11-р бүлэг
Хүн төрөлхтний хүн болгон Миний Сүнсний шинжилтийг хүлээн авч, өөрсдийн үг, үйлдэл бүрийг сайтар шинжлэх ёстой, түүнчлэн Миний гайхалтай үйл хэргийг харах ёстой. Хаанчлал газар дээр буун ирэх үед та нарт ямар санагддаг вэ? Миний хөвгүүд болон ардууд Миний сэнтий рүү цутгах үед агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийг Би албан ёсоор эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл, газар дээрх ажлаа биечлэн эхлэх үедээ, мөн шүүлтийн эрин үе төгсгөлдөө ойртох үед Би Өөрийн үгийг бүх орчлон ертөнц рүү чиглүүлж, Өөрийн Сүнсний дуу хоолойг бүх орчлон ертөнцөд гаргаж эхэлдэг. Өөрийн үгээр дамжуулан Би тэнгэр газар дахь бүх зүйлийг болон бүх хүнийг цэвэрлэн угаана, ингэснээр газар дэлхий бохир заваан, садар самуун байхаа болиод, харин ариун хаанчлал болно. Би бүх зүйлийг шинэчилнэ, ингэснээр тэд Миний хэрэгцээг хангах ба цаашид газар дэлхийн амьсгалыг агуулахгүй, газрын амтаар цаашид сэвтэхгүй. Хүн газар дээр Миний үгийн эх сурвалж, зорилгыг бэдрэн хайж, Миний үйл хэргийг ажигласан хэдий ч Миний үгийн эх сурвалжийг хэн ч хэзээ ч үнэхээр мэдээгүй, Миний үйл хэргийн гайхалтай байдлыг хэн ч хэзээ ч үнэхээр хараагүй. Өнөөдөр, Өөрийн үгийг хэлэхээр хүмүүсийн дунд биечлэн ирэхэд минь л хүмүүс Миний талаар бага зэргийн мэдлэгтэй болж, өөрсдийнх нь бодол дотор “Миний” эзэлсэн орон зайг арилгаад, өөрсдийнхөө ухамсарт бодитой Бурханы орон зайг бий болгодог. Хүнд үзэл байдаг ба сониуч зангаар дүүрэн байдаг; Бурханыг харахыг хүсдэггүй хэн байх билээ? Бурхантай уулзахыг хүсдэггүй хэн байх билээ? Гэсэн ч хүний зүрх сэтгэлд тодорхой орон зайг эзэлдэг цорын ганц зүйл нь тодорхой бус, хийсвэр санагддаг Бурхан юм. Хэрвээ Би тэдэнд ний нуугүй хэлээгүй бол хэн үүнийг ухаарах юм бэ? Намайг үнэхээр оршин тогтнодог гэдэгт хэн өчүүхэн ч эргэлзэлгүйгээр үнэхээр баттай итгэх юм бэ? Хүний зүрх сэтгэл дэх “Би” болон бодит байдлын “Би”-гийн хооронд үлэмж их ялгаа байдаг ба хэн ч тэднийг хооронд нь харьцуулж чадахгүй. Хэрвээ Би махбод болоогүй бол хүн хэзээ ч Намайг мэдэхгүй байх байсан бөгөөд Намайг мэдэж авсан ч гэсэн тийм мэдлэг нь мөн л үзэл байх бус уу? Би хүмүүсийн тасралтгүй урсгал дунд өдөр бүр алхаж, өдөр бүр хүн болгоны дотор ажилладаг. Хүн үнэхээр Намайг харах үедээ Миний үгээс Намайг мэдэж, Миний ярьж буй арга барилыг, түүнчлэн Миний санаа зорилгыг ухаарч чадна.
Хаанчлал албан ёсоор газар дээр ирэх үед бүх зүйлийн дотроос юу чимээгүй байдаггүй вэ? Бүх хүний дундаас хэн айдаггүй вэ? Би орчлон ертөнц даяар хаа сайгүй алхаж, бүх зүйлийг биечлэн зохицуулдаг. Энэ үед, Миний үйл хэрэг гайхалтай гэдгийг хэн мэдэхгүй байх вэ? Миний гар бүх зүйлийг атгадаг ч Би бас бүх зүйлийн дээр байдаг. Өнөөдөр, Би бие махбодтой болж, хүмүүсийн дунд биечлэн байгаа нь Миний даруу, нууцлаг байдлын жинхэнэ утга учир биш гэж үү? Гаднаа олон хүн Намайг сайн хэмээн биширч, сайхан хэмээн магтдаг ч хэн Намайг үнэхээр мэдэх билээ? Өнөөдөр, Намайг мэд гэж Би яагаад та нараас шаарддаг вэ? Миний зорилго бол агуу улаан лууг шившиглэх явдал биш гэж үү? Би Өөрийгөө магтуулахын тулд хүнийг хүчлэхийг хүсдэггүй, харин Өөрийгөө хүнд мэдүүлэхийг хүсдэг, ингэснээр тэр Намайг хайрлах болж, улмаар Намайг магтана. Тийм магтаал нь нэрэндээ таарах бөгөөд энэ нь дэмий хоосон яриа биш; иймэрхүү магтаал л Миний сэнтийд хүрч, тэнгэр лүү хөөрч чадна. Хүн Сатанд уруу татагдаж, завхарсан учраас, мөн үзэл, сэтгэлгээнд автсан учраас бүх хүн төрөлхтнийг биечлэн байлдан дагуулж, хүний бүх үзлийг илчилж, хүний сэтгэлгээг тасар татахын тулд Би махбод болсон. Үүний үр дүнд, хүн Миний өмнө өөрийгөө гайхуулахаа больж, өөрийн үзлийг ашиглан Надад үйлчлэхээ болиод, улмаар хүний үзэл дэх “Би” бүрмөсөн сарнидаг. Хаанчлал ирэх үед Би юун түрүүнд ажлын энэ үе шатыг эхэлж, Өөрийн ардуудын дунд үүнийг хийдэг. Агуу улаан лууны улс оронд төрсөн Миний ардуудын хувиар та нарын дотор агуу улаан лууны хор жаахан ч, эсвэл хэсэгхэн ч биш, гарцаагүй байгаа. Тиймээс, Миний ажлын энэ үе шат голчлон та нар дээр төвлөрдөг, энэ нь Хятадад бие махбодтой болсны минь ач холбогдлын нэг тал юм. Дийлэнх хүмүүс Миний хэлж байгаа үгийн нэг хэсгийг ч ухаарч чаддаггүй ба ухаарах үедээ тэдний ойлголт нь бүдэг бадаг, будилсан байдаг. Энэ нь Миний ярьдаг арга барилын эргэлтийн цэг юм. Хэрвээ бүх хүн Миний үгийг уншиж, утга учрыг нь ойлгож чаддаг байсан бол хүмүүсийн дундаас хэн Үхэгсдийн орон руу хаягдалгүй, аврагдаж чадах байсан бэ? Хүн Намайг мэдэж, Намайг дуулгавартай дагах үе нь Миний амрах үе байх болно, мөн энэ нь хүн Миний үгийн утгыг ухаарч чаддаг болсон тэр цаг үе байх болно. Өнөөдөр та нарын биеийн хэмжээ хэтэрхий жаахан, эгээ л өрөвдмөөр жаахан, бүр өргөгдөхөд ч зохисгүй—Миний талаарх та нарын мэдлэгийг бол хэлэхийн ч хэрэггүй.
Миний хөвгүүд болон ардуудыг хариулахын тулд тэнгэрэлчүүд илгээгдэж эхэлсэн гэж Би хэлсэн хэдий ч Миний үгийн утгыг хэн ч ойлгож чаддаггүй. Намайг хүмүүсийн дунд биечлэн ирэхэд тэнгэрэлчүүд хариулах ажлаа нэгэн зэрэг эхэлдэг ба тэнгэрэлчүүд хариулах үеэр хөвгүүд болон ардууд бүгд шалгалт, хариулгыг хүлээн аваад зогсохгүй, төрөл бүрийн үзэгдэл тохиолдохыг өөрсдийн нүдээр харж чаддаг. Би шууд бурханлаг чанараар ажилладаг учраас бүх зүйл шинэ эхлэл рүү ордог, мөн энэхүү бурханлаг чанар шууд ажилладаг учраас хүн чанараар өчүүхэн төдий ч хязгаарлагддаггүй бөгөөд ер бусын нөхцөл байдал дор чөлөөтэй ажиллаж байгаа мэт хүнд санагддаг. Гэсэн ч, Миний хувьд энэ нь тэр чигтээ хэвийн (бурханлаг чанартай хэзээ ч тулгарч байгаагүй учраас хүн үүнийг ер бусын гэж үздэг); үүнд хүний нэг ч үзэл байдаггүй, хүний санаа бодол холилддоггүй. Хүмүүс бүгд зөв замд орох үедээ л үүнийг харна; одоо үе бол эхлэл учраас хүний оролтын тухайд гэвэл түүнд маш олон дутагдал байдаг ба бүтэлгүйтэл, тодорхой бус байдлаас зайлсхийж бараг чадахгүй. Өнөөдөр та нарыг өдий хүртэл удирдан хөтөлсөн учраас Би тохирсон зохицуулалтыг хийсэн бөгөөд Надад өөрийн гэсэн зорилго бий. Хэрвээ Би үүнийгээ та нарт өнөөдөр хэлсэн бол та нар үнэхээр тэдгээрийг мэдэж чадна гэж үү? Би хүний оюун ухаан дахь бодол, хүний зүрх сэтгэлийн хүслийг нэлээд сайн мэддэг: Өөрсдөдөө гарах гарц хэзээ ч хайж байгаагүй хэн байна вэ? Өөрсдийн хэтийн ирээдүйг хэзээ ч бодож байгаагүй хэн байна вэ? Хүн баялаг, гялалзсан оюуны чадавхтай хэдий ч эрин үеүдийн дараа өнөө үе ийм болно гэдгийг хэн урьдчилан таамаглаж чадсан билээ? Энэ нь үнэхээр бодит хичээл чармайлтын чинь үр дүн гэж үү? Цуцашгүй зүтгэлийн чинь төлбөр гэж үү? Оюун ухаандаа ургуулан бодсон үзэсгэлэнт дүр зураг чинь гэж үү? Хэрвээ Би бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлээгүй бол хэн өөрсдийгөө Миний зохицуулалтаас салгаж, өөр гарц олж чадах юм бэ? Хүний төсөөлөл, хүсэл нь түүнийг өдий хүргэсэн юм гэж үү? Олон хүн өөрсдийн хүслийг биелүүлэлгүйгээр бүх амьдралаа өнгөрүүлдэг. Энэ нь үнэхээр тэдний сэтгэхүй дэх алдаанаас болсон гэж үү? Олон хүний амьдрал гэнэтийн аз жаргал, сэтгэл ханамжаар дүүрэн байдаг. Энэ нь, үнэхээр тэд хэтэрхий багыг хүлээдгээс болдог гэж үү? Бүх хүн төрөлхтнөөс хэн нь Төгс Хүчитийн нүдэнд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс Хүчитийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хүний амьдрал, үхэл өөрсдийнх нь сонголтоор тохиолддог уу? Хүн хувь заяагаа хянадаг уу? Олон хүн үхлийг урин дууддаг ч энэ нь тэднээс хол байдаг; олон хүн амьдралдаа хүчтэй хүн байхыг хүсэж, үхлээс айдаг ч нэг л мэдэхэд үхэх өдөр нь ойртож, тэднийг үхлийн ангал руу унагадаг; олон хүн тэнгэр лүү хараад, гүнзгий санаа алддаг; олон хүн асар их уйлж, цурхиран гасалдаг; олон хүн шалгалт дунд унадаг; мөн олон хүн уруу таталтын олзлогдогсод болдог. Хэдийгээр хүнд Өөрийгөө тодорхой харуулахын тулд Би биечлэн гарч ирээгүй ч олон хүн Миний царайг харахаас айж, өөрсдийг нь цохих вий, мөн сөнөөх вий гэж үхтэлээ айдаг. Хүн Намайг үнэхээр мэддэг үү, эсвэл мэддэггүй юу? Хэн ч итгэлтэй хэлж чадахгүй. Тийм биз дээ? Та нар Надаас болон Миний гэсгээлтээс хоёулангаас нь айдаг атлаа өндийн босож, Намайг илт эсэргүүцэж, Намайг шүүдэг. Тийм биш гэж үү? Хүн хэзээ ч Миний царайг харж, Миний дуу хоолойг сонсож байгаагүй учраас Намайг огт мэдээгүй. Тиймээс, хэдийгээр Би хүний зүрх сэтгэл дотор байдаг ч хэний зүрх сэтгэл дотор Би бүрхэг, бүдэг бадаг биш байдаг вэ? Хэний зүрх сэтгэл дотор Би тов тодорхой байдаг вэ? Миний ардууд Намайг бүдэг бадаг, тодорхой бусаар харахыг Би хүсдэггүй тул энэ агуу ажлыг эхлүүлсэн юм.
Би хүмүүсийн дунд чимээгүй ирж, дараа нь хөвөн оддог. Хэн ер нь Намайг харсан юм бэ? Нар шатаж буй дөлийнхөө улмаас Намайг харж чадна гэж үү? Сар гялалзсан тунгалаг байдлынхаа улмаас Намайг харж чадна гэж үү? Одны ордууд тэнгэр дэх байрлалынхаа улмаас Намайг харж чадах уу? Намайг ирэх үед хүн мэддэггүй ба бүх зүйл мэдэхгүй хэвээр байдаг, Намайг явах үед ч хүн мөн л мэддэггүй. Хэн Надад гэрчлэл хийж чадах юм бэ? Газар дээрх хүмүүсийн магтаал уу? Зэрлэг талд цэцэглэж байгаа сараана цэцэг үү? Тэнгэрт нисэж буй шувууд уу? Ууланд архирч буй арслангууд уу? Хэн ч Намайг бүрэн гэрчилж чадахгүй! Миний хийх ажлыг хэн ч хийж чадахгүй! Тэд энэ ажлыг хийсэн ч гэсэн энэ нь ямар үр нөлөөтэй байх юм бэ? Би өдөр бүр олон хүний үйлдэл болгоныг ажиглаж, өдөр бүр олон хүний зүрх сэтгэл, оюун ухааныг шинжилдэг; хэн ч хэзээ ч Миний шүүлтээс зугтаж байгаагүй, хэн ч хэзээ ч Миний шүүлтийн бодит байдлаас өөрсдийгөө салгаагүй. Би тэнгэрийн дээр зогсож, алс холыг хардаг: Хэмжээлшгүй олон хүн Надад цохиулсан, гэсэн ч мөн тоо томшгүй олон хүн Миний өршөөл, хайр энэрэл дунд амьдардаг. Та нар ч гэсэн тийм нөхцөл байдалд амьдардаггүй гэж үү?
1992 оны 3 дугаар сарын 5