Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага

Одоо та нар Бурханы ардууд болохоор эрэлхийлж, бүх зүйл зөв замд орж эхэлнэ. Бурханы ардууд байна гэдэг нь Хаанчлалын эрин үед орно гэсэн үг юм. Өнөөдөр та нар албан ёсоор хаанчлалын сургалтад орж эхэлдэг бөгөөд ирээдүйн амьдрал чинь урьдынх шигээ назгай, хайнга байхаа болино; тийм маягаар амьдарвал Бурханы шаардсан стандартад хүрэх боломжгүй. Хэрвээ чи жаахан ч гэсэн яардаггүй бол чамд өөрийгөө сайжруулах хүсэл байхгүй, чиний эрэл хайгуул будилуу, мунгинуу байгааг энэ нь харуулдаг бөгөөд чи Бурханы хүслийг биелүүлэх чадваргүй. Хаанчлалын сургалтад орох гэдэг нь Бурханы ардын амьдралаар амьдарч эхэлнэ гэсэн үг—чи тийм сургалтыг хүлээн авахад бэлэн байна уу? Яарсан мэдрэмжтэй байхад бэлэн үү? Бурханы сахилгажуулалт дор амьдрахад бэлэн үү? Бурханы гэсгээлт дор амьдрахад бэлэн үү? Бурханы үг чам дээр ирж, чамайг турших үед чи хэрхэн үйлдэх вэ? Бүх төрлийн баримттай тулгарах үедээ чи юу хийх вэ? Урьд нь чи амь дээр анхаарлаа төвлөрүүлээгүй; өнөөдөр чи амь-бодит байдалд орж, амь зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой. Энэ нь хаанчлалын ардуудын биелүүлэх ёстой зүйл юм. Бурханы ард болох бүх хүн амийг эзэмших ёстой бөгөөд хаанчлалын сургалтыг хүлээн авч, амь зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой. Хаанчлалын ардуудаас Бурханы шаарддаг зүйл энэ юм.

Хаанчлалын ардуудад Бурхан дараах шаардлагыг тавьдаг:

1. Тэд Бурханы даалгаврыг хүлээн авах ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн өдрүүдийн ажилд хэлэгдсэн бүх үгийг хүлээн авах ёстой.

2. Тэд хаанчлалын сургалтад орох ёстой.

3. Тэд зүрх сэтгэлээ Бурханаар хөдөлгүүлэхээр эрэлхийлэх ёстой. Зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрмөсөн эргэж, хэвийн сүнслэг амьдралтай болох үедээ чи эрх чөлөөтэй ертөнцөд амьдарна, энэ нь Бурханы хайрын халамж, хамгаалалт дор амьдарна гэсэн үг юм. Бурханы халамж, хамгаалалт дор амьдрах үедээ л чи Бурханд харьяалагдана.

4. Тэд Бурханаар авхуулах ёстой.

5. Тэд газар дээрх Бурханы алдрын илрэл болох ёстой.

Энэ таван зүйл бол та нарт Миний даалгасан даалгавар юм. Би үгээ Бурханы ардуудад хэлдэг бөгөөд хэрвээ чи эдгээр даалгаврыг хүлээн авах дургүй байгаа бол Би хүчлэхгүй—гэхдээ тэдгээрийг үнэхээр хүлээн авбал чи Бурханы хүслийг биелүүлж чадна. Өнөөдөр та нар Бурханы даалгаврыг хүлээн авч эхэлдэг ба хаанчлалын ардууд болж, хаанчлалын ардуудаас шаарддаг стандартад хүрэхээр эрэлхийлдэг. Энэ нь оролтын эхний алхам юм. Хэрвээ чи Бурханы хүслийг бүрэн биелүүлэхийг хүсвэл энэ таван даалгаврыг хүлээн авах ёстой ба тэдгээрийг биелүүлж чадвал Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж, Бурханд асар их ашиглагдах нь гарцаагүй. Өнөөдрийн хамгийн чухал зүйл бол хаанчлалын сургалтад орох явдал юм. Хаанчлалын сургалтад орох нь сүнслэг амьдралтай хамаатай. Урьд нь сүнслэг амьдралын талаар огт яриагүй, харин өнөөдөр хаанчлалын сургалтад орж эхлэхдээ чи албан ёсоор сүнслэг амьдралд ордог.

Сүнслэг амьдрал гэж ямархуу амьдрал вэ? Сүнслэг амьдрал гэдэг нь, зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрмөсөн эргэсэн, Бурханы хайрыг анхаарч чаддаг амьдрал юм. Энэ нь Бурханы үгэн дотор амьдардаг, зүрх сэтгэлийг чинь өөр юу ч эзэмддэггүй, Бурханы өнөөгийн хүслийг ухаарч чаддаг, мөн үүргээ биелүүлэхийн тулд Ариун Сүнсний өнөөгийн гэрлээр замчлуулдаг амьдрал юм. Хүн, Бурхан хоёрын хоорондох ийм амьдрал нь сүнслэг амьдрал мөн. Хэрвээ чи өнөөдрийн гэрлийг дагаж чаддаггүй бол Бурхантай харилцах харилцаанд чинь зай гарч, тэр ч байтугай таслагдсан байж болох бөгөөд чамд хэвийн сүнслэг амьдрал байдаггүй. Бурхантай харилцах хэвийн харилцаа нь Бурханы өнөөгийн үгийг хүлээн авсан суурин дээр бий болдог. Чи хэвийн сүнслэг амьдралтай юу? Бурхантай хэвийн харилцаатай юу? Чи Ариун Сүнсний ажлыг дагадаг нэгэн мөн үү? Хэрвээ чи Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бөгөөд Бурханы үгэн дотроос хүслийг нь ухаарч, эдгээр үгэнд орж чаддаг бол Ариун Сүнсний урсгалыг дагадаг нэгэн мөн. Хэрвээ Ариун Сүнсний урсгалыг дагаж чадахгүй бол үнэнийг эрж хайдаггүй хүн гэдэг чинь эргэлзээгүй. Өөрсдийгөө сайжруулах хүсэлгүй хүмүүсийн дотор Ариун Сүнс ажиллах ямар ч боломжгүй бөгөөд үүний үрээр тийм хүмүүс хүч чадлаа дайчилж хэзээ ч чаддаггүй, үргэлж идэвхгүй байдаг. Өнөөдөр чи Ариун Сүнсний урсгалыг дагадаг уу? Ариун Сүнсний урсгалд байдаг уу? Чи идэвхгүй байдлаас гарсан уу? Бурханы үгэнд итгэдэг, Бурханы ажлыг сууриа болгож, Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байгаа. Хэрвээ чи, Бурханы үг маргаангүй үнэн, зөв гэж итгэдэг бол; Бурхан юу ч хэлсэн бай, үгэнд нь итгэдэг бол Бурханы ажилд орохоор эрэлхийлдэг хүн бөгөөд ийм маягаар чи Бурханы хүслийг биелүүлдэг.

Ариун Сүнсний урсгалд орохын тулд чи Бурхантай хэвийн харилцаатай байх ёстой бөгөөд эхлээд идэвхгүй байдлаасаа ангижрах ёстой. Зарим хүн үргэлж олонхыг дагадаг ба зүрх сэтгэл нь Бурханаас хэтэрхий хол хадуурсан байдаг; тийм хүмүүст өөрсдийгөө сайжруулах ямар ч хүсэл байдаггүй бөгөөд эрэлхийлдэг стандарт нь дэндүү доогуур байдаг. Бурханыг хайрлах, Бурханаар авхуулах эрэл хайгуул л Бурханы хүсэл юм. Бурханы хайрыг хариулахын тулд мөс чанараа л ашигладаг хүмүүс байдаг боловч энэ нь Бурханы хүсэлд нийцэж чадахгүй; чи өндөр стандартыг эрэлхийлэх тусам, энэ нь Бурханы хүсэлтэй төдий чинээ зохицолтой байх болно. Хэвийн хүн болохын хувьд, мөн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг хүн болохын хувьд хаанчлалд орж, Бурханы ардуудын нэг болох нь та нарын жинхэнэ ирээдүй бөгөөд дээд зэргийн үнэ цэн, ач холбогдолтой амьдрал юм; та нараас илүү ерөөгдсөн хэн ч байхгүй. Би яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь Бурханд итгэдэггүй хүмүүс махан биеийн төлөө, Сатаны төлөө амьдардаг, гэхдээ өнөөдөр та нар Бурханы төлөө амьдарч, Бурханы хүслийг биелүүлэхээр амьдардаг. Тийм учраас, та нарын амьдрал дээд зэргийн ач холбогдолтой гэж Би хэлдэг. Бурханы сонгосон энэ бүлэг хүмүүс л дээд зэргийн ач холбогдолтой амьдралыг амьдран харуулж чаддаг: Газар дэлхий дээр өөр хэн ч тийм үнэ цэн, утга учиртай амьдралыг амьдран харуулж чадахгүй. Та нарыг Бурхан сонгож, Бурхан өргөсөн учраас, түүнчлэн та нарыг гэх Бурханы хайраас болж та нар жинхэнэ амьдралд хүрч, дээд зэргийн үнэ цэнэтэй амьдралаар хэрхэн амьдрах тухай мэдсэн. Энэ нь та нарын эрэл хайгуул сайнаас болоогүй, харин Бурханы нигүүлслээс болсон юм; та нарын сүнслэг нүдийг Бурхан нээж, зүрх сэтгэлийг чинь Бурханы Сүнс хөдөлгөж, Түүний өмнө очих сайн зол завшаан өгсөн билээ. Хэрвээ Бурханы Сүнс та нарыг гэгээрүүлээгүй бол та нар Бурханы хайр татам байдлыг харах чадваргүй байх байсан, мөн Бурханыг хайрлах ч боломжгүй байх байсан. Үндсэндээ Бурханы Сүнс хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөсөн учраас л тэдний зүрх сэтгэл Бурхан руу эргэсэн. Заримдаа Бурханы үгийг таашааж байх үед сүнс чинь хөдөлж, чи өөрийн эрхгүй Бурханыг хайрлаж, дотор чинь асар их хүч чадал байгааг, чиний хувьд хойш тавьж чадахгүй юу ч байхгүй гэдгийг мэдэрдэг. Хэрвээ чамд ингэж санагддаг бол Бурханы Сүнс чамайг хөдөлгөж, зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрэн эргэсэн бөгөөд чи Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Биднийг үнэхээр Та урьдчилан тогтоож, сонгосон. Таны алдар надад бахархал хайрлаж, Таны ардуудын нэг байх нь миний хувьд алдар цуутай санагддаг. Таны хүслийг биелүүлэхийн тулд би юуг ч зарлагадаж, юуг ч өгнө, өөрийн бүх амьдрал, насан туршийн бүхий л эрч хүчийг Танд зориулна” гэж хэлнэ. Ингэж залбирах үед зүрх сэтгэлд чинь Бурханыг гэх эцэс төгсгөлгүй хайр болон жинхэнэ дуулгавартай байдал байх болно. Чамд ер нь иймэрхүү туршлага байсан уу? Хэрвээ хүмүүсийн сэтгэлийг Бурханы Сүнс үргэлж хөдөлгөдөг бол тэд ялангуяа залбиралдаа өөрсдийгөө Бурханд зориулахад бэлэн байдаг: “Өө Бурхан минь! Би Таны алдрын өдрийг харахыг хүсэж байна, би Таны төлөө амьдрахыг хүсэж байна—Таны төлөө амьдрахаас илүү үнэ цэнтэй, утга учиртай юу ч үгүй бөгөөд надад Сатан болон махан биеийн төлөө амьдрах өчүүхэн төдий ч хүсэл алга. Өнөөдөр Таны төлөө амьдрах боломж олгосноороо Та намайг өргөсөн.” Ийм маягаар залбирах үедээ чи, зүрх сэтгэлээ Бурханд өгөхгүй байж чадахгүй гэдгээ, Бурханыг олж авах ёстойгоо, амьд ахуйдаа Бурханыг олж авалгүйгээр үхэж тэвчихгүй гэдгээ мэдэрнэ. Ийм залбирал хэлсний дараа чиний дотор барагдашгүй их хүч байх ба энэ нь хаанаас ирдгийг чи мэдэхгүй; зүрх сэтгэл чинь хязгааргүй их хүч чадалтай байж, Бурхан бол маш хайр татам, Түүнийг хайрлууштай гэдгийг чи мэдэрнэ. Энэ үед Бурхан сэтгэлийг чинь хөдөлгөсөн байх болно. Ийм туршлагатай бүх хүний сэтгэлийг Бурхан хөдөлгөсөн байдаг. Бурхан үргэлж сэтгэлийг нь хөдөлгөдөг хүмүүсийн амь нь өөрчлөгддөг, тэд шийдвэрээ гаргаж чаддаг, Бурханыг бүрэн олж авахад бэлэн байдаг, зүрх сэтгэл дэх Бурханыг гэх хайр нь илүү хүчтэй байж, зүрх сэтгэл нь Бурхан руу бүрмөсөн эргэсэн байдаг, тэд гэр бүл, дэлхий ертөнц, ээдрээтэй асуудлууд, эсвэл өөрсдийн ирээдүйг тоодоггүй, мөн насан туршийн эрч хүчээ Бурханд зориулахад бэлэн байдаг. Бурханы Сүнсээр хөдөлгөгдсөн бүх хүн бол үнэнийг эрэлхийлдэг, Бурханаар төгс болгуулах итгэл найдвартай хүмүүс юм.

Чи зүрх сэтгэлээ Бурхан руу хандуулсан уу? Чиний зүрх сэтгэлийг Бурханы Сүнс хөдөлгөсөн үү? Хэрвээ чамд тийм туршлага огт байгаагүй бол, хэрвээ чи хэзээ ч ийм маягаар залбирч байгаагүй бол зүрх сэтгэлд чинь Бурхан ямар ч зай эзэлдэггүй гэдгийг энэ нь харуулдаг. Бурханы Сүнсээр замчлуулдаг, Бурханы Сүнсээр хөдөлгөгдсөн бүх хүн Бурханы ажлыг эзэмшдэг нь Бурханы үг болон хайр тэдний дотор үндэслэсэн гэдгийг харуулдаг. Зарим хүн ингэж хэлдэг: “Би залбиралдаа чам шиг чин үнэнч байдаггүй, бас Бурхан миний сэтгэлийг тийм ч их хөдөлгөдөггүй; заримдаа бясалгаж, залбирах үедээ би Бурхан хайр татам гэдгийг мэдэрч, миний зүрх сэтгэлийг Бурхан хөдөлгөдөг.” Хүний зүрх сэтгэлээс илүү чухал юу ч үгүй. Зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэх үед бүхий л оршихуй чинь Бурхан руу эргэсэн байх ба тэр үед зүрх сэтгэлийг чинь Бурханы Сүнс хөдөлгөсөн байх болно. Та нарын дундаас ихэнхэд нь ийм туршлага байгаа—зүгээр л туршлагын чинь гүн гүнзгий байдал нь адилхан биш. Зарим хүн: “Би залбирлын олон үг хэлдэггүй, зүгээр л бусдын яриаг сонсоод миний доторх хүч чадал нэмэгддэг” гэж хэлдэг. Энэ нь сэтгэлийг чинь Бурхан хөдөлгөсөн гэдгийг харуулдаг. Зүрх сэтгэлийг нь Бурхан хөдөлгөсөн хүмүүс бусдын яриаг сонсох үедээ зоригждог; зоригжуулж урамшуулсан үгийг сонсох үедээ хүний зүрх сэтгэл огт хөдлөхгүй хэвээр байвал Ариун Сүнсний ажил түүний дотор байхгүй гэдгийг энэ нь баталдаг. Тэдний дотор хүсэл эрмэлзэл байдаггүй нь тэдэнд ямар ч шийдвэр байхгүй гэдгийг баталдаг, тиймээс тэдэнд Ариун Сүнсний ажил байдаггүй. Хэрвээ хүний сэтгэлийг Бурхан хөдөлгөсөн бол Бурханы үгийг сонсох үедээ тэрээр хариу үйлдэл үзүүлнэ; харин Бурхан сэтгэлийг нь хөдөлгөөгүй бол тэрээр Бурханы үгтэй холбогдоогүй, тэдгээртэй ямар ч хамаагүй байдаг бөгөөд гэгээрүүлэгдэж чадахгүй. Бурханы үгийг сонссон агаад ямар ч хариу үйлдэлгүй байсан хүмүүс нь Бурханаар хөдөлгөгдөөгүй хүмүүс юм—тэд бол Ариун Сүнсний ажилгүй хүмүүс билээ. Шинэ гэрлийг хүлээн авч чаддаг бүх хүний сэтгэл хөдөлсөн байдаг бөгөөд Ариун Сүнсний ажилтай байдаг.

Өөрийгөө үнэлээрэй:

1. Чи Ариун Сүнсний өнөөгийн ажлын дунд байгаа юу?

2. Зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэсэн үү? Чиний сэтгэлийг Бурхан хөдөлгөсөн үү?

3. Бурханы үг чиний дотор үндэслэсэн үү?

4. Чиний хэрэгжүүлэлт Бурханы шаардлагад суурилсан уу?

5. Чи Ариун Сүнсний өнөөгийн гэрлийн удирдамж дор амьдардаг уу?

6. Чиний зүрх сэтгэлийг хуучин үзэл захирдаг уу, эсвэл Бурханы өнөөгийн үг захирдаг уу?

Эдгээр үгийг сонсоод та нарын доторх хариу үйлдэл юу вэ? Ийм олон жил итгэчхээд чи Бурханы үгийг өөрийн амь болгосон уу? Урьдын завхарсан зан чанарт чинь өөрчлөлт гарсан уу? Бурханы өнөөгийн үгийн дагуу бол, амьтай байх болон амьгүй байх гэж юу гэсэн үг болохыг чи мэдэх үү? Энэ нь та нарт тодорхой байна уу? Бурханыг дагахад хамгийн чухал нь бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эрэлхийлж байна уу, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлж байна уу хамаагүй, бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрэлхийлдэг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй. Өөрийнх нь мөрийг дагадаг хүмүүсийг Бурхан хүсдэг. Урьд нь ойлгосон зүйл чинь хэчнээн гайхалтай, хольцгүй байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан, гэхдээ тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ бол эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, мөн Бурханы мөрийг дагаж чаддаг, улмаар Бурхан өөрсдийг нь хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгддөг хүмүүс билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй бөгөөд Бурхан тэднийг сайшаахгүй. Өнөөдөр, Бурханы өнөөгийн үгийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы өнөөгийн үгээс ангид хүмүүс Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүсийг Бурхан сайшаадаггүй. Ариун Сүнсний өнөөгийн айлдвараас салсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл бөгөөд Бурханы хүсэлтэй нийцэлтэй байх боломжгүй. Хэрвээ хүмүүс шашны үзэл дунд амьдардаг бол Бурханы хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй бөгөөд Бурханд үйлчиллээ ч гэсэн үзэл, төсөөллийнхөө дунд үйлчлэн, Бурханы хүслийн дагуу үйлчлэх ямар ч чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагаж чаддаггүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй ба Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чадахгүй. Бурхан Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух үйлчлэлийг хүсдэг; харин үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол үзэл дунд амьдардаг. Ийм хүмүүсийн үйлчлэл саад болж, үймүүлдэг бөгөөд ийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг. Тиймээс Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй; Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханыг гарцаагүй эсэргүүцдэг ба Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь Бурханы өнөөгийн хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэж чаддаг байж, өнөөдрийн Бурханд захирагдаж, Түүнийг дагаж, Бурханы хамгийн шинэ айлдваруудын дагуу орж чаддаг байна гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж, Бурханыг харж чаддаг төдийгүй хамгийн сүүлийн үеийн ажлаас нь Бурханы зан чанарыг мэдэж, хүний үзэл, дуулгаваргүй байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягддаг хүмүүс бүгдээрээ Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй, харин Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцдэг нь Бурхан шинэ ажил хийснээс болдог, мөн Бурханы дүр, өөрсдийнх нь үзэлд байдаг дүрээс өөр байгаагаас болдог—иймээс тэд Бурханыг илт эсэргүүцэж, шүүж, улмаар Бурхан тэднийг жигшин голоход хүрдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаар мэдэх нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Бурханы ажлыг эрж хайх санаатай байвал Бурханыг харж, Ариун Сүнсний шинэхэн удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг зориуд эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрэл юм уу Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй. Тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу, үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, мөн тэдний эрэл хайгуул болон санаа зорилгоос хамаардаг.

Ариун Сүнсний өнөөгийн айлдваруудыг дуулгавартай дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Тэд өмнө нь ямар байсан, эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгддөг бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй хүмүүс таягдан хаягддаг. Бурхан шинэ гэрлийг хүлээн авч чаддаг хүмүүсийг хүсдэг бөгөөд Өөрийнх нь хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авдаг, мэддэг хүмүүсийг хүсдэг. Та нарыг ухаалаг охид байх ёстой гэж яагаад хэлдэг вэ? Ухаалаг охид Ариун Сүнсний ажлыг эрж хайж, шинэ зүйлсийг ойлгож, цаашлаад хуучин үзлээ хойш тавьж, Бурханы өнөөдрийн ажлыг дуулгавартай дагаж чаддаг. Өнөөдрийн шинэ ажлыг хүлээн авдаг энэ бүлэг хүмүүсийг Бурхан аль эрт урьдчилан тогтоосон бөгөөд хамгийн их ерөөгдсөн хүмүүс билээ. Та нар Бурханы дуу хоолойг шууд сонсож, Бурханы илрэлтийг хардаг, иймээс тэнгэр газар даяар, эрин үеүдийн туршид хэн ч энэ бүлэг хүмүүс та нараас илүү ерөөгдөөгүй. Энэ бүхэн нь Бурханы ажлаас, Бурханы урьдчилан тогтоолт, сонголтоос, мөн Бурханы нигүүлслээс болж байгаа; хэрвээ Бурхан үг хэлж, Өөрийн үгийг айлдаагүй бол та нарын нөхцөл байдал өнөөдрийнх шиг байж чадах уу? Тиймээс Бурханд бүх алдар, магтаал нь байх болтугай, учир нь энэ бүхэн Бурхан та нарыг өргөснөөс болж байгаа юм. Чи эдгээр зүйлийг бодох үедээ идэвхгүй хэвээр байж чадах уу? Хүч чадлаа нэмэгдүүлж чадахгүй хэвээр байх уу?

Өнөөдөр Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, цохилт, цэвэршүүлэлтийг хүлээн авч, түүнчлэн Бурханы даалгаврыг хүлээн авч чадаж байгаа чинь эрин үеүдээс өмнө Бурханаар урьдчилан тогтоогдсон, тиймээс чи гэсгээгдэх үедээ хэтэрхий их гутрах ёсгүй. Та нарт хийгдсэн ажлыг болон та нарт хайрласан ерөөлийг хэн ч булаан авч чадахгүй, мөн та нарт өгсөн бүхнийг хэн ч булаан авч чадахгүй. Шашны хүмүүсийг та нартай харьцуулах аргагүй. Та нар Библийг тийм ч сайн мэддэггүй, шашны онолоор зэвсэглээгүй боловч Бурхан та нарын дотор ажилласан учраас та нар эрин үеүдийн туршид байсан хэнээс ч илүү ихийг олж авсан—иймээс энэ нь та нарын хамгийн агуу ерөөл билээ. Үүнээс үүдэн та нар Бурханд өөрсдийгөө бүр ч их зориулж, бүр ч их үнэнч байх ёстой. Бурхан чамайг өргөсөн учраас чи хичээл чармайлтаа нэмэгдүүлэх ёстой бөгөөд Бурханы даалгаврыг хүлээн авахад биеийн хэмжээгээ бэлдэх ёстой. Чи Бурханы өгсөн байр сууринд бат зогсож, Бурханы ардуудын нэг болохоор зорьж, хаанчлалын сургалтыг хүлээн авч, Бурханаар авхуулж, эцэст нь Бурханы алдар суут гэрчлэл болох ёстой. Ийм шийдвэр чамд байгаа юу? Хэрвээ чамд тийм шийдвэр байгаа бол эцэстээ чи Бурханаар авхуулж, Бурханы алдар суут гэрчлэл болох нь гарцаагүй. Гол чухал даалгавар бол Бурханаар авхуулж, Бурханы алдар суут гэрчлэл болох явдал гэдгийг чи ойлгох ёстой. Энэ нь Бурханы хүсэл билээ.

Ариун Сүнсний өнөөгийн үг бол Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн бөгөөд энэ хугацаанд Ариун Сүнс хүнийг байнга гэгээрүүлдэг нь Ариун Сүнсний ажлын чиг хандлага юм. Тэгвэл Ариун Сүнсний өнөөгийн ажлын чиг хандлага юу вэ? Энэ нь, хүмүүсийг Бурханы өнөөгийн ажил руу, хэвийн сүнслэг амьдрал руу удирдах явдал юм. Хэвийн сүнслэг амьдралд орох оролтод хэд хэдэн алхам бий:

1. Эхлээд чи зүрх сэтгэлээ Бурханы үгэнд зориулах ёстой. Чи Бурханы урьдын үгийг эрэлхийлэх ёсгүй бөгөөд тэдгээрийг судалж, эсвэл өнөөдрийн үгтэй харьцуулах ёсгүй. Харин ч чи өөрийнхөө зүрх сэтгэлийг Бурханы өнөөгийн үгэнд бүрмөсөн зориулах ёстой. Өнгөрсөн үеийн Бурханы үг, сүнслэг номууд, эсвэл бусад номлолын тэмдэглэлүүдийг уншихыг хүсдэг бөгөөд Ариун Сүнсний өнөөгийн үгийг дагадаггүй хүмүүс байвал тэд хамгийн тэнэг хүмүүс юм; Бурхан тийм хүмүүсийг жигшдэг. Хэрвээ чи Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг хүлээн авахад бэлэн байгаа бол зүрх сэтгэлээ Бурханы өнөөгийн айлдваруудад бүрмөсөн зориул. Энэ бол чиний биелүүлэх ёстой эхний зүйл юм.

2. Чи Бурханы өнөөдөр хэлсэн үгийн суурин дээр залбирч, Бурханы үгэнд орж, Бурхантай ярилцаж, Бурханы өмнө шийдвэр гаргаж, ямар стандартыг биелүүлэхээр зорих гэж байгаагаа тодорхойлох ёстой.

3. Чи Ариун Сүнсний өнөөгийн ажлын суурин дээр үнэнд гүн гүнзгий орохоор эрэлхийлэх ёстой. Урьдын хуучирсан айлдвар болон онолуудтай бүү зууралд.

4. Чи Ариун Сүнсээр хөдөлгөгдөхөөр эрж хайж, Бурханы үгэнд орох ёстой.

5. Өнөөдөр Ариун Сүнсний явж буй замд орохоор эрэлхийлэх ёстой.

Чи яаж Ариун Сүнсээр хөдөлгүүлэхээр эрж хайдаг вэ? Гол чухал зүйл бол Бурханы өнөөгийн үгэн дотор амьдарч, Бурханы шаардлагад суурилан залбирах явдал юм. Ийм маягаар залбирахад Ариун Сүнс гарцаагүй чиний сэтгэлийг хөдөлгөнө. Хэрвээ чи Бурханы өнөөдөр хэлсэн үгэнд үндэслэн эрж хайдаггүй бол энэ нь үр дүнгүй. Чи залбирч, ингэж хэлэх ёстой: “Өө Бурхан минь! Би Таныг эсэргүүцдэг, бас Танд маш их өртэй; би маш дуулгаваргүй агаад Таныг хангалуун байлгаж хэзээ ч чаддаггүй. Өө Бурхан минь, Та намайг авраасай гэж би хүсэж байна, эцсээ хүртэл Танд үйлчлэл үзүүлэхийг хүсэж байна, Таны төлөө үхэхийг хүсэж байна. Та намайг шүүж, гэсгээдэг, гэхдээ надад ямар ч гомдол байхгүй; би Таныг эсэргүүцдэг ба үхвэл таарна, ингэснээр бүх хүн миний үхлээс Таны зөвт зан чанарыг харж болох юм.” Ийм маягаар зүрх сэтгэлийнхээ гүнээс залбирах үед чинь Бурхан чамайг сонсож, чамайг залж чиглүүлнэ; хэрвээ чи Ариун Сүнсний өнөөгийн үгийн суурин дээр залбирдаггүй бол Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөх боломжгүй. Хэрвээ чи Бурханы хүслийн дагуу, Бурханы өнөөдөр хийхийг хүсэж байгаа зүйлийн дагуу залбирдаг бол ингэж хэлнэ: “Өө Бурхан минь! Би Таны даалгаврыг хүлээн авч, Таны даалгаварт үнэнч байхыг хүсэж байна, хийж байгаа бүхнээ Бурханы ардуудын стандартад хүргэхийн тулд бүхий л амьдралаа Таны алдрын төлөө зориулахыг хүсэж байна. Та миний сэтгэлийг хөдөлгөх болтугай. Таны Сүнс намайг үргэлж гэгээрүүлж, миний хийдэг бүхнээр Сатаныг шившиглэж, эцэст нь Та намайг олж аваасай гэж хүсэж байна.” Хэрвээ чи Бурханы хүсэл дээр төвлөрөн ийм маягаар залбирвал Ариун Сүнс гарцаагүй чиний дотор ажиллана. Залбирлын чинь үг хэчнээн олон байх нь хамаагүй—Бурханы хүслийг ухаарсан уу, үгүй юу гэдэг чинь гол нь юм. Та нарт бүгдэд нь дараах туршлага байгаа байх: Заримдаа цуглаан дээр залбирч байхад Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн оргилдоо хүрч, хүн бүрийн хүч чадлыг нэмэгдүүлдэг. Зарим хүн залбирах зуураа гашуунаар уйлан, нулимс асгаруулж, Бурханы өмнө харуусалд автдаг ба зарим хүн шийдвэрээ харуулж, тангараг өргөдөг. Тэр нь Ариун Сүнсний ажлаар хүрдэг үр дүн юм. Өнөөдөр бүх хүн Бурханы үгэнд зүрх сэтгэлээ зориулах нь хамгийн чухал. Урьд нь хэлэгдсэн үгэнд бүү төвлөр; хэрвээ чи өмнө нь болж өнгөрсөн зүйлтэй зууралдсаар байвал Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй. Энэ нь хэчнээн чухал болохыг чи харав уу?

Та нар Ариун Сүнсний өнөөгийн алхаж байгаа замыг мэдэх үү? Дээр дурдсан хэдэн зүйл бол өнөөдөр, бас ирээдүйд Ариун Сүнсний гүйцэлдүүлэх зүйл юм; тэдгээр нь Ариун Сүнсний явдаг зам бөгөөд хүний эрэлхийлэх учиртай оролт билээ. Амийн оролтдоо чи ядаж л зүрх сэтгэлээ Бурханы үгэнд зориулж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч чаддаг байх ёстой; чиний зүрх сэтгэл Бурханыг хүсэн эрмэлзэх ёстой ба чи үнэний гүн гүнзгий оролтыг болон Бурханы шаардсан зорилгыг эрэлхийлэх ёстой. Чамд ийм хүч чадал байгаа бол сэтгэлийг чинь Бурхан хөдөлгөж, зүрх сэтгэл чинь Бурхан руу хандаж эхэлснийг энэ нь харуулдаг.

Амийн оролтын эхний алхам нь зүрх сэтгэлээ Бурханы үгэнд бүрэн зориулах явдал бөгөөд хоёр дахь алхам нь Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөхийг хүлээн авах явдал юм. Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөхийг хүлээн авснаар хүрэх үр дүн юу вэ? Энэ нь, илүү гүн гүнзгий үнэнийг хүсэн эрмэлзэж, эрж хайж, судалж шинжлэх чадвартай байх болон эерэг байдлаар Бурхантай хамтран ажиллах чадвартай байх явдал юм. Өнөөдөр чи Бурхантай хамтран ажилладаг, өөрөөр хэлбэл, эрж хайж, залбирч, Бурханы үгийг ярилцахдаа зорилготой байдаг ба Бурханы шаардлагад нийцүүлэн үүргээ биелүүлдэг—зөвхөн энэ л Бурхантай хамтран ажиллах явдал юм. Хэрвээ чи Бурханаар хийлгэх тухай л ярьдаг боловч өөрөө ямар ч үйлдэл хийдэггүй, залбирдаггүй, бас эрж хайдаггүй бол үүнийг яаж хамтын ажиллагаа гэж нэрлэж болох юм бэ? Хэрвээ чамд хүний хамтын ажиллагааны ямар ч ул мөр байхгүй, зорилго бүхий оролтын сургалт байхгүй бол үүнийг хамтран ажиллаж байна гэж хэлэхгүй. Зарим хүн: “Бүх зүйл Бурханы урьдчилан тогтоолтоос хамаардаг, энэ бүгдийг Бурхан Өөрөө хийдэг; хэрвээ Бурхан үүнийг хийгээгүй бол хүн яаж чадах юм бэ?” гэдэг. Бурханы ажил хэвийн, өчүүхэн төдий ч ер бусын зүйлгүй бөгөөд идэвхтэй эрж хайснаар чинь л дамжуулан Ариун Сүнс ажилладаг, учир нь Бурхан хүнийг хүчилдэггүй—чи Бурханд ажиллах боломж олгох ёстой ба эрж хайдаггүй, эсвэл ордоггүй, өчүүхэн төдий ч хүсэн тэмүүлэх зүрх сэтгэлгүй бол Бурхан огт ажиллах боломжгүй. Бурханаар хөдөлгөгдөхийн тулд чи ямар замаар эрж хайж болох вэ? Залбирлаар, мөн Бурхантай ойр дотно болсноор. Гэхдээ хамгийн чухал нь, энэ нь Бурханы хэлсэн үгэнд үндэслэх ёстойг сана. Бурхан сэтгэлийг чинь байнга хөдөлгөх үед чи махан биед захирагддаггүй: Нөхөр, эхнэр, хүүхдүүд, мөнгө—тэдгээр нь бүгд чамайг дөнгөлөх чадваргүй бөгөөд чи үнэнийг эрэлхийлж, Бурханы өмнө амьдрахыг л хүснэ. Энэ үед чи эрх чөлөөт ертөнцөд амьдардаг хүн байх болно.

Өмнөх: Бурханы өнөөдрийн ажлыг мэддэг хүмүүс л Бурханд үйлчилж болно

Дараах: Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх