Үнэнийг хэрэгжүүлснээр л завхарсан зан чанарын хүлээсээс ангижирч чадна

Амь-оролт гэж юу вэ? Энэ нь үнэнийг ойлгосныхоо дараа хүмүүс Бурханыг мэдэж авч, дуулгавартай дагаж, өөрсдийнхөө завхарсан зан чанарыг эргэцүүлж, мэдэж, хаяж, улмаар үнэнийг хэрэгжүүлж чаддаг байх явдал юм. Хүн үнэнийг бодитоор хэрэгжүүлж, Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж чадах үедээ үнэн-бодит байдалд ордог. Үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүс бол амь-оролттой хүмүүс юм. Үнэн хэн нэгний амь болмогц тэрээр ямар ч хүн, асуудал, зүйлээр хязгаарлагдахаа болино—тэрээр Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, Бурханыг үнэхээр хайрлаж, Бурханд үнэхээр шүтэн мөргөж чадна. Үнэн-бодит байдал болон жинхэнэ гэрчлэлтэй байх гэдэг нь энэ юм; энэ бол амь-оролтын эцсийн үр дүн. Хэрвээ хүн олон жил Бурханд итгэсэн ч сатанлаг зан чанараараа амьдарсаар, залбиралгүй, үнэнийг эрж хайлгүй хүссэнээрээ авирлаж, өчүүхэн ч өөрчлөгдөлгүй олон жил итгэж, шүтлэггүй хүнээс бараг ялгаагүй байгаа бол ийм хүн амь-оролтгүй, үнэнийг эзэмшээгүй, амийг олж аваагүй байдаг. Хэрвээ чи үнэнийг олж аваагүй бол Сатаны эрхшээл дор амьдарч байна. Чи хүссэн ч гэсэн Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг хайрлаж, үнэнийг хэрэгжүүлж, эсвэл хүчтэй байж чадахгүй. Хэрвээ чи хүчирхэг байж чадахгүй бол ямар байдалд гацах вэ? Чи үргэлж сөрөг байдалд гацахгүй гэж үү? Чи үргэлж хүрээлэн буй орчны нөлөөгөөр ганхаж, таягдан хаягдах вий, Бурханд таалагдахгүй байх вий гэж эмээж, энэнээс ч, тэрнээс ч эмээж, багахан үүргээ идэвхгүй, дурамжхан гүйцэтгэж, хэдхэн сайн үйл бэлтгэнэ. Үндсэндээ чи татуулж, удирдуулж, хөтлүүлэх бөгөөд идэвхтэй, санаачилгатай хэсэг чинь маш бага байх учраас үүргээ гүйцэтгэснээр гарах үр дүн чинь хангалтгүй байх болно. Ийм хүмүүс хэзээ ч зүрх сэтгэлээ Бурханд өгч чаддаггүй тул олон хүн, асуудал, зүйлд хязгаарлагдаж, хүлэгдэж, үргэлж сөрөг байдалд гацдаг. Үүнээс болж тэд маш ядаргаатай амьдралаар амьдардаг. Тэд асар их шаналдаг бөгөөд эрх чөлөө, чөлөөлөлтийг олж чаддаггүй. Хэсэг хугацааны дараа сэтгэлийн тэнхээ нь тэднийг тэтгэж чадахаа больж, тэд яг л шүтлэггүй хүмүүс шиг өдөр бүр сатанлаг зан чанар дотор амьдардаг. Бурханд ингэж итгэх нь хүнийг авралд хүргэх үү? Зарим хүн: “Би урам зоригтой, Бурханы төлөө бүх зүйлийг хийхэд бэлэн. Би залуу, эрч хүчтэй, шийдэмгий, бэрхшээлээс айдаггүй” гэж хэлдэг. Энэ бүхэн хэрэгтэй юу? Үгүй. Эрч хүч чинь хэчнээн их байлаа ч ямар ч хэрэггүй. Хүний өчүүхэн хүч тамир түүнийг хэр удаан тэтгэж чадах вэ? Тэд байнга бүтэлгүйтэж, бүдэрнэ, сөрөг байдалд орох үедээ мэдээ алдана. Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй, жинхэнэ итгэлгүй бол Бурханд итгэлээ гээд нэмэргүй. Зөвхөн урам зориг, эрч хүчтэй л байх юм бол ямар ч хэрэггүй. Эдгээр нь амь биш, зөвхөн тухайн хүний ​​түр зуурын урам зориг, ашиг сонирхол юм. Хүмүүс завхарсан зан чанартай. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу эсэхээс үл хамааран бүгд түр зуурын эрч хүчтэй, агшин зуурын урам зоригтой, түрхэн зуурын догдлолтой байдаг; бүгдэд нь эрч хүчээр бялхах, хөөрч догдлох үе байдаг, гэхдээ энэ нь сэтгэл хөөрлөөс төрсөн эр зориг бөгөөд удаан үргэлжилдэггүй. Хүмүүсийн онол, туйлын хүслэн, мөрөөдөл нүд ирмэхийн зуур нуран унана, үнэн байхгүй бол хүмүүс бат зогсож чадахгүй. Сэтгэл хөөрлөөр амьдардаг хүн үүргээ сайн гүйцэтгэж чадах уу? Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Тиймээс хүмүүс амь-оролттой байх ёстой, үнэн-бодит байдалд орох ёстой. “Үнэн-бодит байдалд орох яагаад ийм хэцүү юм бэ? Би яагаад ийм олон зүйлтэй орооцолддог юм бэ? Би яах ёстой вэ?” гэж хэлдэг хүмүүс бий. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хүмүүс өөрсдөдөө найдаж болох уу? Зарим нь “Надад сэтгэлийн тэнхээ, шийдвэр байна. Би бэрхшээлээс айдаггүй. Би шийдсэн. Би бүх саад бэрхшээлийг даван туулж, эдгээр саад тотгорыг давна. Би юунаас ч айдаггүй. Хэчнээн хэцүү байсан ч би эцсийг нь хүртэл тууштай байх болно!” гэж хэлдэг. Энэ нь ашигтай юу? Энэ нь үнэндээ тэднийг бага зэрэг тэтгэж болох ч бодит бэрхшээлүүд нь хэвээр үлдэж, завхарсан зан чанар нь тэдний дотор үндэслэсэн хэвээр байх бөгөөд энэ нь өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи эцсээ хүртэл Бурханыг тууштай дагалаа ч амь зан чанараа өөрчлөөгүй, үнэн-бодит байдалд ороогүй бол Бурханы сайшаалыг хүртэж чадах уу? Чадахгүй. Бурханд итгэх нь эцсээ хүртэл тууштай байж чадах эсэхийн асуудал биш. Гол нь үнэн, амь болон Бурханы сайшаалыг хүртэж чадах эсэх юм. Энэ бол хамгийн чухал зүйл. Хэрвээ хүн үнэн-бодит байдалд орж чадахгүй, үнэнийг амиа болгож чадахгүй бол тэдний урам зориг, хүч тамир тэгтлээ удаан үргэлжлэх үү? Удаан үргэлжлэх боломжгүй. Хүмүүс үнэнийг ойлгож, үүнийг үнэнээр орлуулах ёстой. Хүн завхарсан зан чанараа шийдвэрлэж, үнэнийг хэрэгжүүлэх итгэл болон зарчимтай болох үедээ гуйвшгүй тууштай байж, бүх саад бэрхшээлийг үл харгалзан хичээсээр байх болно. Тэд ямар ч орчин, саад бэрхшээл, эсвэл бүр уруу таталттай тулгарсан бай, үргэлж Бурханд найдаж, Сатаныг ялахын тулд Бурханд ханддаг. Энэ үр дүнд хүрэхийн тулд чи Бурханы өмнө байнга очиж, Түүнд итгэн нууцаа хэлж, Түүнд залбирахдаа бэрхшээлээ ярьж, үнэнээ хэлэх ёстой. Түүнчлэн, чи бодит байдал дээр үүргээ гүйцэтгэж байхдаа, мөн бодит амьдралынхаа явцад үнэнийг хэрэгжүүлэхийн тулд хэрхэн үйлдэхээ эрж хайх ёстой. Чи үнэнийг ойлгодог, үнэнийг ухамсарлах чадвартай хүмүүсийг эрж хайж, тэдэнтэй нөхөрлөж, ингэснээрээ бага зэрэг гэгээрэл, босгон байгуулалт олж авч, хэрэгжүүлэлтийн замыг олох ёстой. Үнэнийг хэрэгжүүлж чаддаг байх нь асуудлыг чинь шийдвэрлэх бус уу? Хэрвээ чи үргэлж биеэ барьдаг, нөхөрлөдөггүй, дотроо “Нэг өдөр л биеийн хэмжээ минь өсөж, би аяндаа л үнэнийг ойлгох байх, тэгэхээр үүнийг одоо шийдвэрлэх шаардлагагүй” гэж боддог бол ийм бодол нь бүдэг бадаг, бодитой бус бөгөөд аливаа зүйлийг хойш татах магадлалтай. Үнэнийг ойлгодог хүмүүсийг эрж хайж, нөхөрлөх замаар энэ асуудлыг шийдвэрлэж болно. Хэрвээ чи ухамсарлах чадвартай бол Бурханы үгийг уншсанаар асуудлыг шийдвэрлэж бас болно. Энэ асуудлыг шийдвэрлэх явдлыг чи яагаад нухацтай авч үздэггүй вэ? Хэрвээ чи үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй бол асуудал өөрөө алга болох уу? Ингэж бодох нь тэнэг юм.

Одоо ямар нэг зүйл тохиолдоход та нар үнэнийг эрж хайж чадах уу? Та нар үнэнийг эрж хайж сурсан уу? Мэргэжлийн талбартаа зарим нэг зарчмыг эзэмшихээс гадна амь-оролтынхоо тухайд—янз бүрийн байдлаа сайжруулж, завхарсан зан чанараа өөрчлөхийн тулд үнэнийг эрж хайж чаддаг уу? Чи зарчмыг зөрчсөн зүйл хийснээсээ болоод засалт туулах үедээ гомдоллодог бол, засалт туулснаасаа болж хязгаарлагддаг бол, мөн таягдан хаягдах нь гэж бодсондоо өөрийгөө орхихдоо тулж, сөрөг болж, хойрголдог бол сатанлаг зан чанар чинь чамайг боомилохуйц ноцтой байгаа бус уу? Үнэнийг ойлгож авах тухайд бол хүмүүсийн бэрхшээл хэтэрхий олон, дэндүү том байдаг; асуудалтай тулгарах үед тэдний сөрөг талууд хэтэрхий хурдан, хэт удаан хугацаанд гарч ирдэг бөгөөд тэд үнэнийг хэтэрхий удаан, хэтэрхий бага хэрэгжүүлдэг. Хүмүүс тодорхой орчинтой тулгарч, бусдын харцыг анзаарч, зарим нэг хэлсэн үгийг сонсож, тодорхой мэдээлэл олж мэдэх үед цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тэдний дотор сөрөг зүйл бий болно. Эдгээр нь завхарсан зан чанарын төрөлхийн илрэл юм. Энэ юуг нотолж байна вэ? Энэ нь хүний ​​аминд үнэний элемент байдаггүйг нотолж байна. Хүмүүсээс аяндаа урсан гардаг боловсруулагдаагүй зүйлсийг чи толгойдоо бодсон ч, амаараа хэлсэн ч, эсвэл хийхээр санаархсан юм уу төлөвлөсөн ч—санаатай, санамсаргүй байхаас үл хамааран—бүгд завхарсан зан чанартай холбоотой. Хүмүүсийн завхарсан зан чанар хаанаас гарч ирдэг вэ? Хүмүүсийн завхарсан зан чанар сатанлаг уг чанараас нь урсан гардаг гэдгийг баттай хэлж болно, энэ бол эх сурвалж нь юм. Хүмүүсээс урсан гардаг завхарсан зүйлсийг авч үзвэл хүмүүст ямар ч үнэн-бодит байдал, хэвийн хүн чанар, хэвийн эрүүл ухаан байдаггүй нь тодорхой. Яг одоо та нар өөрсдийгөө задлан шинжилж болно. Хэрвээ чи өөрийгөө эргэцүүлэхэд анхаарлаа хандуулж, төвлөрвөл санаархал, бодол санаа, үзэл бодол чинь зөв эсэх, үнэнд нийцэж байгаа эсэхийг мэдэж болно. Ерөнхийдөө чи эдгээрийг бага зэрэг ялган таньж, ойлгож чадна. Тэгвэл үүнийг ойлгож авсныхаа дараа чи шийдэл болох үнэнийг эрж хайж чадах уу? Эсвэл томрох боломжийг нь олгож, “Би ингэж бодмоор байна, ингэж бодох нь надад тустай. Бусад хүн хөндлөнгөөс оролцох эрхгүй. Хэрвээ би эдгээр зүйлийг чанга хэлэхгүй, эдгээрийн дагуу үйлдэхгүй, энэ тухай л боддог бол зүгээр биш гэж үү?” хэмээн бодох уу? Зарим хүн ингэдэг бус уу? Энэ юуны илрэл вэ? Ингэж бодох нь буруу гэдгийг тэд гарцаагүй мэддэг ч үнэнийг эрж хайдаггүй, энэ бодлуудаа хойш тавьдаггүй, орхидоггүй. Тэд огт тоолгүйгээр ингэж бодож, үйлдсээр байдаг. Ийм хүмүүс үнэнийг хайрладаггүй, бат зогсож чаддаггүй.

Зарим хүн үүргээ гүйцэтгэдэггүй, хэн ч тэдэнд нухацтай ханддаггүй—энэ хүмүүс Бурханд итгэгч нь ердөө л Бурханы үгийг уншиж, чуулганы амьдралаар амьдарч, ерөнхийдөө шүтлэггүй хүмүүс шиг муу зүйл хийхгүй, эсвэл ужид самуун авирлахгүй байхад хангалттай гэж боддог; эцэстээ жаахан ерөөл хүртэж, амьд үлдэж чадах байх гэж тэд боддог. Хүмүүс Бурханд итгэхдээ иймэрхүү горьдлого тээдэг. Гаднаас нь харахад тэд ямар ч ноцтой алдаа гаргадаггүй боловч, тэдэнд амь-оролт огт байдаггүй, үнэн-бодит байдлыг ч бас олж аваагүй. Хэн нэгэн тэдэнд нухацтай хандмагц тэд бөөн асуудал, дутагдалтай гэдгээ ухаарч, сөрөг болж, “Бүх зүйл дууслаа, тийм үү? Би олон жил Бурханд итгээд юу ч олж авсангүй. Бурханд итгэх үнэндээ амаргүй бололтой!” гэж боддог. Тэд хүйтэн хөндий болж, үнэний төлөө тэмүүлэх хүсэлгүй болдог. Хэсэг хугацааны дараа тэдэнд хоосон санагдаж, итгэл найдвар тээхийн тулд үнэнийг эрэлхийлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Үүргээ биелүүлж эхлэхэд нь хүмүүс тэдэнд дахин нухацтай хандаж, “Хүмүүс үнэнийг эзэмших ёстой, эс бөгөөс алдаа гаргах дэндүү амархан. Хэрэв хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй бол үргэлж гэм буруу үйлдэж, засалт туулна. Аливаа зүйлийг хийхдээ урам зоригтоо найддаг бол тэд бас л засалт туулна. Би бүх зүйлд болгоомжтой байх ёстой. Би бодлогогүй ярьж, үйлдэж огт болохгүй. Би юм юманд хошуу дүрэх хэрэггүй. Онцгойрсноос хулчгар байсан нь дээр” гэж эцэстээ тэдэнд санагддаг. Ингэж хэрэгжүүлэх нь тун тохиромжтой, хэн ч үүнээс ямар ч алдаа олж хэлж чадахгүй гэж тэд боддог боловч хамгийн чухал зүйл болох үнэнийг эрэлхийлэх ёстойгоо орхигдуулсан. Тэд үнэнийг эрэлхийлдэггүй, өөрсдийнхөө амь-оролтыг ч эрэлхийлдэггүй, энэ бол тэднийг үхэлд хүргэх алдаа юм. Тэд үүргээ гүйцэтгэхдээ ажил бүтээснээр л сэтгэл ханадаг. Ажлаа дуусгахын тулд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөж, заримдаа хоёр хоолоо идэлгүй алгассан ч үл тоон ихэд завгүй байдаг. Тэд үнэхээр зовж, төлөөс төлж чаддаг боловч тэдэнд амь-оролт байдаггүй. Тэд алдаа гаргаж, засалт туулах вий гэж айгаад алхам тутамдаа бусдаас сэрэмжилдэг. Иймэрхүү байдал зөв үү? Үнэнийг эрэлхийлдэг хүн энэ мөн үү? Хүмүүс эцсээ хүртэл үүргээ ингэж гүйцэтгэвэл үнэнийг олж авч, үнэн-бодит байдалд орж чадах уу? (Үгүй.) Та нарын дунд ийм хүн олон байдаг бус уу? Та нар байнга яг ийм байдалтай байдаггүй гэж үү? (Тийм.) Та нар ингэж үйлдэх нь муу, өөрийгөө сөрөг байдалд амьдарч байна гэж бодоод сэрэмжтэй байдаг уу? Аливаа зүйл тохиолдоход чи дандаа хулчгар, бялдууч шиг аашлан үргэлж буулт хийж, үргэлж дундыг баримталж, хэнийг ч гомдоохгүй, юунд ч хошуу дүрэхгүй, огт хэтрүүлдэггүй, яг л байрандаа зогсож, үүргээсээ үл хазайж, хэлсэн болгоныг хийж, түрүүнд ч, ард ч зогсохгүй, олныг дагаж яваа мэт байдаг. Надад хэлээч, хэрвээ чи эцсээ хүртэл ийм маягаар үүргээ гүйцэтгэсээр байвал Бурханы сайшаалыг хүртэж чадна гэж бодож байна уу? Иймэрхүү байдал тун аюултай бөгөөд Бурханаар төгс болгуулж чадахгүй төдийгүй Бурханы зан чанарт халдах магадлалтай гэдгээ та нар мэдэж байна уу? Ийм бүлээн хүн үнэнийг эрэлхийлдэг үү? Тэрээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн мөн үү? Ийм байдалтай амьдардаг хүнээс байнга бялдуучийн бодол санаа гардаг бөгөөд түүнд Бурханаас эмээдэг сэтгэл байдаггүй. Хүн зүгээр л ямар ч шалтгаангүйгээр айж, түгшдэг бол энэ нь Бурханаас эмээдэг сэтгэл мөн үү? (Биш.) Тэрээр үүрэгтээ өөрийгөө бүрэн дайчилж, ажлаасаа гарч, гэр бүлээсээ татгалзлаа ч гэсэн, Бурханд зүрх сэтгэлээ өгдөггүй, Бурханаас сэрэмжилдэг бол энэ нь сайн байдал мөн үү? Энэ нь үнэн-бодит байдалд орох хэвийн байдал мөн үү? Энэ байдал цаашид даамжирвал аймаар бус уу? Хэрэв хүн ийм байдалд байсаар байвал үнэнийг олж авч чадах уу? Амийг олж авч чадах уу? Үнэн-бодит байдалд орж чадах уу? (Үгүй.) Та нар өөрсдөө яг ийм байдалтай гэдгээ мэдэж байна уу? Та нар үүнийг мэдээд “Би яагаад үргэлж Бурханаас сэрэмжилдэг юм бэ? Яагаад дандаа ингэж боддог юм бэ? Ингэж бодох тун аймшигтай! Энэ бол Бурханыг эсэргүүцэж, үнэнийг голж байгаа хэрэг. Бурханаас сэрэмжлэх нь Бурханыг эсэргүүцэхтэй адил” гэж дотроо боддог уу? Бурханаас сэрэмжилдэг байдал нь яг л хулгайчтай адил—чи гэрэлд амьдарч зүрхлэхгүй, чөтгөрлөг дүр төрхөө ил гаргахаас айхын зэрэгцээ “Бурхан бол тоглоом биш. Тэр бүх цаг үе, газар нутагт хүмүүсийг шүүж, гэсгээж чадна. Хэрвээ чи Бурханыг уурлуулбал хөнгөн тохиолдолд Тэр чамайг засна, хүнд тохиолдолд чамайг шийтгэж, өвчлүүлж, зовооно. Хүмүүс ийм зүйлийг тэсвэрлэж чадахгүй!” гэж айдаг. Хүмүүст ийм буруу ойлголт байдаг бус уу? Энэ нь Бурханаас эмээдэг сэтгэл мөн үү? (Биш.) Ийм байдал аймаар бус уу? Хүн ийм байдалд байж, Бурханаас сэрэмжилж, үргэлж ийм бодол тээж, Бурханд үргэлж ингэж хандахдаа Бурханыг Бурхан гэж үзэж байна уу? Энэ нь Бурханд итгэх итгэл мөн үү? Хүн Бурханд ийм маягаар итгэж, Бурханд Бурхан шиг ханддаггүй бол энэ нь асуудал бус уу? Хүмүүс ядаж л Бурханы зөвт зан чанарыг хүлээн авдаггүй, Бурханы ажлын бодит байдлыг ч хүлээн авдаггүй. Тэд “Бурхан энэрэнгүй, хайр энэрэлтэй нь үнэн боловч бас уур хилэнтэй. Бурханы уур хилэн хүн дээр буухад сүйрэлд хүргэдэг. Тэр хүссэн хүнээ устгаж, хүмүүсийг хэдийд ч үхтэл нь цохиж чадна. Бурханы уур хилэнг бүү хүргэ. Түүний сүр жавхлан, уур хилэн халдахыг зөвшөөрдөггүй нь үнэн. Түүнээс зайгаа барь!” гэж боддог. Хэрэв хүн ийм хандлага, ийм үзэл санаатай байвал Бурханы өмнө бүрэн дүүрэн, чин сэтгэлээсээ ирж чадах уу? Чадахгүй. Тэгвэл Бурхан тэр хоёрын хооронд зай байх бус уу? Тэр хоёрыг тусгаарлах зүйл олон байх бус уу? (Тийм.) Хүмүүсийг Бурханы өмнө ирэхэд ямар зүйл саад болдог вэ? (Тэдний ирээдүй, хувь заяа.) (Алдар нэр, ашиг хонжоо, байр суурь.) Өөр? Ямар зүйлс хүмүүсийг үнэнээс залхаж, үнэнийг голж, Бурханы амийн хангалт болон авралыг голоход хүргэдэг вэ? Үүнийг тунгаан бод: Хүмүүсийн юу нь тэднийг Бурханы өмнө чин сэтгэлээсээ ирж, үнэнийг хэрэгжүүлэхэд, мөн бие махбод, зүрх сэтгэлээ Бурханд хариуцуулж, захируулахад саад болдог вэ? Ямар зүйлс хүмүүсийг Бурханаас эмээж, Бурханыг буруугаар ойлгоход хүргэдэг вэ? Хүмүүс завхарсан зан чанар, түүнчлэн сатанлаг гүн ухаан, сатанлаг бодолтой байдаг; тэд, ов мэхтэй, алхам бүрдээ Бурханаас сэрэмжилж, Бурханд үл итгэж, буруугаар ойлгодог. Энэ бүх зүйл холилдсон үед хүн Бурханд үнэхээр итгэж чадах уу? Бурханы үгийг өөрийнхөө амь болгон хүлээн авч чадах уу? Зарим хүн “Би өдөр бүр Бурханы үгийг идэж, уудаг. Бурханы үгийг уншаад сэтгэл хөдлөхдөө би залбирдаг. Би Бурханы үгийг үнэн гэж нандигнадаг. Би өдөр бүр уншиж, байнга чимээгүй залбирч, Бурханыг магтан дуулдаг” гэж хэлдэг. Хэдийгээр иймэрхүү сүнслэг амьдрал сайн боловч энэ хүмүүс өөртөө тохиолдсон зүйлд хариу үйлдэл үзүүлэхдээ өөрсдийнхөө үзэл санаанд найдсаар байдаг, үнэнийг огт эрж хайдаггүй бол, тэдний ойлгодог хоосон сургаал нь тэдэнд нөлөөлдөггүй бол юу болоод байна вэ? Хүмүүс үнэнийг хайрладаггүй. Тэд Бурханы үгийг нандигнадаг гэж хэлдэг ч өөрсдийгөө Бурханы үгтэй харьцуулдаггүй, Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй. Энэ нь маш төвөгтэй бөгөөд дараа нь үнэн-бодит байдалд ороход хүмүүст маш хэцүү байдаг. Хүмүүс хэзээ ч үнэнийг ойлгодоггүй, Бурханы талаар өчүүхэн ч мэдлэггүй учраас Бурханы тухай үзэл, буруу ойлголттой байх нь гарцаагүй бөгөөд Бурхан болон тэдний хооронд хана байдаг. Та нар бүгд ийм хувийн туршлагатай бус уу? Чи “Би Бурханаас сэрэмжлэхийг хүсэхгүй байна, Бурханд үнэхээр итгэмээр байна, гэхдээ надад ямар нэг зүйл тохиолдоход би өөрийн эрхгүй Түүнээс сэрэмжилдэг. Би өөрийгөө баглан Бурханаас тусгаарлаж, сатанлаг гүн ухааныг ашиглан өөрийгөө хамгаалахыг хүсдэг. Миний юу нь болохгүй байна вэ?” гэдэг. Энэ нь хүмүүст үнэн байдаггүй, тэд сатанлаг гүн ухаанаар амьдарсаар, сатаны хяналтад байсаар байгааг харуулдаг. Энэ бол сатанлаг уг чанараас нь шалтгаалсан хүмүүсийн өрөвдмөөр дүр юм—үнэнийг хэрэгжүүлэхэд тэдэнд хэцүү байдаг. Үнэнийг хэрэгжүүлэхгүй байх нь амь-оролтод хамгийн том саад болдог. Хэрвээ энэ асуудал шийдэгдэхгүй бол хүн зүрх сэтгэлээ Бурханд өгч, Бурханы ажлыг олж авч, үнэн-бодит байдалд ороход хэцүү. Та нар бүгдээрээ үүнийг туулж байсан уу? Энэ асуудлыг яаж шийдвэрлэж болох вэ? Чи өөрийгөө эргэцүүлж, мэдэхийг хичээж, үнэнийг хэрэгжүүлэхэд чинь ямар зүйл саад болж байгааг олж харах ёстой. Гол нь энэ асуудлыг шийдвэрлэх явдал юм.

Үнэнийг эрэлхийлэх нь эрдмийн салбар хөөцөлдөхтэй адил төвөгтэй эсвэл хэцүү юу? Энэ нь үнэндээ тийм ч хэцүү биш, зүгээр л хүн үнэнийг хайрладаг эсэхээс хамаарна. Үнэнийг эрэлхийлэх нь өөрөө хэцүү биш; энэ нь шинжлэх ухааны тусгай нэг салбарыг судлахаас бага хүчин чармайлт шаарддаг—амьжиргаагаа залгуулахаас ч хялбар. Яагаад тэр вэ? Үнэний бодит байдал бол хэвийн хүн чанартай хүмүүсийн амьдран харуулах, эзэмших ёстой зүйл юм. Энэ нь хүмүүсийн хэвийн хүн чанартай холбоотой тул тэдний бодол, үзэл санаа, бодож байгаа бүх зүйл, өдөр тутмын амьдрал дахь бүх үйлдэл, зан авир, эсвэл оюун ухаанаас нь салшгүй. Үнэн бол онол биш, академийн салбар ч биш, мэргэжил ч биш. Үнэн хоосон биш. Үнэн нь хэвийн хүн чанартай нягт холбоотой—үнэн бол хэвийн хүнд байх ёстой амь юм. Энэ нь чиний бүх дутагдал, муу зуршил болон сөрөг, эндүү ташаа бодлыг засаж залруулж чадна. Энэ нь сатанлаг зан чанарыг чинь өөрчилж, чиний амь болж, чамд хүн чанар, эрүүл ухаантай байх боломж олгож, чиний бодол санаа, сэтгэлгээг хэвийн болгож чадна—энэ нь чиний бүх хэсгийг хэвийн болгож чадна. Хэрвээ үнэн чиний амь болбол амьдран харуулж буй зүйл, хүн чанарын бүх илчлэл чинь хэвийн болно. Тиймээс үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэх нь бүдэг бадаг, ойлгомжгүй зүйл биш, тийм хэцүү зүйл ч биш. Яг одоо та нар үнэнийг бага зэрэг хайрлаж, илүү сайн болохоор чармайхад бэлэн байгаа хэдий ч замдаа огтхон ч ороогүй байна. Эхний алхам үргэлж хамгийн хэцүү байдаг. Үнэнийг хэрэгжүүлж, сайхан амтыг нь амталж чадах л юм бол үнэнийг эрэлхийлэх нь амархан зүйл гэж бодогдоно.

Хэрвээ хүн үнэнийг өөрийн амь гэж үзэхгүй, үргэлж завхарсан зан чанар дотроо амьдардаг бол энэ нь яаж илэрдэг вэ? Хүн үнэнийг олж аваагүй байх үедээ сатанлаг уг чанарынхаа хязгаарлалт, хүлээсээс ангижирч угаасаа чадахгүй. Тэднээс гардаг завхарсан зан чанар нь угаасаа биеэ тоосон, ихэрхүү зан, хуулийг гууль болгосон, дур зоргоороо, бодлогогүй, худалч, хууран мэхэлсэн, дотуур тамиртай, ов мэхтэй, алдар нэр, ашиг сонирхлыг эрэлхийлсэн, ашиг хонжоо хайсан, аминч, жигшүүртэй зан юм. Түүнчлэн бусад хүмүүстэй харилцахдаа тэд бусдад үл итгэх, бусдыг шүүмжлэх, дайрч давшлах хандлагатай байдаг. Тэд үргэлж өөрсдийн дур сонирхолд тулгуурлан ярьж, үйлддэг; үргэлж хувийн санаархал, зорилготой байдаг бөгөөд үргэлж бусдын талаар өрөөсгөл ойлголт тээдэг. Алдаа, бүтэлгүйтэлтэй тулгарах үедээ үргэлж сөрөг болдог. Заримдаа тэд хэтэрхий биеэ тоосон байдаг; заримдаа өөрсдийгөө газарт булж ч чадахуйц сөрөг болдог. Тэд үргэлж туйлширдаг—араа шүдээ ярзайлгаж, хумс хуруугаа арзайлгаагүй байгаа бол сөрөг болж, өрөвдөлтэй дүр эсгэхээр оролддог. Тэд хэзээ ч хэвийн байдаггүй. Энэ бол та нарын одоо байгаа байдал. Та нар зовж шаналж, төлөөс төлөхөд бэлэн, шийдвэр, шийдэмгий байдлаар дүүрэн байгаа ч үнэн-бодит байдал та нарт байхгүй. Хэрвээ хүн үнэн-бодит байдлыг амиа болгосон бол энэ нь яаж илрэх вэ? Юуны өмнө тэд Бурханд дуулгавартай байж, хүний ​​төрхийг амьдран харуулж чадна; тэд үнэнч шударга, амь зан чанар нь өөрчлөгдсөн хүн байх болно. Амь зан чанарын өөрчлөлтийн хэд хэдэн онцлог шинж байдаг. Эхний онцлог шинж нь зөв, үнэнд нийцдэг зүйлд дуулгавартай байж чаддаг байх явдал юм. Хэн ч санаа бодлоо хэлсэн, тэр хүн нь хөгшин байна уу, залуу байна уу, чи түүнтэй эвтэй байж чаддаг байна уу, үгүй ​​байна уу, түүнийг мэддэг байна уу, үгүй байна уу, түүнтэй танил байна уу, үгүй байна уу, түүнтэй харилцах харилцаа чинь сайн байна уу, муу байна уу хамаагүй хэлж байгаа зүйл нь зөв, үнэнд нийцдэг, Бурханы гэрийн ажилд тустай л бол чи өөр ямар ч хүчин зүйлийн нөлөөнд автахгүйгээр тэрийг сонсож, зөвшөөрч, хүлээн авч чадна. Зөв, үнэнд нийцсэн зүйлийг хүлээн авч, дуулгавартай байж чаддаг байх нь эхний онцлог шинж юм. Хоёр дахь онцлог шинж нь ямар нэг зүйл тохиолдоход үнэнийг эрж хайж чаддаг байх; энэ нь зөвхөн үнэнийг хүлээн авч чаддаг байхаас гадна үнэнийг хэрэгжүүлэх явдал бөгөөд асуудлыг өөрийн хүслээр шийдвэрлэхгүй байх юм. Чамд юу ч тохиолдсон бай, тодорхой харж чадахгүй байх үедээ чи эрж хайж, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх, үнэн-зарчимд нийцэж, Бурханы шаардлагыг хангахуйц байдлаар хэрхэн хэрэгжүүлэхийг харж чадна. Гурав дахь онцлог шинж нь ямар ч асуудалтай тулгарсан Бурханы хүслийг харгалзан үзэж, Бурханд дуулгавартай болохын тулд махан биеийг эсэргүүцэх явдал юм. Ямар ч үүрэг гүйцэтгэж байсан чи Бурханы хүслийг харгалзан үзэж, Бурханы шаардлагын дагуу үүргээ гүйцэтгэнэ. Энэ үүргийн хувьд Бурхан ямар ч шаардлага тавьсан бай, чи үүргээ гүйцэтгэж байхдаа тэдгээр шаардлагын дагуу үйлдэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үйлдэнэ. Чи энэ зарчмыг ухамсарлаж, үүргээ хариуцлагатайгаар, үнэнчээр гүйцэтгэх ёстой. Бурханы хүслийг харгалзан үзэх гэдэг нь энэ юм. Хэрвээ чи тодорхой нэг асуудал дээр хэрхэн Бурханы хүслийг харгалзан үзэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаа мэдэхгүй байгаа бол эрж хайх ёстой. Та нар зан чанарын өөрчлөлтийн энэ гурван онцлог шинжтэй өөрийгөө харьцуулж үзээд ийм онцлог шинжтэй эсэхээ шалгах ёстой. Хэрвээ энэ гурван чиглэлээр бодит туршлага, хэрэгжүүлэлтийн замтай бол чи асуудлыг зарчмын дагуу шийдвэрлэнэ. Чамд юу тохиолдож, ямар асуудал тулгарч байгаагаас үл хамааран чи хэрэгжүүлэлтийн зарчим юу болох, үнэн-зарчим бүрд ямар нарийн ширийн зүйл багтсан, зарчмыг зөрчихгүйгээр хэрхэн хэрэгжүүлэх талаар үргэлж эрж хайх ёстой. Эдгээр асуудлыг тодорхой ойлгосны дараа чи үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхээ аяндаа мэдэж авна.

Бүх зүйл сайхан байхад зарим хүн илт завхарсан зан чанар гаргадаггүй мэт харагддаг учраас өөрсдийгөө сайн, өөрчлөгдсөн, үнэн-бодит байдалтай гэж боддог. Гэвч уруу таталт юм уу үнэн-зарчимтай холбоотой чухал асуудал тэдэнд тохиолдоход завхарсан зан чанар нь илчлэгддэг. Тэд сөрөг байдалд автаж, төөрөлдөж, хэрэгжүүлэх зөв арга замыг мэдэхгүй, бэрхшээлээр хүрээлүүлдэг. Жишээ нь, үнэнч шударга хүн байж, үнэнээ хэлэх нь үнэнийг хэрэгжүүлэх явдал юм. Үнэнээ хэлэх гэж хичээх үед чамд ямар бэрхшээл тулгардаг вэ? Ямар саад тотгор тулгардаг вэ? Ямар зүйл үнэнээ хэлэхэд чинь саад болж, хязгаарлаж, хүлдэг вэ? Нэр нүүр, байр суурь, нэрэлхүү зан, түүнчлэн чиний сэтгэл хөдлөл, хувийн дур сонирхол—энэ бүхэн хэдийд ч гарч ирж болох бөгөөд үнэнийг хэрэгжүүлэхэд хүмүүст саад болж, хязгаарладаг. Эдгээр нь завхарсан зан чанар юм. Чи ямар ч нөхцөл байдалд байсан завхарсан зан чанар чиний байдлыг хэвийн бус болгож, элдэв янзын сөрөг зүйлийг бий болгож, чамайг бүх талаар хязгаарлаж, хянаж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханд үйлчлэхэд чинь чамайг саатуулж, хүндрэл учруулдаг. Энэ бүхэн чамайг асар их ядраана. Гаднаа хүмүүс эрх чөлөөтэй мэт харагддаг ч үнэн хэрэгтээ завхарсан, сатанлаг зан чанартаа чанга хүлэгдсэн байдаг. Тэд сонголт хийх ямар ч эрх чөлөөгүй, ганц алхам хийхэд хүртэл туйлын хэцүү байдаг бөгөөд ядарч туйлдсан амьдралаар амьдардаг. Үнэнээ хэлж, ямар нэг бодит зүйл хийхэд ихэвчлэн тэднээс маш их хүчин чармайлт шаардагддаг. Тэд хүссэн ч үүргээ сайн гүйцэтгэж, Бурханд үнэнч байж чаддаггүй, хэрвээ тэд үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг гэрчлэхийг хүсвэл энэ нь бүр ч хэцүү байх болно. Хэчнээн ядаргаатай гээч! Тэд завхарсан, сатанлаг зан чанарынхаа торонд амьдарч байгаа бус уу? Тэд Сатаны харанхуй нөлөөн дор амьдарч байгаа бус уу? (Тийм.) Тэгвэл хүмүүс яаж үүнээс ангижрах вэ? Үнэнийг хэрэгжүүлж, амь-оролтод орохоос өөр зам бий юу? Огт байхгүй. Уламжлалт соёлын мэдлэг хүмүүсийг аварч, Сатаны нөлөөллөөс чөлөөлж чадах уу? Библийн мэдлэгийг ойлгодог бол яах вэ? Сүнслэг хоосон сургаалыг ярьж чаддаг бол яах вэ? Үгүй ээ, эдгээрийн аль нь ч хүмүүсийг аварч, Сатаны нөлөөллөөс чөлөөлж чадахгүй. Бурханы ажил болон Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг хүлээн авч байж л завхарсан зан чанарын асуудлыг шийдвэрлэж чадна; тэгж байж л хүмүүс үнэнийг ойлгож, үнэнийг олж авч, Сатаны нөлөөллөөс ангижирч чадна. Хэрвээ хүн сайн хүн байхаар чармайж, ямар нэг муу зүйл хийдэггүй ч зан чанараа өөрчлөөгүй бол Сатаны нөлөөллөөс ангижирч чадах уу? Хүн Тао Тэ Чинг, Буддын судар, эсвэл уламжлалт соёлыг судалснаар үнэнийг олж авч чадах уу? Бурханыг мэдэж авч чадах уу? Уламжлалт соёлтой зууралдаад, үнэнийг эрэлхийлдэггүй бол завхарсан зан чанар нь цэвэрлэгдэж чадах уу? Бурханы авралд хүрч чадах уу? Ингэж байгаа хүмүүс өөрсдийгөө хууран мэхэлж байгаа бөгөөд ямар ч асуудлаа шийдвэрлэж чадахгүй. Олон жил Бурханд итгэсэн ч итгэл нь будилуу хэвээр байгаа маш олон хүн бий. Тэд үнэнийг эрэлхийлэх сонирхолгүй; үүргээ гүйцэтгэж байгаадаа л сэтгэл ханадаг. Тэд ёрын муу зүйл хийхгүй байх юм уу аль болох бага хийж, сайн сайхан, буяны үйлс илүү их хийж, бусдад хайраар тусалж, чуулганыг хэзээ ч орхихгүй, Бурханаас урвахгүй л бол бусад хүнд таалагдаж, Бурханы таалалд нийцэж, Бурханы хаанчлалд хувь хүртэнэ гэж боддог. Энэ санаа хэрэгжих боломжтой юу? Сайн хүн байснаар завхарсан зан чанараасаа ангижирч чадах уу? Ийм маягаар авралд хүрч чадах уу? Тэд хаанчлалд хувь хүртэх үү? Та нар бүгд харж байгаа, энэ дэлхий дээр сайхан үг хэлдэг “сайн хүн” гэгдэгсэд олон байдаг—хэдийгээр гаднаа тэд ямар ч айхтар ёрын мууг үйлдээгүй мэт боловч үнэн хэрэгтээ маш ов мэхтэй, зальжин байдаг. Тэд юмны аясыг дагаж, аятайхан, зальжин байдлаар ярихдаа гарамгай. Тэд бол хоёр нүүртэй, хуурамч сайн хүмүүс—зүгээр л сайн дүр эсгэж байгаа. Дундыг баримталдаг хүмүүс бол хамгийн дотуур тамиртай хүмүүс. Тэд хэнийг ч гомдоодоггүй, аятайхан, залирхаг, бүх нөхцөл байдалд санал нийлж чаддаг ба хэн ч тэдний алдааг олж харж чаддаггүй. Тэд яг л амьд Сатантай адил! Та нарын дунд ийм хүмүүс байдаг уу? (Байдаг.) Ингэж амьдрах нь ядаргаатай гэж та нар бодохгүй байна уу? (Тийм ээ, ядаргаатай.) Тэгвэл та нар өөрчлөх арга замыг бодож үзсэн үү? Яаж өөрчлөх вэ? Хаанаас ахиц дэвшил эхлэх ёстой вэ? (Үнэнийг хэрэгжүүлснээр.) “Үнэнийг хэрэгжүүлснээр”, “үнэнийг ойлгосноор”, “үнэн-бодит байдалд орсноор” гэж бүү хэл. Энэ бол асар том үг бөгөөд хүн хүрч чадахгүй учраас ийм үг хоосон санагддаг. Үүний оронд бид нарийн ширийн зүйлээс эхлэх ёстой. (Үнэнч шударга хүн байснаар.) Энэ бол тодорхой хэрэгжүүлэлт юм. Үнэнч шударга хүн бай, арай дэлгэрэнгүй хэлэх юм бол: Энгийн, нээлттэй, юуг ч нуудаггүй, худлаа ярьдаггүй, хэл амаар дайрдаггүй хүн бай, шударга ёсны мэдрэмжтэй, үнэн үг хэлж чаддаг шулуухан хүн бай. Хүмүүс эхлээд үүнд хүрэх ёстой. Чуулганы ажлыг үймүүлэх зүйл хийдэг нэг ёрын муу хүн байлаа, удирдагч нөхцөл байдлыг илүү сайн ойлгохоор чам дээр ирлээ гэж бодъё. Чи хэн хийснийг мэдэж байгаа ч тэр хүнтэй сайн харилцаатай, түүнийг гомдоохыг хүсэхгүй байгаа тул мэдэхгүй гэж худлаа хэллээ. Удирдагч илүү нарийвчлан асуухад чи булзааруулж, тэр ёрын муу хүнийг нуух шалтаг гаргана. Энэ нь ов мэхтэй байдал биш гэж үү? Чи удирдагчид нөхцөл байдлын талаар үнэнийг хэлээгүй, харин нуусан. Чи яагаад ингэдэг юм бэ? Учир нь чи хэнийг ч гомдоохыг хүсээгүй. Чи хүн хоорондын харилцааг хамгаалж, хэнийг ч гомдоохгүй байхыг эн тэргүүнд тавьж, үнэнээ хэлж, үнэнийг хэрэгжүүлэхийг сүүлд нь тавьдаг. Чамайг юу хянаж байна вэ? Сатанлаг зан чанар чинь чамайг хянаж, чиний амыг таглаж, үнэнийг хэлэхэд саад болсон—чи зөвхөн сатанлаг зан чанараараа л амьдарч чаддаг. Завхарсан зан чанар гэж юу вэ? Завхарсан зан чанар бол сатанлаг зан чанар бөгөөд завхарсан зан чанараараа амьдардаг хүн бол амьд Сатан юм. Түүний яриа үргэлж уруу татсан, тойруу байх бөгөөд хэзээ ч шууд хэлдэггүй; үхтлээ зодуулсан ч үнэнээ хэлэхгүй. Хүний завхарсан зан чанар хэтэрхий ноцтой болох үед ийм зүйл тохиолддог; тэд хүн чанараа бүрмөсөн алдаж, диавол болдог. Та нарын ихэнх нь бусадтай харилцах харилцаа, бусад хүний дундах байр суурь, нэр хүндээ хамгаалахын тулд Бурханд халдаж, Бурханыг хуурахыг илүүд үзнэ. Ингэж авирладаг хүн үнэнийг хайрладаг уу? Үнэнийг эрэлхийлдэг хүн мөн үү? Тэд бол улайм цайм Бурханыг хуурдаг, өчүүхэн төдий ч Бурханаас эмээдэг сэтгэлгүй хүмүүс юм. Тэд Бурханыг хуурч зүрхэлдэг; тэдний амбиц, тэрслүү байдал үнэхээр их байж таарна! Ийм хүмүүс ихэнхдээ өөрсдийгөө Бурханыг хайрлаж, Бурханаас эмээдэг гэж боддог бөгөөд “Би Бурханы тухай бодох бүрдээ Бурхан ямар хэмжээлшгүй, ямар агуу, ямар ойлгошгүй юм бэ гэж боддог! Бурхан хүн төрөлхтнийг хайрладаг, Бурханы хайр үнэхээр бодит!” гэж үргэлж хэлдэг. Чи сайхан үг хэлж болох ч чуулганы ажлыг үймүүлж байгаа ёрын муу хүнийг харвал илчлэхгүй. Чи бол бялдууч, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахын оронд зөвхөн өөрийнхөө алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг хамгаалдаг. Хэрэг явдлын үнэн мөнийг мэдэж байхдаа чи булзааруулж, үнэнээ хэлэлгүй, ёрын муу хүмүүсийг хамгаалдаг. Хэрвээ чамаас үнэнийг хэлэхийг хүсвэл чамд маш хэцүү байх болно. Үнэнээ хэлэхээс зайлсхийхийн тулд л чи маш их утгагүй юм ярьдаг! Ярьж байхдаа өөрийнхөө нэр хүнд, нэр нүүрийг хамгаалах гэсэндээ чи тойруу байдлаар ярьж, өчнөөн их юм бодож, үнэхээр ядаргаатай амьдардаг! Ийм маягаар авирладаг хүмүүс Бурханд таалагддаг уу? Бурхан ов мэхтэй хүмүүсийг хамгийн их жигшдэг. Хэрвээ чи Сатаны нөлөөллөөс ангижирч, авралд хүрэхийг хүсвэл үнэнийг хүлээн авах ёстой. Юун түрүүнд үнэнч шударга хүн болохоос эхлэх ёстой. Илэн далангүй бай, үнэнийг хэл, сэтгэл хөдлөлдөө бүү авт, дүр эсгэлт, заль мэхээ хойш тавь, зарчимтай байдлаар асуудлыг ярьж, шийдвэрлэ—энэ нь амар хялбар, аз жаргалтай амьдрах арга зам бөгөөд чи Бурханы өмнө амьдарч чадна. Хэрвээ чи үргэлж Сатаны гүн ухаанаар амьдарч, худал хуурмаг, заль мэхэнд найдсаар өдөр хоногийг өнгөрөөдөг бол Сатаны эрх мэдэл дор, харанхуйд амьдарна. Хэрвээ чи Сатаны ертөнцөд амьдарвал улам л ов мэхтэй болно. Чи олон жил Бурханд итгэж, маш олон номлол сонссон ч завхарсан зан чанар чинь хараахан ариусгагдаагүй, одоо ч гэсэн сатанлаг зан чанараараа амьдарсаар байна—чи үүнийгээ жигшихгүй байна уу? Ичихгүй байна уу? Бурханд хэр удаан итгэсэн чинь хамаагүй, хэрвээ шүтлэггүй хүнтэй адил хэвээр байгаа бол чи Бурханд итгээд ямар хэрэгтэй юм бэ? Бурханд ингэж итгэснээр чи үнэхээр авралд хүрч чадах уу? Чиний амьдралын зорилго өөрчлөгдөөгүй, зарчим, арга барил чинь ч өөрчлөгдөөгүй; шүтлэггүй хүнд байхгүй цорын ганц зүйл чинь “итгэгч” гэх цол юм. Хэдийгээр чи гаднаа Бурханыг дагадаг ч амь зан чанар чинь огт өөрчлөгдөөгүй бөгөөд эцэст нь чи авралд хүрэхгүй. Чи хоосон найдлага тээж байгаа бус уу? Бурханд ингэж итгэх нь үнэн болон амийг олж авахад чинь тус болж чадах уу? Яавч үгүй.

Өнөөдөр бид зан чанарын өөрчлөлтийн гурван онцлог шинжийн талаар нөхөрлөлөө. Тэр гурван онцлог шинжийг нэгтгэн дүгнэ. (Эхний онцлог шинж нь зөв, үнэнд нийцдэг зүйлийг хүлээн авч, дуулгавартай дагах чадвар. Хоёр дахь онцлог шинж нь ямар нэг зүйл тохиолдоход үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэх, аливаа асуудлыг өөрийн хүслээр шийдвэрлэхгүй байх чадвар. Гурав дахь онцлог шинж нь чамд юу ч тохиолдсон, Бурханы хүслийг бодолцон үзэж, махан биеийг эсэргүүцэж, Бурханд дуулгавартай байх чадвар.) Та нар бүгд энэ гурван онцлог шинжийн талаар тунгаан бодож, нөхөрлөх ёстой. Бодит амьдрал дээр өөрсдийгөө эдгээртэй харьцуулж, эдгээрийг хэрэгжүүлэх, эдгээрт ороход өөрийгөө дадлагажуулах ёстой—ийм маягаар та нар үнэнийг олж авч, зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна. Үнэний аль талыг нөхөрлөж байгаагаас үл хамааран үнэнийг хайрладаг хүмүүст үүнийг хүлээн авах амархан байх болно. Үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн хүмүүс үнэнийг олж авч чадна, үнэнийг олж авсан хүмүүс зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна. Мөс чанаргүй, эрүүл ухаангүй, үнэнийг хайрладаггүй хүмүүс үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж чаддаггүй учраас үнэнийг олж авч чадахгүй. Хүн үнэнийг олж авах, эсвэл зан чанараа өөрчилж чадах эсэх нь түүний хувийн эрэл хайгуулаас хамаарна.

2015 оны 8 дугаар сарын 16

Өмнөх: Амийн оролт нь үүргээ биелүүлэхээс эхэлдэг

Дараах: Бурханд итгэх итгэлийн зөв замд орохын тулд хангах ёстой таван нөхцөл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх