1. Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авсан тохиолдолд л хүмүүс цэвэрлэгдэж, бүрэн аврагдаж чадна гэж та нар хэлдэг. Бид үүнд итгэхгүй байна. Библид ингэж хэлдэг: “Учир нь хүн зүрх сэтгэлдээ итгэн зөв шударга байдалд хүрдэг; мөн амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг” (Ром 10:10). “Тиймээс одоо, Христ Есүс дотор байгаа хүмүүс ямар ч ял байхгүй” (Ром 8:1). Бид аль хэдийн нүглээсээ өршөөгдсөн бөгөөд Эзэн Есүст итгэснээр итгэлээрээ зөвтгөгдсөн билээ. Бид нэг мөсөн үүрд аврагдана, Эзэнийг эргэж ирэхэд бид шууд тэнгэрт хүргэгдэх болно. Гэтэл та нар яагаад бид бүрэн аврагдахын тулд эцсийн өдрүүдэд Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авах ёстой гэж хэлнэ вэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг дагадаг хүн орно” (Матай 7:21).
“Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11:45).
“Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй, харин шүүлт болон эсэргүүцэгчдийг залгих галын хилэнг айдастайгаар хүлээх нь гарцаагүй” (Еврей 10:26–27).
“Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье, нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин хүү мөнхөд байдаг’ гэж хэлэв” (Иохан 8:34–35).
“Иймээс Христ олны нүглийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн; хоёр дахь удаагаа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд биш, харин Өөрийг нь хүлээдэг хүмүүсийг аврахын тулд ирнэ” (Еврей 9:28).
Холбогдох Бурханы үг:
Тухайн үед Есүсийн ажил бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байв. Түүнд итгэсэн бүх хүний нүгэл уучлагдсан; Түүнд итгэдэг л бол Тэр чамайг золин аварна; хэрвээ Түүнд итгэсэн бол чи нүглийнх байхаа больж, нүглээсээ чөлөөлөгдөх байв. Аврагдах, итгэлээр зөвтгөгдөх гэдэг нь энэ юм. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцдэг, тэрслүү зүйл үлдсэн бөгөөд үүнийг мөн л аажмаар арилгах хэрэгтэй байлаа. Аврал гэдэг нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн нүгэлтэн байхаа больж, нүглээ уучлуулсан гэсэн үг юм. Чи итгэх л юм бол дахиад хэзээ ч нүглийнх байхаа болих юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 2
Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, Бурханаар төгс болгуулаагүй та нар шиг нүгэлтэн Бурханы санаа зорилгод нийцэж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд Есүсээр авруулсан чинь үнэн, мөн Бурханы авралаас үүдэн чи нүглийнх биш боловч энэ нь нүгэлгүй, бохир биш гэдгийг чинь нотлохгүй. Өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариусгагдаж чадах юм бэ? Дотроо чи бохироор дүүрэн, аминч, өөдгүй байгаа хэр нь Есүстэй хамт бууж ирэхийг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлд чинь нэг алхам дутуу байна: Чи ердөө л золин аврагдсан, харин өөрчлөгдөөгүй. Бурханы санаа зорилгод нийцэхийн тулд чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан заавал биечлэн хийх ёстой; эс бөгөөс чи зөвхөн золин аврагдсан тул ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурхантай хамт сайн ерөөлийг эдлэх шалгуурыг хангахгүй, учир нь чи Бурханы хүнийг удирдах ажлын нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өвийг шууд өвлөн авч чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар
Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ирж, их ажил хийсэн ч зөвхөн бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил л болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аваръя гэвэл, Есүс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэх хэрэгтэй төдийгүй, Бурхан ч бас улам их ажил хийж, хүнийг Сатаны-завхруулсан зан чанараас нь бүрэн салгах шаардлагатай. Иймээс хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор дуулгавартай дагадаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүн дотроо Бурханыг эсэргүүцдэг уг чанартай байдаг. Тиймээс хүнийг золин аварсан нь золин авралаас цаашгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч хүний доторх хорт чанарыг арилгаагүй юм. Ийм бузар хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан хүн өөрийнхөө доторх бузар, завхарсан мөн чанарыг бүрэн мэдэж авч, бүрэн өөрчлөгдөж, ариусгагдаж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих шаардлагыг хангаж чадна. Хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн тулд өнөөгийн бүх ажил хийгддэг; ингэснээр хүн үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан, цэвэршүүлэлтээр дамжуулан завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь бас байлдан дагуулалтын ажил бөгөөд авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүн Бурханаар авхуулдаг; үгийн цэвэршүүлэлт, шүүлт, ил болголтоор дамжуулан хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн итгэл найдвар бүгд бүрэн илчлэгддэг. Хүн золин авруулж, нүглээ уучлуулсан хэдий ч үүнийг Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л үзэж болно. Гэвч хүн нүглээс ангижралгүйгээр махан биед амьдардаг бөгөөд үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Ихэнх хүн өдрөөр нүгэл үйлдээд, орой нь нүглээ улайдаг. Иймээс нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг хэдий ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн, учир нь хүн завхарсан зан чанартай хэвээр байгаа… Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болоход маш амаргүй бөгөөд өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг. Үгийн шүүлтээр л дамжуулан энэ үр дүнд хүрч болно. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4
Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр өнөөгийн хүмүүст гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх завхарсан сатанлаг зан чанарыг яг яаж арилгах тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Хүн итгэлээсээ үүдэн аврагдаж, нүглээ уучлуулсан боловч хүний нүгэлт уг чанар арилаагүй бөгөөд дотор нь үлдсэн юм. Бурхан бие махбодтой болсноор дамжуулан хүний нүгэл уучлагдсан боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүгэл уучлагдаж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүгэл уучлагдсан нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучин, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсаар байна. Ийм болохоор хүнийг завхарсан сатанлаг зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч дордохгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөж чадна. Энэ нь амийн өсөлтийн замыг ойлгож, амийн замыг ойлгож, зан чанараа өөрчлөх замыг ойлгохыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлэхийг хүнээс шаарддаг, ингэснээр хүний зан чанар аажмаар өөрчлөгдөж, хүн гэрлийн туяан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы санаа зорилгын дагуу хийж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижирна. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүдэг бадаг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын хүү гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн тунхагласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны заханд хүрэх төдийд эдгэж, сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн завхарсан сатанлаг зан чанарыг олж мэдэж чадаагүй, үүнийг хэрхэн хаяхыг ч мэдээгүй. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, нэг гишүүнийх нь итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт ихээхэн нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг боломжийн итгэгч гэж үздэг байлаа. Ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгоогүй юм. Тэд зан чанараа өөрчлөх ямар ч замгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайдаг байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын тэрхүү үе шат дууссаны дараа шүүлт, гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, улмаар түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг хөөн зайлуулахаа үргэлжлүүлсээр байсан бол энэ үе шат үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь энэ нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ уучлуулаад л зогсонги байдалд орох байв. Цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн учраас нүглийн тахилаар дамжуулан хүн нүглээ уучлуулсан. Гэвч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж мөн л чаддаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тиймээс ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанарыг илчлэхдээ үг ашиглаж, зохистой замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шатны ажил нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй байдаг, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчилж чадах зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4