Арван гурван захидлын талаар чи ямар хандлага баримталдаг вэ?

Библийн Шинэ Гэрээ Паулын арван гурван захидлыг агуулдаг. Өөрийн ажлыг хийх хугацаандаа Паул Есүс Христэд итгэдэг чуулгануудад хандан энэ арван гурван захиаг бичсэн юм. Өөрөөр хэлбэл, Есүсийг тэнгэр өөд гарсны дараа Паул өргөгдөж, энэ захиануудыг бичжээ. Түүний захианууд нь Эзэн Есүс нас барсныхаа дараа дахин амилж, тэнгэр өөд гарсан тухай гэрчлэл бөгөөд бас гэмших, загалмай үүрэх замыг түгээдэг. Мэдээж, энэ бүх сургаал, гэрчлэл нь тухайн үеийн Иудей хавийн янз бүрийн газарт байсан ах эгч нарт зааж сургах зорилготой байлаа, учир нь тэр үед Паул Эзэн Есүсийн зарц байсан бөгөөд Эзэн Есүст гэрчлэл хийхийн тулд өргөгдсөн байв. Ариун Сүнсний ажлын үе шат болгоны үеэр Түүний өөр өөр ажлыг гүйцэтгэхийн тулд, өөрөөр хэлбэл, Бурханы Өөрөө гүйцэлдүүлдэг ажлыг үргэлжлүүлэхийн тулд элчийн ажлыг хийхээр янз бүрийн хүмүүс өргөгддөг. Хэрвээ Ариун Сүнс шууд хийж, нэг ч хүнийг өргөөгүй бол ажлыг гүйцэтгэхэд тун хэцүү байх байв. Тийм болохоор Паул, Дамаск явах замдаа цохиулж, дараа нь Эзэн Есүсийн гэрчлэгч байхаар өргөгдсөн нэгэн болсон юм. Тэрээр Есүсийн арван хоёр шавиас тусдаа элч байлаа. Сайн мэдээ түгээхээс гадна бас янз бүрийн газарт байсан чуулгануудыг хариулах ажлыг хариуцсан бөгөөд энэ нь чуулганы ах эгч нарыг харж хандах, өөрөөр хэлбэл, Эзэн дотор ах эгч нарыг удирдан хөтлөх явдлыг хамарч байсан юм. Паулын гэрчлэл нь Эзэн Есүс дахин амилж, тэнгэр өөд гарсан тухай баримтыг мэдэгдэх, түүнчлэн гэмших, улайх, загалмайн замаар алхах талаар хүмүүст зааж сургахын төлөө байлаа. Тэрээр тухайн үедээ Есүс Христийг гэрчлэгчдийн нэг байсан юм.

Паулын арван гурван захидлыг Библид ашиглахаар сонгосон. Тэрээр арван гурван захидлыг бүгдийг нь янз бүрийн газарт байсан хүмүүсийн өөр өөр байдалд хандаж бичсэн юм. Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөөд тэдгээрийг бичсэн бөгөөд элчийн байр сууринаас (Эзэн Есүсийн зарцын өнцгөөс) газар сайгүй байсан ах эгч нарт зааж сургажээ. Тиймээс Паулын захианууд зөгнөлөөс, эсвэл шууд үзэгдлээс үүсээгүй, харин түүний хариуцсан ажлаас бий болсон юм. Эдгээр захиа нь хачин биш, мөн ухан ойлгоход зөгнөлүүд шиг хэцүү биш. Тэдгээр нь зүгээр л захиа шиг бичигдсэн бөгөөд зөгнөлийг ч, нууцыг ч агуулдаггүй; гагцхүү ердийн сургамжийн үгсийг л агуулдаг. Хэдийгээр олон үгийг нь ухаарахад бэрх, ойлгоход хэцүү байж болох боловч тэдгээр нь зөвхөн Паулын хувийн тайлбар, Ариун Сүнсний гэгээрлээс л урган гарсан юм. Паул ердөө л элч байсан; тэрээр эш үзүүлэгч биш, харин Эзэн Есүсийн ашигладаг зарц байв. Янз бүрийн газар нутгаар явах зуураа чуулгануудын ах эгч нарт захиа бичсэн, эсвэл өвчтэй байх зуураа ялангуяа санаанд нь байсан боловч очиж чадахгүй байсан чуулгануудад хандан бичсэн билээ. Ийнхүү түүний захиануудыг хүмүүс хадгалсан ба дараа нь хожмын үеийнхэн цуглуулж, цэгцлээд Библид дөрвөн сайн мэдээний дараа оруулжээ. Мэдээж, тэд түүний бичсэн бүх шилдэг захианаас сонгож, эмхэтгэсэн юм. Эдгээр захидал нь чуулганы ах эгч нарын аминд ач тустай байсан бөгөөд тухайн үедээ онцгой их алдартай байлаа. Эдгээрийг бичихдээ Паул, хэрэгжүүлэлтийн замыг олох боломжийг ах эгч нарт олгох сүнслэг зохиол юм уу хувийн туршлагаа илэрхийлэх сүнслэг намтар бичих зорилготой байгаагүй; мөн зохиолч болохын тулд ном бичихээр санаархаагүй. Тэр зүгээр л Эзэн Есүс Христийн чуулганы ах эгч нартаа захиа бичиж байсан юм. Паул өөрийнхөө ачаа, Эзэн Есүсийн хүсэл, ирээдүйн хүмүүст Тэр юу даалгасан тухай хэлэхийн тулд ах, эгч нартаа зарцын байр сууринаас зааж сургасан билээ. Паулын хийсэн ажил энэ байв. Түүний үг ирээдүйн бүх ах эгч нарын туршлагад нэлээд сургамжтай байлаа. Энэ олон захианд түүний ярилцсан үнэн нь Нигүүлслийн эрин үеийн хүмүүсийн хэрэгжүүлэх учиртай зүйл байсан учраас хожмын үеийнхэн энэ захиануудыг Шинэ Гэрээнд оруулжээ. Паулын төгсгөл юу болж дууссан нь хамаагүй, тэр бол тухайн үедээ ашиглагдаж байсан ба чуулгануудын ах эгч нараа дэмжиж байсан хүн билээ. Түүний гол чанар болон анх цохигдож байсан нь түүний төгсгөлийг тодорхойлсон. Тэрээр Ариун Сүнсний ажилтай байсан учраас тухайн үед эдгээр үгийг хэлж чадсан бөгөөд энэхүү ажлаас болж Паул чуулгануудын төлөө ачаа үүрсэн юм. Тийм болохоор ах эгч нараа хангаж чаддаг байв. Гэвч зарим нэг онцгой нөхцөл байдлын улмаас Паул чуулганууд руу биечлэн очиж, ажиллаж чадаагүй тул Эзэн дотор ах эгч нартаа сануулахын тулд захиа бичсэн юм. Анх Паул Эзэн Есүсийн шавь нарыг хяхан хавчиж байсан боловч Есүсийг тэнгэр өөд гарсны дараа буюу “гэрэл харсныхаа” дараа Эзэн Есүсийн шавь нарыг хяхан хавчихаа больж, Эзэний замын төлөө сайн мэдээ тунхаглаж байсан ариун хүмүүсийг ч хавчихаа больжээ. Есүс өөрт нь хурц гэрэл болж харагдсаны дараа Паул, Эзэний даалгаврыг хүлээн авч, улмаар сайн мэдээ түгээхийн тулд Ариун Сүнсний ашигладаг хүн болсон юм.

Тухайн үеийн Паулын ажил нь ердөө ах эгч нараа дэмжиж, хангахын төлөө байв. Тэрээр ажил мэргэжилтэй болж, зохиол бүтээл туурвиж, өөр бусад арга замыг нээж, эсвэл Библиэс ангид зам олоод түүгээрээ чуулганы энэ хүмүүсийг хөтөлж, ингэснээрээ тэднийг бүгдийг нь шинэ оролтод хүргэхийг хүсдэг зарим хүнтэй адил байгаагүй. Паул бол ашиглагдсан хүн байсан; хийсэн зүйлээрээ тэр ердөө л үүргээ биелүүлж байсан юм. Хэрвээ чуулгануудын төлөө ачаа үүрээгүй бол үүргээ хөсөрдүүлсэнд тооцогдох байлаа. Хэрвээ ямар нэгэн үймээнтэй зүйл тохиолдсон бол, эсвэл чуулганд урвалтын хэрэг гарч, тэнд байгаа хүмүүсийг хэвийн бус байдалтай болгосон бол Паулыг ажлаа зохих ёсоор биелүүлээгүй гэж тооцох байв. Ажилчин чуулганы ачааг үүрч, бас чадлынхаа хэрээр ажилладаг бол энэхүү хүн ашиглагдахад тохирсон, чадвартай ажилчин мөн гэдгийг нотолдог. Хэрвээ хүн чуулганы төлөө ямар ч ачаа мэдэрдэггүй, ажилдаа ямар ч үр дүнд хүрдэггүй, өөрийнх нь удирддаг ихэнх хүмүүс сул дорой, эсвэл бүр унаж доройтдог бол тийм ажилчин үүргээ биелүүлээгүй байдаг. Түүнчлэн, Паул ч үүнээс ангид байгаагүй тул чуулгануудыг харж хандаж, ах эгч нартаа ойр ойрхон захиа бичих ёстой байлаа. Ийм байдлаар тэрээр чуулгануудыг хангаж, ах эгч нарыг харж хандаж чадсан; ийм маягаар л чуулганууд түүнээс хангалт, хариулга хүлээн авч чадсан юм. Түүний бичсэн захианы үгс тун гүн гүнзгий байсан боловч Ариун Сүнсний гэгээрэлд хүрсний үндсэн дээр ах эгч нарт хандан бичигдсэн бөгөөд тэрээр хувийн туршлага, мэдэрсэн ачаагаа бичвэртээ нэгтгэжээ. Паул ердөө л Ариун Сүнсний ашигладаг хүн байсан бөгөөд түүний захианы агуулга нь тэр чигтээ хувийн туршлагатай нь холилдсон байв. Түүний хийсэн ажил Ариун Сүнсний шууд хийсэн ажлыг биш, элчийн ажлыг л төлөөлсөн бөгөөд энэ нь бас Христийн ажлаас ялгаатай байлаа. Паул ердөө үүргээ биелүүлж байсан, тийм учраас тэрээр өөрийн ачаа болон хувийн туршлага, мэдлэг ухаанаар Эзэн дотор ах эгч нараа хангасан юм. Паул хувийн мэдлэг ухаан, ойлголтоор хангаснаараа зүгээр л Бурханы даалгасан ажлыг гүйцэтгэж байсан; энэ нь мэдээж Бурханы Өөрийн шууд гүйцэтгэсэн ажил байгаагүй. Иймээс Паулын ажил хүний туршлага болон чуулганы ажлын талаарх хүний үзэл бодол, ойлголттой холилдсон байлаа. Гэхдээ хүний эдгээр үзэл бодол, ойлголтыг муу ёрын сүнсний ажил юм уу мах, цусны ажил гэж хэлж болохгүй; тэдгээрийг Ариун Сүнсний гэгээрүүлсэн хүний мэдлэг, туршлага гэж л хэлж болно. Үүгээрээ Би Паулын захианууд нь тэнгэрээс ирсэн ном биш гэж хэлж байгаа юм. Тэдгээр нь ариун биш, Ариун Сүнс айлдаж, илэрхийлсэн юм огт биш; ердөө л чуулганы төлөөх Паулын ачааны илэрхийлэл билээ. Энэ бүхнийг хэлж байгаагийн минь зорилго бол Бурханы ажил болон хүний ажлын ялгааг та нарт ойлгуулах явдал: Бурханы ажил Бурханыг Өөрийг нь төлөөлдөг, харин хүний ажил хүний үүрэг, туршлагыг төлөөлдөг. Бурханы хэвийн ажлыг хүний хүсэл, Бурханы ер бусын ажлыг Бурханы ажил гэж үзэх ёсгүй; түүнчлэн хүний сүрлэг номлолыг Бурханы айлдвар, тэнгэрээс ирсэн ном гэж авч үзэх ёсгүй. Ийм бүх үзэл бодол нь ёс зүйгүй юм. Паулын арван гурван захидлыг задлан шинжлэхийг минь сонсоод олон хүн, Паулын захиануудыг унших ёсгүй, Паул бол асар их нүгэлтэй хүн гэж боддог. Миний үг хатуу цэвдэг бөгөөд Паулын захидлын талаарх Миний үнэлгээ буруу, тэр захиануудыг хүний туршлага, ачааны илэрхийлэл гэж үзэж болохгүй гэж боддог хүн бүр ч олон бий. Харин ч тэдгээрийг Бурханы үг гэж үзэх ёстой, тэдгээр нь Иоханы Илчлэлийн ном шиг чухал, тэдгээрийг хасаж, эсвэл дээр нь юм нэмж болохгүй, түүнчлэн хааш яаш тайлбарлаж болохгүй гэж тэд боддог. Хүний энэ бүх мэдэгдэл буруу биш гэж үү? Энэ нь бүхэлдээ, хүмүүст эрүүл ухаан байхгүйгээс болж байгаа бус уу? Паулын захианууд нь хүмүүст ихээхэн ач тустай бөгөөд аль хэдийн 2,000 гаруй жилийн түүхтэй болчихсон. Гэхдээ түүний тухайн үед хэлсэн зүйлийг ухан ойлгож чаддаггүй олон хүн өнөөг хүртэл байсаар байна. Паулын захианууд бол бүх Христийн шашны хамгийн агуу бүтээл бөгөөд хэн ч тэдгээрийг тайлж чадахгүй, хэн ч бүрэн ойлгож чадахгүй гэж хүмүүс үздэг. Үнэн хэрэгтээ эдгээр захиа нь яг л сүнслэг хүний намтартай адил бөгөөд Есүсийн үгтэй юм уу Иоханы харсан агуу үзэгдэлтэй харьцуулж болохгүй. Эсрэгээрээ, Иоханы харсан зүйл нь тэнгэрээс ирсэн агуу үзэгдэл буюу хүний хүрч үл чадах Бурханы Өөрийнх нь ажлын зөгнөл байсан байхад Паулын захианууд нь хүний харж, туулсан зүйлийн талаарх дүрслэл төдий юм. Тэдгээр нь хүний хийж чадах зүйл болохоос зөгнөл ч биш, үзэгдэл ч биш; зүгээр л янз бүрийн газрууд руу илгээсэн захиа билээ. Гэхдээ тухайн үеийн хүмүүсийн хувьд Паул ажилчин байсан бөгөөд өөрт нь даалгасан зүйлийг хүлээн авсан хүн байсан учраас түүний үг үнэ цэнтэй байв. Ийм учраас түүний захианууд нь Христийг эрж хайсан бүх хүнд ач тустай байсан юм. Хэдийгээр тэр үгсийг Есүс биечлэн хэлээгүй боловч эцсийн эцэст тэдгээр нь тухайн үедээ чухал байжээ. Тийм болохоор Паулын дараах үеийн хүмүүс захиануудыг нь Библид оруулж, улмаар өнөөг хүртэл уламжлан ирэх боломжтой болгосон юм. Юу хэлээд байгааг минь та нар ойлгож байна уу? Би зүгээр л та нарт эдгээр захианы талаар үнэн зөв тайлбар өгч, хүмүүсийн хувьд лавлагаа болдог ач тус, үнэ цэнийг нь үгүйсгэлгүйгээр задлан шинжилж байна. Миний үгийг уншсаныхаа дараа та нар Паулын захиануудыг үгүйсгээд зогсохгүй, тэдгээрийг тэрс үзэл, үнэ цэнгүй гэж тодорхойлох юм бол ойлгож ухамсарлах чадвар, мэдлэг ухаан, аливааг үнэлэх үнэлэмж чинь дэндүү ядмаг юм гэж л хэлж болно; Миний үгийг хэтэрхий өрөөсгөл гэж хэлж мэдээж болохгүй. Та нар одоо ойлгож байна уу? Та нарын ойлгох ёстой чухал зүйл бол тухайн үеийн Паулын ажлын бодит нөхцөл байдал болон захиануудаа бичих үеийнх нь цаад учир юм. Хэрвээ та нар эдгээр нөхцөлийн талаар зөв үзэл бодолтой байвал Паулын захидлуудын талаар ч бас зөв үзэл бодолтой байх болно. Үүний зэрэгцээ тэдгээр захидлын мөн чанарыг ухан ойлгомогц Библийн талаарх үнэлгээ чинь зөв болох бөгөөд хожмын үеийн хүмүүс яагаад ийм олон жилийн турш Паулын захидлуудыг ихэд шүтсээр ирснийг, түүнчлэн яагаад бүр ч олон хүн Паулыг Бурхан мэт үзсээр ирснийг чи ойлгоно. Хэрвээ та нар ойлгоогүй байсан бол мөн л тэгж бодох байсан бус уу?

Бурхан Өөрөө биш нэгэн Бурханыг Өөрийг нь төлөөлж чадахгүй. Паулын ажлыг хүний үзэл бодлын нэг хэсэг, Ариун Сүнсний гэгээрлийн нэг хэсэг гэж л хэлж болно. Паул Ариун Сүнсний гэгээрэлтэйгээр, хүний үзэл бодлоор эдгээр үгийг бичсэн юм. Энэ нь ховор зүйл биш. Тиймээс түүний үгэнд хүний зарим туршлага холилдсон байх нь зайлшгүй бөгөөд тухайн үеийн ах, эгч нараа хангаж, дэмжихийн тулд тэрээр хожим нь хувийн туршлагаа ашигласан юм. Түүний бичсэн захиануудыг амийн судалгаа гэж ангилж болохгүй, мөн намтар юм уу мэдээ гэж ч ангилж болохгүй. Түүнчлэн, эдгээр нь чуулганы хэрэгжүүлж байсан үнэн ч биш, чуулганы захиргааны зарлиг ч биш байлаа. Ачаа үүрсэн нэгэн—Ариун Сүнсний даалгасан ажилтай—хүний хувьд энэ бол зүгээр л хийх ёстой зүйл нь юм. Хэрвээ Ариун Сүнс хүмүүсийг өргөж, ачаа өгсөн боловч тэд чуулганы ажлыг үүрдэггүй, чуулганы хэрэг явдлыг сайн удирдаж чаддаггүй, эсвэл бүх асуудлыг нь хангалттай шийдвэрлэж чаддаггүй бол тэр хүмүүс үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй гэдгийг энэ нь нотолдог. Тиймээс ажлынхаа явцад элч захиа бичиж чадна гэдэг тийм ч нууцлаг зүйл биш юм. Энэ нь тэдний ажлын нэг хэсэг байв; тэд үүнийг заавал хийх ёстой байлаа. Эдгээр захиаг бичих зорилго нь амийн судалгаа, эсвэл сүнслэг намтар бичих явдал биш, ариун хүмүүст зориулан өөр нэгэн гарц нээх явдал мэдээж бүр ч биш байв. Харин ч тэд чиг үүргээ биелүүлэх, Бурханы үнэнч зарц байхын тулд үүнийг хийсэн бөгөөд ийнхүү өөрсдөд нь Бурханы даалгасан ажлыг гүйцэлдүүлснээр Түүнд тайлан өгч чадах байв. Тэд өөрсдийнхөө төлөө болон ах эгч нарынхаа төлөө хариуцлага үүрч, ажлаа сайн хийж, чуулганы ажил хэргийг үнэн сэтгэлээсээ авч үзэх ёстой байлаа: Энэ бүхэн нь ердөө тэдний ажлын нэг хэсэг байсан юм.

Хэрвээ та нар Паулын захиануудын талаар ойлгож авсан бол Петр, Иохан хоёрын захидлуудын талаар ч бас үнэн зөв санаа бодол, үнэлэмжтэй болно. Та нар эдгээр захиаг тэнгэрээс ирсэн ариун, халдашгүй ном гэж дахин хэзээ ч үзэхгүй, Паулыг Бурхан гэж бүр ч бодохгүй. Эцсийн эцэст Бурханы ажил хүний ажлаас өөр, түүнчлэн Түүний илэрхийлэл яаж тэднийхтэй адилхан байж болох юм бэ? Бурханд Өөрийн гэсэн онцгой зан чанар байдаг, харин хүнд биелүүлэх учиртай үүрэг гэж бий. Бурханы зан чанар ажлаар нь илэрхийлэгддэг байхад хүний үүрэг нь хүний туршлагад биеллээ олж, хүний эрэл хайгуулаар илэрхийлэгддэг. Тиймээс хийгдсэн ажлаас ямар нэг зүйл Бурханы илэрхийлэл үү, эсвэл хүний илэрхийлэл үү гэдэг нь илэрхий болдог. Үүнийг Бурхан Өөрөө тайлбарлах хэрэггүй, хүн гэрчлэл хийхээр чармайх ч шаардлагагүй; түүнчлэн Бурхан Өөрөө ямар нэг хүнийг дарангуйлах хэрэггүй. Энэ бүхэн нь төрөлхийн илчлэл болон гарч ирдэг; энэ нь албадан тулгах юм уу хүн хөндлөнгөөс оролцож чадах зүйл биш. Хүний үүргийг илэрхийллээр нь дамжуулан мэдэж болох ба ямар нэгэн нэмэлт туршлагын ажил хийхийг хүмүүсээс шаарддаггүй. Хүний бүх мөн чанар үүргээ гүйцэтгэж байхад нь илчлэгдэж болдог байхад Бурхан ажлаа хийх зуураа төрөлх зан чанараа илэрхийлж чаддаг. Хэрвээ энэ нь хүний ажил мөн бол үүнийг нуун далдалж болдоггүй. Харин Бурханы ажил бол Бурханы зан чанарыг хэн нэгэн хүн далдлах бүр ч боломжгүй, хүн үүнийг хянах бүр ч боломжгүй. Нэг ч хүнийг Бурхан гэж хэлж болохгүй, мөн тэдний ажил болон үгийг ариун гэж харах юм уу хувиршгүй гэж үзэж болохгүй. Бурхан Өөрийгөө махбодоор хувцасласнаас болоод Түүнийг хүн гэж хэлж болох боловч Түүний ажлыг хүний ажил юм уу хүний үүрэг гэж үзэж болохгүй. Түүнчлэн, Бурханы айлдвар болон Паулын захиаг адилтган үзэж болохгүй, Бурханы шүүлт, гэсгээлт болон хүний удирдамжийн үгсийг эн зэрэгцүүлэн ярьж ч болохгүй. Тиймээс Бурханы ажлыг хүний ажлаас ялгадаг зарчмууд байдаг. Тэдгээрийг ажлын цар хүрээ, эсвэл түр зуурын бүтээмжийнх нь дагуу биш, харин мөн чанараар нь ялгадаг. Энэ сэдвийн тухай ихэнх хүмүүс зарчмын алдаа гаргадаг. Учир нь хүн өөрсдийн хүрч чадах гадна талыг л хардаг байхад Бурхан, хүн төрөлхтний махан биеийн нүдээр ажиглах аргагүй мөн чанарыг хардаг. Хэрвээ чи Бурханы үг болон ажлыг ердийн хүний үүрэг гэж авч үзээд хүний томоохон цар хүрээтэй ажлыг хүний гүйцэтгэдэг үүрэг гэхийн оронд махбодоор хувцасласан Бурханы ажил гэж үзвэл зарчмын хувьд андуурч байгаа бус уу? Хүний захиа болон намтрыг, зөвхөн Ариун Сүнсний ажлын суурин дээр л амархан бичиж болно. Харин Бурханы айлдвар болон ажлыг хүн амархан гүйцэтгэж, эсвэл хүний мэргэн ухаан, бодол сэтгэхүйгээр биелүүлж чадахгүй, хүмүүс тэдгээрийг судалж шинжилснийхээ дараа нэгд нэггүй тайлбарлаж ч чадахгүй. Хэрвээ зарчмын эдгээр асуудал та нарт ямар ч хариу үйлдэл төрүүлэхгүй бол итгэл чинь төдийлөн жинхэнэ, бас цэвэр биш гэдэг нь илэрхий юм. Та нарын итгэл тодорхойгүй байдлаар дүүрэн, будилж төөрөлдсөн, зарчимгүй гэж хэлж л болно. Бурхан, хүн хоёрын хамгийн гол чухал асуудлыг ч ойлгодоггүй иймэрхүү итгэл тэр чигтээ ухан ойлгох чадвараар дутмаг итгэл бус уу? Паул яаж бүхий л түүхэн туршид ашиглагдсан цорын ганц хүн байж болох юм бэ? Тэр яаж чуулганы төлөө ажиллаж байсан цорын ганц хүн байж болох юм бэ? Тэр яаж чуулгануудыг дэмжихийн тулд юм бичсэн цорын ганц хүн байж болох юм бэ? Энэ хүмүүсийн ажлын цар хүрээ, нөлөөлөл, тэр ч бүү хэл, ажлынх нь үр дүнгээс үл хамааран, тийм ажлын зарчим, мөн чанар бүгд төстэй бус уу? Энэ нь Бурханы ажлаас шал өөр байдаг бус уу? Бурханы ажлын үе шат бүрийн хооронд тодорхой ялгаа байдаг бөгөөд Түүний ажлын олон арга барил бүхэлдээ адилхан байдаггүй ч гэсэн тэдгээр нь бүгд ганцхан мөн чанар, эх сурвалжтай байдаг бус уу? Иймээс хэрвээ хүн одоо ч эдгээр зүйлийн талаар тодорхой мэдэхгүй байгаа бол түүнд эрүүл ухаан дэндүү дутмаг байна. Эдгээр үгийг уншсаныхаа дараа ч Паулын захиа бол ариун, хувиршгүй бөгөөд ямар нэг сүнслэг хүний намтраас өөр гэж хэлсээр байгаа бол тэр хүний эрүүл ухаан дэндүү хэвийн бус, мөн тийм хүн ямар ч эрүүл ухаангүй, хоосон онолын мэргэжилтэн гэдэг нь эргэлзээгүй. Чи Паулыг шүтдэг байсан ч бодит баримтуудыг мушгин гуйвуулж, эсвэл үнэний оршин тогтнолыг няцаахын тулд түүнийг гэх халуун сэтгэлээ ашиглаж болохгүй. Үүнээс гадна, Миний хэлсэн зүйл яавч Паулын бүх ажил болон захиаг галдан шатааж, эсвэл лавлагаа болох үнэ цэнийг нь бүрэн үгүйсгэж байгаа юм биш. Ямартай ч эдгээр үгийг хэлж байгаа Миний санаа зорилго бол та нарыг бүх зүйл болон хүний талаар зүй зохистой ойлголт, үндэслэлтэй үнэлгээтэй болгох явдал: Зөвхөн энэ л хэвийн эрүүл ухаан юм; энэ нь л үнэнийг эзэмшдэг зөв шударга хүмүүсийн зэвсэглэх учиртай зүйл билээ.

Өмнөх: Бурхан бол бүх бүтээлийн эзэн

Дараах: Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх