Хэвийн сүнслэг амьдрал хүнийг зөв зам руу хөтөлдөг

Та нар Бурханд итгэгчийн замын өчүүхэн хэсгээр л алхсан ба зөв замд хараахан ороогүй тул Бурханы стандартад хүрэхээс хол хэвээр л байна. Яг одоо та нарын биеийн хэмжээ Бурханы шаардлагад нийцэхэд хангалттай бус. Хэв чанар, завхарсан уг чанараасаа болоод та нар Бурханы ажилд үргэлж хайхрамжгүй ханддаг; үүнд нухацтай ханддаггүй. Энэ нь та нарын хамгийн том дутагдал юм. Ариун Сүнсний алхдаг замыг тодорхойлж чадах нэг ч хүн байхгүй нь гарцаагүй; та нарын ихэнх нь үүнийг ойлгож, тодорхой харж чаддаггүй. Түүнчлэн, та нарын ихэнх нь энэ асуудалд анхаарал хандуулдаггүй, тэр ч бүү хэл, үүнийг үнэн сэтгэлээсээ авч үздэггүй. Та нар энэ хэвээр байж, Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй амьдарсаар байвал Бурханд итгэгчийн хувиар явдаг зам чинь хий дэмий байх болно. Учир нь та нар Бурханы хүслийг биелүүлэхээр эрэлхийлэхийн тулд чадах бүхнээ хийдэггүй, мөн Бурхантай сайн хамтран ажилладаггүй. Бурхан та нар дээр ажиллаагүй юм биш, эсвэл Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөөгүй юм биш. Маш хайхрамжгүй болохоороо л чи Ариун Сүнсний ажлыг нухацтайгаар авч үздэггүй. Чи энэ нөхцөл байдлыг даруйхан эргүүлж, Ариун Сүнс хүмүүсийг удирдан хөтөлдөг замаар алхах ёстой. Энэ бол өнөөдрийн гол сэдэв билээ. “Ариун Сүнсний удирдан хөтөлдөг зам” гэдэг нь сүнсээрээ гэгээрэл олж авах; Бурханы үгийг мэддэг болох; урдах замаа тодорхой мэддэг болох; алхам алхмаар үнэнд орох чадвартай байх; Бурханы тухай илүү их мэддэг болохыг хэлдэг. Ариун Сүнс хүмүүсийг удирдан хөтөлдөг зам нь үндсэндээ гажуудал, эндүүрэлгүйгээр Бурханы үгийг илүү тодорхой ойлгох зам бөгөөд тэрхүү замаар явагсад шулуухан алхдаг. Ингэхийн тулд та нар Бурхантай зохицон ажиллаж, хэрэгжүүлэх зөв замыг олж, Ариун Сүнсний удирдан хөтөлдөг замаар алхах хэрэгтэй болно. Энэ нь хүний хамтын ажиллагаатай хамаатай: өөрөөр хэлбэл, Бурханы шаардлагад нийцэхийн тулд та нар юу хийх ёстой, мөн Бурханд итгэх зөв замд орохын тулд хэрхэн авирлах ёстой вэ гэдэг юм.

Ариун Сүнсний удирдан хөтөлдөг замд хөл тавих нь төвөгтэй санагдаж болох ч хэрэгжүүлэлтийн зам чамд тодорхой болох үед энэ нь хавьгүй энгийн санагдах болно. Үнэндээ, хүмүүс Бурханы шаарддаг бүхнийг биелүүлэх чадвартай бөгөөд Бурхан зангууны ноос түүж, эсгий хийхээр оролдож байгаа хэрэг биш юм. Бүхий л нөхцөл байдалд Бурхан хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж, санаа зовнилыг нь арилгахаар эрэлхийлдэг. Та нар бүгд үүнийг ойлгох ёстой; Бурханыг бүү буруугаар ойлго. Хүмүүс Ариун Сүнсний алхдаг замаар Бурханы үгийн дагуу удирдуулдаг. Өмнө дурдсанчлан, та нар зүрх сэтгэлээ Бурханд өгөх ёстой. Энэ нь Ариун Сүнсний удирдан хөтөлдөг замаар явахын урьдач нөхцөл юм. Зөв замд орохын тулд ингэх ёстой. Бурханд зүрх сэтгэлээ өгөх ажлыг хүн яаж ухамсартайгаар хийдэг вэ? Өдөр тутмынхаа амьдралд та нар Бурханы ажлыг туулж, Түүнд залбирахдаа хааш яаш байдаг—ажиллангаа та нар Бурханд залбирдаг. Үүнийг Бурханд сэтгэл зүрхээ өгч байна гэж хэлж болох уу? Та нар гэр орны асуудал, махан биеийн хэрэг явдлыг бодож байгаа; та нар үргэлж хоёрдмол сэтгэлтэй байдаг. Үүнийг Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж байна гэж үзэж болох уу? Учир нь та нарын зүрх сэтгэл байнга гадаад асуудлууд дээр төвлөрч, Бурханы өмнө буцан ирж чаддаггүй. Хэрэв зүрх сэтгэлээ Бурханы өмнө үнэхээр тайван байлгая гэвэл ухамсартайгаар хамтран ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, та нар дор бүрнээ сүнслэг үйл ажиллагаандаа зориулах цаг болон хүмүүс, үйл явдал, зүйлсийг хойш тавих цагтай байж, зүрх сэтгэлээ Бурханы өмнө тайван байлгах ёстой. Хүн бүр хувийн сүнслэг үйл ажиллагааны тэмдэглэл хөтөлж, гүн гүнзгий ч бай, өнгөцхөн ч бай, Бурханы үгийн талаарх мэдлэг болон сүнс нь хэрхэн хөдөлгөгдсөнийг тэмдэглэх ёстой; бүгд Бурханы өмнө зүрх сэтгэлээ ухамсартайгаар тайван байлгах ёстой. Хэрэв чи өдөр бүр нэг юм уу хоёр цагийг жинхэнэ сүнслэг амьдралд зориулж чадвал тэр өдөр амьдрал чинь баялаг санагдаж, зүрх сэтгэл чинь гэрэлтэй, тодорхой байх болно. Хэрэв чи өдөр бүр иймэрхүү сүнслэг амьдралаар амьдарвал зүрх сэтгэл чинь Бурханы эзэмшилд улам бүр эргэн очиж чадах ба сүнс чинь улам хүчтэй болж, нөхцөл байдал чинь тасралтгүй сайжирч, Ариун Сүнсний удирдан хөтөлдөг замаар алхах чадвар чинь нэмэгдэж, Бурхан чамд улам их ерөөл хайрлана. Сүнслэг амьдралын чинь зорилго бол ухамсартайгаар Ариун Сүнсний дэргэд байх явдал юм. Энэ нь дүрэм журмыг баримталж, эсвэл шашны зан үйл үйлдэх явдал биш, харин Бурхантай үнэхээр хамтран ажиллаж, өөрийн биеийг үнэхээр сахилгажуулах явдал юм—энэ нь хүний хийх ёстой зүйл тул та нар үүнийг туйлын их хичээл чармайлт гарган хийх хэрэгтэй. Хэдий чинээ сайн хамтран ажиллаж, хэдий чинээ их чармайлт гаргана, зүрх сэтгэл чинь төдий чинээ Бурхан руу буцаж чадах бөгөөд чи Түүний өмнө зүрх сэтгэлээ төдий чинээ тайван байлгаж чадна. Тодорхой нэг үед Бурхан зүрх сэтгэлийг чинь бүрэн олж авна. Хэн ч зүрх сэтгэлийг чинь ганхуулж, эсвэл булаан авч чадахгүй ба чи бүрмөсөн Бурханд харьяалагдана. Хэрэв чи энэ замаар алхвал Бурханы үг цаг ямагт чамд аяндаа илчлэгдэж, ойлгодоггүй бүхний чинь талаар чамайг гэгээрүүлнэ—хамтын ажиллагаагаараа дамжуулан энэ бүгдэд хүрч болно. Ийм учраас Бурхан: “Надтай хамтран ажилладаг бүх хүнийг Би хоёр дахин их шагнана” гэж үргэлж хэлдэг. Чи энэ замыг тодорхой харах ёстой. Чи зөв замаар алхахыг хүсдэг бол Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Сүнслэг амьдралд хүрэхийн тулд та нар боломжтой бүхнийг хийх ёстой. Эхэндээ чи энэ эрэл хайгуулд асар их үр дүнд хүрэхгүй байж болох ч ухарч буцах юм уу сөрөг байдалд хутгалдахыг өөртөө зөвшөөрөх ёсгүй—харин шаргуу ажилласаар л байх ёстой! Сүнслэг амьдралаар амьдрах тусам зүрх сэтгэл чинь Бурханы үгэнд улам эзэмдүүлж, эдгээр асуудалд үргэлж санаа зовж, энэ ачааг үргэлж үүрнэ. Дараа нь сүнслэг амьдралаараа дамжуулан сэтгэлийн гүн дэх үнэнээ Бурханд илчил; юу хийхийг хүсэж байгаагаа, юун тухай бодож байгаагаа, Түүний үгийг юу гэж ойлгож, юу гэж үзэж байгаагаа Түүнд хэл. Юуг ч, бүр өчүүхэн жаахныг ч бүү нуу! Зүрх сэтгэлдээ байгаа үгийг хэлж, Бурханд үнэн сэтгэлээ илчилж дад; зүрх сэтгэл дотор чинь байгаа л бол боломжтой бүх аргаар үүнийгээ хэл. Ийм маягаар ярих тусмаа чи Бурханы хайр татам байдлыг улам мэдэрч, зүрх сэтгэл чинь Бурханд улам хүчтэй татагдана. Ийм зүйл тохиолдох үед чи Бурхан чамд өөр хэнээс ч илүү ойр дотно гэдгийг мэдэрнэ. Чи юу ч болж байсан Бурханы хажуугаас огт холдохгүй. Хэрэв чи өдөр бүр ийм сүнслэг үйл ажиллагааг хэрэгжүүлж, үүнийг зориуд марталгүй, харин амьдралд чинь асар их ач холбогдолтой зүйл гэж үздэг бол Бурханы үг зүрх сэтгэлийг чинь эзэмдэнэ. Ариун Сүнс сэтгэл хөдөлгөх гэж үүнийг хэлдэг. Тэгээд зүрх сэтгэлийг чинь Бурхан үргэлж эзэмдэж байсан мэт, хайрладаг зүйл чинь үргэлж зүрх сэтгэлд чинь байсан мэт байх болно. Хэн ч чамаас үүнийг булаан авч чадахгүй. Ийм зүйл тохиолдоход Бурхан үнэхээр дотор чинь амьдарч, зүрх сэтгэлд чинь байр эзэлнэ.

Өмнөх: Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал

Дараах: Төгс болгуулсан хүмүүст өгөх амлалт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх