Хэрэгжүүлэлт 1
Урьд нь хүмүүсийн туршлагажих байдалд ихээхэн гажуудал, тэр ч бүү хэл төөрөгдөл байдаг байв. Тэд зүгээр л Бурханы шаардлагын стандартыг ойлгоогүй тул олон талбарт хүмүүсийн туршлага гажуудсан юм. Бурхан хэвийн хүн чанарыг амьдран харуулах чадвартай байхыг л хүнээс шаарддаг. Жишээлбэл, хүмүүс хоол хүнс, хувцаслалттай холбоотой орчин үеийн ёс заншлыг дагаж, костюм өмсөж, зангиа зүүж, орчин үеийн урлагийн талаар бага зэрэг суралцаж, чөлөөт цагаараа урлаг, соёл, үзвэр үйлчилгээ таашаан соёрхож болно. Тэд дурсамжтай зураг авч, ном уншиж, хэрэгтэй мэдлэгээ олж авч, харьцангуй сайн амьдрах орчинтой байж болно. Энэ нь хэвийн хүн чанарын амьдралд тохирдог бүх зүйл боловч хүмүүс эдгээрийг Бурханы жигшдэг зүйл мэт үзэн, тэдгээрийг хийхээс татгалздаг. Тэдний хэрэгжүүлэлт ердөө хэдхэн дүрэм журмыг дагахаас бүрддэг бөгөөд энэ нь ямар ч утга учиргүй, залхмаар уйтгартай амьдрал руу хөтөлдөг. Үнэндээ Бурхан хүмүүсээс аливааг ийм маягаар хий гэж хэзээ ч шаардаагүй. Хүмүүс бүгд зан чанараа хязгаарлахыг хүсэж, Бурханд ойр байхын тулд сүнсэндээ тасралтгүй залбирч, оюун ухаан нь Бурханы зорьж буй зүйлсийг байнга тунгаан бодож, нүд нь энэ тэрийг тасралтгүй ажиглаж, Бурхантай харилцах харилцаа нь ямар нэгэн байдлаар тасрах вий гэдгээс асар их эмээж байдаг. Эдгээр нь бүгд хүмүүсийн өөрсдөө гаргасан дүгнэлт юм; тэдгээр нь хүмүүсийн өөрсдөдөө зориулж тогтоосон дүрэм журам билээ. Хэрвээ чи өөрийнхөө уг чанар-мөн чанарыг мэддэггүй, хэрэгжүүлэлт чинь ямар түвшинд хүрч чадахыг ойлгодоггүй бол хүнээс Бурханы шаарддаг стандарт яг юу болохыг лавтай мэдэх ямар ч аргагүй байна, мөн хэрэгжүүлэлтийн үнэн зөв зам ч чамд байхгүй байна. Мөн хүнээс Бурханы шаарддаг зүйл яг юу болохыг чи ойлгож чаддаггүй тул оюун санаа чинь үргэлж эргэж байдаг ба Бурханы санаа зорилгыг задлан шинжлэхээр тархиа гашилган, Ариун Сүнсээр сэтгэлээ хөдөлгүүлж, гэгээрүүлэгдэх арга замыг хайн тэмтэчдэг. Үүний үр дүнд чи тохиромжтой гэж бодсон, хэрэгжүүлэлтийн зарим арга замыг бий болгодог. Бурхан хүнээс яг юу шаарддагийг чи ер мэддэггүй; чи зүгээр л санаа зовох юмгүйгээр өөрийнхөө цогц хэрэгжүүлэлтийг гүйцэтгэн, үр дүнгийн талаар багахан анхаардаг ба хэрэгжүүлэлтэд чинь гажуудал юм уу алдаа мадаг байгаа эсэхийг бүр ч тоодоггүй. Ийм маягаар, хэрэгжүүлэлтэд чинь үнэн зөв байдал аяндаа дутагддаг бөгөөд зарчимгүй байдаг. Үүнд ялангуяа, хүний хэвийн эрүүл ухаан, мөс чанар, Бурханы сайшаал, Ариун Сүнсний баталгаа дутагддаг. Ийм хэрэгжүүлэлт нь ердөө дүрэм журам дагаж байгаа хэрэг буюу өөрийгөө хязгаарлаж, хянахын тулд зориуд илүү их ачаа үүрч байгаа хэрэг юм. Гэвч хэрэгжүүлэлтийн чинь ихэнх нь хэрэггүй үйл явц юм уу зан үйл гэдгийг мэдэлгүйгээр чи өөрийнхөө хэрэгжүүлэлтийг нарийн нягт гэж боддог. Үндсэндээ зан чанарын ямар ч өөрчлөлтгүй, ямар ч шинэ ойлголтгүй, ямар ч шинэ оролтгүйгээр олон жилийн турш ингэж хэрэгжүүлдэг олон хүн бий. Тэд олон удаа бодлогогүй, хүний үнэргүй үйл үйлдэн, хүмүүсийг будилуулж, бүрмөсөн мухардуулах байдлаар авирлах хэмжээнд очих хүртлээ нэгэн хэвийн хуучин алдаагаа давтаж, хэрцгий догшин уг чанараа бүрэн ашигладаг. Ийм хүмүүсийг зан чанарын өөрчлөлт туулсан гэж хэлж болох уу?
Одоо, Бурханд итгэх итгэл Бурханы үгийн эрин үед оржээ. Харьцуулан хэлбэл, хүмүүс урьдынх шигээ их залбирдаггүй; Бурханы үг, үнэний бүх тал болон хэрэгжүүлэлтийн замыг тодорхой хэлж өгсөн тул хүмүүс цаашид эрж хайж, тэмтчих хэрэггүй болсон. Хаанчлалын эрин үеийн амьдралд Бурханы үг хүмүүсийг урагш хөтөлдөг бөгөөд энэ нь хүмүүст бүхнийг тодорхой харуулдаг амьдрал юм—учир нь Бурхан бүхнийг ил тод болгосон бөгөөд хүн амьдралд замаа тэмтчин үлдэхээ больсон. Гэрлэлт, дэлхий ертөнцийн хэрэг явдал, амьдрал, хоол унд, хувцас, орон байр, хүмүүсийн хоорондын харилцаа, хүн Бурханы хүслийг хангаж чадахуйцаар хэрхэн үйлчлэх, хэрхэн махан биеэ хаях ёстой гэх мэт зүйлээс алийг нь Бурхан та нарт тайлбарлаж өгөөгүй вэ? Та нар одоо ч гэсэн залбирч, эрж хайхаар явах хэрэгтэй юу? Үнэндээ огт хэрэггүй! Хэрвээ эдгээр зүйлийг хийсээр байгаа бол чи зүгээр л илүүц юм хийж байна. Энэ нь мэдлэггүй, мунхаг хэрэг бөгөөд ямар ч хэрэггүй! Хэв чанараар хэтэрхий дутмаг, Бурханы үгийг ойлгож чаддаггүй хүмүүс л мунхгаар залбирсаар байдаг. Үнэнийг хэрэгжүүлэх гол түлхүүр нь чамд шийдвэр байгаа юу, үгүй юу гэдэг юм. Зарим хүн, үнэнтэй нийцдэггүй гэдгийг нь мэдэж байсан ч гэсэн үйлдэлдээ махан биеийн дур сонирхлыг дагахаар зүтгэдэг. Тэгээд энэ нь тэдний амийн ахиц дэвшилд саад учруулдаг бөгөөд залбирч, эрж хайсныхаа дараа ч гэсэн тэд махан биед дуулгавартай авирлахыг хүссээр байдаг. Ингэснээрээ тэд өөрийн мэдэлгүй нүгэл үйлдэж байгаа бус уу? Махан биеийн зугаа цэнгэлд шунаж, мөнгийг хүсэмжилж, дараа нь “Бурхан минь! Та надад бие махбодын зугаа цэнгэл болон эд баялагт шунахыг зөвшөөрөх үү? Ийм маягаар мөнгө олох нь надад зориулсан Таны хүсэл мөн үү?” гэж Бурханд залбирдаг хүмүүстэй адил бус уу? Энэ нь залбирах зүй зохистой арга зам мөн үү? Ингэдэг хүмүүс, Бурхан эдгээр зүйлд огтхон ч баярладаггүй, тэдгээрийг хаях ёстой гэдгийг тун сайн мэдэж байдаг боловч зүрх сэтгэлдээ хадгалдаг зүйлс нь аль хэдийн тогтсон байдаг бөгөөд залбирч, эрж хайх үедээ тэд Бурханыг хүчлэн ийм маягаар авирладгаа зөвшөөрүүлэхээр оролддог. Зүрх сэтгэлдээ тэд бүр үүнийг нь батлах ямар нэг зүйл хэлэхийг Бурханаас шаардаж ч магад—үүнийг тэрслүү байдал гэж нэрлэдэг. Бас чуулганы ах эгч нарыг өөрсдийнхөө талд оруулж, өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулдаг хүмүүс ч бий. Эдгээр үйлдэл Бурханыг эсэргүүцдэгийг чи тун сайн мэддэг ч иймэрхүү зүйл хийхээр шийдмэгцээ тайвнаар, аймшиггүйгээр эрж хайж, Бурханд залбирсаар л байдаг. Ямар ичгүүр сонжуургүй, увайгүй юм бэ! Дэлхий ертөнцийн зүйлсийг орхих тухайд бол үүнийг аль эрт ярьчихсан. Бурхан дэлхий ертөнцийн зүйлсийг үзэн яддаг гэдгийг тодорхой мэддэг атлаа мөн л залбирч: “Өө Бурхан минь! Та дэлхий ертөнцийн зүйлсэд автахыг минь зөвшөөрөхгүй гэдгийг би ойлгож байна, гэхдээ би Таны нэрийг шившиглэхгүй гэсэндээ л үүнийг хийдэг; мөн дэлхий ертөнцийн хүмүүс Таны алдрыг надаас хараасай гэсэндээ үүнийг хийдэг” гэж хэлдэг зарим хүн бий. Энэ нь ямар төрлийн залбирал вэ? Та нар хэлж чадах уу? Энэ нь Бурханыг албадаж, Бурханд дарамт үзүүлэхээр зорьдог залбирал юм. Чи ийм маягаар залбирахаас ичихгүй байна уу? Ийм маягаар залбирдаг хүмүүс Бурханыг зориуд эсэргүүцдэг ба иймэрхүү залбирал нь тэр чигтээ эргэлзээтэй сэдлийн асуудал юм; энэ нь үнэхээр сатанлаг зан чанарын илэрхийлэл билээ. Бурханы үг, ялангуяа Түүний хүсэл, зан чанар болон өөр өөр төрлийн хүмүүст Тэр яаж ханддаг талаар айлдсан үг нь тов тодорхой байдаг. Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй бол Бурханы үгийг илүү их унших ёстой—ингэсний үр дүн нь сохроор залбирч, эрж хайснаас хавьгүй илүү байдаг. Эрж хайж, залбирах явдлыг Бурханы үгийг илүү их уншиж, үнэний талаар нөхөрлөх явдлаар солих ёстой олон тохиолдол байдаг. Ердийн залбиралдаа чи өөрийгөө эргэцүүлж, Бурханы үгэн дотроос өөрийгөө мэдэхээр хичээх ёстой. Энэ нь амийн ахиц дэвшилд чинь илүү ашиг тустай. Хэрвээ чи одоо ч гэсэн тэнгэр өөд харцаа өргөн эрж хайдаг тодорхойгүй Бурханд итгэсээр байгааг чинь энэ нь харуулдаггүй гэж үү? Урьд нь чи өөрийн эрэл хайгуул болон залбирлын үр дүнг харсан бөгөөд тэр үе нь Нигүүлслийн эрин үе байсан учраас Ариун Сүнс ямар нэгэн байдлаар сүнсийг чинь хөдөлгөсөн. Чи Бурханыг харж чадаагүй тул урагшлах замаа тэмтэрч, тийм маягаар эрж хайхаас өөр аргагүй байсан. Одоо Бурхан хүмүүсийн дунд ирж, Үг махбодоор илэрсэн бөгөөд чи Бурханыг харсан; тиймээс Ариун Сүнс урьдынх шигээ ажиллахаа больдог. Эрин үе өөрчлөгдсөн болохоор Ариун Сүнсний ажилладаг арга зам ч өөрчлөгдсөн. Хүмүүс урьдынх шигээ их залбирахгүй байгаа байж магад хэдий ч Бурхан газар дээр байгаа учраас одоо хүнд Бурханыг хайрлах боломж байгаа. Хүн төрөлхтөн Бурханыг хайрлах эрин үед орсон ба дотроо Бурхантай хэвийн байдлаар ойр дотно болж чадна: “Өө Бурхан минь! Та үнэхээр маш сайн, би Таныг хайрлахыг хүсэж байна!” Зүгээр л цөөн хэдэн тодорхой, энгийн үг хүмүүсийн зүрх сэтгэл доторх Бурханыг гэх хайрыг илэрхийлдэг; Бурхан хүн хоёрын хоорондох хайрыг гүнзгийрүүлэхийн төлөө л энэ залбирлыг хэлдэг. Заримдаа чи бага зэргийн тэрслүү байдал илэрхийлж байгаагаа хараад, “Өө Бурхан минь! Би яагаад ийм завхарсан юм бэ?” гэж хэлж болох юм. Чи өөрийгөө хэд хэдэн удаа алгадахыг үнэхээр хүсэж, нүдэнд чинь нулимс цийлгэнэдэг. Ийм үед зүрх сэтгэлдээ чи харуусаж, бачимддаг боловч эдгээр мэдрэмжээ илэрхийлэх ямар ч аргагүй байдаг. Энэ нь Ариун Сүнсний одоогийн ажил юм, гэхдээ амийг эрэлхийлдэг хүмүүс л үүнд хүрч чаддаг. Бурхан чамайг асар их хайрладаг гэдгийг чи мэдэрч, чамд ер бусын мэдрэмж төрдөг. Чамд тодорхой залбирах үг байхгүй ч Бурханы хайр бол далай мэт гүн гэдгийг үргэлж мэдэрдэг. Энэ байр байдлыг илэрхийлэх тохиромжтой үг нэг ч үгүй бөгөөд энэ бол үргэлж сүнсэн дотроос гарч ирдэг байр байдал билээ. Зүрх сэтгэлдээ Бурхантай ойртохыг зорьдог ийм төрлийн залбирал, нөхөрлөл нь хэвийн юм.
Хэдийгээр хүмүүс тэмтэрч, эрж хайх ёстой байсан цаг үе одоо өнгөрсөн ч тэд цаашид залбирч, эрж хайх хэрэггүй гэсэн үг биш, мөн ажлаа үргэлжлүүлэхээсээ өмнө Бурханы хүсэл аяндаа илчлэгдэхийг хүлээх хэрэггүй гэсэн үг ч биш; эдгээр нь зүгээр л хүний буруу ойлголт юм. Бурхан хүмүүстэй хамт амьдарч, тэдний гэрэл, амь, зам байхаар дунд нь ирсэн: Энэ нь бодит баримт мөн. Мэдээж, Бурхан газар дээр ирэхдээ хүмүүсээр эдлүүлэхийн тулд биеийн хэмжээнд нь тохирох бодитой зам болон амийг гарцаагүй авчирдаг—Тэрээр хүний хэрэгжүүлэлтийн бүх арга замыг эвдэхийн тулд ирээгүй. Хүн цаашид тэмтэрч, эрж хайн амьдрахгүй, учир нь Бурхан ажиллаж, Өөрийн үгийг хэлэхийн тулд газар дээр ирсэн нь эдгээрийг орлосон билээ. Тэрээр хүнийг харанхуй, тодорхой бус амьдралаас нь чөлөөлж, амьдралыг нь гэрлээр дүүргэхийн тулд ирсэн. Одоогийн ажил бол аливааг тодорхой заан үзүүлж, тодорхой ярьж, шууд мэдэгдэж, аливааг илэн далангүй тодорхойлохын төлөө байдаг болохоор Ехова Бурхан Израилийн ард түмнийг залж чиглүүлж, хэрхэн тахил өргөж, сүм барихыг тэдэнд хэлж өгсөнтэй адилаар хүмүүс эдгээр зүйлийг хэрэгжүүлж чадах юм. Тиймээс та нар Эзэн Есүсийг явсны дараах шигээ чин сэтгэлээсээ эрж хайсан амьдралаар амьдрах хэрэггүй. Та нар ирээдүйд сайн мэдээ түгээх ажлаар дамжуулан замаа тэмтрэх ёстой юу? Амьдрах зүй зохистой арга замыг олохоор оролдон тэмтчих хэрэгтэй юу? Үүргээ хэрхэн биелүүлэх ёстойгоо ялган танихын тулд тэмтчин явах ёстой юу? Та нарын хувьд нүүрээрээ газар унан мөргөж, яаж гэрчлэл хийх ёстойгоо мэдэхийн тулд эрж хайх шаардлагатай юу? Хэрхэн хувцаслаж, хэрхэн амьдрах ёстойгоо мэдэхийн тулд мацаг барьж, залбирах шаардлагатай юу? Бурханаар байлдан дагуулагдах явдлыг хэрхэн хүлээн зөвшөөрөх ёстойгоо мэдэхийн тулд тэнгэр дэх Бурханд тасралтгүй залбирах шаардлагатай юу? Бурханд хэрхэн дуулгавартай байх ёстойгоо мэдэхийн тулд өдөржин, шөнөжин тасралтгүй залбирах шаардлагатай юу? Та нарын дунд, ойлгодоггүй учраас хэрэгжүүлж чадахгүй гэж хэлдэг хүмүүс олон бий. Хүмүүс Бурханы өнөөгийн ажилд ердөө анхаарал хандуулахгүй байгаа! Би аль хэдийн олон үг хэлсэн боловч та нар тэдгээрийг уншихад өчүүхэн ч анхаарал хандуулаагүй, иймээс яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй байгааг чинь гайхах хэрэггүй. Мэдээж, өнөөгийн эрин үед хүмүүст таашаал олгохын тулд Ариун Сүнс мөн л хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, хүнтэй хамт амьдардаг. Энэ нь амьдралд чинь үргэлж тохиолддог онцгой, тааламжтай тэра мэдрэмжүүдийн эх сурвалж юм. Бурхан тун хайр татам гэдгийг мэдрэх өдөр хааяа ирдэг бөгөөд чи өөрийн эрхгүй Түүнд ийнхүү залбирдаг: “Өө Бурхан минь! Таны хайр маш сайхан, Таны дүр маш агуу. Би Таныг улам илүү гүнзгий хайрлахыг хүсэж байна. Би амьдралаа бүхэлд нь зарлагадахын тулд өөрийгөө тэр чигт нь зориулахыг хүсэж байна. Таны төлөө л байх юм бол, мөн ингэснээрээ би Таныг хайрлаж чадах л юм бол, би бүх зүйлийг Танд зориулна…” Энэ бол Ариун Сүнснээс та нарт өгсөн таатай мэдрэмж юм. Энэ нь гэгээрэл биш, гэрэлтүүлэлт ч биш; энэ бол сэтгэл хөдөлж буй туршлага мөн. Ийм төрлийн туршлага хааяа хааяа тохиолдоно: Заримдаа ажилдаа явах замдаа чи залбирч, Бурханд ойртож, улмаар нулимс нүүрийг чинь норгон, хяналтаа алдах хүртлээ сэтгэл хөдлөх бөгөөд зүрх сэтгэл доторх бүх ааг омгоо илэрхийлэхэд тохиромжтой орчныг олохоор эрмэлздэг… Олон нийтийн газарт байхдаа, Бурханы хайрыг маш их эдэлж байгаа, заяа төөрөг чинь энгийн биш, үүнээс ч илүүтэйгээр чи өөр хэнээс ч илүү утга учиртай амьдралаар амьдарч байна гэж чамд санагдах үе байх болно. Бурхан чамайг өргөмжилснийг, энэ нь чамайг гэсэн Бурханы агуу хайр болохыг чи гүнээ мэднэ. Хүний хувьд үгээр илэрхийлж, ухан ойлгох аргагүй хайр Бурханд байдгийг чи зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрнэ, чи үүнийг мэдэж байгаа ч дүрслэн хэлэх ямар ч аргагүй мэт байдаг бөгөөд энэ нь чамд үргэлж юм бодогдуулдаг ч үүнийг бүрэн дүүрэн илэрхийлэх чадваргүй болгож орхидог. Иймэрхүү үед чи хаана байгаагаа ч мартах бөгөөд: “Өө Бурхан минь! Та үнэхээр ойлгогдошгүй, бас маш хайр татам!” гэж дуу алддаг. Энэ нь хүмүүсийг гайхшируулж орхино, гэхдээ ийм зүйл нэлээд олон удаа тохиолддог. Та нар иймэрхүү зүйлийг маш олон удаа туулсан. Энэ бол өнөөдөр Ариун Сүнсний чамд өгсөн амьдрал, одоо чиний амьдрах ёстой амьдрал юм. Энэ нь амьдрахыг чинь болиулахын төлөө байдаггүй, харин ч амьдардаг байдлыг чинь өөрчлөхийн төлөө байдаг. Энэ нь дүрслэн хэлж, илэрхийлэх аргагүй мэдрэмж билээ. Энэ нь бас хүний жинхэнэ мэдрэмж, үүнээс ч илүүтэйгээр Ариун Сүнсний ажил юм. Чи үүнийг зүрх сэтгэлдээ ойлгож болох боловч хэн нэгэнд тодорхой илэрхийлж огт чаддаггүй. Энэ нь удаан ярьдаг, эсвэл гацаж ээрдгээс чинь болдоггүй, харин үгээр дүрслэн хэлж болшгүй мэдрэмж учраас тэр юм. Өнөөдөр эдгээр зүйлийг эдлэхийг чамд зөвшөөрдөг бөгөөд энэ бол чиний амьдрах ёстой зам билээ. Мэдээж чиний амьдралын бусад тал хоосон биш; зүгээр л сэтгэл хөдлөх ийм туршлага амьдралын чинь баяр хөөр болж, Ариун Сүнснээс ийм туршлага эдлэхийг үргэлж хүсэхэд хүргэдэг. Гэхдээ ийм байдлаар хөдөлгөгдөх нь махан биеийг даван гарч, гуравдагч тэнгэр лүү явж, эсвэл дэлхий даяар аялахын төлөө биш гэдгийг чи мэдэх ёстой. Харин ч өнөөдөр өөрийн эдэлдэг Бурханы хайрыг мэдэрч, амталж, Бурханы ажлын өнөөдрийн ач холбогдлыг туулж, Бурханы халамж, хамгаалалтыг мэддэг болохын төлөө байдаг гэдгийг чи мэдэх ёстой. Энэ бүх зүйл нь чамайг Бурханы өнөөдөр хийдэг ажлын талаар илүү их мэдлэгтэй болгохын төлөө байдаг—энэ бол энэхүү ажлыг хийх Бурханы зорилго билээ.
Эрж хайж, тэмтчих нь Бурхан бие махбодтой болохоос өмнөх амьдралын хэв маяг байсан. Тухайн үед хүмүүс Бурханыг харж чадаагүй тул эрж хайж, тэмтчихээс өөр аргагүй байсан юм. Өнөөдөр чи Бурханыг харсан ба Тэр чамд хэрхэн хэрэгжүүлэх ёстойг шууд хэлдэг; ийм учраас чи цаашид тэмтчиж, эсвэл эрж хайх хэрэггүй. Хүнийг хөтөлдөг Түүний зам бол үнэний зам бөгөөд хүнд Түүний хэлдэг зүйл, хүний хүлээн авдаг зүйл нь амь болон үнэн юм. Чамд зам, амь, үнэн байгаа, тэгвэл хаа сайгүй хайхаар явах ямар хэрэгтэй юм бэ? Ариун Сүнс ажлын хоёр үе шатыг нэгэн зэрэг хийхгүй. Хэрвээ Намайг үгээ хэлж дуусах үед хүмүүс Бурханы үгийг анхааралтай идэж ууж, үнэнийг зохих ёсоор эрэлхийлэлгүй, Нигүүлслийн эрин үеийнхтэйгээ адил авирлаж, сохор юм шиг тэмтчин, байнга залбирч, эрж хайсаар байх юм бол Миний ажлын энэ үе шат буюу үгийн ажил хий дэмий хийгдэж байгаа гэсэн үг биш үү? Хэдийгээр Би үгээ хэлж дууссан байж болох ч хүмүүс мөн л бүрэн дүүрэн ойлгодоггүй бөгөөд энэ нь тэдний хэв чанар дутмагаас болдог. Энэ асуудлыг чуулганы амьдралаар амьдарч, бие биетэйгээ нөхөрлөснөөр дамжуулан шийдвэрлэж болно. Өмнө нь, Нигүүлслийн эрин үед Бурхан бие махбодтой болсон хэдий ч үгийн ажил хийгээгүй, ийм учраас ажлыг хадгалахын тулд Ариун Сүнс тухайн үед тийм маягаар ажилласан. Тэр үед үндсэндээ Ариун Сүнс л ажил хийсэн боловч одоо бие махбодтой болсон Бурхан Өөрөө Ариун Сүнсний ажлын байрыг эзлэн үүнийг хийж байгаа. Урьд нь, хүмүүс байнга залбирч л байх юм бол амар амгалан, баяр хөөрийг мэдэрдэг байсан; зэмлэл, сахилгажуулалт ч бас байсан. Энэ нь бүгд Ариун Сүнсний ажил байсан юм. Одоо эдгээр байр байдал ховорхон. Ариун Сүнс аль нэг эрин үед зөвхөн нэг төрлийн ажил л хийж чадна. Хэрвээ Тэрээр хоёр өөр ажлыг нэгэн зэрэг хийж, махбод нь нэг төрлийн ажил хийж, Ариун Сүнс хүмүүсийн дотор өөр нэгийг хийсэн бол, мөн махбодын хэлсэн зүйл тооцогдолгүй, Ариун Сүнсний хийсэн зүйл л тооцогдож байсан бол Христэд яриад байх ямар ч үнэн, зам, амь байхгүй байх байв. Энэ нь дотоод зөрчил байх байлаа. Ариун Сүнс ингэж ажиллаж чадах уу? Бурхан бол төгс хүчит, бүхэлдээ ухаалаг, ариун, зөвт бөгөөд Тэр яавч алдаа гаргадаггүй.
Хүмүүсийн урьдын туршлагад хэтэрхий их гажуудал, алдаа мадаг байсан. Хэвийн хүн чанартай хүмүүст байх учиртай, тэдний хийх учиртай зарим зүйл байсан буюу хүний амьдралд зайлсхийхэд хэцүү алдаа байдаг байсан бөгөөд эдгээр зүйл муугаар эргэх үед хүмүүс хариуцлагыг нь Бурханд тохсон. Нэг эгчийн гэрт зочид иржээ. Түүний жигнэсэн мантуу зөв хөөгөөгүй болохоор тэр эгч: “Энэ нь магадгүй Бурханы сахилгажуулалт байх. Бурхан биеэ тоосон зүрх сэтгэлтэй минь дахиад харьцаж байна; миний нэрэлхүү зан үнэхээр дэндүү их юм” гэж бодож. Үнэндээ хүний хэвийн сэтгэхүйн үүднээс бол зочид ирэх үед чи баярлан хөөрч, яаравчилж, хийж байгаа бүхнээ хольж хутгадаг, иймээс будаа чинь түлэгдэх юм уу хоол чинь хэтэрхий шорвог болж таарах нь мэдээжийн хэрэг. Энэ нь хэтэрхий их сэтгэл хөдөлснөөс болдог боловч хүмүүс үүнийг “Бурханы сахилгажуулалт” руу тохож дуусдаг. Үнэндээ эдгээр нь бүгд ердөө хүний амьдралд гардаг алдаа мадаг юм. Хэрвээ чи Бурханд итгээгүй бол ийм төрлийн зүйлтэй бас л олон дахин тулгарахгүй гэж үү? Тохиолддог асуудлууд нь үргэлж хүмүүсийн гаргасан алдааны үр дүн байдаг—ийм алдаануудыг Ариун Сүнс гаргадаг юм биш. Ийм алдаа нь Бурхантай ямар ч хамаагүй. Жишээ нь чи юм идэж байгаад хэлээ хазвал—энэ нь Бурханы сахилгажуулалт байж болох уу? Бурханы сахилгажуулалтад зарчим байдаг бөгөөд энэ нь ихэвчлэн зориуд зөрчил гаргах үед харагддаг. Бурханы нэрийг агуулсан, эсвэл Түүний гэрчлэл юм уу ажилтай холбоотой зүйлийг хийх үед чинь л Тэр чамайг сахилгажуулна. Одоо хүмүүс өөрсдийн хийдэг зүйлсийн талаар дотроо мэддэг байхад хангалттай үнэнийг ойлгодог. Жишээлбэл: Хэрвээ чи чуулганы мөнгийг шамшигдуулж, эсвэл үүнийг бодлогогүй зарцуулсан бол юу ч мэдрэхгүй байж чадах уу? Тийм зүйл хийх үедээ чи ямар нэгэн зүйлийг мэдэрнэ. Үйл хэрэг дуусмагц л ямар нэгэн зүйлийг мэдрэх боломжгүй. Мөс чанарт чинь харшилдаг зүйл хийсэн тухайгаа чи зүрх сэтгэлдээ тодорхой мэдэж байдаг. Хүмүүст өөрсдийн гэсэн дуртай зүйл, шилэлт сонголт байдаг учраас тэд үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхой мэдэж байсан ч гэсэн зүгээр л өөрсдийгөө өөгшүүлдэг. Ийм болохоор ямар нэгэн зүйл хийснийхээ дараа тэд илт зэмлэлийг мэдэрдэггүй, илэрхий сахилгажуулалт ч туулдаггүй. Тэд мэдсээр байж зөрчил гаргасан тул Бурхан тэднийг сахилгажуулдаггүй; зөвт шүүлтийн цаг ирмэгц хийсэн үйлдлүүдийнх нь дагуу хүн бүхэнд Бурханы залхаан цээрлүүлэлт хүрнэ. Одоогоор, мөнгө шамшигдуулдаг зарим хүн чуулганд байдаг, мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд тодорхой зааг барьдаггүй зарим хүн, Бурханы ажлыг нууцаар шүүж, эсэргүүцэж, нураахаар оролддог зарим хүн бий. Гэтэл яагаад энэ бүхэн тэдний хувьд зүгээр байдаг юм бэ? Тийм зүйл хийхдээ тэд мэдэж байдаг, зүрх сэтгэлдээ зэмлэл мэдэрдэг бөгөөд үүнээс болоод заримдаа гэсгээлт, цэвэршүүлэлт туулдаг ч зүгээр л дэндүү ичгүүр сонжуургүй! Хүмүүс садар самууныг үйлдэхдээ тухайн үед юу хийж байгаагаа мэдэж байдаг боловч тэдний тачаал дэндүү их байдаг бөгөөд өөрсдийгөө хянаж чаддаггүйтэй яг адилхан. Ариун Сүнс тэднийг сахилгажуулсан ч гэсэн, энэ нь ямар ч хэрэггүй байх болно, иймээс Ариун Сүнс сахилгажуулалт оноохоо больдог. Хэрвээ тэр үед Ариун Сүнс тэднийг сахилгажуулаагүй бол, тэд ямар ч зэмлэл мэдрээгүй, махан биед нь юу ч тохиолдоогүй бол дараа нь ер нь ямар зэмлэл байх юм бэ? Үйл хэрэг дууссаны дараа ямар сахилгажуулалт байх юм бэ? Тэд хэтэрхий ичгүүр сонжуургүй, хүн чанар дутмаг бөгөөд хараагдаж, шийтгэгдвэл таарна гэдгийг л энэ нь нотолдог! Ариун Сүнс дэмий ажилладаггүй. Чи үнэнийг тун сайн мэддэг боловч хэрэгжүүлдэггүй, мөн ямар ч нүгэл үйлдэх чадвартай бол ёрын муу нэгний хамтаар шийтгэгдэх өдөр ирэхийг л хүлээхээс өөр аргагүй. Энэ бол чиний хувьд хамгийн сайн төгсгөл! Би мөс чанарын талаар ахин дахин номлолоо, энэ бол хамгийн наад захын шалгуур юм. Хүмүүст мөс чанар дутмаг бол Ариун Сүнсний сахилгажуулалтыг алдчихсан байдаг; тэд хүссэнээ хийж болох ба Бурхан тэднийг огт анхаардаггүй. Үнэхээр мөс чанартай, эрүүл ухаантай хүмүүс ямар нэг буруу зүйл хийх үедээ үүнийгээ мэднэ. Тэд мөс чанартаа бага зэрэг зэмлэл мэдэрмэгцээ тавгүйтнэ; тэд дотоод тэмцэл туулж, эцэст нь махан биеийг хаяна. Тэд Бурханыг дэндүү ноцтой эсэргүүцдэг зүйл хийх хэмжээнд очихгүй. Ариун Сүнс тэднийг хэрхэн сахилгажуулж, гэсгээх эсэхээс үл хамааран ямар нэгэн буруу зүйл хийх үедээ хүмүүст бүгдэд нь зарим нэг мэдрэмж төрнө. Тиймээс, хүмүүс одоо төрөл бүрийн үнэнийг ойлгодог ба хэрвээ тэд үүнийг хэрэгжүүлэхгүй бол энэ нь хүмүүсийн асуудал юм. Би ийм хүмүүст огт хариу үйлдэл хийдэггүй, мөн Би тэдэнд ямар ч итгэл найдвар тавьдаггүй. Чи хүссэнээ хийж болно!
Зарим хүн уулзахаараа Бурханы үгийг нэг тийш тавьж, энэ хүн, эсвэл тэр хүн ямар болох тухай үргэлж ярилцдаг. Мэдээж бага зэргийн ялган таних чадвартай байх нь сайн, тэгснээр чи хаашаа ч явсан бай, амархан мэхлэгдэхгүй, мөн амархан зальдуулж, хууртахгүй—энэ нь ч бас хүмүүсийн эзэмших ёстой тал юм. Гэхдээ чи ганцхан энэ тал дээр төвлөрөх ёсгүй. Энэ нь аливаа зүйлийн сөрөг талтай хамаатай байдаг бөгөөд чи үргэлж бусад хүмүүс дээр харцаа тогтох ёсгүй. Чи одоо Ариун Сүнс хэрхэн ажилладаг талаар дэндүү бага мэдлэгтэй, Бурханд итгэх итгэл чинь хэтэрхий өнгөц бөгөөд чамд хэтэрхий цөөхөн эерэг зүйл байдаг. Чиний итгэдэг Нэгэн бол Бурхан бөгөөд чиний ойлгох хэрэгтэй Нэгэн бол Сатан биш, Бурхан юм. Хэрвээ чи зөвхөн Сатан хэрхэн ажилладгийг ойлгож, муу ёрын сүнснүүдийн ажилладаг бүх арга замыг мэддэг боловч Бурханы талаар ямар ч мэдлэггүй бол энэ нь ямар хэрэгтэй юм бэ? Чи өнөөдөр Бурханд итгэдэггүй гэж үү? Чиний мэдлэг яагаад эдгээр эерэг зүйлийг агуулдаггүй юм бэ? Чи оролтын эерэг талд ердөө анхаарал хандуулдаггүй, мөн үүнийг ойлгодог ч үгүй, тэгвэл итгэлээрээ чи яг юу олж авахыг хүсээд байгаа юм бэ? Чи хэрхэн эрэлхийлэх ёстойгоо мэддэггүй гэж үү? Чи сөрөг талуудын тухай ихийг мэддэг боловч оролтын эерэг талд ямар ч үр дүнд хүрдэггүй, тэгэхээр биеийн хэмжээ чинь яаж ер нь өсөж чадах юм бэ? Сатантай хийх тулааны талаар л ярьдаг чам шиг хүн хөгжин дэвших ямар хэтийн ирээдүйтэй байх юм бэ? Чиний оролт хэтэрхий хоцрогдсон байх бус уу? Ингэснээрээ чи одоогийн ажлаас юу олж авч чадах юм бэ? Чи, Бурхан одоо юу хийхийг хүсдэг, хүн хэрхэн хамтран ажиллах ёстой, тэд Бурханыг хэрхэн хайрлах ёстой, Ариун Сүнсний ажлыг хэрхэн ойлгох ёстой, өнөөдөр Бурханы хэлдэг бүх үг рүү хэрхэн орох ёстой, тэдгээрийг хэрхэн идэж ууж, туулж, ойлгох ёстой, Бурханы хүслийг хэрхэн хангаж, Бурханаар хэрхэн бүрэн байлдан дагуулагдаж, Бурханы өмнө хэрхэн захирагдах ёстой гэх зэргийг ойлгох нь одоо гол чухал юм… Эдгээр нь чиний анхаарлаа төвлөрүүлж, одоо орох ёстой зүйлс билээ. Чи ойлгож байна уу? Гагцхүү бусад хүмүүсийг ялган танихад төвлөрөх нь ямар хэрэгтэй юм бэ? Чи энд байгаа Сатаныг ялган таньж, тэнд байгаа муу ёрын сүнснүүдийг ялган таньж чадна—чи муу ёрын сүнснүүдийн талаар бүрэн дүүрэн ойлгож чаддаг боловч Бурханы ажлын талаар юу ч хэлж чаддаггүй бол тийм ялган таних чадвар Бурханы талаарх ойлголтыг чинь орлож чадах уу? Би муу ёрын сүнснүүдийн ажлын илэрхийллийн талаар урьд нь нөхөрлөсөн боловч энэ нь гол зүйл байгаагүй. Мэдээж хүмүүст бага зэргийн ялгаж таних чадвар байх ёстой бөгөөд энэ нь тэнэг зүйл хийж, Бурханы ажилд саад болохоос зайлсхийхийн тулд Бурханд үйлчилдэг хүмүүсийн эзэмших ёстой тал юм. Гэхдээ хамгийн чухал зүйл бол Бурханы ажлын талаар мэдлэгтэй байж, Бурханы хүслийг ойлгох явдал хэвээр үлддэг. Бурханы ажлын энэ үе шатны талаар дотор чинь ямар мэдлэг байгаа вэ? Чи Бурханы хийдэг зүйл юу болох, Бурханы хүсэл юу болох, чиний өөрийн дутагдал юу болох болон ямар зүйлээр зэвсэглэх ёстой тухайгаа ярьж чадах уу? Хамгийн шинэхэн оролт чинь юу болохыг чи хэлж чадах уу? Чи шинэ оролтдоо үр дүн авчирч, ойлголтод хүрч чадах ёстой. Будилсан дүр бүү үзүүл; чи өөрийн туршлага болон мэдлэгийг гүнзгийрүүлэхийн тулд шинэ оролтдоо илүү их хичээл чармайлт гаргах ёстой, үүнээс ч илүүтэйгээр одоогийн хамгийн шинэ оролт болон туршлагажих хамгийн зөв замыг ухаарах ёстой. Түүнчлэн, шинэ ажил, шинэ оролтоор дамжуулан чи урьдын хоцрогдсон, гажуудсан хэрэгжүүлэлтээ ялган таних чадвартай болж, шинэ туршлага руу орохын тулд тэдгээрийг хаях талаар эрэлхийлэх ёстой. Эдгээр нь одоо яаралтай ойлгож, орох хэрэгтэй зүйлс чинь юм. Чи хуучин, шинэ оролтуудын хоорондох ялгаа болон харилцааг ойлгох ёстой. Хэрвээ эдгээр зүйлийг ойлгодоггүй бол чи Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлэн алхаж чадахгүй байх тул ахиц гаргах ямар ч аргагүй байх болно. Чи Бурханы үгийг хэвийн байдлаар идэж ууж, хэвийн байдлаар нөхөрлөж, тэдгээрийг ашиглан урьдын хэрэгжүүлэлтийн хоцрогдсон арга зам болон уламжлалт хуучин үзлээ өөрчлөх ёстой, ингэснээр чи шинэ хэрэгжүүлэлтэд орж, Бурханы шинэ ажилд орж болох юм. Эдгээр нь чиний биелүүлэх учиртай зүйлс билээ. Би одоо чамаас өөрийгөө яг ямар хэмжээнд байгааг л мэдэж ав гэж шаардаагүй байна; энэ бол зорилго биш. Харин ч Би чамаас үнэний хэрэгжүүлэлт болон амийн оролтын талаарх ойлголтоо ноцтойгоор авч үзэхийг шаардаж байна. Өөрийгөө мэдэх чадвар чинь жинхэнэ биеийн хэмжээг чинь төлөөлдөггүй. Хэрвээ чи Бурханы ажлыг туулж, Бурханы үгийн үнэний талаар туршлага болон ойлголттой болж чаддаг бол, мөн урьдын үзэл, алдаа мадгаа ялган таньж чаддаг бол энэ нь чиний жинхэнэ биеийн хэмжээ бөгөөд та нарын дор бүрнээ хүрэх ёстой зүйл юм.
Та нар олон нөхцөл байдалд хэрхэн хэрэгжүүлэхээ ердөө мэддэггүй ба Ариун Сүнс хэрхэн ажилладгийг бүр ч мэддэггүй. Заримдаа чи Ариун Сүнсэнд илт дуулгаваргүй зүйл хийдэг. Бурханы үгийг идэж, ууснаараа дамжуулан чи аливаа зүйлийн зарчмын талаар аль хэдийн ухаарсан байдаг тул дотор чинь зэмлэл болон түгшүүрийн мэдрэмж төрдөг; мэдээж энэ нь зарим үнэнийг мэдсэн нөхцөлд л хүний мэдрэх мэдрэмж юм. Хэрвээ хүмүүс Бурханы өнөөдрийн үгэнд нийцүүлэн хамтран ажилладаггүй, эсвэл хэрэгжүүлдэггүй бол Ариун Сүнсний ажилд саад болж байгаа бөгөөд тэд дотроо түгшүүр мэдрэх нь гарцаагүй. Чи тодорхой нэг талын зарчмыг ойлгодог боловч үүний дагуу хэрэгжүүлдэггүй гэе, тэгвэл чи дотроо зэмлэсэн мэдрэмжийг мэдэрнэ. Хэрвээ чи зарчмыг ойлгодоггүй, энэ талын үнэнийг огт мэддэггүй бол энэ асуудал дээр зэмлэсэн мэдрэмжийг заавал мэдрээд байхгүй. Ариун Сүнсний зэмлэл үргэлж нөхцөлтэй байдаг. Чи залбираагүй, Ариун Сүнстэй хамтран ажиллаагүй учраас ажлыг саатуулчихлаа гэж чи боддог. Үнэн хэрэгтээ үүнийг саатуулж чадахгүй. Ариун Сүнс өөр хэн нэгний сэтгэлийг хөдөлгөнө; Ариун Сүнсний ажил хэнээр ч хязгаарлагддаггүй. Бурханы урмыг хугаллаа гэж чамд санагддаг ба энэ нь мөс чанарт чинь байх ёстой мэдрэмж юм. Үнэнийг олж авч чадах уу, үгүй юу гэдэг чинь чиний л хэрэг бөгөөд Бурхантай хамаагүй. Заримдаа мөс чанар чинь буруушаалт мэдэрдэг боловч энэ нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт биш, Ариун Сүнсний зэмлэл ч биш. Харин ч энэ нь хүний мөс чанар доторх мэдрэмж юм. Хэрвээ чи Бурханы нэр, Бурханы гэрчлэл, эсвэл Бурханы ажилтай холбоотой асуудал дээр дур зоргоороо үйлддэг бол Бурхан чамайг зүгээр орхихгүй. Гэхдээ үүнд хязгаар байдаг—ердийн, жаахан асуудлууд дээр Бурхан чамайг зовоохгүй. Тэр чамайг үл тооно. Хэрвээ чи зарчмуудыг зөрчиж, Бурханы ажлыг үймүүлж, нураавал Тэрээр уур хилэнгээ чам дээр гаргах ба чамайг яасан ч зүгээр орхихгүй. Чиний гаргадаг зарим алдаа нь хүний амьдралын замналд зайлшгүй тохиолддог. Жишээлбэл, чи мантуугаа зөв жигнээгүй бөгөөд энэ нь Бурхан чамайг сахилгажуулж байгаа хэрэг гэж хэлдэг—энэ бол хэлэхэд туйлын үндэслэлгүй зүйл. Бурханд итгэж эхлэхээс чинь өмнө иймэрхүү зүйл олон удаа тохиолдож байгаагүй гэж үү? Чамд энэ нь Ариун Сүнсний сахилгажуулалт шиг санагддаг боловч үнэн хэрэгтээ тийм биш (зарим онцгой нөхцөл байдлыг үл оролцуулан), учир нь энэхүү ажил тэр чигтээ Ариун Сүнснээс ирдэггүй, харин ч хүний мэдрэмжээс гардаг. Гэхдээ, итгэлтэй хүмүүсийн хувьд ингэж бодох нь хэвийн зүйл. Чи Бурханд итгээгүй байхдаа ингэж боддог байсан байж таарахгүй. Бурханд итгэж эхэлмэгцээ чи эдгээр зүйлийг эргэцүүлэхэд илүү их цаг зарцуулж эхэлдэг тул аяндаа ингэж бодож эхэлдэг. Энэ нь хэвийн хүмүүсийн бодлоос урган гардаг бөгөөд тэдний сэтгэхүйтэй хамаатай байдаг. Гэхдээ ийм бодол нь Ариун Сүнсний ажлын цар хүрээнд багтдаг зүйл биш гэдгийг Би чамд хэлье. Энэ нь, Ариун Сүнс хүмүүст бодлоор нь дамжуулан хэвийн хариу үйлдэл өгч буйн жишээ юм; гэхдээ энэ хариу үйлдэл нь Ариун Сүнсний ажил биш гэдгийг чи ойлгох ёстой. Ийм төрлийн “мэдлэгтэй” байх нь чамд Ариун Сүнсний ажил байгаа гэдгийг нотолдоггүй. Чиний мэдлэг Ариун Сүнсний гэгээрлээс гарч ирдэггүй, тэр ч бүү хэл энэ нь Ариун Сүнсний ажил биш. Энэ нь ердөө хүмүүсийн хэвийн бодлын үр дүн бөгөөд энэ нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлттэй ямар ч холбоогүй—эдгээр нь эрс ялгаатай зүйл үзэгдэл юм. Хүний ийм хэвийн бодол нь тэр чигтээ Ариун Сүнснээс гардаггүй. Ариун Сүнс хүмүүсийг гэгээрүүлэхээр ажиллах үедээ тэдэнд ерөнхийдөө Бурханы ажлын тухай, өөрсдийнх нь жинхэнэ оролт, жинхэнэ байр байдлын тухай мэдлэг өгдөг. Тэр бас, Бурханы яаралтай санаа зорилго болон өнөөдөр хүнд тавьдаг Бурханы шаардлагыг тэдэнд ойлгуулдаг, ингэснээр тэд хавчлага, саад бэрхшээлтэй тулгарсан ч гэсэн Бурханыг хангалуун байлган, хайрлахын тулд бүхнийг золиосолж, цусаа урсган, амиа өгөх байсан ч гэсэн Бурханы төлөө гэрчлэлд зогсож, харамсахгүйгээр ийнхүү хийх шийдвэртэй болдог. Хэрвээ чамд ийм шийдвэр байгаа бол Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөдөг ба чамд Ариун Сүнсний ажил байгаа гэсэн үг—гэхдээ урсан өнгөрөх хором бүрд чамд тийм сэтгэл хөдлөл байдаггүй гэдгийг мэдэж ав. Заримдаа цуглаан дээр Бурханы үгийг идэж, уух үед сэтгэл чинь туйлын их хөдөлж, зоригждог. Бусад хүмүүс Бурханы үгийн талаарх өөрсдийн туршлага, ойлголтыг нөхөрлөх үед тун шинэ, шинэлэг санагдаж, зүрх сэтгэл чинь тов тодорхой, гэгээлэг байдаг. Энэ нь бүгд Ариун Сүнсний ажил юм. Хэрвээ чи удирдагч бөгөөд ажиллахаар чуулган руу явах үед чинь Ариун Сүнс хосгүй гэгээрэл, гэрэлтүүлэлт өгч, чуулган дотор оршдог асуудлуудыг нэгд нэггүй ойлгуулж, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэний талаар хэрхэн нөхөрлөхөө мэдэх боломж олгон, чамайг ажилдаа тун үнэнч, хариуцлагатай, нухацтай болгодог бол энэ бүхэн нь Ариун Сүнсний ажил мөн.
Тайлбар:
а. Эх бичвэрт “Эдгээр нь зарим” гэж байдаг.