Петрийн замаар хэрхэн алхах вэ

Тодорхой хэлбэл, итгэлдээ Петрийн замаар явах гэдэг нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал бөгөөд энэ нь бас өөрийгөө үнэхээр мэдэж авч, зан чанараа өөрчлөх зам юм. Петрийн замаар алхсанаар л хүн Бурханаар төгс болгуулах зам дээр байх болно. Хүн, Петрийн замаар яг хэрхэн явах болон үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тун тодорхой мэдэж байх ёстой. Нэгдүгээрт, хүн өөрийнхөө санаа зорилго, зохисгүй эрэл хайгуул, тэр ч бүү хэл гэр бүл, махан биеийн бүх зүйлийг хойш тавих ёстой. Тэрээр бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой; өөрөөр хэлбэл, Бурханы үгэнд өөрийгөө бүрэн зориулж, Бурханы үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлэн, Бурханы үгээс үнэнийг болон Бурханы санаа зорилгыг хайхад төвлөрч, бүх зүйл дээр Бурханы хүслийг ухаарахаар хичээх ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн, хамгийн чухал арга юм. Энэ нь Есүсийг харсныхаа дараа Петрийн хийсэн зүйл бөгөөд ийм маягаар хэрэгжүүлснээр л хүн хамгийн сайн үр дүнд хүрч чадна. Бурханы үгэнд үнэн сэтгэлээ зориулна гэдэг нь үндсэндээ Бурханы үгээс үнэн болон Бурханы санаа зорилгыг эрж хайх, Бурханы хүслийг ухаарахад анхаарлаа төвлөрүүлэх, Бурханы үгээс илүү их үнэнийг ойлгож, олж авах явдлыг агуулдаг. Бурханы үгийг уншиж байхдаа Петр хоосон сургаалыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй, теологийн мэдлэг олж авахад бүр ч анхаараагүй. Харин ч үнэнийг ойлгож, Бурханы хүслийг ухаарч, Бурханы зан чанар болон хайр татам байдлыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлж байлаа. Петр бас хүний янз бүрийн завхарсан байдал, мөн түүнчлэн хүний уг чанар-мөн чанар, бодит дутагдлыг Бурханы үгээс ойлгохоор оролдож, улмаар Бурханыг хангалуун байлгахын тулд Бурханы шаардлагыг хялбархан хангасан юм. Петрт Бурханы үгийг баримталсан маш олон зөв хэрэгжүүлэлт байв. Энэ нь Бурханы хүсэлд хамгийн их нийцэж байсан бөгөөд энэ бол хүн Бурханы ажлыг туулах зуураа хамтран ажиллах хамгийн сайн арга зам билээ. Бурханы илгээсэн хэдэн зуун шалгалтыг туулах үедээ Петр, хүнийг шүүсэн, илчилсэн Бурханы үг болгонтой, хүнд тавих Бурханы шаардлагын үг бүртэй өөрийгөө чанд харьцуулан шалгаж, тэдгээр үгийн утга учрыг үнэн зөв ухан ойлгохоор чармайсан юм. Тэрээр Есүсийн өөрт нь хэлсэн үг бүрийг тунгаан бодож, цээжлэхээр үнэн сэтгэлээсээ хичээж, тун сайн үр дүнд хүрчээ. Ийм маягаар хэрэгжүүлснээр тэрээр Бурханы үгээс өөрийнхөө тухай ойлголтод хүрч чадсан бөгөөд хүний янз бүрийн завхарсан байдал, дутагдлыг ойлгож аваад зогсохгүй, мөн хүний мөн чанар, уг чанарыг ойлгож авсан. Өөрийгөө үнэхээр ойлгох гэдэг нь энэ юм. Бурханы үгээс Петр өөрийгөө үнэхээр ойлгож аваад зогсохгүй, Бурханы зөвт зан чанар, Бурханд юу байгаа, Бурхан юу болох, Бурханы ажлын талаарх Бурханы хүсэл, хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагыг бас харсан. Эдгээр үгээс тэрээр Бурханыг үнэхээр мэдэж авсан юм. Тэрээр Бурханы зан чанар, мөн чанарыг мэдэж авсан; бас Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, түүнчлэн Бурханы хайр татам байдал, хүнд тавих Бурханы шаардлагыг мэдэж, ойлгож авчээ. Хэдийгээр Бурхан тэр үед өнөөдрийнх шигээ их яриагүй ч Петр ямартай ч эдгээр тал дээр үр дүнд хүрсэн юм. Энэ нь ховор, эрхэм нандин зүйл байлаа. Петр хэдэн зуун шалгалт туулсан боловч хий дэмий зовоогүй. Тэрээр Бурханы үг болон ажлаас өөрийгөө ойлгож аваад зогсохгүй, бас Бурханыг мэдэж авсан билээ. Үүнээс гадна тэрээр Бурханы үгэнд байсан хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагад онцгой анхаарал хандуулжээ. Бурханы хүсэлтэй нийцэлтэй байхын тулд хүн Бурханыг хангалуун байлгах ёстой аль ч талуудад Петр асар их хичээл чармайлт гаргаж, тов тодорхой ойлгож чадсан юм. Энэ нь түүний амийн оролтод туйлын ашиг тустай байв. Бурхан юу ч ярьсан бай, тэдгээр үг амь болж чаддаг, үнэн байх л бол Петр тэдгээрийг байн байн тунгаан бодож, ойлгохын тулд зүрх сэтгэлдээ шингээж чаддаг байлаа. Есүсийн үгийг сонсоод тэрээр тэдгээрийг үнэн сэтгэлээсээ авч үзэж чаддаг байсан нь Бурханы үгэнд анхаарлаа төвлөрүүлдэг байсныг нь ялангуяа харуулдаг бөгөөд тэрээр эцэст нь үнэхээр үр дүнд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрээр Бурханы үгийг чөлөөтэй хэрэгжүүлж, үнэнийг үнэн зөв хэрэгжүүлж, Бурханы хүсэлтэй нийцэлтэй байж, бүхэлдээ Бурханы санаа зорилгод нийцүүлэн үйлдэж, хувийн санал бодол, төсөөллөө орхиж чаддаг байлаа. Ийм маягаар Петр Бурханы үгийн бодит байдалд орсон юм. Петр үндсэндээ ингэж хийсэн учраас үйлчлэл нь Бурханы хүсэлд нийцэж байлаа.

Хүн үүргээ гүйцэтгэж байхдаа Бурханыг хангалуун байлгаж, үг болон үйлдэлдээ зарчимтай байж, үнэний бүх талын бодит байдалд орж чаддаг бол Бурханаар төгс болгуулдаг хүн мөн. Бурханы үг болон ажил тэдэнд туйлын үр нөлөөтэй байсаар ирсэн, Бурханы үг тэдний амь болсон, тэд үнэнийг олж авсан, бас Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг гэж хэлэхэд болно. Үүний дараа тэдний махан биеийн уг чанар буюу анхдагч оршин тогтнолынх нь гол суурь ганхаж, нуран унана. Хүмүүс Бурханы үгийг амиа болгосныхоо дараа л шинэ хүмүүс болцгооно. Хэрэв Бурханы үг хүмүүсийн амь болдог бол, хэрэв Бурханы ажлын үзэгдэл, Түүний илчлэл, хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага, Бурханы хүр гэж шаарддаг хүний амьдралын стандарт тэдний амь болдог бол, хэрэв хүмүүс эдгээр үг, үнэний дагуу амьдардаг бол тэд Бурханы үгээр төгс болгуулдаг. Ийм хүмүүс Бурханы үгээр дахин төрж, шинэ хүмүүс болцгоосон юм. Энэ бол үнэнийг эрэлхийлсэн Петрийн зам. Энэ нь төгс болгуулах зам байсан юм. Петр Бурханы үгээр төгс болгуулж, Бурханы үгээс амь олж авч, Бурханы илэрхийлсэн үнэн түүний амь болсон бөгөөд тэрээр үнэнийг олж авсан хүн болсон билээ. Есүсийг дээш өргөгдөх үеэр Петр олон үзэл, дуулгаваргүй байдал, сул талтай байсныг бид бүгд мэднэ. Эдгээр зүйл яагаад хожим нь бүрэн өөрчлөгдсөн бэ? Энэ нь түүний үнэний эрэл хайгуултай шууд холбоотой. Амийн эрэл хайгуулын явцад хүн үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Хоосон сургаалыг ойлгох төдий нь нэмэргүй, хүний ярьж чаддаг хоосон сургаалын хэмжээ ч нэмэргүй. Эдгээр зүйл хүний амь зан чанарт өөрчлөлт гаргаж чадахгүй. Бурханы үгийн үгчилсэн утгыг ойлгох нь үнэнийг ойлгохтой адилгүй. Бурханы үгэнд дүрслэгдсэн тэдгээр мөн чанарын зүйлс болон зарчим нь үнэн юм. Хүмүүс үүнийг ойлгох албагүй ч гэсэн Бурханы айлдварын мөр бүр нь үнэнийг агуулдаг. Жишээлбэл, Бурхан: “Та нар үнэнч шударга байх ёстой” гэж хэлэхэд энэ үгэнд үнэн агуулагдаж байна. Түүний хэлсэн “Та нар Бурханы өмнө захирагддаг, Бурханыг хайрлаж, Түүнд шүтэн мөргөдөг хүмүүс болох ёстой. Та нар хүний хувиар үүргээ биелүүлэх ёстой” гэх зэрэг үгэнд бүр ч их үнэн агуулагдаж байдаг. Бурханы үгийн мөр бүр үнэний нэг талыг тайлбарладаг бөгөөд эдгээр үнэн бүр нь бусад үнэнтэй нягт холбоотой байдаг. Тиймээс Бурхан Өөрийнхөө хэлсэн бүхнээр үнэнийг илэрхийлж, үнэн бүрийн талаар өргөн хүрээнд ярьдаг. Үүний зорилго нь хүмүүст үнэний мөн чанарыг ойлгуулах явдал юм. Бурханы үгийг ийм хэмжээнд ойлгодог хүмүүсийг л Бурханы үгийг ойлгодог гэж хэлж болно. Хэрэв чи Бурханы үгийг үгчилсэн утгынх нь дагуу л ойлгож, тайлбарлаж, сургаалын хий хоосон үгийг ярьдаг бол үнэнийг ойлгоогүй байна. Чи зүгээр л онгирч, юу ч хийлгүй дэмий ярьж, хоосон сургаалаар тоглож байна.

Хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг ойлгох хүртэл Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байдаг. Тэрхүү уг чанар ялангуяа яг юу агуулдаг вэ? Жишээлбэл, чи яагаад аминчхан байдаг юм бэ? Яагаад байр сууриа хамгаалдаг юм бэ? Яагаад сэтгэл хөдлөл ихтэй байдаг юм бэ? Яагаад чи тэр зөв шударга бус зүйлд дуртай байдаг юм бэ? Яагаад чи тэдгээр ёрын мууд дуртай байдаг вэ? Ийм зүйлсэд дурладгийн чинь үндэс юу вэ? Эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? Яагаад чи тэдгээрийг хүлээн авахдаа тун дуртай байдаг вэ? Энэ бүх зүйлийн ар дахь гол шалтгаан нь хүний дотор Сатаны хор байдгаас болж байгаа гэдгийг одоо та нар бүгд ойлгож авсан. Тэгвэл Сатаны хор гэж юу вэ? Үүнийг хэрхэн илэрхийлж болох вэ? Жишээ нь, хэрвээ чи “Хүмүүс хэрхэн амьдрах ёстой вэ? Юуны төлөө амьдрах ёстой вэ?” гэж асуувал хүмүүс “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны гүн ухаан, логик хүмүүсийн амь болсон. Хүмүүс юу ч эрэлхийллээ гэсэн өөрсдийнхөө төлөө л хийдэг—иймээс тэд өөрсдийнхөө төлөө л амьдардаг. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”—энэ бол хүний амийн гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Эдгээр үг аль хэдийн завхарсан хүн төрөлхтний уг чанар болсон бөгөөд завхарсан хүн төрөлхтний сатанлаг уг чанарын жинхэнэ дүрслэл юм. Энэхүү сатанлаг уг чанар аль хэдийн завхарсан хүн төрөлхтний оршин тогтнолын үндэс болсон. Завхарсан хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл хэдэн мянган жилийн турш Сатаны энэ хороор амьдарч ирсэн. Сатаны хийдэг юм бүхэн өөрийнх нь дур сонирхол, жолоогүй хүсэл, зорилгын төлөө байдаг. Сатан Бурханыг давж, Бурханаас зугтаж, Бурханы бүтээсэн бүх зүйлийг хянахыг хүсдэг. Өнөөдөр, Сатаны завхруулсан хүмүүс ийм хэмжээнд очсон: Тэд бүгд сатанлаг уг чанартай, бүгд Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэхээр оролддог, өөрсдийнхөө хувь заяаг хянахыг хүсэж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг эсэргүүцэхээр оролддог. Тэдний жолоогүй хүсэл, дур сонирхол Сатаныхтай яг адилхан. Тиймээс хүний уг чанар бол Сатаны уг чанар юм. Үнэн хэрэгтээ олон хүний уриа, онч мэргэн үг нь хүний уг чанарыг төлөөлж, хүний завхралын мөн чанарыг тусгадаг. Хүмүүсийн сонгодог зүйл бол өөрсдийнх нь дур сонирхол бөгөөд тэдгээр нь бүгд хүмүүсийн зан чанар, эрэл хайгуулыг төлөөлдөг. Хэчнээн дүр эсгэлээ ч гэсэн, хүний хэлдэг үг, хийдэг юм бүхэн өөрсдийнх нь уг чанарыг далдалж чадахгүй. Жишээлбэл: фарисайчууд ихэвчлэн нэлээд сайхан номлодог байсан ч Есүсийн илэрхийлсэн номлол болон үнэнийг сонсоод хүлээн авахын оронд тэдгээрийг ялласан. Энэ нь фарисайчуудын үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг уг чанар-мөн чанарыг илчилсэн юм. Зарим хүн нэлээд сайхан ярьж, дүр эсгэхдээ гаргууд байдаг боловч бусад нь тэдэнтэй хэсэг зуур харилцсаныхаа дараа тэдний уг чанар нэлээд зальтай, шударга биш гэдгийг олж мэддэг. Удаан хугацаанд харилцсаныхаа дараа бусад бүх хүн тэдний уг чанар-мөн чанарыг олж мэддэг. Эцэст нь бусад хүн дараах дүгнэлтэд хүрдэг: Тэд хэзээ ч үнэн үг хэлдэггүй, бас ов мэхтэй. Энэ үг тийм хүмүүсийн уг чанарыг илэрхийлдэг бөгөөд энэ нь хүмүүсийн уг чанар-мөн чанарын хамгийн сайн дүрслэл, нотолгоо юм. Тэдний амьдралын гүн ухаан нь хэнд ч үнэнийг хэлэхгүй, бас хэнд ч итгэхгүй байх явдал. Хүний сатанлаг уг чанарт асар их сатанлаг гүн ухаан, хор агуулагддаг. Заримдаа чи өөрөө ч үүнийг ухаардаггүй, ойлгодоггүй; гэсэн хэдий ч амьдралын хором бүр чинь эдгээр гүн ухаанд үндэслэж байдаг. Түүнчлэн, чи эдгээр зүйл маш зөв, үндэслэлтэй бөгөөд огтхон ч алдаа мадаггүй гэж боддог. Сатаны гүн ухаан хүмүүсийн уг чанар болсон бөгөөд тэд огтхон ч гэмшилгүйгээр, ингэж амьдрах нь сайн гэж бодон, үүнд бүрэн нийцэж амьдардаг гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Тиймээс тэд байнга сатанлаг уг чанараа илчилж, байнга сатанлаг гүн ухаанаар амьдарсаар байдаг. Сатаны уг чанар бол хүний амь, хүний уг чанар-мөн чанар юм. Уг чанар гэж юу болохыг үгээр дүгнэн бүрэн илэрхийлж болно. Хүний уг чанарт биеэ тоосон, ихэрхүү зан, гоц гойд байх хүсэл байдаг. Мөн ашиг хонжоог бүхнээс дээгүүр тавьдаг, амийг үл тоомсорлодог хомхой шунал агуулагддаг. Бас ов мэхтэй байдал, шударга бус зан, сав л хийвэл хүмүүсийг хуурч мэхлэх чиг хандлага, түүнчлэн тэвчихийн аргагүй ёрын муу байдал, бузар булай байдаг. Энэ бол хүний уг чанарын хураангуй юм. Хэрвээ чи уг чанараас чинь илчлэгдэх олон талыг ялган таньж чаддаг бол энэ талаар ойлголттой болжээ. Харин өөрийн уг чанар дотор илчлэгдсэн зүйлийн талаар огт ойлголтгүй бол чи уг чанараа ерөөсөө ойлгоогүй байна гэсэн үг юм. Петр Бурханы үгийн цэвэршүүлэлтээр дамжуулан, өөрт нь Бурханы өгсөн олон янзын шалгалт дунд өөрийгөө мэдэж авах, өөрөөс нь юу илчлэгдсэнийг харахаар эрж хайсан. Өөрийгөө үнэхээр ойлгож авах үедээ Петр хүмүүс хэчнээн гүн гүнзгий завхарсныг, хэчнээн үнэ цэнгүй, Бурханд үйлчлэхэд зохисгүй болохыг, Бурханы өмнө амьдрах эрхгүй болохыг ухаарчээ. Тэгээд Петр Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөсөн юм. Маш ихийг туулаад эцэст нь Петр: “Бурханыг мэдэх нь хамгийн эрхэм нандин зүйл! Хэрвээ би Бурханыг мэдэлгүйгээр үхсэн бол үнэхээр харамсалтай байх байсан. Бурханыг мэдэх нь хамгийн чухал, хамгийн утга учиртай зүйл. Хэрвээ хүн Бурханыг мэддэггүй бол амьдрах эрхгүй, амьтантай адил бөгөөд түүнд ямар ч амьдрал байхгүй” гэж боджээ. Петрийн туршлага энэ хэмжээнд хүрэх үед тэрээр уг чанараа мэдэж авч, энэ талаар харьцангуй сайн ойлголттой болсон байлаа. Магадгүй Петр үүнийг өнөөгийн хүмүүс шиг тодорхой тайлбарлаж чадахгүй байсан байж болох ч энэ байдалд үнэхээр хүрсэн юм. Тиймээс үнэнийг эрэлхийлэх замаар алхаж, Бурханаар төгс болгуулах нь Бурханы айлдварууд дотроос өөрийнхөө уг чанарыг мэдэж авч, түүнчлэн уг чанарынхаа янз бүрийн талуудыг ухамсарлаж, үгээр үнэн зөв илэрхийлж, тодорхой, илэн далангүй ярихыг шаарддаг. Зөвхөн энэ л өөрийгөө үнэхээр мэдэх явдал бөгөөд чи ийм маягаар л Бурханы шаарддаг үр дүнд хүрсэн байх болно. Хэрвээ мэдлэг чинь энэ цэгт хараахан хүрээгүй ч чи өөрийгөө мэддэг хэмээн зүтгэж, амийг олж авсан гэж хэлж байгаа бол ердөө сагсуурч байгаа бус уу? Чи өөрийгөө мэддэггүй, мөн Бурханы өмнө юу болохоо, хүн байх стандартад үнэхээр нийцсэн эсэхээ, хэчнээн олон сатанлаг элементийг дотроо агуулсаар байгаагаа ч мэддэггүй. Чи хэнд харьяалагддаг тухайгаа одоо ч тодорхой мэддэггүй бөгөөд өөрийгөө огт мэддэггүй, тэгвэл чи яаж Бурханы өмнө эрүүл ухаантай байж чадах юм бэ? Амийг эрэлхийлж байхдаа Петр шалгалтуудын үеэр өөрийгөө ойлгож, зан чанараа өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлж, Бурханыг мэдэхээр чармайсан. Эцэст нь “Хүмүүс амьдралдаа Бурханыг ойлгохоор эрж хайх ёстой; Бурханыг мэдэх нь хамгийн шийдвэрлэх чухал зүйл. Хэрвээ би Бурханыг мэддэггүй бол үхэх үедээ тайван байж чадахгүй. Намайг Бурханыг мэдсэний дараа Бурхан намайг үхүүлэх юм бол би хамгийн их талархана. Би өчүүхэн ч гомдоллохгүй, бүх амьдрал минь ханамжтай байх болно” гэж бодсон юм. Петр Бурханд итгэж эхэлсэн даруйдаа ийм түвшний ойлголт олж авч, ийм цэгт хүрч чадаагүй юм; оронд нь тэрээр асар олон шалгалт туулсан. Түүний туршлага тодорхой хэмжээнд хүрэх ёстой байсан бөгөөд өөрийгөө бүрэн ойлгосныхоо дараа л тэрээр Бурханыг мэдэхийн үнэ цэнийг мэдэрч чадсан билээ. Тиймээс Петрийн явсан зам бол үнэнийг эрэлхийлэх, амийг олж авах, мөн төгс болгуулах зам байв. Түүний тусгай хэрэгжүүлэлт үндсэндээ энэ тал дээр төвлөрч байлаа.

Бурханд итгэхдээ та нар одоо ямар замаар алхаж байна вэ? Хэрвээ та нар Петр шиг амийг эрж хайж, өөрийгөө ойлгож, Бурханыг мэдэхээр эрэлхийлдэггүй бол Петрийн замаар алхаагүй байна. Өнөө үед ихэнх хүн ийм байдалтай байдаг: Би ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, төлөөс төлөх ёстой. Ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө бүхнээ орхих ёстой; Бурханы даалгасан зүйлийг гүйцэлдүүлж, үүргээ сайн биелүүлэх ёстой. Ийм байдалд ерөөл хүртэх санаархал ноёрхдог бөгөөд энэ нь гагцхүү Бурханаас шагнал олж авч, титэм хүртэх зорилгоор өөрийгөө Бурханы төлөө зарлагадаж буйн нэг жишээ юм. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд үнэн байдаггүй бөгөөд хаа сайгүй гайхуулдаг хоосон сургаалын үгээс л тэдний ойлголт бүрддэг нь лавтай. Тэдний зам бол Паулын зам юм. Ийм хүмүүсийн итгэл нь байнга хөдөлмөрлөх үйл бөгөөд ихийг хийх тусам Бурханд үнэнчээ төдий чинээ нотолно; бас ихийг хийх тусам нь Бурхан гарцаагүй сэтгэл ханамжтай байна; ихийг хийх тусмаа Бурханы өмнө титэм хүртэх эрхтэй байж, олж авах ерөөл нь төдий чинээ их байна гэж зүрх сэтгэлдээ боддог. Христийн төлөө зовлон туулж, номлож, үхэх юм бол, мөн өөрсдийн амийг золиосолж, Бурханы даалгасан бүх үүргийг гүйцэтгэж чадах юм бол хамгийн агуу ерөөлийг хүртэх хүмүүс болж, гарцаагүй титэм хүртэнэ гэж тэд боддог. Энэ бол яг Паулын төсөөлж, эрж хайж байсан зүйл юм. Энэ нь Паулын алхсан яг тэр зам бөгөөд тэрээр ийм л бодолд хөтлөгдөж, Бурханд үйлчлэхээр ажилласан. Ийм бодол, санаа зорилго сатанлаг уг чанараас төрөн гардаг бус уу? Газар дэлхий дээр байхдаа мэдлэгээр хөөцөлдөх ёстой, үүнийг олж авсны дараа олноос онцгойрч, албан тушаалтан болж, байр суурьтай болж чадна гэж боддог хорвоогийн хүмүүсийн адилаар тэд байр суурьтай болмогцоо санаархлаа гүйцэлдүүлж, гэр бүлийн бизнес, карьераа тодорхой түвшний хөгжил цэцэглэлтэд хүргэж чадна гэж боддог. Бүх үл итгэгч энэ замаар алхдаг бус уу? Ийм сатанлаг уг чанарт захирагддаг хүмүүс итгэлдээ Паул шиг л байж чадна. “Би Бурханы төлөө өөрийгөө зарлагдахын тулд бүхнийг хаях ёстой. Би Бурханы өмнө үнэнч байх ёстой бөгөөд эцэст нь агуу шагнал, агуу титмийг хүртэнэ” гэж тэд боддог. Энэ нь дэлхий ертөнцийн зүйлсийг эрэлхийлдэг хорвоогийн хүмүүсийнхтэй адилхан хандлага юм. Тэд ямар ч ялгаагүй бөгөөд адилхан уг чанартай байдаг. Хүмүүс иймэрхүү сатанлаг уг чанартай байх үедээ дэлхий ертөнцөөс мэдлэг, эрдэм, байр суурь олж авч, олноос онцгойрохоор эрэлхийлнэ. Тэд Бурханд итгэдэг бол агуу титэм болон агуу ерөөл хүртэхээр эрэлхийлнэ. Хэрэв хүмүүс Бурханд итгэхдээ үнэнийг эрэлхийлдэггүй бол энэ замаар явах нь лавтай. Энэ бол хэний ч өөрчилж чадахгүй баримт, байгалийн хууль. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийн явдаг зам Петрийнхээс яг эсрэг байдаг. Та бүхэн одоогоор аль зам дээр байна вэ? Хэдийгээр чи Паулын замаар явна гэж төлөвлөөгүй байж магадгүй ч уг чанар чинь чамайг энэ замаар явуулахаар шийдсэн бөгөөд чи өөрийн мэдэлгүй энэ замаар явж байгаа. Хэдийгээр чи Петрийн зам дээр хөл тавихыг хүсдэг боловч үүнийг яаж хийхээ тодорхой мэддэггүй бол өөрийн мэдэлгүй Паулын замаар орно: Энэ бол бодит нөхцөл байдал. Өнөө үед хүн Петрийн замаар яг хэрхэн алхах ёстой вэ? Хэрвээ чи Петр, Паул хоёрын замыг ялгаж чаддаггүй бол, эсвэл тэднийг огт мэддэггүй бол Петрийн замаар алхаж байна гэж хэчнээн хэллээ ч гэсэн чиний үг бол зүгээр л хоосон үг юм. Чи эхлээд Петрийн зам, Паулын зам гэж юу болохыг тодорхой ойлгох хэрэгтэй. Хэрвээ Петрийн зам бол амийг эрэлхийлэх зам, төгс болгуулах цорын ганц зам юм гэдгийг үнэхээр ойлговол, тэр үед л чи Петрийн замаар алхах, түүний эрэлхийлснийг эрэлхийлэх, хэрэгжүүлсэн зарчмыг нь хэрэгжүүлэх боломжтой болно. Хэрвээ чи Петрийн замыг ойлгодоггүй бол чиний явах зам Паулынх байх нь гарцаагүй, учир нь чиний хувьд өөр ямар ч зам байхгүй; энэ асуудал дээр чамд сонголт байхгүй. Хэдий шийдэмгий байсан ч үнэнийг ойлгодоггүй, эрэлхийлж чаддаггүй хүмүүст Петрийн замаар алхахад хэцүү санагдана. Бурхан одоо та нарт аврагдах, төгс болгуулах замыг илчилсэн нь Бурханы нигүүлсэл, өргөмжлөл юм гэж хэлж болно. Бурхан л та нарыг Петрийн зам руу залж чиглүүлдэг. Бурханы удирдамж, гэгээрэл байхгүй бол хэн ч Петрийн замаар явж чадахгүй, цорын ганц сонголт нь Паулын замаар явж, сүйрэл рүү хүргэх Паулын мөрийг дагах явдал юм. Тухайн үед тэр замаар алхах нь буруу гэж Паулд санагдаагүй; энэ нь зөв гэдэгт тэр бүрэн итгэж байсан. Тэр үнэнийг олж аваагүй, тэр тусмаа зан чанарын өөрчлөлт туулаагүй. Тэрээр өөртөө хэтэрхий их итгэж, тийм маягаар итгэхэд өчүүхэн ч асуудал байхгүй гэж үзсэн. Тэр итгэл дүүрэн, өөртөө туйлын итгэлтэйгээр үргэлжлүүлэн урагшилсан. Эцэст нь тэр хэзээ ч сэхээрээгүй. Түүний хувьд амьдрах нь Христ гэж бодсоор байсан. Тийм болохоор Паул бүр эцсээ хүртэл тэр замаар үргэлжлүүлэн явж, эцэст нь шийтгүүлэх цаг болоход түүний хувьд бүх юм дууссан байв. Паулын зам зан чанарын өөрчлөлтийг эрж хайх нь бүү хэл, өөрийгөө мэдэж авах явдлыг ч агуулаагүй. Тэрээр уг чанараа хэзээ ч задлан шинжлээгүй, өөрийгөө юу болохыг ч огт мэдэж аваагүй. Есүсийг хяхан хавчсан гол буруутан нь гэдгээ л мэдэж байв. Гэвч Паул өөрийн уг чанарыг өчүүхэн төдий ч ойлгоогүй бөгөөд ажлаа дуусгасны дараа өөрийгөө Христ шиг амьдарч байгаа тул шагнуулах ёстой гэж бодож байсан. Паулын хийсэн ажил ердөө л Бурханд үйлчлэл үзүүлсэн хэрэг байсан юм. Паул өөрөө Ариун Сүнснээс зарим илчлэлийг хүлээн авсан хэдий ч тэр үнэнийг, эсвэл амийг огт олж аваагүй. Тиймээс тэр Бурханаар авруулаагүй. Харин оронд нь Бурханд шийтгүүлсэн билээ. Петрийн зам бол төгс болгуулах зам гэж яагаад хэлдэг вэ? Яагаад гэвэл, Петр хэрэгжүүлэхдээ амь, Бурханыг мэдэхээр эрж хайх, өөрийгөө мэдэхэд онцгой ач холбогдол өгсөн юм. Бурханы ажлыг туулснаараа тэр өөрийгөө мэдэж авч, хүний завхарсан байдлын талаар ойлголттой болж, дутагдлаа мэдэж авч, хүмүүсийн эрэлхийлэх ёстой хамгийн үнэ цэнтэй зүйлийг олж илрүүлсэн билээ. Тэрээр Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг болж, Бурханы хайрыг хариулж сурч, зарим үнэнийг олж авч, Бурханы шаарддаг бодит байдалтай болсон. Шалгалтынхаа үеэр хэлсэн бүх зүйлээс нь Петр үнэхээр Бурханыг хамгийн сайн ойлгодог нэгэн байсныг харж болно. Бурханы үгээс маш их үнэнийг ойлгож авсан учраас түүний зам улам бүр гэрэлтэй болж, Бурханы хүсэлтэй улам бүр нийцсэн юм. Хэрвээ Петр энэ үнэнийг эзэмшээгүй бол түүний явсан зам тийм ч зөв байж чадахгүй байх байлаа.

Яг одоо нэг асуулт байсаар байна: Хэрэв чи Петрийн зам гэж юу болохыг мэддэг бол тэр замаар алхаж чадах уу? Энэ бол бодит асуулт юм. Чи Петрийн замаар ямар хүн явж чадах, ямар хүн явж чадахгүйг тодорхой ялган салгаж чаддаг байх ёстой. Петрийн замаар явдаг хүмүүс зөв хүн байх ёстой. Чи зөв хүн байвал л төгс болгуулж чадна. Зөв хүн биш бол төгс болгуулж чадахгүй. Паул шиг хүмүүс Петрийн замаар явж чадахгүй. Тодорхой төрлийн хүн тодорхой төрлийн замаар явах болно. Энэ нь тэр чигтээ тэдний уг чанараар тодорхойлогддог. Чи Петрийн замыг хэчнээн тодорхой тайлбарлалаа ч Сатан үүгээр явж чадахгүй. Хүссэн ч зөв замд орж чадахгүй. Сатан Петрийн замаар явж чадахгүй гэдэг нь уг чанараар нь тодорхойлогдсон. Зөвхөн үнэнийг хайрладаг хүмүүс л Петрийн замаар явж чадна. “Тэнгэрийн муухай арилдаг, хүний муухай арилдаггүй” гэдэг нь үнэн юм. Хэрвээ уг чанарт чинь үнэнийг хайрлах ямар ч элемент байхгүй бол чи Петрийн замаар алхаж чадахгүй. Хэрвээ чи үнэнийг хайрладаг хүн бол, хэрвээ чи завхарсан зан чанараа үл харгалзан үнэнийг хүлээн авч чаддаг, Ариун Сүнсний ажлыг олж авч, Бурханы хүслийг ойлгож чаддаг бол ийм маягаар махан биеэ хаяж, Бурханы төлөвлөгөөг дуулгавартай дагаж чаддаг болно. Зарим шалгалтыг даван туулсны дараа зан чанарт чинь өөрчлөлт гарвал энэ нь төгс болгуулах Петрийн зам руу аажмаар алхан орж байна гэсэн үг юм.

1998 оны өвөл

Өмнөх: Залбирлын ач холбогдол ба хэрэгжүүлэлт

Дараах: Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх