Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна

Бие махбодтой болсон Бурханы ажил хоёр хэсгээс бүрддэг. Эхний удаа бие махбодтой болоход нь хүмүүс Түүнд итгээгүй, Түүнийг мэдээгүй ба Есүсийг загалмайд цовдолсон. Хоёр дахь удаад ч гэсэн хүмүүс Түүнийг мэдэх нь байтугай, Түүнд итгээ ч үгүй ба Христийг дахин нэг удаа загалмайд цовдолсон. Хүн Бурханы дайсан биш гэж үү? Бурханыг мэддэггүй бол хүн яаж Түүний дотнын нэгэн байж чадах юм бэ? Бурханд гэрчлэл хийх шаардлагыг яаж хангах юм бэ? Хүн Бурханыг хайрлаж, Бурханд үйлчилж, Бурханыг алдаршуулж байна гэж хэлдэг нь бүгд зальжин худал үг биш гэж үү? Хэрэв чи амьдралаа эдгээр бодит бус, практик бус зүйлсэд зориулах юм бол чиний хөдөлмөр талаар өнгөрөх бус уу? Бурхан хэн бэ гэдгийг ч мэдэхгүй байж чи яаж Бурханы дотнын нэгэн байж чадах юм бэ? Иймэрхүү эрэл хайгуул чинь тодорхойгүй, хийсвэр биш гэж үү? Ов мэхтэй хэрэг бус уу? Хүн хэрхэн Бурханы дотнын нэгэн болох вэ? Бурханы дотнын нэгэн байхын бодит ач холбогдол юу вэ? Чи Бурханы Сүнсний дотнын нэгэн байж чадах уу? Сүнс хэчнээн агуу, өргөмжит болохыг чи харж чадах уу? Үл үзэгдэх, биет бус Бурханы дотнын нэгэн байна гэдэг тодорхойгүй, хийсвэр зүйл биш үү? Ийм эрэл хайгуулд ямар бодит ач холбогдол байна вэ? Энэ нь бүгд худал, хуурмаг биш гэж үү? Чи Бурханыг мэддэггүй бөгөөд нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй, өөрийнхөө үзлээр бий болгосон, оршин байдаггүй “бүх зүйлийн Бурханыг” эрэлхийлдэг учраас чиний эрж хайдаг зүйл Бурханы дотнын хүн болох явдал боловч яг үнэндээ чи Сатаны бууны нохой юм. Тойруулж хэлбэл, тийм “Бурхан” бол Сатан юм, харин шулуухан хэлбэл энэ нь чи өөрөө юм. Чи өөрийнхөө л дотнын нэгэн байхыг эрэлхийлдэг хэр нь Бурханы дотнын хүн байхаар эрэлхийлж байна гэж хэлдэг—энэ чинь доромжлол биш үү? Ийм эрэл хайгуул ямар үнэ цэнтэй юм бэ? Хэрвээ Бурханы Сүнс махбод болохгүй бол Бурханы мөн чанар нь хүний хувьд хэлбэргүй агаад дүрсгүй, материаллаг бус төрлийн, ойртохын аргагүй хийгээд ойлгогдошгүй, үл үзэгдэх, үл мэдрэгдэх нэгэн амийн Сүнс төдий юм. Хүн ийм материаллаг бус, гайхмаар, ойлгошгүй Сүнсний ойр дотно нэгэн байж яаж чадах юм бэ? Энэ чинь инээдтэй хэрэг биш үү? Тийм утгагүй бодол нь бодит бус, үндэслэлгүй юм. Бүтээгдсэн хүн угаасаа Бурханы Сүнснээс өөр төрлийнх байхад энэ хоёр яаж бие биетэйгээ ойр дотно байж чадах юм бэ? Хэрвээ Бурханы Сүнс махбодод биеллээ олоогүй бол, өөрөөр хэлбэл, Бурхан махбод болоогүй, бүтээл болж, Өөрийгөө даруу болгоогүй бол бүтээгдсэн хүн Түүний дотнын нэгэн байх эрхгүй, бас байж чадах ч үгүй байсан бөгөөд сүнс нь тэнгэрт орсны дараа Бурханы дотнын нэгэн болох боломжтой үнэн сүсэгт итгэгчдээс бусад ихэнх хүн Бурханы Сүнсний дотнын нэгэн болж чадахгүй байх байв. Хэрвээ хүн бие махбодтой болсон Бурханы удирдамж дор тэнгэр дэх Бурханы дотнын нэгэн болохыг хүсдэг бол тэд гайхмаар тэнэг, хүн-бус биш гэж үү? Хүмүүс ердөө л үл үзэгдэх Бурханд “үнэнч байхыг” зорьдог ба харж болох Бурханд өчүүхэн ч анхаарал хандуулдаггүй, учир нь үл үзэгдэх Бурханыг эрэлхийлэх маш амархан. Хүн үүнийг хүссэнээрээ хийж болно. Харин үзэгдэх Бурханыг эрж хайх нь тийм ч амаргүй. Тодорхойгүй Бурханыг эрж хайдаг хүн Бурханыг олж авч огт чадахгүй, учир нь тодорхойгүй, хийсвэр зүйлс нь бүгд хүний төсөөлөл бөгөөд хүний олж авах боломжтой зүйл биш юм. Хэрвээ та нарын дунд ирсэн Бурхан өндөр дээд, өргөмжит агаад чиний ойртохын аргагүй нэгэн байсан бол Түүний хүслийг та нар хэрхэн ойлгож ухаарч чадах юм бэ? Түүнийг яаж мэдэж, ойлгож чадах юм бэ? Хэрвээ Тэр ажлаа л хийгээд, хүнтэй ямар ч хэвийн харилцаа үүсгэдэггүй байсан бол, эсвэл ямар ч хэвийн хүн чанаргүй, жирийн хүмүүс ойртох аргагүй нэгэн байсан бол, тэгээд хэдийгээр Тэр та нарын төлөө их ажил хийсэн ч, та нар Түүнтэй огт харилцдаггүй, Түүнийг харж чаддаггүй байсан бол та нар яаж Түүнийг мэдэж чадах билээ? Хэвийн хүн чанарыг эзэмшсэн энэ махбод байгаагүй сэн бол хүн Бурханыг мэдэх ямар ч аргагүй байх байлаа; Бурхан бие махбодтой болсны хүчинд л хүн махбод дахь Бурханы дотнын нэгэн байх эрхтэй болдог. Хүмүүс Бурхантай харилцдаг болж, Түүнтэй хамт амьдарч, цагийг хамт өнгөрөөснөөр аажмаар Түүнийг мэдэж эхэлдэг учраас Бурханы дотнын хүн болдог. Ингээгүй бол хүний эрэл хайгуул талаар өнгөрөх байсан бус уу? Өөрөөр хэлбэл, дан ганц Бурханы ажлын хүчинд биш, харин бие махбодтой болсон Бурханы бодитой, хэвийн байдлын хүчинд хүн Бурханы дотнын хүн болж чаддаг. Бурхан бие махбодтой болсон учраас л хүн үүргээ биелүүлэх, мөн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөх боломжтой болсон билээ. Энэ нь хамгийн бодит, жинхэнэ үнэн биш гэж үү? Чи одоо ч гэсэн тэнгэр дэх Бурханы дотнын нэгэн баймаар байна уу? Бурхан Өөрийгөө тодорхой түвшинд хүртэл даруу болгосноор буюу махбод болсноор л хүн Түүний дотнын, итгэлт нэгэн болж чадна. Бурхан бол Сүнс: Туйлын өргөмжит, ойлгохын аргагүй энэхүү Сүнсний дотнын хүн байхад хүн яаж тэнцэх юм бэ? Бурханы Сүнс махбодод буун ирж, хүнтэй адил гадаад төрхтэй бүтээл болсноор л хүн Түүний хүслийг ойлгож, Түүгээр үнэхээр авхуулж чадна. Тэр махбодоор үг хэлж, ажиллаж, хүний баяр баясгалан, уйтгар гуниг, гай зовлонг хуваалцаж, хүнтэй нэг дэлхийд амьдарч, хүнийг хамгаалж, залж чиглүүлдэг ба үүгээрээ дамжуулан хүнийг цэвэрлэж, Түүний аврал болон ерөөлийг олж авах боломжийг хүнд олгодог. Хүн эдгээр зүйлийг олж авч, Бурханы хүслийг үнэхээр ойлгосноор л Бурханы дотнын нэгэн байж чаддаг, энэ л бодитой. Хэрвээ Бурхан хүнд үзэгддэггүй, баригддаггүй байсан бол хүн яаж Түүний дотнын нэгэн байж чадах юм бэ? Энэ чинь хоосон сургаал бус уу?

Өнөөдрийг хүртэл Бурханд итгэчхээд олон хүн тодорхойгүй, хийсвэр зүйлийг эрж хайсаар л байна. Тэд Бурханы өнөөгийн ажлын бодит байдлыг огт ухааралгүйгээр одоо ч бичиг үсэг, хоосон сургаал дунд амьдарсаар байдаг. Түүнчлэн ихэнх нь “Бурханыг хайрладаг шинэ үеийнхэн”, “Бурханы дотнын хүн”, “Бурханыг хайрлах үлгэр жишээ, үлгэр дуурайл”, “Петрийн хэв маяг” гэх мэт шинэ хэллэгүүдийн бодит байдал руу хараахан ороогүй байгаа; харин эрэл хайгуул нь тодорхойгүй, хийсвэр хэвээр, хоосон сургаал дунд тэмтэчсээр байгаа бөгөөд тэд эдгээр үгийн бодит байдлын тухай ямар ч ойлголтгүй байдаг юм. Бурханы Сүнс махбод болох үед чи Түүний махбод дахь ажлыг харж, хүрч болно. Гэсэн ч чи Түүний дотнын нэгэн болох чадваргүй хэвээр, Түүний итгэлт анд болж чадахгүй хэвээр байвал хэрхэн Бурханы Сүнсний итгэлт нэгэн болж чадах юм бэ? Хэрвээ чи өнөөдрийн Бурханыг мэдэхгүй бол Бурханыг хайрладаг шинэ үеийнхний нэг болж яаж чадах юм бэ? Эдгээр хэллэг нь зүгээр л хоосон бичиг үсэг, сургаал бус уу? Чи Сүнсийг харж, Түүний хүслийг ухаарч чаддаг уу? Эдгээр хэллэг нь хоосон үг бус уу? Чи зүгээр л эдгээр хэллэг, нэр томьёог ярилаа гээд хангалтгүй, бас чи зөвхөн шийдэмгий байдлаар Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахгүй. Эдгээр үгийг ярих төдийд л сэтгэл чинь ханадаг бөгөөд энэ нь өөрийн чинь хүсэл, бодит бус уран сэтгэмж, үзэл, бодлыг хангахын төлөө л байдаг. Хэрвээ чи өнөөдрийн Бурханыг мэдэхгүй бол юу ч хийлээ гэсэн, Бурханы чин зүрхний хүслийг хангаж чадахгүй. Бурханы итгэлт анд байна гэдэг юу гэсэн үг вэ? Чи үүнийг ойлгохгүй л байна уу? Бурханы дотнын нэгэн бол хүн учраас Бурхан ч гэсэн хүн, өөрөөр хэлбэл, Бурхан махбод болж, хүн болсон. Ижил төрлийн хүмүүс л бие биеэ итгэлт анд гэж дуудаж чадна, тэр үед л тэднийг ойр дотно хүмүүст тооцож болно. Хэрвээ Бурхан Сүнс байсан бол бүтээгдсэн хүн яаж Түүний дотнын нэгэн болж чадах юм бэ?

Бурханд итгэх итгэл, үнэний эрэл хайгуул, тэр ч байтугай биеэ авч яваа байдал чинь бүгд бодит байдалд үндэслэх ёстой: Хийдэг бүхэн чинь бодит байх ёстой, чи хий хоосон, уран зөгнөлт зүйлийг эрэлхийлэх ёсгүй. Ингэж авирлах нь ямар ч үнэ цэнгүй, цаашлаад тийм амьдралд утга учир гэж үгүй. Эрэл хайгуул болон амьдрал чинь худал хуурмаг, ов мэхнээс цаашгүй зүйлсийн дунд өнгөрч, чи үнэ цэнтэй, ач холбогдолтой зүйлсийг эрж хайдаггүй учраас чиний олж авдаг цорын ганц зүйл бол үнэнтэй хамаагүй утгагүй бодол, хоосон сургаал л байдаг. Тиймэрхүү зүйлс нь чиний оршин тогтнолын үнэ цэн, утга учиртай ямар ч холбоогүй бөгөөд чамайг зөвхөн хоосон газар л аваачиж чадна. Ингэснээр чиний бүхий л амьдрал ямар ч үнэ цэн, утга учиргүй байх болно—хэрвээ чи утга учиртай амьдралыг эрж хайхгүй юм бол зуун жил амьдарлаа ч гэсэн бүгд хий дэмий байх болно. Үүнийг яаж хүний амьдрал гэж хэлж болох юм бэ? Энэ чинь үнэндээ амьтны амьдрал биш үү? Үүний адилаар, хэрвээ та нар Бурханд итгэх замыг дагах гэж хичээдэг боловч харж болох Бурханыг эрж хайх ямар ч оролдлого хийлгүй, оронд нь үл үзэгдэх, биет бус Бурханыг шүтэн мөргөдөг бол иймэрхүү эрэл хайгуул нь бүр ч дэмий биш гэж үү? Эцэстээ чиний эрэл хайгуул нуранги овоо л болох болно. Иймэрхүү эрэл хайгуул чамд ямар ашигтай юм бэ? Хүний хамгийн том бэрхшээл бол өөрийн харж, хүрч чадахгүй, туйлын нууцлаг, гайхалтай зүйлс болон хүмүүсийн төсөөлшгүй, жирийн хүмүүсийн хүрч чадахааргүй зүйлсийг л хайрладаг явдал юм. Эдгээр зүйл хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ дүгнэж шинжлэн, бүр бусад бүх зүйлийг умартан эдгээрийг эрж хайж, олж авахаар оролддог. Тэдгээр нь хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ нарийвчлан судалж, шинжилдэг төдийгүй тэдгээрийн талаар нарийн нягт бодож сэтгэдэг. Эсрэгээр, хэдий чинээ бодит зүйл байна, хүн төдий чинээ үл тоодог; тэдгээрийг харахдаа хамраа сөхөж, тэр ч байтугай үл тоомсорлодог. Өнөөдөр Миний хийж буй бодит ажилд ханддаг та нарын хандлага яг энэ биш үү? Иймэрхүү зүйлс хэдий чинээ бодитой байна, та нар төдий чинээ сэжиглэдэг. Тэдгээрийг судалж шинжлэх цаг огт гаргалгүй, зүгээр л үл тоодог; эдгээр бодитой, шалгуур султай шаардлагыг та нар басдаг ба тэр ч байтугай хамгийн бодит энэ Бурханы талаар ч гэсэн тоо томшгүй их үзэл өвөрлөдөг бөгөөд зүгээр л Түүний бодит байдал, энгийн байдлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг. Тэгвэл та нар тодорхойгүй итгэлийг л баримталдаггүй гэж үү? Та нар өнгөрсөн үеийн тодорхойгүй Бурханд тууштай итгээд өнөөгийн бодит Бурханыг сонирхдоггүй. Өчигдрийн Бурхан, өнөөдрийн Бурхан нь хоёр өөр эрин үеийнх болохоор ингэдэг бус уу? Бас өчигдрийн Бурхан нь тэнгэр дэх агуу сүрлэг Бурхан, харин өнөөдрийн Бурхан нь газар дээрх өчүүхэн хүн болохоор ингэдэггүй гэж үү? Түүнчлэн, хүний шүтэн мөргөдөг Бурхан нь түүний үзлээс бий болсон нэгэн, харин өнөөдрийн Бурхан нь газар дээр бий болсон бодит махбод гэдгээс болдоггүй гэж үү? Эцсийн эцэст, өнөөдрийн Бурхан хэтэрхий бодитой учраас хүн Түүнийг эрэлхийлдэггүй бус уу? Учир нь өнөөдрийн Бурханы хүнээс яг тэдний хийх хамгийн дургүй, ичгэвтэр санагддаг зүйлийг нь хүсдэг юм. Энэ нь хүнийг зовоож байгаа хэрэг биш үү? Энэ нь хүний шарх сорвийг ил гаргахгүй гэж үү? Ийм маягаар, олон хүн жинхэнэ Бурхан буюу бодит Бурханыг эрж хайдаггүй тул бие махбодтой болсон Бурханы дайснууд, өөрөөр хэлбэл, антихристүүд болдог. Энэ нь илэрхий баримт биш гэж үү? Өнгөрсөн үед, Бурхан хараахан махбод болоогүй байхад чи шашны зүтгэлтэн, эсвэл үнэн сүсэгт итгэгч байсан байж болно. Харин Бурхан махбод болсны дараа үнэн сүсэгтэй тэр олон итгэгч өөрсдийн мэдэлгүй антихрист болсон юм. Энд юу болоод байгааг чи мэдэж байна уу? Чи Бурханд итгэхдээ бодит байдалд анхаарлаа төвлөрүүлэн үнэнийг эрж хайхын оронд худал хуурмагт эзэмдүүлдэг. Энэ нь бие махбодтой болсон Бурханы эсрэг дайсагналын чинь хамгийн тодорхой эх үүсвэр бус уу? Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг, иймээс бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй бүх хүн антихрист бус уу? Тэгэхээр чиний итгэж, хайрладаг нэгэн үнэхээр махбод дахь энэ Бурхан мөн үү? Үнэхээр энэхүү амьдарч, амьсгалж байгаа хамгийн бодит бөгөөд ер бусын энгийн Бурхан мөн үү? Чиний эрэл хайгуулын зорилго яг юу юм бэ? Энэ нь тэнгэрт байгаа юу, газарт байгаа юу? Энэ нь үзэл үү, үнэн үү? Энэ нь Бурхан уу, эсвэл сахиулсан уу? Үнэндээ, үнэн бол амьдралын онч мэргэн үгсээс хамгийн бодитой нь бөгөөд бүх хүн төрөлхтний дундах онч мэргэн үгсээс хамгийн дээд нь билээ. Учир нь энэ бол Бурханы хүнд тавьдаг шаардлага бөгөөд Бурханы биечлэн хийдэг ажил учраас үүнийг амьдралын онч мэргэн үгс гэж нэрлэдэг. Энэ онч мэргэн үг нь ямар нэг зүйлээс дүгнэж гаргасан зүйл биш, мөн агуу хүмүүсийн хэлсэн алдартай эшлэл ч биш; Харин тэнгэр газар, бүх зүйлийн Захирагчаас хүн төрөлхтөнд хэлсэн айлдвар бөгөөд энэ бол хүний нэгтгэн дүгнэсэн хэдэн үг биш, харин Бурханы төрөлх амь билээ. Иймээс үүнийг амьдралын бүх онч мэргэн үгийн хамгийн дээд нь гэж нэрлэдэг. Хүн үнэнийг хэрэгжүүлэхээр эрэлхийлэх нь үүргээ биелүүлж байгаа хэрэг юм, өөрөөр хэлбэл, энэ нь Бурханы шаардлагыг хангах гэсэн эрэл хайгуул юм. Энэхүү шаардлагын мөн чанар нь хэний ч хүрч чадахааргүй хоосон сургаал биш, харин бүх үнэнээс хамгийн бодитой нь юм. Эрэл хайгуул чинь ямар ч бодит байдлыг агуулаагүй хоосон сургаалаас цаашгүй бол чи үнэний эсрэг тэрсэлдэг хүн биш үү? Чи үнэн рүү дайрч довтолдог хүн биш үү? Тийм хүн яаж Бурханыг хайрлахаар эрж хайх юм бэ? Бодит байдалгүй хүмүүс бол бүгд үнэнээс урвадаг хүмүүс бөгөөд угаасаа тэрслүү юм!

Чи яаж ч эрэлхийллээ гэсэн хамаагүй, юун түрүүнд Бурханы өнөөдөр хийж байгаа ажлыг ойлгож, энэхүү ажлын утга учрыг мэдэх ёстой. Бурхан эцсийн өдрүүдэд ирэхдээ ямар ажил, ямар зан чанарыг авчирдаг, мөн хүний юуг бүрэн төгс болгох вэ гэдгийг чи ойлгож, мэдэх ёстой. Махбодод ирээд Түүний хийсэн ажлыг чи мэдэхгүй, ойлгохгүй бол яаж Түүний хүслийг ойлгон ухаарч, Түүний дотнын хүн болж чадах юм бэ? Үнэндээ, Бурханы дотнын нэгэн байна гэдэг нь төвөгтэй зүйл биш боловч амархан хэрэг ч бас биш юм. Хэрвээ хүмүүс нэгд нэггүй ойлгож, хэрэгжүүлж чадвал энэ нь төвөгтэй бус болдог; хэрвээ нэгд нэггүй ойлгож чадахгүй бол энэ нь нэлээд хэцүү болдог төдийгүй эрэл хайгуул нь тэднийг тодорхойгүй байдал руу амархан хөтөлдөг. Хэрвээ хүн Бурханыг эрэлхийлэхдээ өөрийн гэсэн тулгуур байр суурьгүй, ямар үнэнийг баримтлах ёстойгоо мэдэхгүй бол ямар ч үндэс суурьгүй байна гэсэн үг учраас бат зогсоход тэдэнд амаргүй болдог. Өнөөдөр, үнэнийг ойлгодоггүй, сайн мууг ялгадаггүй, хайрлах, үзэн ядахыг хэлж мэддэггүй маш олон хүн байна. Тийм хүмүүс бат зогсож бараг чадахгүй. Бурханд итгэхийн гол түлхүүр нь үнэнийг хэрэгжүүлж, Бурханы хүслийг анхаарч, Бурхан махбодод ирэх үедээ хүн дээр хийдэг ажил, Түүний үг хэлдэг зарчмыг мэдэж чаддаг байх явдал юм. Олныг бүү дага. Чи орох ёстой зүйлдээ зарчимтай байж, тэдгээрийг баримтлах ёстой. Дотор чинь байгаа Бурханы гэгээрүүлсэн тэдгээр зүйлийг чанд мөрдөх нь чамд тустай. Тэгэхгүй бол чи өнөөдөр нэг чиглэлд, маргааш нөгөө чиглэлд эргэлдэн, бодитой ямар нэг зүйлийг хэзээ ч олж авахгүй. Ийм байх нь чиний аминд ямар ч ашиггүй. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс үргэлж бусдыг дагадаг: Хүмүүс үүнийг Ариун Сүнсний ажил гэж хэлэх юм бол чи ч гэсэн Ариун Сүнсний ажил мөн байна гэж хэлнэ; хэрвээ хүмүүс үүнийг муу ёрын сүнсний ажил гэж хэлбэл чи ч гэсэн эргэлзэж эхлэн, эсвэл бас үүнийг муу ёрын сүнсний ажил байна гэж хэлнэ. Чи бусдын үгийг үргэлж тоть шиг давтдаг бөгөөд өөрөө юуг ч ялган салгах чадваргүй, бас өөрийнхөөрөө бодож сэтгэж чаддаггүй. Энэ бол баримтлах байр суурьгүй, ялган салгах чадваргүй хүн бөгөөд ийм хүн бол хэнд ч хэрэггүй хүн юм! Чи дандаа бусдын үгийг давтдаг: Өнөөдөр үүнийг Ариун Сүнсний ажил гэж хэлж байгаа ч нэг өдөр үүнийг Ариун Сүнсний ажил биш, харин хүний үйл хэргээс цаашгүй гэж хэн нэгэн хүн хэлж магадгүй—гэсэн ч чи үүнийг ялган салгаж чадахгүй бөгөөд бусад хүний хэлэхийг сонсоод чи ч бас тэгж хэлнэ. Энэ нь үнэндээ Ариун Сүнсний ажил, гэвч чи үүнийг хүний ажил гэж хэлдэг; чи Ариун Сүнсний ажлыг гутаадаг хүмүүсийн нэг болсон бус уу? Чи ийнхүү ялган салгаж чадахгүй байгаа учраас Бурханыг эсэргүүцсэн бус уу? Хэн мэдэх вэ, магадгүй нэг өдөр “энэ бол муу ёрын сүнсний ажил” гэж хэлэх эргүү амьтан гарч ирж болох юм, тэгвэл чи энэ үгийг сонсонгуутаа яахаа мэдэхээ больж, дахиад л бусдын үгэнд автах болно. Хэн нэгэн чамайг үймүүлэх болгонд чи баримтлах байр сууриндаа бат зогсож чаддаггүй бөгөөд энэ бүхэн үнэнийг эзэмшээгүйгээс чинь л болж байгаа юм. Бурханд итгэж, Бурханы тухай мэдлэгийг эрж хайна гэдэг энгийн зүйл биш. Зүгээр л хамтдаа цугларч, номлол сонссоноор тэдгээрийг олж авч чадахгүй, ганцхан урам зоригоороо чи төгс болгуулж чадахгүй. Чи туулж, мэдэж, үйлдэлдээ зарчимтай байж, Ариун Сүнсний ажлыг олж авах ёстой. Чи туршлагыг туулснаар олон зүйлийг ялган салгаж чадна—сайныг муугаас, зөв шударга байдлыг хорон муу явдлаас ялган салгаж, мөн аль нь мах цусных, аль нь үнэнийх вэ гэдгийг ялгаж чадна. Чи энэ бүх зүйлийг ялган салгаж чаддаг байх ёстой, ингэснээр ямар ч нөхцөлд чи хэзээ ч төөрөхгүй. Энэ л чиний биеийн жинхэнэ хэмжээ юм.

Бурханы ажлыг мэднэ гэдэг энгийн хэрэг биш. Чи эрэл хайгуулдаа стандарт, зорилготой байх ёстой бөгөөд үнэн замыг хэрхэн эрж хайхаа мэддэг, энэ нь үнэн зам мөн эсэх, Бурханы ажил мөн эсэхийг хэрхэн хэмжихээ мэддэг байх ёстой. Үнэн замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Энэ замд Ариун Сүнсний ажил бий эсэх, эдгээр үг нь үнэний илэрхийлэл мөн эсэх, хэнийг гэрчилдэг болох, мөн энэ нь чамд юу авчирч чадах вэ гэдгийг чи харах учиртай. Үнэн зам, хуурамч зам хоёрыг ялгаж салгахад үндсэн мэдлэгийн хэд хэдэн тал шаардлагатай ба үүнээс хамгийн гол нь Ариун Сүнсний ажил бий эсэхийг харах явдал юм. Учир нь, Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх хүний итгэл ч гэсэн энэхүү махбод нь Бурханы Сүнсний биелэл гэдгээс үүдэлтэй, өөрөөр хэлбэл, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл билээ. Сүнс, махбод хоёр хоорондоо ялгаатай боловч энэхүү махбод нь Сүнснээс ирдэг агаад махбод болсон Үг учраас хүний итгэж байгаа зүйл бас л Бурханы төрөлх мөн чанар юм. Тэгэхээр, үнэн зам мөн эсэхийг ялгахдаа чи юун түрүүнд Ариун Сүнсний ажил байгаа эсэхийг харж, дараа нь энэ замд үнэн байгаа эсэхийг харах ёстой. Үнэн бол хэвийн хүн чанарын амь зан чанар, өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг анх бүтээх үедээ хүнд тавьсан шаардлага буюу бүх хэвийн хүн чанар юм (үүнд хүний эрүүл ухаан, мэдлэг, мэргэн ухаан, хүн байхын үндсэн мэдлэг багтана). Ѳөрөөр хэлбэл, энэ зам хүнийг хэвийн хүн чанарын амьдрал руу хөтөлж чадах эсэх, ярьсан үнэн нь хэвийн хүн чанарын бодит байдлын дагуу шаардлагатай эсэх, энэ үнэн нь бодитой, жинхэнэ эсэх, цагаа олсон эсэхийг харах хэрэгтэй. Хэрвээ үнэн байгаа бол энэ нь хүнийг хэвийн, бодит туршлага руу аваачиж чадна; түүнчлэн хүн улам хэвийн болж, хүний эрүүл ухаан улам бүрэн төгс болж, хүний махан бие дэх амьдрал болон сүнслэг амьдрал улам эмх цэгцтэй болж, хүний мэдрэмж улам хэвийн болдог. Энэ нь хоёр дахь зарчим юм. Бас нэгэн өөр зарчим байдаг нь, хүний Бурханы талаарх мэдлэг нь өсөн нэмэгддэг эсэх, тийм ажил болон үнэнийг туулах нь хүний дотор Бурханыг хайрлах хайрыг бадрааж, Бурхантай улам ойртуулж чаддаг эсэх юм. Үүнээс энэхүү зам нь үнэн зам мөн эсэхийг хэмжиж болно. Хамгийн гол нь, энэ зам ер бусын биш, бодит эсэх, мөн энэ нь хүний амийг хангаж чаддаг эсэх юм. Эдгээр зарчимд нийцэж байвал энэ замыг үнэн зам хэмээн дүгнэж болно. Ирээдүйн туршлагын чинь явцад та нараар өөр замыг хүлээн зөвшөөрүүлж, эсвэл ирээдүйд бас нэгэн шинэ эрин үеийн ажил байх болно гэж зөгнөх гэсэндээ ч Би эдгээр үгийг хэлж байгаа юм биш. Харин өнөөдрийн зам бол үнэн зам мөн гэдэгт та нарыг итгэлтэй байг гэсэндээ, мөн та нарыг өнөөдрийн ажилд зөвхөн хагас хугас итгэж, мэдлэг олж авч чадахгүй бүү байг гэсэндээ Би ингэж хэлдэг. Итгэлтэй байгаа хэр нь будилан дагадаг хүмүүс ч олон байдаг; ийм итгэлтэй байдал нь ямар ч зарчимгүй байдаг ба эрт орой хэзээ нэгэн цагт тэд таягдан хаягдах болно. Дагахдаа маш гал цогтой хүмүүс ч гэсэн гурван хэсэгт нь итгэлтэй, таван хэсэгт нь эргэлзээтэй байдаг ба энэ нь тэдний ямар ч ул суурьгүйг харуулдаг. Та нарын хэв чанар хэтэрхий ядмаг, суурь чинь хэтэрхий өнгөц учраас ялган салгах талаар ямар ч ойлголтгүй байна. Бурхан Өөрийн ажлыг давтдаггүй, бодитой бус ажил хийдэггүй, хүнд хэрээс хэтэрсэн шаардлага тавьдаггүй, бас хүний эрүүл ухаанаас давсан ажил хийдэггүй. Түүний хийдэг бүх ажил хүний хэвийн ухааны хүрээнд байж, хэвийн хүн чанарын эрүүл ухаанаас давдаггүй бөгөөд Түүний ажил хүний хэвийн шаардлагын дагуу байдаг. Хэрвээ Ариун Сүнсний ажил мөн бол хүн улам хэвийн болж, хүн чанар улам хэвийн болдог. Хүн өөрийн ялзарсан сатанлаг зан чанар болон хүний гол чанарын талаар улам их мэдлэгтэй болж, үнэнийг улам ихээр хүсэн тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний амь улам өсөж, хүний завхарсан зан чанар улам их өөрчлөгдөж чадна—энэ бүхэн нь Бурхан хүний амь болохын уг утга учир юм. Хэрвээ тухайн зам нь хүний гол чанар болох зүйлсийг илчилж, хүний зан чанарыг өөрчилж чадахгүй, түүнчлэн хүнийг Бурханы өмнө аваачиж, Бурханы талаарх үнэн зөв ойлголтыг хүнд өгч чадахгүй, тэр ч байтугай хүн чанарыг нь улам дорд болгож, эрүүл ухааныг нь улам хэвийн бус болгож байвал энэ зам үнэн зам байх учиргүй бөгөөд энэ нь муу ёрын сүнсний ажил юм уу хуучин зам байж болох юм. Товчхондоо гэвэл, энэ нь Ариун Сүнсний өнөөгийн ажил байж таарахгүй. Та нар энэ олон жил Бурханд итгэчхээд үнэн зам, хуурамч замыг ялган салгах, үнэн замыг эрж хайх зарчмын талаар өчүүхэн төдий ч ойлголтгүй байна. Ихэнх хүн эдгээр асуудлыг сонирхдог ч үгүй; тэд ердөө л олонхын явж байгаа зүгт явж, олонхын хэлснийг давтдаг. Энэ яаж үнэн замыг эрж хайж байгаа хүн байх юм бэ? Тийм хүмүүс яаж үнэн замыг олох юм бэ? Хэрвээ чи энэ хэдэн гол зарчмыг ойлгож ухаарах юм бол юу ч боллоо гэсэн хууртахгүй. Өнөөдөр хүн аливааг ялган салгаж чаддаг байх нь амин чухал; энэ нь хэвийн хүн чанарын эзэмшсэн байх ёстой зүйл бөгөөд туршлагадаа хүний эзэмших учиртай зүйл юм. Хэрвээ өнөөдөр ч гэсэн хүмүүс дагах явцдаа юуг ч ялган салгадаггүй, хүний эрүүл ухаан нь одоо ч өсөөгүй л байвал хүмүүс хэтэрхий мунхаг байна, эрэл хайгуул нь ч гэсэн алдаж, ташуурсан байна. Чиний өнөөдрийн эрэл хайгуулд өчүүхэн ч ялгаж салгах явдал алга, чиний хэлдгээр чи үнэн замыг олсон ч гэсэн үүнийгээ олж авсан уу? Ямар нэг зүйлийг ялган салгаж чадаж байгаа юу? Үнэн замын мөн чанар нь юу вэ? Үнэн замд чи үнэн замыг олж аваагүй, үнэнээс юуг ч олж аваагүй. Өөрөөр хэлбэл, Бурханы чамаас шаарддаг зүйлийг биелүүлээгүй, тиймээс чиний завхралд ямар ч өөрчлөлт гараагүй. Хэрвээ чи энэ маягаар эрэлхийлсээр байвал эцэстээ таягдан хаягдах болно. Өнөөдрийг хүртэл дагасан тул чи сонгосон замаа зөв зам гэдэгт итгэлтэй байж, дахин эргэлзэх ёсгүй. Олон хүн байнга эргэлздэг бөгөөд зарим нэг жижиг асуудлаас болж үнэнийг эрэлхийлэхээ больдог. Тийм хүмүүс бол Бурханы ажлын талаар ямар ч мэдлэггүй хүмүүс бөгөөд Бурханыг будилан дагадаг хүмүүс юм. Бурханы ажлыг мэддэггүй хүмүүс Түүний дотнын нэгэн болж, Бурханыг гэрчлэх чадваргүй байдаг. Зөвхөн ерөөл эрж хайж, тодорхойгүй, хийсвэр зүйлийг л эрэлхийлдэг хүмүүст үнэнийг даруйхан эрж хай гэж Би зөвлөе, ингэснээр тэдний амьдрал утга учиртай болно. Өөрсдийгөө цаашид бүү хуур!

Өмнөх: Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?

Дараах: Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх