1. Агуу цагаан сэнтийн шүүлт гэдэг нь Бурхан тэнгэрт тавьсан асар том ширээг хэлдэг бөгөөд хүн бүр амьдралынхаа турш хийсэн нүглээ улайхаар үүний өмнө газарт сөгдөж, дараа нь Бурхан тэднийг тэнгэрийн хаанчлалд орох уу, там руу уруудах уу гэдгийг тогтоодог. Харин та нар Бурхан махбод болж дэлхий дээр ирсэн, Тэрээр үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг гүйцэтгэж байгаа гэж гэрчилдэг. Энэ яагаад бидний ойлголтоос ялгаатай байна вэ? Бурханы эцсийн өдрүүдийн шүүлт гэж чухам юу юм бэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17).
“Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үг түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47–48).
“Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ” (Иохан 5:22).
“Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн” (Иохан 5:27).
Холбогдох Бурханы үг:
Өнгөрсөн цаг үед яригдаж байсан Бурханы гэрээс эхлэх шүүлтийн тухайд, эдгээр үгэн дэх “шүүлт” гэдгээр эцсийн өдрүүдэд сэнтийнх нь өмнө ирсэн хүмүүс дээр Бурханы өнөөдөр хийдэг шүүлтийг хэлдэг. Эцсийн өдөр ирсэн үед Бурхан тэнгэрт том ширээ засаж, дээр нь цагаан бүтээлэг дэвсээд, дараа нь бүх хүнийг газарт өвдөг сөгдүүлж, Өөрөө агуу сэнтийд суунгаа хүн бүрийн нүглийг ил болгож, үүгээрээ тэднийг тэнгэрт гаргах уу, гал болон хүхэрт нуурт унагах уу гэдгийг тогтоодог гэж ер бусаар төсөөлөн боддог хүмүүс байж магад. Хүний төсөөлөл ямар ч байлаа гэсэн, Бурханы ажлын мөн чанарыг өөрчилж чадахгүй. Хүний төсөөлөл гэдэг хүний харсан, сонссон зүйлийг нийлүүлж, нэгтгэсэн, хүний тархинаас гардаг, санаа бодлынх нь бүтээл төдий юм. Иймд Би, хүний төсөөлөл хэчнээн гайхамшигтай байлаа ч зураглал төдийхнөөс хэтрэхгүй ба Бурханы ажлын төлөвлөгөөг орлож чадахгүй гэж хэлдэг. Эцсийн эцэст, хүнийг Сатан завхруулсан тул хүн яаж Бурханы бодлыг ойлгож чадах юм бэ? Хүн Бурханы шүүлтийн ажлыг маш гайхамшигтай байна гэж боддог. Бурхан Өөрөө шүүлтийн ажил хийж байгаа учраас хамгаас өргөн цар хүрээтэй, эгэл хүмүүст ойлгомжгүй байх ёстой, энэ нь тэнгэр даяар цуурайтаж, газрыг доргиох ёстой гэж боддог; эс бөгөөс энэ яаж Бурханы хийсэн шүүлтийн ажил байж чадах юм бэ? Энэ нь шүүлтийн ажил болохоор Бурхан ажиллахдаа маш сүрлэг, сүр жавхлантай байх ёстой ба шүүгдэж байгаа хүмүүс цурхиран уйлж, өвдөг дээрээ сөхрөн өршөөл хүсэж байх ёстой гэж тэр боддог. Ийм дүр зураг гайхамшигтай, үнэхээр сэтгэл хөдлөм байх нь гарцаагүй… Хүн бүр Бурханы шүүлтийн ажлыг ер бусын гайхалтай гэж төсөөлдөг. Гэвч Бурхан хүмүүсийн дунд шүүлтийн ажлаа аль хэдийн эхэлчхээд байх үед ч чи үхсэн юм шиг унтсаар үлдсэн гэдгээ мэдэх үү? Чамайг Бурханы шүүлтийн ажил албан ёсоор эхэлж байна гэж бодох үед Бурхан аль хэдийн газар тэнгэрийг шинээр бүтээчихсэн байх болно гэдгийг мэдэх үү? Магадгүй тэр үед чи амьдралын утга учрыг дөнгөж ойлгосон байх боловч бөх унтсаар л буй чамайг Бурханы өршөөлгүй шийтгэлийн ажил там руу аваачих болно. Тэр үед л чи Бурханы шүүлтийн ажил аль хэдийн дууссаныг гэнэт ухаарна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг
Бурхан хэзээ нэг цагт газар дэлхий дээр ирж, хүмүүст харагдаж, улмаар бүх хүн төрөлхтнийг биечлэн шүүж, хэнийг нь ч үлдээлгүй нэг нэгээр нь туршиж магадгүй гэж зарим хүн итгэдэг. Ингэж боддог хүмүүс бие махбодтой болох ажлын энэ үе шатыг мэддэггүй. Бурхан хүмүүсийг нэг нэгээр нь шүүдэггүй, нэг нэгээр нь сорилт туулуулдаггүй; ийнхүү хийвэл шүүлтийн ажил биш. Бүх хүн төрөлхтний завхрал адилхан бус уу? Бүх хүн төрөлхтний мөн чанар ижилхэн бус уу? Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний завхарсан мөн чанар, Сатаны завхруулсан хүний мөн чанар, хүний бүх нүгэл билээ. Хүний ялихгүй, аар саар алдааг Бурхан шүүдэггүй. Шүүлтийн ажил бэлгэдлийн чанартай бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч энэ нь, бүх хүн төрөлхтнийг шүүх ажлыг төлөөлөхийн тулд бүлэг хүмүүсийг шүүдэг ажил юм. Бүлэг хүмүүс дээр Өөрийн ажлыг биечлэн гүйцэтгэснээр махбод дахь Бурхан, бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлүүлэхийн тулд Өөрийг ажлыг ашигладаг ба үүний дараа энэ нь аажмаар тархдаг. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн, эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний зөвт бус байдал, тухайлбал Бурханд хандах хүний эсэргүүцэл, хүний Бурханаас эмээдэггүй байдал, эсвэл Бурханы ажлыг үймүүлдэг байдал зэргийг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд шүүлтийн энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм. Хүний харсан бие махбодтой болсон Бурханы ажил болон үг нь өнгөрсөн хугацаанд хүний үзэлдээ тээж ирсэн эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил билээ. Бие махбодтой болсон Бурханы одоо хийж буй ажил нь чухамдаа агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан бол эцсийн өдрүүдэд бүх хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан мөн. Энэ махбод болон энэ махбодын ажил, үг, бүхий л зан чанар нь Тэр бүхэлдээ билээ. Хэдийгээр энэ махбодын ажлын цар хүрээ хязгаарлагдмал, бүх орчлон ертөнцийг шууд хамардаггүй ч шүүлтийн ажлын мөн чанар нь бүх хүн төрөлхтнийг шууд шүүх шүүлт юм—энэ нь зөвхөн Хятадын сонгогдсон хүмүүсийн төлөө байдаггүй, цөөн тооны хүмүүсийн төлөө ч байдаггүй. Махбод дахь Бурханы ажлын үеэр, энэ ажлын цар хүрээ нь хэдийгээр бүх орчлон ертөнцийг хамардаггүй ч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг бөгөөд Өөрийн махбодын ажлын цар хүрээн дэх ажлыг дуусгасныхаа дараа Тэрээр, Есүсийг амилж, тэнгэр өөд гарсны дараа сайн мэдээ нь бүх орчлон ертөнц даяар тархсантай адилаар энэхүү ажлыг бүх орчлон ертөнцөд нэн даруй өргөжүүлнэ. Сүнсний ажил, эсвэл махбодын ажлын аль нь ч бай, хязгаарлагдмал цар хүрээнд хийгддэг ажил боловч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг. Эцсийн өдрүүдэд Бурхан, Өөрийн бие махбодын ялгамж чанараар гарч ирж ажлаа хийдэг ба махбод дахь Бурхан бол агуу цагаан сэнтийн өмнө хүнийг шүүдэг Бурхан юм. Сүнс юм уу махбод байх нь хамаагүй, шүүлтийн ажлыг хийгч нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан билээ. Энэ нь Түүний ажилд үндэслэн тодорхойлогддог ба Түүний гадаад төрх байдал болон өөр хэд хэдэн хүчин зүйлийн дагуу тодорхойлогддоггүй. Хэдийгээр хүн эдгээр үгийн талаар үзэл өвөрлөдөг ч бие махбодтой болсон Бурхан бүх хүн төрөлхтнийг шүүж, байлдан дагуулдаг бодит баримтыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хүн энэ талаар юу гэж бодох нь хамаагүй, эцсийн эцэст баримт бол баримт. “Ажлыг Бурхан хийдэг боловч махбод бол Бурхан биш” гэж хэн ч хэлж чадахгүй. Энэ нь төөрөгдөл, учир нь энэ ажлыг махбод дахь Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Энэ ажил хэдийнээ дууссан тул энэ ажлын дараа хүнийг шүүх Бурханы шүүлтийн ажил хоёр дахь удаагаа гарч ирэхгүй; хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурхан бүхий л удирдлагын ажлыг аль хэдийн гүйцэлдүүлсэн бөгөөд Бурханы ажлын дөрөв дэх үе шат гэж байхгүй. Шүүгддэг нэгэн нь завхруулагдсан, махан биед харьяалагдах хүн болохоос Сатаны сүнс шууд шүүгддэггүй учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш, харин хүмүүсийн дунд хийгддэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй
Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх мэт төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар, завхарсан зан чанарт чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг ил болгосон үг нь хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогт бүр ч их чиглэсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг хэдхэн үгээр бүрэн тайлбарладаггүй; Тэрээр удаан хугацааны туршид ил болгож, засдаг. Ил болголт болон засалтын энэ бүх өөр өөр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй; харин хүнд ерөөсөө байдаггүй үнэнийг ашиглан ил болголт, засалтын энэ ажлыг явуулдаг. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы санаа зорилго, Бурханы ажлын зорилго, хүний ойлгошгүй нууцуудыг илүү их ойлгуулдаг. Түүнчлэн, хүнд өөрийнх нь завхарсан мөн чанар болон завхралынх нь үндсийг ойлгуулж, танин мэдүүлж, өөрийнх нь муухай төрхийг илчилдэг. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Бурханд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг
Өнөөдрийн байлдан дагуулалтын ажил нь хүний төгсгөл ямар байхыг ил болгохоор зорьдог. Өнөөдрийн шүүлт, гэсгээлт нь эцсийн өдрүүдийн агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм гэж яагаад хэлдэг вэ? Чи үүнийг харахгүй байна уу? Байлдан дагуулалтын ажил яагаад сүүлчийн үе шат вэ? Энэ нь яг нарийндаа төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг харуулахын төлөө байдаг бус уу? Энэ нь гэсгээлт, шүүлтээр байлдан дагуулах ажлын явцад, жинхэнэ нүүр царайгаа харуулж, дараа нь төрлийнхөө дагуу ангилагдах боломжийг хүн бүрд олгохын төлөө байдаг бус уу? Энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж байгаа хэрэг гэж хэлэхийн оронд төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг харуулж байгаа хэрэг гэж хэлсэн нь дээр байж магад. Энэ нь, хүмүүсийн нүглийг шүүж, дараа нь хүний янз бүрийн төрлийг илчилж, улмаар ёрын муу, эсвэл зөв шударга эсэхийг нь шийдэх явдал юм. Байлдан дагуулалтын ажлын дараа сайныг шагнаж, мууг шийтгэх ажил явагддаг. Бүрэн дуулгавартай дагадаг буюу бүрмөсөн байлдан дагуулагдсан хүмүүсийг бүхий л орчлон ертөнцөд Бурханы ажлыг түгээх дараагийн алхамд байрлуулна; байлдан дагуулагдаагүй хүмүүсийг харанхуйд байрлуулах ба тэд гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрлийнхөө дагуу ангилагдаж, ёрын муу хүмүүс ёрын муугийн бүлэгт ангилагдаж, дахин хэзээ ч нарны гэрэлд байхгүй бөгөөд зөв шударга хүмүүс сайнтай ангилагдан гэрлийг хүлээн авч, үүрд гэрэлд амьдарна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын бодитой түүх (1)
Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал учраас, энэ ажлыг хүмүүсийн дунд хийхээр Бурхан мөн л бие махбод болсон дүрээрээ гарч ирэх нь маргаангүй. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдийн Христ үнэнийг ашиглан газар дэлхий даяарх хүмүүсийг сургаж, бүх үнэнийг тэдэнд мэдэгдэнэ. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм. Хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы тухайд олон хүн тавгүйтдэг, учир нь Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд махбод болно гэдэгт итгэхэд хүмүүст хэцүү байдаг. Гэсэн хэдий ч, Бурханы ажил үргэлж хүний таамаглалаас хол давдаг, хүний оюун ухаанаар үүнийг хүлээн авахад хэцүү гэдгийг чамд Би хэлэх ёстой. Учир нь хүн бол газар дээрх өт хорхой төдий байхад Бурхан бол орчлон ертөнцийг дүүргэдэг дээдийн дээд Нэгэн билээ; хүний оюун ухаан өт хорхой л үрждэг бохир устай нүх адил байхад Бурханы бодлоор удирдуулдаг ажлын үе шат бүр нь Бурханы мэргэн ухааны охь юм. Хүмүүс үргэлж Бурхантай өрсөлдөхөөр оролддог; эцэстээ хэн хохирох нь ойлгомжтой гэж Би хэлдэг. Өөрсдийгөө алтнаас үнэтэй мэт бүү бод гэж Би та бүхэнд зөвлөж байна. Бусад нь Бурханы шүүлтийг хүлээж авч чадаж байхад чи яагаад чадахгүй гэж? Чи бусдаас хэр дээгүүр байдаг вэ? Бусад нь үнэний өмнө толгой бөхийж чадаж байхад чи яагаад чадахгүй гэж? Бурханы ажилд зогсоохын аргагүй чиг хандлага байдаг. Чамайг “хувь нэмэр” оруулсан төдийд л Тэр шүүлтийн ажлыг дахин давтахгүй, ийм сайхан боломжийг алдсандаа чи асар их харамсана. Хэрвээ чи Миний үгэнд итгэхгүй байвал тэнгэр дэх тэр агуу цагаан сэнтий чамд шүүлт оноохыг хүлээ! Бүх израильчууд Есүсийг голж, үгүйсгэсэн боловч хүн төрөлхтнийг Есүс золин аварсан баримт орчлон ертөнц даяар, дэлхийн өнцөг булан бүрд түгсэн гэдгийг чи мэдэх ёстой. Бурханы аль эрт гүйцэлдүүлсэн баримт энэ биш гэж үү? Есүс чамайг тэнгэрт аваачна гэж чи хүлээсээр байгаа бол Би чамайг зөрүүд үжирсэн мод гэж хэлнэ.а Үнэнд үнэнч биш, зөвхөн ерөөл эрж хайдаг чам шиг хуурамч итгэгчийг Есүс хүлээн зөвшөөрөхгүй. Эсрэгээрээ, Тэр чамайг хэдэн арван мянган жилийн турш галт нуурт шатаахаар хаяхдаа огтхон ч өршөөл үзүүлэхгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг
Тайлбар:
а. Үжирсэн мод: “ямар ч нэмэргүй” гэсэн утгатай хятад хэлц.