Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (1)

Яагаад хуурамч удирдагчдыг ялган таних шаардлагатай вэ

Антихристүүдийн янз бүрийн илрэлийн талаарх нөхөрлөлөө бид дууссан болохоор өнөөдөр шинэ сэдвээр—хуурамч удирдагчдын янз бүрийн илрэлийн талаар нөхөрлөе. Бурханд итгэсэн энэ жилүүдэд та нар хуурамч удирдагчдын бүх төрлийн илрэл болон дадал зуршилтай тулгарсан. Бурханы гэр бүх түвшинд хуурамч удирдагчдыг халах явцад ихэнх хүн хуурамч удирдагчдыг тодорхой хэмжээнд ялган таних чадвартай болдог; өөрөөр хэлбэл, ихэнх хүн хуурамч удирдагчдын зарим нэг тодорхой илрэлийн талаар багахан ойлголттой болдог. Гэхдээ хэдий ухамсарлаж, хэчнээн ихийг ойлголоо ч, эцсийн дүндээ энэ нь системтэй биш, хангалттай тодорхой биш байдаг. Чуулганы сонгуулийн үеэр, удирдагчдыг сонгох зарчим, ямар хүнийг удирдагчаар сонгох, ямархуу хүн удирдагчийн хувиар ах, эгч нарыг Бурханы үгийн бодит байдал руу аваачиж чадах, удирдагч болох стандартад нийцэх эсэхийг олон хүн ойлгож чаддаггүй. Тэд эдгээр зүйлийг төдийлөн сайн мэддэггүй, тодорхой ойлгодоггүй. Тэр ч бүү хэл, сонгуулийн үеэр хуурамч удирдагчдыг ил тод сонгодог, үнэхээр удирдагч байх шаардлагыг хангасан, тийм чадвартай, удирдагчийн хэв чанар, хүн чанартай хүнийг хардаггүй мөртөө хуурамч удирдагч шиг хэнийг ч бай сонгодог мунгинасан, ялган таних чадваргүй зарим нэг хүн байдаг. Угийн удирдагч байх хэв чанар, хүн чанаргүй хүмүүс гаднах урам зориг юм уу зарим сайн зан авираасаа болоод, “сайн” байх тухай хүмүүсийн үзэлд нийцдэгээсээ болоод сонгогддог байхад удирдах бүх эрдэм чадлыг үнэндээ эзэмшсэн хүмүүс хэзээ ч сонгогдохгүй. Анхаарлын төвд орохоор чармайдаг, өөрсдийгөө урам зоригтойгоор зарлагаддаг ч ажлын ямар ч чадамжгүй хүмүүс бүхий л газарт үргэлж гарч ирж, тун идэвхтэй харагддаг бөгөөд ийм төрлийн хүн шаардлага хангасан, сонгогдох ёстой гэж ихэнх хүн бодно. Үр дүнд нь, тийм хүмүүс сонгогдсоныхоо дараа ямар ч ажлыг үүрч чаддаггүй. Тэд Дээрхийн ажлын зохицуулалтыг ч хэрэгжүүлж чаддаггүй, яаж хэрэгжүүлэхээ ч мэддэггүй. Хэдий тэд маш урам зоригтойгоор өөрсдийгөө үргэлж завгүй байлгадаг ч хэсэг хугацаанд удирдсаны дараа чуулганы ажил огтхон ч сайжирдагүй, багахан ч ахиц дэвшил гардаггүй бөгөөд ёрын муу хүмүүс үймүүлж, эрх мэдлийг булаан авсны улмаас чуулганы ажил эмх замбараагүй болох юм уу хүмүүс хагаралдах нөхцөл байдал ихэвчлэн үүсдэг. Энэ нь хуурамч удирдагчдын ажлаас бий болсон үр дагавар юм. Хуурамч удирдагч нь сонгогдсоныхоо дараа ах, эгч нарын амь-оролтод нөлөөлж, хохирол учруулахын зэрэгцээ чуулганы ажлын янз бүрийн зүйлд сөргөөр нөлөөлнө, ингэснээр сайн мэдээ түгээх ажил саадгүй, үр дүнтэй явагдаж чадахгүй. Энэ нь нэг талаар хуурамч удирдагчаас өөрөөс нь болсон асуудал боловч нөгөө талаар бас түүнийг сонгосон хүмүүстэй холбоотой. Хэрвээ чи үнэн-зарчмыг ойлгодоггүй, ялган таних чадваргүй, харалган, хүмүүсийг нэвт харж чаддаггүйгээсээ болоод эцэст нь хуурамч удирдагчийг сонговол өөрийгөө болон бусдыг хорлоод зогсохгүй, чуулганы ажлыг ч бас хохироодог. Энэ нь Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролт болон чуулганы ажилд хуурамч удирдагчдын учруулдаг үр нөлөө, хор хохирол юм. Тиймээс бид хуурамч удирдагчдын янз бүрийн илрэлийг ялган таньж, тоочих ёстой бөгөөд үүний үндсэн дээр Би та нарт стандартад нийцсэн удирдагч ямар зан авир гаргах ёстой, ямар ажил хийх ёстой, хариуцлагынх нь цар хүрээ яг юу болохыг ойлгуулна. Хуурамч удирдагчдыг ялган таних сэдэв нь чуулганы ажил, Бурханы сонгосон хүн нэг бүрийн амь-оролт, ялангуяа үүрэг болгоны ахиц дэвшлийг хөнддөг учраас асар чухал юм. Зарим хүн: “Сонгуульд нэр дэвших санаа надад байхгүй, удирдагч юм уу ажилчин болох амбиц, хүсэл ч надад байхгүй. Би өөрийгөө мэднэ, жирийн итгэгч байх л надад хангалттай тул үнэн-зарчмын энэ тал надад ямар ч хамаагүй. Хэрвээ би сонсохыг хүсвэл өөрийнхөө амь-оролт болон авралын тухай зүйл сонсоно. Хуурамч удирдагчдын янз бүрийн илрэл болон үүнтэй холбоотой үнэн нь миний өөрийн амь-оролтод хамаагүй учраас би сонсох шаардлагагүй, эсвэл хайхрамжгүй, хэнэггүй сонсоод, нухацтай хандахгүйгээр зүгээр л хэлбэрдээд өнгөрөөж болно” гэж хэлж магадгүй. Ингэх нь сайн хандлага мөн үү? (Үгүй, биш.) Зарим нь: “Би ямар ч амбицгүй, удирдагч болохыг хүсдэггүй. Хүүхэд байхаас л албан тушаалтан болох юм уу бусдаас онцгойрох санаа надад хэзээ ч байгаагүй, зүгээр л ердийн, эгэл жирийн нэгэн байх дуртай. Би Бурханд итгэж эхэлсэн мөчөөсөө л дагагч байхыг хүссэн. Би бусдын тушаалыг дагах дуртай, тэдний хий гэсэн болгоныг хийдэг. Ийм хүн байх хэчнээн энгийн гээч! Би зүгээр л санаа зовж, ачаа үүрэхийг хүсдэггүй эгэл хүн, тиймээс ийм зүйлийг сонсох шаардлагагүй, сонсохыг ч хүсэхгүй байна” гэж хэлдэг. Ийм үзэл бодол зөв үү, буруу юу? (Буруу.) Юу нь буруу вэ? (Хэдий тэд удирдагч байхыг хүсдэггүй ч үнэний энэ талыг ойлгохгүй, хуурамч удирдагчдыг ялган таньж чадахгүй бол сонгуулийн үеэр хуурамч удирдагчийг сонгох магадлалтай, тэр нь чуулганы ажил, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод нөлөөлнө.) Энэ бол нэг тал нь. Өөр байна уу? (Хуурамч удирдагчдын асуудал хүн нэг бүрд байдаг бөгөөд бид өөрсдийгөө шалгаж, эргэцүүлж, ойлгох ёстой.) (Хэрвээ бид хуурамч удирдагчдыг ялган таньж чадахгүй бол тэднээс болж төөрөлдөх үедээ ч тэрийгээ мэдэхгүй бөгөөд бидний амь хохирно.) (Иймэрхүү үзэл бодол нь үнэнийг эрэлхийлдэггүйн илрэл. Бурханы гэрт удирдагч байх нь амбицтай байх, дэлхий ертөнцөд албан тушаалтан байхыг хүсэхтэй адилгүй. Удирдагч байх нь үнэнийг илүү сайн эрэлхийлж, чуулганы ажлын төлөө ачаа үүрч, Бурханы санаа зорилгыг харгалзан үзэх явдал юм. Энэ нь үнэний төлөө чармайж буй хэрэг.) (Бурханы сонгосон хүмүүсийн нэг болохын хувьд бид хуурамч удирдагчдыг мэдээлэх үүрэг, хариуцлагатай. Хэрвээ бид хуурамч удирдагчдыг ялган таньж чадахгүй бол хуурамч удирдагчид эрх мэдэл өгч, чуулганы ажилд нөлөөлж болзошгүй.) Хэдэн талыг ярив? (Таван тал.) Энэ таван тал дор бүрнээ зөв, нэлээд оновчтой байна. Миний сая дурдсан хүмүүсийн үзэл бодолд үндэслэн энэ асуудлын мөн чанарыг задлан шинжилбэл үндсэндээ ийм таван тал бий. Удирдагч байхыг хүсэх эсэхээс үл хамааран Бурханы сонгосон хүний хувиар чи удирдагч, ажилчдыг хянах чиг үүрэг гүйцэтгэх ёстой. Бурханы гэр бол чиний ч гэр бөгөөд удирдагч бол жижигхэн гэрийн үйлчлэгчтэй адилхан. Хэрвээ тэд сайн удирдаж чадахгүй бол чамд ч бас нөлөөлж, чамайг татан оролцуулах учраас тэдний бүх ажлыг хянах хүлээсэн үүрэг, хариуцлагатай.

Удирдагч, ажилчдын арван таван хариуцлагын тойм

Хуурамч удирдагчдыг ялган таних хэцүү биш, учир нь ийм төрлийн хүн чуулганд цөөнгүй бий; тэд чуулганы удирдагчид, чуулганы ажил оршин тогтносон цагаас хойш л оршсоор ирсэн. Тэдний хэв чанар, ухамсарлах чадвар, ёс жудаг, сонгосон зам нь бүгд олон тодорхой илрэлтэй байдаг. Эдгээр тодорхой илрэлийг задлан шинжлэхээсээ өмнө бид эхлээд удирдагч, ажилчдын хариуцлага юу болох, яг ямар ажил үндсэндээ хамаардаг болохын ойлгох ёстой. Яг энэ ажлыг сайн хийж чаддаг хүмүүс л удирдагч, ажилчдын стандартад нийцдэг; энэ ажлыг хийж чадахгүй хүмүүс бол хуурамч удирдагчид юм. Магадгүй ихэнх хүн хуурамч удирдагчдыг ялган таних арга замгүй хэвээр, үндсэн зарчмуудыг ухан ойлгож чадахгүй, ямар талуудыг ялган таних нь хамгийн чухал болохыг мэдэхгүй байгаа байх. Өнөөдөр хэдүүлээ эхлээд удирдагч, ажилчдын хариуцлага яг юу болох талаар системтэйгээр нөхөрлөж, нэг нэгээр нь жагсаая, тэгвэл хүн бүр тодорхой мэдэж авна. Тэгээд эдгээр зарчмыг ойлгосны дараа удирдагч, ажилчдыг дахин сонгох үедээ яг яаж сонгох, сонгогдох зөв хүн нь яг хэн болохыг хэмжих нарийн нягт стандарттай болно. Тиймээс эхлээд удирдагч, ажилчдын хариуцлагуудыг жагсаацгаая.

Удирдагч, ажилчдын хариуцлага:

1. Бурханы үгийг идэж, ууж, ойлгож, Бурханы үгийн бодит байдал руу ороход хүмүүсийг хөтлөх.

2. Төрөл бүрийн хүний байдлыг мэддэг болж, бодит амьдралд нь тулгарч байгаа амь-оролттой холбоотой төрөл бүрийн бэрхшээлийг шийдвэрлэх.

3. Үүрэг тус бүрийг зүй ёсоор гүйцэтгэхийн тулд ойлгох ёстой үнэн-зарчмыг нөхөрлөх.

4. Төрөл бүрийн чухал ажлыг хариуцаж байгаа ажилтнууд болон янз бүрийн ажлын зааварлагч нарын нөхцөл байдлыг байнга хянаж, тохиромжгүй хүмүүсийг ашигласнаас үүдэн гарах хохирлоос сэргийлж, хохирлыг багасгаж, ажлын үр бүтээлтэй, жигд ахиц дэвшлийг хангахын тулд шаардлагатай үед үүргийг нь даруй солих юм уу халах.

5. Ажлыг саадгүй явуулахын тулд төрөл бүрийн ажлын байдал болон явцыг байнга цаг тухайд нь ойлгож мэдэх, ажил дээрх асуудлыг даруй шийдвэрлэж, гажуудлыг засаж, дутагдлыг залруулж чаддаг байх.

6. Үнэнийг эрэлхийлдэг хүн бүхэнд сургалтад хамрагдаж, аль болох хурдан үнэн-бодит байдалд орох боломж бүрдүүлэхийн тулд бүх төрлийн мэргэшсэн чадварлаг хүмүүсийг дэвшүүлж, боловсруулах.

7. Өөр өөр төрлийн хүмүүсийг хүн чанар, давуу талд нь үндэслэн ухаалгаар хуваарилж, ашигласнаар хүн бүрийг хамгийн хэрэгтэй газар нь тавих.

8. Ажил дээр тулгарсан төөрөгдөл, бэрхшээлийн талаар даруй мэдээлж, шийдвэрлэхээр эрж хайх.

9. Бурханы гэрийн янз бүрийн ажлын зохицуулалтыг шаардлагынх нь дагуу үнэн зөв мэдээлж, гаргаж, хэрэгжүүлж, удирдамж, хяналт, удирдлагаар хангаж, хэрэгжилтийнх төлөв байдлыг хянаж, шавдуулж, шалгаж, үргэлжлүүлэн мөрдөх.

10. Бурханы гэрийн төрөл бүрийн эд зүйлсийг (ном, төрөл бүрийн хэрэгсэл, хоол хүнс гэх мэт) зүй ёсоор хамгаалж, ухаалгаар хуваарилж, эвдрэл гэмтэл, үргүй зардлыг бууруулахын тулд тогтмол үзлэг шалгалт, техник үйлчилгээ, засвар хийх; түүнчлэн ёрын муу хүмүүс тэдгээрийг эзэмшихээс сэргийлэх.

11. Ялангуяа тахилыг системтэйгээр бүртгэж, тоолж, хамгаалах ажилд стандартад нийцсэн хүн чанартай, найдвартай хүмүүсийг сонгох; үрэлгэн байдал, үргүй зардал, мөн үндэслэлгүй зардлын тохиолдлуудыг даруй илрүүлж чаддаг байхын тулд орлого, зарлагыг тогтмол нягталж, шалгах—иймэрхүү зүйлийг эцэс болгож, үндэслэлтэй нөхөн төлбөр шаардах; дээр нь нэмээд, тахил муу хүмүүсийн гарт орж, тэдний эзэмшилд очихоос бүхий л аргаар сэргийлэх.

12. Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсыг даруй, үнэн зөв олж илрүүлэх; тэдгээрийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэх; түүнчлэн, Бурханы сонгосон хүмүүсийг тийм зүйлсийг ялган таних чадвартай, тэдгээрээс суралцдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх.

13. Бурханы сонгосон хүмүүсийг антихристийн үймээн, төөрөгдөл, хяналт, хор хөнөөлөөс хамгаалж, тэднийг антихристийг ялган таньж, зүрх сэтгэлээсээ авч хаядаг болгох.

14. Бүх төрлийн ёрын муу хүмүүс болон антихристүүдийг даруй ялган таньж, дараа нь цэвэрлэж, хөөх.

15. Бүх төрлийн чухал ажилтнуудыг хамгаалж, гадаад ертөнцийн хөндлөнгийн нөлөөнөөс халхавчлан, ажлын янз бүрийн чухал зүйлсийг эмх цэгцтэй байдлаар явуулж чаддаг байлгахын тулд аюулгүй байдлыг нь хангах.

Удирдагч, ажилчдын хариуцлагуудыг нийт арван таван зүйл болгон нэгтгэн дүгнэсэн бөгөөд эдгээрт үндэслэн нөхөрлөе. Эхлээд энэ арван таван зүйл дэх даалгавар тус бүрийг харцгаая. Эхний гурав нь хүмүүс үнэнийг ойлгох болон амь-оролтын асуудлыг хөнддөг. Энэ бол удирдагч, ажилчдын хийх ёстой хамгийн үндсэн ажил бөгөөд гол ангиллуудын нэг юм. Удирдагч, ажилчны хувиар хамгийн наад зах нь чи эдгээр ажлыг хийж чаддаг, иймэрхүү хэв чанартай, ийм ачаа үүрдэг, ийм хариуцлагыг үүрч чаддаг байх ёстой. Эдгээр нь чамд байх ёстой хамгийн үндсэн зүйлс юм. Удирдагч, ажилчид Бурханы үгийг нөхөрлөж чаддаг, тэндээс хэрэгжүүлэлтийн замыг олж, Бурханы үгийг ойлгоход нь хүмүүсийг залж чиглүүлж, бодит амьдралд Бурханы үгийг туулж, Бурханы үгэнд ороход нь хүмүүсийг залж чиглүүлж чаддаг байх ёстой, мөн Бурханы үгийг бодит амьдралд авчирч, тэдгээрийг ашиглан бодит амьдрал дээр болон үүргээ гүйцэтгэх явцад тулгарсан элдэв янзын асуудал, бэрхшээлийг шийдвэрлэж чаддаг байх ёстой. Хэрвээ Бурханы сонгосон хүмүүст удирдагч юм уу ажилчны шийдвэрлэх шаардлагатай асуудал тулгарсан ч удирдагч юм уу ажилчин үнэнийг ашиглан асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол тэрхүү удирдагч, ажилчин нэмэргүй, хамгийн наад захын ажлыг ч хийж чадахгүй. Ийм удирдагч, ажилчин стандартад нийцдэггүй. Дөрөв, тав дахь зүйлс нь чуулганы ажлын янз бүрийн зүйлс, тэр ажлын зааварлагчидтай холбоотой. Хэрвээ удирдагч, ажилчид зааварлагчдад зохих ёсоор хяналт тавихгүй бол чуулганы ажил эмх замбараагүй болж, ёрын муу хүмүүс үймүүлж, энэ нь ажлын үр дүн, ахиц дэвшилд нөлөөлж, ажил саатахад ч хүрч магадгүй. Тиймээс дөрөв, тав дахь даалгавар нь стандартад нийцсэн удирдагчийн сайн хийх ёстой даалгавар юм. Зургаа, долоо дахь зүйлс нь бүх төрлийн хүмүүсийг дэвшүүлж, боловсруулж, ашиглах талаар хөнддөг. Хүмүүсийг ашиглах зарчим нь хүн бүрийг хамгийн сайн ашиглах явдал бөгөөд хүн чанар нь стандартад нийцэж, Бурханы гэрийн шаардсан стандартыг хангаж чадаж л байгаа бол төрөл бүрийн хүмүүс үүргээ гүйцэтгэж чадна. Өөрөөр хэлбэл, бүх төрлийн хүмүүст тохирсон үүргээ гүйцэтгэж чаддаг байх боломж олгох явдал; тохирохгүй зүйл хийлгэхээр хүмүүсийг албадах гэж оролдох шаардлагагүй, хүн уг даалгаварт тохирсон, сайн хийж чаддаг, чадамгай байхад л хангалттай. Үүнээс гадна зарим даалгавар техникийн, мэргэжлийн талуудыг хамардаг бөгөөд зарим хүн үүнийг сайн хийдэг байж болох ч үнэндээ энэ чиглэлээр ямар ч ажил хийж байгаагүй, холбогдох зарчмыг ч ойлгодоггүй. Ийм хүмүүсийн хувьд хэрвээ тэд Бурханы гэрт дэвшүүлж, боловсруулах стандартыг хангаж байвал тэдэнд боломж олгож, дэвшүүлж, боловсруулах ёстой, ингэснээр тэд суралцаж чадна. Ийм маягаар Бурханы гэрийн янз бүрийн даалгаврыг гүйцэтгэхэд тохирсон бүр ч олон хүн байх бөгөөд чуулганд янз бүрийн даалгавар гүйцэтгэх хүмүүс хэрэгтэй болоход хэзээ ч сул орон тоо гарахгүй. Эдгээр нь хүмүүсийг дэвшүүлж, боловсруулах болон хүмүүсийг ашиглах хоёр талын асуудал юм. Найм, есийг харцгаая: Энэ хоёр зүйл нь удирдагч, ажилчдын ажилд хандах хандлагыг хөнддөг, өөрөөр хэлбэл, тэд Бурханы шаардлага болон Бурханы гэрийн зохицуулалтад хандахдаа, ажилд нь хүндрэл бэрхшээл тулгарах явцад хариуцлагаа биелүүлж, үнэнч байж, сайн ажиллах чадвартай эсэхийг хөнддөг. Арав, арван нэг дэх зүйл нь тахил болон Бурханы гэрийн бүх төрлийн эзэмшилд хандах зарчмыг хөнддөг. Нэг талаар энэ хоёр зүйл нь хүмүүсийн хэв чанар, ажлын чадамж, нөгөө талаар хүн чанарын асуудал, хүн үнэнч зантай эсэх, үүргээ гүйцэтгэж чадах эсэхийг хөнддөг. Дараа нь, чуулганд тохиолддог зарим онцгой нөхцөл байдал—жишээлбэл, чуулганы хэвийн амьдралд хэн нэгэн саад болж, үймүүлж, тасалдуулахтай холбоотой арван хоёр, арван гурав, арван дөрөв дэх зүйлийг харцгаая. Мэдээж, хамгийн ноцтой нь цэвэрлэгдэж, хөөгдөх ёстой антихристүүд юм уу бусад төрлийн хүмүүс гарч ирдэг явдал юм. Иймэрхүү хүмүүст яаж хандах, ямар зарчмаар хандах нь ч бас удирдагч, ажилчдын хариуцлагын цар хүрээнд багтдаг ажил билээ. Асуудлыг даруй олж илрүүлж чаддаг байх, хэн нэгэн саад учруулж, үймүүлж байгааг олж мэдээд даруйхан зогсоож, зохицуулж, шийдвэрлэж чаддаг байх, чуулганы ажил болон чуулганы амьдралыг тасалдуулахгүй байх—эдгээр нь энэ гурван зүйлийн хөнддөг асуудлууд юм. Сүүлийн зүйл нь бүх төрлийн чухал ажилтны хувийн аюулгүй байдлын асуудал, түүнчлэн бүх төрлийн чухал ажилд баталгаа гаргаж болох эсэх асуудлыг хөнддөг. Ажилтан аюулгүй байх үед ажилд ахиц гарч чадна, харин ажилтны аюулгүй байдалд асуудал, далд аюул учирвал ажил явагдаж чадах эсэх нь асуудалтай болно. Нийт хэдэн гол ангилал байгааг эргээд харцгаая. Нэг, хоёр, гурав дахь зүйл нь хүний амь-оролт хэмээх эхний ангилалд хамаарна. Дөрөв, тав дахь нь чуулганы ажлын янз бүрийн зүйлс болон ажлын тэдгээр зүйлсийн зааварлагчид гэсэн хоёр дахь ангилалд хамаарна. Зургаа, долоо дахь нь бүх төрлийн хүмүүсийг ашиглаж, боловсруулж, дэвшүүлэх гэсэн гурав дахь ангилалд хамаарна. Найм, ес дэх нь Бурханы гэрийн ажлын зохицуулалт болон ажлын хүндрэл бэрхшээл хэмээх дөрөв дэх ангилалд хамаарна. Арав, арван нэг дэх нь тахил болон Бурханы гэрийн эзэмшилтав дахь ангилалд хамаарна. Арван хоёр, арван гурав, арван дөрөв дэх нь чуулганд тохиолддог онцгой орчин нөхцөл хэмээх зургаа дахь ангилалд хамаарна. Арван тав дахь нь чуулганы чухал ажил болон ажилтны аюулгүй байдал гэх долоо дахь ангилалд хамаарна. Нийтдээ арван таван зүйлийг агуулсан долоон ангилал бий. Энэ долоон ангилал нь удирдагч, ажилчдын хариуцлагын цар хүрээнд байдаг, ажлынх нь нэг хэсэг юм. Удирдагч, ажилчны хувиар чиний ажлын хамгийн үндсэн даалгавар бол энэ долоон ангилал бөгөөд энэ долоон ангилал нь удирдагч, ажилчинд тавьдаг Бурханы гэрийн шаардлагын цар хүрээ билээ. Хэрвээ бид удирдагч сайн ажил хийж чадах эсэх, удирдагчийн хэв чанартай эсэх, удирдагчийн стандартад нийцэх эсэхийг хэмжихийг хүсвэл энэ долоон ангиллыг ашиглах ёстой. Үүнийг ойлгосны дараа энэ долоон гол ангилалд үндэслэн бид хуурамч удирдагчдын илрэл болон онцгой дадал зуршлууд, мөн удирдагчаар ажиллах хугацаандаа тэдний хийсэн ямар зүйл хуурамч удирдагч, стандартад нийцдэг нэгэн биш гэдгийг нь нотолдгийг нэг нэгээр нь нөхөрлөж, задлан шинжилнэ. Энэ долоон ангиллын дагуу хэмжих үед тэнд шийдвэрлэх нотолгоонууд байдаг бөгөөд энэ нь харьцангуй шударга, үндэслэлтэй юм. Надад хэл дээ, бид энэ долоон ангиллыг нэг нэгээр нь нөхөрлөх үү, эсвэл арван таван зүйлийн талаар нөхөрлөх үү? Аль нь дээр вэ? (Арван таван зүйлийн талаар нэг нэгээр нь нөхөрлөх.) Ингэвэл та нарын дур сонирхолд тохирно—илүү дэлгэрэнгүй байх тусмаа сайн, тийм үү? Одоо тэгвэл хуурамч удирдагчдын янз бүрийн илрэлийн талаарх нөхөрлөлөө албан ёсоор эхлүүлцгээе.

Нэгдүгээр зүйл: Бурханы үгийг идэж, ууж, ойлгож, Бурханы үгийн бодит байдал руу ороход хүмүүсийг хөтлөх

Хуурамч удирдагчид хэв чанаргүй, Бурханы үгийг ухамсарлах чадваргүй байдаг

Хуурамч удирдагч гэж юу вэ? Мэдээж энэ нь бодитой ажил хийж чаддаггүй, удирдагчийн хувиар үүргээ биелүүлдэггүй хүн. Тэд ямар нэг бодитой, нэн чухал ажил хийдэггүй; зарим нэг ерөнхий хэрэг явдал, өнгөц түвшний зарим даалгавар, амь-оролт юм уу үнэнтэй ямар ч хамаагүй зүйлд л санаа тавьдаг. Тэд ийм ажил хэчнээн их хийлээ гээд, энэ нь ямар ч ач холбогдолгүй. Тийм учраас ийм удирдагчдыг хуурамч гэж тодорхойлдог. Тэгвэл хуурамч удирдагчийг яг яаж ялган таних вэ? Одоо задлан шинжилж эхэлцгээе. Удирдагч юм уу ажилчны эхний хариуцлага нь бусдыг Бурханы үгийг идэж, уухад нь хөтөлж, бусад хүн үнэнийг ойлгож, үнэн-бодит байдалд орохуйц байдлаар үнэний талаар нөхөрлөх явдал гэдгийг юун түрүүнд тодорхой болгох ёстой. Энэ нь удирдагчийг жинхэнэ үү, хуурамч уу гэдгийг шалгах хамгийн чухал шалгуур юм. Тэд Бурханы үгийг идэж, уухад бусдыг хөтөлж чадах эсэхийг, мөн асуудлыг шийдвэрлэхдээ үнэнийг ашиглаж чадах эсэхийг нь хар. Удирдагч, ажилчны хэв чанарыг, Бурханы үгийг ухамсарлах чадварыг нь шалгах, Бурханы сонгосон хүмүүсийг үнэн-бодит байдалд ороход нь хөтөлж чадах эсэхийг нь шалгах цорын ганц шалгуур энэ юм. Хэрвээ удирдагч юм уу ажилчин Бурханы үгийг хольцгүйгээр ухамсарлаж, үнэнийг ойлгож чадахгүй бол Бурханд итгэх итгэлийн талаар хүмүүст байдаг үзэл, төсөөллийг Бурханы үгийн дагуу шийдвэрлэж, Бурханы ажлын бодит байдлыг ойлгоход нь хүмүүст туслах ёстой. Тэд бас Бурханы сонгосон хүмүүст тулгарсан бодитой бэрхшээлийг, ялангуяа итгэлдээ баримталдаг эндүү ташаа үзэл бодол, аль эсвэл үүргээ гүйцэтгэх талаарх буруу ойлголтыг нь Бурханы үгийн дагуу шийдвэрлэх ёстой. Тэд бас хүмүүст өөр өөр шалгалт, зовлон тулгарах үед гарч ирдэг асуудлуудыг шийдвэрлэхэд Бурханы үгийг ашиглан, Бурханы сонгосон хүмүүсийг үнэнийг ойлгож, хэрэгжүүлэх, Бурханы үгийн бодит байдалд ороход нь удирдан чиглүүлж чаддаг байх ёстой. Үүний зэрэгцээ тэд Бурханы үгэнд илчилсэн завхарсан байдлуудад үндэслэн хүмүүсийн янз бүрийн завхарсан зан чанарыг задлан шинжлэх ёстой, ингэснээр Бурханы сонгосон хүмүүс эдгээрийн аль нь өөрсдөд нь хамаатайг харж, өөрсдийгөө мэддэг болж, Сатаныг үзэн ядаж, Сатанаас урваж, улмаар энэ нь Бурханы сонгосон хүмүүст гэрчлэлдээ бат зогсох, Сатаныг ялах, элдэв янзын шалгалт дунд Бурханд алдрыг өгөх боломж олгоно. Энэ нь удирдагч, ажилчдын хийх ёстой ажил юм. Энэ бол чуулганы хамгийн үндсэн, шийдвэрлэх, нэн чухал ажил билээ. Удирдагчаар ажиллаж буй хүмүүс Бурханы үгийг ухамсарлах чадвартай, үнэнийг ойлгох хэв чанартай бол Бурханы үгийг ойлгож, Бурханы үгийн бодит байдалд орж чадахаар үл барам, бас удирдаж буй хүмүүсээ Бурханы үгийг ойлгох, Бурханы үгийн бодит байдалд ороход нь залж чиглүүлж, удирдаж, тусалж чадна. Гэхдээ Бурханы үгийг ухамсарлах, үнэнийг ойлгох хэв чанар нь яг нарийндаа хуурамч удирдагчдад байдаггүй зүйл юм. Тэд Бурханы үгийг ойлгодоггүй, Бурханы үгээр ил болсон, өөр өөр орчин нөхцөлд хүмүүсийн гаргадаг завхарсан зан чанарыг, ямар байдлаасБурханыг эсэргүүцэх эсэргүүцэл, гомдол, урвалт урган гардаг гэх мэтийг мэддэггүй. Хуурамч удирдагчид өөрсдийгөө эргэцүүлж, Бурханы үгийг өөрсөдтэйгөө холбож чаддаггүй, зүгээр л Бурханы үгийн шууд утгаас багахан хоосон сургаал, цөөн хэдэн дүрэм журмыг л ойлгодог. Тэд бусадтай нөхөрлөх үедээ ердөө Бурханы зарим үгийг л цээжээр яриад, дараа нь шууд утгыг нь тайлбарладаг. Ингэснийгээ тэд үнэнийг нөхөрлөж, бодитой ажил хийж байна гэж боддог. Хэрвээ хэн нэгэн Бурханы үгийг өөрсөд шиг нь уншиж, цээжээр ярьж чаддаг бол тэд түүнийг үнэнийг хайрлаж, ойлгодог хүн гэж бодно. Хуурамч удирдагч Бурханы үгийн шууд утгыг л ойлгодог; тэд үндсэндээ Бурханы үгийн үнэнийг ойлгодоггүй, тиймээс Бурханы үгийн талаарх туршлагын мэдлэгийнхээ талаар ярьж чаддаггүй. Хуурамч удирдагчдад Бурханы үгийг ухамсарлах чадвар байхгүй; тэд Бурханы үгийн өнгөц утгыг л ойлгож чаддаг мөртөө энийгээ Бурханы үгийг ухамсарлаж, үнэнийг ойлгож байгаа хэрэг гэж боддог. Өдөр тутмын амьдралдаа бусдад зөвлөгөө өгч, туслахдаа тэд үргэлж Бурханы үгийг шууд утгаар нь тайлбарлаж, ингэх нь ажил хийж байгаа хэрэг, Бурханы үгийг идэж, ууж, Бурханы үгийн бодит байдалд ороход нь хүмүүсийг хөтөлж байгаа хэрэг гэж боддог. Үнэндээ хуурамч удирдагчид ийм маягаар Бурханы үгийн талаар үргэлж бусадтай нөхөрлөдөг хэдий ч өчүүхэн төдий ч бодитой асуудлыг шийдвэрлэж чаддаггүй бөгөөд Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж чадалгүй үлддэг. Тэд цуглаанд хэчнээн их оролцож, Бурханы үгийг идэж, уулаа ч гэсэн үнэнийг ойлгодоггүй, амь-оролтгүй хэвээр байдаг, тэдний хэн нь ч туршлагын мэдлэгийнхээ талаар ярьж чаддаггүй. Чуулганд ёрын муу хүмүүс, үл итгэгчид үймээн тарьж байсан ч гэсэн, хэн ч тэднийг ялган таньж чаддаггүй. Хуурамч удирдагч үл итгэгч юм уу ёрын муу хүн үймээн үүсгэж байгааг хараад ялган таньж чаддаггүй, харин тэднийг хайрлаж, сургамжилж, тэдэнд хүлээцтэй, тэвчээртэй хандахыг бусдаас шаардаж, чуулганд үймээн тарьсаар байхад нь энэ хүмүүсийг өөгшүүлдэг. Энэ нь чуулганы ажлын зүйл бүрийг нэлээд үр дүнгүй болоход хүргэдэг. Энэ бол хуурамч удирдагч бодитой ажил хийж чадаагүйн үр дагавар юм. Хуурамч удирдагчид үнэнийг ашиглан асуудлыг шийдвэрлэж чаддаггүй нь тэдэнд үнэн-бодит байдал байдаггүй гэдгийг харуулахад хангалттай. Тэд ярихдаа зүгээр л бичиг үсэг, хоосон сургаал чалчдаг бөгөөд хүмүүсийг хэрэгжүүл гэж хэлдэг бүхэн нь хоосон сургаал, дүрэм журам л байдаг. Жишээлбэл, хүн Бурханы талаар буруу ойлголттой болох үед хуурамч удирдагч түүнд “Бурханы үг энэ бүхнийг аль эрт хамарсан: Бурхан юу ч хийлээ гэсэн, хүнийг аврахын төлөө байдаг, энэ бол хайр. Бурханы үг хэчнээн тодорхой, хэчнээн ойлгомжтой болохыг хар. Чи яаж Бурханыг буруугаар ойлгосоор байж чаддаг байна аа?” гэж хэлнэ. Хуурамч удирдагчид хүмүүст иймэрхүү заавар өгдөг. Тэд хүмүүсийг ятгахын тулд бичиг үсэг, хоосон сургаал чалчиж, тэднийг хазаарлаж, дүрэм журам мөрдүүлдэг. Ингэх нь өчүүхэн төдий ч үр дүнгүй, ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Хуурамч удирдагчид хүмүүсийг залж чиглүүлэхдээ бичиг үсэг, хоосон сургаал ярьж л чадах бөгөөд хоосон сургаал ярьж чадна гэдэг нь үнэн-бодит байдалд орсон гэсэн үг гэж бодоход хүмүүсийг хүргэдэг. Гэсэн ч бэрхшээл тохиолдох үед тэд хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй, ямар ч замгүй байдаг ба ойлгосон бүх бичиг үсэг, хоосон сургаал нь талаар болдог. Энэ нь юуг харуулдаг вэ? Хоосон сургаалыг ойлгох ямар ч хэрэггүй, үнэ цэнгүй гэдгийг харуулдаг. Хуурамч удирдагчид зөвхөн хоосон сургаалыг л ойлгодог. Тэд асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэний талаар нөхөрлөж чадахгүй; үйлдэл нь зарчимгүй байдаг ба амьдралдаа тэд өөрсдийнхөө сайн гэж үздэг зарим дүрэм журмыг л дагадаг. Тийм хүмүүст үнэн-бодит байдал байдаггүй. Тийм учраас хуурамч удирдагчид хүмүүсийг Бурханы үгийг идэж, уухад нь хөтлөх үед жинхэнэ үр нөлөө гардаггүй. Тэд хүмүүст Бурханы үгийг шууд утгаар нь ойлгуулж л чадах бөгөөд Бурханы үгээс гэгээрэл олж авах, эсвэл ямар төрлийн завхарсан зан чанартайгаа ойлгоход нь хүмүүст тусалж чадахгүй. Хуурамч удирдагчид хүмүүсийн байдал юу болохыг, ямарваа нөхцөл байдалтай тулгараад хүмүүс ямар зан чанар-мөн чанар харуулдгийг, энэ эндүү ташаа байдал, завхарсан зан чанарыг шийдвэрлэхийн тулд Бурханы аль үгийг ашиглах ёстойг, тэдгээрийн талаар Бурханы үгэнд юу гэж хэлсэн байдгийг, Бурханы үгийн шаардлага, зарчим, дотор нь байгаа үнэнийг ойлгодоггүй. Хуурамч удирдагчид энэ үнэн-бодит байдлаас юу ч ойлгодоггүй. Тэд зүгээр л хүмүүст зөвлөж, “Бурханы үгийг илүү их идэж, уу. Бурханы үгэнд үнэн бий. Бурханы үгийг илүү их уншихаараа чи ойлгоно. Заримыг нь ойлгохгүй бол чи зүгээр л илүү их залбирч, эрж хайж, тунгаан бодох ёстой” гэж хэлдэг. Тэд хүмүүст ингэж зөвлөдөг ба ингэснээрээ асуудал шийдвэрлэж чаддаггүй. Хэнд асуудал тулгараад, тэднийг хайж ирэх нь хамаагүй, тэд адилхан зүйл хэлдэг. Дараа нь, тэр хүн өөрийгөө мэдэхгүй хэвээр, үнэнийг ойлгохгүй хэвээр байдаг. Тэд өөрсдийнхөө бодитой асуудлыг шийдвэрлэж чадахгүй, Бурханы үгийг хэрхэн хэрэгжүүлэх ёстойгоо ойлгохгүй, Бурханы үгийн шууд утга, дүрэм журмыг л баримтална. Бурханы үгийг хэрэгжүүлэх үнэн-зарчим, ямар бодит байдалд орох ёстой тухайд тэд ойлгохгүй хэвээр байдаг. Хуурамч удирдагчдын ажлаас ийм л зүйл гардаг: ганц ч бодитой үр дүн байдаггүй.

Ариун хүний ёс жаягаар даруухан, аятайхан хувцаслахыг Бурхан хүмүүсээс шаарддаг. “Ариун хүний ёс жаягаар даруухан, аятайхан”—нийт зургаан үг байгаа ч ямар утгатайг нь та нар ойлгож байна уу? (Хоосон сургаалын үүднээс Бурхан хүмүүсээс ариун хүний ёс жаягаар даруухан, аятайхан хувцаслахыг шаарддаг гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа ч хувцас өмсөхдөө юуг даруухан эсвэл аятайхан гэж хэмжихээ мэддэггүй.) Энэ нь үнэнийг ойлгосон эсэх асуудлыг хөнддөг. Хэрвээ үүнийг хэмжиж мэдэхгүй бол Бурханы үгийг ойлгодоггүй гэдгийг чинь энэ нь нотолж байна. Тэгвэл Бурханы үгийг ойлгох гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурханы ярьдаг даруухан, аятайхан байдлын шалгуурыг, нэн ялангуяа хувцасны өнгө, хэв маягийг ойлгоно гэсэн үг. Ямар өнгө болон хэв маяг нь даруухан, аятайхан бэ? Үнэнийг ухамсарлах чадвартай хүмүүс бол юу нь даруухан, аятайхан, юу нь этгээд хачин бэ гэдгийг мэддэг. Хэдийгээр зарим хувцас даруухан, аятайхан боловч хуучинсаг загвартай байдаг. Бурхан хуучинсаг загвартай зүйлд дургүй, хуучны хэв загварыг дуурайхыг, эсвэл хоёр нүүрт фарисай бол гэж хүмүүсээс Тэр шаарддаггүй. Бурханы хэлдэг “даруухан, аятайхан” гэдэг нь хэвийн хүний төрхтэй, эрхэмсэг, цэмцгэр, зэрэг зиндаатай харагдахыг хэлдэг. Бурхан хүмүүсээс этгээд хачин хувцас өмсөхийг шаарддаггүй, гуйлгачин шиг ноорхой хувцаслахыг ч шаарддаггүй, харин ариун хүний ёс жаягаар даруухан, аятайхан хувцаслахыг шаарддаг. Хэвийн хүмүүс ингэж ухамсарладаг. Гэхдээ үүнийг сонсоод хуурамч удирдагч баярлан догдолж, “Бурханы үг бидэнд яаж хувцаслах хэм хэмжээг өглөө. ‘Ариун хүний ёс жаягаар даруухан, аятайхан’—бид энэ зургаан үгийг л баримтлах юм бол Бурханыг алдаршуулна, Бурханыг шившиглэхгүй бөгөөд шүтлэггүй хүмүүсийн дунд өндрөөр үнэлэгдсэн хүмүүс болно. Тэгвэл даруухан, аятайхан гэж юу вэ? Хүний төрхтэйгөөр ярьж, үйлдэх ёстой, ариун хүний ёс жаягтай байх ёстой гэсэн үг. Ариун хүмүүсийн тухай ярихдаа бид ерөнхийдөө эртний ариун хүмүүсийг хэлдэг. Бид ариун хүний ёс жаягтай байхыг хүсвэл эртний ариун хүмүүсийн хэв маягийг дуурайх ёстой, гэхдээ эртний хувцас өмсөөд явбал хүмүүс чамайг галзуу гэж бодно. Ингэх нь Бурханыг хүндлэх зарчимтай нийцдэггүй, гэхдээ сүүлийн үед ариун хүмүүсийн өмсөж байсан хувцасны талаар зарим нэг нотлох баримт байх л ёстой, тэрийг бид хайж олж болно. Хэдэн арван жилийн өмнө нийгмийн орчин илүү дээр байсан. Хүмүүс илүү энгийн байж, илүү хуучинсаг байдлаар, зөв зохистой хувцасладаг байлаа. Чи энэ стандартын дагуу хувцаславал даруухан, аятайхан, ариун хүний ёс жаягтай байна. Энэ бол хэрэгжүүлэлтийн зам юм” гэж хэлдэг. 1970, 1980-аад оны хүмүүс цагаан цамц, хөх өмд өмсдөг байсныг олж мэдээд тэрээр ах эгч нарт “Би Бурханы үгээс гэрэл харлаа. 70, 80-аад оны хүмүүс нэлээд зохистой, энгийн хувцас өмсдөг байж. Тэднийг эрхэм хүндтэй гэж хэлж болохгүй ч Бурханы үгийн шаардлагатай илүү нийцэж байх шиг байна, тиймээс хэдүүлээ энэ стандартын дагуу хувцаслацгаая” гэв. Тэр удирдагч манлайлан тийм хувцас өмсөж, хүн бүр үүнийг сайхан харагдаж байна, нэлээд аятайхан, энгийн юм гэж бодно. Удирдагч: “Бурхан этгээд хачин хувцас өмсөж болохгүй гэсэн. Юун түрүүнд цамцныхаа товчийг хоолойгоо хүртэл зөв товчлох ёстой, ханцуйн бүх товчийг ч бас товчлох ёстой. Бугуйгаа гаргаж болохгүй, цамцаа өмдөн дотроо хийх ёстой, нүцгэн цээж, нуруугаа гаргахгүйгээр бүх юмаа сайн халхлах ёстой. Энэ хэчнээн даруухан, аятайхан болохыг харж байна уу! Энэ нь Бурханы шаардсанчлан даруухан, аятайхан биш гэж үү, ариун хүний ёс жаягтай нийцэж байгаа бус уу?” гэж хэлнэ. Удирдагч яг тэр мөчид өмсөж байгаа хувцсаа ихэд таашаахын сацуу бусдаас “Та нарын хувцас хэтэрхий орчин үеийн, дэндүү загварлаг юм. Энэ чинь Бурханыг шившиглэж байна, Бурханд таалагдахгүй. Бүгд хурдхан миний өмсөж байгаа хувцсыг өмс, яг л над шиг бай!” хэмээн шаардана. Ялган таних чадваргүй хүмүүс даган дуурайж, ариун хүний ёс жаягт таарах даруухан, аятайхан гэгддэг хувцас олж өмсөх бөгөөд ихэнх хүн үүнийг сайн зүйл гэж хүртэл бодно. Гэхдээ зарим хүн эдгээр хуучинсаг зүйлийг зүрх сэтгэлдээ жигшиж, ингэх нь зохисгүй, Бурханы үгийг ингэж ойлгох нь гажуудал гэж үзэж байв. Энэ хүмүүс удирдагчийн үгэнд орох нь зөв, буруу гэдгийг тодорхой хэлж чадахгүй, дүгнэлт хийж зүрхлэхгүй байсан хэр нь олон нийтийг сохроор дагахгүй байхыг уриалж байв. Тэд удирдагчийн хэлсэн зүйл бүхэлдээ зөв биш гэж үзээд, дагаагүй. Бурханыг үгийг ухамсарлах чадваргүй, Бурханы үгийг өөрсдөө уншаагүй, тэнэг мангуу хүмүүс л хуурамч удирдагчийн хэлсэн юм бүхнийг дагаж, хий гэж хэлсэн болгоныг, яаж хий гэснээр нь хийжээ. Тэд хуурамч удирдагчийг дагаж, түүнийг дуурайж, гадагш гарахдаа адилхан хувцаслаж байлаа. Тэд гадагш гарч олны дунд орох бүрдээ нэлээд баярлан хөөрч, “Бид Төгс Хүчит Бурханд итгэдэг, миний хувцаслалтад ариун хүний ёс жаяг ихээхэн бий. Та нар юу өмсөө вэ? Хэчнээн содон, ямар орчин үеийн, ямар муухай юм бэ! Биднийг хар, бид юугаа ч ил гаргаагүй!” хэмээн боддог байв. Тэд өөрсдийгөө гайхалтай гэж бодно. Хуурамч удирдагч Бурханы үгийг буруу тайлбарласнаа ухаарч чадаагүйгээр үл барам үнэндээ өөрийгөө Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы үгийн бодит байдалд орж байна гэж бодсон. Хуурамч удирдагчид ингэдэг. Хүмүүсийн хувьд ойлгоход хамгийн энгийн, хамгийн амархан Бурханы шаардлагын хувьд ч гэсэн хуурамч удирдагчид Бурханы үг юуг хэлж байгааг, Бурханы үгийн шаарддаг стандарт юм уу зарчмыг үнэндээ ойлгож чаддаггүй. Тэгвэл тэд хүн төрөлхтний завхарсан зан чанарын талаар, хүний бүх төрлийн байдлын талаар Бурханы хэлсэн зүйлийг ойлгож чадах уу? Энд ямар үнэн байгааг тэд яг мэдэж чадах уу? Мэдээж үгүй.

Хуурамч удирдагчид Бурханы үгийг ухамсарлах чадваргүй; тэд ердөө л Бурханы үгийн шууд утгаас Бурхан юу хэлснийг мэддэг боловч Бурханы үг ямар үнэнийг илэрхийлдэг, Бурхан хүмүүсээс юу шаарддаг, эсвэл хүмүүс ямар үнэн-зарчмыг ойлгох ёстойг ойлгодоггүй. Тиймээс тэд Бурханы үгийн талаар нөхөрлөх үедээ зүгээр л жаахан үгчилсэн тайлбар хийж, хүмүүст дагаж мөрдөх зарим нэг дүрэм журам, хэм хэмжээг өгч, өөрсдөө ч бас Бурханы үгийг ойлгодог, ажил хийсэн гэдгээ нотлохын тулд тэрийгээ ашигладаг. Зарим хуурамч удирдагч Бурханы үг хэдийнээсээ тодорхой, хүмүүс л Бурханыг үгийг идэж, ууж, хүчин чармайлт гаргаж чаддаггүй гэж хүртэл боддог. Хүн бүрийн гарт Бурханы үгийн ном байгааг хараад Бурханы үгийг идэж уухад хүмүүсийг удирдан чиглүүлэх нь илүүц хэрэг гэж үздэг. Тиймээс тэд цуглааны явцад юм уу үүргээ гүйцэтгэж байхдаа асуудал олж илрүүлбэл хүмүүст Бурханы үгийн зарим хэсгийг сонгож илгээгээд л “Бурханы үгийн энэ хэсгийг унш”; “Бурханы үгийн тэр хэсгийг унш”; эсвэл “Бурханы үгэнд энэ талын тухайд ингэж хэлсэн, тэр талын тухайд тэгж хэлсэн байдаг” гэх мэтийн юм хэлдэг. Тэд хүмүүст Бурханы үгээс сонгосон хэсгүүдийг л илгээгээд, ятгалгын арга ашиглан Бурханы үгийг уншихад хүмүүсийг урамшуулж, ингэх нь Бурханы үгийг идэж, уухад хүмүүсийг хөтөлж, удирдагчийн хариуцлагаа биелүүлж байгаа хэрэг гэж боддог. Эдгээр үгийг хараад хүмүүс “Би ч бас Бурханы энэ үгийг уншсан; энэ үгийг надад зориулж олж өгөх чинь илүүц биш үү?” гэдэг. Харин хуурамч удирдагч “Би энэ үгийг чамд явуулаагүй бол энэ үг аль бүлэгт, аль хуудсан дээр байдгийг чи олж чадахгүй. Бурхан энэ үгийг ямар нөхцөл байдалд хэлснийг ч чи мэдэхгүй. Удирдагчийн хувиар би энэ хариуцлагыг үүрч, хэдийд ч, хаана ч чамд Бурханы үгийг илгээх ёстой” гэж боддог. Зарим хуурамч удирдагч, ажилдаа үнэнч зангаа болон хүмүүсийг Бурханы үгийн бодит байдал руу хөтлөх шийдэмгий байдлаа харуулахын тулд бялхсан хайрандаа хэн нэгэнд Бурханы үгийн арваас хорин хэсгийг ч нэг өдөрт илгээдэг. Бурханы эдгээр үгийг хүмүүст илгээсэн ч тэдний асуудал шийдвэрлэгддэг үү? Тэд удирдагчийн үүрэг ролийг гүйцэтгэдэг үү? Ихэнхдээ тэд энэ үүрэг ролийг гүйцэтгэдэггүй, учир нь хэрвээ хүмүүс эдгээр үгийг өөрсдөө ойлгож чаддаг бол тэдэнд удирдагч хэрэггүй байх болно. Үнэндээ Бурханы үгийг үргэлж уншдаг хүмүүс хуурамч удирдагчдын илгээсэн Бурханы үгийн хэсгүүдийг сайн мэддэг, гэхдээ хүмүүст юу дутаж байдаг вэ? Тэдний бэрхшээл, асуудал юу вэ? Эдгээр үнэнтэй хамаатай асуудлуудын тухайд бол, хүндрэл бэрхшээлтэй тулгараад хүмүүс эдгээр асуудлын мөн чанарыг нэвт харж чаддаггүй, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд хаанаас эхлэхээ мэддэггүй, эдгээр үнэнд хэрхэн орохоо мэддэггүй—хуурамч удирдагчид ч бас мэддэггүй. Тэгвэл тэд энэ асуудал дээр хариуцлагаа биелүүлсэн үү? Тэд удирдлагын ажилдаа чадварлаг уу? Мэдээж, тэд энэ хариуцлагаа биелүүлээгүй. Жишээ нь, хүмүүс Бурханы үгээс үнэнч шударга хүн байх тухай унших үед хуурамч удирдагч Бурханы үгийг яаж идэж, уухаа мэдэхгүй, үнэнийг ухамсарлаж, ойлгох хэв чанаргүй учраас “Бурханы шаардлага өндөр биш. Бурхан биднээс үнэнч шударга хүмүүс байхыг шаарддаг, үнэнч шударга байх гэдэг нь үнэнийг хэлнэ гэсэн утгатай. Бурханы үгэнд ‘Үг чинь за бол за, үгүй бол үгүй байг’ (Матай 5:37) гээд бүгдийг нь хэлчихсэн биш үү? Бурханы үг хэчнээн тодорхой гээч! Зүгээр л зүрх сэтгэлдээ бодож байгаа бүхнийг хэл; энэ хэчнээн энгийн гээч! Яагаад чи үүнийг хийж чаддаггүй юм бэ? Бурханы үг бол үнэн, бид үүнийг хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлэхгүй байх нь тэрсэлж буй хэрэг, Өөрийнх нь эсрэг тэрсэлдэг хүмүүсийг Бурхан авардаг уу? Авардаггүй” гэж хэлнэ. Энийг сонсоод хүмүүс: “Таны хэлдэг бүхэн үнэн боловч бид яаж үнэнч шударга хүмүүс байхаа мэдэхгүй л байна. Учир нь санаандгүйгээр, эсвэл өөр ямар ч сонголтгүй болох үедээ хүн худлаа хэлэх нь олонтаа, тэгэх нь ардаа шалтгаантай байдаг. Үүнийг яаж шийдвэрлэх ёстой вэ?” гэж хариулдаг. Хуурамч удирдагч юу гэх бол? “Энийг зохицуулахад амархан биш үү? Бурханы үгэнд тодорхой хэлээгүй гэж үү? Үнэнч шударга хүн байх гэдэг нь зүгээр л хүүхэд байхтай адилхан; хэчнээн энгийн гээч! Чи хэдэн ч настай байсан яг л хүүхэд шиг байж чадахгүй гэж үү? Хүүхдүүд яаж авирладгийг л хар.” Тэгэхэд нь үүнийг сонссон хүн: “Хүүхдийн үндсэн зан авир нь гэнэн цайлган, сэргэлэн цовоо байж, ийш тийш үсчиж, томоогүй авирлаж, олон зүйлийг ойлгохгүй байх явдал. Удирдагч ингэж хэлсэн юм чинь би ингэх ёстой юм байна” гэж бодлогоширдог. Маргааш нь, гуч дөчөөд настай энэ хүн үсээ хоёр хувааж сүлжээд, ягаан тууз, үсний хавчаар зүүж, ягаан цамц, гутал, оймс өмсөөд, тэр чигтээ ягаан өнгөөр хувцаслажээ. Үүнийг хараад уг удирдагч “Зөв шүү! Хүүхэд шиг алхаж, үсэрч харай. Хүүхэд шиг хорон санаагүй нүдээр, нүүрэндээ инээмсэглэл тодруулан илүү гэнэн цайлган ярь—ингэх нь хүүхдийн төрх байдалд буцаж орж байгаа хэрэг биш гэж үү? Энэ бол үнэнч шударга хүний биеэ авч явах байдал!” гэж хэлдэг. Удирдагч тун сэтгэл хангалуун байхад бусад нь үүнийг мунхаг, хэвийн бус зан авир гэж үздэг. Энэ хуурамч удирдагч асуудлыг шийдвэрлэж чадаагүйгээр үл барам бас үнэн-зарчмыг яаж эрж хайхаа огт мэдэлгүй, хүмүүсийг утгагүй зам руу хөтөлсөн. Үнэнч шударга хүн байх тухай хамгийн энгийн үнэнийг ч хуурамч удирдагч яаж зөв, цэвэр ухамсарлахаа мэддэггүй, дүрэм журмыг сохроор хэрэглэж, сонссон хүмүүсийн дургүйцлийг төрүүлэхүйц байдлаар ихэд мушгин гуйвуулж ухамсарладаг. Хуурамч удирдагчдын хийдэг зүйл энэ.

Хуурамч удирдагчид Бурханы үгийг элдэв янзын байдлаар ухамсарлаж, янз бүрийн этгээд, жигтэй сонин үзэл бодол гаргаж ирдэг. Тэд бас Бурханы үгийг хэрэгжүүлж, дагаж буй далбаа намируулж, өөрсдийнх нь ойлголтыг хүлээн авч, даган мөрдөхийг бусдаас шаарддаг. Товчхондоо, энэ хуурамч удирдагчид шиг хүмүүс Бурханы үгийн талаар үргэлж өнгөцхөн, гажууд ойлголттой байдаг. Сүнслэг нэр томьёо ашиглан үүнийг тодорхойлбол бид тэднийг “сүнслэг ойлголтгүй” гэж хэлнэ. Бурханы үгийн талаарх тэдний ойлголт гажууд байдгаар үл барам бас эдгээр гажууд хоосон сургаал, дүрэм журмыг яг л өөрсөд шиг нь дагахыг бусдаас үргэлж шаарддаг. Үүний зэрэгцээ тэд үнэнийг цэврээр ухамсарладаг хүмүүсийг яллахад өөрсдийн гажууд ойлголтыг ашигладаг. Сүнслэг ойлголтгүй энэ хуурамч удирдагчид антихристүүд шиг Бурханы үгийг шинжиж, нягталдаггүй. Гаднаас нь харахад тэд идэж, ууж, хүлээн авах хүлцэнгүй хандлагаар Бурханы үгэнд ханддаг юм шиг байдаг. Гэхдээ дорд хэв чанартай, Бурханы үгийг ухамсарлах чадваргүйн улмаас тэд Бурханы үгийг сурах бичиг мэт үзэж, Бурханы үг нь “нэг дээр нэгийг нэмбэл хоёр, хоёр дээр хоёрыг нэмбэл дөрөв” гэх логикыг дагадаг гэж боддог. Тэд Бурханы үг бол үнэн гэдгийг мэддэггүй бөгөөд Бурханы үгийн бодит байдалд орохын тулд хүн Бурханы үгэнд хэлсэн үнэн юуг хэлж байгааг, эдгээр үнэнд ямар янз бүрийн байдал, агуулга багтдагийг ойлгох ёстой. Бусад хүн Бурханы үгийг маш тодорхой, бодит байдлаар ухамсарлах үед тэд үүнийг өнгөцхөн, сонсох хэрэггүй гэж үзээд, “Би бүгдийг нь ойлгодог, бүхнийг мэддэг. Чиний ярьж байгаа зүйлийг Бурханы үгэнд аль хэдийн тодорхой тайлбарласан, чи энийг хэлэх ямар хэрэгтэй юм бэ?” гэдэг. Үнэндээ бусад хүмүүсийн ярьж байгаа зүйл Бурханы үгэн дэх үнэнтэй холбоотой тодорхой агуулгыг хамардгийг тэд мэддэггүй. Энэ хуурамч удирдагчид сүнслэг ойлголтгүй, Бурханы үгийг ухамсарлах чадваргүй учраас бүх үнэн бараг адилхан, үнэний хөнддөг асуудлуудын хооронд тодорхой ялгаа байхгүй гэж боддог; эдгээр зүйлийн талаар эцэс төгсгөлгүй ярьдаг ч гэсэн тэдгээр нь бүгд үндсэндээ адилхан асуудал гэж тэд үздэг. Энэ итгэл үнэмшил нь ноцтой асуудлыг илтгэдэг бөгөөд ийм хүмүүс үнэнийг хэзээ ч ойлгохгүй байх тавилантай.

Хуурамч удирдагчид хүмүүсийг үнэн-бодит байдал руу хөтөлж чадахгүй

Тэгвэл Бурханы үндсэн гол үгийн талаар аль хэдийн тодорхой туршлагатай болж, тэдгээрт орсон, зарим нэг үнэн-бодит байдалтай, сайн хэв чанартай, ухамсарлах чадвартай хүмүүс байдаг ч тэдэнд илүү нарийн удирдамж, удирдлага хэрэгтэй байдаг, ингэснээр тэдний оролт илүү сайн, илүү дэлгэрэнгүй болж чадна. Зөвхөн хуурамч удирдагчид л үнэний тодорхой нарийн ширийн нь юуг хэлж байгааг, эсвэл яагаад ингэж хэлснийг ойлгож чаддаггүй бөгөөд юмыг дэмий л төвөгтэй болгож, үгээр тоглож буй хэрэг гэж боддог. Тэд үнэнд хамаатай янз бүрийн талыг хэрхэн ухамсарлаж, туулж мэдрэхээ ойлгодоггүй, мэддэггүй. Тиймээс удирдагч болсныхоо дараа тэдний хийж чадах зүйл нь ердөө л нийтлэг нөхөрлөдөг Бурханы үгийг идэж, уухад хүмүүсийг хөтөлж, дараа нь зарим нэг хоосон сургаалын талаар ярьж, дүрэм журмыг баримтлах хэрэгжүүлэлтийн зарим аргыг нэгтгэн дүгнэх явдал бөгөөд тэдгээрээс хүмүүсийн олж авдаг зүйл нь ердөө л зарим нэг өнгөцхөн сүнслэг нэр томьёо, нийтлэг яригддаг бичиг үсэг, хоосон сургаал, дүрэм журам, уриа лоозон юм. Шинэ итгэгчдийн хувьд бол хуурамч удирдагчдын номлол нь ганц хоёр жилдээ бараг хангалттай байж болох ч нэг юм уу хоёр жилийн дараа зарим үнэнийг ойлгож авсан хүмүүс хуурамч удирдагчдын цогц үг яриа, арга замыг ялган таньж эхэлнэ. Үндсэндээ ухамсарлах чадваргүй хүмүүсийн тухайд бол, хуурамч удирдагчид яаж ч номлолоо гэсэн юу ч мэдэрдэггүй, юу ч мэддэггүй бөгөөд энэ удирдагчдын номлож буй зүйл ердөө л бичиг үсэг, хоосон сургаал, ойлгодог зүйл нь зүгээр л хоосон онол, уриа лоозон, дүрэм журам болохоос үнэн огтхон ч биш гэдгийг ухаарч чаддаггүй. Эдгээр илрэлд үндэслэвэл хуурамч удирдагчид “Бурханы үгийг идэж, ууж, ойлгож, Бурханы үгийн бодит байдал руу ороход хүмүүсийг хөтлөх” хариуцлагыг биелүүлж чадах уу? Тэд энэ үүрэг ролийг гүйцэтгэж чадах уу? Тэд хариуцлагаа биелүүлж чадах уу? (Үгүй.) Яагаад чадахгүй гэж? Гол асуудал нь юу вэ? (Тийм хүмүүс сүнслэг ойлголтгүй, үнэнийг ухамсарлаж чаддаггүй.) Тэд сүнслэг ойлголтгүй, үнэнийг ухамсарлаж чадахгүй хэр нь бусдыг удирдахыг хүссээр байдаг—энэ нь туйлын боломжгүй! Хуурамч удирдагчид, Бурханы үгийг ойлгож, Бурханы үгийн бодит байдалд ороход нь хүмүүсийг хөтөлж чадна гэж бодох нь харганын ноос түүж эсгий хийхээр оролдохтой адилхан—энэ бүтэхгүй! Жишээ нь, үнэнч шударга хүн байхыг аваад үзье: Энэ талаарх Бурханы үг нэлээд энгийн, төвөгтэй биш хэдхэн өгүүлбэр л байдаг. Багахан боловсролтой хэн боловч эдгээр үг ямар утгатайг мэднэ. Гэхдээ хуурамч удирдагчид өөрсдийгөө ажил хийх чадвартай, хүмүүсийг удирдаж чадна гэдгээ нотлохын тулд Бурханы үгэнд үндэслэн тайлбарлаж, “Хүмүүсийг үнэнч шударга бай гэдэг Бурханы шаардлагын ач холбогдол юу вэ? Үнэнч шударга хүн байх нь Бурханы хайрладаг зүйл. Шүтлэггүй хүмүүс үнэнч шударга биш, тэд үнэнийг хэлдэггүй, хэлдэг юм нь бүхэлдээ худал яриа, хуурамч үг; хорвоо ертөнц тэр чигтээ худал хуурмагийн том орон. Тиймээс өнөөдөр ирээд Бурханы хүмүүсээс шаарддаг хамгийн эхний зүйл бол үнэнч шударга байх явдал юм. Хэрвээ чи үнэнч шударга хүн биш бол Бурхан чамайг хайрлахгүй; хэрвээ чи үнэнч шударга хүн биш бол аврагдаж чадахгүй, хаанчлалд ч орж чадахгүй; хэрвээ чи үнэнч шударга хүн биш бол үнэнийг хэрэгжүүлж чадахгүй, гарцаагүй ов мэхтэй хүн юм; хэрвээ чи үнэнч шударга хүн биш бол бүтээгдсэн зүйлийн стандартад нийцэхгүй” гэдэг. Одоо та нар хэрхэн үнэнч шударга хүн байхаа ойлгов уу? (Үгүй.) Энэ бүхний дараа ч ойлгомжгүй хэвээр байна. Энийг сонсоод шинээр итгэгчид эдгээр үг нь гойд сайн, шашинд байх хорь гучин жилийн хугацаандаа сонсож байгаагүй зүйл байна гэж санадаг. Зарим нь бүр “Энэ үг хүчтэй, өгүүлбэр бүрд нь ‘Амен’ гэж хэлүүштэй. Энэ номлол үнэхээр сайн, үнэхээр Хаанчлалын эрин үеийн номлол юм аа!” гэж хэлнэ. Тэгэхэд нь хуурамч удирдагчид үргэлжлүүлэн “Бурхан биднээс үнэнч шударга хүмүүс байхыг шаарддаг, тэгвэл бид үнэнч шударга хүмүүс мөн үү?” гэдэг. Зарим нь үүнийг тунгаан бодож, “Бурхан биднээс үнэнч шударга хүмүүс байхыг шаарддаг юм чинь бид хараахан үнэнч шударга хүмүүс биш” гэдэг. Зарим нь чимээгүй дотроо, “Би өөрийгөө нэлээд гэнэн цайлган гэж боддог. Би бусадтай хэзээ ч хэрэлддэггүй, бизнес хийхдээ хэнийг ч хуурч зүрхэлдэггүй. Заримдаа би завшааныг жаахан л ашиглах юм бол шөнө ч унтаж чаддаггүй. Би үнэнч шударга хүн мөн үү? Би өөрийгөө гэнэн цайлган хүн гэж боддог, энэ нь үнэнч шударга хүн байхтай утга нэг биш гэж үү?” хэмээн боддог. Бусад нь “Би угаасаа худлаа хэлж чаддаггүй. Худлаа хэлэх л юм бол миний нүүр улайдаг болохоор би үнэнч шударга хүн байж таарна, тийм үү?” гэдэг. Тэгэхэд хуурамч удирдагчид: “Чи үнэнч шударга хүн мөн эсэхээс үл хамааран, Бурханы үг биднээс үнэнч шударга байхыг шаарддаг тул чи үнэнч шударга хүн байх шаардлагатай. Чи Бурханы үгийн дагуу үйлддэг бол үнэнч шударга хүн мөн. Тэгвэл чи ов мэхтэй байдлаас ангижирч, Сатаны харанхуйн нөлөөний хүлээсээс ангижирна. Үнэнч шударга хүн болмогцоо чи үнэн-бодит байдалд орж, үүргээ гүйцэтгэж чадна, Бурханыг дуулгавартай дагаж чадна” хэмээн нэмж хэлдэг. Одоо та нар яаж үнэнч шударга хүн байхыг ойлгов уу? (Үгүй.) Гэсэн ч зарим хүн баярлаж, “Энэ үг хүчтэй юм. Амен! Өгүүлбэр бүр нь зөв байна. Эдгээрийн аль нь ч Бурханы үгээс шууд гараагүй, харин бүгдийг нь Бурханы үгээс ухамсарласан. Ингэж ухамсарлах нь гайхалтай! Би яагаад энийг ингэж ухамсарлаж чаддаггүй юм бэ? Энэ удирдагч албан тушаалдаа үнэхээр зохицсон, үнэхээр удирдагч байхаар бүтээгдсэн юм аа!” гэдэг. Хэв чанартай, ухаантай хүмүүс энийг сонсоод, тунгаан бодож, “Та үнэнч шударга хүн гэж юу болохыг тайлбарлаагүй. Хүн яг яаж үнэнч шударга хүн байх юм бэ?” гэдэг. Хуурамч удирдагчид үргэлжлүүлэн, “Үнэнч шударга хүн байх гэдэг нь худал хэлэхгүй байх гэсэн үг. Жишээ нь, хэрвээ чи өмнө нь садар самуун үйлдсэн бол Бурханд залбирч, хэдэн удаа, хэнтэй тийм юм хийснээ улай. Хэрвээ чамд Бурханыг харж, Бурханд хүрч чадахгүй гэж санагддаг бол удирдагчид үнэнээ улайж, бүхнийг тодруул. Шулуухан үнэнээ улайх нь үнэнч шударга хүн байхын хамгийн үндсэн шаардлага. Үүнээс гадна, энэ нь зүрх сэтгэлээ уудалж, юунд ч худал хуурмагийг холихгүй байх явдал. Чи аливаа зүйлийн талаар юу бодож байгаа, ямар санаархал тээж байгаа, ямар завхрал илчилдэг, зүрх сэтгэлдээ хэнийг үзэн ядаж, харааж зүхсэн, хэнд хор хөнөөл учруулж, хэний эсрэг явуулга хийхийг хүсдэг—бүгдийг нь тэр хүмүүст улайх ёстой. Ингэснээрээ чи нээлттэй, илэн далангүй болж, гэрэлд амьдарна. Үнэнч шударга хүн байх гэж үүнийг хэлнэ. Үнэнч шударга хүн эгогоо орхих ёстой; тэд зүрх сэтгэлийнхээ хамгийн ёрын муу, хамгийн харанхуй хэсгүүдийг харуулж, задлан шинжилж чаддаг байх ёстой” гэж хэлдэг. Энийг сонсоод одоо та нар яаж үнэнч шударга хүн байхаа ойлгов уу? (Ойлгоогүй л байна.) Сонссоны дараа ч гэсэн хүн тодорхой хэрэгжүүлэлтийг биш, зөвхөн хоосон сургаалыг л ойлгодог. Бурханы үгийг ингэж ухамсарласан хуурамч удирдагчид ийм маягаар Бурханы үгийг идэж, уухад хүмүүсийг хөтөлж, бас ийм маягаар нөхөрлөн, өөрсдийгөө Бурханы үгийг хамгийн их ойлгодог, Бурханы үгийг ухамсарлах чадвартай, хүмүүсийг Бурханы үгийн бодит байдал руу хөтөлж чадна гэж боддог. Үнэн хэрэгтээ тэдний ухан ойлгож, нөхөрлөдөг зүйл бүгд ердөө л хоосон сургаал, уриа лоозон бөгөөд үнэн-бодит байдлыг эрж хайж, үнэн-зарчмыг ойлгохыг хүсдэг хүмүүст ямар ч тус дэм болдоггүй. Гэсэн ч хуурамч удирдагчид өөрсдийгөө асар их ухамсарлах чадвартай, Бурханы үгийн талаар өвөрмөц мэдлэг ухаантай, жирийн хүмүүсээс илүү гоц гойд гэж бодсоор байдаг. Тэгээд эдгээр хоосон сургаал, уриа лоозонг хаа сайгүй номлож, тэр ч бүү хэл бусадтай харьцуулж, эдгээр хоосон сургаал, уриа лоозонг үргэлж ашиглан хэл амаар маргалдаж, бүр хүмүүст сургамжилж, хүмүүсийг засаж, шүүж, яллахдаа эдгээрийг байнга ашигладаг. Ингэснээрээ тэд өөрсдийгөө ажил хийж, Бурханы үгийг бодит амьдралд авчирч, Бурханы үгийг хэрэглэж байна гэж боддог. Энэ нь төвөгтэй асуудал биш гэж үү? Хуурамч удирдагчид Бурханы үгийг ойлгож чадахгүй, хүмүүсийг Бурханы үгийн бодит байдал руу хөтөлж чадахгүй. Бурханы үгийг уншаад тэд зарим бичиг үсэг, хоосон сургаалыг л нөхөрлөж чадна, тэгсэн хэр нь хаа сайгүй номлож, өөрсдийгөө гайхуулж явдаг. Гэвч үнэндээ тэд Бурханы үгэн дэх ямар ч үнэнийг ойлгодоггүй. Жишээ нь, тэд зарим нэг төстэй сүнслэг нэр томьёо, ижил төстэй хэллэгийг ойлгодоггүй, тэдгээрийн хоорондох ялгааг, эсвэл бодит нөхцөл байдалд тэдгээрийг хэрхэн хэрэглэхийг ч мэддэггүй. Дүрэм журмыг мөрдөж, бичиг үсэг, хоосон сургаал чалчихыг эс тооцвол тэд Бурханы үгийг жинхэнээсээ ойлгодоггүй, үнэхээр хэрэгжүүлдэггүй. Тиймээс хуурамч удирдагчид өөрсдөө үнэнийг ойлгодоггүй, Бурханы үгийг ойлгох, үнэн-бодит байдалд ороход нь хүмүүсийг хөтөлж ч чадахгүй нь тодорхой байна. Бид үүнийг үнэнч шударга хүн байх тухай жишээн дээр тайлбарлан харууллаа. Хуурамч удирдагчид үнэнч шударга хүн байх тухай үнэнийг хэрхэн ойлгохоо мэддэггүй тул бичиг үсэг, хоосон сургаал чалчиж, уриа лоозон номлоход хүрч, сүнслэг ойлголтгүй мулгуу, мунгинуу хүмүүсийг төөрөлдүүлж, толгойг нь эргүүлж орхидог. Эдгээр үг, хоосон сургаалыг сонсоод тэд хуурамч удирдагчдыг ихэд шүтдэг бөгөөд тэднийг хэдэн жил дагасныхаа дараа эцэст нь хамгийн үндсэн үнэнийг ч ойлгоогүй, ямар ч оролтгүй байдаг. Энэ зүйлийн талаарх нөхөрлөлөө ингээд дуусгая.

Хоёрдугаар зүйл: Төрөл бүрийн хүний байдлыг мэддэг болж, бодит амьдралд нь тулгарч байгаа амь-оролттой холбоотой төрөл бүрийн бэрхшээлийг шийдвэрлэх (Нэгдүгээр хэсэг)

Хуурамч удирдагчид төрөл бүрийн хүний байдлыг нэвт харж чадахгүй

Удирдагч, ажилчдын хоёр дахь хариуцлага нь төрөл бүрийн хүний байдлыг мэддэг болж, бодит амьдралд нь тулгарч байгаа амь-оролттой холбоотой төрөл бүрийн бэрхшээлийг шийдвэрлэх явдал юм. Хуурамч удирдагчид энэ ажлыг яаж хийдэг вэ? Тэд энэ даалгаврыг гүйцэтгэх чадвартай юу? Үүнийг задлан шинжилцгээе. Төрөл бүрийн хүний байдлыг мэддэг болох—юунд үндэслэн үүнийг хийдэг вэ? Янз бүрийн хүмүүсийн завхарсан зан чанар, мөн чанарыг ил болгодог Бурханы үгийг ойлгосны үндсэн дээр үүнийг хийдэг. Янз бүрийн хүмүүсийн байдлыг ухаарахын тулд хүн эхлээд хүмүүсийн янз бүрийн байдал, завхарсан зан чанар, завхарсан мөн чанарыг ил болгосон Бурханы үгийг ойлгож, өөрсдийгөө тэдгээртэй харьцуулж чаддаг байх ёстой. Бурханы ил болгосон нэг төрлийн зан чанар нь ямар төрлийн хүмүүсийг хэлж байгаа, тэдний хүн чанар ямархуу байдаг, тэд ямар илрэл, илчлэлтэй байдаг, Бурхан, Бурханы үг болон өөрсдийн үүрэгт хандах хандлага нь ямар байдаг; хүн эдгээр байдлыг Бурханы үгтэй харьцуулж, ингэснээрээ янз бүрийн хүмүүсийн байдлыг ухаарч чадна. Тиймээс янз бүрийн хүмүүсийн байдлыг мэддэг байх нь Бурханы үгийг ойлгож, Бурханы үгийг ухамсарлах чадвартай байсны үндсэн дээр эхлээд хэрэгждэг. Хуурамч удирдагчид Бурханы үгийг ухамсарлах чадваргүй тул Бурханы үгээр ил болсон янз бүрийн төрлийн хүмүүс болон янз бүрийн байдал, завхарсан мөн чанарын талаарх нарийн төвөгтэй үнэнийг ойлгож чадах уу? (Чадахгүй.) Тэд ойлгодоггүй, энд хамаарах харилцааг мэддэггүй, холбогдох үнэнийг мэддэггүй. Тэд Бурханы үгийг ухамсарлах чадваргүй учраас энэ маш шийдвэрлэх, чухал асуудлыг буюу янз бүрийн хүмүүсийн байдлыг ойлгох нь хуурамч удирдагчдын хувьд маш төвөгтэй, хэцүү даалгавар байдаг.

Хуурамч удирдагчид янз бүрийн хүмүүсийн байдлыг хэрхэн ойлгодог вэ? “Энэ хүн урам зоригтой, тэр хүн шалихгүй, энэ хүн гоё хувцаслах дуртай, тэр хүн итгэл багатай…” гэж тэд боддог. Тэд зөвхөн эдгээр өнгөц үзэгдлийг л хардаг, харин Бурханы үг болон үнэн-бодит байдалд хандах хүний хандлага үнэндээ юу болох, уг чанар-мөн чанар нь үнэндээ ямар болохыг мэддэггүй. Жишээ нь, хэн нэгэн хүн жинхэнэ итгэлтэй, үүргээ гүйцэтгэхдээ эрч хүчтэй ч гэр бүлийн бэрхшээл, татлаа түтлээ нь үүргийнх нь үр дүнд нөлөөлдөг; үүнийг хараад хуурамч удирдагч түүнд буруу нэр хаяг зүүж, “Энэ хүн үл итгэгч. Тэр гэр бүлээсээ салж чадахгүй. Үргэлж хүүхдүүдийнхээ талаар бодож байгаа. Тэр гэртээ хадгаламжтай ч хандив өргөдөггүй. Тиймээс энэ хүн маш ярвигтай, ирээдүйд чухал даалгаварт ашиглаж болохооргүй” гэж хэлдэг. Үнэндээ энэ хүний асуудал ноцтой биш; тэр хүн ердөө л Бурханд богинохон хугацаанд итгэсэн, үнэний талаар өнгөц ойлголттой болохоор олон зүйлийг нэвт харж чаддаггүй. Тэр хүн гэр бүлийнхэн, үр хүүхдүүддээ хэрхэн хандах, өмч хөрөнгөө хэрхэн зохицуулахаа мэддэггүй. Тэр залбирах, эрж хайх үе шатандаа байсаар байгаа бөгөөд хэрэгжүүлэлтийн зөв зарчим, арга барилыг хараахан олоогүй байгаа. Тэрээр үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй ч гэр бүлийн татлаа түтлээ, хүндрэл бэрхшээлтэй тулгарах үедээ түр зуур бага зэрэг сул дорой болж, үүргээ гүйцэтгэхдээ төдийлөн идэвхтэй биш байдаг. Гэхдээ өөрт нь чуулганы даалгасан ажлыг үнэн сэтгэлээсээ гүйцэлдүүлж чаддаг нь ихэнх хүний хийж чаддаггүй зүйл юм. Хэв чанар, хүн чанар, үнэнд хандах хандлагаас нь харвал тэр сайн хүн мөн. Гэвч хуурамч удирдагчид үүнийг ингэж хардаггүй, учир нь тэд Бурханы үгийг ойлгодоггүй, хэн нэгний уг чанар-мөн чанар ямар болох, хүний байгаа байдал нь уг чанар-мөн чанараасаа болсон уу, түр зуурын сул дорой байдал уу, эсвэл биеийн хэмжээний асуудал уу гэдгийг хэмжих стандарт болгож Бурханы үгийг хэрхэн ашиглахаа мэддэггүй; тэд эдгээр зүйлийг хэмжиж чаддаггүй. Иймэрхүү хүнд тулгардаг хүндрэл бэрхшээл нь бодит амьдралд тохиолддог бөгөөд амь-оролттой хамаатай байдаг—хуурамч удирдагчид иймэрхүү асуудлуудыг зохицуулж чадах уу? Тэд энэ хүмүүсийн бэрхшээлийг шийдвэрлэж чадах уу? (Чадахгүй.) Хуурамч удирдагчид янз бүрийн хүмүүсийн байдлыг үнэн зөв ойлгож чаддаггүй, янз бүрийн хүмүүсийн уг чанар-мөн чанарын сайн, мууг үнэн зөв ялган таньж чаддаггүй учраас янз бүрийн хүмүүсийн бэрхшээл, асуудлуудыг ч бас нарийн зөв шийдвэрлэж чадахгүй. Эсрэгээрээ тэд гагцхүү урам зоригт түшиглэдэг, ийш тийш гүйж өөрсдийгөө зарлагадаж, бэрхшээл зовлонг тэсвэрлэж, төлөөс төлж чаддаг ч хэв чанар муутай, ухамсарлах чадваргүй хүмүүсийг хөгжүүлж боловсруулах гол бай гэж үздэг бөгөөд ийм хүмүүст бэрхшээл тулгарах үед бэрхшээлийг нь шийдвэрлэх гэж нөхөрлөдөг. Гэвч үнэхээр хэв чанартай, хүн чанар сайтай хүмүүсийн хувьд, бэрхшээл тулгарч, бага зэрэг сул дорой болох үед нь хуурамч удирдагчид бэрхшээлийг нь хэрхэн шийдвэрлэж, тэдэнд яаж ханддаг вэ? Энэ хүмүүс бэрхшээлтэй тулгарч, үнэндээ бага зэрэг л сул дорой болох үед нөхцөл байдлынх нь дагуу тэднийг дэмжиж, тэдэнд туслах ёстой; тэдэнд Бурханы санаа зорилгыг нөхөрлөх ёстой—тэднийг бүрмөсөн үл тоож болохгүй, нэр хаяг зүүж бүр ч болохгүй. Гэхдээ хуурамч удирдагчид ийм хүмүүсийн бэрхшээлийг яаж шийдвэрлэдэг вэ? Тэд: “Бурханы ажил аль хэдийн ийм үе шатанд хүрчихсэн байхад чи нөхөр, хүүхдүүдтэйгээ зууралдсаар байна; бүр хүүхдүүдээ их сургуульд явуулж, хэтийн ирээдүйнх нь араас хөөцөлдөж байна. Гамшиг улам ноцтой болж байхад энэ дэлхийд ер нь хэтийн ирээдүй байна гэж үү? Чи өөрийнхөө амьдралд ч санаа тавьж чадахгүй байж яаж тийм юманд санаа тавьж чадаж байна аа? Бурханы ажил бараг дуусаж байна, хугацаа хэчнээн давчуу байгаа билээ дээ! Чи өөрийгөө бүрэн зориулахгүй юм бол чамайг бүтээгдсэн зүйл гэж нэрлэж болно гэж үү? Чи хүн хэвээрээ гэж үү?” гэдэг. Энэ хүмүүсийн бэрхшээл үнэхээр энэ мөн үү? (Үгүй.) Энэ хүмүүс бэрхшээл тулгарахад бага зэрэг сул дорой болсны шалтгаан нь үнэнийг хайрладаггүй, эсвэл үүргээ гүйцэтгэхийг хүсдэггүйгээс биш, харин ердөө л биеийн хэмжээ багатайгаас нь болж байгаа юм. Тиймээс хуурамч удирдагчдын хэлдэг зүйл тэдний байдалтай нийцдэггүй; энэ нь түүний байдлын гол зангилаа, эсвэл гол талыг ойлгоогүй, үнэндээ юу бодож байгаа, ямар төрлийн хүн болох, бэрхшээлийг нь шийдвэрлэхийн тулд түүнийг хэрхэн залж чиглүүлж, туслах ёстойг ойлголгүйгээр илт буруу нэр хаяг зүүсэн хэрэг гэдэг нь илэрхий байна. Хуурамч удирдагчид эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэддэггүй. Тэгвэл ийм асуудал гарах үед хүн үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Чи ингэж хэлж болно: “Чамд тулгараад байгаа асуудал бол олон хүнд тулгардаг асуудал. Гэр бүлийнхнээ үнэхээр орхиж, өөрсдийгөө Бурханы төлөө үнэн сэтгэлээсээ зарлагадаж чаддаг хүмүүс түргэн зангаар үйлддэггүй, харин удаан хугацаанд бэлдсэн байдаг. Нэг талаар, тэд хангалттай үнэнийг ойлгосон, жинхэнээсээ гэр бүлээ орхиж, Бурханы гэрт өөрийгөө үнэн сэтгэлээсээ зарлагадах хүсэл эрмэлзэлтэй байдаг, хожим нь үүндээ харамсахгүй гэсэн баталгаа өгч чаддаг—тэд бүгдийг нь нэгд нэггүй бодсон байдаг. Үүнээс гадна, энэ хугацаанд тэд бас урагшлах замыг бэлдэж, нээж өгөөч гэж Бурханд залбирахын сацуу үргэлжлүүлэн өөрсдийгөө үнэнээр зэвсэглэж, илүү их үнэнийг ойлгож, Бурханы төлөө өөрсдийгөө үнэн сэтгэлээсээ зарлагадахын тулд бүхнийг хойш тавих илүү их итгэлтэй болдог. Үүнд цаг хугацаа, залбирал, мэдээж Бурханы удирдлага болон зохицуулалт шаардлагатай. Хэрвээ чамд ийм хүсэл эрмэлзэл байгаа бол битгий сэтгэл түгш. Бурханд залбирч, чимээгүйхэн хүлээ, Бурхан чамд зориулсан зохицуулалтыг хийнэ. Хэрвээ чиний залбирал болон хүсэл эрмэлзэл Бурханы санаа зорилготой нийцэж, Бурханы сайшаалыг хүртвэл, хэрвээ чи бэлэн байж, Бурхан юу ч хийлээ гэсэн дуулгавартай дагаж, харамсахгүй бол Бурхан гарцаагүй чамд зам гаргаж өгнө. Энэ хугацаанд хүмүүсийн хийх ёстой зүйл бол бэлдээд хүлээх явдал; тэдний хийж чадах цорын ганц зүйл нь өөрсдийгөө үнэнээр зэвсэглэж, Бурханы санаа зорилгыг ойлгож, биеийн хэмжээгээ аажмаар өсгөх явдал юм. Бурхан янз бүрийн орчныг зохицуулах үед чи ямар ч гомдолгүйгээр Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагахаар сонговол чи биеийн хэмжээтэй байгаа хэрэг—Бурхан юу ч хийлээ гэсэн, яаж ч зохицууллаа гэсэн чи дуулгавартай дагаж чадна.” Иймэрхүү удирдамжийг юу гэж бодож байна? (Сайн.) Нэг талаар, хариуцлагаа биелүүлж, Бурханы санаа зорилгыг ойлгоход нь хүмүүст тусалж байна; нөгөө талаар, тэднийг чадвараас нь давсан зүйл хийлгэхээр хүчлэхгүй, харин бодит нөхцөл байдалд нь тааруулан тэдэнд хандаж байна. Ингэх нь Бурханы үгээр асуудлыг шийдвэрлэж буй хэрэг биш гэж үү? Бодит амьдралд хүмүүст тулгардаг бэрхшээлийг хүмүүсийн байдалд тулгуурлан шийдвэрлэж байгаа хэрэг энэ биш гэж үү?

Үүргээ гүйцэтгэхдээ зарим хүн үргэлж хааш яаш, хариуцлагагүй хандаж, үргэлж чухал царайлж, биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, бусадтай хамтран ажиллах чадваргүй байдаг бөгөөд чуулганы ажилд хохирол учруулж буруугаа өчүүхэн ч мэдэрдэггүй. Тийм нөхцөл байдлыг хараад хуурамч удирдагч уг асуудалд анхаарлаа хандуулж, шийдвэрлэж эхлэн, “Энэ хүн энэ ажилд маш чухал үүрэг роль гүйцэтгэдэг. Түүнийг орлоход төдийлөн тохирох хүн байхгүй юм шиг байна, тиймээс бид бэрхшээлийг нь шийдвэрлэхийн тулд түүнтэй нөхөрлөх хэрэгтэй” гэж хэлдэг. Нөхөрлөлийн үеэр хуурамч удирдагч энэ хүн үүргээ гүйцэтгэхийг огт хүсэхгүй байгааг олж мэддэг. Тэр хүн хорвоогийн зүйлсээр хөөцөлдөж, ажил мэргэжлээрээ мөнгө олж, сайхан амьдралаар амьдрахыг хүсдэг бөгөөд өөрөөр нь үүрэг гүйцэтгүүлэх гээд байгаа нь өөрөөс нь хэт ихийг шаардаж буй хэрэг гэж үздэг. Бурханы гэрт үүргээ гүйцэтгэнэ гэдэг нь өдөр бүр завгүй байж, гэр бүлийн амьдралаа сүйтгээд зогсохгүй бас гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа хадгалах боломжгүй болно гэсэн үг, мөн үүргээ гүйцэтгэж байхдаа зарчмыг зөрчвөл засалт туулах ёстой болно гэж түүнд санагддаг. Тийм амьдрал дэндүү зовлонтой гэж тэр үздэг бөгөөд тэгж амьдрахыг хүсдэггүй. Асуудал нь тодорхой байна: Тэдний зан авир үл итгэгч гэдгийг нь илтгэж байна. Гэхдээ хуурамч удирдагч үүнийг хэрхэн зохицуулдаг вэ? Хуурамч удирдагч: “Энэ хүн шүтлэггүй хүмүүсийн дундаас авьяастай нь; түүн шиг хүнийг олоход амаргүй. Түүний байдал асуудалтай болж; би өөрт байгаа хамгийн завгүй ажлаа даруй хойш тавьж, түүнтэй нөхөрлөж, үүнийг шийдвэрлэхэд нь туслах хэрэгтэй. Үүнийг яаж шийдвэрлэх вэ? Бурханы үг хамгийн хүчтэй; үүргээ гүйцэтгэхийг хүсэхгүй байгааг нь шийдвэрлэхийн тулд эхлээд би түүнд Бурханы үгийн хэдэн хэсгийг уншиж өгье” гэж боддог. Хуурамч удирдагч түүнд “Одоо гамшиг ирсэн болохоор хүмүүс цаашид сайхан амьдралаар амьдарч чадахгүй. Чи ажил мэргэжлээрээ мөнгө олж, энгийн гэр бүлийн амьдралаар амьдрахыг хүсээд байгаа ч удалгүй бүхий л дэлхий ертөнц эмх замбараагүй болж, энгийн гэр бүлүүд байхаа болино. Чи ийм зүйлийг нэвт харж чадахгүй байна уу? Чи Бурханд илүү их залбирах хэрэгтэй. Бурханд залбирах нь чамд итгэл өгнө. Чи бас Бурханы үгийг илүү их идэж, уух хэрэгтэй. Бурханы үгийг хэдэн удаа идэж, уусны дараа асуудал чинь шийдвэрлэгдэнэ” гэдэг. Дараа нь Бурханы үгээс тав юм уу арван хэсгийг олоод түүнд уншиж өгч, түүнтэй нөхөрлөдөг. Нөгөө хүн нь “Хангалттай нөхөрлөлөө. Би Бурханы энэ бүх үгийг ойлгодог; би чамаас илүү боловсролтой. Битгий онгироод бай” гэж хариулна. Бүтэн өдөр нөхөрлөөд юу ч шийдвэрлэгдэхгүй. Хуурамч удирдагч: “Би маш олон жил чуулганы ажлыг хийсэн; асуудлыг чинь шийдвэрлэж чадахгүй гэж би бодохгүй байна” гэж дотроо боддог. Орой нь нөхөрлөлөө даруй үргэлжлүүлж, “Чи Бурханыг хайрлаж, шүтэн мөргөх хэрэгтэй! Чамд стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл болох найдвар байна. Энэ үүргийг олж авахад амаргүй; чи энэ боломжийг нандигнах ёстой, учир нь хэрвээ үүнийг алдах юм бол өөр боломж хэзээ ч олдохгүй. Чиний хэв чанар, нөхцөл байдал маш сайн байхад үүргээ гүйцэтгэхгүй байх чинь харамсалтай биш үү? Чам шиг авьяастай хүнийг Бурханы гэрт дэвшүүлж, ашиглах ёстой; энд чи маш ирээдүйтэй!” гэдэг. Нөгөө хүн “Больж үз. Хэрвээ чи надаар үүргийг минь гүйцэтгүүлбэл миний хандлага хэвээрээ л байна. Надаар хийлгэхгүй гэвэл би даруйхан явлаа. Би энд үлдэх гэж гуйгаад байгаа юм биш!” гэж хэлдэг. Хуурамч удирдагч хэлэх үгээ барсан ч энэ хүнийг ятгаж, асуудлыг нь шийдвэрлэж чадахгүй. Яагаад тэр вэ? Учир нь тэд энэ хүний гол асуудал юу болохыг нэвт харж чаддаггүй. Энэ хүн үүргээ гүйцэтгэхдээ дуртай үедээ хааш яаш хандаж, хүссэн үедээ хууран мэхэлж, аргацаамаар байвал зүгээр л аргацаадаг; ямар ч ажил хийсэн хариуцлагагүй ханддаг. Тэрээр зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд жаахан илүү хичээл чармайлт гаргаж, хэдэн үг илүү хэлэхийг хүсдэггүй, үүнийг төвөгтэй, яршигтай гэж үздэг. Үүргээ хэрхэн стандартын дагуу гүйцэтгэхээ, хэрхэн зүй зохистой авирлахаа сайн мэддэг ч тийм маягаар хэрэгжүүлэхийг хүсдэггүй. Тэгсэн хэр нь Бурханы гэрт үүргээ гүйцэтгэсээр байдаг. Ийм нөхцөл байдлын уг чанар юу вэ? Асуудал юунд байна вэ? (Тэд ерөөл олж авч, наймаа хийх санаатай ирсэн.) Тэд ийм найдвар тээж ирсэн; тийм хүмүүсийг ашиг хонжоо хайгчид гэдэг. Тэд: “Дэлхий удахгүй сүйрэх гэж байгаа, ертөнцийн төгсгөл ирж байгаа гэж би сонссон, тиймээс би цаашид ажилдаа явах шаардлагагүй; би угаасаа хангалттай их мөнгө олчихсон. Би үнэгүй хоол идэж, өөрийн байрыг хадгалахын тулд Бурханы гэрт ирье байз, тэгвэл хожим нь ерөөл хүртэх итгэл найдвартай байж чадна” гэдэг. Үүргээ гүйцэтгэх хандлага, санаархлыг нь харвал тэдний Бурханд итгэх итгэл ашиг хонжоо хайсан шинжтэй байна; тэд үнэгүй хоол идэх гэж Бурханы гэрт ирсэн болохоос жинхэнэ итгэлээр ирээгүй. Үүргээ гүйцэтгэх үеийн хандлага нь тун хайнга байдаг. Тэднийг ашиглахын тул чуулган тэднийг аргадаж, тэдэнтэй наймаацах ёстой болдог, гэсэн ч тэд сайн ажилладаггүй. Мөс чанар ч байхгүй хүн үүргээ үнэхээр гүйцэтгэж чадах уу? Тэд зүгээр л боломжийг ашиглаж, үнэгүй хооллож байгаа, тэд бол үл итгэгчид. Энэ асуудлын хоёр талын уг чанарыг харвал, хуурамч удирдагч үүнийг шийдвэрлэх гэж оролдохдоо мөн чанарыг нь ойлгосон уу? (Үгүй.) Асуудлын мөн чанарыг нэвт харж чадаагүй тэрээр энэ хүнийг жинхэнэ итгэгч, ердөө л үнэнийг ойлгоогүй, биеийн хэмжээ багатай, түр зуур сул дорой байгаа, дэмжлэг хэрэгтэй хүн гэж үзсээр байсан. Ийм өнцгөөс тэр нөхөрлөж, туслах гэж оролдсон ч “Больж үз. Чиний ярьж байгаа энэ хоосон сургаалууд чинь хэрэггүй. Би бүгдийг нь мэднэ, би чамаас ихийг ойлгодог. Чи үнэндээ хэр олон хоосон сургаал ойлгодог вэ? Хэр боловсролтой вэ? Би чиний идсэн хоолноос ч илүү олон ном уншсан шүү!” гэх үг л сонссон. Тэдний уг чанар нь илэрч байгаа биз, тийм үү? Хуурамч удирдагч энэ хүн үнэн хэрэгтээ үл итгэгч гэдгийг ухааралгүй, өөрийгөө ажил хийж байна гэж бодсоор байдаг. Үл итгэгчид Бурханы гэрт үүрэг гүйцэтгэх үед тэдний хөдөлмөр нь ч стандартад нийцдэггүй. Тийм хүмүүсийг байлгаад байх ёстой юу? (Үгүй.) Тиймээс Бурханы гэрт ийм төрлийн хүмүүстэй харьцах зарчим бол энэ: Хэрвээ тэд хөдөлмөрлөж чаддаг, хөдөлмөрлөхийг хүсдэг бол тэднийг үлдээ; хэрвээ тэд хөдөлмөрлөхийг хүсэхгүй бол тэднийг үлдээх гэж шавдуулалгүй, ятгалгүй даруйхан цэвэрлэ. Хуурамч удирдагч энэ зарчмыг мэддэг үү? Мэддэггүй. Тэд үхсэн хүнийг амьд мэт үзэж, тэднийг хооллож, ундалдаг; ингэх нь тэнэг хэрэг биш үү? Хуурамч удирдагчид л ийм тэнэг юм хийдэг.

Хуурамч удирдагчид хүмүүсийн амь-оролтод тулгардаг бэрхшээл, асуудлыг шийдвэрлэж чаддаггүй

Янз бүрийн нөхцөл байдалд, өөр өөр хүмүүс янз бүрийн байдал, илрэл илчлэх үед хуурамч удирдагчид эдгээр илчлэлийн мөн чанарыг ойлгож үргэлж чаддаггүй, үүнээс урган гардаг асуудлуудыг шийдвэрлэж чаддаггүй. Тэд үнэнийг ойлгодоггүй учраас эндүү ташаа нэр хаяг зүүж, бодлогогүй авирлан, түр зуур сул дорой байгаа, эсвэл хааяа сөрөг байгаа хүмүүсийг үл итгэгчид болон Бурханаас урвадаг хүмүүстэй андуурдаг. Харин өнгөн дээрээ жаахан авьяастай, энгийн ажил хийж, бага зэрэг хүчин чармайлт гаргаж чаддаг үл итгэгчдийг дэмжих ёстой гол байнууд хэмээн үздэг. Энэ хүмүүс үүргээ гүйцэтгэх хүсэлгүй байгаагаа шууд хэлэхээс ичдэг ч хуурамч удирдагчид үүнийг нь нэвт харж чадалгүй, тэднийг үлдээхээр цөхрөлтгүй ятгадаг. Хуурамч удирдагчид тэнэг үйлдэл л хийдэг; ёрын муу хүмүүс чуулганыг үймүүлж байхад тэд үүнийг харахгүй хэвээр байж, энэ асуудалд анхаарлаа хандуулдаггүй. Энэ нь бодлогогүй авирлаж байгаа хэрэг биш үү? Хуурамч удирдагчдын энэ бодлогогүй ааш авир яаж гардаг вэ? Тэд Бурханы үгийг ухамсарлах чадваргүй, үнэнийг ойлгодоггүй учраас янз бүрийн нөхцөл байдалтай тулгарах үедээ өөрсдийн ойлгодог хамгийн өнгөц хоосон сургаалд найдаж, саад тотгор, үймээн үүсгэхүйц байдлаар ахин дахин хэрэгжүүлдэг. Ихэнхдээ тэд хүмүүсийн амь-оролтод тулгардаг бэрхшээлийг шийдвэрлэж чаддаггүй, хүмүүсийг сул дорой байдлаас хүчтэй болтол нь дэмжиж чаддаггүйгээр үл барам, бас хүмүүсийг Бурханы талаар үзэл, буруу ойлголт өвөрлөхөд хүргэж, Бурханы гэрт авьяастай хүмүүс дутагддаг, тохиромжтой хүмүүсийг олж чаддаггүй мэт чуулган өөрсдийнх нь үйлчлэлийг ашиглахын тулд өөрсдийг нь элсүүлэхээр оролдож байна гэж бодоход тэднийг хүргэдэг. Энэ нь хуурамч удирдагчдын ажлаас үүдэн гардаг сөрөг нөлөө юм. Яаж ийм юм болдог вэ? (Хуурамч удирдагчид үнэнийг ухамсарлаж чаддаггүй, үнэнийг ойлгодоггүй бөгөөд нөхцөл байдалтай тулгарах үедээ зүгээр л дүрэм журмыг хэрэгжүүлдэг.) Тэд үнэнийг ухамсарладаггүй, зарим мугуйд үг, хэллэгийг л цээжилж чаддаг. Тэдэнд жинхэнэ туршлагаас олсон ойлголт, үнэний үнэлэмж байдаггүй. Тиймээс эцэст нь асуудал гарах үед тэд хэдхэн хуурай хөндий үг л хэлж чадна: “Бурханыг хайрла”; “Үнэнч шударга бай”; “Нөхцөл байдалтай тулгарах үедээ дуулгавартай, хүлцэнгүй бай”; “Үүргээ сайн гүйцэтгэ”; “Чи үнэнч байх хэрэгтэй”; “Чи махан биеэс урвах ёстой”; “Чи өөрийгөө Бурханы төлөө зарлагадах хэрэгтэй”. Тэд өөрсдийгөө чимэглэхийн тулд эдгээр хоосон сургаал, уриа лоозон, бичиг үсгийг ашигладаг бөгөөд бас тэрийгээ бусдад зааж, хүмүүст нөлөөлж, эерэг нөлөө үзүүлнэ гэж найддаг—гэхдээ энэ нь ямар ч үр нөлөө үзүүлдэггүй, юуг ч өөрчилдөггүй. Тиймээс хуурамч удирдагчид ямар ч ажил хийж чадахгүй. Тэд Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод тулгарсан бэрхшээлийг ч шийдвэрлэж чадахгүй байж чуулганыг удирдах ажлыг яаж сайн хийж чадах юм бэ?

Хүмүүс бодит амьдрал дээр янз бүрийн бэрхшээлтэй тулгарч, тэдгээртэй хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй, үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй байх үедээ энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Бурханы үгээс үнэнийг эрж хайх шаардлагатай. Биеийн хэмжээ багатай хүн Бурханы үгээс үнэнийг хэрхэн эрж хайхаа мэдэхгүй, холбогдох Бурханы үгийг хэрхэн олохоо ч мэдэхгүй бол асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг ойлгодог хүн дээр очиж нөхөрлөхийн зэрэгцээ бас Бурханы холбогдох үгийг хэрхэн олж, үнэнийг хэрхэн ухамсарлах дадлага хийх ёстой. Энэ нь зарчим болон Бурханы шаарддаг стандарт юу болох, Бурхан энэ асуудлыг хэрхэн тодорхойлдог, үүнтэй холбогдуулан юу шаарддагийг болон ямар нэг тодорхой нарийн ширийн зүйлийг тайлбарласан эсэхийг Бурханы үгээс олж мэднэ гэсэн үг юм. Хэрвээ энэ сэдвийн талаарх Бурханы үг бага зэрэг энгийн бөгөөд дэлгэрэнгүй жишээ авалгүйгээр зүгээр л зарчмыг тодорхойлсон байвал чи тунгаан бодож сурах ёстой. Тунгаан бодоод ухан ойлгож чадахгүй бол хамт нөхөрлөх илүү олон хүнийг хайж олж, цуглааны үеэр нөхөрлөж, үүргээ гүйцэтгэх явцдаа тэмтчиж, эрж хайж, гэгээрэл, гэрэлтүүлэлт олж авч, тэгснээрээ уг асуудлын мөн чанар юу болохыг ажмаар ойлгож ав. Эцэст нь эдгээр бэрхшээлд шийдэл олохын тулд Бурханы үгийн зарчмын дагуу ор. Жишээ нь, зарим хүн залхуу байдаг бөгөөд үүргээ гүйцэтгэхдээ хэзээ ч хүчээ дайчилдаггүй; харин идэх, уух, зугаацах талаар дурдмагц царай нь гэрэлтэж, гэнэт амилсан мэт эрч хүчээр дүүрдэг. Хуурамч удирдагчид ийм асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ? Тэдэнд ч бас арга барил бий: ийм хүмүүст илүү их ажил хуваарилж, дэмий сэлгүүцэх цаг үлдээдэггүй. Ийм арга барил асуудлыг шийдвэрлэж чадах уу? Зарим хүн өөрт нь хуваарилж өгсөн багахан хэмжээний ажлыг ч хийх дургүй байдаг; тэд зүгээр л үнэгүй хооллохыг хүсэн, огт ажил хийхгүй байсан нь дээр гэж боддог! Хэтэрхий залхуу хүмүүст байдаг асуудал юу вэ? Энэ нь тэдний уг чанар-мөн чанартай, эерэг зүйлсийг хайрладаг эсэхтэй, бас дур сонирхол, эрэлхийлэлтэй нь холбоотой. Зарим хүн жаахан хэв чанартай; ямар ч ачаа үүрээгүй ердийн дагагчид бол ажлаа хийх эрч хүчгүй, ажилдаа ямар ч сонирхолгүй байдаг. Гэхдээ тэдний хэв чанар болон хийж чадах үүргийнх нь дагуу тэдэнд зааварлагч байх ачаа өгч, зарим нэг цол хэргэм өгч, зарим үүрэг хариуцлагыг хариуцуулбал ажилдаа сонирхолтой болдог. Заримдаа ажилдаа хариуцлагагүй хандах юм уу залхуурвал тэднийг засаж болно; заримдаа тэднийг урамшуулж, магтаж болно. Тийнхүү нэр нүүрээ боддог, байр сууринд дуртай, зусардуулах дуртай энэ хүмүүс үүргээ гүйцэтгэх эрч хүчийг олж авдаг. Тэд хойрголох тухай бодох үедээ “Байр суурийн төлөө, үүрч буй ачааныхаа төлөө би үүнийг сайн хийх ёстой” гэж тунгаан боддог. Ийм маягаар тийм хүмүүсийн залхуурлыг хэсэгчлэн шийдвэрлэж болно. Үүргээ гүйцэтгэх явцад үүсдэг амь-оролттой хамаатай хүн чанар, эсвэл байдалтай холбоотой эдгээр асуудалтай тулгарах үед хуурамч удирдагчдад үүнийг шийдвэрлэхэд маш хэцүү, төвөгтэй санагддаг. Тэд эдгээр байдал, асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэддэггүй, эсвэл шийдэл олохын тулд Бурханы аль үгийг ашиглахаа мэддэггүй. Ихэнхдээ тэдний арга барил нь хүмүүсийг сайн хийлгэхийн тулд ятгах эсвэл аргадах явдал; ятгаж, аргадаад болохгүй бол тэд уурлах, засах арга хэрэглэдэг. Хэрвээ хүмүүсийг засах нь нэмэр болохгүй бол Бурханы хатуу үгээс хоёр хэсгийг анхааруулга болгон уншиж, ахиц гаргах ёстой гэдгийг нь хүмүүст мэдэгддэг. Тэгээд ч үр дүнгүй хэвээр байвал эцсийн арга нь хэн нэгнийг тэдний хянагч, харгалзагчаар тавьдаг. Тэдэнд ийм хэдхэн арга л байдаг бөгөөд энэ аргууд нь бүтэхгүй бол өөр сонголт үлддэггүй.

Товчхондоо, хуурамч удирдагчид ажилд нь ямар асуудал тулгарахаас үл хамааран асуудлын мөн чанарыг нэвт харж чаддаггүй, янз бүрийн хүмүүсийн жинхэнэ байдал, цаад шалтгааныг ухаарахад хэцүү байдаг, асуудлын уг үндэс хаана оршиж байгааг, эсвэл хамгийн зохистой байдлаар шийдвэрлэхийн тулд хаанаас эхлэх ёстойг нэвт харж бүр ч чаддаггүй. Тэдэнд асуудлыг шийдвэрлэх ийм зарчим, арга барил байдаггүй тул хуурамч удирдагчдын ажил янз бүрийн бодитой асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Тэд зарим нэг хоосон сургаал номлож, хэдэн уриа лоозон хашхирч, зарим дүрэм журмыг дагаж, хэлбэрдэж л чадна. Тийм хүмүүс чуулганы удирдлагын ажилд яаж тэнцэх юм бэ? Тэд хэчнээн их дадлага хийж, хэчнээн олон жил итгэсэн ч чуулганы удирдлагын ажилд тэнцэхүйц байж чадахгүй. Та нар ийм жишээтэй таарч байсан уу? (Манай чуулганд зочлох үүрэг гүйцэтгэдэг нэг хүн байсан ба тэр үргэлж шүүмжилсэн, дайрч давшилсан үг хэлж, бидний үүргийн гүйцэтгэлд нөлөөлж, саад тотгор, үймээн учруулдаг байсан. Үүнийг удирдагчид мэдээлсний дараа удирдагч бодитой асуудлыг шийдвэрлэлгүйгээр биднээс өөрсдийгөө мэдэж авч, Бурханы зохицуулсан орчин нөхцлийг дуулгавартай дага гэж л шаардсан, энэ нь чуулганы ажилд нөлөөлсөн. Удирдлага өөрчлөгдсөний дараа л тэр асуудал шийдвэрлэгдсэн.) Энэ бол хуурамч удирдагчдын ердийн илрэл мөн. Ёрын муу хүн юм уу антихристтэй таарах үедээ ялган салгаж чадахгүй, бусдад тэвчээртэй, хүлээцтэй бай, туршлагаас суралц, ёрын муу хүн юм уу антихристийг дуулгавартай дага гэж хэлдэг хүн бол түгээмэл байдаг хуурамч удирдагч юм. Тэд антихристүүд, ёрын муу хүмүүсийг ялган таньдаггүй, тэдний талаар юу ч хийдэггүй. Антихристүүдийн янз бүрийн илрэлийн талаар маш их нөхөрлөсний дараа үнэнийг ойлгодог хүн болгон одоо тэдний заримыг таньж чаддаг болсон байх ёстой. Харин хуурамч удирдагчид шиг хүмүүс тэрхүү нөхөрлөл антихристийн зан авиртай хэрхэн тохирч байгааг харж чадах уу? Тэд антихристүүдийг ялгаж таньж чадах уу? (Үгүй.) Антихристүүдийг ялган таньж чаддаггүйн улмаас юу болдог вэ? Антихрист тэдний эрх мэдлийг булаан авч, антихристүүд чуулганыг хянахад хүрч, эцэст нь антихристийг бие даасан хаанчлалаа байгуулж байхад юу ч хийхгүй байх магадлалтай. Хэрвээ тэд антихристийг ялган таньж чадахгүй бол антихристийг дайсан мэт үзэж, ил болгож, ялган таньж, голох ямар ч аргагүй; хэрвээ тэд антихристийг ялган таньж чадахгүй бол антихристийг ах, эгч мэт үзэж, тэвчээртэй, хүлээцтэй хандаж, үр дүнд нь антихрист чуулганд эрх мэдэлд хүрч, чуулганыг хянадаг. Тиймээс антихристүүдийг ялган таньж чаддаггүй байхын үр дагавар нь ноцтой, тааварлахын аргагүй аймшигтай юм. Хуурамч удирдагчид үнэнийг ойлгодоггүй; тэд өөр өөр төрлийн хүмүүсийн мөн чанарыг ялган таньж чаддаггүй. Тэд зөвхөн бичиг үсэг, хоосон сургаал номлож, дүрэм журам хэрэгжүүлж, бүхнийг гэх хайраараа хүн бүрийг гэмшүүлж, хэн ч байлаа гэсэн хүн бүрд боломж олгодог. Энэ нь шашны санваартнуудын хэв маяг биш гэж үү? Фарисайчуудын хэв маяг биш гэж үү? Хуурамч удирдагчид антихристүүдтэй тулгарах үедээ ихэвчлэн буулт хийж, найр тавих сонголт хийдэг, тэр ч бүү хэл ингэх нь бусдад хайраар хандаж буй хэрэг гэж хэлэх шалтаг, шалтгаан олдог. Хэн нэгэн хүнийг асуудалтай, антихрист мөн гэж мэдэж байсан ч нүүр тулж зүрхэлдэггүй, тэднийг ялган таньж, ил болгох зориг зүрх ч байдаггүй; энэ нь чухамдаа хуурамч удирдагчдын хийдэг зүйл юм. Зарим ах, эгч нар тэр хүн бол ёрын муу, эсвэл антихрист гэдгийг аль хэдийн ялган таньсан байхад ч хуурамч удирдагчид: “Бид хүмүүсийг шүүж, эсвэл хөнгөн хуумгай яллаж болохгүй. Тэр хүн өөрийгөө зарлагадах маш их урам зоригтой, төлөөс төлөхийг маш их хүсдэг—тэр бол антихрист эсвэл ёрын муу хүн биш. Хэдэн хатуу үг хэллээ гээд тэр хүн ёрын муу болохгүй биз дээ?” гэж хэлнэ. Хуурамч удирдагч хүмүүсийн мөн чанарыг харж чадахгүй, антихристүүдийн үйлдлийн үр дагаврыг ч харж чадахгүй, антихристүүдэд хайр, хүлээцтэй байдал, тэвчээр харуулсаар, тэр ч бүү хэл антихристүүдийг өөрийгөө эргэцүүлж, мэдэж авч, үнэхээр гэмш гэж зоригжуулдаг. Антихрист өөрийгөө мэдэж авахаар хэчнээн их оролдсон ч уг чанар нь өөрчлөгдөж чадах уу? Тэд өөрсдийгөө үнэхээр мэдэж авч чадах уу? Яавч үгүй. Хэдийгээр антихристүүд өнгөн дээрээ зарим зүйлийг хаяж, өөрсдийгөө бага зэрэг зарлагаддаг мэт харагдаж болох ч дотроо тэд амбиц, томоохон арга мэх өвөрлөж байдаг. Хуурамч удирдагчид тийм хүмүүсийг нэвт харж чаддаггүйн шалтгаан нь хуурамч удирдагчид үнэнийг ойлгодоггүй, өөр өөр төрлийн хүмүүсийг ялган таньж ч чаддаггүй. Тэд янз бүрийн хүмүүсийн уг чанар-мөн чанарыг нэвт харж чаддаггүй, өөр өөр төрлийн хүмүүст хэрхэн хандаж, тэдэнтэй хэрхэн харьцахаа ч мэддэггүй. Бусад хүн антихристүүдийг ил болгохыг хараад тэд нэгдэж зүрхэлдэггүй, антихристүүдийн эсрэг арга хэмжээ авахаас бүр ч их айж, антихристүүдийг гомдоовол хариугаа авна хэмээн эмээдэг. Антихристүүдэд хандах хандлага нь хоосон сургаал, ятгалгаар хязгаарлагддаг. Хуурамч удирдагчид ёрын муу хүмүүс болон антихристүүдийг ялган таньж чадахгүй байхаас гадна бас Бурханы сонгосон хүмүүсийн дунд оршдог янз бүрийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Хуурамч удирдагчид үнэнийг огт ойлгодоггүй гэдгийг энэ нь нотолдог; тэд бодитой асуудлыг шийдвэрлэж чадахгүй, Бурханы сонгосон хүмүүсийг үнэн-бодит байдал руу хөтөлж яавч чадахгүй. Хуурамч удирдагчид юу ч хэллээ, хийлээ гэсэн Ариун Сүнсний гэгээрлээс үүдсэн гэрэлтэй үгийг чи сонсохгүй, ямар нэг үнэн-бодит байдалтай байхыг нь бүр ч харахгүй. Тиймээс хуурамч удирдагчид хүмүүсийн амь-оролтод ямар ч ашиг тус, тусламж үзүүлдэггүй; тэдний хийдэг жаахан ажил нь бичиг үсэг, хоосон сургаал номлох, уриа лоозон хашхирах, хэлбэрдэх явдлыг л агуулдаг. Тэд удирдагчийн гүйцэтгэх ёстой үүрэг ролийг гүйцэтгэж огт чаддаггүй.

Өнөөдрийн нөхөрлөл ингээд дууслаа. Баяртай!

2021 оны 1 дүгээр сарын 9

Дараах: 

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Хайх үгээ хайлтын цонхонд оруулна уу

Гарчиг
Тохиргоо
Ном
Хайх
Видео