Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой

Хүний үзэл бодлоор бол, Моабын үр удам бүрэн төгс болгуулах боломжгүй, тийм болгуулах ч эрхгүй. Нөгөө талаар, Давидын хүүхдүүдэд гарцаагүй найдвар байгаа бөгөөд үнэндээ бүрэн төгс болгуулж чадна. Хэрвээ хүн Моабын үр удам мөн бол бүрэн төгс болгуулж чадахгүй. Одоо ч гэсэн та нарын дунд хийгдэж байгаа ажлын ач холбогдлыг та нар мэдэхгүй хэвээр байдаг; энэ үе шатанд та нар зүрх сэтгэлдээ өөрсдийн хэтийн ирээдүйг агуулдаг бөгөөд тэдгээрийг орхихыг хүсдэггүй. Өнөөдөр Бурхан яагаад та нар мэтийн хамгийн зохисгүй хүмүүсийн бүлэгт ажиллахаар сонгосныг хэн ч тоодоггүй. Тэрээр энэ ажилд алдаа гаргасан байж болно гэж үү? Энэхүү ажил нь түр зуурын хайнга явдал уу? Моабын хүүхдүүд гэдгийг чинь үргэлж мэддэг байсан Бурхан яагаад яг та нарын дунд ажиллахаар бууж ирсэн юм бэ? Та нар хэзээ ч ингэж бодож байгаагүй юу? Бурхан Өөрийн ажлыг хийхдээ үүнийг хэзээ ч бодолцож үздэггүй юү? Тэр яаруу байдлаар авирладаг уу? Моабын үр удам гэдгийг чинь Тэр бүр эхнээсээ мэддэг байгаагүй гэж үү? Та нар эдгээр зүйлийг бодолцож үзэхээ мэддэггүй юм уу? Та нарын үзэл хааччихаа вэ? Эрүүл саруул сэтгэлгээ чинь самуурчихсан юм уу? Ухаалаг байдал болон мэргэн ухаан чинь хааччихаа вэ? Та нар тийм уужим сэтгэлтэй болохоор ийм жаахан хэрэг явдлыг анхаардаггүй юм уу? Оюун санаа чинь өөрийн хэтийн ирээдүй, хувь заяа гэх мэт зүйлсэд хамгийн мэдрэмтгий байдаг боловч өөр юуны ч тухайд бол хөшүүн, мангуу, үнэхээр мэдлэггүй байдаг. Та нар ер нь яг юунд итгэдэг юм бэ? Өөрсдийн хэтийн ирээдүйд үү? Эсвэл Бурханд уу? Чи үзэсгэлэнтэй сайхан хүрэх газартаа л итгэдэггүй гэж үү? Хэтийн ирээдүйдээ л итгэдэггүй гэж үү? Амийн замын хэр ихийг чи одоо ойлгодог вэ? Чи хэр ихийг олж авсан бэ? Одоо Моабын үр удам дээр хийгдэж байгаа ажил та нарыг доромжлохын тулд хийгддэг гэж чи бодож байна уу? Энэ нь үзэшгүй муухай байдлыг чинь ил болгохын тулд зориуд хийгддэг үү? Та нараар гэсгээлтийг хүлээн зөвшөөрүүлээд, дараа нь та нарыг галт нуур луу шидэхийн тулд зориуд хийгддэг үү? Та нарт ямар ч хэтийн ирээдүй байхгүй гэж Би хэзээ ч хэлээгүй, та нар устгагдаж, мөхөх ёстой гэж бүр ч хэлээгүй. Би олны өмнө тийм зүйл зарласан гэж үү? Ямар ч найдвар байхгүй гэж чи хэлдэг, гэхдээ энэ нь чиний гаргасан дүгнэлт биш гэж үү? Энэ нь чиний өөрийн сэтгэхүйн үр нөлөө биш гэж үү? Чиний өөрийн дүгнэлт тооцогдох уу? Хэрвээ Би чамайг ерөөгдөөгүй гэж хэлбэл чи гарцаагүй сүйрлийн бай байх болно; хэрвээ Би чамайг ерөөгдсөн гэж хэлбэл чи гарцаагүй устгагдахгүй. Би чамайг Моабын удам гэж л хэлж байна; чамайг устгагдана гэж Би хэлээгүй. Зүгээр л Моабын үр удам хараагдсан бөгөөд нэг төрлийн завхарсан хүмүүс юм. Нүглийг урьд нь дурдсан; та нар бүгд нүгэлтэй биш гэж үү? Нүгэлтнүүд бүгд Сатанаар завхруулагдаагүй гэж үү? Нүгэлтнүүд бүгд Бурханыг эсэргүүцэж, Түүний эсрэг тэрсэлдэггүй гэж үү? Бурханыг эсэргүүцдэг хүмүүс хараагдах бус уу? Нүгэлтнүүд бүгд устгагдах ёстой бус уу? Тэр тохиолдолд мах цустай хүмүүсийн дундаас хэн аврагдаж чадах юм бэ? Та нар яаж өнөөдрийг хүртэл амьд үлдэж чадсан байх юм бэ? Та нар Моабын үр удам учраас сөрөг болсон; та нар бас нүгэлт хүмүүс гэж тооцогддог бус уу? Та нар яаж өдий хүрсэн юм бэ? Төгс болгох талаар дурдах үед та нар жаргалтай болдог. Асар их гай зовлон туулах ёстой гэдгээ сонссоны дараа энэ нь та нарыг бүр ч их ерөөлтэй болгоно гэж та нарт санагддаг. Гай зовлонгоос гарч ирсний дараа ялагч болж чадна, түүнчлэн энэ нь чамайг гэх Бурханы агуу ерөөл, агуу өргөмжлөл гэж чи боддог. Моабыг дурдангуут та нарын дунд үймээн үүсдэг; насанд хүрэгчид, хүүхдүүд ялгаагүй үгээр хэлэхийн аргагүй уйтгар гунигийг мэдэрч, зүрх сэтгэлд чинь ямар ч баяр хөөр байдаггүй ба та нар бүгд төрсөндөө харамсдаг. Ажлын энэ үе шат Моабын үр удам дээр хийгдэж буйн ач холбогдлыг та нар ойлгодоггүй; та нар өндөр байр суурь эрж хайхаа л мэддэг бөгөөд ямар ч найдвар байхгүй гэж бодогдох болгонд ухарч няцдаг. Төгс болгох болон ирээдүйд хүрэх газрыг дурдангуут та нар баярладаг; та нар ерөөл хүртэж, сайн хүрэх газартай болохын тулд Бурханд итгэлээ өгсөн. Зарим хүн одоо өөрсдийн байр сууриас болж айн сандардаг. Тэд дорд үнэ цэн, доогуур байр суурьтай учраас төгс болгуулахаар эрэлхийлэхийг хүсдэггүй. Эхлээд төгс болгох тухай ярьсан, дараа нь Моабын үр удмын тухай дурдсан тул хүмүүс урьд нь дурдагдсан төгс болгох замыг няцаасан. Учир нь та нар эхнээс нь дуустал энэ ажлын ач холбогдлыг хэзээ ч мэдээгүй, мөн үүний ач холбогдлыг ч тоодоггүй. Та нарын биеийн хэмжээ хэтэрхий жаахан бөгөөд өчүүхэн төдий үймээнийг ч тэвчиж чаддаггүй. Байр суурь чинь хэтэрхий дорд гэдгийг харах үедээ та нар сөрөг болж, үргэлжлүүлэн эрж хайх итгэлээ алддаг. Хүмүүс ердөө нигүүлсэлд хүрсэн түвшин болон амар амгалангийн таашаалыг л итгэлийн бэлгэ тэмдэг гэж авч үзээд, ерөөл эрж хайхыг Бурханд итгэх итгэлийнх нь үндэс гэж үздэг. Тун цөөхөн хүн Бурханыг мэдэхээр эрж хайдаг, эсвэл өөрсдийн зан чанар дахь өөрчлөлтийг эрж хайдаг. Өөрсдийнхөө итгэлд хүмүүс, тохиромжтой хүрэх газар, хэрэгтэй бүх нигүүлслийг Бурханаар өөрсдөдөө өгүүлж, Бурханыг өөрсдийн зарц болгож, хэзээ ч, хэдийд ч хоорондоо зөрчилтэй байхгүйн тулд амар тайван, нөхөрсөг харилцаагаа хадгалахад Бурханыг хүргэхээр чармайдаг. Өөрөөр хэлбэл, тэдний Бурханд итгэх итгэл нь, өөрсдийнх нь бүх шаардлагад нийцэж, Библиэс уншсан “Би та нарын бүх залбирлыг сонсоно” хэмээх үгийн дагуу залбирсан бүхнийг нь тэдэнд өгөх амлалтыг Бурханаас шаарддаг. Бурхан үргэлж хаана ч, хэдийд ч хүмүүстэй сайхан харилцаатай байдаг өршөөнгүй Аврагч Есүс байсан учраас хэнийг ч шүүхгүй, хэнтэй ч харьцахгүй байхыг тэд Бурханаас хүлээдэг. Хүмүүс Бурханд ингэж итгэдэг: Тэд ердөө ичгүүр сонжуургүйгээр Бурханд шаардлага тавин, өөрсдөө тэрслүү, эсвэл дуулгавартай байх нь хамаагүй Бурхан зүгээр л бүх зүйлийг тэдэнд сохроор хайрлана. Тэд Бурханаас тасралтгүй “өр цуглуулдаг” бөгөөд Бурхан ямар ч эсэргүүцэлгүйгээр тэдэнд “өрөө төлж”, түүнчлэн, хоёр дахин ихийг төлөх ёстой; өөрсдөөс нь ямар нэгэн юм авсан ч бай, үгүй ч бай Бурхан өөрсдийнх нь л эрхшээлд байж болох ба Тэрээр хүмүүсийг дур зоргоороо зохион байгуулж болохгүй, тэр ч бүү хэл, олон жилийн турш нуусан Өөрийн мэргэн ухаан, зөвт зан чанарыг хүссэн үедээ, өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр хүмүүст илчилж болохгүй. Тэд зүгээр л өөрсдийн нүглийг Бурханд улайж, Бурхан зүгээр л тэдгээрийг уучилна, Бурхан үүнээс залхаж болохгүй бөгөөд энэ нь үүрд үргэлжилнэ. Бурхан хүнээр үйлчлүүлэхийн төлөө биш, харин хүнд үйлчлэхийн төлөө ирсэн, мөн хүний зарц байхаар ирсэн гэж Библид тэмдэглэгдсэн байдаг тул тэд зүгээр л Бурханд тушаан, Бурхан өөрсдийг нь дуулгавартай дагана. Та нар үргэлж ингэж итгэсэн бус уу? Та нар Бурханаас ямар нэг зүйл олж авч чадахгүй үедээ зугтахыг хүсдэг; ямар нэгэн зүйлийг ойлгохгүй байх үедээ ихэд дургүйцэж, бүр Түүн рүү төрөл бүрийн хараал зүхэл чулуудахдаа тулдаг. Өөрийн мэргэн ухаан, гайхамшгийг бүрэн илэрхийлэх боломжийг та нар Бурханд Өөрт нь ер олгодоггүй; харин оронд нь зүгээр л түр зуурын амар амгалан, тав тух эдлэхийг хүсдэг. Одоог хүртэл Бурханд итгэх итгэлийн чинь хандлага ердөө нэгэн хэвийн хуучин үзэл бодлоос бүрдсэн. Хэрвээ Бурхан та нарт ялимгүй сүр жавхлан үзүүлэх л юм бол та нар аз жаргалтай бус болдог. Биеийн хэмжээ чинь яг хэр том болохыг та нар одоо харж байна уу? Үнэн хэрэгтээ хуучин үзэл бодол чинь өөрчлөгдөөгүй байхад өөрсдийгөө Бурханд үнэнч гэж бүү бод. Чамд юу ч тохиолдохгүй байх үед бүх зүйл төвөггүй явагдаж байна гэж чи бодоод, Бурханыг дээд зэргээр хайрладаг. Гэхдээ багахан зүйл тохиолдох үед чи Үхэгсдийн орон руу унадаг. Бурханд үнэнч байгаа нь энэ үү?

Хэрвээ байлдан дагуулалтын ажлын сүүлчийн үе шат Израильд эхлэх байсан бол тийм байлдан дагуулалтын ажил ямар ч утга учиргүй байх байв. Уг ажлыг Хятадад, хүмүүс та нар дээр хийх үед л хамгийн их ач холбогдолтой юм. Та нар бол хамгийн ядуу дорой хүмүүс буюу хамгийн дорд байр суурьтай хүмүүс; та нар энэ нийгмийн хамгийн дорд түвшний хүмүүс бөгөөд анх Бурханыг хамгийн бага хүлээн зөвшөөрсөн хүмүүс юм. Та нар Бурханаас хамгийн их холдсон, хамгийн их хохирсон хүмүүс билээ. Энэ үе шатны ажил зөвхөн байлдан дагуулалтын төлөө байдаг учраас хожмын гэрчлэлийг хийлгэхээр та нарыг сонгох нь хамгийн зохистой бус уу? Хэрвээ байлдан дагуулалтын ажлын эхний алхам нь хүмүүс та нар дээр хийгдээгүй байсан бол дараагийн байлдан дагуулалтын ажлыг урагш явуулахад хэцүү болох байсан, учир нь дараа болох байлдан дагуулалтын ажил өнөөдөр хийгдэж байгаа энэ ажлын бодит баримтад үндэслэн үр дүнд хүрнэ. Одоогийн байлдан дагуулалтын ажил нь нийт байлдан дагуулалтын ажлын зөвхөн эхлэл юм. Та нар бол байлдан дагуулагдах эхний бүлэг; байлдан дагуулагдах бүх хүн төрөлхтний төлөөлөл юм. Бурханы өнөөдөр хийдэг бүх ажил сайн бөгөөд Бурхан хүмүүст өөрсдийн тэрслүү занг мэдэх боломж олгоод зогсохгүй, бас байр суурийг нь илчилдэг гэдгийг үнэхээр мэдлэгтэй хүмүүс харах болно. Түүний үгийн зорилго, утга учир нь хүмүүсийг гонсойлгохын төлөө байдаггүй, мөн тэднийг унагаахын төлөө ч байдаггүй. Харин Түүний үгээр дамжуулан гэгээрэл, аврал авхуулахын төлөө байдаг; Түүний үгийн замаар тэдний сүнсийг сэрээхийн төлөө байдаг. Дэлхий ертөнц бүтээгдсэн цагаас хойш хүн Бурхан байдаг гэдгийг мэдэхгүйгээр, Бурхан байдаг гэдэгт ч итгэхгүйгээр Сатаны эрхшээл дор амьдарсан. Энэ хүмүүс Бурханы агуу авралд багтаж, Бурханаар асар их өргүүлж байгаа нь үнэндээ Бурханы хайрыг харуулдаг; үнэхээр ойлгодог бүх хүн ингэж бодно. Тийм мэдлэггүй хүмүүс яах вэ? “Ай, Бурхан биднийг Моабын үр удам гэж хэлдэг; Тэр Өөрийн амаар үүнийг хэлсэн. Бид сайн үр дүнд хүрч бас л чадна гэж үү? Бид бол Моабын үр удам, урьд нь бид Бурханыг эсэргүүцэж байсан. Бурхан биднийг яллахаар ирсэн; Тэр бүр эхнээсээ л биднийг үргэлж шүүж байсныг чи харахгүй байна уу? Бид Бурханыг эсэргүүцсэн тул ингэж гэсгээгдэх ёстой” гэж тэд хэлнэ. Эдгээр үг зөв үү? Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялладгийн зорилго нь чамд өөрийг чинь мэдүүлэхийн төлөө юм гэдгийг чи мэдэх ёстой. Чамд өөрийг чинь мэдүүлж, зан чанарыг чинь өөрчилж, түүнчлэн үнэ цэнийг чинь мэдүүлж, Бурханы бүх үйлдэл зөвт бөгөөд Бурханы зан чанар, Бурханы ажлын хэрэгцээний дагуу байдаг, Тэр хүнийг аврахын төлөө Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, Тэр бол хүнийг хайрлаж, хүнийг аварч, мөн хүнийг шүүж, гэсгээдэг зөвт Бурхан юм гэдгийг харуулах гэсэндээ Бурхан яллаж, харааж, шүүж, гэсгээдэг. Хэрвээ чи дорд байр суурьтай, завхарсан, дуулгаваргүй гэдгээ л мэддэг боловч өнөөдөр чам дээр хийдэг шүүлт, гэсгээлтээрээ дамжуулан Бурхан Өөрийн авралыг ил болгохыг хүсдэг гэдгийг мэддэггүй бол туршлагажих ямар ч аргагүй бөгөөд цааш үргэлжлүүлж бүр ч чадахгүй. Бурхан хөнөөх юм уу устгахын тулд ирээгүй, харин шүүж, харааж, гэсгээж, аврахын тулд ирсэн юм. Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө төгсөх хүртэл—Тэрээр төрөл бүрийн хүний төгсгөлийг илчлэхээс өмнө—газар дээрх Бурханы ажил авралын төлөө байх болно; үүний зорилго нь гагцхүү Өөрийг нь хайрладаг хүмүүсийг бүрмөсөн бүрэн төгс болгож, Өөрийн ноёрхол дор аваачихын төлөө байдаг. Бурхан хүмүүсийг хэрхэн авардаг нь хамаагүй, энэ нь бүхэлдээ, тэднийг хуучин сатанлаг уг чанараас нь салгаснаар хийгддэг; өөрөөр хэлбэл, тэднээр амийг эрж хайлгуулснаар Бурхан тэднийг авардаг. Хэрвээ тэгэхгүй бол Бурханы авралыг хүлээн авах ямар ч аргагүй байх болно. Аврал бол Бурханы Өөрийн ажил бөгөөд амийг эрэлхийлэх нь аврал хүлээн авахын тулд хүний хийх ёстой зүйл юм. Хүний нүдээр аврал бол Бурханы хайр бөгөөд Бурханы хайр нь гэсгээлт, шүүлт, хараал байж болохгүй; аврал нь хайр, энэрэл, түүнчлэн тайтгарлын үгсийг агуулах ёстой, мөн Бурханы хайрласан хязгааргүй их ерөөлийг агуулах ёстой. Бурхан хүнийг аврах үедээ Өөрийн ерөөл, нигүүлслээр дамжуулан сэтгэлийг нь хөдөлгөдөг болохоор хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд өгч чаддаг гэж хүмүүс боддог. Өөрөөр хэлбэл, Тэр хүний сэтгэлийг хөдөлгөж байгаа нь түүнийг аварч байгаа хэрэг юм. Ийм аврал нь наймаацсанаар хийгддэг. Бурхан өөрсдөд нь зуу дахин ихийг өгөх үед л хүн Бурханы нэрийн өмнө захирагдаж, Түүний төлөө сайн ажиллаж, Түүнд алдар суу авчрахаар чармайна. Энэ нь хүн төрөлхтний төлөөх Бурханы санаа зорилго биш юм. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн; үүнд ямар ч худал хуурмаг байхгүй. Эс бөгөөс Тэр ажлаа хийхийн тулд биечлэн ирэхгүй байх байсан нь лавтай. Урьд нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан болохоор Тэр бүх хүн төрөлхтний төлөө Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарт хайрласан аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил хайр юм уу энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт, шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн гэсгээлт, шүүлт, өршөөлгүй цохилт байдаг боловч энэ хайр найргүй цохилтод өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав. Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл бол ердөө тун хүний үнэргүй санагддаг цөөхөн хэдэн үг бөгөөд Би хэчнээн их уурласан ч бай, та нар дээр буун ирдэг зүйл нь мөн л сургаалын үг бөгөөд Би та нарт хор хөнөөл учруулах гээгүй, эсвэл та нарыг цаазлах гээгүй. Энэ нь бүгд баримт бус уу? Өнөөдөр зөвт шүүлт байсан ч бай, эсвэл хайр найргүй цэвэршүүлэлт, гэсгээлт байсан ч бай, бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйлийг төрлөөр нь ангилж, эсвэл хүний төрлүүдийг ил болгож байгаа эсэхээс үл хамааран, Бурханы бүх үг болон ажлын зорилго нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврах явдал юм. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын төлөө, хайр найргүй цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн төлөө; хатуу үг, эсвэл цээрлүүлэлт нь хоёулаа ариусгаж, аврахын төлөө байдаг. Тиймээс өнөөдрийн авралын арга барил нь өнгөрсөн үеийнхтэй адилгүй. Өнөөдөр зөвт шүүлтээр дамжуулан та нарт аврал ирсэн ба энэ нь та нарыг төрлөөр нь ангилах сайн хэрэгсэл юм. Түүнчлэн, хайр найргүй гэсгээлт нь та нарын дээд зэргийн аврал болдог—энэхүү гэсгээлт, шүүлтийн өмнө та нар юу хэлэх юм бэ? Та нар эхнээсээ дуустлаа үргэлж авралыг эдлээгүй гэж үү? Та нар бие махбодтой болсон Бурханыг харж, Түүний бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг ухаарсан; үүнээс гадна, удаа дараагийн цохилт, сахилгажуулалтыг туулсан. Гэхдээ та нар бас дээд зэргийн нигүүлслийг хүртээгүй гэж үү? Та нарын ерөөл өөр хэнийхээс ч илүү их биш гэж үү? Та нарын нигүүлсэл бүр Соломоны эдэлсэн алдар суу болон эд баялгаас илүү элбэг дэлбэг билээ! Энэ талаар бодоод үз: Хэрвээ Миний ирсэн санаа зорилго та нарыг аврахын оронд яллаж, шийтгэхийн төлөө байсан бол өдөр хоногууд чинь ийм удаан үргэлжлэх байсан гэж үү? Мах цустай нүгэлт оршихуй болох та нар өнөөдрийг хүртэл амьд үлдэж чадах байсан уу? Хэрвээ Миний зорилго ердөө та нарыг шийтгэхийн төлөө байсан бол Би яах гэж махбод болж, ийм том ажил үйлс эхлүүлэх юм бэ? Та нар шиг эгэл хүмүүсийг шийтгэхэд ганцхан үг айлдахад л болчих биш үү? Би та нарыг зориуд ялласныхаа дараа мөн л устгах хэрэгтэй юм гэж үү? Та нар Миний энэ үгэнд одоо ч итгэхгүй л байна уу? Би ердөө хайр, энэрлээр л дамжуулан хүнийг аварч чадах юм гэж үү? Эсвэл Би хүнийг аврахын тулд зөвхөн цовдлол ашиглах юм гэж үү? Миний зөвт зан чанар хүнийг бүрмөсөн дуулгавартай болгоход илүү тохиромжтой биш гэж үү? Энэ нь хүнийг бүрэн дүүрэн аварч чадах бус уу?

Би зөвхөн үг хэлж, хүний махан биеийг шийтгэхгүй байгаа болохоор хэдий Миний үг хатуу байж болох ч тэдгээрийг бүгдийг нь хүний авралын төлөө хэлдэг. Эдгээр үг хүнийг гэрэлд амьдруулж, гэрэл оршин байдгийг мэдүүлж, гэрэл бол эрхэм нандин гэдгийг мэдүүлдэг, үүнээс ч илүүтэйгээр эдгээр үг хүнд хэр ач тустайг мэдүүлж, бас Бурхан бол аврал юм гэдгийг мэдүүлдэг. Хэдийгээр Би гэсгээлт, шүүлтийн олон үг хэлсэн боловч тэдгээр нь та нар дээр үнэндээ хийгдээгүй. Би Өөрийн ажлыг хийж, Өөрийн үгийг хэлэхээр ирсэн бөгөөд хэдийгээр Миний үг хатуу чанд байж болох ч та нарын завхрал, тэрслүү байдлыг шүүн тэдгээрийг хэлдэг. Үүнийг хийх Миний зорилго бол хүнийг Сатаны эрхшээлээс аврах явдал хэвээр үлддэг; Би хүнийг аврахын тулд Өөрийн үгийг ашиглаж байгаа; Миний зорилго бол Өөрийн үгээр хүнийг хорлох явдал биш. Өөрийнхөө ажлаар үр дүнд хүрэхийн тулд Миний үг хатуу байдаг. Зөвхөн ийм ажлаар л дамжуулан хүн өөрийгөө мэдэж авч, тэрслүү зан чанараасаа салж чадна. Үгийн ажлын хамгийн их ач холбогдол нь үнэнийг ойлгосныхоо дараа хэрэгжүүлж, зан чанартаа өөрчлөлт гаргаж, өөрсдийнхөө тухай болон Бурханы ажлын тухай мэдлэгтэй болох боломжийг хүмүүст олгох явдал юм. Үг хэлэх арга замаар ажиллах нь л Бурхан, хүн хоёрыг ярилцах боломжтой болгодог бөгөөд үг л үнэнийг тайлбарлаж чадна. Ийм маягаар ажиллах нь хүнийг байлдан дагуулах хамгийн сайн арга барил юм; үг айлдахаас өөр ямар ч арга үнэн болон Бурханы ажлын талаар илүү тодорхой ойлголтыг хүнд өгч чадахгүй. Тиймээс Өөрийнхөө ажлын сүүлчийн үе шатанд Бурхан хүний хараахан ойлгоогүй байгаа бүх үнэн болон нууцыг дэлгэхийн тулд хүнтэй ярьдаг бөгөөд Бурханаас үнэн зам болон амийг олж авч, тэгснээрээ Бурханы хүслийг биелүүлэх боломжийг тэдэнд олгодог. Хүн дээр хийдэг Бурханы ажлын зорилго нь тэдэнд Бурханы хүслийг хангалуун болгох боломж олгохын төлөө байдаг бөгөөд тэдэнд аврал авчрахын тулд хийгддэг. Тиймээс хүнийг аврах хугацаандаа Тэр хүнийг шийтгэх ажил хийдэггүй. Хүнд аврал авчрах хугацаандаа Бурхан мууг шийтгэж, сайныг шагнадаггүй, мөн бүх төрлийн хүмүүсийн хүрэх газрыг ч илчилдэггүй. Харин ч Өөрийнх нь ажлын эцсийн үе шат гүйцэлдсэний дараа л мууг шийтгэж, сайныг шагнах ажлыг хийх бөгөөд тэр үед л төрөл бүрийн хүмүүсийн төгсгөлийг илчилнэ. Шийтгүүлдэг хүмүүс нь үнэндээ аврагдаж чадахгүй хүмүүс байдаг байхад аврагддаг хүмүүс нь хүнийг аврах авралынх нь хугацаанд Бурханы авралыг хүртсэн хүмүүс байх болно. Бурханы авралын ажил явагдаж байх зуур аврагдаж чадах хүн нэг бүр боломжит дээд хэмжээгээр аврагдах бөгөөд нэг нь ч хаягдахгүй, учир нь Бурханы ажлын зорилго хүнийг аврахын төлөө байдаг. Бурхан хүнийг аврах хугацаанд зан чанартаа өөрчлөлт гаргаж чаддаггүй бүх хүн, түүнчлэн Бурханд бүрэн захирагдаж чаддаггүй бүх хүн шийтгэлийн бай болно. Ажлын энэ үе шат буюу үгийн ажил нь хүмүүст өөрсдийнх нь ойлгодоггүй бүх зам болон нууцыг тайлж өгнө, ингэснээр тэд Бурханы хүслийг болон хүнд тавих Бурханы шаардлагыг ойлгож, улмаар Бурханы үгийг хэрэгжүүлж, зан чанартаа өөрчлөлт гаргах урьдач нөхцөлтэй болж чадна. Бурхан Өөрийн ажлыг хийхдээ зөвхөн үг ашигладаг бөгөөд бага зэрэг тэрслүү байсных нь төлөө хүмүүсийг шийтгэдэггүй; учир нь одоо үе бол авралын ажлын цаг үе билээ. Хэрвээ тэрслүү авирладаг хэн боловч шийтгүүлдэг байсан бол хэн ч аврагдах боломжгүй байх байв; хүн бүр шийтгүүлж, Үхэгсдийн орон руу унах байлаа. Хүнийг шүүдэг үгийн зорилго нь өөрсдийгөө мэдэж, Бурханд захирагдах боломжийг хүнд олгохын төлөө байдаг; харин тэднийг ийм шүүлтээр шийтгэхийн төлөө байдаггүй. Үгийн ажлын хугацаанд олон хүн өөрсдийн тэрслүү байдал, эсэргүүцэл, түүнчлэн бие махбодтой болсон Бурханд хандах дуулгаваргүй байдлыг илчилнэ. Гэхдээ Тэр үүнээс болж энэ бүх хүнийг шийтгэхгүй, харин оронд нь, голдоо хүртэл завхарсан, аврагдах аргагүй хүмүүсийг л хаях болно. Тэр тэдний махан биеийг Сатанд өгч, цөөн хэдэн тохиолдолд махан биеийг нь дуусгавар болгоно. Үлдсэн хүмүүс үргэлжлүүлэн дагаж, харьцалт, засалт туулна. Хэрвээ энэ хүмүүс дагаж байх зуураа харьцалт, засалтыг хүлээн авч чадахгүй хэвээр байж, улам илүү доройтвол аврагдах боломжоо алдсан байх болно. Бурханы үгийн байлдан дагуулалтыг хүлээн авсан хүн нэг бүр аврагдах асар их боломжтой байх болно; энэ хүмүүсийг нэг бүрчлэн аврахдаа Бурхан дээд зэргийн өршөөл үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, тэдэнд дээд зэргийн хүлээцтэй байдал үзүүлнэ. Хүмүүс буруу замаас буцаж байгаа цагт, мөн гэмшиж байгаа цагт Бурхан тэдэнд Өөрийнх нь авралыг хүртэх боломж олгоно. Хүмүүс эхлээд Бурханы эсрэг тэрслэх үед тэднийг үхүүлэх хүсэл Бурханд байдаггүй; харин ч тэднийг аврахын тулд чадах бүхнээ хийдэг. Хэрвээ хүн үнэхээр аврагдах боломжгүй бол Бурхан тэднийг хаяна. Бурхан аврагдаж чадах хүн бүрийг аврахыг хүсдэг учраас тодорхой хүмүүсийг шийтгэхдээ алгуур байдаг. Тэр зөвхөн үгээр хүмүүсийг шүүж, гэгээрүүлж, залж чиглүүлдэг бөгөөд тэднийг үхүүлэхийн тулд саваа ашигладаггүй. Хүмүүст аврал авчрахын тулд үг ашиглах нь ажлын сүүлчийн үе шатны зорилго, ач холбогдол юм.

Өмнөх: Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна

Дараах: Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх