Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (15)

12-р зүйл: Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсыг даруй, үнэн зөв олж илрүүлэх; тэдгээрийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэх; түүнчлэн, Бурханы сонгосон хүмүүсийг тийм зүйлсийг ялган таних чадвартай, тэдгээрээс сургамж авдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх (III хэсэг)

Чуулганы амьдралд саад болж, үймүүлдэг янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлс

Сүүлийн цуглаан дээр бид удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын арван хоёр дахь зүйлийн талаар нөхөрлөсөн: “Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсыг даруй, үнэн зөв олж илрүүлэх; тэдгээрийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэх; түүнчлэн, Бурханы сонгосон хүмүүсийг тийм зүйлсийг ялган таних чадвартай, тэдгээрээс сургамж авдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх.” Энэ үүрэг хариуцлагын тухайд бид чуулганы амьдралтай холбоотой төрөл бүрийн асуудлын талаар голчлон нөхөрлөсөн бөгөөд тэдгээрийг арван нэгэн асуудалд хуваасан. Тэдгээрийг уншаадах даа. (Нэгдүгээрт, үнэнийг нөхөрлөхдөө байнга сэдвээсээ хазайх; хоёрдугаарт, хүмүүсийг төөрөгдүүлж, хүндлэл хүлээхийн тулд бичиг үсэг, хоосон сургаал ярих; гуравдугаарт, хувийн асуудлаар дэмий чалчих, хувийн харилцаа тогтоох, хувийн хэрэг явдлаа зохицуулах; дөрөвдүгээрт, бүлэглэл үүсгэх; тавдугаарт, байр суурийн төлөө өрсөлдөх; зургаадугаарт, зохисгүй харилцаа үүсгэх; долоодугаарт, бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалдах; наймдугаарт, үзэл тараах; есдүгээрт, сөрөг байдлаа илэрхийлэх; аравдугаарт, үндэслэлгүй цуу яриа тараах; арван нэгдүгээрт, сонгуулийг будлиантуулж, үймүүлэх.) Өнгөрсөн удаа бид тав дахь асуудал буюу байр суурийн төлөө өрсөлдөх, зургаа дахь асуудал буюу зохисгүй харилцаа үүсгэх талаар нөхөрлөсөн. Энэ хоёр төрлийн асуудал нь өмнөх дөрвөн асуудлын адилаар чуулганы амьдрал болон чуулганы хэвийн дэг журамд саад болж, үймүүлдэг. Энэ хоёр төрлийн асуудлын уг чанар, чуулганы амьдралд учруулдаг хор хөнөөл, хүмүүсийн амь-оролтод үзүүлэх нөлөөг авч үзвэл энэ хоёр нь хоёулаа Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог хүмүүс, зүйлс юм.

VII. Бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалдах

Өнөөдөр бид долоо дахь асуудал буюу бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалдах талаар нөхөрлөнө. Ийм асуудал чуулганы амьдралд түгээмэл гардаг бөгөөд хүн бүрд ил тод байдаг. Хүмүүс цугларч Бурханы үгийг идэж, уух, хувийн туршлагаа нөхөрлөх, эсвэл зарим бодитой асуудлыг хэлэлцэх үед үзэл бодлын зөрүү юм уу зөв буруугийн талаарх маргаанаас болж хүмүүсийн хооронд маргаан, мэтгэлцээн үүсэх нь элбэг байдаг. Хэрвээ хүмүүс санал зөрөлдөж, өөр өөр өнцгөөс харж байгаа ч энэ нь чуулганы амьдралыг үймүүлэхгүй бол үүнийг бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалдаж байна гэж тооцох уу? Энэ нь тооцогдохгүй; энэ бол хэвийн нөхөрлөл. Тиймээс өнгөн дээрээ олон асуудал долоо дахь зүйлтэй холбоотой мэт санагдаж магадгүй ч үнэн хэрэгтээ нөхцөл байдал, уг чанарын хувьд илүү ноцтой учраас саад болж, үймүүлдэг зүйлс л энэ асуудалд хамаарна. Одоо ямар асуудлын уг чанар нь үүнд хамаарах талаар нөхөрлөцгөөе.

Юуны өмнө, бие бие рүүгээ дайрч буй илрэлүүдийг харахад, энэ нь үнэнийг хэвийн нөхөрлөх, эсвэл үнэнийг эрж хайх явдал яавч биш, үнэнийг нөхөрлөх суурин дээр өөр өөр ойлголт, гэрэл гэгээтэй байх, тодорхой үнэний талаар үнэн-зарчмыг эрж хайх, нөхөрлөх, хэлэлцэх, хэрэгжүүлэлтийн замыг эрж хайх явдал биш, харин зөв буруугийн талаар маргалдаж, мэтгэлцэх явдал юм. Үндсэндээ ийм байдлаар илэрдэг. Иймэрхүү асуудал чуулганы амьдралд заримдаа гардаг уу? (Тийм.) Гаднах байдлаас нь харахад л бие бие рүүгээ дайрах зэрэг үйлдэл нь үнэнийг эрж хайж байгаа хэрэг огт биш, Ариун Сүнсний удирдамж дор үнэнийг нөхөрлөж байгаа хэрэг биш, эсвэл эв найртай хамтран ажиллаж байгаа хэрэг биш, харин түргэн ууртай зангаас үүдэлтэй бөгөөд хэлж байгаа үг нь шүүлт, яллалт, тэр ч бүү хэл хараал агуулдаг нь тодорхой байдаг—иймэрхүү илрэл нь Сатаны завхарсан зан чанар үнэхээр илчлэгдэж байгаа хэрэг юм. Хүмүүс бие бие рүүгээ дайрах үед хэл яриа нь хурц эсвэл уран байхаас үл хамааран дотроо түргэн ууртай зан, хорон санаа, үзэн ядалт тээж байдаг, хайр, хүлээцтэй байдал, тэвчээр огт байдаггүй, мэдээж эв найртай хамтын ажиллагаа бүр ч байдаггүй. Хүмүүсийн бие бие рүүгээ дайрахдаа ашигладаг арга барил янз бүр байдаг. Жишээ нь, хоёр хүн нэг асуудлыг хэлэлцэж байх үед А хүн Б хүнд: “Зарим хүний хүн чанар муу, биеэ тоосон зан чанартай; ямар нэг зүйл хийх болгондоо өөрийгөө гайхуулдаг, хэний ч үгийг сонсдоггүй. Тэд яг л Бурханы үгэнд хэлдгээр адгуус шиг зэрлэг, хүн чанаргүй” гэж хэлнэ. Үүнийг сонсоод Б хүн: “Чиний дөнгөж сая хэлсэн үг надад чиглэсэн юм биш үү? Чи бүр намайг ил болгохын тулд Бурханы үгийг иш татлаа! Чи намайг хэлсэн болохоор би ч бас дуугүй өнгөрөхгүй. Чи надад жудаггүй хандсан тул би чамд өөдгүй хандана!” гэж бодно. Тэгээд Б хүн: “Зарим хүн гаднаа маш сүсэгтэй мэт харагдаж магадгүй ч үнэндээ дотроо хэнээс ч илүү хорлонтой байдаг. Тэд бүр эсрэг хүйстэнтэйгээ зохисгүй харилцаа үүсгэдэг, яг л Бурханы үгэнд хэлдэг янхан, биеэ үнэлэгчид шиг—Бурхан ийм хүмүүсийг туйлын их жигшдэг, тэднээс зэвүүцдэг. Гаднаа сүсэгтэй харагдаад ямар хэрэг байна? Тэр чинь бүгд дүр эсгэлт. Бурхан дүр эсгэгчдэд хамгийн дургүй; бүх дүр эсгэгч бол фарисайчууд!” гэж хэлнэ. Үүнийг сонсоод А хүн: “Энэ бол миний эсрэг хийж байгаа сөрөг дайралт байна! За яах вэ, чи надад жудаггүй хандсан юм чинь намайг өршөөлгүй хандлаа гэж битгий буруутгаарай!” гэж бодно. Ийнхүү харилцан авалцаж, тэр хоёр тэмцэлдэж эхэлдэг. Энэ Бурханы үгийг нөхөрлөж байгаа хэрэг үү? (Үгүй.) Тэд юу хийж байна вэ? (Бие бие рүүгээ дайрч, тэмцэлдэж байна.) Тэд бүр ямар нэг барьц олж аваад, дайралт хийх “үндэслэл” олж, Бурханы үгийг үндэслэл болгон ашигладаг—энэ бол бие бие рүүгээ дайрахын зэрэгцээ хэл амаар тулалдаж байгаа хэрэг юм. Ийм хэлбэрийн нөхөрлөл чуулганы амьдралд заримдаа харагддаг уу? Энэ хэвийн нөхөрлөл мөн үү? Энэ хэвийн хүн чанар доторх нөхөрлөл мөн үү? (Биш.) Тэгвэл ийм хэлбэрийн нөхөрлөл чуулганы амьдралд саад болж, үймүүлдэг үү? Ямар саад, үймээн учруулдаг вэ? (Чуулганы хэвийн амьдрал үймж, хүмүүс зөв буруугийн талаар маргалдаж, улмаар Бурханы үгийг тайван эргэцүүлж, нөхөрлөж чадахаа больдог.) Хүмүүс чуулганы амьдралын үеэр ийнхүү тэмцэлдэж, зөв буруугийн талаар маргалдаж, бие бие рүүгээ дайрах үед Ариун Сүнс ажилласаар байдаг уу? Ариун Сүнс ажилладаггүй; иймэрхүү нөхөрлөл хүмүүсийн зүрх сэтгэлийг үймүүлдэг. Библид нэг үг байдаг даа, та нар санаж байна уу? (“Би та нарт дахин хэлье, хэрвээ та нараас хоёр нь ямар нэг зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх Миний Эцэг тэдний төлөө үүнийг биелүүлнэ. Учир нь хоёр юм уу гурван хүн Миний нэрээр цугларвал Би тэдний дунд байх болно” (Матай 18:19–20).) Эдгээр үг ямар утгатай вэ? Хүмүүс Бурханы өмнө хамтдаа цугларахдаа нэг зүрх сэтгэл, нэг санаатай байж, Бурханы өмнө нэгдмэл байх хэрэгтэй; хүмүүс нэг зүрх сэтгэл, нэг санаатай байх үед л Бурхан тэднийг ерөөж, Ариун Сүнс ажиллана. Гэхдээ Миний дөнгөж сая дурдсан маргалдаж буй хоёр хүн нэг зүрх сэтгэл, нэг санаатай байсан уу? (Үгүй.) Тэд юу хийж байсан бэ? Бие бие рүүгээ дайрч, тэмцэлдэж, тэр ч бүү хэл шүүж, ялласан. Хэдийгээр тэд өнгөн дээрээ бүдүүлэг хараалын үг хэрэглээгүй, элдэв үгээр хэлээгүй ч хэлсэн үгийнх нь цаад сэдэл үнэнийг нөхөрлөх юм уу үнэнийг эрж хайх явдал байгаагүй, тэд хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухааны хүрээнд яриагүй. Тэдний хэлсэн үг бүр хариуцлагагүй бөгөөд түрэмгий байдал, хорон санаа агуулж байсан; үг бүр нь баримтад нийцээгүй, ямар ч үндэслэлгүй байсан. Үг бүр нь асуудлыг Бурханы үг, Бурханы шаардлагын дагуу шүүх тухай биш, харин өөрсдийн дур сонирхол, хүсэлд үндэслэн үзэн ядаж, дорд үздэг хүнийхээ эсрэг өөрийн биеэр дайралт хийж, шүүж, яллах тухай байсан. Энэ бүхний аль нь ч нэг зүрх сэтгэл, нэг санаатай байхын илрэл биш; харин эдгээр нь түргэн ууртай байдал болон Сатаны завхарсан зан чанараас гардаг үг, илрэл бөгөөд Бурхан үүнийг таалдаггүй; тиймээс тэнд Ариун Сүнсний ажил байхгүй. Энэ бол бие бие рүүгээ дайрахын нэг илрэл юм.

Чуулганы амьдралд хүмүүсийн хооронд ялихгүй зүйл, эсвэл үзэл бодол, ашиг сонирхлын зөрчлөөс болж маргаан, зөрчилдөөн байнга үүсдэг. Мөн хувийн шинж чанар, хүсэл эрмэлзэл, дур сонирхол таарахгүйгээс болж маргаан байнга гардаг. Нийгмийн байр суурь, боловсролын түвшний ялгаа, эсвэл хүн чанар, уг чанарын ялгаа, тэр ч бүү хэл ярих, асуудлыг зохицуулах арга барилын ялгаа болон бусад шалтгаанаас болж хүмүүсийн дунд янз бүрийн санал зөрөлдөөн, үл нийцэл үүсдэг. Хэрвээ хүмүүс эдгээр асуудлыг Бурханы үгийг ашиглан шийдвэрлэхийг эрэлхийлэхгүй, бие биеэ ойлгож, хүлээцтэй хандаж, дэмжиж, туслахгүй, харин зүрх сэтгэлдээ өрөөсгөл үзэл, үзэн ядалт тээж, завхарсан зан чанартаа хөтлөгдөн бие биедээ түргэн уураар хандвал энэ нь бие бие рүүгээ дайрч, шүүлт хийхэд хүргэх магадлалтай. Зарим хүн жаахан мөс чанар, эрүүл ухаантай байдаг тул маргаан гарах үед тэвчээртэй байж, эрүүл ухаанаар үйлдэж, нөгөө хүндээ хайраар тусалж чаддаг. Гэвч зарим хүн үүнд хүрч чаддаггүй, тэдэнд хамгийн наад захын хүлээцтэй, тэвчээртэй байдал, хүн чанар, эрүүл ухаан ч байдаггүй. Тэд ялихгүй асуудал, эсвэл ганц үг, нүүрний хувирлаас болж бусдын талаар янз бүрийн өрөөсгөл үзэл, сэжиг, буруу ойлголттой болдог бөгөөд үүнээсээ болж зүрх сэтгэлдээ тэдний талаар янз бүрийн бодол тээж, эргэлзэж, шүүж, ялладаг. Ийм үзэгдэл чуулганд байнга гардаг бөгөөд хүмүүсийн хоорондын хэвийн харилцаа, ах эгч нарын эв найртай харилцаа, тэр ч бүү хэл Бурханы үгийг нөхөрлөхөд нь ч нөлөөлдөг. Хүмүүс хоорондоо харилцах үед маргаан гарах нь түгээмэл боловч хэрвээ ийм асуудал чуулганы амьдралд байнга гарвал чуулганы хэвийн амьдралд нөлөөлж, үймүүлж, бүр сүйтгэж ч мэднэ. Жишээ нь, хэрвээ хэн нэгэн цуглаан дээр маргаан дэгдээвэл тэр цуглаан үймж, чуулганы амьдрал үр дүнд хүрэхгүй, цуглаанд оролцож байгаа хүмүүс юу ч олж авахгүй, үндсэндээ дэмий цугларч, цагаа үрсэн хэрэг болно. Иймээс эдгээр асуудал чуулганы амьдралын хэвийн дэг журамд аль хэдийн нөлөөлсөн байдаг.

A. Бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалдахын хэд хэдэн илрэл
1. Бие биеийнхээ дутагдлыг ил болгох

Зарим хүн цуглааны үеэр ахуйн асуудал, чухал бус сэдвээр чалчих дуртай байдаг бөгөөд ах эгч нартай уулзах болгондоо гэр ахуйн ялихгүй асуудал ярьж, дэмий чалчдаг нь ах эгч нарыг аргагүй байдалд оруулдаг. Хэн нэгэн босоод яриаг нь тасалж магадгүй, тэгвэл юу болох вэ? Хэрвээ байнга яриаг нь таслаад байвал тэд дургүйцдэг, дургүйцнэ гэдэг нь асуудал үүснэ гэсэн үг. Тэд: “Чи үргэлж яриа таслаад, намайг яриулахгүй юм. За яах вэ. Чамайг ярих үед би яриаг чинь тасална аа! Чамайг Бурханы үгийг нөхөрлөх үед би Бурханы үгийн өөр нэг хэсгийг дундуур нь оруулж ярина. Чамайг өөрийгөө таньж мэдэх талаар нөхөрлөх үед би хүмүүсийг шүүдэг Бурханы үгийн талаар нөхөрлөнө. Чамайг биеэ тоосон зан чанараа ойлгох талаар нөхөрлөх үед би хүмүүсийн төгсгөл, хүрэх газрыг тодорхойлох тухай Бурханы үгийг нөхөрлөнө. Чамайг юу ч гэж хэлсэн, би өөр зүйл хэлнэ!” гэж боддог. Түүгээр ч барахгүй, хэрвээ бусад хүн түүнтэй нийлж яриаг нь тасалбал тэр хүн босоод тэдэн рүү дайрдаг. Үүний зэрэгцээ, зүрх сэтгэлдээ хорсол, үзэн ядалт тээж явдаг учраас цуглааны үеэр яриаг нь тасалсан хүний дутагдлыг байнга ил болгож, тэр хүн Бурханд итгэхээсээ өмнө бизнес хийхдээ бусдыг яаж хуурдаг байсан, бусадтай харилцахдаа хэчнээн ичгүүргүй байсан гэх мэт зүйлийг ярьдаг—тэр хүн ярих болгонд эдгээр зүйлийг ярьдаг. Эхэндээ нөгөө хүн нь тэвчиж чаддаг ч цаг хугацаа өнгөрөх тусам: “Би чамд үргэлж тусалдаг, чамд үргэлж хүлээцтэй, тэвчээртэй ханддаг, гэтэл чи надад огт хүлээцтэй хандахгүй юм. Чи надад ингэж хандаж байгаа бол намайг өршөөлгүй хандлаа гэж битгий буруутгаарай! Бид нэг тосгонд удаан амьдарсан—бид бие биеэ сайн мэднэ. Чи над руу дайрсан болохоор би ч бас чам руу дайрна; чи миний дутагдлыг ил болгосон, гэхдээ чамд ч бас дутагдал мундахгүй их бий” гэж бодож эхэлдэг. Тэгээд тэр хүн: “Чи бүр багадаа юм хулгайлдаг байсан; чиний тэр жижиг хулгай бүр ч ичгүүртэй! Ядаж л миний хийсэн зүйл бизнес байсан, бүгд амьжиргаагаа залгуулахын төлөө байсан. Энэ ертөнцөд алдаа гаргадаггүй хүн гэж хаана байх вэ? Харин чиний зан авир юу вэ? Чинийх бол хулгайч, дээрэмчний зан авир!” гэж хэлдэг. Энэ бол бие бие рүүгээ дайрч байгаа хэрэг биш гэж үү? Энэ ямар дайралтын арга барил вэ? Энэ бол бие биеийнхээ дутагдлыг ил болгох явдал биш гэж үү? (Тийм.) Тэд бүр дотроо: “Чи миний дутагдлыг ил болгож, хүн бүрд мэдүүлж, миний гутамшигт өнгөрсөн үеийг дэлгэж, бусад хүн намайг хүндлэхгүй болгож байна—за яах вэ, тэгвэл би ч бас зүгээр суухгүй. Чи хэдэн хүнтэй үерхэж, эсрэг хүйсийн хэдэн хүнтэй орооцолдож байсныг би бүгдийг нь мэднэ; надад энэ бүх сум байгаа. Хэрвээ чи миний дутагдлыг дахин ил болгож, тэвчээрийг минь барвал би чиний бүх муу үйлийг ил болгоно доо!” гэж боддог. Бие биеийнхээ дутагдлыг ил болгох нь бие биеэ сайн мэддэг, танил хүмүүсийн дунд түгээмэл гардаг асуудал юм. Магадгүй санал зөрөлдөөнөөс болж, эсвэл хоорондоо зөрчилтэй, өшөө хорсолтойгоос болж хоёр хүн цуглааны үеэр бие бие рүүгээ дайрах зэвсэг болгон хуучны, ялихгүй асуудлыг сөхөж гаргаж ирдэг. Энэ хоёр хүн бие биеийнхээ дутагдлыг ил болгож, бие бие рүүгээ дайрч, бие биеэ яллаж, хүн бүрийн Бурханы үгийг идэж, уух цагийг барж, чуулганы хэвийн амьдралд нөлөөлдөг. Ийм цуглаан үр дүнтэй байж чадах уу? Эргэн тойрны хүмүүс нь цугларах хүсэлтэй хэвээр байх уу? Зарим ах эгч: “Энэ хоёр үнэхээр төвөгтэй юм, тэр өнгөрсөн хэрэг явдлыг сөхөж гаргаж ирэх ямар хэрэг байна аа! Тэд одоо хоёулаа Бурханд итгэдэг, тэр зүйлсийг орхих хэрэгтэй. Асуудалгүй хүн гэж хэн байх вэ? Тэд хоёулаа одоо Бурханы өмнө ирээгүй гэж үү? Энэ бүх асуудлыг Бурханы үгээр шийдвэрлэж болно шүү дээ. Дутагдлыг ил болгох нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг биш, мөн нэг хүний сул талыг нөхөх гэж нөгөө хүний давуу талаас суралцаж байгаа хэрэг ч биш; энэ бол бие бие рүүгээ дайрч байгаа хэрэг, энэ бол Сатаны зан авир” гэж бодож эхэлдэг. Тэд бие бие рүүгээ дайрах нь чуулганы хэвийн амьдралыг үймүүлж, сүйтгэдэг. Хэн ч тэднийг зогсоож чаддаггүй бөгөөд хэн ч тэдэнд үнэнийг нөхөрлөсөн, тэд сонсдоггүй. Зарим хүн тэдэнд: “Бие биеийнхээ дутагдлыг ил болгохоо боль. Үнэндээ энэ бүхэн тийм ч сүрхий зүйл биш; зүгээр л түрхэн зуур үг сөргөлдсөн хэрэг биш гэж үү? Та хоёрын хооронд гүн өшөө хорсол байхгүй шүү дээ. Хэрвээ та хоёр хоёулаа сэтгэлээ нээж, өөрсдийгөө ил болгож, өрөөсгөл үзэл, гомдол, үзэн ядалтаа орхиж, Бурханы өмнө залбирч, үнэнийг эрж хайвал энэ бүх асуудлыг шийдвэрлэж болно” гэж зөвлөдөг. Гэвч тэр хоёр хүн маргалдсан хэвээр л байдаг. Тэдний нэг нь: “Хэрвээ тэр эхлээд надаас уучлалт гуйж, эхлээд сэтгэлээ нээж, өөрийгөө ил болгох юм бол би ч бас тэгнэ. Гэхдээ хэрвээ тэр урьдынх шигээ энэ зүйлийг орхихгүй бол би түүнд өршөөлгүй хандана! Та нар намайг үнэнийг хэрэгжүүл гэж байна—яагаад тэр хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ? Та нар намайг аливааг орхи гэж байна—яагаад тэр эхлээд тэгэхгүй байгаа юм бэ?” гэж хэлдэг. Энэ нь муйхарлаж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Тэд муйхарлаж эхэлдэг. Хэний ч зөвлөгөө тэдэнд нөлөөлдөггүй бөгөөд тэд үнэний талаарх нөхөрлөлийг сонсдоггүй. Тэд бие биеэ хармагцаа маргалдаж, бие биеийнхээ дутагдлыг ил болгож, бие бие рүүгээ дайрдаг. Зодоон хийхгүй байгааг эс тооцвол бие биедээ хийж байгаа бүх зүйлд нь үзэн ядалт байдаг, хэлж байгаа үг бүр нь дайралт, хараалын өнгө аяс агуулдаг. Чуулганы амьдралд бие биеэ хармагцаа дайрч, хэл амаар тулалдаг ийм хоёр хүн байвал энэ чуулганы амьдрал үр дүнд хүрч чадах уу? Хүмүүс үүнээс ямар нэг эерэг зүйл олж авч чадах уу? (Үгүй.) Ийм нөхцөл байдал үүсэх үед ихэнх хүн санаа зовж: “Биднийг цугларах болгонд тэр хоёр үргэлж тэмцэлдэж байдаг, тэгээд хэний ч зөвлөгөөг сонсдоггүй. Бид яах ёстой вэ?” гэж хэлдэг. Тэднийг тэнд байгаа цагт цуглаан амар тайван байдаггүй, хүн бүр тэднээс болж үймэрдэг. Ийм тохиолдолд чуулганы удирдагчид асуудлыг шийдвэрлэхийн тулд оролцох ёстой; тэд ийм хүмүүст чуулганы амьдралыг үргэлжлүүлэн үймүүлэх боломж олгох ёсгүй. Хэрвээ дахин дахин зөвлөж, нөхөрлөж, эергээр залж чиглүүлсний дараа ямар ч үр дүнд хүрэхгүй, хоёр тал өрөөсгөл үзэлдээ баригдсаар, бие биеэ уучлахаас татгалзаж, үргэлжлүүлэн бие бие рүүгээ дайрч, чуулганы амьдралыг үймүүлсээр байвал асуудлыг зарчмын дагуу шийдвэрлэх шаардлагатай. Тэдэнд: “Та хоёр ийм байдалтай удаан байлаа, энэ нь чуулганы амьдрал болон бүх ах эгчийг ноцтой үймүүллээ. Ихэнх хүн та хоёрын энэ зан авирт дургүйцэж байгаа ч энэ талаар юм хэлэхээс айж байна. Та хоёрын одоогийн хандлага, илрэлийг харгалзан үзээд чуулган зарчмын дагуу та хоёрын чуулганы амьдралыг зогсоож, өөрсдийгөө эргэцүүлэг гэж тусгаарлах ёстой. Та хоёр эв найртай байж, хэвийн нөхөрлөж, хүмүүс хоорондын хэвийн харилцаатай болсон цагтаа чуулганы амьдралд буцаж ирж болно” гэж хэлэх ёстой. Тэд үүнийг зөвшөөрөх эсэхээс үл хамааран чуулган ийм шийдвэр гаргах ёстой; энэ бол асуудлыг зарчимд үндэслэн шийдвэрлэж байгаа хэрэг юм. Эдгээр асуудлыг ийм байдлаар шийдвэрлэх ёстой. Нэг талаар, энэ нь тэр хоёр хүнд ашиг тустай; энэ нь тэднийг эргэцүүлж, өөрсдийгөө таньж мэдэхэд хүргэж чадна. Нөгөө талаар, энэ нь голчлон ёрын муу хүмүүс илүү олон ах эгчийг үймүүлэхээс хамгаалдаг. Зарим хүн: “Тэд ямар ч муу зүйл хийгээгүй; мөн чанарынхаа хувьд тэд бас ёрын муу хүмүүс биш. Тэдэнд хүн чанарын жижиг дутагдал л байдаг, тэд зүгээр л дураараа, муйхарлах хандлагатай, атаархуу, маргалдах дуртай. Үүнээс болж яагаад тэднийг тусгаарлаж байгаа юм бэ?” гэж хэлдэг. Тэдний хүн чанар ямар байхаас үл хамааран чуулганы амьдралыг үймүүлж байгаа цагт чуулганы удирдагчид хөндлөнгөөс оролцож, асуудлыг шийдвэрлэх ёстой. Хэрвээ энэ хоёр хүн ёрын муу хүн байвал үүнийг ялган танимагцаа хариу арга хэмжээ нь тэднийг тусгаарлах төдийхөн байж болохгүй; шууд чуулганаас цэвэрлэх шийдвэрийг даруй гаргах ёстой. Хэрвээ тэдний үйлдэл нь бусдад хор хөнөөл учруулах юм уу Бурханы гэрийн ашиг сонирхолд хохирол учруулах өөр муу үйл хийхгүйгээр зөвхөн бие бие рүүгээ дайрч, зөв буруугийн талаар маргалдах явдлаар хязгаарлагдаж байвал, мөн тэд ёрын муу хүмүүс биш бол тэднийг чуулганаас цэвэрлэх шаардлагагүй. Харин чуулганы амьдралыг нь зогсоож, өөрсдийгөө эргэцүүлэг гэж тусгаарлах хэрэгтэй. Ийм арга барил хамгийн тохиромжтой. Асуудлыг ийм байдлаар шийдвэрлэх зорилго нь чуулганы амьдралын хэвийн дэг журмыг хангаж, чуулганы ажил хэвийн үргэлжлэхийг баталгаажуулах явдал юм.

2. Бие биеэ ил болгож, дайрах

Зарим хүн Бурханы үгийг идэж, уухдаа ухаж ойлгох чадвар дутмаг байдаг бөгөөд Бурханы үгийн талаарх туршлагаар олж авсан ойлголтоо хэрхэн нөхөрлөхийг мэддэггүй. Тэд гагцхүү хүмүүсийг ил болгосон Бурханы үгийг бусдад хамааруулж л мэддэг. Тиймээс Бурханы үгэн дэх үнэнийг нөхөрлөх болгондоо тэд үргэлж хувийн сэдэл өвөрлөдөг; тэд үргэлж боломжийг ашиглан бусдыг ил болгож, цохилт өгөхийг хүсдэг бөгөөд энэ нь чуулганд үймээн үүсгэдэг. Хэрвээ ил болгуулсан хүмүүс эдгээр нөхцөл байдалд зөв хандаж, Бурханаас ирсэн гэж ойлгон, дуулгавартай байдал, тэвчээрт суралцаж чадвал ямар ч маргаан гарахгүй. Гэвч бусад хүн өөрсдийнх нь асуудлын талаар нөхөрлөж, асуудлыг нь ил болгохыг сонсоод зарим хүн эсэргүүцэх нь гарцаагүй. Тэд дотроо “Чи Бурханы үгийг уншчихаад яагаад үүний талаарх туршлагаар олсон ойлголтоо хуваалцахгүй, эсвэл өөрийгөө таньж мэдэх талаар ярихгүй, зөвхөн над руу дайрч, намайг онилоод байна вэ? Би чамд таалагдахгүй байна уу? Надад завхарсан зан чанар байгаа гэдгийг Бурханы үг хэдийнээ тодорхой хэлчихсэн—чи заавал хэлэх хэрэгтэй юм уу? Надад завхарсан зан чанар байж болох ч чамд бас байгаа биш үү? Чи үргэлж намайг онилж, намайг ов мэхтэй гэж дууддаг ч чи өөрөө ч ов мэхээр дутахгүй шүү дээ!” гэж боддог. Зэвүүцэл, эсэргүүцлээр дүүрсэн тэд нэг хоёр удаа тэвчиж магадгүй ч цаг хугацаа өнгөрч, гомдол нь хуримтлагдсаны эцэст тэд тэсэрдэг. Тэгээд нэгэнт тэсрэх юм бол гамшиг болно. Тэд “Зарим хүн хэлж ярьж, үйлдэхдээ гаднаа маш үнэнч шударга, нээлттэй дүр эсгэдэг ч үнэн хэрэгтээ элдэв төрлийн заль мэхээр дүүрэн, үргэлж бусдын эсрэг явуулга хийж байдаг. Хэн ч тэдэнтэй ярихдаа бодол санаа, зорилгыг нь ухаж ойлгож чаддаггүй; тэд бол ов мэхтэй хүмүүс. Ийм хүмүүстэй тааралдаад бид ярилцаж, харилцаж болохгүй; тэд дэндүү аймшигтай. Хэрвээ чи болгоомжтой байхгүй бол тэдний урхинд орж, хууртаж, ашиглуулна. Ийм хүмүүс бол хамгийн ёрын муу, Бурханы хамгийн их жигшиж, зэвүүцдэг төрлийн хүмүүс юм. Тэднийг ёроолгүй нүх, хүхэртэй галт нуур руу хаях хэрэгтэй!” гэж хэлдэг. Үүнийг сонсоод нөгөө хүн нь “Чамд завхарсан зан чанар байгаа мөртөө чи бусдаар өөрийгөө ил болгуулахгүй гэнэ ээ? Чи дэндүү биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг юм байна, тиймээс би чамайг ил болгох Бурханы үгийн өөр нэг хэсгийг олно доо, тэр үед юу гэж хэлэхийг чинь харъя!” гэж боддог. Нөгөө хүн нь ил болгуулсныхаа дараа бүр ч их уурлаж: “Тэгэхээр чи үүнийг ингээд орхихгүй нь шив дээ? Чи одоо болтол үүнээс зуураад л байна уу, айн? Чи зүгээр л надад дургүй, намайг завхарсан зан чанартай гэж бодож байна, тийм үү? За яах вэ, тэгвэл би ч бас чамайг ил болгоно!” гэж боддог. Тэгээд тэд “Зарим хүн зүгээр л антихрист; тэд байр сууринд, бусдаар магтуулахдаа дуртай, бусдыг сургамжлах дуртай, бусдыг ил болгож, яллахдаа Бурханы үгийг ашиглаж, өөрсдөд нь завхарсан зан чанар байхгүй гэж бусдад бодуулдаг. Тэд бүгд ихэмсэг дээрэнгүй бөгөөд өөрсдийгөө ариусгагдсан гэж боддог ч тэд ердөө л бохир сүнснүүд биш гэж үү? Тэд ердөө л Сатанууд, муу сүнснүүд биш гэж үү? Антихристүүд гэж хэн бэ? Антихристүүд бол Сатанууд!” гэж хэлдэг. Тэд хэдэн үе тулалдав? Ялагч байна уу? (Байхгүй.) Бусдыг босгон байгуулах ямар нэг зүйл тэд хэлсэн үү? (Үгүй.) Тэгвэл ямар үг байв? (Шүүсэн, ялласан үгс.) Шүүсэн үгс. Тэд бодит нөхцөл байдал, баримтыг харгалзан үзэхгүйгээр бодлогогүй ярьж, бусдыг дур зоргоороо шүүж, яллаж, тэр ч бүү хэл харааж байна. Нөгөө хүнээ антихрист гэж дуудах бодитой үндэслэл тэдэнд бий юу? Тэр хүн антихристийн ямар муу үйл, илрэлийг гаргасан бэ? Түүний завхарсан зан чанар нь антихристийн мөн чанарын хэмжээнд дүйцэх үү? Бурханы сонгосон хүмүүс нөгөө хүнээ ил болгож байгааг нь сонсоод бодитой, үнэн зөв гэж бодох уу? Энэ хоёр хүний хэлсэн үгэнд ямар нэг сайхан сэтгэл, сайн санаа байна уу? (Үгүй.) Тэд нөгөө хүндээ өөрийгөө хурдан таньж мэдэхэд нь тусалж, завхарсан зан чанараа аль болох хурдан хаяж, үнэн-бодит байдалд ордог болгох зорилготой юу? (Үгүй.) Тэгвэл тэд юуны төлөө үүнийг хийдэг вэ? Хувийн хорслоо тайлж, нөгөө тал руугаа дайрч, өшөө авахын төлөө учраас тэд баримтад огт нийцэхгүй зүйлээр тэднийг дур зоргоороо буруутгадаг. Тэд Бурханы үг болон нөгөө хүнийхээ илчлэлт, мөн чанарт үндэслэн бие биеийгээ үнэн зөв үнэлж, тодорхойлохын оронд бие биедээ цохилт өгч, өшөө авч, хувийн хорслоо тайлахын тулд Бурханы үгийг ашиглаж байна; тэд үнэнийг огтхон ч нөхөрлөхгүй байна. Энэ бол ноцтой асуудал. Тэд үргэлж нөгөө хүнийхээ талаар ямар нэг барьц олж авч, биеэ тоосон зан чанартай гэж дайрч, ялладаг—ийм хандлага нь хар санаатай, хорон муу бөгөөд яавч сайн санаагаар ил болгож байгаа хэрэг биш. Иймээс энэ нь зөвхөн бие биедээ дайсагнаж, үзэн ядахад л хүргэдэг. Хэрвээ бусдад хайраар туслах хандлагаар ил болгож байгаа бол хүмүүс үүнийг мэдэрч, зөв хандаж чадна. Харин хэн нэгэн нөгөө хүнийхээ биеэ тоосон зан чанарыг барьц болгож аваад, яллаж, дайрвал энэ нь цэвэр тэр хүнд цохилт өгч, түүнийг тарчлаахын төлөө юм. Хүн бүрд биеэ тоосон зан чанар байдаг, тэгвэл яагаад үргэлж нэг хүнийг онилдог юм бэ? Яагаад нэг хүн дээр үргэлж төвлөрч, түүнийг зүгээр орхидоггүй юм бэ? Тэр нэг хүний биеэ тоосон зан чанарыг байнга илчилдэг нь—үүний зорилго үнэхээр тэр зан чанараа хаяхад нь туслахын төлөө юу? (Үгүй.) Тэгвэл үүний шалтгаан нь юу вэ? Яагаад гэвэл тэдэнд нөгөө хүн нь таалагддаггүй тул түүнд цохилт өгч, хариугаа авах боломж хайж, үргэлж түүнийг тарчлаахыг хүсдэг. Тиймээс тэд нөгөө хүнээ антихрист, Сатан, диавол, ов мэхтэй, хар санаатай хүн гэж хэлэх нь баримттай юу? Энэ нь бага зэрэг баримттай байж магадгүй ч эдгээр зүйлийг хэлж буй нь нөгөө хүндээ туслах юм уу үнэнийг нөхөрлөх биш, харин хувийн хорслоо тайлж, өшөө авах зорилготой юм. Тэд тарчилсан учраас хариугаа авахыг хүсдэг. Тэд яаж хариугаа авдаг вэ? Нөгөө хүнээ ил болгож, яллаж, диавол, Сатан, муу сүнс, антихрист гэж дуудах замаар—аль жигшүүртэй нэр хаяг зүүж, аль хүнд ялыг тохдог. Энэ нь дур зоргоороо шүүж, яллаж байгаа хэрэг биш үү? Эдгээр зүйлийг хэлж буй хоёр талын сэдэл, зорилго, санаархал нь нөгөө хүндээ өөрийгөө таньж мэдэж, завхарсан зан чанараа шийдвэрлэхэд туслах биш, Бурханы үгийн бодит байдалд орж, үнэн-зарчмыг ойлгоход нь туслах бүр ч биш юм. Харин тэд хувийн хорслоо тайлж, өшөө авах зорилгодоо хүрэхийн тулд нөгөө хүнээ илчлэх гэж түүнд рүү дайрч, цохилт өгөхийг оролдож байна. Энэ бол бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалдаж байгаа хэрэг юм. Бусдыг дайрах энэ арга нь бие биеийнхээ дутагдлыг ил болгохоос илүү үндэслэлтэй мэт санагдаж, Бурханы үгийг нөгөө хүндээ хамааруулан, түүнийг завхарсан зан чанартай, диавол, Сатан гэж хэлж, өнгөн дээрээ нэлээд сүнслэг мэт харагддаг ч энэ хоёр аргын уг чанар нь адилхан. Энэ аргуудын аль нь ч хэвийн хүн чанарын хүрээнд Бурханы үгийг, үнэнийг нөхөрлөж байгаа хэрэг биш, харин хувийн дур сонирхолд үндэслэн нөгөө хүнээ хариуцлагагүйгээр, дур зоргоороо шүүж, яллаж, харааж, хувь хүн рүү дайрч байгаа хэрэг юм. Ийм шинж чанартай харилцан яриа нь мөн чуулганы амьдралд саад болж, үймүүлдэг бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод саад болж, хохироодог.

Бие биеийнхээ завхарсан зан чанарыг ил болгож, бие бие рүүгээ дайрч байгаа хоёр хүнтэй таарвал та нар яах ёстой вэ? Ширээ шааж, тэднийг сургамжлах шаардлагатай юу? Тэдэн рүү савтай хүйтэн ус цацаж тайвшруулаад, бурууг нь ухааруулж, бие биеэс нь уучлалт гуйлгуулах шаардлагатай юу? Эдгээр арга асуудлыг шийдвэрлэж чадах уу? (Үгүй.) Энэ хоёр хүн цуглаан болгон дээр үргэлж тэмцэлдэж, цуглаан дууссаны дараа дараагийн тэмцэлдээ бэлддэг. Гэртээ тэд дайралтдаа ашиглах Бурханы үг, үндэслэл хайж, тэр ч бүү хэл ноороглож, нөгөө тал руугаа яаж дайрах, аль тал руу нь дайрах, яаж шүүж, яллах, ямар өнгө аяс ашиглах, хамгийн үнэмшилтэйгээр дайрч, яллахын тулд Бурханы аль үгийг ашиглахаа бодож олдог. Тэд бас нөгөө талаа яллаж, цохилт өгөхийн тулд янз бүрийн сүнслэг нэр томьёо хайж, өөр өөр илэрхийллийн арга барил ашигладаг, нөхцөл байдлыг эргүүлэх боломж олгодоггүй, дараагийн тулаанд унагаж, дахиж босож ирэх боломжгүй болгохоор чармайдаг. Эдгээр зан авир нь бүгд бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалдахад хамаарна. Ийм асуудлыг шийдвэрлэхэд амархан уу? Хэрвээ хүмүүсийн олонх нь зөвлөж, тусалж, үнэнийг нөхөрлөсний дараа ч тэд гэмшихгүй, замаасаа буцахгүй бол—өөрөөр хэлбэл уулзмагцаа маргалдаж, бие биеэ харааж, хэний ч зөвлөгөөг сонсохгүй, хэн ч үнэнийг нөхөрлөж, тэднийг зассан, хүлээж авахгүй бол—яах ёстой вэ? Үүнийг зохицуулахад амархан: Тэднийг цэвэрлэх хэрэгтэй. Тэгвэл асуудал шийдэгдэх биш үү? Амархан биш гэж үү? Тэдэнтэй үргэлжлүүлэн нөхөрлөх шаардлагатай юу? Тэдэнд хайраар туслах шаардлагатай юу? Надад хэл дээ, ийм хүмүүст хайраар хүлээцтэй, тэвчээртэй хандах нь зохистой юу? (Зохистой биш.) Яагаад зохистой биш вэ? (Тэд үнэнийг хүлээж авдаггүй—тэдэнтэй нөхөрлөөд нэмэргүй.) Зөв, тэд үнэнийг хүлээж авдаггүй. Тэд зөвхөн хэл амаар тулалдахын тулд л цуглаанд оролцдог. Тэд үнэнийг эрэлхийлэхийн тулд Бурханд итгэдэггүй, зүгээр л хэл амаар тулалдах дуртай. Энэ нь хэвийн хүн чанарын илчлэл, илрэл мөн үү? Тэдэнд хэвийн хүн чанарт байх ёстой эрүүл ухаан байна уу? (Үгүй.) Тэдэнд хэвийн хүн чанарын эрүүл ухаан байдаггүй. Цуглааны үеэр ийм хүмүүс Бурханы үгнээс үнэнийг ойлгож, олж авч, улмаар завхарсан зан чанар, асуудлаа шийдвэрлэхийн тулд Бурханы үгийг анхаарлаа төвлөрүүлж, зохих ёсоор уншдаггүй. Харин тэд үргэлж бусдын асуудлыг шийдвэрлэхийг хүсдэг. Тэд анхаарлаа үргэлж бусад дээр төвлөрүүлж, тэднээс өө сэв хайдаг; тэд үргэлж Бурханы үгнээс бусдын асуудлыг олж мэдэхийг зорьдог. Тэд Бурханы үгийг уншиж, нөхөрлөх боломжийг ашиглан бусдыг ил болгож, дайрдаг, Бурханы үгийг ашиглан бусдыг шүүж, дорд үзэж, ялладаг. Гэсэн атлаа тэд өөрсдийгөө Бурханы үгээс тусад нь тавьдаг. Тэд ямар төрлийн хүн бэ? Тэд үнэнийг хүлээн авдаг хүмүүс мөн үү? (Үгүй.) Тэд нэг зүйлд онцгой сайн, бас дуртай: Бурханы үгийг уншсаныхаа дараа Бурханы үгийн ил болгосон янз бүрийн асуудал, байдал, илрэлийг байнга бусдаас олж илрүүлдэг. Тэд эдгээр асуудлыг олж илрүүлэх тусмаа өөрсдийгөө чухал хариуцлага үүрч байна гэж мэдэрч, хийж чадах зүйл их байна гэж итгэн, эдгээр асуудлыг ил болгох ёстой гэж боддог. Тэд ийм асуудалтай нэг ч хүнийг зүгээр өнгөрөөхгүй. Тэд ямар төрлийн хүн бэ? Ийм хүмүүст эрүүл ухаан байна уу? Тэдэнд үнэнийг ухаарч ойлгох чадвар байна уу? (Үгүй.) Чуулганд ийм хүмүүс дуугарахгүй, үймээн дэгдээхгүй бол тэднийг зохицуулах хэрэггүй. Гэвч хэрвээ тэд байнга ийм маягаар үйлдэж, үргэлж бусдыг дайрч, шүүж, ялладаг бол чуулган тэднийг зохицуулахын тулд зохих арга хэмжээ авч, тэднийг цэвэрлэх ёстой. Хүмүүс өөрсдийг нь ил болгосон бөгөөд дараа нь ижил арга барил, хэрэгсэл ашиглан хүмүүс рүү дайрч, шүүж, ялладаг хүмүүсийн тухайд гэвэл, хэрвээ нөхцөл байдал ноцтой, чуулганы амьдралд саад болж, үймүүлсэн бол тэднийг мөн адил цэвэрлэж, Бурханы сонгосон хүмүүсээс тусгаарлах ёстой—тэдэнд өршөөнгүй хандаж болохгүй.

Бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалдах илрэлүүдийн өөр аль нь чуулганы амьдралд саад болж, үймүүлдэг уг чанартай вэ? Бие биеийнхээ дутагдлыг ил болгож, хувийн хорслоо тайлж, өшөө авахын тулд бие биеийнхээ завхарсан зан чанарыг ил болгох нь чуулганы амьдралд саад болж, үймүүлж буй тодорхой илрэл юм. Энэ хоёр илрэлээс гадна, бусдыг зориуд ил болгож, задлан шинжлэх зорилгоор өөрийгөө нээж, ил болгон, задлан шинжилж байгаа дүр эсгэх явдал бий—ийм төрлийн дайралт нь мөн чуулганы амьдралд саад болж, үймүүлж буй илрэл юм. Тэгвэл өөрийнхөө асуудлыг биш, харин бусдын асуудлыг ярьж л байвал, онцолж хэлсэн үү, эсвэл зөрж өнгөрөхдөө, тойруугаар эвтэйхэн хэлсэн үү гэдгээс үл хамааран дайралт болох уу? (Үгүй.) Тэгвэл ямар нөхцөл байдал дайралт болох вэ? Энэ нь хэлсэн зүйлийн цаад санаа, зорилгоос хамаарна. Хэрвээ хүмүүст цохилт өгч, өшөө авах, эсвэл хувийн хорслоо тайлахын тулд юм хэлсэн бол энэ нь дайралт юм. Энэ бол нэг нөхцөл байдал. Түүнчлэн, асуудлын мөн чанар юу болохыг огт харалгүйгээр хариуцлагагүйгээр дүгнэлт хийж, баримт болон үнэн байдалтай зөрчилдөн хүмүүсийг шүүж, яллахын тулд асуудлын өнгөц талуудыг дэгсдүүлэх нь—мөн л хувийн хорслоо тайлж, өшөө авч байгаа хэрэг, энэ нь шүүж, яллаж байгаа хэрэг бөгөөд ийм нөхцөл байдал нь мөн дайралт болно. Өөр юу байна? (Хүмүүсийн талаар үндэслэлгүй цуу яриа зохиох нэг нь мөн үү?) Үндэслэлгүй цуу яриа зохиох нь мэдээж мөн, бүр ч илүүтэй мөн. Хэдэн нөхцөл байдал дайралт болж байна вэ? (Гурав.) Эдгээр нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэ дээ. (Нэгдэх нь тодорхой зорилготойгоор бусдад цохилт өгөх. Хоёр дахь нь баримт болон үнэн байдлын эсрэг бусдыг шүүж, яллах бөгөөд энэ нь бусдыг хариуцлагагүйгээр, дур зоргоороо тодорхойлж байгаа хэрэг юм. Гурав дахь нь хүмүүсийн талаар үндэслэлгүй цуу яриа зохиох.) Энэ гурван нөхцөл байдал тус бүрийн уг чанар нь хувь хүн рүү чиглэсэн дайралт болгож байна. Ямар нөхцөл байдал нь хувь хүн рүү чиглэсэн дайралт болох, ямар нь болохгүйг бид яаж ялгах вэ? Дайрч байгаа хүмүүсийн хувьд ямар үйлдэл, үг нь дайралт болох вэ? Тухайн хүний үг бага зэрэг чиглүүлсэн шинж чанартай, бусдыг буруу чиглүүлэх боломжтой, мөн зохиомол цуу ярианы шинжтэй байна гэж бодъё. Тэр хүн хүмүүсийг төөрөлдүүлж, буруу чиглүүлэхийн тулд оргүй хоосноос ямар нэг зүйл зохиож, цуу яриа, худал хуурмаг зохиож байна. Тэдний санаархал, зорилго нь өөрсдийнх нь хэлж буй зүйл зөв гэдгийг илүү олон хүнээр хүлээн зөвшөөрүүлж, итгүүлэх, мөн хэлж буй зүйл нь үнэнтэй нийцэж байна гэж зөвшөөрүүлэх явдал юм. Үүний зэрэгцээ тэд бас өөр хэн нэгнээс өшөө авч, түүнийг сөрөг, сул дорой болгохыг хүсдэг. Тэд “Чи ийм өөдгүй зантай—би чиний бодит байдлыг илчлэх ёстой, тэгээд биеэ тоосон занг чинь дарж авна, тэр үед чамд гайхуулж, онгирох юу байхыг харъя! Чиний хажууд би яаж товойж харагдах юм бэ? Чамайг сөрөг болтол цохиж, унагаж байж л миний хорсол тайлагдана. Чи ч бас сөрөг байж чаддаг, чамд ч бас сул тал байдаг гэдгийг би бүгдэд харуулна!” гэж боддог. Хэрвээ энэ нь тэдний зорилго бол хэлсэн үг нь дайралт болно. Харин хэрвээ тэдний санаа нь ердөө тухайн хэргийн баримт, үнэн зүйлийг тодруулах явдал байгаад—тодорхой хугацааны туршлагын дүнд үүний талаар үнэн зөв ойлголт олж авч, асуудлын мөн чанарыг олж илрүүлснийхээ дараа үүнийг нөхөрлөх ёстой, ингэснээр олонх хүн үүнийг ойлгож, энэ хэргийн талаарх ямар ойлголт нь цэвэр болохыг мэдэж авна гэж үзвэл, өөрөөр хэлбэл тэдний зорилго нь энэ хэргийн талаарх илүү олон хүний гажууд юм уу өрөөсгөл үзэл бодлыг засах явдал бол—энэ нь дайралт мөн үү? (Үгүй.) Тэд хувийн санал бодлоо хэн нэгэнд хүчээр тулгаагүй, хувийн өшөө авах ямар нэгэн санаархал бүр ч өвөрлөөгүй. Харин тэд зөвхөн баримтын үнэнийг тодруулахыг л хүссэн; тэд нөгөө талдаа ойлгуулахын тулд, мөн энэ ойлголтоор дамжуулан тэднийг буруу замаар явахаас сэргийлэхийн тулд хайрыг ашиглаж байна. Нөгөө тал нь үүнийг хүлээн авах эсэхээс үл хамааран тэд хариуцлагаа биелүүлж чадаж байна. Тиймээс энэ зан авир, энэ арга барил нь дайралт биш юм. Энэ хоёр өөр илрэлийн хэллэг, үгийн сонголт, ярих арга барил, өнгө аяс, хандлагаар дамжуулан тэр хүний санаархал, зорилго юу болохыг мэдэж болно. Хэрвээ хүн нөгөө тал руугаа дайрах гэж байгаа бол хэл яриа нь гарцаагүй хурц байх бөгөөд санаархал, зорилго нь ярианы өнгө, өргөлт, үгийн сонголт, хандлагаас нь илэрхий харагдана. Хэрвээ тэд нөгөө талдаа хэлж байгаа зүйлээ хүчээр тулгаагүй, мөн тэдэн рүү огт дайраагүй бол яриа нь хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухааны илрэлтэй гарцаагүй нийцнэ. Түүнчлэн, тэдний ярианы хандлага, өнгө аяс, үгийн сонголт нь гарцаагүй ухаалаг байж, хэвийн хүн чанарын хүрээнд байна.

Хувь хүн рүү чиглэсэн дайралт гэж юу болох, юу нь биш болохыг ялгах зарчмын талаар нөхөрлөсний дараа та нар одоо үүнийг ялган таньж чадах уу? Хэрвээ та нар одоо ч ялган таньж чадахгүй бол асуудлын мөн чанарыг нэвт харж чадахгүй. Хүний нөхөрлөл хэчнээн аятайхан сонсогдсон ч хэрвээ зарчмын дагуу хэрэгжүүлэхгүй, хүмүүст үнэнийг ойлгуулж, үүргээ зүй зохистой гүйцэтгэхэд нь туслахыг зорьдоггүй, харин хүмүүсийн эсрэг ашиглах юм олж, байнга тэдний амар заяаг үзүүлдэггүй, шүүж, яллахын тулд чадах бүхнээ хийж байгаа бол, гаднаа хүмүүсийг ялган таньж байгаа мэт харагддаг ч үнэндээ тэдний санаархал, зорилго нь бусдыг яллаж, дайрах явдал бол энэ нөхцөл байдал нь хувь хүн рүү чиглэсэн дайралт юм. Хүмүүсийн хооронд болдог жижиг сажиг зүйлс маш энгийн бөгөөд илэрхий байдаг; хэрвээ эдгээр хэргийн талаар үнэнийг нөхөрлөвөл нэг цуглааны цаг ч хүрэхгүй дуусна. Тэгвэл цуглаан болгон дээр энэ талаар олон юм ярьж, ах эгч нарын цагийг үрэх шаардлагатай юу? Шаардлагагүй. Хэрвээ хүмүүс үргэлж бусдын амар заяаг байнга үзүүлдэггүй бол энэ нь хүмүүс рүү дайрч, үймээн гаргаж байгаа хэрэг. Хүмүүс нэг асуудалтай зууралдаж, тэр талаар дуусахгүй ярьдгийн шалтгаан юу вэ? Хэн нь ч өөрсдийн санаархал, зорилгыг орхихыг хүсдэггүй, хэн нь ч өөрийгөө таньж мэдэхийг хичээдэггүй, хэн нь ч үнэнийг, эсвэл баримт болон үнэн зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй учраас тэд байнга бусдын амар заяаг үзүүлдэггүй. Байнга бусдын амар заяаг үзүүлэхгүй байхын уг чанар юу вэ? Энэ бол дайралт. Энэ нь бусдын эсрэг ашиглах юм олох, бусдын үгнээс өө хайх, бусдын сул талыг өөрсдийнх нь эсрэг ашиглах, ганцхан зүйл дээр эцэс төгсгөлгүй дөрөөлж, нүүрээ улайтал маргалдах явдал юм. Хэрвээ хүмүүс хэвийн хүн чанарын хүрээнд нөхөрлөж, бие биеэ дэмжиж, тусалбал—өөрөөр хэлбэл хариуцлагаа биелүүлбэл—тэдний хоорондын харилцаа улам сайжирна. Гэвч хэрвээ тэд бие бие рүүгээ дайрч, маргалдаж, өөрсдийгөө зөвтгөхийн тулд бие биетэйгээ зууралдаж, үргэлж давамгайлахыг хүсэж, ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй, буулт хийхгүй, хувийн өш хонзонгоо тавьж явуулахгүй бол эцэстээ тэр хоёрын харилцаа улам бүр хурцадмал болж, улам дордоно; энэ нь хүмүүс хоорондын хэвийн харилцаа биш болж, бүр уулзах болгондоо нүд нь улаанаараа эргэлдэх хэмжээнд хүрч мэднэ. Бодоод үз дээ, ноход хоорондоо зодолдох үед догшин нохойн нүд улаанаараа эргэлддэг. Нүд нь улаанаараа эргэлддэг нь ямар учиртай вэ? Үзэн ядалтаар бялхаж байгаа хэрэг биш үү? Хүмүүс бие бие рүүгээ дайрах нь үүнтэй адилхан биш гэж үү? Хүмүүс үнэнийг нөхөрлөхдөө бие бие рүүгээ дайрахгүй, харин бие биеийнхээ дутагдлыг нөхөж, давуу талаас суралцаж, бие биеэ дэмжиж чадвал тэдний харилцаа муу байх боломжтой гэж үү? Тэдний харилцаа гарцаагүй улам хэвийн болно. Хоёр хүн хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухааны хүрээнд ярьж, хөөрөлдөж, нөхөрлөж, тэр ч бүү хэл мэтгэлцэж байх үед харилцаа нь хэвийн байх бөгөөд уулзмагцаа уурлаж, тэмцэлдэж эхлэхгүй. Хэрвээ нүүр тулаагүй байхад, зөвхөн нөгөө талынх нь талаар дурдах төдийд л хүмүүст үзэн ядалт, учир битүүлэг уур хилэн төрж байвал энэ нь хэвийн хүн чанарын эрүүл ухаан, мөс чанартай байгаагийн илрэл биш юм. Хүмүүс бие бие рүүгээ дайрдаг нь завхарсан зан чанартай байдгаас нь болдог; энэ нь орчин нөхцөлтэй огт хамаагүй. Энэ нь хүмүүс үнэнийг хайрладаггүй, үнэнийг хүлээн авч чаддаггүй, маргаан гарах үед үнэнийг хэрэгжүүлдэггүй, зарчимд үндэслэн асуудлыг шийдвэрлэдэггүйгээс бүхэлдээ болдог тул чуулганы амьдралд бие биеийнхээ дутагдлыг илчлэх, шүүх, тэр ч бүү хэл бие бие рүүгээ дайрч, яллах тохиолдол түгээмэл гардаг. Хүмүүс завхарсан зан чанартай, ихэвчлэн эрүүл ухаан дутмаг байдалд байдаг, завхарсан зан чанараараа амьдардаг, зарим үнэнийг ойлгодог байсан ч хэрэгжүүлэхэд хэцүү байдаг учраас тэдний хооронд маргаан, янз бүрийн дайралт амархан үүсдэг. Хэрвээ эдгээр дайралт хааяа тохиолддог бол чуулганы амьдралд түр зуурын л нөлөө үзүүлдэг, харин бие бие рүүгээ дайрах хандлагатай байдаг хүмүүс чуулганы амьдралд ноцтой саад болж, үймүүлдэг бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод ноцтойгоор нөлөөлж, саад болдог.

3. Аман тулаан

Чуулганд бас нэг төрлийн хүн бий—ийм хүн өөрийгөө зөвтгөх онцгой дуртай байдаг. Жишээ нь, тэр ямар нэг буруу зүйл хийх юм уу хэлбэл бусад хүн өөрийнх нь талаар муу бодолтой болж, олонхын нүдэн дэх дүр төрхөд нь нөлөөлөх вий гэж айсандаа цуглааны үеэр өөрийгөө зөвтгөж, тухайн асуудлыг тайлбарладаг. Тэд хүмүүст өөрийнхөө талаар муу бодол төрүүлэхгүйн тулд тайлбарладаг, иймээс үүнд маш их хүчин чармайлт зарцуулж, бодол болж, өдөржин ингэж эргэцүүлдэг: “Энэ асуудлыг яаж тодорхой болгох вэ? Тэр хүнд яаж тодорхой тайлбарлах вэ? Миний талаар төрсөн муу бодлыг нь яаж няцаах вэ? Өнөөдрийн цуглаан бол энэ асуудлын талаар ярих сайхан боломж.” Цуглаан дээр тэр “Миний өнгөрсөн удаа хийсэн зүйл хэн нэгнийг гомдоож, ил болгох зорилгогүй байсан; би сайн санаагаар, хүмүүст туслах гэсэн. Гэтэл зарим хүн намайг үргэлж буруугаар ойлгож, үргэлж намайг онилохыг хүсдэг, намайг шунахай, амбицтай, хүн чанар муутай гэж үргэлж боддог. Үнэндээ би огтхон ч тийм биш биз дээ? Би тиймэрхүү зүйл хийгээгүй, хэлээгүй. Би хэн нэгнийг ар хударгаар нь ярихдаа санаатайгаар тэдэнд асуудал үүсгэх гээгүй. Хүмүүс муу зүйл хийсэн байж тэр талаар бусад хүнээр яриулахгүй байж яаж чадаж байна вэ?” гэж хэлдэг. Тэр өөрийгөө зөвтгөж, өмгөөлөхийн сацуу нөгөө талынхаа нэлээд олон асуудлыг ил болгож, маш их юм ярьдаг бөгөөд энэ бүхэн нь өөрийгөө уг асуудлаас цэвэр авч гарах, илчилсэн зүйл нь завхарсан зан чанар биш, өөрөө хүн чанар муутай юм уу үнэнд дургүй хүн биш, хорон санаа бүр ч агуулаагүй гэдгийг хүн бүрд итгүүлэх, харин ч өөрийгөө сайн санаатай, сайн санааг нь үргэлж буруугаар ойлгодог, бусдын буруу ойлголтоос болж үргэлж яллагддаг гэж бодуулахын тулд байдаг. Сонсож байгаа хүмүүст түүний үг ил болон далдаар өөрийгөө гэм зэмгүй бөгөөд өөрийг нь буруу, муу гэж бодсон хүмүүсийг ёрын муу, үнэнийг хайрладаггүй хүмүүс гэж бодогдуулдаг. Нөгөө тал нь үүнийг сонсоод ингэж ойлгодог: “Чиний үг чамд завхарсан зан чанар байхгүй гэж хэлэх гээд байгаа юм биш үү? Зүгээр л өөрийгөө сайхан харагдуулах гэсэн хэрэг биш үү? Энэ чинь өөрийгөө мэдэхгүй, үнэнийг хүлээн авахгүй, баримтыг хүлээн авахгүй байгаа хэрэг биш үү? Чи эдгээрийг хүлээн авахгүй байж болно, гэхдээ яагаад намайг онилоод байгаа юм бэ? Надад чамайг онилох санаа байгаагүй, чамайг цохих ч хүсэл байгаагүй. Чи юу бодох нь чиний дур; энэ надад ямар хамаатай юм бэ?” Тэгээд тэр тэсэж чадалгүй “Зарим хүн жаахан асуудалтай тулгарч, бага зэрэг шударга бус хандлага, шаналал амсаад үүнийг хүлээн авах дургүй болж, өөрийгөө зөвтгөж, тайлбарлахыг хүсдэг; тэд үргэлж өөрсдийгөө асуудлаас цэвэр авч гарахыг хичээж, үргэлж өөрсдийгөө сайхан харагдуулж, дүр төрхөө бэхжүүлэхийг хүсдэг. Тэд тийм хүн биш байж яагаад өөрсдийгөө сайхан харагдуулж, төгс мэт дүр эсгэдэг юм бэ? Тэгээд ч би үнэнийг нөхөрлөдөг, хэн нэгнийг онилдоггүй, хэн нэгнийг цохих юм уу өшөө авах тухай ч боддоггүй. Хүмүүс юу хүссэнээ л бодог!” гэж хэлдэг. Энэ хоёр хүн үнэнийг нөхөрлөж байна уу? (Үгүй.) Тэгвэл тэд юу хийж байна вэ? Нэг тал нь “Би тэдгээрийг чуулганы ажлын төлөө хийсэн. Чиний юу бодох надад хамаагүй” гэдэг. Нөгөө нь “Хүнийг үйлдэх үед Тэнгэр харж байдаг. Хүмүүсийн бодлыг Бурхан мэддэг. Чамд жаахан сайн санаа, чадвар, уран цэцэн үг байлаа гээд, муу зүйл хийдэггүй гээд Бурхан чамайг шинжихгүй гэж бүү бод; бодлоо гүн нуувал Бурхан харахгүй гэж бүү бод. Ах эгч нар бүгд харж чадна—Бурхан бүр ч илүү харж чадна! Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг шинждэг гэдгийг чи мэдэхгүй гэж үү?” гэдэг. Тэр хоёр юуны талаар маргалдаж байна вэ? Нэг тал нь өөрийгөө зөвтгөж, цагаатгахын төлөө их хүчин чармайлт гаргаж, бусад хүн өөрийнх нь талаар муу сэтгэгдэлтэй байгаасай гэж хүсдэггүй байхад нөгөө тал нь зүгээр өнгөрөөхгүй гэж зүтгэж, өөрийгөө сайхан харагдуулахыг нь тэр хүнд зөвшөөрдөггүйн зэрэгцээ зэмлэх замаар түүнийг ил болгож, яллах зорилготой байдаг. Өнгөн дээрээ энэ хоёр бие биеэ шууд харааж, бие биеэ шууд ил болгоогүй ч яриа нь зорилготой байдаг: Нэг тал нь нөгөө хүнээ өөрийг нь буруугаар ойлгохоос сэргийлэхийг хичээж, нэр төрөө сэргээхийг шаарддаг бол нөгөө тал нь тэгэхээс татгалзаж, харин ч түүнд нэр хоч зүүж, яллаж, нөгөө талаа хүлээн зөвшөөрөхийг шаарддаг. Ийм харилцан яриа үнэнийг хэвийн нөхөрлөж байна уу? (Үгүй.) Мөс чанар, эрүүл ухаанд суурилсан харилцан яриа энэ мөн үү? (Үгүй.) Тэгвэл ийм төрлийн харилцан яриа ямар уг чанартай вэ? Ийм төрлийн харилцан яриа бие бие рүүгээ дайрч байгаа хэрэг мөн үү? (Тийм.) Өөрийгөө зөвтгөж байгаа тэр хүн аливааг Бурханаас хэрхэн хүлээн авах, өөрийгөө таньж мэдэх, хэрэгжүүлбэл зохих зарчмыг олох талаар нөхөрлөж байна уу? Үгүй, тэр бусад хүнд өөрийгөө зөвтгөж байна. Тэр бодол, үзэл бодол, санаа, зорилгоо бусдад тодорхой болгож, нөгөө талдаа өөрийгөө тайлбарлаж, нөгөө талаараа нэр төрөө сэргээлгэхийг хүсдэг. Түүнчлэн нөгөө тал өөрийг нь ил болгож, яллахыг тэр үгүйсгэхийг хүсдэг бөгөөд нөгөө талынх нь хэлж байгаа зүйл баримттай, үнэнтэй нийцэж байгаа эсэх нь хамаагүй, өөрөө үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, хүлээн авах дургүй л бол нөгөө талынх нь хэлж байгаа зүйлийг буруу гэж үзэж, залруулахыг хүсдэг. Харин нөгөө тал нь нэр төрийг нь сэргээхийг хүсдэггүй, харин ч түүнийг ил болгож, яллаж байгаагаа хүлээн зөвшөөрүүлэх гэж хүчилдэг. Нэг нь хүлээн авах дургүй, нөгөө нь хүлээн зөвшөөрүүлэх гэж зүтгэдэг нь бие бие рүүгээ дайрахад хүргэдэг. Ийм харилцан ярианы уг чанар нь бие бие рүүгээ дайрах явдал юм. Тэгвэл ийм дайралт ямар уг чанартай вэ? Энэ харилцан яриа бие биеэ үгүйсгэх, бие биедээ гомдоллох, бие биеэ яллах шинжтэй байна уу? (Тийм.) Ийм хэлбэрийн харилцан яриа чуулганы амьдралд бас гардаг уу? (Тийм.) Ийм төрлийн харилцан яриа бүгд аман тулаан юм.

Ийм төрлийн харилцан яриаг яагаад аман тулаан гэж нэрлэдэг вэ? (Яагаад гэвэл хүмүүс хоорондоо зөв, бурууг маргалдаж, хэн нь ч өөрийгөө таньж мэдэхийг хичээхгүй, хэн нь ч юу ч олж авдаггүй; тэд зүгээр л энэ асуудалтай зууралдсаар байдаг бөгөөд харилцан яриа нь ямар ч утга учиргүй байдаг.) Тэд хэн нь зөв, хэн нь буруу, хэн нь илүү, хэн нь дорд талаар маргалдах гэж маш их ярьж, олон үг нуршдаг. Тэд зогсоо зайгүй маргалдаж хэн нь ч ялдаггүй, тэгээд үргэлжлүүлэн маргалдсаар байдаг. Үүнээс эцсийн дүндээ тэд юу олж авдаг вэ? Үнэнийг ойлгох, Бурханы санаа зорилгыг ойлгох явдал энэ мөн үү? Гэмшиж, Бурханы шинжилтийг хүлээн авах чадвар энэ мөн үү? Аливааг Бурханаас хүлээн авч, өөрийгөө илүү таньж мэдэх чадвар энэ мөн үү? Тэд эдгээрийн алийг нь ч олж авдаггүй. Эдгээр утга учиргүй маргаан, зөв буруугийн талаарх харилцан яриа нь аман тулаан юм. Шулуухан хэлэхэд, аман тулаан бол туйлын утга учиргүй яриа бөгөөд хэлсэн бүхэн нь дэмий үг, ганц ч үг нь бусдыг босгон байгуулдаггүй, бусдад ашиг тусгүй, харин хэлсэн үг нь бүгд бусдыг шархлуулдаг, хүний хүсэл, түргэн ууртай зан, хүмүүсийн оюун санаанаас, мэдээж бүр ч илүүтэйгээр хүний завхарсан зан чанараас гардаг. Хэлсэн үг бүр нь өөрийн ашиг сонирхол, өөрийн дүр төрх, нэр хүндийн төлөө байдаг болохоос бусдыг босгон байгуулж, туслахын төлөө биш, үнэний аль нэг талыг ойлгох юм уу Бурханы санаа зорилгыг ойлгохын төлөө биш, мэдээж Бурханы үгэнд өөрийнх нь ямар завхарсан зан чанарыг ил болгосон, завхарсан зан чанар нь Бурханы үгтэй таарч байгаа эсэх, эсвэл ойлголт нь зөв эсэхийг хэлэлцэхийн төлөө биш юм. Энэхүү утга учиргүй өөрийгөө зөвтгөж, тайлбарлаж байгаа нь хэчнээн сайхан, чин сэтгэлийн, сүсэг бишрэлтэй сонсогддог ч бай бүгд аман тулаан, бие бие рүүгээ дайрч, шүүж байгаа хэрэг бөгөөд бусдад ч, өөрт нь ч ямар ч ашиг тусгүй. Тэдгээр нь бусдыг хорлож, хүмүүс хоорондын хэвийн харилцаанд нөлөөлөөд зогсохгүй, бас өөрсдийнх нь амийн өсөлтийг саатуулдаг. Товчхондоо, шалтаг, санаа зорилго, хандлага, ашигласан өнгө аяс, эсвэл хэрэглэсэн арга хэрэгсэл, арга техникээс үл хамааран, бусдыг дур зоргоороо шүүж, яллаж л байгаа бол эдгээр үг, арга барил зэрэг нь бүгд бусдыг дайрах ангилалд багтах бөгөөд бүгд аман тулаан юм. Энэ хүрээ өргөн үү? (Нэлээд өргөн.) Тэгвэл та нар хүмүүсийн дайралт, шүүлт, яллалттай тулгарах үедээ бусдыг дайрч, ялласан зан авир гаргахаас зайлсхийж чадах уу? Ийм нөхцөл байдалтай тулгарах үедээ та нар яаж хэрэгжүүлэх ёстой вэ? (Бид залбирлаар дамжуулан Бурханы өмнө тайван болох ёстой; тэгвэл зүрх сэтгэлд маань үзэн ядалт байхаа болино.) Хүн юмыг ойлгодог, эрүүл ухаантай л бол, Бурханы өмнө өөрийгөө тайван болгож, Түүнд залбирч, үнэнийг хүлээн авч чаддаг л бол санаархал, хүслээ хянаж чадна, улмаар бусдыг шүүхгүй, дайрахгүй байх хэмжээнд хүрч чадна. Хүний санаархал, зорилго нь хувийн хорслоо тайлах, өшөө авах биш, нөгөө хүн рүүгээ дайрах яавч биш, харин үнэнийг ойлгодоггүй юм уу хэт өнгөц ойлгодог, бас бага зэрэг мунхаг, мэдлэггүй эсвэл зөрүүд байдлаасаа болоод нөгөө хүнээ санамсаргүй гомдоосон бол бусдын тусламж, дэмжлэг, нөхөрлөлөөр дамжуулан үнэнийг ойлгосных нь дараа яриа нь илүү оновчтой болж, бусдын талаарх үнэлгээ, үзэл бодол нь ч илүү оновчтой болно. Тэгээд бусад хүний илчилсэн завхарсан зан чанар, буруу үйлдэлд зөв хандаж чадах бөгөөд ингэснээр бусдыг дайрч, шүүх нь аажмаар багасна. Гэвч хэрвээ хүн үргэлж завхарсан зан чанараар амьдарч, нүдэнд нь тааламжгүй харагдсан юм уу урьд нь өөрийг нь гомдоож, хорлож байсан хэнээс ч хамаагүй өшөө авах боломжийг эрэлхийлж, үргэлж ийм санаархал өвөрлөж, үнэнийг огт эрж хайдаггүй, Бурханд залбирч, найддаггүй бол хэдийд ч, хаана ч бусдыг дайрч чадах бөгөөд үүнийг шийдвэрлэхэд хэцүү. Санамсаргүйгээр бусдыг дайрахыг шийдвэрлэхэд амархан боловч санаатай, зориуд дайрахыг шийдвэрлэхэд амаргүй. Хэрвээ хүн хааяа, санамсаргүйгээр бусдыг дайрч, шүүвэл бусад хүн үнэнийг нөхөрлөж дэмжиж, тусалснаар тэд үнэнийг ойлгомогцоо өөрчлөгдөж чадна. Гэвч хэрвээ хүн байнга өшөө авч, хувийн хорслоо тайлахыг эрэлхийлж, үргэлж бусдыг тарчлаах юм уу унагахыг хүсэж, ийм санаархлаар бусдыг дайрдаг бол—үүнийг бүх хүн мэдэрч, харж чаддаг—ийм зан авир нь чуулганы амьдралд саад болж, үймүүлдэг; энэ нь бүхэлдээ санаатайгаар саад болж, үймүүлсэн болно. Тиймээс бусдыг дайрах ийм зан чанартай байвал өөрчлөгдөхөд хэцүү.

Одоо та нар бусдыг дайрах, яллах асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстойг ойлгов уу? Ганцхан арга зам бий—хүн Бурханд залбирч, Түүнд найдах ёстой, тэгвэл үзэн ядалт нь аажмаар алга болно. Бусдыг дайрч чадах хоёр төрлийн хүн голчлон байдаг. Нэг төрөл нь бодолгүй ярьдаг, шулуухан, түс тас хэлдэг, хүмүүс өөрт нь тааламжгүй санагдах болгонд зарим нэг шархлуулсан зүйл хэлж мэднэ. Гэхдээ ихэнхдээ тэд хүмүүс рүү санаатайгаар юм уу зориуд дайрдаггүй—тэд зүгээр л биеэ барьж чаддаггүй, энэ нь ердөө л тэдний зан чанар бөгөөд тэд бодолгүйгээр бусад хүн рүү дайрдаг. Хэрвээ тэд засуулбал үүнийг хүлээн авч чаддаг, тиймээс тэд бол ёрын муу хүмүүс биш бөгөөд цэвэрлэгдэх бай биш юм. Гэвч ёрын муу хүмүүс засуулахыг хүлээж авдаггүй бөгөөд тэд чуулганы амьдралд байнга саад болж, үймүүлж, бусдыг үргэлж дайрч, шүүж, цохилт өгч, өшөө авдаг ба үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй. Тэд бол ёрын муу хүмүүс бөгөөд чуулганы авч хэлэлцэж, цэвэрлэх хэрэгтэй хүмүүс юм. Тэднийг яагаад авч хэлэлцэж, цэвэрлэх хэрэгтэй вэ? Уг чанар-мөн чанараас нь дүгнэвэл, бусдыг дайрдаг зан авир нь санамсаргүй бус, харин санаатай байдаг. Учир нь энэ хүмүүс хорон муу хүн чанартай—хэн ч тэднийг гомдоож, шүүмжилж болохгүй, хэрвээ хэн нэгэн санамсаргүйгээр тэднийг бага зэрэг шархлуулсан зүйл хэлбэл тэд өшөө авах боломж хайх тухай бодно—тиймээс ийм хүмүүс бусдын эсрэг дайралт хийж чаддаг. Энэ бол чуулганы авч хэлэлцэж, цэвэрлэх хэрэгтэй нэг төрлийн хүн юм. Бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалддаг хэн боловч—аль тал нь байх нь хамаагүй, идэвхтэй эсвэл идэвхгүй дайрдаг ч бай—ийм төрлийн дайралтад оролцож л байгаа бол бага зэрэг дургүйцэхдээ л бусдыг тарчлаадаг, хорон санаархалтай ёрын муу хүн юм. Ийм хүмүүс чуулганы амьдралд ноцтой саад болж, үймүүлдэг. Тэд бол чуулган доторх нэг төрлийн ёрын муу хүн юм. Хөнгөн тохиолдлуудыг тухайн хүнийг эргэцүүлэг гэж тусгаарлах замаар шийдвэрлэж болно; илүү ноцтой тохиолдлуудад тухайн хүнийг цэвэрлэх юм уу хөөх ёстой. Энэ бол энэ асуудлыг зохицуулах тухайд удирдагч, ажилчдын ойлгох хэрэгтэй зарчим юм.

Энэ нөхөрлөлөөр дамжуулан, бусдыг дайрах гэж юу болохыг та нар одоо ойлгов уу? Үүнийг ялган таньж чадах уу? Дайралт гэж юу болохыг Намайг тодорхойлсны дараа зарим хүн “Бусдыг дайрах явдлыг ийм өргөн хүрээнд тодорхойлж байхад ирээдүйд хэн ярьж зүрхлэх юм бэ? Хүмүүс бидний хэн нь ч үнэнийг ойлгодоггүй, тиймээс амаа нээх төдийд л бусдыг дайрахад хүрнэ, энэ чинь аймшигтай юм байна! Ирээдүйд бид зүгээр л хоол идэж, ус ууж, чимээгүй байж, бусдыг дайрахаас зайлсхийхийн тулд өглөө сэрсэн цагаасаа эхлэн амаа хамхиж, хааш яаш ярихгүй байх хэрэгтэй. Тэгвэл сайхан байх бөгөөд бидний өдөр хоног хамаагүй илүү амар тайван байна” гэж боддог. Ийм бодол зөв үү? Амаа хамхих нь асуудлыг шийдвэрлэхгүй; бусдыг дайрах асуудлын мөн чанар нь хүний зүрх сэтгэлийн асуудал юм, энэ нь хүний завхарсан зан чанараас үүдэлтэй болохоос аманд нь асуудал байгаа юм биш. Хүмүүсийн амаараа хэлдэг зүйл нь завхарсан зан чанар, бодол санаанд нь захирагддаг. Хэрвээ хүний завхарсан зан чанар шийдвэрлэгдэж, зарим нэг үнэнийг үнэхээр ойлговол, мөн яриа нь бага зэрэг зарчимтай, бодолтой болбол бусдыг дайрах асуудал нь хэсэгчлэн шийдвэрлэгдэнэ. Мэдээж, чуулганы амьдралд хүмүүс хүн хоорондын хэвийн харилцаатай байж, бие бие рүүгээ дайрахгүй, хэл амаар тулалдахгүй байхын тулд Бурханы удирдамжийг гуйн Түүний өмнө байнга очиж залбирах, мөн зөвт байдлаар өлсөж цангасан сүсэг бишрэлтэй зүрх сэтгэлээр Бурханы өмнө тайван байх хэрэгтэй. Тэгвэл хэн нэгэн санамсаргүйгээр чамайг шархлуулсан үг хэлэх үед зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байж чадах бөгөөд чи үүнд нь өс санаж, нөгөө хүнтэйгээ маргалдахыг хүсэхгүй, өөрийгөө өмгөөлж, зөвтгөхийг бүр ч хүсэхгүй. Харин чи үүнийг Бурханаас хүлээн авч, өөрийгөө таньж мэдэх сайхан боломж өгсөнд Бурханд талархаж, бусдын үгээр дамжуулан чамд ийм, ийм асуудал байгааг ухаарах боломж олгосонд Түүнд талархана. Энэ бол өөрийгөө таньж мэдэх сайхан боломж, Бурханы нигүүлсэл бөгөөд чи үүнийг Бурханаас хүлээн авах ёстой. Өөрийг чинь шархлуулсан хүнд чи өс хонзон өвөрлөх ёсгүй, мөн санамсаргүйгээр алдааг чин хөндөж дутагдлыг чинь ил болгосон хүнд зэвүүцэж, үзэн ядах ёсгүй, мөн тэднээс санаатай болон санамсаргүйгээр зайлсхийх, эсвэл тэднээс өшөө авахын тулд элдэв арга хэрэглэх ёсгүй. Эдгээр хандлагын аль нь ч Бурханд тааламжтай биш. Бурханы өмнө байнга ирж залбир, тэгээд зүрх сэтгэл чинь тайвширсны дараа бусад хүн чамайг санамсаргүйгээр хорлох үед чи үүнд зөв хандаж чадна, тэдэнд хүлээцтэй, тэвчээртэй хандаж чадна. Хэрвээ хэн нэгэн чамайг санаатайгаар хорловол чи яах ёстой вэ? Чи үүнд яаж хандах вэ—түргэн ууртай зангаасаа болж тэдэнтэй маргалдах уу, эсвэл Бурханы өмнө өөрийгөө тайван байлгаж, үнэнийг эрж хайх уу? Мэдээж, оролтын аль зам нь зөв сонголт болохыг Надаар хэлүүлэлгүй та нар бүгд тодорхой мэднэ.

Чуулганы амьдралд хүний хүч тэнхээ, хүний биеэ барих чадвар, хүний тэвчээрт тулгуурлан бие бие рүүгээ дайрах, аман тулаанаас зайлсхийх маш хэцүү байдаг. Чиний хүн чанар хэчнээн сайн, чи хэчнээн дөлгөөхөн, сайхан сэтгэлтэй, эсвэл уужим сэтгэлтэй байлаа ч чиний нэр төр, ёс жудаг гэх мэтийг шархлуулсан зарим нэг хүн, зүйлтэй тулгарах нь гарцаагүй. Иймэрхүү асуудлыг хэрхэн зохицуулж, тэдгээрт хэрхэн хандах талаар чи сэтгэлдээ зарчимтай байх ёстой. Хэрвээ чи эдгээр асуудалд түргэн ууртай зангаар хандвал маш амархан: Тэд чамайг хараавал чи тэднийг хараана, тэд чам руу дайрвал чи тэдэн рүү дайрна, шүдийг шүдээр, нүдийг нүдээр сольж, чам руу шидсэн болгоныг нь адилхан аргаар тэдэнд буцааж өгөөд, нэр төр, ёс жудаг, нэр нүүрээ хамгаална. Үүнд хүрэх маш амархан. Гэхдээ энэ арга барил зохистой эсэх, чамд болон бусдад ашиг тустай эсэх, Бурханд тааламжтай эсэхийг чи зүрх сэтгэлдээ дэнсэлж үзэх хэрэгтэй. Хүмүүс энэ асуудлын мөн чанарыг ойлгоогүй байхдаа “Тэр надад өршөөнгүй хандахгүй байхад би яагаад түүнд өршөөнгүй хандах ёстой гэж? Тэр намайг хайрлахгүй байхад би яагаад түүнд хайрлаж хандах ёстой гэж? Тэр надад тэвчээртэй ханддаггүй, тусалдаггүй байхад би яагаад түүнд тэвчээртэй хандаж, туслах ёстой гэж? Тэр надад таагүй хандаж байгаа тул би түүнд мууг үйлдэнэ. Би яагаад шүдийг шүдээр, нүдийг нүдээр сольж болохгүй гэж?” гэж хамгийн түрүүнд боддог. Эдгээр нь хүмүүсийн санаанд хамгийн түрүүнд орж ирдэг бодол юм. Гэхдээ чи үнэхээр ийм маягаар үйлдэх үедээ дотроо амар амгаланг мэдэрдэг үү, эсвэл тавгүй, шаналгаатай байдаг уу? Чи үнэхээр үүнийг сонгохдоо юу олж авдаг вэ? Чи юу хүртдэг вэ? Үнэхээр ингэж үйлдэх үедээ дотроо тавгүй байдгийг олон хүн мэдэрсэн байдаг. Мэдээж ихэнх хүний хувьд энэ нь гэмтэй мөс чанарын асуудал биш, Бурханд өртэй мэт санагдсанаас үүдсэн тавгүй байдал бүр ч биш; хүмүүст тийм биеийн хэмжээ байхгүй. Тэдний энэ тавгүй байдал юунаас үүддэг вэ? Энэ нь хүмүүсийн үзэн ядалт, доромжлуулах үед нэр төр, ёс жудгийг нь сорих, түүнчлэн үг хэлээр өдөөн хатгагдсаны дараа мэдэрдэг гомдол, зүрх сэтгэлд нь оргилох уур хилэн, үзэн ядалт, эсэргүүцэл, бухимдлаас үүдэлтэй бөгөөд энэ бүхэн хүмүүсийг тавгүй болгодог. Энэ тавгүй байдлын үр дагавар юу вэ? Үүнийг мэдэрмэгцээ чи тэр хүнийг үг хэлээр хэрхэн зохицуулах, түүнийг унагахын тулд зүй ёсны, үндэслэлтэй арга хэрэгслийг хэрхэн ашиглах, чамд нэр төр, ёс жудаг байгаа, дээрэлхэхэд амархан биш гэдгийг түүнд хэрхэн харуулах талаар бодож эхэлнэ. Чамд тавгүй санагдаж, үзэн ядалт төрөх үедээ тэр хүнд тэвчээртэй, хүлээцтэй хандах, эсвэл зөв хандах, өөр бусад эерэг зүйлийн талаар боддоггүй, харин атаархах, зэвүүцэх, жигших, дайсагнах, үзэн ядах, яллах гэх мэт бүх сөрөг зүйлийн талаар бодож, бүр зүрх сэтгэлдээ түүнийг тоо томшгүй олон удаа харааж, цаг хугацаанаас үл хамааран—хоол идэж, унтаж байхдаа ч—түүнээс хэрхэн өшөө авах талаар бодож, хэрвээ тэр чам руу дайрч, чамайг яллавал түүнтэй хэрхэн тооцоо бодож, ийм нөхцөл байдлыг хэрхэн зохицуулахаа төсөөлдөг. Чи нөгөө хүнээ яаж унагах, гомдол, үзэн ядалтаа хэрхэн гаргах, нөгөө хүнээ өөртөө хэрхэн буулгаж авч, айлгах, чамайг дахин өдөж зүрхлэхгүй болгох талаар өдөржин эргэцүүлдэг. Чи бас нөгөө хүндээ хэрхэн сургамж өгөх, өөрийгөө хэчнээн хүчирхэг болохыг мэдүүлэх талаар байнга боддог. Ийм бодол төрж, төсөөлсөн дүр зураг оюун санаанд чинь дахин дахин орж ирэх үед чамайг үймүүлэх, чамд гарах үр дагавар хэмжээлшгүй их. Хэл амаар тулалдаж, бие бие рүүгээ дайрдаг байдалд ормогц үр дагавар нь юу байх вэ? Тэр үед Бурханы өмнө тайван байх амархан уу? Амь-оролтыг чинь энэ саатуулахгүй гэж үү? (Саатуулна.) Асуудлыг шийдвэрлэх буруу аргыг сонгох нь хүнд ийм нөлөө үзүүлдэг. Хэрвээ чи зөв замыг сонговол хэн нэгэн дүр төрх, бардам занг чинь сэвтээх, ёс жудаг, нэр төрийг чинь доромжилсон үг хэлэх үед чи хүлээцтэй байхыг сонгож чадна. Чи тэдэнтэй ямар ч үгээр маргалдахгүй, эсвэл санаатайгаар өөрийгөө зөвтгөж, нөгөө хүнээ няцааж, дайрч, өөртөө үзэн ядалт төрүүлэхгүй. Хүлээцтэй байхын мөн чанар, ач холбогдол юу вэ? Чи “Түүний хэлсэн зарим зүйл баримттай нийцэхгүй байна, гэхдээ үнэнийг ойлгож, авралд хүрэхээсээ өмнө бүгд ийм байдаг, би ч бас нэгэн цагт ийм байсан. Одоо би үнэнийг ойлгодог болсон болохоор зөв буруугийн талаар маргалддаг, тэмцлийн гүн ухаанаар амьдардаг шүтлэггүй хүмүүсийн замаар алхдаггүй—би хүлээцтэй байж, бусдад хайраар хандахыг сонгоно. Түүний хэлсэн зарим зүйл баримттай нийцэхгүй байгаа ч би тэдгээрийг тоохгүй. Би ухамсарлаж, ойлгож чадах зүйлээ хүлээн авна. Би үүнийг Бурханаас хүлээн авч, залбирлаараа Бурханы өмнө аваачиж, завхарсан зан чанарыг минь илчлэх нөхцөл байдлыг бүрдүүлж өгөхийг Түүнээс гуйна, ингэснээр би эдгээр завхарсан зан чанарын мөн чанарыг таньж мэдэж, эдгээр асуудлыг шийдвэрлэж эхлэх, аажмаар даван туулах, үнэн-бодит байдалд орох боломжтой болно. Хэн намайг үгээрээ шархлуулж байгаа, тэдний хэлж байгаа зүйл зөв эсэх, тэдний санаа зорилго юу болох тухайд гэвэл, нэг талаар би үүнийг ялган таньж, нөгөө талаар би тэдэнд хүлээцтэй хандана” гэж хэлдэг. Хэрвээ тэр хүн үнэнийг хүлээн авдаг хүн бол чи түүнтэй тайван суугаад нөхөрлөж болно. Хэрвээ тэр үнэнийг хүлээн авдаггүй, ёрын муу хүн бол түүнийг бүү тоо. Түүнийг хангалттай их авирлаж, ах эгч нар бүгд түүнийг нэвт шувт ялган таньж, чи ч бас ялган таньж, удирдагч, ажилчид түүнийг цэвэрлэж, шийдвэрлэх хүртэл нь хүлээ—тэр үед Бурхан түүнийг шийдвэрлэх цаг ирсэн байх бөгөөд мэдээж чи ч бас баяр хөөртэй байх болно. Гэвч чиний сонгох ёстой зам бол ёрын муу хүмүүстэй аман тулаан хийх, эсвэл тэдэнтэй маргалдаж, өөрийгөө зөвтгөх гэж оролдох явдал огт биш. Харин ямар ч зүйл тохиолдсон үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлэх явдал юм. Чамайг шархлуулсан хүмүүстэй харьцах уу, эсвэл чамайг шархлуулаагүй, чамд ашиг тустай хүмүүстэй харьцах уу гэдгээс үл хамааран хэрэгжүүлэлтийн зарчим адилхан байх ёстой. Ийм замыг сонгох үед зүрх сэтгэлд чинь ямар нэг үзэн ядалт байх уу? Бага зэрэг таагүй мэдрэмж төрж магадгүй. Нэр төр нь сэвтэх үед хэнд таагүй санагдахгүй байх билээ? Хэрвээ хэн нэгэн таагүй санагдахгүй байна гэвэл худал хэлж, хууран мэхэлж байгаа хэрэг, гэхдээ чи үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө энэ зовлонг тэвчиж, туулж чадна. Ийм замыг сонгох үедээ чи Бурханы өмнө дахин очихдоо мөс чанар чинь цэвэр байна. Мөс чанар чинь яагаад цэвэр байх вэ? Яагаад гэвэл чиний үг түргэн ууртай зангаас гараагүй, чи аминч хүслээсээ болж бусадтай нүүрээ улайтал маргалдаагүй, харин үнэнийг ухамсарласан суурин дээр Бурханы замыг дагаж, өөрийн замаар алхаж байгаагаа тодорхой мэдэх болно. Сонгосон зам чинь Бурханы заасан, Бурханы шаардсан зам гэдгийг чи зүрх сэтгэлдээ маш тодорхой мэдэх тул дотроо онцгой амар амгалан байна. Ийм амар амгалан байх үед чи болон бусдын хоорондох үзэн ядалт, хувийн өс хонзон чамайг үймүүлэх үү? (Үгүй.) Чи үнэхээр зүгээр орхиод, эерэг замыг дуртайяа сонгох үед зүрх сэтгэл чинь тайван, амгалан байна. Гомдол, үзэн ядалт, тэр үзэн ядалтаас үүдэлтэй өшөө авах сэтгэлгээ, явуулга зэрэг түргэн ууртай зангаас гардаг зүйлс чамайг үймүүлэхээ болино. Сонгосон зам чинь чамд амар амгалан, тайван зүрх сэтгэлийг авчрах бөгөөд түргэн ууртай зангаас гардаг тэр зүйлс чамайг үймүүлж чадахаа болино. Тэдгээр нь чамайг үймүүлж чадахаа болих үед чамайг үгээрээ шархлуулсан хүмүүс рүү дайрах юм уу тэдэнтэй хэл амаар тулалдах арга замыг чи бодох уу? Бодохгүй. Мэдээж, биеийн хэмжээ чинь бага учраас, эсвэл зарим онцгой нөхцөл байдлаас болж хааяа түргэн ууртай зан, ойворгон зан, гомдол чинь хөдөлж магадгүй. Гэвч үнэнийг хэрэгжүүлэх шийдвэр, зориг, хүсэл чинь эдгээр зүйл зүрх сэтгэлийг чинь үймүүлэхээс сэргийлнэ. Өөрөөр хэлбэл, эдгээр зүйл чамайг үймүүлж чадахгүй. “Тэр надад байнга хүндрэл учруулж байна. Би хэзээ нэг өдөр түүнийг зэмлэж, яагаад намайг үргэлж онилж, надад үргэлж хэцүү байдал үүсгэдгийг нь асуух хэрэгтэй. Яагаад намайг үргэлж дорд үзэж, доромжилдгийг нь асуух хэрэгтэй” гэж бодох зэргээр түргэн ууртай зан хааяа чамд тэсрэн гарч магадгүй. Чамд заримдаа ийм бодол төрж магадгүй. Гэхдээ дахиад жаахан бодсоныхоо дараа чи тэдгээрийг буруу гэдгийг, ингэж үйлдвэл Бурханд таалагдахгүй гэдгийг ухаарна. Ийм бодол төрөх үед чи энэ байдлыг эргүүлэхийн тулд хурдхан Бурханы өмнө буцаж очих тул эдгээр буруу бодол чамайг эзэмдэхгүй. Үр дүнд нь дотор чинь зарим эерэг зүйл—тухайлбал өөрийгөө таньж мэдэх, түүнчлэн хүмүүсийг ялган таньж, асуудлыг нэвт харах боломж олгодог Бурханы өгдөг гэгээрэл, гэрэлтүүлэлт бий болж эхлэх бөгөөд эдгээр эерэг зүйл чамд өөрийн мэдэлгүй үнэн-бодит байдлыг илүү их ойлгуулж, түүнд оруулна. Энэ үед чиний эсэргүүцэл, өөрөөр хэлбэл үзэн ядалт, хувийн хүсэл, түргэн ууртай зангаас “эсрэг биет” улам хүчтэй болж, биеийн хэмжээ чинь улам томорно. Түргэн ууртай зангаас гардаг тэр зүйлс чамайг захирч чадахаа болино. Хэдийгээр чамд хааяа зарим нэг буруу бодол, санаа, түлхэц төрж магадгүй ч эдгээр зүйл хурдан алга болж, эсэргүүцэл, биеийн хэмжээ чинь тэдгээрийг таягдан хаяж, устгана. Энэ үед эерэг зүйлс, үнэний бодит байдал, Бурханы үг чиний дотор ноёрхоно. Эдгээр эерэг зүйл ноёрхох үед гаднын хүмүүс, үйл явдал, зүйлс чамд нөлөөлөхөө болино. Биеийн хэмжээ чинь өсөж, байдал чинь улам хэвийн болж, чи завхарсан зан чанараар амьдарч, чөтгөрийн тойрог руу орохоо болино, ийнхүү биеийн хэмжээ чинь тасралтгүй өснө.

Чуулганд юм уу хүмүүсийн дунд байхдаа нэр төр, ёс жудагт чинь хор хүргэх хувь хүн рүү чиглэсэн дайралттай тулгарах үедээ хүлээцтэй, тэвчээртэй байж, хэрэгжүүлэлтийн зөв замыг сонгож чадвал энэ нь чамд ашиг тустай. Чи энэ ашиг тусыг олж харахгүй байж магадгүй ч ийм үйл явдлыг туулах үедээ хүнд тавьдаг Бурханы шаардлага, Түүний хүнд өгдөг зам бол гэрэлт зам, жинхэнэ бөгөөд амьд зам гэдгийг, мөн эдгээр нь хүмүүст үнэнийг олж авах боломж олгож, ашиг тус хүртээдэг, хамгийн утга учиртай зам гэдгийг чи өөрийн мэдэлгүй олж нээнэ. Хүмүүсийн дунд, ялангуяа чуулганы амьдралд байх үедээ чи янз бүрийн уруу таталт, хорхой хүргэлтийг даван туулж чадна. Хэн нэгэн чам руу хорон санаагаар дайрч, шархлуулах үед, эсвэл санаатайгаар чамаас өшөө авч, үзэн ядалтаа чамд гаргахаар оролдох үед үүнд үнэн-зарчмын дагуу хандаж, хэрэгжүүлж чаддаг байх нь маш чухал юм. Бурхан хүмүүсийн завхарсан зан чанарыг үзэн яддаг учраас тулгарсан зүйлдээ түргэн ууртай зангаар хандахгүй, харин Бурханы өмнө тайван байж, үнэн болон Бурханы санаа зорилгыг эрж хайж, улмаар хүнд тавих Бурханы шаардлага үнэндээ юу болохыг ойлгож ав гэж хүмүүст хэлдэг. Хүний тэвчээр хязгаартай боловч үнэнийг ойлгомогц тэвчээр нь зарчимтай болж, тэр хүний хувьд үнэнийг хэрэгжүүлэх хөдөлгөгч хүч, тусламж болж хувирч болно. Гэвч хэрвээ хүн үнэнийг хайрладаггүй, зөв буруугийн талаар маргалдаж, бусдыг дайрах дуртай, түргэн ууртай зангаар амьдрах хандлагатай бол дайралтад өртөх үедээ хэл амаар тулалдаж, бие бие рүүгээ дайрах хандлагатай байдаг. Энэ нь оролцсон хүн бүрд хор хөнөөл учруулдаг бөгөөд хэнийг ч босгон байгуулдаггүй, хэнд ч тусалдаггүй. Хэн нэгэн бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалдсаны дараа тамирдаж, ядарч туйлдан, хоёр тал хоёулаа шархдаж үлддэг; тэд ямар ч үнэнийг олж авч чаддаггүй, эцэст нь юу ч олж авдаггүй. Гагцхүү үзэн ядалт, боломж олдвол өшөө авах санаархал л үлддэг. Энэ бол бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалдсаны улмаас хүмүүст эцэст нь ирдэг хор уршиг юм.

Дөнгөж сая нөхөрлөсөн бие бие рүүгээ дайрах, хэл амаар тулалдах тухай сэдвийн тухайд та нар одоо ялган таних зарчмыг ойлгов уу? Ямар нөхцөл байдал бие бие рүүгээ дайрах, хэл амаар тулалдахад хамаарахыг та нар ялгаж чадах уу? Бие бие рүүгээ дайрах, хэл амаар тулалдах явдал хүмүүсийн дунд тогтмол гардаг бөгөөд байнга ажиглагддаг. Бие бие рүүгээ дайрах нь голчлон хэн нэгний асуудлыг зорилготойгоор онилж, тэдэн рүү дайрах, шүүх, яллах, тэр ч бүү хэл хараах явдлыг хамардаг бөгөөд энэ нь өшөө авах, хариу цохилт өгөх, хувийн хорслоо тайлах гэх мэт зорилготой байдаг. Ямартай ч, бие бие рүүгээ дайрах, хэл амаар тулалдах нь үнэнийг нөхөрлөж байгаа хэрэг биш, үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг ч биш, мөн эв найртай хамтын ажиллагааны илрэл бүр ч биш юм. Харин энэ нь түргэн ууртай зан болон Сатаны завхарсан зан чанараас болж хүмүүсээс өшөө авч, цохилт өгч буй илрэл юм. Бие бие рүүгээ дайрах, аман тулааны зорилго нь үнэнийг тодорхой нөхөрлөх явдал яавч биш, үнэнийг ойлгохын тулд маргалдаж байгаа хэрэг бүр ч биш юм. Харин өөрийн завхарсан зан чанар, амбиц, аминч хүсэл, махан биеийн сонирхлыг хангах зорилготой юм. Бие бие рүүгээ дайрах нь үнэнийг нөхөрлөж байгаа хэрэг биш, хүмүүст тусалж, хайраар хандаж байгаа хэрэг бүр ч биш гэдэг нь илэрхий; харин энэ нь хүмүүсийг тарчлааж, тоглоом тохуу хийж, мэхлэх Сатаны стратеги, арга барилуудын нэг юм. Хүмүүс завхарсан зан чанар дотор амьдардаг бөгөөд үнэнийг ойлгодоггүй. Хэрвээ тэд үнэнийг хэрэгжүүлэхийг сонгохгүй бол ийм урхи, уруу таталтад, мөн бие бие рүүгээ дайрах, хэл амаар тулалдах тэмцэлд маш амархан ордог. Тэд ганц үг, хэллэг юм уу харцнаас болж нүүрээ улайтал маргалдаж, тэр ч бүү хэл зогсоо зайгүй үргэлжлүүлж, ганцхан зүйл дээр хэн нь дийлэхээ үзэхийн тулд олон жил тэмцэлдэж, хоёулаа хохироход хүрдэг. Тэд уулзангуутаа эцэс төгсгөлгүй маргалдаж, зарим нь бүр компьютерын чат группт бие биеэ дайрч, харааж, ялладаг. Энэ үзэн ядалт ямар ноцтой болоо вэ! Тэд цуглааны үеэр бие биеэ хангалттай хараагаагүй, хорслоо тайлаагүй, зорилгодоо хүрээгүй тул гэртээ харьсны дараа бодох тусам уур нь хүрч, тэндээ үргэлжлүүлэн бие биеэ хараадаг. Энэ ямар гээчийн сүнс вэ? Үүнийг дэмжих хэрэгтэй юу, сурталчлах хэрэгтэй юу? (Үгүй.) Энэ ямар гээчийн “аймшиггүй сүнс” вэ? Энэ бол юунаас ч айдаггүй сүнс, хууль дүрэмгүй сүнс, Сатан хүнийг завхруулсны үр дагавар юм. Мэдээж ийм зан авир, үйлдэл нь энэ хүмүүсийн амь-оролтыг ихээхэн үймүүлж, хохирол учруулдаг бөгөөд чуулганы амьдралд ч бас саад болж, үймүүлдэг. Тиймээс ийм нөхцөл байдалтай тулгарах үедээ, хэрвээ хоёр хүн бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалдаж, эцсээ хүртэл тэмцэнэ гэж тангараглаж байгааг удирдагч, ажилчид олж мэдвэл тэднийг хурдан цэвэрлэх ёстой, тэднийг тэвчих ёсгүй, өөгшүүлж бүр ч болохгүй. Тэд бусад ах эгчийг хамгаалж, чуулганы хэвийн амьдралыг сахиж, цуглаан бүрийг заавал үр дүнд хүргэх ёстой бөгөөд ийм хүмүүс ах эгч нарын Бурханы үгийг уншиж, үнэнийг нөхөрлөх цагийг үрж, чуулганы хэвийн амьдралыг үймүүлэхийг зөвшөөрөх ёсгүй. Хэрвээ цуглааны үеэр тэд бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалдаж байгаа нь илэрвэл үүнийг даруй зогсоож, шийдвэрлэх ёстой. Хэрвээ хязгаарлаж чадахгүй бол энэ хүмүүсийг цуглаанаар дамжуулан даруй ил болгож, задлан шинжилж, цэвэрлэх ёстой. Чуулган бол Бурханы үгийг идэж, уух, Бурханд шүтэн мөргөдөг газар; хувийн хорслоо тайлахын тулд бие бие рүүгээ дайрах юм уу хэл амаар тулалддаг газар биш. Чуулганы амьдралыг байнга үймүүлж, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод нөлөөлдөг хэнийг ч болов цэвэрлэх ёстой. Чуулган ийм хүмүүсийг хүлээж авдаггүй, диаволын үймүүлэх, ёрын муу хүмүүс байхыг зөвшөөрдөггүй—энэ хүмүүсийг цэвэрлэ, тэгвэл асуудал шийдвэрлэгдэнэ.

Чуулганд зарим хүн бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалдаж байгаа нь илэрвэл шалтаг шалтгаан нь юу болох, хэлэлцэж буй гол сэдэв нь юу болох, энэ нь хүн бүрийн санаа тавьдаг зүйл мөн эсэхээс үл хамааран, чуулганы амьдралд саад болж, үймүүлж л байгаа бол энэ асуудлыг түдгэлзэлгүйгээр, даруй шийдвэрлэх ёстой. Оролцсон хүмүүсийг нь зогсоож, хязгаарлаж чадахгүй бол цэвэрлэх хэрэгтэй. Энэ бол ийм нөхцөл байдалтай тулгарах үедээ удирдагч, ажилчдын хийх ёстой ажил юм. Гол зарчим нь энэ хүмүүсийн муу зан авирыг өөгшүүлэн тэднийг тэвчих явдал биш, тэднийг дураар нь тавих явдал биш, мөн хэн нь зөв, хэн нь буруу, хэн нь үндэслэлтэй, хэн нь үндэслэлгүй болохыг харах гэж тэдний хувьд зөв бурууг шүүдэг “шударга шүүгч” болж, зөв бурууг тодорхой ялгаж салгасныхаа дараа хоёр талд ижил шийтгэл оногдуулах, эсвэл буруутай гэж үзсэнээ шийтгэж, нөгөөг нь шагнах явдал биш юм—энэ бол асуудлыг шийдвэрлэх арга зам биш. Энэ асуудлыг зохицуулахдаа чи хуулиар хэмжих ёсгүй, ёс суртахууны хэмжүүрээр хэмжиж, шүүх бүр ч ёсгүй, харин чуулганы ажлын зарчмын дагуу хэмжиж, зохицуулах ёстой. Бие бие рүүгээ дайрч буй хоёр талын хувьд, чуулганы амьдралд саад болж, үймүүлж л байгаа бол чуулганы удирдагч, ажилчид болсон явдлыг хоёр тал хэрхэн ярихыг анхааралтай сонсож, шалтаг шалтгаан бүрийг, нөгөө хүн рүүгээ дайрч, хэл амаар тулалдсан цаад санаа, зорилго, уг үндсийг сонсохын оронд тэднийг зогсоож, хязгаарлах, эсвэл тусгаарлаж, цэвэрлэх нь зайлшгүй үүрэг хариуцлагаа гэж үзэх ёстой—тэд болсон явдлын учрыг олох ёсгүй, харин асуудлыг шийдвэрлэж, чуулганы амьдралд саад болж, үймүүлж байгаа зүйлийг арилгаж, тэдгээрийг үүсгэсэн хүмүүсийг зохицуулах ёстой. Хэрвээ удирдагч, ажилчид асуудлыг бөөрөнхийлж, “дундын замыг” баримталж, бие бие рүүгээ дайрсан хоёр хүнд найр тавих бодлогоор хандаж, хөндлөнгөөс оролцож, зохицуулахгүйгээр чуулганы амьдралд дураараа саад болж, үймүүлэхийг нь зөвшөөрвөл—тэд энэ хүмүүсийг өөгшүүлсээр байдаг. Тэд удаа бүр зүгээр л ятгаж, зөвлөөд, асуудлыг бүрэн шийдвэрлэж чаддаггүй. Ийм удирдагч, ажилчид үүргээ цалгардуулж байна. Хэрвээ чуулганд бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалдах асуудал гарч, чуулганы амьдралд ноцтой үймээн, хохирол учруулж, улмаар ихэнх хүнд дургүйцэл, зэвүүцэл төрүүлбэл удирдагч, ажилчид хурдан арга хэмжээ авч, Бурханы гэрийн ажлын зохицуулалт болон чуулганыг цэвэрлэх зарчмын дагуу хоёр талыг тусгаарлах юм уу цэвэрлэх ёстой. Тэд оролцсон хүмүүсийн хэргийг шүүж, хувийн хэрүүлийг нь дэнслэх “шударга шүүгч” шиг авирлах ёсгүй, хэн нь зөв, хэн нь буруу, хэн нь үндэслэлтэй, хэн нь үндэслэлгүй болохыг харахын тулд энэ хүмүүсийн ярьдаг өмхий, нуршуу, дэмий үгийг анхааралтай сонсох ёсгүй, мөн эдгээрийг шүүснийхээ дараа илүү олон хүнийг эдгээр зүйлийн талаар хэлэлцүүлэг, нөхөрлөл хийлгэж, илүү олон хүний зүрх сэтгэлд зэвүүцэл, жигшил төрүүлж болохгүй. Энэ нь хүмүүсийн Бурханы үгийг идэж, ууж, нөхөрлөхөд ашиглах ёстой цагийг үрэх болно. Энэ нь удирдагч, ажилчид хариуцлага алдаж байгаа бүр ч том хэрэг бөгөөд хэрэгжүүлэлтийн энэ зарчим буруу юм. Хэрвээ хязгаарлагдсан талууд хэзээ нэгэн цагт гэмшиж, бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалдан цуглааны цагийг нөхцөөхөө боливол тэдэнд тавьсан тусгаарлалтыг цуцалж болно. Хэрвээ тэднийг ёрын муу хүмүүс гэж цэвэрлэсэн бөгөөд хэн нэгэн тэднийг сайжирч өөрчлөгдсөн гэж хэлбэл гэмшиж буй бодит илрэл харуулж байгаа эсэхийг харах шаардлагатай, мөн энэ асуудлаар олонхын саналыг асуух хэрэгтэй. Тэднийг буцааж хүлээж авлаа ч гэсэн нарийн ажиглаж, ярих цагийг нь хатуу хязгаарлаж, дараа нь илрэлд нь үндэслэн зохих ёсоор зохицуулах ёстой. Эдгээр нь чуулганы удирдагч, ажилчдын ойлгож, анхаарах ёстой зарчим юм. Мэдээж энэ асуудлыг шийдвэрлэхдээ субъектив таамаглалд үндэслэж болохгүй; хоёр талын бие бие рүүгээ дайрч байгаа нь саад болж, үймүүлсэн уг чанартай байх ёстой. Нэг нь нөгөөгөө шархлуулсан зүйл нэг удаа хэлж, нөгөөх нь хариу үг хэлснээс болж хүмүүсийн ярихыг хориглож, тусгаарлаж болохгүй. Хүмүүсийг тэгж зохицуулах нь үнэхээр зарчимд нийцэхгүй! Удирдагч, ажилчид зарчмыг зөв ойлгож, хийж байгаа үйлдэл нь зарчимд нийцэж байна гэдэгтэй олонх заавал санал нийлэх ёстой болохоос биш, дураараа авирлаж, муу зүйл хийх, эсвэл асуудлын ноцтой байдлыг дээд зэргээр сүр бадруулах ёсгүй. Ажлын энэ талын тухайд, нэг талаар олонх хүн дайралт гэж юу болохыг ялган таньж сурах ёстой, нөгөө талаар чуулганы удирдагч, ажилчид бас энэ ажлыг гүйцэтгэхдээ ойлгох ёстой зарчим, биелүүлэх ёстой үүрэг хариуцлагыг мэдэх хэрэгтэй.

4. Хүмүүсийг дур зоргоороо яллах

Бие бие рүүгээ дайрах бас нэг илрэл бий. Зарим хүн зарим нэг сүнслэг нэр томьёо мэддэг бөгөөд яриандаа “диавол”, “Сатан”, “үнэнийг хэрэгжүүлдэггүй”, “үнэнийг хайрладаггүй”, “фарисай” гэх мэт заримыг нь үргэлж ашигладаг—тэд эдгээр нэр томьёог ашиглан зарим хүнийг дур зоргоороо шүүдэг. Энэ нь бага зэрэг дайралт хийж байгаа шинжтэй биш үү? Өмнө нь ах эгч нартай харилцахдаа өөрийнх нь санаанд нийцээгүй хэн рүү ч хамаагүй хараахыг хүсдэг нэг хүн байсан. Гэхдээ тэр дотроо: “Одоо би Бурханд итгэдэг болохоор хүн хараах нь зохисгүй санагдаж байна. Энэ нь намайг ариун хүний ёс жаягт нийцэхгүй харагдуулна. Би харааж, бүдүүлэг үг хэлж болохгүй, гэхдээ хараахгүй бол дотор давчдаад, хорслоо тайлж чадахгүй—би үргэлж хүн хараахыг хүснэ. Тэгвэл би тэднийг яаж хараах вэ?” гэж боджээ. Тэгээд тэр шинэ нэр томьёо зохиов. Түүнийг гомдоосон, үйлдлээрээ шархлуулсан, эсвэл үгийг нь сонсоогүй хүн бүрийг тэр: “Ёрын муу диавол!”, “Чи бол ёрын муу диавол!”, “Тэр хэн бол ёрын муу диавол!” гэж хараадаг байв. Тэр “диавол” гэдэг үгийн өмнө “ёрын муу” гэдэг үгийг нэмсэн—хэн нэгэн ийм хэллэг ашиглахыг Би үнэхээр урьд нь хэзээ ч сонсож байгаагүй. Нэлээд содон биш гэж үү? Ах эгч нарыг тэр “ёрын муу диавол” гэж тоомжиргүй хараадаг байсан—үүнийг сонсох хэнд аятайхан санагдах билээ? Жишээ нь, хэрвээ түүнийг ах юм уу эгчээс аяга ус хийж өгөхийг гуйхад тэр хүн нь хэтэрхий завгүй байгаад, өөрөө хийж уу гэж хэлбэл тэр: “Чи муу ёрын муу диавол!” гэж хараадаг байв. Хэрвээ түүнийг цуглаанаас буцаж ирэхэд, хоол нь хараахан бэлэн болоогүй байгааг харвал уурлаж: “Ёрын муу диаволууд та нар, бүгдээрээ ямар залхуу юм бэ. Би үүргээ гүйцэтгэхээр гараад, буцаж ирэхэд бэлэн хоол ч алга!” гэдэг байв. Түүнтэй харилцдаг хэн боловч “ёрын муу диавол” гэж хараалгах магадлалтай байв. Энэ ямар төрлийн хүн бэ? (Ёрын муу хүн.) Тэр юугаараа ёрын муу вэ? Түүний нүдээр бол өөрийг нь гомдоосон, эсвэл хүслийг нь дагаагүй хэн боловч ёрын муу диавол юм—Тэр өөрөө биш, харин бусад бүх хүн мөн. Түүнд ингэж хэлэх үндэслэл бий юу? Огт байхгүй; тэр зүгээр л хорслоо тайлж, сэтгэл хөдлөлөө гаргах боломж олгох үгийг дур зоргоороо сонгож аваад хүмүүсийг хараадаг. Хэрвээ хэн нэгнийг үнэхээр хараавал бусад хүн түүнийг Бурханд итгэгч шиг харагдахгүй байна гэж хэлнэ гэж тэр боддог. Харин хэн нэгнийг диавол гэж дуудвал энэ нь хараал биш, бусдад үндэслэлтэй санагдах ёстой бөгөөд ингэснээр хувийн хүслээ хангахын зэрэгцээ бусад хүн өөрийг нь буруутгах аргагүй болгож байна гэж тэр боддог. Энэ нөхөр нэлээд зальтай, бас нэлээд ёрын муу бөгөөд хүмүүсээс өшөө авч, тэднийг яллахын тулд хамгийн хорон муу үг хэллэг, хүмүүсийг эсэргүүцэх аргагүй болгодог үг хэллэг ашигладаг, гэтэл хүмүүс түүнийг харааж байна, эсвэл үндэслэлгүй ярьж байна гэж буруутгах аргагүй байдаг. Ийм хүнтэй тулгарах үедээ ихэнх хүн түүнээс зайлсхийх үү, эсвэл ойртох уу? (Тэд түүнээс зайлсхийнэ.) Яагаад? Тэд түүнийг өдөж дийлэхгүй тул түүнээс хол байхаас өөр аргагүй; ухаантай хүмүүс ингэнэ.

Хэн нэгнийг дур зоргоороо яллаж, нэр хаяг зүүж, тарчлаах үзэгдэл чуулган бүрд байнга гардаг. Жишээ нь, зарим хүн тодорхой удирдагч юм уу ажилчны эсрэг өрөөсгөл бодол өвөрлөж, өшөө авахын тулд ар хударгаар нь тэдний талаар санал шүүмж хэлж, үнэнийг нөхөрлөх нэрийдлээр тэднийг ил болгож, задлан шинжилдэг. Ийм үйлдлийн цаад санаа, зорилго нь буруу юм. Хэрвээ хүн үнэхээр Бурханд гэрчлэл хийж, бусдад ашиг тус хүргэхийн тулд үнэнийг нөхөрлөж байгаа бол өөрийнхөө жинхэнэ туршлагын талаар нөхөрлөж, өөрийгөө задлан шинжилж, таньж мэдэх замаар бусдад ашиг тус хүргэх ёстой. Ийм хэрэгжүүлэлт илүү сайн үр дүнд хүрдэг бөгөөд Бурханы сонгосон хүмүүс үүнийг сайшаана. Хэрвээ хэн нэгний нөхөрлөл бусдыг цохих юм уу өшөө авах оролдлогоор ил болгож, дайрч, дорд үзэж байвал нөхөрлөлийнх нь санаа зорилго буруу, зөвтгөх аргагүй, Бурханд жигшигддэг бөгөөд ах эгч нарыг босгон байгуулдаггүй. Хэрвээ хэн нэгний санаа зорилго нь бусдыг яллах юм уу тарчлаах бол тэр хүн ёрын муу хүн бөгөөд мууг үйлдэж байна. Бурханы сонгосон бүх хүн ёрын муу хүмүүсийг ялган таних чадвартай байх ёстой. Хэрвээ хэн нэгэн бусдыг дур зоргоороо цохиж, ил болгож, дорд үзэж байвал түүнд хайраар тусалж, нөхөрлөж, задлан шинжлэх юм уу засах ёстой. Хэрвээ тэд үнэнийг хүлээн авч чадахгүй, замаа засахаас зөрүүдлэн татгалзвал огт өөр хэрэг. Бусдыг байнга дур зоргоороо яллаж, нэр хоч зүүж, тарчлаадаг ёрын муу хүмүүсийн тухайд гэвэл, тэднийг бүрэн ил болгох ёстой, ингэснээр хүн бүр тэднийг ялган таньж сурах боломжтой бөгөөд дараа нь тэднийг хязгаарлах юм уу чуулганаас хөөх ёстой. Ийм хүмүүс чуулганы амьдрал болон чуулганы ажлыг үймүүлж, хүмүүсийг төөрөлдүүлж, чуулганд эмх замбараагүй байдал авчрах магадлалтай тул энэ зайлшгүй чухал юм. Ялангуяа зарим ёрын муу хүн зөвхөн өөрийгөө гайхуулж, бусдаар хүндлүүлэх зорилгодоо хүрэхийн тулд бусдыг байнга дайрч, ялладаг. Энэ ёрын муу хүмүүс цуглаан дээр үнэнийг нөхөрлөх боломжийг тогтмол ашиглан бусдыг шууд бусаар ил болгож, задлан шинжилж, дарангуйлдаг. Тэд бүр үүнийгээ хүмүүст тусалж, чуулганд байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд хийж байна гэж зөвтгөдөг бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд эдгээр шалтгийг халхавч болгон ашигладаг. Тэд бол бусдыг дайрч, тарчлаадаг төрлийн хүмүүс бөгөөд бүгд илэрхий ёрын муу хүмүүс юм. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс рүү дайрч, ялладаг бүх хүн туйлын хорлонтой бөгөөд гагцхүү Бурханы гэрийн ажлыг хамгаалахын тулд ёрын муу хүмүүсийг ил болгож, задлан шинжилдэг хүмүүс л шударга ёсны мэдрэмжтэй бөгөөд Бурханд сайшаагддаг. Ёрын муу хүмүүс мууг үйлдэхдээ ихэвчлэн маш зальжин байдаг; тэд бүгд өөрсдийгөө зөвтгөх шалтгаан гаргаж ирэх, бусдыг төөрөлдүүлэх зорилгодоо хүрэхийн тулд хоосон сургаал ашиглахдаа гаршсан байдаг. Хэрвээ Бурханы сонгосон хүмүүс тэднийг ялган таньж чадахгүй, энэ ёрын муу хүмүүсийг хязгаарлаж чадахгүй бол чуулганы амьдрал болон чуулганы ажил бүрэн баларна—бүр үймээн самуунд автана. Ёрын муу хүмүүс асуудлын талаар нөхөрлөж, задлан шинжлэх үедээ үргэлж санаа, зорилготой байдаг бөгөөд үргэлж хэн нэгнийг онилсон байдаг. Тэд өөрсдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрсдийгөө задлан шинжилж, таньж мэдэхгүй, эсвэл сэтгэлээ нээж, өөрсдийгөө илчлэхгүй байна—харин бусдыг ил болгох, задлан шинжлэх, дайрах боломжийг шүүрч авч байна. Тэд өөрийгөө таньж мэдсэнээ нөхөрлөх далимдаа бусдыг задлан шинжилж, ялладаг бөгөөд Бурханы үг, үнэнийг нөхөрлөх замаар хүмүүсийг ил болгож, дорд үзэж, гутаадаг. Тэд ялангуяа үнэнийг эрэлхийлдэг, чуулганы ажлын төлөө ачаа үүрдэг, үүргээ байнга гүйцэтгэдэг хүмүүст зэвүүцэж, үзэн яддаг. Ёрын муу хүмүүс энэ хүмүүсийн сэдлийг цохиж, чуулганы ажил хийхэд нь саад болохын тулд элдэв төрлийн зөвтгөх шалтгаан, шалтаг ашигладаг. Тэдэнд хандах мэдрэмжийнх нь нэг хэсэг нь атаархал, үзэн ядалт байдаг; нөгөө хэсэг нь энэ хүмүүс босож ажил хийснээр нэр алдар, ашиг хонжоо, байр суурьт нь заналхийлнэ гэсэн айдас юм. Тиймээс тэд энэ хүмүүст сануулга өгч, дарангуйлж, хязгаарлах боломжит бүхий л аргыг хэрэглэх гэж улайрдаг, тэр ч бүү хэл тэднийг яллахын тулд гүтгэх зэвсэг цуглуулж, баримтыг гуйвуулахад хүрдэг. Энэ ёрын муу хүмүүсийн зан чанар үнэн болон эерэг зүйлийг үзэн яддаг зан чанар гэдгийг энэ нь бүрэн илчилдэг. Тэд үнэнийг эрэлхийлж, эерэг зүйлийг хайрладаг хүмүүсийг, мөн харьцангуй заль мэхгүй, төлөв, шулуун шударга хүмүүсийг онцгойлон үзэн яддаг. Тэд ингэж хэлэхгүй байж магадгүй ч ийм сэтгэлгээтэй байдаг. Тэгвэл тэд яагаад үнэнийг эрэлхийлэгчид болон төлөв, шулуун шударга хүмүүсийг ил болгож, дорд үзэж, дарангуйлж, гадуурхахаар тусгайлан онилдог вэ? Энэ нь сайн хүмүүс болон үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг түлхэн унагаж, цохиж, хөл доороо дэвслэх гэсэн тэдний оролдлого гэдэг нь тодорхой бөгөөд ингэснээр тэд чуулганыг хянаж чадна. Зарим хүн үүнийг тийм гэдэгт итгэдэггүй. Би тэднээс нэг асуулт асууя: Энэ ёрын муу хүмүүс үнэнийг нөхөрлөхдөө яагаад өөрсдийгөө ил болгож, задлан шинжилдэггүй, харин үргэлж бусдыг онилж, ил болгодог юм бэ? Тэд үнэхээр завхрал илчилдэггүй, эсвэл тэдэнд завхарсан зан чанар байхгүй болохоор тэр гэж үү? Яавч үгүй. Тэгвэл тэд яагаад бусдыг ил болгож, задлан шинжлэхээр онилох гэж зүтгэдэг вэ? Тэд яг юунд хүрэхийг хичээж байна вэ? Энэ асуултыг гүнзгийрүүлж бодох хэрэгтэй. Хэрвээ хүн чуулганыг үймүүлдэг ёрын муу хүмүүсийн муу үйлийг ил болгож байгаа бол хийх ёстой зүйлээ хийж байна. Гэвч энэ хүмүүс үнэнийг нөхөрлөх нэрийдлээр сайн хүмүүсийг ил болгож, тарчлааж байна. Тэдний санаа, зорилго юу вэ? Бурхан сайн хүмүүсийг авардаг болохыг хараад уурссандаа тэр үү? Үнэндээ бол тийм. Бурхан ёрын муу хүмүүсийг авардаггүй, тиймээс ёрын муу хүмүүс Бурханыг болон сайн хүмүүсийг үзэн яддаг—энэ бүгд нь жам ёсны зүйл. Ёрын муу хүмүүс үнэнийг хүлээн авдаггүй, эрэлхийлдэггүй; тэд өөрсдөө аврагдаж чадахгүй мөртөө үнэнийг эрэлхийлдэг, аврагдаж чадах сайн хүмүүсийг тарчлаадаг. Энд ямар асуудал байна вэ? Хэрвээ тэд үнэнийг болон өөрсдийгөө таньж мэдсэн бол сэтгэлээ нээж, нөхөрлөж болох байсан, гэтэл тэд үргэлж бусдыг онилж, өдөөн хатгадаг—тэд үргэлж бусад руу дайрах хандлагатай байдаг—тэгээд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг үргэлж төсөөллийн дайснаа болгодог. Эдгээр нь ёрын муу хүмүүсийн шинж тэмдэг юм. Ийм мууг үйлдэж чаддаг хүмүүс бол жинхэнэ диавол, Сатан, жинхэнэ антихристүүд бөгөөд тэднийг хязгаарлах ёстой. Хэрвээ тэд маш их мууг үйлдвэл даруй шийдвэрлэж, чуулганаас хөөх ёстой. Сайн хүмүүсийг цохиж, гадуурхдаг бүх хүн бол ялзарсан алим юм. Би яагаад тэднийг ялзарсан алим гэж нэрлэж байна вэ? Яагаад гэвэл тэд чуулганд шаардлагагүй маргаан, зөрчил үүсгэж, тэндхийн нөхцөл байдлыг улам бүр дордуулах магадлалтай байдаг. Тэд өнөөдөр нэг хүнийг онилж, маргааш өөр хүнийг онилдог бөгөөд үргэлж бусдыг, үнэнийг хайрлаж, эрэлхийлдэг хүмүүсийг онилж байдаг. Энэ нь чуулганы амьдралыг үймүүлж, Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг хэвийн идэж, уухад, мөн үнэнийг хэвийн нөхөрлөхөд сөрөг үр дагавар авчрах магадлалтай. Энэ ёрын муу хүмүүс үнэнийг нөхөрлөх нэрийдлээр бусад руу дайрахын тулд чуулганы амьдралаар амьдрахын давуу талыг ихэвчлэн ашигладаг. Тэдний хэлж байгаа бүх үг нь дайсагнасан шинжтэй байдаг; тэд үнэнийг эрэлхийлдэг, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагаддаг хүмүүс рүү дайрч, яллахын тулд өдөөн хатгасан үг хэлдэг. Үүний үр дагавар юу байх вэ? Энэ нь чуулганы амьдралд саад болж, үймүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлийг тавгүй болгож, Бурханы өмнө тайван байж чадахгүйд хүргэнэ. Ялангуяа бусдыг яллаж, цохиж, шархлуулахын тулд энэ ёрын муу хүмүүсийн хэлдэг ичгүүргүй үгс нь эсэргүүцэл өдөөж мэднэ. Энэ нь асуудлыг шийдвэрлэхэд тус болохгүй; харин ч чуулганд айдас, түгшүүр төрүүлж, хүмүүсийн харилцааг хурцатгаж, тэдний дунд зөрчил үүсэж, тэмцэлдэхэд хүргэдэг. Энэ хүмүүсийн зан авир чуулганы амьдралд нөлөөлөөд зогсохгүй чуулганд зөрчил үүсгэдэг. Энэ нь бүр чуулганы ажилд бүхэлд нь, мөн сайн мэдээг түгээх ажилд нөлөөлж мэднэ. Тиймээс удирдагч, ажилчид ийм төрлийн хүмүүст анхааруулга өгч, бас тэднийг хязгаарлаж, шийдвэрлэх хэрэгтэй. Нэг талаар ах эгч нар бусдыг байнга дайрч, ялладаг энэ ёрын муу хүмүүст хатуу хязгаарлалт тавих ёстой. Нөгөө талаар чуулганы удирдагчид бусдыг дур зоргоороо цохиж, ялладаг хүмүүсийг даруй ил болгож, зогсоох ёстой бөгөөд хэрвээ тэд засрахгүй байгаад байвал чуулганаас цэвэрлэх ёстой. Ёрын муу хүмүүсийг цуглаан дээр чуулганы амьдралыг үймүүлэхээс сэргийлэх ёстой, үүний зэрэгцээ мунгинуу хүмүүсийг чуулганы амьдралд нөлөөлөхүйц байдлаар ярихыг хязгаарлах ёстой. Хэрвээ мууг үйлдэж буй ёрын муу хүн олбол түүнийг ил болгох ёстой. Тэднийг дураараа авирлаж, хүссэнээрээ мууг үйлдэхийг огт зөвшөөрч болохгүй. Энэ нь чуулганы хэвийн амьдралыг сахиж, Бурханы сонгосон хүмүүс хэвийн цугларч, Бурханы үгийг идэж, ууж, үнэнийг нөхөрлөж чаддаг болгоход зайлшгүй шаардлагатай бөгөөд ингэснээр тэдэнд үүргээ хэвийн гүйцэтгэх боломж олгоно. Тэгж байж л Бурханы хүслийг чуулганд хэрэгжүүлж, тэгж байж л Түүний сонгосон хүмүүс үнэнийг ойлгож, бодит байдалд орж, Бурханы ерөөлийг хүртэж чадна. Та нар чуулганд ийм ёрын муу хүмүүсийг олж илрүүлсэн үү? Тэд сайн хүмүүст үргэлж атаархаж, үзэн яддаг, үргэлж тэднийг онилдог. Өнөөдөр тэд нэг сайн хүнд дургүйцэж, маргааш өөр хүнд дургүйцдэг; тэд хэнийг ч шүүмжилж, олон алдаа дутагдлыг нь гаргаж ирж чаддаг, түүнчлэн хэлж байгаа зүйл нь маш үндэслэлтэй, учир зүйтэй сонсогддог ч эцэстээ олны дургүйцлийг төрүүлж, бүлэгт гай болдог. Тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг үймүүлэх хэмжээнд хүртэл чуулганыг үймүүлдэг, олон хүн сөрөг, сул дорой болж, цуглаанаас ямар ч ашиг тус, босгон байгуулалт олж авдаггүй, зарим нь бүр цуглаанд оролцох хүсэлгүй болдог. Ийм ёрын муу хүмүүс ялзарсан алим биш гэж үү? Хэрвээ тэд цэвэрлэгдэх ёстой түвшинд хүрээгүй бол тэднийг тусгаарлах юм уу хязгаарлах хэрэгтэй. Жишээ нь, цуглааны үеэр бусдад нөлөөлөхөөс сэргийлж тэдэнд тусгаарлагдмал суудал хуваарил. Хэрвээ тэд дуугарч, хүмүүс рүү дайрах боломжийг хайх гэж зүтгээд байвал тэднийг хязгаарлаж—хэрэггүй зүйл ярихыг нь хориглох хэрэгтэй. Хэрвээ тэднийг хязгаарлах боломжгүй болж, тэсрэх юм уу эсэргүүцэхийн ирмэг дээр ирвэл даруй цэвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл, тэд хязгаарлагдахыг хүсэхээ больж “Та нар ямар үндэслэлээр миний яриаг хязгаарлаж байгаа юм бэ? Яагаад бусад хүн таван минут ярьж байхад би ганцхан минут ярих ёстой гэж?” хэмээн эдгээр асуултыг байнга асуугаад байвал эсэргүүцэх гэж байна гэсэн үг. Тэд эсэргүүцэх гэж байхдаа тэрслүү загнаж байгаа биш үү? Тэд асуудал үүсгэж, үймээн дэгдээхийг оролдож байгаа биш үү? Тэд чуулганы амьдралыг үймүүлэх гэж байгаа биш үү? Тэд үнэндээ хэн болохоо илчлэх гэж байна; тэднийг шийдвэрлэх цаг ирсэн—тэднийг хурдан цэвэрлэх ёстой. Энэ үндэслэлтэй юу? Тийм ээ, үндэслэлтэй. Олонх хүнийг чуулганы хэвийн амьдралаар амьдарч чаддаг болгох нь үнэхээр амар биш бөгөөд бүх төрлийн ёрын муу хүмүүс, муу сүнснүүд, бохир сүнснүүд, “онцгой авьяастнууд” юмсыг сүйтгэхийг эрмэлзэж байдаг. Бид тэднийг хязгаарлахгүй байж болох уу? Зарим “онцгой авьяастан” амаа нээмэгцээ бусдыг дорд үзэж, дайрч эхэлдэг—чи нүдний шил зүүдэг бол, эсвэл үс чинь шингэн бол тэд чам руу дайрна; чи цуглаан дээр туршлагын гэрчлэлээ хуваалцвал, эсвэл үүргээ идэвхтэй, хариуцлагатай гүйцэтгэвэл тэд чам руу дайрч, чамайг шүүнэ; чи шалгалтын үеэр Бурханд итгэх итгэлтэй байвал, чи сул дорой байвал, эсвэл чи Бурханы талаар гомдоллохгүйгээр итгэлээ ашиглан гэр бүлийн бэрхшээлээ даван туулбал тэд чам руу дайрна. Энд дайрах гэдэг нь юу гэсэн үг вэ? Бусад хүн юу ч хийсэн, энэ хүмүүст хэзээ ч таалагддаггүй гэсэн үг; тэдэнд үргэлж таалагддаггүй, тэд үргэлж байхгүй алдаа дутагдлыг хайдаг, тэд үргэлж бусад хүнийг ямар нэг зүйлд буруутгахыг эрмэлздэг, бусад хүний хийдэг юу ч тэдний нүдэнд хэзээ ч зөв харагддаггүй. Чи Бурханы гэрийн ажлын зохицуулалтын дагуу үнэнийг нөхөрлөж, асуудлыг шийдвэрлэсэн ч тэд өө сэв хайж, шүүмжилж, хийсэн бүхнээс чинь алдаа олно. Тэд санаатайгаар асуудал үүсгэдэг бөгөөд хүн бүр тэдний дайралтад өртдөг. Чуулганд ийм хүн гарч ирэх бүрд чи тэднийг шийдвэрлэх ёстой; хэрвээ хоёр гарч ирвэл хоёуланг нь шийдвэрлэх ёстой. Учир нь тэдний чуулганы амьдралд учруулдаг хор хөнөөл их, тэд чуулганы ажилд саад болж, үймүүлдэг бөгөөд үүний үр дагавар нь аймшигтай байдаг.

Б. Бусад руу байнга дайрдаг хүмүүсийн хүн чанарын онцлог

Өнөөдөр бид бие бие рүүгээ дайрах, аман тулааны асуудалтай холбоотой хэд хэдэн талыг нөхөрлөлөө. Та нар эдгээр тал тус бүрд янз бүрийн төрлийн хүмүүсийн харуулдаг илрэлийн мөн чанарыг ойлгосон уу? Бусдыг дайрах хандлагатай хүмүүсээс эхэлье—тэдэнд хэвийн хүн чанарын эрүүл ухаан байдаг уу? (Байхгүй.) Тэдний эрүүл ухаангүй байдал хэрхэн илэрдэг вэ? Хүмүүс, үйл явдал, зүйлст хандах хандлага, зарчим нь юу вэ? Төрөл бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлстэй харьцахдаа тэд ямар арга барил, хандлагыг сонгодог вэ? Жишээ нь, зөв буруугийн талаар маргалдах дуртай байдал нь хүмүүс, үйл явдал, зүйлст хандах хандлагуудынх нь нэг биш гэж үү? (Мөн.) Зөв буруугийн талаар маргалдах дуртай байна гэдэг нь асуудал бүрд юу зөв, юу буруу болохыг тодруулахыг хичээх, асуудал тодорхой болж, хэн нь зөв, хэн нь буруу байсныг ойлгох хүртэл зогсохгүй байх, утга учиргүй зүйлтэй зөрүүдлэн зууралдах гэсэн үг. Ингэж авирлах нь яг ямар учиртай юм бэ? Эцсийн дүнд буруу, зөвийн талаар маргах нь зөв үү? (Үгүй.) Алдаа нь хаана байна вэ? Ингэх болон үнэнийг хэрэгжүүлэх нь хоорондоо холбоотой юу? (Холбоогүй.) Яагаад холбоогүй гэж хэлж байна вэ? Буруу, зөвийн талаар маргах нь үнэн-зарчмыг баримталж байгаа хэрэг биш, үнэн-зарчмыг ярилцаж, нөхөрлөж байгаа хэрэг биш; харин ч хүмүүс хэнийх нь зөв, хэнийх нь буруу, хэн нь алдсан, хэн нь алдаагүй, хэн нь үндэслэлтэй, хэн нь үндэслэлгүй, хэн нь хангалттай шалтгаантай, хэн нь шалтгаангүй, хэн нь илүү хоосон сургаал илэрхийлдэг талаар үргэлж ярьдаг; тэд үүнийг судалдаг. Бурхан хүмүүсийг шалгах үед тэд үргэлж Бурхантай маргалдахыг оролдож, үргэлж энэ, тэр шалтгаан гаргаж ирдэг. Бурхан чамтай ийм зүйл ярилцдаг уу? Нөхцөл байдал нь ямар байсныг Бурхан асуудаг уу? Чиний шалтаг, шалтгаан юу болохыг Бурхан асуудаг уу? Үгүй. Бурхан чамайг шалгахдаа чамаас дуулгавартай, эсвэл эсэргүүцсэн хандлагатай байна уу гэж асуудаг. Бурхан үнэнийг ойлгодог эсэх, дуулгавартай эсэхийг чинь асуудаг. Энэ бүгдийг л Бурхан асуудаг, өөр юу ч биш. Дуулгаваргүй байсан шалтгаан чинь юу болохыг Бурхан асуудаггүй, чамд хангалттай шалтгаан байсан эсэхийг Тэр хардаггүй. Ийм зүйлсийг Тэр огтхон ч авч үздэггүй. Бурхан зөвхөн дуулгавартай эсэхийг чинь л хардаг. Амьдарч буй орчин нөхцөл, нөхцөл байдал чинь ямар байхаас үл хамааран зүрх сэтгэлдээ дуулгавартай эсэх, дуулгавартай хандлагатай эсэхийг чинь л Бурхан шинждэг. Бурхан чамтай зөв, бурууг мэтгэлцдэггүй, ямар шалтгаантай байх чинь Бурханд хамаагүй. Үнэхээр дуулгавартай эсэх чинь л Бурханд хамаатай, үүнийг л Бурхан чамаас асуудаг. Энэ үнэн-зарчим биш гэж үү? Зөв, буруугийн талаар маргах дуртай, хэл амаар тулалдах дуртай хүмүүсийн зүрх сэтгэлд үнэн-зарчим байдаг уу? (Байдаггүй.) Яагаад байдаггүй вэ? Тэд үнэн-зарчмыг ер нь анхаарч байсан уу? Тэд ер нь үнэн-зарчмыг эрэлхийлж байсан уу? Үүнийг эрж хайж байсан уу? Тэд хэзээ ч үүнийг анхаарч, эрэлхийлж, эрж хайж байгаагүй, зүрх сэтгэлд нь ийм зүйл огт байдаггүй. Ийм учраас тэд хүний үзлээр амьдардаг, зүрх сэтгэлд нь зөв, буруу, алдаагүй, алдаатай, далим, шалтаг, хуурамч нотолгоо, маргаан гэж л байдаг, дараа нь тэд бие бие рүүгээ дайрч давшилж, бие биеэ шүүж, ялладаг. Ийм хүмүүсийн зан чанар гэвэл тэд буруу, зөв гэж мэтгэлцэж, хүмүүсийг шүүж, яллах дуртай. Ийм хүмүүс үнэнийг хайрлаж, хүлээн авдаггүй, Бурхантай маргалдахаар оролдох магадлалтай, тэр ч байтугай Бурханыг шүүж, Бурханыг эсэргүүцдэг. Эцэст нь тэд шийтгүүлнэ.

Зөв буруугийн талаар маргалдах дуртай хүмүүс үнэнийг эрж хайдаг уу? Тэд тулгарсан нөхцөл байдал дахь хүмүүс, үйл явдал, зүйлсээр дамжуулан Бурханы санаа зорилго, Бурханы шаардлага, эсвэл тухайн нөхцөл байдалд хэрэгжүүлбэл зохих үнэн-зарчмыг эрж хайдаг уу? Тэд тэгдэггүй. Нөхцөл байдалтай тулгарах үедээ тэд “тэр үйл явдал ямар байсан”, эсвэл “тэр хүн ямархуу хүн бэ” гэдгийг судлах хандлагатай байдаг. Энэ ямар зан авир вэ? Энэ нь хүмүүсийн ихэвчлэн ярьдгаар хүмүүс, асуудалтай цуцалтгүй зууралдах явдал биш гэж үү? Тэд хүмүүсийн зөвтгөх шалтгаан, үйл явдлын өрнөлийн талаар маргалдаж, эдгээр зүйлийг тодруулна гэж зүтгэдэг боловч эдгээр ээдрээтэй нөхцөл байдлын үйл явцын аль хэсэгт нь үнэнийг эрж хайж, үнэнийг ойлгож, гэгээрэл авснаа дурддаггүй. Тэдэнд ийм туршлага, хэрэгжүүлэлтийн арга барил байдаггүй. Тэд зүгээр л: “Тэр асуудал дээр чи намайг зориуд онилсон нь тодорхой, чи намайг доромжилж байсан. Намайг тийм тэнэг болохоор мэдэхгүй гэж бодоо юу? Чи яагаад намайг доромжилно гэж? Би чамайг гомдоосон юм байхгүй; чи яагаад намайг oнилнo гэж? Чи намайг онилж байгаа юм чинь би зүгээр суухгүй! Удаан хугацаанд би чамд тэвчээртэй хандсан боловч миний тэвчээрт хязгаар бий. Намайг дээрэлхэхэд амархан гэж бүү бод; би чамаас айхгүй!” гэж хэлсээр байдаг. Тэд эдгээр асуудалтай зууралдаж, өөрсдийн зөвтгөх шалтгааныг тасралтгүй дэвшүүлж, асуудлын зөв буруу, алдаатай, алдаагүйн талаар үргэлж ярьдаг боловч зөвтгөх шалтгаан гэх зүйл нь үнэнтэй огт нийцдэггүй бөгөөд ганц ч үг нь Бурханы шаардлагад нийцдэггүй. Тэд хүмүүс, үйл явдал, зүйлсийн талаар үргэлж ярьдаг тул бусад хүн бүрэн залхаж, хэн ч тэднийг сонсохыг хүсдэггүй, гэтэл тэд өөрсдөө эдгээр зүйлийн талаар ярихаас хэзээ ч залхдаггүй, хаа явсан газраа чөтгөрт эзэмдүүлсэн мэт энэ тухай ярьдаг. Үүнийг хүмүүс, асуудалтай цуцалтгүй зууралдах, зүгээр л үнэнийг эрж хайхаас татгалзах гэж нэрлэдэг. Бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалддаг хүмүүсийн хоёр дахь онцлог шинж нь хүмүүс, асуудалтай цуцалтгүй зууралдах онцгой дуртай байдал юм. Хүмүүс, асуудалтай цуцалтгүй зууралддаг хүмүүс үнэнийг хайрладаг уу? (Үгүй.) Тэд үнэнийг хайрладаггүй, энэ нь илэрхий байдаг. Тэгвэл ийм хүмүүс үнэнийг ойлгодог уу? Тэд Бурханы ярьдаг үнэн үнэндээ юу болохыг мэддэг үү? Хүмүүс, асуудалтай цуцалтгүй зууралддаг гадаад зан авираас нь дүгнэвэл тэд үнэндээ үнэн гэж юу болохыг мэддэг үү? Тэд мэдэхгүй нь тодорхой байна. Тэдний шүтэн биширдэг үзэл санаа юу вэ? Энэ нь хэний үг хамгийн үндэслэлтэй байна, тэр хүний зөв, хэний үйлдэл хэтрүүлэгтэй бөгөөд хүн бүрийн өмнө дэлгэж болохоор байна, тэр хүний зөв, мөн хэн ёс суртахуун, ёс зүй, уламжлалт соёлын дагуу үйлдэж, олонхын сайшаалыг хүртэж байна, тэр хүний зөв гэсэн үзэл санаа юм. Тэдний үзлээр бол энэ “зөв” нь үнэнийг төлөөлдөг тул тэд хүмүүс, асуудалтай маш ичгүүргүйгээр, цуцалтгүй зууралдаж чаддаг бөгөөд эдгээр асуудлын талаар удтал ярихаа хэзээ ч больдоггүй. Тэд зөвтгөхүйц байна гэдэг нь үнэнийг эзэмшихтэй тэнцэнэ гэж итгэдэг—энэ нь маш балагтай биш гэж үү? Зарим хүн “Би чуулганы ажилд саад болж, үймүүлээгүй, би бусдыг завшдаггүй, бусдаас хулгайлах дургүй, би дээрэлхүү биш; би ёрын муу хүн биш” гэж хэлдэг. Энэ нь чи үнэнийг хэрэгжүүлдэг, үнэнийг эзэмшдэг хүн гэсэн санаа юу? Хүмүүс, асуудалтай цуцалтгүй зууралддаг хүмүүсийн дийлэнх хэсэг нь өөрсдийгөө шулуун шударга хүн тул цуу ярианд санаа зовох хэрэггүй гэж итгэдэг бөгөөд өөрсдийгөө бусдад хэзээ ч зусардахгүй, төлөв, нэр төртэй хүн гэж үздэг. Тиймээс нөхцөл байдалтай тулгарах үедээ тэд маргалдаж, мэтгэлцэх хандлагатай байдаг бөгөөд эдгээр аргаар зөвтгөх шалтгаанаа зөв гэдгийг батлах гэж зүтгэдэг. Хэрвээ зөвтгөх шалтгаан нь үндэслэлтэй, түүнийгээ ил тод гаргаж тавьж болохоор байвал, мөн олонх нь санал нийлж байвал өөрсдийгөө үнэнийг эзэмшдэг хүн гэж тэд итгэдэг. Тэдний “үнэн” гэж юу вэ? Үүнийг ямар стандартаар хэмждэг вэ? Ийм хүмүүс үнэнийг ойлгож чадна гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Тиймээс тэд үргэлж хүмүүс, асуудалтай цуцалтгүй зууралдаж, тэдгээрийн талаар зөрүүдлэн удтал ярьсаар байдаг. Энэ хүмүүс үнэнийг ойлгодоггүй, тиймээс тэд үргэлж “Би чамайг гомдоогоогүй. Чи яагаад намайг байнга онилоод байгаа юм бэ? Намайг онилж байгаа чинь буруу!” гэж хэлдэг. Тэд “Би чамайг гомдоогоогүй юм чинь чи надад ингэж хандах ёсгүй. Чи надад ингэж хандаж байгаа болохоор би чамаас хариугаа авна, би өшөөгөө авна, миний өшөө авч байгаа нь хууль ёсоор өөрийгөө хамгаалж буй хэрэг, энэ бол хууль ёсны зүйл. Энэ бол үнэн-зарчим. Тиймээс чиний хийж байгаа зүйл үнэн-зарчимтай нийцэхгүй байна, харин миний хийж байгаа зүйл нийцэж байна. Тиймээс би энэ асуудалтай зууралдана, би энэ асуудлыг үргэлж сөхөж тавина, чамайг үргэлж дурдах болно!” гэж итгэдэг. Тэд хүмүүс, асуудалтай цуцалтгүй зууралдах нь үнэн-зарчимтай нийцдэг гэж итгэдэг боловч энэ нь маш том алдаа биш гэж үү? Энэ бол үнэхээр маш том алдаа бөгөөд тэд төөрөлдөж байна. Хүмүүс, асуудалтай цуцалтгүй зууралдах нь үнэнийг хэрэгжүүлэхээс тэс өөр хэрэг юм. Энэ бол энэ хүмүүсийн хүн чанартай холбоотой хоёр дахь асуудал юм—тэд хүмүүс, асуудалтай цуцалтгүй зууралддаг. Хүн чанарын асуудал юутай холбоотой вэ? Тэдгээр нь хүний уг чанартай холбоотой биш гэж үү? Энэ хүмүүс Бурханд олон жил итгэсэн боловч үнэнийг ойлгодоггүй; тэд ил тод, шулуун шударга байх, илэн далангүй, нээлттэй байх, шулуухан бөгөөд төлөв байх гэх мэт өөрсдийн мэддэг нэр томьёог биеэ авч явах үндэс суурь гэж боддог бөгөөд эдгээр зүйлийг үнэн-зарчим гэж үздэг. Энэ бол маш буруу үзэл бодол юм.

Бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалдах хандлагатай хүмүүс хэвийн бус хүн чанартай байдаг. Үүний эхний тал нь зөв буруугийн талаар маргалдах дуртай байдал; хоёр дахь нь хүмүүс, юмстай цуцалтгүй зууралдах явдал юм. Гурав дахь тал нь юу вэ? Үнэнийг хүлээн авахаас бүрэн татгалздаг явдал биш гэж үү? Тэд ганц ч зөв мэдэгдлийг хүлээн авч чаддаггүй. Тэд “Чиний хэлж буй зүйл зөв байсан ч чи миний нэр нүүрийг бодож, эвлэгхэн ярьж, намайг шархлуулахгүй байх хэрэгтэй. Хэрвээ чиний үг хурц байж, намайг эвгүй байдалд оруулж болзошгүй бол чи надад ганцаарчлан хэлэх ёстой. Миний бардам занг бодолцохгүйгээр, энэ ичгүүртэй байдлаас гарах арга зам үлдээлгүйгээр олон хүний өмнө намайг шархлуулах ёсгүй. Тэгээд ч чиний хэлж буй зүйл буруу, тиймээс би хариуг чинь өгөх ёстой!” гэж боддог. Илүү ноцтой тохиолдолд ийм төрлийн хүмүүс эсэргүүцэж: “Чиний үг хэчнээн зөв байсан ч би хүлээн авахгүй! Чи өөр хэний ч тухай ярьж болно, харин намайг онилж болохгүй, чиний зөв байсан ч хамаагүй!” гэдэг. Тэд Бурханы үгийг уншиж байхдаа ч гэсэн, хэрвээ Бурханы үг өөрсдийг нь онилж, ил болгож байгааг мэдэрвэл тэр үгэнд зэвүүцэж, сонсох хүсэлгүй байдаг—тэд зөвхөн Бурханы үгтэй нүүр тулж байгаа болохоор л Түүнтэй маргалдаж чаддаггүй хэрэг. Хэрвээ хэн нэгэн тэдний асуудал юм уу байдлыг нүүрэн дээр нь хэлбэл, эсвэл тэднийг онилох санаагүйгээр санамсаргүй дурдвал тэд хариугаа авч, аман тулаан өдөөж чаддаг. Энэ нь ийм хүмүүс үнэнийг хүлээн авахаас эрс татгалздаг гэсэн үг биш үү? (Тийм.) Энэ бол тэдний хүн чанар-мөн чанар—үнэнийг хүлээн авахаас эрс татгалзаж буй хэрэг юм. Тиймээс аман тулааных нь агуулга юу болох, хаана болж байгаагаас үл хамааран ийм хүмүүсийн хүн чанар тодорхой байдаг. Тэд үнэнийг ойлгодоггүй, номлолын үеэр ярьж буй зүйлийг ойлголоо ч үнэнийг хүлээн авдаггүй; тэд бие бие рүүгээ дайрч, тасралтгүй хэл амаар тулалдсаар байдаг, эсвэл бусдыг дайрах хандлагатай байдаг. Илрэлээс нь дүгнэвэл тэд ямар төрлийн хүмүүс вэ? Нэгдүгээрт, тэд үнэнийг хайрлагчид мөн үү? Тэд үнэнийг ойлгох үедээ хэрэгжүүлж чаддаг хүмүүс мөн үү? (Биш.) Тэд асуудлыг олж мэдэх үедээ шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чаддаг уу? (Үгүй.) Тэд бусад хүний талаар үзэл, атгаг сэжиг, хувийн санал бодол өвөрлөх үедээ үнэнийг эрж хайхын тулд тэдгээрийг санаачилгаараа хойш тавьж чаддаг уу? (Үгүй.) Тэд эдгээрийн алийг нь ч хийж чаддаггүй. Чаддаггүй бүх зүйлийг нь харахад бусдыг дайрах, хэл амаар тулалдах хандлагатай бүх хүн өөдгүй хүмүүс гэдэг нь илэрхий байна. Төрөл бүрийн илрэлээс нь дүгнэвэл, тэд үнэнийг хайрладаггүй, эрж хайх хүсэлгүй байдаг. Үнэнтэй холбоотой асуудал дээр тэд ямар ч өрөөсгөл хандлага, буруу үзэл бодолтой болсон бай, өөрсдийгөө зөвтгөсөн хэвээр үлдэж, үнэнийг огт эрж хайдаггүй бөгөөд хэн нэгэн тэдэнд үнэнийг тодорхой нөхөрлөсөн ч хүлээн авахаас татгалздаг, хэрэгжүүлэх хүсэл бүр ч байдаггүй. Үүний зэрэгцээ энэ хүмүүс бүр ч жигшүүртэй илрэл гаргадаг: Тэд зарим бичиг үсэг, хоосон сургаалыг ойлгож авсныхаа дараа өөрсдийн ойлгосон тэр сүржин хоосон сургаалыг ашиглан бусдыг дур зоргоороо дайрч, шүүж, ялладаг, тэр ч бүү хэл бусдыг хазаарлаж, хянадаг. Хэрвээ тэд шүүлт, яллалтаараа чамайг эрхшээлдээ оруулж чадахгүй бол хоосон онолоор чамайг хазаарлах бүхий л аргыг бодож олно. Хэрвээ чи бууж өгөхгүй хэвээр байвал тэд чамайг бууж өгтөл, сул дорой, сөрөг болтол, эсвэл тэднийг биширч, тэдний арганд ортол чинь чам руу дайрахын тулд бүр ч жигшмээр, аймшигтай арга хэрэглэнэ—тэгээд тэд сэтгэл ханана. Тэгвэл энэ хүмүүсийн зан авир, илрэл, үнэнд хандах хандлагад нь үндэслэн үзвэл тэд ямар хүмүүс вэ? Тэд үнэнийг хүлээн авахаас эрс татгалздаг—энэ бол үнэнд хандах тэдний хандлага юм. Тэгвэл хүн чанар нь ямар вэ? Энэ хүмүүсийн дийлэнх нь ёрын муу хүмүүс; даруухнаар хэлэхэд 90 гаруй хувь нь тийм байдаг. Ёрын муу хүмүүс асуудал бүр дээр зөв бурууг тодруулах дуртай байдаг, эс бөгөөс тэд зүгээр өнгөрөөдөггүй бөгөөд үргэлж ингэх хандлагатай байдаг. Үүнээс гадна, нөхцөл байдалтай тулгарах үедээ ёрын муу хүмүүс хүмүүс, юмсын талаар удтал ярьж, тэдгээртэй цуцалтгүй зууралддаг, үргэлж өөрсдийн зөвтгөх шалтгааныг гаргаж тавьж, өөрсөдтэйгөө санал нэгдүүлж, дэмжүүлэх, өөрсдийнх нь зөв гэж хүн бүрээр хэлүүлэхийг үргэлж хичээдэг бөгөөд өөрсдийнх нь талаар муу зүйл хэлэхийг хэнд ч зөвшөөрдөггүй. Түүнчлэн ёрын муу хүмүүс нөхцөл байдалтай тулгарах үедээ хүмүүсийг хорьж, хянах боломжийг үргэлж хайдаг. Тэд хүмүүсийг хянахын тулд ямар арга ашигладаг вэ? Тэд хүн бүрийг яллаж, бусад бүх хүнд өөрсдийгөө хангалтгүй, асуудал, алдаа дутагдалтай, энэ ёрын муу хүмүүсээс дор гэж итгүүлдэг, үүний дараа ёрын муу хүмүүс баярлаж, сэтгэл хангалуун болдог. Тэд бусад бүх хүнийг цохиж унагаад, ганцаараа зогсож үлдмэгц хүн бүрийг хяналтдаа оруулсан хэрэг биш үү? Хүмүүсийг хянаснаар хүрдэг зорилго нь хүн бүрийг яллаж, цохиж унагах, хүн бүрд өөрсдийгөө чадваргүй гэж итгүүлэх, сөрөг, сул дорой болгох, Бурханы үг болон үнэнд итгэх итгэлээ алдахад хүргэх, мөн Бурханд итгэх итгэлээ алдаж, дагах замгүй болгох явдал юм—үүний дараа энэ ёрын муу хүмүүс жаргалтай, сэтгэл хангалуун байдаг. Эдгээр талыг харахад ийм төрлийн хүмүүсийн дийлэнхийг нь ёрын муу хүмүүс бүрдүүлж байгаа нь тодорхой биш байна гэж үү? Бүлэг дотор байхдаа нүүрэн дээр нь юм уу ар хударгаар нь, янз бүрийн аргаар үргэлж бусдыг дайрах хандлагатай байдаг хүмүүс ямар төрлийн хүмүүс болохыг хар—ийм хүмүүс бол ёрын муу хүмүүс юм. Энэ хүмүүс үнэнийг огт хүлээн авдаггүй, үнэнийг нөхөрлөдөг ч үгүй, тэд байнга нөхцөл байдлыг ашиглан өөрсдийгөө сайн хүн, хийдэг бүхэн нь зөвтгөхүйц, үндэслэлтэй, мөн шулуун шударга, ил тод байдлаар биеэ авч явдаг гэж гайхуулдаг—тэд өөрсдийгөө төлөв, нэр төртэй хүн, шулуухан бөгөөд шударга хүн гэж үргэлж сайрхдаг. Энэ хүмүүс хэзээ ч үнэнийг гэрчилдэггүй, Бурханы үгийг ч гэрчилдэггүй, тэд зүгээр л хүмүүс, юмстай цуцалтгүй зууралдаж, өөрсдийн зөвтгөх шалтгааныг гаргаж тавих дуртай байдаг. Тэдний санаа, зорилго нь өөрсдийгөө сайн хүн, бүхнийг ойлгодог гэж хүмүүст итгүүлэх явдал юм. Чуулганд байнга бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалддаг хүмүүсийн тухайд, дайралтыг эхлүүлсэн хүмүүс үү, эсвэл дайралтад өртсөн хүмүүс үү гэдгээс үл хамааран, хэрвээ чуулганы амьдралд саад болж, үймүүлбэл ихэнх хүн босож, тэдэнд анхааруулга өгч, хязгаарлах ёстой. Энэ хүмүүст дураараа авирлаж, мууг үйлдэх цаг өгөх ёсгүй, мөн хувийн өс хонзон, түр зуурын уур хилэнгээсээ болж хувийн хорслоо тайлж, өшөө авах замаар бусдад нөлөөлөхийг нь зөвшөөрөх ёсгүй. Мэдээж чуулганы удирдагчид ч бас үүрэг хариуцлагаа хичээнгүйлэн биелүүлж, энэ хүмүүсийг чуулганы амьдралд саад болж, үймүүлэхээс үр дүнтэй хязгаарлаж, хүмүүсийн олонхийг үймүүлэгдэхээс хамгаалах ёстой. Хүмүүс бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалдах үед чуулганы удирдагчид тэднийг цаг тухайд нь зогсоож, хязгаарлаж чаддаг байх ёстой. Хэрвээ тэднийг зогсоож, хязгаарлах гэж оролдоод асуудал шийдэгдэхгүй, тэд бие бие рүүгээ үргэлжлүүлэн дайрч, хэл амаар тулалдаж, бусдыг үймүүлж, чуулганы амьдралыг сүйтгэсээр байвал ийм хүмүүсийг цэвэрлэх юм уу хөөх ёстой. Энэ бол чуулганы удирдагчдын үүрэг хариуцлага юм.

Бид бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалддаг хүмүүсийн зан авир, илрэлийн талаар нэлээд их нөхөрлөлөө. Бид дөнгөж сая тэдний хүн чанарыг товчхон задлан шинжилж, нөхөрлөсөн нь та нарт тэднийг илүү их ялган таних чадвартай болоход тусална, мөн тэднийг ярьж, үйлдэх үед та нарын ихэнх нь юу болоод байгааг ойлгож, тэднийг цаг тухайд нь ялган таньж чаддаг болгоно. Та нар ийм хүмүүсийн мөн чанарыг хэдий чинээ нэвт шувт ойлгож, мэднэ, төдий чинээ хурдан ялган таньж чадах бөгөөд үр дүнд нь тэд та нарыг үймүүлэх нь улам багасна. Бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалддаг хүмүүсийн чуулганы амьдрал болон Бурханы сонгосон хүмүүст учруулдаг хор хөнөөлийн талаар та нарын ихэнх нь тодорхой мэдэж байгаа байх ёстой. Ийм төрлийн хүмүүс өөрсдийгөө яавч эргэцүүлэхгүй, тэмцэлдэхээ яавч болихгүй. Хэрвээ тэднийг даруй авч хэлэлцэж, цэвэрлэхгүй бол тэд чуулганы амьдралд тасралтгүй саад болж, үймүүлнэ. Тиймээс ийм хүмүүсийг авч хэлэлцэж, цэвэрлэх нь чуулганы удирдагчдын ажлын маш чухал зүйл бөгөөд үүнийг үл тоомсорлож болохгүй.

2021 оны 6 дугаар сарын 5

Өмнөх: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (14)

Дараах: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (16)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх