Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн
Аврагчийн ирэхийг нүдээр үзэж чадах юм сан хэмээн хүн хэдэн мянган жилийн туршид эгээрэн хүссэн. Мянга мянган жилийн турш Өөрийг нь санан бэтгэрч, хүсэн мөрөөссөн хүмүүсийн дунд Аврагч Есүс цагаан үүл хөлөглөн, Өөрийн биеэр бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Хүн бас Аврагч эргэн ирж, бидэнтэй эргэн нэгдээсэй гэж хүсэн хүлээж байсан. Өөрөөр хэлбэл, хэдэн мянган жилийн туршид хүмүүсээс алс байсан Аврагч Есүсийг буцаад ирээсэй, иудейчүүдийн дунд хийсэн золин аврах ажлаа дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй, хайр энэрэлтэй хандаасай, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч, тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгээсэй хэмээн хүн хүсэмжилдэг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэйгөө адил хайр татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэдэггүй Аврагч байгаасай, энэ Аврагч нь хүний бүх нүглийг уучилж, хариуцлагыг нь үүрч, бүр хүний төлөө өмнөх шигээ загалмай дээр нас эцэслээсэй гэж хүсэн хүлээдэг. Есүсийг явснаас хойш Түүнийг дагаж байсан шавь нар болоод Түүний нэрийн ачаар аврагдсан ариун хүмүүс бүгд цөхрөнгөө баран Түүнийг санан бэтгэрч, хүлээсээр ирсэн юм. Нигүүлслийн эрин үед Есүс Христийн нигүүлслээр аврагдсан бүх хүн Аврагч Есүс цагаан үүлэн дээр буун ирж, бүх хүний дунд гарч ирэх эцсийн өдрүүд дэх тэр нэгэн баярт өдрийг хүсэмжилсээр байна. Мэдээж энэ бол мөн өнөөдөр Аврагч Есүсийн нэрийг хүлээн авч байгаа бүх хүний хамтын хүсэл юм. Есүс Христ газар дэлхий дээр байхдаа хэлсэн “Би яг л явсан шигээ ирнэ” гэх үгээ биелүүлэхээр гэнэт ирэхийг нь орчлон ертөнц даяарх Аврагч Есүсийн авралыг мэддэг бүх хүн цөхрөнгөө баран хүсэн хүлээсээр ирлээ. Цовдлуулж, дахин амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн боддог. Үүний адилаар, Есүс Өөрийг нь хэдэн мянган жилийн турш цөхрөнгөө баран хүсэн хүлээсэн хүмүүсийн дунд дахин, цагаан үүлэн дээр (энэ үүл нь Есүс тэнгэр лүү буцахдаа хөлөглөсөн үүлийг хэлж байна) бууж ирэх ба иудейчүүдийн дүр төрх болон хувцастай байх юм. Тэрээр хүний өмнө гарч ирснийхээ дараа тэдэнд хоол хүнс хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулаад, хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд, бодитоор амьдрах болно. Энэ бүх үзэл нь хүмүүсийн боддог зүйл юм. Гэвч Аврагч Есүс ингээгүй; Тэр хүний төсөөлснөөс эсрэг зүйл хийсэн. Эргэн ирэхийг нь хүсэн хүлээж байсан хүмүүсийн дунд Тэр ирээгүй, бас цагаан үүл хөлөглөж бүх хүнд харагдаагүй. Тэр аль хэдийн ирчихсэн боловч хүн мэддэггүй бөгөөд мэдлэггүй хэвээр үлддэг. Хүн Түүнийг зүгээр л зорилгогүй хүлээж байгаа бөгөөд Түүнийг аль хэдийн “цагаан үүлэн” дээр (тэр үүл бол Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр юу болох юм) бууж ирчхээд, одоо эцсийн өдрүүдэд бий болгох бүлэг ялагчдынхаа дунд байгаа гэдгийг мэддэггүй. Хүн үүнийг мэдэхгүй: Ариун Аврагч Есүс хүнийг гэсэн хайр, энхрийллээр дүүрэн боловч бузар буртаг, ариун бус сүнснүүдийн амьдран суудаг “сүмүүдэд” ажиллаж яаж чадах юм бэ? Түүний ирэхийг хүн хүлээсээр байгаа боловч зөв шударга бусын махыг идэж, зөв шударга бусын цусыг ууж, зөв шударга бусын хувцас өмсдөг, Түүнд итгэдэг атлаа Түүнийг мэддэггүй, Түүнийг үргэлж сүрдүүлж юм авдаг хүмүүст Тэр яаж харагдаж чадах юм бэ? Хүн Аврагч Есүсийг хайраар дүүрч, энэрэл ундарсан бөгөөд золин авралаар дүүрэн нүглийн тахил юм гэдгийг л хүн мэддэг. Харин Тэр бас зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн, шүүлтээр бялхаж, эрх мэдлийг эзэмшсэн, эрхэм чанараар дүүрэн Бурхан Өөрөө мөн гэдгийг хүн огт мэддэггүй. Иймээс хүн хэдийгээр Золин аврагчийн эргэж ирэхийг эгээрэн хүсэн хүлээж, мөрөөсөл болдог бөгөөд “Тэнгэр” хүртэл хүний залбиралд уярсан ч гэсэн, Өөрт нь итгэдэг ч Өөрийг нь мэддэггүй хүмүүст Аврагч Есүс харагддаггүй.
“Ехова” бол Израиль дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг замчилж чаддаг израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. “Есүс” бол Иммануел бөгөөд хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг золин авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс өнөөгийн эрин үед иудей хүмүүсээс бусад бүх израильчууд Еховаг шүтэн мөргөдөг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь Еховагийн дахин илрэлт юм. Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гаралтай ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлаас болж бий болсон юм. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломж олгохын тулд Есүс гэх нэр бий болсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний золин авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүс хэмээх нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг илэрхийлдэг. Ехова хэмээх нэр нь хуулийн дагуу амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Эрин үе, ажлын үе шат болгон дахь Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханаа дууддаг хүндэтгэсэн нэр юм. “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших боломжгүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байв. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш. Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг боловч, эдгээр нэр Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг л илэрхийлдэг болохоос Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Намайг дууддаг нэрс нь Миний бүх зан чанарыг болон Би юу болохыг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг дууддаг өөр өөр нэр юм. Иймээс сүүлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөнө. Намайг Мессиа гэх нь байтугай Ехова, Есүс ч гэж нэрлэхгүй, харин хүчирхэг Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх улс орон Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ.
Аврагч эцсийн өдрүүдэд ирэхдээ мөн л Есүс гэгдэн, дахин Иудейд төрж, Иудейд ажлаа хийсэн бол, Би зөвхөн Израилийн ард түмнийг л бүтээж, Израилийн ард түмнийг л золин аварсан ба Харь үндэстнүүдтэй ямар ч хамаагүй гэдгийг энэ нь нотлох байсан. “Би бол тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн Эзэн” хэмээх Миний үгтэй энэ нь зөрчилдөх байсан бус уу? Би Иудейг орхисон бөгөөд Харь үндэстнүүдийн дунд ажлаа хийдэг, учир нь Би бол зөвхөн Израилийн ард түмний Бурхан биш, харин бүх бүтээлийн Бурхан билээ. Би Израилийн ард түмний Бурхан Ехова төдийгүй Харь үндэстнүүдийн дундах Өөрийн сонгосон бүх хүний Бүтээгч тул эцсийн өдрүүдэд Харь үндэстнүүдийн дунд гарч ирдэг. Би Израиль, Египет, Ливаныг төдийгүй Израилийн чанад дахь бүх Харь үндэстнийг бүтээсэн. Ийм учраас Би бол бүх бүтээлийн Эзэн билээ. Би Израилийг ердөө л ажлынхаа эхлэлийн цэг болгон ашиглаж, Иудей болон Галилыг золин аврах ажлынхаа түшиц газар болгон хэрэглэсэн, харин одоо бүхий л эрин үеийг төгсгөхдөө Харь үндэстнүүдийг суурин газраа болгон ашиглана. Би Израильд ажлын хоёр үе шатыг (Хуулийн эрин үе ба Нигүүлслийн эрин үеийн ажлын хоёр үе шат) хийсэн бөгөөд Израилийн чанад дахь газар нутаг даяар бас ажлын хоёр үе шатыг (Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе) хэрэгжүүлсээр байна. Харь үндэстнүүдийн дунд Би байлдан дагуулах ажлыг хийж, эрин үеийг ийнхүү төгсгөнө. Хэрвээ хүн, эцсийн өдрүүдэд шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажил хийж эхэлсэн гэдгийг минь мэдэлгүй, Намайг дандаа Есүс Христ гэж дууддаг бол, мөн Аврагч Есүсийн ирэхийг үргэлж хэнхэглэн хүлээдэг бол тийм хүмүүсийг Би Надад итгэдэггүй хүмүүс гэж хэлнэ. Тэд бол Намайг мэддэггүй хүмүүс бөгөөд Надад итгэх итгэл нь хуурамч юм. Тийм хүмүүс Аврагч Есүсийн тэнгэрээс ирэхийг нүдээр үзэж чадах уу? Тэд Миний ирэхийг биш, харин иудейчүүдийн Хааны ирэхийг л хүлээдэг билээ. Ариун бус, хуучин энэ ертөнцийг бүрэн устгахыг минь тэд хүсэн мөрөөсдөггүй, харин өөрсдөө золин аврагдах гэсэндээ Есүсийн хоёр дахиа ирэхийг хүсэн хүлээдэг. Есүс энэхүү бузартсан, зөв шударга бус газраас бүх хүн төрөлхтнийг дахин нэг удаа золин аврахыг тэд хүлээдэг. Ийм хүмүүс эцсийн өдрүүд дэх Миний ажлыг гүйцэлдүүлэх хүмүүс болж яаж чадах юм бэ? Хүний хүсэл Миний хүслийг биелүүлж, Миний ажлыг хэрэгжүүлэх чадалгүй, учир нь хүн ердөө л Миний урьд нь хийсэн ажлыг биширч, нандигнадаг болохоос Намайг үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан Өөрөө гэдгийг огт мэддэггүй. Хүн Намайг Ехова, бас Есүс гэдгийг л мэддэг болохоос хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих эцсийн өдрүүдийн Нэгэн гэдгийг огт мэддэггүй. Хүний хүсэн хүлээдэг, мэддэг зүйл нь бүгд түүний үзлээс улбаатай бөгөөд энэ нь ердөө л тэдний хоёр нүдээрээ харж чадах зүйл байдаг. Тэр нь Миний хийдэг ажилтай нийцдэггүй, харин зөрчилддөг. Хэрвээ Миний ажил хүний санаагаар болдог байсан бол энэ хэзээ дуусах билээ? Хүн төрөлхтөн хэзээ амралтад орох юм бэ? Бас Би яаж долоо дахь өдөр Амралтын өдөрт орж чадах юм бэ? Би хүний санаа зорилгын дагуу бус, Өөрийнхөө төлөвлөгөө, зорилгын дагуу ажилладаг.