Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд
Би та нарын дунд их ажил хийсэн бөгөөд мэдээж нэлээд хэдэн айлдвар ч хэлсэн. Гэсэн ч Миний үг болон ажил эцсийн өдрүүд дэх ажлын маань зорилгыг бүрэн биелүүлээгүй гэж Надад өөрийн эрхгүй санагддаг. Учир нь, эцсийн өдрүүдэд Миний ажил тодорхой нэг хүн, эсвэл тодорхой хүмүүсийн төлөө биш, харин Миний төрөлх зан чанарыг илчлэхийн төлөө байдаг. Гэсэн ч үй олон шалтгааны улмаас—магадгүй цаг хугацаа хомс юм уу ажлын завгүй хуваариас болж—хүмүүс Миний зан чанараас Миний тухай ямар ч мэдлэг олж авсангүй. Тиймээс Би, Өөрийн шинэ төлөвлөгөө, сүүлчийн ажилд орж, ажилдаа шинэ хуудас нээдэг, ингэснээр Миний оршин тогтнолоос болж Намайг хардаг бүхэн цээжээ дэлдэн, тасралтгүй цурхиран уйлна. Яагаад гэвэл, Би хүн төрөлхтний төгсгөлийг дэлхий ертөнцөд авчирдаг бөгөөд энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтний өмнө бүхий л зан чанараа ил болгодог, ийнхүү Намайг мэддэг болон мэддэггүй бүх хүн нүдээ хужирлаж, үнэхээр хүний ертөнцөд ирчихсэн, бүх зүйл үржин олширдог газар дэлхийд ирчихсэн гэдгийг минь харж болох юм. Энэ бол Миний төлөвлөгөө, хүн төрөлхтнийг бүтээснээс хойших цорын ганц “өчил” минь билээ. Та нар Миний үйл хөдөлгөөн бүрд анхаарлаа бүрэн хандуулах болтугай, учир нь Миний саваа хүн төрөлхтөнд, Намайг эсэрүүцдэг бүх хүнд дахин нэгэнтээ ойртож байна.
Тэнгэрүүдийн хамтаар Би хийх ёстой ажлаа эхэлдэг. Тиймээс Би хүмүүсийн урсгал дундуур алхаж, тэнгэр газрын хооронд шилжин явдаг ба хэн ч Миний хөдөлгөөнийг ухамсарлаж, Миний үгийг анзаардаггүй. Тиймээс Миний төлөвлөгөө саадгүй өрнөсөөр байдаг. Бүх мэдрэмж чинь маш хөшүүн болсон болохоор л та нар Миний ажлын алхмуудыг мэддэггүй. Гэхдээ та нар Миний санаа зорилгыг ухаарах өдөр гарцаагүй ирнэ. Өнөөдөр Би та нартай хамт амьдарч, хамт зовдог бөгөөд Надад хүн төрөлхтний ханддаг хандлагыг аль эрт ойлгож авсан. Би энэ талаар цааш нь ярихыг хүсдэггүй, энэхүү аягүй сэдвээр нэмж жишээ татан та нарт ичгүүр авчрахыг бүр ч хүсдэггүй. Та нар хийсэн бүхнээ зүрх сэтгэлдээ санадаг гэж л Би найддаг, ингэснээр бид дахин уулзах тэр өдөр тайлангаа тулгаж болох юм. Би та нарын дундаас хэнийг ч хилсээр буруутгахыг хүсдэггүй, учир нь Би үргэлж голч шударга, зүй зохистой, нэр төртэйгээр үйлдэж ирсэн билээ. Мэдээж, та нар ч бас уужим сэтгэлтэй байж, тэнгэр, газар юм уу өөрийнхөө мөс чанарт харшлах юу ч хийхгүй гэдэгт Би найдаж байна. Та нараас Миний шаарддаг цорын ганц зүйл бол энэ. Аймшигтай том нүгэл үйлдсэнээсээ болоод олон хүн айн түгшиж, санаа зовдог бөгөөд ганц ч удаа сайн үйл үйлдээгүйгээсээ болж олон хүн өөрсдөөсөө ичдэг. Гэсэн ч нүглээсээ ичих нь байтугай, муу байснаа улам дордож, Миний зан чанарыг туршихын тулд хараахан ил болоогүй байсан бузар дүрийг нь нуусан багаа бүрэн хуу татдаг хүмүүс ч бас олон бий. Би аливаа нэг хүний үйлдлийг тоодог ч үгүй, анхаардаг ч үгүй. Харин ч мэдээлэл цуглуулах ч бай, газар нутгаар аялах ч бай, эсвэл Өөрийн сонирхлын дагуу ямар нэгэн зүйл хийх ч бай хамаагүй, Би Өөрийн хийх учиртай ажлыг хийдэг. Гол цаг үед Би хүмүүсийн дундах ажлаа ганц ч хором оройтолгүй, эсвэл эртдэлгүйгээр анх төлөвлөж байснаараа төвөггүй, шуурхай явуулдаг. Гэхдээ Миний ажлын алхам бүрд зарим хүн хөсөр хаягддаг, учир нь Би тэдний долигонуур занг болон хуурамч дүр эсгэдэг боол шиг дүр төрхийг жигшдэг. Миний зэвүүцдэг хүмүүс, санаатай ч бай, санаандгүй ч бай хаягдах нь гарцаагүй. Товчхондоо, Би Өөрийнхөө үзэн яддаг бүх хүнийг Өөрөөсөө хол байлгана. Миний гэрт үлдсэн хорон муу хүмүүсийг Би хэлтрүүлэхгүй гэдгийг хэлэхийн ч хэрэггүй. Хүний шийтгэлийн өдөр ойрхон байгаа учраас тэр бүх жигшүүртэй сүнсийг Өөрийн гэрээс хөөн явуулах гэж Би яардаггүй, учир нь Надад Өөрийн гэсэн төлөвлөгөө бий.
Одоо бол Би хүн бүрийн төгсгөлийг тодорхойлдог үе, харин хүнийг хүн болгож эхлэх үе шат биш. Би хүн бүрийн үг, үйлдлийг, Намайг дагасан тэдний зам, тэдний төрөлх шинж чанар болон эцэстээ тэд биеэ хэрхэн авч явсныг бүртгэлийн дэвтэртээ нэг бүрчлэн тэмдэглэдэг. Ийм маягаар, ямар ч хүн байлаа гэсэн, хэн ч Миний гараас мултрахгүй бөгөөд Миний тогтоосончлон бүгд өөрсдийн төрөлтэй хамт байх болно. Би хүний нас, зэрэг зиндаанд үндэслэж бус, туулсан зовлон шаналлын хэмжээ, ялангуяа өрөвдүүлж буй түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн ч бас шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хэн ч өөрчилж чадахгүй зүйл юм. Тиймээс шийтгүүлдэг бүх хүн Бурханы зөвт байдлын улмаас тийнхүү шийтгүүлж, тоймгүй олон муу үйлийнхээ залхаан цээрлүүлэлтийг амсдаг юм. Би эхэлснээс нь хойш төлөвлөгөөндөө ганц ч өөрчлөлт хийгээгүй. Хүний тухайд гэх юм бол, ердөө л Миний үгээ чиглүүлдэг хүмүүсийн тоо хорогдож, үнэхээр сайшаадаг хүмүүсийн тоо ч бас хорогдож байх шиг байна. Гэхдээ Миний төлөвлөгөө хэзээ ч өөрчлөгдөөгүй гэж Би хэлсээр байна; харин ч хүний итгэл, хайр үргэлж өөрчлөгдөж, дандаа багасан, хүн бүр Надад зусардаж байснаа хүйтэн хөндий хандаж, бүр Намайг хаяхдаа хүрэх ч боломжтой. Би зэвүүцэж, үзэн ядаж, эцэст нь шийтгэл оноомоор болох хүртэл та нарт хандах Миний хандлага халуун дулаан ч биш, хүйтэн цэвдэг ч биш байх болно. Гэвч шийтгэлийн чинь өдөр Би та нарыг мөн л харна, харин та нар Намайг харж чадахаа болино. Та нарын дундах амьдрал Миний хувьд хэдийн залхмаар, сонирхолгүй болсон тул та нарын хорсолтой үгийн доромжлолоос зайлсхийж, тэвчихийн аргагүй бузар булай ааш авираас чинь холдож, та нар цаашид Намайг хуурч, эсвэл Надад хааш яаш байдлаар хандахаас зайлсхийхийн тулд өөр орчинд амьдрахаар сонгочихсон гэдгээ хэлэх нь илүүц юм. Та нарыг орхин явахаасаа өмнө Би үнэнтэй нийцдэггүй зүйл хийхийг цээрлэ гэж та нарт бас л захих ёстой. Харин ч та нар бүгдэд таалагдах, бүгдэд ашиг тус авчрах, мөн өөрийн чинь хүрэх газарт ашиг тустай зүйл хийх хэрэгтэй, эс бөгөөс гамшгийн дунд өөр хэн ч биш, чи л зовно.
Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүс дээр Миний өршөөл харагддаг. Харин хорон муу хүмүүст очдог шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын нотолгоо, тэр ч бүү хэл, Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүхэн өлсгөлөн, тахалд нэрвэгдээд цурхиран уйлна. Бүх төрлийн хорон мууг үйлдсэн боловч Намайг олон жил дагасан хүмүүс нүглийнхээ төлөөсийг төлөхөөс зайлахгүй; тэд ч бас хэдэн сая жилийн турш ховорхон үзэгдэх гамшигт унаж, байнга айж, түгшсэн байдалтай амьдарна. Надад үнэнч зангаа харуулсан дагагчид маань баярлан хөөрч, Миний сүр хүчийг шагшин магтана. Тэд үгээр хэлэхийн аргагүй сэтгэл ханамжийг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд өмнө хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөр дунд амьдарна. Учир нь Би хүний сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг билээ. Би хүн төрөлхтнийг анх залж чиглүүлж эхэлснээсээ хойш Өөртэйгөө санаа нэгтэй бүлэг хүмүүсийг олж авах гэж хүсэмжлэн найдсаар ирсэн юм. Харин Надтай адил санаатай биш хүмүүсийг Би хэзээ ч мартдаггүй; Би зүрх сэтгэлдээ тэднийг үргэлж үзэн ядаж, тэдэнд цээрлэл авчрах боломжийг хүлээдэг бөгөөд үүнийг Би баясан харна. Одоо Миний өдөр нэгэнт ирчихлээ, Би цаашид хүлээх хэрэггүй!
Миний сүүлчийн ажил хүнийг шийтгэхийн төлөө төдийгүй, мөн хүний хүрэх газрыг зохицуулахын төлөө байдаг. Түүнчлэн энэ нь бүх хүнд Миний үйл хэрэг, үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө байдаг. Миний хийсэн бүхэн зөв, мөн Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл, харин хүний үйл хэрэг биш бөгөөд хүн төрөлхнийг бий болгосон нь байгаль бүр ч биш, харин бүтээлийн амьд зүйл бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм гэдгийг хүн нэг бүрд харуулахыг Би хүсдэг. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн мөхөж, гай зовлонгийн дайралтад л өртөнө. Үзэсгэлэнт нар, сарыг, эсвэл ногоон дэлхийг нэг ч хүн дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн гагцхүү хүйтэн шөнө, туулахын аргагүй үхлийн харанхуйн хөндийтэй л тулгарна. Би бол хүн төрөлхтний цорын ганц аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, түүнчлэн Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн билээ. Надгүйгээр хүн төрөлхтөн дорхноо зогсонги байдалд орно. Надгүйгээр хүн төрөлхтөн сүйрлийн гай зовлон амсаж, төрөл бүрийн сүнсний хөлд гишгэлэгдэнэ, гэхдээ хэн ч Намайг анхаардаггүй. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн бөгөөд хүн зарим нэг сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэж л найддаг. Тун цөөхөн хүн Миний ачийг хариулж чадсан хэдий ч Би хүний ертөнц дэх аянаа ямар ч атугай дуусгаж, ажлынхаа дараагийн алхмыг эхлүүлнэ, учир нь энэ олон жилийн турш хүмүүсийн дунд ийш, тийш гүйсэн минь бүгд үр дүнтэй байсан бөгөөд Би тун сэтгэл хангалуун байна. Би хүмүүсийн тоог биш, харин тэдний сайн үйлийг анхаардаг. Товчхондоо, та нар өөрсдийн хүрэх газарт зориулан хангалттай сайн үйл бэлдэнэ гэж Би найддаг. Тэгвэл Би сэтгэл хангалуун болно; эс бөгөөс та нарт тохиолдох гамшгаас хэн ч зугтаж чадахгүй. Гамшиг Надаас үүдэлтэй бөгөөд мэдээж Би зохион байгуулдаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайн харагдаж чадахгүй бол гай гамшгийн зовлон амсахаас зайлахгүй. Гай зовлонгийн дунд, та нарын үйлдэл, үйл хэрэг чинь бүхэлдээ зүй зохистой гэж тооцогдоогүй, учир нь та нарын итгэл, хайр хий хоосон бөгөөд хулчгар юм уу хатуужилтай гэдгээ л та нар харуулсан. Энэ тухайд Би зөвхөн сайн, муу гэдгийг шүүнэ. Та нарын тус тусын бүх үйлдэл, бүх илэрхийллийг Би анхаарсаар байдаг бөгөөд үүний үндсэн дээр төгсгөлийг чинь тодорхойлно. Гэхдээ Би үүнийг тодорхой болгох ёстой: Гай зовлонгийн үеэр Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөнгүй хандахгүй, учир нь Миний өршөөл ердөө энэ хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би дургүй, найз нөхдийнхөө ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар юм. Би та нарт үүнийг хэлэх ёстой: Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй бөгөөд Надад үнэнч байсаар ирсэн хэн боловч зүрх сэтгэлд минь үүрд үлдэнэ.