6. Үг нь махбодоор илэрсэн бол Илчлэлийн номд зөгнөсөн Хурганы нээсэн жижиг хуйлмал ном гэж та нар гэрчилдэг. Бид үүнд итгэхгүй байна. Бид “жижиг хуйлмал ном” гэж Библийг хэлдэг, Библи бол жижиг хуйлмал ном бөгөөд Библийг уншихад л хангалттай гэж бид итгэдэг.
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Сэнтийн дээр сууж байгаа Түүний баруун гарт, дотор нь болоод ар талд нь бичиж, долоон тамгаар лацадсан ном байгааг би харлаа. ‘Хэн хуйлмал номыг нээж, лацнуудыг нь задлавал зохистой вэ?’ хэмээн чанга дуугаар тунхаглаж буй хүчтэй тэнгэрэлчийг би харлаа. Тэнгэрт ч, газарт ч, газрын доор ч хэн ч тэр хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэж чадсангүй. Номыг нээж уншиж, доторхыг нь үзэх зохистой хүн нэг ч олдоогүй тул би ихэд уйлав. Ахлагчдын нэг нь надад ‘Битгий уйл’ гэв: харцгаа, Иудагийн овгийн Арслан буюу Давидын үндэс ялж, номыг нээж, долоон лацыг задалсан билээ” (Илчлэл 5:1–5).
“Тэнгэрээс миний сонссон өнөөх дуу хоолой надтай дахин ярьж, ‘Яв, тэнгис болон газар дээр зогсож байгаа тэнгэрэлчийн гарт нээлттэй байгаа бяцхан номыг ав’ гэв. Би тэнгэрэлч рүү очиж, ‘Бяцхан номоо надад өг’ гэв. Тэр надад, ‘Үүнийг аваад ид; энэ чиний ходоодыг хорсгох боловч аманд чинь зөгийн бал шиг амттай байх болно’ гэлээ. Би тэнгэрэлчийн гараас бяцхан номыг авч идэв; энэ нь миний аманд зөгийн бал шиг амттай байсан боловч идсэний дараа ходоод хорслоо” (Илчлэл 10:8–10).
“Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун; Ялагчид би нууцалсан маннагаас идэхийг зөвшөөрнө” (Илчлэл 2:17).
“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12–13).
Холбогдох Бурханы үг:
Би эцсийн өдрүүдэд Өөрийн хуйлмал номыг дэлгэхдээ та нарт үүнийг хэлнэ. (“Хуйлмал ном” гэдэг нь Миний хэлсэн бүх үг—эцсийн өдрүүд дэх Миний үгийг хэлдэг; энэхүү ном нь тэр бүгдийг агуулдаг.)
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 110-р бүлэг
Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс хэтрэхгүй, Хаанчлалын эрин үеэс хэтрэхгүй бөгөөд Нигүүлслийн эрин үеийг, эсвэл Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүдэд ердөө л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх бүх ажил та нарт илчлэгддэг. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. Ийм төрлийн нууц нь ямар ч хүний тайлж чадахгүй зүйл юм. Хүн Библийн талаар хэчнээн их ойлгодог байх нь хамаагүй, энэ нь үгээс цаашгүй хэвээр үлддэг, учир нь хүн Библийн мөн чанарыг ойлгодоггүй. Библийг уншихдаа хүн зарим үнэнийг ухамсарлаж, зарим үгийг тайлбарлаж, эсвэл зарим алдартай хэсэг болон бүлгийг ихээхэн шинжиж болох боловч эдгээр үгэн дотор агуулагддаг утгыг тайлж хэзээ ч чадахгүй, учир нь хүн Ехова, Есүс хоёрын хийсэн ажлын дүр зургийг биш, үхмэл үгсийг л хардаг бөгөөд энэ ажлын нууцыг тайлах ямар ч аргагүй байдаг. Тиймээс зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц нь хамгийн гүн гүнзгий нуугдсан, хамгийн агуу нууц бөгөөд хүний хувьд бүхэлдээ ойлгошгүй юм. Бурхан Өөрөө л хүнд тайлбарлаж, илчлэхгүй бол хэн ч Бурханы санаа зорилгыг шууд ойлгож чадахгүй; эс бөгөөс, хүний хувьд эдгээр зүйл үүрд оньсого хэвээр үлдэж, үүрд битүүмжлэгдсэн нууц хэвээр үлдэнэ. Шашны ертөнц дэх хүмүүсийг хэлэхийн ч хэрэггүй; хэрвээ өнөөдөр та нарт хэлээгүй бол та нар ч бас үүнийг ойлгохгүй байх байсан. Зургаан мянган жилийн энэхүү ажил нь эш үзүүлэгчдийн бүх зөгнөлөөс ч илүү нууцлаг. Энэ нь бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэлх хамгийн агуу нууц бөгөөд эрин үеүдийн туршид байсан эш үзүүлэгчдийн дундаас нэг нь ч үүнийг ухан ойлгож чадаагүй, учир нь энэхүү нууц зөвхөн эцсийн эрин үед л тайлагддаг ба өмнө нь хэзээ ч илчлэгдээгүй билээ. Хэрвээ та нар энэ нууцыг ойлгож чаддаг бол, үүнийг бүхэлд нь ухамсарлаж чаддаг бол шашны бүх хүнийг энэ нууц ялан дийлэх болно. Зөвхөн энэ л хамгийн агуу үзэгдэл; энэ нь хүний хамгийн их ойлгохыг хүсэн эрмэлзсэн боловч түүний хувьд бас хамгийн тодорхой бус байсан зүйл юм. Нигүүлслийн эрин үед байх үедээ та нар, Есүсийн хийсэн ажил, Еховагийн хийсэн ажил юу байсныг мэдээгүй. Ехова яагаад хууь тогтоосныг, яагаад Тэр хуулийг мөрдөхийг олон түмнээс шаардсаныг, эсвэл яагаад сүм байгуулах хэрэгтэй байсныг хүмүүс ойлгоогүй бөгөөд израильчуудыг яагаад Египетээс цөл рүү, дараа нь Канаан руу удирдан дагуулсныг хүмүүс бүр ч ойлгоогүй. Өнөөдөр л эдгээр хэрэг явдал илчлэгдсэн юм.
…Эцсийн өдрүүд дэх ажил нь хүн төрөлхтний хүрэх газар, төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дундах авралын бүх ажлыг төгсгөхийн тулд Ехова, Есүс хоёрын ажлыг болон хүний ойлгодоггүй бүх нууцыг ил болгодог. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг дуусгавар болгодог. Эдгээр нууцын гүнд нь орж, зүрх сэтгэлдээ тов тодорхой ойлгох боломжийг хүнд олгохын тулд хүний ойлгоогүй бүх нууцыг дэлгэх ёстой. Тэр үед л хүн төрөлхтнийг төрлийнх нь дагуу ангилж болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4
Библийн бодит байдлыг хэн ч мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн тэмдэглэл, Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрчлэлээс цаашгүй бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг тэмдэглэсэн гэдгийг Библи уншсан хүн бүр мэднэ. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээнд байдаг газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн байдаг—эдгээр нь түүхэн тэмдэглэл бус уу? Өнгөрсөн үеийн зүйлс өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хэчнээн жинхэнэ, бодитой байх нь хамаагүй, түүх хэвээр бөгөөд түүх нь өнөөдөрт чиглэж чадахгүй, учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийхээр зорьдог ажлын юуг ч ойлгодоггүй бол, мөн Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол Бурханыг эрж хайна гэдэг юу гэсэн утгатайг ойлгодоггүй юм байна. Хэрвээ чи Израилийн түүхийг судлахын тулд, Бурхан бүх тэнгэр газрыг бүтээсэн тухай түүхийг шинжлэхийн тулд Библи уншдаг бол Бурханд итгэдэггүй юм байна. Гэвч өнөөдөр чи Бурханд итгэж, амийг эрэлхийлж, Бурханыг мэдэхээр эрэлхийлдэг, харин үхмэл бичиг үсэг, хоосон сургаал юм уу түүхийн талаарх ойлголтыг эрэлхийлдэггүй бол өнөөдрийн Бурханы санаа зорилгыг эрж хайж, Ариун Сүнсний ажлын чиглэлийг хайх ёстой. Хэрвээ чи археологич байсан бол Библийг уншиж болох юм—гэтэл тийм биш, харин Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы санаа зорилгыг эрж хайсан чинь дээр.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 4
Эцсийн өдрүүдийн Христ амийг, өнө мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, мөн хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, түүхийн утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, үг, түүхийн дөнгөнд захирагддаг хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш зууралдсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд цогцос, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн харж чадах юм бэ? Чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, зүгээр зогсоод, аливаа зүйлийг байгаагаар нь байлгахаар хичээдэг, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй тул үргэлж Бурханд дайсагнаж байх биш үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт хэмжээлшгүй, хүчирхэг—гэтэл чи юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж, хуучин зүйлстэй зууралдан, өвөр дээр чинь юм унаж ирэхийг хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чиний зууралддаг тэр Бурхан бол үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан мөн гэдгийг энэ яаж баталж чадах юм бэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх үг төдий болохоос чамд амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрийн үгс бол зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл; тэдгээр нь хүний амьдралыг мэдэхэд чинь туслах мэргэн ухааны үг биш, төгс төгөлдөр лүү чамайг хөтлөх зам бүр ч биш. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ухааруулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж ятгаж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна