Гурван сануулга

Бурханд итгэгчийн хувиар чи бүх зүйл дээр ганцхан Түүнд үнэнч байх ёстой ба бүх зүйл дээр Түүний хүсэлд нийцэж чаддаг байх ёстой. Гэвч, хэдийгээр хүн бүр энэ сургаалыг ойлгодог боловч хүний элдэв төрлийн бэрхшээлээс болоод—жишээ нь, мэдлэггүй байдал, мунхаглал, завхралаас нь болоод эдгээр хамгийн илэрхий, хамгийн үндсэн үнэн хүнээс бүрэн харагддаггүй тул төгсгөлийг чинь шийдэхээсээ өмнө Би та нарын хувьд хамгийн чухал хэдэн зүйлийг эхлээд хэлж өгөх учиртай. Намайг үргэлжлүүлэхээс өмнө та нар эхлээд үүнийг ойлгох ёстой: Миний хэлдэг үг бол бүх хүн төрөлхтөнд чиглэсэн үнэн юм; тэдгээрийг тодорхой нэгэн хүнд юм уу нэг төрлийн хүнд л хандаж хэлдэг юм биш. Тиймээс та нар Миний үгийг үнэний өнцгөөс хүлээн авахад анхаарлаа төвлөрүүлж, бүрэн анхаарсан, чин сэтгэлийн хандлагатай байх ёстой; Миний хэлдэг ганц ч үг юм уу үнэнийг бүү үл ойшоо, Миний хэлдэг бүх үгэнд хөнгөн хуумгай бүү ханд. Та нар амьдралдаа үнэнтэй хамаагүй зүйл ихээхэн хийснийг Би хардаг тул үнэний зарц болж, хорлонт муу, муухай байдалд боолчлогдохгүй байж, үнэнийг гишгэлэхгүй, Бурханы гэрийн аль ч булан тохойг бузарлахгүй байхыг онцгойлон хүсэж байна. Энэ бол та нарт өгөх Миний сануулга юм. Одоо Би уг сэдвийн талаар ярья.

Нэгдүгээрт, та нар өөрсдийнхөө хувь заяаны төлөө Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхөөр зорих ёстой. Өөрөөр хэлбэл, нэгэнт та нар Бурханы гэрийн гишүүн гэж тоологдсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул бүх зүйл дээр Бурханд сэтгэл санааны тайвшрал авчирч, Түүнийг хангалуун байлгах учиртай. Өөрөөр хэлбэл, чи үйлдлүүддээ зарчимтай байж, үнэнд нийцэх ёстой. Хэрвээ ингэж чадахгүй бол Бурханаар жигшигдэн, гологдож, хүн бүрд үл тоогдоно. Ийм таагүй байдалд ормогцоо чи Бурханы гэрийн гишүүн гэж тоологдож чадахгүй. Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхгүй байх гэдэг нь энэ юм.

Хоёрдугаарт, Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно; түүнчлэн, Түүний үйлдэл алдаа мадаггүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай. Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, бүх зүйл дээр Бурханд үнэн сэтгэлээсээ хандаж, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, бодит баримтыг хэзээ ч нуухгүй байж, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй байж, Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байна гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ. Миний хэлдэг зүйл маш энгийн боловч та бүхний хувьд хоёр дахин хэцүү бэрх байдаг. Олон хүн үнэнч шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд яллагдахыг илүүд үздэг. Иймээс үнэнч бус хүмүүст өөрөөр ханддагт минь гайхах юмгүй. Мэдээж үнэнч байхад хэчнээн хэцүү байдгийг чинь Би сайн мэднэ. Та нар бүгд маш ухаантай, юмыг өөрсдийн өчүүхэн жаахан хэмжүүрээр хэмжихдээ дадамгай учраас Миний ажлыг хавьгүй илүү амархан болгодог. Та нар дор бүрнээ өөрсдийн нууцыг дотроо хадгалж байдаг тул Би та нарыг галаар “хүмүүжүүлэхийн” тулд нэг нэгээр чинь гай гамшигт оруулна, ингэснээр тэр цагаас хойш та нар Миний үгэнд бүрэн итгэлтэй болж магад юм. Эцэст нь Би “Бурхан бол итгэмжит Бурхан” гэх үгийг амнаас чинь гарган авна, тэгэхэд та нар цээжээ дэлдэн “Хүний зүрх сэтгэл зальтай юм!” хэмээн халаглана. Тэр үед та нарын сэтгэл санааны байдал ямар байх вэ? Та нар одоогийнх шигээ бардам байхгүй гэж Би төсөөлж байна. Тэр ч бүү хэл, одоогийнх шигээ “гүн гүнзгий, ойлгомжгүй” байхгүй. Зарим хүн Бурханы өмнө ёсорхуу, зүй зохистой байж, “хүмүүжилтэй” байхаар хүч чадлаа дайчилдаг ч Сүнсний өмнө хамаг эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүмүүсийг үнэнч хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэй, мөн “хүн хоорондын харилцаанд” чадварлаг бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн гэж хэлнэ. Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд тун таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи Бурханы гэрт үйлчлэл үзүүлэхдээ тун их баяртай байж, нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авдаггүй бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал эрэлхийлдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн байдаг. Хэрвээ чи илэн далангүй байхыг хүсдэг бол, байгаа бүхнээ зарлагадахыг хүсдэг бол, Бурханы төлөө амиа золиосолж, гэрчлэлдээ бат зогсож чаддаг бол, мөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг, өөрийгөө боддоггүй, өөрийнхөө төлөө юм авдаггүй байх хэмжээнд үнэнч шударга бол ийм хүмүүс гэрлээр тэтгэгддэг, хаанчлалд үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ. Чиний дотор жинхэнэ итгэл, жинхэнэ үнэнч зан байгаа эсэхийг, Бурханы төлөө зовсон баримт чамд байгаа эсэхийг болон Бурханд бүрэн захирагдсан эсэхээ чи мэдэх ёстой. Хэрвээ чамд эдгээр зүйл байдаггүй бол чиний дотор дуулгаваргүй байдал, заль мэх, шунал, гомдол үлдсэн байдаг. Зүрх сэтгэл чинь огт үнэнч шударга биш учраас чи Бурханд хэзээ ч эерэгээр хүлээн зөвшөөрөгдөөгүй бөгөөд хэзээ ч гэрэлд амьдраагүй. Хүний хувь заяа эцэстээ яах нь түүнд үнэнч шударга, халуун сэтгэл байгаа эсэхээс болон цэвэр ариун сүнс байгаа эсэхээс хамаардаг. Хэрвээ чи маш үнэнч бус, хорлонт сэтгэлтэй, бохир сүнстэй хүн бол хувь заяаны чинь бүртгэлд бичигдсэнээр хүнийг шийтгэдэг газар очиж таарах нь гарцаагүй. Чи өөрийгөө маш үнэнч шударга гэж хэлдэг атлаа үнэний дагуу үйлдэж, үнэн үг хэлж хэзээ ч амждаггүй бол Бурхан чамайг шагнахыг хүлээсээр л байна уу? Бурхан чамайг Өөрийнхөө нүдний цэцгий мэт үзнэ гэж найдсаар л байна уу? Ийм бодол утгагүй бус уу? Чи бүх зүйл дээр Бурханыг мэхэлдэг; тэгвэл чам шиг бохир гартай хүнийг яаж Бурханы гэрт байлгаж болох юм бэ?

Та нарт Миний хэлэхийг хүсдэг гурав дахь зүйл бол энэ: Бурханд итгэн амьдрах явцдаа хүн бүр Бурханыг эсэргүүцэж, хууран мэхэлдэг зүйл хийсэн. Зарим алдаа эндлийг зөрчил гэж тооцох хэрэггүй боловч зарим нь уучилшгүй байдаг; учир нь захиргааны зарлигийг зөрчдөг буюу Бурханы зан чанарт халддаг олон үйл хэрэг бий. Өөрийнхөө хувь заяанд санаа тавьдаг олон хүн эдгээр үйл хэрэг нь юу болохыг асууж магадгүй. Та нар угаасаа биеэ тоосон, ихэрхүү бөгөөд баримтад захирагдахыг хүсдэггүй гэдгээ мэдэх ёстой. Ийм учраас өөрсдийгөө эргэцүүлсний чинь дараа Би та нарт бага багаар хэлэх болно. Захиргааны зарлигуудын агуулгыг илүү сайн ойлгож, Бурханы зан чанарыг мэдэхэд хичээл чармайлт гарга гэж Би та нарт захидаг. Эс бөгөөс амаа хамхиж, ойворгон сүржин яриаг амныхаа зоргоор чалчихгүй байх нь та нарт хэцүү санагдах бөгөөд өөрийн мэдэлгүй Бурханы зан чанарт халдаж, харанхуйд унан, Ариун Сүнсийг дэргэдээсээ алдаж, гэрлийг алдана. Та нар үйлдэлдээ зарчимгүй байж, хэлэх ёсгүй юм хэлж, хийх ёсгүй зүйл хийдэг бол тохирох залхаан цээрлүүлэлтийг хүртэнэ. Хэдийгээр чи үг болон үйлдэлдээ зарчимгүй байдаг ч Бурхан аль алинд нь тун зарчимтай байдгийг мэдэх ёстой. Залхаан цээрлүүлэлт хүртэж байгаа чинь хүнд бус, Бурханд халдсанаас чинь болдог. Хэрвээ чи амьдралдаа Бурханы зан чанарын эсрэг олон зөрчил үйлдсэн бол тамын хүүхэд болох нь дамжиггүй. Хүнд чи зөвхөн үнэнтэй нийцэхгүй хэдхэн үйл хийсэн, өөр юу ч хийгээгүй мэт харагдаж болох юм. Гэхдээ Бурханы нүдээр бол чи аль хэдийн ямар ч нүглийн тахилгүй болсон хүн гэдгээ мэдэж байна уу? Чи Бурханы захиргааны зарлигийг нэгээс олон удаа зөрчсөн, түүнчлэн ямар ч гэмшсэн шинж тэмдэг үзүүлээгүй тул Бурхан хүнийг шийтгэдэг там руу унахаас өөр аргагүй. Бурханыг дагах зуураа цөөн тооны хүмүүс зарчмыг зөрчсөн зарим нэг үйл үйлдсэн боловч тэдэнтэй харьцаж, удирдамж өгсний дараа аажмаар завхралаа олж мэдээд, дараа нь бодит байдлын зөв замд орсон бөгөөд өнөөдөр ул суурьтай хэвээр байдаг. Ийм хүмүүс бол эцэстээ үлдэх хүмүүс юм. Гэвч Би үнэнч шударга хүмүүсийг эрж хайдаг; хэрвээ чи үнэнч шударга, зарчмын дагуу үйлддэг хүн бол Бурханы ойр дотнын хүн байж чадна. Хэрвээ үйлдлүүдээрээ чи Бурханы зан чанарт халддаггүй, Бурханы хүслийг эрж хайдаг, Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй бол итгэл чинь стандартад нийцнэ. Бурханыг хүндэлдэггүй, зүрх сэтгэл нь айн чичирдэггүй хэн боловч Бурханы захиргааны зарлигийг зөрчих өндөр магадлалтай. Олон хүн урам зоригоороо Бурханд үйлчилдэг боловч Бурханы захиргааны зарлигийн талаар огт ойлгодоггүй, Түүний үгийн утгыг бүр ч таамагладаггүй. Иймээс сайн санаа зорилгоороо тэд үргэлж Бурханы удирдлагад саад болох зүйлс хийж дуусдаг. Ноцтой тохиолдолд тэд хөөгдөж, Түүнийг дагах өөр ямар ч боломжгүй болдог бөгөөд там руу хаягдаж, Бурханы гэртэй харилцах бүх харилцаа нь төгсдөг. Энэ хүмүүс мунхаг сайн санааныхаа хүчээр Бурханы гэрт ажилладаг бөгөөд эцэстээ Бурханы зан чанарыг уурлуулдаг. Хүмүүс албан тушаалтан, ноёдод үйлчилдэг арга замаа Бурханы гэрт авчирч, хэрэгжүүлэхээр оролдож, тэдгээрийг энд хялбархан хэрэглэж болно гэж хий дэмий бодож байдаг. Бурхан бол хурганы биш, харин арслангийн зан чанартай гэдгийг тэд хэзээ ч төсөөлж байгаагүй. Тиймээс Бурхантай анх удаа холбогдож байгаа хүмүүс Түүнтэй ярилцаж чаддаггүй, учир нь Бурханы зүрх сэтгэл хүнийхтэй адилгүй билээ. Олон үнэнийг ойлгосныхоо дараа л чи Бурханыг тасралтгүй мэдэж авч чадна. Энэ мэдлэг нь үг хэллэг, хоосон сургаалаас бүрддэггүй, харин Бурхантай ойр дотно болох эрдэнэс, Тэр чамд баярладгийн нотолгоо болон хэрэглэгдэж болно. Хэрвээ чи бодит мэдлэгээр дутмаг, үнэнээр зэвсэглээгүй бол урам зоригтой үйлчлэл чинь Бурханы жигшил, зэвүүцлийг л төрүүлж чадна. Одоо чи Бурханд итгэх итгэл гэдэг бол теологи судлах төдий зүйл биш гэдгийг мэдсэн байх ёстой!

Та нарт сануулж буй Миний үг товчхон хэдий ч Миний хэлсэн бүхэн та нарт хамгийн их дутагддаг зүйл юм. Одоо Миний хэлж буй зүйл хүмүүсийн дундах Миний эцсийн ажлын төлөө, мөн хүний төгсгөлийг тодорхойлохын төлөө байдгийг та нар мэдэх ёстой. Би ямар ч зорилгогүй ихээхэн ажил хийхийг хүсдэггүй, өмхөрсөн мод шиг найдваргүй хүмүүсийг үргэлжлүүлэн залж чиглүүлэхийг ч хүсдэггүй, нууцаар муу санаа өвөрлөдөг хүмүүсийг үргэлжлүүлэн удирдахыг бүр ч хүсдэггүй. Магадгүй нэг л өдөр та нар Миний үгийн ард буй чин сэтгэлийг болон хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмрийг ойлгоно. Магадгүй нэг л өдөр та нар өөрсдийн чинь төгсгөлийг тодорхойлох үнэнийг ухаарна.

Өмнөх: Хүрэх газрын тухай

Дараах: Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх