Бурханы оршдог махбодын мөн чанар

Эхний удаа бие махбодтой болохдоо Бурхан газар дээр гучин гурван жил хагас амьдарсан бөгөөд түүнийхээ гурван жил хагаст нь л үйлчлэлээ гүйцэтгэсэн. Тэрээр ажиллаж байх үедээ болон Өөрийн ажлыг эхлэхээс өмнө аль алинд нь хэвийн хүн чанартай байсан юм; Тэрээр хэвийн хүн чанартаа гучин гурван жил хагас амьдарсан. Сүүлийн гурван жил хагасын туршид Тэрээр бие махбодтой болсон Бурхан гэдгээ илчилсэн юм. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө бурханлаг чанараа харуулалгүй, жирийн, хэвийн хүн чанартайгаар гарч ирсэн ба албан ёсоор Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлсний дараа л бурханлаг чанар нь илэрхийлэгдсэн. Эхний тэр хорин есөн жил дэх Түүний амьдрал, ажил нь Тэр бол жинхэнэ хүн, хүний хүү, бие махбод гэдгийг харуулж байв; учир нь Түүний үйлчлэл хорин есөн наснаас нь хойш л жинхэнээсээ эхэлсэн юм. “Бие махбодтой болох” нь Бурхан махбодоор илрэх явдал; Бурхан Өөрийн бүтээсэн хүн төрөлхтний дунд махбодын дүрээр ажилладаг. Иймээс, бие махбодтой болохын тулд Бурхан эхлээд махбод буюу хэвийн хүн чанартай махбод байх ёстой; энэ нь хамгийн үндсэн урьдач нөхцөл юм. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог. Бие махбодтой болсон Бурханы амьдрал, ажлыг хоёр үе шатанд хувааж болно. Эхнийх нь үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө Түүний амьдардаг амьдрал. Тэрээр хэвийн хүний гэр бүлд, туйлын хэвийн хүн чанартайгаар амьдарч, хүний амьдралын хэвийн ёс суртахуун, хуулийг дуулгавартай дагаж, хүний хэвийн хэрэгцээ (хоол, хувцас, нойр, орон байр), хүний хэвийн сул талууд болон хүний хэвийн сэтгэл хөдлөлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү эхний үе шатанд Тэрээр бурханлаг биш, бүхэлдээ хэвийн хүн чанартайгаар амьдарч, хүний бүх хэвийн үйл ажиллагааг эрхэлдэг. Хоёр дахь үе шат нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараа Түүний амьдардаг амьдрал юм. Тэр мөн л эгэл хүний бүрхүүлтэй хэвийн хүн чанарт оршин, гаднаа ямар ч ер бусын тэмдэг үзүүлдэггүй. Гэсэн ч Тэр гагцхүү Өөрийн үйлчлэлийн төлөө л амьдардаг ба энэ хугацаанд Түүний хэвийн хүн чанар бүхэлдээ бурханлаг чанарынх нь хэвийн ажлыг хадгалахын төлөө оршдог, учир нь тэр үед Түүний хэвийн хүн чанар үйлчлэлээ хэрэгжүүлж чадахуйц хэмжээнд төлөвшсөн байдаг. Иймээс Түүний амьдралын хоёр дахь үе шат нь хэвийн хүн чанараараа Өөрийнхөө үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь хэвийн хүн чанар болон бүрэн дүүрэн бурханлаг чанарын хоёулангийнх нь амьдрал юм. Амьдралынхаа эхний үе шатанд Тэр бүрэн энгийн хүн чанараар амьдардгийн шалтгаан бол Түүний хүн чанар нь бурханлаг ажлыг нь хараахан бүрэн хадгалж чаддаггүй, хараахан төлөвшөөгүй байдаг; Түүний хүн чанар төлөвшиж гүйцэн, Өөрийн үйлчлэлийг үүрэх чадвартай болсны дараа л Тэр гүйцэтгэх учиртай үйлчлэлээ хэрэгжүүлж эхэлж чадна. Махбод болохын хувиар Тэр өсөж, төлөвших хэрэгтэй тул Түүний амьдралын эхний үе шат нь хэвийн хүн чанарын амьдрал байдаг байхад хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь ажлаа хийж, үйлчлэлээ хэрэгжүүлэх чадвартай болдог учраас Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх үеийн бие махбодтой болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг нь агуулсан амьдрал байдаг. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан төрсөн мөчөөсөө л Өөрийн үйлчлэлийг жинхэнээсээ эхэлж, ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн бол Түүнд бие махбодын мөн чанар байхгүй байх байсан юм. Тиймээс Түүний хүн чанар бие махбодынх нь мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй ямар ч махан бие байж болохгүй бөгөөд хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм маягаар, Бурханы махбодын хүн чанар бол Бурханы махбод болсон биеийн төрөлхийн чанар юм. “Бурхан махбод болох үедээ тэр чигтээ бурханлаг чанартай бөгөөд огтхон ч хүн биш” гэж хэлэх нь доромжлол юм, учир нь энэхүү мэдэгдэл ердөө оршин байдаггүй бөгөөд бие махбодтой болох зарчмыг зөрчдөг. Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлснийхээ дараа ч гэсэн, ажлаа хийх үедээ Тэрээр хүний гадаад бүрхүүлтэй бурханлаг чанар дотроо амьдарсаар байдаг; яг тэр үед Түүний хэвийн хүн чанар нь хэвийн махбодоор ажлаа гүйцэтгэх боломжийг Өөрийн бурханлаг чанарт олгох цорын ганц зорилготой байдаг. Иймээс ажил гүйцэтгэгч нь Түүний хүн чанарт оршин буй бурханлаг чанар юм. Түүний хүн чанар биш, харин бурханлаг чанар ажиллаж байгаа ч энэхүү бурханлаг чанар нь Түүний хүн чанар дотор нуугдаж байдаг; мөн чанартаа, Түүний хүн чанар биш, харин бүрэн бурханлаг чанар ажлыг нь хийдэг. Гэхдээ ажлыг гүйцэтгэгч нь Түүний махбод юм. Бурхан хүний бүрхүүлтэй, хүний мөн чанартай, бас Бурханы мөн чанартайгаар махан биед амьдардаг Бурхан болдог учраас Тэр бол хүн, гэхдээ бас Бурхан гэж хэлж болох юм. Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас бүтээгдсэн бүх хүнээс дээгүүр, Бурханы ажлыг гүйцэтгэж чадах өөр ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүнийх шиг хүний бүрхүүлтэй бүх хүний дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүний дундаас зөвхөн Тэр л бие махбодтой болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүгд бүтээгдсэн хүн билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүмүүст хүн чанар л байдаг байхад бие махбодтой болсон Бурхан бол өөр: Түүний махбод хүн чанартай байдгаар зогсохгүй, үүнээс ч чухал нь бурханлаг чанартай байдаг. Түүний хүн чанарыг махбодынх нь гадаад төрхөөс болон өдөр тутмын амьдралаас нь харж болно, гэхдээ Түүний бурханлаг чанарыг ухамсарлахад хэцүү байдаг. Яагаад гэвэл, Түүний бурханлаг чанар Түүнд хүн чанар байгаа үед л илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адил ер бусын байдаггүй, үүнийг харах нь хүмүүст туйлын хэцүү байдаг. Өнөөдөр ч гэсэн бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанарыг ойлгох нь хүмүүст хамгийн хэцүү. Намайг энэ талаар ийм ихийг ярьсны дараа ч гэсэн энэ нь та нарын дийлэнхэд нууц хэвээр байдаг гэж Би бодож байна. Үнэндээ, энэ асуудал маш энгийн: Бурхан махбод болдог тул Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол юм. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан Өөрөө гэж нэрлэдэг.

Есүсийн газар дээр амьдарсан амьдрал нь махбодын хэвийн амьдрал байлаа. Тэрээр махбодынхоо хэвийн хүн чанараар амьдарсан. Өөрийн ажлыг хийж, үгээ хэлж, эсвэл өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах, тийм ер бусын зүйлсийг хийх эрх мэдэл нь ерөнхийдөө Түүнийг үйлчлэлээ эхлэх хүртэл нь харагдаагүй. Хорин есөн наснаас өмнөх, Өөрийнхөө үйлчлэлийг эхлэхээс өмнөх амьдрал нь Түүнийг ердөө л хэвийн махбод бүхий бие байсан гэдгийг хангалттай нотолсон. Үүнээс болж, мөн Тэр Өөрийн үйлчлэлийг хараахан эхлээгүй байсан учраас хүмүүс Түүнээс ямар ч бурханлаг байдлыг олж хараагүйн дээр ердөө л тухайн үед зарим хүн Түүнийг Иосефын хүү гэж итгэдэг байсан тул ердийн хүн, эгэл хүн л гэж харж байсан юм. Хүмүүс Түүнийг жирийн хүний хүү гэж бодсон бөгөөд Бурханы махбод болсон бие гэж таних ямар ч аргагүй байлаа; Өөрийнхөө үйлчлэлийг гүйцэтгэх явцад олон гайхамшиг үзүүлж байхад нь хүртэл ихэнх хүн Түүнийг Иосефын хүү гэсээр байсан, учир нь Тэр бол гаднаа хэвийн хүн чанарын бүрхүүлтэй Христ байсан юм. Түүний хэвийн хүн чанар болон ажлын аль аль нь, анх удаа бие махбодтой болсны ач холбогдлыг биелүүлэхийн төлөө, Бурхан махбодод бүрмөсөн ирж, үнэхээр эгэл жирийн хүн болсныг батлахын төлөө оршиж байлаа. Тэрээр Өөрийн ажлыг эхлэхээс өмнө хэвийн хүн чанартай байсан нь эгэл жирийн махбод байсных нь нотолгоо байв; дараа нь Тэр ажилласан нь ч бас эгэл жирийн махбод байсныг нь нотолсон, учир нь Тэр хэвийн хүн чанартай махбодоор тэмдэг, гайхамшиг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж байсан билээ. Тэр гайхамшиг үзүүлж чаддаг байсны шалтгаан нь Түүний махбод Бурханы эрх мэдэлтэй, Бурханы Сүнсний өмссөн махбод байсан юм. Бурханы Сүнснээс болоод Тэр ийм эрх мэдэлтэй байсан ба Тэр махбод байгаагүй гэсэн үг биш. Өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Өөрийн үйлчлэлээр гүйцэтгэх хэрэгтэй байсан ажил, Түүний хүн чанарт нуугдсан бурханлаг чанарын илэрхийлэл байсан бөгөөд Тэр ямар ч тэмдэг үзүүлж, эрх мэдлээ яаж ч харуулсан байсан, хэвийн хүн чанараар амьдарч, хэвийн махбод хэвээр байсан. Загалмай дээр үхсэнийхээ дараа дахин амилах хүртлээ Тэр хэвийн махбод дотор оршиж байсан. Нигүүлсэл хайрлаж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь бүгд Түүний үйлчлэлийн нэг хэсэг байсны дээр эдгээр нь бүгд Өөрийн хэвийн махбодод байхдаа гүйцэтгэсэн Түүний ажил байв. Цовдлогдохоосоо өмнө, Тэр юу ч хийж байсан, хэвийн хүний махбодоо хэзээ ч орхиогүй. Тэр бол Бурханы ажлыг хийж буй Бурхан Өөрөө байсан ч Бурханы махбод болсон бие байсан учраас хоол идэж, хувцас өмсөж, хүний хэвийн хэрэгцээтэй, хүний хэвийн эрүүл ухаан, хэвийн сэтгэхүйтэй байсан. Энэ бүхэн нь Тэр хэвийн хүн байсны нотолгоо бөгөөд Бурханы махбод болсон бие ер бусын биш, харин хэвийн хүн чанартай махбод байсныг нотолсон. Түүний ажил бол эхний удаа бие махбодтой болсон Бурханы ажлыг гүйцэлдүүлж, эхний удаа бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэх учиртай үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал байв. Бие махбодтой болохын ач холбогдол нь эгэл, жирийн хүн Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг; өөрөөр хэлбэл, Бурхан бурханлаг ажлаа хүн чанараар хэрэгжүүлж, улмаар Сатаныг ялдаг. Бие махбодтой болох гэдэг нь Бурханы Сүнс махбод болдог, өөрөөр хэлбэл, Бурхан махбод болдог гэсэн үг; тэрхүү махбодын хийдэг ажил нь махбодод биеллээ олж, махбодоор илэрхийлэгддэг Сүнсний ажил юм. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг хэрэгжүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон бие, энэхүү хэвийн хүн чанар л бурханлаг ажлыг илэрхийлж чадна. Бурхан анх ирэх үедээ хорин есөн нас хүрэхээсээ өмнө хэвийн хүн чанартай байгаагүй бол, хэрвээ төрөнгүүтээ л гайхамшиг үзүүлж, хэлд ормогцоо л тэнгэрийн хэлээр ярьж, газар дээр анх хөл тавьсан үеэсээ л хорвоогийн бүх хэрэг явдлыг ухан ойлгож, хүн бүрийн бодол, санаа зорилгыг ялган таньж чаддаг байсан бол, ийм хүнийг хэвийн хүн гэж нэрлэж болохгүй байх байсан бөгөөд ийм махбодыг хүний махан бие гэж нэрлэж болохгүй байх байлаа. Хэрвээ Христ ийм байсан бол Бурхан бие махбодтой болохын мөн чанар, утга учир алдагдах байв. Тэр хэвийн хүн чанартай байдаг нь махбод болсон Бурхан мөн гэдгийг нь нотолдог; Тэрээр хүний хэвийн өсөлтийн үйл явцыг туулдаг нь хэвийн махбод мөн гэдгийг нь улам батлан харуулдаг; түүнчлэн, Тэр бол махбод болсон Бурханы Үг, Бурханы Сүнс гэдгийг Түүний ажил хангалттай нотолдог. Ажлынхаа хэрэгцээнээс болж л Бурхан махбод болдог; өөрөөр хэлбэл, ажлын энэ үе шатыг махбодоор хийх ёстой, хэвийн хүн чанараар гүйцэтгэх ёстой. Энэ нь “Үг махбод болох”, “Үг махбодоор илрэхийн” урьдач нөхцөл, Бурхан хоёр удаа бие махбодтой болсны цаад үнэн түүх билээ. Есүс насан туршдаа гайхамшиг үзүүлсэн, газар дээрх ажлаа дуусгах хүртэл хэвийн хүн чанарын ямар ч шинж тэмдгийг харуулаагүй, Түүнд хүний хэвийн хэрэгцээ, сул тал, хүний сэтгэл хөдлөл байгаагүй, амьдралын үндсэн хэрэгцээ шаардлагагүй байсан, хэвийн хүн шиг ч боддоггүй байсан гэж хүмүүс итгэж магадгүй. Тэд Түүнийг хүний хэрээс хэтэрсэн оюун ухаантай, ер бусын хүн чанартай л гэж төсөөлдөг. Нэгэнт Тэр Бурхан учраас хэвийн хүмүүс шиг бодож, амьдрах ёсгүй, хэвийн хүн буюу жинхэнэ хүн л хэвийн хүний бодлыг бодож, хүний хэвийн амьдралаар амьдарч чадна гэж тэд итгэдэг. Эдгээр нь бүгд хүний санаа, хүний үзэл бөгөөд эдгээр үзэл Бурханы ажлын анхдагч санаа зорилгод харшилдаг. Хүний хэвийн сэтгэхүй нь хүний хэвийн эрүүл ухаан, хэвийн хүн чанарыг хадгалдаг; хэвийн хүн чанар нь махбодын хэвийн үйл ажиллагааг хадгалдаг; махбодын хэвийн үйл ажиллагаа нь махбодыг бүхэлд нь хэвийн амьдруулдаг. Бурхан тийм махбодод ажиллаж байж л бие махбодтой болсон зорилгоо биелүүлж чадна. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан зөвхөн махбодын гадаад бүрхүүлтэй боловч хэвийн хүний бодлыг боддоггүй бол энэхүү махбодод жинхэнэ хүн чанар бүү хэл, хүний эрүүл ухаан ч байхгүй. Хүн чанаргүй ийм махбод нь бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэх учиртай үйлчлэлийг биелүүлж яаж чадах юм бэ? Хэвийн оюун ухаан нь хүний амьдралын бүх талыг хадгалдаг; хэвийн оюун ухаангүй бол хүн, хүн биш байх болно. Өөрөөр хэлбэл, хэвийн бодол боддоггүй хүн бол сэтгэцийн өвчтэй бөгөөд ямар ч хүн чанаргүй, зөвхөн бурханлаг чанартай Христийг Бурханы махбод болсон бие гэж хэлж болохгүй. Тэгвэл Бурханы махбод болсон бие ямар ч хэвийн хүн чанаргүй байж яаж болох юм бэ? Христэд ямар ч хүн чанар байхгүй гэж хэлэх нь доромжлол бус уу? Хэвийн хүмүүсийн явуулдаг бүх үйл ажиллагаа нь хүний хэвийн оюун ухааны ажиллагаанд түшиглэдэг. Үүнгүйгээр, хүмүүс этгээд авирлах байсан; тэр ч бүү хэл тэд хар цагаан, сайн мууг ялгаж чадахгүй байх байсан; тэгээд хүний ёс зүй, ёс суртахууны зарчимгүй байх байсан. Үүний адилаар, хэрвээ бие махбодтой болсон Бурхан хэвийн хүн шиг боддоггүй байсан бол жинхэнэ бие махбод буюу хэвийн махбод биш байх байсан юм. Юм боддоггүй тийм махбод бурханлаг ажлыг гүйцэтгэж чадахгүй байх байлаа. Тэрээр хэвийн махан биеийн үйл ажиллагааг хэвийн байдлаар явуулж чадахгүй, газар дээр хүмүүстэй хамт амьдарч бүр ч чадахгүй байх байв. Тэгээд Бурхан бие махбодтой болсны ач холбогдол, Бурхан махбодод ирэхийн гол мөн чанар алдагдах байсан юм. Бие махбодтой болсон Бурханы хүн чанар нь махбод дахь хэвийн бурханлаг ажлыг хадгалахын төлөө оршдог; Түүний хэвийн хүний сэтгэхүй нь хэвийн хүн чанар болоод махбодынх нь бүх хэвийн үйл ажиллагааг хадгалдаг. Түүний хэвийн хүний сэтгэхүй нь махбод дахь Бурханы ажлыг хадгалахын тулд оршдог гэж хэлж болох юм. Хэрвээ энэхүү махбодод хүний хэвийн оюун ухаан байгаагүй бол Бурхан махбодоор ажиллаж чадахгүй байх байсан ба махбодоор хийх хэрэгтэй зүйлс нь хэзээ ч гүйцэлдэхгүй байх байлаа. Бие махбодтой болсон Бурханд хүний хэвийн оюун ухаан байдаг хэдий ч Түүний ажилд хүний бодол холилддоггүй; Тэр хүний хэвийн бодлоор бус, харин оюун ухаантай хүн чанарыг эзэмшсэн урьдач нөхцөл дор хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг явуулдаг. Түүний махбодын бодол хэчнээн сүрлэг байх нь хамаагүй, Түүний ажилд логик юм уу сэтгэлгээ холилддоггүй. Өөрөөр хэлбэл, Түүний ажил нь Түүний махан биеийн оюун ухаанаас төрөн гардаггүй, харин Түүний хүн чанар дахь бурханлаг ажлын шууд илэрхийлэл юм. Түүний бүх ажил нь Түүний биелүүлэх ёстой үйлчлэл бөгөөд нэгийг нь ч Түүний уураг тархи бодож олдоггүй. Жишээлбэл, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах болон цовдлол нь Түүний хүний оюун ухааны үр дүн байгаагүй, хүний оюун ухаантай ямар ч хүн үүнийг хийж чадахгүй байх байсан юм. Үүний адилаар, өнөөдрийн байлдан дагуулалтын ажил бол бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх ёстой үйлчлэл боловч энэ нь хүний хүслийн ажил биш, харин Түүний бурханлаг чанарын хийх ёстой ажил, махан биетэй ямар ч хүний хийж чадахгүй ажил билээ. Иймээс бие махбодтой болсон Бурханд хүний хэвийн оюун ухаан, хэвийн хүн чанар байх ёстой, учир нь Тэр хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг гүйцэтгэх ёстой. Энэ бол бие махбодтой болсон Бурханы ажлын мөн чанар, бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанар юм.

Есүс ажлаа гүйцэтгэхээс өмнө ердөө л хэвийн хүн чанараараа амьдарч байлаа. Тэр бол Бурхан мөн гэдгийг хэн ч таньж чадаагүй, бие махбодтой болсон Бурхан гэдгийг нь хэн ч олж мэдээгүй; хүмүүс Түүнийг тун жирийн хүн гэж л мэддэг байсан. Түүний туйлын эгэл жирийн, хэвийн хүн чанар нь Бурхан бие махбодтой болсны нотолгоо, мөн Нигүүлслийн эрин үе нь Сүнсний ажлын эрин үе биш, харин бие махбодтой болсон Бурханы ажлын эрин үе гэдгийн нотолгоо байлаа. Энэ нь, Бурханы Сүнс махбодод бүрэн биеллээ олж, бие махбодтой болсон Бурханы эрин үед Түүний махбод Сүнсний бүх ажлыг гүйцэтгэнэ гэдгийн нотолгоо байв. Хэвийн хүн чанартай Христ бол дотор нь Сүнс биеллээ олсон махбод бөгөөд хэвийн хүн чанар, хэвийн эрүүл ухаан, хүний бодлыг эзэмшиж байдаг. “Биеллээ олно” гэдэг нь Бурхан хүн болж, Сүнс махбод болдог гэсэн үг; илүү тодорхой хэлэх юм бол, энэ нь Бурхан Өөрөө хэвийн хүн чанартай махбодод оршиж, үүгээрээ Өөрийн бурханлаг ажлыг илэрхийлдэг үе юм—энэ нь биеллээ олсон буюу бие махбодтой болсон гэсэн үг билээ. Эхний удаад бие махбодтой болох үед Бурханы ажил нь золин аврахын төлөө байсан учраас өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах шаардлагатай байсан. Бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд Тэрээр энэрэнгүй, өршөөнгүй байх хэрэгтэй байв. Цовдлогдохоосоо өмнө Түүний хийсэн ажил нь өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах явдал байсан нь хүнийг нүгэл, бузар муухайгаас аврах авралыг нь зөгнөсөн юм. Энэ нь Нигүүлслийн эрин үе байсан учраас Түүний хувьд өвчтэй хүмүүсийг эдгээж, улмаар тухайн эрин үе дэх нигүүлслийн бэлгэдэл болох тэмдэг, гайхамшгийг үзүүлэх шаардлагатай; учир нь Нигүүлслийн эрин үе бол хүмүүсийн Есүст итгэх итгэлийн бэлгэ тэмдэг болох амар тайван, баяр баясал, материаллаг ерөөлөөр бэлгэдсэн нигүүлслийг өгөхөд төвлөрсөн. Өөрөөр хэлбэл, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж, нигүүлсэл хайрлах нь Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн махбодын төрөлхийн чадвар байсан ба махбодод биеллээ олсон Сүнсний ажил байсан юм. Гэхдээ тийм ажил гүйцэтгэж байх явцдаа Тэр махбодод амьдарч байсан бөгөөд махбодоос хэтрэн гараагүй. Тэр анагааж эдгээх ямар үйл хийсэн нь хамаагүй, мөн л хэвийн хүн чанартай байсан бөгөөд хэвийн хүний амьдралаар амьдарсан хэвээр байсан. Бие махбодтой болсон Бурханы эрин үед махбод нь Сүнсний бүх ажлыг гүйцэтгэдэг гэж хэлдгийн минь шалтгаан бол, Тэр ямар ч ажил хийлээ гэсэн үүнийгээ махбодоор хийсэн билээ. Гэвч Түүний ажлаас болоод хүмүүс Түүний махбодыг бүрэн дүүрэн бие махбодын мөн чанартай гэж үзээгүй, учир нь энэхүү махбод гайхамшиг үзүүлж, зарим нэг онцгой мөчид махан биеэс даван гарсан зүйлсийг хийж байсан юм. Мэдээж, Түүнийг үйлчлэлээ эхэлсний дараа л дөчин өдрийн турш соригдох, уулан дээр хувирах гэх мэтийн энэ бүх явдал тохиолдсон. Иймээс Есүсийн хувьд, Бурхан бие махбодтой болохын утга учир бүрэн гүйцэлдээгүй, харин зөвхөн хагас биелсэн. Өөрийн ажлыг эхлэхээс өмнө махбодод амьдарсан Түүний амьдрал бүх талаараа тун хэвийн байсан. Ажлаа эхэлснийхээ дараа Тэрээр махбодынхоо гадаад бүрхүүлийг л хадгалсан. Түүний ажил бурханлаг чанарын илэрхийлэл байсан учраас махан биеийн хэвийн ажиллагаанаас даван гарсан юм. Эцсийн эцэст, Бурханы махбод болсон бие нь мах, цустай хүмүүсийн биеэс ялгаатай байлаа. Мэдээж, Түүний өдөр тутмын амьдралд бусдын адилаар хоол, хувцас, нойр, орон байр шаардагдаж, бүх хэвийн хэрэгцээ хэрэгтэй байсан ба Тэрээр хэвийн хүний эрүүл ухаантай, хэвийн хүн шиг бодолтой байсан. Түүний хийсэн ажил ер бусын байснаас бусдаар бол хүмүүс Түүнийг хэвийн хүн гэж үзсээр байлаа. Үнэндээ Тэр юу ч хийсэн бай, жирийн, хэвийн хүн чанараар амьдарсан бөгөөд Тэр ажлаа гүйцэтгэж байсан учраас өөр ямар ч хэвийн хүмүүсийнхээс илүүгээр Түүний эрүүл ухаан тун хэвийн, бодол нь нэн тодорхой байсан. Ийм бодол, эрүүл ухаантай байх нь бие махбодтой болсон Бурханд чухал байсан, учир нь эрүүл ухаан нь тун их хэвийн, бодол нь маш тодорхой байдаг махбодоор бурханлаг ажил илэрхийлэгдэх хэрэгтэй байв—зөвхөн ийм маягаар л Түүний махбод бурханлаг ажлыг илэрхийлж чадах байсан юм. Газар дээр амьдарсан гучин гурван жил хагасынхаа туршид Есүс хэвийн хүн чанараа хадгалсан боловч гурван жил хагасын үйлчлэлийн ажлаас нь үүдэн хүмүүс Түүнийг маш гайхалтай, өмнөхөөсөө хамаагүй илүү ер бусын болсон гэж боджээ. Бодит байдал дээр Есүсийн хэвийн хүн чанар нь Түүнийг үйлчлэлээ эхлэхээс өмнө нь ч, дараа нь ч өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн; Түүний хүн чанар цаг ямагт адилхан байсан боловч Өөрийнхөө үйлчлэлийг эхлэхийн өмнөх ба дараах ялгааных нь улмаас Түүний махбодтой холбоотой хоёр өөр үзэл бодол гарч ирсэн. Хүмүүс юу гэж бодож байсан нь хамаагүй, бие махбодтой болсон Бурхан анхдагч, хэвийн хүн чанараа бүхий л хугацаанд хэвээр хадгалсан, учир нь Бурхан нэгэнт бие махбод болсон болохоор махбодод буюу хэвийн хүн чанартай махбодод амьдарч байсан юм. Тэр Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдгээс үл хамааран, Түүний махбодын хэвийн хүн чанарыг арилгаж болохгүй, учир нь хүн чанар бол махан биеийн үндсэн мөн чанар билээ. Есүсийг үйлчлэлээ хэрэгжүүлэхээс өмнө Түүний махбод тун хэвийн хэвээр байж, ердийн хүний бүх үйл ажиллагааг гүйцэтгэж байсан; Тэрээр ердөө ч ер бусын харагдаагүй, ямар ч гайхалтай тэмдэг үзүүлээгүй. Тухайн үед Тэрээр Бурханыг шүтэн мөргөдөг маш эгэл хүн байсан, гэхдээ Түүний эрэл хайгуул өөр ямар ч хүнийхээс илүү үнэнч, илүү чин шударга байсан билээ. Түүний туйлын хэвийн хүн чанар ийнхүү илэрхийлэгдэж байсан юм. Өөрийнхөө үйлчлэлийг явуулахаас өмнө Тэр ямар ч ажил хийгээгүй учраас хэн ч Түүний ялгамж чанарыг мэдээгүй, Түүний махбод бусад бүх хүнийхээс өөр гэдгийг хэн ч таньж чадаагүй, учир нь Тэр ганц ч ид шид үзүүлээгүй, Бурханы ажлын өчүүхэн хэсгийг ч гүйцэтгээгүй байсан. Гэхдээ, үйлчлэлээ гүйцэтгэж эхэлснийхээ дараа Тэрээр хэвийн хүн чанарын гадаад бүрхүүлээ хадгалж, хэвийн хүний эрүүл ухаантай амьдарсаар байсан хэр нь Бурханы Өөрийн ажлыг хийж, Христийн үйлчлэлийг Өөртөө авч, мах цуснаас бүрдсэн, үхэх үйлтэй хүмүүсийн хийж чадахааргүй ажлыг хийж эхэлсэн учраас Тэр хэвийн хүн чанаргүй бөгөөд бүрэн дүүрэн хэвийн махбод биш, харин бүрэн бус махбод гэж хүмүүс боджээ. Түүний гүйцэтгэсэн ажлаас болоод хүмүүс Түүнийг хэвийн хүн чанаргүй, махбод дахь Бурхан гэлцсэн. Энэ нь эндүү ташаа ойлголт юм, учир нь хүмүүс Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг ухаараагүй. Энэхүү буруу ойлголт нь, махбодоор хийгдсэн Бурханы ажил нь хэвийн хүн чанартай махбодоор илэрхийлэгдсэн бурханлаг ажил байснаас үүдэн гарсан. Бурхан махбодоор хувцаслаж, махбод дотор оршсон бөгөөд хүн чанараар хийсэн ажил нь Түүний хүн чанарын хэвийн байдлыг бүрхэгдүүлсэн юм. Ийм учраас хүмүүс Бурханд хүн чанар байхгүй, гагцхүү бурханлаг чанар бий гэж итгэжээ.

Эхний удаа бие махбодтой болохдоо Бурхан бие махбодтой болсон Бурханы ажлыг гүйцэлдүүлээгүй; Тэр ердөө ажлын эхний үе шатыг гүйцээсэн ба Бурхан үүнийг махбодоор хийх шаардлагатай байв. Иймээс, бие махбодтой болох ажлыг дуусгахын тулд Бурхан дахин нэг удаа махбодод эргэн ирээд махбодын бүх л хэвийн, бодитой байдлыг амьдран харуулдаг, өөрөөр хэлбэл, Бурханы Үгийг бүхэлдээ хэвийн, эгэл махбодоор илэрхийлж, улмаар махбодоор хийж чадалгүй орхисон ажлаа гүйцээдэг. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь мөн чанараараа эхнийхтэй адил боловч эхнийхээсээ бүр илүү бодитой, бүр илүү хэвийн байдаг. Үүний үр дүнд, Бурханы махбод болсон хоёр дахь биеийн туулдаг зовлон эхнийхээс илүү их байх боловч энэхүү зовлон нь махбод дахь Түүний үйлчлэлийн үр дүн бөгөөд завхарсан хүний зовлонгоос ялгаатай байдаг. Энэ нь бас Түүний махбодын хэвийн, бодитой байдлаас урган гардаг. Тэр Өөрийн үйлчлэлийг туйлын хэвийн, бодитой махбодоор хэрэгжүүлдэг учраас махбод нь асар их зовлон зүдүүрийг туулах ёстой. Энэхүү махбод хэвийн, бодитой байх тусам Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхдээ төдий чинээ их зовно. Бурханы ажил огтхон ч ер бусын биш, маш эгэл жирийн махбодоор илэрхийлэгддэг. Түүний махбод хэвийн бөгөөд хүнийг аврах ажлыг ч бас үүрэх ёстой учраас Тэрээр ер бусын махан биеэс ч илүү их зовдог—энэ бүх зовлон нь Түүний махбодын бодитой, хэвийн байдлаас үүсэн гардаг. Бурханы махбод болсон хоёр биеийн үйлчлэлээ гүйцэтгэх явцдаа туулсан зовлонгоос бие махбодтой болохын мөн чанарыг харж болно. Махбод нь хэвийн байх тусам ажлаа хийх явцдаа Тэр төдий чинээ их зовлон бэрхшээл туулах ёстой байдаг; ажлыг хийж буй махбод бодитой байх тусам хүмүүсийн үзэл төдий чинээ хатуу болдог, мөн төдий чинээ их аюул Түүнд тохиолдох магадлалтай байдаг. Түүнчлэн махбод нь бодитой байх тусам, мөн махбод нь хэвийн хүний бүрэн эрүүл ухаан болон хэрэгцээтэй байх тусам Тэр Бурханы ажлыг махбодоор хийх төдий чинээ чадвартай байдаг. Есүсийн махбод загалмай дээр цовдлогдсон, Тэр Өөрийн махбодыг нүглийн тахил болгосон; хэвийн хүн чанартай махбодын тусламжтайгаар Тэр Сатаныг ялж, хүнийг загалмайнаас бүрэн аварсан. Хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан нь бүрэн төгс махбодоор байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэж, Сатаныг ялдаг. Бүрмөсөн хэвийн, бодитой махбод л байлдан дагуулалтын ажлыг бүхэлд нь хэрэгжүүлж, хүчирхэг гэрчлэл хийж чадна. Өөрөөр хэлбэл, хүнийг байлдан дагуулах нь ер бусын ид шид, илчлэлээр бус, махбод дахь Бурханы бодитой, хэвийн байдлаар дамжин үр дүнд хүрдэг. Бие махбодтой болсон энэ Бурханы үйлчлэл нь үг хэлж, улмаар хүнийг байлдан дагуулж, төгс болгох явдал юм; өөрөөр хэлбэл, махбодод биеллээ олсон Сүнсний ажил буюу махбодын үүрэг нь үг хэлж, тэгснээрээ хүнийг бүрэн байлдан дагуулж, илчилж, төгс болгож, таягдан хаях явдал билээ. Иймээс байлдан дагуулалтын ажлаар дамжуулан махбод дахь Бурханы ажил бүрэн гүйцэлдэнэ. Эхний золин авралын ажил нь бие махбодтой болсон Бурханы ажлын ердөө л эхлэл байсан; байлдан дагуулалтын ажлыг хийдэг махбод нь бие махбодтой болохын бүх ажлыг гүйцээнэ. Хүйсийн хувьд нэг нь эрэгтэй, нөгөө нь эмэгтэй бөгөөд үүгээр Бурхан бие махбодтой болохын утга учрыг биелүүлж, Бурханы талаарх хүний үзлийг арилгадаг: Бурхан эрэгтэй, эмэгтэй аль нь ч болж чадах ба мөн чанартаа бол бие махбодтой болсон Бурхан хүйсгүй юм. Тэрээр эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн бөгөөд Түүний хувьд хүйсийн ялгаа байхгүй. Ажлын энэ үе шатанд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй, иймээс энэхүү ажил нь үгийн тусламжтайгаар үр дүндээ хүрнэ. Түүнчлэн, үүний шалтгаан нь энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажил бол өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах явдал биш, харин үгээ хэлж, хүнийг байлдан дагуулах явдал юм, өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон энэхүү биеийн эзэмшсэн төрөлх чадвар нь өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин үг хэлэх, хүнийг байлдан дагуулах билээ. Хэвийн хүн чанараар хийдэг Түүний ажил ид шидийг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин үг хэлэх явдал тул Бурханы махбод болсон хоёр дахь бие нь хүмүүст эхнийхээсээ хавьгүй илүү хэвийн мэт санагддаг. Бурхан бие махбодтой болох нь худал биш гэдгийг хүмүүс хардаг; гэвч бие махбодтой болсон энэхүү Бурхан нь бие махбодтой болсон Есүсээс өөр бөгөөд хоёулаа бие махбодтой болсон Бурхан мөн хэдий ч Тэд ав адилхан биш. Есүс хэвийн хүн чанартай, жирийн хүн чанартай байсан боловч Түүнийг олон тэмдэг, гайхамшиг дагалдаж байсан. Энэ удаа бие махбодтой болсон Бурханаас хүн ямар ч тэмдэг, гайхамшиг харахгүй, өвчтэйг эдгээж байгааг ч, чөтгөрийг зайлуулж байгааг ч, тэнгис дээгүүр алхахыг ч, эсвэл дөчин өдрийн турш мацаг барихыг ч харахгүй… Тэр Есүсийн хийсэнтэй адилхан ажлыг хийдэггүй бөгөөд энэ нь Түүний махбод мөн чанараараа Есүсийнхээс өөр учраас биш, харин өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Түүний үйлчлэл биш учраас тэр юм. Тэр Өөрийн ажлыг сүйтгэдэггүй, Өөрийн ажлыг үймүүлдэггүй. Нэгэнт Тэр Өөрийн бодит үгээр хүнийг байлдан дагуулдаг тул хүнийг ид шидээр эрхшээлдээ оруулах гэсний хэрэггүй, иймээс энэ үе шат нь бие махбодтой болох ажлыг төгсгөхийн төлөө байдаг. Өнөөдөр чиний хардаг бие махбодтой болсон Бурхан бол бүхэлдээ махбод бөгөөд Түүнд ер бусын зүйл огт байхгүй. Тэр бусдын адил өвддөг, яг л бусдын адилаар хоол, хувцас хэрэгтэй болдог; Тэр бүхэлдээ махбод юм. Хэрвээ энэ удаа, бие махбодтой болсон Бурхан ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн бол, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж, эсвэл нэг үгээр үхүүлж чаддаг байсан бол байлдан дагуулалтын ажлыг явуулж яаж чадах юм бэ? Энэхүү ажил Харь үндэстний дунд түгж яаж чадах юм бэ? Өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Нигүүлслийн эрин үеийн ажил буюу золин авралын ажлын эхний алхам байсан бөгөөд Бурхан хүнийг загалмайнаас аварчихсан болохоор уг ажлыг Тэр дахиж хийхгүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд өвчтэйг эдгээн, чөтгөрийг зайлуулж, хүний төлөө цовдлогдсон Есүстэй адилхан нэг “Бурхан” гарч ирэх юм бол тэр “Бурхан” хэдийгээр Библи дэх Бурханы тодорхойлолттой адилхан, хүлээн зөвшөөрөхөд хүнд хялбар байх ч мөн чанартаа Бурханы Сүнсний өмссөн махбод биш, харин муу ёрын сүнсний өмссөн махан бие байна. Учир нь Өөрийнхөө аль хэдийн дуусгасан зүйлийг хэзээ ч давтдаггүй нь Бурханы ажлын зарчим билээ. Иймээс хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь эхнийхийн ажлаас өөр байдаг. Эцсийн өдрүүдэд Бурхан байлдан дагуулалтын ажлыг эгэл жирийн, хэвийн махбодоор биелүүлдэг; Тэрээр өвчтэйг эдгээдэггүй, хүний төлөө цовдлогдохгүй, харин гагцхүү махбодоор үг хэлж, махбодоор хүнийг байлдан дагуулдаг. Зөвхөн тийм махбод л Бурханы махбод болсон бие юм; тийм махбод л махбод дахь Бурханы ажлыг гүйцээж чадна.

Энэ үе шатанд бие махбодтой болсон Бурхан зовлон бэрхшээл туулж байсан ч, эсвэл Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж байсан ч, бие махбодтой болохын утга учрыг биелүүлэхийн төлөө үүнийг хийдэг, учир нь энэ бол Бурхан сүүлчийн удаа бие махбодтой болж байгаа хэрэг юм. Бурхан ердөө хоёр удаа л бие махбодтой болж чадна. Гурав дахь удаа гэж байхгүй. Эхний бие махбод нь эрэгтэй байсан, хоёр дахь нь эмэгтэй, иймээс Бурханы махбодын дүр хүний оюун санаанд гүйцэлдсэн; түүнчлэн, хоёр удаа бие махбодтой болсон нь махбодоор хийх Бурханы ажлыг аль хэдийн дуусгасан. Эхний удаад бие махбодтой болсон Бурхан, бие махбодтой болохын утга учрыг биелүүлэхийн тулд хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан. Энэ удаа ч Тэр бас хэвийн хүн чанартай байдаг, гэхдээ энэ удаа бие махбодтой болсны утга учир нь өөр: Энэ нь илүү гүн гүнзгий бөгөөд Түүний ажил илүү гүн ач холбогдолтой. Бурхан дахин нэг удаа махбод болсны шалтгаан нь бие махбодтой болохын утга учрыг биелүүлэхийн төлөө байдаг. Бурхан Өөрийн ажлын энэ үе шатыг бүрмөсөн дуусгах үед бие махбодтой болохын бүхий л утга учир буюу махбод дахь Бурханы ажил дуусах ба махбодоор хийгдэх өөр ажил цаашид байхаа болино. Өөрөөр хэлбэл, одоогоос эхлээд Бурхан Өөрийнхөө ажлыг хийхийн тулд дахин хэзээ ч махбодод ирэхгүй. Зөвхөн хүн төрөлхтнийг аварч, төгс болгохын тулд л Бурхан бие махбодтой болох ажлыг хийдэг. Өөрөөр хэлбэл, Өөрийнх нь ажлын төлөө байгаагүй л бол Бурхан махбодод ирэх нь ердийн хэрэг биш юм. Махбодод ажиллахаар ирснээрээ Тэр, Бурхан бол махбод, хэвийн, эгэл жирийн хүн атлаа дэлхийг ялгууснаар хаанчилж, Сатаныг ялж, хүн төрөлхтнийг золин аварч, хүн төрөлхтнийг байлдан дагуулж чадна гэдгийг Сатанд харуулдаг! Сатаны ажлын зорилго нь хүн төрөлхтнийг завхруулахын төлөө байхад Бурханы зорилго нь хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Сатан хүнийг ёроолгүй нүх рүү урхиддаг байхад Бурхан хүнийг тэндээс авардаг. Сатан бүх хүнээр өөрийгөө шүтүүлдэг, харин Бурхан тэднийг Өөрийнхөө ноёрхолд оруулдаг, учир нь Тэр бол бүтээлийн Эзэн билээ. Энэ бүх ажлыг Бурхан хоёр удаа бие махбодтой болсноор гүйцээсэн. Түүний махбод нь мөн чанартаа хүн чанар болон бурханлаг чанарын нэгдэл бөгөөд хэвийн хүн чанартай байдаг. Иймээс Бурханы махбод болсон биегүйгээр Бурхан хүн төрөлхтнийг аврах үр дүнд хүрч чадахгүй бөгөөд махбодынх нь хэвийн хүн чанар байгаагүй бол махбод дахь Түүний ажил амжилттай болж мөн л чадахгүй байх байсан. Бие махбодтой болсон Бурханы мөн чанар нь хэвийн хүн чанарыг эзэмших ёстойд оршдог; тэгэхгүй бол энэ нь бие махбодтой болох Бурханы анхдагч санаа зорилгод харшлах байв.

Бие махбодтой болохын утга учир Есүсийн ажлын үе шатанд бүрэн биелээгүй гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь Үг бүхэлдээ махбод болоогүй юм. Есүсийн хийсэн зүйл нь махбод дахь Бурханы ажлын ердөө нэг хэсэг байсан; Тэр зөвхөн золин авралын ажлыг л хийсэн ба хүнийг бүрмөсөн олж авах ажлыг хийгээгүй. Энэ шалтгааны улмаас Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэгэнтээ махбод болсон. Ажлын энэ үе шатыг ч бас эгэл жирийн махбодоор хийдэг; хүн чанар нь өчүүхэн төдий ч ер бусын биш, туйлын хэвийн хүн үүнийг хийдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан бүрэн төгс хүн болсон; Тэр бол уг ажлыг хэрэгжүүлж буй Бурханы ялгамж чанартай хүн, бүрэн төгс хүн, бүрэн төгс махбод юм. Хүний нүдээр Тэр бол огтхон ч ер бусын биш махан бие бөгөөд хурлын том танхимд шашны талаарх дотоод үнэнийг илчлэх нь бүү хэл, ямар ч гайхамшигтай тэмдэг үзүүлдэггүй, ямар ч ид шид үзүүлдэггүй, тэнгэрийн хэлээр ярьж чаддаг тун эгэл жирийн хүн билээ. Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил нь хүмүүст эхний махбодын ажилтай тун адилгүй санагддаг, иймээс энэ хоёрт нийтлэг зүйл огт байхгүй мэт санагддаг бөгөөд эхнийхийн ажлын юуг ч энэ удаа харж чадахгүй. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил эхний удаагийнхаас ялгаатай ч Тэдний эх сурвалж ав адилхан биш гэдгийг энэ нь нотолдоггүй. Тэдний эх сурвалж адил эсэх нь Тэдний гадаад бүрхүүлээс биш, харин махбодоор хийгддэг ажлын шинж чанараас хамаардаг. Өөрийнхөө ажлын гурван үе шатны явцад Бурхан хоёр удаа бие махбодтой болсон ба хоёуланд нь бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эрин үеийг нээж, шинэ ажлыг эхлүүлдэг; ингэж бие махбодтой болсон нь нэг нэгнээ харилцан нөхдөг. Энэ хоёр махбод үнэндээ нэг эх сурвалжаас ирсэн гэдгийг хүний нүдээр танин мэдэх боломжгүй юм. Энэ нь хүний нүдний юм уу хүний оюун ухааны чадвараас хэтийдсэн зүйл гэдгийг хэлэх нь илүүц билээ. Гэхдээ мөн чанартаа бол Тэд адилхан, учир нь Тэдний ажил нэгэн Сүнснээс үүсдэг. Бурханы махбод болсон хоёр бие адилхан эх сурвалжаас гарч ирсэн эсэхийг Тэдний төрсөн эрин үе, төрсөн газраар юм уу, эсвэл тиймэрхүү бусад хүчин зүйлээр дүгнэж болохгүй, харин Тэдний илэрхийлсэн бурханлаг ажлаар л дүгнэж болно. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь Есүсийн хийсэн ажлын алийг ч хийдэггүй, учир нь Бурханы ажил тогтсон заншлыг мөрддөггүй, харин тухай бүрдээ шинэ зам нээдэг. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь хүмүүсийн оюун санаан дахь эхний махбодын талаарх сэтгэгдлийг гүнзгийрүүлж, бэхжүүлэх гэж зорьдоггүй, харин үүний дутууг нөхөж, төгс болгож, Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлд оршдог бүх дүрмийг эвдэж, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы эндүү ташаа төрхийг арилгахаар зорьдог. Бурханы ажлын аль ч тусгаар үе шат нь хүнд Бурханы талаарх бүрэн гүйцэд мэдлэгийг өгч чадахгүй; үе шат бүр нь бүхэл биш, зөвхөн нэг хэсэг мэдлэгийг л өгдөг гэж хэлж болно. Хэдийгээр Бурхан Өөрийн зан чанарыг бүрэн илэрхийлсэн ч хүний ойлгох чадвар хязгаарлагдмал учраас Бурханы талаарх мэдлэг нь хагас хугас хэвээр үлддэг. Хүний хэлийг ашиглаад Бурханы зан чанарыг бүхэлд нь илэрхийлэх боломжгүй; түүнчлэн, Түүний ажлын ганц үе шат Бурханыг бүрэн илэрхийлж яахан чадах билээ? Тэр Өөрийн хэвийн хүн чанарын халхавч дор махбодоор ажилладаг ба хүн Түүнийг бие махбодын бүрхүүлээр нь биш, харин бурханлаг чанарын илэрхийллээр нь л мэдэж болно. Олон янзын ажлаар нь дамжуулан Өөрийг нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Бурхан махбодод ирсэн бөгөөд Түүний ажлын ямар ч хоёр үе шат адилхан биш юм. Зөвхөн ийм маягаар л хүн махбод дахь Бурханы ажлын талаар ганц талд хязгаарлагдаагүй, бүрэн дүүрэн мэдлэгтэй болж чадна. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр биеийн ажил ялгаатай байдаг ч махбодын мөн чанар ба Тэдний ажлын эх сурвалж нь ижил; Тэд ердөө л ажлын хоёр өөр үе шатыг хэрэгжүүлэхийн тулд оршдог, мөн хоёр өөр эрин үед гарч ирдэг. Ямартай ч Бурханы махбод болсон биес нь нэгэн адил мөн чанар болон нэгэн адил гарал үүсэлтэй байдаг—энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй үнэн билээ.

Өмнөх: Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

Дараах: Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх