Оршил
1991 оны 2-р сарын 11-нд Бурхан эхний айлдвараа айлдсан бөгөөд энэхүү айлдвар нь тухайн үеийн Ариун Сүнсний урсгалд амьдарч байсан хүн нэг бүрд хосгүй нөлөө үзүүлсэн юм. Энэхүү айлдвар нь “Бурханы оршин суудаг газар гарч ирлээ”, “Орчлон ертөнцийн Тэргүүн, эцсийн өдрүүдийн Христ—Тэр бол туяарах Нар” гэж дурдсан. Эдгээр гүн гүнзгий ач холбогдолтой үгийн хамтаар бүх хүн шинэ ертөнц рүү хүргэгджээ. Энэ айлдварыг уншсан бүх хүн Бурханы эхлүүлэх гэж буй агуу ажил буюу шинэ ажлын дохиог мэдэрсэн. Энэхүү үзэсгэлэнтэй, сонсголонтой, товч айлдвар нь бүх хүнийг Бурханы шинэ ажил, шинэ эрин үе рүү хүргэсэн ба энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажлын суурийг тавьж, ажлаа эхлүүлсэн юм. Бурханы энэ удаа хэлсэн айлдвар нь эрин үеүдийг холбодог гүүр гэж хэлж болно, энэ нь Нигүүлслийн эрин үеийн эхлэлээс хойш Бурхан хүн төрөлхтөнтэй ил тод ярьсан эхний удаа, Тэрээр хоёр мянган жилийн турш нуугдмал байсныхаа дараа ярьсан эхний удаа, түүнчлэн Хаанчлалын эрин үед Бурханы хэрэгжүүлэх гэж буй ажлын шийдвэрлэх чухал эхлэлийн цэг буюу оршил юм.
Бурхан анх удаа айлдвар айлдахдаа, гуравдагч хүний өнцгөөс магтаалын хэлбэрээр, яруу агаад ойлгомжтой хэлээр, мөн түүнчлэн хурдан, амархан ойлгож болох амийн хангалт хэлбэрээр айлдсан юм. Үүний хамтаар, Эзэн Есүсийн эргэн ирэхийг ихэд хүсэн хүлээхийн сацуу зөвхөн Түүний нигүүлслийг хэрхэн эдлэхээ л мэддэг цөөн тооны энэ бүлэг хүмүүсийг авч, Бурханы удирдлагын төлөвлөгөө дэх ажлын өөр үе шат руу чимээгүйхэн аваачсан билээ. Эдгээр нөхцөл байдал дор, Бурхан эцсийн дүнд ямар төрлийн ажил хийх гэж байгааг, эсвэл урагшлах замд юу хүлээж байгааг хүмүүс мэдээгүй бөгөөд төсөөлж бүр ч зүрхлээгүй. Түүнээс хойш, хүн төрөлхтнийг алхам алхмаар шинэ эрин үе рүү аваачихаар Бурхан нэмж айлдварууд айлдсаар л байв. Хачирхалтай нь, Бурханы айлдвар бүр агуулгаараа өөр бөгөөд түүнээс гадна өөр өөр магтаалын хэлбэр, илэрхийллийн аргыг ашигладаг. Өнгө аясын хувьд ижилхэн ч, агуулгын хувьд ялгаатай эдгээр айлдвар нь Бурханы анхаарал халамж, санаа зовнилын мэдрэмжээр байнга дүүрэн байдаг бөгөөд бараг тус бүр нь өөр өөр агуулгатай амийн хангалтыг, мөн түүнчлэн сануулга, ятгалга болон Бурханаас хүнд өгөх тайвшралын үгийг агуулдаг. Эдгээр айлдварт, дараахтай адил хэсэг удаа дараа гарч ирдэг: “Нэгэн жинхэнэ Бурхан махбод болсон бөгөөд Тэр бол бүх зүйлийг хянадаг орчлон ертөнцийн Тэргүүн”; “Ялгуусан Хаан алдар суут сэнтийдээ заларна”; “Тэр орчлон ертөнцийг Өөрийн гартаа атгадаг”; гэх мэтчилэн. Мэдээг эдгээр хэсгээр дамжуулдаг, эсвэл эдгээр хэсэг нь хүн төрөлхтөнд энэ мэдээг дамжуулдаг гэж хэлж болно: Бурхан хүний ертөнцөд хэдийнээ ирчихсэн, Бурхан илүү агуу ажлыг эхлүүлэх гэж байгаа ба Бурханы хаанчлал тодорхой бүлэг хүмүүс дунд хэдийнээ буучихсан, мөн Бурхан аль хэдийн алдар сууг олж авч, Өөрийн үй түмэн дайсныг ялсан. Бурханы айлдвар болгон хүн нэг бүрийн зүрх сэтгэлийг эзэмддэг. Бурхан илүү олон шинэ үг хэлэхийг бүх хүн ихэд хүсэн хүлээдэг, учир нь Бурхан ярих бүрдээ хүний зүрх сэтгэлийн гүнийг догдлуулдаг ба түүнчлэн хүний бүх үйлдэл, сэтгэл хөдлөлийг удирдаж, дэмждэг, ингэснээр хүмүүс Бурханы үгэнд найдахын сацуу бүр бахдан биширч эхэлдэг… Тэд хуучны бичвэрүүдээс Бурханы эдгээр үгийн ямар ч үндэслэлийг олж чадаагүй, бас эдгээр айлдварыг айлдах Бурханы зорилгыг хаанаас ч олж илрүүлж чадаагүй учраас ийм маягаар үлэмж олон хүн өөрийн мэдэлгүй Библийг үндсэндээ мартаж, хуучинсаг номлолууд болон сүнслэг хүмүүсийн бичвэрийг бүр ч үл тоох болжээ. Ийм болохоор эдгээр айлдвар бол он цагийн эхлэлээс хойш харагдаж, сонсогдоогүй Бурханы дуу хоолой гэдгийг, мөн тэдгээр нь Бурханд итгэдэг ямар ч хүний хүрч чадахгүй зүйл гэдгийг, мөн өнгөрсөн эрин үеүдэд ямар ч сүнслэг хүний хэлсэн зүйлийг юм уу Бурханы урьдын айлдваруудыг даван гардаг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй. Эдгээр айлдвар бүрээр зоригжин, хүмүүс санаандгүйгээр Ариун Сүнсний ажлын орчин руу, шинэ эрин үеийн тэргүүн зэргийн амьдрал руу орсон. Бурханы айлдвараар зоригжин, хүмүүс найдлагаар дүүрч, Бурханы үгээр биечлэн удирдуулахын жаргалыг амталдаг. Агшин зуурын энэ цаг хугацаа нь, хүн бүр өнө мөнхийн дурсамжтайгаар эргэн дурсах цаг байна гэдэгт Би итгэдэг, үнэндээ энэ хугацаанд хүний эдэлсэн зүйл нь Ариун Сүнсний ажлын орчноос илүүгүй байсан, эсвэл үүнийг эмийг бүрсэн сахрын чихэрлэг амт гэж хэлж болно. Яагаад гэвэл, энэ цэгээс эхлээд мөн л Бурханы үгийн удирдамж дор, Ариун Сүнсний ажлын орчинд хүмүүс өөрийн эрхгүй Бурханы үгийн өөр нэг шат руу хөтлөгдсөн, энэ нь Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажил болон айлдварын эхний алхам—үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт байсан юм.
Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтын өмнө айлдсан үг гол төлөв заавар, сургамж, зэмлэл, сахилгажуулалтын хэлбэртэй байсан бөгөөд зарим газарт Нигүүлслийн эрин үед хэрэглэдэг байсан нэрний хуучин хэлбэрийг ашигласан—хүн төрөлхтнийг Бурханд ойртоход илүү амархан болгохын тулд, эсвэл хүн төрөлхтөн Бурхантай харьцах харилцаагаа ойр дотно гэж бодог хэмээн Бурханыг дагадаг хүмүүст “Миний хөвгүүд” гэх нэрийг ашигласан. Ийм маягаар хүн төрөлхтний биеэ тоосон, ихэрхүү зан болон бусад завхарсан зан чанарт Бурхан ямар ч шүүлт явууллаа гэсэн хүн “Эцэг Бурхан”-ы айлдварын эсрэг дайсагнал өвөрлөлгүй, “хөвгүүн” гэх ялгамж чанараараа үүнтэй зохицож, хүлээн авч чаддаг байсны зэрэгцээ “Эцэг Бурхан”-ы Өөрийн “хөвгүүд”-эд өгсөн амлалтад хэзээ ч эргэлзэж байгаагүй. Энэ хугацаанд бүх хүн нялх хүүхдийнх шиг саад бэрхшээлгүй оршин тогтнолыг эдэлсэн нь Бурханы зорилгыг биелүүлж, ингэснээр “нас биед” хүрэхэд нь Бурхан тэдэн дээр шүүлт явуулж эхэлдэг байлаа. Энэ нь мөн Хаанчлалын эрин үед Бурханы албан ёсоор эхлүүлдэг, хүн төрөлхтнийг шүүх ажлын суурийг тавьсан юм. Энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажил гол төлөв бүхий л хүн төрөлхтнийг шүүж, байлдан дагуулах учраас хүн газар дээр хөлөө бат тавимагц Бурхан даруй Өөрийн ажлын горимд—хүнийг шүүж, гэсгээдэг ажилдаа орсон. Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтын өмнөх бүх айлдвар нь шилжилтийг даван туулахын төлөө хийгдсэн нь илэрхий бөгөөд жинхэнэ зорилго нь харагдаж байгаагаасаа өөр байв. Бурхан Хаанчлалын эрин үеийн ажлаа аль болох түргэн албан ёсоор эхлүүлж чадна гэдэг оргилуун санаа зорилготой байлаа. Тэрээр сахраар бүрсэн эмээр тэжээх замаар хүн төрөлхтнийг ятган урагшлуулахыг огт хүсээгүй; харин ч шүүх суудлынхаа өмнө хүн бүрийн жинхэнэ төрхийг харахыг ихэд хүсэмжлэн, нигүүлслийг нь алдсаны дараах бүх хүний Өөрт нь хандах бодит хандлагыг харахыг бүр ч их хүссэн юм. Тэрээр үйл явц бус, зөвхөн үр дүн харахыг хүссэн. Гэвч хүний зүрх сэтгэл зөвхөн хүрэх газар, хэтийн ирээдүйгээ л анхаардаг байсан тул тэр үед Бурханы оргилуун санаа зорилгыг ойлгосон хэн ч үгүй байв. Бурханы шүүлт удаа дараа бүхий л хүн төрөлхтөнд чиглэсэнд гайхах зүйл үгүй. Хүмүүс Бурханы удирдамж дор хүний хэвийн амьдралаар амьдарч эхлэхэд л хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага өөрчлөгдсөн юм.
1991 он бол ер бусын жил байлаа; энэ оныг “алтан он” гэж нэрлэцгээе. Бурхан Хаанчлалын эрин үеийн шинэ ажлыг эхлүүлж, бүхий л хүн төрөлхтөнд айлдвараа чиглүүлсэн. Үүнтэй зэрэгцэн, хүмүүс урьд хожид байгаагүй халуун дулааныг эдэлж, түүнчлэн хүнийг шүүх Бурханы урьд хожид байгаагүй шүүлтийг дагадаг өвдөлт шаналлыг мэдэрч туулсан юм. Хүн төрөлхтөн Бурханаар авхуулсан мэт, бас Бурханыг алдсан мэт өнөөг хүртэл мэдэгдээгүй, мэдрэгдээгүй жаргалыг амсаж, бас одоог хүртэл мэдэгдээгүй шүүлт, хаягдалтыг амссан. Эзэмшиж зовох, бас гачигдаж зовох—эдгээр мэдрэмжийг биеэр туулсан хүмүүс л мэддэг; эдгээрийг дүрслэх арга, чадварын аль аль нь хүнд байдаггүй. Энэ төрлийн шарх нь хүн бүрд биет бус туршлага, өв хөрөнгө болгон Бурханы хайрладаг зүйл юм. Энэ онд Бурханы айлдсан айлдварын агуулга үнэндээ хоёр томоохон бүлэгт хуваагддаг: Эхнийх нь хүмүүсийг сэнтийнхээ өмнө зочин болгон урихаар Бурхан хүний ертөнцөд бууж ирсэн; хоёр дахь нь цадталаа идэж уусан хүн төрөлхтнийг Бурхан үйлчлэл үзүүлэгчээр ажиллуулсан. Мэдээж хэрэг, хүмүүс эртнээс Бурханы бүх зүйлийг эдлэхийг Түүнд итгэх итгэлийнхээ объект болгож хэвшсэн учраас эхний хэсэг нь хүн төрөлхтний хамгийн нандин, чин сэтгэлийн хүсэл гэдгийг дурдах илүүц биз. Ийм учраас Бурханыг айлдвараа айлдаж эхэлмэгц хүмүүс бүгд хаанчлалд орж, Бурхан өөрсдөд нь янз бүрийн шагнал хайрлахыг хүлээхэд бэлэн байсан. Эдгээр нөхцөл байдалд хүмүүс зан чанараа өөрчилж, Бурханыг хангалуун байлгахаар чармайж, Бурханы хүсэлд хайхрамжтай хандах зэргээр зохих төлөөс ердөө төлөөгүй. Өнгөцхөн харахад, хүмүүс өөрсдийгөө зарлагадаж, Бурханы төлөө ажиллан, толгой өөд татах завгүй байгаа мэт санагддаг ч энэ хугацаанд тэд зүрх сэтгэлийнхээ гүн дэх нууцхан мухарт, ерөөл хүртэж, хаан болж хаанчлахын тулд дараа нь ямар алхам хийхээ тооцоолж байлаа. Хүний зүрх сэтгэл Бурханыг таашааж, үүний зэрэгцээ Бурханд тооцоололтой хандаж байсан гэж хэлэхэд болно. Энэ нөхцөлд байгаа хүмүүс Бурханы гүн гүнзгий зэвүүцэл, жигшилтэй тулгардаг; Өөрийг нь мэхэлж, ашиглаж байгаа ямар ч хүнийг Бурханы зан чанар тэвчдэггүй. Гэхдээ Бурханы мэргэн ухаанд ямар ч хүн хүршгүй. Энэ бүх зовлон шаналлыг туулж байх үедээ Тэр айлдварынхаа эхний хэсгийг айлдсан юм. Бурхан хэчнээн их зовлон шаналал туулсан болохыг, энэ удаад хэчнээн их анхаарал, ухаан зарсан болохыг нэг ч хүн төсөөлж чадахгүй. Эдгээр айлдварын эхний хэсгийн зорилго нь албан тушаал, ашиг хонжоотой тулгарахдаа хүний үзүүлдэг бузар булай байдлын бүх төрлийн хэлбэрийг илчилж, мөн хүний шунал, жигшүүрт байдлыг илчлэх явдал юм. Хэдийгээр Бурхан ярихдаа Өөрийн үгийг элбэрэлт эхийн үнэнч, чин сэтгэлийн өнгөөр хэлдэг ч зүрхний гүн дэх уур хилэн нь дайснуудынх нь эсрэг чиглэсэн мэт, үд дундын нар шиг төөнөдөг. Ямар ч нөхцөлд Бурхан хүний хэвийн дүр төрхөөр дутмаг бүлэг хүмүүстэй ярих хүсэлгүй байдаг тул ярих бүрдээ зүрх сэтгэл дэх уур хилэнгээ дарж, үүний зэрэгцээ айлдвараа илэрхийлэхийн тулд биеэ барьж байдаг. Түүнчлэн хэвийн хүн чанаргүй, эрүүл ухаанаа гээсэн, туйлын их завхарсан, шуналд автсан, эцсээ хүртэл Бурханд дуулгаваргүй, тэрслүү ханддаг хүн төрөлхтөнтэй Тэрээр ярьж байна. Хүн төрөлхтний доройтлын гүн, хүн төрөлхтөнд хандах Бурханы үзэн ядалт, зэвүүцлийн хэмжээг амархан төсөөлж болно; хүн төрөлхтний хувьд төсөөлөхөд хэцүү байдаг зүйл нь Бурханд тэдний учруулсан шарх бөгөөд үүнийг үгээр илэрхийлэх аргагүй. Гэхдээ Бурханы зүрх сэтгэл хэрхэн шаналсныг хэн ч олж мэдэж чадаагүй, түүнчлэн хүн төрөлхтөн хэчнээн ухаангүй, засаршгүй байсныг хэн ч олж мэдээгүй—яг ийм байдалтай байхад—хүн бүр дор бүрнээ өчүүхэн ч ичгүүр, жаахан ч айж эмээх зүйлгүйгээр хүнд зориулан Түүний бэлдсэн бүх шагналыг Бурханы хөвгүүдийн хувиар хүлээн авах эрх дархтай гэж итгэн, хэн ч хоцрохыг хүсэлгүй, бүгд хожигдохоос гүнээ айж, бүр өөр хоорондоо тэмцэлдэх хэмжээнд хүрсэн. Тухайн үед Бурханы нүдэнд хүмүүс ямар байр суурь эзэлж байсныг одоо чи мэдэх хэрэгтэй. Ийм хүн төрөлхтөн яаж Бурханы шагналыг хүртэж чадах вэ? Гэвч хүний Бурханаас хүлээн авдаг зүйл цаг үргэлжид хамгийн нандин эрдэнэс байдаг бол, эсрэгээрээ Бурханы хүнээс хүлээн авдаг зүйл нь туйлын их шаналал байдаг. Бурхан, хүн хоёрын хоорондох харилцаа эхэлснээс хойш Бурханаас хүний үргэлж хүлээн авч, хариуд нь Бурханд үргэлж өгсөн зүйл нь энэ юм.
Бурхан сэтгэл түгшүүрт хэчнээн автсан ч, угтаа тултал завхарсан энэ хүн төрөлхтнийг хараад цэвэршиг гэж галт нууранд хаяхаас өөр сонголт Түүнд байгаагүй. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг үйлчлэл үзүүлэгчдээр ажиллуулсан Бурханы айлдварын хоёр дахь хэсэг юм. Энэ хэсэгт Бурхан, “Бурханы үнэн бие”-ын байр суурийг хүний завхарсан уг чанарыг илчлэх өгөөш болгон ашиглаж, үүний зэрэгцээ хүмүүсээр сонгуулах гэж үйлчлэл үзүүлэгч, Бурханы ардууд, Бурханы хөвгүүд гэх ялгаатай ангиллуудыга гарган, арга барил, хэмжээний аль алинд нь зөөлнөөс хатууд, цөөнөөс олонд шилжсэн. Мэдээж хэрэг яг Бурханы зөгнөсөнчлөн, Бурханд үйлчлэл үзүүлэгч болохыг хэн ч сонгоогүй, харин ч бүгд Бурханы үнэн бие болохоор эрмэлзсэн. Хэдийгээр энэ хугацаанд Бурханы хэлсэн үгийн хатуу ширүүн байдал нь хүн төрөлхтний хэзээ ч урьдчилан таамаглаагүй, бүр сонсож ч байгаагүй зүйл байсан хэдий ч байр сууринд хэтэрхий анхаарч, үүн дээр нэмээд ерөөл хүртэхэд улайран автсан тэд Бурханы ярианы өнгө, Түүний ярианы арга маягийн талаар үзэл бий болгох ямар ч завгүй байсан бөгөөд харин ч өөрсдийн байр суурь болон ирээдүйд юу хүлээж байж болохыг оюун ухаандаа үргэлж дэнсэлсээр байв. Энэ маягаар Бурханы айлдвар хүнийг мэдээгүй байхад нь тэдэнд зориулж Бурханы зассан “төөрдөг байшинд” аваачсан. Аргагүйн эрхэнд ирээдүй болон өөрсдийн хувь тавилангийн өгөөшинд татагдсан хүн Бурханы үнэн бие болоход хангалтгүй гэдгээ мэдсэн боловч Түүний үйлчлэл үзүүлэгчээр ажиллахдаа дурамжхан байв. Эдгээр зөрчилдөөнтэй сэтгэхүйн хооронд тээнэгэлзсэн тэд өөрсдийн мэдэлгүйгээр, хүмүүст Бурханы оноосон урьд хожид байгаагүй шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрчээ. Угтаа шүүлт, цэвэршүүлэлтийн энэ хэлбэр нь хүн төрөлхтний яавч хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй зүйл байв. Хэдий тийм ч, завхарсан энэ хүн төрөлхтнөөс номхон хүлцэнгүй байдлыг шаардах мэргэн ухаан, хүч чадал зөвхөн Бурханд л байдаг учраас тэд хүссэн ч, хүсээгүй ч эцэст нь бүгд бууж өгчээ. Хүнд өөр сонголт байсангүй. Бурхан л эцсийн шийдвэрийг гаргадаг бөгөөд зөвхөн Бурхан л, хүнд үнэн ба амийг хайрлаж, түүнд замыг заахын тулд ийм арга барил ашиглаж чаддаг. Энэ арга барил нь хүн дээрх Бурханы ажлын зайлшгүй байдал бөгөөд мөн эргэлзээ, маргаангүйгээр хүний салшгүй хэрэгцээ юм. Энэ баримтыг хүнд дамжуулахдаа Бурхан ийм аргаарүг хэлж, ажилладаг: Бурхан Өөрийн хайр, өршөөлөөс болж, мөн Өөрийн удирдлагын төлөө хүнийг авардаг; хүн төрөлхтөн Бурханы биечлэн ярихаас өөр аргагүй цэгт хүртлээ доройтсон учраас Бурханы авралыг хүлээн авдаг. Хүн Бурханы авралыг хүлээн авах үе нь хамгийн агуу нигүүлсэл, мөн онцгой ивээл юм; өөрөөр хэлбэл, Бурхан айлдвараа биечлэн айлдаагүй бол хүн төрөлхтний хувь заяа эцэс болох байлаа. Бурхан хүн төрөлхтөнд зэвүүцэхийн зэрэгцээ хүний авралын төлөө ямар ч төлөөс төлөхөд бас л бэлэн, тэгэх хүсэлтэй байдаг. Харин хүн Бурханыг гэх хайрынхаа тухай, мөн Бурханд яаж бүхнийг зориулдгаа улиг болтол ярингаа Бурханы эсрэг тэрсэлж, Бурханаас бүх төрлийн нигүүлслийг нэхэн авангаа бүр Бурханыг шархлуулж, Түүний зүрх сэтгэлд үгээр илэрхийлэхийн аргагүй өвдөлт шаналал учруулдаг. Бурхан хүн хоёрын хооронд амь биеэ хайрладаггүй сэтгэл ба аминч сэтгэлийн ийм тод томруун ялгаа бий!
Бурхан ажиллаж, ярихдаа тодорхой нэг арга барилыг дагахаар хязгаарлагдалгүй, үр дүнд хүрэхийг зорилгоо болгодог. Ийм учраас, айлдваруудынхаа энэ хэсэгт Бурхан Өөрийн ялгамж чанарыг тодорхой дэлгэлгүй, зөвхөн “эцсийн өдрүүдийн Христ”, “орчлон ертөнцийн Тэргүүн” зэрэг цөөн хэдэн нэр томьёог л ил болгохоо тодорхой хэлсэн юм. Ялангуяа эрт үед хүн “Христ”, “бие махбодтой болох” зэрэг ойлголтыг ер мэддэггүй байсан тул Бурхан айлдвараа илэрхийлэхийн тулд Өөрийгөө “тусгай үүрэг”-тэй хүн болгон дорд болгох ёстой болсон нь Христийн үйлчлэл, эсвэл Бурханы талаарх хүмүүсийн мэдлэгийн аль алинд огт нөлөөлдөггүй. Тухайн үеийн хүмүүс зөвхөн ийм хэлбэрийн нэрийг л хүлээн авч чадах байсан учраас энэ бол Бурханы уйгагүй анхаарал халамж, бодол санаа юм. Бурхан ямар ч хэлбэрийн нэр хэрэглэлээ гэсэн, Түүний ажлын үр дүнд нөлөөлдөггүй, учир нь Бурхан хийдэг бүхнээрээ хүнд өөрчлөгдөж, Бурханы авралыг олж авах боломж олгохыг зорьдог. Бурхан юу ч хийлээ гэсэн хүний хэрэгцээг үргэлж бодолцдог. Энэ бол Бурханы ажиллаж, үг хэлдгийн цаад санаа зорилго юм. Хэдийгээр Бурхан хүмүүсийн бүх талыг бодолцохдоо бүрэн анхааралтай байж, хийдэг бүхэндээ үнэхээр бүрэн ухаалаг байдаг боловч Би ингэж хэлж чадна: Хэрэв Бурхан Өөртөө гэрчлэл хийгээгүй бол бүтээгдсэн хүн төрөлхтний дунд Бурханыг Өөрийг нь таньж, эсвэл Бурханд Өөрт нь гэрчлэл хийхээр босох чадвартай хэн ч байхгүй байх байлаа. Хэрвээ Бурхан “тусгай үүрэгтэй хүн”-ийг ажилдаа нэр хэлбэрээр ашигласаар байсан бол Бурханыг Бурхан гэж харж чадах ганц ч хүн байхгүй байх сан—энэ бол хүн төрөлхтний уй гашуу юм. Өөрөөр хэлбэл, бүтээгдсэн хүн төрөлхтний дунд Бурханыг мэдэж чадах нэг ч хүн үгүй, Бурханыг хайрлаж, Бурханыг хайхарч, Бурханд ойртож чадах хүн бүр ч байхгүй. Хүний итгэл гагцхүү ерөөл хүртэхийн төлөө л байдаг. Тусгай үүрэгтэй хүн гэх Бурханы ялгамж чанар хүн нэг бүрд битүүхэн сануулсан: Бурханыг бүтээгдсэн хүн төрөлхтний нэг гэж үзэх нь хүн төрөлхтөнд амархан байдаг; Бурхан ил тод илэрч, ажиллахдаа бас л хүнд гологдож, тэр ч бүү хэл мартагддаг нь хүн төрөлхтний Бурханд учруулдаг хамгийн их өвдөлт шаналал, басамжлал юм. Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд хамгийн их басамжлалыг туулдаг; бүхнийг өгдөг Түүний зорилго нь хүн төрөлхтнийг аврахын төлөө, хүн төрөлхтнөөр хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө байдаг. Энэ бүхний төлөө Бурханы төлсөн төлөөс бол мөс чанартай хүн бүрийн ойлгож чаддаг байх ёстой зүйл юм. Хүн төрөлхтөн Бурханы айлдвар, ажлыг олж авч, Бурханы авралыг хүртсэн. Үүний зэрэгцээ ингэж асууя гэж хэнд ч бодогдоогүй: Бурхан хүн төрөлхтнөөс яг юу олж авсан юм бэ? Бурханы айлдвар болгоноос хүмүүс үнэнийг олж авч, амжилттайгаар өөрчлөгдөж, амьдралд зүг чигээ олсон; гэтэл Бурханы олж авсан зүйл гэвэл Бурханд өртэйгээ илэрхийлэхдээ хүмүүсийн ашигладаг үг, бас магтаалын цөөн сулхан шивнээнээс хэтрэхгүй. Бурханы хүнээс шаарддаг нөхөн төлбөр энэ биш л байлтай?
Бурхан олон айлдвар илэрхийлсэн боловч дийлэнх хүмүүсийн Бурханы тухай мэдлэг, ойлголт нь зөвхөн Бурханы эхэн үеийн айлдварын үе шатанд үлдэж, тэндээс урагшлаагүй хэвээр байна—энэ бол үнэхээр хөндүүр сэдэв юм. “Христийн эхэн үеийн айлдваруудын” энэ хэсэг нь ердөө л хүний зүрх сэтгэлийг нээх түлхүүр төдий; энд саатах нь Бурханы санаа зорилгыг биелүүлэхээс хамаагүй хол хоцорно гэсэн үг. Бурхан айлдварынхаа энэ хэсгийг айлдсаны зорилго нь зөвхөн хүмүүсийг Нигүүлслийн эрин үеэс Хаанчлалын эрин үе рүү аваачих явдал юм; хүн төрөлхтөн Өөрийнх нь айлдварын энэ хэсэгт зогсонги байдалтай үлдэж, эсвэл бүр айлдварынх нь энэ хэсгийг зааварчилгаа болгоосой гэж Тэр яавч хүсдэггүй, эс бөгөөс Бурханы хожмын айлдварууд хэрэгцээ ч үгүй, утга учир ч үгүй байх байлаа. Хэрвээ айлдварынх нь энэ хэсгээс хүний олж авахыг Бурханы шаарддаг зүйлд орж хараахан чадахгүй хүн байвал тухайн хүний оролт мэдэгдэхгүй үлддэг. Бурханы айлдварын энэ хэсэг нь Хаанчлалын эрин үед Бурханы хүнд тавьдаг хамгийн үндсэн шаардлагыг бүрдүүлдэг, зөвхөн энэ аргаар л хүн төрөлхтөн зөв замд орно. Хэрэв чи юу ч ойлгодоггүй хүн бол энэ хэсэг дэх үгийг уншсанаар эхэлсэн чинь дээр!
Тайлбар:
а. Эх бичвэрт “ялгаатай ангиллууд” гэх хэллэг байдаггүй.