Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (3)

Өнөө үед үүрэг гүйцэтгэж буй хүмүүс улам завгүй болсоор байна. Тэдэнд цаг хугацаа хэтэрхий хурдан өнгөрч, цаг хүрэлцэхгүй байгаа мэт санагддаг. Яагаад тэр вэ? Үнэндээ тэд одоо үнэнийг ойлгож, олон зүйлийг мэддэг болсноос энэ нь үүдэлтэй. Тэд хариуцлагаа улам бүр ухамсарлаж, үүргээ улам махран гүйцэтгэж, бүр ч их нарийн ширийн ажил хийж байна. Тиймээс тэдэнд өөрсдийнх нь биелүүлэх ёстой үүрэг улам их байна гэж санагддаг. Тийм ч учраас тэд үүргээ гүйцэтгээд улам завгүй болсоор байгаа. Үүнээс гадна, үүрэг гүйцэтгэдэг ихэнх хүн өдөр бүр Бурханы үгийг уншиж, үнэний талаар нөхөрлөх ёстой. Тэд өөрсдийгөө эргэцүүлж, асуудал тулгарах үед уг асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой. Түүнчлэн мэргэжлийн зарим ур чадварт суралцах ёстой. Тэдэнд үргэлж цаг хүрэлцэхгүй, өдөр бүр хэтэрхий хурдан өнгөрч байгаа мэт санагддаг. Шөнөдөө тэд тухайн өдөр юу хийснээ тунгаан боддог бөгөөд өөрсдийнх нь хийсэн зүйл төдийлөн үнэ цэнгүй, олигтой үр дүнд хүрээгүй мэт санагддаг. Хэтэрхий бага биеийн хэмжээтэй, дутуу дулимаг гэдгээ мэдэрч, биеийн хэмжээгээ хурдхан өсгөхийг эрмэлздэг. Зарим нь “Энэ ажил хэзээ завгүй байхаа болих юм бол? Би хэзээ зүрх сэтгэлээ тайван байлгаж, зохих ёсоор Бурханы үгийг уншиж, өөрийгөө үнэнээр зэвсэглэж чадах бол? Долоо хоногийн ганц хоёр цуглаанаас олж авдаг зүйл үнэхээр хязгаарлагдмал. Бид илүү их цуглаж, илүү олон номлол сонсох ёстой, тэр л үнэнийг ойлгох цорын ганц зам” гэдэг. Тиймээс тэд хүлээж, хүсэн эрмэлздэг бөгөөд нүд ирмэхийн зуур гурав, дөрөв, таван жил өнгөрч, цаг хугацаа хэтэрхий хурдан өнгөрч байгааг тэд мэдэрдэг. Зарим хүн арав гаруй жил итгэснийхээ дараа ч нэг их туршлагын гэрчлэл ярьж чаддаггүй. Тэд түгшиж, хаягдах вий хэмээн айж, өөрсдийгөө илүү их үнэнээр хурдхан зэвсэглэхийг хүсдэг. Тийм учраас цаг давчуу болохыг мэдэрдэг. Ингэж боддог хүн олон бий. Үүрэг гүйцэтгэх ачаа үүрдэг, үнэнийг эрэлхийлдэг хүмүүст цаг хугацаа дэндүү хурдан өнгөрч байгаа мэт санагддаг. Үнэнийг хайрладаггүй, тав тух, зугаа цэнгэлд шунадаг хүмүүс цаг хугацаа хурдан өнгөрч байгааг мэдэрдэггүй; зарим нь бүр “Бурханы өдөр хэзээ ирэх юм бэ? Бурханы ажил төгсгөлдөө очиж байгаа гэж тэд үргэлж хэлдэг—яагаад одоо хүртэл дуусаагүй байгаа юм бэ? Бурханы ажил хэзээ орчлон ертөнц даяар өргөжих юм бэ?” гэж гомдоллодог. Ийм зүйл хэлдэг хүмүүст цаг хугацаа дэндүү удаан өнгөрч байгаа мэт санагддаг. Зүрх сэтгэлдээ тэд үнэнийг сонирхдоггүй; дэлхий ертөнц рүү буцан очоод, өөрийнхөө амьдралаар амьдрахыг үргэлж хүсдэг. Тэдний энэ байдал үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийнхээс илт өөр. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс үүргээ гүйцэтгээд хэчнээн завгүй байсан ч гэсэн өөрсдөд нь тулгарсан асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чаддаг, сонссон номлолынхоо ойлгомжгүй зүйлийн талаар нөхөрлөж, өдөр бүр өөрийнхөө гүйцэтгэлийг эргэцүүлэхийн тулд зүрх сэтгэлээ тайван байлгаж, дараа нь Бурханы үгийг тунгаан бодож, туршлагын гэрчлэлийн видео үздэг. Тэд үүнээс юм олж авдаг. Үүргээ гүйцэтгээд хэчнээн завгүй байсан ч энэ нь тэдний амийн оролтод огтхон ч саад болдоггүй, амийн оролтыг нь саатуулдаг ч үгүй. Үнэнийг хайрладаг хүмүүс аяндаа ингэж хэрэгжүүлдэг. Үнэнийг хайрладаггүй хүмүүс үүрэгтээ хэчнээн завгүй байсан ч, өөрсдөд нь юу ч тулгарсан үнэнийг эрж хайдаггүй бөгөөд өөрийгөө эргэцүүлж, мэдэж авахын тулд Бурханы өмнө өөрийгөө тайван байлгахыг хүсдэггүй. Тиймээс тэд үүргээ гүйцэтгээд завгүй байсан ч, эсвэл зав чөлөөтэй байсан ч үнэнийг эрэлхийлдэггүй. Үнэн хэрэгтээ хэрвээ хүн үнэнийг эрэлхийлэх зүрх сэтгэлтэй, үнэнийг хүсэн эрмэлздэг, амь руу орох, зан чанараа өөрчлөх ачаа үүрдэг бол үүргээ гүйцэтгээд хэчнээн завгүй байлаа ч зүрх сэтгэлдээ Бурханд ойртож, Бурханд залбирна. Тэд Ариун Сүнснээс зарим гэгээрэл, гэрэлтүүлэлтийг олж авах нь гарцаагүй бөгөөд тэдний амь тасралтгүй өснө. Хэрвээ хүн үнэнийг хайрладаггүй, амь руу орох юм уу зан чанараа өөрчлөх ямар ч ачаа үүрдэггүй бол, эсвэл эдгээр зүйлийг сонирхдоггүй бол юу ч олж авч чадахгүй. Ямар завхрал харуулж байгаагаа эргэцүүлэх нь хаана ч, хэзээ ч хийж болох зүйл юм. Жишээлбэл, хүн үүргээ гүйцэтгэх явцдаа завхрал харуулдаг бол зүрх сэтгэлдээ Бурханд залбирч, өөрийгөө эргэцүүлж, завхарсан зан чанараа мэдэж авч, үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой. Энэ бол зүрх сэтгэлийн асуудал; хийж буй ажилд огт нөлөөлдөггүй. Үүнийг хийхэд амархан уу? Энэ нь үнэнийг эрэлхийлдэг хүн мөн эсэхээс чинь хамаардаг. Үнэнийг хайрладаггүй хүмүүс амийн өсөлтийн асуудлыг сонирхдоггүй. Тэд ийм зүйлсийг бодолцож үздэггүй. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс л амийн өсөлтөд өөрсдийгөө зориулахад бэлэн байдаг; зөвхөн тэд л бодитоор оршин байдаг асуудлуудыг дандаа тунгаан бодож, тэдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг хэрхэн эрж хайх талаар боддог. Үнэндээ асуудлыг шийдвэрлэх болон үнэнийг эрэлхийлэх үйл явц нь адилхан зүйл юм. Хэрвээ хүн үүргээ гүйцэтгэх явцдаа асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхад байнга анхаарч, хэдэн жил тэгж хэрэгжүүлээд нэлээд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн бол үүргийн гүйцэтгэл нь стандартад нийцэх нь дамжиггүй. Тийм хүмүүс завхрал харуулах нь хавьгүй бага, тэд үүргээ гүйцэтгэхдээ олон бодит туршлага хуримтлуулсан байдаг. Тийнхүү тэд Бурханыг гэрчилж чаддаг. Тийм хүмүүс анх үүргээ гүйцэтгэхээс эхлээд Бурханыг гэрчилж чаддаг болох хүртлээ яаж туршлагажсан бэ? Тэд асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхад түшиглэн туршлага хуримтлуулсан. Тийм учраас үнэнийг эрэлхийлдэг хүмүүс үүргээ гүйцэтгээд хэчнээн завгүй байсан ч гэсэн асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, үүргээ зарчмын дагуу амжилттай гүйцэтгэх ба үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж чадна. Энэ бол амиа өсгөх үйл явц, мөн үнэн-бодит байдалд орох үйл явц юм. Зарим хүн үүргээ гүйцэтгээд маш завгүй байгаа болохоор үнэнийг эрэлхийлэх цаг гарсангүй гэж үргэлж хэлдэг. Энэ бол худлаа. Үнэнийг эрэлхийлдэг хүн ямар ч ажил хийж байсан, асуудлыг олж мэдмэгцээ үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, үнэнийг ойлгож, олж авна. Ингэх нь гарцаагүй. Өдөр бүр цугласнаар л үнэнийг ойлгож болно гэж боддог олон хүн бий. Энэ бол хамгийн буруу. Үнэн бол зүгээр нэг цуглаж, номлол сонсоод ойлгож чадах юм биш, хүн бас Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах хэрэгтэй, мөн асуудлыг олж илрүүлж, шийдвэрлэх үйл явц байх хэрэгтэй. Хамгийн чухал нь үнэнийг эрж хайж сурах ёстой. Үнэнийг хайрладаггүй хүмүүс ямар ч асуудалтай тулгарсан, үнэнийг эрж хайдаггүй; үнэнийг хайрладаг хүмүүс үүргээ гүйцэтгээд хэчнээн завгүй байсан ч үнэнийг эрж хайдаг. Тиймээс, үүргээ гүйцэтгээд маш завгүй байгаа болохоор цуглаан хийх цаг гардаггүй, улмаар үнэний эрэл хайгуулаа хойш тавих ёстой болдог хэмээн гомдоллодог хүмүүс бол үнэнийг хайрлагсад биш гэж баттай хэлж болно. Тэд бол сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй утгагүй ойлголттой хүмүүс юм. Тэд Бурханы үгийг унших юм уу номлол сонсох үедээ яагаад тэрийгээ үүргээ гүйцэтгэхдээ хэрэгжүүлж, дадлагажуулж чаддаггүй юм бэ? Яагаад Бурханы үгийг бодит амьдралдаа хэрэгжүүлж чаддаггүй юм бэ? Тэд үнэнийг хайрладаггүй гэдгийг энэ нь хангалттай харуулдаг, тиймээс үүргээ гүйцэтгэхэд нь ямар ч бэрхшээл тулгарсан, тэд үнэнийг эрж хайдаггүй, хэрэгжүүлдэггүй. Энэ хүмүүс бол үйлчлэл үзүүлэгчид гэдэг нь илэрхий байна. Зарим хүн үнэнийг эрэлхийлэхийг хүсэж болох ч хэв чанар нь дэндүү муу байдаг. Тэд бүр амьдралаа ч олигтой зохицуулж чаддаггүй; хоёр, гурван хийх юм байвал алийг нь эхлээд, алийг нь сүүлд хийхээ мэддэггүй. Хоёр, гурван асуудал тулгарвал яаж шийдвэрлэхээ мэдэхгүй, толгой нь эргэдэг. Тийм хүмүүс үнэнийг олж авч чадах уу? Асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхад амжилт гаргаж чадах уу? Тэгэх албагүй, учир нь тэдний хэв чанар дэндүү муу. Олон хүн үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг ч Бурханд арав, хорин жил итгэчхээд ямар ч туршлагын гэрчлэл ярьж чаддаггүй, ямар ч үнэнийг олж аваагүй байдаг. Үүний гол шалтгаан нь тэдний хэв чанар дэндүү муу. Хүн үнэнийг эрэлхийлдэг эсэх нь үүргээ гүйцэтгээд хэчнээн завгүй байх, эсвэл хэр их цаг завтай байхтай хамаагүй; зүрх сэтгэлдээ үнэнийг хайрладаг эсэхээс нь хамаардаг. Үнэндээ хүн бүрд адилхан арвин цаг хугацаа бий; хүн бүр цагийг хэрхэн өнгөрүүлж байгаа нь л ялгаатай. Үнэнийг эрэлхийлэх цаг алга гэж хэлдэг хэн боловч махан биеийн зугаа цэнгэлд цагаа үрж, эсвэл гадаад хүчин чармайлт гаргаад завгүй байх боломжтой. Тэд асуудлыг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайхад тэр цагаа зарцуулдаггүй. Эрэл хайгуулаа цалгардуулдаг хүмүүс ийм байдаг. Энэ нь тэдний амийн оролтыг асар их саатуулдаг.

Сүүлийн хоёр цуглаанаар бид “Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ” хэмээх сэдэв болон уг сэдвээс үүдэлтэй зарим нэг нарийн ширийн зүйлийн талаар нөхөрлөлөө. Сүүлийн цуглаан дээр нөхөрлөсөн зүйлээ эхлээд авч үзэцгээе. Бид “Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ” гэдгийг үнэн зөв тодорхойлж, дараа нь үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг болохтой холбоотой зарим тодорхой асуудал, хүмүүсийн зарим зан авирын талаар үргэлжлүүлэн нөхөрлөсөн. Өнгөрсөн удаагийн цуглаан дээрх нөхөрлөлийн хамгийн сүүлийн зүйл юу байсан билээ? (Бурхан нэг асуулт тавьсан: Хүний сайн, зөв гэж үздэг зүйл нь үнэн биш байхад хүн яагаад тэдгээрийг үнэн мэт эрэлхийлсээр байдаг вэ?) Хүний сайн, зөв гэж үздэг зүйл нь үнэн биш байхад хүн яагаад тэдгээрийг үнэн мэт баримтлахын сацуу өөрийгөө үнэнийг эрэлхийлж байна гэж боддог юм бэ? Бид өнгөрсөн удаад энэ асуулттай холбоотой гурван зүйлийн талаар нөхөрлөсөн. Эхнийх нь: Хүний эрэлхийлдэг эдгээр зүйл үнэн биш, тэгвэл хүн яагаад тэдгээрийг үнэн мэт хэрэгжүүлсээр байдаг юм бэ? Учир нь хүний хувьд өөрийнх нь зөв, сайн гэж үздэг зүйлс үнэн гэж санагддаг болохоор хүн өөрийнхөө сайн, зөв гэж боддог зүйлийг үнэн мэт эрэлхийлдэг. Ингэж хэлбэл ойлгомжтой байгаа биз дээ? (Тийм ээ.) Тэгвэл энэ асуултын зөв хариулт юу вэ? Хүмүүс өөрсдийнхөө зөв, сайн гэж боддог зүйлийг үнэн мэт баримталдаг бөгөөд ингэснээрээ үнэнийг эрэлхийлж байна гэж боддог. Энэ нь бүрэн гүйцэд хариулт мөн үү? (Мөн.) Хоёр дахь нь: Өөрийнхөө зөв, сайн гэж боддог зүйлсийг үнэн гэж баримтлахдаа хүн яагаад өөрийгөө үнэнийг эрэлхийлж байгаа гэж боддог вэ? Үүнд ингэж хариулж болно: Учир нь хүнд ерөөгдөх хүсэл байдаг. Хүн өөрийнхөө зөв, сайн гэж үздэг зүйлээ хүсэл, санаархал өвөрлөн эрэлхийлдэг учраас өөрийгөө үнэнийг хэрэгжүүлж, эрэлхийлж байна гэж боддог. Мөн чанартаа энэ нь Бурхантай наймаа хийхээр оролдож буй хэрэг юм. Гурав дахь нь: Хэрвээ хүн хэвийн мөс чанар, эрүүл ухаантай бол үнэнийг ойлгохгүй тохиолдолд мөс чанар, эрүүл ухааныхаа дагуу үйлдэхээр зөнгөөрөө сонгож, зохицуулалт, хууль, дүрэм журам гэх мэтийг даган мөрдөнө. Хүн мөс чанартаа эерэг, бүтээлч, хүн чанарт нь нийцдэг гэж үздэг зүйлсээ үнэн хэмээн зөнгөөрөө баримталдаг гэж хэлж болно. Хүний мөс чанар, эрүүл ухааны цар хүрээнд үүнд хүрэх боломжтой. Бурханы гэрт хэвийн хөдөлмөрлөж чаддаг олон хүн бий; тэд хэвийн мөс чанар, эрүүл ухаантай учраас үйлчлэл үзүүлж, Бурханы гэрийн зохицуулалтад захирагдахад бэлэн байдаг. Ерөөл хүртэхийн тулд тэд бүр зовлон туулж, ямар ч төлөөс төлнө. Тиймээс хүн мөс чанар, эрүүл ухааныхаа хүрээнд хүрч чадах зүйлсээ үнэний хэрэгжүүлэлт, эрэл хайгуул гэж үздэг. Эдгээр нь тэр асуултад хариулах гурван үндсэн хэсэг юм. Өнгөрсөн удаа бид энэ гурван хэсгийн талаар ерөнхийд нь нөхөрлөсөн; өнөөдөр бид энэ гурван зүйлийн орхигдуулсан асуудлын талаар тодорхой, дэлгэрэнгүй нөхөрлөж, тус бүрээс нь үүдэн гардаг асуудлууд болон элемент нь дор бүрдээ үнэний эрэл хайгуулаас хэр ялгаатай, үүнтэй хэр зөрчилддөгийг задлан шинжилнэ, ингэснээр та нар үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг болох, тэр эрэл хайгуулыг яг яаж хэрэгжүүлэх ёстой талаар илүү тодорхой мэдэж авна. Ингэх нь хүмүүс өдөр тутмын амьдралдаа үнэнийг зөв хэрэгжүүлж, эрэлхийлэхэд илүү сайн түлхэц болно.

Эхлээд эхний зүйлийн талаар нөхөрлөцгөөе. Энгийнээр хэлбэл, эхний зүйлийн талаарх нөхөрлөл маань хүн өөрийнхөө үзлээр зөв, сайн гэж үздэг зүйл дээр төвлөрнө. Бидний нөхөрлөл яагаад тэр агуулга дээр төвлөрөх ёстой вэ? Тэр агуулга ямар асуудал үүсгэдэг вэ? Юун түрүүнд тэр талаар сайн бодоод үз. Цуглаан дээр энэ талаар зохих ёсоор нөхөрлөөгүй бол та нар үнэн зөв мэдлэгтэй болж чадах байсан уу? Хэрвээ бид энэ талаар тодорхой нөхөрлөл хийгээгүй, та нар зүгээр л өөрсдөө тунгаан бодсон бол, эсвэл цаг гарган үүнийг туулж, мэдэж авсан бол яах вэ? Тэгвэл та нар энэ агуулга ямар үнэнтэй холбоотойг мэдэх байсан уу? Тунгаан бодоод эдгээрийг олж мэдэж чадах байсан уу? (Үгүй.) Эхлээд “хүн өөрийнхөө үзлээр зөв, сайн гэж үздэг зүйл” гэх хэллэгийн үгчилсэн утгыг бодож үзээд, энэ талаарх мэдлэг чинь хэр гүн болохыг харъя. Юун түрүүнд бидний нөхөрлөх гэж байгаа энэ хэллэгийн чухал хэсэг нь юутай холбоотой вэ? Та нар хэлж чадах уу? Энэ нь хийсвэр үг биш гэж үү? Үүнд нууц бий юу? (Энэ нь хүний үзэл, төсөөлөлд чиглэдэг.) Наадах чинь ерөнхийд нь хэлж байна; жишээ хэл дээ. (Хүн өөрийгөө орхиж, зарлагадаж, зовж, төлөөс төлж чадаж байгаа цагт Бурханы сайшаалыг хүртэж чадна гэж өөрийнхөө үзлээр боддог. Ачлал энэрэл, эмэгтэйчүүд нөхөртөө үйлчилж, үр хүүхдүүдээ өсгөх гэх мэт зарим уламжлалт соёл ч бас бий. Хүмүүс эдгээрийг ч бас сайн зүйл гэж үздэг.) Чи цөөн хэдийг нь хэллээ. Та нар гол санааг нь ойлгов уу? Ямар хэсгүүд бидний энэ сэдэвтэй холбоотой вэ? (Орхих, зарлагадах, зовох, төлөөс төлөх.) (Ачлал энэрэл, эмэгтэйчүүд нөхөртөө үйлчилж, үр хүүхдүүдээ өсгөх.) Тийм ээ. Дахиад бий юу? (Фарисайчуудын адилаар үнэн сүсэг, тэвчээр, хүлээцтэй байдлаа харуулах.) Номхон даруу байдал, тэвчээр, хүлээцтэй байдал—энэ нь цөөн хэдэн тодорхой, зан авирын илэрхийлэл, үг хэллэгтэй холбоотой. Бид нэгэнт ийм агуулгын талаар нөхөрлөх гэж байгаа учраас тодорхой үг хэллэг ашиглан дэлгэрэнгүй нөхөрлөсөн нь дээр. Бид тэр асуултад ингэж анхаарлаа хандуулбал хүмүүс илүү үнэн зөв, нарийн ойлголттой болж чадна. Одоогийн байдлаар та нар ямар ч сэжүүр өгч чадаагүй учраас Би шууд нөхөрлөл хийе, за юу? (За.) Хятадын таван мянган жилийн соёл бол “өргөн уудам, гүн гүнзгий”, элдэв янзын түгээмэл үг хэллэг, хэлц үгээр дүүрэн. Энэ нь бас Күнз, Мэнз гэх мэт үй олон магтагдсан “эртний мэргэдтэй.” Тэд Хятадын уламжлалт соёлын үндсэн хэсгийг бүрдүүлдэг Күнзийн сургаалыг бий болгосон. Хятадын уламжлалт соёлд үе үеийн хүмүүсийн дүгнэн нэгтгэсэн хэл, үгсийн сан, үг хэллэг олон байдаг. Зарим нь эртний зүйлийг хөнддөг, зарим нь үгүй; зарим нь энгийн ардуудаас гаралтай, бусад нь алдартай хүмүүсээс үүдэлтэй байдаг. Та нар уламжлалт соёлд тийм ч дуртай биш, эсвэл бүдүүлэг уламжлалт соёлоосоо хөндийрсөн байж магадгүй, аль эсвэл та нар дэндүү залуу болохоор Хятадын “өргөн уудам, гүн гүнзгий” уламжлалт соёлыг хараахан гүн гүнзгий судалж, шинжлээгүй, тийм учраас энэ талаар хараахан мэдэхгүй, тийм зүйлсийг ойлгохгүй байж магадгүй. Тэр нь үнэндээ сайн хэрэг. Хэдийгээр хүн үүнийг ойлгодоггүй байж болох ч уламжлалт соёл нь хүний бодол, үзэлд далдуур нөлөөлж, халдварладаг. Хүмүүс эцэст нь өөрийн мэдэлгүй тэдгээр зүйлийн дагуу амьдардаг. Өвөг дээдсээс уламжилж ирсэн буюу хүний эцэг өвгөдөөс өвлөгдөж ирсэн уламжлалт соёл хүн хэрхэн ярьж, үйлдэж, биеэ авч явах ёстой талаар элдэв янзын олон юм хэлдэг. Хүмүүс хэдийгээр уламжлалт соёлын янз бүрийн үг хэллэгийн талаар өөр өөр ойлголт, үзэл бодолтой байж болох ч уламжлалт соёлын тийм зүйлсийн талаар ерөнхийдөө итгэлтэй байдаг. Энэ ажиглалтаас үзвэл хүн төрөлхтний амьдрал, оршин тогтнол, мөн хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол, биеэ авч явах байдал, үйлдэлд нөлөөлдөг эх сурвалж нь бүгд уламжлалт соёлын зүйлс юм. Хэдийгээр хүн төрөлхтний янз бүрийн угсаатан ястны баримталдаг ёс суртахууны стандарт, ёс суртахууны шалгуурын талаарх үг нь ялгаатай байдаг ч ерөнхий цаад санаа нь төстэй байдаг. Өнөөдөр хэдүүлээ заримынх нь талаар дэлгэрэнгүй нөхөрлөж, задлан шинжилье. Хэдий бид хүний зөв, сайн гэж үздэг бүх зүйлийг дурдаж, задлан шинжилж чадахгүй ч ерөнхий агуулга нь үнэнийг эрэлхийлэх гэдгийн тодорхойлолтыг хөндсөн хоёр элемент буюу хүмүүс, зүйлсийн талаарх хүний үзэл бодол, хүний биеэ авч явах байдал болон үйлдлээс өөр юу ч биш. Нэг нь үзэл бодол, нөгөөх нь зан авир. Өөрөөр хэлбэл, хүн өөрийнхөө үзлээр зөв, сайн гэж үздэг зүйлдээ үндэслэн хорвоо ертөнцийн хүмүүс, үйл явдлыг авч үзэж, өөрийнхөө зөв, сайн гэж үздэг зүйлийг биеэ авч явах байдал болон үйлдлийнхээ үндэс, суурь, шалгуур болгодог. Тэгвэл эдгээр зөв, сайн зүйл нь яг юу вэ? Ерөнхийд нь хэлбэл, хүн өөрийнхөө үзлээр зөв, сайн гэж үздэг зүйлс бол хүн биеэ сайхан авч явж, ёс суртахуун, ёс жудаг сайтай байх тухай шаардлага төдийхөн юм. Ийм л хоёр зүйл байдаг. Бодоод үз: Үндсэндээ ийм хоёр зүйл байдаг биш үү? (Тийм ээ.) Нэг нь сайн зан авир; нөгөө нь хүний ёс жудаг, ёс суртахуун. Хүн төрөлхтөн хүний амьдардаг хүн чанар, биеэ авч явах байдлыг хэмжих стандарт болгон энэ хоёр зүйлийг үндсэндээ тогтоосон: Нэг нь хүн гаднаа сайхан авирлах шаардлага, нөгөө нь ёс суртахуунтай авирлах шаардлага. Тэд хүний сайн чанарыг хэмжихдээ энэ хоёр хүчин зүйлийг ашигладаг. Тэд хүний сайн чанарыг хэмжихдээ энэ хоёр хүчин зүйлийг ашигладаг учраас хүмүүсийн зан авир, ёс суртахууныг шүүх стандарт бий болж, улмаар хүмүүс хүний ёс суртахууны зан байдал болон зан авирын талаарх элдэв янзын үгийг аяндаа сонсож эхэлсэн. Тийм ямар тодорхой үг хэллэгүүд байдаг вэ? Та нар мэдэх үү? Жишээлбэл энгийн үг хэллэг: Хүмүүсийн зан авирыг хэмжих ямар стандарт, үг хэллэг байдаг вэ? Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй байх—эдгээр нь гадна талын зан авиртай холбоотой. Сайхан ааштай байх гэдэг мөн үү? (Мөн.) Үлдсэн нь ерөнхийдөө төстэй бөгөөд ижил төстэй байдлаар нь та нар ямар үг, хэллэг хүний зан авирыг хэмжих стандарт, ямар хэллэг нь хүний ёс суртахууныг хэмжих стандарт вэ гэдгийг мэднэ. Тэгвэл “Эмэгтэй хүн ариун журамтай, эелдэг, зөөлөн, ёс суртахуунтай байх ёстой” гэдэг нь гадна талын зан авирын стандарт уу, эсвэл ёс суртахууны стандарт уу? (Ёс суртахуун, ёс зүйн тухай.) Уужим сэтгэл ямар вэ? (Тэр нь ч бас ёс суртахууны тухай.) Зөв. Эдгээр нь ёс суртахуунтай, хүний ёс суртахууны жудагтай холбоотой. Хүний зан авиртай холбоотой үндсэн үг бол сайхан ааштай байх, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй байх, боловсрол сайтай, мэдрэмжтэй байх гэх мэт үг юм. Эдгээр нь бүгд хүн өөрийнхөө үзлээр зөв, сайн гэж боддог зүйлс; тэдгээр нь сөрөг зүйл биш, харин уламжлалт соёлын үг хэллэгт үндэслэсэн, эсвэл ядаж л мөс чанар, эрүүл ухаанд нийцэлтэй эерэг гэж үздэг зүйлс билээ. Энд бидний ярьж буй зүйл бол хүмүүсийн ерөнхийдөө зөв, сайн гэж хүлээн зөвшөөрдөг зүйлс юм. Тэгвэл Миний дөнгөж сая хэлсэн гурваас гадна хүний сайн зан авирын талаарх өөр ямар үг байдаг вэ? (Ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах.) Ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах, эвсэг найрсаг байх, ойр дотно байдалтай байх—эдгээр нь бүгд хүмүүсийн тодорхой хэмжээнд мэддэг, ойлгодог зүйлс юм. Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй байх, сайхан ааштай байх, ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах, эвсэг найрсаг байх, ойр дотно байдалтай байх—хүний оюун санаагаар бол ийм зан авиртай хэн бүхэн сайн хүн, эелдэг зөөлөн, хүн чанартай хүн гэж тооцогддог. Бүх хүн бусдыг зан авирт нь үндэслэн хэмждэг; гадаад зан авираар нь хүний сайн чанарыг шүүдэг. Хүмүүс тухайн хүн боловсорсон, хүн чанартай эсэх, харилцах болон итгэл үзүүлэхэд зохистой эсэхийг уламжлалт соёлын бодол, санааны дагуу, мөн уг хүнээс харж болох зан авирын дагуу шүүж, тодорхойлж, хэмждэг. Хүмүүс материаллаг ертөнцийг нэвт харах чадвартай юу? Огтхон ч үгүй. Хүмүүс тухайн хүн сайн, муу эсэхийг, эсвэл ямархуу хүн болохыг зан авирынх нь дагуу шүүж, ялган таньж л чадна; хүнтэй харилцаж, ярилцаж, хамтран ажилласнаар л хүмүүс тэдгээр зүйлийг ажиглаж, тодорхойлж чадна. Чи хэмжүүртээ “Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх”, “Эвсэг найрсаг байх”, “Ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах” гэх мэт үгийг ил тод ашигладаг эсэх нь хамаагүй, чиний хэмжүүр, хэмжүүрийн чинь стандарт эдгээр үгээс хэтэрдэггүй. Хүн өрөөл бусдын дотоод ертөнцийг харж чадахгүй байх үедээ тэдний зан авир, үйлдлийг ажиглаж, зан авирын эдгээр шалгуурыг ашиглан тэд сайн, муу эсэхийг, эрхэмсэг, олиггүй эсэхийг хэмждэг. Тэдний хэрэглэдэг бүхэн үндсэндээ энэ юм. Тийм биз дээ? (Тийм.) Сая тоймлон үзсэн үг хэллэгт үндэслэвэл хүн төрөлхтөнд хэмжүүрийн ямар стандарт байдаг вэ? Хүн төрөлхтөн өөрсдийнхөө үзлээр юуг сайн, зөв гэж үздэг вэ? Ёс суртахууны зан төлөвийн тухай зүйлээс эхлэхийн оронд хүний зан авираас харагдаж, илчлэгддэг сайн, зөв, эерэг зүйлийг эхлээд нөхөрлөж, задлан шинжлээд, эдгээр нь үнэхээр эерэг зүйл мөн эсэхийг харцгаая. Тэгвэл бидний дөнгөж сая жагсаасан үг хэллэгт үнэнтэй холбоотой зүйл байна уу? Үнэнтэй нийцэх агуулга байна уу? (Үгүй.) Хэрвээ хүн тийм хүн болохыг, тийм зан авиртай, тийм дүр төрхтэй хүн байхыг эрэлхийлдэг бол тэр хүн үнэнийг эрэлхийлж байна уу? Тэдний эрэлхийлдэг зүйл үнэний эрэл хайгуултай холбоотой юу? Ийм зан авиртай хүн үнэнийг хэрэгжүүлж, эрэлхийлж байгаа юу? Ийм зан авир, илрэлтэй хүн жинхэнэ утгаараа сайн хүн мөн үү? Хариулт нь үгүй—тийм биш. Энэ нь харваас илэрхий юм.

Хүн боловсрол сайтай, мэдрэмжтэй байх тухай үгийг эхлээд харцгаая. “Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх” гэдэг үг өөрөө юу гэсэн утгатай болохыг ярья. (Энэ нь нэлээд боловсон, хүмүүжилтэй хүнийг дүрсэлдэг.) “Боловсон” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Тодорхой хэмжээнд дэг журамтай гэсэн үг.) Зөв. Тэр хүн ямар дэг журмыг анхаардаг вэ? Хариулт чинь тодорхой байх тусам, энэ асуудал болон үүний мөн чанарын талаарх ойлголт чинь илүү бүрэн гүйцэд байх болно. Тэгвэл дэг журамтай гэдэг нь юу гэсэн үг вэ? Нэг жишээ хэлье. Хоол идэх үед ахмадуудыг суудлаа эзлэх хүртэл залуу үеийнхэн суух ёсгүй бөгөөд ахмадууд юм яриагүй байхад чимээгүй байх ёстой. Ахмадуудад зориулсан хоол үлдвэл ахмадуудыг ид гэж хэлэх хүртэл хэн ч тэрийг идэж болохгүй. Үүнээс гадна идэж байхдаа ярьж, шүдээ ярзайлгаж, чанга инээж, тамшаалж, тавгаа тачигнуулж болохгүй. Ахмадууд идэж дуусвал залуу үеийнхэн тэр даруй идэхээ болиод, босох ёстой. Тэд ахмадуудаа үдэж явуулсны дараа л үргэлжлүүлэн идэж болно. Энэ нь дэг журмыг баримталж байгаа хэрэг биш үү? (Мөн.) Ийм дэг журам их бага хэмжээгээр айл өрх бүрд, бүхий л овог, удам угсааны гэр бүлүүдэд байдаг. Бүх хүн их бага хэмжээнд эдгээр дэг журмыг мөрддөг бөгөөд тэгэх явцдаа тэдгээрт хязгаарлагддаг. Өөр өөр гэр бүлд ялгаатай дэг журам бий—хэн тэдгээрийг тогтоодог вэ? Урьдын өөр эрин үе дэх тухайн гэр бүлийн өвөг дээдэс, нэр хүндтэй ахмадууд тогтоосон. Тэд чухал баяр ёслолын өдрүүд болон дурсгалт өдрүүдийг тэмдэглэхэд онцгой ач холбогдол өгдөг; тэр үед хүн бүр эдгээр дэг журмыг дагах ёстой, хэн ч үүнээс ангид биш. Хэрвээ хүн дэг журмыг эвдэх юм уу зөрчвөл тухайн гэр бүлийн журмаар хатуу шийтгүүлнэ. Зарим нь бүр гэр бүлийнхээ тахилын ширээний өмнө өвдөг сөгдөн уучлал гуйх ёстой болно. Дэг журам гэдэг нь энэ юм. Бидний дөнгөж сая ярьсан зүйл бол ердөө тухайн нэг айл өрх юм уу гэр бүлд хэрэглэгдэж болох зарим дэг журам юм. Тийм дэг журам нь “хүмүүжилтэй” гэсэн үгийн утгын нэг хэсэг биш үү? (Мөн.) Хүний хооллож байгаа байдлыг хараад л хүмүүжилтэй хүн мөн эсэхийг нь таньж болно. Хэрвээ тэд юм идэхдээ тамшаалж, хоол шилж, эсвэл бусдад үргэлж савхалж өгч, идэж байхдаа ярьж, чангаар инээж, тэр ч байтугай зарим тохиолдолд ярьж буй хүн рүүгээ савхаараа заадаг бол энэ бүхнээрээ тэд хүмүүжилтэй биш гэдгээ харуулж байна. Хүн боловсон биш байна гэдэг нь зан авирынх нь хувьд бусад нь түүнийг зэмлэж, эргэлзэж, басамжилдаг гэсэн утгатай. Боловсон хүмүүс бол идэж байхдаа ярьдаггүй, инээдэггүй, хоолыг шилж иддэггүй, бусдад савхалж өгдөггүй. Тэд нэлээд дэг журамтай байдаг. Бусад хүн тэдний зан авир, үйл хөдлөлийг хараад, үүнийхээ үндсэн дээр тэр бол боловсон хүн гэж хэлдэг. Энэ боловсон байдлаасаа болоод тэд бусдад хүндлэгдэж, үнэлэгдэж, бас таалагддаг. Энэ нь боловсон байдлын нэг хэсэг юм. Тэгвэл үнэндээ боловсон байдал гэж юу вэ? Бид сая “Боловсон байдал” нь хүмүүсийн зан авиртай л холбоотой гэж хэлсэн. Сүүлийн энэ жишээн дээр нэмээд, хооллох үед үе удмын тэргүүлэх дараалал байдаг, хүн бүр уг дэг журмын дагуу суудалдаа суух ёстой; тэд буруу газар суух ёсгүй байлаа гэе. Ахмад ч бай, залуу үеийнхэн ч бай гэр бүлийн дэг журмыг адилхан дагаж мөрдөнө, хэн ч үүнийг зөрчиж болохгүй бөгөөд тэд бүгд маш дэг журамтай, үнэхээр цэмцгэр, маш эрхэм, тун хүндтэй харагддаг—гэхдээ тэд хэчнээн тэгж харагддаг байлаа ч энэ бүхэн нь ердөө л гадна талын сайн зан авир юм. Энэ нь завхарсан зан чанартай холбоотой юу? Үгүй; энэ нь хүмүүсийн гаднах зан авирыг хэмжих стандартаас цаашгүй. Ямар зан авир? Үндсэндээ тэдний үг яриа, үйлдэл. Жишээлбэл, хүн хоол идэхдээ ярих ёсгүй, хоолоо зажлахдаа чимээ гаргах ёсгүй. Хоол идэхээр суухад хэн эхлээд суух вэ гэдэг дэс дараалал бий. Ерөнхийдөө зогсох, суух зөв зохистой арга зам гэж бий. Энэ бүхэн нь зан авираас цаашгүй бөгөөд бүгдээрээ гадаад зан авир юм. Тэгвэл хүмүүс үнэхээр эдгээр дэг журмыг дагахад бэлэн байдаг уу? Энэ асуудлын талаар хүмүүс дотроо юу гэж боддог вэ? Тэдэнд ямар санагддаг вэ? Эдгээр өрөвдмөөр дэг журмыг дагах нь хүмүүст ашиг тустай юу? Энэ нь хүмүүст амийн өсөлт авчирч чадах уу? Эдгээр өрөвдмөөр дэг журмыг дагахад ямар асуудал байна вэ? Энэ нь аливаа зүйлийн талаарх хүний үзэл бодол болон амь зан чанарт өөрчлөлт гарсан эсэх асуудалтай холбоотой юу? Огтхон ч үгүй. Энэ нь зөвхөн хүмүүсийн зан авиртай л холбоотой. Энэ нь зүгээр л хүмүүс ямар дэг журмыг баримталж, даган мөрдөх ёстой вэ гэдэгтэй холбоотой цөөн хэдэн шаардлагыг хүмүүсийн зан авирт тавьдаг. Хүн эдгээр дэг журмын талаар юу ч гэж бодсон бай, тэдгээрийг үзэн ядаж, дургүйцлээ ч гэсэн, гэр бүл болон өвөг дээдсээсээ болоод, мөн гэр бүлийнхээ хуулиас болоод тэдгээрт хүлэгдэн амьдрахаас өөр аргагүй болдог. Гэхдээ эдгээр дэг журмын талаар хүмүүс ямар бодолтой байгааг, хүмүүс бодол санаандаа эдгээрийг хэрхэн харж, авч үзэж байгааг, эсвэл тэдгээрийн талаар ямар үзэл бодол, хандлагатай байгааг хэн ч судалдаггүй. Чи энэ тогтсон хүрээнд сайхан авирлаж, эдгээр дүрэм журмыг даган мөрдөхөд л хангалттай. Тэгдэг хүмүүс бол боловсон хүмүүс юм. “Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх” нь зөвхөн хүмүүсийн зан авирт л янз бүрийн шаардлага тавьдаг. Энэ нь хүмүүсийн зан авирыг л хязгаарлахад ашиглагддаг бөгөөд энэ зан авирт хүмүүсийн суух, зогсох үеийн төрх байдал, биеийн хөдөлгөөн, мэдрэхүйн эрхтний дохио зангаа, нүд нь хэрхэн харагдах, ам нь хэрхэн хөдлөх, толгойгоо яаж эргүүлэх гэх мэт багтдаг. Энэ нь хүмүүсийн оюун ухаан, зан чанар, хүн чанарын мөн чанарыг үл харгалзан гадаад зан авирын стандартыг л хүмүүст өгдөг. Энэ нь боловсрол сайтай, мэдрэмжтэй байх стандарт юм. Хэрвээ чи энэ стандартыг хангасан бол боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн мөн бөгөөд боловсрол сайтай, мэдрэмжтэй байх сайн зан авирыг эзэмшсэн бол чи бусдын нүдээр хүндлүүштэй, үнэлүүштэй хүн юм. Тийм байдаг биш гэж үү? (Тийм.) Тэгвэл энэ үг хүний зан авир дээр төвлөрдөг үү? (Тийм.) Энэ зан авирын стандартыг үнэндээ юунд ашигладаг вэ? Хүн боловсон, дэг журамтай эсэх, бусадтай харилцахдаа бусдад хүндлэгдэж, дээдлэгддэг эсэх, биширмээр хүн мөн эсэхийг хэмжихэд үндсэндээ ашиглагддаг. Хүмүүсийг ийм маягаар хэмжих нь үнэн-зарчимтай огт нийцэхгүй бөгөөд ингэх нь утгагүй.

Бидний саяын нөхөрлөл “Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх” гэх үгийн тавьсан шаардлагуудын нэг болох хүний хүмүүжилтэй үндсэндээ холбоотой. “Мэдрэмжтэй байх” гэдэг нь юуг хэлдэг вэ? (Ааш аяг, ёс зүйн талаарх ойлголтыг харуулах.) Энэ нь бага зэрэг өнгөц боловч үүний нэг хэсэг мөн. “Мэдрэмжтэй байх” гэдэг нь үндэслэлтэй, үгэнд оромтгой ёс зүйтэй байна гэсэн үг биш. Үүнийг дэлгэрүүлж болох уу? (Болно.) Ааш аяг, ёс зүйн талаарх ойлголтыг харуулах, учир шалтгааныг харах эелдэг байдалтай байх. Тиймээс энэ бүгдийг нэгтгэж үзвэл, хэрвээ хүн “боловсрол сайтай, мэдрэмжтэй байхад” хүргэсэн зан авиртай бол үүнийгээ яг яаж бүхэлд нь харуулдаг вэ? Та нар боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн харсан уу? Танай ахмадууд, хамаатан садны дунд, эсвэл найз нөхдийн чинь дотор боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн бий юу? Тэдний онцлог шинж юу вэ? Тэд ер бусын олон дэг журмыг дагадаг. Үг яриа нь бүдүүлэг ч биш, балмад ч биш, бусдыг гомдоодог ч биш, нэлээд нарийн нягт байдаг. Тэд суухдаа зөв суудаг; зогсохдоо зөв зогсдог. Тэдний зан авир хүмүүст бүх талаар цэмцгэр, дэгжин харагддаг бөгөөд хүмүүс тэднийг хараад хайрлаж, атаархдаг. Тэд хүмүүстэй уулзахдаа толгойгоо доошлуулж, биеэ бөхийлгөж, мэхийн ёсолж, өвдгөө нугалдаг. Тэд нийгмийн доод давхаргын дадал зуршил, танхай байдалгүйгээр эелдгээр ярьж, нийтийн сахилга бат, дэг журмыг чанд сахидаг. Ерөнхийдөө тэдний гадаад зан авир нь үүнийг харсан хүмүүст тав тух, магтаал төрүүлдэг. Гэхдээ нэг асуудалтай зүйл бий: Тэдний хувьд бүх зүйл дэг журамтай байдаг. Хооллох нь өөрийн гэсэн дэг журамтай; унтах нь өөрийн гэсэн дэг журамтай; алхах нь өөрийн гэсэн дэг журамтай; тэр ч байтугай гэрээсээ явах, гэртээ харих нь дэг журамтай байдаг. Тийм хүнтэй хамт байхад нэлээд хязгаарлагдмал, эвгүй санагддаг. Тэд хэзээ дэг журам гаргаж ирэхийг чи мэдэхгүй бөгөөд үүнийг санаандгүй зөрчих юм бол чи нэлээд увайгүй, мэдлэггүй харагдана, харин тэд маш цэмцгэр харагдана. Тэд шүдээ огт ярзайлгахгүйгээр инээмсэглэхдээ ч, бусдын өмнө биш, харин шөнө дүлээр бусдыг унтаж байхад хөнжил дотроо уйлахдаа ч маш цэмцгэр байдаг. Тэд юу ч хийлээ гэсэн дэг журамтай байдаг. Үүнийг “хүмүүжил” гэж нэрлэдэг. Тийм хүмүүс ёс зүйтэй газарт, өнөр өтгөн гэр бүлд амьдардаг; тэд асар олон дэг журамтай, асар их хүмүүжилтэй. Үүнийг яаж ч хэллээ гэсэн, боловсрол сайтай, мэдрэмжтэй байхад хүргэдэг сайн зан авир нь өссөн орчноос нь хүнд шингэж, улмаар зан авирт нь тавьдаг өндөр стандарт, хатуу чанд шаардлагаар дамжин тухайн хүнд аажмаар төлөвшдөг нэг төрлийн гадаад зан авир юм. Тийм зан авир хүмүүст ямар ч нөлөө үзүүллээ гэсэн хүний гадаад зан авирыг л хөндөхөөс цаашгүй бөгөөд хэдийгээр тийм зан авир нь хүний сайн гэж үздэг зан авир, мөн хүмүүсийн хүсэн эрмэлздэг, сайшаадаг зан авир хэдий ч хүний зан чанараас өөр юм. Хүний гадаад зан авир хэчнээн сайн байх нь хамаагүй завхарсан зан чанарыг нь далдалж чадахгүй; хүний гадаад зан авир хэчнээн сайн байх нь хамаагүй завхарсан зан чанарын өөрчлөлтийг орлож чадахгүй. Хэдийгээр боловсрол сайтай, мэдрэмжтэй хүний зан авир нь нэлээд дэг журамтай, бусдын хүндлэл, бишрэлийг нэлээд төрүүлдэг ч завхарсан зан чанар нь ил гарах үед тэдний тэр сайн зан авир ямар ч нэмэр болохгүй. Тэдний зан авир хэчнээн эрхэмсэг, төлөвшсөн байлаа ч үнэн-зарчмыг хөндсөн зүйл тэдэнд тохиолдох үед тэрхүү сайн зан авир нь ямар ч нэмэр болдоггүй, үнэнийг ойлгоход нь түлхэц өгдөггүй—харин ч тэд боловсрол сайтай, мэдрэмжтэй байх нь эерэг зүйл гэж өөрсдийнхөө үзлээр боддог учраас тэр зүйлийг үнэн гэж авч үзээд, үүгээрээ Бурханы хэлсэн үгийг хэмжиж, эргэлздэг. Тэд тэр үгийн дагуу өөрсдийнхөө үг, үйлдлийг хэмждэг бөгөөд энэ нь бас тэдний бусдыг хэмжих стандарт юм. Одоо “Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ” гэдгийн тодорхойлолтыг харъя—тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлийг харж, биеэ авч явж, үйлдэх. Тэгвэл боловсрол сайтай, мэдрэмжтэй байхыг шаарддаг гадаад зан авирын стандарт нь Бурханы үг болон үнэнтэй ер нь хамаатай юу? (Үгүй.) Тэдгээр нь ямар ч холбоогүй төдийгүй, хоорондоо зөрчилддөг. Хаана зөрчилддөг вэ? (Тийм үг хэллэг нь хүмүүсийг зөвхөн гадаад зан авирт анхаарч, өөрсдийнхөө доторх санаа зорилго, завхарсан зан чанарыг үл тооход л хүргэнэ. Үүнээс болоод хүмүүс эдгээр сайн зан авирт хууртаж, өөрсдийнхөө бодол, санаанд байгаа зүйлийг эргэцүүлдэггүй, мөн завхарсан зан чанараа нэвт харж чаддаггүй, тэр ч байтугай зан авираас нь үүдэн бусдад сохроор атаархаж, бусдыг шүтдэг.) Тэр нь уламжлалт соёлын үг хэллэгийг хүлээн авахын үр дагавар юм. Тиймээс хүн эдгээр сайн зан авирын гүйцэтгэлийг харах үедээ тийм зан авирыг эрхэмлэнэ. Тэрээр эдгээр зан авир бол сайн, эерэг зүйл гэж бодож эхэлдэг бөгөөд эерэг зүйл гэж үзэх суурин дээрээ тэдгээрийг үнэн мэт авч үздэг. Дараа нь тэрээр үүнийг биеэ барьж, бусдыг хэмжих шалгуур болгон ашигладаг; тэр үүнийг хүмүүс, зүйлсийг харах үндэс сууриа болгон авч үздэг бөгөөд ингэхдээ бас үүнийг биеэ авч явах байдал болон үйлдлийнхээ үндэс болгодог. Тэгээд энэ нь үнэнтэй зөрчилддөг биш үү? (Тийм.) Хүн боловсрол сайтай, мэдрэмжтэй байх ёстой гэдэг нь хүмүүсийг хуурдаг эсэхийг бид одоохондоо түр орхиод, тэр үгийн өөрийнх нь талаар ярья. “Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх” гэдэг нь соёлтой, эрхэмсэг үг юм. Бүх хүн энэ үгэнд дуртай бөгөөд энэ үгийг зөв, сайн, шалгуур гэж үзсэний үндсэн дээр бусдыг хэмжиж, хүмүүс, зүйлсийг харахдаа үүнийг ашигладаг. Ингэхдээ бас үүнийг биеэ авч явах байдал болон үйлдлийнхээ үндэс болгодог. Жишээлбэл, хүн хэн нэгний сайн талыг хэмжихдээ Бурханы үгэнд тулгуурладаггүй. Юунд тулгуурладаг вэ? “Энэ хүн боловсрол сайтай, мэдрэмжтэй юу? Гадаад зан авир нь боловсон уу? Дэг журам сайтай юу? Бусдыг хүндэлдэг үү? Ааш аяг сайтай юу? Бусадтай ярихдаа даруухан хандлагаар ханддаг уу? Кон Рон нэгэнтээ хамгийн том лийрийг дүүдээ өгсөн шиг эелдэг, хүндэтгэлтэй сайн зан авиртай юу? Тэр хүн ийм хүн мөн үү?” Тэд ямар үндсэн дээр энэ асуулт, үзэл бодлыг дэвшүүлдэг вэ? Юун түрүүнд энэ нь боловсрол сайтай, мэдрэмжтэй байх шалгуурт үндэслэдэг. Тэд үүнийг шалгуур болгон ашиглах нь зөв үү? (Үгүй.) Яагаад зөв биш гэж? Маш энгийн хариулт байхад та нар бодож олж чаддаггүй. Учир нь Бурхан тэгж хэмждэггүй, мөн хүнд ингэж хэмжихийг зөвшөөрөхгүй. Хэрвээ хүн ингэж хэмждэг бол андуурч байна. Хэрвээ хүмүүс ийм маягаар хүн юм уу үйл явдлыг хэмжих юм бол, хэрвээ үүнийг хүмүүс, зүйлсийг харах стандарт болгон ашиглах юм бол үнэн болон Бурханы үгийг зөрчиж байна. Тэр нь уламжлалт үзэл болон үнэний хоорондох зөрчилдөөн юм. Тийм биз дээ? (Тийм ээ.) Бусдыг хэмжихдээ юунд үндэслэхийг Бурхан хүнд зөвшөөрдөг вэ? Юуны дагуу хүмүүс, зүйлсийг харахыг зөвшөөрдөг вэ? (Бурханы үг.) Хүмүүсийг Өөрийнх нь үгийн дагуу харахыг Бурхан хүнд зөвшөөрдөг. Тодруулж хэлбэл, уг хүн хүн чанартай эсэхийг Бурханы үгийн дагуу хэмжинэ гэсэн үг юм. Энэ бол нэг тал нь. Үүнээс гадна, энэ нь тухайн хүн үнэнийг хайрладаг эсэх, Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй эсэх, үнэнд захирагдаж чаддаг эсэхэд үндэслэдэг. Эдгээр нь үүний нарийн ширийн нь биш гэж үү? (Мөн.) Тэгвэл хүн бусдын сайн талыг хэмжихдээ юунд үндэслэдэг вэ? Тэд боловсон, дэг журамтай эсэх, хоол идэхдээ тамшаалж, амттайг нь шилж сонгох гээд байдаг эсэх, хооллохоор суухаасаа өмнө ахмадуудыг суухыг нь хүлээдэг эсэхэд үндэслэдэг. Тэд ийм зүйлийг ашиглан бусдыг хэмждэг. Эдгээр зүйлийг ашиглах нь боловсрол сайтай, мэдрэмжтэй байх зан авирын стандартыг ашиглаж байгаа хэрэг үү? (Тийм.) Ийм хэмжүүр үнэн зөв үү? Энэ нь үнэнтэй нийцдэг үү? (Үгүй.) Үнэнтэй нийцдэггүй нь ойлгомжтой. Тэгвэл ингэж хэмжихийн эцсийн үр дүн юу вэ? Хэмжиж буй хүн, боловсрол сайтай, мэдрэмжтэй хэн боловч сайн хүн гэж бодох бөгөөд хэрвээ хэмжиж буй хүнээр үнэний тухай нөхөрлүүлбэл хүмүүст үргэлж эдгээр дотоод дүрэм журам, сургаал, сайн зан авирыг суулгана. Хүмүүст эдгээр зүйлийг суулгахын эцсийн үр дүн гэвэл, тэд хүмүүсийг сайн зан авиртай байхад хөтлөх боловч тэр хүмүүсийн завхарсан мөн чанар огтхон ч өөрчлөгдөхгүй. Юмыг ингэж хийх нь үнэн болон Бурханы үгээс холдож буй хэрэг юм. Тийм хүмүүс ердөө цөөн хэдэн сайн зан авиртай байдаг. Тэгвэл сайн зан авираас болоод тэдний доторх завхарсан зан чанар өөрчлөгдөж чадах уу? Бурханд дуулгавартай, үнэнч байж чадах уу? Огтхон ч үгүй. Энэ хүмүүс хэн болж хувирсан бэ? Гаднаа л сайхан зан авиртай ч үндсэндээ үнэнийг ойлгодоггүй, Бурханд дуулгавартай байж чаддаггүй фарисайчууд. Тийм биш гэж үү? (Тийм.) Фарисайчуудыг хар—гадна төрхөөрөө тэд өө сэвгүй байсан биш үү? Тэд Амралтын өдрийг сахидаг; Амралтын өдрөөр юу ч хийдэггүй байсан. Тэд эвлэгхэн үг хэлтэй, нэлээд дэг журамтай, дүрэм журмыг баримталдаг, тун боловсон, нэлээд соёлтой, эрдэм мэдлэгтэй байсан. Тэд дүр эсгэхдээ сайн, Бурханыг огт хүндэлдэггүй, харин ч Бурханыг шүүж, яллаж байсан учраас эцэст нь Бурханаар хараагдсан. Бурхан тэднийг хоёр нүүрт фарисайчууд, бүгд мууг үйлдэгчид гэж тунхагласан юм. Үүний адилаар боловсрол сайтай, мэдрэмжтэй байх сайн зан авирыг биеэ авч явах байдал, үйлдлийнхээ шалгуур болгон ашигладаг хүмүүс бол үнэнийг эрэлхийлдэг хүмүүс биш гэдэг нь ойлгомжтой. Тэд энэ дүрмийг ашиглан бусдыг хэмжиж, биеэ авч явж, үйлдэхдээ мэдээж үнэнийг эрэлхийлдэггүй; хэн нэгэн хүн юм уу ямар нэг зүйлийг үнэлэх үед тэдний үнэлгээний стандарт болон үндэслэл нь үнэнтэй нийцдэггүй, харин үнэнийг зөрчдөг. Тэдний анхаардаг ганц зүйл бол хүний зан авир, арга зам болохоос хүний зан чанар, мөн чанар биш. Тэд Бурханы үгэнд, үнэнд үндэслэдэггүй; харин боловсрол сайтай, мэдрэмжтэй байх гэсэн уламжлалт соёлын зан авирын энэ стандартад үндэслэн хэмждэг. Тэгж хэмжихийн үр дүн гэвэл, уг хүн гаднаа боловсрол сайтай, мэдрэмжтэй байх зэрэг сайн зан авиртай л бол тэдний хувьд уг хүн сайн бөгөөд Бурханы хүсэлд нийцдэг. Хүмүүс тийм ангилал ашиглах үедээ үнэн болон Бурханы үгийг эсэргүүцсэн байр сууринд зогсож байгаа нь илт байдаг. Тэд хүмүүс, зүйлсийг харах, биеэ авч явах, үйлдэхдээ энэ зан авирын шалгуурыг ашиглах тусам үүнээс үүдэн гардаг үр дагавар нь тэднийг Бурханы үг болон үнэнээс улам холдуулдаг. Тэгсэн ч гэсэн тэд хийж буй зүйлээсээ таашаал авч, өөрсдийгөө үнэнийг эрэлхийлж байна гэж боддог. Уламжлалт соёлын цөөн хэдэн сайн үг хэллэгийг баримтлаад тэд өөрсдийгөө үнэн болон үнэн замыг баримталж байна гэж үздэг. Гэхдээ тэд эдгээр зүйлийг яаж ч баримталж, хэчнээн тууштай байх нь хамаагүй, эцэстээ Бурханы үг, үнэний талаар ямар ч туршлагагүй, дадлагагүй байна, мөн Бурханыг өчүүхэн төдий ч дуулгавартай дагахгүй. Бурханыг жинхэнээсээ хүндэлдэг болж бүр ч чадахгүй. Хүмүүс боловсрол сайтай, мэдрэмжтэй байх гэх мэт ийм сайн зан авирыг баримтлах үед ийм зүйл тохиолддог. Хүн сайн зан авирт, үүнийг амьдран харуулахад, эрэлхийлэхэд анхаарлаа хандуулах тусам Бурханы үгээс төдий чинээ холдоно—Бурханы үгээс холдох тусмаа үнэнийг төдий чинээ бага ойлгож чадна. Энэ нь зүй ёсны зүйл юм. Хэрвээ хүний зан авир сайжирвал зан чанар нь өөрчлөгдсөн гэсэн үг үү? Та нарт ийм туршлага бий юу? Та нар өөрийн мэдэлгүй боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн байхаар чармайж байсан уу? (Тэгсэн.) Боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн байснаар бусдад нэлээд хүндтэй, эрхэмсэг харагдана гэж хүн бүр ойлгодгоос энэ нь болж байгаа юм. Бусад нь тэднийг өндрөөр үнэлдэг. Тэгдэг биз дээ? (Тийм.) Тиймээс ийм сайн зан авиртай байх нь муу зүйл байж таарахгүй. Гэхдээ эдгээр сайн зан авир, ийм сайн илэрхийлэлтэй байх нь хүний завхарсан зан чанарыг шийдвэрлэж чадах уу? Хүмүүсийг муу юм хийхээс сэргийлж чадах уу? Чадахгүй юм бол ийм сайн зан авир ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь зүгээр л сайхан харагдана; гэхдээ ямар ч хэрэггүй. Ийм сайн зан авиртай хүмүүс Бурханд дуулгавартай байж чадах уу? Үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж чадах уу? Мэдээж үгүй. Сайн зан авир нь хүний үнэний хэрэгжүүлэлтийг орлож чадахгүй. Яг л фарисайчуудтай адилхан. Тэд зан авир сайтай, нэлээд үнэн сүсэгтэй байсан ч Эзэн Есүст хэрхэн хандсан билээ? Тэд хүн төрөлхтний Аврагчийг цовдолж чадна гэж хэн ч төсөөлөөгүй. Тиймээс зөвхөн гаднаа л сайн зан авиртай ч үнэнийг олж аваагүй хүмүүс аюултай. Тэд бахь байдгаараа үргэлжлүүлж, Бурханыг эсэргүүцэж, тэрслэх боломжтой. Хэрвээ та нар үүнийг нэвт харж чадахгүй бол хүмүүсийн сайн зан авирт хууртсаар байх боломжтой.

Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх нь хүний уламжлалт үзэл юм. Энэ нь үнэнтэй огт нийцдэггүй. Энэ нь үнэнтэй зөрчилддөгийг харгалзан үзвэл, хүн үнэнийг хэрэгжүүлэхийн тулд яг юуг эзэмших ёстой вэ? Ямар бодит байдлыг амьдран харуулбал үнэн болон Бурханы шаардлагад нийцэх вэ? Мэдэж байна уу? Ингэж нөхөрлөсний дараа зарим нь “Та боловсрол сайтай, мэдрэмжтэй байх нь үнэнтэй нийцдэггүй, тэр нь ердөө гадна талын сайн зан авир гэж хэлдэг. Тиймээс бид зүгээр л боловсрол сайтай, мэдрэмжтэй хүмүүс байхаа болино. Амьдрал илүү амар, ямар ч хязгаарлалтгүй болж, ямар ч дүрэм журамд хүлэгдэхгүй. Бид юу хүссэнээ хийж, хүссэнээрээ амьдарч чадна. Тэгвэл хэчнээн санаа амар байх билээ дээ! Хүний сайн зан авир төгсгөлтэй нь хамаагүй болохоор бид одоо илүү эрх чөлөөтэй. Бид боловсон байдал, дүрэм журам гэх мэтийн зүйлсэд санаа зовох шаардлагагүй” гэж хэлж магадгүй. Ингэж хүлээн авах нь зөв зүйл мөн үү? (Биш.) Энэ нь утгагүй ойлголт; тэд туйлширсан алдаа гаргаж байна. Тэгвэл ийм алдаа гаргах хүн байна уу? Зарим хүн “Боловсон хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвах боломжтой хэвээр учраас би ерөөсөө боловсон хүн болохгүй. Би боловсон хүмүүст зэвүүцэж эхэлж байна. Би боловсрол сайтай, мэдрэмжтэй, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй, сайхан ааштай, ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг, эвсэг найрсаг хүмүүсийг дооршоодог. Эдгээр зүйлийг харуулдаг хэнийг ч би дорд үзэж, ‘Чи фарисайчууд шиг зан авиртай, бусдыг хуурах зорилготой. Энэ нь үнэнийг эрэлхийлж байгаа хэрэг биш, үнэнийг хэрэгжүүлж байгаа явдал бүр ч биш. Биднийг мэхлэхээ боль, бид чамд хууртаж, арга зальд чинь автахгүй!’ гэж ил тод зэмлэдэг” хэмээн хэлж магадгүй. Та нар тэгж авирлах уу? (Үгүй.) Тэгэхгүй байх чинь зөв. Хэрвээ тийм ухаангүй зүйл хийвэл маш утгагүй хэрэг болно. Утгагүй ойлголттой зарим хүн үнэний талаар цэвэр ойлголтгүй байдаг—тэдэнд тийм чадамж байдаггүй. Тэд дүрэм журам дагаж л чаддаг учраас тэгж авирладаг. Тэгвэл бид яагаад энэ асуудлын талаар нөхөрлөж, задлан шинжилдэг вэ? Үндсэндээ, үнэнийг эрэлхийлэх нь гадна талын сайн зан авирыг эрэлхийлэх явдал биш, чамайг хүмүүжилтэй, дэг журамтай, боловсролтой хүн болгох зорилготой ч биш гэдгийг хүмүүст ойлгуулахын төлөө байдаг. Харин ч энэ нь чамайг үнэнийг ойлгодог, хэрэгжүүлдэг, үнэнд үндэслэн үйлдэж чаддаг болгох зорилготой бөгөөд чиний хийдэг бүхэн Бурханы үгэнд үндэслэж, үнэнд нийцэлтэй байна гэсэн үг юм. Үнэнтэй нийцдэг, Бурханы үгийг үндэс сууриа болгосон зан авир нь боловсрол сайтай, мэдрэмжтэй байхтай адилхан биш, уламжлалт соёл болон уламжлалт ёс суртахууны хүнээс шаарддаг стандарттай ч адилхан биш. Эдгээр нь хоёр өөр зүйл юм. Бурханы үг бол үнэн бөгөөд Бурханы үг л дангаараа хүний сайн муу, зөв бурууг хэмжих цорын ганц шалгуур билээ. Нөгөө талаар уламжлалт соёлын боловсрол сайтай, мэдрэмжтэй байх стандарт нь үнэн-зарчмын стандартад хүрдэггүй. Хэзээ, ажлын аль үе шатанд Бурхан чамд боловсрол сайтай, мэдрэмжтэй, боловсролтой, эрхэмсэг, жигшүүрт ашиг сонирхлоос ангид хүн байх ёстой гэж хэлсэн бэ? Бурхан тиймэрхүү юм хэлсэн үү? (Үгүй.) Хэлээгүй. Тэгвэл хүний зан авирын тухайд Бурхан ямар үг хэлж, ямар шаардлага тавьсан бэ? Тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон биеэ авч явж, үйлд. Тэгвэл Бурханы энэ үгийн үндэслэл нь юу вэ? Өөрөөр хэлбэл, үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэхийн тулд чи ямар үнэнийг шалгуураа болгон ашиглаж, ямар амьдралаар амьдрах ёстой вэ? Үүнийг ойлгох ёстой юм биш үү? (Тийм.) Тэгвэл хүний зан авирт тавих Бурханы үгийн шаардлага, стандарт юу вэ? Та нар үүнийг тодорхой илэрхийлсэн Бурханы үгийг олж чадах уу? (Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Надад маш их найдлага бий. Та нар биеэ зүй зохистой, хүмүүжилтэй байдлаар авч явж, үүргээ үнэнчээр биелүүлж, үнэн болон хүн чанарыг эзэмшиж, байгаа бүхнээ, бүр амиа ч гэсэн Бурханы төлөө өгч чадна гэх зэргээр Би найддаг. Энэ бүх итгэл найдвар та нарын дутагдал, завхрал, дуулгаваргүй байдлаас үүддэг” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө).) Энэ бүх үг нь хүний биеэ авч явах байдлын зарчим, шаардлага юм. Тэгвэл тодорхой хэрэгжүүлэлтийн талаарх Бурханы өөр ямар үг байдаг вэ? (Өөр нэг хэсэгт ингэж хэлсэн байдаг: “Чиний зүрх сэтгэл байнга тайван байдалтай байх ёстой, ямар нэг зүйл тохиолдох үед чи яаруу, өрөөсгөл бодолтой, зөрүүд, радикал үзэлтэй, хиймэл, хуурамч байж болохгүй, тэгж байж чи эрүүл ухаанаар үйлдэж чадна. Энэ бол хэвийн хүн чанарын зөв зүйтэй илрэл юм” (Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанарыг шийдвэрлэх зам).) Энэ нь бага зэрэг тодорхой хэрэгжүүлэлт юм. Эдгээр нь хүний гадаад зан авир, арга замд тавих тодорхой заавар болон шаардлага мөн. Эдгээрийг Бурханы үгийн үндэслэл гэж үзэж болох уу? Энэ нь хангалттай тодорхой байна уу? (Тийм.) Дахиад нэг унш даа. (“Чиний зүрх сэтгэл байнга тайван байдалтай байх ёстой, ямар нэг зүйл тохиолдох үед чи яаруу, өрөөсгөл бодолтой, зөрүүд, радикал үзэлтэй, хиймэл, хуурамч байж болохгүй, тэгж байж чи эрүүл ухаанаар үйлдэж чадна. Энэ бол хэвийн хүн чанарын зөв зүйтэй илрэл юм.”) Энэ хэдэн зүйлийг бичиж тэмдэглэ; энэ нь ирээдүйд аливааг хийхдээ та нарын баримтлах ёстой зарчим юм. Хүмүүс биеэ авч явах, үйлдэхдээ аливаа зүйлтэй ухаалгаар нүүр тулж сурах ёстой, түүнчлэн мөс чанар, эрүүл ухаантай авирласны үндсэн дээр үнэн-зарчмыг эрж хайж чаддаг байх ёстойг энэ нь хүмүүст хэлж өгдөг. Ингэж биеэ авч явж, үйлд, тэгвэл зарчим болон хэрэгжүүлэлтийн замтай болно.

Бидний дөнгөж сая ярьсан хэдэн зүйл бол “Ямар нэг зүйл тохиолдох үед чи яаруу, өрөөсгөл бодолтой, зөрүүд, радикал үзэлтэй, хиймэл, хуурамч байж болохгүй, тэгж байж чи эрүүл ухаанаар үйлдэж чадна” гэдэг юм—эдгээрийг хийхэд амархан уу? Үнэндээ хэсэг хугацааны сургуулилтын дараа эдгээрийг бүгдийг нь биелүүлэх боломжтой. Тэгвэл эдгээрийг үнэхээр хийж чадахгүй хүн байвал яах вэ? Чи нэг зүйлийг л хийж байгаа бол зүгээр, өөрөөр хэлбэл асуудалтай тулгарах үедээ юм уу бусадтай харилцахдаа ядаж нэг зүйлийг дагаж мөрдөх ёстой: Чи бусдыг босгон байгуулдаг байдлаар биеэ авч явж, үйлдэх ёстой. Энэ нь хамгийн үндсэн гол зүйл юм. Хэрвээ чи үүний дагуу, үүнийг шалгуураа болгон хэрэгжүүлж, даган мөрдвөл үндсэндээ бусдад ямар нэгэн томоохон хор хохирол учруулахгүй, өөрөө ч том хохирол амсахгүй. Бусдыг босгон байгуулдаг байдлаар биеэ авч явж үйлд—үүнд нарийн ширийн зүйл бий юу? (Байгаа.) Бусдын ашиг сонирхлыг хохироон байж өөртөө бүү сэтгэл хана; бусдын зовлон дээр өөрийнхөө аз жаргал, баяр хөөрийг бүү бүтээ. Босгон байгуулах гэдэг нь ийм утгатай. Тийм босгон байгуулалтыг ойлгох хамгийн үндсэн арга зам юу вэ? Хүн чанарын мөс чанар, эрүүл ухааны үүднээс хэмжвэл чиний зан авирыг бусад хүн тэвчиж болохоор байх ёстой; энэ нь хүний мөс чанар, эрүүл ухаанд нийцэж байх ёстой. Хэвийн хүн чанартай хэн боловч үүнд хүрч чадах биш үү? (Тийм ээ.) Хэн нэгэн хүн өрөөнд амарч байхад чи тийшээ ороод, эргэн тойрноо үл хайхран дуулж, хөгжим тоглож эхэллээ гэе. Тэр нь зохистой юу? (Зохисгүй.) Тэр нь бусдын зовлон дээр зугаа цэнгэл, аз жаргалаа бүтээж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Хэрвээ хэн нэгэн хүн Бурханы үгийг унших юм уу үнэний талаар нөхөрлөж байх явцад чи зүгээр л өөрийнхөө асуудлыг түүнтэй ярилцах гэвэл тэр хүнийг хүндэлж байгаа хэрэг мөн үү? Энэ нь тэднийг босгон байгуулахгүй байгаа хэрэг биш үү? (Тийм.) Босгон байгуулахгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Хамгийн наад зах нь чи бусдыг хүндэлдэггүй гэсэн үг. Чи бусдыг юм ярьж, юм хийж байхад нь тасалдуулах ёсгүй. Энэ нь хэвийн хүн чанараар хүрч чадах зүйл биш гэж үү? Хэрвээ чи үүнийг ч биелүүлж чадахгүй бол үнэхээр мөс чанар, эрүүл ухаангүй юм. Мөс чанар, эрүүл ухаангүй хүмүүс үнэнийг олж авч чадах уу? Чадахгүй. Үнэнийг хэрэгжүүлэх нь ядаж мөс чанар, эрүүл ухаантай хүмүүсийн л хийж чадах зүйл бөгөөд хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэг бол ядаж л үг, үйлдлээрээ мөс чанар, эрүүл ухааны стандартад нийцэх ёстой; чи эргэн тойрныхоо хүмүүст тэвчиж болохоор байх ёстой бөгөөд бүгдийнх нь шалгуурт тэнцдэг байх ёстой. Энэ нь бидний дөнгөж сая хэлсэн зүйл: Үйлдэл чинь бусдад ядаж л дажгүй санагдаж, тэднийг босгон байгуулдаг байг. Босгон байгуулдаг байх нь бусдад ашиг тустай байхтай адилхан уу? Үгүй, үнэндээ босгон байгуулах гэдэг нь бусдын орон зайг харилцан хүндэлж, тэдэнд саад болохгүй, үймүүлэхгүй, тэднийг самууруулахгүй; зан авираасаа болоод бусдад хор хохирол учруулахгүй, бусдыг зовоохгүй байна гэсэн үг юм. Босгон байгуулах гэдэг нь ийм утгатай. Та нар үүнийг хэрхэн ойлгож байна вэ? Босгон байгуулах гэдэг нь бусдад хэр их ашиг тустай байх тухай биш; харин тэднийг зүй ёсны ашиг сонирхол, эрхээ эдлэхэд нь тус нэмэр болж чаддаг, дур зоргоороо байдал болон зохисгүй зан авираасаа үүдэн үүнд нь хөндлөнгөөс оролцохгүй, эрхийг нь хасахгүй байх явдал юм. Тийм биз дээ? (Тийм ээ.) Та нар одоо хүний биеэ авч явах байдал болон үйлдэлтэй холбоотой Бурханы зарим үгийг мэдэж байгаа ч хамгийн гол нь чи биеэ авч явах байдал болон үйлдлээрээ бусдыг босгон байгуулах ёстой гэдгийг Би дахиад хэлье. Энэ бол үйлдлийн зарчим юм. Босгон байгуулах гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгов уу? (Тийм ээ.) Өөрсдийнх нь үг, үйлдэл бусдыг босгон байгуулж байгаа эсэхийг огт боддоггүй мөртөө өөрсдийгөө боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн гэж үздэг хүмүүс бий. Энэ нь худлаа биш гэж үү? Үг, үйлдлээрээ бусдыг босгон байгуулдаг байх—үүнээс авах ёстой сургамж байдаг бус уу? Энэ нь зан авирын нэг илэрхийлэл байж болно, гэхдээ үүнийг хийхэд амархан уу? Хэрвээ хүн багахан үнэнийг ойлгодог бол зарчмын дагуу хэрхэн үйлдэхээ, бусдыг босгон байгуулдаг байдлаар хэрхэн үйлдэхээ, бусдад ашиг тустай байдлаар хэрхэн үйлдэхээ мэднэ. Хэрвээ хүн үнэнийг ойлгодоггүй бол юу хийхээ мэдэхгүй; гагцхүү үзэл, төсөөлөлдөө тулгуурлан үйлдэж л чадна. Зарим хүн өөрт нь юу ч тохиолдсон, өдөр тутмын амьдралдаа хэзээ ч үнэнийг эрж хайдаггүй. Тэд бусдад ямар санагдахыг тоолгүйгээр зүгээр л дур сонирхолдоо нийцүүлэн үйлддэг. Тийм үйлдэл зарчимтай байдаг уу? Та нар зарчим байгаа эсэхийг харж чаддаг байх ёстой, тийм биз дээ? Та нар бүгдээрээ байнга цугларч, Бурханы үгийг уншдаг; хэрвээ та нар үнэхээр бага зэрэг үнэнийг ойлгож чаддаг бол үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлж, зарим хэрэг явдалд оролцож чадна. Тийм хэрэгжүүлэлт чамд ямар санагдах вэ? Бусдад ямар санагдах вэ? Хэрвээ чи үүнийг мэдрэхээр шаргуу оролддог бол ямархуу хэрэгжүүлэлт бусдыг босгон байгуулахыг мэдэх болно. Ихэвчлэн та нарт ямар нэг зүйл тохиолдох үед, тэр нь юу ч байлаа гэсэн, хэвийн хүн чанар юм уу үнэний хэрэгжүүлэлтийг хөнддөг байдлаар хэрхэн үйлдэх тухай бодит асуудлыг та нар огт бодож үздэггүй. Тиймээс ямар нэг зүйл тохиолдоход та нараас ямар хэрэгжүүлэлт юм уу үйлдэл бусдыг босгон байгуулахыг асуувал та нарын хувьд ямар ч тодорхой замгүй мэт хариулахад хэцүү санагдана. Цуглаан дээр Миний нөхөрлөдөг бүхэн бодит амьдралын эдгээр асуудал байдаг атал тэдгээртэй тулгарах үедээ та нар хэзээ ч хөл нийлүүлж чаддаггүй бөгөөд оюун санаа чинь үргэлж хоосон явдаг. Энд зөрүү байгаа биш үү? (Тийм.) Та нар тэгвэл Бурханд итгэх итгэлээсээ юу олж авсан юм бэ? Цөөхөн хоосон сургаал, хэдхэн уриа лоозон. Ямар ядмагхан, өрөвдөлтэй юм бэ!

Бидний ярилцсан зүйлсийн нэг болох хүн өөрийнхөө үзлээр зөв, сайн гэж үздэг зүйл буюу боловсрол сайтай, мэдрэмжтэй байх гэдэгт хүний зарим тодорхой үзэл, төсөөлөл, түүнчлэн энэ зан авирын талаарх зарим уламжлалт ойлголт байдаг. Товчхондоо зан авирын энэ илэрхийллийг одоо харвал энэ нь үнэнтэй юм уу жинхэнэ хүн чанартай ямар ч холбоогүй гэдгийг бид харж болно. Учир нь энэ нь үнэнээс маш хол бөгөөд үүнийг үнэнтэй харьцуулахын аргагүй, үүнээс гадна тийм зан авир нь хүмүүс, зүйлсийн талаарх хүний үзэл бодол, мөн хүний биеэ авч явах байдал, үйлдэлд тавих Бурханы шаардлагын стандарттай үндсэндээ үл нийцдэг, үүнтэй огт таардаггүй, ямар ч хамааралгүй байдаг. Энэ нь зүгээр л хүний зан авир. Хүн хэчнээн сайхан зан гаргалаа ч, энэ зан авирыг хэчнээн хангалттай хэрэгжүүллээ ч гэсэн энэ нь ердөө л нэг төрлийн зан авир юм. Энэ нь бүр жинхэнэ хэвийн хүн чанар гэж ч тооцогдохгүй. Хүн боловсрол сайтай, мэдрэмжтэй байх ёстой гэдэг үг нь хүний гадаад зан авирыг өнгөлөх арга зам төдийхөн юм. Хүн өөрийгөө сайхан боож, гоёхын тулд боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн байхаар ихэд мэрийдэг, ингэснээрээ бусдын хүндлэл, бишрэлийг хүртэж, бүлэг доторх байр суурь, үнэ цэнээ нэмэгдүүлдэг. Гэвч үнэн хэрэгтээ тийм зан авир нь жинхэнэ хүнд байх ёстой ёс суртахуун, ёс жудаг, нэр хүндийн түвшинд ч хүрдэггүй. Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх нь уламжлалт соёлоос үүдэлтэй үг бөгөөд завхарсан хүн төрөлхтний өөрсдөдөө зориулж тогтоосон, өөрсдийнхөө баримтлах ёстой зүйл гэж боддог зан авирын зарим илэрхийлэл юм. Зан авирын эдгээр илэрхийлэл нь бүлэг доторх байр суурийг нь өсгөж, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх зорилготой байдаг, ингэснээр тэд бусдын хүндлэлийг хүлээж, бүхнээс хүчирхэг нь байж, бүлэг дотроо амархан басамжлагдаж, дээрэлхүүлдэггүй нэгэн болно. Гадна талын энэ зан авир нь хүн чанарын ёс суртахуун юм уу чансаатай ямар ч хамаагүй атал хүн үүнийг маш өндрөөр үнэлж, асар их ач холбогдол өгдөг. Үүнд хэчнээн их худал хуурмаг байж таарах вэ гэдгийг өөрсдөө хар! Тиймээс хэрвээ чи одоо боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн байхаар эрэлхийлж, зан авираа зохицуулж, боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн байх эрэл хайгуул, хэрэгжүүлэлтдээ хичээнгүйлэн шамддаг бол үүнийгээ даруйхан боль гэж Би чамайг шавдуулж байна. Тийм зан авир, арга барил нь чамайг улам их дүр эсгэхэд хүргэж, улам хоёр нүүртэй болгож л чадах бөгөөд ингэхийн хэрээр чи үнэнч шударга, энгийн, нээлттэй хүн байхаас улам холдох болно. Чи боловсрол сайтай, мэдрэмжтэй байхаар чармайх тусмаа улам их дүр эсгэх ба хэдий чинээ их дүр эсгэнэ, дүр эсгэлт чинь төдий чинээ гүнзгийрч, бусдын хувьд чамайг хэмжиж, ойлгоход улам хэцүү болж, завхарсан зан чанар чинь төдий чинээ гүн далдлагдана. Тэгэх юм бол үнэн болон авралыг хүлээн авахад маш хэцүү болно. Тиймээс эдгээр зүйлийг харгалзан үзвэл боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн болохоор эрэлхийлэх зам нь үнэнийг эрэлхийлэх замтай адилхан уу? Энэ нь зөв зохистой эрэл хайгуул мөн үү? (Биш.) Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх зан авир нь сөрөг мөн чанартай, сөрөг үр дүнтэйгээс гадна үүний ард бусдыг болон өөрийгөө хуурч мэхлэх зүйл илүү их байдаг биш үү? (Тийм ээ.) Боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн хэлэхийн аргагүй олон нууцыг ардаа нууж байдаг бөгөөд үүнээс ч илүүтэйгээр, бусдын мэдэхгүй, бусдад жигшүүртэй, муухай, ёрын муу, бузар булай санагддаг элдэв янзын эндүү ташаа бодол, үзэл, үзэл бодол, хандлага, санааг нууж байдаг. Боловсрол сайтай, мэдрэмжтэй хүний сайн зан авирын цаана завхарсан зан чанар нь илүү их нуугдаж байдаг. Тэрхүү зан авирын халхавчин доор завхарсан зан чанартайгаа нүүр тулах зориг зүрх тийм хүнд байдаггүй, завхарсан зан чанараа хүлээн зөвшөөрөх итгэл ч байдаггүй. Завхарсан зан чанарынхаа талаар, утгагүй мэдлэгийнхээ талаар, ёрын муу бодол, санаархал, зорилго—эсвэл бүр хорон муу, хорлонтой бодол санааныхаа талаар сэтгэлээ уудлах зориг зүрх, өөртөө итгэлтэй байдал бүр ч байдаггүй. Тэдний ард маш олон зүйл нуугдаж байдаг бөгөөд хэн ч үүнийг харж чаддаггүй; боловсрол сайтай, мэдрэмжтэй байх сайн зан авиртай “сайн хүн” гэгчийг л бүх хүн өмнөө хардаг. Энэ нь луйвар биш үү? (Мөн.) Тэр хүний зан авир, илрэл, эрэл хайгуул, мөн чанар бүхэлдээ луйвар. Тэрээр бусдыг ч, өөрийгөө ч хуурч байна. Тийм хүний эцсийн төгсгөл ямар байх вэ? Боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн байхын тулд тэд Бурханыг орхиж, үнэн замаас нүүр буруулж, Бурханд жигшигдэн гологддог. Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх сайн зан авирын ар дахь нууцлаг булан бүрд дүр эсгэж, хууран мэхлэх арга барил, зан авираа нуун далдалдаг бөгөөд ингэх явцдаа биеэ тоосон, ёрын муу, үнэнээс залхдаг, харгис, гөжүүд зан авираа нуун далдалдаг. Тиймээс хүн боловсрол сайтай, мэдрэмжтэй байх тусмаа төдий чинээ хуурамч байдаг бөгөөд боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн болохоор эрмэлзэх тусмаа үнэнийг төдий чинээ бага хайрлаж, үнэн болон Бурханы үгээс улам их залхдаг. Надад хэл дээ, тийм байдаг биз дээ? (Тийм.) Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх сайн зан авирын талаарх нөхөрлөлөө одоохондоо ингээд дуусгая.

Дөнгөж сая бид уламжлалт соёлын сайн зан авирын тухай үг хэллэгүүдийн нэг буюу боловсрол сайтай, мэдрэмжтэй байх талаар нөхөрлөлөө. Бусад үгийнх нь талаар нэг бүрчлэн нөхөрлөхгүй. Сайн зан авирын тухай бүх үг хэллэг нь бүхэлдээ хүний гадаад зан авир, дүр төрхийг өнгөлөх арга зам төдий юм. “Өнгөлөх” гэдэг нь гоёор хэлж байгаа хэрэг; нарийн яривал энэ нь үнэндээ нэг төрлийн дүр эсгэлт буюу хуурамч төрх ашиглан бусдыг хууран мэхэлж, өөрийнхөө талаар сайхан сэтгэгдэл төрүүлж, өөрийгөө эергээр үнэлүүлж, өөрийгөө хүндлүүлэхийн сацуу зүрх сэтгэлийнхээ хар бараан тал, завхарсан зан чанар, жинхэнэ нүүр царайгаа бүгдийг нь нуун дарагдуулж, сайхан харагдуулах арга зам юм. Үүнийг бас ингэж хэлж болно: Эдгээр сайн зан авирын гэрэл гэгээн дор нуугдаж байдаг зүйл нь завхарсан хүн төрөлхтний гишүүн нэг бүрийн завхарсан үнэн нүүр царай билээ. Ёрын муу хүн төрөлхтний гишүүн нэг бүрд нуугдаж байдаг зүйл нь биеэ тоосон зан чанар, ов мэхтэй зан чанар, харгис зан чанар, үнэнээс залхдаг зан чанар юм. Хүний гадаад зан авир боловсрол сайтай, мэдрэмжтэй байх нь, эсвэл эелдэг зөөлөн, хүмүүжилтэй байх нь хамаагүй, эвсэг найрсаг, ойр дотно байдалтай, ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг гэх мэт ямар ч байсан хамаагүй—тэд эдгээрийн алийг ч харуулдаг бай, энэ нь бусдын харж чадах гадаад зан авираас хэтрэхгүй. Энэ нь сайн зан авираар дамжуулан уг чанар-мөн чанараа мэдэж авахад тэднийг хөтөлж чадахгүй. Хүн боловсрол сайтай, мэдрэмжтэй, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй, ойр дотно байдалтай, эвсэг найрсаг байх гадаад зан авирыг сайнаар хардаг болохоор хүний ертөнц бүхэлдээ тэдгээрт сайнаар ханддаг хэдий ч эдгээр сайн зан авирын халхавч дор хүний завхарсан зан чанар үнэхээр оршин байдгийг үгүйсгэж болохгүй. Хүн үнэнээс залхаж, Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг тэрсэлдэг, Бүтээгчийн хэлсэн үгээс залхдаг, Бүтээгчийг эсэргүүцдэг уг чанар-мөн чанартай—эдгээр нь үнэхээр оршин байдаг. Үүнд ямар ч худал хуурмаг байхгүй. Хүн хэчнээн их худал дүр эсгэсэн ч, зан авир нь хэчнээн намбатай, аятайхан байлаа ч, өөрсдийгөө хэчнээн гоё, сайхан харагдууллаа ч, хэчнээн ов мэхтэй байлаа ч завхарсан хүн нэг бүр сатанлаг зан чанараар дүүрэн байдгийг үгүйсгэх аргагүй. Эдгээр гадаад зан авирын халхавчин дор тэд Бурханыг эсэргүүцэж, тэрсэлсэн хэвээр, Бүтээгчийг эсэргүүцэж, тэрсэлсэн хэвээр байдаг. Мэдээж ийм сайн зан авирын нөмрөг, халхавчин дор хүн төрөлхтөн өдөр бүр, цаг хором бүрд, минут, секунд болгонд, хэрэг явдал бүр дээр завхарсан зан чанараа харуулахын зэрэгцээ завхарсан зан чанар болон нүгэл дунд амьдарсаар байдаг. Энэ нь маргаангүй баримт. Хүний аятайхан зан авир, тааламжтай үг, хуурамч төрхийг үл харгалзан, завхарсан зан чанар нь өчүүхэн төдий ч багасдаггүй, гадаад талын энэ зан авираасаа болоод огтхон ч өөрчлөгддөггүй. Эсрэгээрээ гадна талын эдгээр сайн зан авираар халхлагдсанаасаа болоод завхарсан зан чанар нь байнга илчлэгдэж байдаг бөгөөд тэрээр мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэхээ хэзээ ч больдоггүй—мэдээж харгис, ёрын муу зан чанартаа захирагдсанаар амбиц, хүсэл, хэрээс хэтэрсэн шаардлагууд нь байнга нэмэгдэж, хөгжиж байдаг. Надад хэл дээ, амьдран харуулдаг дүр төрх, биеэ авч явах байдал, үйлдлийнх нь үндэс эерэг, Бурханы үг болон үнэнд нийцэлтэй байдаг, сайхан ааштай, эвсэг найрсаг, ойр дотно байдалтай хүн хаана байна вэ? Үнэнийг хайрладаг, Бурханы үгээс амьдралынхаа чиглэл, зорилгыг олоход бэлэн, хүн төрөлхтний авралд хувь нэмрээ оруулсан, боловсрол сайтай, мэдрэмжтэй, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй хүн хаана байна вэ? Чи ганц ч болов ийм хүнийг олж чадах уу? (Үгүй.) Үнэндээ хүн төрөлхтний дунд хүн хэдий чинээ мэдлэгтэй; хэдий чинээ боловсролтой; хэдий чинээ бодол санаа, байр суурь, нэр хүндтэй байна—хэдий түүнийг боловсрол сайтай, мэдрэмжтэй, эвсэг найрсаг, ойр дотно байдалтай хүн гэж нэрлэж болох ч—түүний бичсэн номлол төдий чинээ хүмүүсийг хууран мэхэлж, төдий чинээ ёрын мууг үйлдэх бөгөөд Бурханыг эсэргүүцэх нь төдий чинээ ноцтой байдаг. Нэр хүнд, байр суурь өндөртэй хүмүүс бусдыг бүр ч их хууран мэхэлдэг, Бурханыг эсэргүүцэхдээ бүр ч цадиггүй байдаг. Хүн төрөлхтний дундах тэр алдартай хүмүүс, агуу хүмүүс, сэтгэгчид, сурган хүмүүжүүлэгчид, зохиолчид, хувьсгалчид, улс төрчид, эсвэл аль нэг салбарын алдартай хүмүүсийг хар—тэдний дундаас хэн боловсрол сайтай, мэдрэмжтэй, ойр дотно байдалтай, эвсэг найрсаг байгаагүй вэ? Тэднээс хэн нь бусдын магтаалыг хүртэж, хүндлэлийг татахуйц байдлаар авирлаагүй вэ? Гэхдээ үнэндээ тэд хүн төрөлхтөнд ямар хувь нэмэр оруулсан бэ? Тэд хүн төрөлхтнийг зөв зам руу хөтөлсөн үү, эсвэл төөрөлдүүлсэн үү? (Төөрөлдүүлсэн.) Тэд хүн төрөлхтнийг Бүтээгчийн эрх мэдэл рүү хөтөлсөн үү, эсвэл Сатаны хөл доор аваачсан уу? (Сатаны хөл дор аваачсан.) Тэд хүн төрөлхтнийг Бүтээгчийн дээд эрх, хангалт, удирдамжийг эдлэхэд хүргэсэн үү, эсвэл Сатанд гишгэлүүлж, харгислуулж, хүчирхийлүүлэхэд хүргэсэн үү? Түүхэн дэх баатарлаг, алдартай, агуу, өргөмжлөгдсөн, ер бусын, эрх мэдэлтэй хүмүүсээс хэн нь олон сая хүнийг хөнөөн байж эрх мэдэл, байр сууринд хүрээгүй вэ? Хэн нь хүн төрөлхтнийг луйвардаж, төөрөлдүүлж, уруу таталгүйгээр нэр хүнд олж авсан бэ? Гаднаас нь харахад тэд бусадтай өдөр бүр харилцахдаа ойр дотно байдалтай, нэлээд нийцтэй, өөрийгөө бусадтай эн тэнцүү байранд тавьж, эвсэг найрсаг ярилцдаг ч далдуур хийдэг зүйл нь шал өөр байдаг. Тэдний зарим нь бусдыг мэхлэхээр хуйвалддаг; зарим нь бусдыг зовоож, хорлохын тулд заль гаргадаг; зарим нь өшөө авах боломжийг хайдаг. Ихэнх улс төрчид харгис байдаг бөгөөд хүмүүст тоо томшгүй хор хөнөөл учруулдаг. Тэд тоймгүй олон хүний толгой болон цусан дээр хөлөө бат тавьснаар байр суурь, нэр нөлөөгөө олж авсан мөртөө олон нийтийн газарт бол ойр дотно байдалтай, эвсэг найрсаг зан авирыг л хүмүүст харуулдаг. Хүмүүс эелдэг зөөлөн, хүмүүжилтэй, боловсрол сайтай, мэдрэмжтэй, даруу төлөв хүнийг л хардаг. Гаднаасаа тэд сайхан ааштай, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй харагддаг ч энэ бүхний ард тоо томшгүй олон хүнийг хөнөөж, тоймгүй олон хүний эд хөрөнгийг завшиж, тоолж барагдашгүй олон хүнийг ноёрхож, тэднээр тоглосон байдаг. Тэд сайхан үг бүрийг хэлж, ёрын муу юм бүхнийг хийдэг бөгөөд ичгүүргүйгээр, эрээ цээргүйгээр тайзан дээрээс номлол айлдаж, яаж ойр дотно байдалтай, боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн байх, яаж улс орон болон хүн төрөлхтөнд хувь нэмрээ оруулдаг хүн болох, хэрхэн хүмүүст үйлчилж, төрийн албан хаагч байх, өөрсдийгөө улс орондоо хэрхэн зориулахыг бусдад зааж сургадаг. Энэ нь ичгүүр сонжуургүй хэрэг биш үү? Тэдний ихэнх нь увайгүй, ханаж цаддаггүй хог шаар! Товчхондоо ёс суртахууны талаарх уламжлалт үзэлд нийцдэг сайн зан авиртай хүн байх гэдэг нь үнэнийг эрэлхийлж байгаа хэрэг биш; жинхэнэ бүтээгдсэн зүйл байхаар эрэлхийлж байгаа хэрэг биш. Эсрэгээрээ эдгээр сайн зан авирын эрэл хайгуулын цаана олон хар бараан, дурдаж хэлэхийн аргагүй нууц нуугдаж байдаг. Хүн ямар ч сайн зан авирыг эрэлхийлсэн бай хамаагүй, цаад зорилго нь хүмүүсийн хайр, хүндлэлийг хүлээж, байр сууриа нэмэгдүүлж, хүмүүст өөрийгөө хүндтэй, итгэл даахуйц, найдвартай хүн гэж бодуулахаас өөр юу ч биш. Хэрвээ чи тийм сайн зан авиртай хүн болохоор эрэлхийлдэг бол энэ нь алдартай, агуу хүмүүсийнхтэй адилхан чанар биш үү? Хэрвээ чи зүгээр л сайхан авирладаг ч Бурханы үгийг хайрладаггүй, үнэнийг хүлээн авдаггүй бол чанар чансаа чинь тэднийхтэй адилхан. Үр дүн нь юу байх вэ? Чиний хаясан зүйл бол үнэн; чиний алдсан зүйл бол аврагдах боломж. Энэ нь хамгийн тэнэг зан авир—тэнэг хүний сонголт, эрэл хайгуул юм. Та нар өөрсдийнхөө маш удаан хугацаанд биширсэн, тайзан дээрх тийм агуу, алдартай, цуутай хүн шиг болохыг ер нь хүсэж байсан уу? Тийм эвсэг найрсаг, ойр дотно байдалтай хүн болохыг хүсэж байсан уу? Сайхан ааштай, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй, боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн болохыг хүсэж байсан уу? Гаднаасаа нөхөрсөг, хайр татам харагддаг хүн болохыг хүсэж байсан уу? Та нар өмнө нь иймэрхүү хүмүүсийг дагаж, шүтэж байсан уу? (Тэгсэн.) Хэрвээ чи одоо ч гэсэн ийм хүмүүсийг дагасаар, ийм хүмүүсийг шүтсээр байгаа бол Би чамд хэлье: Чи үхлээс холгүй байна, учир нь чиний шүтдэг хүмүүс бол сайн хүний дүр эсгэдэг ёрын муу хүмүүс юм. Бурхан ёрын муу хүмүүсийг аврахгүй. Ёрын муу хүмүүсийг шүтдэг, үнэнийг хүлээн авдаггүй бол эцэст нь чи ч бас устгагдана.

Ойр дотно байдалтай, эвсэг найрсаг гэх мэт сайн зан авирын цаад мөн чанарыг дүр эсгэлт гэх хоёр үгээр тодорхойлж болно. Тийм сайн зан авир нь Бурханы үгээс үүдэлтэй биш, мөн үнэнийг хэрэгжүүлж, зарчмын дагуу үйлдсэний үр дүн ч биш юм. Энэ нь юунаас үүдэлтэй вэ? Энэ нь хүмүүсийн сэдэл, явуулга, дүр эсгэж, дүр үзүүлж, ов мэхтэй байхаас үүдэлтэй. Хүмүүс эдгээр сайн зан авиртай зууралдах үедээ хүссэн зүйлээ авах гэсэн зорилготой байдаг; эс бөгөөс тэд хэзээ ч өөрсдийгөө ингэж зовоож, өөрсдийнхөө хүслийн эсрэг амьдрахгүй. Өөрсдийнхөө хүслийн эсрэг амьдарна гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэдний жинхэнэ уг чанар хүмүүсийн төсөөлдөг шиг зан сайтай, гэнэн цайлган, эелдэг, зөөлөн, ёс суртахуунтай биш гэсэн үг. Тэд мөс чанар, эрүүл ухаанаар амьдардаггүй; харин тодорхой зорилго, шаардлагад хүрэхийн тулд амьдардаг. Хүний жинхэнэ уг чанар юу вэ? Энэ нь мунгинуу, мэдлэггүй юм. Бурханы хайрласан хууль, тушаалгүйгээр хүмүүс нүгэл гэж юу болохыг мэдэхгүй байх байлаа. Хүн төрөлхтөн ийм байсан биш гэж үү? Бурхан хууль, тушаал гаргахад л хүмүүс нүглийн талаар зарим нэг ойлголттой болсон. Гэсэн ч тэд зөв буруу, эсвэл эерэг сөрөг зүйлийн талаар ямар ч ойлголтгүй хэвээр байдаг. Тэгвэл ийм тохиолдолд тэд ярьж, үйлдэх зөв зарчмыг мэддэг байх боломжтой юу? Ямар үйлдэл, ямар сайн зан авир хэвийн хүн чанарт байх учиртайг мэдэж чадах уу? Жинхэнэ сайн зан авир юунаас үүдэлтэй, хүний төрхийг амьдран харуулахын тулд ямархуу замыг дагах ёстойг тэд мэдэж чадах уу? Чадахгүй. Сатанлаг уг чанараасаа болж, зөн билгээсээ болж хүмүүс дажгүй, нэр төртэй амьдрахын тулд зөвхөн дүр эсгэж, дүр үзүүлж л чадна—энэ нь боловсрол сайтай, мэдрэмжтэй, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй, сайхан ааштай, ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг, эвсэг найрсаг, ойр дотно байдалтай гэх мэт ов мэхийг гаргадаг; улмаар эдгээр заль мэх, хууран мэхлэлтийн аргууд гарч ирдэг. Тэдгээрийг гарч ирмэгц хүмүүс нэг юм уу хэд хэдэн ов мэхийг сонгон зууралддаг. Зарим хүн эвсэг найрсаг, ойр дотно байдалтай байхаар сонгосон бол зарим нь боловсрол сайтай, мэдрэмжтэй, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй байхыг сонгосон, зарим нь сайхан ааштай байж, ахмадыг хүндэлж, залуусыг халамжлахаар сонгосон, зарим нь эдгээр зүйлийг бүгдийг нь сонгосон байдаг. Гэсэн ч ийм сайн зан авиртай хүмүүсийг Би нэг нэр томьёогоор тодорхойлдог. Тэр нь ямар нэр томьёо вэ? “Гөлгөр чулуу.” Гөлгөр чулуу гэж юу вэ? Энэ нь олон жилийн турш хурц өнцгүүд нь урсгал усаар угаагдаж, мөлийсөн голын гөлгөр чулуунууд юм. Хэдий тэр чулуунууд дээр гишгэхэд өвтгөдөггүй ч анхааралтай байхгүй бол хүмүүс дээр нь халтирах боломжтой. Харагдах хэлбэр, дүрсээрээ эдгээр чулуу нь маш сайхан боловч гэртээ аваачсаны дараа ямар ч ашиггүй байдаг. Чи тэдгээрийг хаяж чадахгүй боловч хадгалаад ямар ч хэрэггүй байдаг—“гөлгөр чулуу” гэдэг нь энэ юм. Миний хувьд, ийм илэрхий сайн зан авиртай хүмүүс бол бүлээн. Тэд гаднаа сайн сайхан дүр эсгэдэг боловч үнэнийг огт хүлээн авдаггүй, сайхан сонсогдох зүйл хэлдэг ч ямар ч бодитой юм хийдэггүй. Тэд гөлгөр чулуу төдийхөн юм. Хэрвээ чи тэдэнтэй үнэн болон зарчмын талаар нөхөрлөх юм бол тэд чамд эелдэг зөөлөн, хүмүүжилтэй, сайхан ааштай байх талаар ярина. Хэрвээ тэдэнд антихристүүдийг ялган таних тухай ярих юм бол тэд чамд ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах тухай, боловсрол сайтай, мэдрэмжтэй байх тухай ярина. Хэрвээ чи тэдэнд хүний биеэ авч явах зарчим гэж байх ёстой, хүн үүргээ гүйцэтгэхдээ зарчмыг эрж хайж, дураараа авирлахгүй байх ёстой гэж хэлбэл тэдний хандлага ямар байх вэ? Тэд “Үнэн-зарчимд нийцүүлэн авирлах бол өөр хэрэг. Би зүгээр л боловсрол сайтай, мэдрэмжтэй байж, өөрийнхөө үйлдлийг бусдаар сайшаалгахыг хүсэж байна. Би ахмадыг хүндэлж, залуусыг халамжилж, бусдын сайшаалыг хүртэж л байвал тэр нь хангалттай” гэж хэлнэ. Тэд сайн зан авирыг л анхаардаг, үнэнд анхаарлаа төвлөрүүлдэггүй. Тэд ерөнхийдөө ахмад хүмүүс, ахлах зиндаатай, мэргэшилтэй хүмүүс, бүлэг доторх ёс суртахуун сайтай, нэр хүндтэй хүмүүсийг хүндэлж чаддаг байхын зэрэгцээ залуус, эмзэг бүлгийн хүмүүсийг ихэд хайрлаж халамжилдаг. Тэд эрхэмсэг гэдгээ харуулахын тулд ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах нийгмийн дүрэм журмыг чанд баримталдаг. Гэхдээ тэдний ашиг сонирхол болон тэр дүрэм журам нь зөрчилдөх үед тэд ашиг сонирхлоо хамгаалахын тулд уг дүрэм журмыг хойш тавиад, хэний ч хязгаарлалтад “авталгүй”, болчимгүй авирлана гэдгийг үгүйсгэх аргагүй. Хэдийгээр тэдний сайн зан авир тэдэнтэй тааралдсан, таньдаг, мэддэг хүн бүрийн сайшаалыг хүлээдэг ч тэд бусдад магтагддаг ийм сайн зан авир гаргаж байхдаа хүртэл өөрсдийнхөө ашиг сонирхолд өчүүхэн төдий ч хохирол учруулдаггүй бөгөөд хэний ч хязгаарлалтад “авталгүйгээр” шаардлагатай бүх аргаар ашиг сонирхлынхоо төлөө тэмцэнэ гэдгийг үгүйсгэх аргагүй. Ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг нь өөрсдийнхөө ашиг сонирхлыг хөндөхгүй гэсэн суурин дээр үндэслэсэн зүгээр л түр зуурын зан авир. Энэ нь биеэ авч явах байдлын цар хүрээнд хязгаарлагддаг. Ашиг сонирхлыг нь хөндөхгүй, огт зөрчихгүй үед л тэд үүнийг хийж чадна, харин ашиг сонирхол нь өмнө нь байх үед эцэстээ тэд ашиг сонирхлынхоо төлөө л тэмцэнэ. Тиймээс ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах нь үнэндээ ашиг сонирхлоо хөөцөлдөхөд нь тэдэнд саад болдоггүй, тэгж хөөцөлдөхийг нь хязгаарлаж ч чаддаггүй. Ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах зан авир нь тодорхой нөхцөл байдалд, өөрийнх нь ашиг сонирхлыг хөндөхгүй нөхцөлд л хүмүүсийн хэрэгжүүлж чадах сайн зан авир юм. Энэ нь хүний амь нас болон ясан дотроос төрөн гардаг зүйл биш. Хүн тийм зан авирыг хэчнээн их хэрэгжүүлж чаддаг ч бай, хэчнээн удаан тэсэж чадах ч бай, энэ нь хүний түшиглэн амьдардаг завхарсан зан чанарыг өөрчилж чадахгүй. Хэдийгээр хүнд ийм сайн зан авир байхгүй байсан ч адилхан л завхарсан зан чанар харуулна гэсэн үг—гэхдээ тэднийг ийм сайн зан авиртай болмогц завхарсан зан чанар нь өчүүхэн төдий ч сайжирдаггүй, өөрчлөгддөггүй. Эсрэгээрээ улам гүн нуугддаг. Энэ нь тийм сайн зан авирын ард нуугдаж байдаг мөн чанарын зүйлс юм.

Уламжлалт соёлын эелдэг зөөлөн, хүмүүжилтэй, сайхан ааштай, ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг, эвсэг найрсаг, ойр дотно байдалтай байх сайн зан авирын талаарх нөхөрлөл, дүн шинжилгээ маань ингээд дууслаа. Тэдгээр нь боловсрол сайтай, мэдрэмжтэй байхтай мөн чанартаа бараг адилхан, бодит бус. Хүмүүс эдгээр сайн зан авирыг орхих ёстой. Хүмүүсийн хүрэхээр хамгийн их чармайх ёстой зүйл бол Бурханы үгийг өөрсдийнхөө үндэс суурь болгож, үнэнийг шалгуураа болгох явдал юм; тэгж байж л тэд гэрэлд амьдарч, хүний хэвийн дүр төрхийг амьдран харуулж чадна. Хэрэв чи гэрэлд амьдрахыг хүсвэл үнэний дагуу үйлдэх ёстой; чи шударга үг хэлж, шударга зүйл хийдэг үнэнч шударга хүн байх хэрэгтэй. Хамгийн гол нь биеэ авч явахдаа үнэн-зарчимтай байх явдал; хүмүүс үнэн-зарчмыг алдаж, сайн зан авирт л анхаарах юм бол энэ нь худал хуурмаг, дүр эсгэлтийг гарцаагүй төрүүлнэ. Хүмүүсийн биеэ авч явах байдал ямар ч зарчимгүй байдаг бол зан авир нь хэчнээн сайн байлаа ч тэд хоёр нүүртнүүд юм; тэд нэг хэсэгтээ бусдыг хуурч болох ч хэзээ ч итгэл даахуйц байхгүй. Хүмүүс Бурханы үгийн дагуу үйлдэж, биеэ авч явах үедээ л жинхэнэ суурьтай байдаг. Бурханы үгийн дагуу биеэ авч явалгүй, сайхан зан авиртай дүр эсгэхэд анхаарвал үр дүнд нь тэд сайн хүмүүс болж чадах уу? Яавч үгүй. Сайн хоосон номлол болон зан авир хүний завхарсан зан чанарыг өөрчилж чадахгүй, хүний мөн чанарыг ч өөрчилж чадахгүй. Зөвхөн үнэн болон Бурханы үг л хүмүүсийн завхарсан зан чанар, бодол санаа, саналыг өөрчилж, хүмүүсийн амь болж чадна. Боловсрол сайтай, мэдрэмжтэй, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй, сайхан ааштай, ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг, эвсэг найрсаг, ойр дотно байдалтай байх гэх мэт уламжлалт соёл болон үзэлдээ хүний сайн гэж үздэг янз бүрийн сайн зан авир нь зүгээр л зан авир юм. Тэдгээр нь амь биш, үнэн бүр ч биш. Уламжлалт соёл бол үнэн биш, уламжлалт соёлын сурталчилдаг сайн зан авир ч үнэн биш. Хүн хэчнээн их уламжлалт соёлыг эзэмшлээ ч, хэчнээн олон сайн зан авирыг амьдран харууллаа ч энэ нь завхарсан зан чанарыг нь өөрчилж чадахгүй. Тиймээс олон мянган жилийн турш хүн төрөлхтөн уламжлалт соёлын нөлөөнд автсан бөгөөд завхарсан зан чанар нь огтхон ч өөрчлөгдөөгүй; харин ч завхрал нь улам гүнзгийрч, дэлхий ертөнц улам бүр харанхуй, ёрын муу болсон. Энэ нь уламжлалт соёлын боловсролтой шууд холбоотой. Хүмүүс Бурханы үгийг амиа болгож байж л жинхэнэ хүмүүс шиг амьдарч чадна. Энэ нь маргаангүй. Тэгвэл Бурханы үг хүний зан авирт ямархуу хэм хэмжээ, шаардлага тавьдаг вэ? Хууль, тушаалд тогтоосон зүйлээс гадна бас хүний зан авирт тавих Эзэн Есүсийн шаардлагууд, ялангуяа эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн үеэр хүнд тавих шаардлага, дүрэм журам гэж бий. Хүн төрөлхтний тухайд бол эдгээр нь хамгийн эрхэм нандин үг бөгөөд хүн төрөлхтний биеэ авч явах хамгийн үндсэн зарчим юм. Та нар биеэ авч явах байдал болон үйлдлийнхээ хамгийн наад захын зан авирын шалгуурыг Бурханы үгээс олох ёстой. Тэгж байж л Хятадын уламжлалт соёлд байдаг сайн зан авирын төөрөгдөл, заль мэхээс ангижирч чадна. Тэгээд та нар биеэ авч явах байдал, үйлдлийнхээ зам болон зарчмыг олно, энэ нь бас авралын зам болон зарчмыг олсон байх болно гэсэн үг юм. Хэрвээ та нар Бурханы одоогийн үгийг өөрийнхөө үндэс суурь болгож, одоо нөхөрлөж буй үнэнийг шалгуураа болгоод, үүгээрээ хүн төрөлхтний үзэл дэх сайн зан авирын тэдгээр стандартыг орлуулбал үнэнийг эрэлхийлдэг хүн мөн юм. Бүх тохиолдолд хүнд тавих Бурханы шаардлага нь хүн ямар хүн байх ёстой, ямар замаар алхах ёстой тухай байдаг. Бурхан тусдаа тодорхой зан авиртай байхыг хүнээс хэзээ ч шаарддаггүй. Тэрээр хүмүүсээс ов мэхтэй биш, үнэнч шударга хүмүүс байхыг шаарддаг; үнэнийг хүлээн авч, эрэлхийлж, Өөрт нь үнэнч, дуулгавартай байж, Өөрт нь гэрчлэл хийхийг Бурхан хүнээс шаарддаг. Тэрээр хүнээс ердөө цөөн хэдэн сайн зан авиртай бай, тэгэх нь л дангаараа хангалттай гэж хэзээ ч шаардаагүй. Харин Хятадын уламжлалт соёл хүнийг сайн зан авирт, гадна талын сайн илрэлд л анхааруулдаг. Энэ нь хүний завхарсан зан чанар юу болох, завхрал нь хаанаас үүдэлтэй болохыг тодруулах талаар юу ч хийдэггүй, завхарсан зан чанараас ангижрах замыг зааж өгч бүр ч чаддаггүй. Тиймээс уламжлалт соёл хүнд байх ёстой ямар ч сайн зан авирыг яаж ч сурталчиллаа гэсэн хүн төрөлхтөн завхарсан зан чанараасаа ангижирч, жинхэнэ хүмүүс шиг амьдрахад ямар ч нэмэр болохгүй. Ёс суртахууны талаарх үг хэллэг нь хэчнээн эрхэмсэг, аятайхан байлаа ч хүн төрөлхтний завхарсан мөн чанарыг өөрчлөхийн тулд юу ч хийж чадахгүй. Уламжлалт соёлын суртал ухуулга болон нөлөөн дор завхарсан хүн төрөлхтөнд дотоод ухамсрын олон зүйл бий болсон. Энд буй “дотоод ухамсар” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Хүн уламжлалт соёлын далд нөлөөнд автаж, үүгээр халдварласныхаа дараа, хэрхэн зүй зохистой үйлдэх талаарх ямар ч тодорхой үг, хэллэг, дүрэм журам, танин мэдэхүй байхгүй байх үед хүмүүсийн хэвшмэл санаа, арга барилыг зөнгөөрөө хэрэгжүүлж, дагаж мөрддөг гэсэн үг юм. Бүх хүний адилаар тийм орчинд, тийм нөхцөл байдалд амьдрахдаа тэд дотоод ухамсартаа “Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх нь гайхалтай—энэ нь эерэг бөгөөд үнэнтэй нийцдэг; эелдэг зөөлөн, хүмүүжилтэй байх нь гайхалтай—хүмүүс ийм л байх учиртай, энэ нь Бурханд таалагддаг, үнэнтэй нийцдэг; сайхан ааштай, ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг, эвсэг найрсаг, ойр дотно байдалтай байх нь бүгд хэвийн хүн чанараас гардаг илрэл—тэдгээр нь Бурханы үг болон үнэнтэй нийцдэг” гэж өөрийн эрхгүй боддог. Бурханы үгээс тодорхой үндэслэл олоогүй хэр нь тэд зүрх сэтгэлдээ Бурханы үг, хүнд тавих Бурханы шаардлага, уламжлалт соёлын шаарддаг стандарт нь бараг адилхан, тийм ч их ялгаа байхгүй гэж боддог. Энэ нь Бурханы үгийг мушгин гуйвуулж, буруу тайлбарласан хэрэг биш гэж үү? Бурхан тиймэрхүү үг хэлсэн үү? Тийм үг хэлээгүй, Бурханы хүсдэг зүйл ч энэ биш; тэдгээр зүйл бол хүн Бурханы үгийг мушгин гуйвуулж, буруугаар тайлбарласан хэрэг. Бурханы үгэнд ийм зүйл хэзээ ч хэлээгүй тул та нар ямар ч нөхцөл байдалд тэгж бодож болохгүй. Чи Бурханы үгийг нарийвчлан уншиж, хүний зан авирын талаарх шаардлагыг Бурханы үгээс яг таг олж, дараа нь Бурханы үгээс дахиад хэдэн хэсгийг олж, тэдгээрийг нэгтгэж, залбиран уншиж, тэр талаар нөхөрлөх ёстой. Тэр талаар мэдлэгтэй болмогцоо чи хэрэгжүүлж, туулах ёстой. Энэ нь Бурханы үгийг бодит амьдралд чинь авчирч, улмаар хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол, мөн биеэ авч явах байдал болон үйлдлийн чинь үндэс суурь болдог. Хүмүүсийн үг, үйлдлийн үндэс суурь юу байх ёстой вэ? Бурханы үг. Тэгвэл хүмүүсийн үг болон үйлдэлд Бурхан ямар шаардлага, стандартыг тавьдаг вэ? (Хүмүүсийг босгон байгуулах ёстой.) Зөв. Хамгийн гол нь чи үнэнийг хэлж, үнэнч шударгаар ярьж, бусдад ашиг тусаа өгөх ёстой. Ядаж л үг яриа чинь хүмүүсийг босгон байгуулах ёстой, харин тэднийг мэхэлж, төөрөлдүүлж, тохуурхаж, элэглэж, даапаалж, дооглож, хязгаарлаж, сул талыг нь илчилж, эсвэл гомдоож болохгүй. Энэ нь хэвийн хүн чанарын илэрхийлэл юм. Энэ бол хүн чанарын ёс зүй юм. Бурхан чамд хэр чанга ярих вэ гэдгийг хэлсэн үү? Тэрээр стандарт хэл ашиглахыг чамаас шаардсан уу? Гоёмсог үг хэллэг, сүржин, чамин хэл шинжлэлийн хэв маяг ашиглахыг чамаас шаардсан уу? (Үгүй.) Ийм өнгөц, хоёр нүүртэй, хуурамч, дэмий зүйл огт байхгүй. Бурханы бүх шаардлага нь хэвийн хүн чанарт байх ёстой зүйл, хүний хэл яриа, зан авирын стандарт болон зарчим юм. Хүн хаана төрсөн нь, эсвэл ямар хэлээр ярьдаг нь хамаагүй. Ямар ч тохиолдолд чиний хэлдэг үг—үг яриа, ярианы чинь агуулга—бусдыг босгон байгуулахаар байх ёстой. Босгон байгуулахаар байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Бусад хүн үүнийг сонсоод, үнэн гэдгийг нь мэдэрч, үүнээс хангалт, тусламж авч, үнэнийг ойлгож чадна, мөн будилахаа больж, бусдад амархан хууртахаа болино гэсэн үг юм. Тиймээс Бурхан хүмүүсээс үнэнийг хэлж, бодож байгаа зүйлээ хэлэхийг, бусдыг мэхлэхгүй, төөрөлдүүлэхгүй, тохуурхахгүй, элэглэхгүй, даапаалахгүй, дооглохгүй, хязгаарлахгүй, сул талыг нь илчлэхгүй, эсвэл гомдоохгүй байхыг шаарддаг. Эдгээр нь ярих зарчим биш гэж үү? Бусдын сул талыг илчилж болохгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь бусад хүнээс өө хайж болохгүй гэсэн үг. Тэднийг шүүж, яллахын тулд урьдын алдаа, дутагдал дээр нь бүү дөрөөл. Чи ядаж л үүнийг хийх ёстой. Идэвх санаачилгын талаас бол босгон байгуулдаг яриа ямар байдаг вэ? Голчлон урамшуулсан, чиглүүлсэн, замчилсан, ятгасан, ойлгосон, тайвшруулсан байдаг. Бас зарим онцгой тохиолдолд бусад хүний алдааг шууд илчилж, тэдэнтэй харьцаж, засах шаардлагатай болдог, ингэснээр тэд үнэний талаарх мэдлэгтэй, гэмших хүсэлтэй болдог. Тэгж байж л хүссэн үр дүндээ хүрнэ. Ийм маягаар хэрэгжүүлэх нь хүмүүст асар их ашиг тустай. Энэ нь тэдэнд бодит тусламж болдог, бас босгон байгуулдаг, тийм биш гэж үү? Жишээлбэл, чи тун дураараа, биеэ тоосон зантай, үүнийгээ огт мэддэггүй байтал чамайг сайн таньдаг хүн уг асуудлыг чамд шууд хэллээ гэе. Чи дотроо “Би дураараа юу? Биеэ тоосон уу? Өөр хэн ч надад хэлж зүрхлээгүй, гэхдээ тэр намайг ойлгодог. Тэр ийм юм хэлж чадаж байгаа нь энэ үнэхээр үнэн гэсэн үг. Би жаахан цаг гаргаж үүнийг эргэцүүлэх ёстой” гэж бодно. Дараа нь чи тэр хүнд “Бусад хүн надад сайхан зүйл л хэлж, намайг магтан дуулдаг, хэн ч хэзээ ч надтай чин сэтгэлээсээ ярьж байгаагүй, хэн ч хэзээ ч миний энэ дутагдал, асуудлуудыг хэлж өгч байгаагүй. Зөвхөн чи л надад хэлж, надтай чин сэтгэлээсээ ярьж чадсан. Энэ үнэхээр сайхан байна, надад маш их тус боллоо” гэж хэлнэ. Энэ нь чин сэтгэлээсээ ярилцаж буй хэрэг, тийм биз дээ? Нөгөө хүн сэтгэлдээ байгаа зүйл, чиний талаарх бодол, энэ явдлын талаар ямар үзэл, төсөөлөл, сөрөг, сул талтай байсан, үнэнийг эрж хайснаар үүнээс зайлсхийж чадсан тухай туршлагаа бага багаар чамтай ярилцдаг. Энэ нь үнэн сэтгэлээсээ ярилцаж буй хэрэг; чин сэтгэлийн яриа юм. Товчхондоо ингэж ярихын ард ямар зарчим байдаг вэ? Энэ нь зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг хэлж, жинхэнэ туршлага болон яг юу бодож байгаагаа ярих явдал. Ийм үг бол хүмүүст хамгийн тустай, хүмүүсийг хангаж, тусалдаг, эерэг үг юм. Тэрхүү худал хуурмаг үг буюу хүмүүст ашиг тусгүй, тэднийг босгон байгуулдаггүй тийм үгийг хэлэхээс татгалз; ингэх нь бусдыг хорлож, бүдрүүлж, сөрөг байдалд автуулж, сөрөг нөлөө үзүүлэхээс зайлсхийнэ. Чи эерэг зүйл хэлэх ёстой. Хүмүүст аль болох их тусалж, бусдад тустай байж, тэднийг хангаж, тэднийг Бурханд жинхэнэ итгэлтэй болгохоор чармайх ёстой; Бурханы үгийн талаарх туршлага, асуудлыг шийдвэрлэх арга замаас чинь тусламж авч, ихийг олж авч, Бурханы ажлыг туулах болон үнэн-бодит байдалд орох замыг ойлгож чаддаг болох боломжийг хүмүүст олгож, тэднийг амь руу оруулж, амийг нь өсгөх ёстой—чиний үг зарчимтай байж, хүмүүсийг босгон байгуулахын үр нөлөө энэ юм. Үүнээс гадна, хүмүүс хов ярьж, дэмий инээлдэхээр цуглах нь зарчимгүй хэрэг юм. Тэд завхарсан зан чанараа л илчилдэг. Энэ нь Бурханы үгэнд үндэслэдэггүй, мөн тэд үнэн-зарчмыг баримталдаггүй. Энэ нь бүгд хүний амьдралын гүн ухаан—тэд завхарсан зан чанарынхаа хяналтан дор амьдардаг.

Бурхан хүнээс зарчимч байж, үг яриагаараа бусдыг босгон байгуулахыг шаарддаг. Энэ нь хүний гадаад талын сайн зан авиртай холбоотой юу? (Үгүй.) Энэ нь тэдгээртэй ямар ч хамаагүй. Чи үг яриагаараа бусдыг дарангуйлдаггүй, эсвэл хуурч, зальддаггүй, харин бусдыг зоригжуулж, залж чиглүүлж, тайтгаруулж чаддаг байлаа гэе. Хэрвээ чи энэ хоёрыг хоёуланг нь хийж чаддаг бол ойр дотно байдалтай хандлагаар хийх хэрэг байна уу? Чи ойр дотно байдалд хүрэх ёстой юу? Эдгээр зүйлийг зөвхөн сайхан ааштай, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй байх гэх мэт гадаад талын зан авирын хүрээнд л хийж болох уу? Тэгэх шаардлагагүй. Үг яриа чинь бусдыг босгон байгуулахын урьдач нөхцөл гэвэл энэ нь Бурханы үг болон шаардлагад үндэслэх ёстой—уламжлалт соёлоос бий болсон сайн зан авирт үндэслэхийн оронд үнэнд үндэслэх ёстой. Чиний үг яриа зарчимтай, бусдыг босгон байгуулдаг болмогц чи сууж байхдаа ч ярьж болно, зогсож байхдаа ч ярьж болно; чанга дуугаар ярьж болно, аяархан ч ярьж болно; зөөлөн үгээр ярьж болно, хатуу үгээр ч ярьж болно. Эцсийн үр дүн нь эерэг, чи хариуцлагаа биелүүлж, нөгөө тал чинь ашиг тус хүртсэн л бол энэ нь үнэн-зарчимд нийцнэ. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэг бол, үнэнийг хэрэгжүүлдэг бол, үг, үйлдлийн чинь үндэс суурь нь Бурханы үг, үнэн-зарчим бол, бусад хүн чамаас юм олж авч, ашиг тус хүртэж чаддаг л бол энэ нь аль аль талдаа ашигтай биш гэж үү? Уламжлалт соёлын сэтгэлгээнд хүлэгдэн амьдраад, чи ч тэр, бусад нь ч тэр дүр эсгэж, чи эелдэг авирлаж, харин нөгөөх нь бөхийж, мэхийн ёсолж, дор бүрнээ нэг нэгэндээ дүр үзүүлж байгаа бол энэ нь аль алиных нь хувьд сайн биш. Та хоёр нэг ч үнэн үггүйгээр бүхэл өдөржингөө бөхийж, мэхийн ёсолж, чамирхаад, уламжлалт соёлын сурталчилсан сайн зан авирыг л амьдрал дээр харуулдаг. Тийм зан авир гаднаасаа хэвшмэл зан авир шиг харагддаг ч тэр чигтээ хоёр нүүртэй зан, бусдыг хуурч, мэхэлдэг зан авир, хүмүүсийг залилж, хуурдаг зан авир бөгөөд ганц ч чин сэтгэлийн үг сонсогддоггүй. Хэрвээ чи тийм хүнтэй найзалбал эцэстээ залилуулж, мэхлэгдэх нь дамжиггүй. Түүний сайн зан авираас олж авсан зүйлээс юу ч чамайг босгон байгуулахгүй. Чамд худал хуурмаг, заль мэх л зааж сургана: Чи түүнийг хуурч, тэр чамайг хуурна. Эцэст нь чи ёс жудаг, нэр төр чинь дээд зэргээр доромжлуулахыг мэдрэх бөгөөд үүнийг зүгээр л тэвчих ёстой болно. Чи бусдаас өө хайхгүйгээр, бусдаас хэтэрхий их юм шаардахгүйгээр сайхан ааштай, боловсрол сайтай, мэдрэмжтэй харагдсаар байх ёстой. Мөн тэвчээртэй, хүлээцтэй байж, хайхрамжгүй, уужуу талбиу сэтгэлтэй, мишээн инээмсэглэсэн дүр эсгэх ёстой. Тийм нөхцөл байдалд хүрэхийн тулд хэчнээн олон жил хичээл чармайлт шаардагдах билээ! Хэрвээ чи өөрөөсөө бусдын өмнө ингэж амьдрахыг шаардвал амьдрал чинь ядаргаатай байх биш үү? Байхгүйг нь сайн мэдэж буй хэр нь тийм их хайр энэрэлтэй дүр эсгэж, тийм хоёр нүүр гаргах нь амар зүйл биш! Хүн болохын хувьд ингэж биеэ авч явахад чамд бүр ч их ядаргаатай санагдана; дараагийн амьдралдаа хүн болж төрсний оронд үхэр, адуу юм уу гахай, нохой болж төрсөн нь дээр санагдана. Чамд хүмүүс зүгээр л дэндүү хуурамч, ёрын муу санагдана. Хүн яагаад ийм ядаргаатай амьдардаг юм бэ? Учир нь хүн өөрийг нь хязгаарлаж, хүлдэг уламжлалт үзэл дотор амьдардаг. Тэгээд завхарсан зан чанартаа найдан нүгэл дунд амьдардаг бөгөөд үүнээс өөрийгөө салгаж чаддаггүй, ямар ч гарах гарц байдаггүй. Түүний амьдран харуулдаг зүйл бол жинхэнэ хүний төрх биш. Хүмүүсийн дундаас, бүр эхнэр нөхөр, ээж охин, эцэг хүү, бие биедээ хамгийн ойр дотно хүмүүсийн дундаас ганц ч чин сэтгэлийн үг сонсож, олж авч чадахгүй—ганц ч ойр дотно үг сонсогдохгүй, халуун дулаан нэг ч үг, эсвэл бусдыг тайтгаруулж чадах нэг ч үг байхгүй. Тэгвэл гадна талын эдгээр сайн зан авир нь ямар чиг үүрэг гүйцэтгэдэг вэ? Тэдгээр нь хүмүүсийн хоорондох хэвийн зай, хэвийн харилцааг түр зуур хадгалдаг. Гэхдээ эдгээр сайн зан авирын цаана хэн ч, хэнтэй ч гүн гүнзгий харилцаж зүрхэлдэггүй бөгөөд эцэст нь хүн төрөлхтөн үүнийг “Холын зай гоо сайхныг бий болгоно” гэх үгээр нэгтгэн дүгнэсэн. Энэ нь хүн төрөлхтний жинхэнэ уг чанарыг илчилж байгаа биш гэж үү? Холын зай яаж гоо сайхныг бий болгож чадах юм бэ? Тийм амьдралын худал хуурмаг, ёрын муу бодит байдал дунд хүн урагшлах замгүйгээр улам бүр ганцаардаж, зожгирч, сэтгэлээр унаж, дургүйцэж, бухимдаж амьдардаг. Энэ нь шүтлэггүй хүмүүсийн жинхэнэ нөхцөл байдал юм. Гэхдээ чи өнөөдөр Бурханд итгэдэг. Чи Бурханы гэрт ирж, Бурханы үгийн хангалтыг хүлээн авсан, бас үргэлж номлол сонсдог. Гэхдээ чи зүрх сэтгэлдээ уламжлалт соёлын сурталчилдаг сайн зан авирт дуртай хэвээр байгаа. Энэ нь нэг зүйлийг нотолдог: Чи үнэнийг ойлгодоггүй, чамд ямар ч бодит байдал байдаггүй. Одоо чи амьдралдаа яагаад ийм их гутарсан, маш ганцаардмал, тун өрөвдөлтэй, өөрийгөө маш их дорд үзсэн хэвээр байдаг юм бэ? Үүний цорын ганц шалтгаан нь чи үнэнийг хүлээн авдаггүй, мөн огтхон ч өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, чи хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж үйлдэхдээ Бурханы үгийн дагуу байдаггүй, үнэнийг шалгуураа болгодог ч үгүй. Чи завхарсан зан чанар болон уламжлалт үзэлд найдан амьдарсаар байдаг. Тийм учраас амьдрал чинь маш ганцаардмал хэвээр байгаа юм. Чамд ямар ч найз байхгүй, итгэж ярих хүн байхгүй. Авах ёстой урам зориг, удирдамж, тусламж, эсвэл босгон байгуулалтаа бусдаас авч чаддаггүй, бусдад урам зориг, удирдамж өгч, тусламж үзүүлж ч чаддаггүй. Хамгийн наад захын эдгээр зан авир дээр ч чи Бурханы үгийг үндсээ болгож, үнэнийг шалгуураа болгодоггүй учраас хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол, биеэ авч явах байдал, үйлдлийг чинь бол хэлэхийн ч хэрэггүй—тэдгээр нь үнэнээс, Бурханы үгээс хэдэн зуун мянган бээрийн зайтай байгаа!

Бид дөнгөж сая хүний зан авирын талаарх Бурханы шаардлагын тухай нөхөрлөлөө: Хүний үг, үйлдэл зарчимтай, бусдыг босгон байгуулдаг байхыг Бурхан шаарддаг. Тиймээс үүнд үндэслэн үзвэл хүний бий болгосон тэр сайн зан авирууд үнэ цэнтэй эсэхийг—тэдгээрийг нандигнах нь зохистой эсэхийг одоо хүн болгон мэдэж байгаа юу? (Нандигнах нь зохисгүй.) Тэгвэл тэдгээрийг нандигнах нь зохисгүй гэж бодож байгаа болохоор та нар юу хийх ёстой вэ? (Тэдгээрийг орхино.) Яаж орхих вэ? Тэрийг орхихын тулд хүн хэрэгжүүлэлтийн тодорхой замтай, алхмуудтай байх ёстой. Юун түрүүнд хүн уламжлалт соёлын сурталчилсан боловсрол сайтай, мэдрэмжтэй байх, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй байх зан авир гаргаж байгаа эсэхээ шалгах ёстой. Өөрийгөө тэгж шалгах нь ямар хэлбэртэй, ямар агуулгатай байдаг вэ? Энэ нь хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол, түүнчлэн биеэ авч явах байдал болон үйлдлийн чинь үндэс суурь юу болохыг, Сатаны ямар зүйлс зүрх сэтгэлийн чинь гүнд үндэслэж, яс цусанд чинь шингэснийг харах явдал юм. Жишээлбэл, багаасаа эрх дураараа өссөн, биеэ зөв авч явах талаар нэг их мэдэхгүй хэр нь муугүй хүн чанартай хүн байлаа. Тэрээр жинхэнэ итгэгч бөгөөд Бурханд итгэж, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг, зовж, төлөөс төлж чаддаг байжээ гэе. Түүнд нэг л буруу юм байгаа: Тэрээр хоол идэхдээ амттайг нь шилж сонгож, тамшаалах хандлагатай байдаг. Энийг сонсоход чамд маш төвөгтэй санагддаг болохоор чи хоолоо ч залгиж чаддаггүй. Чи тийм хүмүүст онцгой дургүйцдэг байсан. Тэгээд тийм хүнийг ямар ч хүмүүжилгүй, яаж биеэ авч явахаа мэддэггүй, боловсрол сайтай, мэдрэмжтэй биш гэж чи бодно. Зүрх сэтгэлдээ чи түүнийг зэвүүцэж, тийм хүмүүс бол жигшүүртэй, нэр хүндгүй, Бурханы хайрладаг хүмүүс байх нь бүү хэл, Бурханы сонгосон хүмүүс байж таарахгүй гэж боддог. Тэгж бодох үндэслэл чинь юу байсан бэ? Чи түүний мөн чанарыг нэвт харсан уу? Мөн чанарт нь үндэслэн түүнийг хэмжсэн үү? Хэмжилтийн чинь үндэс юу байсан бэ? Мэдээж чи Хятадын уламжлалт соёлын янз бүрийн үгэнд үндэслэн хүмүүсийг хэмжиж байгаа. Тиймээс чи энэ асуудлын талаар мэдэж авах үедээ өнөөдрийн нөхөрлөсөн үнэнд тулгуурлан юу гэж бодох ёстой вэ? “Өө хөөрхий, би түүнийг дорд үздэг байсан. Би түүний нөхөрлөлийг хэзээ ч дуртайяа сонсож байгаагүй. Түүнийг юм хэлэх юм уу хийх болгонд хийсэн юм нь хэчнээн зөв байсан ч, эсвэл нөхөрлөлийн үг нь хэчнээн бодитой байсан ч, хооллох үеэр уруулаа дуугаргаж, амттайг нь шилж сонгодгийг нь бодмогцоо би яриаг нь сонсохыг хүсдэггүй. Би түүнийг ямар ч хэв чанаргүй, болхи хүн гэж үргэлж үздэг. Одоо Бурханы ийм нөхөрлөлөөр дамжуулаад би хүмүүсийн талаарх үзэл бодол минь Бурханы үгэнд үндэслэдэггүйг харж байна; харин ч би хүмүүсийн муу зуршил, зан авирыг—ялангуяа хүмүүжилгүй, ёс журамгүй талуудыг нь—хүн чанар-мөн чанарын илрэл мэт үздэг. Одоо Бурханы үгэнд үндэслээд хэмжвэл тэр бүх зүйл нь тэдний хүн чанар-мөн чанарыг агуулдаггүй багахан алдаа эндэл юм байна. Тэдгээр нь зарчмын асуудал огтхон ч биш.” Энэ нь өөрийгөө шалгаж буй хэрэг биш үү? (Мөн.) Бурханы үгийг хүлээн авч, үнэнийг ойлгож чаддаг хүмүүс эдгээр зүйлийг тодорхой харж чадна. Тэгвэл дараа нь юу хийх ёстой вэ? Зам байгаа юу? Чи эдгээр муу зуршлаа даруйхан хая гэж тэднээс шаардвал нэмэр болох уу? (Үгүй.) Тиймэрхүү жаахан дутагдлууд нэвт шингэсэн байдаг бөгөөд өөрчлөхөд хэцүү байдаг. Тэдгээр нь ганц хоёрхон хоногийн дотор өөрчилж болох зүйл биш. Зан авирын асуудлыг шийдвэрлэхэд тийм ч хэцүү биш, харин хүний амьдралын хэв маягийн дутагдлаас ангижрахад хэсэг хугацаа хэрэгтэй. Гэхдээ тэдгээр нь хүний хүн чанарын чансааг, эсвэл хүн чанар-мөн чанарыг агуулдаггүй тул тэдгээрт хэт их ач холбогдол өгч, тэдгээрийг орхихоос татгалзаж болохгүй. Хүн бүрд өөрийн гэсэн зуршил, амьдралын хэв маяг бий. Хэн ч вакуум орчноос гарч ирээгүй. Хүн болгонд цөөн хэдэн дутагдал байдаг бөгөөд тэр нь юу ч байлаа гэсэн бусдад нөлөөлдөг л бол засаж залруулах ёстой. Найрсаг нөхөрсөг харилцаанд ингэж л хүрдэг. Гэхдээ бүх талаар өв тэгш байх боломжгүй. Хүмүүс маш өөр өөр газраас гаралтай байдаг бөгөөд амьдралын хэвшил нь бүгд ялгаатай байдаг тул бие биедээ хүлээцтэй хандах ёстой. Энэ нь хэвийн хүн чанарт байх учиртай зүйл юм. Ялихгүй асуудлыг нухацтай авч үзэж болохгүй. Хүлээцтэй бай. Тэр нь бусдад хандах хамгийн зохистой арга зам юм. Энэ бол хүлээцтэй байдлын зарчим, тийм хэрэг явдлыг шийдвэрлэх зарчим, арга барил билээ. Хүмүүсийн мөн чанар, хүн чанарыг багахан дутагдалд нь үндэслэн тодорхойлохоор бүү оролд. Тэрхүү үндэслэл зарчимтай огт нийцдэггүй, учир нь хүн ямар ч дутагдал, өө сэвтэй байлаа гэсэн тэдгээр нь тухайн хүний мөн чанарыг илтгэдэггүй, мөн уг хүн Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүн биш, үнэнийг эрэлхийлдэг хүн бүр ч биш гэсэн утгатай биш. Бид хүмүүсийн давуу талыг харж, хүмүүсийн талаарх үзэл бодлоо Бурханы үг болон хүнд тавих Бурханы шаардлагад тулгуурлах ёстой. Энэ нь хүмүүст шударгаар хандах арга зам юм. Үнэнийг эрэлхийлдэг хүн хүмүүсийг хэрхэн харах ёстой вэ? Хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол, биеэ авч явах байдал болон үйлдэл нь бүгд Бурханы үгэнд үндэслэж, үнэнийг шалгуураа болгох ёстой. Тиймээс хүн нэг бүрийг Бурханы үгийн дагуу хэрхэн авч үзэх ёстой вэ? Тэд мөс чанартай, эрүүл ухаантай эсэхийг, сайн хүн үү, муу хүн үү гэдгийг хар. Тэдэнтэй харилцахдаа чи, хэдийгээр тэд багахан өө сэв, дутагдалтай ч нэлээд сайн хүн чанартай юм гэдгийг харж болно. Тэд хүмүүстэй харилцахдаа хүлээцтэй, тэвчээртэй байдаг бөгөөд хэн нэгэн сөрөг, сул дорой байвал түүнд хайраар хандаж, түүнийг хангаж, түүнд тусалж чадна. Тэдний бусдад хандах хандлага ийм байдаг. Тэгвэл Бурханд хандах хандлага нь ямар байдаг вэ? Бурханд хандах хандлагаас нь тэд хүн чанартай эсэхийг бүр ч их хэмжих боломжтой. Тэд Бурханы хийдэг бүхэнд дуулгавартай хандаж, эрж хайж, хүсэн эрмэлзэж, үүргээ биелүүлэх болон бусадтай харилцах явцдаа—үйлдэл хийхдээ—Бурханыг хүндэлсэн зүрх сэтгэлтэй байдаг байж магадгүй. Тэд цадиггүй авирладаг аймшиггүй зоригтой хүмүүс биш, мөн юу ч хамаагүй хэлж, юу ч хамаагүй хийдэг ч юм биш. Бурхантай юм уу Бурханы ажилтай холбоотой ямар нэг зүйл тохиолдох үед тэд маш болгоомжтой ханддаг. Тэдэнд ийм илрэл байгааг тогтоомогцоо чи тэдний хүн чанараас урган гардаг зүйлд үндэслэн тухайн хүн сайн уу, муу юу гэдгийг хэрхэн хэмжих вэ? Бурханы үгэнд үндэслэн хэмж, түүнд мөс чанар, эрүүл ухаан байгаа эсэхэд үндэслэн, мөн үнэн болон Бурханд хандах хандлагад нь үндэслэн хэмж. Энэ хоёр талаас нь хэмжсэнээр чи тэр хүний зан авирт цөөн хэдэн асуудал, дутагдал байгаа хэдий ч тэрээр мөс чанар, эрүүл ухаантай, Бурханд дуулгавартай, Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй, үнэнийг хайрлаж, хүлээн авдаг хандлагатай хүн мөн гэдгийг харна. Тэгэхээр Бурханы нүдэнд тэрээр аврагдах боломжтой хүн, Бурханы хайрладаг хүн юм. Бурханы нүдээр бол тэр аврагдах боломжтой, Бурханы хайрладаг хүн гэдгийг харгалзан үзээд чи түүнд хэрхэн хандах ёстой вэ? Чи хүмүүс, зүйлсийг Бурханы үгийн дагуу харж, Бурханы үгийн дагуу хэмжих ёстой. Тэрээр жинхэнэ ах юм уу эгч бөгөөд тэдэнд зөв зүйтэй, өрөөсгөл бодолгүйгээр хандах ёстой. Тэднийг өнгөт шилээр бүү хар, уламжлалт соёлын үгийн дагуу бүү хэмж—харин Бурханы үгээр тэднийг хэмж. Тэдний зан авирын дутагдлын тухайд бол хэрвээ чи эелдэг зөөлөн зүрх сэтгэлтэй бол тэдэнд туслах ёстой. Хэрхэн зөв зүйтэй авирлахыг тэдэнд ойлгуул. Хэрвээ тэд үүнийг хүлээн авч чадлаа ч зан авирын дутагдлаасаа тэр даруй салж чадахгүй бол чи яах вэ? Чи хүлээцтэй байх ёстой. Хэрвээ чи хүлээцтэй биш бол эелдэг зөөлөн зүрх сэтгэлтэй гэсэн үг биш бөгөөд чи тэдэнд хандах хандлагадаа үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлж, дутагдлаа мэддэг болох ёстой. Ингэж чи хүмүүст зөв хандаж чаддаг болно. Харин эсрэгээрээ “Тэр хүн маш олон дутагдалтай. Болхи, биеэ яаж авч явахаа мэддэггүй, бусдыг хүндлэх талаар мэддэггүй, боловсон байж мэддэггүй. Тэгэхээр тэр бол шүтлэггүй хүн. Би түүнтэй харилцахыг хүсэхгүй, түүнийг харахыг хүсэхгүй байна, хэчнээн зөв байлаа ч түүний хэлж байгаа юуг ч сонсохыг хүсэхгүй байна. Тэр Бурханыг хүндэлдэг, дуулгавартай дагадаг гэж хэн итгэх юм бэ? Тэр тэгж чадах уу? Тийм хэв чанартай юу?” гэж чи хэлэх юм бол энэ нь ямар хандлага вэ? Бусдад ингэж хандах нь эелдэг зөөлнөөр тус болж байгаа хэрэг мөн үү? Энэ нь үнэн-зарчимд нийцдэг үү? Бусдад ингэж хандах чинь үнэнийг ойлгож, хэрэгжүүлж байгаа хэрэг мөн үү? Үүнд хайр байдаг уу? Чи зүрх сэтгэлдээ Бурханыг хүндэлдэг үү? Хүний Бурханд итгэх итгэлд бүр наад захын эелдэг зөөлөн байдал ч байдаггүй бол тийм хүнд үнэн-бодит байдал бий юу? Хэрвээ чи үзэлтэйгээ үргэлжлүүлэн зууралдаж, хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол чинь хувийн мэдрэмж, сэтгэгдэл, дур сонирхол, үзэлд үндэслэсэн хэвээр үлдвэл өчүүхэн төдий ч үнэнийг ойлгодоггүй, сатанлаг гүн ухаанд найдан амьдарсаар байдгийг чинь нотлоход энэ нь хангалттай. Үнэнийг хайрладаг, үнэнийг эрэлхийлдэг хүн биш гэдгийг чинь нотлоход хангалттай. Зарим хүн өөрсдийгөө маш их зөвтгөдөг. Чи тэдэнтэй яаж ч нөхөрлөсөн, тэд үзэлтэйгээ зууралдсаар байдаг: “Би бол ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг сайхан ааштай хүн—тэгээд юу гэж? Би бол ядаж л сайн хүн. Биеэ авч явах байдлын минь юу нь муу гэж? Ядаж л хүн бүр намайг хүндэлдэг.” Би сайн хүн гэдгийг чинь эсэргүүцдэггүй, гэхдээ чи одоогийнх шигээ дүр эсгэсээр байх юм бол үнэн, амийг олж авч чадах уу? Чам шиг ийм сайн хүн байх нь ёс жудгийг чинь зөрчихгүй, биеэ авч явах байдлын чинь зорилго, чиглэлд харшлахгүй байж болох ч чиний ойлгох ёстой нэг зүйл бий: Ийнхүү үргэлжлүүлэх юм бол чи үнэнийг ойлгож, үнэн-бодит байдалд орж чадахгүй, эцэст нь үнэн, амь юм уу Бурханы авралыг олж авч чадахгүй. Тэр нь цорын ганц боломжит үр дүн юм.

Би дөнгөж сая хүмүүсийн үзэл дэх сайн зан авирыг хэрхэн авч үзэх, үнэнийг эрэлхийлэхдээ тэдгээр зан авирыг хэрхэн ялган таних талаар нөхөрлөлөө. Та нарт одоо зам байна уу? (Байгаа.) Юу хийх ёстой вэ? (Эхлээд, өөрөө тийм зан авиртай эсэхээ эргэцүүл. Дараа нь хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодлынхоо үндэс суурь, шалгуурыг эргэцүүл.) Зөв. Хүмүүс, зүйлсийн талаарх урьдын үзэл бодол, биеэ авч явах байдал болон үйлдэлд чинь өнөөдөр Миний нөхөрлөсөн зүйлтэй зөрчилдөх, эсвэл үүнд харшлах ямар нэг зүйл байгаа эсэхийг та нар эхлээд тодорхой харах ёстой. Хүмүүс, зүйлсийг харах өнцөг, үзэл бодлын чинь үндэс юу болохыг, энэ нь уламжлалт соёлын стандартад үндэслэдэг үү, агуу, алдартай зарим хүний үг хэллэгт үндэслэдэг үү, эсвэл Бурханы үг, үнэнд үндэслэдэг үү гэдгийг эргэцүүл. Дараа нь уламжлалт соёлын болон агуу, алдартай хүмүүсийн бодол санаа, үзэл бодол үнэнтэй нийцдэг эсэхийг, хаана үнэнтэй зөрчилддөг, яг хаанаа буруу байдгийг эргэцүүл. Эдгээр нь өөрийгөө эргэцүүлэх хоёр дахь алхмын нарийн ширийн зүйл юм. Одоо гурав дахь алхам. Чи хүмүүс, зүйлсийг харах, биеэ авч явах, үйлдэх үзэл бодол, арга зам, үндэс суурь, шалгуур чинь хүний хүслээс, нийгмийн ёрын муу чиг хандлагаас, уламжлалт соёлоос үүдэн гарсан, тэдгээр нь үнэнд харшилдаг гэдгийг олж мэдэх үедээ юу хийх ёстой вэ? Чи Бурханы холбогдох үгийг эрж хайж, тэдгээрийг өөрийнхөө үндэс болгох ёстой биш үү? (Тийм.) Хүмүүс, зүйлсийг харах тухай, мөн биеэ авч явах байдал болон үйлдлийн талаарх Бурханы үгээс үнэн-зарчмыг эрж хай. Чи үүнийг үндсэндээ Бурханы хэлсэн үгэнд тулгуурлах ёстой, нарийн яривал Бурханы үгийн үнэн-зарчимд тулгуурлах ёстой. Тэр үнэн-зарчмууд нь хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол, биеэ авч явах байдал болон үйлдлийн чинь үндэс, шалгуур болох ёстой. Энэ бол хийхэд хамгийн хэцүү зүйл юм. Хүн эхлээд өөрийнхөө үзэл бодол, үзэл, санал, хандлагыг үгүйсгэх ёстой. Үүнд хүний зарим эндүү ташаа, гажууд үзэл бодол багтдаг. Хүн тэдгээр үзэл бодлыг ухан гаргаж, мэдэж авч, нэгд нэггүй задлан шинжлэх ёстой. Нөгөө талаар хүмүүс Бурханы холбогдох үгээс зөв үг олох үедээ тунгаан бодож, тэр талаар нөхөрлөх ёстой бөгөөд үнэн-зарчим юу болохыг тодруулах үед энэ нь тэр даруй, үнэнийг хэрхэн хүлээн авч, хэрэгжүүлэх тухай асуудал болж хувирдаг. Надад хэл дээ, хүн үнэн-зарчмыг ойлгомогцоо тэдгээрийг хурдхан хүлээн авч, дуулгавартай дагаж чаддаг уу? (Үгүй.) Хүний тэрслүү байдал, завхарсан зан чанарыг тэр дор нь шийдвэрлэх боломжгүй. Хүн завхарсан зан чанартай бөгөөд хэдийгээр Бурханы үг юу гэсэн утгатай болохыг мэдэж байлаа ч тэр даруй хэрэгжүүлж чадахгүй. Ямар ч тохиолдолд үнэнийг хэрэгжүүлэх нь хүний хувьд тулаан юм. Хүн тэрслүү зан чанартай. Тэрээр өрөөсгөл хандлага, дураараа, гөжүүд, ихэрхүү байдал, өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө чухалчилдаг байдлаа орхиж чадахгүй, өчнөөн олон шалтаг, шалтгаанаа ч, өөрийн үнэ цэн, байр суурь, нэр хүнд, ихэрхүү занг ч орхиж чадахгүй. Тиймээс чи өөрийнхөө үзлээр сайн гэж үздэг зүйлээ орхих үедээ өөрийнхөө энэ ашиг сонирхлыг болон өөрийнхөө эрхэмлэдэг зүйлсийг орхих ёстой, Чи энэ бүх зүйлийг орхиж, тэдгээрээс ангижрах үедээ л Бурханы үгэнд үндэслэн, үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлэх итгэл найдвартай, боломжтой болно. Өөрийгөө орхиж, өөрийгөө үгүйсгэх нь давахад хамгийн хэцүү уулзвар юм. Гэхдээ үүнийг давчих л юм бол зүрх сэтгэлд чинь ямар ч том бэрхшээл үлдэхгүй. Чи үнэнийг ойлгож, сайн зан авирын мөн чанарыг нэвт харж чаддаг бол хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол чинь өөрчлөгдөнө, тэгээд уламжлалт соёлын тийм зүйлсийг аяндаа орхиж чаддаг болно. Тиймээс хүмүүс, зүйлсийн талаарх хүний эндүү ташаа үзэл бодол, үйлдлийнх нь арга зам, хэв маяг, үйлдлийнх нь эх сурвалж, цаад сэдлийг өөрчлөх нь энгийн хэрэг биш. Хүнд байдаг завхарсан зан чанарыг өөрчлөх нь хамгийн хэцүү. Аливаа зүйлийн талаарх хүний үзэл бодол, амьдралын хэв маяг нь завхарсан зан чанараас нь үүдэлтэй. Завхарсан зан чанар чамайг биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, дур зоргоороо болгодог; бусдыг басамжилж, нэр нүүр, байр сууриа хадгалахад үргэлж анхаарч, бусдын дунд хүндлэл хүлээж, бусдаас ялгарч чадах эсэхдээ анхаарч, хэтийн ирээдүй, хувь заяагаа үргэлж авч үзэх гэх мэтийг хийхэд хүргэдэг. Энэ бүх зүйл бол завхарсан зан чанараас чинь үүдэлтэй, ашиг сонирхлыг чинь хөнддөг зүйлс юм. Чи эдгээр зүйлийг нэг бүрчлэн авч үзэж, задлан шинжилж, нэвт харж, үгүйсгэвэл тэдгээрийг орхиж чадна. Тэдгээрийг бага багаар орхиж чадсаныхаа дараа л чи тууштайгаар, маргаангүйгээр хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол, биеэ авч явах байдал болон үйлдэлдээ Бурханы үгийг үндсээ болгож, үнэнийг шалгуураа болгож чадна.

Бурханы үгийг хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол, биеэ авч явах байдал болон үйлдлийнхээ үндэс болгох—энэ үгийг хүн бүр ойлгодог. Үүнийг ойлгоход амархан. Хүн эрүүл ухаан, бодол санаагаараа, хүсэл зориг, туйлын хүслэнгээрээ эдгээр үгийг ухамсарлаж чаддаг, мөн дагахад бэлэн байдаг. Энд ямар ч бэрхшээл байх ёсгүй. Гэвч үнэндээ хүн үнэнийг хэрэгжүүлэх үед үүндээ хүрэхэд хэцүү байдаг бөгөөд энд ердөө гадаад орчны бэрхшээл, хүндрэл тулгардаг юм биш. Гол шалтгаан нь хүний завхарсан зан чанартай холбоотой. Хүний завхарсан зан чанар бол янз бүрийн асуудлынх нь эх сурвалж юм. Үүнийг шийдвэрлэмэгц хүний бүх хүндрэл, бэрхшээл том асуудал байхаа болино. Тэгэхээр үнэнийг хэрэгжүүлэхэд хүнд тулгардаг бүх бэрхшээл завхарсан зан чанараас нь үүдэлтэй гэсэн үг. Тиймээс Бурханы эдгээр үгийг хэрэгжүүлж, үнэнийг хэрэгжүүлэх энэ бодит байдалд орохдоо чи “Би завхарсан зан чанартай. Би бол Бурханы ярьдаг голдоо ортол Сатаны завхралд өртсөн ‘завхарсан хүн төрөлхтөн’, сатанлаг зан чанараар амьдардаг хүн” гэдгээ бүр ч их мэдэж авна. Ийм юм болдог биш гэж үү? (Тэгдэг.) Тиймээс хэрвээ хүн үнэнийг эрэлхийлж, үнэн-бодит байдалд оръё гэвэл сөрөг зүйлсийг мэдэж, нэвт харах нь ердөө л амийн оролтын эхний алхам, бүр анхны алхам юм. Тэгвэл олон хүн бага зэрэг үнэнийг ойлгодог ч яагаад хэрэгжүүлж чаддаггүй юм бэ? Яагаад тэд бүгдээрээ олон сайхан үг хэлж, хоосон сургаалын үг хэллэг номлож чаддаг ч үнэн-бодит байдалд орж чадахгүй байсаар байгаа юм бэ? Тэд үнэнийг огт ойлгодоггүй болохоор тэр үү? Үгүй—харин ч яг эсрэгээрээ. Үнэний талаарх онолын, үгчилсэн түвшний ойлголт нь байх ёстой хэмжээндээ байдаг. Тэд үүнийг бүр ч амархан цээжээр уншдаг. Мэдээж тэдэнд хүсэл зориг, сайн сэтгэлгээ, хүсэл эрмэлзэл байдаг; бүгдээрээ үнэний төлөө мэрийхэд бэлэн байдаг. Гэхдээ тэд яагаад үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй, үнэн-бодит байдалд орж чадахгүй хэвээр байдаг юм бэ? Учир нь тэдний ойлгодог үг, бичиг үсэг, онол бодит амьдралд нь хэрэгжиж чадахгүй хэвээр байдаг. Тэгвэл энэ асуудал юунаас үүдэлтэй вэ? Үүний үндсэн шалтгаан гэвэл, тэдний завхарсан зан чанар замд нь саад болж байдаг. Тийм учраас сүнслэг ойлголтгүй, үнэнийг эрэлхийлэх гэж юу болохыг ойлгодоггүй, бүтэлгүйтэж, бүдрэх юм уу үнэнийг хэрэгжүүлж чадахгүй байх болгондоо тангараг тавьж, шийдвэр гаргадаг зарим хүн бий. Тэд үй олон удаа тийм тангараг тавьж, шийдвэр гаргадаг ч энэ нь мөн л асуудлыг шийдвэрлэдэггүй. Тэд шийдвэр гаргаж, тангараг тавих тэр үе шатандаа зогссоор байдаг. Тэгээд тэндээ гацдаг. Үнэнийг хэрэгжүүлэх үедээ олон хүн үргэлж шийдвэр гаргаж, тангараг өргөж, тэмцэх болно гэж хэлдэг. Тэд өдөр бүр өөрсдийгөө уухайлан дэмждэг. Гурав, дөрөв, таван жил тэмцээд, эцэст нь юу болдог вэ? Юу ч гүйцэлдүүлээгүй байдаг бөгөөд бүгд бүтэлгүйтлээр төгсдөг. Тэдний ойлгодог жаахан хоосон сургаал хаана ч хэрэгжих боломжгүй. Өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох үед тэд үүнийг хэрхэн авч үзэхээ мэдэхгүй, нэвт харж чадахгүй. Тэд өөрсдийнхөө үндэс суурь болгох Бурханы үгийг олж чадахгүй; юмыг Бурханы үгийн дагуу хэрхэн харахаа мэдэхгүй, Бурханы үгэн дэх үнэний аль элемент өөрт нь тохиолдсон асуудалтай холбоотойг ч мэдэхгүй. Тэгээд тэд асар их түгшиж, өөрсдийгөө үзэн ядаж, залбирч, өөрт нь илүү их хүч чадал, итгэл өгөхийг Бурханаас гуйж, эцэст нь өөрийгөө уухайлан дэмжсээр байдаг. Энэ нь муйхар хүн биш үү? (Мөн.) Тэд яг л хүүхэд шиг. Үнэндээ үнэний эрэл хайгуулд хандах хүний ердийн хандлага ийм хүүхдэрхүү байдаг биш үү? Хүн шийдвэр гаргаж, тангараг тавьж, өөрийгөө хязгаарлаж, уухайлан дэмжсэнээр өөрийгөө зоригжуулан үнэнийг эрэлхийлэхийг үргэлж хүсдэг боловч үнэнийг хэрэгжүүлэх болон үнэн рүү орох нь хүний хувийн зоригжуулалтаас үүдэн гардаггүй. Харин ч чи Миний чамд хэлсэн арга зам, алхмуудын дагуу орж, хэрэгжүүлж, хоёр хөлөө ээлжлэн зөөж, чанд, тууштай алхаагаар алхах ёстой. Тэгж байж л чи үр дүн үзнэ; тэгж байж л үнэнийг хэрэгжүүлнэ, үнэн-бодит байдалд орж чадна. Үүнийг тойрон гарах дөт зам гэж үгүй. Багахан зүрх сэтгэл, өөрийгөө зориулах багахан хүсэл, агуу хүсэл, том зорилго байхад л үнэн чиний бодит байдал болно гэсэн үг биш, харин хүн бодит амьдралдаа, хүмүүс, үйл явдал, зүйлсийн дунд эрж хайж, орж, хэрэгжүүлж, дуулгавартай байх үндсэн сургамжийг авах ёстой гэсэн үг. Эдгээр сургамжийг авсны дараа л хүн үнэн болон Бурханы үгтэй харилцаж, тэдгээрийг туулж, эсвэл мэдэж авна. Тэгэхгүй бол хүн хэчнээн олон жил өөрийгөө урамшуулж, зоригжуулж, уухайлан дэмжсэн ч зүрх сэтгэлийнхээ хоосон орон зайг дүүргэх жаахан хоосон сургаал төдийг л олж авахаас хэтрэхгүй. Тэрээр түрхэн зуурын сүнслэг сэтгэл ханамжийг мэдрэх боловч бодит мөн чанартай юуг ч олж аваагүй байх болно. Бодит мөн чанартай юуг ч олж аваагүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол, биеэ авч явах байдал болон үйлдлийн чинь үндэс Бурханы үг биш гэсэн үг юм. Хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол, биеэ авч явах байдал болон үйлдлийн чинь үндэс болсон Бурханы ямар ч үг олдохгүй. Чи будилсан амьдралаар буюу ямар ч нэмэргүй амьдралаар амьдардаг бөгөөд үзэл бодол, зарчим, байр сууриа харуулахыг шаардсан асуудалтай тулгарах тусам мэдлэггүй байдал, мунхаглал, хий хоосон, арга мөхөс байдал чинь улам илэрхий болно. Хэвийн нөхцөл байдалд чи бүх зүйлийг ойлгосон мэт тодорхой тооны зөв сургаал, уриа лоозонг дуржигнуулж чаддаг. Гэхдээ асуудал гарч ирэх үед, хэн нэгэн нухацтай царайлан чам дээр ирж, байр сууриа илэрхийлж, санал бодлоо хэлэхийг хүсвэл чи хэлэх үггүй байх болно. Зарим нь “Хэлэх үггүй байх аа? Тийм биш, би зүгээр л хэлж зүрхлэхгүй” гэж хэлнэ. Тэгвэл яагаад хэлж зүрхлэхгүй гэж? Хийж байгаа зүйл чинь зөв эсэхийг сайн мэдэхгүй байгааг чинь энэ нь харуулдаг. Яагаад чи сайн мэдэхгүй байна гэж? Учир нь чи юм хийж байхдаа хийж байгаа зүйлийн чинь үндэс суурь юу болохыг, үүнийг хийх зарчим чинь юу болохыг хэзээ ч баталгаажуулаагүй, мэдээж хэрэг явдлыг Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон харж, хийж байсан эсэхээ бүр ч баталгаажуулаагүй. Тиймээс ямар нэг асуудал тохиолдох үед чи эв хавгүй, чадваргүй харагддаг. Зарим хүн үнэмшдэггүй. “Би тийм биш. Би коллежид сурсан. Магистрын зэргээ авсан” гэх юм уу “Би бол гүн ухаантан, профессор, өндөр зиндааны сэхээтэн”, “Би бол соёлтой хүн. Та миний хэлсэн зүйлийг аваад хэвлүүлж болно”, аль эсвэл “Би бол нэртэй эрдэмтэн”, “Би бол авьяастай хүн” гэж тэд хэлдэг. Ийм юм хэллээ гээд чамд хэрэг болох уу? Тэр нь чиний гавьяа биш. Сайндаа л чи бага зэрэг мэдлэгтэй гэсэн үг. Тэр нь Бурханы гэрт хэрэг болох эсэхийг хэлэхэд хэцүү ч ядаж л чиний тэр мэдлэг үнэнтэй адилхан биш, мөн биеийн хэмжээг чинь ч илтгэхгүй. Чиний мэдлэг биеийн хэмжээг чинь илтгэхгүй гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Тийм зүйлс чиний амь биш; бүгд чиний биеийн гаднах зүйл. Тэгвэл чиний амь юу вэ? Энэ бол Сатаны логик, гүн ухааныг үндэс суурь, шалгуураа болгосон амь бөгөөд бүр өөрийнхөө мэдлэг, соёл, уураг тархиараа ч чи эдгээр зүйлийг дарж, хянаж чадахгүй. Тиймээс асуудал тулгарах үед чиний ур чадвар, оюун ухааны чинь эх сурвалж, элбэг арвин мэдлэг ямар ч нэмэр болохгүй—эсвэл завхарсан зан чанарын чинь нэг тал илчлэгдэх үед тэвчээр, хүмүүжил, мэдлэг гэх мэт зүйл бүгд ямар ч нэмэр болохгүй байж магадгүй. Тэгвэл чамд арчаагүй санагдана. Энэ бүх зүйл бол хүн үнэнийг эрэлхийлэхгүй, үнэн-бодит байдалд орохгүй байхын эвгүй илрэл юм. Үнэн рүү ороход амархан уу? Үүнд сорилтууд байдаг уу? Хаана байдаг вэ? Хэрвээ Надаас асуух юм бол, ямар ч сорилт байхгүй гэж хэлнэ. Шийдвэр гаргаж, тангараг тавихад бүү анхаар. Тэдгээр нь хэрэггүй. Чамд шийдвэр гаргах, тангараг тавих цаг зав байгаа бол Бурханы үгэнд хичээл чармайлт гаргахад тэр цагаа ашигла. Бурханы үгэнд юу хэлснийг, аль хэсэг нь одоогийн байдалтай чинь хамаатай байгааг бодож үз. Шийдвэр гаргах нь дэмий. Чи тархиа хагалаад, цусыг нь урсгаж, шийдвэр гаргасан ч энэ нь нэмэргүй. Энэ нь ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Чи тийм маягаар хүн, чөтгөр хоёрыг хуурч чадах ч Бурханыг хуурч чадахгүй. Бурхан чиний тэр шийдвэрт баярлахгүй. Чи хэчнээн удаа шийдвэр гаргасан бэ? Чи тангараг тавиад, дараа нь больчихдог, больчхоод дахиад тангараг тавьдаг, тэгээд дахиад больчихдог. Тэгэхээр чи ямар хүн болж таарах вэ? Чи хэзээ хэлсэн үгэндээ хүрэх юм бэ? Хэлсэндээ хүрэх эсэх чинь, шийдвэр гаргах эсэх чинь хамаагүй. Тангараг тавих эсэх чинь ч хамаагүй. Юу чухал вэ? Чи ойлгодог үнэнээ яг одоо, нэн даруй, бушуухан хэрэгжүүлэх нь чухал. Энэ нь хамгийн илэрхий үнэн буюу бусдын нүдэнд бараг өртдөггүй, чи өөрөө ч хамгийн бага ач холбогдол өгдөг үнэн байлаа ч гэсэн, үүнийг нэн даруй хэрэгжүүл, үүнд даруйхан ор. Тэгэх юм бол чи үнэн-бодит байдалд нэн даруй орно, мөн үнэнийг эрэлхийлэх замд тэр дороо хөл тавина. Чи үнэнийг эрэлхийлдэг хүн болохын даваан дээр байна. Тэр суурин дээрээ чи удалгүй Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлддэг хүн болж чадна. Энэ нь хэчнээн их олз ашиг, хэчнээн бодит үнэ цэн байх билээ!

Сайн зан авирын талаарх уламжлалт соёлын үг хэллэгийг нөхөрлөсний дараа та нар ямар нэг юм ойлгож авсан уу? Ийм сайн зан авирт хэрхэн хандах ёстой вэ? Зарим хүн: “Өнөөдрөөс эхлээд би боловсрол сайтай, мэдрэмжтэй, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй, эсвэл сайхан ааштай хүн болохгүй. Би ‘сайн’ гэгддэг хүн болохгүй; ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг хүн болохгүй; эвсэг найрсаг, ойр дотно байдалтай хүн болохгүй. Тэдгээрийн аль нь ч хэвийн хүн чанарын төрөлхийн илчлэл биш; энэ нь хуурамч, худал ов мэхтэй зан авир бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх түвшинд хүрэхгүй. Би ямархуу хүн байх вэ? Би үнэнч шударга хүн байна; би үнэнч шударга хүн байхаас эхэлнэ. Үг яриа минь боловсролгүй, дүрэм журмыг ойлгодоггүй, мэдлэггүй, бусдад дорд үзэгддэг байлаа ч чин сэтгэлээсээ, ямар ч худал хуурмаггүйгээр шулуухан ярина. Хүн болохын хувьд, бас үйлдлээрээ би худал хуурмаг байхгүй, дүр эсгэхгүй. Юм ярих болгондоо чин сэтгэлээсээ ярьж, дотроо бодож байгаа зүйлээ хэлнэ. Хэрвээ хэн нэгнийг үзэн ядвал би өөрийгөө шалгана, тэр хүнийг гомдоох зүйл хийхгүй; би босгон байгуулах зүйл л хийнэ. Юм ярих үедээ хувийн ашиг хонжоогоо бодолцон үзэхгүй, нэр төр, нэр нүүрэндээ хязгаарлагдахгүй. Түүнчлэн хүмүүст өөрийгөө өндрөөр үнэлүүлэхээр санаархахгүй. Би Бурхан баяртай байгаа эсэхэд л ач холбогдол өгнө. Хүмүүсийг гомдоохгүй байх нь миний улаан шугам байх болно. Би хийх зүйлээ Бурханы шаардлагад нийцүүлэн хийнэ; бусдад хор хохирол учруулах зүйл хийхгүй, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироох зүйл ч хийхгүй. Би бусдад ашиг тустай зүйл л хийж, зөвхөн үнэнч шударга хүн, Бурханыг баярлуулдаг хүн байна” гэж хэлж магадгүй. Энэ нь хүнд гарсан өөрчлөлт биш гэж үү? Хэрвээ тэд эдгээр үгийг үнэхээр хэрэгжүүлдэг бол үнэхээр өөрчлөгдсөн байх болно. Ирээдүй, хувь заяа нь сайнаар өөрчлөгдсөн байх болно. Тэд үнэнийг эрэлхийлэх замд удалгүй хөл тавьж, үнэний бодит байдалд удалгүй орж, аврагдах найдвартай хүн болно. Энэ нь сайн зүйл, эерэг зүйл юм. Шийдвэр гаргаж, тангараг тавихыг энэ нь шаарддаг уу? Юу ч шаарддаггүй: Бурханы өмнө шийдвэр гаргах ч шаардлагагүй; урьдын гэм буруу, алдаа эндэл, тэрслүү байдлаа тоолж, яаран Бурханд улайж, уучлал гуйх ч шаардлагагүй. Тэгж ёсорхох хэрэггүй. Зүгээр л яг одоо, нэн даруй, үтэр түргэн үнэн юм хэлж, чин сэтгэлээсээ ярь, ямар ч худал үг, заль мэхгүйгээр баттай юм хэл. Тэгвэл чи ямар нэгэн зүйлд хүрсэн байх бөгөөд чамд үнэнч шударга хүн байх найдвар байна. Хүн үнэнч шударга хүн болох үедээ үнэн-бодит байдлыг олж авч, хүн шиг амьдарч эхэлдэг. Тэд бол Бурханы сайшаадаг хүмүүс юм. Үүнд эргэлзэх юмгүй.

2022 оны 2 дугаар сарын 5

Өмнөх: Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (2)

Дараах: Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (4)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх