Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг

Хүн төрөлхтний гишүүд ба үнэн сүсэгт Христэд итгэгчид болохын хувьд өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы даалгаврыг биелүүлэхэд зориулах нь бид бүгдийн үүрэг, хариуцлага юм. Учир нь бидний бүх оршихуй Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ оюун санаа, бие махбод маань Бурханы даалгавар болон хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол бидний сүнс Бурханы даалгаврын төлөө амиа золиосолсон хүмүүсээс, тэр тусмаа биднийг бүх зүйлээр хангасан Бурханаас ичнэ.

Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, энэ хүн төрөлхтнийг бүтээсэн, түүнчлэн эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн зохион бүтээгч нь Тэр байсан. Бурхан л энэ хүн төрөлхтнийг тайтгаруулж, Бурхан л энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй санаа тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй, хүний түүх болон ирээдүй Бурханы зохиомжоос салшгүй билээ. Хэрвээ чи жинхэнэ Христэд итгэгч бол аливаа улс, үндэстний мандаж, доройтох нь Бурханы зохиомжийн дагуу явагддаг гэдэгт лавтай итгэнэ. Бурхан л ганцаараа аливаа улс, үндэстний хувь заяаг мэддэг ба Бурхан ганцаараа энэ хүн төрөлхтний амьдралын замналыг хянадаг. Хэрвээ хүн төрөлхтөн сайн хувь заяатай байхыг хүсвэл, хэрвээ улс орон сайн хувь заяа хүсэж байвал хүн Бурханыг шүтэн мөргөж, Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайх ёстой, эс бөгөөс хүний хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.

Ноагийн бүхээг барьсан цаг үеийг эргэн хар: Хүн төрөлхтөн гүн ялзарсан, Бурханы ерөөлийн замаас гажиж, Бурханаар халамжлуулахаа больсон, Бурханы амлалтыг алдчихсан байсан. Тэд Бурханы гэрэлгүйгээр харанхуйд амьдарч байв. Тиймээс тэд садар самуун уг чанартай болж, жигшүүрт доройтолд өөрсдийгөө хаясан байв. Тийм хүмүүс Бурханы амлалтыг хүлээж авч чадахааргүй болсон; тэд Бурханы нүүрийг харахад ч, Бурханы дуу хоолойг сонсоход ч тохирохгүй байлаа. Учир нь тэд Бурханыг хаяж, Түүний хайрласан бүх зүйлийг орхиж, Бурханы сургаалыг мартчихсан байсан юм. Тэдний зүрх сэтгэл Бурханаас улам бүр холдсоноор тэд хамаг эрүүл ухаан, хүн чанараа алдан доройтож, улам ёрын муу болсон юм. Тиймээс тэд үхэл рүүгээ бүр ч ойртож, Бурханы уур хилэн, шийтгэлийг хүртсэн. Ноа л Бурханд шүтэн мөргөж, муугаас зайлсан учир Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы зааврыг сонсож чаджээ. Ноа Бурханы үгийн зааврын дагуу бүхээг барьж, бүх төрлийн амьтдыг цуглуулсан. Ингээд бүх зүйл бэлэн болсны дараа Бурхан дэлхий дээр сүйрлээ эхлүүлсэн. Ноа болон түүний гэр бүлийн долоон гишүүн л сүйрлээс амь гарсан, учир нь Ноа Еховаг шүтэн мөргөж, муугаас зайлсан билээ.

Өнөө үеийг одоо хар л даа: Бурханд шүтэн мөргөж муугаас зайлж чадах Ноа шиг зөв шударга хүмүүс байхаа больжээ. Гэсэн ч Бурхан хүн төрөлхтөнд нигүүлсэнгүй хэвээр, энэхүү төгсгөлийн эрин үед тэднийг уучилсаар байдаг. Өөрийг нь гарч ирэхийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Бурхан эрж хайдаг. Өөрийнх нь үгийг сонсож чаддаг, Түүний даалгаврыг мартаагүй, зүрх сэтгэл, бие махбодоо Түүнд өргөн барьдаг хүмүүсийг Тэр эрж хайдаг. Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай байдаг, Өөрийг нь эсэргүүцдэггүй хүмүүсийг Тэр эрж хайдаг. Хэрвээ чи аливаа хүчнээс ангид байж Бурханд өөрийгөө зориулдаг бол Бурхан чамд энэрэнгүй хандаж, ерөөлөө хайрлана. Чи өндөр байр суурьтай, нэр хүндтэй, арвин мэдлэгтэй, элбэг их эд хөрөнгийн эзэн, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл нь Бурханы дуудлага болон даалгаврыг хүлээн авч, Бурханы чамаас хүссэн зүйлийг хийхээр Бурханы өмнө очиход чинь саад болохгүй байвал чиний хийж байгаа бүхэн дэлхий дээрх хамгийн чухал ач холбогдолтой, мөн хүн төрөлхтний хамгийн зөв шударга үйл хэрэг байх болно. Хэрвээ чи өөрийн байр суурь, зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал хийсэн бүхэн чинь хараагдаж, бүр Бурханд жигшигдэнэ. Магадгүй чи ерөнхийлөгч, эрдэмтэн, пастор, эсвэл ахлагч байж болно, гэхдээ үйл хэрэгтээ зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдвал чиний албан тушаал хэр өндөр байхаас үл хамааран үргэлж бүтэлгүйтэж, үргэлж Бурханы ерөөлөөр дутагдана, учир нь Бурхан чиний хийдэг юуг ч хүлээн зөвшөөрдөггүй, мөн чиний үйл хэргийг зөв шударга гэж зөвшөөрч, эсвэл чамайг хүн төрөлхтний тусын тулд ажиллаж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Чи Бурханы хамгаалалтаас хүнийг холдуулахын тулд хүн төрөлхтний мэдлэг, хүч чадлыг ашиглахаас өөрийг хийдэггүй, мөн Бурханы ерөөлийг үгүйсгэхийн тулд үүнийг хийдэг гэж Тэр хэлнэ. Хүн төрөлхтнийг харанхуй руу, үхэл рүү, мөн Бурханыг болон Түүний ерөөлийг алдсан хязгааргүй оршин тогтнолын эхлэл рүү хөтөлж байна гэж Тэр чамайг хэлнэ.

Хүн төрөлхтөн нийгмийн шинжлэх ухааныг үүсгэсэн цагаас хойш хүний оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба хүнд Бурханыг шүтэн мөргөх орон зай хангалттай байхаа больж, Бурханыг шүтэн мөргөх таатай нөхцөл үгүй болсон. Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ. Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй болохоор хүний дотоод ертөнц харанхуй, итгэл найдваргүй агаад хоосон. Иймээс ч хүн төрөлхтний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд, Бурхан хүнийг бүтээсэн гэх үнэнтэй зөрчилддөг нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг илэрхийлэхээр нийгмийн ухааны эрдэмтэн, түүхч, улс төрчид олноор гарч ирсэн билээ. Ийнхүү Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг хүмүүс ихэд цөөрч, хувьслын онолд итгэгчдийн тоо бүр олширсон. Бурханы ажлын тухай тэмдэглэл, Хуучин гэрээний үеийн Түүний үгийг улам олон хүн үлгэр, домог мэтээр үздэг болсон. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, Бурхан оршдог бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэдэг итгэл үнэмшлийг хайхрахаа байсан. Хүн төрөлхтний үхэх сэхэх, улс, үндэстний хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүн идэж, уух, зугаа цэнгэл хөөцөлдөхийг л боддог хоосон ертөнцөд амьдардаг… Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайх, эсвэл Тэр хүний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайх санаачилга гаргадаг хүн цөөхөн байдаг. Ийм маягаар хүнийг анзаараа ч үгүй байхад хүн төрөлхтний соёл иргэншил улам л хүний хүсэлд нийцэхээргүй болж байгаа бөгөөд бүр ч олон хүн ийм ертөнцөд амьдарснаараа аль хэдийн өнгөрөн одсон хүмүүсээс ч дор аз жаргалгүй байгаагаа мэдрэх болжээ. Урьд нь өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ийм гомдол тоочиж байна. Учир нь, Бурхан залж чиглүүлэхгүй л бол хүн төрөлхтний соёл иргэншлийг хадгалж үлдэхийн тулд эрх баригчид, нийгэм судлаач нар тархиа хэчнээн их гашилгавч тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрх сэтгэл дэх хоосныг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүнийг зовоож буй хоосон байдлаас нь салгаж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, таашаал, тав тух гэх мэт эдгээр зүйл хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгдөг. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосон хэвээр байх болно. Эдгээр зүйл хүний эрэл хайгуул хийх хүсэл, хорхойслыг барьж чадахгүй. Учир нь хүнийг Бурхан бүтээсэн бөгөөд утга учиргүй золиос, эрэл хайгуул нь хүнийг илүү их гуниг зовлон руу л хөтөлж, хүн төрөлхтний ирээдүй эсвэл угтах замтай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй байнгын айдастай оршин байхад хүргэдэг юм. Тэр ч бүү хэл, хүн шинжлэх ухаан, мэдлэгээс айдаг, хоосон мэдрэмжээс бүр ч их айдаг болно. Энэ дэлхийд, эрх чөлөөтэй оронд байна уу, эсвэл хүний эрх үгүй оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран чи хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж огтхон ч чадахгүй. Чи захирагч, захирагдагчийн аль нь ч бай, хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслээс зугтаж огтхон ч чадахгүй, хоосон байдлын толгой эргэм мэдрэмжээс зугтаж бүр ч чадахгүй. Бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг ийм үзэгдлийг нийгэм судлаачид нийгмийн үзэгдэл гэж нэрлэдэг хэдий ч ийм асуудлыг шийдвэрлэхээр гарч ирж чадах агуу хүн алга л байна. Эцсийн эцэст хүн бол хүн бөгөөд Бурханы байр суурь болон амийг ямар ч хүн орлож чадахгүй. Хүн төрөлхтөнд, зүгээр нэг хүн бүр цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байх шударга нийгэм шаардлагатай байгаа юм биш; хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа зүйл бол Бурханы аврал болон Түүний өгдөг амийн хангалт юм. Бурханы аврал болон Түүний амийн хангалтыг хүртэж байж л хүний хэрэгцээ, эрж хайх хүсэл, сүнсний хоосон мэдрэмж нь шийдэгдэж чаддаг. Хэрвээ улс, үндэстний хүмүүс Бурханы аврал, халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс, үндэстэн доройтлын замаар харанхуй руу алхаж, Бурханаар устгагдах болно.

Танай улс эдүгээ дээшлэн дэвжиж байж магадгүй ч чи өөрийн ард түмэнд Бурханаас төөрч холдохыг зөвшөөрвөл улс чинь Бурханы ерөөлийг улам л алдаж байгаагаа харна. Улсын чинь соёл иргэншил улам бүр хөл доор гишгэгдэж, тун удалгүй хүмүүс Бурханы эсрэг босож, Тэнгэрийг хараах болно. Тэгээд улс орны хувь заяа нэг мэдэхэд сүйрнэ. Бурханд хараагдсан тэдгээр улсад арга хэмжээ авахын тулд Бурхан хүчирхэг улсуудыг бий болгох ба тэднийг бүр газрын хөрснөөс арчиж ч магадгүй. Нэг улс, үндэстний мандаж, доройтох нь тухайн орны удирдагчид Бурханыг шүтэн мөргөдөг эсэхээс, ард иргэдээ Бурханд илүү ойр, Түүнд шүтэн мөргөдөг болгоход залдаг эсэхээс хамаардаг. Гэвч өнөөгийн энэ сүүлчийн эринд Бурханыг шүтдэг, Түүнийг жинхэнээсээ хайдаг хүмүүс улам цөөрсөн учраас Христийн шашныг улсынхаа шашин болгосон орнуудад Бурхан онцгой ивээл хайрладаг. Тэрээр дэлхийн харьцангуй зөв шударга хүрээг байгуулахын тулд тэдгээр улсыг нэгтгэдэг байхад харин бурхангүй үзэлтэй юм уу жинхэнэ Бурханыг шүтэн мөргөдөггүй орнууд зөв шударга хүрээний дайснууд болдог. Ийм маягаар, Бурхан хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг явуулах газартай болоод зогсохгүй, мөн Бурханыг эсэргүүцдэг улс оронд хориг, хязгаарлалт тавихын тулд зөв шударга эрх мэдлийг хэрэгжүүлж чадах улс орныг олж авдаг. Гэвч тэглээ гээд илүү олон хүн Бурханыг шүтэн мөргөхөөр ирэхгүй л байна. Яагаад гэвэл, хүн Бурханаас хэтэрхий холдчихсон бөгөөд хүн Бурханыг мартаад дэндүү удаж байгаа юм. Зөв шударга байдлыг хэрэгжүүлж, зөв шударга бус байдлаас татгалздаг тийм орнууд л газар дэлхий дээр үлддэг. Гэвч энэ нь Бурханы хүслээс хол байдаг, учир нь ямар ч орны удирдагчид ард иргэдийг нь Бурхан захирахыг зөвшөөрөхгүй, ямар ч улс төрийн нам Бурханд шүтэн мөргөхийн тулд хүмүүсээ цуглуулахгүй; Бурхан улс орон, үндэстэн, эрх баригч нам бүрийн, тэр ч бүү хэл хүн бүрийн зүрхэнд эзлэх зүй ёсны байраа алдчихсан. Энэ дэлхий дээр зөв шударга хүчнүүд оршдог хэдий ч хүний зүрх сэтгэлд Бурханы эзлэх орон зай байдаггүй засаглал бол хэврэг юм. Бурханы ерөөлгүйгээр улс төрийн талбар эмх замбараагаа алдаж, ганц цохилт ч дааж чадахааргүй болно. Хүн төрөлхтний хувьд, Бурханы ерөөлгүйгээр байна гэдэг нарны гэрэлгүйгээр байхтай адилхан. Улс гүрний удирдагчид ард түмэндээ хэчнээн их хувь нэмэр орууллаа гээд, хэчнээн олон зөв шударга хурал зөвлөгөөн хийлээ гээд, аль нь ч урсгалын чиглэлийг өөрчилж чадахгүй, эсвэл хүн төрөлхтний хувь заяаг өөрчилж чадахгүй. Ард иргэд нь хоол унд, хувцас хунартай, хамтдаа энх амгалан суудаг улсыг сайн улс, сайн удирдагчидтай гэж хүмүүс боддог. Гэвч Бурхан тэгж боддоггүй. Өөрийг нь нэг ч хүн шүтэн мөргөдөггүй улс орон бол Өөрийнх нь устгах улс мөн гэж Тэр итгэдэг. Хүний санал бодол Бурханыхаас дэндүү их зөрдөг. Тиймээс хэрвээ улсын тэргүүн нь Бурханыг шүтэн мөргөдөггүй бол уг улсын хувь заяа эмгэнэлтэй болох бөгөөд тэр улс ямар ч хүрэх газаргүй байх болно.

Бурхан хүн төрөлхтний улс төрийн хэрэгт оролцдоггүй боловч улс, үндэстний хувь заяаг удирддаг. Бурхан энэ дэлхийг, бүхэл орчлон ертөнцийг удирддаг. Хүний хувь заяа, Бурханы төлөвлөгөө нь нарийн уялдаа холбоотой бөгөөд ямар ч хүн, улс, эсвэл үндэстэн Бурханы дээд эрхээс ангид байдаггүй. Хэрвээ хүн өөрийнхөө хувь заяаг мэдэхийг хүсвэл Бурханы өмнө ирэх ёстой. Бурхан Өөрийг нь дагаж, шүтэн мөргөдөг хүмүүсийг өөд нь татах ба эсэргүүцэж, голдог хүмүүст доройтол, мөхөл авчирна.

Библид өгүүлсэн Бурхан Содомыг сүйрүүлсэн явдлыг санаж, Лотын эхнэр хэрхэн давсан багана болсныг бод. Ниневегийн хүмүүс хэрхэн үнс, тааран дотор нүглээ гэмшсэнийг эргээд бод, 2,000 жилийн өмнө иудейчүүд Есүсийг загалмайд цовдолсны дараа тэдэнд юу тохиолдсоныг сана. Иудейчүүд Израилиас хөөгдөж, дэлхий дахины улсууд руу зугтсан билээ. Олонх нь хөнөөгдөж, бүхий л Иудей үндэстэн улс орон нь сүйрсэн, урьд хожид байгаагүй шаналлыг амссан. Тэд Бурханыг загалмайд цовдолж, жигшүүрт нүгэл үйлдэж, Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Тэд хийсэн хэргийнхээ төлөөсийг төлж, өөрсдийнхөө үйлдлийн үр дагаврыг үүрэх болсон. Тэд Бурханыг яллаж, голсон, иймээс тэдэнд Бурханаар шийтгүүлэх хувь заяа л үлдсэн юм. Энэ бол удирдагчдынх нь ард түмэндээ авчирсан гашуун үр дагавар, гамшиг билээ.

Өнөөдөр, Бурхан Өөрийн ажлыг хийхээр дэлхийд эргэж ирсэн. Түүний эхний зогсоол бол дарангуй засаглалын үлгэр жишээ болсон газар буюу бурхангүй үзлийн бат бэх цайз, Хятад юм. Бурхан Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаар бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ хугацаанд Хятадын эрх баригч нам Түүнийг бүх аргаар мөшгөн хөөж, асар их зовлон амсуулан толгой тавьж амрах газар, орох оронгүй болгосон. Тэгсэн ч гэсэн Бурхан хийхээр зорьсон ажлаа хийсээр байна: Тэр Өөрийн дуу хоолойг хүргэхээр айлдаж, сайн мэдээ түгээж байна. Бурханы төгс хүчийг хэн ч төсөөлж чадахгүй. Хятадад буюу Бурханыг дайсан гэж үздэг улсад Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч зогсоогоогүй. Харин ч илүү олон хүн Бурханы ажил ба үгийг хүлээн авсан, учир нь Бурхан хүн төрөлхтний гишүүн нэг бүрийг боломжит хамгийн дээд хэмжээнд авардаг. Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлд саад болж чадахгүй гэж бид итгэдэг. Бурханы ажилд саад хийдэг, Бурханы үгийг эсэргүүцдэг, Бурханы төлөвлөгөөг үймүүлж, сүйтгэдэг хүмүүс эцэстээ Бурханаар шийтгүүлнэ. Бурханы ажлыг эсэргүүцдэг хүн там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг сөрдөг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцэхээр бослого гаргадаг ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино. Би бүх үндэстэн, улс орон, тэр ч байтугай бүх салбарын хүмүүсийг, Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы ажлыг харж, хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулж, Бурханыг хамгийн ариун, хамгийн хүндтэй, хамгийн дээд бөгөөд хүн төрөлхтний дунд шүтэгдэх цорын ганц объект болгож, бүх хүн төрөлхтөнд Бурханы ерөөл дор яг л Абрахамын үр удам Еховагийн амлалт дор амьдарч байсан шиг, Бурханы анх бүтээсэн Адам, Ева хоёр Еден цэцэрлэгт амьдарч байсан шиг амьдрах боломж олгохыг шавдуулж байна.

Бурханы ажил яг л сүрлэг давлагаа мэт нөмрөн ирдэг. Хэн ч Түүнийг саатуулан барьж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Түүний үгийг анхааралтайгаар сонсдог, Түүнийг эрж хайж, Түүгээр цангадаг хүмүүс л Түүний мөрийг дагаж, Түүний амлалтыг хүлээн авч чадна. Харин тэгээгүй хүмүүс дааж давшгүй гамшигт өртөж, яг тохирох шийтгэлээ хүртэнэ.

Өмнөх: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан

Дараах: Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх