Оршил

(Төгс Хүчит Бурханы үгээс)

Газар дээрх Миний ажлын зорилгыг, өөрөөр хэлбэл, Миний хүрэхийг хүсэж байгаа эцсийн зорилтыг, мөн энэ ажил бүрэн төгс болохоос өмнө Би үүгээр ямар түвшинд хүрэх ёстойг бүх хүн ойлгох хэрэгтэй. Хүмүүс өнөөдрийг хүртэл Надтай цуг алхчхаад Миний ажил чухам ямар учиртайг ойлгодоггүй бол тэд Надтай хамт дэмий алхаж байсан бус уу? Намайг дагадаг бол хүмүүс Миний санаа зорилгыг мэддэг байх ёстой. Би газар дээр хэдэн мянган жилийн турш ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр ч гэсэн Өөрийн ажлыг энэ маягаар хэрэгжүүлж байна. Миний ажил асар олон төслийг хамардаг хэдий ч зорилго нь нэг хэвээрээ байдаг; жишээлбэл, Би хүнд шүүлт, гэсгээлтээр дүүрэн ханддаг хэдий ч Миний хийдэг зүйл түүнийг аврахын төлөө л байдаг, хүнийг бүрэн төгс болсны дараа Өөрийн сайн мэдээг илүү сайн түгээж, Өөрийн ажлыг бүх Харь үндэстний дунд өргөжүүлэхийн төлөө байдаг. Иймээс өнөөдөр, олон хүн аль эртнээс сэтгэлийн гүн хямралд орчхоод байгаа энэ үед ч Би ажилласаар байдаг, хүнийг шүүж, гэсгээхийн тулд хийх ёстой ажлаа Би үргэлжлүүлдэг. Хүн Миний хэлдэг зүйлээс залхчихсан бөгөөд Миний ажлыг анхаарах ямар ч хүсэлгүй байдаг нь үнэн ч гэсэн, Би Өөрийн үүргээ хэрэгжүүлсээр байгаа, учир нь Миний ажлын зорилго өөрчлөгдөлгүй үлддэг бөгөөд Миний анхны төлөвлөгөө ч нурахгүй. Миний шүүлт хүнийг Надад илүү дуулгавартай болгох зорилготой, Миний гэсгээлт хүнийг илүү сайн өөрчлөх зорилготой. Миний хийдэг бүхэн Миний удирдлагын төлөө байдаг хэдий ч Би хүнд ашиг тусгүй ямар ч ажил хийж байгаагүй. Үүний учир нь Би Израилийн гаднах бүх үндэстнийг яг л израильчууд шиг дуулгавартай болгож, тэднийг жинхэнэ хүн болгохыг хүсдэг, ингэснээр Би Израилийн гаднах газар нутагт түшиц газартай болно. Энэ бол Миний удирдлага; энэ бол Харь үндэстнүүдийн дундах Миний ажил. Одоо ч гэсэн Миний удирдлагыг олон хүн ойлгохгүй хэвээр байдаг, учир нь тэд эдгээр зүйлд санаа тавьдаггүй, харин оронд нь өөрсдийнхөө ирээдүй, хүрэх газарт л санаа тавьдаг. Намайг юу ч хэлсэн тэд Миний хийдэг ажлыг үл хайхарсан хэвээр үлдэж, ирээдүйд хүрэх газартаа л нэгэн үзүүрт сэтгэлээр анхаарлаа төвлөрүүлдэг. Хэрвээ байдал энэ янзаар үргэлжилбэл Миний ажил яаж түгж чадах юм бэ? Миний сайн мэдээ яаж дэлхий даяар номлогдож чадах юм бэ? Миний ажил түгэх үед Би та нарыг тараан бутаргаж, Ехова Израилийн овог бүрийг цохисонтой адилаар та нарыг цохино гэдгийг та нар мэдэж авах ёстой. Өөрийн сайн мэдээг газар дэлхий даяар түгээж, Өөрийн ажлыг Харь үндэстнүүдэд түгээж, улмаар томчууд, хүүхдүүд ялгаагүй Миний нэрийг агуу хэмээн хүндэлж, Миний ариун нэрийг бүх улс орон, үндэстэн угсаатны хүмүүс ам амандаа шагшин магтдаг болгохын тулд энэ бүхнийг хийнэ. Энэхүү төгсгөлийн эрин үед Миний нэр Харь үндэстнүүдийн дунд агуу хэмээн өргөмжлөгдөж, Миний үйл хэргийг Харь үндэстнүүдийн хүмүүс харж, үйл хэргийн минь улмаас тэд Намайг Төгс Хүчит хэмээн дуудаг, мөн Миний үг удалгүй биелэг. Би бол израильчуудын Бурхан төдийгүй, бүх Харь үндэстний хүмүүсийн, тэр ч байтугай хараасан улс үндэстнүүдийн ч Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдүүлнэ. Би бол бүх бүтээгдсэн зүйлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн агуу ажил, эцсийн өдрүүдийн ажлын төлөвлөгөөний минь зорилго ба эцсийн өдрүүдэд гүйцэлдүүлэхийг хүсэж буй цорын ганц ажил юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн

Чи эрин үе бүрд Бурханы илэрхийлсэн зан чанарыг тухайн эрин үеийн ач холбогдлыг агуулдаг, тохиромжтой хэлээр бодитой байдлаар ярьж чадах уу? Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг туулдаг чи Бурханы зөвт зан чанарыг нарийвчлан дүрсэлж чадах уу? Чи Бурханы зан чанарыг тодорхой, нарийн зөв гэрчилж чадах уу? Зөв шударга байдлаар өлсөж, цангадаг, өрөвдөлтэй, ядуу, чин сүсэгт, мөн чамаар хариулуулахаар хүлээж байгаа шашны итгэгчдэд чи өөрийн үзсэн зүйл болон туршлагыг хэрхэн ярих вэ? Чамаар хариулуулах гээд ямар янзын хүмүүс чамайг хүлээж байгаа бол? Чи төсөөлж чадах уу? Мөрөн дээрх ачаа, даалгавар, хариуцлагаа чи мэдэж байна уу? Түүхэн үүрэг даалгаврын мэдрэмж чинь хаана байна вэ? Чи дараагийн эрин үеийн эзэний хувиар хэрхэн сайн үйлчлэх вэ? Чамд эзэн байх хүчтэй мэдрэмж бий юу? Бүх зүйлийн эзэн гэдгийг хэрхэн тайлбарлах ёстой вэ? Энэ нь үнэхээр бүх амьд амьтан болон дэлхий дээрх бүх материаллаг зүйлийн эзэн үү? Ажлын дараагийн үе шатны ахицад зориулсан ямар төлөвлөгөө чамд байна вэ? Чамаар хариулуулахаар хэдэн хүн чамайг хүлээж байгаа вэ? Чиний даалгавар хүнд үү? Тэд ядуу, өрөвдөлтэй, сохор, аргаа барсан бөгөөд харанхуйд гасалж байна—зам хаана байна вэ? Харвах од мэт гэрэл гэнэт бууж, хүнийг маш олон жилийн турш дарангуйлсан харанхуйн хүчийг сарниулахыг тэд ямар их хүсэн эрмэлздэг билээ. Тэд сэтгэл түгшин найдаж, үүнийг өдөр шөнөгүй мөрөөддөг—хэн үүнийг бүрэн мэдэж чадах юм бэ? Гэрэл гялалзан өнгөрөх өдөр ч гэсэн, ихэд зовж буй энэ хүмүүс суллагдах найдваргүйгээр харанхуй гянданд хоригдсоор байдаг; тэд хэзээ гашуудан уйлахаа болих вэ? Амар заяа үзээгүй энэ сул дорой сүнснүүд ийм аймшигтай зовлон амсаж, өршөөлгүй хүлээс болон хөлдүү түүх тэднийг аль хэдийн ийм байдалтай болгон хүлсэн. Тэдний гашуудан уйлах чимээг хэн сонссон бэ? Зовлон шаналалтай байдлыг нь хэн харсан бэ? Бурханы зүрх сэтгэл хэчнээн гашуудаж, түгшиж байдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтөн нь ийм тарчлаан амсаж байгааг Тэр яаж тэвчиж чадах юм бэ? Эцсийн эцэст, хүн төрөлхтөн бол хордсон хохирогчид. Хэдийгээр хүн өнөөг хүртэл золоор амьд үлдсэн ч гэсэн хүн төрөлхтнийг муу ёрын нэгэн аль хэдийн хордуулсан гэдгийг хэн мэдэх билээ? Чи хохирогчдын нэг гэдгээ мартчихсан уу? Бурханыг гэх хайраасаа болоод чи энэ бүх амьд үлдэгсдийг аврахаар чармайхыг хүсэхгүй байна уу? Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус шигээ хайрладаг Бурханы ачийг хариулахын тулд хамаг хүчээ зориулахыг хүсэхгүй байна уу? Бурханаар ашиглуулан энэхүү ер бусын амьдралаар амьдрахыг чи яг юу гэж ухамсарладаг вэ? Чамд үнэн сүсэгтэй, Бурханд үйлчилдэг хүний утга учиртай амьдралаар амьдрах шийдэмгий байдал болон итгэл үнэхээр байна уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи ирээдүйн үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ?

Та нарын туулсан, үзэж харсан зүйл өмнөх бүх эрин үеийн эш үзүүлэгчид, ариун хүмүүсийнхээс давдаг, гэхдээ та нар өмнөх үеийн эш үзүүлэгчид болон ариун хүмүүсийн үгээс илүү агуу гэрчлэлийг Надад өгч чадах уу? Одоо та нарт Миний хайрладаг зүйл Мосегийнхоос давж, Давидынхаас илүү гардаг, иймээс та нарын гэрчлэл Мосегийнхоос давж, үг чинь Давидынхаас илүү байхыг Би шаарддаг. Би та нарт зуу дахин ихийг өгдөг тул та нараас ч бас Надад тэр хэрээр эргүүлэн төл гэж шаарддаг. Би бол хүн төрөлхтөнд амь хайрладаг Нэгэн гэдгийг та нар мэдэх ёстой бөгөөд та нар Надаас амь хүлээн авдаг тул Надад гэрчлэл хийх ёстой. Энэ бол та нарын үүрэг, мөн Миний та нарт илгээдэг, Миний төлөө та нарын хийх учиртай зүйл юм. Би та нарт Өөрийн бүх алдрыг өгч, Израилийн сонгогдсон хүмүүсийн хэзээ ч хүлээн аваагүй амийг өгсөн. Та нар Надад гэрчлэл хийж, залуу насаа Надад зориулж, амиа өгөх учиртай. Миний алдар суугаа өгсөн хэн боловч Надад гэрчлэл хийж, Миний төлөө амиа өгөх ёстой—үүнийг Би эртнээс урьдчилан тогтоосон. Би та нарт алдар суугаа өгч байгаа нь та нарын ерөөл, Миний алдарт гэрчлэл хийх нь та нарын үүрэг. Та нар ерөөлийн төлөө л Надад итгэвэл Миний ажил ач холбогдол багатай байна, та нар ч бас үүргээ гүйцэтгэхгүй байх болно. Израильчууд Миний өршөөл, хайр энэрэл болон агуу байдлыг л харсан бол иудейчүүд Миний тэвчээр болон золин авралыг л харсан. Тэд Миний Сүнсний ажлаас тун өчүүхнийг л ойлгосон; тэдний ойлголтын түвшин та нарын харсан, сонссоны арван мянганы нэг л байсан. Та нарын харсан зүйл тэдний ахлах тахилчдынхаас ч даван гардаг. Өнөөдөр та нарын ойлгосон үнэн тэднийхийг давдаг; та нарын өнөөдөр харсан зүйл Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үед ойлгож мэдэж байснаас ч илүү байдаг бөгөөд та нарын туулсан зүйл Мосе, Елиагийнхаас ч даван гардаг. Учир нь израильчууд зөвхөн Еховагийн хуулийг ойлгож, Еховагийн барааг араас нь л харсан юм; иудейчүүд Есүсийн золин авралыг л ойлгож, Есүсийн хайрласан нигүүлслийг л хүлээн авсан бөгөөд иудей овгийн гэр доторх Есүсийн дүрийг л харсан билээ. Өнөөдөр та нар Еховагийн алдар, Есүсийн золин аврал болон Миний өнөөдрийн бүх үйл хэргийг хардаг. Түүнчлэн та нар Миний Сүнсний үгийг сонсож, Миний мэргэн ухааныг ухамсарлаж, Миний гайхамшгийг мэдэж авч, Миний зан чанарын талаар олж мэдсэн. Би бас та нарт удирдлагын төлөвлөгөөгөө бүгдийг нь ярьсан. Та нарын харсан зүйл элэгсэг, өршөөнгүй Бурхан төдийгүй, мөн зөвт байдал бүрдсэн Бурхан билээ. Та нар Миний гайхамшигт ажлыг харж, уур хилэн, сүр жавхлангаар дүүрэн болохыг минь ч мэдсэн. Цаашлаад та нар израилийн гэрт догшин уур хилэнгээ буулгасныг минь мэдэх ба өнөөдөр энэ нь та нар дээр ирсэн. Та нар Исаиа, Иохан нараас ч илүүтэйгээр Миний тэнгэр дэх нууцуудыг ойлгосон; та нар өмнөх үеийн бүх ариун хүнээс илүүгээр Миний хайр татам, эрхэм байдлыг мэддэг. Та нар Миний үнэн, зам, амийг төдийхнийг хүлээн авсан хэрэг бус, харин Иоханыхаас ч агуу үзэгдэл, илчлэлийг хүлээн авсан юм. Та нар илүү олон нууцыг ойлгож, Миний үнэн төрхийг харсан; та нар Миний шүүлтийг илүү их хүлээн авч, Миний зөвт зан чанарыг илүү их мэдсэн. Иймээс та нар эцсийн өдрүүдэд төрсөн хэдий ч, та нарын ойлголт урьд үе, өнгөрсөн үеийнхнийхтэй адил, та нар бас өнөөдрийн зүйлсийг туулсан бөгөөд энэ бүгдийг Би биечлэн хийсэн билээ. Би та нарт дэндүү ихийг өгч, та нар ч Надаас ихийг харсан болохоор та нараас Миний шаарддаг зүйл хэрээс хэтэрсэн юм биш. Тиймээс, өмнөх үеийн ариун хүмүүст хандан Намайг гэрчлээч гэж Би та нараас хүсдэг, энэ бол Миний зүрх сэтгэлийн цорын ганц хүсэл билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?

Би чиний одоогийн үнэнч зан, дуулгавартай байдал, одоогийн хайр, гэрчлэлийг л хүсдэг. Энэ мөчид чи гэрчлэл гэж юу болох, хайр гэж юу болохыг мэдэхгүй байсан ч гэсэн өөрт байгаа бүхнээ Надад авчирч, өөртөө байгаа цорын ганц үнэт эрдэнэс болох үнэнч зан, дуулгавартай байдлаа Надад өгөх ёстой. Хүний үнэнч зан, дуулгавартай байдал бол Миний Сатаныг ялсан гэдгийн, түүнчлэн хүнийг Би бүрэн байлдан дагуулсан гэдгийн гэрчлэл гэдгийг чи мэдэх ёстой. Чи Надад итгэхдээ Надад гэрчлэл хийж, өөр хэнд ч биш Надад үнэнч байж, эцсээ хүртэл Намайг дуулгавартай дагах үүрэгтэй. Ажлынхаа дараагийн алхмыг эхлэхээс минь өмнө чи Надад хэрхэн гэрчлэл хийх вэ? Надад чи яаж үнэнч, дуулгавартай байх вэ? Чи өөрийн чиг үүрэгт бүх үнэнч байдлаа зориулах уу, эсвэл зүгээр л бууж өгөх үү? Чи Миний зохицуулалт бүрд (үхэл, сүйрэл байсан ч гэсэн) захирагдахыг илүүд үзэх үү, эсвэл Миний гэсгээлтээс зайлсхийхийн тулд замын хагасаас зугтах уу? Надад гэрчлэл хийж, Надад үнэнч, дуулгавартай байг гэсэндээ Би чамайг гэсгээдэг. Мөн одоогийн гэсгээлт нь Миний ажлын дараагийн алхмыг нээж, ажлыг саадгүй урагшлуулахын төлөө байдаг. Тиймээс чамайг ухаалаг байж, өөрийн амь болоод оршин тогтнолын ач холбогдлыг ямар ч үнэ цэнгүй атга шороо мэт үзэхгүй байхыг Би зөвлөж байна. Миний ирэх ажил яг ямар байхыг чи мэдэх үү? Ирэх өдрүүдэд Миний яаж ажиллахыг, Миний ажил хэрхэн өрнөхийг чи мэдэх үү? Чи Миний ажлыг мэдэрч туулж байгаагийнхаа ач холбогдлыг төдийгүй, Надад итгэх итгэлийнхээ ач холбогдлыг мэдэх хэрэгтэй. Би маш их ажил хийсэн, чиний бодсон шиг замынхаа хагаст больж яаж чадах билээ? Би ийм өргөн цар хүрээтэй ажил хийсэн; яаж үүнийгээ үгүй хийж чадах билээ? Үнэхээр ч Би энэ эрин үеийг дуусгавар болгохоор ирсэн. Энэ бол үнэн, гэвч үүнээс гадна Би шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг эхлүүлж, хамгийн гол нь хаанчлалын сайн мэдээ түгээх гэж байгааг чи мэдэх ёстой. Тиймээс одоогийн ажил нь зөвхөн эрин үеийг эхлүүлж, ирэх цагийн сайн мэдээг түгээж, ирээдүйд эрин үеийг төгсгөл болгох суурийг тавихын төлөө юм гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Миний ажил чиний боддог шиг тийм ч энгийн биш, чиний итгэдэг шиг ямар ч үнэ цэнгүй, утга учиргүй ч биш. Тиймээс Би чамд бас л ингэж хэлэх ёстой: Чи Миний ажилд амиа зориулах учиртай бөгөөд цаашлаад өөрийгөө Миний алдрын төлөө зориулах ёстой. Надад гэрчлэл хийхийг чинь Би удаан хүсэн хүлээсэн, Миний сайн мэдээг түгээхийг чинь бүр ч удаан хүсэн хүлээсэн. Чи Миний зүрх сэтгэлд байгаа зүйлийг ойлгох учиртай.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?

Орчлон даяар Би Өөрийн ажлыг хийж байна, зүүн зүгт аянга цахилгааны нүргээн зогсолтгүй дуугарч, бүх улс үндэстэн, шашны урсгалыг доргиож байна. Миний айлдварууд л бүх хүнийг өнөөдөр лүү хөтөлсөн. Би бүх хүнийг Миний айлдвараар байлдан дагуулагдаж, энэ урсгалд цутгаж, Миний өмнө бууж өгөхөд хүргэдэг, учир нь Би аль эрт Өөрийн алдар сууг бүх дэлхийгээс эргүүлэн авч, зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Намайг эргэн ирэхийг сэтгэл түгшин хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Миний дахин илрэлтээр цангадаггүй хэн байна вэ? Миний хайр татам байдлыг санагалздаггүй хэн байна вэ? Гэрэл рүү гарч ирэхгүй хэн байна вэ? Канааны баялгийг харахгүй хэн байна вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Агуу хүч чадалтай Түүнийг биширдэггүй хэн байна вэ? Миний айлдвар газар дэлхий даяар тархана; хүчит аянга уул, усыг доргиох адил Би сонгосон хүмүүстээ хандан илүү их айлдаж, үг хэлнэ. Би бүхий л орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Тиймээс, Миний амнаас гарах үгс хүний эрдэнэс болж, бүх хүн Миний үгийг нандигнадаг. Аянга зүүнээс баруун тийш цахилдаг. Хүн Миний үгээс хагацаж салах дургүй байдаг, бас Миний үгийг хүн ойлгохын аргагүй байдаг, үүнээс ч илүүтэйгээр хүнд баяр хөөрийг мэдрүүлдэг. Дөнгөж төрсөн нярайн адилаар бүх хүн баярлаж, хөөрч, Миний ирснийг тэмдэглэдэг. Айлдвараараа дамжуулан Би бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчирна. Түүнээс хойш Би хүмүүсийн дунд албан ёсоор орно, ингэснээр тэднийг Намайг шүтдэг болгоно. Цацруулж буй алдар суу, амнаас гарах үгээсээ үүдэн Би бүх хүнийг өмнөө ирүүлэн, зүүн зүгээс аянга цахилж буйг, зүүн зүгийн “Чидун уулан” дээр бууж ирсэн гэдгээ, аль эрт газар дэлхийд ирсэн, цаашид иудейчүүдийн Хүү биш, харин Зүүний Аянга гэдгийг бүх хүн харна. Учир нь Би аль хэдийн дахин амилж, хүн төрөлхтний дундаас явсан, дараа нь хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол тоймгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн, тоолшгүй олон эриний өмнө израильчуудын хаясан нярай билээ. Үүнээс ч илүүтэйгээр Би өнөө үеийн алдар суугаар дүүрэн Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суутай царайг харж, айлдварыг минь сонсож, Миний үйлийг хараг. Энэ бол Миний бүхий л санаа зорилго; Миний төлөвлөгөөний төгсгөл, оргил үе, мөн Миний удирдлагын зорилго: үй олон улс үндэстэн Намайг шүтэж, тоймгүй олон ам Намайг хүлээн зөвшөөрч, үй түмэн хүн Надад итгэлээ өгч, Миний сонгосон бүх хүн Надад бууж өгнө!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна

Дараах: 1. Эзэн бие махбодтой болж нууцаар ирж, шүүлт Бурханы гэрээс эхлэх ажлыг хийжээ гэж та нар гэрчилж байна, энэ боломжтой юм уу? Библид: “Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илрэн харагдана: газар дээрх бүх овог гашуудан уйлах ба тэд хүний Хүү тэнгэрийн үүлэн дээр хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно(Матай 24:30). “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна(Илчлэл 1:7) гэж тодорхой зөгнөсөн байдаг. Эзэн эргэн ирэхдээ үүлэн дээр ирж, бүх ард түмэнд ил тод үзэгдэнэ гэдэгт бид итгэдэг. Гэтэл та нар Эзэн аль хэдийн махбод болж, газар дээр нууцаар бууж ирсэн гэж гэрчилж байгаа нь бидний ойлголтоос шал өөр байна. Энэ асуудлын үнэн юу юм бэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх