Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Агуулга

Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал

Хэдийгээр Бурханы зан чанарыг ойлгох нь үнэхээр чухал агаад Бурханы мөн чанарыг мэдэх явдлыг үл ойшоож болохгүй боловч эдгээр асуудлыг хэн ч нягтлан шалгаж, юмуу гүнзгий судлаагүй юм. Та нар бүгдээрээ Миний гаргасан захиргааны зарлигийг үл хэрэгсдэг нь харахад илт байдаг. Хэрэв Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол та нар Түүний зан чанарыг хялбар уурлуулах болно. Тийн уурлуулах нь Бурханыг Өөрийг нь хилэгнүүлэхтэй адилхан бөгөөд үйлдлийн чинь эцсийн үр дүн захиргааны зарлигийн эсрэг үйлдсэн зөрчил болдог. Бурханы зан чанарыг ойлгох нь Түүний мөн чанарыг мэдэхтэй холбоотой бөгөөд Бурханы зан чанарыг ойлгохын хамтаар захиргааны зарлигийн талаар ойлголт авдгийг одоо чи ухаарах учиртай. Мэдээж, захиргааны зарлигийн олон нь Бурханы зан чанарыг товч дурддаг боловч Түүний зан чанарыг тэдгээрт бүхэлд нь илэрхийлдэггүй. Иймд та нар Бурханы зан чанарын талаарх өөрсдийн ойлголтыг хөгжүүлэхдээ нэг алхам урагшлах хэрэгтэй.

Би өнөөдөр та нартай энгийн ярилцаж байгаа биш, иймээс та нар Миний үгэнд няхуур нямбай хандаж, цаашлаад тэдгээрийг гүнээ эргэцүүлбэл зохино. Үүгээр Би юу хэлж байна вэ гэвэл, та нар Миний хэлсэн үгсэд хэтэрхий жаахан хичээл чармайлт зориулжээ. Бурханы зан чанарын тухай гарч ирэхэд та нар энэ асуудлыг нухацтай тунгааж бодохыг бүр ч хүсдэггүй ба тийм чармайлт гаргадаг хүн ховорхон. Энэ шалтгааны улмаас та нарын итгэл бол зүгээр л гоёмсог, сүржин яриа юм гэж Би хэлдэг. Одоо ч гэсэн та нарын нэг нь ч өөрсдийн хамгийн гайтай сул талд ямар ч нухацтай чармайлт зориулаагүй. Та нарын төлөө Миний амссан бүх зовлон шаналлын дараа та нар Миний урмыг хугалсан. Та нар Бурханыг огтхон ч тоодоггүй агаад үнэнгүй амьдралаар амьдардагт гайхах зүйлгүй. Иймэрхүү хүмүүсийг яаж ариун хүмүүс гэж үзэж болох юм бэ? Тэнгэрийн хууль тийм зүйлийг тэвчихгүй! Та нарт энэ талаар ийм бага ойлголт байгаа тул илүү их үг зарцуулахаас өөр сонголт Надад байхгүй.

Бурханы зан чанар нь хүн бүхэнд маш хийсвэр санагддаг бөгөөд бас хүн бүхний хувьд хүлээн зөвшөөрөхөд амаргүй сэдэв юм, учир нь Түүний зан чанар хүний зан төлөвтэй адилгүй билээ. Бурханд ч бас Өөрийн гэсэн баяр, уур, уй гашуу, аз жаргалын мэдрэмж байдаг боловч эдгээр мэдрэмж нь хүнийхээс ялгаатай. Бурхан бол Бурхан бөгөөд Түүнд юу байна тэр нь Түүнд байдаг. Түүний илэрхийлж, илчилдэг бүхэн нь Түүний мөн чанар болон ялгамж чанарын дүрслэл юм. Тэр юу болох, Түүнд юу байгаа, мөн Түүний мөн чанар болон ялгамж чанар нь бүгдээрээ ямар ч хүнээр орлуулж болохгүй зүйлс билээ. Түүний зан чанар хүн төрөлхтний төлөөх Түүний хайр, хүн төрөлхтний тайтгарал, хүн төрөлхтний үзэн ядалт, мөн үүнээс ч илүүтэйгээр хүн төрөлхтний талаарх нэвт шувт ойлголтыг агуулдаг. Хүний зан төлөв харин өөдрөг, золбоолог, эсвэл хэнэггүй байж болох юм. Бурханы зан чанар нь бүх зүйлийн дундах амьд амьтдын Захирагчийн, бүх бүтээлийн Эзний зүйл билээ. Түүний зан чанар нь нэр хүнд, хүч чадал, тэнүүн сэтгэл, агуу байдал болон хамгийн гол нь, давамгайллыг харуулдаг. Түүний зан чанар бол эрх мэдлийн бэлгэ тэмдэг, зөвт бүхний бэлгэ тэмдэг, сайн сайхан бүхний бэлгэ тэмдэг билээ. Үүнээс ч илүүтэйгээр энэ нь харанхуй болон дайсны ямар ч хүч дийлж юмуу эзэлж чадашгүй[a] Түүний бэлгэ тэмдэг, мөн түүнчлэн энэ нь ямар ч бүтээгдсэн амьтан гомдоож ч чадахгүй (Тэр гомдоохыг тэвчдэг ч үгүй)[b] Түүний бэлгэ тэмдэг юм. Түүний зан чанар бол хамгийн өндөр хүч чадлын бэлгэ тэмдэг билээ. Ямар ч хүн, эсвэл хүмүүс Түүний ажлыг юмуу Түүний зан чанарыг үймүүлж чадахгүй буюу болохгүй. Харин хүний зан төлөв бол хүн араатнаас жаахан давуу гэдгийн бэлгэ тэмдэг төдий юм. Хүн өөрөө бол ямар ч эрх мэдэлгүй, бие даасан байдалгүй бөгөөд өөрийгөө дийлэх чадваргүй, харин мөн чанартаа тэрээр төрөл бүрийн хүмүүс, үйл явдал, юмсын бүрэн эрхшээлд тонголздог нэгэн юм. Бурханы баяр хөөр нь зөвт байдал болон гэрлийн оршихуй, үүслээс төрдөг; харанхуй болон хорон муу мөхсөн учраас бий болдог. Тэрээр хүн төрөлхтөнд гэрэл болон сайхан амьдралыг авчирсан болохоороо Тэр баярлан бахаддаг; Түүний баяр хөөр бол зөвт баяр хөөр, эерэг бүхний оршин тогтнолын бэлгэ тэмдэг, үүнээс ч илүүтэйгээр аятай таатай бүхний бэлгэ тэмдэг юм. Бурханы уур хилэн нь, шударга бус явдлын оршин тогтнол болон Өөрийнх нь хүн төрөлхтөнд хор хохирол учруулдаг үймээн самууны улмаас болдог; хорон муу болон харанхуйн оршин тогтнолын улмаас, үнэнийг хөөн зайлуулдаг зүйлсийн оршин тогтнолын улмаас, цаашлаад сайн сайхан бүхнийг эсэргүүцдэг зүйлсийн оршин тогтнолын улмаас төрдөг. Түүний уур хилэн бол бүх сөрөг зүйл оршин байхаа болихын бэлгэ тэмдэг бөгөөд үүнээс ч илүүтэйгээр, Түүний ариун байдлын бэлгэ тэмдэг юм. Түүний уй гашуу нь, Түүний итгэж найддаг боловч харанхуйд унасан хүн төрөлхтнөөс, хүн дээр хийдэг Түүний ажлынх үр дүн санаанд нь хүрдэггүйгээс, мөн Түүний хайрладаг хүн төрөлхтөн бүгд гэрэлд амьдарч чадахгүй байгаагаас төрдөг. Тэрээр гэмгүй хүн төрөлхтний төлөө, шударга боловч мэдлэггүй хүний төлөө, сайн боловч өөрийн гэсэн үзэл санаа дутмаг хүний төлөө уй гашууг мэдэрдэг. Түүний уй гашуу бол Түүний сайхан чанарын болон Түүний өршөөлийн бэлгэ тэмдэг, гоо үзэсгэлэн болон сайхан сэтгэлийн бэлгэ тэмдэг юм. Түүний аз жаргал нь мэдээж Өөрийн дайснуудыг ялж, хүний сайн итгэлийг олж авахаас үүсдэг. Үүнээс ч илүүтэйгээр, энэ нь бүх дайсны хүчийг хөөн зайлуулж, мөхөөхөөс бий болдог, мөн хүн төрөлхтөн сайн, амар амгалан амьдралыг хүлээн авдаг учраас бий болдог. Бурханы аз жаргал нь хүний баяр хөөртэй адилгүй; харин ч энэ нь сайн үр жимс хураах мэдрэмж, баяр хөөрөөс бүр ч агуу мэдрэмж юм. Түүний аз жаргал бол энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтөн зовлонгоос чөлөөлөгдөхийн бэлгэ тэмдэг, мөн хүн төрөлхтөн гэрлийн ертөнцөд орохын бэлгэ тэмдэг билээ. Нөгөө талаар, хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь бүгд зөвт байдал, гэрэл, эсвэл сайхан зүйлийн төлөө биш, ялангуяа Тэнгэрээс хайрласан нигүүлслийн төлөө бүр ч биш, харин өөрийнх нь хувийн ашиг сонирхлын төлөө гарч ирдэг. Хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь хувиа хичээсэн агаад харанхуйн ертөнцөд харьяалагддаг. Тэд Бурханы хүслийн төлөө байх нь бүү хэл, төлөвлөгөөний төлөө ч оршдоггүй, тиймээс хүн, Бурхан хоёрыг хэзээ ч зэрэгцүүлэн харьцуулж болохгүй. Бурхан үүрд дээд манлай, хэзээд эрхэмсэг байдаг байхад хүн үүрд олиггүй, үүрд үнэ цэнэгүй байдаг. Учир нь Бурхан үүрд золиос гаргаж, хүн төрөлхтөнд Өөрийгөө зориулж байдаг; харин хүн үүрд авч, зөвхөн өөрийнхөө төлөө зүтгэдэг. Бурхан хүн төрөлхтнийг амьд үлдээхийн төлөө хүч чадлаа үүрд дайчилдаг байхад хүн гэрлийн төлөө, эсвэл зөвт байдлын төлөө хэзээ ч, ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн хэсэг хугацаанд хичээл чармайлт гаргадаг ч гэсэн тэр нь ганцхан цохилт дааж чадахааргүй маш сул байдаг, учир нь хүний хичээл чармайлт бусдын төлөө биш, үргэлж өөрийнхөө төлөө байдаг. Хүн үргэлж хувиа хичээдэг байхад Бурхан үүрд сэтгэл харамгүй байдаг. Бурхан бол шударга, сайн, сайхан бүхний эх сурвалж байдаг байхад хүн бол муу муухай, хорон бүхнийг өвлөн авч, ил болгодог нэгэн юм. Бурхан зөвт байдал болон гоо сайхны мөн чанараа хэзээ ч өөрчлөхгүй, харин хүн хэдийд ч, ямар ч нөхцөлд зөвт байдлаас урваж, Бурханаас холдон одохоос огт сийхгүй.

Миний хэлсэн өгүүлбэр болгон дотроо Бурханы зан чанарыг агуулдаг. Та нар Миний үгсийг анхааралтай эргэцүүлсэн нь дээр, та нар тэдгээрээс асар их ашиг тус гарцаагүй хүртэх болно. Бурханы мөн чанарыг ойлгоход маш хэцүү боловч та нарт бүгдэд нь Бурханы зан чанарын тухай ядаж зарим нэг төсөөлөл бий гэдэгт Би итгэж байна. Тэгээд та нар (үүнийгээ) Надад харуулж, Бурханы зан чанарыг гомдоохгүй зүйлс илүү их хийнэ гэж Би найдаж байна. Тэгвэл Миний санаа амарна. Жишээлбэл, Бурханыг цаг үргэлж зүрх сэтгэлдээ байлга. Аливааг үйлдэхдээ Түүний үгийн дагуу хий. Бүх зүйлээс Түүний санаа зорилгыг эрж хай, мөн Бурханыг үл хүндэлж, гутаах зүйлс хийхийг цээрлэ. Тэр ч бүү хэл чи, өөрийнхөө зүрх сэтгэлийн хожмын хоосон зайг дүүргэхийн тулд Бурханыг сэтгэлийнхээ мухарт хийх ёсгүй. Хэрвээ тэгэх юм бол чи Бурханы зан чанарыг уурлуулах болно. Дахин хэлэхэд, чи өөрийнхөө амьдралын туршид хэзээ ч Бурханыг доромжилсон үг хэлж, Түүний эсрэг гомдоллож байгаагүй гэж үзье, мөн чи Түүний даалгасан бүхнийг зүй зохистойгоор биелүүлж, насан туршдаа Түүний бүх үгэнд захирагдаж чаддаг гэж үзье, тэгвэл чи захиргааны зарлигийг зөрчихөөс амжилттай зайлсхийсэн байх юм. Жишээ нь, хэрэв чи хэзээ нэгэн цагт “Тэр бол Бурхан гэж би яагаад бодохгүй байгаа юм бол?” “Эдгээр үг Ариун Сүнсний гэгээрлээс өөр юу ч биш гэж би бодож байна,” “Миний бодлоор бол Бурханы хийдэг бүхэн зөв байх албагүй,” “Бурханы хүн чанар минийхээс давуу биш,” “Бурханы үгс зүгээр л итгэхийн аргагүй” гэдэг ч юмуу, эсвэл өөр иймэрхүү шүүмжилсэн үг хэлж байсан бол нүглээ илүү олонтаа наманчилж, гэмших гэж Би чамд сануулж байна. Эс бөгөөс уучлагдах боломж чамд хэзээ ч гарахгүй, учир нь чи хүнийг биш харин Бурханыг Өөрийг нь уурлуулсан. Чи хүнийг шүүмжилж байна гэж итгэж болох боловч Бурханы Сүнс үүнийг тэгж үздэггүй. Түүний махан биеийг үл хүндлэх нь Түүнийг үл хүндлэхтэй адилхан. Тийм болохоор чи Бурханы зан чанарыг зөрчөөгүй гэж үү? Бурханы Сүнсний хийсэн бүхэн бол махбодод хийсэн Түүний ажлыг хамгаалахын тулд, энэ ажил сайн хийгдэхийн тулд байдаг гэдгийг чи санах ёстой. Хэрвээ чи үүнийг үл ойшоовол, чи Бурханд итгэхдээ хэзээ ч амжилт гаргаж чадахгүй байх нэгэн юм гэдгийг Би хэлнэ. Яагаад гэвэл, чи Бурханы уур хилэнг хүргэсэн, тийм учраас чамд сургамж болгохын тулд Тэр тохирох шийтгэлийг өгөх болно.

Бурханы мөн чанарыг мэдэж авах нь ялихгүй зүйл биш. Чи Түүний зан чанарыг ойлгох ёстой. Ийм маягаар чи аажмаар, өөрийн мэдэлгүйгээр Бурханы мөн чанарыг мэдэж авах болно. Энэ мэдлэгт орохоороо чи өөрийгөө илүү өндөр, илүү сайхан төлөв байдал руу урагшилж байгаагаа мэдэх болно. Эцэст нь чи өрийнхөө хирдхийм сүнснээс ичиж, нуугдах газар хаана ч алга гэж бодтолоо их ичнэ. Тэр үед Бурханы зан чанарыг гомдоох авир зан чинь улам бүр багасаж, зүрх сэтгэл чинь Бурханыхтай улам бүр ойртож, Түүнийг гэсэн хайр зүрх сэтгэлд чинь аажмаар өсөн нэмэгдэх болно. Энэ бол хүн төрөлхтөн сайхан төлөв байдалд орж буйн тэмдэг юм. Гэхдээ та нар үүнд хараахан хүрээгүй байна. Та нар өөрсдийнхөө заяа тавилангийн төлөө нааш цааш сандран гүйж байгаа тул Бурханы мөн чанарыг мэдэх гэж оролдох тэмүүлэл хэнд байх юм бэ? Ийнхүү үргэлжлэх юм бол та нар өөрийн мэдэлгүй захиргааны зарлигийг зөрчих болно, учир нь та нар Бурханы зан чанарын талаар хэтэрхий багыг ойлгодог. Иймээс та нарын одоо хийдэг зүйл Бурханы зан чанарын эсрэг дайралтын чинь суурийг тавьж байгаа биш гэж үү? Та нараас Бурханы зан чанарыг ойлгооч гэж гуйх нь Миний ажилтай зөрчилддөггүй. Яагаад гэвэл, хэрэв та нар захиргааны зарлигийг байнга зөрчвөл та нарын хэн чинь шийтгэлээс зугтаж чадах вэ? Миний ажил тэгвэл бүхэлдээ талаар өнгөрөхгүй байсан гэж үү? Тиймээс өөрсдийн биеэ авч явах байдлыг нягтлан шалгахын зэрэгцээ та нар өөрсдийн авах арга хэмжээндээ хянамгай бай гэж Би бас л гуйж байна. Энэ нь Миний та нарт тавих илүү өндөр шаардлага байх болно, мөн та нар бүгдээрээ үүнийг нарийвчлан тунгаан үзэж, ултай анхаарна гэдэгт Би найдаж байна. Та нарын үйлдэл Миний уур хилэнг асар ихээр бадраах өдөр ирэх юм бол та нар өөрсдөө л үр дагаврыг нь авч үзэх ба та нарын оронд шийтгэл хүлээх өөр хэн ч байхгүй.

Тайлбар:

a. Эх бичигт “чадахгүй байхын бэлгэ тэмдэг” гэж байдаг.

b. Эх бичигт “мөн түүнчлэн гомдоож чадахгүй байхын (мөн гомдоохыг тэвчихгүйн) бэлгэ тэмдэг” гэж байдаг.