3. Би Эзэн Есүст олон жилийн турш итгэж ирсэн, Эзэн Есүс бол махбод болсон Бурхан гэдгийг би мэддэг ч бие махбодтой болохын үнэнийг бүрэн дүүрэн ойлгодоггүй. Хэрэв Эзэн эргэж ирэхдээ үнэхээр Эзэн Есүс шиг гарч ирж, хүний Хүүгийн дүрээр ажиллавал бидний хувьд Түүнийг таньж, Түүний ирэлтийг угтан авах боломжгүй болно. Бие махбодтой болох нь нууцлаг зүйл гэж надад санагддаг, цөөхөн хүн л бие махбодтой болохын үнэнийг ойлгодог. Бие махбодтой болох гэдэг нь чухамдаа юу болох талаар надтай нөхөрлөнө үү.
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа” (Иохан 1:1).
“Үг махбод болж, бидний дунд оршин (бид Түүний алдрыг, Эцэгийн цорын ганц Хүүгийн алдрыг харсан), нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг” (Иохан 1:14).
“Сүсэг бишрэлийн нууц агуу гэдэг нь маргаангүй: Бурхан махбодоор илэрч, Ариун Сүнсээр зөвтгөгдөж, тэнгэрэлчүүдэд үзэгдэж, харь үндэстнүүдэд тунхаглагдаж, дэлхий ертөнцөд итгэгдэж, суу алдар луу дээш авагдсан юм” (1 Тимот 3:16).
“Есүс түүнд, ‘Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй. Хэрвээ та нар Намайг мэдсэн бол Миний Эцэгийг ч бас мэдсэн байх ёстой: одооноос эхлээд та нар Түүнийг мэдэж, Түүнийг харлаа’ гэжээ” (Иохан 14:6–7).
Холбогдох Бурханы үг:
“Бие махбодтой болох” нь Бурхан махбодоор илрэх явдал; Бурхан Өөрийн бүтээсэн хүн төрөлхтний дунд махбодын дүрээр ажилладаг. Иймээс, бие махбодтой болохын тулд Бурхан эхлээд махбод буюу хэвийн хүн чанартай махбод байх ёстой; энэ нь хамгийн үндсэн урьдач нөхцөл юм. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар
Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод билээ. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл учраас ийм ялгаа байгаа юм. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг гүйцэтгэдэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм
Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь харваас бие махбодтой болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Түүний хүн чанар бие махбодынх нь мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй ямар ч махан бие байж болохгүй бөгөөд хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм маягаар, Бурханы махбодын хүн чанар бол Бурханы махбод болсон биеийн төрөлхийн чанар юм. “Бурхан махбод болох үедээ тэр чигтээ бурханлаг чанартай бөгөөд огтхон ч хүн биш” гэж хэлэх нь доромжлол юм, учир нь энэхүү мэдэгдэл ердөө оршин байдаггүй бөгөөд бие махбодтой болох зарчмыг зөрчдөг. Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлснийхээ дараа ч гэсэн, ажлаа хийх үедээ Тэрээр хүний гадаад бүрхүүлтэй бурханлаг чанар дотроо амьдарсаар байдаг; яг тэр үед Түүний хэвийн хүн чанар нь хэвийн махбодоор ажлаа гүйцэтгэх боломжийг Өөрийн бурханлаг чанарт олгох цорын ганц зорилготой байдаг. Иймээс ажил гүйцэтгэгч нь Түүний хүн чанарт оршин буй бурханлаг чанар юм. Түүний хүн чанар биш, харин бурханлаг чанар ажиллаж байгаа ч энэхүү бурханлаг чанар нь Түүний хүн чанар дотор нуугдаж байдаг; мөн чанартаа, Түүний хүн чанар биш, харин бүрэн бурханлаг чанар ажлыг нь хийдэг. Гэхдээ ажлыг гүйцэтгэгч нь Түүний махбод юм. Бурхан хүний бүрхүүлтэй, хүний мөн чанартай, бас Бурханы мөн чанартайгаар махан биед амьдардаг Бурхан болдог учраас Тэр бол хүн, гэхдээ бас Бурхан гэж хэлж болох юм. Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас бүтээгдсэн бүх хүнээс дээгүүр, Бурханы ажлыг гүйцэтгэж чадах өөр ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүнийх шиг хүний бүрхүүлтэй бүх хүний дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүний дундаас зөвхөн Тэр л бие махбодтой болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүгд бүтээгдсэн хүн билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүмүүст хүн чанар л байдаг байхад бие махбодтой болсон Бурхан бол өөр: Түүний махбод хүн чанартай байдгаар зогсохгүй, үүнээс ч чухал нь бурханлаг чанартай байдаг. Түүний хүн чанарыг махбодынх нь гадаад төрхөөс болон өдөр тутмын амьдралаас нь харж болно, гэхдээ Түүний бурханлаг чанарыг ухамсарлахад хэцүү байдаг. Яагаад гэвэл, Түүний бурханлаг чанар Түүнд хүн чанар байгаа үед л илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адил ер бусын байдаггүй, үүнийг харах нь хүмүүст туйлын хэцүү байдаг. Өнөөдөр ч гэсэн бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанарыг ойлгох нь хүмүүст хамгийн хэцүү. Намайг энэ талаар ийм ихийг ярьсны дараа ч гэсэн энэ нь та нарын дийлэнхэд нууц хэвээр байдаг гэж Би бодож байна. Үнэндээ, энэ асуудал маш энгийн: Бурхан махбод болдог тул Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол юм. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан Өөрөө гэж нэрлэдэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар
Бие махбодтой болохын ач холбогдол нь эгэл, жирийн хүн Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг; өөрөөр хэлбэл, Бурхан бурханлаг ажлаа хүн чанараар хэрэгжүүлж, улмаар Сатаныг ялдаг. Бие махбодтой болох гэдэг нь Бурханы Сүнс махбод болдог, өөрөөр хэлбэл, Бурхан махбод болдог гэсэн үг; тэрхүү махбодын хийдэг ажил нь махбодод биеллээ олж, махбодоор илэрхийлэгддэг Сүнсний ажил юм. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг хэрэгжүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон бие, энэхүү хэвийн хүн чанар л бурханлаг ажлыг илэрхийлж чадна. Бурхан анх ирэх үедээ хорин есөн нас хүрэхээсээ өмнө хэвийн хүн чанартай байгаагүй бол, хэрвээ төрөнгүүтээ л гайхамшиг үзүүлж, хэлд ормогцоо л тэнгэрийн хэлээр ярьж, газар дээр анх хөл тавьсан үеэсээ л хорвоогийн бүх хэрэг явдлыг ухан ойлгож, хүн бүрийн бодол, санаа зорилгыг ялган таньж чаддаг байсан бол, ийм хүнийг хэвийн хүн гэж нэрлэж болохгүй байх байсан бөгөөд ийм махбодыг хүний махан бие гэж нэрлэж болохгүй байх байлаа. Хэрвээ Христ ийм байсан бол Бурхан бие махбодтой болохын мөн чанар, утга учир алдагдах байв. Тэр хэвийн хүн чанартай байдаг нь махбод болсон Бурхан мөн гэдгийг нь нотолдог; Тэрээр хүний хэвийн өсөлтийн үйл явцыг туулдаг нь хэвийн махбод мөн гэдгийг нь улам батлан харуулдаг; түүнчлэн, Тэр бол махбод болсон Бурханы Үг, Бурханы Сүнс гэдгийг Түүний ажил хангалттай нотолдог.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар
Бие махбодтой болсон Бурханы хүн чанар нь махбод дахь хэвийн бурханлаг ажлыг хадгалахын төлөө оршдог; Түүний хэвийн хүний сэтгэхүй нь хэвийн хүн чанар болоод махбодынх нь бүх хэвийн үйл ажиллагааг хадгалдаг. Түүний хэвийн хүний сэтгэхүй нь махбод дахь Бурханы ажлыг хадгалахын тулд оршдог гэж хэлж болох юм. Хэрвээ энэхүү махбодод хүний хэвийн оюун ухаан байгаагүй бол Бурхан махбодоор ажиллаж чадахгүй байх байсан ба махбодоор хийх хэрэгтэй зүйлс нь хэзээ ч гүйцэлдэхгүй байх байлаа. Бие махбодтой болсон Бурханд хүний хэвийн оюун ухаан байдаг хэдий ч Түүний ажилд хүний бодол холилддоггүй; Тэр хүний хэвийн бодлоор бус, харин оюун ухаантай хүн чанарыг эзэмшсэн урьдач нөхцөл дор хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг явуулдаг. Түүний махбодын бодол хэчнээн сүрлэг байх нь хамаагүй, Түүний ажилд логик юм уу сэтгэлгээ холилддоггүй. Өөрөөр хэлбэл, Түүний ажил нь Түүний махан биеийн оюун ухаанаас төрөн гардаггүй, харин Түүний хүн чанар дахь бурханлаг ажлын шууд илэрхийлэл юм. Түүний бүх ажил нь Түүний биелүүлэх ёстой үйлчлэл бөгөөд нэгийг нь ч Түүний уураг тархи бодож олдоггүй. Жишээлбэл, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах болон цовдлол нь Түүний хүний оюун ухааны үр дүн байгаагүй, хүний оюун ухаантай ямар ч хүн үүнийг хийж чадахгүй байх байсан юм. Үүний адилаар, өнөөдрийн байлдан дагуулалтын ажил бол бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх ёстой үйлчлэл боловч энэ нь хүний хүслийн ажил биш, харин Түүний бурханлаг чанарын хийх ёстой ажил, махан биетэй ямар ч хүний хийж чадахгүй ажил билээ. Иймээс бие махбодтой болсон Бурханд хүний хэвийн оюун ухаан, хэвийн хүн чанар байх ёстой, учир нь Тэр хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг гүйцэтгэх ёстой. Энэ бол бие махбодтой болсон Бурханы ажлын мөн чанар, бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанар юм.
Есүс ажлаа гүйцэтгэхээс өмнө ердөө л хэвийн хүн чанараараа амьдарч байлаа. Тэр бол Бурхан мөн гэдгийг хэн ч таньж чадаагүй, бие махбодтой болсон Бурхан гэдгийг нь хэн ч олж мэдээгүй; хүмүүс Түүнийг тун жирийн хүн гэж л мэддэг байсан. Түүний туйлын эгэл жирийн, хэвийн хүн чанар нь Бурхан бие махбодтой болсны нотолгоо, мөн Нигүүлслийн эрин үе нь Сүнсний ажлын эрин үе биш, харин бие махбодтой болсон Бурханы ажлын эрин үе гэдгийн нотолгоо байлаа. Энэ нь, Бурханы Сүнс махбодод бүрэн биеллээ олж, бие махбодтой болсон Бурханы эрин үед Түүний махбод Сүнсний бүх ажлыг гүйцэтгэнэ гэдгийн нотолгоо байв. Хэвийн хүн чанартай Христ бол дотор нь Сүнс биеллээ олсон махбод бөгөөд хэвийн хүн чанар, хэвийн эрүүл ухаан, хүний бодлыг эзэмшиж байдаг. “Биеллээ олно” гэдэг нь Бурхан хүн болж, Сүнс махбод болдог гэсэн үг; илүү тодорхой хэлэх юм бол, энэ нь Бурхан Өөрөө хэвийн хүн чанартай махбодод оршиж, үүгээрээ Өөрийн бурханлаг ажлыг илэрхийлдэг үе юм—энэ нь биеллээ олсон буюу бие махбодтой болсон гэсэн үг билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар