2. Бурханы байлдан дагуулалтын ажлын ач холбогдол

Холбогдох Бурханы үг:

Сатаны маш гүн гүнзгий завхруулсан хүн төрөлхтөн Бурхан байдаг гэдгийг мэддэггүй ба Бурханд шүтэн мөргөхөө больжээ. Анх Адам, Ева хоёрыг бүтээгдэх үед Еховагийн алдар болон гэрчлэл үргэлж байдаг байлаа. Гэхдээ завхруулагдсаныхаа дараа хүн алдар болон гэрчлэлийг алджээ, учир нь хүн бүр Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг хүндлэхээ бүрмөсөн больсон юм. Өнөөдрийн байлдан дагуулалтын ажил нь, бүтээгдсэн зүйлсийн дунд гэрчлэлтэй байхын тулд бүх алдар суу, гэрчлэлийг буцаан авч, бүх хүнээр Бурханыг шүтүүлэхийн төлөө байдаг; энэхүү үе шатанд хийгдэх ажил нь энэ юм. Хүн төрөлхтнийг яг яаж байлдан дагуулдаг вэ? Хүнийг бүрэн дүүрэн үнэмшүүлэхийн тулд энэ үе шатны үгийн ажлыг ашигласнаар; хүнийг бүрэн ятгахын тулд илчлэлт, шүүлт, гэсгээлт, өршөөлгүй хараал ашигласнаар; хүний тэрслүү байдлыг илчилж, эсэргүүцлийг нь шүүснээр хийгддэг, ийнхүү тэрээр хүн төрөлхтний шударга бус, бузар булай байдлыг мэдэж, улмаар Бурханы зөвт зан чанарын товойлгогч болгон эдгээр зүйлийг ашиглаж чадна. Үндсэндээ эдгээр үгээр дамжуулан хүнийг байлдан дагуулж, бүрэн үнэмшүүлдэг. Үг бол хүн төрөлхтнийг эцэстээ байлдан дагуулах арга барил бөгөөд Бурханы байлдан дагуулалтыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн Түүний үгийн цохилт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөгийн ярих үйл явц нь яг нарийндаа байлдан дагуулах үйл явц юм. Тэгвэл хүмүүс яг яаж хамтран ажиллах ёстой вэ? Эдгээр үгийг хэрхэн идэж, уухаа мэдэж, тэдгээрийг ойлгосноор. Хүмүүс хэрхэн байлдан дагуулагддаг тухайд гэвэл, энэ нь тэдний өөрсдөө хийж чадахгүй зүйл юм. Чи эдгээр үгийг идэж ууснаар дамжуулан өөрийн завхрал, бохир заваан, тэрслүү, зөв шударга бус байдлыг мэдэж авч, Бурханы өмнө сөхрөн унаж л чадна. Хэрвээ чи Бурханы хүслийг ухаарсныхаа дараа ч хэрэгжүүлж чаддаг бол, мөн үзэгдэлтэй байж, эдгээр үгэнд бүрэн захирагдаж чаддаг, өөрөө ямар ч сонголт хийдэггүй бол чи байлдан дагуулагдсан байх болно—энэ нь эдгээр үгийн үр дүн байна. Хүн төрөлхтөн яагаад гэрчлэлээ алдсан бэ? Хэн ч Бурханд итгэдэггүй учраас, хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан зай эзэлдэггүй учраас. Хүн төрөлхтнийг байлдан дагуулах нь хүн төрөлхтний итгэлийг сэргээх явдал юм. Хүмүүс дэлхий ертөнц рүү ухаан жолоогүй гүйхийг үргэлж хүсэж, хэтэрхий их итгэл найдвар өвөрлөж, ирээдүйнхээ төлөө дэндүү ихийг хүсэж, хэрээс хэтэрсэн шаардлага дэндүү их тавьдаг. Тэд үргэлж махан биеийн талаар бодож, төлөвлөдөг бөгөөд Бурханд итгэх замыг эрж хайх талаар огт сонирхдоггүй. Тэдний зүрх сэтгэлийг Сатан булаан авч, тэд Бурханыг хүндлэх хүндлэлээ алдсан ба Сатанд анхаарлаа хандуулдаг. Гэхдээ хүнийг Бурхан бүтээсэн. Тиймээс хүн гэрчлэлээ алдсан гэдэг нь Бурханы алдрыг алдсан гэсэн үг юм. Хүн төрөлхтнийг байлдан дагуулахын зорилго нь Бурханыг гэх хүний хүндлэлийн алдар сууг эргүүлэн авах явдал юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 1

Өнөөдрийн байлдан дагуулалтын ажил нь хүний төгсгөл ямар байхыг ил болгохоор зорьдог. Өнөөдрийн шүүлт, гэсгээлт нь эцсийн өдрүүдийн агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм гэж яагаад хэлдэг вэ? Чи үүнийг харахгүй байна уу? Байлдан дагуулалтын ажил яагаад сүүлчийн үе шат вэ? Энэ нь яг нарийндаа төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг харуулахын төлөө байдаг бус уу? Энэ нь гэсгээлт, шүүлтээр байлдан дагуулах ажлын явцад, жинхэнэ нүүр царайгаа харуулж, дараа нь төрлийнхөө дагуу ангилагдах боломжийг хүн бүрд олгохын төлөө байдаг бус уу? Энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж байгаа хэрэг гэж хэлэхийн оронд төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг харуулж байгаа хэрэг гэж хэлсэн нь дээр байж магад. Энэ нь, хүмүүсийн нүглийг шүүж, дараа нь хүний янз бүрийн төрлийг илчилж, улмаар ёрын муу, эсвэл зөв шударга эсэхийг нь шийдэх явдал юм. Байлдан дагуулалтын ажлын дараа сайныг шагнаж, мууг шийтгэх ажил явагддаг. Бүрэн дуулгавартай дагадаг буюу бүрмөсөн байлдан дагуулагдсан хүмүүсийг бүхий л орчлон ертөнцөд Бурханы ажлыг түгээх дараагийн алхамд байрлуулна; байлдан дагуулагдаагүй хүмүүсийг харанхуйд байрлуулах ба тэд гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрлийнхөө дагуу ангилагдаж, мууг үйлдэгчид муугийн бүлэгт ангилагдаж, дахин хэзээ ч нарны гэрэлд байхгүй бөгөөд зөв шударга хүмүүс сайнтай ангилагдан гэрлийг хүлээн авч, үүрд гэрэлд амьдарна. Бүх зүйлийн төгсгөл ойрхон байна; хүний төгсгөл нүдэнд нь тодорхой харагдсан бөгөөд бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдана. Тэгвэл хүмүүс дор бүрнээ төрлөөрөө ангилагдахын зовлонгоос хэрхэн зугтаж чадах вэ? Бүх зүйлийн төгсгөл ойртох үед төрөл бүрийн хүний төгсгөл илчлэгддэг ба энэ нь бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлын явцад (өнөөгийн ажлаас эхлээд байлдан дагуулалтын бүх ажлыг оролцуулан) хийгддэг. Бүх хүн төрөлхтний төгсгөлийг илчлэх илчлэлт нь гэсгээлтийн явцад, мөн эцсийн өдрүүдийн байлдан дагуулах ажлын явцад шүүх суудлын өмнө хийгддэг… Байлдан дагуулахлтынэцсийн үе шат нь хүмүүсийг аварч, тэдний төгсгөлийг илчлэх учиртай. Энэ нь, шүүлтээр дамжуулан хүмүүсийн доройтлыг ил болгож, улмаар гэмшиж, өндийн босож, амь болоод хүний амьдралын зөв замыг эрэлхийлэхэд тэднийг хүргэх явдал юм. Энэ нь хөшүүн, маанаг хүмүүсийн зүрх сэтгэлийг сэрээж, шүүлтээр дамжуулан доторх тэрслүү байдлыг нь харуулахын төлөө байдаг. Гэсэн хэдий ч, хүмүүс гэмшиж чадахгүй, хүний амьдралын зөв замыг эрэлхийлж чадахгүй, эдгээр завхралыг хөсөр хаях чадваргүй хэвээр байвал аврагдах аргагүй бөгөөд Сатанд залгиулна. Хүмүүсийг аварч, бас тэдний төгсгөлийг харуулах нь Бурханы байлдан дагуулалтын ач холбогдол билээ. Сайн, муу төгсгөл нь бүгд байлдан дагуулалтын ажлаар илчлэгддэг. Хүмүүс аврагдах, хараагдах эсэх нь бүгд байлдан дагуулалтын ажлын явцад илчлэгддэг.

Эцсийн өдрүүд нь байлдан дагуулалтаар дамжуулан бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үе юм. Байлдан дагуулах нь эцсийн өдрүүдийн ажил; өөрөөр хэлбэл, хүн бүрийн нүглийг шүүх нь эцсийн өдрүүдийн ажил билээ. Эс бөгөөс, хүмүүсийг яаж ангилж чадах юм бэ? Та нарын дунд хийгдэж байгаа ангилах ажил нь бүхий л орчлон ертөнц дэх ийм ажлын эхлэл юм. Үүний дараа, бүх газар нутгийн хүмүүс болон бүх ард түмэн ч бас байлдан дагуулалтын ажлыг хүлээн авна. Энэ нь, бүтээл дэх хүн бүр төрлөөрөө ангилагдаж, шүүгдэхийн тулд шүүх суудлын өмнө захирагдана гэсэн үг юм. Хэн ч, юу ч энэхүү гэсгээлт, шүүлтийг туулахаас зугтаж чадахгүй, мөн төрлөөрөө ангилагддаггүй ямар ч хүн, ямар ч зүйл үгүй; хүн бүр ангилагдана, учир нь бүх зүйлийн төгсгөл ойртож, тэнгэр, газар бүгд төгсгөлдөө хүрсэн. Хүний оршин тогтнолын сүүлчийн өдрүүдээс хүн хэрхэн зугтаж чадах билээ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 1

Байлдан дагуулалтын ажлын зорьсон үр нөлөө нь юун түрүүнд хүний махан бие тэрслэхээ болих явдал юм; өөрөөр хэлбэл, хүний оюун ухаан Бурханы талаар шинэ мэдлэгтэй болж, зүрх сэтгэл нь Бурханыг бүрэн дуулгавартай дагаж, Бурханы төлөө тэмүүлэх явдал юм. Ааш авир юм уу махан бие нь өөрчлөгдөхөд хүмүүсийг байлдан дагуулагдсан гэж тооцдоггүй; хүний бодол, ухамсар болон эрүүл ухаан өөрчлөгдөх үед, өөрөөр хэлбэл, сэтгэл санааны хандлага чинь бүхэлдээ өөрчлөгдөх үед—чи Бурханаар байлдан дагуулагдсан байх болно. Чи дуулгавартай байхаар шийдэж, шинэ сэтгэлгээтэй болж, өөрийн ямар ч үзэл, санаа зорилгыг Бурханы үг болон ажилтай холихоо больж, уураг тархи чинь хэвийн байдлаар бодож чадах үед—өөрөөр хэлбэл, бүх зүрх сэтгэлээрээ Бурханы төлөө зүтгэх үед—чи бүрэн байлдан дагуулагдсан төрлийн хүн юм. Шашинд олон хүн насан туршдаа асар их зовдог: Тэд биеэ захирч, загалмайгаа үүрч, бүр үхлийн ирмэгт байх үедээ ч зовж, тэвчсээр байдаг! Зарим нь өөрсдийнхөө насан эцэслэх өглөө ч мацаг барьж байдаг. Бүхий л амьдралдаа тэд сайхан хоол хүнс, хувцас хунараас татгалзаж, зовоход л анхаарлаа хандуулдаг. Тэд биеэ захирч, махан биеэ хаяж чаддаг. Зовлон тэвчсэнийх нь төлөө тэдний эр зоригийг магтууштай. Гэвч тэдний бодол, үзэл, сэтгэл санааны байдал болон хуучин уг чанар нь өчүүхэн төдий ч харьцалт туулаагүй байдаг. Тэдэнд өөрсдийнх нь талаарх ямар ч жинхэнэ мэдлэг байдаггүй. Тэдний сэтгэл дэх Бурханы дүр нь тодорхойгүй Бурханы уламжлалт дүр байдаг. Бурханы төлөө зовох шийдвэр нь тэдний урам зориг болон хүн чанарынх нь сайн ёс жудгаас үүдэн гардаг. Хэдий тэд Бурханд итгэдэг ч Бурханыг ойлгодоггүй, Түүний хүслийг ч мэддэггүй. Тэд ердөө л Бурханы төлөө сохроор ажиллаж, зовдог. Тэд ялган таних чадварт ямар ч ач холбогдол өгдөггүй, үйлчлэл нь яаж Бурханы хүслийг үнэхээр биелүүлэх талаар багахан анхаардаг бөгөөд Бурханы талаарх мэдлэгт хэрхэн хүрэхээ бүр ч мэддэггүй. Тэдний үйлчилдэг Бурхан нь төрөлх дүрээрээ байгаа Бурхан биш, харин өөрсдийнх нь төсөөлсөн Бурхан, өөрсдийнх нь сонсож дуулсан юм уу ном зохиолын үлгэр домгоос уншсан л Бурхан юм. Тэгээд тэд өөрсдийн баялаг төсөөлөл, сүсэг бишрэлээ ашиглан Бурханы төлөө зовж, Бурханы хийхийг хүсдэг ажлыг хариуцдаг. Тэдний үйлчлэл хэтэрхий оновчгүй байдаг болохоор чухамдаа хэн нь ч Бурханы хүслийн дагуу үйлчилж үнэхээр чаддаггүй. Тэд Бурханы шүүлт, гэсгээлт, цэвэршүүлэлт, төгс болголтыг туулаагүй, мөн үнэнийг ашиглан хэн ч тэднийг залж чиглүүлээгүй учраас хэчнээн дуртай зовдгоос үл хамааран үйлчлэлийн талаарх анхдагч үзэл бодол болон сэтгэлд нь байгаа Бурханы дүр өөрчлөгдөлгүй үлддэг. Аврагч Есүст итгэдэг байлаа ч гэсэн, тэдний нэг нь ч Аврагчийг ер харж байгаагүй. Тэд үлгэр домог, цуу ярианаас л Түүний талаар мэддэг. Үүний үр дүнд, тэдний үйлчлэл нь сохор хүн эцэгтээ үйлчлэхтэй адилаар нүдээ анин таамгаар үйлчлэхээс хэтэрдэггүй. Ийм төрлийн үйлчлэлээр эцэстээ юунд хүрч чадах вэ? Хэн үүнийг сайшаах юм бэ? Эхнээсээ эцсээ хүртэл тэдний үйлчлэл нэгэн хэвийн хэвээр үлддэг; тэд зөвхөн хүний сургаалыг л хүлээн авдаг бөгөөд байгаа байдал, дуртай зүйлдээ л үндэслэн үйлчилдэг. Энэ нь ямар шагнал авчирч чадах юм бэ? Есүсийг харсан Петр хүртэл Бурханы хүслийн дагуу хэрхэн үйлчлэхээ мэдээгүй; тэрээр эцэст нь хөгширсөн хойноо л мэдэж авсан юм. Тэгвэл өчүүхэн төдий ч харьцалт, засалт туулаагүй, залж чиглүүлэх хэн ч байхгүй тэр сохор хүмүүсийн тухайд юу гэх вэ? Өнөөдөр та нарын дундах олон хүний үйлчлэл энэ сохор хүмүүсийнхтэй адилхан биш гэж үү? Шүүлт, засалт, харьцалт хүлээн аваагүй, өөрчлөгдөөгүй бүх хүн—бүгд бүрэн байлдан дагуулагдаагүй хүмүүс бус уу? Ийм хүмүүс ямар хэрэгтэй юм бэ? Чиний сэтгэхүй, амьдралын талаарх мэдлэг, Бурханы талаарх мэдлэгт ямар ч шинэ өөрчлөлт гардаггүй, үнэндээ юу ч олж авдаггүй бол чи үйлчлэлээрээ ер бусын юунд ч хүрэхгүй! Үзэгдэл болон Бурханы ажлын тухай шинэ мэдлэггүй бол чи байлдан дагуулагдаагүй. Тэгвэл Бурханыг дагаж байгаа чинь зовж, мацаг барьдаг хүмүүстэй адил, өчүүхэн үнэ цэнтэй байх болно! Хийдэг зүйлд нь багахан гэрчлэл байдаг учраас л тэдний үйлчлэл хий дэмий юм гэж Би хэлдэг! Тэр хүмүүс насан туршдаа зовж, шоронд цагаа өнгөрүүлдэг; тэд ямагт тэвчиж, хайрлан, үргэлж загалмай үүрдэг, дэлхий ертөнцөд дооглуулж, гологдож, бэрхшээл бүрийг туулж, эцсээ хүртэл дуулгавартай байдаг ч мөн л байлдан дагуулагддаггүй бөгөөд байлдан дагуулагдах тухай ямар ч гэрчлэл хийж чаддаггүй. Тэд асар их зовсон ч дотроо Бурханыг огт мэддэггүй. Тэдний хуучин сэтгэхүй, хуучин үзэл, шашны зан үйл, хүний бий болгосон мэдлэг болон хүний үзэл санааны аль нь ч харьцалт амсаагүй. Шинэ ойлголтын өчүүхэн ч сэжүүр тэдэнд байдаггүй. Бурханы талаарх тэдний мэдлэгийн багахан нь ч үнэн зөв, оновчтой байдаггүй. Тэд Бурханы хүслийг буруугаар ойлгосон. Энэ нь Бурханд үйлчилж байгаа хэрэг үү? Бурханы талаарх урьдын мэдлэг чинь ямар ч байлаа гэсэн, өнөөдөр хэвээрээ үлдэж, Бурхан юу ч хийлээ гэсэн Бурханы талаарх мэдлэг чинь өөрийн үзэл, санаанд үндэслэсээр байвал, өөрөөр хэлбэл, Бурханы талаарх ямар ч шинэ, жинхэнэ мэдлэг чамд байдаггүй, чи Бурханы жинхэнэ дүр төрх болон зан чанарыг мэдэж чаддаггүй бол, мөн Бурханы талаарх мэдлэг чинь одоо ч феодалын, мухар сүсэгт сэтгэлгээгээр удирдуулж, хүний үзэл, төсөөллөөс төрөн гардаг хэвээр бол чи байлдан дагуулагдсангүй. Одоо чамд Миний хэлж буй олон үг бүгд чамайг мэдлэгтэй болгож, энэхүү мэдлэгээр чамайг илүү шинэлэг, үнэн зөв мэдлэг рүү хөтлөх зорилготой; бас чамд байгаа хуучин үзэл, хуучин мэдлэгийг үгүй хийх зорилготой, ингэснээр чи шинэ мэдлэгтэй болно. Хэрвээ чи Миний үгийг үнэхээр идэж уувал мэдлэг чинь мэдэгдэхүйц өөрчлөгдөнө. Чи дуулгавартай зүрх сэтгэлээр Бурханы үгийг идэж, ууж байгаа цагт үзэл бодол чинь өөрчлөгдөнө. Чи удаа дараагийн гэсгээлтийг хүлээн авч чадаж байгаа цагт хуучин сэтгэхүй чинь аажмаар өөрчлөгдөнө. Чиний хуучин сэтгэхүй бүхэлдээ шинээр солигдсон цагт хэрэгжүүлэлт чинь ч бас үүнийг даган өөрчлөгдөнө. Ийм маягаар чиний үйлчлэл улам бүр оновчтой болж, Бурханы хүслийг улам их биелүүлж чадна. Хэрвээ чи өөрийн амьдрал, хүний амьдралын талаарх мэдлэг болон Бурханы талаарх олон үзлээ өөрчилж чадвал төрөлх байдал чинь аажмаар багасна. Гагцхүү энэ нь л Бурхан хүмүүсийг байлдан дагуулах үеийн үр нөлөө бөгөөд хүмүүст гардаг өөрчлөлт юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 3

Еховагийн ажил нь дэлхийг бүтээх явдал байсан бөгөөд энэ нь эхлэл байсан юм; ажлын энэ үе шат бол ажлын сүүлч бөгөөд төгсгөл юм. Эхэндээ Бурханы ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газраас хамгийн ариун газар дахь шинэ эриний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь, дэлхийг шүүж, эрин үеийг төгсгөхийн тулд бүх улс орноос хамгийн бузар заваан оронд хийгддэг. Эхний үе шатанд Бурханы ажил хамгийн гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт хийгддэг бөгөөд энэхүү харанхуйг хөөн зайлуулж, гэрлийг авчирч, бүх хүнийг байлдан дагуулна. Бүх газраас хамгийн бузар заваан, харанхуй газрын ард түмэн байлдан дагуулагдаж, жинхэнэ Бурхан байдгийг бүх хүн ам хүлээн зөвшөөрч, хүн болгон бүрэн үнэмших үед бүхий л орчлон ертөнц даяар байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэхэд энэхүү баримтыг ашиглана. Ажлын энэ үе шат бэлгэдлийн чанартай: Энэ эрин үеийн ажил дуусмагц зургаан мянган жилийн удирдлагын ажил бүрмөсөн төгсөнө. Хамгийн харанхуй газарт байгаа хүмүүс байлдан дагуулагдмагц хаа сайгүй ийм зүйл болно гэдэг нь илэрхий юм. Ийм болохоор зөвхөн Хятад дахь байлдан дагуулалтын ажил л утга учиртай бэлгэдлийг агуулдаг. Хятад улс харанхуйн бүх хүчийг илтгэдэг бөгөөд Хятадын ард түмэн нь Сатан, махан бие, мах цуснаас бүтсэн бүх хүнийг төлөөлдөг. Хятадын ард түмнийг агуу улаан луу хамгийн их завхруулсан, тэд Бурханыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг бөгөөд хүн чанар нь хамгийн олиггүй, ариун бус тул бүх завхарсан хүн төрөлхтний төлөөлөгч билээ. Бусад улс оронд ямар ч асуудал байхгүй гэж хэлж байгаа юм биш; хүний үзэл бүгд адилхан бөгөөд эдгээр улс орны хүмүүс сайн хэв чанартай байж болох хэдий ч хэрвээ Бурханыг мэддэггүй бол Түүнийг эсэргүүцдэг байж таарна. Яагаад иудейчүүд ч бас Бурханыг эсэргүүцэж, сөрсөн бэ? Яагаад фарисайчууд ч бас Түүнийг эсэргүүцсэн бэ? Яагаад Иудас Есүсээс урвасан бэ? Тэр үед шавь нарынх нь олонх нь Есүсийг мэдээгүй. Есүсийг цовдлогдож, дахин амилсны дараа ч яагаад хүмүүс Түүнд итгээгүй вэ? Хүний дуулгаваргүй байдал бүгд адилхан бус уу? Зүгээр л Хятадын ард түмнийг жишээ болгож байгаа ба байлдан дагуулагдах үедээ тэд үлгэр дуурайл, загвар болж, бусдад лавлагаа болох болно. Та нар бол Миний удирдлагын төлөвлөгөөний хавсралт гэж Би яагаад үргэлж хэлдэг вэ? Учир нь Хятадын ард түмэнд завхрал, бузар, шударга бус байдал, эсэргүүцэл, тэрслүү байдал хамгийн бүрэн дүүрэн илэрхийлэгдэж, янз бүрийн хэлбэрээрээ илчлэгддэг. Нэг талаас, тэд дорд хэв чанартай, нөгөө талаас, амьдрал, сэтгэлгээ нь хоцрогдмол, мөн зуршил, нийгмийн орчин, төрсөн гэр бүл нь бүгд ядуу дорд, хамгийн их хоцрогдсон байдаг. Тэдний байр суурь ч бас дорд. Энэ газарт хийж байгаа ажил бэлгэдлийн чанартай бөгөөд туршилтын энэ ажлыг бүхэлд нь хийж дуусгасны дараа Бурханы дараагийн ажил хавьгүй илүү амархан байх болно. Хэрвээ ажлын энэ үе шатыг дуусгаж чадвал дараагийн ажлыг хэлэхийн ч хэрэггүй. Ажлын энэ үе шат гүйцэлдвэл агуу амжилтад бүрэн хүрч, бүхий л орчлон ертөнц даяарх байлдан дагуулалтын ажил бүрмөсөн төгсөнө. Үнэндээ, та нарын дундах ажил амжилттай болмогц энэ нь бүх орчлон ертөнц даяарх амжилттай тэнцүү байх болно. Би та нарыг үлгэр жишээ, загвар болгосны ач холбогдол энэ юм. Тэрслүү байдал, эсэргүүцэл, бузар бохир байдал, шударга бус байдал—энэ бүхэн нь энэхүү хүмүүст байдаг бөгөөд тэдэнд байдаг зүйл хүн төрөлхтний бүх тэрслүү байдлыг төлөөлдөг. Тэд үнэхээр амаргүй. Тиймээс тэднийг байлдан дагуулалтын загвар болгодог ба байлдан дагуулагдмагцаа тэд аяндаа бусдын үлгэр жишээ, загвар болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 2

Хүн ирээдүйн төгсгөл, эцсийн хүрэх газар ба итгэж найдах сайн зүйл байгаа эсэхэд хамгаас их анхаардаг. Хэрвээ байлдан дагуулалтын ажлын явцад хүнд сайхан итгэл найдварыг өгсөн бол, хэрэв хүнийг байлдан дагуулахаасаа өмнө эрэлхийлбэл зохих хүрэх газрыг нь өгсөн бол хүний байлдан дагуулалт амжилттай үр дүнд хүрэхгүйгээр үл барам, байлдан дагуулалтын ажлын үр дүнд ч мөн нөлөөлөх байсан. Өөрөөр хэлбэл, хүний хувь заяа, хэтийн ирээдүйг булаан авч, хүний тэрслүү зан чанарыг шүүж, гэсгээснээр байлдан дагуулалтын ажил амжилттай үр дүнд хүрдэг. Хүнтэй наймаацаж, өөрөөр хэлбэл хүнд ерөөл, нигүүлсэл өглөө гээд үр дүнгүй, харин хүнийг “эрх чөлөө”-нөөс нь салгаж, хэтийн ирээдүйг нь үгүй хийх замаар хүний үнэнч байдлыг илчилснээр үүнд хүрдэг. Энэ нь байлдан дагуулах ажлын мөн чанар юм. Хэрвээ хүнд бүр эхнээс нь сайхан итгэл найдвар өгөөд, гэсгээлт, шүүлтийн ажлыг дараа нь хийсэн бол өөрт нь хэтийн ирээдүй байгаа гэсэн үндсэн дээр хүн энэхүү гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх байсан бөгөөд эцэстээ Бүтээгчийг бүх бүтээл нь болзолгүйгээр дуулгавартай дагаж, шүтэн мөргөхгүй байх байсан; хүн зөвхөн харанхуй, мунхгаар дуулгавартай байж, үгүй бол Бурханд сохроор шаардлага тавих байсан, иймээс хүний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулах боломжгүй болох байлаа. Үүний үр дүнд, байлдан дагуулалтын энэ ажлаар хүнийг олж авч чадахгүй, цаашлаад Бурханд гэрчлэл хийх боломжгүй болох байлаа. Ийм бүтээлүүд үүргээ биелүүлж чадахгүй, Бурханд нөхцөл болзол л тавих байсан; энэ нь байлдан дагуулалт бус, харин ердөө л өршөөл, ерөөл байх байв. Хувь заяа, хэтийн ирээдүйгээс өөр юу ч бодолгүй, тэдгээрийг тахин шүтдэг нь хүний хамгийн том асуудал юм. Хүн хувь заяа, хэтийн ирээдүйнхээ төлөө Бурханыг эрэлхийлдэг; Бурханд хайртайдаа Түүнийг шүтэн мөргөдөггүй. Иймээс хүнийг байлдан дагуулахдаа, хүний аминч үзэл, шунал болон Бурханыг шүтэн мөргөхөд нь хамгийн их саад болдог зүйлстэй харьцаж, авч хаяна. Ийнхүү хүний байлдан дагуулалт үр дүнд хүрнэ. Үүний үрээр, хүнийг байлдан дагуулах эхний үе шатанд, хүний жолоогүй хүсэл санаархал болон хамгийн аюултай сул талуудыг арилгаж, үүний дүнд Бурханыг гэх хүний хайрыг илчилж, хүний амьдралын талаарх мэдлэг, Бурханы талаарх үзэл бодол, өөрийнх нь оршин тогтнолын утга учрыг өөрчлөх нь чухал юм. Ийм маягаар Бурханыг гэх хүний хайр цэвэрлэгддэг, өөрөөр хэлбэл, хүний зүрх сэтгэл байлдан дагуулагддаг. Гэвч бүх бүтээлд хандах хандлагадаа Бурхан, байлдан дагуулахын төлөө л байлдан дагуулдаггүй; харин хүнийг олж авахын тулд, Өөрийнхөө алдрын төлөө, мөн хүний хамгийн эртний, анхдагч төрхийг сэргээхийн төлөө байлдан дагуулдаг. Тэр байлдан дагуулахын төлөө л байлдан дагуулдаг байсан бол байлдан дагуулалтын ажлын ач холбогдол алдагдах байлаа. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг байлдан дагуулсныхаа дараа хэрэгсэхгүй орхиж, түүний амьдрал, үхэлд ямар ч анхаарал хандуулдаггүй байсан бол энэ нь хүн төрөлхтнийг удирдаж байгаа хэрэг биш, хүнийг аврахын төлөө байлдан дагуулсан хэрэг ч биш болох байв. Хүнийг байлдан дагуулсныхаа дараа олж авах, мөн хүн эцэстээ гайхалтай хүрэх газарт очих явдалд л авралын ажлын гол цөм оршдог бөгөөд ингэснээр л хүнийг аврах авралын зорилгод хүрч чадна. Өөрөөр хэлбэл, хүн сайхан хүрэх газарт очиж, амралтад орно гэсэн ийм л хэтийн ирээдүй бүх бүтээлд байх ёстой, энэ л Бүтээгчийн хийх ёстой ажил юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь

Хүнийг байлдан дагуулах эцсийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат төдийгүй Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүнийг байлдан дагуулахын дотоод утга учир нь, Сатаны биелэл болсон Сатаны ялзруулсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү эргэн очих явдал бөгөөд үүгээр дамжуулан тэр Сатаныг хаяж, Бурхан руу бүрмөсөн буцаж очно. Ийм замаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс байлдан дагуулалтын ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн аврал эцсийн дүндээ боломжгүй болно, Сатаныг бүрэн ялах ч боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх байсан юм. Үүний үр дүнд, Сатантай хийх тулаан дуусахаас нааш хүнийг аврах ажил дуусна гэж байхгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын цөм нь хүн төрөлхтний авралын төлөө байдаг. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзралын улмаас хүн Сатанд хүлэгдэж, ёрын муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагын ажлын ялах учиртай бай нь Сатан болсон юм. Сатан хүнийг эрхшээлдээ оруулсан учраас, мөн хүн бол Бурханы бүх удирдлагаа хэрэгжүүлэхдээ ашигладаг хөрөнгө учраас хүнийг аваръя гэвэл түүнийг Сатаны гараас эргүүлээд булаах ёстой, өөрөөр хэлбэл, Сатанд олзлогдсон байсан хүнийг буцаан олж авах ёстой гэсэн үг. Тиймээс, хүний хуучин зан чанарын өөрчлөлт, анхдагч эрүүл ухааныг нь сэргээх өөрчлөлтөөр дамжуулан Сатаныг ялах ёстой. Ийм маягаар, олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлээд булаан авч болно. Хэрвээ хүнийг Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлбөл Сатан шившиг болж, эцсийн эцэст хүнийг буцаан олж авч, Сатан ялагдах болно. Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас хүн энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан дуусмагц шийтгэгдэх бай болно, үүний дараа хүн төрөлхтнийг аврах бүхий л ажил дууссан байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь

Байлдан дагуулалтын ажил хүмүүс та нар дээр хийгддэг нь хамгийн гүн гүнзгий ач холбогдолтой: Нэг талаар, энэхүү ажлын зорилго нь бүлэг хүмүүсийг төгс болгох явдал, өөрөөр хэлбэл, тэднийг төгс болгосноор тэд бүлэг ялагч—бүрэн төгс болгуулсан эхний бүлэг хүмүүс буюу анхны үр жимс болж болох юм. Нөгөө талаар, энэ нь бүтээгдсэн зүйлсэд Бурханы хайрыг эдлүүлж, Бурханы бүрэн дүүрэн, хамгийн агуу авралыг хүртээж, хүнд өршөөл, хайр энэрлийг л эдлүүлээд зогсохгүй үүнээс ч чухал нь гэсгээлт, шүүлтийг эдлүүлэхийн төлөө байдаг. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл Өөрийнхөө ажлаар Бурханы хийсэн бүхэн бол хүнийг огтхон ч үзэн ядаагүй хайр билээ. Чиний харсан гэсгээлт, шүүлт ч гэсэн бас хайр, илүү жинхэнэ, илүү бодитой хайр, хүмүүсийг хүний амьдралын зөв зам руу хөтөлдөг хайр юм. Өөр нэг талаар, энэ нь Сатаны өмнө гэрчлэл хийхийн төлөө юм. Дахиад нэг талаас бол, энэ нь ирээдүйн сайн мэдээний ажлыг түгээх суурийг тавихын төлөө байдаг. Түүний хийсэн бүх ажил нь хүмүүсийг хэвийн хүн шиг амьдруулахын тулд хүний амьдралын зөв зам руу хөтлөх зорилготой байсан, учир нь хүмүүс хэрхэн амьдрахаа мэддэггүй бөгөөд энэхүү удирдамжгүйгээр чи хоосон амьдралаар л амьдарна; амьдрал чинь үнэ цэнгүй, утга учиргүй байх ба чи хэвийн хүн байж огт чадахгүй. Энэ нь хүнийг байлдан дагуулахын хамгийн гүн гүнзгий ач холбогдол билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 4

Өмнөх: 1. Бурханы үгийн ажлын ач холбогдол

Дараах: 3. Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын ач холбогдол

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх