Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна

Бурханы удирдлага өөрсөдтэй нь огтхон ч холбоогүй гэж хүмүүс боддог учраас хүн нэг бүрийн нүдээр бол Бурханы удирдлага тун танил бус зүйл юм. Бурханы удирдлага бол ганцхан Бурханы ажил, Бурханы Өөрийнх нь хэрэг гэж хүмүүс боддог—иймээс хүн төрөлхтөн Түүний удирдлагыг хайхардаггүй. Ийм маягаар хүн төрөлхтний аврал тодорхойгүй, бүрхэг болсон ба одоо энэ нь хоосон гоё үг төдийхөн байдаг. Аврал хүртэж, гайхалтай сайхан хүрэх газарт орохын тулд хүн Бурханыг дагадаг хэдий ч Бурхан ажлаа хэрхэн явуулдгийг огт анхаардаггүй. Бурхан юу төлөвлөснийг хүн тоодоггүй, аврагдахын тулд гүйцэтгэх ёстой үүргээ ч тоодоггүй. Энэ үнэхээр эмгэнэлтэй. Хүний авралыг Бурханы удирдлагаас тусгаарлаж болохгүй, Бурханы төлөвлөгөөнөөс ч салгаж болохгүй. Гэсэн ч хүн Бурханы удирдлагын талаар юу ч боддоггүй, тиймээс Бурханаас улам бүр холддог. Энэ нь бүтээл гэж юу болох, Бурханд итгэх гэж юу болох, Бурханд хэрхэн шүтэн мөргөх гэх мэт авралын асуулттай нягт холбоотой асуудлуудыг огт мэддэггүй улам олон тооны хүмүүсийг Түүнийг дагагчдын эгнээнд нэгдэхэд хүргэсэн юм. Тэгэхээр Бурханыг дагаж, Түүнд итгэх нь юу гэсэн үг болохыг Түүний дагагч бүрд тодорхой ойлгуулахын тулд бид одоо Бурханы удирдлагын талаар ярилцах ёстой. Ингэх нь, ердөө ерөөл хүртэх, гай гамшгаас зайлсхийх, эсвэл бусдаас ялгарахын тулд Бурханыг дагахын оронд явах ёстой замаа илүү зөв сонгоход нь хүн бүрд тусална.

Хэдий Бурханы удирдлага гүн гүнзгий ч хүн ойлгохын аргагүй биш юм. Учир нь Бурханы бүх ажил Түүний удирдлага болон хүн төрөлхтнийг аврах ажилтай нь холбоотой байдаг бөгөөд хүн төрөлхтний амь, амьдрал, хүрэх газартай хамаатай байдаг. Хүмүүсийн дунд болон хүн дээр Бурханы хийдэг ажлыг маш бодитой, утга учиртай гэж хэлж болно. Үүнийг хүн харж, туулж болох ба хийсвэр зүйл огт биш. Хэрвээ хүн Бурханы хийдэг бүх ажлыг хүлээн авч чаддаггүй бол Түүний ажлын ач холбогдол юу вэ? Тийм удирдлага хүнийг яаж авралд хөтөлж чадах вэ? Бурханыг дагадаг олон хүн хэрхэн ерөөл хүртэх, эсвэл гай гамшгаас хэрхэн зайлсхийх талаар л анхаардаг. Бурханы ажил болон удирдлагыг дурдмагц тэд дуугаа хурааж, огт сонирхохоо больдог. Тийм залхмаар асуултуудыг ойлгох нь тэдний амийг өсөхөд туслахгүй, эсвэл ямар ч ашиг тус өгөхгүй гэж тэд боддог. Иймээс тэд Бурханы удирдлагын тухай мэдээг сонссон хэдий ч багахан анхаарал хандуулдаг. Тэд үүнийг хүлээн авах эрхэм нандин зүйл гэж үздэггүй, өөрсдийн амийн нэг хэсэг гэж бүр ч хүлээн авдаггүй. Тийм хүмүүст Бурханыг дагах энгийн нэг зорилго л байдаг бөгөөд тэр зорилго нь ерөөл хүртэх явдал юм. Ийм хүмүүс энэхүү зорилгыг шууд агуулдаггүй өөр ямар ч зүйлд анхаарал хандуулан яршиг удаж чаддаггүй. Тэдний хувьд, ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэхээс илүү зөв зүйтэй зорилго үгүй—энэ нь тэдний итгэлийн жинхэнэ үнэ цэн юм. Хэрвээ ямар нэг зүйл энэ зорилгод нь нэмэр болдоггүй бол үүнд тэдний сэтгэл огт хөдөлдөггүй. Өнөөдөр Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн хувьд ийм л байдаг. Тэдний зорилго болон санаархал зөв зүйтэй мэт харагддаг, учир нь Бурханд итгэхийн зэрэгцээ тэд бас Бурханы төлөө зарлагадаж, өөрсдийгөө Бурханд зориулж, үүргээ биелүүлдэг. Тэд залуу насаа орхиж, гэр бүл, ажил мэргэжлээ хаяж, тэр ч байтугай олон жилийг гэрээсээ хол завгүй өнгөрүүлдэг. Өөрсдийн эцсийн зорилгын төлөө тэд дур сонирхол, амьдралыг үзэх үзэл, тэр ч бүү хэл эрэл хайгуулын чиглэлээ өөрчилдөг; гэхдээ Бурханд итгэх итгэлийнхээ зорилгыг өөрчилж чаддаггүй. Тэд өөрсдийн туйлын зорилгыг удирдахын төлөө ийш тийш гүйдэг; зам хэчнээн хол байсан ч хамаагүй, замд нь хэчнээн их зовлон бэрхшээл, саад тотгор байх нь хамаагүй, тэд цөхрөлтгүй зүтгэж, үхлээс айдаггүй. Ямар хүч тэднийг ийм маягаар өөрсдийгөө үргэлжлүүлэн зориулахад хүргэдэг вэ? Тэдний мөс чанар уу? Агуу, жудагтай байдал нь уу? Ёрын муу хүчтэй эцсээ хүртэл тэмцэх шийдвэр нь үү? Шагнал эрэлхийлэлгүйгээр Бурханд гэрчлэл хийх тэдний итгэл үү? Бурханы хүслийг биелүүлэхийн тулд бүхнээ орхиход бэлэн үнэнч сэтгэл нь үү? Эсвэл хэрээс хэтэрсэн хувийн шаардлагаас үргэлж татгалзсан тэдний зориулалтын сэтгэл үү? Бурханы удирдлагын ажлыг хэзээ ч ойлгож байгаагүй хүний хувьд тийм их хүчин чармайлт гаргана гэдэг бол үнэхээр л гайхамшиг юм! Энэ хүмүүс хэчнээн ихийг зориулсныг одоохондоо хэлэлцэхээ больё. Гэсэн ч тэдний үйлдлийг задлан шинжлэвээс тун зохилтой. Бурханыг хэзээ ч ойлгоогүй хүмүүс Бурханы төлөө яагаад маш ихийг зориулдаг вэ гэдэгт, өөрсөдтэй нь нягт холбоотой ашиг тусаас гадна өөр ямар нэгэн шалтгаан байж болох уу? Үүнээс бид урьд нь таниагүй нэг асуудлыг олж илрүүлдэг: Бурхантай харилцах хүний харилцаа нь ердөө л цэвэр хувийн ашиг сонирхлын харилцаа юм. Энэ нь ерөөл хүлээн авагч болон өгөгчийн хоорондох харилцаа билээ. Шуудхан хэлэхэд, энэ нь ажил олгогч болон ажилтны хоорондох харилцаатай адилхан. Ажилтан нь ажил олгогчийн өгч буй шагналыг хүлээн авахын тулд л ажилладаг. Ийм харилцаанд ямар ч хайр энэрэл байдаггүй, зөвхөн наймаа л байдаг. Хайрлаж, хайрлуулах явдал байхгүй, өглөг болон өршөөл л байдаг. Ямар ч ойлголцол байдаггүй, дарлагдсан дургүйцэл, хууран мэхлэлт л байдаг. Ойр дотно байдал байдаггүй, гэтлэхийн аргагүй ангал л байдаг. Нөхцөл байдал иймдээ тулахад хэн ийм чиг хандлагыг өөрчилж чадах вэ? Энэхүү харилцаа нь хэр аймшигтай болсныг хэчнээн хүн үнэхээр ойлгож чадах вэ? Хүмүүс ерөөгдөхийн баяр баясалд умбах үед, Бурхантай харилцах тийм харилцаа нь хэчнээн ичгэвтэр, үзэшгүй муухай болсныг хэн ч төсөөлж чадахгүй гэдэгт Би итгэж байна.

Хүн төрөлхтний Бурханд итгэх итгэлийн талаарх хамгийн гунигтай зүйл бол, хүн Бурханы ажлын дунд өөрийн удирдлагыг явуулдаг атлаа Бурханы удирдлагыг огт анхаардаггүй. Хүний хамгийн том бүтэлгүйтэл нь, Бурханд захирагдаж, Түүнд шүтэн мөргөхөөр эрэлхийлэхийн зэрэгцээ өөрийн хүслэнт хүрэх газрыг бүтээн, хамгийн агуу ерөөл, хамгийн сайн хүрэх газрыг хэрхэн авах вэ гэж хуйвалдаж байдагт оршино. Хүн хэчнээн арчаагүй, жигшүүртэй, өрөвдмөөр гэдгээ ойлгодог ч гэсэн хэчнээн хүн өөрсдийн туйлын хүслэн, итгэл найдварыг амархан орхиж чадах билээ? Хэн алхаагаа зогсоож, зөвхөн өөрийгөө л бодохоо больж чадах билээ? Өөрийнхөө удирдлагыг гүйцэлдүүлэхийн тулд Өөртэй нь ойр хамтран ажиллах хүмүүс Бурханд хэрэгтэй байдаг. Түүний удирдлагын төлөвлөгөөний ажилд бүх бие, сэтгэлээ зориулснаар Түүнд дуулгавартай байх хүмүүс Түүнд хэрэгтэй байдаг. Харин өдөр бүр алгаа тосон Түүнээс юм гуйдаг хүмүүс Түүнд хэрэггүй, багыг өгөөд шагнуулахаар хүлээдэг хүмүүс бүр ч хэрэггүй. Ялихгүй хувь нэмэр оруулчхаад үүндээ эрддэг хүмүүсийг Бурхан үзэн яддаг. Түүний удирдлагын төлөвлөгөөний ажилд дургүйцдэг ба тэнгэрт очиж, ерөөл хүртэх талаар л ярихыг хүсдэг хүйтэн цустай хүмүүсийг Тэр үзэн яддаг. Хүн төрөлхтнийг аврахын тулд Түүний хийдэг ажлаас үүссэн боломжийг далимдуулдаг хүмүүсийг Тэр бүр их зэвүүцдэг. Учир нь, Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөөний ажлаар дамжуулан Бурхан юу биелүүлж, юунд хүрэхийг хүсдэг талаар энэ хүмүүс хэзээ ч анхаарч байгаагүй. Тэд ерөөл хүртэхийн тулд Бурханы ажлаас гарах боломжийг хэрхэн ашиглаж болох талаар л анхаардаг. Тэд Бурханы зүрх сэтгэлийг огт хайхардаггүй, гагцхүү өөрсдийнхөө хэтийн ирээдүй, хувь заяаг анхаарч байдаг. Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажилд дургүйцэж, Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар болон Түүний хүслийн талаар өчүүхэн төдий ч сонирхдоггүй хүмүүс Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлаас гадуур дуртай зүйлээ л хийж байгаа. Тэдний үйлдлийг Бурхан санадаг ч үгүй, сайшаадаг ч үгүй—тэр ч бүү хэл, Бурхан таашаан хардаггүй.

Сансар, огторгуйн өргөн уудамд тоо томшгүй бүтээл амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийн мөчлөгийг дагаж, үл хувирах нэгэн дүрмийг мөрддөг. Нас барсан хүмүүс амьд хүмүүсийн түүхийг аван оддог ба амьдарч буй хүмүүс нас барагсдын яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүн төрөлхтөн өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг юм бэ? Яагаад бид үхэх ёстой юм бэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтнийг үнэхээр Байгаль Эх бүтээсэн үү? Хүн төрөлхтөн хувь заяагаа үнэхээр хянадаг уу? … Олон мянган жилийн турш хүн төрөлхтөн эдгээр асуултыг тасралтгүй асуусан. Харамсалтай нь, хүн эдгээр асуултад донтох тусмаа шинжлэх ухаанаар улам их ангах болжээ. Шинжлэх ухаан нь хүний махан биед богино хугацааны бахдал, түр зуурын таашаал өгдөг ч сэтгэлийнх нь гүнд байдаг ганцаардал, тусгаарлагдмал байдал, чадан ядан нуусан айдас, арга мөхөс байдлаас нь хүнийг ангижруулахад огтхон ч хангалттай биш. Хүн төрөлхтөн зүрх сэтгэлээ мэдээгүйжүүлэхийн тулд энгийн нүдээр харж, уураг тархиараа ойлгож чадах шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг төдий. Гэсэн ч шинжлэх ухааны тийм мэдлэг нь нууцыг шинжлэн судлах гэсэн хүн төрөлхтнийг болиулахад хангалтгүй. Орчлон ертөнц болон бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн ердөө мэддэггүй, хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг бүр ч мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө аргагүйн эрхэнд энэ хуулиар амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй, хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрүүдийн дээр мөнхөөс мөнхөд бүхнийг захирдаг Нэгэн бий. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй Нэгэн, хүн төрөлхтний хэзээ ч мэдэж аваагүй Нэгэн, оршин тогтнолд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй Нэгэн юм—гэсэн ч Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгал үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтнийг хангаж, тэжээдэг, хүнийг оршин тогтнуулдаг Нэгэн; мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг залж чиглүүлсэн Нэгэн юм. Түүнчлэн амьд үлдэхийн тулд хүн төрөлхтний найддаг цорын ганц Нэгэн Тэр билээ. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дэх бүх амьд оршихуйг удирддаг. Тэрээр дөрвөн улирлыг хянаж, салхи, хяруу, цас, бороог дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уулс, нуур, гол мөрөн болон тэдгээрийн доторх амьд зүйлсээр хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг, Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг. Эдгээр хууль, дүрэм бүр Түүний үйл хэргийн биелэл бөгөөд дор бүрнээ Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Хэн Түүний дээд эрхээс өөрийгөө чөлөөлж чадах вэ? Хэн Түүний зохицуулалтаас өөрийгөө салгаж чадах вэ? Бүх зүйл Түүний харцан дор оршдог, түүнчлэн бүх зүйл Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байж, бүх зүйлийг захирдаг гэх баримтыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж бүр ч чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг танин мэдэж чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл хамааран чиний хувь заяаг Бурхан тодорхойлдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийг захирна гэдэгт эргэлзэх юмгүй. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүн төрөлхтөн танин мэдэж, ойлгох эсэхээр тогтоогддоггүй. Зөвхөн Тэр л хүн төрөлхтний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит баримтыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, төд удалгүй хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах ба энэ нь Бурханы удахгүй биелүүлэх бодит баримт юм. Хүн төрөлхтөн Бурханы нүдэн дор амьдарч, нас бардаг. Хүн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүд анихдаа ч бас энэхүү удирдлагын төлөө нүд аньдаг. Хүмүүс ахин дахин нааш цааш ирж, буцдаг. Энэ нь бүгд ялгаагүй Бурханы дээд эрх, зохицуулалтын нэг хэсэг юм. Бурханы удирдлага хэзээ ч зогсоогүй; энэ нь үргэлжид урагшилж байгаа. Тэрээр хүн төрөлхтөнд Өөрийн оршин тогтнолыг мэдүүлж, тэднийг Өөрийн дээд эрхэд итгүүлж, Өөрийн үйл хэргийг харуулах ба Өөрийн хаанчлалд буцаан аваачна. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн турш Түүний хийсээр буй ажил юм.

Бурханы удирдлагын ажил дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш эхэлсэн ба хүн энэхүү ажлын цөмд байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь хүний төлөө байсан гэж хэлж болно. Түүний удирдлагын ажил олон мянган жил дамнадаг учраас энэ нь хэдхэн минут, секундын дотор юм уу нүд цавчихын төдийд, эсвэл ганц хоёрхон жилийн дотор хийгддэггүй бөгөөд хүн төрөлхтний оршин амьдрахад шаардлагатай нар, сар, бүх төрлийн амьд зүйл, хоол хүнс, таатай орчин гэх зэрэг илүү их зүйлийг бүтээх хэрэгтэй болсон. Энэ нь Бурханы удирдлагын эхлэл байсан юм.

Үүний дараа Бурхан хүн төрөлхтнийг Сатанд хүлээлгэн өгч, хүн Сатаны эрхшээл дор амьдарсан ба энэ нь яваандаа эхний эрин үеийн Бурханы ажил буюу Хуулийн эрин үеийн түүх рүү хөтөлсөн… Хуулийн эрин үеийн хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөн Хуулийн эрин үеийн удирдамжид дасаж, ийм байх ёстой мэт үзэж эхэлсэн юм. Тэгээд хүн аажмаар Бурханы анхаарал халамжийг орхисон. Иймээс хуулийг мөрдөхийн зэрэгцээ тэд бас шүтээн шүтэж, муу үйл хийжээ. Тэдэнд Еховагийн хамгаалалт байгаагүй бөгөөд ердөө сүм дэх тахилын ширээг сахиж амьдралаа өнгөрүүлсэн юм. Үнэндээ, Бурханы ажил тэднийг аль хэдийн орхисон бөгөөд хэдийгээр израильчууд хуулийг мөрдөж, Еховагийн нэрийг хэлсээр байж, тэр ч байтугай зөвхөн тэд л Еховагийн ардууд, Еховагийн сонгосон хүмүүс хэмээн бардамнан бодож байсан ч Бурханы алдар тэднийг чимээгүйхэн орхисон билээ…

Бурхан ажлаа хийхдээ үргэлж нэг газраас сэмээрхэн явж, Өөрийн эхлүүлсэн шинэ ажлыг өөр газарт чимээгүйхэн хийдэг. Энэ нь мэдрэлгүй болсон хүмүүст ер бусын мэт санагддаг. Хүмүүс үргэлж хуучныг дээдэлж, танил бус шинэ зүйлсэд дайсагнан ханддаг, эсвэл тэдгээрийг яршигтай хэмээн үздэг. Иймээс Бурхан ямар ч шинэ ажил хийлээ гэсэн, эхнээс нь бүр төгсгөл хүртэл бүх зүйлийн дундаас хүн л хамгийн сүүлд үүнийг мэддэг.

Хуулийн эрин үе дэх Еховагийн ажил дууссаны дараа Бурхан ердийнхөөрөө хоёр дахь үе шатны шинэ ажлаа эхлүүлэн, махбод авч—арав, хорин жилийн турш бие махбодтой хүн болж—итгэгчдийн дунд ярьж, Өөрийн ажлыг хийсэн. Гэсэн ч бүгд ялгаагүй, нэг нь ч мэдээгүй ба Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, дахин амилсны дараа Тэр бол махбод болсон Бурхан мөн гэдгийг цөөн тооны хүн л хүлээн зөвшөөрсөн. Асуудал нь гэвэл, үхэн үхтлээ Бурхантай дайсагнадаг Паул хэмээх нэгэн гарч ирсэн. Цохигдож, элч болсныхоо дараа ч Паул хуучин уг чанараа өөрчлөөгүй ба Бурханыг эсэргүүцэх замаар үргэлжлүүлэн алхсан юм. Паул ажиллаж байх хугацаандаа олон захидал бичсэн; харамсалтай нь, дараагийн үеийнхэн нь түүний захидлуудыг Бурханы үг хэмээн таашаан үзэж, Шинэ Гэрээнд ч оруулаад, тэдгээрийг Бурханы хэлсэн үгтэй андуурсан юм. Энэ нь Судар бий болсноос хойш тохиолдсон туйлын гутамшигтай явдал билээ! Энэ алдаа нь хүний дээд зэргийн тэнэглэлээс үүдэн гараагүй гэж үү? Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын тэмдэглэлд Бурханы ажил, үг гэж тооцуулахын тулд хүний захидал буюу сүнслэг бичээсийг ер нь оруулах ёсгүй гэдгийг тэд огтхон ч мэдээгүй. Гэхдээ энэ гол зүйлтэй хамаагүй тул анхдагч сэдэвтээ эргэн оръё. Бурханы ажлын хоёр дахь үе шат биелмэгц—цовдлолын дараа—хүнийг нүглээс буцаан авах (өөрөөр хэлбэл, хүнийг Сатаны гараас буцаан авах) Бурханы ажил биелсэн. Иймд тэр мөчөөс эхлэн хүн төрөлхтөн нүглээ уучлуулахын тулд зөвхөн Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн авахад л болох байв. Нэр төдий хэлэхэд, авралд хүрч, Бурханы өмнө очиход хүний нүгэл цаашид саад болохоо больж, Сатан хүнийг буруутгах хөшүүрэг байхаа больсон. Яагаад гэвэл, Бурхан Өөрөө бодит ажил хийж, нүгэлт бие махбодын төрх, урьдач загвар болсон бөгөөд Бурхан Өөрөө нүглийн тахил байсан юм. Ийм маягаар энэ нүгэлт бие махбодын төрх болох Бурханы махбодоор дамжуулан хүн загалмайнаас бууж, золилт, авралыг хүртсэн. Иймээс Сатанд олзлогдсоны дараа хүн Бурханы өмнө аврал хүлээн авахад нэг алхам илүү ойртсон. Мэдээж, ажлын энэ үе шат нь Хуулийн эрин үеийн Бурханы удирдлагаас илүү гүн гүнзгий, илүү ахисан түвшнийх байлаа.

Бурханы удирдлага ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханд хэрхэн шүтэн мөргөх, яагаад Бурханд дуулгавартай байх шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгч, Сатаны завхралд өртүүлдэг. Дараа нь хүн Бурханд бүрэн шүтэн мөргөж, Сатаныг голох хүртэл Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ бол Бурханы удирдлага юм. Энэ бүхэн үлгэр домог шиг сонсогдож магадгүй; мөн ээдрээтэй санагдаж магадгүй. Хүмүүст энэ нь үлгэр домог шиг санагддаг, учир нь өнгөрсөн хэдэн мянган жилд хүнд хэчнээн их зүйл тохиолдсоныг тэд мэддэггүй, сансар, огторгуйд хэчнээн олон үйл явдал тохиосныг бүр ч мэддэггүй. Түүнчлэн, материаллаг ертөнцөөс цааш оршдог, хүний эгэл нүдээр харах аргагүй илүү гайхалтай, илүү айдас төрүүлэм ертөнцийг тэд ойлгож чаддаггүй. Энэ нь хүнд ойлгохын аргагүй санагддаг, учир нь Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болон Бурханы удирдлагын ажлын утга учрын тухай ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг ямар байгаасай гэж хүсдэгийг хүн ухаардаггүй. Сатанаар огт завхруулагдаагүй Адам, Еватай адил байгаасай гэж хүсдэг үү? Үгүй! Бурханы удирдлагын зорилго нь Бурханд шүтэн мөргөж, Түүнийг дуулгавартай дагадаг бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүмүүсийг Сатан завхруулсан хэдий ч тэд Сатаныг өөрсдийн эцэг гэж үзэхээ больж, Сатаны үзэшгүй муухай царайг таниад түүнийг голдог ба Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахаар Бурханы өмнө ирдэг. Тэд муу муухай болон ариун зүйлийн хоорондох ялгааг мэдэж авч, Бурханы агуу байдал, Сатаны ёрын мууг таньж мэддэг. Ийм хүн төрөлхтөн цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй, эсвэл Сатаныг тахихгүй. Учир нь, тэд бол Бурханаар үнэхээр авхуулсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм. Өнөө үеийн Бурханы удирдлагын ажлын үед хүн төрөлхтөн бол Сатаны завхрал, Бурханы авралын аль алиных нь бай бөгөөд Бурхан, Сатан хоёрын тэмцэлддэг бүтээгдэхүүн билээ. Бурхан Өөрийн ажлыг хийхийн зэрэгцээ хүн төрөлхтнийг Сатаны гараас алхам алхмаар буцаан авдаг тул хүн Бурханд улам бүр ойр болдог…

Тэгээд дараа нь Хаанчлалын эрин үе ирсэн ба энэ нь ажлын илүү бодитой үе шат атлаа хүн хүлээн авахад хамгийн хэцүү нь юм. Учир нь, хүн Бурханд ойртон очих тусам Бурханы саваа хүнд улам ойртдог ба Бурханы царай хүний өмнө улам тодорхой илчлэгддэг. Хүн төрөлхтөн золин аврагдсаны дараа хүн албан ёсоор Бурханы гэрт буцаж очдог. Одоо үе бол зугаа цэнгэлийн цаг гэж хүн бодсон боловч хэний ч урьдчилан мэдэж чадахааргүй Бурханы шууд ширүүн дайралтад өртсөн: Энэ нь Бурханы ардуудын “эдлэх” ёстой баптисм байж таарсан. Тийм хандлага дор хүмүүс түр зогсоод, “Би бол олон жил төөрсөн Хурга бөгөөд Бурхан намайг буцааж худалдан авахын тулд маш ихийг зарцуулсан, тэгвэл Бурхан надад яагаад ингэж хандаж байгаа юм бэ? Намайг шоолж, намайг илчлэх Бурханы арга зам энэ гэж үү? …” хэмээн бодохоос өөр аргагүйд хүрдэг. Олон жил өнгөрсний дараа хүн цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулаад хашир болсон. Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн “алдар суу” болон “романтик байдлаа” алдсан ч хүний биеэ авч явах зарчмыг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлсэн ба хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлсэн юм. Хүн харанхуй бүдүүлэг байдлаа аажмаар үзэн ядаж эхэлдэг. Тэр өөрийнхөө хэчнээн зэрлэг догшныг, Бурханд хандах бүх үл ойлголцлоо болон Түүнд тавьж байсан үндэслэлгүй шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг буцааж болохгүй. Өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харуусал дүүрэн дурсамж болж, Бурханы үг болон хайр хүний шинэ амьдралыг хөдөлгөгч хүч болдог. Хүний шарх өдөр өдрөөр эдгэрч, хүч чадал нь эргэн ирэхэд хүн өндийн босож, Төгс Хүчитийн царайг хараад … Тэр үргэлж миний хажууд байсан ба Түүний инээмсэглэл, Түүний үзэсгэлэнт царай маш сэтгэл хөдөлгөм хэвээр байж, Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө зовнисоор байдаг, Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүчирхэг хэвээр гэдгийг л олж мэддэг. Хүн Еден цэцэрлэгт буцаж очсон мэт байдаг, гэхдээ энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсохгүй, цаашид Еховагаас нүүр буруулахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм тахилыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь!

Бурханы хайр, энэрэл нь Түүний удирдлагын ажлын нарийн учир нэг бүрд шингэдэг ба хүмүүс Бурханы сайн санааг ойлгож чадах эсэхээс үл хамааран Тэр биелүүлэхээр зорьсон ажлаа цуцалтгүйгээр хийсээр байдаг. Бурханы удирдлагыг хүмүүс хэр их ойлгодгоос үл хамааран, Бурханы ажлын хүнд авчирсан тусламж, ач тусыг хүн бүр ойлгож чадна. Өнөөдөр чи Бурханы өгсөн хайр, эсвэл амийн хангалтыг юуг ч мэдрээгүй байж магад, гэхдээ Бурханыг орхиогүй, үнэнийг эрж хайх шийдвэрээ хаяагүй байгаа цагт Бурханы инээмсэглэл чамд харагдах өдөр ирэх болно. Бурханы удирдлагын ажлын зорилго нь Сатанаар завхруулагдсан, Бурханыг эсэргүүцдэг хүмүүсийг орхих биш, харин Сатаны эрхшээл дор байгаа хүмүүсийг буцаан авах явдал юм.

2005 оны 9 дүгээр сарын 23

Өмнөх: Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг

Дараах: Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх