Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал

Би та нарыг олон зүйлд хүрнэ гэж найддаг ч та нарын бүх үйлдэл, амьдралын чинь бүх байдал Миний шаардсан зүйлийг бүрэн биелүүлж чаддаггүй, иймээс шууд гол зүйлдээ орж, Өөрийнхөө хүслийг та нарт тайлбарлахаас өөр сонголт Надад алга. Та нарын ялган таних чадвар дульхан, сонирхох чадвар ч мөн адил тааруухан болохоор Миний зан чанар, мөн чанарын талаар бараг юу ч мэддэггүй, тиймээс тэр талаар та нарт мэдэгдэх нь яаралтай асуудал болоод байна. Өмнө нь хэр ихийг ойлгосон чинь хамаагүй, эдгээр асуудлыг ойлгохыг хүсдэг эсэхээс чинь үл хамааран Би эдгээрийг бас л дэлгэрэнгүй тайлбарлах ёстой. Эдгээр асуудал та нарын огт мэддэггүй зүйл биш боловч эдгээрт агуулагддаг утга учрын талаар та нарт ихээхэн ойлголт, мэдлэг дутагддаг. Та нарын олонх нь ердөө л бүдэг бадаг ойлголттой байдаг ба тэр нь хагас дутуу, бүрэн бус байдаг. Үнэнийг илүү сайн хэрэгжүүлж, Миний үгийг илүү сайн хэрэгжүүлэхэд нэмэр болгохын тулд та нар эдгээр асуудлыг эн түрүүнд мэдэх ёстой гэж Би бодож байна. Тэгэхгүй бол та нарын итгэл тодорхойгүй, хуурамч агаад шашны шинж тэмдгээр дүүрэн хэвээр үлдэнэ. Хэрвээ чи Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол Түүний төлөө хийх учиртай ажлаа хийх боломжгүй болно. Хэрвээ чи Бурханы мөн чанарыг мэддэггүй бол Түүнийг хүндэлж, Түүнээс айх боломжгүй болно; харин жишимгүй хааш яаш байдал, булзаарал, түүнчлэн засаж боломгүй доромжлол л байх болно. Бурханы зан чанарыг ойлгох нь үнэхээр чухал бөгөөд Бурханы мөн чанарыг мэдэх явдлыг орхигдуулж болохгүй хэдий ч эдгээр асуудлыг хэн ч нягтлан шалгаж, эсвэл нарийвчлан судлаагүй. Та нар бүгдээрээ Миний гаргасан захиргааны зарлигийг үл тоомсорлосон нь харахад илт байдаг. Хэрвээ та нар Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол Түүний зан чанарт халдаж тун болзошгүй. Түүний зан чанарт халдах нь Бурханы Өөрийн уур хилэнг хүргэхтэй адилхан бөгөөд тэр тохиолдолд үйлдлийн чинь эцсийн үр дүн нь захиргааны зарлигийг зөрчсөн хэрэг болно. Бурханы мөн чанарыг мэдэх үедээ зан чанарыг нь ч ойлгож чадах бөгөөд Бурханы зан чанарыг ойлгох үедээ захиргааны зарлигийг ч бас ойлгосон байна гэдгээ чи одоо ухаарах хэрэгтэй. Мэдээж, захиргааны зарлигт агуулагддаг зүйлийн ихээхэн нь Бурханы зан чанарыг хөнддөг боловч захиргааны зарлигт Түүний зан чанар бүхэлдээ илэрхийлэгддэггүй; иймд та нар Бурханы зан чанарын талаарх ойлголтоо дахиад нэг алхам гүнзгийрүүлэх ёстой.

Би өнөөдөр та нартай энгийн нэг яриа яриагүй, иймээс та нар Миний үгэнд анхааралтай хандахаас гадна тэдгээрийг гүнээ эргэцүүлбэл зохино. Үүгээр Би юу гэж байна вэ гэвэл, та нар Миний хэлсэн үгэнд хэтэрхий бага хичээл чармайлт гаргасан. Мөн Бурханы зан чанарыг тунгаан бодохыг бүр ч хүсдэггүй; тийм чармайлт гаргадаг хүн ховорхон. Ийм учраас, та нарын итгэл бол гоёмсог, сүржин ярианаас цаашгүй гэж Би хэлдэг. Одоо ч гэсэн та нарын нэг нь ч эмзэг талаа засах гэж нухацтай хичээсэн нь огт үгүй. Та нарын төлөө амссан бүх зовлон шаналлын минь дараа та нар Миний урмыг хугалсан. Та нар Бурханыг огт тоодоггүй агаад амьдрал чинь үнэнгүй байдагт гайхах зүйлгүй. Ийм хүмүүсийг яаж ариун хүмүүс гэж үзэж болох юм бэ? Тэнгэрийн хууль тийм зүйлийг тэвчихгүй! Та нар энэ талаар маш бага ойлголттой байгаа тул илүү их цаг зарцуулахаас өөр сонголт Надад алга.

Бурханы зан чанар бол хүн бүхэнд маш хийсвэр санагддаг сэдэв бөгөөд түүнчлэн Түүний зан чанар хувь хүний зан ааштай адилгүй учир хэний ч хувьд хүлээн зөвшөөрөхөд амаргүй сэдэв билээ. Бурханд ч бас Өөрийн гэсэн баяр хөөр, уур хилэн, уй гашуу, аз жаргалын сэтгэл хөдлөл байдаг боловч эдгээр сэтгэл хөдлөл хүнийхээс ялгаатай. Бурханд Өөрийн гэсэн оршихуй болон эзэмшил байдаг. Түүний илэрхийлж, харуулдаг бүхэн бол Түүний мөн чанар, ялгамж чанарын төлөөлөл юм. Тэр юу болох, Түүнд юу байгаа, мөн Түүний мөн чанар, ялгамж чанар нь ямар ч хүн орлож чадахгүй зүйл юм. Түүний зан чанар нь хүн төрөлхтнийг гэх Түүний хайр, хүн төрөлхтнийг тайтгаруулах тайтгарал, хүн төрөлхтөнд хандах үзэн ядалт, мөн түүнээс гадна хүн төрөлхтний талаарх нэвт шувт ойлголтыг агуулдаг. Хүний зан ааш харин өөдрөг, золбоолог юм уу мэдрэлгүй байж болох юм. Бурханы зан чанар нь бүх зүйл болон амьд амьтдын Захирагч, Бүтээгчийн эзэмшдэг зүйл билээ. Түүний зан чанар нь нэр төр, хүч чадал, эрхэм дээд, агуу байдал болон хамгийн гол нь, дээдийн дээд байдлыг төлөөлдөг. Түүний зан чанар бол эрх мэдлийн бэлгэ тэмдэг, зөвт бүхний бэлгэ тэмдэг, сайн сайхан бүхний бэлгэ тэмдэг билээ. Түүнээс гадна, энэ нь харанхуй болон дайсны ямар ч хүчинд үл дийлдэх буюу довтлогдошгүй Түүний бэлгэ тэмдэг төдийгүй ямар ч бүтээгдсэн зүйлийн халдаж үл чадах (Өөрт нь халдахыг Тэр тэвчдэггүй) Түүний бэлгэ тэмдэг юм. Түүний зан чанар бол хамгийн дээд эрх мэдлийн бэлгэ тэмдэг билээ. Хэн ч, ямар ч хүмүүс Түүний ажлыг, Түүний зан чанарыг үймүүлж чадахгүй, болох ч үгүй. Харин хүний зан ааш бол амьтнаас жаахан давуу гэдгийнх нь бэлгэ тэмдэг төдий юм. Хүн өөрөө дангаараа эрх мэдэлгүй, бие даасан байдалгүй, өөрийгөө дийлэх чадваргүй, харин мөн чанартаа төрөл бүрийн хүмүүс, үйл явдал, юмсын эрхшээлд навталздаг нэгэн юм. Бурханы баяр хөөр нь зөвт байдал болон гэрлийн оршин тогтнол, үүслээс бий болдог, мөн харанхуй болон ёрын муу устсанаас бий болдог. Хүн төрөлхтөнд гэрэл болон сайхан амьдрал авчрахдаа Тэр баярладаг; Түүний баяр хөөр бол зөвт баяр хөөр, эерэг бүхний оршин тогтнолын бэлгэ тэмдэг, түүнээс гадна таатай байдлын бэлгэ тэмдэг юм. Бурханы уур хилэн нь, шударга бус явдлын оршин тогтнол, үймээн самууны хүн төрөлхтөнд нь учруулдаг хор хөнөөлөөс болж, мөн ёрын муу болон харанхуйн оршин тогтнолоос, үнэнийг хөөн зайлуулдаг зүйлсийн оршин тогтнолоос, цаашлаад сайн сайхан бүхнийг эсэргүүцдэг зүйлсийн оршин тогтнолоос болж төрдөг. Түүний уур хилэн бол бүх сөрөг зүйл оршин тогтнохоо болихын бэлгэ тэмдэг байдгаас гадна, Түүний ариун байдлын бэлгэ тэмдэг юм. Түүний уй гашуу нь, Өөрийнх нь итгэж найддаг боловч харанхуйд унасан хүн төрөлхтнөөс, хүн дээр хийдэг ажлынх нь үр дүн санаанд нь хүрдэггүйгээс, Өөрийнх нь хайрладаг хүн төрөлхтөн бүгд гэрэлд амьдарч чаддаггүйгээс болдог. Тэрээр гэмгүй хүн төрөлхтний төлөө, үнэнч боловч мэдлэггүй хүний төлөө, сайн боловч өөрийн гэсэн үзэл бодол дутмаг хүний төлөө гунигладаг. Түүний уй гашуу бол Түүний сайн сайхан болон өршөөлийн бэлгэ тэмдэг, гоо үзэсгэлэн, сайхан сэтгэлийн бэлгэ тэмдэг юм. Түүний аз жаргал мэдээж, Өөрийн дайснуудыг ялж, хүний чин сэтгэлийг олж авахаас үүсдэг. Үүнээс ч илүүтэйгээр, энэ нь дайсны бүх хүчийг хөөн зайлуулж, устгахаас бий болдог, мөн хүн төрөлхтөн сайн сайхан, амар амгалан амьдралыг хүлээн авдаг учраас бий болдог. Бурханы аз жаргал хүний баяр хөөртэй адилгүй; харин энэ нь сайн үр жимс хураах мэдрэмж, баяр хөөрөөс ч илүү агуу мэдрэмж юм. Түүний аз жаргал бол энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтөн зовлонгоос чөлөөлөгдөхийн бэлгэ тэмдэг, мөн хүн төрөлхтөн гэрлийн ертөнцөд орохын бэлгэ тэмдэг билээ. Нөгөө талаар, хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь бүгд өөрийнх нь хувийн ашиг сонирхлын төлөө гарч ирдгээс биш зөвт байдал, гэрэл, эсвэл сайхан зүйлийн төлөө байдаггүй, Тэнгэрээс хайрласан нигүүлслийн төлөө бүр ч байдаггүй. Хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь аминчхан агаад харанхуйн ертөнцөд харьяалагддаг. Тэдгээр нь Бурханы хүслийн төлөө оршдоггүй, Бурханы төлөвлөгөөний төлөө бүр ч оршдоггүй, иймээс хүн, Бурхан хоёрыг хэзээ ч зэрэгцүүлэн харьцуулж болохгүй. Бурхан үүрд дээдийн дээд, хэзээд эрхэмсэг байхад хүн үүрд олиггүй, үүрд үнэ цэнгүй байдаг. Яагаад гэвэл, Бурхан үүрд хүн төрөлхтний төлөө золиос гаргаж, зориулж байдаг; гэтэл хүн үүрд өөртөө л авч, өөрийнхөө төлөө зүтгэдэг. Бурхан хүн төрөлхтнийг оршин байлгахын төлөө хүч чадлаа үүрд дайчилдаг байхад хүн гэрлийн төлөө юм уу зөв шударга байдлын төлөө хэзээ ч, ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн хэсэг хугацаанд хичээл чармайлт гаргадаг ч гэсэн, тэр нь ганц цохилт ч дааж чаддаггүй, учир нь хүний хичээл чармайлт бусдын төлөө биш, үргэлж өөрийнх нь төлөө байдаг. Хүн үргэлж хувиа хичээдэг байхад Бурхан үүрд сэтгэл харамгүй байдаг. Бурхан бол шударга, сайн, сайхан бүхний эх сурвалж байхад хүн бол муухай, ёрын муу бүхнийг өвлөн авч, ил харуулдаг нэгэн юм. Бурхан шударга байдал болон гоо сайхны мөн чанараа хэзээ ч өөрчлөхгүй, харин хүн хэдийд ч, ямар ч нөхцөлд зөв шударга байдлаас урваж, Бурханаас холдон одохоос ер сийхгүй.

Миний хэлсэн өгүүлбэр болгон Бурханы зан чанарыг агуулдаг. Та нар Миний үгийг анхааралтай эргэцүүлсэн нь дээр, тэгвэл асар их ашиг тус хүртэх нь гарцаагүй. Бурханы мөн чанарыг ухаарахад маш хэцүү боловч та нар бүгдээрээ Бурханы зан чанарын тухай жаахан ч атугай мэднэ гэж Би итгэж байна. Тэгээд та нар Бурханы зан чанарт халдахгүй зүйл илүү ихийг хийснээ Надад харуулна гэж найдаж байна. Тэгвэл Миний санаа амарна. Жишээлбэл, Бурханыг цаг үргэлж зүрх сэтгэлдээ байлга. Аливааг үйлдэхдээ Түүний үгийн дагуу хий. Бүх зүйлээс Түүний санаа зорилгыг эрж хай, мөн Бурханыг үл хүндэлж, гутаах зүйл хийхийг цээрлэ. Чи өөрийнхөө зүрх сэтгэлийн хожмын хоосролоо дүүргэхийн тулд Бурханыг сэтгэлийнхээ мухарт хийж бүр ч болохгүй. Хэрвээ тэгэх юм бол Бурханы зан чанарт халдсан байх болно. Дахин хэлэхэд, чи насан туршдаа хэзээ ч Бурханыг хараан доромжилж, Түүнд гомдоллоогүй гэж үзье, мөн Түүний даалгасан бүхнийг зохих ёсоор биелүүлж, насан туршдаа Түүний бүх үгэнд захирагдаж чаддаг гэж үзье, тэгвэл чи захиргааны зарлигийг зөрчихөөс зайлсхийсэн байна. Жишээлбэл, хэрвээ чи хэзээ нэгэн цагт “Би яагаад Түүнийг Бурхан гэж боддоггүй юм бэ?”, “Эдгээр үг Ариун Сүнсний гэгээрлээс цаашгүй байх”, “Миний бодлоор бол, Бурханы хийдэг бүхэн зөв байх албагүй”, “Бурханы хүн чанар минийхээс давуу биш”, “Бурханы үг зүгээр л үнэмшилгүй” гэдэг ч юм уу, эсвэл өөр иймэрхүү шүүмжилсэн үг хэлж байсан бол нүглээ илүү олонтоо улайж, гэмш гэж Би чамд сануулж байна. Эс бөгөөс уучлуулах боломж чамд хэзээ ч гарахгүй, учир нь чи хүнд биш, харин Бурханд Өөрт нь халддаг. Чи хүнийг шүүмжилж байна гэж бодож болох ч Бурханы Сүнс тэгж үздэггүй. Түүний махбодыг үл хүндлэх нь Түүнийг үл хүндлэхтэй адилхан. Тэгэхээр хийсэн бүхэн чинь Бурханы зан чанарт халдсан бус уу? Бурханы Сүнсний хийдэг бүхэн нь махбодод хийсэн Түүний ажлыг хамгаалахын төлөө, энэхүү ажлыг сайн хийхийн төлөө байдаг гэдгийг чи санах ёстой. Хэрвээ үүнийг үл ойшоовол чи Бурханд итгэхдээ хэзээ ч амжилт гаргаж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ. Чи Бурханы уур хилэнг хүргэсэн учраас чамд сургамж өгөхийн тулд Тэр тохирох шийтгэлийг ашиглана.

Бурханы мөн чанарыг мэдэж авах нь ялихгүй асуудал биш. Чи Түүний зан чанарыг ойлгох ёстой. Ийм маягаар аажмаар, өөрийн мэдэлгүйгээр Бурханы мөн чанарыг мэдэж авна. Энэ мэдлэгт орохоороо чи илүү өндөр, илүү сайхан ертөнц рүү алхаж байгаагаа олж мэднэ. Эцэст нь чи үзэшгүй муухай сүнснээсээ ичихээс гадна ичгүүрээсээ нуугдах газар хаа ч үгүй гэж санагдана. Тэр үед Бурханы зан чанарт халдах үйлдэл чинь улам бүр багасаж, зүрх сэтгэл чинь Бурханыхтай улам бүр ойртож, Түүнийг гэх хайр зүрх сэтгэлд чинь аажмаар өсөн нэмэгдэнэ. Энэ бол хүн төрөлхтөн гайхалтай сайхан ертөнцөд орж буйн тэмдэг юм. Гэхдээ та нар үүнд хараахан хүрээгүй. Та нар бүгд хувь заяаныхаа төлөө яарч тэвддэг тул Бурханы мөн чанарыг мэдэх гэж оролдох сонирхол хэнд байх юм бэ? Ийнхүү үргэлжлэх юм бол та нар өөрийн мэдэлгүй захиргааны зарлигийг зөрчинө, учир нь та нар Бурханы зан чанарын талаар дэндүү бага ойлгодог. Иймээс та нарын одоо хийдэг зүйл Бурханы зан чанарын эсрэг зөрчлийн чинь суурийг тавьж байгаа бус уу? Бурханы зан чанар Миний ажлаас салшгүй гэдгийг ойлгохыг Би та нараас шаардаж байна. Учир нь, захиргааны зарлигийг байнга зөрчдөг бол та нарын дундаас хэн чинь шийтгэлээс зугтах юм бэ? Тэгвэл Миний ажил бүхэлдээ талаар өнгөрөх байсан бус уу? Тиймээс биеэ авч явах байдлаа нягтлан шалгахын зэрэгцээ өөрсдийн хийдэг алхамд хянуур бай гэж Би бас л шаардаж байна. Энэ нь та нарт Миний тавьдаг илүү өндөр шаардлага бөгөөд та нар бүгдээрээ үүнийг нарийвчлан авч үзэж, ул суурьтай анхаарна гэж Би найдаж байна. Та нарын үйлдэл Миний уур хилэнг асар ихээр бадраах өдөр ирэх юм бол та нар өөрсдөө л үр дагаврыг нь амсах ба өөр хэн ч та нарын оронд шийтгэл хүлээхгүй.

Өмнөх: Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө

Дараах: Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх