6. Нигүүлслийн эрин үед Бурхан махбод болж, хүн төрөлхтний төлөө нүглийн тахил болж, улмаар хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан билээ. Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэг удаа махбод болсон. Тэрээр үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлыг хийж, хүн төрөлхтнийг бүрмөсөн цэвэрлэн, Сатаны нөлөөнөөс авардаг. Тэр хүн төрөлхтнийг аврах ажлыг гүйцэтгэхийн тулд яагаад хоёр удаа махбод болох ёстой юм бэ? Ийнхүү хоёр удаа бие махбодтой болсны жинхэнэ ач холбогдол нь юу вэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Иймээс Христ олны нүглийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн; хоёр дахь удаагаа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд биш, харин Өөрийг нь хүлээдэг хүмүүсийг аврахын тулд ирнэ” (Еврей 9:28).
Холбогдох Бурханы үг:
Эхний удаа бие махбодтой болсон нь хүнийг нүглээс золин аварсан ба Есүсийн бие махбодоор дамжуулан хүнийг золин аварсан юм. Өөрөөр хэлбэл, Тэр хүнийг загалмайнаас аварсан боловч хүний дотор завхарсан сатанлаг зан чанар мөн л үлджээ. Хоёр дахь удаа бие махбодтой болсон нь дахиж нүглийн тахил болохгүй, харин ч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аврахын төлөө байдаг. Нүгэл нь уучлагдсан хүмүүс нүглээс ангижирч, бүрэн ариусгагдаж, зан чанарын өөрчлөлтөд хүрч, улмаар Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, Бурханы сэнтийн өмнө буцан ирээсэй гэсэндээ энэ нь хийгддэг. Ийм маягаар л хүн бүрэн ариусаж чадна. Хуулийн эрин үе дууссаны дараа Нигүүлслийн эрин үе эхлэхийн хамтаар Бурхан авралын ажлыг эхлүүлсэн ба энэ нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний тэрслүү байдлыг шүүж, гэсгээж, тэднийг бүрмөсөн ариусгах хүртэл үргэлжилдэг. Дараа нь л Бурхан авралын ажлаа төгсгөөд амралтад орно. Тиймээс ажлын гурван үе шатанд Өөрийн ажлыг хүмүүсийн дунд биечлэн гүйцэтгэхийн тулд Бурхан хоёр удаа л махбод болсон юм. Яагаад гэвэл, ажлын гурван үе шатны ердөө нэг нь л хүмүүсийн амьдралыг залж чиглүүлэх явдал байсан, харин нөгөө хоёр нь авралын ажлаас бүрддэг. Бурхан махбод болсноор л хүмүүстэй хамт амьдарч, дэлхий ертөнцийн зовлонг мэдэрч, хэвийн махан биед амьдарч чадна. Зөвхөн ийм маягаар л Тэрээр бүтээгдсэн хүмүүст хэрэгтэй бодит Үгээр хүмүүсийг хангаж чадна. Хүн бие махбодтой болсон Бурханаар дамжуулан Бурханаас бүрэн аврал хүртдэг болохоос биш, залбирлынхаа хариуд тэнгэрээс шууд хүртдэггүй. Хүн мах, цуснаас бүтсэн, Бурханы Сүнсийг харж чадахгүй, Түүний Сүнсэнд ойртож бүр ч чадахгүй, тиймээс хүн Бурханы махбод болсон биетэй л харилцаж чадна. Ийм арга замаар л хүн бүх Үг, бүх үнэнийг ойлгож, бүрэн авралыг хүлээн авч чадна. Хоёр дахь удаа бие махбодтой болох нь хүний нүглийг арилгахад, хүнийг бүрэн ариусгахад хангалттай байх болно. Иймд хоёр дахь махбод бололт нь махбод дахь Бурханы бүх ажлыг төгсгөж, Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг бүрэн гүйцэлдүүлнэ. Энэ үеэс махбод дахь Бурханы ажил бүхэлдээ дууссан байх болно. Хоёр дахь удаа бие махбодтой болсныхоо дараа Тэр гурав дахь удаа бие махбодтой болох ажлыг хийхгүй. Учир нь Түүний удирдлага бүхэлдээ дуусчихсан, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан Өөрийн сонгосон хүмүүсийг бүрэн олж авсан байх ба эцсийн өдрүүд дэх хүн төрөлхтөн бүгд төрлийнхөө дагуу ангилагдсан байх болно. Тэр авралын ажлыг дахин хийхгүй, мөн ямар нэг ажил хийхийн тулд махбодод ч эргэн ирэхгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4
Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүдэг бадаг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын хүү гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн тунхагласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны заханд хүрэх төдийд эдгэж, сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн завхарсан сатанлаг зан чанарыг олж мэдэж чадаагүй, үүнийг хэрхэн хаяхыг ч мэдээгүй. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, нэг гишүүнийх нь итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт ихээхэн нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг боломжийн итгэгч гэж үздэг байлаа. Ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгоогүй юм. Тэд зан чанараа өөрчлөх ямар ч замгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайдаг байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын тэрхүү үе шат дууссаны дараа шүүлт, гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, улмаар түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг хөөн зайлуулахаа үргэлжлүүлсээр байсан бол энэ үе шат үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь энэ нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ уучлуулаад л зогсонги байдалд орох байв. Цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн учраас нүглийн тахилаар дамжуулан хүн нүглээ уучлуулсан. Гэвч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж мөн л чаддаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тиймээс ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанарыг илчлэхдээ үг ашиглаж, зохистой замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шатны ажил нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй байдаг, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчилж чадах зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4
Бурхан эхний удаа бие махбодтой болохдоо Өөрийн бие махбодтой болсон ажлыг гүйцэлдүүлээгүй; Тэрээр бие махбодтой Бурханы хийх ёстой ажлын эхний үе шатыг л гүйцээсэн. Иймээс бие махбодтой болох ажлыг дуусгахын тулд Бурхан дахин нэг удаа бие махбодод эргэн ирээд махан биеийн бүх л хэвийн, бодит байдлыг амьдран харуулж, өөрөөр хэлбэл, Бурханы Үгийг хамгийн хэвийн, эгэл жирийн махбодоор харуулж, улмаар махбодоор хараахан хийж гүйцэлдүүлээгүй ажлаа гүйцээж байгаа. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь эхнийхтэй адилхан мөн чанартай боловч эхнийхээсээ бүр илүү бодит, бүр илүү хэвийн юм. Үүний үр дүнд, Бурханы махбод болсон хоёр дахь биеийн туулдаг зовлон эхнийхээс илүү их байх боловч энэхүү зовлон нь махбод дахь Түүний үйлчлэлийн үр дүн бөгөөд завхарсан хүний зовлонгоос ялгаатай байдаг. Энэ нь бас Түүний махбодын хэвийн, бодит байдлаас урган гардаг. Тэр Өөрийн үйлчлэлийг туйлын хэвийн, бодит махбодоор хэрэгжүүлдэг учраас махбод нь асар их зовлон зүдүүрийг туулах ёстой. Энэхүү махбод хэвийн, бодит байх тусам Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхдээ төдий чинээ их зовно. Бурханы ажил огтхон ч ер бусын биш, маш эгэл жирийн махбодоор илэрхийлэгддэг. Түүний махбод хэвийн бөгөөд хүнийг аврах ажлыг ч бас үүрэх ёстой учраас Тэрээр ер бусын махан биеэс ч илүү их зовдог—энэ бүх зовлон нь Түүний махбодын бодит, хэвийн байдлаас үүсэн гардаг. Бурханы махбод болсон хоёр биеийн үйлчлэлээ гүйцэтгэх явцдаа туулсан зовлонгоос бие махбодтой болохын мөн чанарыг харж болно. Махбод нь хэвийн байх тусам ажлаа хийх явцдаа Тэр төдий чинээ их зовлон бэрхшээл туулах ёстой байдаг; ажлыг хийж буй махбод бодит байх тусам хүмүүсийн үзэл төдий чинээ хатуу болдог, мөн төдий чинээ их аюул Түүнд тохиолдох магадлалтай байдаг. Түүнчлэн махбод нь бодит байх тусам, мөн махбод нь хэвийн хүний бүрэн эрүүл ухаан болон хэрэгцээтэй байх тусам Тэр Бурханы ажлыг махбодоор хийх төдий чинээ чадвартай байдаг. Есүс махан биеэрээ загалмай дээр цовдлогдож, Өөрийн махан биеэр нүглийн тахил болсон, өөрөөр хэлбэл, Тэрээр хэвийн хүн чанартай махбодоор дамжуулан Сатаныг ялж, хүнийг загалмайнаас бүрэн аварсан юм. Хоёр дахь удаагаа бие махбодтой болсон бүрэн төгс махбод нь байлдан дагуулалтын ажлыг хийж, Сатаныг ялах юм. Бүрэн хэвийн, бодит махбод л байлдан дагуулалтын ажлыг бүрэн гүйцэд хэрэгжүүлж, хүчтэй гэрчлэл хийж чадна. Өөрөөр хэлбэл, хүнийг байлдан дагуулах нь ер бусын ид шид, илчлэлээр бус, махбод дахь Бурханы бодит, хэвийн байдлаар дамжин үр дүнд хүрдэг. Бие махбодтой болсон энэ Бурханы гүйцэтгэж үйлчлэл нь үг хэлэх явдал бөгөөд Тэрээр үг хэлснээрээ хүнийг байлдан дагуулж, төгс болгодог; өөрөөр хэлбэл, махбодод биеллээ олсон Сүнсний ажил нь үг хэлэх, махбодын ажил нь үг хэлэх, улмаар хүмүүсийг бүрэн байлдан дагуулж, илчилж, төгс болгож, таягдан хаях зорилгодоо хүрэх явдал билээ. Иймээс байлдан дагуулалтын ажлаар дамжуулан махбод дахь Бурханы ажил бүрэн гүйцэлдэнэ. Эхний удаад хийгдсэн хүний нүглийг цайруулах ажил нь бие махбодтой болсон Бурханы ажлын ердөө л эхлэл байсан; байлдан дагуулалтын ажлыг хийдэг махбод л бие махбодтой болохын бүх ажлыг гүйцээдэг. Хүйсийн хувьд нэг нь эрэгтэй, нөгөө нь эмэгтэй бөгөөд үүгээр Бурхан бие махбодтой болохын утга учрыг биелүүлж, Бурханы талаарх хүний үзлийг арилгадаг: Бурхан эрэгтэй, эмэгтэй аль нь ч болж чадах ба мөн чанартаа бол бие махбодтой болсон Бурхан хүйсгүй юм. Тэрээр эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн бөгөөд Түүний хувьд хүйсийн ялгаа байхгүй. Ажлын энэ үе шатанд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй, иймээс энэхүү ажил нь үгийн тусламжтайгаар үр дүндээ хүрнэ. Түүнчлэн, үүний шалтгаан нь энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажил бол өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах явдал биш, харин үгээ хэлж, хүнийг байлдан дагуулах явдал юм, өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон энэхүү биеийн эзэмшсэн төрөлх чадвар нь өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин үг хэлэх, хүнийг байлдан дагуулах билээ. Хэвийн хүн чанараар хийдэг Түүний ажил ид шидийг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин үг хэлэх явдал тул Бурханы махбод болсон хоёр дахь бие нь хүмүүст эхнийхээсээ хавьгүй илүү хэвийн мэт санагддаг. Бурхан бие махбодтой болох нь худал биш гэдгийг хүмүүс хардаг; гэвч бие махбодтой болсон энэхүү Бурхан нь бие махбодтой болсон Есүсээс өөр бөгөөд хоёулаа бие махбодтой болсон Бурхан мөн хэдий ч Тэд ав адилхан биш. Есүс хэвийн хүн чанартай, жирийн хүн чанартай байсан боловч Түүнийг олон тэмдэг, гайхамшиг дагалдаж байсан. Энэ удаа бие махбодтой болсон Бурханаас хүн ямар ч тэмдэг, гайхамшиг харахгүй, өвчтэйг эдгээж байгааг ч, чөтгөрийг зайлуулж байгааг ч, тэнгис дээгүүр алхахыг ч, эсвэл дөчин өдрийн турш мацаг барихыг ч харахгүй… Тэр Есүсийн хийсэнтэй адилхан ажлыг хийдэггүй бөгөөд энэ нь Түүний махбод мөн чанараараа Есүсийнхээс өөр учраас биш, харин өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Түүний үйлчлэл биш учраас тэр юм. Тэр Өөрийн ажлыг сүйтгэдэггүй, Өөрийн ажлыг үймүүлдэггүй. Нэгэнт Тэр Өөрийн бодит үгээр хүнийг байлдан дагуулдаг тул хүнийг ид шидээр эрхшээлдээ оруулах гэсний хэрэггүй, иймээс энэ үе шат нь бие махбодтой болох ажлыг төгсгөхийн төлөө байдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар
Бие махбодтой болохын ач холбогдол нь эгэл, жирийн хүн Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг; өөрөөр хэлбэл, Бурхан бурханлаг ажлаа хүн чанараар хэрэгжүүлж, улмаар Сатаныг ялдаг. Бие махбодтой болох гэдэг нь Бурханы Сүнс махбод болдог, өөрөөр хэлбэл, Бурхан махбод болдог гэсэн үг; тэрхүү махбодын хийдэг ажил нь махбодод биеллээ олж, махбодоор илэрхийлэгддэг Сүнсний ажил юм. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг хэрэгжүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон бие, энэхүү хэвийн хүн чанар л бурханлаг ажлыг илэрхийлж чадна. Бурхан анх ирэх үедээ хорин есөн нас хүрэхээсээ өмнө хэвийн хүн чанартай байгаагүй бол, хэрвээ төрөнгүүтээ л гайхамшиг үзүүлж, хэлд ормогцоо л тэнгэрийн хэлээр ярьж, газар дээр анх хөл тавьсан үеэсээ л хорвоогийн бүх хэрэг явдлыг ухан ойлгож, хүн бүрийн бодол, санаа зорилгыг ялган таньж чаддаг байсан бол, ийм хүнийг хэвийн хүн гэж нэрлэж болохгүй байх байсан бөгөөд ийм махбодыг хүний махан бие гэж нэрлэж болохгүй байх байлаа. Хэрвээ Христ ийм байсан бол Бурхан бие махбодтой болохын мөн чанар, утга учир алдагдах байв. Тэр хэвийн хүн чанартай байдаг нь махбод болсон Бурхан мөн гэдгийг нь нотолдог; Тэрээр хүний хэвийн өсөлтийн үйл явцыг туулдаг нь хэвийн махбод мөн гэдгийг нь улам батлан харуулдаг; түүнчлэн, Тэр бол махбод болсон Бурханы Үг, Бурханы Сүнс гэдгийг Түүний ажил хангалттай нотолдог. Ажлынхаа хэрэгцээнээс болж л Бурхан махбод болдог; өөрөөр хэлбэл, ажлын энэ үе шатыг махбодоор хийх ёстой, хэвийн хүн чанараар гүйцэтгэх ёстой. Энэ нь “Үг махбод болох”, “Үг махбодоор илрэхийн” урьдач нөхцөл, Бурхан хоёр удаа бие махбодтой болсны цаад үнэн түүх билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар
Бие махбодтой болохын утга учир Есүсийн ажлын үе шатанд бүрэн биелээгүй гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь Үг бүхэлдээ махбод болоогүй юм. Есүсийн хийсэн зүйл нь махбод дахь Бурханы ажлын ердөө нэг хэсэг байсан; Тэр зөвхөн золин авралын ажлыг л хийсэн ба хүнийг бүрмөсөн олж авах ажлыг хийгээгүй. Энэ шалтгааны улмаас Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэгэнтээ махбод болсон. Ажлын энэ үе шатыг ч бас эгэл жирийн махбодоор хийдэг; хүн чанар нь өчүүхэн төдий ч ер бусын биш, туйлын хэвийн хүн үүнийг хийдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан бүрэн төгс хүн болсон; Тэр бол уг ажлыг хэрэгжүүлж буй Бурханы ялгамж чанартай хүн, бүрэн төгс хүн, бүрэн төгс махбод юм. Хүний нүдээр Тэр бол огтхон ч ер бусын биш махан бие бөгөөд хурлын том танхимд шашны талаарх дотоод үнэнийг илчлэх нь бүү хэл, ямар ч гайхамшигтай тэмдэг үзүүлдэггүй, ямар ч ид шид үзүүлдэггүй, тэнгэрийн хэлээр ярьж чаддаг тун эгэл жирийн хүн билээ. Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил нь хүмүүст эхний махбодын ажилтай тун адилгүй санагддаг, иймээс энэ хоёрт нийтлэг зүйл огт байхгүй мэт санагддаг бөгөөд эхнийхийн ажлын юуг ч энэ удаа харж чадахгүй. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил эхний удаагийнхаас ялгаатай ч Тэдний эх сурвалж ав адилхан биш гэдгийг энэ нь нотолдоггүй. Тэдний эх сурвалж адил эсэх нь Тэдний гадаад бүрхүүлээс биш, харин махбодоор хийгддэг ажлын шинж чанараас хамаардаг. Өөрийнхөө ажлын гурван үе шатны явцад Бурхан хоёр удаа бие махбодтой болсон ба хоёуланд нь бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эрин үеийг нээж, шинэ ажлыг эхлүүлдэг; ингэж бие махбодтой болсон нь нэг нэгнээ харилцан нөхдөг. Энэ хоёр махбод үнэндээ нэг эх сурвалжаас ирсэн гэдгийг хүний нүдээр танин мэдэх боломжгүй юм. Энэ нь хүний нүдний юм уу хүний оюун ухааны чадвараас хэтийдсэн зүйл гэдгийг хэлэх нь илүүц билээ. Гэхдээ мөн чанартаа бол Тэд адилхан, учир нь Тэдний ажил нэгэн Сүнснээс үүсдэг. Бурханы махбод болсон хоёр бие адилхан эх сурвалжаас гарч ирсэн эсэхийг Тэдний төрсөн эрин үе, төрсөн газраар юм уу, эсвэл тиймэрхүү бусад хүчин зүйлээр дүгнэж болохгүй, харин Тэдний илэрхийлсэн бурханлаг ажлаар л дүгнэж болно. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь Есүсийн хийсэн ажлын алийг ч хийдэггүй, учир нь Бурханы ажил тогтсон заншлыг мөрддөггүй, харин тухай бүрдээ шинэ зам нээдэг. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь хүмүүсийн оюун санаан дахь эхний махбодын талаарх сэтгэгдлийг гүнзгийрүүлж, бэхжүүлэх гэж зорьдоггүй, харин үүний дутууг нөхөж, төгс болгож, Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлд оршдог бүх дүрмийг эвдэж, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы эндүү ташаа төрхийг арилгахаар зорьдог. Бурханы ажлын аль ч тусгаар үе шат нь хүнд Бурханы талаарх бүрэн гүйцэд мэдлэгийг өгч чадахгүй; үе шат бүр нь бүхэл биш, зөвхөн нэг хэсэг мэдлэгийг л өгдөг гэж хэлж болно. Хэдийгээр Бурхан Өөрийн зан чанарыг бүрэн илэрхийлсэн ч хүний ухамсарлах чадвар хязгаарлагдмал учраас Бурханы талаарх мэдлэг нь хагас хугас хэвээр үлддэг. Хүний хэлийг ашиглаад Бурханы зан чанарыг бүхэлд нь илэрхийлэх боломжгүй; түүнчлэн, Түүний ажлын ганц үе шат Бурханыг бүрэн илэрхийлж яахан чадах билээ? Тэр Өөрийн хэвийн хүн чанарын халхавч дор махбодоор ажилладаг ба хүн Түүнийг бие махбодын бүрхүүлээр нь биш, харин бурханлаг чанарын илэрхийллээр нь л мэдэж болно. Олон янзын ажлаар нь дамжуулан Өөрийг нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Бурхан махбодод ирсэн бөгөөд Түүний ажлын ямар ч хоёр үе шат адилхан биш юм. Зөвхөн ийм маягаар л хүн махбод дахь Бурханы ажлын талаар ганц талд хязгаарлагдаагүй, бүрэн дүүрэн мэдлэгтэй болж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар
Есүсийн гүйцэтгэсэн ажлын үе шат “Үг Бурхантай хамт байсан” гэдгийн мөн чанарыг л биелүүлсэн: Бурханы үнэн Бурхантай хамт байж, Бурханы Сүнс махбодтой хамт байсан ба тэрхүү махбодоос салшгүй байв. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы бие Бурханы Сүнстэй хамт байсан нь бие махбодтой болсон Есүс бол эхний удаа бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийн бүр ч том нотолгоо юм. Ажлын энэ үе шат нь “Үг махбод болсон” гэдгийн дотоод утга учрыг яг таг биелүүлж, “Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан” гэдгийг илүү гүн утга учиртай болгосон бөгөөд “Анх Үг байсан” хэмээх үгэнд бат итгэх боломжийг чамд олгодог. Өөрөөр хэлбэл, бүтээлийн цаг үед Бурханд үг байсан, Түүний үг Түүнтэй хамт, Түүнээс салшгүй байсан ба эцсийн эрин үед Тэрээр Өөрийн үгийн хүч чадал, эрх мэдлийг бүр илүү тодорхой болгон, хүнд Өөрийн бүх арга замыг харуулж—бүх үгээ сонсгодог. Энэ нь эцсийн эрин үеийн ажил юм. Чи эдгээр зүйлийг нэгд нэггүй ойлгож авах ёстой. Энэ нь бие махбодыг мэдэх асуудал биш, харин махбод болон Үгийг ойлгох тухай юм. Энэ нь чиний хийх ёстой гэрчлэл, хүн бүрийн мэдэх ёстой зүйл билээ. Энэ бол хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ажил—Бурхан махбод болдог сүүлчийн удаа учраас бие махбод болохын ач холбогдлыг бүрэн дүүрэн гүйцэлдүүлж, махбод дахь Бурханы ажлыг бүгдийг нь гүйцэд хэрэгжүүлэн, гаргаж, махбод дахь Бурханы оршихуйн эринийг төгсгөл болгодог.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 4
Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурхан үгээрээ Өөрт нь итгэдэг бүх хүнийг байлдан дагуулдаг. Энэ нь “Үг нь махбодоор илэрсэн” хэрэг юм; Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл, “Үг нь махбодоор илэрсэн” бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн юм. Тэр зөвхөн үг хэлдэг ба баримт гарч ирэх нь ховор байдаг. Үг нь махбодоор илрэхийн мөн чанар яг энэ бөгөөд бие махбодтой болсон Бурхан үгээ хэлэх үе бол Үг нь махбодоор илэрч, Үг нь махбодод ирж байгаа хэрэг юм. “Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа, тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь эцсийн өдрүүдэд Бурханы гүйцэтгэх ажил бөгөөд Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, үгээ махбодоор илэрхийлэх ёстой. Өнөөдөр хийдэг зүйл, хожим хийх зүйл, Бурханы гүйцэлдүүлэх зүйл, хүний эцсийн хүрэх газар, аврагдах хүмүүс, устгагдах хүмүүс гэх мэт эцэст нь биелэх ёстой энэ бүх ажлыг бүгдийг нь тодорхой өгүүлсэн ба бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн төлөө байдаг. Өмнө нь тунхагласан захиргааны зарлиг болон хууль, ямар хүмүүс устгагдах, ямар хүмүүс амралтад орох тавилантай зэрэг эдгээр үг бүгд биелэх ёстой. Энэ бол эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы голлон биелүүлдэг ажил юм. Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс хаана харьяалагдах болон Бурханы урьдчилан тогтоогоогүй хүмүүс хаана харьяалагдахыг, Түүний ардууд болон хөвгүүд хэрхэн ангилагдахыг, Израильд юу тохиолдохыг, Египетэд юу тохиолдохыг Тэрээр хүмүүст ойлгуулдаг бөгөөд ирээдүйд эдгээр үг нэг бүрчлэн биелнэ. Бурханы ажлын алхмууд эрчээ авч байна. Эрин үе бүрд хийгдэх зүйлийг, бие махбодтой болсон Бурханы эцсийн өдрүүдэд хийх зүйлийг болон Түүний биелүүлэх гэж байгаа үйлчлэлийг хүнд илчлэхдээ Бурхан үгийн арга барилыг ашигладаг бөгөөд эдгээр үг нь бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн тулд байдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг