Хэрэгжүүлэлт 5
Нигүүлслийн эрин үед Есүс зарим нэг үгийг айлдаж, ажлын нэг үе шатыг гүйцэтгэсэн. Тэдгээрт бүгдэд нь орчин нөхцөл байсан бөгөөд тухайн үеийн хүмүүсийн байр байдалд тохиромжтой байв; Есүс тухайн үеийн орчин нөхцөлд тохируулан үг хэлж, ажилласан. Тэр бас зарим нэг зөгнөл хэлсэн билээ. Үнэний Сүнс эцсийн өдрүүдэд ирж, ажлын нэг үе шатыг гүйцэтгэнэ гэж Тэрээр зөгнөсөн юм. Өөрөөр хэлбэл, Тэрээр тухайн эрин үед Өөрийнхөө хийх ажлаас өөр юуг ч ойлгоогүй; өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы авчирдаг ажил хязгаарлагдмал юм. Тиймээс, Тэр зөвхөн Өөрийнхөө байгаа эрин үеийн ажлыг л хийдэг бөгөөд Өөртэй нь холбоогүй бусад ажлыг хийдэггүй. Тухайн үед Есүс мэдрэмж юм уу үзэгдлүүдийн дагуу ажиллаагүй, харин цаг хугацаа, орчин нөхцөлд тохируулан ажилласан. Хэн ч Түүнийг удирдан, чиглүүлээгүй. Түүний ажил тэр чигтээ Өөрийнх нь оршихуй байсан—энэ нь бие махбодтой болсон Бурханы Сүнсний гүйцэтгэх учиртай ажил байсан ба бие махбодтой болсон Бурханы эхлүүлсэн бүхий л ажил байв. Есүс Өөрийнхөө харж, сонссон зүйлийн дагуу л ажилласан. Өөрөөр хэлбэл, Сүнс шууд ажилласан; элчүүд Түүнд харагдаж, Түүнд зүүд зүүдлүүлж, эсвэл ямар нэгэн агуу гэрэл Түүн дээр тусаж, Түүнд харуулах хэрэггүй байлаа. Тэр чөлөөтэйгээр, хязгаарлалтгүйгээр ажилласны учир нь Түүний ажил мэдрэмжид үндэслээгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, ажиллах үедээ Тэрээр тэмтчиж, таамаглаж байгаагүй, харин аливааг амархан хийж, Өөрийнхөө санааны дагуу болон нүдээр харсан зүйлийнхээ дагуу ажиллаж, үг хэлж, Өөрийг нь дагаж байсан шавь нэг бүрээ цаг тухайд нь хангаж байв. Энэ нь Бурханы ажил болон хүмүүсийн ажлын хоорондох ялгаа юм: Хүмүүс ажиллах үедээ эрж хайж, тэмтчин явж, илүү гүн оролтод хүрэхийн тулд бусдын тавьсан суурин дээр үндэслэн үргэлж дуурайж, цэгнэн нягталж байдаг. Бурханы ажил бол Тэр юу болохын хангалт бөгөөд Тэрээр хийх учиртай ажлаа хийдэг. Тэрээр хэн нэгэн хүний ажлаас гарсан мэдлэгийг ашиглан чуулганыг хангадаггүй. Харин ч, хүмүүсийн байр байдалд үндэслэн өнөөгийн ажлыг хийдэг. Тиймээс, ийм маягаар ажиллах нь хүмүүсийн хийдэг ажлаас хэдэн мянга дахин илүү эрх чөлөөтэй. Хүмүүсийн хувьд, Бурхан үүргээ мөрддөгггүй, хүссэнээрээ ажилладаг мэт харагдаж болох боловч Түүний хийдэг бүх ажил шинэ байдаг. Гэхдээ, бие махбодтой болсон Бурханы ажил хэзээ ч мэдрэмжид үндэслэдэггүй гэдгийг чи мэдэх ёстой. Тухайн үед Есүсийг цовдлогдох ажлаа гүйцэлдүүлсний дараа, Есүсийг дагаж байсан шавь нар нь туршлагаараа тодорхой хэмжээнд хүрмэгцээ, Бурханы өдөр ирж байгаа бөгөөд Эзэнтэй удахгүй уулзана гэдгээ мэдэрсэн. Тэр нь тэдэнд байсан мэдрэмж бөгөөд тэдний хувьд энэ мэдрэмж хамгийн чухал байжээ. Гэвч үнэндээ хүмүүсийн доторх мэдрэмж найдвартай биш. Тэдэнд, магадгүй замынхаа төгсгөлд бараг хүрэх гэж байна, эсвэл хийсэн, зовсон бүхнийг нь Бурхан урьдчилан тогтоожээ гэж санагдсан юм. Паул ч бас, өөрийн замыг дуусгаж, сайн тэмцлээр тэмцсэн бөгөөд зөвт байдлын титэм өөрт нь зориулагдан зэхэгдсэн хэмээн хэлсэн. Түүнд тэгж санагдаж байсан ба тэр үүнийгээ захидалдаа бичин, чуулганууд руу илгээжээ. Тийм үйлдлүүд нь чуулгануудын төлөө түүний үүрсэн ачаанаас гарсан тул Ариун Сүнс үүнийг үл тоосон юм. Тэдгээр үгийг хэлэх үед Паулд түгшсэн мэдрэмж байгаагүй, мөн ямар ч зэмлэлийг мэдрээгүй тул ийм зүйлс нь маш хэвийн, нэлээд зөв бөгөөд Ариун Сүнснээс ирсэн гэж тэр итгэжээ. Гэхдээ өнөөдөр харвал, энэ нь огтхон ч Ариун Сүнснээс ирээгүй. Харин хүний төөрөгдөл төдий байв. Хүмүүсийн дотор олон төөрөгдөл байдаг ба тийм зүйл тохиолдох үед Бурхан анхаарал тавьдаггүй, эсвэл ямар нэгэн үзэл бодол илэрхийлдэггүй. Ариун Сүнсний ажлын дийлэнх нь хүмүүсийн мэдрэмжээр дамжуулан хийгддэггүй—Бурхан махбод болохын өмнөх хүнд бэрх, хар бараан үе юм уу ямар ч элч, ажилчид байхгүй цаг үеэс бусад үед Ариун Сүнс хүмүүсийн мэдрэмж дотор ажилладаггүй. Тэрхүү үе шатанд Ариун Сүнсний ажил нь хүмүүст зарим нэг онцгой мэдрэмжүүдийг өгдөг. Жишээлбэл: Хүмүүс Бурханы үгийн удирдамжгүй байх үедээ залбирахаараа үгээр хэлэхийн аргагүй аз жаргалыг мэдэрдэг; тэд зүрх сэтгэлдээ таашаал мэдэрч, санаа амар, тайван байдаг. Үгийн удирдамжтай болмогц хүмүүсийн сүнс цэлмэж, үйлдэлдээ хэрэгжүүлэлтийн замтай болдог ба мэдээж бас амар тайван, санаа амар байх мэдрэмж тэдэнд төрдөг. Аюултай тулгарах үедээ, эсвэл тодорхой нэг зүйл хийхийг нь Бурхан болиулах үед хүмүүс зүрх сэтгэлдээ түгшиж, тавгүйтдэг. Эдгээр нь тэр чигтээ, хүнд Ариун Сүнсний өгдөг мэдрэмж юм. Гэхдээ дайсагнасан орчин нь айдсын уур амьсгал төрүүлж, хүмүүсийг ер бусын их түгшүүртэй, хулчгар болгодог бол тэр нь хүн чанарын хэвийн илэрхийлэл бөгөөд Ариун Сүнсний ажилтай хамаагүй байдаг.
Хүмүүс үргэлж өөрсдийнхөө мэдрэмж дунд амьдардаг бөгөөд олон жилийн туршид ийм байсаар ирсэн. Зүрх сэтгэлдээ амар тайван байх үедээ тэд (өөрсдийнхөө бэлэн байдлыг амар тайвны мэдрэмж хэмээн итгэж) үйлддэг бөгөөд зүрх сэтгэл дотроо тайван биш байх үедээ (өөрсдийнхөө халшрал, эсвэл дургүйцлийг түгшүүртэй мэдрэмж хэмээн итгэж) үйлдэл хийдэггүй. Хэрвээ юмс төвөггүй явагдвал энэ нь Бурханы хүсэл гэж тэд боддог. (Үнэндээ энэ нь тун төвөггүй явагдах учиртай зүйл буюу аливаа зүйлийн байгалийн хууль юм.) Юмс төвөггүй явагдахгүй байх үед, энэ нь Бурханы хүсэл биш гэж тэд боддог. Төвөггүй явагддаггүй зүйлтэй тулгарах үедээ тэд зогсдог. Тийм мэдрэмжүүд нь үнэн зөв биш бөгөөд тэдгээрийн дагуу үйлдэх нь олон саад тотгор учруулна. Жишээ нь, үнэнийг хэрэгжүүлэхэд бэрхшээл байх нь гарцаагүй бөгөөд Бурханы хүслийг биелүүлэхэд бүр ч их бэрхшээл байна. Олон эерэг зүйлийг биелүүлэхэд хэцүү байх болно. “Сайныг хийхэд саад бэрхшээл тулгардаг” гэж хэлдэгтэй яг адилхан. Хүмүүсийн бодит амьдралд хэтэрхий олон мэдрэмж байдаг ба тэднийг олон зүйл дээр байнга будилуулж, тээнэгэлзүүлж орхидог. Үнэнийг ойлгож чадахгүй л бол хүмүүсийн хувьд юу ч тодорхой биш байдаг. Гэвч ерөнхийдөө, тэднийг өөрсдийнхөө мэдрэмжийн дагуу үйлдэх юм уу ярих үед, энэ нь үндсэн зарчмыг зөрчдөг зүйл биш л бол Ариун Сүнс огтхон ч хариу үйлдэл үзүүлдэггүй. Энэ нь Паулын мэдэрсэн “зөвт байдлын титэм”-тэй адилхан: Олон жилийн турш, түүний мэдрэмж буруу байсан гэдэгт хэн ч итгээгүй, мөн өөрийнх нь мэдрэмж андуу ташаа байсан гэдгийг Паул өөрөө ч огт мэдрээгүй. Хүмүүсийн мэдрэмж хаанаас гардаг вэ? Тэдгээр нь мэдээж тэдний уураг тархинаас гардаг хариу үйлдэл юм. Ялгаатай орчин, өөр өөр хэрэг явдлын дагуу өөр өөр мэдрэмж төрдөг. Ихэнх тохиолдолд, хүмүүс хүний логикоор дүгнэлт хийж, цогц томьёоллыг гаргадаг ба энэ нь олон мэдрэмж төрүүлдэг. Хүмүүс өөрийн мэдэлгүй логик дүгнэлтдээ орж, ийм маягаар эдгээр мэдрэмж нь амьдралдаа хүмүүсийн түшиглэдэг зүйл болдог; тэдгээр нь Паулын “зөвт байдлын титэм” шиг, эсвэл Витнес Лигийн “агаарт Эзэнтэй уулзах” шиг, тэдний амьдрал дахь сүнслэг багана болдог. Хүний энэ мэдрэмжүүдэд оролцох арга Бурханд бараг байхгүй ба өөрсдийнхөөр нь өрнүүлэх хэрэгтэй болдог. Өнөөдөр Би чамтай үнэний янз бүрийн талын тухай илэн далангүй ярилаа. Хэрвээ чи өөрийнхөө мэдрэмжээр үргэлжлүүлэн явсаар байвал тодорхойгүй байдал дунд амьдарсаар байхгүй гэж үү? Илт чиний төлөө зориулагдсан үгийг чи хүлээн зөвшөөрөлгүй, үргэлж өөрийнхөө мэдрэмжид найддаг. Үүгээрээ чи зааныг тэмтэрч буй сохор хүнтэй адил биш гэж үү? Тэгвэл чи эцэст нь юу олж авах юм бэ?
Өнөөдөр бие махбодтой болсон Бурханы хийсэн бүхэн бодитой. Энэ нь чиний мэдэрч, эсвэл төсөөлж чадах зүйл биш, тэр ч бүү хэл, дүгнэж чадах зүйл чинь биш—харин бодит баримтууд тохиолдох үед л чиний ойлгож чадах зүйл юм. Заримдаа тэдгээр нь тохиолдох үед ч чи тодорхой харж чадахгүй хэвээр байдаг ба Бурхан биечлэн ажиллаж, тохиолдож байгаа зүйлсийн бодит баримтыг асар их тодорхой болгох үед л хүмүүс ойлгоно. Тухайн үед Есүсийг дагаж байсан шавь нарын дунд олон төөрөгдөл байв. Тэд, Бурханы өдөр ирэх гэж байгаа ба өөрсдөө удалгүй Есүсийн төлөө үхэж, Эзэн Есүстэй уулзаж чадна гэж итгэж байлаа. Петр энэ мэдрэмжээс болоод бүтэн долоон жил хүлээсэн—гэсэн ч энэ нь ирээгүй юм. Өөрсдийнх нь амь төлөвшсөн гэж тэдэнд санагджээ; доторх мэдрэмж нь өсөн нэмэгдэж, эдгээр мэдрэмж улам хурц болсон боловч тэд олон бүтэлгүйтлийг туулаад, амжилтад хүрч чадаагүй юм. Юу болоод байгааг тэд өөрсдөө мэдэхгүй байлаа. Үнэхээр Ариун Сүнснээс ирсэн зүйл биелэхгүй байж болох уу? Хүмүүсийн мэдрэмж найдвартай биш. Хүмүүст өөрсдийн гэсэн бодол, санаа байдаг учраас тухайн үеийн орчин нөхцөл болон байр байдалд үндэслэн тэд баялаг холбоо сүлбээ бий болгодог. Ялангуяа эрүүл бодолтой хүмүүст ямар нэгэн зүйл тохиолдох үед тэд хэт их баярладаг бөгөөд баялаг холбоо сүлбээ бий болгохгүй байж чаддаггүй. Энэ нь ялангуяа өргөн мэдлэг, онолтой “мэргэжилтнүүдэд” хамаардаг ба дэлхий ертөнцтэй олон жил харьцсаны дараа холбоо сүлбээ нь бүр ч элбэг арвин болдог; нэг л мэдэхэд тэдгээр холбоо сүлбээ нь зүрх сэтгэлийг нь эзэмдэж, туйлын хүчтэй мэдрэмж нь болдог бөгөөд үүнд тэдний сэтгэл ханадаг. Хүмүүс ямар нэгэн зүйл хийхийг хүсэх үед дотор нь мэдрэмж, төсөөллүүд гарч ирэх бөгөөд хүмүүс тэдгээрийг зөв гэж бодно. Дараа нь тэдгээр нь биелээгүйг харах үедээ хүмүүс юу нь буруудсаныг олж мэдэж чаддаггүй. Магадгүй тэд Бурхан төлөвлөгөөгөө өөрчилчихжээ гэж итгэдэг.
Бүх хүнд мэдрэмж байдаг нь зайлшгүй. Хуулийн эрин үед олон хүнд бас тодорхой мэдрэмж байсан боловч тэдний мэдрэмж дэх алдаа мадаг нь өнөөгийн хүмүүсийнхээс бага байв. Яагаад гэвэл, урьд нь хүмүүс Еховагийн илрэлтийг харж чаддаг байсан; мөн элчүүдийг харж чаддаг, зүүд зүүдэлдэг байлаа. Өнөөдрийн хүмүүс үзэгдлүүдийг, эсвэл элчүүдийг харж чаддаггүй, тиймээс тэдний мэдрэмж дэх алдаа мадаг ихэссэн. Өнөөгийн хүмүүст ямар нэгэн зүйл нэн зөв санагдаж, үүнийг хэрэгжүүлэх үед Ариун Сүнс тэднийг зэмлэдэггүй бөгөөд тэд дотроо тун их тайван байдаг. Дараа нь, харилцан яриа юм уу Бурханы үгийг уншсанаар л дамжуулан тэд өөрсдийнх нь буруу байсныг олж мэддэг. Нэг талаараа хүмүүст харагдах ямар ч элчүүд байхгүй, зүүд тун ховорхон байдаг бөгөөд хүмүүс тэнгэр дэх үзэгдлүүдийн юуг ч хардаггүй. Нөгөө талаар, Ариун Сүнс хүмүүсийн доторх Өөрийн зэмлэл болон сахилгажуулалтыг ихэсгэдэггүй; хүмүүст Ариун Сүнсний ажил тун хомс байдаг. Тиймээс хэрвээ хүмүүс Бурханы үгийг идэж, уудаггүй, үнэнийг бодитой байдлаар эрж хайдаггүй, хэрэгжүүлэлтийн замыг ойлгодоггүй бол юу ч олж авахгүй. Ариун Сүнсний ажлын зарчмууд дараах байдалтай байдаг: Тэрээр Өөрийнх нь ажилтай хамаагүй зүйлд ямар ч анхаарал хандуулдаггүй; хэрвээ ямар нэгэн зүйл Өөрийнх нь харьяалал дотор байхгүй бол Тэр бүр хэзээ ч хөндлөнгөөс оролцдоггүй, зохицуулдаггүй ба хүссэнээрээ хэрэг тарих боломжийг хүмүүст олгодог. Чи хүссэнээрээ үйлдэж болох боловч цочирдон мэгдэж, яахаа мэдэхгүй болох өдөр чамд ирнэ. Бурхан Өөрийн махбодод л нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллан, хүний ажилд хэзээ ч хөндлөнгөөс оролцдоггүй. Харин ч Тэр хүний ертөнцөөс зай барьж, хийх учиртай ажлаа хийдэг. Өнөөдөр чамайг буруу юм хийвэл Тэр зэмлэхгүй, маргааш сайн зүйл хийсэн ч чамайг шагнахгүй. Эдгээр нь хүний хэрэг явдал бөгөөд Ариун Сүнсний ажилтай өчүүхэн ч холбоогүй—энэ нь Миний ажлын цар хүрээн дотор огт байдаггүй.
Петр ажиллаж байх үедээ олон үг хэлж, ихээхэн ажил хийсэн. Үүний аль нь ч хүний санаанаас гараагүй байх боломжтой юу? Энэ нь бүхэлдээ Ариун Сүнснээс ирсэн байх боломжгүй. Петр бол ердөө л Бурханы бүтээл байсан, тэрээр дагагч байсан, мөн Есүс биш, Петр байсан бөгөөд тэдний мөн чанар адилхан байгаагүй юм. Петрийг хэдийгээр Ариун Сүнс илгээсэн боловч түүний хийсэн бүхэн Ариун Сүнснээс ирээгүй, учир нь эцсийн эцэст тэр бол хүн байсан билээ. Паул ч бас олон үг хэлж, чуулгануудад багагүй хэмжээний захидал бичсэн ба тэдгээрийн заримыг Библид эмхэтгэсэн. Ариун Сүнс санал бодлоо илэрхийлээгүй, учир нь тэр үе бол Паулыг Ариун Сүнс ашиглаж байсан үе байлаа. Паул туршлага, мэдлэгтэй болж, тэдгээрийгээ бичиж тэмдэглээд, Эзэн доторх ах, эгч нартаа дамжуулжээ. Есүс ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Яагаад Ариун Сүнс тухайн үед түүнийг зогсоогоогүй вэ? Учир нь хүмүүсийн хэвийн бодлоос урган гардаг зарим нэг хольц байдаг; үүнээс зайлсхийх аргагүй. Нэмж хэлэхэд, түүний үйлдлүүд үймүүлж, саад болох хэмжээнд хүрээгүй. Хүн чанарын иймэрхүү ажил байх үед хүмүүсийн хувьд хүлээн зөвшөөрөхөд илүү амархан санагддаг. Хүний хэвийн бодол дахь хольц юунд ч саад болохгүй тохиолдолд тэдгээрийг хэвийн гэж тооцдог. Өөрөөр хэлбэл, хэвийн бодолтой хүмүүс бүгд тийм маягаар бодож чаддаг. Хүмүүс махан биед амьдарч байх үедээ өөрсдийн гэсэн бодолтой байдаг боловч эдгээрээс салах ямар ч аргагүй. Гэвч Бурханы ажлыг хэсэг зуур туулж, зарим үнэнийг ойлгосны дараа ийм бодол улам цөөрнө. Илүү ихийг туулах үедээ тэд тодорхой харж чадах ба улмаарсаад болох нь арай багасна. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн төсөөлөл болон логик гаргалгааг няцаах үед хэвийн бус мэдрэмж нь багасна. Махан биед амьдардаг хүмүүс бүгд өөрсдийн гэсэн бодолтой байдаг боловч эцэстээ Бурхан, бодол нь өөрсдийг нь үймүүлж чадахааргүй хэмжээнд тэднийг аваачих ба амьдралдаа мэдрэмжид найдахаа больж, бодит биеийн хэмжээ нь өсөж, бодит байдал дээр Бурханы үгээр амьдрах чадвартай болж, тодорхойгүй, хий хоосон зүйл хийхээ болино, тэгээд тэд саад учруулах зүйлсийг хийхгүй. Ийм маягаар тэдний төөрөгдөл арилж, энэ үеэс эхлээд тэдний үйлдэл жинхэнэ биеийн хэмжээ нь болно.