Бурханд итгэх итгэлийн зөв замд орохын тулд хангах ёстой таван нөхцөл

Хүмүүсийн завхарсан зан чанарт нэг нийтлэг асуудал байдаг, энэ нь хүн болгоны хүн чанарт оршдог нийтлэг асуудал бөгөөд хамгийн ноцтой асуудал юм. Энэхүү нийтлэг асуудал нь хүмүүсийн хүн чанарын хамгийн сул дорой, үхлийн аюултай хэсэг бөгөөд уг чанар-мөн чанарт байдаг, ухан гаргаж, өөрчлөхөд хамгийн хэцүү зүйл юм. Энэ ямар асуудал вэ? Хүмүүс гоц гойд, супер хүн, төгс хүмүүс байхыг үргэлж хүсдэг. Хүмүүс өөрсдөө бүтээгдсэн зүйл. Бүтээгдсэн зүйлс бүхнийг чадагч болж чадах уу? Төгс, өө сэвгүй байдалд хүрч чадах уу? Бүх зүйлд чадварлаг болж, бүхний талаар ойлгож авч, бүхнийг нэвт харж, бүхнийг хийж чадах уу? Чадахгүй. Гэвч хүмүүсийн дотор завхарсан зан чанар, хөнөөлт сул тал байдаг. Тэд нэг чадвар юм уу мэргэжил сурмагцаа өөрсдийгөө чадвартай хэмээн санаж, байр суурьтай, үнэ цэнтэй хүмүүс, мэргэжилтнүүд гэж боддог. Тэд хэчнээн шалихгүй байх нь хамаагүй, олны танил, гоц гойд хүний дүр эсгэж, багахан алдартан болж, ганц ч дутагдалгүй төгс төгөлдөр, өө сэвгүй гэж хүмүүст бодогдохыг л хүсдэг; тэд бусдын нүдэнд алдартай, хүчирхэг, эсвэл агуу хүн болж, сүр хүчтэй, бүхнийг хийж чаддаг, хийж чадахгүй юмгүй мэт харагдахыг хүсдэг. Тэд бусдаас тусламж хүсвэл чадваргүй, сул дорой, дорд харагдаж, хүмүүст басамжлуулна гэж боддог. Иймээс үргэлж дүр эсгэхийг хүсдэг. Зарим хүнээс ямар нэг зүйл хийхийг хүсэхэд яаж хийхийг үнэндээ мэдэхгүй хэр нь мэднэ гэж хэлдэг. Дараа нь тэд нууцаар эрж хайж, яаж хийдгийг нь сурахаар оролддог ч хэдэн өдрийн турш судалсныхаа дараа ч яаж хийхийг нь ойлгохгүй хэвээр байдаг. Яажшуу хийж байгааг нь тэднээс асуувал “Дөхөж байгаа, дөхөж байгаа!” гэдэг. Гэвч зүрх сэтгэлдээ бол “Болоогүй байгаа шүү дээ, би юу ч мэдэхгүй, яахаа мэдэхгүй байна! Би нууцаа дэлгэж болохгүй, үргэлжлүүлэн дүр эсгэх ёстой, хүмүүст дутагдал, мэдлэггүй байдлаа харуулж болохгүй, тэдэнд дорд үзэгдэж болохгүй” гэж боддог. Энэ ямар асуудал вэ? Энэ бол ямар ч үнээр хамаагүй нэр нүүрээ хамгаалахаар хичээх амьдын там юм. Энэ ямар зан чанар вэ? Ийм хүмүүсийн биеэ тоосон зан нь дэндсэн, тэд хамаг эрүүл ухаанаа алдсан. Тэд өрөөл бусадтай адилхан байхыг хүсдэггүй, жирийн, хэвийн хүн байхыг хүсдэггүй, харин супер хүн, гоц гойд, авьяас чадвартай хүн байхыг хүсдэг. Энэ бол асар том асуудал юм! Хэвийн хүн чанарын сул тал, дутагдал, мэдлэггүй байдал, мунхаглал юм уу ойлголтоор дулимаг байдлын тухайд тэд бүгдийг нь далдалж, бусад хүнд харуулдаггүй бөгөөд дүр эсгэсээр байх болно. Бүх зүйлд харалган хэр нь зүрх сэтгэлдээ ойлгодог гэж хэлдэг зарим хүн байдаг. Тэднээс тайлбарлаач гэж хүсвэл тайлбарлаж чадахгүй. Өөр хэн нэгнийг тайлбарласны дараа тэд яг адилхан юм хэлэх гэж байсан ч цаг тухайд нь хэлж чадсангүй гэж мэлздэг. Тэд хуурамч дүр эсгэж, сайн болж харагдахын тулд чадах бүхнээ хийдэг. Та нар юу гэх вэ, ийм хүмүүс хоосон мөрөөдөлд автан амьдардаг бус уу? Тэд мөрөөдөж байгаа бус уу? Тэд хэн гэдгээ ч мэддэггүй, хэвийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулахаа ч мэддэггүй. Тэд ганц ч удаа бодитой хүн шиг аашилж байгаагүй юм. Хэрвээ чи юмыг хэрсүү байдлаар хийх биш, харин хоосон мөрөөдөлд автаж, аргацааж өдөр хоногийг өнгөрөөдөг, төсөөллөөрөө амьдардаг бол энэ нь асуудал юм. Чиний сонгосон амьдралын зам буруу байна. Хэрвээ чи ингэх юм бол Бурханд яаж ч итгэлээ гэсэн үнэнийг ойлгохгүй, үнэнийг олж авч ч чадахгүй. Үнэнийг хэлэхэд чи үнэнийг олж авч чадахгүй, учир нь эхлэх цэг чинь буруу байдаг. Чи газар дээр хэрхэн алхах, алхам алхмаар хэрхэн тууштай алхахыг сурах ёстой. Хэрэв алхаж чаддаг бол алх; гүйж сурах гэж бүү оролд. Нэг удаад нэг алхаж чаддаг бол хоёр алхах гэж бүү хичээ. Чи газарт хөлөө бат тавин биеэ авч явах ёстой. Супер хүн, агуу, сүрлэг байх гэж бүү хичээ. Сатанлаг зан чанартаа захирагддаг хүмүүс дотроо зарим нэг санаархал, хүсэл өвөрлөж, үүнийгээ зүрх сэтгэлдээ нуудаг. Тэд газар дээр хөлөөрөө амьдрахыг хүсдэггүй, харин ч агаарт дүүлж, үүл, манан дунд амьдрахыг үргэлж хүсдэг. Тэд мөрөөдөж байгаа бус уу? Хүмүүс агаарт амьдардаг уу? Энэ бол хүмүүсийн амьдрах газар биш, Сатаны эзэмшил. Бурхан хүнийг газрын тоос шорооноос бүтээсэн; Бурхан хүнийг газарт амьдруулж, хэвийн байдлаар, дүрэм журамтай амьдруулж, хэрхэн биеэ авч явах тухай нийтлэг мэдлэгийг сургаж, хэрхэн үйлдэж, хэрхэн амьдарч, хэрхэн Бурханыг шүтэн мөргөхийг сургасан. Бурхан хүмүүст даль жигүүр өгөөгүй, хүмүүсийг агаарт амьдруулдаггүй. Агаарт сэлгүүцэгчид нь хүмүүс биш, Сатан, бүх төрлийн ёрын муу сүнс билээ. Хүмүүс үргэлж ийм санаархалтай байж, супер хүн болж, ямар нэгэн өөр зүйл болж өөрчлөгдөхийг үргэлж хүсдэг бол гай дуудаж байгаа хэрэг. Тэр чигтээ хэнээрхэлд автахад маш амархан! Юуны түрүүнд энэ бодол, санаа чинь буруу. Энэ нь Сатанаас ирдэг, бодит байдлаас бүрэн давсан, Бурханы шаардлагад огт нийцдэггүй, Бурханы үгээс бүрэн давсан. Тэгэхээр энэ ямар бодол вэ? Бүдүүлэг биш, онцгой, хосгүй, харьцуулшгүй чамин тансаг байж, тусгаар тугаа намируулж, алдартай, агуу хүн болж, хүмүүсийн зүрх сэтгэлд шүтээн нь болохыг үргэлж хүсэх—хүний эрэлхийлэх учиртай зорилго энэ мөн үү? Яавч биш. Бурханы бүх үгэн дотор супер хүн, хүчтэн, алдартан, агуу хүн болохоор эрэлхийл гэж хүмүүст хэлдэг нэг ч үг байхгүй. Хүмүүсийн төсөөлдөг ийм зүйлсийн аль нь ч бодитой биш, аль нь ч оршин байдаггүй. Ийм зүйлээр хөөцөлдөх нь өөрийнхөө булшийг ухаж байгаа хэрэг. Ийм зүйлээр хөөцөлдөх тусам улам хурдан үхнэ. Энэ бол сүйрэлд хүрэх зам юм.

Бурхан маш олон үг хэлсэн болохоор хүмүүсийн зан авирт тавьдаг Бурханы шаардлагыг та нар мэдэх үү? (Хүмүүс ухамсартайгаар биеэ авч яваасай гэж Бурхан хүсдэг.) (Тэднийг нягт нямбай, анхаарал татахгүйгээр, ул суурьтайгаар биеэ авч явж, үйлдээсэй гэж Бурхан хүсдэг.) Хэдийгээр энэ хэдэн үг нь энгийн боловч ихэнх хүн хүрч чадахгүй; үнэнч шударга хүмүүс л чадна. Үнэндээ та нар яаж ч илэрхийлсэн бай, товчхондоо Бурхан хүмүүсээс үнэнч шударга байхыг шаарддаг. Үнэнч шударга хүмүүс л ухамсартайгаар биеэ авч явж, ул суурьтай үйлдэж, анхаарал татахгүй, нягт нямбай байж чаддаг учраас үнэнч шударга хүн байх нь зөв бөгөөд Бурхан үнэнч шударга хүмүүст дуртай. Бурхан ов мэхтэй хүмүүсийг жигшдэг. Ухамсартайгаар биеэ авч явдаггүй, үйлдэлдээ ул суурьтай байдаггүй хүмүүс ов мэхтэй байдаг. Ингэж хэлбэл ойлгож байна уу? Тэгэхээр Надад дахиад хэлээч, Бурхан үнэнч шударга хүмүүс байхыг шаардахаас гадна өөр ямар шаардлага хүмүүст тавьдаг вэ? (Тэд даруу байх хэрэгтэй.) Та нар “даруу” гэж хэлж байгаа ч хүмүүсийг тодорхойлоход ийм үг ашиглах нь үндэслэлтэй юу? (Үндэслэлтэй биш.) Яагаад үндэслэлтэй биш вэ? Сатаны завхруулсан хүн төрөлхтөнд анх байр суурь байгаагүй; тэд анх өтнөөс ч доор байсан юм чинь үүнээс даруу байж яаж чадах юм бэ? Тэд өөрсдийгөө улам доошлуулбал юу болох вэ? Диавол, араатан болох бус уу? Хүнийг Бурхан бүтээсэн, Бурханы бүтээсэн бүх хүнд хүний зөн совин байдаг. Өөрт нь байх учиртай зүйлд хүмүүс бүгд хүрч чаддаг бөгөөд тэр нь бүгд хэвийн зан авир, илэрхийллийнх нь нэг хэсэг юм. Эхлээд хүмүүст байдаг зарим нэг сэтгэл хөдлөл болох аз жаргал, уур уцаар, уй гашуу, баяр хөөрийн талаар ярилцацгаая. Хүн уйтай, гунигтай байх үед хамгийн түгээмэл илрэл нь уйлах явдал. Хэвийн хүн чанар аяндаа илэрч байгаа нь энэ. Уйтай, шаналантай байх үедээ чи уйлж, нулимс урсгаж болно. Бүү дүр эсгэ. Зарим хүн: “Би уйлдаггүй, би бол хүчтэй хүн, эрчүүд амархан уйлдаггүй юм!” гэж хэлдэг. Зарим нь: “Хэдийгээр эмэгтэй хүн боловч би шийдэмгий хүн. Би эр хүн шиг хүчтэй байх ёстой. Би сул дорой эмэгтэй биш, баатар болох болно” гэж хэлдэг. Ингэж бодох нь зөв үү? Энэ ямар төрлийн хүн чанар вэ? Энэ бол дүр эсгэж байгаа хэрэг; энэ нь үнэн биш. Дүр эсгэх нь хэвийн хүн чанарын илрэл биш. Харин энэ нь бусдад гаргадаг хуурамч дүр, хэвийн хүн чанарыг бүрэн гажуудуулж байгаа хэрэг. Тиймээс хүмүүс ямар нэг зүйлд шаналж, сэтгэл түгших үед, санаа алдаж, царай зүс нь харьцангуй нухацтай байх үед, юм идмээргүй байх үед энэ бүхэн нь хэвийн хүн чанарын илрэл бөгөөд үүнийг хэн ч далдалж чадахгүй. Хүн ямар нэгэн сайн зүйлтэй тулгарах үедээ инээмсэглэдэг нь бас л хэвийн илрэл юм. Баярласан үедээ чангаар инээж зүрхэлдэггүй зарим хүн бий. Тэд инээмсэглэлээ нуухын тулд үргэлж амаа дарж, хүмүүсийн дооглохоос үргэлж айдаг. Ингэх нь хэвийн үү? (Хэвийн биш.) Энэ ч бас дүр эсгэж байгаа хэрэг. Эмэгтэйчүүд олон нийтийн дунд, олон хүний өмнө инээж болохгүй, ялангуяа шүдээ харуулж болохгүй, эс тэгвэл хүмүүс тэднийг дорд үзэж, зэвүүцэх учраас биеэ барих ёстой, хөнгөн хийсвэр байж болохгүй гэж тэд боддог. Энэ бол Хятадын уламжлалт соёл хүмүүжлийн үр дүн юм. Аз жаргал, уур уцаар, уй гашуу, баяр хөөр нь хэвийн бус хүний хэвийн хүн чанарын илрэл, эсвэл хэрэгцээг бусад хүн олж харж чаддаггүй. Ийм хүн хэвийн хүн мөн үү? (Хэвийн биш.) Түүнийг захирдаг ямар нэг зүйл бодол санаанд байдаг бус уу? Сатан хүмүүсийг дэндүү гүнзгий завхруулсан. Ийм л байдаг. Тэд хүмүүс гэхээсээ илүү хорон санаатантай адилхан. Диаволын уг чанарт захирагдсан хүмүүсийн харагдах байдал энэ юм. Тэд туйлын хуурамч, хэтэрхий их дүр эсгэдэг. Бурханд хэдэн жил итгэсэн хүмүүс яагаад бараг огт өөрчлөгдөөгүй байдаг вэ? Нэг талаар, хэвийн хүн болох зам, зарчим, зүг чиг, зорилгын талаарх зөв мэдлэг, тодорхой үзэл бодол хүмүүст байдаггүй, үнэнийг эрэлхийлэх замын талаарх тодорхой үзэл бодол ч байдаггүй. Нөгөө талаар, иймэрхүү хүмүүс мэдлэггүй байдаг. Тэд дөч, тавь насалтлаа амьдарсан ч хэрхэн үнэнч шударга хүн болох, эсвэл хэвийн хүн чанарыг амьдран харуулахын тулд ямар шаардлагыг биелүүлэх ёстой талаар юу ч мэддэггүй. Учир нь уламжлалт соёл хүмүүсийн зүрх сэтгэлд хэтэрхий гүн үндэслэсэн бөгөөд хүмүүс өөрсдийнхөө төсөөлсөн шиг ариун, агуу хүний дүр эсгэхийг үргэлж хүсэж, энэ нь аливаа зүйлийг өрөөсгөл, хөгийн, хачин байдлаар ойлгоход хүргэдэг. Та нарын дунд ийм хүмүүс байна уу? Зарим хүн зүрх сэтгэлээ бусдад хэзээ ч нээж байгаагүй, сэтгэлийн гүн дэх бодлынхоо талаар яаж ярихаа ч мэддэггүй. Тэдэнд ямар ч бэрхшээл байхгүй мэт, хэзээ ч сөрөг, сул дорой байгаагүй мэт, амийн оролтод нь хэзээ ч, ямар ч бэрхшээл тулгарч байгаагүй юм шиг л байдаг. Тэд юу ч эрж хайх хэрэггүй, бусадтай нөхөрлөх ч хэрэггүй, өөр хэн нэгний нөхөрлөл, хангалт, тусламж, дэмжлэг ч хэрэггүй. Тэд бүхнийг өөрөө ойлгож, юуг ч шийдвэрлэж чаддаг юм шиг л байдаг. Хэн нэгэн тэднээс урьд нь сөрөг болж байсан эсэхийг нь асуухад тэд: “Би хааяа сөрөг болдог ч Бурханд залбирч, шийдвэр гаргаж, тангараг тавиад л зүгээр болчихдог” гэж хэлдэг. Энэ ямар төрлийн хүн бэ? Гаднаасаа иймэрхүү хүн олон биш харагдаж болох ч бодит байдал дээр ийм байдалтай олон хүн байдаг. Ийм хүн Бурханд итгэх гэж юу гэсэн үг болохыг одоо болтол мэддэггүй. Бурханд итгэнэ гэдэг нь зүгээр л Бурханыг хүлээн зөвшөөрч, сайн хүн байх гэсэн үг бөгөөд хүний хүсэл, тачаалаас ангижирч, цэвэр ариун зүрх сэтгэлтэй, шунал хүсэл багатай болох тухай Буддын шашинтнуудын ярьдаг шиг нэг л өдөр тэд “үхэшгүй мөнх болж, Замыг олж авч”, тэнгэрийн хаанчлалд орно гэж боддог. Тэд энэ чиглэлд мэрийн ажиллаж, хичээл зүтгэл гаргадаг ч ингэх нь Бурханд итгэж байгаа хэрэг мөн үү? Бурханд итгэх гэж юу болохыг тэд одоо ч мэддэггүй, бас юуг эрэлхийлэх учиртай, ямар хүн болох учиртайгаа ч мэддэггүй. Тэд үнэний талаар хэчнээн олон номлол сонслоо ч эрэлхийлдэг зорилго нь өөрчлөгддөггүй, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол нь ч өөрчлөгддөггүй. Энэ нь тун ярвигтай! Бурханд итгэх гэдэг нь юу гэсэн үг болохыг ч ойлгодоггүй бол чиний Бурхан хэн болохыг чи мэдэж чадна гэж үү? Бурханд итгэх нь юу гэсэн үг болохыг ч ойлгодоггүй бол чи үнэнийг эрэлхийлж чадна гэж үү? Бурханд итгэх тухай үзэгдлийн талаар ямар ч мэдлэггүй хүн үнэнийг хайрлаж чадна гэж үү? Бурханд итгэх тухай үзэгдлийг ойлгодоггүй хүмүүс бол үнэнийг ойлгож чаддаггүй хүмүүс юм. Ийм хүнээс үнэнийг хайрладаг эсэхийг нь асуугаад нэмэргүй; Бурханд итгэх, эсвэл үнэнийг эрэлхийлэх гэж юу болохыг тэд ойлгодоггүй. Ийм зүйлийг тэд ойлгодоггүй. Тэд гурав эсвэл таван жил, арав эсвэл найман жил Бурханд итгэсэн эсэх нь хамаагүй, хэн нь ч үнэнийг ойлгодоггүй. Бурханд итгэх нь сайн хүн байж, сайн зүйл хийж, сайхан сэтгэлтэй, өгөөмөр байх явдал гэдгийг л мэддэг бөгөөд энэ бол алдар нэртэй амьдрах арга зам гэж боддог. Ийм үзэл бодол хэтэрхий өнгөц, хоцрогдсон бус уу? Энэ нь Бурханд итгэх тухай үнэнтэй нийцдэггүй, үүнтэй ямар ч холбоогүй. Бурханд олон жил итгэсэн хэр нь Бурханд итгэх итгэлийн асуудалд шүтлэггүй хүмүүс, Буддистууд, Даосизмын үзэлтнүүдийн үзэл бодол, сэтгэлгээ, арга барилаар ханддаг, Бурханд итгэх замаар алхахдаа уламжлалт үзэл, төсөөлөлд найддаг, өөрсдийнх нь ойлголт цэвэр гэж андуурдаг, ийм маягаар Бурханд итгэх нь үнэнийг эрэлхийлэх цорын ганц зам гэж боддог хүн өөрийгөө хуурч байгаа бус уу?

Хятад хүмүүс Даосизм, Буддын шашны уламжлалт соёлтой. Энэхүү агуу уламжлалт нийгмийн орчинд бодол санаагаа эдгээр зүйлээс ангижруулах нь хятад хүмүүст маш хэцүү байдаг учраас хятадууд Бурханд итгэх итгэлийн талаар ярих үед хамгийн түрүүнд санаанд нь ордог зүйл бол цагаан хоолтон байх, Буддад залбирах, амь таслахгүй байх, өргөл барьц өгч, сайн үйл хийх, бусдад туслах, бусад руу дайрч давшилж, орилж хашхирахгүй байх, хүн алж, галдан шатаахгүй байх, сайн хүн байх гэх мэт Буддын шашин, Даосизмын үзэл бодол юм. Тэгэхээр ийм зүйлээс ангижирч, Бурханд итгэх итгэлийн жинхэнэ утгыг ойлгодог болоход хүнд хэр их хугацаа шаардлагатай вэ? Эдгээр буруу бодол, үзлийг бүрэн өөрчилж, бүрэн арилгахын тулд хүн аль үнэнийг ойлгохоор эрэлхийлэх хэрэгтэй вэ? Хүн Бурханы шаардлагыг үнэхээр ойлгож, үнэний зарчмын дагуу Бурханд итгэж байж л Бурханд итгэх зөв замд орж чадна; тэр үеэс л Бурханд итгэх итгэлийн амьдрал нь албан ёсоор эхэлдэг. Хүний зүрх сэтгэлд феодалын мухар сүсэг, эсвэл уламжлалт шашны үзэл, төсөөлөл, дүрэм журам байсаар байгаа бол зүрх сэтгэлдээ хадгалдаг тэр зүйлс нь Бурханы хамгийн их жигшиж, үзэн яддаг яг тэр зүйлс юм. Тэд үнэнийг эрж хайж, эдгээр зүйлийг ялган таньж, дараа нь бүрэн орхих ёстой. Тийм хүмүүс л үнэнийг хайрладаг, тэд л Ариун Сүнсний ажлыг хүлээж авч чадна. Энэ нь гарцаагүй. Бурханд итгэхдээ Бурханы үгийн үнэнд тулгуурладаггүй бол Бурханы ерөөлийг хэзээ ч хүртэж чадахгүй. Хүн Бурханд итгэх зөв замд ормогц, тэр босгыг давмагц дотоод байдалд нь өөрчлөлт гардаг. Юуны өмнө бодол санаа, үзэл бодол нь хий хоосон биш, бодитой болдог. Байдал, бодол, санаа нь хоосон биш, харин үнэнтэй нийцэж, Бурханы үгтэй бүрэн нийцдэг. Эрэлхийлдэг зорилго, чиглэл нь хоосон сургаалын биш, бас хүршгүй, харагддаггүй ч биш, харин ч эерэг, Бурханы шаардлагад нийцсэн, Бурханы сайшаадаг зүйл байдаг. Тэдний бүхий л байдал, бодол, санаа нь бүгд бодитой, жинхэнэ байдаг. Чи одоо Бурханд итгэдэг юм чинь бодол чинь хаана байна вэ? Зөв зүг чиглэлгүйгээр агаарт хөвсөн хэвээр байгаа бол, бодит байдалтай зохицохгүй олон бодол, хүний элдэв янзын санаа, үзэл, төсөөлөл бүхий олон хий дэмий, хоосон сургаалын бодол байсаар байгаа бол чи хоосон төсөөллөөрөө агаарт амьдарсаар, газар бууж ирээгүй байна. Ингэх нь маш аюултай, учир нь чиний юу бодох, юу хийх, зүрх сэтгэлдээ эрэлхийлэх зорилго чинь Бурханд итгэх итгэлийн талаарх үнэнтэй, эсвэл Бурханы шаардлагатай ямар ч хамаагүй, өчүүхэн төдий ч холбоогүй. Тэгвэл чи юунд үндэслэн үйлддэг вэ? Хүний нэгтгэн дүгнэсэн туршлага, ертөнцийн гүн ухаан, мөн түүнчлэн нийгэм, гэр бүл, бүх төрлийн орчноос сурсан зүйл, толгойдоо төсөөлж, нэгтгэн дүгнэсэн зүйлдээ үндэслэн үйлддэг. Жишээ нь чамд ямар нэгэн зүйл тохиолдох үед чи тэгж хийх ёстой гэж бодсоноороо үйлддэг бөгөөд тэр нь үнэнд нийцдэг, бодож байгаа зүйл чинь зөв бөгөөд эерэг зүйл бол үнэн гэж боддог. Нэг л өдөр хана мөргөх юм уу харьцалт туулах үедээ чи үйлдэл, бодол, санаа чинь бүгд үндсэндээ үнэн-зарчимд нийцдэггүй хүний төсөөлөл, үзэл болохыг ухаарна. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх итгэлийн зөв замд албан ёсоор орохоосоо өмнө хүний хийдэг олон зүйл үнэн-зарчимтай ямар ч хамаагүй байдаг. Тэдгээр нь хүмүүсийн оюун санаа, төсөөллөөс, дур сонирхол, урам зориг, хүсэл зоригоос, сайн хүсэл, итгэл найдвараас, эсвэл бүр тэдний хүслээс гардаг. Энэ бүх зүйл бол хүмүүсийн үйлдлийн эхлэх цэг, эх сурвалж юм.

Бурханд итгэх итгэлийн зөв замд орохын тулд хүн ямар байдалтай байх ёстой тухайд нэг стандарт байдаг, өөрөөр хэлбэл, хүн Бурханы үгийг туулж байхдаа хэвийн байдалтай байх ёстой. Зарим хүн хэдийнээ ийм байдалтай амьдардаг байхад зарим нь үүнд хараахан ороогүй, эсвэл хааяа тийм байдалтай байдаг ч хэсэг хугацааны дараа хуучин байдалдаа эргээд ордог. Энэ ямар байдал вэ? Хүн хэсэг хугацаанд урам зориг, дур сонирхол, үзэл, төсөөлөлдөө найдаж явсныхаа дараа ийм маягаар итгэх нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй санагдаж, ингээд үнэнийг олж авч чадахгүй, ийм маягаар итгэх нь хоосон, бодит бус гэдгийг гэнэтхэн ухаардаг. Мөн үргэлж бүтээгдсэн зүйл байснаа, жинхэнэ бүтээгдсэн зүйл байж, бүтээгдсэн зүйлийн үүргийг бүх зүрх сэтгэл, чадлаараа чин сэтгэлээсээ гүйцэтгэх учиртайгаа ухаардаг. Тэгээд аливааг ул суурьтайгаар хийж эхэлдэг бөгөөд үүргээ үнэнчээр гүйцэтгэдэг. Аливааг хийж байхдаа тэрээр тунгаан бодож, хэрхэн үнэний дагуу үйлдэж, хэрхэн Бурханы хүслийг хангаж, хэрхэн Бурханд хүлээн зөвшөөрөгдөхийг эрж хайж эхэлдэг. Тэд үзэл, төсөөлөл, дур сонирхолдоо үндэслэн үйлддэггүй. Энэ үед л хүмүүс Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Бурханы хайрыг хариулах хүсэлтэй болдог. Энэ үед тэд үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг эрж хайж, Бурханы шаардлагыг хангаж эхэлдэг. Ийм хүсэлтэй байх үедээ, зүрх сэтгэлдээ хэвийн байдалтай байх үедээ, нэг талаар чи зүй ёсны байрандаа зогсож, жинхэнэ бүтээгдсэн зүйл болдог. Нөгөө талаар, хамгийн гол нь чи зүрх сэтгэлийнхээ гүнээс Бурханыг өөрийн Эзэн, өөрийн Бурхан гэж үнэхээр хүлээн авч, Бурханы үгийг бүгдийг нь хүлээн авч, тэдгээр нь үнэн болохыг харсан. Мөн чи Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж чаддаг болж, Бурханы үгийг амь бодит байдлаа болгодог бөгөөд энэ нь чамд үнэн болон амийг олж авах боломж олгодог. Чамд ийм хүсэл, эрмэлзэл байхын зэрэгцээ Бурханы үг болон чамд тавьдаг Бурханы шаардлагыг хүлээж авах хэрэгцээ байгаа үед, мөн чи Бурханыг дуулгавартай дагаж, Бурханы хүслийг биелүүлэхийг хүсдэг болох үед амийн байдал чинь өөрчлөгдөж эхэлнэ. Энэ үеэс эхлээд чи Бурханд итгэх итгэлийн зөв замаар алхах болно.

Миний сая нөхөрлөсөн энэ үгийг нэгтгэн дүгнэхэд нэлээд энгийн; өөрөөр хэлбэл, хүн бүтээгдсэн зүйл гэдгээ ухаарч эхэлмэгц Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд жинхэнэ бүтээгдсэн зүйл болох найдвар түүнд төрнө. Үүний зэрэгцээ тийм хүмүүс Бурханыг өөрсдийнхөө Эзэн, Бурхан хэмээн хүлээн авч, Бурханы бүх шаардлага болон захиралтыг дуулгавартай дагахыг хүснэ. Тиймээс тэд дураараа аашлахаа больж, хийдэг бүхэндээ Бурханы санаа зорилго, үнэн-зарчмыг эрж хайна. Тэд зүгээр л хүссэн бүхнээ хийхээ больж, өөрийн төлөвлөгөөний дагуу аливааг хийхээ болино. Тэгээд хувийн үзэл санаандаа найдан үйлдэхийн оронд Бурханыг байнга бодолдоо тээж эхэлдэг бөгөөд субьектив хүсэл нь Бурханыг бүх талаар сэтгэл хангалуун болгож, үйлдлээрээ үнэнд нийцэж, Бурханы шаардлагыг хангах явдал байх болно. Ийм байдалд байгаа хүмүүс үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлж, үнэн-бодит байдалд ороход суралцаж эхэлсэн нь эргэлзээгүй. Хэрэв чи ийм байдалд байгаа бөгөөд ийм хүсэлтэй бол хар аяндаа л Бурханы хүслийг эрж хайхад суралцаж эхлэн, Бурханы нэрийг хэрхэн гутаахгүй байх, Бурханыг хэрхэн өргөмжлөх, Бурханаас хэрхэн эмээх, Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгохыг эрж хайж эхэлнэ; өөрийнхөө аминч хүслийг хангах юм уу өөр хэн нэгнийг сэтгэл хангалуун байлгахын оронд Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар оролдоно. Хүн ийм байдалд орох үедээ Бурханы өмнө амьдардаг болж, завхарсан зан чанартаа захирагдахаа больдог. Ийм байдалд орох үед субьектив хүслээр боддог зүйлс чинь эерэг байдаг. Хааяа завхарсан зан чанар харуулсан ч гэсэн тэрийгээ мэдэж, тэрийг шийдвэрлэхээр өөрийгөө эргэцүүлж, үнэнийг эрж хайж чаддаг болно. Тиймээс завхарсан зан чанар чамд байгаа ч гэсэн завхарсан зан чанар чинь чиний бүх зүйлийг удирдаж, чамайг захирч чадахаа болино. Энэ үед Бурханы үгийн үнэн чиний дотор ноёрхох бус уу? Чи Бурханы үгэн дотор амьдарч байгаа бус уу? Зүрх сэтгэлд чинь үнэн ноёрхохыг та нар бүгдээрээ зөвшөөрч чадах уу? Энэ нь үнэнийг эрэлхийлэх хүсэл байгаа эсэхээс хамаардаг. Хүн олон үнэнийг тодорхой ойлгодог бол зүрх сэтгэлд нь аяндаа үнэн ноёрхоно. Үнэнийг нэг их ойлгодоггүй, эсвэл Сатаны хор хэтэрхий их байгаа бол зүрх сэтгэлд нь үнэн ноёрхож чадахгүй. Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг ч аливаа зүйл тохиолдоход өөрийн эрхгүй өөрийгөө гайхуулж, нэр төр, ашиг хонжоо, байр сууриар хөөцөлдөж, хязгаарлалт, хяналт байхгүй, завхарсан зан чанараа дураар нь ил гаргадаг олон хүн бий. Энэ ямар байдал вэ? Энэ бол хүн хэтэрхий бага үнэнийг ойлгодог, биеийн хэмжээ нь хэтэрхий жижиг, махан бие, Сатаны нөлөөг давж гарч чаддаггүй байх үе юм. Ийм хүнд зүрх сэтгэлдээ үнэн ноёрхохыг зөвшөөрөх маш хэцүү байдаг. Тиймээс үнэнийг эрэлхийлэх нь энгийн зүйл биш, ядаж хэдэн жилийн туршлагагүйгээр завхарсан зан чанарын асуудлыг шийдвэрлэхэд маш хэцүү. Жишээ нь зарим хүн маш ов мэхтэй, сэтгэлийн гүн дэх бодлоо хэзээ ч хэлдэггүй, ганц ч үнэн үг хэлж чаддаггүй. Тэд юу ч ярилцаж, хэдэн ч үг хэлсэн тодорхой ярьдаггүй, үргэлж дороо эргэлдэж, өөрийгөө хянаж чаддаггүй. Хүмүүс завхарсан зан чанарынхаа өмнө, жигшүүртэй, сатанлаг уг чанар-мөн чанарынхаа өмнө маш шалихгүй, сул дорой, хүчин мөхөс, бүхэлдээ арчаагүй болохоо харуулдаг учраас байнга нүгэл үйлдэж, алдаа гаргаж, идэвхгүй байдаг. Энд юу болоод байна вэ? (Тэд Бурханд итгэх зөв замаар алхаагүй.) Тэд Бурханд итгэх зөв замаар алхаагүй бөгөөд тэр нь юуг илтгэдэг вэ? (Тэд бүтээгдсэн зүйл гэдгээ хараахан ойлгоогүй, Бурханыг дуулгавартай дагаж, сэтгэл хангалуун байлгахыг хүсдэггүй.) Үнэнийг эрэлхийлээгүйгээс гарах үр дагавар нь энэ юм. Та нар ийм нөхцөл байдалд байгаа учраас үнэн-бодит байдалд хараахан орж эхлээгүй гэж хэлж болох уу? (Болно.) Үнэн-бодит байдалд ороогүй хүнийг үнэнийг олж авсанд тооцох уу? (Тооцохгүй.) Үнэнийг олж аваагүй хүний зүрх сэтгэлд нь үнэн байдаг уу? (Байдаггүй.) Үнэн байхгүй бол хүмүүс завхарсан зан чанартаа суурилж үйлддэг бус уу? Тиймээс үүргээ гүйцэтгэж байхдаа зарим нэг эерэг зүйл хийхийн тулд хүнд юу байх ёстой вэ? Тэд үнэнийг ойлгох ёстой бус уу? Хүн үүргээ гүйцэтгэж байхдаа үнэнийг хэрэгжүүлж чадахгүй, харин ч яаж өөрийн хүслээр үйлдэхийг л мэддэг бол тэр ямар чанар вэ? Энэ нь үйлчлэл үзүүлж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь Бурхан Өөртөө үйлчлэл үзүүлэхээр шүтлэггүй хүн хөлсөлж авахтай адил. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлж, үнэн-бодит байдалд ордоггүй бол үйлчлэл үзүүлж байгаа хэрэг. Бурхан Өөрийнх нь аврахыг хүсдэг хүмүүс авралд хүрэхийн тулд Өөрийнх нь үгийн дагуу хэрэгжүүлэхгүй, Өөрт нь зүгээр нэг үйлчлэл үзүүлэхийг харахыг хүсдэг гэж та нар бодож байна уу? (Бурхан хүсдэггүй.) Тэр яагаад хүсдэггүй вэ? (Бурхан хүнийг олж авахын тулд бүтээсэн.) Тэр зөв, Бурхан хүнийг Өөрийн илрэл болгож, түүнээс илүүтэйгээр хүнийг олж авахын тулд бүтээсэн. Хүмүүс Өөрт нь зөвхөн үйлчлэл үзүүлэхэд Бурхан яагаад сэтгэл дундуур байдаг вэ? (Яагаад гэвэл хүмүүсийн үйлдэл нь Бурханы хүсдэг зүйл биш.) Тэгэхээр Бурхан юу хүсдэг вэ? (Бурхан хүмүүсийн чин сэтгэлийг хүсдэг.) Бурханд үйлчлэл үзүүлэх нь өөрөө чин сэтгэл биш гэж үү? Чиний үзүүлдэг үйлчилгээ жинхэнэ, чин сэтгэлийнх эсэхээс үл хамааран, чи үнэнийг эрэлхийлдэггүй бол бүх насаараа үйлчлэл үзүүлээ ч гэсэн үнэнийг олж авахгүй. Чи үнэнийг олж авахгүй бол Бурханыг олж авдаггүй, Бурхан чамайг олж авдаггүй учраас чиний үзүүлдэг үйлчлэл үнэ цэн, утга учиргүй гэсэн үг. Хэдэн жил үйлчлэл үзүүлэх чинь хамаагүй, үнэнийг эрэлхийлдэггүй бол Бурхан чамайг олж авахгүй, энэ нь чи Бурханыг эсэргүүцсээр байгаа гэсэн үг юм. Хэн ингэхэд хүргэдэг вэ? Өөрсдөө хамтран ажиллахаар чармайдаггүй, үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс ингэхэд хүргэдэг. Энэ нь дангаараа суурь шалтгаан болдог. Юмны бодитой талаас нь харвал Бурханы хүнийг олж авахгүй байхыг яаж тайлбарлаж болох вэ? Тэд үүргээ гүйцэтгэж байхдаа үргэлж өөрийн гэсэн санаа зорилготой байдаг бөгөөд зүрх сэтгэлээ Бурханд өргөдөггүй учраас зүрх сэтгэл нь Бурхан руу эргэдэггүй, бас Бурханы төлөө ч байдаггүй. Тэд үүргээ гүйцэтгэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хичээх нь байтугай Бурханы хүслийг бодолцон үздэггүй. Хамгийн энгийн тайлбар нь энэ хүн Бурханд чин сэтгэлээсээ ханддаггүй учраас түүнд ямар ч найдвар байхгүй. Хүмүүс Өөрт нь чин сэтгэлээсээ итгэдэг эсэхийг харах гэж Бурхан хүмүүсийг шинждэг. Бурхан тэдний чин сэтгэлийг хүсдэг. Чин сэтгэлээсээ байна гэж юу гэсэн үг вэ? (Бурхан руу хандсан зүрх сэтгэлтэй, Бурханыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэлтэй байх.) Тэр зөв. Хүнд Бурхан руу хандсан, Бурханыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэл байхгүй бол түүнийг сайн хүн гэж хэлж болох уу? Ийм хүн Бурханд таалагдах уу? Бурхантай нэгэн сэтгэлтэй биш хүн үнэнийг хэрэгжүүлж чадах уу? Та нар Бурханыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэлтэй юу? Бүх зүйл дээр Бурханы талд зогсож чадах уу? Зүрх сэтгэл чинь Бурхан руу ханддаг уу? Та нарт чин сэтгэл огт байхгүй гэж хэлэх нь шударга бус боловч та нар Сатаныг үнэхээр үзэн яддаг, Сатаныг хаяж, Бурхан руу бүрэн эргэж чадна гэж хэлбэл бас ташаа болно. Үүний тулд та нар Бурханыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэлтэй, үнэнийг эрэлхийлж, илүү их үнэнийг ойлгодог болох шаардлагатай. Бурхан хүмүүсийг ямар зүрх сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг вэ? Юуны өмнө энэхүү зүрх сэтгэл нь үнэнч шударга байх ёстой, үүргээ ухамсартайгаар, ул суурьтайгаар гүйцэтгэж чаддаг, чуулганы ажлыг хамгаалж чаддаг, “агуу санаархал”, “сүржин зорилго”-той байхаа болих ёстой. Бурханыг дагаж, шүтэн мөргөхдөө алхам бүр нь мөр үлдээж, бүтээгдсэн зүйл шиг биеэ авч явж, онцгой, агуу хүн болохоор эрэлхийлэхээ больж, онцгой чадвартай хүн болохоор эрэлхийлэхээ бүр ч больж, харь гарагийн бүтээлийг шүтдэггүй. Түүнчлэн энэхүү зүрх сэтгэл нь үнэнийг хайрлах ёстой. Үнэнийг хайрлана гэдэг гол нь юу гэсэн үг вэ? Эерэг зүйлийг хайрлаж, шударга ёсны мэдрэмжтэй, Бурханы төлөө өөрийгөө чин сэтгэлээсээ зарлагадаж, Түүнийг үнэхээр хайрлаж, дуулгавартай дагаж, Түүнийг гэрчилж чаддаг байх гэсэн үг юм. Мэдээжийн хэрэг үнэнийг ойлгосныхоо дараа л үүнийг хийж чадна. Иймэрхүү зүрх сэтгэлтэй хүн бол хэвийн хүн чанартай хүн билээ. Хэвийн хүн чанартай хүн ядаж л мөс чанар, эрүүл ухаантай байх ёстой. Хүнд мөс чанар, эрүүл ухаан байгаа эсэхийг нь яаж хэлэх вэ? Хэл яриа, үйлдэл чинь үндсэндээ мөс чанар, эрүүл ухааны стандартад нийцэж байвал хүний өнцгөөс бол тэр сайн хүн, боломжийн стандартад нийцсэн хүн юм. Тэд мөн үнэнийг ойлгож, үнэн-зарчмын дагуу үйлдэж чаддаг бол Бурханы шаардлагыг биелүүлж байгаа хэрэг бөгөөд Бурханы шаардлага нь мөс чанар, эрүүл ухааны стандартаас өндөр юм. Зарим хүн: “Хүнийг Бурхан бүтээсэн. Бурхан бидэнд амийн амьсгаа өгсөн, Бурхан биднийг хангаж, тэжээн тэтгэж, нас биед хүргэдэг. Мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс өөрсдийнхөө төлөө эсвэл Сатаны төлөө амьдарч болохгүй, Бурханы төлөө амьдарч, үүргээ гүйцэтгэх учиртай” гэдэг. Энэ үнэн боловч энэ бол ерөнхий цар хүрээ, бүдүүн тойм зураг төдий юм. Бодит байдалд хэрхэн Бурханы төлөө амьдрах нарийн ширийний тухайд мөс чанар, эрүүл ухаан үүнд шаардлагатай. Тэгэхээр хүн хэрхэн Бурханы төлөө амьдардаг вэ? (Бүтээгдсэн зүйлийн гүйцэтгэх учиртай үүргийг сайн гүйцэтгэх.) Зөв. Яг одоо та нар хүний үүргийг л биелүүлдэг боловч бодит байдал дээр хэний төлөө биелүүлж байна вэ? (Бурханы төлөө.) Бурханы төлөө, Түүнтэй хамтран ажиллаж байгаа! Та нарт өгсөн Бурханы даалгавар бол та нарын үүрэг билээ. Үүнийг Бурхан заяаж, урьдчилан тогтоож, зохицуулсан, өөрөөр хэлбэл, Бурхан энэ даалгаврыг чамд өгч, чамайг үүнийг биелүүл гэж хүсдэг. Тиймээс чи үүнийг гүйцэлдүүлж, сайн хийхийн тулд мөс чанартаа найдаж яаж болох юм бэ? (Бид бүх хүчин чармайлтаа гаргах ёстой.) Та нар бүх хүчин чармайлтаа гаргах ёстой бөгөөд энэ нь мөс чанартаа найдаж байгаагийн илрэл юм. Түүнчлэн, чи бүх зүрх сэтгэлээ зориулж, хариуцлагаа биелүүлэх ёстой, үүнд хааш яаш хандаж болохгүй. Бурханд биднийг гэх хүлээлт, уйгагүй хүчин чармайлтын төлөөс бий. Биднийг энэ хариуцлагыг биелүүлж, энэ үүргийг гүйцэтгэ гэж Бурхан урьдчилан тогтоосон болохоор бид Түүний урмыг хугалж, гонсойлгож, гунигт автуулж болохгүй. Бид үүргээ сайн гүйцэтгэж, Бурханд төгс, шаардлага хангасан хариулт өгөх ёстой. Бид хийж чадахгүй зүйлдээ Бурханд найдаж, мэргэжлийнхээ талаар илүү их зүйл сурч мэдэж, үнэн-зарчмын дагуу илүү ихийг эрж хайдаг. Бурхан бидэнд амь өгдөг учраас бид үүргээ сайн гүйцэтгэх учиртай, амьдарч буй өдөр бүрийнхээ төлөө тухайн өдрийнхөө үүргийг гүйцэтгэх учиртай. Бид Бурханы бидэнд даалгасан зүйлийг үндсэн даалгавраа болгож, үүргээ сайн гүйцэлдүүлэхийн тулд үүргээ амьдралынхаа номер нэг зүйл болгох ёстой. Хэдийгээр бид төгс болохоор эрэлхийлдэггүй ч гэсэн үнэний төлөө хүчин чармайлт гаргаж, Бурханы үг, үнэн-зарчимд суурилан үйлдэж, тэгснээр Бурханыг сэтгэл хангалуун болгож, Сатаныг шившиглэж, харамсах зүйлгүй болж чадна. Бурханд итгэгчид үүрэгтээ ийм хандлагатай байх учиртай. Чи дөч, тавь хүртлээ, эсвэл бүр дал, ная хүртлээ амьдарсан бол залуу, юм мэдэхгүй байхдаа хийсэн зүйлээ эргэж хараад чамд маш залуухан байсан ч гэсэн бүх зүйлийг хамаг зүрх сэтгэл, чадлаараа хийсэн болохоо олж харна; чи үргэлж мөс чанартаа тулгуурлаж үйлддэг байсан, Бурханы урмыг хугалаагүй, Түүнийг гонсойлгож, гунигтай болгоогүй, зүрх сэтгэлдээ Бурханы шинжилт, шалгалтыг хүлээн авсан. Энэ бүхэн дуусаж, хийж дууссан шалгалтаа Бурханд өгөх үед чинь Бурхан: “Хэдийгээр чи сайн ажиллаагүй, үр дүн чинь дунд зэрэг байсан ч гэсэн чи бүхий л чадлаа шавхаж, үүргээ огоороогүй” гэж хэлнэ. Ингэх нь мөс чанартаа тулгуурлаж үйлдэж байгаа хэрэг бус уу? Тэгэхээр хүмүүс байнга завхрал харуулж, хувийн сонголт, дур хүсэл, эрхэмлэдэг зүйлтэй байж, мөс чанарын стандартаа бүрэн зөрчиж, хэвийн хүн чанараа алдах хэмжээнд хүрсэн бол яах хэрэгтэй вэ? Бурханд залбирч, өөрийгөө хаях ёстой, иймэрхүү зүйл өөрийг чинь хязгаарлаж, мөс чанар, эрүүл ухааныг чинь захирахыг зөвшөөрч болохгүй. Мөс чанар чинь үйлдэл, амьжиргаа, амийг чинь удирдаж чаддаг болбол махан биеийн аминч дур хүслээ даван туулахад чамд амархан болж, үнэний энэ талыг олж авч чаддаг болно. Энэ бол чамд байх ёстой наад захын зүйл. Хүн ямархуу зүрх сэтгэлтэй байгаасай гэж Бурхан хүсдэг тухайд дөнгөж сая Би хэдэн талыг нь ярьсан бэ? (Гурван тал: үнэнч шударга зүрх сэтгэл, үнэнийг хайрладаг зүрх сэтгэл, мөс чанар, эрүүл ухаантай байх.) Үнэнч шударга зүрх сэтгэл, үнэнийг хайрладаг зүрх сэтгэл дотор зарим нэг илүү нарийн ширийн зүйл байгаа, та нар дараа үүнийг эргэцүүлж, дүгнэх хэрэгтэй. Хүнд байх ёстой наад захын зүйл бол хэвийн хүн чанартай хүнд байх учиртай мөс чанар, эрүүл ухаан юм. Хүнд мөс чанар, эрүүл ухаан байхгүй бол хэвийн хүн чанараа алдаж, юуг ч сайн хийж чадахгүй, юу ч хийж бүтээж чадахгүй, эцэст нь бүрэн бүтэлгүйтнэ. Гэхдээ тэдэнд зөвхөн мөс чанар, эрүүл ухаан байдаг бол, мөс чанартаа суурилж амьдардаг, ямар ч муу зүйл хийдэггүй бол энэ нь Бурханд итгэх зөв замд орохтой дүйцэх үү? Ганцхан мөс чанар, эрүүл ухаандаа суурилж амьдарснаар Бурханы сайшаалыг хүртэж чадах уу? Гарцаагүй чадахгүй.

Бурханд итгэх итгэлийн зөв замд ороход бас Бурханаас эмээдэг сэтгэлтэй байхыг шаарддаг. Юуны өмнө байр суурийн тал дээр ярихад хүмүүс бол бүтээгдсэн зүйл бөгөөд маш дорд, Бурхан бол Бүтээгч бөгөөд Хамгийн Өндөр Дээд билээ. Хүний ухаалаг байдлын талаар ярихад хүмүүс Бурханаас эмээхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Жишээ нь чамд ямар нэгэн зүйл тохиолдож, нэг байдлаар үйлдэх нь үнэнтэй нийцэхгүй гэж боддог боловч Бурханы хүсэлд нийцүүлэхийн тулд юу хийх ёстойгоо мэддэггүй байлаа гэж бодъё. Бурханаас эмээдэг сэтгэлтэй бол чи юу хийх ёстой вэ? Бурханд залбирч, үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлэх замыг олоод үйлдэх ёстой. Бурханаас эмээдэг сэтгэлгүй бол хүн яаж авирлах вэ? Тэрээр: “Ямартай ч санаа зорилго минь сайн учраас үүнийг хийхэд зүгээр” гэж бодон хүссэнээ хийнэ. Тэд бусад хүний зөвлөсөн зүйлийг хийдэггүй, бас өөр хэний ч үгийг сонсдоггүй, өөртөө зориулж төлөвлөсөн бүхнээ хийхээр шийддэг ба юу ч тэднийг зогсоож чадахгүй. Энэ Бурханаас эмээдэг сэтгэлтэй хүн мөн үү? (Биш.) Бурхан үнэнч шударга хүмүүст дуртай, худал хэлж болохгүй гэдгээ мэддэг хэдий ч зарим нэг хэрэг явдал дээр үнэнийг хэлбэл нэр нүүрээ шившиглэнэ, ашиг хонжоогоо алдана, байр сууриа хадгалж чадахгүй гэж боддог зарим хүн бий. Тэд эргэж буцан боддог ч, “Нэг удаа худал хэллээ гээд юу ч болохгүй, би ямар үргэлж худал хэлж байгаа биш. Би худал хэллээ ч гэсэн, үр дагавар нь харагдахгүй байгаа учраас дахиад нэг худлаа хэлчихэд зүгээр” гэж бодон худлаа хэлдэг. Үүнийг тооцсоныхоо дараа тэд үйлдэхээр шийдэж, зүрх сэтгэлд нь буруушаах мэдрэмж төрдөггүй, бас залбирч, Бурханы шинжилтийг хүлээж авахыг хүсдэггүй. Бурханаас эмээдэг сэтгэлтэй хүн энэ мөн үү? (Биш.) Тэгвэл Бурханаас эмээдэг сэтгэлтэй хүн байвал яаж авирлах вэ? (Тэрээр цадиггүй, дур зоргоороо авирлахгүй.) Энэ хоёр үг тун тохирч байна. Тэгэхээр цадиггүй, дур зоргоороо авирлахгүй байхыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? (Бид эрж хайсан зүрх сэтгэлтэй байх ёстой.) Зарим хүн асуудалтай тулгарахаараа бусдаас хариулт хайдаг боловч нөгөө хүн нь үнэний дагуу яривал тэд хүлээж авдаггүй, дуулгавартай дагаж чаддаггүй, зүрх сэтгэлдээ “Ер нь би түүнээс дээр. Энэ удаад түүний зөвлөгөөг сонсвол тэр надаас илүү юм шиг харагдах бус уу? Үгүй ээ, энэ асуудал дээр би түүнийг сонсож болохгүй. Би өөрийнхөөрөө хийнэ” гэж боддог. Тэгээд тэд нөгөө хүний үзэл бодлыг үл ойшоох шалтаг, шалтгаан олдог. Хүмүүсийн сэтгэлд эзэлсэн орон зайгаа хамгаалахын тулд хүн, өөрөөсөө илүү дээр хэн нэгнийг харах үедээ доош дарахыг оролдож, тэр хүний талаар цуу яриа тарааж, эсвэл тэр хүнийг гутааж, нэр хүндийг нь унагахын тулд жигшүүртэй арга барил ашиглаж—тэр ч бүү хэл, түүн дээр гишгэлбэл энэ нь ямархуу зан чанар вэ? Энэ нь зүгээр ч нэг биеэ тоосон, ихэрхүү зан биш, харин Сатаны зан чанар, хорлонтой зан чанар юм. Ийм хүн өөрөөсөө илүү дээр, илүү хүчтэй хүмүүс рүү дайрч давшилж, тэднийг тусгаарладаг нь хорлонтой, ёрын муу хэрэг юм. Тэд хүмүүсийг доош дарахын тулд яахаас ч буцдаггүй нь тэдэн дотор томоохон диавол байгааг харуулдаг! Сатаны зан чанараар амьдардаг тэд хүмүүсийг дорд үзэж, зохиомлоор буруутгахаар оролдож, хүндрэл учруулах магадлалтай. Энэ нь мууг үйлдэж байгаа хэрэг биш үү? Ингэж амьдардаг тэд өөрсдийгөө зүгээр, сайн хүн гэж бодсоор байдаг ч өөрсдөөсөө илүү дээр хүнийг харах үедээ түүнд хүндрэл учруулж, түүн дээр гишгэлэх магадлалтай. Энд ямар асуудал байна вэ? Ийм муу үйл үйлдэх чадвартай хүмүүс ёс суртахуунгүй, дур зоргоороо биш гэж үү? Ийм хүмүүс зөвхөн өөрийн ашиг сонирхлыг л бодож, зөвхөн өөрийн сэтгэлийг л бодолцдог, өөрийн дур хүсэл, санаархал, зорилгод хүрэхийг л хүсдэг. Тэд чуулганы ажилд хэр их хохирол учруулахаа тоодоггүй, хүмүүсийн сэтгэл дэх байр суурь, өөрсдийн нэр хүндийг хамгаалахын тулд Бурханы гэрийн ашиг сонирхлыг золиослохыг илүүд үзнэ. Ийм хүмүүс биеэ тоосон, өөрсдийгөө зөвтгөдөг, аминч, жигшүүртэй биш үү? Тийм хүмүүс биеэ тоож, өөрийгөө зөвтгөдгөөр үл барам, туйлын аминч, жигшүүртэй байдаг. Тэд Бурханы хүслийг огтхон ч анхаардаггүй. Тийм хүмүүс Бурханаас эмээдэг сэтгэлтэй юу? Тэдэнд Бурханаас эмээдэг сэтгэл байдаггүй. Иймээс тэд ямар ч буруутгах мэдрэмжгүйгээр, ямар ч айдас хүйдэс, болгоомжлол, түгшүүргүй, мөн үр дагаврыг нь бодолцож үзэлгүйгээр хүссэн бүхнээ хийж, зоргоороо авирладаг. Тэд үргэлж ийм зүйл хийдэг, байнга л ийм маягаар аашилж ирсэн. Ийм зан авирын уг чанар ямар байдаг вэ? Зөөлрүүлж хэлбэл, ийм хүмүүс дэндүү атаархуу, хувийн алдар нэр, байр суурийг дэндүү их хүсэмжилдэг, дэндүү хуурамч, зальхай байдаг. Арай хатуухан хэлэхэд, асуудлын мөн чанар нь ийм хүмүүст Бурханаас эмээдэг сэтгэл огт байдаггүй. Тэд Бурханаас эмээдэг сэтгэлгүй бөгөөд өөрсдийгөө туйлын чухал гэж бодон, өөрсдийгөө бүх талаар Бурханаас дээгүүр, үнэнээс дээгүүр хэмээн үздэг. Тэдний зүрх сэтгэлд Бурхан дурдахад зохисгүй, өчүүхэн бөгөөд тэдний зүрх сэтгэлд Бурхан ямар ч байр суурьгүй байдаг. Зүрх сэтгэлд нь Бурханыг гэх орон зай байдаггүй, Бурханаас эмээдэг сэтгэлгүй хүмүүс үнэнийг хэрэгжүүлж чадах уу? Яагаад ч чадахгүй. Тэгвэл ихэвчлэн хөөр хөгжөөнтэйгөөр хаа сайгүй явж, өөрсдийгөө завгүй байлган, нэлээд их эрч хүч зарцуулж байх үедээ тэд юу хийж байгаа юм бэ? Ийм хүмүүс бүр Бурханы төлөө зарлагадахын тулд бүхнийг орхиж, асар их зовсон гэж хэлдэг ч үнэндээ тэдний бүх үйлдлийн сэдэл, зарчим, зорилго нь өөрсдийнхөө байр суурь, нэр төр, хамаг ашиг сонирхлоо хамгаалахын төлөө байдаг. Иймэрхүү хүн аймшигтай гэж та нар хэлэх үү, үгүй юү? Ямар хүмүүс Бурханд олон жил итгэсэн хэр нь Бурханаас эмээдэг сэтгэлгүй байдаг вэ? Тэр хүн биеэ тоосон бус уу? Сатан бус уу? Ямар зүйлд Бурханаас эмээдэг сэтгэл хамгийн бага байдаг вэ? Араатан амьтдаас гадна хорон муу хүмүүс, антихристүүд, Сатан, диаволын төрлийнхөн. Тэд үнэнийг огт хүлээн авдаггүй; Бурханаас эмээдэг сэтгэл тэдэнд огт байдаггүй. Тэд ямар ч ёрын мууг үйлдэж чадна; тэд бол Бурханы дайсан, Бурханы сонгосон хүмүүсийн дайсан юм.

Та нар өдөр тутмын амьдралын ямар асуудал дээр Бурханаас эмээдэг сэтгэлтэй байдаг вэ? Ямар асуудал дээр байдаггүй вэ? Чамайг гомдоож, ашиг сонирхлыг чинь хөндөх үед тэр хүнийг үзэн ядаж чаддаг уу? Хэн нэгнийг үзэн ядах үедээ түүнийг шийтгэж, хариугаа авч чаддаг уу? (Чаддаг.) Тэгвэл чи тун аймшигтай юм! Чи Бурханаас эмээдэг сэтгэлгүй, муу зүйл хийж чаддаг бол энэхүү харгис догшин зан чанар чинь дэндүү ноцтой юм! Хайр, үзэн ядалт хоёр нь хэвийн хүн чанарт байх ёстой зүйлс боловч юуг хайрлаж, юуг үзэн яддагаа тодорхой ялгаж салгадаг байх ёстой. Чи зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлаж, үнэнийг хайрлаж, эерэг зүйлсийг хайрлаж, ах эгч нараа хайрлах ёстой, харин диавол Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлсийг үзэн ядаж, антихристийг үзэн ядаж, хорон муу хүмүүсийг үзэн ядах ёстой. Үзэн ядалтын улмаас ах эгч нараа дарангуйлж, өшөө авч чаддаг бол энэ нь маш аймаар, энэ бол ёрын муу хүний зан чанар юм. Зарим хүн зүгээр л үзэн ядсан бодол, санаа, муу бодол санаатай байдаг ч муу зүйл хэзээ ч хийхгүй. Энэ бол ёрын муу хүмүүс биш, учир нь ямар нэгэн зүйл тохиолдох үед тэд үнэнийг эрж хайж чаддаг, хэрхэн биеэ авч явах, аливаа юмтай харьцах зарчимд анхаарал хандуулдаг. Бусадтай харилцах үедээ байх ёстойгоос их зүйл шаарддаггүй, хэрвээ тэр хүнтэй эвтэй байдаг бол харилцсаар байна, эвтэй биш бол харилцахгүй. Тэдний үүргийн гүйцэтгэл, амийн оролтод энэ бараг нөлөөлдөггүй. Бурхан тэдний зүрх сэтгэлд байдаг, тэд Бурханаас эмээдэг сэтгэлтэй. Тэд Бурханд халдахыг хүсдэггүй, халдахаас айдаг. Хэдийгээр энэ хүмүүс зарим нэг буруу бодол, санаа өвөрлөж болох ч тэрнээсээ татгалзаж, хаяж чаддаг. Тэд даруулгатай үйлдэж, хэрээс хэтэрсэн эсвэл Бурханд халдсан ганц ч үг хэлдэггүй. Ийм маягаар ярьж, үйлддэг хүн зарчимтай, үнэнийг хэрэгжүүлдэг хүн юм. Зан ааш чинь өөр хүнтэй таарахгүй, тэр хүн таалагдахгүй байж болох ч тэдэнтэй хамт ажиллахдаа алагчлахгүй, үүргээ гүйцэтгэхдээ бухимдлаа гаргахгүй, Бурханы гэрийн ашиг сонирхолд бухимдлаа гаргахгүй, ажил хэргийг зарчмын дагуу зохицуулж чадна. Энэ юуны илрэл вэ? Наад зах нь Бурханаас эмээдэг сэтгэл байгаагийн илрэл. Чамд арай илүү зүйл байвал хэн нэгэнд дутагдал, сул тал байгааг харах үедээ тэр хүн чамайг гомдоож, чамд өрөөсгөл хандсан ч гэсэн түүнд зөв хандаж, элэгсгээр тусалдаг. Энэ нь чиний дотор хайр байдаг, чи бол хүн чанартай, энэрэнгүй, үнэнийг хэрэгжүүлж чаддаг, үнэн-бодит байдалтай үнэнч шударга хүн, Бурханаас эмээдэг сэтгэлтэй хүн гэсэн үг юм. Биеийн хэмжээ чинь бага боловч хүсэл зоригтой, үнэнийг эрмэлзэж, юмыг зарчмын дагуу хийхээр эрмэлзэхийг хүсдэг, зарчимтайгаар юмыг зохицуулж, бусдад хандаж чаддаг бол үүнийг бас тодорхой хэмжээнд Бурханаас эмээдэг сэтгэлтэй гэж тооцно; энэ бол хамгийн үндсэн зүйл юм. Хэрэв үүнд ч хүрч чадахгүй, өөрийгөө хорьж дийлэхгүй байгаа бол чи асар их аюулд орсон ба нэлээд аймшигтай хүн юм. Хэрэв чамд байр суурь өгвөл чи хүмүүсийг шийтгэж, тэднийг зовоож мэднэ; тэгээд хэдийд ч антихрист болон хувирах магадлалтай. Хүн сайн, муу байхаас үл хамааран, Бурханд яаж итгэдэг, ямар замаар алхдаг байх нь хамаагүй, хэдэн жил болоход илчлэгдэнэ. Тэдний төгсгөл ямар байх нь хамаагүй тэдэнд зарчимтай хандах ёстой, шийтгүүлэх, шагнуулах эсэх нь Бурханы хэрэг. Чи зарчмын дагуу тэднийг ялган таньж, тэдэнд хандаж чаддаг байхад л болно. Чи хэнтэй харилцаж байх нь хамаагүй, тийм хүмүүс ямар төгсгөлтэй байхыг Бурхан шийдээгүй, тэднийг чуулган хөөгөөгүй, Бурхан шийтгээгүй бөгөөд тэднийг аварч байгаа л бол чи тэдэнд хайрын сэтгэлээр тэвчээртэй туслах ёстой; чи ийм хүмүүсийн төгсгөлийг тодорхойлох ёсгүй, бас тэднийг шийтгэхийн тулд хүний арга барил ашиглах ч ёсгүй. Тийм хүмүүс завхрал харуулбал чи харьцаж, засаж болно, эсвэл тэдэнд туслахын тулд үнэнч шударгаар зүрх сэтгэлээ нээж, нөхөрлөл хийж болно. Гэвч энэ хүмүүсийг шийтгэж, гадуурхаж, зохиомлоор буруутгахаар санаархаж, Тэнгэрийн нэрээр шударга ёсыг тогтоохоор оролдож байвал чи асуудалд орно. Ингэх нь үнэнтэй нийцэх үү? Ийм бодолтой байх нь түргэн ууртай байхаас үүддэг; ийм бодол Сатанаас ирдэг бөгөөд хүний хорсол гомдлоос гадна хүний атаа жөтөө, зэвүүцлээс үүсдэг. Ингэж авирлах нь үнэнтэй нийцдэггүй. Энэ бол чамд залхаан цээрлүүлэлт авчрах зүйл бөгөөд чи ийм юм хийх ёсгүй. Та нар хүмүүсийг сэтгэлд чинь нийцэхгүй, таарамжгүй байлаа гээд шийтгэх элдэв арга зам бодож олж чадах уу? Урьд нь ер нь тиймэрхүү юм хийж үзсэн үү? Хэр их хийж байсан бэ? Та нар хүмүүсийг үргэлж шууд бусаар басамжилж, сэтгэлд сэвтэй үг хэлж, ёжилж байсан биш үү? Та нар тийм юм хийж байхдаа ямар байдалтай байсан бэ? Тэр үед сэтгэл чинь онгойж, баярлаж байсан; та нар хяналтыг гартаа авсан байсан. Гэхдээ дараа нь, “Би ёстой жигшүүртэй юм хийлээ. Бурханаас эмээдэг сэтгэлгүй би тэр хүнд маш шударга бус хандлаа” гэж дотроо бодсон. Сэтгэлийнхээ угт та нар буруутайгаа мэдэрсэн үү? (Тийм ээ.) Хэдийгээр та нар Бурханаас эмээдэг сэтгэлгүй ч ядаж л мөс чанараа бага зэрэг мэдэрдэг. Иймд та нар ирээдүйд бас дахиад иймэрхүү зүйл хийж чадах уу? Чи хүмүүсийг жигшиж, эвтэй байж чадахгүй байх болгондоо, аль эсвэл тэд өөрийг чинь дуулгавартай дагахгүй, үгэнд чинь орохгүй байх бүрд дайрч давшилж, өшөө авахаар эрэлхийлж чадах уу? Ийм юм хийдэг хүн ямархуу хүн чанартай вэ? Хүн чанарынхаа хувьд тэрээр хорлонтой байдаг. Үнэнээр хэмжвэл, тэр Бурханаас эмээдэг сэтгэлгүй. Түүний үг яриа, үйлдэл нь зарчимгүй, эх захгүй авирлаж, хүссэн болгоноо хэлж хийдэг. Ийм хүмүүст үнэн-бодит байдал байдаг уу? Мэдээжийн хэрэг байхгүй, хариулт нь зуун хувь “үгүй”. Бурханаас эмээдэг сэтгэлгүй хүн үнэхээр Бурханыг дуулгавартай дагаж, Түүнийг шүтэн мөргөж чадах уу? Яавч чадахгүй.

Зарим хүн: “Гамшиг ирж байгааг хараад би байнга Бурханд залбирдаг, Бурханыг хэзээ ч хамаагүй орхиж явж зүрхэлдэггүй, Бурханаас удирдан чиглүүлж, хамгаалаач гэж гуйдаг. Харанхуй шөнө замаар ганцаараа явж байхад аюул ирвэл би үргэлж Бурханд найддаг, Түүнийг орхиж зүрхэлдэггүй, надад туслахыг Түүнээс гуйдаг. Үүргээ гүйцэтгэх үед зүрх сэтгэл минь байнга Бурханд залбирч, Түүнээс юм гуйдаг, ингэснээр Тэр намайг хааш яаш байхыг зөвшөөрөхгүй, Тэр удирдлагыг гартаа авна. Би өмнө нь оролдож үзсэн, Бурхан ажиллахгүй бол би юу ч хийж чаддаггүй, надад өөрийн гэх юу ч байхгүй” гэдэг. Энэ Бурханаас эмээдэг сэтгэлтэй хүн мөн үү? (Биш.) Бурханд найдах нь буруу юу? Бурханаас хамгаалахыг гуйх нь буруу юу? Энд ярьсан үг буруу биш боловч ийм байдал хэвийн бус. Энэ нь өөрийгөө дэмжиж тэтгэх юм чамд юу ч байхгүй, явах газаргүй учраас л Бурханыг олсон, чи ингэхээс аргагүй болсон, энэ асуудал дээр сонголт чамд байхгүй, чи зорилгоо биелүүлэхийн тулд юмаа хийлгэхээр Бурханыг ашиглахыг хүсдэг гэсэн үг юм. Энэ нь Бурханаас эмээж байгаа хэрэг үү? Асуудал байхгүй болмогц чи Бурханыг хэдийн бүр мөсөн мартсан байх болно. Чи хамгийн аз жаргалтай байхдаа, амжилтаар дүүрэн байхдаа, байр суурь чинь бусдаас хавьгүй өндөр болж, тэд чамд тал засаж, шүтэж байхад яагаад Бурханд найддаггүй юм бэ? Яагаад чи Бурханы шинжилтийг хүлээн авч, Түүний удирдамжийг эрж хайдаггүй юм бэ? Хийж байгаа бүх зүйл чинь Бурханы хүсэлд нийцэж байгаа эсэхийг чи яагаад Түүнээс асуудаггүй юм бэ? Мууг үйлдэх үедээ, өөрийгөө өргөмжилж, гэрчлэх үедээ энэ нь Бурханы хүсэлд нийцэж байгаа эсэхийг чи яагаад Түүнээс асуудаггүй юм бэ? Чи яагаад өөрийгөө эргэцүүлдэггүй, бас өөрийгөө хязгаарлахын тулд Бурханд найддаггүй юм бэ? Энэ ямар асуудал вэ? Энэ бүх байдлыг юу гэж нэрлэдэг вэ? Бурханаас эмээдэг сэтгэлгүй байх. Бурханаас эмээдэг сэтгэлгүй хүн үүргээ сайн гүйцэтгэж чадах уу? Үнэхээр сайн хүн болж чадах уу? Үнэн-бодит байдалд орж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Тэд үнэхээр чадахгүй. Бурханаас эмээдэг сэтгэл байхгүй бол тэд үүргээ яавч сайн гүйцэтгэж чадахгүй, бас хүссэн ч гэсэн үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж чадахгүй. Бурханаас эмээдэг сэтгэлгүй бол үнэнийг хэрэгжүүлэхэд амаргүй. Тэд үүргээ сайн гүйцэтгэхийг хүсэж байгаа бол дэндүү олон бэрхшээл, үймээн гарах нь дамжиггүй бөгөөд тэд үнэнийг амжилттай хэрэгжүүлж чадахгүй. Яг одоо та нар зүрх сэтгэлээ тайвшруулж, хэдэн хором бодох ёстой. Та нарын одоогийн биеийн хэмжээнээс харвал үүргээ боломжийн стандартад гүйцэтгэхэд бас л маш хэцүү байна, учир нь та нарын олонх чинь бичиг үсэг, хоосон сургаал дүрэм журмыг л ойлгосноос гадна зарим нэг хувийн хүсэл, туйлын зорилго, урам зориг та нарт байдаг. Гэхдээ та нарын эхлэх цэг, хэрэгжүүлэх стандарт Бурханы үгийн суурин дээр бий болоогүй. Та нар үнэн-бодит байдалд үнэхээр ороогүй л байгаа, та нар дүрэм журмыг л дагаж байна. Үнэнийг эрэлхийлдэггүй бол ирээдүйд маш аюултай болно. Бурханд итгэдэг боловч үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагадаггүй бол эрт орой хэзээ нэгэн цагт чамайг таягдан хаяна. Хүний үнэхээр, эсвэл хуурамчаар итгэдэг эсэхийг жилээр нь тооцдоггүй. Бурханд олон жил, удаан хугацаанд итгэлээ гээд энэ нь чи үнэхээр итгэдэг, Бурхан чамайг сайшаадаг гэсэн үг биш. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүсийг эцэст нь Бурхан хүлээн зөвшөөрөхгүй. Бурхан тэднийг илчилж, таягдан хаяна. Та нар үүнийг ойлгох учиртай.

Бурханд итгэх зөв замаар алхаж эхлэхийн тулд биелүүлэх ёстой дөрвөн нөхцөлийн талаар бид сая нөхөрлөлөө. Гэхдээ дахиад нэг, сүүлчийн нөхцөл бий, тэр нь бусдаасаа хамгийн чухал нь бөгөөд бас та нарын байнга хэлдэг зүйл юм. Энэ юу байж болох талаар хэсэг зуур тунгаан бодоорой. (Бурханыг хайрлах.) Одоохондоо бид Бурханыг хайрлах талаар хөндөхгүй, ихэнх хүнд энэ тун хангалтгүй байдаг. Хүмүүсийн үнэхээр хүрч чаддаг үнэнтэй холбоотой арай илүү бодитой, жинхэнэ зүйлийг хөндөцгөөе. (Бурханыг дуулгавартай дагах.) Зөв. Бурханд дуулгавартай сэтгэлтэй байх. Аливаа юм тохиолдоход ихэнхдээ хүмүүс хэрэгжүүлэлтийн зөв зарчмыг үнэндээ мэддэггүй, бас хаашаа харах, аль зорилгын төлөө ажиллах ёстойгоо мэддэггүй. Гэхдээ тэдний хандлага, байдалд асуудал байдаг: Тэд Бурханд дуулгавартай сэтгэлтэй байх ёстой. Хүмүүст хамгийн их байх хэрэгтэй зүйл энэ юм. Жишээ нь: Чамд ямар нэгэн зүйл тохиолдож, чи яахаа мэдэхгүй, бас өөр хэн нэгэн яахыг хэлж өгөхийг сонсоогүй байлаа гэж бодъё. Энэ асуудал чиний үзэл, төсөөлөлд нийцэхгүй, чамд үнэндээ таалагдахгүй байгаа учраас зүрх сэтгэлдээ чи бага зэрэг эсэргүүцэж, бага зэрэг сэтгэл гонсойсон байж болно. Тэгвэл чи яах ёстой вэ? Хэрэгжүүлэх хамгийн энгийн нэг арга зам бий, тэр нь эхлээд дуулгавартай байх. Дуулгавартай байдал бол гаднаа гаргадаг үйлдэл, хэл яриа биш, бас амаараа баталдаг зүйл биш, дотроо байдаг байдал юм. Энэ та нарт танил байх ёстой. Өөрийн бодит туршлага дээр үндэслээд үнэхээр дуулгавартай байх үедээ хүмүүс яаж ярьж, үйлдэж, боддог, ямар байдал, хандлагатай байдаг гэж та нар бодож байна вэ? (Хараахан ойлгоогүй байгаа зүйл дээр эхлээд үзэл, төсөөллөө хаядаг. Тэд үнэнийг, Бурханы хүслийг эрж хайдаг. Эрж хайсны дараа ойлгохгүй хэвээр байвал Бурханы цагийг хүлээж сурдаг.) Энэ нэг тал нь. Өөр? (Тэд засалт, харьцалт туулах үедээ учирлаж, өөрийгөө өмгөөлөх гэж оролддоггүй.) Энэ байдлын өөр нэг тал нь энэ. Зарим хүн хэдийгээр нүүрэн дээр чинь учирлаж, өөрийгөө өмгөөлдөггүй ч гэсэн гомдол, сэтгэл дундуур байдлаар дүүрэн байдаг. Тэд нүүрэн дээр чинь хэлэхгүй ч ар хударгаар чинь хайхрамжгүй ярьж, хаа сайгүй тараадаг. Ингэх нь дуулгавартай хандлага мөн үү? (Биш.) Тэгэхээр дуулгавартай хандлага гэж яг юу вэ? Юуны өмнө чи эерэг хандлагатай байх ёстой: Засалт, харьцалт туулж байхдаа эхлээд зөв бурууг дүгнэж шинжилдэггүй, зүгээр л дуулгавартай зүрх сэтгэлээр хүлээж авдаг. Жишээ нь, хэн нэгэн чамайг буруу зүйл хийлээ гэж хэлж магад. Хэдийгээр чи зүрх сэтгэлдээ ойлгохгүй, юуг буруу хийснээ мэдэхгүй байгаа ч гэсэн хүлээж авдаг. Хүлээж авна гэдэг хамгийн гол эерэг хандлага юм. Түүнчлэн арай илүү идэвхгүй хандлага бий, энэ бол чимээгүй байж, огт эсэргүүцэхгүй байх. Үүний илрэл нь ямар зан авир вэ? Чи учирлаж, өөрийгөө өмгөөлөхгүй, өөртөө зориулж бодит шалтаг хэлдэггүй. Хэрвээ чи үргэлж шалтаг хэлж, өөрийгөө учирлаж, хариуцлагаа бусад хүн рүү чихдэг бол энэ нь эсэргүүцэж байгаа хэрэг мөн үү? Энэ бол тэрслүү зан чанар. Чи голж, эсэргүүцэж, учирлах ёсгүй. Чи зөв учирлалаа ч гэсэн тэр нь үнэн мөн үү? Энэ бол хүний бодит шалтаг болохоос үнэн биш. Яг одоо Би чамаас аливаа юм яагаад тохиолдсон, яагаад тийм зүйл болсон гэсэн бодит шалтгийн талаар асуугаагүй байна. Харин үйлдлийн чинь уг чанар үнэнтэй нийцэхгүй байна гэж Би хэлж байна. Хэрвээ чи энэ түвшний мэдлэгтэй бол эсэргүүцэхгүй, хүлээж авч үнэхээр чадна. Аливаа юм тохиолдоход дуулгавартай хандлагатай байх нь гол. Засалт, харьцалттай нүүр тулсныхаа дараа үргэлж учирлаж, өөрийгөө өмгөөлдөг зарим хүн бий: “Би ганцаараа үүнд буруутай биш байтал яагаад миний толгой дээр хариуцлага буудаг билээ? Яагаад хэн ч намайг өмгөөлж ярихгүй байгаа юм бэ? Би яагаад ганцаараа үүнд хариуцлага үүрч байгаа юм бэ? Энэ үнэхээр ‘бүх хүн ашиг шимийг нь хүртээд ганцхан хүн бурууг нь хүлээдэг’ нөхцөл байдал юм байна. Би маш азгүй юм!” Энэ ямар сэтгэл хөдлөл вэ? Энэ бол эсэргүүцэх сэтгэл. Гаднаа бол толгой дохиж, буруугаа хүлээж, аман дээрээ хүлээн зөвшөөрдөг ч зүрх сэтгэлдээ “Надад харьцалт хийх гэж байгаа бол хий л дээ, гэхдээ яагаад ингэж хатуухан ярих ёстой юм бэ? Чи намайг энэ олон хүний өмнө шүүмжилж байна, гэтэл би нүүрээ хааш нь хийх юм бэ? Чи надад харьцалт хийхдээ хайрлаж энэрэхгүй байна! Би ердөө жижигхэн алдаа гаргасан байтал чи яагаад эцэс төгсгөлгүй яриад байгаа юм бэ?” гэж гомдоллодог. Тэд ингэж хандахыг зүрх сэтгэлдээ ийнхүү эсэргүүцэж, голж, гөжүүдлэн эсэргүүцдэг, бодлогогүй, маргах дуртай байдаг. Иймэрхүү бодол, мэдрэмжтэй хүн эсэргүүцэж, дайсагнаж байгаа нь илэрхий учраас тэд яаж үнэхээр дуулгавартай хандлагатай байж чадах юм бэ? Засалт, харьцалттай нүүр тулах үед ямар үйлдэл хүлээж авдаг, дуулгавартай хандлагыг илэрхийлдэг вэ? Ядаж л чи үндэслэлтэй, эрүүл ухаантай байх ёстой. Чи эхлээд дуулгавартай байх ёстой, эсэргүүцэж, голж болохгүй, ухаалаг хандах ёстой. Ингэвэл чамд наад захын эрүүл ухаан байна. Хүлээж авдаг болж, дуулгавартай болохыг хүсвэл үнэнийг ойлгох ёстой. Үнэнийг ойлгох амаргүй хэрэг. Эхлээд аливааг Бурханаас хүлээн авах ёстой: Харьцалт, засалт туулах нь чамд тохиолдохыг Бурхан зөвшөөрдөг эсвэл Бурханаас ирдэг зүйл гэдгийг чи мэдэх ёстой. Засалт, харьцалт туулах нь бүрэн үндэслэлтэй эсэх нь хамаагүй, чи хүлээж авсан, дуулгавартай хандлагатай байх ёстой. Бурханыг дуулгавартай дагаж байгаа нь ингэж илрэхийн зэрэгцээ энэ нь бас Бурханы шинжихийг хүлээж авч байгаа хэрэг. Зүгээр л учирлаж, өөрийгөө өмгөөлөөд, засалт, харьцалт нь Бурханаас биш, хүнээс гардаг гэж боддог бол ойлголт чинь ташаа байна. Нэгд Бурханы шинжихийг чи хүлээж аваагүй, хоёрт чамд зориулж Бурханы бэлдсэн орчин нөхцөлд хандах дуулгавартай хандлага, дуулгавартай зан авирын аль аль нь чамд алга. Бурханыг дуулгавартай дагадаггүй хүн ийм байдаг. Зарим хүн засалт, харьцалттай нүүр тулахдаа үнэнийг хүлээж авч, өөрийгөө эргэцүүлдэггүй, зүгээр л сохроор дүрэм журам дагадаг. Тэдний үйлдэл зарчмыг илэрхий зөрчдөг бөгөөд тэд бүх бурууг Сатанд тохдог. Тэд: “Энийг ингэвэл таарна! Энэ хөгшин Сатаныг сохроор өөрийгөө ил болгож, сохроор үйлдэж, сохроор аливаад саад хийж, сохроор үймээн гаргахыг хэн зөвшөөрөв? Сатанд харьцалт, засалт хийж, царайгаа харуулахаас дэндүү ичгүүртэй байдалд оруулж, шившиглэх хэрэгтэй! Сатан үүний хариуцлагыг үүрэх хэрэгтэй, энэ надтай ямар ч хамаагүй! Бүх бурууг Сатан үүрэх ёстой!” гэж хэлдэг. Тэр үед тэдний зүрх сэтгэл баярлаж, Сатаныг ялсан гэж бодно. Ингэж бодох нь утгагүй хэрэг бус уу? Мэдээжийн хэрэг тэд өөрсдөө буруу юм хийсэн бөгөөд Сатан үүнийг хийсэн гэж тэд хэлдэг. Тэгэхээр үнэн хэрэгтээ тэд хийсэн үү, эсвэл Сатан уу? (Тэд өөрсдөө хийсэн.) Өөрсдийгөө Сатан гэдгийг тэд үнэхээр ойлгодог уу? (Ойлгодоггүй.) Тэгэхээр тэд үнэндээ Сатаныг үзэн яддаг уу, эсвэл өөрсдийгөө үзэн яддаг уу? Тэд тодорхой хэлдэггүй. Товчоор хэлбэл засалт, харьцалтыг хүлээж авдаггүй хүн бол Бурханыг огт дуулгавартай дагадаггүй хүн юм. Дуулгавартай байдал бол сурахад хамгийн хэцүү хичээл. Өөрийнх нь үзэл, төсөөлөлд нийцсэн, өөрт нь таалагддаг зүйл тохиолдох үед ихэнх хүнд тун аятайхан санагддаг учраас дуулгавартай дагахдаа баяртай байдаг бөгөөд бүх зүйл төвөггүй болдог. Зүрх сэтгэл нь амар, тайван болж, аз жаргалтай, баяртай байдаг. Гэхдээ үзэлтэй нь нийцдэггүй зүйл юм уу өөрт нь ашиггүй зүйлтэй тулгарах үедээ дуулгавартай байх ёстой гэдгээ мэддэг ч гэсэн тэгж чаддаггүй. Тэд шаналлыг мэдэрч, чимээгүйхэн зовж шаналахаас өөр сонголт байдаггүй, бэрхшээлийнхээ талаар ярихад хэцүү байдаг. Тэдний сэтгэл нь хямарч, хааш нь хийхээ мэдэхгүй гомдлоор дүүрэн учраас зүрх сэтгэл нь буцалдаг: “Бусад хүний зөв. Тэд надаас өндөр байр суурьтай. Би тэдний үгийг сонсохгүй байж яаж болох билээ? Хувь заяагаа хүлээж авсан минь дээр биз. Дараагийн удаа би илүү болгоомжтой байх ёстой, азаа үзэх хэрэггүй. Азаа үзсэн хүмүүс харьцалт туулдаг. Дуулгавартай дагах амаргүй. Маш хэцүү! Оргилсон их урам зориг дээр минь хувин дүүрэн хүйтэн ус цацчихлаа. Би энгийн, нээлттэй байхыг хүссэн ч үр дүнд нь буруу юм хэлсээр, харьцалт туулсаар байна. Ирээдүйд би дуугүй байж, хүмүүсийн ая талыг засна.” Энэ ямар хандлага вэ? Энэ бол нэг туйлаас нөгөө туйл руу явж байна. Бурхан дуулгавартай байх сургамж авах боломж хүмүүст олгож байгаагийн эцсийн зорилго нь юу вэ? Тухайн үедээ чи хэчнээн их буруудаж, хэчнээн их зовж зүдэрч, хэчнээн их ичгүүртэй байдалд орж, нэр нүүр, нэрэлхүү зан, нэр хүнд чинь хэчнээн их хохирол амсах нь хамаагүй, энэ чухал биш. Хамгийн чухал зүйл бол байр байдлаа эргүүлэх явдал юм. Ямар байдал вэ? Хэвийн нөхцөл байдалд хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд нэг төрлийн гөжүүд, тэрслүү байдал оршдог бөгөөд энэ нь үндсэндээ тэдний зүрх сэтгэлд хүний тодорхой нэг төрлийн логик, нэг цогц хүний үзэл байдгаас болдог, өөрөөр хэлбэл, “Миний санаа зорилго зөв л бол үр дүн ямар байх нь хамаагүй; чи надтай харьцах ёсгүй, хэрвээ надтай харьцах юм бол би дуулгавартай байх албагүй” гэдэг. Тэд өөрсдийнх нь үйлдэл үнэн-зарчимтай нийцдэг эсэхийг, эсвэл үр дагавар нь ямар байхыг эргэцүүлдэггүй. Тэдний үргэлж баримталдаг зүйл бол “Миний санаа зорилго сайн, зөв байгаа цагт Бурхан намайг хүлээн авах ёстой. Үр дүн сайнгүй байлаа ч гэсэн чи намайг засаж, харьцах ёсгүй, намайг яллаж бүр ч болохгүй” гэдэг юм. Энэ нь хүний үндэслэл, тийм биз дээ? Эдгээр нь хүний үзэл мөн биз дээ? Хүн үргэлж өөрийн үндэслэлд анхаарал хандуулдаг, үүнд дуулгавартай байдал бий юу? Чи өөрийнхөө үндэслэлийг үнэн болгож, үнэнийг хойш тавьсан. Чиний үндэслэлтэй тохирдог зүйлийг үнэн, тохирдоггүйг нь үнэн биш гэж боддог. Үүнээс илүү утгагүй хүн гэж байх уу? Үүнээс илүү биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг хүн байх уу? Дуулгавартай байдлын хичээлийг сурахын тулд ямар завхарсан зан чанарыг шийдвэрлэх ёстой вэ? Энэ нь үнэндээ үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагахад нь хүмүүст хамгийн их саад болдог, биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанар юм. Биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмүүс үндэслэл хэлж, дуулгаваргүй байх хандлагатай байдаг, тэд өөрсдийнх нь зөв гэж үргэлж боддог, тиймээс хүний биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанарыг шийдвэрлэж, харьцахаас илүү яаралтай зүйл гэж үгүй. Хүмүүс хүмүүжил сайтай болж, өөрсдийнхөө өмнөөс шалтаг тоочихоо больсон цагт тэрслүү байдлын асуудал шийдвэрлэгдэж, тэд дуулгавартай байж чаддаг болно. Хүмүүс дуулгавартай байдалд хүрч чаддаг байхын тулд тодорхой хэмжээнд ухаалаг байх хэрэгтэй биш гэж үү? Тэд хэвийн хүний эрүүл ухаантай байх ёстой. Жишээлбэл, зарим хэрэг явдал дээр, зөв зүйл хийсэн эсэхээс маань үл хамааран Бурхан сэтгэл хангалуун бус байвал бид Бурханы хэлснээр хийж, Бурханы үгийг бүх зүйлийн стандарт гэж үзэх ёстой. Энэ нь ухаалаг хэрэг үү? Энэ нь хүмүүст юун түрүүнд байх ёстой эрүүл ухаан юм. Бид хэчнээн их зовсон ч, сэдэл, зорилго, шалтгаан маань ямар ч байсан, хэрвээ Бурхан сэтгэл хангалуун бус байвал—Бурханы шаардлага хангагдаагүй бол бидний үйлдэл үнэнтэй нийцэлтэй байгаагүй нь дамжиггүй учраас бид Бурханыг сонсож, дуулгавартай дагах ёстой, харин Бурханд шалтаг тоочиж, учирлахаар оролдох ёсгүй. Чи ийм ухаалаг байдалтай байвал, хэвийн хүний эрүүл ухаантай байвал асуудлаа шийдвэрлэхэд амархан бөгөөд чи үнэхээр дуулгавартай байх болно. Чи ямар ч нөхцөл байдалд байсан, тэрслүү хандахгүй, Бурханы шаардлагыг эсэргүүцэхгүй; Бурханы шаардсан зүйл зөв буруу, сайн муу эсэхийг задлан шинжлэхгүй, дуулгавартай байж чадна, улмаар үндэслэл хэлдэг, гөжүүд, тэрслүү байдлаа шийдвэрлэнэ. Хүн болгоны дотор ийм тэрслүү байдал байдаг уу? Ийм байдал хүмүүст байнга илэрдэг, тэд дотроо “Миний арга барил, санал, зөвлөгөө үндэслэлтэй л байвал би үнэн-зарчмыг зөрчсөн ч гэсэн муу үйл хийгээгүй учраас надад засалт, харьцалт хийх ёсгүй” гэж боддог. Энэ бол хүмүүст байдаг нийтлэг байдал юм. Тэд муу үйл хийгээгүй бол өөрт засалт, харьцалт хийх ёсгүй, муу үйл хийсэн хүмүүс л засалт, харьцалт туулах ёстой гэсэн бодолтой байдаг. Ийм үзэл бодол зөв үү? Яавч зөв биш. Засалт, харьцалт нь голчлон хүмүүсийн завхарсан зан чанарт чиглэдэг. Хүн завхарсан зан чанартай бол түүнд засалт, харьцалт хийх ёстой. Муу үйл хийснийх нь дараа л засалт, харьцалт хийвэл хэдийн оройтсон байна, учир нь аль хэдийн төвөг бэрхшээл учирсан байх болно. Бурханы зан чанарт халдвал чи асуудалд орох бөгөөд Бурхан чам дээр ажиллахаа болих бөгөөд тэр үед чамд харьцалт хийгээд ямар хэрэг байх вэ? Чамайг ил болгож, таягдан хаяхаас өөр арга байхгүй. Бурханыг дуулгавартай дагахад хүмүүст саад болдог гол бэрхшээл нь тэдний биеэ тоосон зан чанар юм. Хүмүүс шүүлт, гэсгээлтийг хүлээж авч үнэхээр чаддаг бол биеэ тоосон зан чанараа үр дүнтэй шийдвэрлэж чадна. Ямар хэмжээнд шийдвэрлэж чадах нь хамаагүй, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагахад энэ нь ашиг тустай. Шүүлт, гэсгээлтийг хүлээж авах нь юуны өмнө хүний завхарсан зан чанарыг шийдвэрлэж, Бурханаар авруулахын тулд байдаг. Хүмүүс Бурханыг бүрэн дүүрэн дуулгавартай дагаж үнэхээр чаддаг болсон бол шүүлт, гэсгээлт туулах хэрэг байгаа гэж үү? Засалт, харьцалт туулах хэрэгтэй гэж үү? Завхарсан зан чанар нь хэдийн шийдвэрлэгдсэн учраас тэгэх хэрэггүй. Бурханы шүүлт, гэсгээлт, засалт, харьцалттай нүүр тулаад хүмүүс үргэлж өөрийгөө өмгөөлж учирлах дуртай байдаг. Чи хэчнээн учирлаад ч аль нь ч үнэн биш, завхарсан зан чанар чинь засарсан гэсэн үг биш, Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг гэсэн үг бүр ч биш. Тиймээс учирлах хэрэг байхгүй, асуудлыг шийдвэрлэх л хамгийн чухал.

Хүн Бурханд дуулгавартай сэтгэлгүй бол асуудалд ордог. Заримдаа Бурхан чиний төсөөлөөгүй нөхцөл байдлыг чамд зориулж зохицуулдаг учраас чи эсэргүүцдэг. Жишээ нь чи цэвэрхэн байдалд дуртай, салан задгай, хааш яаш хүмүүст дургүй хүн байлаа гэж бодъё. Чи тийм хүмүүсийг хараад жигшмээр гэж боддог. Чи биеэ барьж чадах уу? Чи юу хийх ёстой вэ? Эхлээд чи зөв хандлагатай байх хэрэгтэй. Ямар хандлага вэ? (Дуулгавартай дагадаг хандлага.) Чи яаж дуулгавартай дагах вэ? Ямар дотоод бодол дуулгавартай дагадаг хандлагыг бий болгодог вэ? Дуулгавартай дагадаг бодит байдлыг юу бий болгодог вэ? Ийм зүйлтэй тулгарах үед харилцан зохицох ёстой. Үүний аль нь ч асуудал биш. Хүний амьдралын туршид арван юмнаас ес нь хүний хүсэлд нийцдэггүй. Чи энэнд ч тэрэнд ч дургүй байж болно, чамд юу ч тохиолдсон байсан чи үргэлж өөрийгөө өмгөөлөн учирлаж, Бурхан чамд шударга бус хандаж байна гэж гомдоллодог. Бодит байдал дээр энэ чиний асуудал учраас хий сүржигнэх хэрэггүй. Удаан хугацаанд Бурханд итгэж, олон удаа бүтэлгүйтсэн бол үнэндээ тийм ч хүндтэй биш, өрөөл бусдаас дээрдэхгүй гэдгээ чи мэднэ. Өөрийгөө бусдаас илүү дээр, илүү эрхэмсэг, илүү хүндтэй гэж үздэг байснаа бодохоор чамд маш тэнэг санагддаг! Хүн багахан үнэнийг ойлгодог болох үед өмнөхөөсөө илүү эрүүл ухаантай болдог учраас үнэнийг хүлээж авахад амархан, ямар нэгэн зүйл тохиолдоход үнэнийг эрж хайж, Бурханыг дуулгавартай дагахад амархан байдаг. Орчин нөхцөлдөө хэрхэн зохицоход суралцах ёстой. Бурханд итгэдэг хүмүүс эхлээд ийм мэдлэгтэй болох ёстой: Чуулганд газар бүрээс ирсэн хүмүүс байдаг бөгөөд газар бүр өөр өөр ёс заншил, зуршилтай байдаг. Ийм зүйл хүний хүн чанарын чансааг төлөөлдөггүй, хүний амьдралын зуршил нь сайн, хэвийн, дүрэм журамтай, жудаг сайтай байлаа ч гэсэн энэ нь тэр хүн үнэнийг ойлгодог гэсэн үг биш. Чи үүнийг ойлгож, энэ талаар эерэг ойлголттой байх ёстой. Түүнчлэн, чи өөрөө олон алдаа дутагдалтай, хэтэрхий цамаан. Бурхан чамд сайн орчин нөхцөл өгдөг учраас бусад хүнээс өө эрэхгүйгээр тэр орчин нөхцөлд зохицож, түүнчлэн бусад хүнтэй элэгсэг сэтгэлээр ая эвээ олж, дотносож, давуу талыг нь олж харж, мэдэж авч, дараа нь Бурханд залбирч алдаа дутагдлаа даван туулахад туслуулах ёстой. Энэ бол дуулгавартай хандлага, хэрэгжүүлэлт юм. Хэрвээ чи бусад хүнд хэтэрхий дургүй бөгөөд энэ нь үүргээ гүйцэтгэхэд чинь нөлөөлдөг бол тэднээс бага зэрэг зай барьж, тэдний хэрэгт оролцохгүй байх хэрэгтэй. Тэдний хэрэгт оролцох гэж юу гэсэн үг вэ? “Тэдний энэ алдаа дутагдлыг би өөрчлөх ёстой, өөрчлөгдөхгүй бол би зүгээр орхихгүй!” гэж хэлж байгаа чинь тэдний хэрэгт оролцож байгаа хэрэг. Энэ ямар төрлийн зан авир вэ? Энэ бол бүдүүлэг, биеэ тоосон, мэдлэггүй байдал. Ийм хүн битгий бай. Бид бүгдээрээ жирийн хүмүүс, бид онцгой харагддаггүй. Бид дор бүрнээ нэг толгой, хоёр нүд, нэг хамар, нэг амтай. Бид идэж, алхаж, ажилласан ч бай, бүгд ижилхэн, ямар ч ялгаагүй, бас бид бусдаас дээрдэхгүй учраас өөрсдийгөө хүндтэй, эсвэл агуу гэж харах ёсгүй. Чамд багахан ур чадвар, авьяас чадвар байлаа ч гэсэн бардамнаад байх зүйл байхгүй. Юуны өмнө чи байр сууриа зөв шулуун болгох ёстой бөгөөд асуудалтай тулгарах үедээ Бурханы үгэнд тулгуурлаж тэрийг харах ёстой, тэгвэл чи дэмий зүйл дээр сүйд болохгүй. Чамд ямар нэгэн онцгой зүйл тохиолдоод, үнэхээр дуулгавартай байж чадахгүй, энэ нь үүргээ гүйцэтгэхэд чинь нөлөөлж байвал чи үүнийг шийдвэрлэхийн тулд Бурханд залбирч, үнэнийг эрж хайх ёстой. Бид байх ёсгүй газраа өөрийгөө хавчуулдаггүй. Бүх зүйлд Бурханы сайн санаа байдаг. Тэр төрөл бүрийн нөхцөл байдлаар дамжуулан хүмүүсийг сургаж, хатуужуулж, дуулгавартай байхад сургадаг бөгөөд ингэж хатуужуулах эцэст нь үр шимээ өгдөг: Тэд Бурханаас эмээж, муугаас зайлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаг болж, дараа нь жинхэнээсээ өөрчлөгддөг. Үнэнийг эрэлхийлэхийн тулд чи эхлээд зовж зүдрэх хүсэлтэй байх ёстой бөгөөд нөхцөл байдалдаа дуулгавартай байхад суралцах ёстой. Нөхцөл байдал чинь тийм ч энгийн биш байх нь олонтоо. Чи төрөл бүрийн хүмүүстэй тааралдаж, төрөл бүрийн хачин зүйлтэй тааралдаж болно. Чамд юу ч тохиолдсон, өөрийн хүсэл эсвэл ойворгон зандаа бүү найд, харин Бурханы өмнө очиж залбир. Ингэхийн тулд эхлээд бүх хэвийн хүнд байх учиртай дотоод чанар болох дуулгавартай хандлага чамд байх ёстой. Түүнчлэн хэрвээ чи Бурханд залбирч, үйлдэхийг гуйгаад Тэр үйлдэхгүй, чамд гарах гарц нээж өгөхгүй байвал бас дуулгавартай байх ёстой. Чи иймэрхүү нөхцөл байдалд үргэлжлүүлэн амьдарч, чамд зориулан аливаа юмыг зохион байгуулахыг Бурханд зөвшөөрөн, өөрийн гараар аливааг хүчлэхгүй, Бурханаас түрүүлж алхахгүй байх ёстой. Энэ бол үнэ цэнтэй амьдралаар амьдрах цорын ганц арга зам. Бурханыг дуулгавартай дагадаг бодит байдалд ороход амаргүй, учир нь хэн ч вакумд амьдардаггүй. Амьдралыг нь харахад хүн болгон өөрийн гэсэн зуршилтай, өөрийн гэсэн субьектив бодол, дур хүсэл, хүсэл эрмэлзэлтэй байдаг. Бодит нөхцөлийг харахад хэний ч үг, үйлдэл чиний хүсэлтэй бүрэн нийцэж чаддаггүй. Тиймээс хамгийн гол сургамж бол нөхцөл байдалдаа хэрхэн дуулгавартай байхад суралцаж, өөрт нь тулгарсан амьдралын нөхцөл байдалд Бурханы хүслийг эрж хайх боломжийг бүх хүнд олгох юм. Амьдралын нөхцөл байдал чинь сайн ч бай, муу ч бай, тав тухтай ч бай, ядруу ч бай, авах сургамж чамд байгаа. Тав тух, амар хялбар байдалд шунадаг хүмүүс дуулгавартай байж, зовж зүдрэх сургамжийг авах ёстой, тэд ямар ч нөхцөл байдалд амьд үлдэж, үүргээ сайн гүйцэтгэж, гэрчлэлдээ бат зогсох чадвартай болох ёстой. Тэгсэн цагт тэд Бурханы хүслийг биелүүлж чадна. Амьдралын ийм нөхцөл байдлыг Бурхан зохион байгуулж, зохицуулдаг бус уу? Бүх хүн сайн амьдралыг хүсэмжилдэг боловч огтхон ч юунд ч зовж зүдрэхгүйгээр, хэтэрхий тав тухтай, төгс нөхцөл байдалд амьдардаг бол Бурханыг дуулгавартай дагаж, Түүнийг гэрчилж чадна гэж үү? Бурхан чамд зориулж зарим нэг бэрхшээл, тааруу нөхцөл байдал зохицуулбал дуулгавартай байж чадах эсэх чинь гол асуулт юм. Хүн болгон ийм нөхцөл байдалд Бурханы хүсэлд санаа тавьж, Түүний шаардлагын дагуу хэрэгжүүлж чаддаг бол харахыг хүсдэггүй бүх зүйлээ, дургүй зүйлээ тэвчих ёстой, түүнчлэн ийм зүйлд хязгаарлагдахгүй, үүргээ хэвийн гүйцэтгэж чаддаг байх ёстой. Ийм маягаар туулбал амь чинь өснө. Зарим хүн: “Бусад хүн үнэнийг хэрэгжүүлэхгүй бол би ч бас үнэнийг хэрэгжүүлэхгүй. Тэд дуулгавартай байхгүй юм бол би яагаад дуулгавартай байх ёстой гэж? Тэд огт тэвчдэггүй юм бол би яагаад тэвчих ёстой гэж? Би яагаад үргэлж тэдний хийдэггүй зүйлийг хийх ёстой юм бэ? Би яагаад үргэлж маш их хүчин чармайлт гаргах хүн нь байх ёстой болдог юм бэ? Би ч бас үүнийг хийхгүй” гэдэг. Энэ хандлага ямар вэ? Үнэнийг хэрэгжүүлэх чинь чиний хэрэг, энэ бол Бурхан та хоёрын хоорондын асуудал, өөр хэн нэгэнтэй ямар ч хамаагүй. Өөр хэнд ч чамтай хамтран ажиллах үүрэг байхгүй. Чи бол чи, тэд бол тэд. Тэд үнэнийг хэрэгжүүлдэггүй, үнэн-бодит байдалд ордоггүй бол эцэст нь чи биш тэд л хаягдана, чи хохирол амсахгүй. Бурханыг дуулгавартай дагадаг хүмүүс хохирох уу? Тэд хохирохгүй. Та нар үүнийг ойлгож чадахгүй бол ердөө л дэндүү тэнэг юм!

Амийн оролтын асуудлын тухайд энэ нь нөхөрлөлийн хэдхэн үг ч гэлээ та нар үүнийг чин сэтгэлээсээ хүлээж авч, бодит амьдралдаа хэрэгжүүлж, бодит байдлаа болгож чадвал Би хий дэмий яриагүй хэрэг. Тиймээс энэ нь бодит байдлын ямар тал байх нь хамаагүй, хэдхэн үг байсан ч гэсэн, зүрх сэтгэлд чинь үнэн хүрч, үүнийг үнэн болгож хэрэгжүүлбэл энэ нь чиний дотор үндэслэж, цэцэглэж, үр жимсээ өгнө. Энэ чиний амь болж, үүнийг чи амьдран харуулж, биелүүлнэ. Энэ бол сайн үр дүн. Би өдөр бүр та нартай нөхөрлөж, хэчнээн их ярилаа ч гэсэн та нар үл тоож, хэн ч зүрх сэтгэлдээ тусгаж авахгүй, хүссэнээ хийж, эх захгүй, цадиггүй авирлаж, Миний хэлсэн зүйлийг сонсохгүй, өөрийн хүсэл, төсөөлөл, үзлээр амьдарсан хэвээр байвал Би хий дэмий ярьсан хэрэг болох бус уу? Би та нарт энэ талаар хэчнээн их үг хэлэх нь хамаагүй, та нар хичээнгүйлэн сонсож, хүлээж авч, хэрэгжүүлэх эсэх нь л чухал. Үнэн бол үнэхээр, яахын аргагүй хүний амь билээ. Энэ нь эрдэм мэдлэгийн нэг салбар биш, мэдлэг, ардын уламжлал, хэлэлцүүлэг ч бас биш, энэ бол хүний амь юм. Сатаны хүлээснээс мултарч, завхарсан зан чанараасаа ангижирч, тэнхээтэй, илүү их хүч чадалтай амьдарч, илүү тав тухтай амьдарч, зүг чиг, зорилготой амьдрах боломжийг чамд олгож чадна. Үнэн үнэхээр хүний амь болж чадна. Чи Надад итгэхгүй байгаа бол хэсэг хугацаанд туулж мэдэр, хэрэгжүүл, үр дүн гарах эсэхийг нь хар, тэгээд чи мэднэ. Чамд үргэлж сул дорой, идэвхгүй мэдрэмж төрдөг бол чи үнэнийг хараахан олж аваагүй байна гэж л Би хэлэх байна. Чи үнэнийг олж авсан бол яг одоо ийм байдалтай, маш арчаагүй, сул дорой, нунжгар байхгүй байсан, байнга ийм идэвхгүй, хаачихаа мэдэхгүй салаа зам дээр гацахгүй байсан. Зуун хувь тэгэх нь лавтай! Ойлгож байна уу? (Тийм ээ.)

Дөнгөж сая бид Бурханд итгэх зөв замаар алхаж эхлэхэд биелүүлэх ёстой таван нөхцөлийн талаар нөхөрлөж дууслаа. Тэрхүү таван нөхцөл нь юу вэ? (Нэгдүгээрт, хүн үнэнч шударга зүрх сэтгэлтэй байх ёстой, хоёрдугаарт хүн үнэнийг хайрладаг зүрх сэтгэлтэй байх ёстой, гуравдугаарт хүн мөс чанар, эрүүл ухаантай байх ёстой, дөрөвдүгээрт хүн Бурханаас эмээдэг сэтгэлтэй байх ёстой, тавдугаарт хүн Бурханд дуулгавартай сэтгэлтэй байх ёстой.) Энэ таван нөхцөлийг санаж яв, өөр юу ч болоогүй байх үед энэ талаар нөхөрлөж, үүнийг залбиран унш. Энэ хугацаанд та нар ямар үнэн-зарчмыг хэрэгжүүлсэн, үг, үйлдэл чинь үнэнч шударга эсэх, Бурханаас эмээдэг сэтгэлтэй эсэх, үүргээ гүйцэтгэхдээ үнэнч шударга зүрх сэтгэлтэй эсэх, хааш яаш байдалтай эсэх, назгайрч, хариуцлагаас зайлсхийж, хуурч мэхлэх бодолтой эсэх, Бурханы бүх шаардлагыг эрж хайж, дуулгавартай дагадаг эсэхээ хар. Энэ талаар чи үе үе эргэцүүлэх ёстой. Үр дүнд хүрч байж л аминд чинь ахиц дэвшил гарна.

2015 оны 9 дүгээр сарын 15

Өмнөх: Үнэнийг хэрэгжүүлснээр л завхарсан зан чанарын хүлээсээс ангижирч чадна

Дараах: Завхарсан зан чанараа шийдвэрлэснээр л жинхэнэ өөрчлөлтийг бий болгож чадна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх