Тун ноцтой асуудал: Урвалт 1
Миний ажил тун удахгүй дуусна. Хамт өнгөрүүлсэн он жилүүд тэвчихийн аргагүй дурсамж болжээ. Би үгээ тасралтгүй давтаж, шинэ ажлаа зогсолтгүй үргэлжлүүлсэн. Мэдээж, Миний зөвлөгөө бол Миний хийдэг ажил болгоны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Миний зөвлөгөөгүйгээр та нар бүгд төөрөлдөж, бүр яахаа ч мэдэхээ болих байсан. Одоо Миний ажил дуусах дөхөж, сүүлчийн шатандаа байна. Би зөвлөгөө өгөх ажил хийхийг, өөрөөр хэлбэл, та нарт сонсгох зөвлөмж чанартай хэдэн үг хэлэхийг хүссээр байна. Та нар Миний уйгагүй хүчин чармайлтыг хий дэмий үрэхгүй байж, түүнээс ч илүүтэйгээр, хичээнгүйлэн санаа тавьж буйг минь ойлгож, Миний үгийг хүн байхын үндэс суурь хэмээн үзээсэй л гэж Би найдаж байна. Та нарын сонсоход бэлэн үг энэ мөн ч бай, биш ч бай, та нарын дуртайяа хүлээн авах, эсвэл таагүй хүлээн авах үг мөн ч бай, биш ч бай, та нар нухацтай хандах ёстой. Эс тэгвэл, үл тоомсорлосон, хайхрамжгүй зан чанар, араншин чинь Намайг маш их гонсойлгож, үнэндээ Миний зэвүүцлийг төрүүлнэ. Та бүгд Миний үгийг ахин дахин, магадгүй бүр цээжээр мэддэг болтлоо хэдэн мянган удаа уншина гэж Би ихэд найдаж байна. Ийм маягаар л та нар Миний итгэл найдварыг нураахгүй байж чадна. Гэхдээ та нарын нэг нь ч одоо ингэж амьдардаггүй. Эсрэгээрээ та нар бүгд ханатлаа идэж, уудаг садар самуун амьдралд ташуурдаг бөгөөд та нарын нэг нь ч Миний үгийг ашиглан, зүрх сэтгэл, сүнсээ баяжуулдаггүй. Ийм учраас, Би хүн төрөлхтний жинхэнэ төрхийг ингэж дүгнэсэн: Хүн хэдийд ч Надаас урваж чадна, Миний үгэнд туйлын үнэнч байж чадах хэн ч үгүй.
“Хүнийг Сатан маш их ялзруулсан тул хүн төрхтэй байхаа больсон.” Одоо ихэнх хүн энэ хэллэгийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрдөг. Миний хэлж буй “хүлээн зөвшөөрөх” гэдэг нь жинхэнээсээ мэдэхтэй харьцуулахад зүгээр нэг өнгөцхөн хүлээн зөвшөөрөх явдал төдий учраас Би ингэж хэлдэг. Та нарын нэг нь ч өөрсдийгөө үнэн зөвөөр үнэлж, бас нэгд нэггүй шинжилж чадахгүй тул Миний үгэнд эргэлзсэн хэвээр үлддэг. Гэхдээ та нарын дотор оршдог хамгийн ноцтой асуудлыг тайлбарлахын тулд Би энэ удаад баримт ашиглаж байна. Тэрхүү асуудал нь урвалт юм. Та нар бүгд “урвалт” гэдэг үгийг мэднэ, учир нь нөхөр нь эхнэрээсээ урвах, эхнэр нь нөхрөөсөө урвах, хүү нь эцгээсээ урвах, охин нь эхээсээ урвах, боол нь эзнээсээ урвах, найзууд нэг нэгнээсээ урвах, хамаатнууд нэг нэгнээсээ урвах, худалдагчид худалдан авагчдаасаа урвах гэх мэтчилэн ихэнх хүн бусдаас урвах ямар нэгэн зүйл хийж байсан. Энэ бүх жишээ урвалтын мөн чанарыг агуулдаг. Товчхондоо, урвалт бол амлалтаасаа буцаж, ёс суртахууны зарчмыг зөрчих буюу хүний ёс зүйд харшлах үйлдэл хийж, хүн чанараа алдсаныг харуулдаг нэг төрлийн зан авир юм. Чи хэзээ нэгэн цагт хэн нэгнээс урвах зүйл хийснээ санадаг ч бай эсвэл урьд нь олон удаа бусдаас урвасан ч бай хамаагүй, ерөнхийдөө энэ хорвоод төрсөн хүн болохын хувьд үнэнээс урвахтай адил ямар нэгэн зүйл хийсэн байх болно. Чи эцэг эх, найз нөхдөөсөө урвах чадвартай тул бусдаас урвах, түүгээр ч үл барам Надаас урваж, Миний үзэн яддаг зүйлсийг хийх чадвартай. Өөрөөр хэлбэл урвалт нь ёс суртахуунгүй өнгөцхөн үйлдэл төдий биш харин үнэнтэй зөрчилддөг зүйл юм. Энэ нь яг нарийндаа хүн төрөлхтөн Намайг эсэргүүцэж, Надад дуулгаваргүй байхын эх сурвалж юм. Ийм учраас Би үүнийг дараах өгүүлбэрээр нэгтгэн дүгнэлээ: Урвалт бол хүний уг чанар бөгөөд энэ уг чанар нь Надтай нийцдэг хүн бүрийн томоохон дайсан юм.
Надад туйлын дуулгавартай байж чадахгүй үйлдэл бол урвалт. Надад үнэнч байж чадахгүй үйлдэл бол урвалт. Намайг хуурч, Намайг мэхлэхийн тулд худал хэлэх нь урвалт. Олон үзэл өвөрлөж, тэдгээрийг хаа сайгүй тараах нь урвалт. Миний гэрчлэл, ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байх нь урвалт. Зүрх сэтгэлээрээ Надаас хол байх үедээ хуурамч инээмсэглэл тодруулах нь урвалт. Эдгээр нь бүгд та нарын үргэлж хийж чаддаг байсаар ирсэн урвалтын үйлдлүүд бөгөөд та нарын дунд түгээмэл байдаг. Та нарын хэн нь ч үүнийг асуудал гэж бодохгүй байж болох ч, Би тэгж бодохгүй байна. Хүн Надаас урвах нь Миний хувьд ялихгүй асуудал биш, үүнийг хайхрахгүй орхиж Би яавч чадахгүй. Одоо Намайг та нарын дунд ажиллаж байхад та нар ингэж авирладаг—та нарыг харж хандах хэн ч байхгүй болох өдөр ирвэл та нар өөрсдийгөө жижигхэн уулынхаа хаан нь гэж тунхагласан дээрэмчин адил байх бус уу? Тийм зүйл болж, гай гамшиг тарьсан хойно чинь хэн засаж залруулах вэ? Зарим урвасан үйлдлүүдийг өөрсдийнхөө байнгын үйлдэл биш, ердөө тохиолдлын хэрэг хэмээн та нар бодож, нэр төрийг чинь гутаах хэмжээний ноцтойгоор авч хэлэлцэх хэрэггүй гэж үздэг. Хэрвээ та нар үнэхээр тэгж боддог бол эрүүл ухаан дутмаг байна. Тэгж бодох нь тэрслүү байдлын үлгэр жишээ, нийтлэг шинж юм. Хүний уг чанар бол түүний амь; амьд үлдэхийн тулд түшиглэдэг зарчим нь бөгөөд хүн үүнийг өөрчилж чадахгүй. Урвалтын уг чанарыг жишээ болгон аваад үз. Хэрвээ чи хамаатан садан, найз нөхдөөсөө урвах ямар нэгэн зүйл хийж чаддаг бол энэ нь амийн чинь нэг хэсэг, төрөлх уг чанар чинь гэдэг нь нотлогддог. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй зүйл. Жишээлбэл, хэрвээ хүн бусдаас хулгайлах дуртай бол заримдаа хулгай хийж, заримдаа хийдэггүй байсан ч “хулгайлах дуртай” байх нь түүний амийн нэг хэсэг болдог. Тэд хулгайлсан ч бай, үгүй ч бай, хулгай хийх нь зүгээр л нэг төрлийн үйлдэл гэдгийг энэ нь баталж чадахгүй. Харин ч хулгай хийх нь тэдний амийн нэг хэсэг, өөрөөр хэлбэл, тэдний уг чанар гэдгийг энэ нь нотолдог. Зарим хүн: Тэдний уг чанар нь ийм юм бол сайхан зүйлс харахаараа тэд заримдаа яагаад хулгайлдаггүй юм бэ? гэж асууна. Хариулт нь маш энгийн. Тэдэнд хулгайлахгүй байх маш олон шалтгаан бий. Бусдыг харж байхад авч явахад хэтэрхий том зүйл байх ч юм уу, эсвэл тохиромжтой цаг нь биш байх, хэтэрхий үнэтэй зүйл байх, хэт хатуу чанга харуул хамгаалалттай байх, магадгүй тэд үүнийг онцгойлон сонирхдоггүй, эсвэл ямар хэрэгтэйг нь мэдэхгүй байх гэх мэт шалтгаанаар тэд хулгайлахгүй байж болно. Энэ бүх шалтгаан байж болно. Гэхдээ юм хулгайлсан ч бай, үгүй ч бай, тэдэнд ийм бодол хоромхон зуур төрөөд өнгөрдөг гэж нотлох аргагүй. Харин ч эсрэгээрээ энэ бол засаж сайжруулахад бэрх уг чанарынх нь нэг хэсэг мөн. Ийм хүн ганцхан удаа хулгай хийгээд сэтгэл нь ханадаггүй; ямар нэгэн сайхан зүйлтэй таарах юм уу, тохиромжтой нөхцөл байдал гарах бүрд бусдын эд зүйлийг өөрийн болгох бодол төрдөг. Тийм учраас ийм бодлын эх үүсвэр нь зүгээр л хааяа нэг гарч ирдэг зүйл биш, харин тухайн хүний уг чанарт нь байдаг гэж Би хэлдэг.
Хэн ч үг, үйлдлээрээ жинхэнэ төрхөө илэрхийлж чадна. Энэхүү жинхэнэ төрх нь мэдээж тэдний уг чанар юм. Хэрвээ чи булзааруулж ярьдаг хүн бол булзамхай уг чанартай. Хэрвээ уг чанар чинь зальхай бол чи зальжин авирладаг бөгөөд хүмүүс чамд тун амархан мэхлэгдэнэ. Хэрвээ уг чанар чинь хорлонтой бол үгийг чинь сонсоход таатай байж болох ч үйлдэл чинь олиггүй заль мэхийг чинь далдалж чадахгүй. Хэрвээ уг чанар чинь залхуу бол хэлдэг үг бүр чинь хааш яаш, залхуу байдлынхаа улмаас хариуцлагаас зайлсхийх зорилготой байдгийн дээр үйлдэл чинь удаан, хааш яаш, мөн үнэнийг далдлахдаа нэлээд сурамгай байдаг. Хэрвээ чиний уг чанар уян зөөлөн бол үг чинь ухаалаг, үйлдэл чинь ч бас үнэнтэй сайтар нийцнэ. Хэрвээ уг чанар чинь үнэнч бол үг чинь гарцаагүй чин сэтгэлийн, үйлдэл чинь ул суурьтай, эзнийхээ санааг зовоох юм байдаггүй. Хэрвээ уг чанар чинь тачаангуй, эсвэл мөнгөнд шунадаг бол зүрх сэтгэл чинь үргэлж ийм зүйлээр дүүрэн байж, хүмүүсийн амархан мартахааргүй, зэвүүцлийг нь төрүүлэхүйц гажууд, ёс суртахуунгүй үйлийг чи өөрийн эрхгүй үйлдэнэ. Миний хэлсэнчлэн, хэрвээ чи урвагч уг чанартай бол үүнээс өөрийгөө салгаж бараг чадахгүй. Чи бусдад буруу зүйл хийж байгаагүй болохоор урвагч уг чанар байхгүй гэж азад бүү найд. Хэрвээ ингэж бодож байвал чи үнэхээр дургүй хүрмээр юм. Намайг ярих болгонд Миний бүх үг ганцхан хүн, эсвэл ганцхан төрлийн хүнд бус, харин бүх хүнд чиглэдэг. Надаас нэг зүйл дээр урваагүй гэдэг чинь аливаа нэг зүйл дээр урваж чадахгүй гэдгийг чинь батлахгүй. Гэрлэлтэд нь бэрхшээл тохиолдоход зарим хүн үнэнийг эрж хайх итгэлээ алддаг. Зарим хүн гэр бүл салалтын үеэр Надад үнэнч байх үүргээсээ татгалздаг. Зарим хүн хоромхон зуурын баяр хөөр, сэтгэлийн таашаалыг эрж хайж Намайг орхидог. Зарим хүн гэрэлд амьдарч, Ариун Сүнсний ажлын баяр бахдалыг хүртсэний оронд харанхуй хавцал руу унахыг илүүд үздэг. Зарим хүн эд хөрөнгийн шуналаа хангахын төлөө найз нөхдийн зөвлөгөөг үл ойшоодог бөгөөд одоо ч алдаагаа хүлээн зөвшөөрч, замналаа өөрчилж чаддаггүй. Зарим хүн Надаар хамгаалуулах л гэж Миний нэрийн дор түр зуур амьдардаг байхад зарим нь амьдралд шунан, үхлээс эмээхийн эрхээр Надад жаахныг зориулдаг. Энэ болон бусад ёс суртахуунгүй үйлдэл, түүнчлэн ёс жудаггүй үйлдлүүд нь зүрх сэтгэлийнхээ гүнд Надаас аль хэдийн урвасан хүмүүсийн үйлдлүүд бус уу? Мэдээж, хүмүүс Надаас урвахаар урьдаас төлөвлөдөггүй гэдгийг Би мэднэ; тэдний урвалт бол уг чанарынх нь төрөлхийн илчлэл юм. Хэн ч Надаас урвахыг хүсдэггүй, Надаас урвах ямар нэгэн зүйл хийснээсээ болоод хэн ч аз жаргалтай байдаггүй. Харин ч тэд айн чичирдэг, тийм биз дээ? Тэгэхээр та нар эдгээр урвалтыг хэрхэн засаж залруулах, одоогийн нөхцөл байдлыг хэрхэн өөрчлөх талаар бодож байна уу?