4. Бурхан бие махбодтой болохын нууцыг илчилсэн үгс

187. Эхний удаа бие махбодтой болсон нь хүнийг нүглээс золин аварсан ба Есүсийн бие махбодоор дамжуулан хүнийг золин аварсан юм. Өөрөөр хэлбэл, Тэр хүнийг загалмайнаас аварсан боловч хүний дотор завхарсан сатанлаг зан чанар мөн л үлджээ. Хоёр дахь удаа бие махбодтой болсон нь дахиж нүглийн тахил болохгүй, харин ч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аврахын төлөө байдаг. Нүгэл нь уучлагдсан хүмүүс нүглээс ангижирч, бүрэн ариусгагдаж, зан чанарын өөрчлөлтөд хүрч, улмаар Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, Бурханы сэнтийн өмнө буцан ирээсэй гэсэндээ энэ нь хийгддэг. Ийм маягаар л хүн бүрэн ариусаж чадна. Хуулийн эрин үе дууссаны дараа Нигүүлслийн эрин үе эхлэхийн хамтаар Бурхан авралын ажлыг эхлүүлсэн ба энэ нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний тэрслүү байдлыг шүүж, гэсгээж, тэднийг бүрмөсөн ариусгах хүртэл үргэлжилдэг. Дараа нь л Бурхан авралын ажлаа төгсгөөд амралтад орно. Тиймээс ажлын гурван үе шатанд Өөрийн ажлыг хүмүүсийн дунд биечлэн гүйцэтгэхийн тулд Бурхан хоёр удаа л махбод болсон юм. Яагаад гэвэл, ажлын гурван үе шатны ердөө нэг нь л хүмүүсийн амьдралыг залж чиглүүлэх явдал байсан, харин нөгөө хоёр нь авралын ажлаас бүрддэг. Бурхан махбод болсноор л хүмүүстэй хамт амьдарч, дэлхий ертөнцийн зовлонг мэдэрч, хэвийн махан биед амьдарч чадна. Зөвхөн ийм маягаар л Тэрээр бүтээгдсэн хүмүүст хэрэгтэй бодит Үгээр хүмүүсийг хангаж чадна. Хүн бие махбодтой болсон Бурханаар дамжуулан Бурханаас бүрэн аврал хүртдэг болохоос биш, залбирлынхаа хариуд тэнгэрээс шууд хүртдэггүй. Хүн мах, цуснаас бүтсэн, Бурханы Сүнсийг харж чадахгүй, Түүний Сүнсэнд ойртож бүр ч чадахгүй, тиймээс хүн Бурханы махбод болсон биетэй л харилцаж чадна. Ийм арга замаар л хүн бүх Үг, бүх үнэнийг ойлгож, бүрэн авралыг хүлээн авч чадна. Хоёр дахь удаа бие махбодтой болох нь хүний нүглийг арилгахад, хүнийг бүрэн ариусгахад хангалттай байх болно. Иймд хоёр дахь махбод бололт нь махбод дахь Бурханы бүх ажлыг төгсгөж, Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг бүрэн гүйцэлдүүлнэ. Энэ үеэс махбод дахь Бурханы ажил бүхэлдээ дууссан байх болно. Хоёр дахь удаа бие махбодтой болсныхоо дараа Тэр гурав дахь удаа бие махбодтой болох ажлыг хийхгүй. Учир нь Түүний удирдлага бүхэлдээ дуусчихсан, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан Өөрийн сонгосон хүмүүсийг бүрэн олж авсан байх ба эцсийн өдрүүд дэх хүн төрөлхтөн бүгд төрлийнхөө дагуу ангилагдсан байх болно. Тэр авралын ажлыг дахин хийхгүй, мөн ямар нэг ажил хийхийн тулд махбодод ч эргэн ирэхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

188. Еховагийн ажлын дараа, Өөрийн ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Есүс махбод болсон. Түүний ажил тусдаа хэрэгжээгүй, харин Еховагийн ажилд тулгуурласан юм. Энэ нь, Хуулийн эрин үеийг төгсгөснийхөө дараа Бурханы хийсэн шинэ эрин үеийн ажил байв. Үүнтэй адилаар, Есүсийн ажил дууссаны дараа Бурхан дараагийн эрин үеийн ажлаа үргэлжлүүлсэн, учир нь Бурханы бүхий л удирдлага үргэлж урагшилж байгаа. Хуучин эрин үе өнгөрөх үедээ шинэ эрин үеэр солигдох ба хуучин ажил дуусмагц Бурханы удирдлагыг үргэлжлүүлэх шинэ ажил байх болно. Энэ удаад бие махбодтой болсон нь Есүсийн ажил дууссаны дараа Бурхан хоёр дахь удаа бие махбод болсон хэрэг юм. Мэдээж, энэ удаа бие махбодтой болсон нь бие даан тусдаа тохиолддоггүй; харин энэ нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үеийн дараах, ажлын гурав дахь үе шат юм. Бурхан ажлын шинэ үе шатыг эхлэх бүрд үргэлж шинэ эхлэл байх ёстой, мөн ердөө шинэ эрин үеийг авчрах ёстой. Түүнчлэн Бурханы зан чанар, Түүний ажиллах арга зам, ажлын байршил болон Түүний нэрэнд ч гэсэн харгалзах өөрчлөлтүүд гардаг. Тиймээс хүний хувьд, шинэ эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн авахад хэцүү байдагт гайхах зүйлгүй. Гэхдээ Өөрийг нь хүн хэрхэн эсэргүүцэхээс үл хамааран Бурхан үргэлж Өөрийн ажлыг хийж, бүх хүн төрөлхтнийг урагш хөтөлж байгаа. Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг авчирч, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэгэнтээ махбод болж, энэ удаа бие махбодтой болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг хүлээн авч чаддаг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хүргэгдэж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн авч чадна. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ирж, их ажил хийсэн ч зөвхөн бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил л болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аваръя гэвэл, Есүс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэх хэрэгтэй төдийгүй, Бурхан ч бас улам их ажил хийж, хүнийг Сатаны-завхруулсан зан чанараас нь бүрэн салгах шаардлагатай. Иймээс хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор дуулгавартай дагадаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

189. “Бие махбодтой болох” нь Бурхан махбодоор илрэх явдал; Бурхан бүтээгдсэн хүн төрөлхтний дунд махбодын дүрээр ажилладаг. Иймээс, Тэрээр бие махбодтой болсон Бурхан тул эхлээд бие махбод байх ёстой, хэвийн хүн чанартай бие махбод байх ёстой; энэ нь хамгийн үндсэн урьдач нөхцөл юм. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын утга учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг, Бурханы мөн чанар махбод болж, хүн болдог.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар

190. Бие махбодтой болох гэдэг нь Бурханы Сүнс махбод болдог, өөрөөр хэлбэл, Бурхан махбод болдог гэсэн үг; тэрхүү махбодын хийдэг ажил нь махбодод биеллээ олж, махбодоор илэрхийлэгддэг Сүнсний ажил юм. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг хэрэгжүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон бие, энэхүү хэвийн хүн чанар л бурханлаг ажлыг илэрхийлж чадна. Бурхан анх ирэх үедээ хорин есөн нас хүрэхээсээ өмнө хэвийн хүн чанартай байгаагүй бол, хэрвээ төрөнгүүтээ л гайхамшиг үзүүлж, хэлд ормогцоо л тэнгэрийн хэлээр ярьж, газар дээр анх хөл тавьсан үеэсээ л хорвоогийн бүх хэрэг явдлыг ухан ойлгож, хүн бүрийн бодол, санаа зорилгыг ялган таньж чаддаг байсан бол, ийм хүнийг хэвийн хүн гэж нэрлэж болохгүй байх байсан бөгөөд ийм махбодыг хүний махан бие гэж нэрлэж болохгүй байх байлаа. Хэрвээ Христ ийм байсан бол Бурхан бие махбодтой болохын мөн чанар, утга учир алдагдах байв. Тэр хэвийн хүн чанартай байдаг нь махбод болсон Бурхан мөн гэдгийг нь нотолдог; Тэрээр хүний хэвийн өсөлтийн үйл явцыг туулдаг нь хэвийн махбод мөн гэдгийг нь улам батлан харуулдаг; түүнчлэн, Тэр бол махбод болсон Бурханы Үг, Бурханы Сүнс гэдгийг Түүний ажил хангалттай нотолдог.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар

191. Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод билээ. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Христ бол махан биетэй байхаас илүүтэй Сүнсний биелэл учраас ийм ялгаа байгаа юм. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Түүний хүн чанар ч бай, бурханлаг чанар ч бай, аль аль нь тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийн мөн чанар байдаг; энэхүү мөн чанар Өөрийнх нь ажилд саад болохгүй, Тэрээр Өөрийнхөө ажлыг сүйтгэх ямар нэг зүйлийг хийж яавч чадахгүй, Өөрийнх нь хүсэлд харшилдаг үгийг хэзээ ч хэлдэггүй. Тиймээс бие махбодтой болсон Бурхан нь Өөрийнхөө удирдлагад саад болох ямар нэг ажлыг бүр хэзээ ч хийхгүй. Үүнийг бүх хүн ойлгох ёстой. Ариун Сүнсний ажлын мөн чанар нь хүнийг аврахын төлөө, Бурханы Өөрийн удирдлагын төлөө байдаг. Үүний адилаар, Христийн ажил ч бас хүнийг аврахын төлөө, Бурханы хүслийн төлөө байдаг. Бурхан махбод болсон болохоор мөн чанар нь Түүний махбод дотор биеллээ олж, улмаар Түүний махбод ажлыг нь хариуцахад хангалттай болдог. Тиймээс, бие махбодтой болсон байх хугацаанд Бурханы Сүнсний бүх ажил нь Христийн ажлаар солигддог бөгөөд бие махбодтой болсон хугацааны туршид бүх ажлын цөм нь Христийн ажил байдаг. Үүнийг өөр ямар ч эрин үеийн ажилтай хольж болохгүй. Бурхан махбод болсон тул махбодынхоо ялгамж чанараар ажилладаг; Тэр махбодоор ирдэг тул хийх учиртай ажлаа махбодоор хийж дуусгадаг. Бурханы Сүнс ч бай, Христ ч бай, хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд хийх учиртай ажлаа хийж, биелүүлэх учиртай үйлчлэлээ биелүүлдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүслийг дуулгавартай дагах явдал юм

192. Тэр бие махбодтой болсон Бурхан тул Бурханы мөн чанартай байдаг, Тэр бие махбодтой болсон Бурхан тул Бурханы илэрхийлэлтэй байдаг. Бурхан махбод болдог болохоор хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог болохоор Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь бие махбодтой болсон Бурхан лавтайяа биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрх биш, харин Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн мунхаг, мэдлэггүй гэдгийг энэ нь харуулдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

193. Бурхан бие махбодтой болохын утга учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг, Бурханы мөн чанар махбод болж, хүн болдог. Бие махбодтой болсон Бурханы амьдрал, ажлыг хоёр үе шатанд хувааж болно. Эхнийх нь үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө Түүний амьдардаг амьдрал. Тэрээр хэвийн хүний гэр бүлд, туйлын хэвийн хүн чанартайгаар амьдарч, хүний амьдралын хэвийн ёс суртахуун, хуулийг дуулгавартай дагаж, хүний хэвийн хэрэгцээ (хоол, хувцас, нойр, орон байр), хүний хэвийн сул талууд болон хүний хэвийн сэтгэл хөдлөлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү эхний үе шатанд Тэрээр бурханлаг биш, бүхэлдээ хэвийн хүн чанартайгаар амьдарч, хүний бүх хэвийн үйл ажиллагааг эрхэлдэг. Хоёр дахь үе шат нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараа Түүний амьдардаг амьдрал юм. Тэр мөн л эгэл хүний бүрхүүлтэй хэвийн хүн чанарт оршин, гаднаа ямар ч ер бусын тэмдэг үзүүлдэггүй. Гэсэн ч Тэр гагцхүү Өөрийн үйлчлэлийн төлөө л амьдардаг ба энэ хугацаанд Түүний хэвийн хүн чанар бүхэлдээ бурханлаг чанарынх нь хэвийн ажлыг хадгалахын төлөө оршдог, учир нь тэр үед Түүний хэвийн хүн чанар үйлчлэлээ хэрэгжүүлж чадахуйц хэмжээнд төлөвшсөн байдаг. Иймээс Түүний амьдралын хоёр дахь үе шат нь хэвийн хүн чанараараа Өөрийнхөө үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь хэвийн хүн чанар болон бүрэн дүүрэн бурханлаг чанарын хоёулангийнх нь амьдрал юм. Амьдралынхаа эхний үе шатанд Тэр бүрэн энгийн хүн чанараар амьдардгийн шалтгаан бол Түүний хүн чанар нь бурханлаг ажлыг нь хараахан бүрэн хадгалж чаддаггүй, хараахан төлөвшөөгүй байдаг; Түүний хүн чанар төлөвшиж гүйцэн, Өөрийн үйлчлэлийг үүрэх чадвартай болсны дараа л Тэр гүйцэтгэх учиртай үйлчлэлээ хэрэгжүүлж эхэлж чадна. Нэгэнт махбод тул Тэрээр өсөж, төлөвших хэрэгтэй. Тиймээс Түүний амьдралын эхний үе шат нь хэвийн хүн чанарын амьдрал байдаг, харин хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь ажлаа хийж, үйлчлэлээ хэрэгжүүлэх чадвартай болдог учраас Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх үеийн бие махбодтой болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг нь агуулсан амьдрал байдаг. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан төрсөн мөчөөсөө л Өөрийн үйлчлэлийг албан ёсоор эхэлж, ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн бол Түүнд бие махбодын мөн чанар байхгүй байх байсан юм. Тиймээс Түүний хүн чанар бие махбодынх нь мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй махан бие байдаггүй бөгөөд хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм маягаар, Бурханы махбодын хүн чанар бол Бурханы махбод болсон биеийн төрөлхийн шинж чанар юм. “Бурхан махбод болох үедээ хүн чанаргүй, зөвхөн бурханлаг чанартай” гэж хэлэх нь доромжлол юм, учир нь ийм хэллэг ердөө байхгүй бөгөөд бие махбодтой болох зарчмыг зөрчдөг. Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлснийхээ дараа ч гэсэн, ажлаа хийх үедээ Тэрээр хүний гадаад бүрхүүлтэй бурханлаг чанар дотроо амьдарсаар байдаг; яг тэр үед Түүний хэвийн хүн чанар нь хэвийн махбодоор ажлаа гүйцэтгэх боломжийг Өөрийн бурханлаг чанарт олгох цорын ганц зорилготой байдаг. Иймээс ажил гүйцэтгэгч нь Түүний хүн чанарт оршин буй бурханлаг чанар юм. Түүний хүн чанар биш, харин бурханлаг чанар ажиллаж байгаа ч энэхүү бурханлаг чанар нь Түүний хүн чанар дотор нуугдаж байдаг; мөн чанартаа, Түүний хүн чанар биш, харин бүрэн бурханлаг чанар ажлыг нь хийдэг. Гэхдээ ажлыг гүйцэтгэгч нь Түүний махбод юм. Тэр бол хүн, гэхдээ бас Бурхан гэж хэлж болно, учир нь Бурхан махбодод амьдардаг Бурхан болсон; Тэрээр хүний бүрхүүлтэй, хүний мөн чанартай, үүнээс ч илүүтэйгээр Бурханы мөн чанартай. Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас бүтээгдсэн бүх хүнээс дээгүүр, Бурханы ажлыг гүйцэтгэж чадах өөр ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүнийх шиг хүний бүрхүүлтэй бүх хүний дундаас, хүн чанартай бүх хүний дундаас зөвхөн Тэр л бие махбодтой болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүгд бүтээгдсэн хүмүүс билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүмүүст хүн чанар л байдаг байхад бие махбодтой болсон Бурхан бол өөр: Түүний махбод хүн чанартай байдгаар зогсохгүй, хамгийн чухал нь бурханлаг чанартай байдаг. Түүний хүн чанарыг махбодынх нь гадаад төрхөөс болон өдөр тутмын амьдралаас нь харж болно, гэхдээ Түүний бурханлаг чанарыг ухамсарлахад хэцүү байдаг. Яагаад гэвэл, Түүний бурханлаг чанар Түүнд хүн чанар байгаа үед л илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адил ер бусын байдаггүй, үүнийг харах нь хүмүүст туйлын хэцүү байдаг. Өнөөдөр ч гэсэн бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанарыг ойлгох нь хүмүүст хамгийн хэцүү. Намайг энэ талаар ийм ихийг ярьсны дараа ч гэсэн энэ нь та нарын дийлэнхэд нууц хэвээр байдаг гэж Би бодож байна. Үнэндээ, энэ асуудал маш энгийн: Нэгэнт Бурхан махбод болсон болохоор Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол юм. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан Өөрөө гэж нэрлэдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар

194. Бие махбодтой болсон Бурханы хүн чанар нь махбод дахь хэвийн бурханлаг ажлыг хадгалахын төлөө оршдог; Түүний хэвийн хүний сэтгэхүй нь хэвийн хүн чанар болоод махбодынх нь бүх хэвийн үйл ажиллагааг хадгалдаг. Түүний хэвийн хүний сэтгэхүй нь махбод дахь Бурханы ажлыг хадгалахын тулд оршдог гэж хэлж болох юм. Хэрвээ энэхүү махбодод хүний хэвийн оюун ухаан байгаагүй бол Бурхан махбодоор ажиллаж чадахгүй байх байсан ба махбодоор хийх хэрэгтэй зүйлс нь хэзээ ч гүйцэлдэхгүй байх байлаа. Бие махбодтой болсон Бурханд хүний хэвийн оюун ухаан байдаг хэдий ч Түүний ажилд хүний бодол холилддоггүй; Тэр хүний хэвийн бодлоор бус, харин оюун ухаантай хүн чанарыг эзэмшсэн урьдач нөхцөл дор хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг явуулдаг. Түүний махбодын бодол хэчнээн сүрлэг байх нь хамаагүй, Түүний ажилд логик юм уу сэтгэлгээ холилддоггүй. Өөрөөр хэлбэл, Түүний ажил нь Түүний махан биеийн оюун ухаанаас төрөн гардаггүй, харин Түүний хүн чанар дахь бурханлаг ажлын шууд илэрхийлэл юм. Түүний бүх ажил нь Түүний биелүүлэх ёстой үйлчлэл бөгөөд нэгийг нь ч Түүний уураг тархи бодож олдоггүй. Жишээлбэл, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах болон цовдлол нь Түүний хүний оюун ухааны үр дүн байгаагүй, хүний оюун ухаантай ямар ч хүн үүнийг хийж чадахгүй байх байсан юм. Үүний адилаар, өнөөдрийн байлдан дагуулалтын ажил бол бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх ёстой үйлчлэл боловч энэ нь хүний хүслийн ажил биш, харин Түүний бурханлаг чанарын хийх ёстой ажил, махан биетэй ямар ч хүний хийж чадахгүй ажил билээ. Иймээс бие махбодтой болсон Бурханд хүний хэвийн оюун ухаан, хэвийн хүн чанар байх ёстой, учир нь Тэр хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг гүйцэтгэх ёстой. Энэ бол бие махбодтой болсон Бурханы ажлын мөн чанар, бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанар юм.

Есүс ажлаа гүйцэтгэхээс өмнө ердөө л хэвийн хүн чанараараа амьдарч байлаа. Тэр бол Бурхан мөн гэдгийг хэн ч таньж чадаагүй, бие махбодтой болсон Бурхан гэдгийг нь хэн ч олж мэдээгүй; хүмүүс Түүнийг тун жирийн хүн гэж л мэддэг байсан. Түүний туйлын эгэл жирийн, хэвийн хүн чанар нь Бурхан бие махбодтой болсны нотолгоо, мөн Нигүүлслийн эрин үе нь Сүнсний ажлын эрин үе биш, харин бие махбодтой болсон Бурханы ажлын эрин үе гэдгийн нотолгоо байлаа. Энэ нь, Бурханы Сүнс махбодод бүрэн биеллээ олж, бие махбодтой болсон Бурханы эрин үед Түүний махбод Сүнсний бүх ажлыг гүйцэтгэнэ гэдгийн нотолгоо байв. Хэвийн хүн чанартай Христ бол дотор нь Сүнс биеллээ олсон махбод бөгөөд хэвийн хүн чанар, хэвийн эрүүл ухаан, хүний бодлыг эзэмшиж байдаг. “Биеллээ олно” гэдэг нь Бурхан хүн болж, Сүнс махбод болдог гэсэн үг; илүү тодорхой хэлэх юм бол, энэ нь Бурхан Өөрөө хэвийн хүн чанартай махбодод оршиж, үүгээрээ Өөрийн бурханлаг ажлыг илэрхийлдэг үе юм—энэ нь биеллээ олсон буюу бие махбодтой болсон гэсэн үг билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар

195. Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь удирддаг. Хэдий Тэр махбодтой ч, хүн чанар нь тэр чигтээ махан биетэй хүнийхтэй адилгүй. Түүнд Өөрийн гэсэн цор ганц зан араншин байдаг бөгөөд үүнийг ч гэсэн бурханлаг чанар нь удирддаг. Түүний бурханлаг чанарт ямар ч сул тал байхгүй; Христийн сул тал гэж хүн чанарынх нь сул талыг хэлдэг. Энэ сул тал нь Түүний бурханлаг чанарыг тодорхой хэмжээнд хязгаарладаг боловч ийм хязгаарлалт нь хэмжээ хязгааргүй бус, харин тодорхой цар хүрээ, цаг хугацаан дотор байдаг. Бурханлаг чанарынхаа ажлыг хэрэгжүүлэх цаг нь болоход, Түүний хүн чанараас үл хамааран энэ нь хийгддэг. Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь бүрэн чиглүүлдэг. Түүний хүн чанарын хэвийн амьдралаас гадна хүн чанарынх нь бусад бүх үйлдэлд бурханлаг чанар нь нөлөө үзүүлж, нөлөөлж, удирдаж байдаг. Христ хүн чанартай хэдий ч бурханлаг чанарынх нь ажилд энэ нь саад болдоггүй бөгөөд яг нарийндаа энэ нь Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь чиглүүлдгээс үүдэлтэй; Түүний хүн чанар нь бусадтай харилцахдаа биеэ хэрхэн авч явах тухайд төлөвшөөгүй байдаг ч бурханлаг чанарынх нь хэвийн ажилд нөлөөлдөггүй. Христийн хүн чанар завхраагүй гэж хэлэхдээ Би, Түүний хүн чанарыг бурханлаг чанар нь шууд захирч чаддаг, мөн Тэрээр жирийн хүнийг бодвол илүү эрүүл ухаантай байдаг гэх утгаар хэлдэг юм. Ажилдаа бурханлаг чанараар удирдуулахад Түүний хүн чанар хамгийн тохиромжтой байдаг; Түүний хүн чанар нь бурханлаг чанарын ажлыг хамгийн сайн илэрхийлж чаддаг, мөн ийм ажилд хамгийн сайн захирагдаж чаддаг. Бурхан махбодод ажиллахдаа махан биетэй хүний биелүүлэх учиртай үүргээс хэзээ ч хараа салгадаггүй; Тэрээр тэнгэр дэх Бурханыг чин зүрх сэтгэлээр шүтэн мөргөх чадвартай. Түүнд Бурханы мөн чанар байдаг бөгөөд Түүний ялгамж чанар бол Бурханы Өөрийн ялгамж чанар юм. Тэр гагцхүү газар дээр ирээд, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй бүтээгдсэн зүйл болж, урьд нь Түүнд байгаагүй хүн чанарыг эзэмшсэн. Тэрээр тэнгэр дэх Бурханыг шүтэн мөргөж чаддаг, энэ нь Бурханы Өөрийн оршихуй бөгөөд хүн дуурайшгүй билээ. Түүний ялгамж чанар бол Бурхан Өөрөө. Махбодын өнцгөөс л Тэрээр Бурханыг шүтэн мөргөдөг; тиймээс, “Христ тэнгэр дэх Бурханыг шүтэн мөргөдөг” гэх үг буруу биш. Тэрээр хүнээс яг Өөрийн оршихуйг л шаарддаг; хүнээс ийм зүйл шаардахынхаа өмнө Өөрөө энэ бүхэндээ аль хэдийн хүрсэн байдаг. Тэр Өөрөө ангид байх зуураа бусдад хэзээ ч шаардлага тавихгүй, учир нь энэ бүхэн Түүний оршихуйг бүрдүүлдэг. Тэр ажлаа хэрхэн хэрэгжүүлдэг нь хамаагүй, Бурханд дуулгаваргүй ханддаг байдлаар авирлахгүй. Тэр хүнээс юу ч шаарддаг байлаа гэсэн, ямар ч шаардлага нь хүний хүрч чадах зүйлээс хэтэрдэггүй. Түүний хийдэг бүхэн Бурханы хүслийг биелүүлдэг бөгөөд Түүний удирдлагын төлөө байдаг. Христийн бурханлаг чанар бүх хүнээс дээр байдаг; тиймээс Тэр бол бүтээгдсэн бүх зүйлээс хамгийн өндөр дээд эрх мэдэл юм. Энэ эрх мэдэл нь Түүний бурханлаг чанар, өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн зан чанар, оршихуй бөгөөд энэ нь Түүний ялгамж чанарыг тодорхойлдог. Тиймээс, Түүний хүн чанар хэчнээн хэвийн ч бай, Түүнд Бурханы Өөрийн ялгамж чанар байдаг гэдэг нь маргаангүй; Тэр ямар өнцгөөс ярьж, Бурханы хүслийг яаж ч дуулгавартай дагадаг байлаа гэсэн, Түүнийг Бурхан Өөрөө биш гэж хэлж болохгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүслийг дуулгавартай дагах явдал юм

196. Бие махбодтой болсон хүний Хүү нь Өөрийн хүн чанараар Бурханы бурханлаг чанарыг илэрхийлсэн бөгөөд Бурханы санаа зорилгыг хүн төрөлхтөнд дамжуулсан билээ. Үүний зэрэгцээ Тэрээр Бурханы санаа зорилго, зан чанарыг илэрхийлснээрээ дамжуулан сүнсний ертөнцөд оршдог харж, хүрч болохгүй Бурханыг хүмүүст илчилсэн. Хүмүүсийн харсан зүйл нь биет хэлбэртэй, яс махнаас бүтсэн Бурхан Өөрөө байв. Иймээс бие махбодтой болсон хүний Хүү нь Бурханы Өөрийн ялгамж чанар, Бурханы байр суурь, дүр төрх, зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг тодорхой болгож, хүнчилсэн. Бурханы төрхийн хувьд хүний Хүүгийн гадаад байдалд тодорхой хэмжээний хязгаарлалт байсан хэдий ч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүхэлдээ Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж чадаж байсан—зөвхөн илэрхийлэх хэлбэрт нь л зарим нэг ялгаа байсан юм. Хүний Хүү нь Өөрийн хүн чанар, бурханлаг чанарын аль алинаар Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж байсан гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Гэхдээ энэ хугацаанд Бурхан махбодоор ажиллаж, махбодын өнцгөөс ярьж, хүн төрөлхтний өмнө хүний Хүүгийн ялгамж чанар болон байр суурьтайгаар зогсож байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Бурханы бодит үг болон ажилтай харьцаж, туулах боломжийг хүмүүст олгосон юм. Энэ нь бас Түүний бурханлаг чанар, даруу байдлын дундах агуу байдлыг нь ухаарах, түүнчлэн Бурханы жинхэнэ, бодит байдлын тухай урьдчилсан ойлголт, тодорхойлолт олж авах боломжийг хүмүүст олгосон. Хэдийгээр Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажил, Түүний ажиллах аргууд, ярьсан өнцөг нь сүнсний ертөнц дэх Бурханы жинхэнэ биеэс ялгаатай байсан боловч Түүний бүх зүйл нь урьд өмнө хүн төрөлхтний хэзээ ч харж байгаагүй Бурханыг Өөрийг нь үнэхээр төлөөлж байсан—үүнийг үгүйсгэж болохгүй! Өөрөөр хэлбэл, Бурхан ямар хэлбэрээр илрэн гарах нь хамаагүй, ямар өнцгөөс ярих нь, эсвэл ямар дүр төрхтэйгээр хүн төрөлхтөнтэй нүүр учрах нь хамаагүй, Бурхан өөр юуг ч биш харин Өөрийгөө л төлөөлдөг. Тэрээр ямар ч хүнийг, ямар ч завхарсан хүн төрөлхтнийг төлөөлж чадахгүй. Бурхан бол Бурхан Өөрөө бөгөөд үүнийг үгүйсгэж болохгүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

197. Өнөөдөр яригдаж буй бодитой Бурхан Өөрөө хүн чанар болон бурханлаг чанарын аль алинаар ажилладаг. Бодитой Бурханы илрэлтээр дамжуулан хэвийн хүн чанарын ажил, амьдрал болон бүрэн бурханлаг ажил нь хийгддэг. Түүний хүн чанар, бурханлаг чанар хоёр нэг болж, аль алиных нь ажил үгээр дамжин хэрэгждэг; хүн чанараар ч бай, бурханлаг чанараар ч бай, Тэр үг айлддаг. Бурхан хүн чанараар ажиллахдаа хүмүүсийг ойлгож, харилцдаг гэж хүн чанарын хэлээр ярьдаг. Түүний үг илэн далангүй, ойлгоход хялбар болохоор бүх хүнийг хангаж чадна; хүмүүс мэдлэгтэй ч бай, боловсрол муутай ч бай, Бурханы үгийг бүгд хүлээн авч чаддаг. Бурханы бурханлаг чанар дахь ажил ч мөн үгээр хийгддэг боловч энэ нь хангалтаар дүүрэн, амиар дүүрэн байдаг бөгөөд хүний санаа холилдоогүй, хүний шилэлт сонголтыг агуулаагүй, хүн чанарын хязгаарт захирагддаггүй, ямар ч хэвийн хүн чанарын хязгаараас гадна оршдог; энэ нь мөн л махбодоор хийгддэг боловч Сүнсний шууд илэрхийлэл юм. Хэрвээ хүмүүс Бурханы хүн чанар дахь ажлыг л хүлээн зөвшөөрвөл өөрсдийгөө тодорхой хүрээнд хорих тул өчүүхэн төдий өөрчлөлт гаргахын тулд урт удаан хугацааны харьцалт, засалт, сахилгажуулалт шаардагдана. Гэхдээ Ариун Сүнс дэргэд нь байж ажиллахгүй л бол тэд үргэлж бахь байдагтаа эргэн орно; бурханлаг чанар дахь ажлаар л дамжуулан эдгээр эмгэг, дутагдлыг залруулж болох ба тэр үед л хүмүүс бүрэн төгс болгуулж чадна. Байнгын харьцалт, засалтын оронд бүх дутагдлыг залруулахад үг ашиглах, хүмүүсийн бүх байр байдлыг илчлэхэд үг ашиглах, тэдний амьдрал, үг яриа, үйлдэл бүрийг чиглүүлж, санаа зорилго, сэдлийг нь илчлэхэд үг ашиглах эерэг хангалт л шаардлагатай байдаг; энэ нь бодитой Бурханы бодит ажил юм. Тиймээс та нар бодитой Бурханд хандах хандлагаараа Түүний хүн чанарын өмнө захирагдан, Түүнийг таньж, хүлээн зөвшөөрөх ёстой, түүнчлэн чи бурханлаг ажил болон үгийг нь хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой. Бурхан махбодоор илэрнэ гэдэг нь Бурханы Сүнсний бүх үг, ажил Түүний хэвийн хүн чанар болон Бурханы махбод болсон биеэр хийгддэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс хүн чанарын ажлаа чиглүүлж, бурханлаг чанарын ажлыг махбодоор гүйцэтгэдэг бөгөөд бие махбодтой болсон Бурханаас чи хүн чанар дахь Бурханы ажил болон бүрэн дүүрэн бурханлаг ажлын аль алийг харж чадна; энэ бол бодитой Бурхан махбодоор гарч ирэхийн ач холбогдол билээ. Хэрвээ чи үүнийг тодорхой харж чадвал Бурханы бүх ялгаатай хэсгийг холбож чадна; мөн бурханлаг чанар дахь ажлыг нь хэтэрхий чухалчлахаа больж, хүн чанар дахь ажлыг нь хэтэрхий их үл ойшоохоо болиод, хэт туйлшрахгүй, мөн ямар ч тойруу замаар явахгүй. Ерөнхийдөө, бодитой Бурханы утга учир гэвэл Сүнсээр удирдуулсан Түүний хүн чанар болон бурханлаг чанарын ажил нь Түүний махбодоор илэрхийлэгддэг, ингэснээр хүмүүс Тэр бол тод томруун, амьд, үнэн бодитой гэдгийг харж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодитой Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой

198. Бурханы Сүнс бол бүх бүтээлийн дээрх эрх мэдэл юм. Бурханы мөн чанартай махбод ч бас эрх мэдэл эзэмшдэг, гэхдээ махбод дахь Бурхан нь тэнгэрлэг Эцэгийн хүслийг дуулгавартай дагадаг бүх ажлыг хийж чаддаг. Үүнд нэг ч хүн хүрч, ухан ойлгож чадахгүй. Бурхан Өөрөө эрх мэдэл боловч Түүний махбод эрх мэдэлд нь захирагдаж чадна. “Эцэг Бурханы хүслийг Христ дуулгавартай дагадаг” гэдэг үгийн цаад учир энэ билээ. Бурхан бол Сүнс бөгөөд авралын ажлыг хийж чаддаг, хүн болох үедээ ч үүнийг хийж чаддаг. Ямартай ч, Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг хийдэг; Тэр саад болдог ч үгүй, үймүүлдэг ч үгүй, өөр хоорондоо зөрчилддөг ажил бүр ч хийдэггүй, учир нь Сүнс, махбод хоёрын хийдэг ажлын мөн чанар адилхан юм. Сүнс ч бай, махбод ч бай, хоёулаа нэг хүслийг биелүүлэхийн төлөө ажиллаж, адилхан ажлыг удирддаг. Сүнс, махбод хоёр харьцуулшгүй хоёр өөр чанартай хэдий ч мөн чанар нь адилхан; хоёулаа Бурханы Өөрийн мөн чанар болон ялгамж чанарыг агуулдаг. Бурханд Өөрт нь дуулгаваргүй байдлын ямар ч элемент байхгүй; Түүний мөн чанар нь сайн. Тэр бол бүх гоо үзэсгэлэн, сайн сайхан, бүх хайрын илэрхийлэл билээ. Бурхан махбодод байхдаа ч гэсэн, Эцэг Бурханд дуулгаваргүй хандах юу ч хийдэггүй. Амиа золиослоод ч хамаагүй, Тэр чин сэтгэлээсээ тийнхүү үйлдэхэд бэлэн байх ба өөр ямар ч сонголт хийхгүй. Бурханд Өөрийгөө зөвтгөж, чухалчилдаг, ихэрхүү, биеэ тоосон байдлын ямар ч элемент байдаггүй; шударга бус зангийн ямар ч элемент байдаггүй. Бурханд дуулгаваргүй байдаг бүхэн Сатанаас гардаг; Сатан бол бүх муу муухай, хорон муугийн эх сурвалж билээ. Хүнийг Сатан завхруулж, боловсруулсан учраас л Сатаныхтай адил чанартай байдаг. Христийг Сатан завхруулаагүй, иймээс Тэр зөвхөн Бурханы шинж чанарыг агуулдаг ба Сатаны шинж чанарын аль нь ч байдаггүй. Ажил хэчнээн хэцүү бэрх ч бай, махбод хэчнээн сул дорой ч бай хамаагүй, Бурхан махбодод амьдрах зуураа Бурханы Өөрийн ажилд саад болох зүйл хэзээ ч хийхгүй, Эцэг Бурханы хүслийг дуулгаваргүй байдлаар бүр ч хаяхгүй. Тэрээр Эцэг Бурханы хүслийг эсэргүүцсэний оронд бие махбодын зовлон туулахыг илүүд үзнэ; Есүс “Эцэг минь, хэрвээ боломжтой бол энэ аягыг Надаас өнгөрүүлээч; гэхдээ Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” гэж залбиран хэлсэнтэй энэ нь яг адилхан юм. Хүмүүс өөрийнхөө сонголтыг хийдэг, харин Христ тэгдэггүй. Хэдий Тэр Бурханы Өөрийн ялгамж чанартай ч махбодын өнцгөөс Эцэг Бурханы хүслийг мөн л эрж хайдаг ба Өөрт нь Эцэг Бурханы даалгасан зүйлийг биелүүлдэг. Энэ нь хүний хүрч чадахгүй зүйл юм. Сатанаас гардаг зүйл Бурханы мөн чанартай байж чаддаггүй; харин Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцдэг мөн чанартай байж л чадна. Сатан Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй, Бурханы хүслийг дуртайяа дуулгавартай дагаж бүр ч чаддаггүй. Христээс бусад бүх хүн Бурханыг эсэргүүцэх зүйл хийж магадгүй бөгөөд Бурханы даалгасан ажлыг нэг ч хүн шууд өөртөө авч чадахгүй; нэг ч хүн Бурханы удирдлагыг өөрсдийн гүйцэтгэх үүрэг гэж үзэж чаддаггүй. Христийн мөн чанар нь Эцэг Бурханы хүсэлд захирагдах явдал юм; Бурханы эсрэг дуулгаваргүй байдал бол Сатаны шинж чанар мөн. Энэ хоёр чанар нь нийцдэггүй ба Сатаны шинж чанартай хэнийг ч Христ гэж нэрлэж болохгүй. Хүн Бурханы ажлыг оронд нь хийж чаддаггүйн шалтгаан гэвэл хүнд Бурханы ямар ч мөн чанар байдаггүй. Хүн хувийн ашиг сонирхол, хэтийн ирээдүйнхээ тусын тулд Бурханы төлөө ажилладаг, харин Христ бол Эцэг Бурханы хүслийг биелүүлэхийн тулд ажилладаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүслийг дуулгавартай дагах явдал юм

199. Хэдийгээр бие махбодтой болсон Бурханы гадаад төрх байдал хүнтэй яг адилхан байж, хүний мэдлэгийг суралцаж, хүний хэлээр ярьж, заримдаа бүр хүний арга барил, илэрхийллээр Өөрийн санааг илэрхийлж байсан ч хүнийг болон юмны мөн чанарыг хардаг Түүний арга зам нь хүн төрөлхтөн болон юмны мөн чанарыг хардаг ялзарсан хүмүүсийн арга замаас тэс ондоо юм. Түүний өнцөг болон Түүний зогсож буй өндөр нь ялзарсан хүн хүрэхийн аргагүй зүйл билээ. Учир нь Бурхан бол үнэн, Түүний өмсдөг махбод ч бас Бурханы мөн чанартай бөгөөд Түүний бодол, Түүний хүн чанараар илэрхийлэгдсэн зүйл ч бас үнэн билээ. Ялзарсан хүмүүсийн хувьд Түүний махбодоор илэрхийлдэг зүйл нь үнэний болон амийн хангалт юм. Эдгээр хангалт нь зөвхөн нэг хүнд биш, харин бүх хүн төрөлхтөнд зориулагддаг. Ямар ч ялзарсан хүний зүрх сэтгэлд өөртэй нь холбоотой цөөхөн хүн л байдаг. Тэрхүү цөөн хэдхэн хүнийг л тэр анхаарч, санаа тавьдаг. Гамшиг нүүрлэх үед тэрээр юун түрүүнд өөрийн хүүхдүүд, хань ижил, аль эсвэл эцэг эхийг бодно. Арай энэрэнгүй хүн бол хамгийн ихдээ л зарим хамаатнаа, эсвэл сайн найзаа бодно, гэхдээ тийм энэрэнгүй хүн ч гэсэн үүнээс олон хүнийг бодох уу? Үгүй, хэзээ ч үгүй! Учир нь, хүмүүс бол эцсийн эцэст хүмүүс бөгөөд бүх зүйлийг зөвхөн хүний өнцгөөс, хүний өндрөөс л харж чадна. Гэтэл бие махбодтой болсон Бурхан бол ялзарсан хүнээс тэс өөр юм. Бие махбодтой болсон Бурханы махбод хэчнээн жирийн, хэчнээн хэвийн, хэчнээн дорд байх нь хамаагүй, хүмүүс Түүнийг хэчнээн басамжилж дорд үзэх нь хамаагүй, Түүний бодол болон хүн төрөлхтөнд хандах хандлага нь ямар ч хүний эзэмшиж чадахгүй, ямар ч хүний дуурайж чадахгүй зүйл билээ. Тэрээр хүн төрөлхтнийг бурханлаг чанарын өнцгөөс, Бүтээгч хэмээх Өөрийн байр суурийн өндрөөс үргэлж ажиглах болно. Тэр Бурханы мөн чанар, сэтгэхүйгээр хүн төрөлхтнийг үргэлж харах болно. Тэр хүн төрөлхтнийг жирийн хүний өндрөөс, ялзарсан хүний өнцгөөс харж огтхон ч чадахгүй. Хүмүүс хүн төрөлхтнийг харахдаа хүний хараагаар л хардаг бөгөөд хүний мэдлэг, хүний дүрэм болон онолыг хэмжүүрээ болгодог. Энэ нь хүмүүсийн нүдээрээ харж чадах цар хүрээ, ялзарсан хүмүүсийн хүрч чадах цар хүрээн дотор байдаг. Бурхан хүн төрөлхтнийг харахдаа бурханлаг хараагаар хардаг бөгөөд Өөрийн мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг хэмжүүрээ болгодог. Энэ цар хүрээ нь хүмүүсийн харж чаддаггүй зүйлсийг багтаадаг бөгөөд үүгээрээ бие махбодтой болсон Бурхан ба ялзарсан хүмүүс хоорондоо эрс ялгардаг. Энэ ялгаа нь хүмүүс болон Бурханы өөр өөр мөн чанараар тодорхойлогддог бөгөөд эдгээр ялгаатай мөн чанар нь тэдний ялгамж чанар, байр суурь, аливааг харах өнцөг болон өндрийг тодорхойлдог.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

200. Нийгмийн туршлагатай эсэх, гэр бүлдээ яг хэрхэн амьдарч, туршлагаждаг вэ гэдгийг чинь чиний илэрхийлдэг зүйлээс харж болдог бол бие махбодтой болсон Бурханы ажлаас Түүнд нийгмийн туршлага байгаа эсэхийг харах аргагүй. Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг бөгөөд бүх төрлийн хүмүүст хамаатай төрөл бүрийн хэрэгжүүлэлтийг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар, тэрслүү үйлдлийг бүр ч сайн илчилж чаддаг. Тэрээр ертөнцийн хүмүүс дунд амьдардаггүй боловч эгэл хүмүүсийн уг чанарыг болон ертөнцийн хүмүүсийн бүх завхралыг мэддэг. Энэ нь Түүний оршихуй юм. Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй хэдий ч дэлхий ертөнцтэй харьцах дүрмийг мэддэг, учир нь Тэр хүний уг чанарыг бүрэн ойлгодог билээ. Хүний нүдээр харж, чихээр сонсох аргагүй өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай Тэр мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ нь Түүний оршихуй бөгөөд хүмүүст ил, бас хүмүүсээс нуугдмал байдаг. Тэрээр ер бусын хүн юу болохыг илэрхийлдэггүй, харин Сүнсний төрөлх шинж чанар ба оршихуйг илэрхийлдэг. Тэрээр дэлхийг тойрон аялдаггүй боловч бүх зүйлийг нь мэддэг. Тэр мэдлэггүй, ойлголтгүй “хүн дүрст сармагчнууд”-тай холбогддог боловч мэдлэгээс өндөр, агуу хүмүүсээс дээгүүр үгийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй, хүн төрөлхтний ёс журам болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс хүсэхийн зэрэгцээ хүн төрөлхтний адгийн, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Түүний оршихуй бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс дээр юм. Түүний хувьд, ярвигтай, төвөгтэй, бузар булай нийгмийн амьдралыг туулах шаардлагагүйгээр хийх хэрэгтэй ажлаа хангалттай хийж, завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг бүрэн илчилдэг. Тийм бузар булай нийгмийн амьдрал Түүний махбодыг босгон байгуулдаггүй. Түүний үг, ажил нь хүний дуулгаваргүй байдлыг л илчилдэг бөгөөд дэлхий ертөнцтэй харьцахад зориулсан туршлага, сургамжаар хүнийг хангадаггүй. Тэрээр хүнийг амиар хангахдаа нийгэм болон хүний гэр бүлийг мөрдөн шалгах шаардлагагүй байдаг. Хүнийг илчилж, шүүх нь Түүний махбодын туршлагын илэрхийлэл биш; харин хүний дуулгаваргүй байдлыг аль хэдийн мэдэж, хүн төрөлхтний завхралд зэвүүцсэний дараа хүний шударга бус байдлыг илчлэх явдал юм. Түүний хийдэг ажил нь бүгд Түүний зан чанарыг хүнд илчилж, Түүний оршихуйг илэрхийлэх явдал юм. Тэр л энэ ажлыг хийж чадна; энэ нь мах, цуснаас бүтсэн хүний хийж чадах зүйл биш.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

201. Христийн ажил болон илэрхийлэл мөн чанарыг нь тодорхойлдог. Тэрээр Өөрт нь даалгасан зүйлийг чин сэтгэлээр гүйцэлдүүлж чаддаг. Тэрээр тэнгэр дэх Бурханыг чин сэтгэлээр шүтэн мөргөж чаддаг бөгөөд Эцэг Бурханы хүслийг үнэн зүрх сэтгэлээсээ эрж хайдаг. Энэ бүгд Түүний мөн чанараар тодорхойлогддог. Иймээс Түүний төрөлхийн илэрхийлэл ч гэсэн мөн чанараар нь тодорхойлогддог; үүнийг “төрөлхийн илэрхийлэл” гэж нэрлэдгийн минь шалтгаан нь Түүний илэрхийлэл бол даган дуурайсан явдал биш, хүний олгосон боловсролын үр дүн ч биш, хүний олон жилийн боловсруулалтын үр дүн ч бас биш. Тэр үүнийг сураагүй, эсвэл Өөрийгөө үүгээр гоёогүй; харин ч энэ нь Түүний дотор төрөлхөөсөө байдаг. Хүн, Түүний ажил, илэрхийлэл, хүн чанар болон хэвийн хүн чанарынх нь бүхий л амьдралыг үгүйсгэж болох боловч тэнгэр дэх Бурханыг үнэн сэтгэлээсээ шүтдэг мөргөдгийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй; тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлэхээр ирснийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй, мөн Эцэг Бурханыг эрж хайдаг чин сэтгэлийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй. Хэдий Түүний дүр мэдрэхүйд таатай биш, яриа нь ер бусын өнгө аясгүй, ажил нь хүний төсөөлдөг шиг газар донсолгож, тэнгэр чичрүүлэм биш боловч Тэр бол үнэхээр тэнгэрлэг Эцэгийн хүслийг үнэн сэтгэлээсээ биелүүлж, тэнгэрлэг Эцэгт бүрэн захирагдаж, үхэн үхтэлээ дуулгавартай байдаг Христ мөн юм. Учир нь Түүний мөн чанар бол Христийн мөн чанар билээ. Энэхүү үнэнд хүн итгэхэд хэцүү боловч энэ нь бодит баримт мөн. Христийн үйлчлэл бүрэн гүйцэлдэх үед, Түүний зан чанар болон оршихуй нь тэнгэр дэх Бурханы зан чанар, оршихуйг төлөөлдөг болохыг хүн Түүний ажлаас харж чадна. Тэр үед, Тэрээр үнэхээр махбод болсон Үг мөн бөгөөд мах цуснаас бүрдсэн хүнтэй адилгүй гэдгийг Түүний бүх ажлын нийлбэр цогц баталж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүслийг дуулгавартай дагах явдал юм

202. Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Түүнд Бурханы мөн чанар болон хүний хүрэх боломжгүй Бурханы зан чанар, Бурханы ажлын мэргэн ухаан байдаг. Өөрсдийгөө христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс хуурамч юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа гүйцэтгэж, гүйцэлдүүлэхдээ Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурханы ажлыг хангалттай сайн хийж, Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы сайн төлөөлөл байж, хүнийг амиар хангаж чаддаг учир хэн ч үүнийг орлож чадахгүй. Христийг дуурайдаг хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт бүгд унах болно, учир нь тэд өөрсдийгөө христ гэцгээдэг ч Христийн ямар ч мөн чанарыг эзэмшдэггүй. Иймээс, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж, шийддэг гэж Би хэлж байна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

203. Бурханы Сүнсний өмссөн махбод нь Бурханы Өөрийнх нь махбод билээ. Бурханы Сүнс бол эрхэм дээд; Тэрээр төгс хүчит, ариун, зөвт билээ. Үүний адилаар Түүний махбод ч бас эрхэм дээд, төгс хүчит, ариун, зөвт юм. Ийм махбод нь зөвт, хүн төрөлхтөнд ач тустай зүйлийг, мөн ариун, алдар суутай, сүр хүчтэй зүйлийг л хийж чаддаг; Тэрээр үнэн, ёс суртахуун, шударга ёсыг зөрчдөг юуг ч хийж чадахгүй, Бурханы Сүнснээс урвах ямар нэг зүйлийг хийж бүр ч чадахгүй. Бурханы Сүнс ариун тул Түүний махбодыг Сатан завхруулах аргагүй; Түүний махбод хүний махан биеэс өөр мөн чанартай. Учир нь, Сатан Бурханыг биш, хүнийг завхруулсан; Сатан Бурханы Өөрийн бие махбодыг завхруулж яавч чадахгүй. Тиймээс хүн, Христ хоёр ижил газар амьдран суудаг баримтаас үл хамааран зөвхөн хүн л Сатанд эзэмдүүлж, ашиглуулж чадах бөгөөд Сатаны заль мэхэнд хорлогддог. Үүнээс ялгаатай нь Христ үүрд Сатаны завхралд авташгүй, учир нь Сатан хамгийн өндөр газарт хүрч, Бурханд ойртон очиж хэзээ ч чадахгүй. Өнөөдөр, Сатаны завхруулсан хүн төрөлхтөн л Надаас урвадаг гэдгийг та нар бүгд ойлгох ёстой. Урвалт нь Христтэй өчүүхэн ч хамаагүй асуудал юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 2

204. Бурханы ажлын бай нь Сатаны сүнс, эсвэл махан биед харьяалагдахгүй ямар нэг зүйл биш, харин махан биетэй, Сатаны завхралд өртсөн хүн учраас Бурхан махбод болсон билээ. Чухамдаа хүний махан бие завхарсан учраас Бурхан махан биетэй хүнийг Өөрийн ажлын бай болгосон; түүнчлэн, хүн завхралын бай учраас Бурхан авралын ажлынхаа бүх үе шатанд хүнийг Өөрийн ажлын цорын ганц бай болгосон юм. Хүн бол мах, цуснаас бүтсэн мөнх бус оршихуй бөгөөд хүнийг аварч чадах Нэгэн бол гагцхүү Бурхан билээ. Ийм маягаар, ажлаа хийхийн тулд, Өөрийнхөө ажлыг илүү дээр үр дүнд хүргэхийн тулд Бурхан хүнтэй адил шинж чанартай махбод болох ёстой. Хүн махан биетэй, мөн нүглийг ялан дийлж, махан биеэс салж чадахгүй учраас Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан махбод болох ёстой. Бие махбодтой болсон Бурханы мөн чанар болон ялгамж чанар нь хүний мөн чанар, ялгамж чанараас асар их ялгаатай байдаг ч Түүний гадаад төрх хүнийхтэй адилхан; Тэрээр хэвийн хүний дүр төрхтэй, хэвийн хүний амьдралаар амьдардаг бөгөөд Түүнийг харсан хүмүүс хэвийн хүнээс ялгаж огт чадахгүй. Хэвийн хүн чанараар бурханлаг ажлаа хийхэд нь Түүнд энэхүү хэвийн төрх байдал, хэвийн хүн чанар хангалттай. Түүний махбод нь хэвийн хүн чанараар ажиллах боломж олгон, хүмүүсийн дунд ажлаа хийхэд нь тусалдаг, түүнчлэн хүмүүсийн дунд авралын ажлаа явуулахад нь Түүний хэвийн хүн чанар тусалдаг. Хэдийгээр Түүний хэвийн хүн чанар хүмүүсийн дунд ихээхэн шуугиан тарьсан ч тийм шуугиан Түүний ажлын хэвийн үр дүнд нөлөөлөөгүй. Товчхондоо Түүний хэвийн махбодын ажил нь хүнд дээд зэргийн ач тустай. Ихэнх хүмүүс Түүний хэвийн хүн чанарыг хүлээн зөвшөөрдөггүй хэдий ч Түүний ажил үр дүнд хүрч мөн л чадах ба Түүний хэвийн хүн чанарын ачаар эдгээр үр дүнд хүрдэг. Үүнд эргэлзэх юмгүй. Махбод дахь Түүний ажлаас хүн, Түүний хэвийн хүн чанарын талаар хүмүүсийн дунд байдаг үзлээс арав дахин, эсвэл бүр хэдэн арав дахин ихийг олж авдаг бөгөөд эцэстээ эдгээр үзэл нь бүгд Түүний ажилд залгиулдаг. Түүний ажлын хүрсэн үр дүн, өөрөөр хэлбэл, Түүний тухай хүний мэдлэг нь Бурханы талаарх хүний үзлээс хавьгүй их байдаг. Махбодоор хийдэг Түүний ажлыг төсөөлж, хэмжих аргагүй, учир нь Түүний махбод махан биетэй ямар ч хүнийхтэй адилгүй; гадаад бүрхүүл нь хэдий адилхан ч мөн чанар нь ижил биш. Түүний махбод хүмүүсийн дунд Бурханы талаарх олон үзлийг төрүүлдэг ч бас ихээхэн мэдлэг олж авах боломжийг хүнд олгодог ба тэр ч бүү хэл адилхан гадаад бүрхүүлтэй ямар ч хүнийг байлдан дагуулж чадна. Учир нь Тэр зүгээр ч нэг хүн биш, харин хүний гадаад бүрхүүлтэй Бурхан бөгөөд хэн ч Түүнийг бүрэн ухан мэдэж, ойлгож чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

205. Хүн Сатаны завхралд өртсөн, Бурханы бүх бүтээлийн хамгийн дээд нь юм, иймээс ч хүнд Бурханы аврал хэрэгтэй. Бурханы авралын бай бол Сатан биш, харин хүн, аврагдах зүйл бол диаволууд биш, харин хүний махан бие болон сүнс юм. Сатан бол Бурханы устгах бай, хүн бол Бурханы авралын бай бөгөөд хүний махан биеийг Сатан завхруулсан болохоор эхлээд хүний махан бие аврагдах ёстой. Хүний махан бие нь хамгийн гүн гүнзгий завхарч, Бурханыг эсэргүүцдэг, тэр ч байтугай Бурханы оршин тогтнолыг ил тод эсэргүүцэж, үгүйсгэдэг зүйл болсон. Энэ завхарсан махан бие дэндүү зөрүүд бөгөөд махан биеийн завхарсан зан чанарыг засаж, өөрчлөхөөс илүү хэцүү зүйл гэж үгүй. Сатан хүний махан биед ирж үймүүлдэг ба Бурханы ажилд саад болж, Бурханы төлөвлөгөөг сүйтгэхийн тулд хүний махан биеийг ашигладаг, тиймээс хүн Бурханы дайсан, Сатан болсон юм. Хүнийг аврахын тулд эхлээд байлдан дагуулах ёстой. Үүнээс болж Бурхан мөчөөгөө өгөлгүйгээр, зорьсон ажлаа хийхээр, Сатантай тулалдахаар махбодод ирдэг. Түүний зорилго бол завхарсан хүнийг аварч, Өөрийнх нь эсрэг тэрсэлсэн Сатаныг ялж, устгах явдал юм. Хүнийг байлдан дагуулах ажлаараа дамжуулан Тэрээр Сатаныг ялахын зэрэгцээ завхарсан хүн төрөлхтнийг авардаг. Тиймээс энэ нь хоёр зорилгод нэгэн зэрэг хүрдэг ажил юм. Тэр хүнтэй илүү сайн харилцаж, хүнийг илүү сайн байлдан дагуулахын тулд махбодоор ажиллаж, үг хэлж, бүх ажлаа хийдэг. Бурхан сүүлчийн удаа бие махбод болж, Түүний эцсийн өдрүүдийн ажил махбодоор гүйцэлдэнэ. Тэрээр бүх хүнийг төрлийнх нь дагуу ангилж, Өөрийн бүх удирдлагыг дуусгаж, мөн махбод дахь бүх ажлаа дуусгана. Газар дээрх бүх ажил нь дуусгавар болоход Тэр бүрэн ялсан байх болно. Махбодод ажиллаж байх үедээ Бурхан хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулж, бүрэн олж авсан байх болно. Энэ нь Түүний бүх удирдлага дуусгавар болно гэсэн үг бус уу? Бурхан махбод дахь ажлаа дуусган, Сатаныг бүрэн ялж, ялалтаа мандуулах үед хүнийг завхруулах боломж Сатанд дахин олдохгүй. Эхний удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь хүнийг нүглээс золин аварч, уучлах явдал байсан. Одоо энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүрэн олж авах ажил юм, ингэснээр Сатан цаашид өөрийн ажлыг хийх аргагүй болж, бүрмөсөн ялагдаж, Бурхан бүрэн ялсан байх болно. Энэ бол махбодын ажил, мөн Бурханы Өөрийн хийдэг ажил юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

206. Хүний махан бие Сатанаар завхруулагдаж, хамгийн их сохорч, гүн гүнзгий хорлогдсон. Бурхан махбодоор биечлэн ажилладгийн хамгийн үндсэн шалтгаан нь, Түүний авралын бай махан биеэс бүтсэн хүн бөгөөд Бурханы ажилд саад хийхийн тулд Сатан ч бас хүний махан биеийг ашигладгаас болдог. Сатантай хийдэг тулаан нь үнэндээ хүнийг байлдан дагуулах ажил бөгөөд үүний зэрэгцээ хүн бас Бурханы авралын бай юм. Ийм маягаар, Бурхан бие махбодтой болж ажлаа хийх нь туйлын чухал. Сатан хүний махан биеийг завхруулж, хүн Сатаны биелэл болсон ба Бурханд ялагдах бай болсон юм. Ийм маягаар, Сатантай тулалдах, хүн төрөлхтнийг аврах ажил бүгд газар дэлхий дээр болдог бөгөөд Сатантай тулалдахын тулд Бурхан хүн болох ёстой байдаг. Энэ бол хамгийн бодитой ажил юм. Бурхан махбодоор ажиллах үедээ үнэндээ махан биеэр Сатантай тулалдаж байдаг. Тэр махбодоор ажиллах үедээ сүнсний ертөнцөд Өөрийн ажлыг хийж, сүнсний ертөнц дэх бүх ажлаа газар дээр бодит болгодог. Байлдан дагуулагддаг нэгэн нь Түүнд тэрсэлдэг хүн, харин ялагддаг нэгэн нь Түүнтэй дайсагнадаг Сатаны биелэл (мэдээж энэ нь ч бас хүн) бөгөөд эцэстээ аврагддаг нэгэн нь бас л хүн юм. Ийм маягаар, Бурханы хувьд бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй хүн болох нь бүр ч илүү чухал юм, ингэснээр Тэр Сатантай бодитоор тулаан хийж, Өөрт нь тэрсэлдэг, Өөртэй нь адилхан гадаад бүрхүүлтэй хүнийг байлдан дагуулж, Өөртэй нь яг ижилхэн гадаад бүрхүүлтэй, Сатанд хорлогдсон хүнийг аварч чадна. Түүний дайсан бол хүн, Түүний байлдан дагуулалтын бай бол хүн, мөн Түүний авралын бай бол Өөрийнх нь бүтээсэн хүн билээ. Тиймээс Тэр хүн болох ёстой бөгөөд ийм маягаар Түүний ажил хавьгүй илүү хялбар болдог. Тэр Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг байлдан дагуулж чаддаг, үүнээс ч илүүтэйгээр хүн төрөлхтнийг аварч чаддаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

207. Бурхан Сүнсний арга барил, Сүнсний ялгамж чанарыг шууд ашиглан хүнийг авардаггүй, учир нь хүн Түүний Сүнсэнд хүрч чадахгүй, харж чадахгүй, ойртож ч чадахгүй. Хэрвээ Тэр Сүнсний өнцгөөс хүнийг шууд аврахаар оролдсон бол хүн Түүний авралыг хүртэж чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан бүтээгдсэн хүний гадна бүрхүүлийг өмсөөгүй бол хүний хувьд энэ авралыг хүртэх ямар ч аргагүй байх байв. Учир нь хэн ч Еховагийн үүлэнд дөхөн очиж чадаагүйн адилаар хүн Түүнд ойртох ямар ч аргагүй байдаг. Бүтээгдсэн хүн болсноор л, өөрөөр хэлбэл, Өөрийн болох гэж буй махбодод Өөрийн Үгийг оруулснаар л Тэр Өөрийг нь дагадаг бүх хүнд Үгийг биечлэн оруулж чадна. Тэр үед л хүн өөрийн биеэр Түүний Үгийг сонсож, харж, тэр ч бүү хэл Түүний Үгийг олж авч, үүгээр дамжуулан бүрэн аврагдаж чадна. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол мах цуснаас бүтсэн нэг ч хүн ийм агуу авралыг хүртэж чадахгүй, ганц ч хүн аврагдахгүй байх байлаа. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүн төрөлхтний дунд ажилласан бол бүх хүн цохиулах байсан, эсвэл Бурхантай холбогдох ямар ч аргагүйн улмаас Сатанд бүрмөсөн олзлогдох байв.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

208. Бие махбодтой болсон Бурхан махбодод ирсний цорын ганц шалтгаан нь завхарсан хүний хэрэгцээнээс болсон билээ. Энэ нь Бурханы биш, хүний хэрэгцээнээс болдог бөгөөд Түүний бүх золиослол болон зовлон нь Бурханы Өөрийн ашиг тусын төлөө биш, харин хүн төрөлхтний төлөө байдаг. Бурханы хувьд ашиг, алдагдал, эсвэл шагнал гэж үгүй; Тэрээр хожмын ургацыг хураахгүй, харин анхнаасаа Өөрийнх нь байсан зүйлийг хураана. Хүн төрөлхтний төлөө Түүний хийдэг, золиосолдог бүхэн нь асар их шагнал олж авахын төлөө биш, харин гагцхүү хүн төрөлхтний төлөө байдаг. Хэдийгээр махбод дахь Бурханы ажил төсөөлөхийн аргагүй олон бэрхшээл агуулдаг ч эцэстээ хүрдэг үр дүн нь Сүнсний шууд хийсэн ажлаас хавьгүй илүү давдаг. Махбодын ажил ихээхэн бэрхшээл дагуулдаг бөгөөд махбодод Сүнстэй адил агуу ялгамж чанар байдаггүй, Сүнстэй адил ер бусын үйл хэргийг гүйцэтгэж чаддаггүй, Сүнстэй адил эрх мэдэл эзэмшиж бүр ч чаддаггүй. Гэхдээ бусдаас ялгарах юмгүй энэ махбодын хийсэн ажлын мөн чанар нь Сүнсний шууд хийсэн ажлаас хавьгүй илүү бөгөөд энэхүү махбод Өөрөө бүх хүн төрөлхтний хэрэгцээ юм. Аврагдах хүмүүсийн хувьд, Сүнсний хэрэглээний үнэ цэн нь махбодынхоос хамаагүй доогуур байдаг: Сүнсний ажил уул нуруу, гол мөрөн, нуур, далай тэнгис гээд бүх орчлон ертөнцийг хамрах чадвартай, харин махбодын ажил нь Өөрийн харилцдаг хүн бүртэй илүү үр дүнтэйгээр холбогддог. Үүнээс гадна биет хэлбэртэй Бурханы махбод хүний ойлголт, итгэлийг илүү их олж авч, Бурханы тухай хүний мэдлэгийг улам гүнзгийрүүлж, хүнд Бурханы бодит үйл хэргийн талаар илүү гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чаддаг. Сүнсний ажил нууц далд байдаг; мөнх бус хүмүүсийн хувьд үүнийг таамаглахад хэцүү, харахад бүр ч хэцүү, иймээс тэд зөвхөн үндэслэлгүй төсөөлөлд түшиглэж л чадна. Харин махбодын ажил хэвийн, бодит, баялаг мэргэн ухаантай байдаг бөгөөд мөнх бус хүний хоёр нүдээр харж болох баримт юм; хүн Бурханы ажлын мэргэн ухааныг биечлэн ухамсарлах боломжтой, элбэг арвин төсөөллөө ашиглах шаардлагагүй байдаг. Энэ бол махбод дахь Бурханы ажлын үнэн зөв байдал болон бодит үнэ цэн мөн. Сүнс хүнд үл үзэгдэх зүйлсийг болон хүн төсөөлөхөд амаргүй зүйлсийг л хийж чаддаг, тухайлбал Сүнсний гэгээрэл, Сүнсний хөдөлгөлт, Сүнсний удирдамж зэрэг, гэвч оюун ухаантай хүний хувьд эдгээр нь ямар ч тодорхой утгыг өгч чадахгүй. Тэдгээр нь зөвхөн сэтгэл хөдөлгөх юм уу ерөнхий утгаар хангахаас биш, үгээр зааварчилгаа өгч чадахгүй. Харин махбод дахь Бурханы ажил асар өөр байдаг: Үүнд үгийн нарийн зөв удирдамж байдаг ба тодорхой санаа зорилго, тодорхой шаардлагатай зорилготой байдаг. Иймээс хүн тэмтчин бэдэрч, төсөөллөө ашиглах хэрэггүй, таамаглал дэвшүүлэх бүр ч хэрэггүй. Энэ бол махбод дахь ажлын тодорхой байдал бөгөөд Сүнсний ажлаас ялгагдах асар том ялгаа юм. Сүнсний ажил хязгаарлагдмал цар хүрээнд л тохиромжтой бөгөөд махбодын ажлыг орлож чадахгүй. Махбодын ажлаар хүнээс шаардагддаг нарийн нягт зорилго, энэ ажлаас хүний олж авдаг мэдлэгийн бодит үнэ цэн Сүнсний ажлын нарийн нягт, бодит үнэ цэнээс хавьгүй илүү давдаг. Завхарсан хүмүүсийн хувьд үнэн зөв үг, эрэлхийлэх тодорхой зорилготой, харж, хүрч болох ажил л хамгийн үнэ цэнтэй. Бодитой ажил, цагаа олсон удирдамж л хүний дур сонирхолд таарч тохирдог бөгөөд бодит ажил л хүнийг завхарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна. Үүнийг бие махбодтой болсон Бурхан л биелүүлж чадна; бие махбодтой болсон Бурхан л хүнийг хуучин завхарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна. Сүнс бол Бурханы төрөлх мөн чанар хэдий ч иймэрхүү ажлыг зөвхөн Түүний махбод л хийж чадна. Хэрвээ Сүнс дангаараа ажилласан бол Түүний ажил үр дүнтэй байх боломжгүй байсан—энэ бол илэрхий үнэн юм. Энэхүү махбодоос болж ихэнх хүн Бурханы дайсан болсон ч гэсэн Түүнийг ажлаа дуусгах үед Түүний эсрэг байдаг хүмүүс дайснууд нь байхаа болиод зогсохгүй, харин ч эсрэгээрээ Түүний гэрчлэгчид болно. Тэд Түүгээр байлдан дагуулагдсан, Түүнтэй нийцэлтэй, Түүнээс салшгүй гэрчлэгчид болно. Тэрээр, махбод дахь ажлынхаа ач холбогдлыг хүнд мэдүүлэх ба хүний оршин тогтнол дахь энэ махбодын ач холбогдол, хүний амийн өсөлттэй холбоотой Түүний бодит үнэ цэнийг хүн мэдэх болно, түүнчлэн энэ махбод бол хүний салж үл түвдэх амийн амьд булаг болно гэдгийг ч мэднэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

209. Хэдийгээр Бурханы махбод болсон бие нь Бурханы ялгамж чанар, байр сууринд нийцэхэд хол, мөн Түүний бодит байр суурьтай нийцэхгүй мэт хүнд санагдавч Бурханы жинхэнэ дүр төрхгүй, эсвэл Бурханы жинхэнэ ялгамж чанаргүй энэ махбод нь Бурханы Сүнсний шууд хийж чадахгүй ажлыг хийж чадна. Энэ бол бие махбодтой болсон Бурханы жинхэнэ ач холбогдол, үнэ цэн бөгөөд энэхүү ач холбогдол, үнэ цэнийг хүн ойлгож, хүлээн зөвшөөрч чаддаггүй. Бүх хүн төрөлхтөн Бурханы Сүнсийг дээдэлж, Бурханы махбодыг дорд үздэг хэдий ч тэдний хэрхэн харж, боддогоос үл хамааран махбодын бодит ач холбогдол болон үнэ цэн нь Сүнснийхээс хавьгүй хол давдаг. Мэдээж завхарсан хүн төрөлхтний хувьд л ийм байдаг. Үнэнийг эрж хайдаг, Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг хүн бүрийн хувьд Сүнсний ажил нь зөвхөн сэтгэл хөдөлгөж, онгодоор хангаж, энэ ажил нь тайлбарлашгүй, төсөөлшгүй гэсэн гайхалтай байдлын мэдрэмж, мөн агуу, ер бусын, бишрэм атлаа бүх хүний олж авч, хүрч чадахааргүй мэдрэмжийг л өгдөг. Хүн, Бурханы Сүнс хоёрын хооронд асар их зай байгаа мэт, тэд хэзээ ч адилхан байж чадахгүй мэт, хүн Бурхан хоёрыг үл үзэгдэх заагаар тусгаарласан мэт алсаас л бие биеэ харж чадна. Үнэндээ, Сүнс хүн хоёр нэг төрлийн зүйл биш, нэг ертөнцөд хамт хэзээ ч оршихгүй, Сүнсэнд хүний гэх юу ч байдаггүй учраас энэ нь хүнд Сүнсний өгсөн төөрөгдөл юм. Иймээс хүнд хамгийн их хэрэгтэй ажлыг Сүнс шууд хийж чаддаггүй учраас хүнд Сүнс хэрэггүй. Махбодын ажил нь хүнд эрэлхийлэх бодит зорилго, тодорхой үгсийг болон Тэр бол бодит агаад хэвийн, эгэл жирийн агаад даруухан гэх мэдрэмжийг өгдөг. Хэдий хүн Түүнээс айж болох ч ихэнх хүмүүсийн хувьд Тэр харилцахад тун хялбар байдаг: Хүн Түүний царайг харж, дуу хоолойг нь сонсож чадах ба Түүнийг алсаас харах шаардлагагүй. Энэхүү махбод нь хүнтэй адил нэг ертөнцөд оршдог учраас хүний хувьд хүрч болохуйц санагддаг бөгөөд хол юм уу ойлгошгүй биш, харин ч харж, хүрч болохуйц байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

210. Одоо хүн бие махбодтой болсон Бурханы ажил нь үнэхээр ер бусын гэдгийг хардаг бөгөөд үүнд хүний хүрч чадахгүй олон зүйл байдаг, тэдгээр нь нууц болон гайхамшгууд юм. Тиймээс олон хүн захирагдсан. Зарим нь төрснөөсөө хойш хэнд ч, хэзээ ч захирагдаж байгаагүй мөртөө Бурханы өнөөдрийн үгийг харах үедээ өөрийн мэдэлгүй бүрэн захирагддаг бөгөөд үүнийг судалж, эсвэл өөр юм хэлж зүрхэлдэггүй. Хүмүүс үгэн дор унаж, үгийн шүүлт дор нүүрээрээ газар унан мөргөсөн. Хэрэв Бурханы Сүнс хүнтэй шууд ярьсан бол хүн төрөлхтөн бүгд дуу хоолойд захирагдаж, Дамаск явах замдаа Паул гэрэл дунд газар унасантай яг адилаар хүмүүс бүгд илчлэлийн үггүйгээр доош унах байсан юм. Хэрвээ Бурхан ийм маягаар үргэлжлүүлэн ажилласан бол хүн үгийн шүүлтээр дамжуулан өөрийн завхралыг хэзээ ч мэдэж авч чадахгүй, улмаар аврал хүртэхгүй байх байв. Зөвхөн махбод болсноор л Бурхан Өөрийн үгийг хүн нэг бүрийн чихэнд биечлэн хүргэж чадна, ингэснээр чихтэй бүхэн Түүний үгийг сонсож, Түүний үгийн шүүлтийн ажлыг хүлээн авч болох юм. Ийм маягаар л Түүний үг үр дүнд хүрдэг болохоос биш, Сүнс илэрч, хүнийг айлган эрхшээлдээ оруулдаг юм биш. Зөвхөн ийм бодит атлаа ер бусын ажлаар дамжуулан хүний дотор олон жил гүн нуугдсан хуучин зан чанар бүрэн ил болдог, ингэснээр хүн үүнийг таньж, өөрчилж болох юм. Эдгээр нь бүгд бие махбодтой болсон Бурханы бодитой ажил бөгөөд бодитой байдлаар ярьж, шүүлт явуулснаар Тэр үгээр хүнийг шүүх үр дүнд хүрдэг. Энэ бол бие махбодтой болсон Бурханы эрх мэдэл бөгөөд Бурхан бие махбодтой болохын ач холбогдол билээ. Бие махбодтой болсон Бурханы эрх мэдлийг ил болгохын тулд, үгийн ажлаар хүрсэн үр дүнг ил болгож, Сүнс махбодод ирчихсэн ба хүнийг үгээр шүүснээр дамжуулан эрх мэдлээ харуулж байгааг ил болгох гэж үүнийг хийдэг. Түүний махбод хэдийгээр жирийн, хэвийн хүн чанарын гадаад хэлбэртэй боловч Түүний үгийн хүрдэг үр дүн нь Тэр бол эрх мэдлээр дүүрэн, Тэр бол Бурхан Өөрөө, Түүний үг бол Бурханы Өөрийн илэрхийлэл гэдгийг хүнд харуулдаг. Энэ аргаар Тэр бол Бурхан Өөрөө, Тэр бол махбод болсон Бурхан Өөрөө, Түүнд хэн ч халдаж болохгүй, Түүний үгийн шүүлтийг хэн ч давж чадахгүй, мөн ямар ч харанхуйн хүч Түүний эрх мэдлийг дийлж чадахгүй гэдгийг бүх хүнд харуулдаг. Тэр бол махбод болсон Үг учраас, мөн Түүний эрх мэдлээс болж, Түүний үгийн шүүлтээс болж хүн Түүнийг дуулгавартай дагадаг. Бурханы махбод болсон биеийн авчирсан ажил нь Түүний эзэмшдэг эрх мэдэл билээ. Махбод ч гэсэн эрх мэдэл эзэмшдэг учраас Тэр махбод болсон бөгөөд хүн төрөлхтний дунд бодитой байдлаар ажиллаж чаддаг, ийм маягаар хүн харж, хүрч болдог. Энэ ажил нь, бүх эрх мэдлийг эзэмшдэг Бурханы Сүнсний шууд хийдэг ажлаас илүү бодит, үр дүн нь ч бас илэрхий байдаг. Яагаад гэвэл, Бурханы махбод болсон бие бодитоор ярьж, ажиллаж чаддаг. Түүний махбодын гадаад хэлбэр төрх ямар ч эрх мэдэл агуулдаггүй бөгөөд хүн ойртож болдог байхад Түүний мөн чанар эрх мэдлийг агуулдаг, гэхдээ эрх мэдэл нь хэнд ч харагддаггүй. Түүнийг ярьж, ажиллаж байх үед хүн Түүнд эрх мэдэл байгааг олж илрүүлж чаддаггүй; энэ нь Түүний бодитой ажилд нэмэр болдог. Энэ бүх бодитой ажил үр дүнд хүрч чадна. Хэн ч Түүнд эрх мэдэл байгааг ухаардаггүй, халдашгүй гэдгийг нь хардаггүй, эсвэл Түүний уур хилэнг хардаггүй боловч далдлагдсан эрх мэдэл, нуугдмал уур хилэн болон ил тод хэлдэг үгээрээ дамжуулан Тэр Өөрийн үгийн зорьсон үр дүнд хүрдэг. Өөрөөр хэлбэл, Өөрийн дуу хоолойн өнгө, ярианы хатуу чанга байдал, Өөрийн үгийн бүх мэргэн ухаанаар дамжуулан хүнийг бүрэн үнэмшүүлдэг. Ийм маягаар харваас ямар ч эрх мэдэлгүй, бие махбодтой болсон Бурханы үгэнд хүн захирагдаж, улмаар хүнийг аврах Бурханы зорилго биелдэг. Илүү бодит байдлаар ярьж, үгийнх нь бодит байдал хүнд үр нөлөө үзүүлэх боломж олгож, хүнд Бурханы үгийн хүч чадлыг харуулах нь Бурхан бие махбодтой болсны ач холбогдлын өөр нэг тал юм. Тиймээс энэ ажлыг бие махбодтой болсноор дамжуулан хийхгүй бол өчүүхэн төдий ч үр дүнд хүрэхгүй бөгөөд нүгэлт хүмүүсийг бүрэн аварч чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол хүнд үзэгдэшгүй, баригдашгүй Сүнс хэвээр үлдэх байв. Хүн махан биетэй бүтээл тул Бурхан, хүн хоёр өөр өөр ертөнцөд харьяалагддаг бөгөөд өөр өөр шинж чанартай байдаг. Бурханы Сүнс махан биетэй хүнтэй огт нийцдэггүй, тэдний хооронд харилцаа тогтоох ямар ч аргагүй бөгөөд хүн сүнс болох чадваргүйг дурдахын ч хэрэггүй. Ийм болохоор Өөрийн анхдагч ажлыг хийхийн тулд Бурханы Сүнс бүтээгдсэн зүйл болох ёстой. Бурхан хамгийн өндөр газарт гарч чадахын сацуу Өөрийгөө даруу болгон бүтээгдсэн хүн болж, хүн төрөлхтний дунд ажиллаж, тэдний дунд амьдарч чаддаг, харин хүн өндөрт гарч, сүнс болж чадахгүй, хамгийн доод газарт буун очиж бүр ч чадахгүй. Ийм учраас Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэхийн тулд махбод болох ёстой. Тэрчлэн, эхний удаа бие махбодтой болох үеэр бие махбодтой болсон Бурханы махбод л цовдлолоор дамжуулан хүнийг золин аварч чадсан, харин Бурханы Сүнсний хувьд хүний төлөө нүглийн тахил болон цовдлогдох ямар ч аргагүй байв. Хүний төлөөх нүглийн тахил болохын тулд Бурхан шууд махбод болж чаддаг боловч хүн шууд тэнгэрт гарч, өөрийнх нь төлөө Бурханы бэлтгэсэн нүглийн тахилыг авч чадахгүй. Ийм болохоор энэ авралыг авахын тулд хүнийг тэнгэр лүү гаргалгүйгээр, тэнгэр, газрын хооронд хэд хэдэн удаа нааш цааш явахыг Бурханаас гуйх нь л боломжтой байв, учир нь хүн унаж доройтсон бөгөөд нүглийн тахилыг олж авах нь бүү хэл, тэнгэр өөд гарч ч ер чадахгүй. Тиймээс Есүс хүн төрөлхтний дунд ирж, хүний ердөө хийж чадахгүй ажлыг биечлэн хийх хэрэгтэй байлаа. Бурхан махбод болох бүрд энэ нь зайлшгүй шаардлагатай байдаг. Хэрвээ эдгээр үе шатны аль нэгийг Бурханы Сүнс шууд хийж чадах байсан бол Тэр бие махбодтой болохын доромжлолд өртөхгүй байх байлаа.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

211. Хүний махан биеийн завхралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү тохиромжтой, чадвартай өөр хэн ч байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд явуулсан бол бүгдийг хамрахгүй, түүнчлэн хүн үүнийг хүлээн авахад хэцүү байх байсан, учир нь Сүнс хүнтэй нүүр тулан уулзаж чадахгүй. Үүнийг л харгалзан үзэхэд, үр дүн нь тэр даруй харагдахгүй, тэр ч бүү хэл Бурханы халдашгүй зан чанарыг хүн илүү тодорхой харж чадахгүй байх байлаа. Махбод дахь Бурхан хүн төрөлхтний завхралыг шүүсэн цагт л Сатаныг бүрэн ялж болно. Махбод дахь Бурхан бас хэвийн хүн чанартай хүн бөгөөд Тэрээр хүний зөв шударга бус байдлыг шууд шүүж чадна; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал болон Түүний өвөрмөц байдлын тэмдэг юм. Бурхан л хүнийг шүүх нөхцөлийг хангасан, хүнийг шүүх чадвартай, учир нь Тэр үнэн болон зөвт байдлыг эзэмшдэг тул хүнийг шүүх чадвартай. Үнэн болон зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тэнцэхгүй. Хэрвээ энэ ажлыг Бурханы Сүнс хийсэн бол Сатаныг ялах ялалт биш байх байлаа. Сүнс төрөлхөөсөө мөнх бус хүмүүсээс илүү өндөр дээд бөгөөд Бурханы Сүнс бол төрөлхийн ариун, махан биеэс илүү ялгуусан. Хэрвээ Сүнс энэ ажлыг шууд хийсэн бол хүний бүх тэрслүү байдлыг шүүж, хүний бүх зөв шударга бус байдлыг илчилж чадахгүй байх байсан юм. Учир нь шүүлтийн ажлыг бас Бурханы талаарх хүний үзлээр дамжуулан хийдэг ба хүнд хэзээ ч Сүнсний талаарх үзэл байгаагүй, иймээс Сүнс хүний зөв шударга бус байдлыг сайн илчилж чадахгүй, ийм зөв шударга бус байдлыг бүрмөсөн ил болгож бүр ч чадахгүй. Бие махбодтой болсон Бурхан бол Өөрийг нь мэддэггүй бүх хүний дайсан юм. Хүний үзэл болон Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг шүүснээр Тэр хүн төрөлхтний бүх тэрслүү байдлыг ил болгодог. Махбод дахь Түүний ажлын үр дүн нь Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтнийг шүүх шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм. Махбод дахь Бурханыг хүн харж, хүрч болох ба махбод дахь Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж чадна. Хүн Түүнийг эсэргүүцэхээс Түүнийг дуулгавартай дагах руу, Бурханыг хяхан хавчихаас Бурханыг хүлээн авах руу, Бурханы талаарх үзлээс Бурханыг мэдэх рүү, Бурханыг голохоос Бурханыг хайрлах руу өөрчлөгддөг—эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр дүн юм. Түүний шүүлтийг хүлээн зөвшөөрснөөр л хүн аврагдаж, амнаас нь гарсан үгээр дамжуулан Түүнийг аажмаар мэдэж авч, Түүнийг эсэргүүцэх явцдаа Түүгээр байлдан дагуулагдаж, гэсгээлтийг нь хүлээн зөвшөөрснөөр амийн хангалтыг Түүнээс хүртдэг. Энэ бүх ажил нь махбод дахь Бурханы ажил бөгөөд Сүнсний ялгамж чанараар Бурханы хийсэн ажил биш.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

212. Бурхан хараахан махбод болоогүй байх үед Түүний үг бүрэн бурханлаг чанараас гардаг байсан учраас хүмүүс хэлсэн зүйлийнх нь ихэнхийг ойлгодоггүй байлаа. Түүний хэлсэн зүйлийн өнцөг болон нөхцөл байдал нь хүмүүст харагдашгүй, хүршгүй байсан; үүнийг хүмүүсийн харж чаддаггүй сүнсний ертөнцөөс илэрхийлдэг байсан. Махан биед амьдардаг хүмүүсийн хувьд тэд сүнсний ертөнцөд нэвтэрч чадахгүй байсан юм. Гэхдээ Бурхан махбод болсныхоо дараа хүн чанарын өнцгөөс хүн төрөлхтөнтэй ярьсан бөгөөд сүнсний ертөнцөөс гарч, цар хүрээг нь давсан. Бурханыг ойлгож, мэдэх, Түүний хүсэл болон хүмүүсийн чадварын цар хэмжээнд тааруулан Бурханы шаардсан стандартыг чадах хэрээрээ ойлгож ухаарах боломжийг хүн төрөлхтөнд олгохын тулд Тэр хүмүүсийн төсөөлж чадах зүйлсээр болон амьдралдаа харсан, тулгарсан зүйлсээр нь дамжуулан, хүмүүсийн хүлээн авч чадах аргыг ашиглан, ойлгож чадах хэлээр нь, олж авч чадах мэдлэгээр нь дамжуулан Өөрийн бурханлаг зан чанар, санаа зорилго, хандлагыг илэрхийлж чадсан юм. Энэ нь Бурханы хүн чанар дахь ажлын арга барил, зарчим байлаа. Хэдийгээр махбодод ажиллах Бурханы арга зам болон зарчмууд нь ихэвчлэн хүн чанарын арга барилаар, эсвэл хүн чанарар дамжин биелж байсан боловч энэ нь шууд бурханлаг чанараар ажиллаад хүрч чадахааргүй үр дүнд үнэхээр хүрч чадсан юм. Хүн чанар дахь Бурханы ажил илүү тодорхой, жинхэнэ, зорилттой, арга барил нь хавьгүй уян хатан байсан бөгөөд хэлбэрээрээ Хуулийн эрин үед хийгдсэн ажлыг давж гарсан.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

213. Бурхан махбодод ирдэг нь үндсэндээ хүмүүст Бурханы жинхэнэ үйл хэргийг харуулах, хэлбэр дүрсгүй Сүнсийг махбодод биежүүлэх, Түүнийг харах, Түүнд хүрэх боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Энэ маягаар, Түүгээр бүрэн төгс болгуулсан хүмүүс Түүнийг амьдран харуулж, Түүгээр авхуулж, Түүний зүрх сэтгэлийн дагуу болно. Хэрвээ Бурхан зөвхөн тэнгэрт яриад, газар дээр бодитоор ирээгүй бол хүмүүс Бурханыг одоо ч мэдэж чадахгүй байх байв; тэд хоосон онол ашиглан Бурханы үйл хэргийг номлож л чадахаас биш, Бурханы үгийг бодит байдал болгон авч чадахгүй байх байлаа. Бурхан үндсэндээ, олж авсан хүмүүстээ үлгэр жишээ, загвар болохын тулд л газар дээр ирсэн; ийм маягаар л хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Бурханд хүрч, Түүнийг харж чадах ба тэр үед л Бурхан тэднийг үнэхээр олж авч чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодитой Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой

214. Бурхан Өөрийгөө тодорхой түвшинд хүртэл даруу болгосноор буюу махбод болсноор л хүн Түүний дотнын, итгэлт нэгэн болж чадна. Бурхан бол Сүнс: Туйлын өргөмжит, ойлгохын аргагүй энэхүү Сүнсний дотнын хүн байхад хүн яаж тэнцэх юм бэ? Бурханы Сүнс махбодод буун ирж, хүнтэй адил гадаад төрхтэй бүтээгдсэн зүйл болсноор л хүн Түүний санаа зорилгыг ойлгож, Түүгээр бодитоор авхуулж чадна. Тэр махбодоор үг хэлж, ажиллаж, хүний баяр баясгалан, уйтгар гуниг, гай зовлонг хуваалцаж, хүнтэй нэг дэлхийд амьдарч, хүнийг хамгаалж, залж чиглүүлдэг ба үүгээрээ дамжуулан хүнийг цэвэрлэж, Түүний аврал болон ерөөлийг олж авах боломжийг хүнд олгодог. Хүмүүс эдгээр зүйлийг олж авч, Бурханы санаа зорилгыг үнэхээр ойлгох үедээ л Бурханы дотнын нэгэн болж чадна, энэ л бодитой. Хэрвээ Бурхан хүнд үзэгддэггүй, баригддаггүй байсан бол хүн яаж Түүний дотнын нэгэн байж чадах юм бэ? Энэ чинь хоосон сургаал бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна

215. Махан биед амьдардаг бүх хүний хувьд зан чанараа өөрчлөхөд эрэлхийлэх зорилго шаардлагатай байдаг бөгөөд Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай байдаг. Хоёуланд нь Бурханы махбод болсон бие л хүрч чадах ба хоёуланг нь хэвийн, бодитой махбодоор л биелүүлж чадна. Ийм учраас бие махбодтой болох шаардлагатай бөгөөд энэ нь завхарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын бурхдын дүр төрхийг зүрх сэтгэлээс нь зайлуулах ёстой, хүмүүс завхарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас тэд эхлээд завхарсан зан чанараа мэдэх ёстой. Хэрвээ хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй бурхдын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зорьсон үр дүндээ хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэл дэх тодорхойгүй бурхдын дүр төрхийг дан ганц үгээр ил болгож, хаяж, бүрэн зайлуулж чадахгүй. Хэрвээ ингэвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй хэвээр байх болно. Эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлсийг бодитой Бурхан болон Бурханы жинхэнэ дүрээр орлуулж, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдүүлснээр л зохих үр дүнд хүрч чадна. Өнгөрсөн хугацаанд эрж хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг хүн танин мэддэг. Энэ үр дүнд, Сүнсний шууд удирдлага биш, хэн нэгэн хүний сургаал бүр ч биш, харин бие махбодтой болсон Бурхан л хүрч чадна. Бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын бурхны эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурханыг албан ёсоор Өөрийн ажлыг хийх үед хүний үзэл бүгд ил болдог. Бие махбодтой болсон Бурхантай сөргүүлэн тавьснаар л хүний анхдагч үзлийг илчлэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл, бодит байдлыг товойлгогч болгон тавихгүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үг ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй. Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш, Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодит болон хэвийн байдлыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийнхөө дүр болон оршихуйг бүрэн харуулах л юм бол хүн Бурханыг илүү бодитоор мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд махан биетэй ямар ч хүн хүрч чадахгүй. Мэдээж Бурханы Сүнс ч бас энэ үр дүнд хүрэх чадваргүй. Бурхан завхарсан хүнийг Сатаны нөлөөнөөс аварч чадна, гэхдээ энэ ажлыг Бурханы Сүнс шууд биелүүлж чадахгүй; харин үүнийг Бурханы Сүнсний өмсдөг махбод буюу Бурханы махбод болсон бие л хийж чадна. Энэ махбод нь хүн бас Бурхан, хэвийн хүн чанартай хүн, бас бүрэн бурханлаг чанартай Бурхан юм. Иймээс, энэ махбод хэдийгээр Бурханы Сүнс биш бөгөөд Сүнснээс асар их ялгаатай ч тэр бол хүнийг авардаг бие махбодтой болсон Бурхан Өөрөө хэвээр буюу Сүнс, түүнчлэн махбод билээ. Түүнийг юу гэж нэрлэх нь хамаагүй, эцсийн эцэст Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг авардаг. Учир нь Бурханы Сүнсийг махбодоос салгашгүй бөгөөд махбодын ажил ч бас Бурханы Сүнсний ажил юм; зүгээр л энэ ажлыг Сүнсний ялгамж чанараар хийдэггүй, харин махбодын ялгамж чанараар хийдэг. Сүнсээр шууд хийх хэрэгтэй ажил нь бие махбодтой болохыг шаарддаггүй бөгөөд махбодоор хийх шаардлагатай ажлыг Сүнсээр шууд хийж болохгүй, үүнийг бие махбодтой болсон Бурхан л хийж чадна. Энэ нь энэхүү ажилд шаардлагатай, завхарсан хүн төрөлхтөнд шаардлагатай зүйл юм. Бурханы ажлын гурван үе шатанд зөвхөн нэг үе шатыг л Сүнс шууд хийсэн ба үлдсэн хоёр үе шатыг Сүнс биш, харин бие махбодтой болсон Бурхан хийсэн. Сүнсний хийсэн Хуулийн эрин үеийн ажил нь хүний завхарсан зан чанарыг өөрчлөхтэй хамаагүй, Бурханы талаарх хүний мэдлэгтэй ч хамаагүй байсан. Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе дэх Бурханы махбодын ажил нь харин хүний завхарсан зан чанар болон Бурханы талаарх түүний мэдлэгтэй хамаатай бөгөөд авралын ажлын чухал, шийдвэрлэх хэсэг юм. Тиймээс завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй, бие махбодтой болсон Бурханы шууд ажил илүү хэрэгтэй байдаг. Хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы хариулга, дэмжлэг, усалгаа, хангалт, шүүлт, гэсгээлт хэрэгтэй, бие махбодтой болсон Бурханы илүү их нигүүлсэл, илүү агуу золин аврал хэрэгтэй. Махбод дахь Бурхан л хүний дотнын нэгэн, хүний хоньчин, байнгын туслагч байж чадах бөгөөд энэ бүхэн нь өнөөдөр болон өнгөрсөн үед бие махбодтой болсны хэрэгцээ шаардлага билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

216. Бурхан хүмүүсийн дунд ажлаа хийж, Өөрийгөө хүнд биечлэн илчилж, Өөрийг нь харах боломжийг хүнд олгох гэж газар дээр ирсэн; энэ шалихгүй асуудал гэж үү? Энэ бол үнэхээр энгийн нэг хэрэг биш! Хүний төсөөлдөг шигээр, Бурхан хүнд харагдах гэж, мөн тодорхойгүй, хий хоосон биш, харин бодит гэдгээ, өндөр дээд атлаа даруу гэдгээ хүнд ойлгуулах гэж ирдэг юм биш. Ийм энгийн байж болно гэж үү? Сатан хүний махан биеийг ялзруулсан учраас, мөн Бурханы аврахаар зорьдог нэгэн нь хүн учраас л чухамдаа Бурхан Сатантай тулалдаж, хүнийг биечлэн хариулахын тулд махбодтой болох ёстой болсон. Энэ нь л Түүний ажилд ашиг тустай юм. Сатаныг ялж, хүнийг илүү сайн аврахын тулд Бурханы хоёр удаа махбод болсон бие оршин байдаг. Учир нь, Бурханы Сүнс байна уу, Бурханы махбод болсон бие байна уу хамаагүй Сатантай тулалддаг нэгэн нь Бурхан л байж чадна. Товчхондоо гэвэл, Сатантай тулалддаг нэгэн нь тэнгэрэлч байж болохгүй, Сатаны ялзруулсан хүн байж бүр ч болохгүй. Тэнгэрэлчүүд үүнийг хийх хүч чадалгүй бол хүн бүр ч хүчин мөхөс. Ийм болохоор, хэрвээ Бурхан хүний амийг боловсруулахыг хүсвэл, мөн хүнийг аврахаар газар дээр биечлэн ирэхийг хүсвэл Өөрийн биеэр махбод болох ёстой, өөрөөр хэлбэл, Тэрээр биечлэн махбодтой болж, төрөлхийн ялгамж чанар, хийх ёстой ажлынхаа хамтаар хүмүүсийн дунд ирж, хүнийг биечлэн аврах ёстой. Ингэлгүй, энэ ажлыг Бурханы Сүнс юм уу хүн хийсэн бол энэ тулаан ямар ч үр дүнд хүрэхгүй, хэзээ ч төгсөхгүй байсан билээ. Сатаны эсрэг дайнд Өөрийн биеэр явахын тулд Бурхан хүмүүсийн дунд махбод болсон үед л хүнд аврагдах боломж гарч ирнэ. Үүнээс гадна, тэр үед л Сатан шившиглэгдэж, завших ямар ч боломж бололцоогүй, хэрэгжүүлэх ямар ч арга мэхгүй үлдэх болно. Бие махбодтой болсон Бурханы хийдэг ажлыг Бурханы Сүнс биелүүлэх аргагүй, махан биетэй аливаа хүн Бурханы өмнөөс хийж бүр ч чаддаггүй, учир нь Түүний хийдэг ажил хүний амийн төлөө, хүний ялзарсан зан чанарыг өөрчлөхийн төлөө байдаг билээ. Хүн энэ тулаанд оролцсон бол зөвхөн хөөрхийлөлтэйгөөр сандран зугтаж, хүний ялзармал зан чанарыг ер өөрчлөх чадваргүй байх байсан юм. Тэр хүнийг загалмайнаас аварч, бүх тэрслүү хүн төрөлхтнийг байлдан дагуулж чадалгүй, харин зарчмаас хэтэрдэггүй жаахан хуучин ажил эсвэл Сатаныг ялахтай хамаагүй ажил л хийж чадах байсан. Тэгвэл хийж яах юм бэ? Сатаныг ялах нь байтугай хүн төрөлхтнийг ч олж авч чадахгүй ажил ямар ач холбогдолтой юм бэ? Иймээс Сатантай Бурхан Өөрөө л тулалдаж чадах ба хүн үүнийг хийх боломжгүй. Хүний үүрэг бол дуулгавартай дагах явдал, учир нь хүн тэнгэр, газрыг бүтээхтэй дүйцэхүйц ажлыг хийж чадахгүй, түүнчлэн Сатантай тулалдах ажлыг ч хийж чадахгүй. Хүн Бурханы Өөрийн удирдлага дор Бүтээгчийн сэтгэлийг хангалуун байлгаж л чадах ба үүний дүнд Сатан ялагддаг; энэ бол хүний хийж чадах цорын ганц зүйл юм. Иймээс шинэ тулаан эхлэх бүрд буюу шинэ эрин үеийн ажил эхлэх бүрд энэ ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийж, үүгээр дамжуулан бүхий л эрин үеийг удирдаж, бүх хүн төрөлхтөнд илүү шинэ замыг нээдэг. Шинэ эрин үе бүрийн үүрийн гэгээ нь Сатантай хийх тулааны шинэ эхлэл юм, үүгээр дамжуулан хүн илүү шинэ, илүү үзэсгэлэнтэй ертөнцөд, Бурхан Өөрөө удирддаг шинэ эрин үед ордог.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь

217. Бие махбодтой болохын утга учир Есүсийн ажлын үе шатанд бүрэн биелээгүй гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь Үг бүхэлдээ махбод болоогүй юм. Есүсийн хийсэн зүйл нь махбод дахь Бурханы ажлын ердөө нэг хэсэг байсан; Тэр зөвхөн золин авралын ажлыг л хийсэн ба хүнийг бүрмөсөн олж авах ажлыг хийгээгүй. Энэ шалтгааны улмаас Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэгэнтээ махбод болсон. Ажлын энэ үе шатыг ч бас эгэл жирийн махбодоор хийдэг; хүн чанар нь өчүүхэн төдий ч ер бусын биш, туйлын хэвийн хүн үүнийг хийдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан бүрэн төгс хүн болсон; Тэр бол уг ажлыг хэрэгжүүлж буй Бурханы ялгамж чанартай хүн, бүрэн төгс хүн, бүрэн төгс махбод юм. Хүний нүдээр Тэр бол огтхон ч ер бусын биш махан бие бөгөөд хурлын том танхимд шашны талаарх дотоод үнэнийг илчлэх нь бүү хэл, ямар ч гайхамшигтай тэмдэг үзүүлдэггүй, ямар ч ид шид үзүүлдэггүй, тэнгэрийн хэлээр ярьж чаддаг тун эгэл жирийн хүн билээ. Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил нь хүмүүст эхний махбодын ажилтай тун адилгүй санагддаг, иймээс энэ хоёрт нийтлэг зүйл огт байхгүй мэт санагддаг бөгөөд эхнийхийн ажлын юуг ч энэ удаа харж чадахгүй. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил эхний удаагийнхаас ялгаатай ч Тэдний эх сурвалж ав адилхан биш гэдгийг энэ нь нотолдоггүй. Тэдний эх сурвалж адил эсэх нь Тэдний гадаад бүрхүүлээс биш, харин махбодоор хийгддэг ажлын шинж чанараас хамаардаг. Өөрийнхөө ажлын гурван үе шатны явцад Бурхан хоёр удаа бие махбодтой болсон ба хоёуланд нь бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эрин үеийг нээж, шинэ ажлыг эхлүүлдэг; ингэж бие махбодтой болсон нь нэг нэгнээ харилцан нөхдөг. Энэ хоёр махбод үнэндээ нэг эх сурвалжаас ирсэн гэдгийг хүний нүдээр танин мэдэх боломжгүй юм. Энэ нь хүний нүдний юм уу хүний оюун ухааны чадвараас хэтийдсэн зүйл гэдгийг хэлэх нь илүүц билээ. Гэхдээ мөн чанартаа бол Тэд адилхан, учир нь Тэдний ажил нэгэн Сүнснээс үүсдэг. Бурханы махбод болсон хоёр бие адилхан эх сурвалжаас гарч ирсэн эсэхийг Тэдний төрсөн эрин үе, төрсөн газраар юм уу, эсвэл тиймэрхүү бусад хүчин зүйлээр дүгнэж болохгүй, харин Тэдний илэрхийлсэн бурханлаг ажлаар л дүгнэж болно. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь Есүсийн хийсэн ажлын алийг ч хийдэггүй, учир нь Бурханы ажил тогтсон заншлыг мөрддөггүй, харин тухай бүрдээ шинэ зам нээдэг. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь хүмүүсийн оюун санаан дахь эхний махбодын талаарх сэтгэгдлийг гүнзгийрүүлж, бэхжүүлэх гэж зорьдоггүй, харин үүний дутууг нөхөж, төгс болгож, Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлд оршдог бүх дүрмийг эвдэж, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы эндүү ташаа төрхийг арилгахаар зорьдог. Бурханы ажлын аль ч тусгаар үе шат нь хүнд Бурханы талаарх бүрэн гүйцэд мэдлэгийг өгч чадахгүй; үе шат бүр нь бүхэл биш, зөвхөн нэг хэсэг мэдлэгийг л өгдөг гэж хэлж болно. Хэдийгээр Бурхан Өөрийн зан чанарыг бүрэн илэрхийлсэн ч хүний ухамсарлах чадвар хязгаарлагдмал учраас Бурханы талаарх мэдлэг нь хагас хугас хэвээр үлддэг. Хүний хэлийг ашиглаад Бурханы зан чанарыг бүхэлд нь илэрхийлэх боломжгүй; түүнчлэн, Түүний ажлын ганц үе шат Бурханыг бүрэн илэрхийлж яахан чадах билээ? Тэр Өөрийн хэвийн хүн чанарын халхавч дор махбодоор ажилладаг ба хүн Түүнийг бие махбодын бүрхүүлээр нь биш, харин бурханлаг чанарын илэрхийллээр нь л мэдэж болно. Олон янзын ажлаар нь дамжуулан Өөрийг нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Бурхан махбодод ирсэн бөгөөд Түүний ажлын ямар ч хоёр үе шат адилхан биш юм. Зөвхөн ийм маягаар л хүн махбод дахь Бурханы ажлын талаар ганц талд хязгаарлагдаагүй, бүрэн дүүрэн мэдлэгтэй болж чадна. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр биеийн ажил ялгаатай байдаг ч махбодын мөн чанар ба Тэдний ажлын эх сурвалж нь ижил; Тэд ердөө л ажлын хоёр өөр үе шатыг хэрэгжүүлэхийн тулд оршдог, мөн хоёр өөр эрин үед гарч ирдэг. Ямартай ч Бурханы махбод болсон биес нь нэгэн адил мөн чанар болон нэгэн адил гарал үүсэлтэй байдаг—энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй үнэн билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар

218. Бурхан эхний удаа бие махбодтой болохдоо Өөрийн бие махбодтой болсон ажлыг гүйцэлдүүлээгүй; Тэрээр бие махбодтой Бурханы хийх ёстой ажлын эхний үе шатыг л гүйцээсэн. Иймээс бие махбодтой болох ажлыг дуусгахын тулд Бурхан дахин нэг удаа бие махбодод эргэн ирээд махан биеийн бүх л хэвийн, бодит байдлыг амьдран харуулж, өөрөөр хэлбэл, Бурханы Үгийг хамгийн хэвийн, эгэл жирийн махбодоор харуулж, улмаар махбодоор хараахан хийж гүйцэлдүүлээгүй ажлаа гүйцээж байгаа. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь эхнийхтэй адилхан мөн чанартай боловч эхнийхээсээ бүр илүү бодит, бүр илүү хэвийн юм. Үүний үр дүнд, Бурханы махбод болсон хоёр дахь биеийн туулдаг зовлон эхнийхээс илүү их байх боловч энэхүү зовлон нь махбод дахь Түүний үйлчлэлийн үр дүн бөгөөд завхарсан хүний зовлонгоос ялгаатай байдаг. Энэ нь бас Түүний махбодын хэвийн, бодит байдлаас урган гардаг. Тэр Өөрийн үйлчлэлийг туйлын хэвийн, бодит махбодоор хэрэгжүүлдэг учраас махбод нь асар их зовлон зүдүүрийг туулах ёстой. Энэхүү махбод хэвийн, бодит байх тусам Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхдээ төдий чинээ их зовно. Бурханы ажил огтхон ч ер бусын биш, маш эгэл жирийн махбодоор илэрхийлэгддэг. Түүний махбод хэвийн бөгөөд хүнийг аврах ажлыг ч бас үүрэх ёстой учраас Тэрээр ер бусын махан биеэс ч илүү их зовдог—энэ бүх зовлон нь Түүний махбодын бодит, хэвийн байдлаас үүсэн гардаг. Бурханы махбод болсон хоёр биеийн үйлчлэлээ гүйцэтгэх явцдаа туулсан зовлонгоос бие махбодтой болохын мөн чанарыг харж болно. Махбод нь хэвийн байх тусам ажлаа хийх явцдаа Тэр төдий чинээ их зовлон бэрхшээл туулах ёстой байдаг; ажлыг хийж буй махбод бодит байх тусам хүмүүсийн үзэл төдий чинээ хатуу болдог, мөн төдий чинээ их аюул Түүнд тохиолдох магадлалтай байдаг. Түүнчлэн махбод нь бодит байх тусам, мөн махбод нь хэвийн хүний бүрэн эрүүл ухаан болон хэрэгцээтэй байх тусам Тэр Бурханы ажлыг махбодоор хийх төдий чинээ чадвартай байдаг. Есүс махан биеэрээ загалмай дээр цовдлогдож, Өөрийн махан биеэр нүглийн тахил болсон, өөрөөр хэлбэл, Тэрээр хэвийн хүн чанартай махбодоор дамжуулан Сатаныг ялж, хүнийг загалмайнаас бүрэн аварсан юм. Хоёр дахь удаагаа бие махбодтой болсон бүрэн төгс махбод нь байлдан дагуулалтын ажлыг хийж, Сатаныг ялах юм. Бүрэн хэвийн, бодит махбод л байлдан дагуулалтын ажлыг бүрэн гүйцэд хэрэгжүүлж, хүчтэй гэрчлэл хийж чадна. Өөрөөр хэлбэл, хүнийг байлдан дагуулах нь ер бусын ид шид, илчлэлээр бус, махбод дахь Бурханы бодит, хэвийн байдлаар дамжин үр дүнд хүрдэг. Бие махбодтой болсон энэ Бурханы гүйцэтгэж үйлчлэл нь үг хэлэх явдал бөгөөд Тэрээр үг хэлснээрээ хүнийг байлдан дагуулж, төгс болгодог; өөрөөр хэлбэл, махбодод биеллээ олсон Сүнсний ажил нь үг хэлэх, махбодын ажил нь үг хэлэх, улмаар хүмүүсийг бүрэн байлдан дагуулж, илчилж, төгс болгож, таягдан хаях зорилгодоо хүрэх явдал билээ. Иймээс байлдан дагуулалтын ажлаар дамжуулан махбод дахь Бурханы ажил бүрэн гүйцэлдэнэ. Эхний удаад хийгдсэн хүний нүглийг цайруулах ажил нь бие махбодтой болсон Бурханы ажлын ердөө л эхлэл байсан; байлдан дагуулалтын ажлыг хийдэг махбод л бие махбодтой болохын бүх ажлыг гүйцээдэг. Хүйсийн хувьд нэг нь эрэгтэй, нөгөө нь эмэгтэй бөгөөд үүгээр Бурхан бие махбодтой болохын утга учрыг биелүүлж, Бурханы талаарх хүний үзлийг арилгадаг: Бурхан эрэгтэй, эмэгтэй аль нь ч болж чадах ба мөн чанартаа бол бие махбодтой болсон Бурхан хүйсгүй юм. Тэрээр эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн бөгөөд Түүний хувьд хүйсийн ялгаа байхгүй. Ажлын энэ үе шатанд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй, иймээс энэхүү ажил нь үгийн тусламжтайгаар үр дүндээ хүрнэ. Түүнчлэн, үүний шалтгаан нь энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажил бол өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах явдал биш, харин үгээ хэлж, хүнийг байлдан дагуулах явдал юм, өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон энэхүү биеийн эзэмшсэн төрөлх чадвар нь өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин үг хэлэх, хүнийг байлдан дагуулах билээ. Хэвийн хүн чанараар хийдэг Түүний ажил ид шидийг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин үг хэлэх явдал тул Бурханы махбод болсон хоёр дахь бие нь хүмүүст эхнийхээсээ хавьгүй илүү хэвийн мэт санагддаг. Бурхан бие махбодтой болох нь худал биш гэдгийг хүмүүс хардаг; гэвч бие махбодтой болсон энэхүү Бурхан нь бие махбодтой болсон Есүсээс өөр бөгөөд хоёулаа бие махбодтой болсон Бурхан мөн хэдий ч Тэд ав адилхан биш. Есүс хэвийн хүн чанартай, жирийн хүн чанартай байсан боловч Түүнийг олон тэмдэг, гайхамшиг дагалдаж байсан. Энэ удаа бие махбодтой болсон Бурханаас хүн ямар ч тэмдэг, гайхамшиг харахгүй, өвчтэйг эдгээж байгааг ч, чөтгөрийг зайлуулж байгааг ч, тэнгис дээгүүр алхахыг ч, эсвэл дөчин өдрийн турш мацаг барихыг ч харахгүй… Тэр Есүсийн хийсэнтэй адилхан ажлыг хийдэггүй бөгөөд энэ нь Түүний махбод мөн чанараараа Есүсийнхээс өөр учраас биш, харин өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Түүний үйлчлэл биш учраас тэр юм. Тэр Өөрийн ажлыг сүйтгэдэггүй, Өөрийн ажлыг үймүүлдэггүй. Нэгэнт Тэр Өөрийн бодит үгээр хүнийг байлдан дагуулдаг тул хүнийг ид шидээр эрхшээлдээ оруулах гэсний хэрэггүй, иймээс энэ үе шат нь бие махбодтой болох ажлыг төгсгөхийн төлөө байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар

219. Бурханы хийсэн ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой. Тухайн үед Есүс ирэхдээ эрэгтэй хэлбэрээр ирсэн бол Бурхан энэ удаад эмэгтэй хэлбэрээр ирсэн. Үүнээс чи, Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн нь Өөрийнх нь ажилд хэрэгтэй бөгөөд Түүнд хүйсийн ялгаа байдаггүй гэдгийг харж болно. Түүний Сүнс ирэхдээ Өөрийн хүссэн ямар ч махбодыг сонгон авч болох бөгөөд тэрхүү махбод Түүнийг төлөөлж чадна; эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, Түүний махбод болсон бие мөн л бол Бурханыг төлөөлж чадна. Хэрвээ Есүс ирэхдээ эмэгтэй хүн болж гарч ирсэн бол, өөрөөр хэлбэл, Ариун Сүнснээс хүү биш, харин охин олдсон бол ажлын тэрхүү үе шат мөн л адилхан гүйцэлдэх байв. Хэрвээ тийм байсан бол ажлын одоогийн үе шатыг эрэгтэй хүн гүйцэлдүүлэх байсан, тэгсэн ч ажил мөн л адилхан хийгдэж дуусах байв. Үе шат бүрд хийгдсэн ажил өөрийн гэсэн ач холбогдолтой; ажлын аль ч үе шат давтагддаггүй, нөгөөтэйгөө ч зөрчилддөггүй. Тухайн үед, Есүс Өөрийн ажлыг хийж байхдаа цорын ганц Хүү гэж нэрлэгдэж байсан бөгөөд “Хүү” гэдэг нь эрэгтэй хүйс гэсэн утгыг агуулдаг. Тэгвэл одоогийн энэ үе шатанд яагаад цорын ганц Хүү гэж дурддаггүй вэ? Яагаад гэвэл, ажил нь Есүсийнхээс өөр хүйстэй байхыг шаардсан юм. Бурханы хувьд хүйсийн ялгаа ер байхгүй. Тэр Өөрийнхөө ажлыг хүссэнээрээ хийдэг ба ажлаа хийхдээ ямар ч хязгаарлалтад баригддаггүй, харин маш чөлөөтэй байдаг. Гэхдээ ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг

220. Есүсийн гүйцэтгэсэн ажлын үе шат “Үг Бурхантай хамт байсан” гэдгийн мөн чанарыг л биелүүлсэн: Бурханы үнэн Бурхантай хамт байж, Бурханы Сүнс махбодтой хамт байсан ба тэрхүү махбодоос салшгүй байв. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы бие Бурханы Сүнстэй хамт байсан нь бие махбодтой болсон Есүс бол эхний удаа бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийн бүр ч том нотолгоо юм. Ажлын энэ үе шат нь “Үг махбод болсон” гэдгийн дотоод утга учрыг яг таг биелүүлж, “Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан” гэдгийг илүү гүн утга учиртай болгосон бөгөөд “Анх Үг байсан” хэмээх үгэнд бат итгэх боломжийг чамд олгодог. Өөрөөр хэлбэл, бүтээлийн цаг үед Бурханд үг байсан, Түүний үг Түүнтэй хамт, Түүнээс салшгүй байсан ба эцсийн эрин үед Тэрээр Өөрийн үгийн хүч чадал, эрх мэдлийг бүр илүү тодорхой болгон, хүнд Өөрийн бүх арга замыг харуулж—бүх үгээ сонсгодог. Энэ нь эцсийн эрин үеийн ажил юм. Чи эдгээр зүйлийг нэгд нэггүй ойлгож авах ёстой. Энэ нь бие махбодыг мэдэх асуудал биш, харин махбод болон Үгийг ойлгох тухай юм. Энэ нь чиний хийх ёстой гэрчлэл, хүн бүрийн мэдэх ёстой зүйл билээ. Энэ бол хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ажил—Бурхан махбод болдог сүүлчийн удаа учраас бие махбод болохын ач холбогдлыг бүрэн дүүрэн гүйцэлдүүлж, махбод дахь Бурханы ажлыг бүгдийг нь гүйцэд хэрэгжүүлэн, гаргаж, махбод дахь Бурханы оршихуйн эринийг төгсгөл болгодог.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 4

221. “Үг махбод болох” баримтыг голчлон гүйцэлдүүлэхийн тулд Бурхан газар дээр ирсэн, өөрөөр хэлбэл, Өөрийнхөө үгийг махбодоос гаргахын тулд (Бурханы дуу хоолой шууд тэнгэрээс гардаг байсан Хуучин Гэрээний Мосегийн цаг үе шиг биш) Тэр ирсэн. Үүний дараа Мянган жилийн хаанчлалын эрин үед Түүний бүх үг биелж, хүмүүсийн нүдний өмнө харагдахуйц бодит баримт болох ба хүмүүс тэдгээрийг өөрсдийн нүдээр яг тэр хэвээр нь харна. Энэ бол Бурхан бие махбодтой болохын эрхэм дээд ач холбогдол юм. Өөрөөр хэлбэл, Сүнсний ажил махбодоор, үгээр гүйцэлддэг. Энэ бол “Үг махбод болох”, “Үг махбодоор илрэх” гэдгийн жинхэнэ утга учир юм. Бурхан л Сүнсний санаа зорилгыг ярьж чадах ба махбод дахь Бурхан л Сүнсний өмнөөс ярьж чадна; Бурханы үг бие махбодтой болсон Бурханаар илэрхийлэгдэж, бусад нь үүгээр замчлуулна. Хэн ч үүнээс ангид биш, тэд бүгдээрээ энэ цар хүрээн дотор оршдог. Зөвхөн эдгээр айлдвараас л хүмүүс мэддэг болж чадна; ийм маягаар олж аваагүй хүмүүс өөрсдийгөө тэнгэрийн айлдварыг олж авч чадна гэж бодож байгаа бол сэрүүн зүүдэлж байна. Бүх хүнийг үүнд бүрэн итгүүлэх нь Бурханы махбод болсон биеэс харагддаг эрх мэдэл юм. Хамгийн хүндэт мэргэжилтнүүд болон шашны пасторууд хүртэл эдгээр үгийг хэлж чадахгүй. Тэд бүгд эдгээр үгийн дор бууж өгөх ёстой ба хэн ч өөрийг эхлүүлж чадахгүй. Бурхан орчлон ертөнцийг байлдан дагуулахын тулд үг ашиглана. Тэр үүнийг Өөрийн махбод болсон биеэр хийхгүй, харин махбод болсон Бурханы амнаас гарах айлдваруудыг ашиглан бүхий л орчлон ертөнц дэх бүх хүнийг байлдан дагуулна; энэ л Үг махбод болох явдал, мөн энэ л Үг махбодоор илрэх явдал юм. Бурхан төдийлөн их ажил хийгээгүй мэт хүмүүст санагдаж магадгүй—гэхдээ Бурханыг үгээ айлдмагц хүмүүс бүрмөсөн үнэмшиж, мэл гайхна. Бодит баримт байхгүй бол хүмүүс орилж хашхирдаг; Бурханы үг байвал тэд чимээгүй болдог. Бурхан энэ баримтыг гарцаагүй гүйцэлдүүлнэ, учир нь энэ бол Бурханы аль хэдийн тогтоосон төлөвлөгөө буюу Үг газар дээр ирсэн баримтыг гүйцэлдүүлэх явдал юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Мянган жилийн хаанчлал ирчихсэн

222. Махбод болсон Бурхан ажлаа биечлэн хийж байх энэ хугацаандаа бүх бүтээлд бус, Өөрийг нь дагадаг зарим хүнд л Өөрийгөө харуулдаг. Тэрээр хүнд Өөрийн дүрийг харуулахын төлөө бус, ажлынхаа нэг үе шатыг гүйцэлдүүлэхийн тулд л махбод болсон юм. Гэхдээ, ажлаа Өөрөө хийх ёстой учраас Түүний хувьд махбодоор үүнийг хийх шаардлагатай. Энэ ажил дуусахад Тэр хүний ертөнцийг орхино; хожмын ажилд саад болох вий гэсэндээ Тэр хүн төрөлхтний дунд удаан хугацаагаар үлдэж чадахгүй. Олон нийтэд Түүний харуулдаг зүйл нь зөвхөн Түүний зөвт зан чанар болон Түүний бүх үйл хэрэг болохоос хоёр удаа махбод болох үеийнх нь дүр биш юм, учир нь Бурханы дүрийг зан чанараар нь л дамжуулан харж болохоос биш, Түүний махбод болсон биеийн дүрээр орлуулж болохгүй. Түүний махбодын дүр нь, махбодод ажиллаж байхад нь Түүнийг дагадаг хүмүүст буюу хязгаарлагдмал тооны хүмүүст л харагддаг. Ийм учраас одоо гүйцэтгэж байгаа ажлыг нууцаар хийдэг. Энэ нь, Есүс ажлаа хийх үедээ Өөрийгөө зөвхөн иудейчүүдэд л харуулаад, бусад улс үндэстэнд Өөрийгөө хэзээ ч ил харуулаагүйтэй адил юм. Тиймээс Өөрийн ажлыг дуусгамагцаа Тэрээр үлдэлгүй, хүний ертөнцөөс даруй явсан; дараа нь, Түүний энэ дүр Өөрийгөө хүнд харуулсан юм биш, харин Ариун Сүнс ажлыг шууд гүйцэтгэсэн юм. Махбод болсон Бурханы ажил бүрэн дуусмагц Тэрээр зуурдын ертөнцийг орхин одох бөгөөд махбодод байхдаа хийсэнтэйгээ адилхан ажлыг дахин хэзээ ч хийхгүй. Үүний дараа ажлыг бүгдийг нь Ариун Сүнс шууд хийдэг. Энэ хугацаанд хүн Түүний махбодын дүрийг бараг харж чаддаггүй; Тэр Өөрийгөө хүнд огтхон ч харуулдаггүй, харин үүрд нуугдмал үлддэг. Махбод болсон Бурханы ажлын цаг хугацаа хязгаарлагдмал. Үүнийг тодорхой эрин үе, цаг хугацаа, улс үндэстэн, тодорхой хүмүүсийн дунд хийдэг. Энэ ажил нь Бурханы бие махбодтой байх үеийн ажлыг л төлөөлдөг; энэ нь эрин үеийг төлөөлж, Бурханы Сүнсний тодорхой нэг эрин үед хийсэн ажлыг төлөөлдөг ба Түүний ажлыг бүхэлд нь төлөөлдөггүй. Тиймээс махбод болсон Бурханы дүр бүх хүнд харагдахгүй. Олон түмэнд харагддаг зүйл нь Бурханы зөвт байдал, зан чанар бүхэлдээ болохоос биш, хоёр удаа махбод болох үеийн Бурханы дүр биш юм. Ганц дүр нь ч хүнд харагддаггүй, хоёр дүр нь хамтдаа ч харагддаггүй. Тиймээс Бурханы махбод болсон бие хийх учиртай ажлаа дуусгамагцаа газар дэлхийг орхин явах шаардлагатай, учир нь Тэрээр Өөрийн хийх учиртай ажлыг л хийхээр ирдгээс биш Өөрийн дүрийг хүмүүст харуулах гэж ирдэггүй. Бурхан хоёр удаа махбод болсноор бие махбодтой болохын ач холбогдлыг аль хэдийн гүйцээсэн боловч Өөрийг нь өмнө нь хэзээ ч хараагүй улс үндэстэнд Өөрийгөө ил тод харуулахгүй. Есүс зөвт байдлын Нар болж Өөрийгөө иудейчүүдэд дахин хэзээ ч харуулахгүй, мөн Чидун уулан дээр зогсож, бүх хүнд ч үзэгдэхгүй; иудейчүүд Иудейд байх үеийн Есүсийн хөрөг зургийг л харсан. Учир нь, бие махбодтой болсон Есүсийн ажил хоёр мянган жилийн өмнө дууссан; Тэр дахин хэзээ ч иудей хүний дүрээр Иудейд эргэн ирэхгүй, тэр ч бүү хэл Иудейд байх үеийн дүрээрээ Харь үндэстнүүдийн алинд ч Өөрийгөө харуулахгүй, учир нь махбод болсон Есүсийн дүр ердөө л иудей хүний дүр бөгөөд Иоханы харсан хүний Хүүгийн дүр биш билээ. Есүс дахин ирнэ гэж дагалдагчдадаа амласан хэдий ч Харь үндэстнүүд дэх бүх хүнд иудей хүний дүрээр ердөө харагдахгүй. Махбод болсон Бурханы ажил бол шинэ эрин үеийг нээх явдал гэдгийг та нар мэдэх учиртай. Энэхүү ажил хэдхэн жилээр хязгаарлагддаг ба Тэрээр Бурханы Сүнсний бүх ажлыг гүйцэлдүүлж чадахгүй, яг л иудей хүн болох Есүсийн дүр нь Иудейд ажиллаж байх үеийн Бурханы дүрийг л төлөөлж, цовдлолын ажил л хийж чадсантай адилхан. Есүс махбодод байх хугацаандаа эрин үеийг төгсгөх, эсвэл хүн төрөлхтнийг устгах ажлыг хийж чадаагүй. Тиймээс цовдлогдож, ажлаа дуусгасныхаа дараа Тэр хамгийн өндөрт гараад, хүнээс Өөрийгөө үүрд нуусан юм. Тэр цагаас эхлээд Харь үндэстнүүдийн үнэнч итгэгчид Эзэн Есүсийн илрэлийг харж чадалгүй, хананд наасан хөрөг зургийг нь л харах болсон. Энэ хөрөг зураг нь хүний зурсан зураг болохоос биш, Бурхан Өөрийгөө хүнд харуулах үеийн Бурханы дүр зураг биш юм. Бурхан хоёр удаа махбод болсон үеийн дүрээрээ олон түмэнд Өөрийгөө ил харуулахгүй. Хүн төрөлхтний дунд Бурханы хийдэг ажил нь Өөрийнхөө зан чанарыг ойлгуулахын төлөө байдаг. Өөр өөр эрин үеийн ажлаар дамжуулан энэ бүхнийг хүнд харуулдаг; Есүсийн илрэлээр дамжуулахын оронд Өөрийн мэдэгдсэн зан чанар болон хийсэн ажлаар дамжуулан үүнийг хийдэг. Өөрөөр хэлбэл, махбодын дүрээр дамжуулж биш, харин дүр төрх, хэлбэр галбир бүхий, бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэсэн ажлаар дамжуулан Бурханы дүр хүнд илчлэгддэг; ажлаар нь дамжуулан Түүний дүр харагдаж, зан чанар нь ил болдог. Энэ бол махбодоор хийхийг хүсдэг ажлынх нь ач холбогдол юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 2

223. Бурхан орчлон ертөнц даяар болон орчлон ертөнцийн дээр хамгийн агуу нь болохоор махбодын дүрийг ашиглаад Өөрийгөө бүрэн тайлбарлаж чадах уу? Бурхан ажлынхаа нэг үе шатыг хийхийн тулд энэ махбодыг өмсдөг. Махбодын энэ дүр төрхөд ямар ч онцгой утга учир байхгүй, энэ нь эрин үе өнгөрөхтэй ямар ч холбоогүй, мөн Бурханы зан чанартай ч хамаагүй. Яагаад Есүс Өөрийн дүр зургийг үлдээгээгүй вэ? Яагаад Тэр дараагийн үеийнхэнд дамжуулахын тулд хүнээр Өөрийнхөө дүрийг зуруулаагүй вэ? Түүний дүр төрх бол Бурханы дүр төрх гэдгийг Тэр яагаад хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлээгүй вэ? Хэдийгээр хүний дүр төрх Бурханы дүрээр бүтээгдсэн боловч хүний гадаад төрх нь Бурханы өргөмжит дүрийг төлөөлөх боломжтой гэж үү? Бурхан махбод болохдоо тодорхой нэг махбодод тэнгэрээс бууж ирсэн төдий юм. Түүний Сүнс махбодод бууж ирсэн ба махбодоор дамжуулан Тэр Сүнсний ажлыг хийдэг. Сүнс махбодоор илэрхийлэгдэж, Өөрийн ажлыг махбодоор хийдэг. Махбодоор хийгддэг ажил нь Сүнсийг бүрэн төлөөлдөг бөгөөд уг махбод ажлын төлөө байдаг боловч махбодын дүр төрх нь Бурханы Өөрийн жинхэнэ дүр төрхийг орлодог гэсэн үг биш; энэ нь Бурхан махбод болсны зорилго, ач холбогдол биш юм. Тэр махбод болсон болохоор л Сүнс Өөрийн ажилд тохирох оршин суух газрыг олж, махбод дахь ажлаа илүү сайн биелүүлж болох бөгөөд ингэснээр хүмүүс Түүний үйл хэргийг харж, Түүний зан чанарыг ойлгож, Түүний үгийг сонсож, Түүний ажлын гайхамшгийг мэдэж чадна. Түүний нэр зан чанарыг нь төлөөлдөг, Түүний ажил ялгамж чанарыг нь төлөөлдөг боловч махбодынх нь гадаад төрх Өөрийнх нь дүр төрхийг төлөөлдөг гэж Тэр хэзээ ч хэлээгүй; тэр нь ердөө л хүний үзэл юм. Иймээс бие махбодтой болсон Бурханы гол чухал талууд нь Түүний нэр, Түүний ажил, Түүний зан чанар болон Түүний хүйс билээ. Энэ эрин үе дэх Түүний удирдлагыг төлөөлөхөд эдгээр нь ашиглагддаг. Махбод дахь Түүний гадаад төрх нь Түүний удирдлагад ямар ч хамаагүй бөгөөд тухайн үеийн Түүний ажлын төлөө л байдаг. Гэсэн ч бие махбодтой болсон Бурханы хувьд ямар ч тодорхой гадаад төрхгүй байх боломжгүй тул Өөрийнх нь гадаад төрхийг шийдэх тохиромжтой гэр бүлийг Тэр сонгодог. Хэрвээ Бурханы гадаад төрх төлөөллийн ач холбогдолтой бол Түүнтэй төстэй царайтай бүх хүн ч бас Бурханыг төлөөлөх байсан. Тэгэх нь ноцтой алдаа байх бус уу? Хүнээр шүтүүлэхийн тулд Есүсийн хөргийг хүн зурсан. Тухайн үед Ариун Сүнс ямар ч онцгой удирдамж өгөөгүй тул хүн төсөөллийн тэрхүү хөрөг зургийг өнөөдрийг хүртэл дамжуулсан юм. Үнэндээ Бурханы анхдагч санаа зорилгоор бол хүн ингэх ёсгүй байсан. Хүний хичээл зүтгэл л Есүсийн хөрөг зургийг өнөөдрийг хүртэл үлдээсэн юм. Бурхан бол Сүнс бөгөөд Түүний дүр төрх яг ямар болохыг хүн хэзээ ч нэгтгэн дүгнэж чадахгүй. Түүний дүр төрхийг Түүний зан чанар л төлөөлж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3

224. Бурхан махбод болох нь хүнд Өөрийн махбодыг мэдүүлэх зорилготой биш, эсвэл Бурханы махбод болсон бие болон хүний махан биеийн хоорондох ялгааг таниулах зорилготой биш; Бурхан хүний ялган таних чадварыг дадлагажуулахын тулд ч махбод болдоггүй, тэр ч бүү хэл, Бурханы махбод болсон биеийг шүтэн мөргөх боломжийг хүнд олгож, улмаар асар их алдрыг олж авах зорилгоор тэгдэггүй. Эдгээрийн аль нь ч Бурхан махбод болохын санаа зорилго биш. Бурхан хүнийг яллахын тулд, эсвэл зориуд хүнийг илчилж, түүнд хүндрэл учруулахын тулд махбод болдоггүй. Эдгээр зүйлийн аль нь ч Бурханы санаа зорилго биш. Бурхан махбод болох бүр нь ажлын зайлшгүй хэлбэр юм. Тэрээр хүний төсөөлдөг шалтгаанаар бус, харин Өөрийн илүү агуу ажил, илүү агуу удирдлагын төлөө ийнхүү үйлддэг. Бурхан зөвхөн ажлынхаа шаардлагаар л, хэрэгтэй үед л газар дээр ирдэг. Тэрээр зүгээр л эргэн тойрныг харах зорилгоор биш, харин Өөрийн хийх учиртай ажлыг гүйцэтгэхээр газар дэлхийд ирдэг. Эс бөгөөс Тэр яах гэж энэ ажлыг хийхийн тулд ийм хүнд ачаа үүрч, ийм агуу эрсдэл хүлээх билээ? Бурхан шаардлагатай үедээ л махбод болдог ба үргэлж өвөрмөц ач холбогдолтой байдаг. Хэрэв энэ нь ердөө хүмүүст Өөрийгөө харуулж, тэдний мэдлэгийн хүрээг тэлэхийн төлөө л байсан бол Тэрээр ийм хөнгөхнөөр хүмүүсийн дунд хэзээ ч ирэхгүй байсан нь лавтай. Тэрээр Өөрийн удирдлага болон агуу ажлын төлөө, мөн хүн төрөлхтнөөс илүү олныг олж авахын тулд газар дээр ирдэг. Түүнчлэн эрин үеийг төлөөлж, Сатаныг ялахаар ирдэг ба Сатаныг ялахын тулд махбодоор Өөрийгөө хувцасладаг. Үүнээс ч илүүтэйгээр, бүх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэхийн тулд Тэр ирдэг. Энэ бүхэн Түүний удирдлагатай хамаатай, бүх орчлон ертөнцийн ажилтай хамаатай. Хэрвээ Бурхан хүмүүст Өөрийн махбодыг таниулж, хүмүүсийн нүдийг нээхийн тулд л махбод болсон бол яагаад бүх улсаар аялдаггүй юм бэ? Энэ нь туйлын амархан байх бус уу? Гэвч Тэр тэгээгүй, үүний оронд суурьшиж, хийх учиртай ажлаа эхлэхэд тохиромжтой газрыг сонгосон. Энэ махбод ганцаараа л гэхэд үлэмж ач холбогдолтой. Тэрээр эрин үеийг бүхэлд нь төлөөлж, бас бүхий л эрин үеийн ажлыг гүйцэтгэдэг; хуучин эрин үеийг төгсгөл болгохын сацуу шинэ эрин үеийг эхлүүлдэг. Энэ бүхэн нь Бурханы удирдлагатай холбоотой чухал асуудал бөгөөд энэ бүхэн нь газар дээр Бурханы гүйцэтгэхээр ирдэг ажлын нэг үе шатны ач холбогдол юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 3

225. Газар дээрх Христ нь Бурханы Өөрийн өмнөөс ажиллах чадвартай хэдий ч махбод дахь дүрээ бүх хүнд харуулах санаа зорилготойгоор ирдэггүй. Тэрээр бүх хүнд Өөрийгөө харуулахаар ирдэггүй; Өөрийнх нь гараар удирдуулах боломжийг хүмүүст олгож, улмаар шинэ эрин үе рүү оруулах гэж Тэр ирдэг. Христийн махбодын чиг үүрэг нь Бурханы Өөрийн ажлын төлөө, өөрөөр хэлбэл, махбод дахь Бурханы ажлын төлөө байдаг болохоос махбодынхаа мөн чанарыг хүмүүст бүрэн ойлгуулахын төлөө байдаггүй. Тэр яаж ч ажиллалаа гэсэн, Түүний хийдэг юу ч махбодын хийж чадах зүйлээс хэтэрдэггүй. Тэр яаж ч ажиллалаа гэсэн, хэвийн хүн чанартай махбодоор ажилладаг бөгөөд Бурханы жинхэнэ төрх байдлыг хүнд бүрэн илчилдэггүй. Үүнээс гадна, махбод дахь Түүний ажил хэзээ ч хүний төсөөлдөг шиг ер бусын, үнэлж баршгүй байдаггүй. Христ махбод дахь Бурханыг Өөрийг нь төлөөлж, Бурханы Өөрийн хийх учиртай ажлыг биечлэн хэрэгжүүлдэг хэдий ч тэнгэр дэх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэггүй, Өөрийнхөө үйл хэргийг ч улайран тунхагладаггүй. Харин ч Тэрээр махбод дотроо даруухнаар нуугдсан хэвээр үлддэг. Христээс гадна, өөрсдийгөө Христ хэмээн хуурамчаар зарладаг хүмүүст Түүний чанарууд байдаггүй. Тэрхүү хуурамч Христүүдийн биеэ тоож, өөрсдийгөө өргөмжилдөг зан чанартай харьцуулж үзэх үед, ямархуу махбод үнэхээр Христ вэ гэдэг нь илэрхий болдог. Тийм хуурамч Христүүд хэдий чинээ хуурамч байна, төдий чинээ бардамнадаг бөгөөд хүнийг мэхлэхийн тулд төдий чинээ тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартай байдаг. Хуурамч Христүүдэд Бурханы чанар байдаггүй; хуурамч Христэд хамаардаг ямар ч элемент Христэд холилдоогүй байдаг. Бурхан махбодын ажлыг гүйцэтгэхийн тулд л махбод болдог болохоос, зүгээр л Өөрийгөө хүмүүст харуулах гэсэндээ тэгдэггүй. Харин ч Тэр Өөрийнхөө ажлаар ялгамж чанараа бататгаж, Өөрийнхөө илчилдэг зүйлээр мөн чанараа баталгаажуулдаг. Түүний мөн чанар үндэслэлгүй биш; ялгамж чанараа Тэр Өөрийн гараар булаан аваагүй; энэ нь Түүний ажил болон мөн чанараар тодорхойлогддог.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүслийг дуулгавартай дагах явдал юм

226. Махбод дахь Түүний ажлын хамгийн том давуу тал нь Тэрээр үнэн зөв үг, захиас болон хүн төрөлхтний төлөөх нарийн тодорхой санаа зорилгоо Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээж чадна, ингэснээр Түүний дагалдагчид хожим нь махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний санаа зорилгыг илүү үнэн зөвөөр, илүү бодит байдлаар, энэ замыг хүлээн авдаг хүмүүст дамжуулж чадна. Махбод дахь Бурхан хүмүүсийн дунд ажиллах нь л Бурхан хүнтэй хамт байж, хамт амьдардаг явдлыг үнэхээр бодит байдал болгох ба Бурханы царайг харах, Бурханы ажлыг үзэх, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, Еховагийн нуруу л хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөдөг ба тодорхойгүй бурхадад итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг ч бас дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит байдалд үндэслэсэн, илүү бодит, илүү сайхан эрин үед аваачдаг. Энэхүү ажил нь хууль болон дүрэм журмын эрин үеийг дуусгавар болгоод зогсохгүй, бүр ч чухал нь, бодит агаад хэвийн, зөвт агаад ариун, удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болон хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Энэхүү ажил нь тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахаар эрж хайсан ч харж чаддаггүй байсан тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний оронд махбод дахь Бурхан ажилласны үр дүн юм. Бурхан махбодоороо ажиллах үед л Түүнийг дагадаг хүмүүс оршдог, бас эс оршдог мэт санагддаг тэдгээр зүйлийн хойноос хөөцөлдөн, тэмтчихээ больж, тодорхойгүй бурхадын санаа зорилгыг таамаглахаа больдог. Бурхан махбод дахь ажлаа түгээх үед Түүнийг дагадаг хүмүүс махбодоор хийсэн ажлыг нь бүх шашин, урсгалд дамжуулж, Түүний бүх үгийг бүх хүн төрөлхтний чихэнд хүргэнэ. Түүний сайн мэдээг хүлээн авдаг хүмүүсийн сонсдог бүхэн нь Түүний ажлын баримт байх болно, хүний биечлэн үзэж, сонссон зүйлс байх болно, мөн цуу яриа биш, баримт байх болно. Эдгээр баримт нь Түүний ажлаа түгээдэг нотолгоо, бас ажлаа түгээхдээ ашигладаг багаж хэрэгсэл билээ. Баримт байхгүй бол Түүний сайн мэдээ бүх улс орон, бүх газар нутаг даяар түгэхгүй байх байсан; баримт байхгүйгээр зөвхөн хүний төсөөллөөр бол Тэр бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлыг хэзээ ч хийж чадахгүй байх байсан юм. Сүнс бол хүний хувьд мэдрэгдэшгүй, үзэгдэшгүй бөгөөд Сүнсний ажил нь хүнд илүү их нотолгоо, Бурханы ажлын талаарх илүү их баримт үлдээж чадахгүй. Хүн Бурханы бодит нүүр царайг хэзээ ч харахгүй ба оршин байдаггүй тодорхойгүй бурханд үргэлж итгэдэг. Хүн Бурханы нүүр царайг хэзээ ч харахгүй, мөн Бурханы биечлэн хэлсэн үгийг хэзээ ч сонсохгүй. Хүний төсөөлөл эцсийн эцэст хоосон бөгөөд Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх зан чанар болон Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Бурхан бие махбодтой болж, хүмүүсийн дунд ирээд, Өөрийн ажлыг биечлэн хийснээр л тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болон Бурханы ажлыг газар дээр авчирч чадна. Энэ бол Бурхан хүнд илрэн харагддаг, мөн хүн Бурханыг харж, Бурханы жинхэнэ нүүр царайг мэдэж авах хамгийн тохиромжтой арга бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлж чадахгүй. Энэ үе шатыг хүртэл ажлаа хийснээр Бурханы ажил аль хэдийн хамгийн сайн үр дүнд хүрч, бүрэн амжилттай болсон. Махбод дахь Бурханы биечлэн хийсэн ажил Түүний бүхий л удирдлагын ажлын ерэн хувийг аль хэдийн биелүүлсэн. Энэхүү махбод Өөрийнхөө бүх ажлыг илүү сайн эхлэл рүү аваачиж, Өөрийнхөө бүх ажилд дүгнэлт гаргаж, зарлан тунхагласан бөгөөд энэ бүх ажилд эцсийн иж бүрэн нэмэлтийг хийсэн. Тиймээс Бурханы ажлын дөрөв дэх үе шатыг хийх бие махбодтой болсон өөр Бурхан гэж байхгүй бөгөөд гурав дахь удаа бие махбодтой болсон Бурханы гайхалтай ажил гэж хэзээ ч байхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

227. Хэдий энэ махбод хэвийн, бодит боловч ердийн нэг махбод биш: Тэр ердөө л нэг хүн чанартай махбод биш, харин хүн чанартай, бас бурханлаг чанартай махбод юм. Энэ нь Түүний хүнээс ялгарах ялгаа бөгөөд Бурханы ялгамж чанарын тэмдэг билээ. Зөвхөн ийм махбод л Түүний хийхээр зорьдог ажлыг хийж, махбод дахь Бурханы үйлчлэлийг биелүүлж, хүмүүсийн дундах Түүний ажлыг бүрэн гүйцэлдүүлж чадна. Хэрэв ийм байгаагүй сэн бол хүмүүсийн дундах Түүний ажил ямагт хоосон, өө сэвтэй байх байлаа. Бурхан хэдийгээр Сатаны сүнстэй тулаан хийж, ялалтаа мандуулж чадах ч завхарсан хүний хуучин уг чанарыг хэзээ ч шийдвэрлэж чадахгүй бөгөөд Бурханд тэрслүү, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс хэзээ ч Түүний ноёрхол дор орохгүй, өөрөөр хэлбэл, Тэр хэзээ ч хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүх хүн төрөлхтнийг олж авч чадахгүй билээ. Хэрвээ газар дээрх Түүний ажил шийдвэрлэгдэхгүй бол Түүний удирдлага хэзээ ч дуусгавар болохгүй, бүх хүн төрөлхтөн амралтад орж чадахгүй. Хэрвээ Бурхан Өөрийн бүх бүтээгдсэн зүйлтэй хамт амралтад орж чадахгүй бол ийм удирдлагын ажил хэзээ ч үр дүнтэй байхгүй бөгөөд үүний үрээр Бурханы алдар суу алга болно. Хэдийгээр Түүний махбод ямар ч эрх мэдэлгүй ч Түүний хийдэг ажил үр дүндээ хүрсэн байх болно. Энэ бол Түүний ажлын зайлшгүй чиглэл юм. Түүний махбод эрх мэдэлтэй эсэхээс үл хамааран Бурханы Өөрийн ажлыг хийх чадвартай л бол Тэр бол Бурхан Өөрөө мөн. Энэ махбод хэр хэвийн, эгэл жирийн байх нь хамаагүй, хийх ёстой ажлаа хийж чадна, учир нь энэ махбод бол ердийн нэг хүн биш, харин Бурхан билээ. Хүний хийж чадахгүй ажлыг энэ махбод хийж чаддагийн шалтгаан нь Түүний дотоод мөн чанар ямар ч хүнийхтэй адилгүй бөгөөд Тэр хүнийг аварч чаддагийн шалтгаан нь Түүний ялгамж чанар өөр ямар ч хүнийхээс өөр байдгаас болдог. Тэр бол хүн, үүнээс ч илүүтэйгээр Бурхан учраас, Тэрээр махан биетэй жирийн хүний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг учраас, Өөртэй нь хамт газар дэлхий дээр амьдарч байгаа завхарсан хүнийг аварч чадах учраас энэхүү махбод хүн төрөлхтөнд нэн чухал юм. Хэдий Тэр бас хүн ч гэсэн бие махбодтой болсон Бурхан нь хүн төрөлхтний хувьд ямар ч үнэ цэнтэй хүнээс илүү чухал, учир нь Тэр Бурханы Сүнсний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг бөгөөд Бурханы Сүнснээс илүүтэйгээр Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чаддаг, Бурханы Сүнснээс илүүтэйгээр хүн төрөлхтнийг бүрэн олж авч чаддаг. Үүний үр дүнд хэдий энэ махбод хэвийн, эгэл жирийн ч гэсэн хүн төрөлхтөнд оруулсан Түүний хувь нэмэр, хүн төрөлхтний оршин тогтнол дахь Түүний ач холбогдлын тухайд гэвэл тэдгээр нь тун эрхэм нандин бөгөөд энэ махбодын жинхэнэ үнэ цэн, ач холбогдол ямар ч хүний хувьд хэмжээлшгүй юм. Хэдийгээр энэ махбод Сатаныг шууд устгаж чадахгүй ч гэсэн Өөрийн ажлыг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Сатаныг ялж, Сатаныг Өөрийн ноёрхолд буулт хийлгэж чадна. Бурхан бие махбодтой болсон болохоор Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг аварч чаддаг. Тэр Сатаныг шууд устгадаггүй, харин махбод болж, Сатаны завхруулсан хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажил хийдэг. Ийм маягаар Тэр бүтээгдсэн зүйлсийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж чадна, завхарсан хүн төрөлхтнийг илүү сайн аварч чадна. Бие махбодтой болсон Бурхан Сатаныг ялах нь Бурханы Сүнс Сатаныг шууд устгаснаас илүү их гэрчлэл хийдэг, мөн илүү үнэмшилтэй байдаг. Махбод дахь Бурхан, Бүтээгчийг мэдэхэд нь хүнд илүү тустай бөгөөд бүтээгдсэн зүйлсийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж чаддаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

228. Энэ удаад Бурхан сүнслэг биеэр биш, харин тун эгэл жирийн биеэр ажиллахаар ирсэн. Түүнчлэн энэ нь Бурханы махбод болсон хоёр дахь бие төдийгүй, бас махбодод Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл жирийн махбод. Түүнийг хараад чи Түүнээс бусдаас онцгойроод байх юм олж харж чадахгүй ч урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс олж авах боломжтой. Энэ өчүүхэн махбод л Бурханы бүх үнэний үгийн биелэл, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үүрэгч, Бурханы зан чанарыг бүхэлд нь хүнд ойлгуулдаг илэрхийлэл юм. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг асар ихээр хүсдэггүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг үлэмж ихээр хүсдэггүй гэж үү? Тэр чамд өөр хэний ч хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ, Тэр бас чиний ойлгодоггүй үнэнийг хэлж өгнө. Тэр бол хаанчлалд орох чиний хаалга, шинэ эрин үе рүү хөтлөх чиний хөтөч юм. Ийм эгэл жирийн махбод хүн ойлгохын аргагүй олон нууцыг агуулдаг. Түүний үйл хэрэг чамд ойлгомжгүй байж болох ч Түүний хийдэг ажлын бүхий л зорилго нь Тэр бол хүмүүсийн боддог шиг энгийн махбод биш гэдгийг хангалттай харуулдаг, учир нь Тэрээр эцсийн өдрүүд дэх Бурханы санаа зорилгыг болон эцсийн өдрүүд дэх хүн төрөлхтнийг гэх Бурханы халамжийг төлөөлдөг. Хэдийгээр чи тэнгэр, газрыг доргиох мэт Түүний үгийг сонсож чадахгүй, галын дөл мэт дүрэлзэн буй Түүний нүдийг харж чадахгүй, Түүний төмөр савааны сахилгажуулалтыг хүлээн авч чадахгүй ч Түүний үгээс Бурхан уур хилэнтэй байгааг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд өршөөл үзүүлж байгааг мэдэж авч, Бурханы зөвт зан чанар, мэргэн ухааныг олж харахын сацуу бүх хүн төрөлхтнийг гэх Бурханы санаа зовнилыг бүр ч их ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь тэнгэр дэх Бурхан хүмүүсийн дунд амьдарч байгааг газар дээр хүнд харуулж, Бурханыг мэдэх, дуулгавартай дагах, эмээх, хайрлах боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Ийм учраас Тэр махбодод хоёр дахь удаагаа эргэж ирсэн. Өнөөдөр хүмүүсийн хардаг зүйл бол хүнтэй адилхан, нэг хамар, хоёр нүдтэй, тун гойд зүйлгүй Бурхан ч гэлээ, хэрэв энэ хүн байгаагүй бол тэнгэрүүд болон газар асар их өөрчлөгдөх байсан; энэ хүн байгаагүй бол тэнгэр бүүдийж, газар дэлхий эмх замбараагүй байдалд автан, бүх хүн төрөлхтөн өлсгөлөн, тахал дунд амьдрах байсан гэдгийг эцэст нь Бурхан та нарт харуулна. Хэрэв эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан та нарыг аврахаар ирээгүй бол Бурхан бүх хүн төрөлхтнийг аль эрт тамд устгах байсан; хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үүрд хүнд нүгэлтэн болж, үргэлжийн мөнхөд цогцос болох байсан гэдгийг Тэр та нарт харуулна. Хэрэв энэ махбод байгаагүй бол бүх хүн төрөлхтөн асар их гай гамшгаас зайлсхийх боломжгүй болж, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы оноох илүү хүнд шийтгэлээс зайлж зугтах боломжгүй болох байсныг та нар мэдэх ёстой. Хэрэв энэхүү эгэл жирийн махбод төрөөгүй бол та нар бүгд амьдарч чадахгүй атлаа амьдрал гуйж, үхэж чадахгүй мөртөө үхэл гуйх байдалд орох байлаа. Хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үнэнийг олж авч, өнөөдрийн Бурханы сэнтийн өмнө ирж чадахгүй, харин жигшүүрт нүглийнхээ улмаас Бурханд шийтгүүлэх байсан юм. Хэрвээ Бурхан махбодоор эргэж ирээгүй бол хэнд ч аврагдах боломж олдохгүй байх байсан; энэ махбод ирээгүй бол Бурхан аль эрт хуучин эрин үеийг төгсгөх байсан гэдгийг та нар мэдсэн үү? Ийм байтал, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханыг та нар голсон хэвээр байх уу? Та нар энэхүү эгэл жирийн хүнээс ийм их ашиг тус хүртэж чадах байтал яагаад Түүнийг баяртайгаар хүлээн авахгүй байна вэ?

Бурханы ажил бол чиний ойлгож ухаарч чадахгүй зүйл юм. Хэрвээ чи сонголт чинь зөв эсэхийг ч бүрэн ухаарч чадахгүй, Бурханы ажил амжилт олох эсэхийг ч мэдэж чадахгүй бол азаа үзээд, энэхүү эгэл жирийн хүн чамд асар их тус хүргэх эсэхийг, мөн Бурхан үнэхээр агуу ажлыг хийсэн эсэхийг харж яагаад болохгүй гэж? Гэвч, Ноагийн цаг үед хүмүүс Бурханы хувьд харж тэвчишгүй байх хэмжээнд идэж уун, гэрлэж, нөхөрт гарч байсан тул Тэрээр хүн төрөлхтнийг утсгахын тулд асар их үер буулган, зөвхөн Ноагийн гэр бүлийн найман хүн болон бүх төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтдыг өршөөсөн гэдгийг Би чамд хэлэх ёстой. Гэхдээ эцсийн өдрүүдэд Бурханы өршөөсөн хүмүүс бол эцсээ хүртэл Түүнд үнэнч байсан бүх хүн юм. Энэ хоёр эрин үе нь Бурханы хувьд харж тэвчишгүй асар их завхралын үе байсан ба хоёр эрин үе дэх хүн төрөлхтөн маш их завхарч, Бурхан бол өөрсдийнх нь Эзэн гэдгийг үгүйсгэсэн хэдий ч Бурхан зөвхөн Ноагийн цаг үеийн хүмүүсийг л устгасан билээ. Хоёр эрин үеийн хүн төрөлхтөн Бурханд асар их уй гашуу учруулсан ч Бурхан эцсийн өдрүүдийн хүмүүст өдийг хүртэл тэвчээртэй хандсан. Яагаад тэр вэ? Та нар үүнд гайхаж байгаагүй гэж үү? Хэрвээ та нар үнэхээр мэдэхгүй байгаа бол Би хэлээд өгье. Бурхан эцсийн өдрүүдэд хүмүүст нигүүлсэл хайрлаж чаддагийн учир нь хүмүүс Ноагийн цаг үеийн хүмүүсээс бага завхарснаас, эсхүл тэд Бурханд гэмшлээ харуулснаас болоогүй, эцсийн өдрүүдийн технологи маш их хөгжсөн болохоор Бурхан түүнийг нь устгаж чадахгүй байгаагаас бүр ч болоогүй. Харин ч Бурхан эцсийн өдрүүд дэх бүлэг хүмүүст ажлаа хийх ёстой ба Бурхан Өөрөө бие махбодтой болоод энэ ажлыг хийнэ. Түүнчлэн Бурхан энэ бүлгийн нэг хэсгийг авралынхаа бай, удирдлагын төлөвлөгөөнийхөө үр жимс болгохоор сонгож, энэ хүмүүсийг дараачийн эрин үед аваачна. Тиймээс, ямартай ч Бурханы төлсөн төлөөс нь бүхэлдээ эцсийн өдрүүдэд Өөрийн махбод болсон биеэр хийх гэж буй ажлынх нь бэлтгэл байв. Энэхүү махбодын ачаар л та нар өнөөдрийг хүрсэн. Бурхан махбодоор амьдардаг учир та нарт амьд үлдэх боломж бий. Энэ бүх зол завшаан нь энэхүү эгэл жирийн хүнээс улбаатай билээ. Үүгээр ч зогсохгүй, эцэст нь улс орон бүр энэ эгэл жирийн хүнийг шүтэн мөргөхийн сацуу энэ өчүүхэн жаахан хүнд талархаж, түүнийг дуулгавартай дагана, учир нь Түүний авчирсан үнэн, амь, зам нь бүх хүн төрөлхтнийг аварч, хүн Бурхан хоёрын дундах зөрчлийг зөөлрүүлж, хоорондох зайг нь багасгаж, Бурхан хүн хоёрын бодлыг холбосон юм. Тэрээр мөн Бурханы төлөө бүр ч агуу их алдар сууг олж авсан билээ. Ийм эгэл жирийн хүн чиний итгэл, бишрэлийг хүртэхэд зохисгүй гэж үү? Ийм эгэл жирийн махбод Христ гэж дуудуулахад тохирохгүй гэж үү? Ийм эгэл жирийн хүн бусад хүмүүсийн дунд Бурханы илэрхийлэл болж чадахгүй гэж үү? Хүн төрөлхтнийг гамшгаас гэтэлгэсэн ийм хүн Түүнийг гэх хайр, хүслийг чинь хүртэх эрхгүй гэж үү? Та нар Түүний амаар илэрхийлэгдсэн үнэнийг голж, та нарын дундах Түүний оршин тогтнолыг жигших юм бол эцэстээ юу болж хоцрох вэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?

229. Бурханы эцсийн өдрүүд дэх бүх ажил энэ эгэл жирийн хүнээр дамжин хийгддэг. Тэрээр бүхнийг чамд хайрлах болно, тэгээд ч зогсохгүй чамд хамаатай бүхнийг шийдэж чадна. Ийм хүн та нарын боддог шиг дурдахын ч хэрэггүй тийм энгийн хүн байж болох уу? Түүний үнэн та нарыг бүрэн үнэмшүүлэхэд хангалтгүй гэж үү? Түүний үйл хэргийг нүдээрээ харах нь та нарыг үнэмшүүлэхэд хангалтгүй гэж үү? Эсхүл Түүний удирддаг зам цааш алхахад чинь зохисгүй гэж үү? Эцсийн эцэст Түүнд дургүйцэж, Түүнийг голж, Түүнээс зайлсхийх ямар шалтгаан та нарт байна вэ? Энэ хүн л үнэнийг илэрхийлдэг, энэ хүн л үнэнээр хангадаг, энэ хүн л та нарт дагах зам өгдөг. Та нар эдгээр үнэн дотроос Бурханы ажлын ул мөрийг хайж олж чадахгүй хэвээр байгаа юм гэж үү? Есүсийн ажил байгаагүй бол хүн төрөлхтөн загалмайгаас бууж чадахгүй байсан, харин өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан байгаагүй бол загалмайгаас буусан хүмүүс Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэж чадахгүй, эсвэл шинэ эрин үед орж чадахгүй байх байлаа. Энэ эгэл жирийн хүн ирээгүй бол Бурханы жинхэнэ төрхийг харах боломж та нарт хэзээ ч олдохгүй, та нар шаардлага ч хангахгүй байх байсан, учир нь та нар бүгд аль эрт устгагдах ёстой байсан бай юм. Бурхан хоёр дахь удаагаа бие махбодтой болон ирсэн учраас та нарыг уучилж, өршөөл үзүүлсэн. Ямартай ч, эцэст нь та бүхэнд хэлэх ёстой үг минь бол энэ: Бие махбодтой болсон Бурхан буюу энэ эгэл жирийн хүн та нарт амин чухал юм. Энэ бол хүмүүсийн дунд Бурханы аль хэдийн хийсэн агуу зүйл билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?

230. Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн утгагүй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг хүлээн авдаггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд хэн ч Түүнийг тойрон гарч чадахгүй. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулж чадахгүй. Чи Бурханд итгэдэг тул Түүний үгийг хүлээн авч, Түүний Үгийг дуулгавартай дагах ёстой. Чи үнэн болон амийн хангалтыг хүлээн авч чадахгүй байж зөвхөн ерөөл хүртэх талаар бүү бод. Өөрт нь чин сэтгэлээсээ итгэдэг бүх хүнийг амиар хангах гэсэндээ Христ эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үед орохын төлөө байдаг, энэ ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи Христийг хүлээн зөвшөөрдөггүй, цаашлаад Түүнийг яллаж, доромжилж, хяхан хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн, иймээс хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн авч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлнэ. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүст тохирох залхаан цээрлүүлэлт бүгдэд илэрхий байдаг. Би бас чамд үүнийг хэлье: Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, эцсийн өдрүүдийн Христийг голдог бол үүний үр дагаврыг өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй. Түүнчлэн тэр үеэс хойш Бурханы сайшаалыг хүртэх боломж чамд хэзээ ч олдохгүй; чи өөрийгөө аврахыг хүссэн ч Бурханы царайг дахин хэзээ ч харж чадахгүй. Учир нь чиний эсэргүүцэж буй зүйл хүн биш, чиний голж буй зүйл зүгээр нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагавар юу болохыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргаж байгаа биш, харин жигшүүрт нүгэл үйлдэж байна. Иймээс Би бүх хүнд үнэний өмнө араа шүдээ ярзайлган, хумс хуруугаа арзайлгаж, дураараа үг хэлэхгүй байхыг зөвлөж байна, учир нь үнэн л чамд амь авчирч чадна, үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, чамд Бурханы царайг харуулж чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

Өмнөх: 3. Бурханы илрэлт болон ажилд гэрчлэл хийсэн үгс

Дараах: 5. Бурханы ажлын үе шат нэг бүр болон Бурханы нэрийн хоорондох харилцааны тухай үгс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх