгжүүлбэл тушаалуудыг бас мөрдөх бөгөөд энэ хоёр зүйл хоорондоо зөрчилддөггүй. Үнэнийг хэрэгжүүлэх, тушаалуудыг мөрдөх гэдэг нь хоёр тогтолцоо бөгөөд аль аль нь хүний амийн туршлагын салшгүй хэсэг юм. Хүний туршлага нь тушаалуудыг мөрдөх болон үнэнийг хэрэгжүүлэх явдлын хуваагдлаас бус, нэгдлээс бүрдэх ёстой. Гэхдээ энэ хоёр зүйлийн хооронд ялгаа болон холбоо хоёул бий.

Үг нь махбодоор илэрсэн номын “Тушаалуудыг мөрдөж, үнэнийг хэрэгжүүлэх нь”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 426

Шинэ эрин үе дэх тушаалуудын тунхаглал нь энэ урсгал дахь бүх хүн болон өнөөдөр Бурханы дуу хоолойг сонсдог бүх хүн шинэ эрин үед орсон хэмээх баримтыг гэрчлэх гэрчлэл юм. Энэ нь Бурханы ажлын шинэ эхлэл бөгөөд Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний сүүлчийн хэсгийн эхлэл билээ. Бурхан, хүн хоёр шинэ тэнгэр, шинэ газрын ертөнцөд орж, израильчуудын дунд Ехова, иудейчүүдийн дунд Есүс ажиллаж байсны яг адилаар Бурхан илүү их бодитой ажил хийж, газар дээр улам ч их, улам ч агуу ажил хийнэ гэдгийг шинэ эрин үеийн тушаалууд бэлгэддэг. Тэдгээр нь бас энэ бүлэг хүмүүс Бурханаас илүү их, илүү агуу даалгавар хүлээн авч, бодитоор хангагдаж, тэжээл, дэмжлэг, халамж, хамгаалалт хүртэх бөгөөд Бурхан тэдэнд илүү бодитой сургуулилт өгч, мөн Бурханы үгээр харьцаж, эвдэж, цэвэршүүлнэ гэдгийг бэлгэддэг. Шинэ эрин үеийн тушаалуудын учир холбогдол нэлээд гүнзгий юм. Тэдгээр нь Бурхан газар дээр үнэхээр илрэн гарах ба тэндээс бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулж, махбодоор Өөрийн бүх алдрыг илчилнэ гэдэг санаа өгдөг. Мөн Өөрийн сонгосон бүх хүнийг төгс болгохын тулд бодитой Бурхан газар дээр илүү бодитой ажил хийх гэж байгаа гэдгийг илтгэдэг. Түүнчлэн Бурхан газар дээрх бүх зүйлийг үгээр гүйцэлдүүлж, “бие махбодтой болсон Бурхан хамгийн өндөрт мандаж, өргөмжлөгддөг агаад бүх ард түмэн, бүх улс үндэстэн агуу их Бурханыг шүтэн мөргөхөөр сөгдөнө” гэсэн баримтыг нотолно. Шинэ эрин үеийн тушаалууд нь хүнээр мөрдүүлэхийн тулд байдаг боловч, мөн тэгэх нь хүний үүрэг, хариуцлага хэдий ч тэдгээрийн төлөөлдөг утга учир нь ганц хоёр үгээр бүрэн илэрхийлэхийн аргагүй хэтэрхий гүн гүнзгий юм. Шинэ эрин үеийн тушаалууд нь Ехова ба Есүсийн тунхагласан Хуучин Гэрээний хууль болон Шинэ Гэрээний дүрэм журмыг орлодог. Энэ бол хүний төсөөлдөг шиг энгийн хэрэг биш, илүү гүн гүнзгий хичээл юм. Шинэ эрин үеийн тушаалуудад практик учир холбогдлын тал байдаг: Тэдгээр нь Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн хоорондох холбоос болдог. Шинэ эрин үеийн тушаалууд нь хуучин эрин үеийн бүх хэрэгжүүлэлт, дүрэм журмыг болон бас Есүсийн эрин үе ба түүнээс өмнөх бүх хэрэгжүүлэлтийг төгсгөдөг. Тэдгээр нь хүнийг илүү бодитой Бурханы өмнө аваачиж, Түүгээр биечлэн төгс болгуулж эхлэх боломж олгодог; энэ нь төгс болох замын эхлэл. Тиймээс та нар шинэ эрин үеийн тушаалуудад зөв хандлага баримтлах хэрэгтэй, тэдгээрийг хааш яаш дагах юм уу, басамжилж болохгүй. Шинэ эрин үеийн тушаалууд нь нэгэн зүйлийг маш их онцолдог: Хүн өнөөдрийн бодитой Бурханыг Өөрийг нь шүтэн мөргөх ба үүнд Сүнсний мөн чанарт илүү бодитоор захирагдах явдал багтана. Эл тушаалууд нь бас, зөвт байдлын Нар болон илэрснийхээ дараа Бурхан хүнийг гэм буруутай, эсвэл зөв шударга хэмээн шүүх зарчмуудыг онцолдог. Уг тушаалуудыг ойлгох нь хэрэгжүүлэхээс амархан. Хэрвээ Бурхан хүнийг төгс болгохыг хүсвэл Өөрийн үг, удирдамжаар дамжуулан хийх ёстой ба хүн ганцхан төрөлх оюун ухаанаараа төгс байдалд хүрч чадахгүй гэдгийг үүнээс харж болно. Хүн шинэ эрин үеийн тушаалуудыг мөрдөж чадах уу, үгүй юу гэдэг нь бодитой Бурханы талаарх хүний мэдлэгтэй хамаатай. Ийм учраас чи тушаалуудыг мөрдөж чадах эсэх нь хэдхэн хоногийн дотор шийдвэрлэх асуудал биш. Энэ бол сурч мэдэх тун гүнзгий хичээл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Тушаалуудыг мөрдөж, үнэнийг хэрэгжүүлэх нь”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 427

Үнэнийг хэрэгжүүлэх нь хүний амь өсөж болох зам юм. Хэрвээ үнэнийг хэрэгжүүлдэггүй бол та нарт онолоос өөр юу ч үгүй үлдэх бөгөөд бодит амьгүй байх болно. Үнэн нь хүний биеийн хэмжээний бэлгэ тэмдэг бөгөөд үнэнийг хэрэгжүүлдэг үү, үгүй юу гэдэг чинь чамд бодит биеийн хэмжээ бий эсэхтэй холбоотой. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлдэггүй, зөвт байдлаар үйлддэггүй, эсвэл сэтгэл хөдлөлд автаж, махан биеэ анхаардаг бол тушаалыг мөрдөхөөс хамаагүй хол байна. Энэ нь хамгийн гүн гүнзгий хичээл юм. Эрин үе тутамд хүний орж, ойлгох хэрэгтэй олон үнэн байдаг боловч эрин үе тутамд тэдгээр үнэнийг дагалддаг өөр өөр тушаал бий. Хүний хэрэгжүүлдэг үнэн нь мөн тухайн эрин үетэй холбоотой бөгөөд мөрддөг тушаалууд нь ч бас эрин үетэй холбоотой. Эрин үе тутамд өөрийн гэсэн хэрэгжүүлэх үнэн болон мөрдөх тушаалууд байдаг. Гэвч Бурханы тунхагласан янз бүрийн тушаалаас хамааран—өөрөөр хэлбэл, өөр өөр эрин үеэс хамааран—үнэнийг хэрэгжүүлэх зорилго болон үр нөлөө нь харьцангуй ялгаатай байдаг. Тушаалууд нь үнэнд үйлчилж, үнэн нь тушаалыг хадгалж хамгаалахын төлөө оршдог гэж хэлж болно. Хэрвээ зөвхөн үнэн байдаг бол Бурханы ажилд яриад байх өөрчлөлт гэж үгүй байх болно. Гэсэн хэдий ч, тушаалуудад хандсанаар хүн Ариун Сүнсний ажлын хандлагын цар хэмжээг таньж, Бурханы ажилладаг эрин үеийг мэдэж чадна. Шашинд, Хуулийн эрин үеийн хүний хэрэгжүүлж байсан үнэнийг хэрэгжүүлж чаддаг олон хүн бий. Гэвч тэдэнд шинэ эрин үеийн тушаалууд байдаггүй бөгөөд шинэ эрин үеийн тушаалуудыг мөрдөж чаддаггүй. Тэд мөн л хуучин арга барилыг баримталж, балар эртний хүмүүс хэвээр үлддэг. Тэднийг ажлын шинэ арга барил дагалддаггүй бөгөөд тэд шинэ эрин үеийн тушаалуудыг харж чаддаггүй. Иймээс тэдэнд Бурханы ажил байдаггүй. Тэд өндөгний хоосон хальс барьсан хүнтэй адилхан; дотор нь ангаахай байхгүй бол сүнс гэж байхгүй. Тодруулбал, амь байхгүй гэсэн үг. Ийм хүмүүс шинэ эрин үед ороогүй, олон алхмын цаана хоцорчихсон. Тиймээс, хэрвээ хүмүүст хуучин эрин үеийн үнэн байдаг ч шинэ эрин үеийн тушаалууд байхгүй бол нэмэргүй. Та нарын олонх нь энэ цаг үеийн үнэнийг хэрэгжүүлдэг ч тушаалуудыг нь сахидаггүй. Та нар юу ч олж авахгүй, хэрэгжүүлдэг үнэн чинь үнэ цэнэгүй, утга учиргүй бөгөөд Бурхан та нарыг магтахгүй. Ариун Сүнсний өнөөгийн ажлын арга барил дотор үнэнийг хэрэгжүүлэх ёстой; өнөөдрийн бодитой Бурханы дуу хоолойг дагаж, үүнийг хийх ёстой. Ингэхгүйгээр бүх зүйл шүүрэн шанагаар ус утгахтай адил үр дүнгүй. Энэ бол шинэ эрин үеийн тушаалуудыг тунхаглахын бодит утга учир юм. Хүмүүс уг тушаалуудыг сахих гэж байгаа бол хамгийн наад зах нь л махбодод бий болсон бодитой Бурханыг будилж мунгиналгүй мэдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тушаалуудыг сахих зарчмыг хүмүүс мэдэх хэрэгтэй. Уг тушаалуудыг сахих гэдэг нь тэдгээрийг мухар сохроор юм уу, эсвэл дур зоргоороо дагана гэсэн үг биш, харин үндэс суурьтай, зорилготой, зарчимтай сахина гэсэн үг билээ. Эхлээд биелүүлэх зүйл бол үзэгдлийг чинь тод болгох явдал юм. Хэрвээ чи одоо үеийн Ариун Сүнсний ажлын талаар нэвтэрхий ойлголттой ба өнөөдрийн ажлын арга барилд орвол тушаалуудыг мөрдөх талаар аяндаа тодорхой ойлголт олж авна. Хэрвээ шинэ эрин үеийн тушаалуудын мөн чанарыг нэвт шувт харж, уг тушаалуудыг мөрдөж чадах өдөр ирвэл тэр үед чи төгс болгуулсан байх болно. Энэ нь үнэнийг хэрэгжүүлж, тушаалуудыг мөрдөхийн бодит учир холбогдол юм. Үнэнийг хэрэгжүүлж чадах эсэх чинь шинэ эрин үеийн тушаалуудын мөн чанарыг хэрхэн ойлгохоос хамаардаг. Ариун Сүнсний ажил хүнд тасралтгүй харагдаж, Бурхан хүнээс улам, улам ихийг шаардана. Тиймээс хүний үнэхээр хэрэгжүүлдэг үнэн улам олширч, илүү агуу болж, тушаалуудыг мөрдсөний үр нөлөө илүү гүн гүнзгий болно. Тиймээс та нар үнэнийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ тушаалуудыг мөрдөх ёстой. Хэн ч энэ хэрэг явдлыг огоорох ёсгүй; энэхүү шинэ эрин үед шинэ үнэн болон шинэ тушаалууд зэрэг эхлэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Тушаалуудыг мөрдөж, үнэнийг хэрэгжүүлэх нь”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 428

Олон хүн хэрэгжүүлэлтийн тухай бага сага ярьж, өөрсдийн хувийн сэтгэгдлийн тухай ярьж чаддаг боловч үүний дийлэнх нь бусдын үгээс олж авсан гэрэлтүүлэлт байдаг. Энэ нь тэдний өөрсдийнх нь хувийн хэрэгжүүлэлтийн юуг ч агуулдаггүй, туршлагаасаа харсан зүйлийг нь ч агуулдаггүй. Энэ асуудлыг Би өмнө нь задлан шинжилсэн; Намайг юу ч мэдэхгүй гэж бүү бод. Чи цаасан бар төдий мөртөө Сатаныг ялж, ялгуусан гэрчлэл хийж, Бурханы дүр төрхийг амьдран харуулах тухай ярих юм гэж үү? Энэ бүгд утгагүй зүйл! Бурханы өнөөдөр айлдсан бүх үг чамайг бишрүүлэхийн тулд байдаг гэж чи бодож байна уу? Чиний ам, хуучин би-гээ хаях хийгээд үнэнийг хэрэгжүүлэх тухай ярьдаг атал гар чинь өөр үйл үйлдэж, зүрх сэтгэл чинь өөр хуйвалдаан сэддэг—чи ямар гээч хүн бэ? Гар, зүрх сэтгэл хоёр чинь яагаад ав адил биш юм бэ? Өчнөөн олон номлол хоосон үг болжээ; зүрх шимшрэм биш гэж үү? Хэрвээ чи Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаггүй бол Ариун Сүнсний ажилладаг замд хараахан ороогүй, чамд Ариун Сүнсний ажил хараахан байхгүй, мөн Түүний удирдамж чамд хараахан байхгүй гэдгийг энэ нь нотолдог. Хэрвээ чи Бурханы үгийг ойлгож л чаддаг боловч хэрэгжүүлж чаддаггүй гэж хэлбэл чи үнэнийг хайрладаггүй хүн юм. Бурхан ийм хүмүүсийг аврах гэж ирдэггүй. Есүс нүгэлтнүүдийг аварч, ядуусыг аварч, тэр бүх даруу хүнийг аврахын тулд цовдлогдох үедээ асар их зовлон шаналлыг амссан. Түүний цовдлол нүглийн тахил болсон. Хэрвээ чи Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаггүй бол аль болох хурдан явах хэрэгтэй; Бурханы гэрт хувалз шиг бүү хоргод. Бурханыг илэрхий эсэргүүцэх зүйлсийг хийхээ болих нь хүртэл олон хүнд хэцүү байдаг. Тэд үхлээ хайж байгаа хэрэг бус уу? Тэд яаж Бурханы хаанчлалд орох тухай ярьж чадаж байна аа? Түүний царайг харах зүрх зориг тэдэнд байх уу? Бурханы өгдөг хоолыг идэж, Түүнд тэрсэлдэг шударга бус юмсыг хийж, Түүний чамд хайрласан ерөөлийг эдлэхийг Бурхан чамд зөвшөөрч байхад хүртэл муу санаатай, дотуур тамиртай байж, хуйвалдаан хийдэг—тэдгээрийг хүлээн авахад гарыг чинь түлж байгаа мэт чамд санагддаггүй гэж үү? Нүүр чинь улайхыг мэдэрдэггүй юм уу? Бурханд тэрсэлсэн зүйл хийж, “дураараа дургих” хуйвалдаан хийчхээд чи айж эмээдэггүй юм уу? Хэрвээ чи юу ч мэдэрдэггүй юм бол яаж ирээдүйн тухай ярьж чадна вэ? Угаасаа чамд аль эртнээс ирээдүй гэж байгаагүй, тиймээс чамд илүү их ямар хүлээлт бас байж болох юм бэ? Хэрвээ чи ямар нэгэн ичгүүргүй зүйл хэлдэг атлаа ямар ч зэмлэл мэдэрдэггүй, зүрх сэтгэл чинь ямар ч мэдрэмжгүй бол чамайг Бурхан аль хэдийнээ хаячихсан гэсэн үг биш гэж үү? Зоргоороо, цадиггүй ярьж, үйлдэх нь чиний уг чанар болжээ; ийм байвал ер нь чи яаж Бурханаар төгс болгуулах юм бэ? Чи дэлхийг тойрон алхаж чадах уу? Хэн чамд үнэмших юм бэ? Чиний жинхэнэ уг чанарыг мэддэг хүмүүс чамаас зай барих болно. Энэ нь Бурханы шийтгэл бус уу? Ерөнхийдөө, зөвхөн яриад, хэрэгжүүлдэггүй бол өсөлт гэж байхгүй. Ярьж байхад чинь Ариун Сүнс чам дээр ажиллаж байж болох ч, хэрвээ чи хэрэгжүүлдэггүй бол Ариун Сүнс ажиллахаа болино. Хэрвээ чи энэ чигээрээ үргэлжлүүлбэл ирээдүйн тухай, эсвэл Бурханы ажилд бүх оршихуйгаа өгөх тухай яриа яаж байж болох юм бэ? Чи бүх оршихуйгаа өргөх тухай ярьж л чаддаг боловч жинхэнэ хайраа Бурханд өгөөгүй. Бурхан чамаас амаараа ярих үнэн сэтгэл л хүлээж авсан. Үнэнийг хэрэгжүүлэх санаа зорилгоо чи Түүнд өгдөггүй. Чиний биеийн жинхэнэ хэмжээ энэ байж болох уу? Хэрвээ чи энэ чигээрээ үргэлжлүүлсээр байвал хэзээ Бурханаар төгс болгуулах бол? Өөрийнхөө харанхуй, бүрхэг ирээдүйн төлөө чи сэтгэл түгшихгүй байна гэж үү? Бурхан чамд найдвар тасарсныг чи мэдрэхгүй байна гэж үү? Бурхан илүү олон, шинэ хүмүүсийг төгс болгохыг хүсэж байгааг чи мэддэггүй гэж үү? Хуучин зүйлс үлдэж чадах уу? Чи Бурханы үгэнд өнөөдөр анхаарал хандуулахгүй байна: Чи маргаашийг хүлээж байна уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Авралд хүрдэг хүн бол үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүн юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 429

Бурханы үгээс жишээ татаж, ичиж зоволгүй тайлбарлаж чаддаг байх нь бодит байдалтай гэсэн үг биш; аливаа юм чиний төсөөлсөн шиг энгийн байдаггүй. Бодит байдалтай эсэх чинь чиний хэлдэг зүйлд биш, харин амьдран харуулдаг зүйлд үндэслэдэг. Бурханы үг чиний амь, жам ёсны илэрхийлэл болсон цагт л чамайг бодит байдалтай болсон гэж хэлж болох ба тэр үед л чамайг жинхэнэ ойлголт, бодит биеийн хэмжээтэй болсонд тооцож болно. Чи шинжилгээг удаан хугацааны туршид тэсвэрлэж чаддаг, мөн Бурханы шаарддаг төрхийг амьдран харуулж чаддаг байх ёстой. Үүнийг зүгээр нэг хэлбэрдэж болохгүй, харин чамаас аяндаа урсан гарч байх ёстой. Тэгсэн цагт л чи үнэхээр бодит байдалтай болж, тэр цагт л амийг олж авсан байх болно. Хүн бүрийн мэддэг үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтаар Би жишээ авъя: Үйлчлэл үзүүлэгчдийн талаарх хамгийн сүржин онолыг хэн ч ярьж чадах бөгөөд хүн бүр энэ сэдвийн талаар дориун сайн ойлголттой байдаг; тэд энэ талаар яриа өгдөг бөгөөд яг л тэмцээн мэт, яриа бүр нь өмнөхөөсөө сайн байдаг. Хэдий тийм ч, томоохон шалгалт туулаагүй бол хүнийг сайн гэрчлэл хийдэг гэж хэлэхэд тун хэцүү. Товчхондоо, ойлголтоос нь яг эсрэгээр хүний амьдран харуулах чадвар маш дутуу дулимаг хэвээр байгаа. Тиймээс энэ нь хүний бодит биеийн хэмжээ болох хараахан болоогүй, хүний амь болох ч бас болоогүй. Хүн ойлголтоо бодит байдал болгоогүй учраас биеийн хэмжээ нь элсэн дээр баригдсан шилтгээн мэт ганхаж, нурж унахын ирмэг дээр байсаар байна. Хүнд бодит байдал дэндүү бага байдаг, түүнээс ямар нэг бодит байдал олох бараг боломжгүй. Хүнээс аяндаа урсан гардаг бодит байдал хэтэрхий бага, амьдран харуулдаг бүх бодит байдлаа албан хүчээр хийж ирсэн. Тийм учраас Би хүнийг ямар ч бодит байдалгүй гэж хэлдэг юм. Бурханыг гэсэн хайр нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж хүмүүс хэлдэг боловч энэ бол ердөө л аливаа шалгалттай тулгарахаасаа өмнө тэдний хэлдэг зүйл юм. Гэнэтхэн нэг өдөр шалгалттай тулгарах үед тэдний хэлдэг зүйлс дахиад л бодит байдлаас зөрж, хүнд бодит байдал байдаггүй нь үүгээр дахин батлагдана. Үзэлд чинь үл нийцдэг, өөрийгөө хойш тавихыг чамаас шаарддаг зүйлтэй учрах бүрд тэдгээрийг чиний шалгалт гэж хэлж болно. Бурханы хүсэл илчлэгдэхээс өмнө хүн бүр хүнд хэцүү туршилт, үлэмж их шалгалт туулдаг. Чи үүнийг ухан ойлгож чадах уу? Бурхан хүмүүсийг шалгахыг хүсэхдээ бодит үнэн илчлэгдэхээс өмнө тэднээр үргэлж сонголтыг нь хийлгэдэг. Энэ нь Бурхан хүнийг шалгалтад оруулж байхдаа чамд хэзээ ч үнэнийг хэлэхгүй гэсэн үг юм; хүмүүсийг ийм байдлаар илчилдэг. Өнөөдрийн Бурханыг мэддэг эсэх, бас ямар нэг бодит байдал чамд байгаа эсэхийг харахын тулд Бурханы ажлаа гүйцэтгэдэг нэг арга нь энэ юм. Бурханы ажлын талаар чамд үнэхээр ямар ч эргэлзээ байдаггүй юу? Томоохон шалгалт тулгарахад чи үнэхээр бат зогсож чадах уу? “Ямар ч асуудал гарахгүй гэдгийг би баталж байна” гэж хэн хэлж зүрхлэх вэ? “Бусад хүмүүст эргэлзээ байгаа л байх, гэхдээ би хэзээ ч эргэлзэхгүй” гэж хэн баталж зүрхлэх вэ? Үнэн илчлэгдэхээс өмнө үргэлж бардамнаж сайрхдаг байсан Петрийн, шалгалт туулж байсан үетэй энэ яг адилхан юм. Энэ бол дан ганц Петрийн хувийн алдаа дутагдал биш; энэ бол хүн бүрд одоо тулгараад байгаа хамгийн том бэрхшээл юм. Хэрвээ Би Бурханы өнөөдрийн ажлын талаарх ойлголтыг чинь харахаар хэдхэн газраар орж, хэдхэн ах эгч нар дээр зочиллоо гэхэд л та нар мэдлэгийнхээ талаар гарцаагүй олон зүйл ярьж чадах байсан бөгөөд огт эргэлзсэн янзгүй харагдах байсан. Хэрвээ Би чамаас “Өнөөдрийн ажлыг Бурхан Өөрөө гүйцэтгэж байгаа гэж чи үнэхээр ямар ч эргэлзээгүй баттай хэлж чадах уу?” гэж асуувал чи мэдээж: “Энэ бол ямар ч эргэлзээгүй Бурханы Сүнсний хийсэн ажил” гэж хариулна. Ингэж хариулмагцаа чамд мэдээж өчүүхэн төдий ч эргэлзээ төрөхгүй бөгөөд өөрийгөө бага ч болов бодит байдал олж авсан гэж санаад нэлээд додигор байх болно. Аливааг ингэж ойлгох хандлагатай хүмүүс бодит байдал багатай байдаг; өөрийгөө бодит байдалтай болсон гэж бодох тусам хүн шалгалттай тулгарахдаа бат зогсож чадах нь ховор. Биеэ тоосон, сагсуу хүмүүс золгүй еэ, өөрсдийгөө огт мэддэггүй хүмүүс золгүй еэ. Ийм хүмүүс ярихдаа сайн ч ярьснаа ажил хэрэг болгохдоо хамгийн муу. Бэрхшээлийн бараанаар ийм хүмүүс эргэлзэж, буцаж няцах бодол толгойд нь эргэлдэж эхэлдэг. Tэдэнд ямар ч бодит байдал байдаггүй; тэдэнд Бурханы одоо шаарддаг бодит байдлын аль нь ч байхгүй, харин шашнаас дөнгүүр онол л байдаг. Ямар ч бодит байдалгүй мөртөө зөвхөн онол ярьдаг хүмүүсийг Би хамгийн их зэвүүцдэг. Тэд ажлаа хийхдээ хамгийн чангаар хашхирдаг ч бодит байдалтай нүүр тулангуутаа сөхөрч унадаг. Тэр хүмүүст ямар ч бодит байдал байхгүйг энэ нь харуулж байгаа бус уу? Салхи, давлагаа хэчнээн ширүүн байсан ч чи толгойдоо өчүүхэн төдий ч эргэлзээ үүсгэхгүйгээр зогссоор байж чадвал, өөр хэн ч үлдээгүй байхад хүртэл бат зогсож, үгүйсгэлээс ангид байж чадвал чамайг жинхэнэ ойлголттой, үнэхээр бодит байдалтай гэж тооцно. Хэрвээ чи салхи хаашаа салхилна тийшээ хийсэж, олонхыг дагаж, бусдын яриаг тоть шиг давтаж сурвал хэчнээн уран цэцэн ярьдаг ч бай, бодит байдалтай болсны баталгаа нь энэ болохгүй. Tиймээс хоосон үг яаран хашхирахгүй байхыг Би чамд зөвлөж байна. Бурханы хийх гэж байгаа ажлыг чи мэддэг үү? Хөгөө чирч, нүүр бардам алхаж чадахаа болих гээгүй бол бас л нэг Петр шиг бүү авирла; энэ нь хэнд ч, ямар ч сайн зүйл авчрахгүй. Ихэнх хүнд бодит биеийн хэмжээ байдаггүй. Бурхан асар их ажил гүйцэтгэсэн боловч хүмүүст бодит байдлыг хүчээр авчраагүй; тодруулбал, Бурхан хэнийг ч, хэзээ ч биечлэн гэсгээж байгаагүй. Нүгэлт гараа улам хол сунган, Бурханыг дийлэхэд амархан, хүссэнээ хийж болно гэж боддог зарим хүн ийм шалгалтаар илчлэгдэж байсан. Тэд энэ төрлийн шалгалтыг ч тэсвэрлэж чаддаггүй тул илүү хүч сорьсон шалгалт болон бодит байдалтай болох талаар яриад ч хэрэггүй. Тэд ердөө л Бурханыг хуурах гэж оролдож байгаа хэрэг бус уу? Бодит байдалтай байх нь дүр үзүүлж болох зүйл биш, энэ талаар мэддэг байгаад ч бодит байдалтай болж чадахгүй. Энэ бол чиний биеийн бодит хэмжээнээс гадна бүх шалгалтыг тэсвэрлэж чадах эсэхээс хамаардаг. Чи ойлгож байна уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлэх нь л бодит байдалтай болж байгаа хэрэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 430

Бурхан хүмүүсээс бодит байдлын тухай зүгээр нэг ярьж чаддаг байхыг шаарддаггүй. Тийм байсан бол хэтэрхий хялбар байх бус уу? Тэгвэл Бурхан яагаад амийн оролтын тухай ярьдаг вэ? Тэр яагаад өөрчлөлтийн талаар ярьдаг вэ? Хэрвээ хүн бодит байдлын тухай хоосон ярьж л чаддаг бол зан чанарын өөрчлөлтөд хүрч чадах уу? Хаанчлалын сайн цэргүүд зөвхөн бодит байдлын тухай л ярих буюу сайрхдаг бүлэг хүн болоход бэлтгэгддэггүй, харин цаг ямагт Бурханы үгийг амьдран харуулж, ямар ч саад бартаа тулгарсан гуйвшгүй байж, ямагт Бурханы үгийн дагуу амьдарч, дэлхий рүү буцахгүй байхаар бэлтгэгддэг. Энэ нь Бурханы ярьдаг бодит байдал бөгөөд хүнд тавьдаг Бурханы шаардлага мөн. Тиймээс Бурханы ярьсан бодит байдлыг дэндүү энгийн гэж бүү бод. Ариун Сүнснээс ирсэн гэгээрэл төдийхөн нь бодит байдалтай болохтой адилгүй: Энэ бол хүмүүсийн биеийн хэмжээ бус—энэ бол Бурханы нигүүлсэл бөгөөд хүн үүнд ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн бүр Петрийн зовлонг туулах ёстой, тэр ч бүү хэл Петрийн алдрыг олж авах ёстой бөгөөд үүнийгээ Бурханы ажлыг олж авсныхаа дараа амьдран харуулдаг. Үүнийг л бодит байдал гэж нэрлэж болно. Бодит байдлын тухай ярьж чаддаг учраас бодит байдлыг олж авсан гэж бүү бод. Тэр чинь эндүүрэл. Ингэж бодох нь Бурханы хүсэлтэй нийцдэггүй бөгөөд үүнд ямар ч бодит ач холбогдол байхгүй. Цаашид ийм зүйл бүү ярь—ийм үг хэллэгийг үгүй болго! Бурханы үгийн тухай худал ойлголттой бүх хүн үл итгэгч юм. Тэдэнд ямар ч бодит мэдлэг байдаггүй, бодит биеийн хэмжээ бол бүр ч байдаггүй; тэд бол бодит байдалгүй мэдлэггүй хүмүүс юм. Өөрөөр хэлбэл Бурханы үгийн мөн чанарын гадна амьдрагсад бол үл итгэгчид билээ. Хүмүүсийн үл итгэгчид хэмээн үздэг хүмүүс нь Бурханы нүдэнд араатнууд бөгөөд үл итгэгчид хэмээн Бурханы үздэг хүмүүс нь Бурханы үгийг амиа болгоогүй хүмүүс юм. Тиймээс Бурханы үгийн бодит байдал байхгүй, Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй хүмүүсийг үл итгэгчид гэж хэлж болно. Бурханы санаа зорилго нь хүн бүрийг Өөрийн үгийг амьдран харуулахад хүргэх—хүн бүрээр бодит байдлын тухай зүгээр нэг яриулах бус, харин бүр цаашлаад хүн бүрд Өөрийн үгийн бодит байдлыг амьдран харуулах боломж олгох юм. Хүний ухамсарладаг бодит байдал хэт өнгөц, ямар ч үнэ цэнгүй, Бурханы хүслийг гүйцэлдүүлж чадахгүй, хэтэрхий дорд, бүр дурдахын ч хэрэггүй, дэндүү дутуу дулимаг бөгөөд Бурханы шаардлагын стандартаас хэтэрхий доогуур юм. Та нарын дундаас хэн нь ойлголтынхоо талаар ярихаа л мэддэг боловч замыг зааж чаддаггүй болохыг харж, мөн хэн нь хэрэгцээгүй хог болохыг олж мэдэхийн тулд нэг бүрийг чинь сайтар нягтлан шинжлэх болно. Үүнийг цаашдаа санаж яв! Хоосон мэдлэгийн талаар бүү ярь—хэрэгжүүлэх зам, бодит байдлын тухай л ярь. Бодит мэдлэгээс бодит хэрэгжүүлэлт рүү, дараа нь хэрэгжүүлэлтээс бодитоор амьдран харуулахад шилж. Бусдад бүү сургаал айлд, бодит мэдлэгийн тухай бүү ярь. Ойлголт чинь зам бол энэ талаар чөлөөтэй ярьж болно; хэрвээ тийм биш бол амаа хамхиад, ярихаа боль! Чиний ярьдаг зүйл ямар ч хэрэггүй. Бурханыг хууран мэхэлж, бусдыг өөртөө атаархуулахын тулд чи ойлголтын талаар ярьдаг. Санаархал чинь энэ биш гэж үү? Чи зориуд бусдаар даажигнаж байгаа бус уу? Үүнд ямар нэгэн үнэ цэн байна уу? Ойлголтын тухай туулж мэдэрснийхээ дараа яривал, сайрхаж байгаа мэт санагдахгүй. Эс бөгөөс чи ихэрхүү үг чалчдаг нэгэн юм. Чамд бодит туршлагаараа даван туулж чаддаггүй олон зүйл байдаг бөгөөд чи махан биеэ эсэргүүцэж чаддаггүй, ямагт хүссэнээ хийж, Бурханы хүслийг үл хангадаг атлаа онолын ойлголтын талаар ичих нүүргүйгээр ярьсаар байдаг, чи ичгүүргүй амьтан! Бурханы үгийн тухай ойлголтоо ярих тал дээр ийм бөх зүрх гаргасаар байдаг, чи ямар эрээ цээргүй юм бэ! Уран ярьж, сайрхах нь чиний уг чанар болж, үүнийгээ хийгээд чи бүр гаршчихсан. Чи ярихыг хүсэх болгондоо төвөггүй ярьдаг боловч хэрэгжүүлэх болохоороо нэмж хачирлах дуртай. Энэ чинь бусдыг хуурч байгаа хэрэг бус уу? Чи хүмүүсийг хуурч болох ч Бурханыг хуурч чадахгүй. Хүмүүс юм мэдэхгүй, ялган таних чадвар ч байхгүй, харин Бурхан ийм хэрэг явдалд ноцтой ханддаг, Тэр чамайг өршөөхгүй. Ах, эгч нар чинь чамайг дэмжиж, чиний ойлголтыг магтаж, чамайг биширч магадгүй ч бодит байдал чамд байхгүй бол Ариун Сүнс чамайг өршөөхгүй. Бодитой Бурхан өө сэвийг чинь ухаж төнхөхгүй байж магадгүй ч Бурханы Сүнс чамайг үл ойшоох бөгөөд үүнийг тэсвэрлэхэд чамд хангалттай хэцүү байх болно. Чи үүнд итгэж байна уу? Хэрэгжүүлэлтийн бодит байдлын тухай илүү их ярихаа чи аль хэдийн мартчихсан уу? Бодитой замуудын тухай илүү их ярихаа аль хэдийн мартчихсан уу? “Сүртэй онол, ямар ч хэрэггүй гоё чамин үг бага ярьж, одоогоос хэрэгжүүлж эхэлсэн нь хавьгүй дээр.” Эдгээр үгийг чи мартчихсан уу? Чи огт ойлгохгүй байна уу? Бурханы хүслийн талаарх ямар ч ойлголт чамд байхгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлэх нь л бодит байдалтай болж байгаа хэрэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 431

Та нар илүү бодитой хичээлүүдийг судлах учиртай. Хүмүүсийн гайхан биширдэг яруу, хоосон ярианы хэрэг гэж үгүй. Мэдлэгийн тухай ярих болохоор л хүн бүр өмнөх хүнээсээ илүү мэдлэгтэй байдаг хэр нь тэд хэрэгжүүлэлтийн замгүй хэвээр л байдаг. Хэчнээн хүн хэрэгжүүлэлтийн зарчмыг ойлгосон бэ? Хэр олон хүн бодитой хичээл сурч авсан бэ? Хэн бодит байдлын талаар нөхөрлөж чадах вэ? Бурханы үгийн талаарх мэдлэгээ ярих чадвартай байна гэдэг нь жинхэнэ биеийн хэмжээтэй гэсэн үг биш; энэ нь ухаалаг, авьяастай төрснийг чинь л харуулдаг. Чи замыг зааж чадахгүй л юм бол ямар ч нэмэргүй; чи хэрэггүй хог байх болно! Чи хэрэгжүүлэх бодит замын талаар юу ч хэлж чадахгүй бол дүр үзүүлж байгаа хэрэг биш үү? Бусдад өөрийнхөө бодит туршлагаас хуваалцаж, улмаар сурч болох хичээл, дагаж болох замыг өгч чадахгүй байгаа бол худлаа жүжиглэж байгаа хэрэг биш үү? Чи хуурамч амьтан биш үү? Чамд ямар үнэ цэн байгаа юм бэ? Ийм хүн “социализмыг бий болгоход хувь нэмрээ оруулагч” бус, зөвхөн “социализмын онолыг үндэслэгчийн” үүрэг гүйцэтгэж л чадна. Бодит байдалгүй байна гэдэг нь үнэнгүй байх явдал юм. Бодит байдалгүй байна гэдэг нь ямар ч нэмэргүй байх явдал. Бодит байдалгүй байна гэдэг нь алхаж буй үхдэл байх явдал. Бодит байдалгүй байна гэдэг нь ямар ч лавлах үнэ цэнгүй “Марксист Ленинист сэтгэгч” байх явдал юм. Онол ярихаа больж, бодит, жинхэнэ, дорвитой зүйлийн талаар ярьж, жаахан “орчин үеийн урлаг” судалж, бодитой зүйл хэлж, бодит зүйлээр хувь нэмрээ оруулж, тодорхой хэмжээний зориулах сэтгэлтэй бай гэж Би нэг бүрийг чинь ятгадаг. Ярих үедээ бодит байдалтай нүүр тул; хүмүүсийг баярлуулж, өөртөө анхаарал татахын тулд хийсвэр, сүржин ярианы араас бүү хөөцөлд. Тэгэх нь ямар үнэ цэнтэй юм бэ? Хүмүүсийг өөртөө халуун дотноор хандуулах нь ямар хэрэгтэй юм бэ? Үг яриандаа бага зэрэг “урлагтай” бай, биеэ авч явахдаа арай илүү шударга бай, аливааг зохицуулахдаа арай илүү ухаалаг бай, арай илүү бодитой үг хэлж бай; үйлдэл бүртээ Бурханы гэрт ашиг тус авчрах талаар бодож бай, сэтгэл хөдлөлд автах үедээ мөс чанараа сонс, сайхан сэтгэлийг үзэн ядалтаар бүү хариул, сайн үйлсэд ачлалгүй бүү загна, хоёр нүүртэн бүү бай, эс бөгөөс чи бусдад муугаар нөлөөлөх вий. Бурханы үгийг идэж, уух үедээ чи тэдгээрийг бодит байдалтай илүү их холбо, нөхөрлөх үедээ бодитой зүйлсийн талаар илүү их ярь. Их зантай бүү бай; энэ нь Бурханыг хангалуун болгохгүй. Бусадтай харилцахдаа арай илүү хүлээцтэй бай, арай илүү найр тавьж бай, хүмүүст арай илүү уужим сэтгэлээр ханд, тэгээд “ерөнхий сайдын сэтгэлээс”a суралц. Муу бодол төрөх үед чи махан биеэ илүү их хаяж дад. Ажиллаж байх үедээ бодитой замын талаар илүү их ярь, хэтэрхий сүржин зүйл бүү ярь, эс бөгөөс хэлсэн үг чинь хүмүүсийн хувьд хүршгүй байх болно. Зугаа цэнгэлээ багасгаж, хувь нэмрээ ихэсгэ—амь бие хайргүй зориулах сэтгэлийг харуул. Бурханы санаа зорилгод илүү хайхрамжтай байж, мөс чанараа илүү их сонс, Бурхан өдөр бүр та нартай яаж тэвчээртэйгээр, чин сэтгэлээсээ ярьдгийг бүү март. “Эртний лит”-ийг илүү ойр ойрхон унш. Илүү их залбирч, улам ойр ойрхон нөхөрлөл хий. Ийм будилуу байхаа боль, арай илүү эрүүл ухаан гаргаж, жаахан хэрсүү ухаантай бол. Нүгэлт гар чинь сунах үед татаж ав, хэт урт бүү сунга. Энэ нь ямар ч хэрэггүй бөгөөд чи Бурханаас хараалаас өөр юу ч авахгүй; тиймээс болгоомжтой бай. Зүрх сэтгэлдээ бусдыг өрөвд, тэгээд юм л бол зэвсэг барин дайрахаа боль. Үнэний талаарх мэдлэгийн тухай илүү их нөхөрлөж, амийн талаар илүү их ярьж, бусдад туслах сэтгэлтэй бай. Их хийж, бага ярь. Хэрэгжүүлэхэд ихийг, судалж, шинжлэхэд багыг зориул. Ариун Сүнсээр улам их хөдөлгүүлж, та нарыг төгс болгох илүү их боломжийг Бурханд олго. Хүний элементүүдийг улам их таягдан хая; та нарт аливааг хийх хүний арга зам хэтэрхий олон хэвээр байгаа бөгөөд аливааг өнгөцхөн хийдэг байдал, зан авир чинь одоо ч бусдад зэвүүцмээр байдаг. Эдгээрээс улам ихийг таягдан хая. Та нарын сэтгэл зүйн байдал одоо ч хэтэрхий жигшүүртэй; үүнийг засаж залруулахад илүү их цаг зарцуул. Та нар хүмүүст одоо ч дэндүү өндөр байр суурь өгдөг; Бурханд илүү их байр суурь өг, хэтэрхий бодлогогүй бүү загна. “Сүм” үргэлж Бурханд харьяалагдаж ирсэн бөгөөд үүнийг хүмүүс эзлэх ёсгүй. Дүгнэж хэлэхэд, зөвт байдалд илүү төвлөрч, сэтгэл хөдлөлд бага анхаар, махан биеийг таягдан хаях нь хамгийн сайн. Бодит байдлын талаар их ярьж, мэдлэгийн талаар бага ярь, чимээгүй байх нь хамгийн сайн. Хэрэгжүүлэх замын талаар их ярьж, дэмий сагсуу яриа бага ярь. Яг одоо хэрэгжүүлж эхэлбэл хамгийн сайн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдалд илүү анхаар”-aaс эш татав

Тайлбар:

а. Ерөнхий сайдын сэтгэл: Уужуу сэтгэлтэй, өгөөмөр хүнийг дүрслэхдээ ашигладаг Хятадын сонгодог хэллэг.


Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 432

Хүмүүст тавих Бурханы шаардлага тийм ч өндөр биш. Хэрвээ тэд жаахан л чармайлт гаргах юм бол “тэнцсэн дүн” авч чадна. Үнэндээ, үнэнийг ойлгож, мэдэж, ухамсарлах нь үнэнийг хэрэгжүүлэхээс илүү төвөгтэй. Эхлээд үнэнийг хэрэгжүүлсний дараа үнэнийг мэдэж, ухамсарлах явдал тохиодог; эдгээр нь Ариун Сүнсний ажлын алхам, арга зам юм. Чи дуулгавартай дагахгүй байж яаж чадна вэ? Чи аливааг өөрийнхөөрөө хийснээр Ариун Сүнсний ажлыг олж авч чадах уу? Ариун Сүнс чиний тааллаар ажилладаг уу, эсвэл Бурханы үгийн дагуу чиний сул талд үндэслэн ажилладаг уу? Үүнийг тодорхой ойлгож чадахгүй бол утгагүй. Яагаад ихэнх хүн Бурханы үгийг уншихад ихээхэн чармайлт зарцуулсан мөртөө мэдлэг төдийхөн л эзэмшиж, бодитой замын талаар дараа нь юу ч хэлж чаддаггүй юм бэ? Мэдлэг эзэмших гэдэг үнэнийг эзэмшихтэй дүйцнэ гэж чи боддог уу? Энэ чинь төөрөлдсөн үзэл бодол биш үү? Чи далайн эрэг дээрх элсний ширхгүүд мэт их мэдлэгийг ярьж чаддаг боловч тэдгээрийн аль нь ч ямар нэг бодитой замыг агуулдаггүй. Үүгээрээ чи хүмүүсийг хуурч байгаа биш үү? Чи бодит баталгаагүй хоосон шоу хийж байгаа бус уу? Энэ бүх зан авир хүмүүст хортой! Онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ бодит байдлаас хол, хүмүүсийг бодит байдалд аваачих чадваргүй байдаг; онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ чамайг Бурханыг тэрсэлж, эсэргүүцдэг болгодог. Хамгийн өндөр дээд онолуудыг үнэт эрдэнэс мэт бүү үз; эдгээр нь хор хөнөөлтэй агаад ямар ч хэрэггүй! Зарим хүн хамгийн дээд онолуудыг ярьж чаддаг байж болно—гэхдээ эдгээрт ямар ч бодит байдал агуулагддаггүй, учир нь энэ хүмүүс тэдгээрийг биечлэн мэдрээгүй, иймээс тэдэнд хэрэгжүүлэх зам байдаггүй. Ийм хүмүүс хүнийг зөв замд аваачих чадваргүй бөгөөд хүмүүсийг замаа алдахад л хүргэнэ. Энэ нь хүмүүст хортой биш үү? Хамгийн наад зах нь чи тэдний өнөөгийн бэрхшээлийг шийдвэрлэж, оролтод хүрэх боломж олгох чадвартай байх ёстой; үүнийг л зориулалт гэж үзэх бөгөөд ингэснээр л чи Бурханы төлөө ажиллахад тэнцэнэ. Сүржин, гоёмсог үгийг үргэлж бүү ярь, олон зохимжгүй хэрэгжүүлэлтээрээ хүмүүсийг хүлж, өөрийг чинь дуулгавартай дагахад бүү хүргэ. Ингэх нь ямар ч үр нөлөөгүй бөгөөд хүмүүсийн төөрөгдлийг л ихэсгэнэ. Хүмүүсийг ийм байдлаар удирдах нь олон сургаал л бий болгож, тэдийг чамд дургүй болгоно. Энэ нь хүний дутагдал бөгөөд үнэхээр ичгэвтэр. Тиймээс бодитоор оршин байгаа асуудлын талаар илүү их ярь. Бусад хүний туршлагад хувийн өмч мэт хандаж, бусдаар бахдуулахын тулд үүнийг бүү дурд; чи өөрийн гэсэн гарах гарцаа хайх ёстой. Энэ бол хүн бүрийн хэрэгжүүлэх ёстой зүйл юм.

Нөхөрлөдөг зүйл чинь хүмүүст алхах зам өгч чаддаг бол чамд бодит байдал байгаатай адилхан. Чи юу ч хэллээ гэсэн хүмүүсийг хэрэгжүүлэлт рүү аваачиж, тэд бүгдэд дагаж болох замыг нь өгөх ёстой. Хүмүүст зөвхөн мэдлэгтэй байх боломж бүү олго, илүү чухал нь алхах замтай байх явдал юм. Бурханд итгэхийн тулд хүмүүс Өөрийнхөө ажлаар Бурханы хөтөлдөг замаар алхах ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх үйл явц нь Ариун Сүнсний хөтөлдөг замаар алхах үйл явц юм. Иймд чи юу ч болж байсан алхаж болох замтай байж, Бурханаар төгс болгуулах замд хөл тавих ёстой. Хэтэрхий хол бүү хоцор, мөн хэтэрхий олон зүйлд бүү анхаар. Чи Бурханы хөтөлдөг замаар саатал үүсгэлгүй алхаж чадах л юм бол Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, орох замтай болно. Үүнийг л Бурханы санаа зорилгод нийцэж, хүний үүргийг биелүүлж байна гэж тооцдог. Энэ урсгал дахь хүн болохын хувьд хүн бүр үүргээ зохистойгоор биелүүлж, хүмүүсийн хийвэл зохих зүйлийг илүү их хийж, дур зоргоороо загнахгүй байх ёстой. Ажил хэрэгжүүлж байгаа хүмүүс үгээ тодорхой болгож, дагаж байгаа хүмүүс нь бэрхшээлийг тэвчиж, дуулгавартай байхад илүү анхаарч, бүгд байр сууриа хадгалж, хэрээс хэтрэхгүй байх ёстой. Хэрхэн хэрэгжүүлэх, ямар чиг үүргийг биелүүлэх ёстой вэ гэдэг нь хүн бүрийн зүрх сэтгэлд тодорхой байх учиртай. Ариун Сүнсний хөтөлж буй замаар яв; замаа бүү алд, бүү хазай, буруу замаар бүү ор. Та нар өнөөдрийн ажлыг тодорхой харах ёстой. Өнөөдрийн ажлын арга барилд орох нь та нарын хэрэгжүүлэх ёстой зүйл юм. Энэ нь та нарын орох ёстой эхний зүйл. Бусад зүйл дээр өөр олон үгийг бүү гарзад. Өнөөдөр Бурханы гэрийн ажлыг хийх нь та нарын хариуцлага, өнөөдрийн ажлын арга барилд орох нь та нарын үүрэг бөгөөд өнөөдрийн үнэнийг хэрэгжүүлэх нь та нарын ачаа билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдалд илүү анхаар”-aaс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 433

Бурхан бол бодитой Бурхан: Түүний бүх ажил бодитой, Түүний хэлдэг бүх үг бодитой, мөн Түүний илэрхийлдэг бүх үнэн бодитой. Түүний үг биш бүхэн утгагүй, оршин байдаггүй, ул үндэсгүй байдаг. Өнөөдөр Ариун Сүнс Бурханы үг рүү хүмүүсийг залж чиглүүлэх гэж байгаа. Хэрвээ хүмүүс бодит байдал руу орохоор эрэлхийлж байгаа бол бодит байдлыг эрж хайж, бодит байдлыг мэдэх ёстой, үүний дараа тэд бодит байдалд туршлагажиж, бодит байдлыг амьдран харуулах ёстой. Хүмүүс бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, бусдын үг жинхэнэ эсэхийг төдий чинээ их таньж чаддаг; хүмүүс бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, төдий чинээ бага үзэлтэй байдаг; хүмүүс бодит байдалд хэдий чинээ их туршлагажна, бодитой Бурханы үйл хэргийг төдий чинээ их мэддэг ба завхарсан, сатанлаг зан чанараасаа салах нь тэдний хувьд төдий чинээ амархан байдаг; хүмүүс хэдий чинээ бодит байдалтай байна, Бурханыг төдий чинээ их мэдэж, махан биеийг төдий чинээ их жигшиж, үнэнийг хайрладаг; хүмүүс хэдий чинээ бодит байдалтай байна, Бурханы шаардлагын стандартад төдий чинээ дөхөж очдог. Бурханаар авхуулдаг хүмүүс бол бодит байдлыг эзэмшсэн, бодит байдлыг мэддэг, бодит байдалд туршлагажсанаар дамжуулан Бурханы бодит үйл хэргийг мэдэж авсан хүмүүс юм. Бурхантай бодитоор хамтран ажиллаж, биеэ сахилгажуулах тусмаа чи Ариун Сүнсний ажлыг төдий чинээ олж авч, бодит байдлыг төдий чинээ олж авч, мөн Бурханаар улам их гэгээрүүлэгдэж, улмаар Бурханы бодит үйл хэргийн талаарх мэдлэг чинь төдий чинээ ихэснэ. Хэрвээ чи Ариун Сүнсний одоогийн гэрэлд амьдарч чаддаг бол өнөөгийн хэрэгжүүлэлтийн зам чамд улам тодорхой болж, шашны үзэл болон өнгөрсөн үеийн хуучин хэрэгжүүлэлтээс өөрийгөө илүү сайн салгаж чадна. Өнөөдөр бодит байдал бол анхаарлын төв юм: Хүмүүс хэдий чинээ бодит байдалтай байна, үнэний тухай мэдлэг нь төдий чинээ тодорхой болж, Бурханы хүслийн талаарх ойлголт нь төдий чинээ ихэсдэг. Бодит байдал нь бүх бичиг үсэг, хоосон сургаалыг даван гарч чаддаг, бүх онол болон мэдлэгээс давж чаддаг ба хүмүүс бодит байдалд анхаарлаа төвлөрүүлэх тусам, Бурханыг төдий чинээ чин сэтгэлээсээ хайрлаж, Түүний үгээр өлсөж, цангадаг. Хэрвээ чи үргэлж бодит байдалд анхаарлаа төвлөрүүлдэг бол амьдралын гүн ухаан, шашны үзэл болон төрөлхийн зан авир чинь Бурханы ажлыг даган аяндаа арилна. Бодит байдлыг эрэлхийлдэггүй, бодит байдлын талаар ямар ч мэдлэггүй хүмүүс ер бусын зүйлсийн араас хөөцөлдөх талтай байдаг ба амархан мэхлэгдэнэ. Ариун Сүнс ийм хүмүүс дээр ажиллах ямар ч аргагүй байдаг тул тэдэнд хий хоосон, амьдрал нь ямар ч утгагүй санагддаг.

Чи үнэнийг хайхын төлөө бодитоор дадлагажиж, бодитоор хайж, бодитоор залбирч, зовохыг хүсэх үед л Ариун Сүнс чам дээр ажиллаж чадна. Үнэнийг эрж хайдаггүй хүмүүст бичиг үсэг, сургаал, хоосон онолоос өөр юу ч байдаггүй ба үнэнгүй хүмүүс угаасаа Бурханы талаар олон үзэлтэй байдаг. Иймэрхүү хүмүүс, Бурхан махан биеийг нь сүнслэг бие болгон өөрчилж, тэгснээр тэд гурав дахь тэнгэр өөд гарч магад гэж л хүсэн эрмэлзэж байдаг. Энэ хүмүүс хэчнээн мунхаг вэ! Ийм зүйл хэлдэг бүх хүн Бурханы талаар, эсвэл бодит байдлын талаар ямар ч мэдлэггүй байдаг; ийм хүмүүс Бурхантай хамтран ажиллах боломжгүй, харин зөвхөн идэвхгүйгээр л хүлээж чадна. Хэрвээ хүмүүс үнэнийг ойлгож, үнэнийг тодорхой харж, цаашлаад үнэнд орж, үүнийг хэрэгжүүлэхийг хүсвэл бодитоор дадлагажиж, бодитоор хайж, бодитоор өлсөж цангах ёстой. Өлсөж цангах үед чинь, Бурхантай бодитоор хамтран ажиллах үед чинь Бурханы Сүнс гарцаагүй чамайг хөдөлгөж, чиний дотор ажиллана, энэ нь чамд илүү их гэгээрэл авчирч, бодит байдлын тухай илүү их мэдлэгийг өгч, аминд чинь асар тустай байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 434

Хэрвээ хүмүүс Бурханыг мэдье гэвэл Бурхан бол бодитой Бурхан гэдгийг эхлээд мэдэх ёстой, түүнчлэн Бурханы үгийг, Бурханы махбод дахь бодит илрэлтийг болон Бурханы бодитой ажлыг мэдэх ёстой. Бурханы бүх ажил бодитой гэдгийг мэдсэнийхээ дараа л чи Бурхантай үнэхээр хамтран ажиллах чадна, энэ замаар л чи өөрийн амийг өсгөж чадна. Бодит байдлын талаар огт мэддэггүй бүх хүн Бурханы үгийг туулах ямар ч аргагүй байдаг ба тэд үзэлдээ баригдаж, төсөөлөл дотроо амьдардаг, тиймээс тэд Бурханы үгийн талаар ямар ч мэдлэггүй байдаг. Чи бодит байдлыг мэдэх тусмаа, Бурханд улам ойртож, Түүнтэй улам ойр дотно болно; чи тодорхойгүй байдал, хийсвэрлэл, хоосон сургаалыг эрж хайх тусмаа Бурханаас төдий чинээ холдож, улмаар Бурханы үгийг туулах нь хүнд бэрх, хэцүү гэдгийг, мөн орох чадваргүй гэдгээ төдий чинээ их мэдэрнэ. Хэрвээ чи Бурханы үгийн бодит байдалд орж, сүнслэг амьдралынхаа зөв замд орохыг хүсвэл эхлээд бодит байдлыг мэдэж, тодорхойгүй болон ер бусын зүйлсээс өөрийгөө салгах ёстой, өөрөөр хэлбэл, Ариун Сүнс чамайг дотроос чинь хэрхэн бодитоор гэгээрүүлж, залж чиглүүлдэг болохыг эхлээд ойлгох ёстой. Ийм маягаар, хүний доторх Ариун Сүнсний бодит ажлыг үнэхээр ухаарч чадвал чи Бурханаар төгс болгуулах зөв замд орсон байх болно.

Өнөөдөр бүх зүйл бодит байдлаас эхэлдэг. Бурханы ажил бол хамгийн бодит бөгөөд хүмүүсийн хүрч чадах зүйл; энэ бол хүмүүсийн туулж, биелүүлж чадах зүйл юм. Хүмүүст маш их тодорхойгүй, ер бусын зүйлс байдаг, эдгээр нь Бурханы одоогийн ажлыг мэдэхэд тэдэнд саад болдог. Тиймээс дадлага туршлагадаа тэд үргэлж хазайж, аливаа юмс хүнд хэцүү гэдгийг үргэлж мэдэрдэг ба эдгээр нь бүгд тэдний үзлээс болдог. Хүмүүс Ариун Сүнсний ажлын зарчмуудыг ухаарч чаддаггүй, бодит байдлыг мэддэггүй тул оролтын замдаа үргэлж сөрөг байдаг. Тэд Бурханы шаардлагуудыг алсаас хардаг ба тэдгээрийг биелүүлж чаддаггүй; тэд ердөө л Бурханы үг үнэхээр сайн гэдгийг хардаг боловч орох замыг олж чаддаггүй. Ариун Сүнс энэ зарчмаар ажилладаг: Хүмүүсийн хамтын ажиллагаагаар дамжуулан, мөн идэвхтэй залбирч, хайж, Бурханд ойртож байгаагаар дамжуулан үр дүнд хүрч чаддаг бөгөөд тэднийг Ариун Сүнс гэрэлтүүлж, гэгээрүүлж чаддаг. Ариун Сүнс ганцаараа үйлддэг, эсвэл хүн ганцаараа хийдэг юм биш. Хоёулаа зайлшгүй шаардлагатай бөгөөд хүмүүс хамтран ажиллаж, Бурханы шаардлагуудын стандартад хүрэхээр эрэлхийлэх тусам, Ариун Сүнсний ажил төдий чинээ их болдог. Ариун Сүнсний ажил дээр нэмээд хүмүүсийн бодит хамтын ажиллагаа байснаар л бодит туршлагуудыг болон Бурханы үгийн талаарх мөн чанарын мэдлэгийг бий болгож чадна. Аажмаар, ийм маягаар туршлагажсанаар л төгс хүн эцэстээ бий болно. Бурхан ер бусын зүйл хийдэггүй; хүмүүсийн үзлээр бол Бурхан төгс хүчит бөгөөд бүх зүйлийг Бурхан хийдэг—үүний үр дүнд хүмүүс идэвхгүйгээр хүлээж, Бурханы үгийг уншдаггүй, эсвэл залбирдаггүй, ердөө Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөхийг хүлээдэг. Харин зөв ойлголттой хүмүүс ингэж итгэдэг: Намайг хамтран ажиллахын хэрээр л Бурхан ажиллаж чадна. Бурханы ажлын надад үзүүлэх үр нөлөө хэрхэн хамтран ажиллахаас минь шалтгаалдаг. Бурханыг ярих үед Бурханы үгэнд шамдаж, эрж хайхын тулд би чадах бүхнээ хийх ёстой; энэ бол миний хийх ёстой зүйл.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 435

Чи шашны хэдэн зан үйл мөрддөг вэ? Чи хэдэн удаа Бурханы үгийн эсрэг тэрсэлж, өөрийнхөөрөө хийж байсан бэ? Бурханы ачаанд үнэхээр анхаарал хандуулж, Түүний хүслийг биелүүлэхийг эрэлхийлдгээсээ болоод чи хэдэн удаа Бурханы үгийг хэрэгжүүлж байсан бэ? Чи Бурханы үгийг ойлгож, хэрэгжүүлэх ёстой. Өөрийн бүх үйлдэл, үйл хэрэгт зарчимтай бай, гэхдээ энэ нь дүрэмд баригдах юм уу зөвхөн нүд хуурахын тулд арай ядан хийх явдал биш; харин Бурханы үгээр амьдарч, үнэнийг хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Ийм хэрэгжүүлэлт л Бурханыг хангалуун байлгадаг. Бурханы таалалд нийцэх аливаа үйл ажиллагаа нь дүрэм биш, харин үнэний хэрэгжүүлэлт билээ. Зарим хүн олны анхаарлыг өөртөө татах дуртай байдаг. Ах эгч нарынхаа дэргэд Бурханд өртэй гэж ярьдаг ч ар хударгаар нь үнэнийг хэрэгжүүлэлгүй, шал эсрэгээр нь хийдэг. Тэд шашны фарисайчууд биш гэж үү? Бурханыг үнэн голоосоо хайрладаг, үнэнтэй хүн нь Бурханд үнэнч нэгэн боловч үүнийгээ ил гаргадаггүй. Асуудал үүсэхэд тэрээр үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байдаг ба мөс чанарынхаа эсрэг үг, үйлдэл хийдэггүй. Орчин нөхцөл ямар ч байсан хамаагүй, асуудал үүсэх үед тэрээр мэргэн ухаанаа харуулдаг, үйл хэрэгтээ зарчимтай байдаг. Ийм хүн л жинхэнээсээ үйлчилдэг нэгэн юм. Бурханд өртэй тухайгаа үргэлж дүр эсгэдэг хүмүүс байдаг; тэд өдөржин санаа зовнисон байдлаар хөмсгөө зангидаж, дүр эсгэн, өрөвдөлтэй царайлж өдөр хоногоо өнгөрүүлдэг. Хэчнээн жигшүүртэй гээч! “Бурханд ямар өртэй тухайгаа надад хэлж болох уу?” гэж асуувал тэд хэлэх үггүй болно. Хэрвээ чи Бурханд үнэнч бол гаднаа энэ талаар бүү ярь; харин бодит хэрэгжүүлэлтээр Бурханыг гэх хайраа харуулж, чин үнэнч сэтгэлээр Түүнд залбир. Бурхантай үг хэлээрээ, хааш яаш л харьцдаг хүмүүс бол бүгд хоёр нүүртнүүд! Зарим нь залбирах болгондоо Бурханд өртэйгөө ярьж, Ариун Сүнс хөдөлгөөгүй байхад хүртэл залбирах бүрдээ мэгшин уйлж эхэлдэг. Ийм хүмүүс шашны зан үйл болон үзэлтэй байдаг; тэд ийм зан үйл, үзлээр амьдран, ийм үйлдлийг Бурхан таалдаг, бас өнгөц сүсэг бишрэл, гунигт нулимс бол Бурхан таашаадаг зүйл гэдэгт үргэлж итгэдэг. Ийм хөгийн хүмүүсээс ямар сайн юм гарах билээ? Зарим нь даруу байдлаа харуулахын тулд бусдын дэргэд ярих үедээ журамтай дүр үзүүлдэг. Зарим нь бусдын өмнө ямар ч хүч чадалгүй хурга адил зориуд зусарддаг. Хаанчлалын ардуудад тохирох төрх байдал энэ мөн үү? Хаанчлалын ардууд цог золбоотой агаад эрх чөлөөтэй, гэм зэмгүй агаад нээлттэй, үнэнч агаад хайр татам байж, эрх чөлөөтэй амьдардаг байх ёстой. Тэд жудагтай, нэр төртэй, хаашаа ч явсан гэрчлэлд зогсож чаддаг байх ёстой; тийм хүмүүсийг Бурхан болон хүмүүсийн аль аль нь хайрладаг. Шинээр итгэж байгаа хүмүүс гадаад талын хэт олон хэрэгжүүлэлттэй байдаг; тэд эхлээд харьцалт, эвдэлтийн үеийг туулах ёстой. Зүрх сэтгэлдээ Бурханд итгэдэг хүмүүс гаднаа бусдаас ялгардаггүй, гэвч үйлдэл болон үйл хэрэг нь бусдад магтууштай байдаг. Ийм хүмүүсийг л Бурханы үгийг амьдран харуулж байна гэж үзэж болно. Хэрвээ чи өдөр болгон энэ, тэр хүнд сайн мэдээ номлож, тэднийг аврал руу аваачдаг ч эцсийн эцэст дүрэм, сургаал дотор амьдарч байгаа бол Бурханд алдрыг авчирч чадахгүй. Ийм хүмүүс бол шашны хүмүүс, бас хоёр нүүртнүүд юм.

………………………

Хүмүүсийн өнгөц сайн үйл хэрэг юуг төлөөлдөг вэ? Тэдгээр нь махан биеийг төлөөлдөг ба хамгийн сайн гадаад талын хэрэгжүүлэлт ч амийг бус, харин хувийн зан чанарыг чинь л төлөөлдөг. Хүний гадаад талын хэрэгжүүлэлт Бурханы хүслийг биелүүлж чадахгүй. Чи байнга Бурханд өртэй тухайгаа ярьдаг ч бусдын амийг хангаж, Бурханыг хайрлахад бусдыг өдөөж чаддаггүй. Чиний ийм үйлдлүүд Бурханыг сэтгэл хангалуун байлгана гэж чи итгэж байна уу? Энэ нь Бурханы хүсэл, энэ нь сүнснийх гэж чи боддог боловч үнэн хэрэгтээ энэ чинь утгагүй зүйл! Чиний таашаадаг, хүсдэг зүйл бол Бурханыг баясгадаг зүйл гэж чи үздэг. Чиний таашаадаг зүйл Бурханыг төлөөлж чадах уу? Хүний зан авир Бурханыг төлөөлж чадах уу? Чиний таашаадаг зүйл бол яг Бурханы үзэн яддаг зүйл бөгөөд чиний зуршлууд бол Бурханы жигшин голдог зүйл юм. Хэрвээ чамд өртэй санагдвал Бурханы өмнө очиж залбир. Энэ талаар бусдад ярих ямар ч хэрэггүй. Хэрвээ чи Бурханы өмнө залбиралгүй, оронд нь бусдын анхаарлыг байнга өөртөө татдаг бол энэ чинь Бурханы хүслийг биелүүлж чадах уу? Хэрвээ чиний үйлдэл үргэлж нүд хуурахаас цаашгүй байдаг бол чи дээд зэргийн нэрэлхүү гэсэн үг. Өнгөц сайн үйл л хийдэг, бодит байдалгүй хүмүүс ямар байдалтай хүмүүс вэ? Ийм хүмүүс бол зүгээр л хоёр нүүртэй фарисайчууд, шашны хүмүүс юм! Хэрвээ та нар гадаад талын хэрэгжүүлэлтийг хойш тавьж, өөрчлөлт хийж чадахгүй бол та нарт байгаа хоёр нүүртэй зангийн элементүүд улам ихэснэ. Хоёр нүүртэй зангийн элементүүд хэдий чинээ ихэснэ, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл төдий чинээ их байдаг. Эцэст нь ийм хүмүүс гарцаагүй таягдан хаягдана!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 436

Хэвийн хүний төрхийг сэргээх буюу хэвийн хүн чанартай болохын тулд хүмүүс зөвхөн үгээрээ Бурханыг баярлуулж болохгүй. Ингэснээрээ тэд өөрсдийгөө хорлодог бөгөөд энэ нь тэдний оролт болон өөрчлөлтөд ямар ч ашиг тусгүй. Тиймээс өөрчлөлтөд хүрэхийн тулд хүмүүс бага багаар хэрэгжүүлэх ёстой. Тэд алгуурхнаар орж, жаахан жаахнаар эрж хайж, шинжилж, эерэг талаас орж, үнэний бодит амьдралаар, ариун хүний амьдралаар амьдрах ёстой. Тэгсний дараа бодит асуудал, бодит зүйлс, бодит орчин нь хүмүүст бодит дадлагатай болох боломж олгодог. Тэднээс хоосон ярихыг шаарддаггүй; харин бодит орчинд дадлага хийхийг шаарддаг. Хүмүүс эхлээд дорд хэв чанартайгаа ухаарч, дараа нь Бурханы үгийг хэвийн байдлаар идэж, уун, хэвийн орж, бас хэвийн хэрэгжүүлдэг; ингэж тэд бодит байдлыг олж авдаг ба ийнхүү оролт нь илүү хурдацтай явагдаж болох юм. Хүмүүсийг өөрчлөхийн тулд зарим нэг бодит байдал байх ёстой; тэд бодит зүйл, бодит үйл явдал, бодит орчинтойгоор хэрэгжүүлэх ёстой. Чуулганы амьдралд түшиглэх төдийхнөөр жинхэнэ дадлага олж чадах уу? Хүмүүс бодит байдалд ингэж орж чадах уу? Үгүй! Хэрвээ хүмүүс бодит амьдралд орж чадахгүй бол хуучин амьдралын хэв маяг, аливааг хийдэг арга замаа өөрчилж чадахгүй. Энэ нь бүхэлдээ хүний залхуурал, хэт их найдамтгай зангаас болдоггүй, харин ердөө л хүн амьдрах чадамжгүйгээс, түүнчлэн Бурханы шаарддаг хэвийн хүний төрхийн стандартыг ойлгодоггүйгээс болдог. Урьд нь хүмүүс байнга хэлж, ярьж, нөхөрлөж, бүр “уран илтгэгч” болж байсан атлаа тэдний нэг нь ч амь зан чанартаа өөрчлөлт эрж хайж байгаагүй; харин тэд гүн гүнзгий онол эрж хайх гэж сохроор зүтгэсэн. Тиймээс өнөөгийн хүмүүс амьдралдаа Бурханд итгэх шашны энэ маягийг өөрчлөх ёстой. Тэд нэг зүйл, нэг үйл явдал, нэг хүн дээр анхаарлаа төвлөрүүлэн хэрэгжүүлэлт рүү орох ёстой. Тэд аливааг анхааралтай хийх ёстой—тэр үед л үр дүнд хүрч чадна. Хүмүүсийн өөрчлөлт мөн чанараас нь эхэлдэг. Уг ажил хүмүүсийн мөн чанар, амьдрал болон залхуу хойрго, найдамтгай зан, боол шиг байдалд чиглэх ёстой, тэгж байж л тэд өөрчлөгдөж чадна.

Хэдий чуулганы амьдрал зарим талаараа үр дүнтэй байж болох ч гол нь бодит амьдрал хүнийг өөрчилж чаддаг. Бодит амьдралгүйгээр хүний хуучин уг чанарыг өөрчилж чадахгүй. Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажлыг жишээ болгон авч үзэцгээе. Есүс хуучин хуулиудыг халж, шинэ эрин үеийн тушаалуудыг тогтоохдоо бодит амьдралын жинхэнэ жишээ ашиглан ярьсан билээ. Нэгэн амралтын өдөр Есүс шавь нараа дагуулан тариан талбай дундуур явахад шавь нар нь өлсөж, тариан түрүү идэх гээд шувтрав. Үүнийг фарисайчууд хараад амралтын өдрийг сахисангүй гэцгээжээ. Тэд бас амралтын өдөр ямар ч ажил хийж болохгүй гэцгээж, амралтын өдөр нүхэнд унасан тугалуудыг аварч болохгүй хэмээсэн юм. Есүс эдгээр явдлыг эш татан шинэ эрин үеийн тушаалуудыг аажмаар тунхаглажээ. Тухайн үед хүмүүст ойлгуулж, мөн өөрчлөгдөхөд нь туслахын тулд Тэр олон бодит явдлыг ашигласан. Энэ нь Ариун Сүнс ажлаа гүйцэтгэдэг зарчим бөгөөд зөвхөн ийм маягаар л хүмүүсийг өөрчилж чадна. Бодит явдал байхгүй бол хүмүүс зөвхөн онол, оюун ухааны ойлголт олж авч чадна—энэ бол өөрчлөх үр дүнтэй арга биш юм. Тэгэхээр, мэргэн ухаан, ухаарлыг дадлагаар хэрхэн олж авдаг вэ? Хүн зүгээр л сонсож, уншиж, мэдлэгээ сайжруулснаар мэргэн ухаан, ухаарал олж авч чадах уу? Яаж ийм байж болох билээ? Хүн бодит амьдралд ойлгож, туулах ёстой! Тиймээс хүн дадлага хийх ёстой бөгөөд бодит амьдралаас холдох ёсгүй. Хүмүүс өөр өөр талуудад анхаарал хандуулж, янз бүрийн талд: хүний боловсролын түвшин, илэрхийлэх байдал, аливааг харах чадвар, ялган таних, Бурханы үгийг ойлгох чадвар, суурь мэдлэг, хүн чанарын ёс журам болон хүмүүст байвал зохих хүн чанартай холбоотой бусад зүйлд орох ёстой. Ойлголт олж авсныхаа дараа хүмүүс оролтдоо анхаарах ёстой ба тэр үед л өөрчлөлтөд хүрч чадна. Хүн ойлголт олж авсан хэрнээ хэрэгжүүлэлтийг орхисон бол яаж өөрчлөгдөж чадах юм бэ? Одоо хүмүүс ихийг ойлгодог боловч бодит байдлыг амьдран харуулдаггүй; тийм учраас Бурханы үгийн мөн чанарын талаар баттай ойлголт бага байдаг. Чи ердөө бага зэрэг л гэгээрсэн; Ариун Сүнснээс жаахан гэрэлтүүлэлт хүлээн авсан мөртөө бодит амь руу ордоггүй—эсвэл оролтын талаар огт тоодоггүй—тул өөрчлөлт чинь багасна. Тийм урт хугацааны дараа хүмүүс ихийг ойлгож байна. Онолын мэдлэгийнхээ тухай ихийг ярьж чаддаг боловч гаднах зан чанар нь хэвээр үлдэж, анхдагч хэв чанар нь өчүүхэн ч сайжралгүй байсан шигээ үлддэг. Хэрвээ тийм бол чи эцэстээ хэзээ орох юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чуулганы амьдрал ба бодит амьдралыг хэлэлцэх нь”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 437

Чуулганы амьдрал бол хүмүүс Бурханы үгийг амтлах гэж цугладаг ердөө л нэг төрлийн амьдрал бөгөөд хүний амьдралын өчүүхэн хэлтэрхий төдий юм. Хэрвээ хүний бодит амьдрал бас чуулганы амьдралтай нь адил—хэвийн сүнслэг амьдралтай, Бурханы үгийг хэвийн байдлаар амталдаг, хэвийн байдлаар Бурханд залбирч, Түүнтэй ойр байдаг, Бурханы хүслийн дагуу бүхнийг үйлддэг бодит амьдралтай, үнэний дагуу бүгдийг үйлддэг бодит амьдралтай, залбирал үйлдэж, Бурханы өмнө тайван байдаг, магтан дуу дуулж, бүжиглэдэг бодит амьдралтай—бол зөвхөн тийм амьдрал л хүнийг Бурханы үгийн амьдрал руу аваачна. Ихэнх хүн чуулганы амьдралынхаа хэдэн цагаас бусад үеийн амьдрал нь огт хамаагүй мэт “тоохгүйгээр” зөвхөн тэр хэдэн цагт анхаарлаа төвлөрүүлдэг. Мөн Бурханы үгийг идэж ууж, магтан дуу дуулж, залбирч байхдаа л ариун хүний амьдрал руу ороод бусад цагт нь хуучин байдалдаа эргэн очдог олон хүн байдаг. Тийм амьдрал хүмүүсийг өөрчилж чаддаггүй, Бурханыг мэдэх боломж бүр ч өгөхгүй. Хүн Бурханд итгэхдээ, өөрийн зан чанарыг өөрчлөхийг хүсвэл өөрийгөө бодит амьдралаас салгах ёсгүй. Чи бодит амьдралд өөрийгөө мэдэж, өөрийгөө хаяж, үнэнийг хэрэгжүүлж, түүнчлэн бүх зүйл дээр биеэ авч явах зарчмууд, суурь мэдлэг, ёс журмыг суралцах ёстой, ингэсний дараа чи аажмаар өөрчлөгдөж чадна. Хэрвээ чи бодит байдалд гүн нэвтрэхгүйгээр, бодит амьдралд орохгүйгээр зөвхөн онолын мэдлэгт анхаарч, шашны зан үйл дунд амьдарвал бодит байдалд хэзээ ч орохгүй, өөрийгөө, үнэнийг, Бурханыг хэзээ ч мэдэхгүй, үргэлж сохор, мэдлэггүй байх болно. Хүмүүсийг аврах Бурханы ажил нь хүнийг богинохон хугацаанд хэвийн хүний амьдралаар амьдруулах явдал биш, эндүү ташаа үзэл, хоосон сургаалыг нь өөрчлөх явдал ч биш. Харин хүмүүсийн хуучин зан чанарыг өөрчлөх, амьдралын хуучин маягийг нь тэр чигт нь өөрчлөх, бүх хоцрогдсон сэтгэлгээ, сэтгэл санааны байдлыг өөрчлөх нь Түүний зорилго юм. Зөвхөн чуулганы амьдралд анхаарснаар хүний амьдралын хуучин зуршил, эсвэл урт удаан хугацаанд амьдарч ирсэн хуучин маягийг өөрчлөхгүй. Ямар ч атугай, хүн бодит амьдралаас тасарч болохгүй. Хэвийн хүн чанарыг зөвхөн чуулганы амьдралд төдийгүй бодит амьдралд амьдран харуулахыг; үнэнийг зөвхөн чуулганы амьдралд төдийгүй бодит амьдралд амьдран харуулахыг; өөрсдийн чиг үүргийг зөвхөн чуулганы амьдралд төдийгүй бодит амьдралд гүйцэтгэхийг Бурхан хүмүүсээс хүсдэг. Бодит байдалд орохдоо хүн бүх зүйлийг бодит амьдрал руу хандуулах ёстой. Хэрвээ хүмүүс Бурханд итгэхдээ, бодит амьдралд орсноор дамжуулан өөрсдийгөө мэдэж чадахгүй бол, мөн бодит амьдрал дээр хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадахгүй бол бүтэлгүй хүмүүс болно. Бурханд дуулгаваргүй хүмүүс нь бүгдээрээ бодит амьдралд орж чаддаггүй хүмүүс юм. Тэд бүгдээрээ хүн чанарын талаар ярьдаг мөртөө чөтгөрийн уг чанарыг амьдран харуулдаг хүмүүс юм. Тэд бол бүгдээрээ үнэний тухай ярьдаг мөртөө хоосон сургаалыг амьдран харуулдаг хүмүүс юм. Бодит амьдралд үнэнийг амьдран харуулж чаддаггүй хүмүүс бол Бурханд итгэдэг ч Түүнд жигшигдэн гологддог хүмүүс билээ. Чи бодит амьдралд оролтоо хэрэгжүүлж, өөрийн дутагдал, дуулгаваргүй болон мунхаг байдал, хэвийн бус хүн чанар, сул талыг мэдэх ёстой. Ийм маягаар мэдлэг чинь чиний бодит нөхцөл байдал, бодит бэрхшээлтэй нэгдэнэ. Ийм төрлийн мэдлэг л бодит бөгөөд байр байдлаа бүрэн ухамсарлаж, зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжийг чамд олгож чаддаг.

Хүмүүсийг төгс болгох явдал одоо албан ёсоор эхэлчихсэн, чи бодит амьдралд орох ёстой. Тиймээс өөрчлөлтөд хүрэхийн тулд бодит амьдралд орохоос эхэлж, бага багаар өөрчлөгдөх ёстой. Хэрвээ чи хүний хэвийн амьдралаас зайлсхийж, сүнслэг асуудлын талаар л яривал юмс сонирхолгүй, уйтгартай болно; тэдгээр нь бодит бус болно, тэгээд хүн яаж өөрчлөгдөж чадах юм бэ? Бодитой туршлага руу орох үндэс суурийг тавихын тулд бодит амьдралд хэрэгжүүлэхээр ор гэж одоо чамд хэлсэн. Энэ бол хүний хийх ёстой зүйлсийн нэг мөн. Ариун Сүнсний ажил бол голдуу удирдах байдаг бол харин үлдсэн хэсэг нь хүмүүсийн хэрэгжүүлэлт болон оролтоос хамаардаг. Хүн бүр янз бүрийн замаар бодит амьдрал руу орж болно, тэгснээрээ бодит амьдралд Бурханыг авчирч, жинхэнэ хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадна. Энэ л утга учиртай амьдрал юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Чуулганы амьдрал ба бодит амьдралыг хэлэлцэх нь”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 438

Урьд нь, Ариун Сүнсний дэргэд байх болон Ариун Сүнсний ажилтай байх нь ялгаатай гэж хэлдэг байсан. Ариун Сүнсний дэргэд байх хэвийн байр байдал нь хэвийн бодол, хэвийн эрүүл ухаан, хэвийн хүн чанартай байхаар илэрхийлэгддэг. Хүний жудаг урьдынхаараа л үлдэх боловч дотроо амар амгалан болж, гаднаа ариун хүний төрх байдалтай байх болно. Ариун Сүнс тэдэнтэй хамт байх үед тэд ийм байна. Ариун Сүнс хамт байх үед хүн хэвийн бодолтой байдаг. Өлсөх үедээ тэд идэхийг хүсэж, цангасан үедээ тэд ус уухыг хүсдэг… Хэвийн хүн чанарын ийм илрэлүүд нь Ариун Сүнсний гэгээрэл биш; тэдгээр нь Ариун Сүнстэй хамт байгаа хүмүүсийн хэвийн бодол, хэвийн байр байдал юм. Зарим хүн, Ариун Сүнстэй хамт байгаа хүмүүс өлсөхийг мэддэггүй, ядрахыг мэддэггүй, гэр бүлийнхнээ огт боддоггүй мэт санагддаг ба махан биеэс өөрсдийгөө бараг бүрмөсөн салгасан байдаг гэж эндүүрэн итгэдэг. Үнэндээ Ариун Сүнс хүмүүстэй хамт байх тусам, тэд төдий чинээ хэвийн байдаг. Тэд Бурханы төлөө зовж, аливааг орхиж, өөрсдийгөө зарлагадаж, Бурханд үнэнч байхыг мэддэг; түүнчлэн хоол унд, хувцас хунарын талаар боддог. Өөрөөр хэлбэл, тэд хүмүүст байх учиртай хэвийн хүн чанарын юуг ч гээгээгүй байдаг ба харин ч нэн эрүүл ухаантай байдаг. Заримдаа тэд Бурханы үгийг уншиж, Бурханы ажлыг тунгаан боддог; тэдний зүрх сэтгэлд итгэл байдаг бөгөөд үнэнийг эрэлхийлэхэд бэлэн байдаг. Ариун Сүнсний ажил мэдээж энэ суурин дээр үндэслэдэг. Хэрвээ хүмүүст хэвийн сэтгэхүй байхгүй бол тэдэнд эрүүл ухаан байхгүй байх ба энэ нь хэвийн байдал биш юм. Хүмүүс хэвийн сэтгэхүйтэй, Ариун Сүнстэй хамт байх үедээ хэвийн хүний эрүүл ухааныг гарцаагүй эзэмшдэг бөгөөд улмаар хэвийн байр байдалтай байдаг. Бурханы ажлыг туулах үед хааяа л Ариун Сүнсний ажилтай байдаг байхад байнга шахуу Ариун Сүнстэй хамт байдаг. Хүмүүсийн эрүүл ухаан болон сэтгэхүй хэвийн байгаа цагт, мөн байр байдал нь хэвийн байгаа цагт Ариун Сүнс гарцаагүй хамт байдаг. Хүмүүсийн эрүүл ухаан болон сэтгэхүй хэвийн биш байх үед хүн чанар нь хэвийн биш байдаг. Хэрвээ энэ мөчид Ариун Сүнсний ажил чамд байгаа бол Ариун Сүнс ч бас гарцаагүй чамтай хамт байх болно. Гэхдээ Ариун Сүнс чамтай хамт байдаг бол Ариун Сүнс заавал чиний дотор ажиллаж байх албагүй, учир нь Ариун Сүнс онцгой цагт ажилладаг билээ. Ариун Сүнстэй хамт байх нь зөвхөн хүмүүсийн хэвийн оршин тогтнолыг л хадгалж чадах боловч Ариун Сүнс тодорхой цаг хугацаанд л ажилладаг. Жишээлбэл, хэрвээ чи удирдагч юм уу ажилчин бол чуулганыг усалж, тэжээлээр хангах үед чинь бусдад сургамжтай, мөн ах эгч нарын чинь зарим бодитой асуудлыг шийдвэрлэж чадах зарим үгээр Ариун Сүнс чамайг гэгээрүүлнэ—ийм үед Ариун Сүнс ажиллаж байгаа. Заримдаа, Бурханы үгийг идэж, ууж байх үед чинь ялангуяа чиний туршлагатай холбоотой зарим нэг үгээр Ариун Сүнс чамайг гэгээрүүлэн, өөрийнхөө байр байдлын талаар илүү их мэдэх боломж олгодог; энэ нь ч бас Ариун Сүнсний ажил юм. Заримдаа, Намайг ярихад та нар сонсож, өөрсдийнхөө байр байдлыг Миний үгтэй харьцуулан хэмжиж чаддаг бөгөөд заримдаа та нарын сэтгэл хөдөлж, эсвэл зоригждог; энэ бүхэн нь Ариун Сүнсний ажил юм. Ариун Сүнс цаг ямагт өөрсөд дээр нь ажиллаж байгаа гэж зарим хүн хэлдэг. Тэгэх боломжгүй. Ариун Сүнс үргэлж өөрсөдтэй нь хамт байдаг гэж хэлэх юм бол бодитой байна. Өөрсдийнх нь сэтгэхүй, эрүүл ухаан нь цаг үргэлж хэвийн байдаг гэж хэлэх юм бол тэр нь ч бас бодитой байж, Ариун Сүнс тэдэнтэй хамт байгааг харуулах байсан. Хэрвээ тэд, Ариун Сүнс үргэлж дотор нь ажиллаж, хором бүрд өөрсдийг нь Бурхан гэгээрүүлж, Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөдөг, тэгээд тэд цаг ямагт шинэ мэдлэг олж авдаг гэж хэлэх юм бол энэ нь яавч хэвийн биш! Энэ нь тэр чигтээ ер бусын хэрэг юм! Тийм хүмүүс бол муу ёрын сүнс гэдэг нь өчүүхэн ч эргэлзээгүй! Бурханы Сүнс махбодод ирэх үедээ ч гэсэн Түүнд хооллох ёстой, амрах ёстой цаг гэж бий—хүмүүсийн тухайд бол ярихын ч хэрэггүй. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүст махан биеийн сул тал байдаггүй мэт санагддаг. Тэд бүх зүйлийг хаяж, орхиж чаддаг, сэтгэл хөдлөлөөс ангид, тарчлааныг тэсвэрлэх чадвартай бөгөөд махан биеийг даван гарсан мэт өчүүхэн ч ядардаггүй. Ингэх нь туйлын ер бусын биш үү? Муу ёрын сүнсний ажил ер бусын байдаг—нэг ч хүн ийм зүйлд хүрч чадахгүй! Ялган таних чадваргүй хүмүүс тийм хүмүүсийг харахаараа атаархаж, тэд бол Бурханд итгэхдээ маш эрч хүчтэй, асар их итгэлтэй, сул дорой байдлын өчүүхэн ч шинж тэмдгийг харуулдаггүй гэж хэлдэг! Үнэндээ эдгээр нь муу ёрын сүнсний ажлын илрэл юм. Учир нь, хэвийн хүмүүст хүний сул тал зайлшгүй байдаг; энэ бол Ариун Сүнстэй хамт байгаа хүмүүсийн хэвийн байр байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (4)”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 439

Гэрчлэлдээ бат зогсоно гэдэг нь юу гэсэн үг вэ? Зарим хүн, одоогийнх шигээ зүгээр л дагадаг ба амийг олж авч чадах эсэх талаар санаа зовдоггүй; амийг эрэлхийлдэггүй гэж хэлдэг боловч бас ухарч буцдаггүй. Тэд ажлын энэ үе шатыг л Бурхан гүйцэтгэж байгаа гэж хүлээн зөвшөөрдөг. Энэ нь гэрчлэлдээ бүтэлгүйтэж байгаа хэрэг биш үү? Тийм хүмүүс байлдан дагуулагдах тухай гэрчлэл ч хийдэггүй. Байлдан дагуулагдсан хүмүүс бусад бүх зүйлийг үл хамааран дагадаг ба амийг эрэлхийлж чаддаг. Тэд бодитой Бурханд итгээд зогсохгүй, мөн Бурханы бүх зохицуулалтыг дагахаа мэддэг. Тэд бол гэрчлэл хийдэг хүмүүс юм. Гэрчлэл хийдэггүй хүмүүс хэзээ ч амийг эрэлхийлээгүй ба учраа олохгүй дагасаар л байдаг. Чи дагадаг байж болох боловч энэ нь байлдан дагуулагдсан гэсэн үг биш, учир нь чи өнөөдрийн Бурханы ажлын талаар ямар ч ойлголтгүй байдаг. Байлдан дагуулагдахын тулд тодорхой болзлуудыг хангах ёстой. Дагадаг бүх хүн байлдан дагуулагдсан биш, учир нь зүрх сэтгэлдээ чи өнөөдрийн Бурханыг яагаад дагах ёстойгоо огт ойлгодоггүй, мөн яаж өдий хүрснээ, өнөөдрийг хүртэл хэн чамайг дэмжсэнийг ч мэддэггүй. Зарим хүн Бурханд итгэх итгэлээ хэрэгжүүлэхдээ үргэлж мунгинаж, будилдаг; тиймээс дагах гэдэг нь гэрчлэлтэй гэсэн үг байх албагүй. Жинхэнэ гэрчлэл гэж яг юу юм бэ? Энд ярьж байгаа гэрчлэл хоёр хэсэгтэй: Нэг нь байлдан дагуулагдсаны гэрчлэл, нөгөө нь төгс болгуулсны гэрчлэл (энэ нь мэдээж, хожмын асар их шалгалт, гай зовлонгийн дараах гэрчлэл байна). Өөрөөр хэлбэл, хэрвээ чи гай зовлон, шалгалтуудын үеэр бат зогсож чаддаг бол гэрчлэлийн хоёр дахь алхмыг хийчихсэн байх болно. Өнөөдрийн шийдвэрлэх чухал зүйл бол гэрчлэлийн эхний алхам буюу гэсгээлт, шүүлтийн шалгалт болгонд бат зогсож чаддаг байх явдал юм. Энэ нь байлдан дагуулагдах тухай гэрчлэл билээ. Учир нь одоо үе бол байлдан дагуулалтын цаг үе. (Одоо үе бол газар дээрх Бурханы ажлын цаг үе; бие махбодтой болсон Бурханы газар дээрх үндсэн ажил бол газар дээр Өөрийг нь дагадаг энэ бүлэг хүмүүсийг шүүлт, гэсгээлтээр дамжуулан байлдан дагуулах явдал юм гэдгийг чи мэдэх ёстой.) Чи байлдан дагуулагдах талаар гэрчлэл хийх чадвартай байх эсэх нь эцсийг нь хүртэл дагаж чадах эсэхээс чинь хамаараад зогсохгүй үүнээс ч чухал нь, Бурханы ажлын алхам бүрийг туулангаа Бурханы гэсгээлт, шүүлтийн талаар үнэхээр ойлгож чадах эсэхээс, мөн энэ бүх ажлыг үнэхээр ухамсарладаг эсэхээс чинь хамаардаг. Бүр эцсийг нь хүртэл дагах төдийхнөөр арай ядан ард нь гарч чадахгүй. Чи гэсгээлт, шүүлтийн тохиолдол болгонд дуртайяа буулт хийж чаддаг, туулж байгаа ажлынхаа алхам бүрийг үнэхээр ойлгох чадвартай байх ёстой бөгөөд Бурханы зан чанарын талаарх мэдлэгт хүрч, дуулгавартай байж чаддаг байх ёстой. Энэ нь та нараас шаарддаг байлдан дагуулагдсан тухай эцсийн гэрчлэл юм. Байлдан дагуулагдах тухай гэрчлэл нь үндсэндээ бие махбодтой болсон Бурханы талаарх мэдлэгийг чинь хэлдэг. Хамгийн гол нь, гэрчлэлийн энэ алхам нь бие махбодтой болсон Бурханы төлөө байдаг. Чи дэлхий ертөнцийн хүмүүсийн өмнө, эсвэл эрх мэдэлтэй хүмүүсийн өмнө юу хийж, хэлдэг чинь хамаагүй; хамгийн чухал нь чи Бурханы амнаас гарсан бүх үгийг болон Түүний бүх ажлыг дуулгавартай дагаж чаддаг эсэх юм. Тиймээс гэрчлэлийн энэ алхам нь Сатан болон Бурханы бүх дайсан руу буюу Бурхан хоёр дахь удаагаа махбод болж, бүр илүү агуу ажлыг хийхээр ирнэ гэдэгт итгэдэггүй, цаашлаад Бурхан махбодод эргэн ирсэн тухай баримтад итгэдэггүй чөтгөрүүд болон өстөн дайснууд рүү чиглэдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь бүх антихрист рүү—бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй бүх дайсан руу чиглэдэг.

Бурханыг бодож, Бурханыг хүсэн тэмүүлэх нь Бурханаар байлдан дагуулагдсан гэдгийг чинь нотолдоггүй; энэ нь, Тэр бол махбод болсон Үг гэдэгт итгэдэг эсэхээс чинь, Үг махбод болсон гэдэгт итгэдэг эсэхээс чинь, Сүнс Үг болсон ба Үг нь махбодоор илэрсэн гэдэгт итгэдэг эсэхээс чинь хамаардаг. Энэ нь гол гэрчлэл мөн. Хэрхэн дагадаг чинь, эсвэл өөрийгөө хэрхэн зарлагаддаг чинь хамаагүй; гол чухал зүйл бол, Үг махбод болсон ба үнэний Сүнс махбодод биеллээ олсон—бүх үнэн, амь, зам махбодод ирж, Бурханы Сүнс үнэхээр газар дээр хүрэлцэн ирж, махбодод ирсэн гэдгийг чи энэ хэвийн хүн чанараас олж илрүүлж чадах уу, үгүй юу гэдэг юм. Хэдийгээр өнгөцхөндөө энэ нь Ариун Сүнснээс үр тогтохоос өөр харагддаг ч энэ ажлаас чи, Сүнс аль хэдийн махбодод биеллээ олж, цаашлаад Үг махбод болж, Үг нь махбодоор илэрсэн гэдгийг илүү тодорхой харж чадна. Тэгээд дараах үгийн жинхэнэ утгыг ойлгож чадна: “Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа.” Түүнчлэн өнөөдрийн Үг бол Бурхан гэдгийг чи ойлгож, Үг махбод болсныг харах ёстой. Энэ бол чиний хийж чадах хамгийн сайн гэрчлэл билээ. Чи махбод болсон Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй гэдгийг энэ нь нотолдог—чи Түүнийг мэдэж чадахаар үл барам, өнөөдрийн алхдаг зам чинь амийн зам, үнэний зам мөн гэдгийг ч бас мэддэг. Есүсийн гүйцэтгэсэн ажлын үе шат “Үг Бурхантай хамт байсан” гэдгийн мөн чанарыг л биелүүлсэн: Бурханы үнэн Бурхантай хамт байж, Бурханы Сүнс махбодтой хамт байсан ба тэрхүү махбодоос салшгүй байв. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы бие Бурханы Сүнстэй хамт байсан нь бие махбодтой болсон Есүс бол эхний удаа бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийн бүр ч том нотолгоо юм. Ажлын энэ үе шат нь “Үг махбод болсон” гэдгийн дотоод утга учрыг яг таг биелүүлж, “Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан” гэдгийг илүү гүн утга учиртай болгосон бөгөөд “Анх Үг байсан” хэмээх үгэнд бат итгэх боломжийг чамд олгодог. Өөрөөр хэлбэл, бүтээлийн цаг үед Бурханд үг байсан, Түүний үг Түүнтэй хамт, Түүнээс салшгүй байсан ба эцсийн эрин үед Тэрээр Өөрийн үгийн хүч чадал, эрх мэдлийг бүр илүү тодорхой болгон, хүнд Өөрийн бүх арга замыг харуулж—бүх үгээ сонсгодог. Энэ нь эцсийн эрин үеийн ажил юм. Чи эдгээр зүйлийг нэгд нэггүй ойлгож авах ёстой. Энэ нь бие махбодыг мэдэх асуудал биш, харин махбод болон Үгийг ойлгох тухай юм. Энэ нь чиний хийх ёстой гэрчлэл, хүн бүрийн мэдэх ёстой зүйл билээ. Энэ бол хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ажил—Бурхан махбод болдог сүүлчийн удаа учраас бие махбод болохын ач холбогдлыг бүрэн дүүрэн гүйцэлдүүлж, махбод дахь Бурханы ажлыг бүгдийг нь гүйцэд хэрэгжүүлэн, гаргаж, махбод дахь Бурханы оршихуйн эринийг төгсгөл болгодог. Тиймээс чи бие махбодтой болохын утга учрыг мэдэх ёстой. Хэр их ийш тийш гүйсэн чинь, эсвэл гадаад талын бусад хэрэг явдлыг хэр сайн гүйцэтгэдэг чинь хамаагүй; бие махбодтой болсон Бурханы өмнө үнэхээр захирагдаж, бүхий л оршихуйгаа Бурханд зориулж, Түүний амнаас гардаг бүх үгийг дуулгавартай дагаж чадах эсэх чинь л чухал. Энэ бол чиний хийх ёстой, баримтлах ёстой зүйл билээ.

Гэрчлэлийн эцсийн алхам бол төгс болгуулж чадах эсэхийн чинь тухай гэрчлэл юм—өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы амаар хэлэгдсэн бүх үгийг ойлгоод чи Бурханы тухай мэдлэгтэй болж, Түүний талаар тодорхой мэддэг болж, Бурханы амнаас гардаг бүх үгийг амьдран харуулж, чамаас шаарддаг Петрийн хэв маяг болон Иовын итгэл гэх Бурханы болзлыг биелүүлж, тэгснээр үхэх хүртлээ дуулгавартай байж, өөрийгөө тэр чигт нь Түүнд өгч, эцэст нь стандартад нийцэх хүний дүр төрхөд хүрдэг ба энэ нь Бурханы шүүлт, гэсгээлтийг туулсны дараа байлдан дагуулагдаж, төгс болгуулсан хүний дүр төрх гэсэн үг юм. Энэ нь эцсийн гэрчлэл—эцэстээ төгс болгуулсан хүний хийх учиртай гэрчлэл билээ. Эдгээр нь чиний хийх ёстой гэрчлэлийн хоёр алхам бөгөөд тэдгээр нь харилцан уялдаатай, аль аль нь зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ чиний мэдэх ёстой нэг зүйл бий: Өнөөдөр чамаас Миний шаарддаг гэрчлэл дэлхий ертөнцийн хүмүүс рүү чиглэдэггүй, ямар нэгэн хувь хүн рүү ч чиглэдэггүй, харин чамаас Миний шаарддаг зүйлд чиглэдэг. Энэ нь, Намайг хангалуун байлгаж чаддаг эсэхээр чинь болон та бүхэнд тавих Миний шаардлагын стандартад бүрэн нийцэж чадах эсэхээр чинь хэмжигддэг. Энэ бол та нарын ойлгох ёстой зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (4)”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 440

Бага зэргийн хязгаарлалт, зовлон бэрхшээл туулах нь та нарын хувьд сайн хэрэг; хэрвээ та нарыг амар тайван байлгавал та нар сүйрнэ, тэгвэл та нар яаж хамгаалагдаж чадах юм бэ? Өнөөдөр та нар гэсгээгдэж, шүүгдэж, хараагддаг учраас л хамгаалагддаг. Ихээхэн зовсон учраас л хамгаалагддаг. Хэрвээ тэгээгүй бол та нар аль хэдийн доройтолд орох байсан. Энэ нь та нарт зориуд хүндрэл учруулж байгаа хэрэг биш—хүний уг чанарыг өөрчлөхөд хэцүү байдаг бөгөөд хүмүүсийн зан чанарыг өөрчлөхийн тулд ингэх ёстой юм. Өнөөдөр та нарт Паулын мөс чанар, эрүүл ухаан ч байдаггүй, түүний ухамсар ч байдаггүй. Та нарыг үргэлж дарамталж байх ёстой бөгөөд сүнсийг чинь сэрээхийн тулд үргэлж гэсгээж, шүүж байх ёстой. Гэсгээлт, шүүлт бол та нарын аминд хамгийн ашиг тустай зүйл юм. Шаардлагатай үед бас баримтуудын ирэлтийн гэсгээлт байх ёстой; тэр үед л та нар бүрэн захирагдана. Гэсгээлт, хараалгүйгээр толгой бөхийх дургүй, захирагдах дургүй тийм уг чанар та нарт байдаг. Нүдний чинь өмнөх баримтгүйгээр ямар ч үр нөлөө байхгүй байх болно. Та нарын ёс жудаг хэтэрхий дорд агаад үнэ цэнгүй! Гэсгээлт, шүүлтгүйгээр та нарыг байлдан дагуулах хэцүү бөгөөд шударга бус, дуулгаваргүй байдлыг чинь дарахад бэрх байх болно. Хуучин уг чанар чинь маш гүн үндэслэсэн байдаг. Хэрвээ та нарыг сэнтий дээр тавих юм бол та нар тэнгэрийн өндөр, газрын гүний талаар юу ч мэдэхгүй, тэр ч бүү хэл хаашаа чиглэн явж байгаагаа ч мэдэхгүй. Та нар бүр хаанаас ирснээ ч мэдэхгүй тул бүтээлийн Эзэнийг яаж мэдэх юм бэ? Өнөөдрийн цагаа олсон гэсгээлт, хараалгүйгээр сүүлчийн өдрүүд чинь аль хэдийн ирчихсэн байх байлаа. Та нарын хувь заяаны талаар ярихын ч хэрэггүй—бүр ч их аюул заналхийлж байгаа бус уу? Цагаа олсон энэхүү гэсгээлт, шүүлтгүйгээр та нар хэчнээн их биеэ тоож, хэр их доройтохыг хэн мэдэх билээ. Энэ гэсгээлт, шүүлт та нарыг өдий хүргэсэн ба амьдралыг чинь хадгалсан. Хэрвээ та нарыг “эцгийнхтэй” чинь адилхан арга барил хэрэглэн “сургаж боловсруулсан” бол ямар ертөнцөд орох байсныг чинь хэн мэдэх билээ! Та нарт өөрсдийгөө хянах, эргэцүүлэх ямар ч чадвар байхгүй. Та нар шиг хүмүүсийн хувьд, ямар нэг саад бэрхшээл, үймээн самуун учруулалгүй, зүгээр л дагаж, дуулгавартай байвал Миний зорилго биелнэ. Та нар өнөөдрийн гэсгээлт, шүүлтийг хүлээн авахдаа илүү дээр байх ёстой бус уу? Та нарт өөр ямар сонголт байгаа юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (6)”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 441

Өөрийгөө амиар зэвсэглэх үедээ чи Бурханы үгийг идэж, уухад анхаарах ёстой, мөн Бурханы талаарх мэдлэг, хүний амьдралын талаарх үзэл бодол, ялангуяа эцсийн өдрүүдэд Бурханы хийсэн ажлын талаарх мэдлэгээ ярьж чаддаг байх ёстой. Чи амийг эрэлхийлдэг тул өөрийгөө эдгээр зүйлээр зэвсэглэх ёстой. Бурханы үгийг идэж, уух үедээ өөрийнхөө бодит байр байдлыг тэдгээртэй харьцуулах ёстой. Өөрөөр хэлбэл, бодит туршлагынхаа явцад өөрийнхөө дутагдлыг олж илрүүлэх үедээ чи хэрэгжүүлэх замыг олж, буруу сэдэл болон үзлээ орхих чадвартай байх ёстой. Энэ тухайд чи үргэлж чармайж, эдгээрийг биелүүлэхэд зүрх сэтгэлээ зориулдаг бол дагах замтай байх бөгөөд чамд хоосон санагдахгүй, тийнхүү чи хэвийн байдлаа хадгалж чадна. Тэр үед л чи өөрийнхөө аминд ачаа үүрдэг, итгэлтэй нэгэн байх болно. Бурханы үгийг уншсаныхаа дараа зарим хүн яагаад хэрэгжүүлж чаддаггүй юм бэ? Тэд хамгийн чухал зүйлийг ухаарч чаддаггүйгээс болдог бус уу? Тэд амийг ноцтой авч үздэггүйгээс болдог бус уу? Тэд гол чухал зүйлсийг ухаарч чаддаггүй, хэрэгжүүлэх ямар ч замгүй байдгийн шалтгаан нь Бурханы үгийг унших үедээ тэдгээрийг өөрсдийнхөө байдалтай харьцуулж чаддаггүйгээс, мөн өөрсдийн байр байдлыг захирч чаддаггүйгээс болдог. Зарим хүн: “Би Бурханы үгийг уншаад, өөрийнхөө байдалтай харьцуулсан, бас завхарсан, хэв чанар муутай гэдгээ мэддэг ч Бурханы хүслийг хангалуун байлгах чадваргүй” гэж хэлдэг. Чи хамгийн өнгөц хэсгийг л харсан; махан биеийн зугаа цэнгэлийг хэрхэн хойш тавих, өөрийгөө зөвтгөдгөө хэрхэн болих, өөрийгөө хэрхэн өөрчлөх, эдгээр зүйлд хэрхэн орох, хэв чанараа хэрхэн сайжруулах, аль талаас эхлэх зэрэг чиний мэддэггүй олон бодит зүйл бий. Чи ердөө цөөн хэдэн өнгөцхөн зүйлийг л ухаардаг бөгөөд үнэхээр их завхарсан гэдгээ л мэддэг. Ах эгч нартайгаа уулзах үедээ чи хэр их завхарсан гэдгээ л ярьдаг ба өөрийгөө мэддэг, өөрийнхөө аминд асар их ачаа үүрсэн мэт санагддаг. Үнэндээ завхарсан зан чанар чинь өөрчлөгдөөгүй бөгөөд хэрэгжүүлэх замыг олоогүй гэдгийг чинь энэ нь баталдаг. Хэрвээ чи чуулган удирдаж байгаа бол ах эгч нарын байр байдлыг ойлгож, зааж өгч чаддаг байх ёстой. Ердөө “Хүмүүс та нар дуулгаваргүй, хоцрогдмол юм!” гэж хэлбэл болох уу? Үгүй, чи дуулгаваргүй, хоцрогдмол байдал нь яаж илэрч байгааг онцгойлон хэлэх ёстой. Тэдний дуулгаваргүй байдал, дуулгаваргүй зан авир, сатанлаг зан чанарын талаар ярих ёстой бөгөөд өөрийн үгэн дэх үнэнд тэднийг бүрэн үнэмшүүлэхүйц байдлаар эдгээр зүйлийг ярих ёстой. Санаагаа хэлэхийн тулд баримт болон жишээ ашигла, тэрслүү зан авираас яг яаж ангижирч болох талаар тэдэнд хэлж, хэрэгжүүлэх замыг зааж үзүүл—хүмүүсийг ингэж үнэмшүүлдэг. Ингэдэг хүмүүс л бусдыг удирдах чадвартай; тэд л үнэний бодит байдлыг эзэмшдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (7)”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 442

Бурханд гэрчлэл хийх нь үндсэндээ, Бурханы ажил болон Бурхан хүмүүсийг хэрхэн байлдан дагуулдаг, хэрхэн авардаг, хэрхэн өөрчилдөг тухай мэдлэгээ ярих явдал; Тэрээр үнэн-бодит байдалд ороход нь хүмүүсийг хэрхэн замчилж, тэдэнд Түүгээр байлдан дагуулагдаж, төгс болгуулж, аврагдах боломжийг хэрхэн олгодог тухай мэдлэгээ ярих явдал юм. Гэрчлэл хийнэ гэдэг нь Түүний ажлын тухай болон өөрийн туулсан бүхний тухай ярина гэсэн үг юм. Зөвхөн Түүний ажил л Түүнийг төлөөлж чаддаг бөгөөд Түүний ажил л Түүнийг бүхэлд нь ил тод илчилж чадна; Түүний ажил Түүнд гэрчлэл хийдэг. Түүний ажил болон айлдвар Сүнсийг шууд төлөөлдөг; Түүний хийдэг ажлыг Сүнс хийдэг ба Түүний хэлдэг үгийг Сүнс хэлдэг. Эдгээр зүйл нь ердөө Бурханы махбод болсон биеэр дамжин илэрхийлэгддэг ч үнэндээ тэдгээр нь Сүнсний илэрхийллүүд юм. Түүний хийдэг ажил, хэлдэг үг бүгд Түүний мөн чанарыг төлөөлдөг. Хэрвээ Өөрийгөө махбодоор хувцаслаж, хүмүүсийн дунд ирснийхээ дараа Бурхан үг хэлж, эсвэл ажиллаагүй бөгөөд Өөрийнх нь бодит, хэвийн байдал болон бүхнийг чадагч байдлыг мэдэхийг та нараас шаардсан бол чи чадах байсан уу? Чи Сүнсний мөн чанар юу болохыг мэдэж чадах байсан уу? Түүний махбодын онцлог шинж юу болохыг мэдэж чадах байсан уу? Та нар Түүний ажлын алхам бүрийг туулсан учраас л Тэр та нараас Өөрт нь гэрчлэл хийхийг шаарддаг. Хэрвээ та нарт тийм туршлага байхгүй байсан бол Тэр гэрчлэл хийлгэх гэж зүтгэхгүй байсан билээ. Тиймээс Бурханд гэрчлэл хийх үедээ чи Түүний хэвийн хүн чанарын гадаад байдлыг гэрчлээд зогсохгүй, бас Түүний хийдэг ажил, удирдан чиглүүлдэг замыг гэрчлэх ёстой; мөн Түүгээр хэрхэн байлдан дагуулагдснаа болон ямар талуудад төгс болгуулснаа гэрчлэх ёстой. Энэ нь чиний хийх ёстой гэрчлэл юм. Хэрвээ чи хаашаа ч явсан: “Бидний Бурхан ажиллахаар ирсэн, Түүний ажил үнэхээр бодитой! Тэр ямар ч ер бусын үйлсгүйгээр, ямар ч тэмдэг гайхамшиггүйгээр биднийг олж авсан!” гэж хашхирдаг бол бусад хүмүүс: “Тэр тэмдэг гайхамшиг үзүүлдэггүй гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Тэр тэмдэг гайхамшиг үзүүлэлгүйгээр чамайг байлдан дагуулж яаж чадах юм бэ?” гэж асууна. Тэгэхэд чи: “Тэрээр үг хэлдэг ба ямар ч тэмдэг гайхамшиг үзүүлэлгүйгээр биднийг байлдан дагуулсан. Түүний ажил биднийг байлдан дагуулсан” гэх болно. Эцэст нь, хэрвээ чи бодитой юм хэлж чадахгүй, дэлгэрэнгүй ярьж чадахгүй бол энэ нь жинхэнэ гэрчлэл мөн гэж үү? Бие махбодтой болсон Бурхан хүмүүсийг байлдан дагуулах үед Түүний бурханлаг үг үүнийг хийдэг. Хүн чанар үүнийг гүйцэтгэж чадахгүй; энэ нь зүгээр нэг жирийн хүний хүрч чадах зүйл биш бөгөөд хэвийн хүмүүсийн дундах хэв чанар сайтай хүмүүс ч үүнийг хийж чадахгүй, учир нь Түүний бурханлаг чанар ямар ч бүтээгдсэн зүйлийнхээс илүү өндөр билээ. Хүмүүсийн хувьд энэ нь ер бусын юм; эцсийн эцэст Бүтээгч бол ямар ч бүтээгдсэн зүйлээс илүү өндөр. Бүтээгдсэн зүйлс Бүтээгчээс илүү өндөр байж чадахгүй; хэрвээ чи Түүнээс илүү өндөр байсан бол Тэр чамайг байлдан дагуулж чадахгүй байх байсан бөгөөд Тэр чамаас өндөр учраас л чамайг байлдан дагуулж чадна. Бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж чадах Нэгэн бол Бүтээгч бөгөөд гагцхүү Тэр л энэ ажлыг хийж чадна. Эдгээр үг бол “гэрчлэл”—чиний хийх учиртай гэрчлэл юм. Чи алхам алхмаар гэсгээлт, шүүлт, цэвэршүүлэлт, шалгалт, бүтэлгүйтэл, гай зовлон туулж, байлдан дагуулагдсан; мөн махан биеийн хэтийн ирээдүй, хувийн сэдэл болон махан биеийн хувийн ашиг сонирхлоо хойш тавьсан. Өөрөөр хэлбэл, Бурханы үг чиний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулсан. Хэдийгээр чиний амь Түүний шаарддаг шиг их өсөөгүй ч чи энэ бүх зүйлийг мэддэг ба Түүний хийдэг зүйлд бүрэн үнэмшсэн. Тиймээс үүнийг жинхэнэ, бодитой гэрчлэл гэж нэрлэж болох юм. Бурханы хийхээр ирсэн ажил буюу шүүлт, гэсгээлтийн ажил нь хүнийг байлдан дагуулах зорилготой байдаг боловч Тэр бас Өөрийн ажлыг дуусгаж, эрин үеийг төгсгөж, төгсгөлийн ажлыг гүйцэтгэдэг. Тэр бүхий л эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтнийг нүглээс бүрмөсөн гэтэлгэж байгаа; Тэрээр Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг бүрэн олж авч байгаа. Чи энэ бүхнийг гэрчлэх ёстой. Чи Бурханы ажлаас маш ихийг туулсан, үүнийг нүдээрээ харж, биечлэн туулсан; бүр эцэст нь хүрэх үедээ чи өөрт оногдсон чиг үүргийг биелүүлэх чадваргүй байж болохгүй. Тэгэх нь хэчнээн харамсалтай байх билээ! Ирээдүйд сайн мэдээ түгэх үед чи хувийн мэдлэгийнхээ талаар ярьж, зүрх сэтгэлдээ олж авсан бүхнээ чадлынхаа хэрээр гэрчилж чаддаг байх ёстой. Энэ бол бүтээгдсэн зүйлийн хүрэх ёстой зүйл юм. Бурханы ажлын энэ үе шатны бодит ач холбогдол юу вэ? Үр нөлөө нь юу вэ? Үүнээс хэр их нь хүнд хийгддэг вэ? Хүмүүс юу хийх ёстой вэ? Та нар бие махбодтой болсон Бурханы газар дээр ирснээсээ хойш хийсэн бүх ажлыг тодорхой ярих үед гэрчлэл чинь бүрэн гүйцэд болно. Чи Түүний ажлын ач холбогдол, агуулга, мөн чанар, төлөөлдөг зан чанар болон зарчмууд гэсэн энэ таван зүйлийн талаар тодорхой ярьж чадвал Бурханд гэрчлэл хийх чадвартай бөгөөд үнэхээр мэдлэгтэй гэдгийг чинь энэ нь батална. Та нарт тавих Миний шаардлага тийм ч өндөр биш бөгөөд үнэхээр эрж хайдаг бүх хүн хүрэх боломжтой. Хэрвээ чи Бурханыг гэрчлэгчдийн нэг байхаар шийдвэл Бурхан юуг үзэн ядаж, юуг хайрладгийг ойлгох ёстой. Чи Түүний ажлын ихээхнийг туулсан; энэ ажлаар дамжуулан Түүний зан чанарыг мэдэж авч, Түүний хүсэл болон хүн төрөлхтөнд тавих Түүний шаардлагыг ойлгоод, энэ мэдлэгээ ашиглан Түүнийг гэрчилж, үүргээ биелүүлэх ёстой. Чи: “Бид Бурханыг мэднэ. Түүний шүүлт, гэсгээлт маш хатуу. Түүний үг маш ширүүн; тэдгээр нь зөвт агаад сүр жавхлантай, мөн ямар ч хүн халдашгүй” гэж хэлж л магадгүй ч эцсийн эцэст эдгээр үг хүнийг хангадаг уу? Хүмүүст үзүүлэх үр нөлөө нь юу вэ? Шүүлт, гэсгээлтийн энэ ажил чамд хамгийн их ашиг тустай гэдгийг чи үнэхээр мэдэх үү? Бурханы шүүлт, гэсгээлт нь чиний тэрслүү зан болон завхралыг илчилж байгаа биз дээ? Тэдгээр нь чиний доторх бузар, завхарсан зүйлсийг цэвэрлэж, үлдэн хөөж чадна биз дээ? Шүүлт, гэсгээлт байгаагүй бол чи яах байсан бэ? Сатан чамайг хамгийн гүн гүнзгий завхруулсан гэдгийг чи үнэхээр ухамсарладаг уу? Өнөөдөр та нар эдгээр зүйлээр өөрсдийгөө зэвсэглэж, тэдгээрийг сайн мэддэг байх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (7)”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 443

Та нар одоо юугаар зэвсэглэх ёстойгоо мэдэх үү? Үүний нэг талд нь ажлын тухай үзэгдэл, нөгөө талд нь чиний хэрэгжүүлэлт багтана. Чи хоёр талыг хоёулыг нь ойлгож авах ёстой. Хэрвээ аминд дэвшил гаргах эрэл хайгуулд чинь үзэгдэл байхгүй бол чи суурьгүй байх болно. Хэрвээ чамд өчүүхэн ч үзэгдэл байхгүй, зөвхөн хэрэгжүүлэлтийн зам байгаа бөгөөд удирдлагын төлөвлөгөөний ерөнхий ажлын талаар ямар ч ойлголт байдаггүй бол чи хэнд ч хэрэггүй хүн юм. Үзэгдэлтэй холбоотой үнэнийг чи ойлгох ёстой бөгөөд хэрэгжүүлэлттэй холбоотой үнэний тухайд гэвэл чи тэдгээрийг ойлгосныхоо дараа хэрэгжүүлэх зохистой замыг олох хэрэгтэй; чи үгийн дагуу хэрэгжүүлж, өөрийнхөө нөхцөл байдлын дагуу орох хэрэгтэй. Үзэгдлүүд бол үндэс суурь бөгөөд хэрэв чи энэхүү бодит үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй бол эцсийг нь хүртэл дагаж чадахгүй; ийм маягаар туршлагажих нь чамайг нэг бол замаа алдахад, эс бөгөөс унаж бүтэлгүйтэхэд хүргэнэ. Чи яагаад ч амжилтад хүрэхгүй! Агуу үзэгдлийг үндэс сууриа болгоогүй хүмүүс зөвхөн бүтэлгүйтнэ, тэд амжилтад хүрч чадахгүй. Чи бат зогсож чадахгүй! Бурханд итгэнэ гэдэг юу болохыг чи мэдэх үү? Бурханыг дагана гэдэг нь юу гэсэн үг болохыг мэдэх үү? Үзэгдэлгүйгээр чи ямар замаар алхах вэ? Өнөөдрийн ажилд чамд ямар ч үзэгдэл байхгүй бол чи огтхон ч бүрэн төгс болгуулж чадахгүй. Чи хэнд итгэдэг вэ? Чи яагаад Түүнд итгэдэг вэ? Яагаад Түүнийг дагадаг вэ? Чи өөрийнхөө итгэлийг ямар нэг тоглоом гэж боддог уу? Өөрийнхөө аминд нэг төрлийн тоглоом мэт ханддаг уу? Өнөөдрийн Бурхан бол хамгийн агуу үзэгдэл юм. Түүний тухай хэр ихийг чи мэддэг вэ? Түүнээс хэр ихийг харсан бэ? Өнөөдрийн Бурханыг харсан болохоор Бурханд итгэх итгэлийн чинь суурь бат бөх байдаг уу? Энэ будилуу янзаараа дагаж л байвал аврал хүртэнэ гэж чи бодож байна уу? Чи булингартай уснаас загас барьж чадна гэж бодож байна уу? Энэ тийм энгийн гэж үү? Өнөөдрийн Бурханы айлддаг үгийн талаарх хэр олон үзлээ чи хаясан бэ? Чамд өнөөдрийн Бурханы талаарх үзэгдэл байгаа юу? Өнөөдрийн Бурханы талаарх ойлголт чинь хаана оршдог вэ? Зүгээр л дагаснаараа, эсвэл зүгээр л харснаараа Түүнийга олж авч чадна, хэн ч чамайг зайлуулж чадахгүй гэж чи үргэлж боддог. Бурханыг дагах тийм амархан гэж бүү бод. Гол нь чи Түүнийг мэдэж, Түүний ажлыг мэдэх ёстой бөгөөд Түүний төлөө зовлон бэрхшээл туулж, өөрийнхөө амийг золиосолж, Түүгээр төгс болгуулах хүсэлтэй байх ёстой. Энэ бол чамд байх ёстой үзэгдэл юм. Нигүүлсэл эдлэх тухай үргэлж боддог байж болохгүй. Бурхан зүгээр л хүмүүсийг баясгаж, тэдэнд нигүүлсэл хайрлахын төлөө энд байгаа гэж бүү бод. Чи эндүүрч байна! Хүн Бурханыг дагахын тулд амьдралаараа дэнчин тавьж чадахгүй, мөн энэ ертөнцийн өмч хөрөнгөө орхиж чадахгүй бол эцсээ хүртэл Түүнийг дагасаар байж чадахгүй нь лавтай! Чи өөрийгөө үзэгдэлд суурилах ёстой. Хэрвээ нэг өдөр гай гамшиг чамд тохиолдвол чи юу хийх ёстой вэ? Чи Түүнийг дагасаар байж чадах уу? Эцсийг нь хүртэл дагаж чадах эсэхээ хөнгөмсгөөр бүү хэл. Чи эхлээд нүдээ том нээгээд одоо яг ямар цаг болохыг харсан нь дээр юм. Хэдий та нар одоо сүмийн багана шиг байж болох боловч энэ баганууд өт хорхойд идэгдэж, сүмийг нурж унахад хүргэх цаг ирэх болно, учир нь одоогоор та нарт маш олон үзэгдэл дутагддаг. Та нар зөвхөн өөрсдийнхөө бяцхан ертөнцөд анхаарал хандуулдаг бөгөөд эрж хайх хамгийн найдвартай бөгөөд зүй зохистой арга зам юу болохыг мэддэггүй. Та нар өнөөдрийн ажлын үзэгдлийг анхаардаггүй бөгөөд эдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ хадгалдаггүй. Нэг л өдөр Бурхан тань та нарыг огт танил биш газарт аваачих болно гэдгийг та нар бодож үзсэн үү? Би та нараас бүх зүйлийг чинь нэг өдөр булааж авахад та нарт юу болохыг төсөөлж чадах уу? Тэр өдөр та нарын эрч хүч одоогийнх шигээ байх уу? Та нарын итгэл дахин гарч ирэх үү? Бурханыг дагахдаа “Бурхан” хэмээх энэхүү хамгийн агуу үзэгдлийг мэдэх ёстой. Энэ бол хамгийн чухал асуудал. Бас ариун болохын тулд энэ хорвоогийн хүмүүсээс харьцаагаа таслалаа гээд Бурханы гэр бүл болчихно гэж бүү бод. Өнөө үед бүтээлийн дунд Бурхан Өөрөө ажиллаж байгаа; Бурхан кампанит ажил хийхээр биш, Өөрийн ажлыг хийхээр хүмүүсийн дунд ирсэн. Өнөөдрийн ажил бол тэнгэр дэх махбод болсон Бурханы ажил гэдгийг мэдэж чадах цөөхөн хүн ч та нарын дунд байдаггүй. Энэ бол та нарыг гайхалтай авьяастай хүмүүс болгох явдал биш; энэ бол хүний амьдралын утга учрыг мэдэж, хүмүүний хүрэх газрыг мэдэн, Бурханыг болон Түүний бүрэн дүүрэн байдлыг мэдэхэд та нарт туслахын төлөө юм. Чи бол Бүтээгчийн гар дахь бүтээл гэдгээ мэдэх ёстой. Чи юуг ойлгох ёстой, юуг хийх ёстой, Бурханыг хэрхэн дагах ёстой зэрэг нь чиний ухаж ойлгох ёстой үнэн биш гэж үү? Энэ чиний харах ёстой үзэгдлүүд биш гэж үү?

Хүмүүс үзэгдэлтэй болмогцоо суурьтай болдог. Энэхүү суурин дээр үндэслэн хэрэгжүүлэх үед, ороход хамаагүй илүү амархан байх болно. Тийм болохоор орох суурьтай болох үед чиний болгоомжлол байхгүй болж, чамд ороход маш амархан болох болно. Үзэгдлийг ойлгох, Бурханы ажлыг мэдэх гэдэг энэ тал нь амин чухал юм; үүнийг та нар нөөцдөө байлгах ёстой. Хэрвээ чи үнэний энэ талаар зэвсэглээгүй, харин зөвхөн хэрэгжүүлэлтийн замын талаар л ярьж мэддэг бол энэ чиний асар том дутагдал болно. Та нарын олонх нь үнэний энэ талыг чухалчилдаггүйг Би олж мэдсэн бөгөөд үүнийг сонсох үедээ зөвхөн үг болон хоосон сургаалыг сонсож байгаа мэт байдаг. Нэг л өдөр чи алдах болно. Өнөө үед чиний сайн ойлгодоггүй, хүлээж авдаггүй зарим нэг айлдвар байдаг; энэ тохиолдолд чи тэвчээртэйгээр эрж хайх ёстой бөгөөд ойлгох өдөр чамд ирнэ. Өөрийгөө улам их үзэгдлээр аажмаар зэвсэглэ. Чи ердөө цөөхөн сүнслэг сургаалыг ойлгодог байсан ч гэсэн энэ нь үзэгдэлд анхаарал хандуулахгүй, мөн юу ч ойлгохгүй байснаас л дээр. Энэ бүхэн нь чиний оролтод нэмэртэй бөгөөд эргэлзээг чинь арилгана. Үзлээр дүүрсэн байснаас энэ нь дээр. Эдгээр үзэгдлийг суурь болговол чи хавгүй дээр байх болно. Чамд ямар ч болгоомжлол байхгүй болж, зоригтой бөгөөд итгэлтэй орж чадна. Үргэлж төөрөлдөж, эргэлзсэн байдлаар Бурханыг дагах ямар хэрэгтэй юм бэ? Энэ чинь чихээ бөглөөд хонх хулгайлж байгаатай адил биш гэж үү? Хаанчлалд омог бардам алхаж орвол хэчнээн сайхан! Яагаад болгоомжлолоор дүүрэн байна гэж? Энэ бол гагцхүү өөрийгөө жинхэнэ тамд оруулж байгаа хэрэг биш гэж үү? Еховагийн ажлын тухай, Есүсийн ажлын тухай, ажлын энэ үе шатны тухай ойлголттой болмогцоо чи суурьтай болох болно. Одоохондоо чи үүнийг тун энгийн гэж төсөөлж магадгүй. Зарим хүн “Цаг нь ирж, Ариун Сүнс агуу ажлыг эхлүүлэх үед би энэ бүх зүйлсийн талаар ярьж чаддаг болно. Яг одоо би үнэхээр ойлгохгүй байгаа нь үнэндээ Ариун Сүнс намайг сайн гэгээрүүлээгүйгээс болж байгаа юм” гэдэг. Энэ тийм ч амархан биш. Чи үнэнийгб одоо хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа бол цаг нь ирэхэд үүнийг чадварлагаар ашиглана гэсэн үг биш. Тийм байх албагүй! Чи одоо өөрийгөө маш сайн зэвсэглэсэн бөгөөд тэр шашны хүмүүс болон шилдэг онолчдод хариулт өгч, тэднийг няцаахад ч чамд асуудалгүй байх болно гэж боддог. Чи үнэхээр тэгж чадах уу? Ердөө л тийм өнгөцхөн туршлагатайгаар чи ямар ойлголтын тухай ярьж чадах юм бэ? Үнэнээр зэвсэглэх, үнэний тулаанд тулалдах, Бурханы нэрээр гэрчлэл хийх гэдэг нь—Бурхан ажиллаж байгаа цагт бүх зүйл биелэх болно хэмээн чиний боддог шиг биш юм. Тэр үед магадгүй зарим асуулт чамайг мухардуулж, тэгээд чи цочирдон мэгдэнэ. Чи ажлын энэ үе шатны талаар тодорхой ойлголттой эсэх, мөн чи үнэндээ хэр ихийг мэддэг вэ гэдэг нь гол юм. Хэрвээ дайсны хүчийг ялан дийлж, шашны хүчнүүдийг ялж чадахгүй бол чи ямар ч хэрэггүй хүн болохгүй гэж үү? Хэрвээ чи өнөөдрийн ажлыг мэдэрч, нүдээрээ харж, чихээрээ сонссон боловч эцэстээ гэрчлэл хийж чадахгүй бол чамд цааш амьдрах нүүр үлдэнэ гэж үү? Чи хэнтэй нүүр тулгарч чадах байсан бэ? Тийм хялбар байна гэж одоо бүү төсөөл. Хожмын ажил чиний төсөөлж байгаа шиг хялбар байхгүй; Үнэний дайнд тулалдана гэдэг тийм амархан, тийм энгийн биш. Яг одоо чи зэвсэглэх хэрэгтэй; хэрвээ одоо үнэнээр зэвсэглэхгүй бол цаг нь ирж, Ариун Сүнс ер бусын байдлаар ажиллахаа болих үед чи юу хийхээ мэдэхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар ажлыг ойлгох ёстой— төөрөлдсөн байдлаар бүү дага!”-аас эш татав

Тайлбар:

а. Эх бичвэрт “Түүнийг” гэдэг үг байдаггүй.

б. Эх бичвэрт “үнэнийг” гэдэг үг байдаггүй.

Өмнөх: Амийн оролт 1

Дараах: Амийн оролт 3

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх