Төгс болгуулсан хүмүүст өгөх амлалт

Хүнийг төгс болгодог Бурханы зам гэж юу вэ? Үүнд ямар талууд багтдаг вэ? Чи Бурханаар төгс болгуулахад бэлэн үү? Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн үү? Чи эдгээр асуултын талаар юу мэдэх вэ? Хэрвээ чи ийм мэдлэгийн талаар ярьж чадахгүй бол Бурханы ажлыг мэддэггүй хэвээр, Ариун Сүнс чамайг огтхон ч гэгээрүүлээгүйг энэ нь нотолж байна. Ийм хүмүүсийг төгс болгох боломжгүй. Тэдэнд түрхэн зуур эдлэх багахан хэмжээний нигүүлслийг л өгдөг бөгөөд энэ нь удаан үргэлжлэхгүй. Бурханы нигүүлслийг л эдэлдэг бол хүмүүс Бурханаар төгс болгуулж чадахгүй. Зарим хүн махан биеийн амар амгалан, зугаа цэнгэлийг эдэлж, амьдрал нь саад тотгор, золгүй явдалгүй, амар хялбар, гэр бүлээрээ ямар ч хэрүүл, тэмцэлгүй эвтэй найртай амьдрахдаа сэтгэл хангалуун байдаг. Тэд бүр үүнийгээ Бурханы ерөөл хэмээн итгэдэг байж болох ч яг үнэндээ бол энэ нь ердөө л Бурханы нигүүлсэл билээ. Та нар Бурханы нигүүлслийг эдлэх төдийдөө сэтгэл ханаж болохгүй. Ийм сэтгэлгээ бол үнэхээр бүдүүлэг юм. Чи өдөр бүр Бурханы үгийг уншиж, өдөр бүр залбирч, сүнс чинь үлэмж их таашаал, онцгой их амар амгаланг мэдэрдэг ч гэсэн, эцэстээ чи Бурхан болон Түүний ажлын тухай мэдлэгийнхээ талаар хэлэх үггүй, юу ч мэдрээгүй, Бурханы үгийг хэчнээн их идэж, уухаас үл хамааран сүнсээрээ л амар амгалан болон таашаалыг мэдэрч, Бурханы үг юутай ч харьцуулшгүй сайхан, эдлээд ханамгүй мэт санагддаг боловч Бурханы үгийн ямар ч бодит туршлага, ямар ч бодит байдал чамд байдаггүй бол Бурханд итгэх ийм итгэлээс чи юу олж авч чадах юм бэ? Хэрвээ чи Бурханы үгийн мөн чанарыг амьдран харуулж чаддаггүй бол эдгээр үгийг идэж, ууж байгаа байдал болон залбирал чинь шашны итгэл үнэмшлээс өөр юу ч биш. Ийм хүмүүсийг Бурхан төгс болгож, авч чадахгүй. Бурханаар авхуулсан хүмүүс бол үнэнийг эрэлхийлдэг хүмүүс юм. Бурханы олж авдаг зүйл нь хүний махан бие биш, түүнд харьяалагддаг зүйлс биш, харин түүний дотор байдаг Бурханд харьяалагддаг хэсэг юм. Тиймээс Бурхан хүмүүсийг төгс болгохдоо махан биеийг нь биш, харин зүрх сэтгэлийг нь төгс болгосноор тэдний зүрх сэтгэлийг Бурхан авах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг төгс болгодог гэдэг нь мөн чанартаа бол Бурхан хүний зүрх сэтгэлийг төгс болгодог бөгөөд ингэснээр энэхүү зүрх сэтгэл нь Бурхан руу эргэж, Түүнийг хайрлаж болох юм.

Хүний бие мах, цуснаас бүтдэг. Бурханы хувьд хүний махан биеийг олж авах ямар ч хэрэггүй, учир нь энэ бол гарцаагүй илжирч мууддаг зүйл бөгөөд Бурханы өв, ерөөлийг хүлээн авч чадахгүй. Хэрвээ хүний махан биеийг авдаг, хүний махан бие л энэ урсгалд байдаг байсан бол хүн энэ урсгалд нэр төдий л байх боловч зүрх сэтгэл нь Сатанд харьяалагдах байсан. Тийм учраас хүмүүс Бурханы илрэл болж чадахгүйгээр үл барам, харин ч бас л Түүнд дараа болж, Бурхан хүмүүсийг сонгох нь ямар ч утга учиргүй болох байсан. Бурханы төгс болгохоор зорьж буй хүмүүс бүгд Түүний ерөөл болон өвийг хүлээн авна. Өөрөөр хэлбэл, тэд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг шингээн авч, ингэснээр энэ нь тэдэнд байдаг зүйл болдог; Бурханы бүх үгийг тэдэнд оруулж өгсөн байдаг; Бурхан юу ч байлаа гэсэн, та нар энэ бүгдийг яг байгаагаар нь шингээн авч, тэгснээрээ үнэнийг амьдран харуулж чаддаг. Энэ бол Бурханаар төгс болгуулж, Бурханаар авхуулдаг хүн юм. Ийм хүн л Бурханы хайрласан ерөөлийг хүртэх эрхтэй:

1. Бурханы хайрыг бүхэлд нь олж авах.

2. Бүх зүйл дээр Бурханы хүслийн дагуу үйлдэх.

3. Бурханы удирдамжийг олж авч, Бурханы гэрэлд амьдарч, Бурханы гэгээрлийг олж авах.

4. Бурханы хайрладаг дүрийг газар дээр амьдран харуулж; Бурханы төлөө цовдлогдон, үхлээрээ Бурханы хайрыг хариулах эрхтэй болсон Петрийн адил Бурханыг үнэхээр хайрлаж; Петртэй адил алдар суутай байх.

5. Газар дээрх бүх хүнээр хайрлуулж, хүндлүүлж, бишрүүлэх.

6. Үхэл болон үхэгсдийн орны хүлээсийг бүхий л талаар даван гарч, Сатаны ажилд ямар ч боломж өгөлгүй, Бурханаар эзэмдүүлж, шинэ соргог, гал цогтой сүнсэнд амьдарч, залхаж ядардаггүй байх.

7. Бурханы алдрын өдөр ирж буйг харсан мэт бүхий л амьдралынхаа туршид үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр, догдлолыг ямагт мэдэрдэг байх.

8. Бурхантай хамт алдрыг хүртэж, Бурханы хайртай ариун хүмүүстэй адил төрхтэй байх.

9. Газар дээрх Бурханы хайрладаг нэгэн, өөрөөр хэлбэл, Бурханы хайртай хүү болох.

10. Хэлбэрээ өөрчлөн, Бурхантай хамт гурав дахь тэнгэр өөд гарч, махан биеийг даван гарах.

Бурханы ерөөлийг өвлөж чаддаг хүмүүс л Бурханаар төгс болгуулж, авхуулдаг. Эдүгээ чи ямар нэгэн зүйл олж авсан уу? Бурхан чамайг ямар хэмжээнд төгс болгосон бэ? Бурхан хүнийг санаандгүйгээр төгс болгодоггүй; хүнийг Тэрээр болзолтойгоор төгс болгодог бөгөөд илэрхий, харагдахуйц үр дүнтэй байдаг. Энэ нь, Бурханд итгэж байгаа цагт Бурханаар төгс болгуулж, авхуулж чадахын дээр, газар дээр Бурханы ерөөл, өвийг хүлээн авч чадна хэмээн хүний төсөөлдөг шиг биш юм. Тийм зүйлс нь дэндүү хэцүү бөгөөд хэлбэрээ өөрчлөх тухайд бол ярихын ч хэрэггүй. Эдүгээ та нарын голчлон эрж хайх ёстой зүйл бол бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулж, өөрт тулгарсан бүх хүн, хэрэг явдал, зүйлээр дамжуулан Бурханаар төгс болгуулах явдал юм, ингэснээр Бурхан юу болохыг илүү ихээр та нарт оруулах болно. Та нар эхлээд Бурханы өвийг газар дээр хүлээн авах ёстой; тэгсэн цагт л Бурханаас илүү их, илүү агуу ерөөлийг өвлөх эрхтэй болно. Энэ бүгд нь та нарын эрж хайх ёстой, юуны өмнө ойлгох ёстой зүйл юм. Бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулахаар эрж хайх тусмаа чи бүх зүйлээс Бурханы гарыг төдий чинээ их харж чадах бөгөөд тэгснээр янз бүрийн хэрэг явдал дээр, янз бүрийн өнцгөөс Бурханы үгийн оршихуй болон Түүний үгийн бодит байдал руу орохоор идэвхтэйгээр эрж хайна. Чи нүгэл үйлдэхгүй, ямар ч үзэлгүй, амьдралын гүн ухаангүй, хүний хүсэл зориггүй байх төдийхнөөр сөрөг байдалдаа сэтгэл хангалуун болж болохгүй. Бурхан хүнийг үй олон аргаар төгс болгодог; бүх хэрэг явдалд төгс болгуулах боломж бий бөгөөд олж авсан зүйлийг чинь илүү баяжуулахын тулд Тэр чамайг эерэг талаас нь төдийгүй сөрөг талаас нь ч бас төгс болгож чадна. Бурханаар төгс болгуулах боломж, авхуулах тохиол өдөр болгон гарч байдаг. Хэсэг хугацаанд ийнхүү туршлагажсаны дараа чи асар их өөрчлөгдөж, өмнө нь мэддэггүй байсан маш олон зүйлийг аяндаа ойлгоно. Бусдаар заалгах хэрэггүй; мэдээгүй байхад чинь Бурхан чамайг гэгээрүүлэх болно, ингэснээр чи бүх зүйл дээр гэгээрлийг олж, бүх туршлагадаа илүү нарийн орно. Бурхан чамайг баруун зүүн тийш хэлбийлгэхгүйгээр залж чиглүүлнэ. Тэгээд чи Түүгээр төгс болгуулах замд хөл тавина.

Бурханаар төгс болгуулахыг, Бурханы үгийг идэж ууснаар төгс болох явдлаар хязгаарлаж болохгүй. Иймэрхүү туршлага нь хэтэрхий өрөөсгөл, хэтэрхий багыг багтаадаг бөгөөд хүмүүсийг маш бага хүрээнд хязгаарлахаас өөр аргагүй болно. Тийм учраас хүмүүс шаардлагатай сүнслэг шим тэжээлээр ихээхэн дутагдах болно. Хэрвээ та нар Бурханаар төгс болгуулахыг хүсэж байвал бүх зүйл дээр хэрхэн туршлагажихыг сурч, өөрт тохиолдож буй бүхнээс гэгээрлийг олж авч чаддаг байх ёстой. Сайн ч бай, муу ч бай чи үүнээс үр ашиг хүртэх ёстой бөгөөд энэ нь чамайг сөрөг болгох ёсгүй. Юу ч болсон бай, чи хүний харах өнцгөөс юмыг задлан шинжилж, судлах (ингэх нь чиний туршлагын гажуудал болно) биш Бурханы талд зогсож байхдаа юмыг дэнсэлж чаддаг байх ёстой. Хэрвээ чи ингэж туршлагаждаг бол зүрх сэтгэл чинь чиний амийн ачаагаар дүүрэх болно; чи байнга Бурханы дүр төрхийн гэрэлд амьдарч, хэрэгжүүлэлтийнхээ хувьд тийм ч амар хазайхгүй. Ийм хүмүүсийн өмнө гэгээлэг ирээдүй байдаг. Бурханаар төгс болгуулах маш олон боломж бий. Энэ бүгд нь та нар Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс мөн эсэхээс, Бурханаар төгс болгуулж, Бурханаар авхуулж, Түүний ерөөл, өвийг хүлээн авах шийдэмгий байдал та нарт байгаа эсэхээс хамаардаг. Зөвхөн шийдэмгий байдал байгаад хангалтгүй. Та нар ихээхэн мэдлэгтэй байх ёстой, эс бөгөөс хэрэгжүүлэлтээсээ үргэлж хазайх болно. Бурхан та нарыг нэг бүрчлэн төгс болгохыг хүсдэг. Одоогийн байдлаар, ихэнх хүн Бурханы ажлыг аль хэдийн удаан хугацаанд хүлээн зөвшөөрсөн хэдий ч Бурханы нигүүлслийг эдлэх төдийхнөөр өөрсдийгөө хязгаарлагдаж, Түүнээс махан биеийн багахан тав тухыг хүлээн авахыг л хүсэж байдаг атлаа илүү их, илүү өндөр илчлэл хүлээн авахыг хүсдэггүй бөгөөд хүний зүрх сэтгэл үргэлж гадна байсаар байгаа гэдгийг энэ нь харуулдаг. Хэдийгээр хүний ажил, үйлчлэл болон Бурханыг хайрладаг зүрх сэтгэлд нь хольц арай бага байдаг ч дотоод гол чанар, хоцрогдмол сэтгэлгээнийх нь тухайд бол хүн махан биеийн амар амгалан, зугаа цэнгэлийг байнга эрж хайсаар байдгийн дээр хүнийг төгс болгох Бурханы нөхцөл болон зорилго юу болохыг ойшоодоггүй. Иймээс ихэнх хүний амьдрал бүдүүлэг, доройтсон хэвээр, өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй. Тэд зүгээр л Бурханд итгэх итгэлийг чухал зүйл гэж үздэггүй, бусдын төлөө л итгэж байгаа юм шиг, хэлбэр төдий хийж, хааш яаш аргацаан, урсгал даган зорилгогүй амьдардаг. Цөөн хэд нь л бүх зүйл дээр Бурханы үг рүү орохоор эрж хайж чаддаг, илүү их, баялаг зүйлсийг олж авч, өнөөдөр Бурханы гэр дэх үлэмж их хөрөнгөтэй хүмүүс болж, Бурханы ерөөлийг илүү их хүлээн авдаг хүмүүс юм. Хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулахаар эрж хайж, газар дээр Бурханы амласан зүйлийг хүлээн авч чаддаг бол, хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар гэгээрүүлэгдэхээр эрж хайж, цаг хугацааг дэмий өнгөрөөдөггүй бол идэвхтэйгээр ороход хамгийн тохирсон зам энэ мөн билээ. Ийм маягаар л чи Бурханаар төгс болгуулах үнэ цэнтэй, эрхтэй байна. Чи Бурханаар төгс болгуулахаар эрж хайдаг нэгэн үнэхээр мөн үү? Чи бүх зүйл дээр үнэн сэтгэлээсээ ханддаг нэгэн үнэхээр мөн үү? Петртэй адил Бурханыг гэсэн хайрын сэтгэл чамд байдаг уу? Есүс шиг Бурханыг хайрлах хүсэл зориг бий юу? Чи олон жилийн турш Есүст итгэж ирсэн; Есүс Бурханыг хэрхэн хайрлаж байсныг чи харсан уу? Чиний итгэдэг нэгэн үнэхээр Есүс мөн үү? Чи өнөөдрийн бодитой Бурханд итгэдэг; махбод дахь бодитой Бурхан тэнгэр дэх Бурханыг хэрхэн хайрладгийг чи харсан уу? Эзэн Есүс Христэд чи итгэдэг; яагаад гэвэл хүн төрөлхтнийг золин аврахын төлөө Есүс цовдлогдсон, Түүний үйлдсэн гайхамшиг нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэн юм. Гэхдээ хүний итгэл нь Есүс Христийн тухай мэдлэг болон жинхэнэ ойлголтоос гардаггүй. Чи Есүсийн нэрд нь л итгэдэг боловч Түүний Сүнсэнд итгэдэггүй, учир нь чи Есүс Бурханыг хэрхэн хайрлаж байсныг огт ойшоодоггүй билээ. Бурханд итгэх итгэл чинь хэтэрхий гэнэн. Чи Есүст олон жил итгэсэн хэр нь Бурханыг хэрхэн хайрлахаа мэддэггүй. Энэ нь чамайг энэ дэлхийн хамгийн тэнэг хүн болгож байгаа бус уу? Эзэн Есүс Христийн хоолыг олон жил хий дэмий идсэний чинь нотолгоо энэ байна. Би ийм хүмүүст дургүйгээр барахгүй, чиний дээдэлдэг Эзэн Есүс Христ ч гэсэн бас дургүй гэдэгт Би итгэдэг. Ийм хүмүүс яаж төгс болгуулж чадах юм бэ? Ичсэндээ нүүр чинь улайхгүй байна гэж үү? Ичихгүй байна уу? Эзэн Есүс Христээ харах нүүр чамд байсаар байна уу? Та нар бүгдээрээ Миний хэлсэн үгийн утга учрыг ойлгож байна уу?

Өмнөх: Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагах ёстой

Дараах: Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх