Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд (12-р бүлэг)
Аянга зүүн зүгээс цахих үе нь бас Би үгээ айлдаж эхлэх яг тэр мөч бөгөөд—аянга цахих үед бүхий л орчлон ертөнц гэрэлтэж, бүх од хувирдаг. Бүх хүн төрөлхтөн ангилагдсан мэт байдаг. Зүүн зүгийн гэрлийн энэхүү цацрагийн туяан дор бүх хүн төрөлхтний анхдагч төрх илчлэгдэж, нүд нь гялбаж, яахаа мэддэггүй бөгөөд үзэшгүй муухай төрхөө яаж нуухаа бүр ч мэддэггүй. Тэд бас Миний гэрлээс зугтан уулын агуй руу дүрвэж байгаа амьтадтай адил байдаг—гэхдээ тэдний дундаас хэн нь ч Миний гэрэл дотроос арчигдан арилж чадахгүй. Бүх хүн гайхаж, бүгд хүлээсээр, бүгд харсаар байгаа; Миний гэрэл ирснээр бүгд өөрсдийн төрсөн өдөрт баярлахын сацуу өөрсдийн төрсөн өдрийг хараадаг. Зөрчилдөөнтэй сэтгэл хөдлөлийг тодорхой илэрхийлэх боломжгүй; өөрийгөө зэмлэсэн нулимс нь гол горхи үүсгэн, хүчтэй ширүүн урсгалд урсаж, нүд ирмэх төдийд ул мөргүй арилна. Миний өдөр дахин нэг удаа хүн төрөлхтөнд ойртож ирэн, хүн төрөлхтнийг дахин нэгэнтээ сэрээж, хүн төрөлхтөнд шинээр эхлэх цэгийг өглөө. Миний зүрх цохилж, Миний зүрхний цохилтыг дагаад уулс баяртайгаар дэвхэрч, ус баярлан бүжиж, давлагаа хадан цохио мөргөнө. Миний зүрх сэтгэлд юу байгааг илэрхийлэхэд хэцүү. Би бүх бохир зүйлийг Өөрийн харцны дор үнс нурам болтол шатаахыг хүсдэг; бүх дуулгаваргүй хөвгүүдийг дахин хэзээ ч оршин тогтнуулалгүй, нүднийхээ өмнөөс арилгахыг хүсдэг. Би агуу улаан лууны аж төрдөг газарт шинэ эхлэлийг бий болгоод зогсоогүй, мөн орчлон ертөнц дээр шинэ ажил эхлүүлсэн. Удалгүй дэлхийн хаанчлалууд Миний хаанчлал болно; удалгүй Миний хаанчлалаас болж, мөн Би аль хэдийн ялалтад хүрч, ялгууснаар эргэн ирснээс болж газар дээрх хаанчлалууд оршин тогтнохоо үүрд болино. Агуу улаан луу Миний төлөвлөгөөг тасалдуулахын тулд боломжтой бүр аргыг барж, газар дээрх Миний ажлыг үгүй болгохоор найдсан, гэхдээ түүний зальжин арга мэхнээс болж Миний зориг мохож болох уу? Би түүний заналхийллээс сүрдээд итгэл найдвараа алдаж болох уу? Миний гарт байдаггүй ганц ч зүйл тэнгэрт ч, газарт ч хэзээ ч байгаагүй; товойлгогч болж Надад үйлчилдэг энэ хэрэгсэл буюу агуу улаан лууны хувьд бүр ч тийм байдаг бус уу? Тэр ч гэсэн Миний гараар жолоодуулдаг зүйл биш гэж үү?
Намайг хүний ертөнцөд бие махбодтой болсон үед хүн төрөлхтөн Миний удирдамж дор өөрийн мэдэлгүй өдий хүрч, өөрийн мэдэлгүй Намайг мэдэж авсан. Гэвч өмнө нь буй замаар яг хэрхэн алхах талаар хэн ч таамагладаггүй, хэн ч мэддэггүй—тэрхүү зам өөрсдийг нь хааш аваачихыг мэдэх хүн бүр ч байдаггүй. Зөвхөн Төгс Хүчит харж хандвал л хүн замын төгсгөл хүртэл явж чадна; зүүн зүг дэх аянгаар замчлуулснаар л хүн Миний хаанчлалын хаалгаар алхан орж чадна. Хүмүүсийн дунд Миний царайг харсан хүн, зүүн зүгийн аянгыг харсан хүн хэзээ ч байгаагүй; тэгвэл Миний сэнтийгээс гарч буй айлдварыг сонссон хүн хэчнээн цөөхөн байх билээ? Үнэндээ, эрт дээр үеэс хойш нэг ч хүн Миний үнэн биетэй шууд харилцаагүй; өнөөдөр л дэлхий дээр ирсэн үед минь хүмүүс Намайг харах боломжтой болсон. Гэхдээ одоо ч гэсэн хүмүүс Намайг мэдэхгүй хэвээр байна, тэд юу гэж байгааг минь ойлголгүйгээр зүгээр л Миний царайг харж, Миний дуу хоолойг сонсдог. Бүх хүн ийм байдаг. Миний ардуудын нэг болохоор та нар Миний царайг харахдаа гүн гүнзгий бахархлыг мэдэрдэг бус уу? Та нар Намайг мэддэггүй учраас адгийн ичгүүрийг мэдэрдэг бус уу? Би хүмүүсийн дунд алхаж, хүмүүсийн дунд амьдардаг, учир нь Би махбод болж, хүний ертөнцөд ирсэн билээ. Миний зорилго бол хүмүүст Өөрийн махан биеийг харуулах төдийхөн биш; үүнээс ч чухал нь Өөрийгөө мэдүүлэх явдал юм. Түүнчлэн, Би Өөрийн махбод болсон биеэр дамжуулан хүнийг нүглийнх нь төлөө яллана; Өөрийн махбод болсон биеэр дамжуулан Би агуу улаан лууг ялж, ичээг нь бүрмөсөн устгана.
Хэдийгээр газар дэлхийд суурьшсан хүмүүс тэнгэрийн од шиг тоо томшгүй олон боловч Би тэднийг бүгдийг нь алган дээрээ тавьсан мэт тодорхой мэддэг. Мөн Намайг “хайрладаг” хүмүүс далайн элс мэт тоолж баршгүй хэдий ч тун цөөхөн хүнийг л Би сонгодог: Намайг “хайрладаг” хүмүүсээс гадна хурц гэрлийг эрэлхийлдэг хүмүүс л сонгогддог. Би хүнийг хэт өндрөөр үнэлдэггүй, бас дутуу ч үнэлдэггүй; харин угийн шинж чанарт нь тааруулан хүнд шаардлага тавьдаг тул хүмүүсийг сонгох зорилгоо биелүүлэхийн тулд Би Намайг чин сэтгэлээсээ эрж хайдаг хүнийг л шаарддаг. Ууланд тоймгүй олон зэрлэг араатан байдаг ч Миний өмнө бүгд хонь шиг номхон байдаг; далайн давлагаан дор ойлгошгүй олон гайхамшиг оршдог боловч Миний өмнө өөрсдийгөө газрын гадарга дээрх бүх зүйлтэй адил тодорхой харуулдаг; дээд тэнгэрүүдэд хүний хэзээ ч хүрч чадахгүй ертөнц байдаг, харин тэдгээр хүршгүй ертөнцөд Би чөлөөтэй алхалдаг. Хүн Намайг гэрэлд хэзээ ч таниагүй, харин Намайг харанхуйн ертөнцөд л харсан. Та нар ч гэсэн өнөөдөр яг адилхан нөхцөл байдалд байгаа биш гэж үү? Агуу улаан лууны галзуу хилэн оргилдоо хүрэх цагт Би Өөрийн ажлыг албан ёсоор махбодоор эхлүүлсэн. Агуу улаан луу жинхэнэ дүр төрхөө анх удаа илчилсэн үед Би Өөрийн нэрийг гэрчилсэн. Намайг хүн төрөлхтний замаар алхах үед нэг ч амьтан, нэг ч хүн цочиж сэрээгүй тул бие махбодтой болоод хүний ертөнцөд ирэхэд минь хэн ч мэдээгүй. Гэхдээ Өөрийн махбод болсон биеэр ажлаа хийж эхэлсний дараа Миний нижигнэсэн дуунаар хүмүүс зүүднээсээ цочин сэрж, энэ мөчөөс эхлэн Миний удирдамж дор амьдарч эхэлсэн. Өөрийн ардуудын дунд Би шинэ ажлыг дахин нэгэнтээ эхлүүлсэн. Газар дээрх Миний ажил дуусаагүй гэж хэлсэн нь Миний ярьсан Миний ардууд бол зүрх сэтгэлдээ Миний шаарддаг хүмүүс биш гэдгийг хангалттай харуулдаг, гэсэн ч Би тэдний дундаас заримыг нь мөн л сонгодог. Би Өөрийн ардуудад бие махбодтой болсон Бурханыг мэдүүлээд зогсохгүй, бас тэднийг цэвэрлэдэг нь үүнээс илэрхий юм. Миний захиргааны зарлиг хатуу чандаас болж хүмүүсийн дийлэнх олонх нь Надад таягдуулан хаягдах аюулд байсаар байгаа. Та нар өөрсөдтэйгөө харьцахын тулд хамаг хичээл чармайлтаа гаргаж, өөрсдийн биеийг захирахгүй бол—ингэхгүй л бол яг л Паул шууд Миний гараас гэсгээлт хүртээд, үүнээс зугтах аргагүй байсантай адилаар Миний жигшин голдог бай болж, там руу хаягдах нь гарцаагүй. Та нар Миний үгээс ямар нэг зүйлийг олж мэдэж авсан уу? Би бол бүхэлдээ ариун, өө сэвгүй Бурхан Өөрөө учраас урьдын адилаар чуулганыг цэвэрлэж, Өөрт хэрэгтэй хүмүүсийг үргэлжлүүлэн ариусгах нь Миний санаа зорилго юм. Би Өөрийн сүмийг солонгын өнгөөр солонгоруулах төдийгүй дотор талыг нь гадна талтайгаа зохицохуйц өө сэвгүй цэвэрхэн болгоно. Миний өмнө та нар дор бүрнээ урьд нь юу хийснээ тунгаан бодож, өнөөдөр Миний зүрх сэтгэлийг төгс хангалуун болгохоор сэтгэл шулуудаж чадах эсэхээ шийдэх хэрэгтэй.
Хүн ердөө махбодод байгаа Намайг мэддэггүй ч юм биш; үүнээс гадна тэр махан биед оршдог өөрийгөө ч ойлгож чадаагүй. Маш олон жилийн турш хүмүүс Намайг мэхэлж, Надад гаднаас ирсэн зочин мэт хандсаар ирсэн. Маш олон удаа тэд Намайг “гэрийнхээ хаалганы” гадна үлдээн хаалгаа хаасан; маш олон удаа Миний өмнө зогсоод Надад ямар ч анхаарал хандуулаагүй; маш олон удаа тэд бусад хүмүүсийн дунд Надаас татгалзсан; маш олон удаа тэд Намайг диаволын өмнө үгүйсгэсэн; маш олон удаа тэд хэрүүлч амаараа Над руу дайрч давшилсан. Гэсэн ч Би хүний сул талуудыг санадаггүй, дуулгаваргүй байдлаас нь үүдэн шүдийг шүдээр төлөхийг шаарддаггүй. Би гагцхүү түүний эдгэшгүй өвчнийг эдгээж, улмаар эрүүл саруул болгохын тулд өвчинд нь эм хэрэглэсэн бөгөөд ингэвэл тэр Намайг мэдэж авч магадгүй юм. Миний хийсэн бүхэн хүний оршин тогтнолын төлөө, хүний амьдралд боломж олгохын төлөө байгаагүй гэж үү? Олон удаа Би хүний ертөнцөд ирсэн боловч Өөрийн үнэн биеэр энэ дэлхийд ирснээс болж хүмүүс Намайг огт тоогоогүй; харин ч хүссэнээрээ авирлаж, өөртөө л гарах гарц хайсан. Тэнгэрийн доорх зам нэг бүр Миний гараас бий болдог гэдгийг тэд ер мэддэггүй! Тэнгэрийн доорх юм болгон Миний тушаалд захирагддаг гэдгийг тэд ер гадарладаггүй! Та нараас хэн зүрх сэтгэлдээ гомдол дургүйцэл өвөрлөж зүрхэлдэг вэ? Та нараас хэн яаран дүгнэлт гаргаж зүрхэлдэг вэ? Би зүгээр л хүмүүсийн дунд Өөрийнхөө ажлыг чимээгүйхэн хийсээр ирсэн. Хэрвээ бие махбодтой байх хугацаандаа Би хүний сул талыг өрөвдөөгүй бол гагцхүү бие махбодтой болсноос минь болж бүх хүн ухаанаа алдтал айчхаад, түүнийхээ уршгаар Үхэгсдийн оронд уначихсан байх байлаа. Би Өөрийгөө даруухан байлгаж, Өөрийгөө нуусан учраас л хүмүүс гай гамшгаас зайлж, Миний гэсгээлтээс ангижирсан ба ийм маягаар өнөөдрийг хүрсэн. Өнөөдрийг хүрэх нь хэчнээн хэцүү байсныг бодолцон үзээд та нар хүрэлцэн ирэх маргаашийг бүр ч илүү ихээр нандигнах ёстой бус уу?
1992 оны 3 дугаар сарын 8